Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэрийг барьж 210 мянган төгрөг залилахыг завдав

Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэхийг завджээ. Өчигдөр 14:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах нэгэн дэлгүүрт үл таних эрэгтэй хүн орж ирээд “Мэргэжлийн хяналтын байцаагч байна. Зөвшөөрлийг чинь найман нэр болгож өгье 210.000 төгрөг өгчих” гэлээ шалгаж өгнө үү” гэх мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн VI хороонд оршин суух хаягтай 21 настай, эрэгтэй У нь бусдыг залилан мэхлэх гэж байсныг илрүүлсэн байна. Түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Хэн нэгэн, ямар нэгэн албаны нэр барьж, бэлэн мөнгө болон бусад зүйл хүсвэл цаг алдалгүй цагдаагийн байгуулагад хандан шалгуулснаар гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүч экспортолно

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг Монголын тал хүлээж байгаа. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Эрдэнэс Монгол” ХХК болон “Шинэ Шивээ” ХХК-иуд хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрхи үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд багтаан байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа юм.

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчийг экспортлох боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ спорт

Ази тивийн өсвөрийн шатарчид Улаанбаатарт чуулна

Улаанбаатар хотноо ирэх онд Азийн өсвөрийн шатарчид дахин чуулахаар болжээ. Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн ирэх оны 4 дүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болсон байна. Монголын шатрын холбооноос ийнхүү дахин тивийн өсвөрийн шатарчдын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна.

Энэ оны 8 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд 16 хүртэлх насны шатрын дэлхийн олимпиад Улаанбаатар хотноо болсон.Энэхүү тэмцээнд дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Ираны баг түрүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг удаалсан. Тэмцээнийг зохион байгуулагч давуу эрхийн дагаа манай улсаас 10 баг оролцсоноос Завхан баг IX, Монгол-1 X байрт орсон юм.

Categories
мэдээ нийгэм

Өмчийн харилцааны газрын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг цагдаагийнхан дөрвөн сарын дараа илрүүлэв

Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ. Сэжигтэн Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Тэрээр иргэн Н-ийн гар утас руу залгаж “Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, үнэгүй газар олгож байна” гэж 250000 төгрөг залилан авсан байна. Энэ хэрэг нь өнгөрөгч долоодугаар сарын 27-нд гарсныг цагдаагийн байгууллага нөхөн илрүүлжээ. Гэмт этгээд Б-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаанаар Зөрчлийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл яг одоо чуулганаар гишүүд Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн хэлсэн үгийг хүргэе.

С.Одонтуяа: Эрүүл мэндийн тухай, эм хэрэгслийн тухай хуультай холбоотой зөрчлийн тухай асуудлыг суулгасан байна. Эндээс харахад зөвхөн эмчийг Зөрчлийн хуулиар торгох гээд асуудлыг их дутуу тусгасан байна. Эрүүл мэнд бол бусад салбараас өөр. Хүний эрүүл мэндээр жуучлал авна гэж байхгүй. Эцсийн хэлэлцүүлэг учраас энэ асуудлыг яаж тусгамаар байна. Торгуулийн хэмжээ ч бага байна. Бусад салбарт хүн сонгож болдог. Эрүүл мэндийн салбар эмчээс хамаардаг. Тэгэхээр үүнийг маш нарийн зохицуулах шаардлагатай байна.

Д.Дорлигжав: Хуультай холбоотойгоор салбарын яамнаас санал авсан. Тэдний хэлсэн саналаар наад асуудлыг чинь оруулж ирсэн. Цаашдаа бол Эрүүл мэндийн салбарын хуулийг өөрчлдөх, хариуцлагын тогтолцоо өөрчлөх юм бол Зөрчлийн хуульд тусгах бололцоотой.

Д.Лүндээжанцан: Би ажлын хэсэгт байсан нь үнэн. Тээврийн эсрэг зөрчлийн хэсэг дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын хариуцлагыг бүтэн оруулж чадсан уу. Хоёр шийтгэл нэг шийтгэл дор ороод байна. Үүнийг авна гэж ажлын хэсэг дээр ярьж байсан юм. Үүнийг авсан уу, би тэр үед нь байхгүй байсан болохоор. Манай иргэд Эрүүгийн хуультай холбоотой асуудлыг асууж байна. Согтуугаар дахин машин баривал эрүүгийн хэрэг үүсгэхээ больсон уу гээд. 14 дүгээр зүйл гээд Зөрчлийн хуульд том зүйл байна. Тээвэр, зам аюулгүй байдалтайгаа ороод ирсэн. Замын аюулгүй байдал гээд том хууль баталсан шүү дээ, өнгөрсөн зун.

Х.Тэмүүжин: ЗХ-ний аюулгүй байдалтай холбоотой хуульд дээр суулгасан аюулгүй байдал Зөрчлийн хууль дээр орж ирж байгаа. Хоёр шийтгэл давхцаж байна гэж ойлгож болохгүй. Цагдаа, шүүгч хоёр давхцсан эрх мэдэлтэй орж ирсэн. Үүнийг арилгахаар хууль санаалчилж байгаа. Жижигхэн нэмэлтээр өөрчлөгдөнө.

Д.Лүндээжанцан: Согтуугаар машин барих явдлыг чангаруулах ёстой гэж боддог хүн. Согтуу хүний торгоод явуулчихна гэж утгагүй.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

9.5 тонн алт экспортолжээ

Энэ оны эхний арван сарын байдлаар нүүрс 18.2 сая тонн, алт 12.5 тн, газрын тос 975.8 мянган тонныг олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 188.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 1,074.4 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 5.3 сая тонн, цайрын баяжмал 75.2 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.

Мөн он гарснаас хойш 1.204.5 мянган тонн зэсийн баяжмал, 4.0 сая тонн төмрийн хүдэр, алт 9.5 тн, нүүрс 11.5 сая тонн, газрын тос 902.9 мянган тонныг экспортолжээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрх олгох хэсгийн аваргын төлөө манай жүдочид өнөөдөр барилдана

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Токиогийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр манай таван бөх Их дуулгын татамид хүч үзэж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзэж буй гавьяат тамирчин Г.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хэсгийн аваргын төлөө барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн манай бөх Ц.Цогтбаатар хоёрдугаар торйгийн барилдаанд өрсөлдөгч Японы бөхөд ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлэв.

Энэ оны сүүлийн Их дуулга тэмцээний аваргын төлөө, олимпийн эрхийн оноо цуглуулахын төлөө дэлхийн 96 орны 500 гаруй жүдоч өрсөлдөж буй. Токиогийн Их дуулгыг http://www.ippon.org/gp_kor2015.php- ээр шууд үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Аравхан сартай охиныг багш нь хайр найргүй зодож байгааг бичлэг хийж суухын оронд яагаад болиулсангүй вэ

Дундговь аймаг дахь ганц хувийн цэцэрлэг болох “Оюуны хөгжил”-ийн яслийн ангийн туслах багш арван сартай хүүхдийг “Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар харгислан зодож байгаа гар утасны бичлэг цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Зодуулсан охин ихэд цочирдсон бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа гэнэ. Мөн унтаж чадахгүй байгаа тул эцэг эх нь хүүхдээ эмнэлгээр авч үзүүлж харуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Бяцхан охины нүүр рүү нь алгадаж, толгой руу нь халбагаар цохиж, улмаар модон орны хашлагыг мөргүүлж байгаа туслах багшийн харгис үйлдэл олон эцэг эхчүүдийг эмзэглүүлж байна. Тухайн үйл явдлын процессыг хэн нэгэн гар утсаа зориудаар байрлуулан бичиж авчээ. Тэгэхээр туслах багш хүүхдийг нэлээд удаан мөн байнга зоддог болохыг тэрхүү бичлэг хийсэн хүн мэддэг болохоор гар утсаараа баримтжуулж авсан гэж харагдахаар. Нөгөөтэйгүүр тэр харгис багш хүүхдийг зодсоор байхад хажууд нь гар утсаараа бичлэг хийж байсан хүн яагаад болиулсангүй вэ. Хэрвээ түүний хүүхдийг хэн нэгэн ингээд зодоод сууж байвал тэвчээд хараад байхгүй нь лавтай. Насанд хүрсэн том хүн өөдөсхөн чинээ хүний балчир үрийг хайр найргүй зодож байгаад үүнээс аюултай зүйл болбол яах байсан юм бол.

Ямартай ч харгис багшийг аймгийн Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Хүний эрх зөрчих “өвчин” хүндэрсээр эмчилгээгүй болох вий

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Гадны улсууд манай хүний эрхийн төлөв байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Манай улсын Засгийн газар дөрвөн жил тутамд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан явуулж, хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцүүлдэг болсон. 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 129 зөвлөмжийг Засгийн газарт өгч байсан бол энэ онд 164 зөвлөмж өгсөн. Мөн Засгийн газар НҮБ-аас баталсан хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн биелэлтийг дөрвөн жил тутамд тайлагнах үүрэг хүлээдэг. Үүнээс хүний эрхийн төлөв байдлыг дүгнэх боломжтой.

Монгол Улсын Засгийн газар энэ онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд орсон нь том үйл явдал. Гэхдээ энэ нь гоёж бахархахаас илүүтэй олон улсын өмнө итгэл хүлээж байгаа үйл явдал. Өөрөө илүү байж бусдын асуудлыг шүүн тунгааж хэлэлцэх болно. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ХЭҮК хүний эрхийн бүхий төлөв байдлын талаар 14 удаагийн илтгэлээ гаргасан. Гагцхүү бидний тавьсан санал, зөвлөмжийг УИХ шийдвэр гаргаж, Засгийн газар биелүүлдэг байвал ахиц гарах юм. Хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэг Засгийн газарт бий. Үүргээ биелүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, нийгэм, хууль зүйн баталгаагаар хангаж өгөх ёстой.

Өнөөдөр хууль зүйн баталгаа харьцангуй сайн байгаа. Нийгэм, улс төрийн баталгаа ч байна. Харин эдийн засгийн баталгаа дутагдаж байна. Монгол Улс одоо тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн хүндрэлээр олон улсад шалтаг тоочиж суух эрхгүй болсон.

-НҮБ-д хүргүүлсэн Засгийн газрын тайлан дээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай байсан. Харин иргэний нийгмийн байгууллагууд байдал харин ч дордсон тухай бас тайлан хүргүүлсэн. Аль нь бодитой бол?

-Бид ч бие даасан, хараат бусаар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажилласан ч хангалттай байгаагүй. Зарим тохиолдолд зөвлөмжөөс харин ч ухарсан шийдвэр гаргасан. Тухайлбал, Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг бэхжүүл гэж зөвлөхөд нь эсрэгээрээ татан буулгачихсан. Үр дүнд нь цагдаа, мөрдөн байцаах албанд эрүүдэн шүүх зөрчил ихэссэн. Манайд эрүү шүүлт тулгасан тухай өргөдөл маш их ирж байгаа. Бид прокурорт асуудлыг шилжүүлдэг ч эрүү шүүлт тулгасан нь тогтоогдохгүй байна гэдэг хариу л ирдэг.

Гэтэл ЦЕГ-ын Хэвлэлийн албаны дарга сарын өмнө “Бид гарч байгаа зөрчлийн 70 хувийг дотооддоо шийдсэн” гэж мэдээлсэн. Эндээс хүний эрхийн зөрчил ихэссэн нь харагдаж байгаа биз. Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулах тухай ярихаар АТГ-ын эрх мэдлийг сааруулж, татан буулгах гэж байгаа юм шиг ярьцгаадаг. Ерөөсөө ч тийм биш. Тодорхой хэдэн үүрэг нь л АТГ-т шилжсэнээс өөр зүйлгүй.

-Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай 2014 оны илтгэлээр Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүү шүүлт ихэссэн талаарх мэдээлэл бүлэг болж орсон. Маш олон баримт байсан. Илтгэлийг хэлэлцсэн УИХ ямар ч арга хэмжээ аваагүй юу?

-УИХ хэлэлцээд шийдвэр гаргадаг ч Засгийн газар хэрэгжүүлдэггүй. Хэсэг гишүүд Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах санал гаргасан ч яагаад улстөржүүлээд байгааг ойлгохгүй юм.

-Танайх жил бүр хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэл гаргаж, зөвлөмж өгдөг. УИХ шийдвэр гаргаж хүний эрхийн зөрчлийг арилгах бодит ажил болсон нь хэд бол?

-Илтгэлийг УИХ хэлэлцэлгүй өнгөрөөсөн хоёр, гурван тохиолдол гаргасан. Сүүлийн жилүүдэд байнгын хороо хэлэлцэж, шийдвэр гаргадаг болсон. Гагцхүү Засгийн газар биелүүлэхгүй юм. Бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг ч үр дүнгүй л байна. Хүний эрхийн үндэсний комисс бол зүйрлэж хэлбэл онош тогтоодог газар. Бид шинжилгээ хийгээд, олон талаас нь маш сайн оношилж байгаа. Эмчлэх асуудал нь УИХ, Засгийн газарт байдаг. Өвчин хүндэрнэ гэж аюул бий. Хүндэрсэн тохиолдолд эмчилгээгүй болдог нь бүр их аюул. Хүний эрхийг үл тоовол Монгол Улс олон улсын түвшинд хүнд байдалд орно. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хүндэтгээгүй, олон улсын хэм хэмжээг биелүүлээгүй тохиолдолд эдийн засгийн болон бусад хориг авч байгаа биз. Улс орнуудын хоорондын харилцааны гол механизм энэ болчихлоо. Жижигхэн хоригт хүрвэл Монгол Улс хэцүүднэ. Жишээлбэл, АНУ-ын иргэн Жастин Каблад Ерөнхийлөгч уучлал үзүүлэхдээ “Буруудвал би буруудъя. Монголын ард түмэн буруудах ёсгүй” гэсэн байна лээ. Манайд ирсэн гомдлоос анзаарахад Ерөнхийлөгчийн хэлсэн нь зөв болов уу. Бидэнд хугацаа хожигдуулсан, янз бүрийн дүгнэлт гаргасан гээд буруутай үйлдэл байсан. Энэ нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг эргэлзүүлчихэж байгаа хэрэг. Хэрэв Ерөнхийлөгч уучлал үзүүлээгүй бол эдийн засгийн болон бусад хориг ирэх байсныг үгүйсгэхгүй. Энэ бол эхний сигнал гэдгийг хаа сайгүй ойлгох хэрэгтэй. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргавал нэг хүн гэлгүй олон улсын түвшинд асуудал яригддаг. Урьдчилан хорих 461 дүгээр ангид эмнэлгийн тусламж авч чадалгүй хүн нас барлаа. Олон хавар нэгэндээ гэдэг шиг юм болох вий гэж эмзэглэх юм.

-Хүний эрх зөрчигдөж байгаа “өвчин” хэр хүндэрч байна?

-Зарим талаараа хүндэрч байна. Шийдмээр асуудал маш их гарч ирж байна. Идэвхгүй байдал, идэвхгүй үйлдлээрээ хүний эрхийн зөрчил гаргах нөхцөл үүсчихээд байна.

-УИХ, Засгийн газрын гишүүд улс төр хийгээд хүний эрх бодох завгүй байгаа юм болов уу?

-Хүний эрхийг шалгуур болгоод улс төр хийгээсэй. Даанч тэгэхгүй юм. Хүний эрх гэдэг аль нэг байгууллага, хэн нэгний асуудал биш монгол хүний хувь заяатай холбогддог гэдгийг хаа, хаанаа ойлгомоор байна. Үнэхээр эрүүдэн шүүлт байхгүй байхад байгаа гэж би яриад байгаа бол сэтгүүлчид, бодлого боловсруулагчид бидэнтэй ширээ тойрч суугаад манайд ирсэн 800 гаруй өргөдлөөс сугалаад үзээч. Бухимдахгүй байхын аргагүй шүү дээ. Тэр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн буруу гэхээс илүү ийм хөрс суурийг бий болгосон бодлогын алдаа юм. Хэрэг илрүүлэхийн тулд дарамталдаг, зоддог аргыг 70, 80 жил хэрэглэж ирлээ. Энэ хөрс суурь нь арилахгүй, арилгая гэсэн Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг үгүй хийгээд бүр дэврээчихлээ.

-Хуулийн шинэтгэл хийж хүний эрхийг хангая гэж сүүлийн хэдэн жил цөөнгүй хуулийн төсөл хэлэлцэж байна. Тахарын алба байгуулснаа дахиад татан буулгах асуудал ч яригдсан. Өөрчлөлт байна уу?

-Асуудлыг иж бүрэн шийдэхгүй байна. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн УИХ-д өргөн мэдүүлэх журмын тухай хуульд иж бүрэн шийдэх тухай заачихсан байгаа. Холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулаад, хууль хэрэгжих эдийн засгийн боломжоор хангах учиртай. Хэн ч хууль санаачилсан Засгийн газраас санал авдаг. Баталсан хуулийг биелүүлж чадах эсэхээр санал авч байгаа хэрэг. Засгийн газар саналаа өгөөд парламент итгэл үзүүлчихвэл баталсан хууль хэрэгждэг. Өнөөдөр энэ ажил хийгдэхгүй байгаа учраас хууль гардаг ч хэрэгждэггүй. Засгийн газар нь мөнгө байхгүй гээд л зогсчихдог.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гээд хүний эрхийг хангахад ахиц гарах олон хуулийн төсөл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Огцруулах, томилох асуудал эдгээр хуулийн төслөөс чухал байв уу?

-УИХ-ын гишүүд нүдээ аниад нэлээд бодож байгаад хараасай гэж бодох юм. Нэг их олон хүүхэдтэй айл хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх ажилдаа түүртсээр өдрийг өнгөрөөдөг шиг л байх юм. Олон хүүхэдтэй, орлого багатай, үглээ эзэгтэйтэй, ууртай эцэгтэй, амьдрал нь болж ч байгаа юм байхгүй, сүйрчихсэн ч юмгүй байгаад байвал яаж өөдлөх юм бэ. УИХ, Засгийн газрын гишүүд махны үнийг сайн мэдэж байгаа. Харин мах зарж байгаа, худалдаж авч байгаа хоёр хүний харилцааг мэдэрвэл арай өөр шийдвэр гаргана. Статистик тоогоор мэдэх нэг хэрэг, амьдрал дээр буугаад харилцааны орчинг нь мэдрэх өөр хэрэг. Тэгж мэдэрвэл нойр нь хүрэхгүй л баймаар юм. Юун огцруулах, нөгөө айлын амьдралыг дээшлүүлэх талаар толгойгоо гашилгах байх. Биетэй хүн биетэйгээ зүйрлэ, үртэй хүн үртэйгээ зүйрлэ гэдэг үг бий шүү дээ.

-Утааг жил бүр л ярьдаг. Хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг эмч нар ярьж байна. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ярих хэрэг байна уу?

-Хүүхэд ургийн гажигтай төрж байна, сигнал өгөөд л байгаа. Мөнгө байхгүй гээд засаг ажиллахгүй юм. Өнгөрсөн хугацаанд хэдэн хүн шоронд орсноос өөр үр дүн гарсангүй.

-Эдийн засгийн хүндрэлээс үүдэж олон хүн ажилгүй болж байна. Зарим нь бүр өөрийгөө шатаалаа. Өөрийгөө шатаах хүртэл нөхцөл үүсчихлээ гэж үү?

-Хүн өөрийгөө шатаах, амийг хорлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Уг нь хуультай. Өргөдөл гомдол шийдвэрлэх хууль байна. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлэх боломж харин ч бий. Гэхдээ үхсэн ч яахав гэдэг байдалд хүргэхгүй байх үүрэг төрд бий гэдгийг санах ёстой.

Хөдөлмөр эрхэлж байж л амьжиргааны эх үүсвэртэй болно. Ажилд орох, ажилтайгаа үлдэх үнэхээр том асуудал боллоо. Ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг зөрчил их байна. Ажлын байрны бэлгийн дарамт хэвийн үзэгдэл болчихож. Шалгахаар нөгөө нөхөр “Сүртэй ш дээ, ийм юм байдаг л биз дээ” гэх жишээтэй. Бид хохирогчдод тус болоод байна уу, эс болоод байна уу гэдгээ мэдэхээ болилоо. Шалгасны дараа “Бидний буруу байж ээ. Дүрэм журмаа өөрчилье, засъя” гэдэг. Дараа нь ямар нэг шалтгаанаар хохирогчийг ажлаас нь гаргачихдаг. Энэ нь бүр нийгмийн асуудал болчихлоо. Нийгмийн асуудал учраас бодлогын түвшинд шийдэхээс аргагүй.

-Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр энэ сарын 10-нд тохиодог. Энэ жил хүний эрхийн ямар асуудлыг голчилж байна вэ?

-Олон улсын түвшинд “Бидний эрх, бидний эрх чөлөө, цаг ямагт” гэсэн уриаг дэвшүүлсэн. Хүний эрхийн билл болсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний болон улс төрийн эрх, эрх чөлөөний тухай олон улсын факт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын фактыг төрийн байгууллага, шүүхэд хэрэгжүүлдэг байх талаар анхаарч ажиллаж байна.

-Танай байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг даргалж байгаа. Саяхан бас олон улсаас дээгүүр үнэлгээ авсан гэж сонслоо. Олон улсын түвшинд үнэлэгдэхээр ажиллаж байгаа хэрэг биз?

-Хүний эрх нэг байгууллага, нэг улсын асуудал биш болжээ. Даяарчлагдаж байгаа ертөнцөд улс хоорондын харилцаа ч, ардчиллын шалгуур үзүүлэлт ч хүний эрхийн асуудал болсон. Бүхий л зүйл хүний сайн сайхан, тэгш байдлын төлөө зориулагддаг болсон. Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого гэдэг баримт бичиг баталлаа. Баримт бичгийн гол санаа нь дэлхийд юу юунаас чухал нь улс орон бүрийн хүн нь, иргэн нь ямар байх ёстой шаардлагыг хангах үүднээс хөгжл, тэр дундаа тогтвортой хөгжлийг чухал гэж байгаа юм. Эдийн засаг, дайнтай гэх мэт шалтгаанаар энд амьдарч байгаа хүн, тэнд амьдарч байгаа нэгнээс өөр байж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнээс үүдээд нийгмийн эмзэг бүлэг, халамж анхаарал бодлого шаардлагатай хүмүүсийг ялгаварлаж болохгүй гэдгийг шаардаж байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн 15 жилийн хугацаанд гурван удаа аттестатчлагдаж, “A” статустай байгууллага гэсэн үнэлгээтэй байгаа. Тийм ч олон орны ийм байгууллага “А” статустай байдаггүй юм. Энэ оноос Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг толгойлж том үүрэг, хариуцлага хүлээлээ. Үүнээс гадна Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр жил ажиллахаар боллоо. Мексикт энэ хорооны хурал болж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад хүний эрхийн байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэх талаар хэлэлцэж, тунхаглал гаргасан. Бид иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтраад энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцохоо тодорхойлсон. Үр дүнгээ ирэх гуравдугаар сард танилцуулна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Гангабаатар: Хөнгөн хуумгай, яарч тэвдсэн байдлаар Үндсэн хуулийг хөндөх ёсгүй

-ҮНДСЭН ХУУЛЬД МАШ ОЛОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛГ НЭГ ДОР ОРУУЛАХ НЬ ТОМ ЭРСДЭЛ ДАГУУЛДАГ-

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн Үндсэн хуулийн эрхзүйн багш, доктор, дэд профессор Д.Гангабаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ид ярьж байна. Улс орнууд ямар тохиолдлуудад Үндсэн хуульд гар хүрдэг юм бэ?

-1992 оны Үндсэн хууль өнгөрсөн хорь гаруй жил Монгол Улсыг ардчилсан замаар хөтөлсөн, үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Ямар ч хуулийг засах, сайжруулах боломж байх ёстой. Үндсэн хууль тусгай статустай хууль тул нэмэлт, өөрчлөлт оруулахад процессын хувьд болон агуулгын хатуу шалгуур тавигддаг. Эдгээр шалгуурыг хангасан бол нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувьд хуульд заасан иргэдийн оролцоог хангах шалгуурыг хангах боломжгүй болоод байна. Иргэдийн оролцоог хангах гэдэг нь иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэд, иргэд төслийн талаар санал, бодлоо илэрхийлэхүйц хангалттай хугацаа байх ёстой. Сар гаруйхны дотор иргэд, судлаачдын оролцоог бүрэн хангах бололцоогүй.

УИХ төслийг гурван удаа хэлэлцэх ёстой. Төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоох ёстой юм. Сонгуулиас өмнө тийм хугацаа байхгүй болсон.

-Өөрчлөлт оруулна гэдэг нь манай Үндсэн хууль алдаатай явж ирсэн болж таарч байна уу?

-Хамгийн анхны гээд байгаа АНУ-ын Үндсэн хуульд 200 гаруй жилийн дотор 12000 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарснаас 27-хон нэмэлт, өөрчлөлт нь батлагдсан байдаг. 1991 оноос хойш 842 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарснаас нэг нь ч батлагдаагүй. Японы Үндсэн хууль 1947 онд батлагдсан цагаасаа хойш нэг ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулалгүй мөрдөж ирсэн. Энэ нь эдгээр улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс хатуу шалгууртай байдагтай холбоотой. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байгаа нь Үндсэн хууль алдаатай гэсэн үг биш. Эс бөгөөс АНУ-ын Үндсэн хуульд 12000 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байсан тул тун их алдаатай хууль болох нь ээ дээ. Нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах нь өөрөө аль ч улсад байдаг хэвийн үзэгдэл. Би үүнийг улс төрийн намууд, иргэд нийгэмд тулгараад байгаа бодит асуудлыг шийдвэрлэх гарц, арга зам хайж байгаагийн илрэл гэж харж байна. Төслийн томъёололд хэрэгтэй ч санаа байна. Бусад хуулиар зохицуулаад явж болохоор зохицуулалтууд, огт шаардлагагүй заалтууд ч тусгагдсан байна.

Яагаад сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог вэ. Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн хүчнүүд Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг нь аль ч улсад гарч болох үзэгдэл. Энэ үзэгдлээс болж, аль нэг нам, бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн хөнгөн хуумгай нэмэлт, өөрчлөлт орохоос урьдчилан сэргийлсэн зохицуулалт юм. Нэг ёсондоо эрх мэдлийн төлөөх тэмцэл бидний үнэт зүйлсийг устгахаас сэргийлсэн хамгаалалт юм.

-Үндсэн хуульд байн байн өөрчлөлт оруулах нь ямар сөрөг зүйлүүдийг дагуулдаг вэ?

-Үндсэн хуульд дур зоргоор гар хүрээд байж болохгүй. Үндсэн хуулиар энэ нийгмийн үнэт зүйлс, улс орны язгуур ашиг сонирхлыг хамгаалж байдаг. Түр зуурын олонх нийгмийн үнэт зүйлст халдахаас сэргийлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тусгай шалгуур тавьдаг. Тухайн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа буцааж хүчингүй болгох шаардлагатай болдог.

Цэргийн албан хаагчид иргэний гэрт хүчээр орогнох явдал их байсан тул АНУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар нэмэлт өөрчлөлтөөр цэргүүдийг орон гэртээ байлгах эсэхээ шийдэх эрхийг иргэддээ олгосон. Тухайн үед цэргийн баазууд хомс байж. Цаг хугацаа өнгөрч цэргийн байнгын баазууд олноор байгуулагдаж, иргэний орон гэрт байрлах шаардлага байхгүй болсноор онцын шаардлагагүй гэгдэх нэг зүйл заалттай болсон гэх мэт жишээ олон байна. АНУ-ын Үндсэн хуулийн 18 дугаар нэмэлт, өөрчлөлтөөр архи зарж, борлуулахыг хориглосон. Удалгүй энэ нь сөрөг үр дагавартай нь харагдаж 21 дүгээр нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх нэмэлт, өөрчлөлтөө хүчингүй болгосон байдаг.

Сургууль болон олон нийтийн газарт бусдыг олноор нь буудаж хөнөөх явдал АНУ-ын хамгийн том асуудал болоод байна. Үндсэн хуулийнхаа хоёрдугаар нэмэлт, өөрчлөлтөөр буу зэвсэг хадгалах, хэрэглэх эрхийг олгосон. Энэ намуудын зөрүүтэй байр сууриас болоод өөрчлөгдөж чаддаггүй. Зохицуулж чадахгүй байсаар олон иргэний амь нас эрсдэлд орж байна. Тиймээс тухайн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Ийм асуудлыг ердийн бусад хуулиар шийдвэрлэх ёстой.

Ялангуяа, манай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хуулиар хориглодог. Алдаатай нэмэлт, өөрчлөлт оруулбал дахин найман жил хүлээх хэрэгтэй болно. Хөнгөн хуумгай, яарч тэвдсэн байдлаар Үндсэн хуулийг хөндөх ёсгүй.

-Үндсэн хуулиас болоод төр хямраад байна гэж байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ. Ийм зүйл байдаг юм уу?

-Эрх мэдлийн гурван салаа мөчир өвөр хоорондоо зөрчилдөж, асуудлаа шийдэж чадахгүй болсны улмаас төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болох тохиолдол бий. Аль нэг эрх мэдлийн салаа мөчир нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглах, Үндсэн хууль зөрчих, үндсэн хуулийн зүйл заалтыг харилцан адилгүй ойлгож тайлбарлах зэргээс үүдэн Үндсэн хуулийн хямрал буюу төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж, гацаанд орох тохиолдлыг бусад улсад Үндсэн хуулийн хямрал гэж нэрлэдэг.

Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг тэнцвэртэй, харилцан хяналт тавих боломжтой байдлаар хуваарилдаг. Ингэснээр аль нэг эрхтэн дархтан хүний эрх, эрх чөлөөг дур зоргоор зөрчихөөс сэргийлдэг юм. Ингэснээр төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хяналттай хэвийн явагдах боломж бүрддэг. Харин Үндсэн хуулиараа эрх мэдлийг тэнцвэртэй, хяналт тавих боломжтой байдлаар хуваарилж чадаагүй үед Үндсэн хуулийн хямрал бий болдог.

Яг манайд Үндсэн хуулиас болоод хямрал бий болоод байна уу гэвэл үгүй. Хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг нь шийдэх ёстой асуудал. Засгийн газар тогтвортой ажиллах боломжтой байх ёстой. Бас л шийдэх ёстой асуудал. Аль, аль эрх мэдэл хуваарилахтай холбоотой, аль аль нь нэлээд дээрээс яригдаж байсан асуудлууд. Гэхдээ Үндсэн хуулийн хямрал болоод энэ сонгуулиас өмнө ямар ч аргаар хамаагүй нэмэлт, өөрчлөлт оруулахгүй л бол болохгүй болоод байгаа зүйл байхгүй. Энэ сард багтааж яаран нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд зарим хуулийг хүртэл өөрчлөх гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Сонгууль дөхөхөөр биш, аль эрт хуульд заасан процессын дагуу төсөл өргөн барьж болох л байсан.

-Үндсэн хуулийг өөрчилбөл бидэнд ямар ашигтай юм, өөрчлөхгүй бол ямар хохирол учрах юм?

-Үндсэн хуульдаа төрийн эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Энэ асуудлыг шийдэх нэрийн дор өөр олон асуудлыг давхар оруулж байгаа нь буруу. Өөр, өөр бүлэгт хамаарах Үндсэн хуулийн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тусад нь оруулж ирэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Ер нь Үндсэн хуульд маш олон нэмэлт, өөрчлөлтийг нэг дор оруулах нь том эрсдэл дагуулдаг. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон сайд нарыг томилоход тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэсэн боловч далбаан дор нь орж ирсэн бусад, нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн зохицуулалтыг дордуулсан.

Тиймээс бид үндсэн хуулийг өөрчлөх нь ашигтай юу, үгүй юү гэсэн ерөнхий асуудал ярих нь ач холбогдол багатай. Үндсэн хуулийн аль зүйл заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх, шаардлагатай бол ямар томъёоллоор өөрчлөлт оруулах нь зүйтэй вэ гэж тодорхой зүйл заалтаар нь ярих хэрэгтэй.

-УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд шүүмжлэлтэй хандаж “Эхлээд улс төрийн намууд өөрсдөө шинэчлэгдэх ёстой” гэж үзэж, Үндсэн хууль халдашгүй байх ёстой гэх юм?

-Үндсэн хуулийнхаа тодорхой зүйл заалтыг халдашгүй, хөдөлшгүй зүйл заалт гэж хуульчлах практик улс орнуудад байдаг. Эдгээрт төрийн байгууламж, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай хамаатай заалтууд, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрх мэдэл хуваарилах зарчим, ардчилсан дэглэм зэрэг суурь үнэт зүйлс голдуу ордог. Ер нь бол УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг Үндсэн хуулиар УИХ-д олгосон. Үндсэн хуулийг сайжруулах, хөгжүүлэх боломж нээлттэй.

-Үндсэн хуулийг өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэдэг дээр ард түмний санал асуулга явуулахаар яригдаж байна. Та хуульч хүний хувьд ард түмний санал асуулга чухам ямар процесс болж өнгөрдгийг тайлбарлахгүй юу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцээд нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж тогтвол тогтоол гаргана. Тогтоолдоо эхлэх дуусах цаг хугацаа гэх мэт зохион байгуулах журмыг тодорхойлдог. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцож байж санал асуулга хүчинтэй болдог. Олонхийн саналаар зөвшөөрнө гэсэн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн буюу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно. Олонхи нь татгалзана гэж санал өгсөн бол уг хуулийг батлагдаагүйд тооцдог.

Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуульд УИХ ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн Цэц хянан хэлэлцэхийг хориглодог тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хамгийн лежитимет шинжтэй процесс юм.

-Ард түмний санал асуулгыг ямар хэлбэрээр, яаж явуулбал зүйтэй байдаг юм бол?

-Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг сайжруулах боломжтой. Гэхдээ одоо яригдаад байгаа шиг нэмэлт, өөрчлөлт оруулах зүйтэй эсэх тухай ерөнхий томъёоллоор санал асуулга явуулж болохгүй. Сайжруулах нэрээр олон зүйл заалтыг далбаан дор нь шургуулах боломж бүрдэнэ. Ингэж санал асуулга явуулбал хэлбэр төдий болно.

УИХ дээр зүйл, заалт бүрээр нь хэлэлцсэний дараа ард нийтийн санал асуулгаар мөн л зүйл заалт бүрээр нь санал авах шаардлагатай.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхий сайдынх нэмэгдэнэ гэж ойлгогдохоор байгаа. Үүнийг зарим улстөрч хэн нэгний захиалгат ажил гэж харж байгаа. Хэрэв тийм бол Үндсэн хуулиа захиалгаар өөрчилж болно гэсэн үг үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалахыг хуулиар хориглосон. Гэхдээ судлаачийн хувьд энэ нэмэлт, өөрчлөлтийн төслийн цаана хэн байна гэдгээс илүү оруулж ирсэн санал, томъёолол нь Үндсэн хуульт ёсны зарчимд нийцэж байгаа эсэх, судалгаанд үндэслэсэн эсэх ямар зорилготой, ямар үр дагавартай, үндэсний эрх ашиг, ард нийтийн эрх ашигт нийцэж байна уу гэдэг талаас нь харж байна.