Categories
мэдээ улс-төр

Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болов

Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордонд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт зочид оо,

Их эзэн Чингис хааны эрхшээн соёрхсон, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 795 жилийн ойн баярын мэндчилгээг ард түмэндээ өргөн дэвшүүлье. Түүхийг бүтээсэн ухаант өвөг дээдэстээ мэхийж, алдар сууг нь бишрэн хүндэтгэе.

Хархорум хот холын газар, усны уртаас түмэн хэлийн хүн цугларсан дэлхийн их гүрний нийслэл байсан. Монголчууд морин өртөө, цаасан мөнгө, гүрэн улсыг холбосон их зам, төр цэргийн удирдлагын ид хавыг Хархорумаас дэлхийд түгээж байсан юм. Монголын эртний төрт улсуудын хаадын өргөө, нийслэл ч Орхоны хөндийд оршиж байсан түүхтэй. Хархорум бол Монголын Буддын шашин, соёлын тодрон гэрэлтсэн өлгий нутаг, ариун дагшин газар билээ.

Монголчууд түүхийн ээдрээ, нугачаатай урт замыг туулахдаа Хархорум хот болон үндэсний монгол бичгээ гээж байсан удаагүй. Үүнийг бид машид анхаарч үзэх учиртай.

Дотоод, гадаад судлаачдын хүчээр эртний Хархорум хотын судалгаа, малтлагын ажил амжилттай өрнөж байна. Судалгаанд суурилсан төлөвлөгөө хөгжлийн зөв замд биднийг хөтөлнө. Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал ч судалгааны салбарт шинэ санаа өгсөн, бүтээлч хүмүүст урам зориг хайрласан бодит ажил болно гэдэгт итгэж байна. Миний бие гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачидтай хамтран Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол Улсын жишиг хот болгон хөгжүүлэх тухай олон жилийн өмнөөс судалж, тодорхой ажлууд зохион байгуулж ирсэн. Хархорум хотыг сэргээн байгуулж монгол үндэстний өлгий нутаг Орхоны хөндийд XXI зууны хөгжлийн шинэ төв бий болгох нь бүс нутгийн болоод Монгол Улсын ирээдүйн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг дахин тэмдэглэн хэлье.

Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм. Бахархах түүхээ бүтээх ирээдүйнхээ хүч болгон, илүү их хөдөлмөрлөж, илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэжээ.

Хурлыг нээж УИХ-ын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Тэртээх XIII зуунаас дэлхийн нийслэл, улс төр, соёл, эдийн засаг, гадаад харилцаа шашны төв гэгдэж ирсэн Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар Хархорум хот байгуулагдсны 795 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөлийн хамт олны санаачлагаар “Хархорум-795” эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн судлаачид, археологичид Хархорум хотын үүсэл, түүхийн дурсгалт олдворууд, Орхоны хөндийгөөс хэрхэн эртний хүн нүүдэллэн Америк тив, Уралын нуруу, Зүүн өмнөд Ази, Япон хүртэл тархсан талаар сонирхолтой илтгэлүүд сонордуулав. Одоогоос 40 мянгаас нэг сая жилийн тэртээ хүн тархан суурьшсан нэг том голомт нь Орхоны хөндий байжээ.

Илтгэлүүдэд дурдсанаар Хархорум нь Их Монгол Улсын улс төр, эдийн засаг, зам харилцаа, соёл, шашны том төв байсан бөгөөд Ази, Европын улстөрчид өнөөгийн ойлголтоор АСЕМ-ийн уулзалттай дүйх хурлыг тэнд цугларан хийж байсан түүхэн баримт олдсон байна. Хархорум нь Өгөөдэй, Гүег, Мөнх хаадын төрийн хэргээ явуулж байсан их хот байжээ.

Тэнд Бурхны болон Загалмайтан, Исламын шашны сүм хийдүүд зэрэгцэн оршиж, олон шашны, олон хэлийн хүмүүс эв найртай аж төрж байсныг гэрчлэх түүхийн олдворууд олдсоныг зураг, хөрөгтэй нь дэлгэн харуулж байлаа.

Энэ үйл явдалтай холбогдуулан Төрийн түүхийн музейд “Хархорум-795” гэсэн үзэсгэлэн гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд нийслэлд 17 цэцэрлэг, долоон сургууль барина

2016 онд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, шинэчлэх сайжруулах ажлын зураг төсвийг боловсруулж дуусган, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм байна.

Мөн нийслэлийн орон сууцны мэдээллийн цахим нэгдсэн сан байгуулж “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Шинээр 15 мянган ажлын байр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангана гэж заасан байна. Ажил, мэргэжилгүй 12 мянган иргэнийг мэргэжлийн болон давтан сургалтад хамруулж, “Гэрээт цэрэг-Ажлын байр“-ны хүрээнд цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг ажлын байраар хангана гэж тусгажээ.

Ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр найман цэцэрлэг, долоон сургууль барих юм байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 11 цэцэрлэг, концессоор зургаан цэцэрлэг, хоёр сургууль шинээр барина. Харин 68 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх аж.
Түүнчлэн Өвөр болон Ар гүнтийн автозам, Багануурын автозамыг шинээр барьж, Концессын гэрээгээр Нарантуул ОУХТ-ын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих, Морингийн даваанаас Авто худалдааны цогцолбор хүртэл автозам гүүрийн хамт барих Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх автозамыг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай болгох зорилгоор Төрийн үйлчилгээний төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байгуулж, үйл ажиллагааг нь бэхжүүлнэ гэж Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтод тусгажээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав

МУГТ Н.Төгсцогт Мэргэжлийн боксын дөрөв дэх тулаанаа өчигдөр хийж, өрсөлдөгчөө хоёрдугаар раундад хүнд цохилтоор ялжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард тэрээр анхны тоглолтоо хийж ердөө 50 секундэд өрсөлдөгчөө буулган авсан бөгөөд дараа дараачийн тоглолтууд ч гялалзсан богино хугацаанд манай тамирчны ялалтаар өндөрлөж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Дэжидмаа: Тэнгэрийн дүлийгээс түлэнхийн шарх эмчилдэг гель гаргаж авсан

Шилдэг залуу эрдэмтэн, судлаачид жил бүр уламжлал болгон Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог. Өнөө жил тус шагналыг Монголд ургадаг эмийн ургамлуудыг ашиглан түлэнхийн шарх болон сорвижилтыг эдгээдэг “Калвацин” хэмээх түрхлэг бүтээсэн ШУА-ийн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Дэжидмаа хүртсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэнд баяр хүргэе. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Би Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн хүн. Говьсүмбэр аймгийн нэгдүгээр арван жилийг төгсөөд 2007 онд ЭМШУИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургуулийг уламжлалтын их эмч мэргэжлээр төгссөн. Төгсөөд хуучин нэрээр Уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн корпораци нэртэй байхад нь энэ байгууллагад ороод найман жил ажиллаж байна. Үндсэндээ би дөрвөн чиглэлийн ажил хийсэн байдаг. “Калвацин” бол миний анх ажилд ороод хийсэн судалгааны ажил л даа. Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалах сэдвээр тэнгэрийн дүлий мөөгийг судалж эхэлсэн. Гурван жил судлаад зэргээ хамгаалсан. Мөн энэ мөөгний шинж чанарыг тодорхойлсон. Дараа нь нэлээд өргөжүүлээд төрөл бүрийн шарх болон эмнэлзүйн судалгааг нь хийсэн. Ерөнхийдөө нэг сэдэвт ажил, нэг мөн хоёр шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлээд энэ бүтээл гарсан гэсэн үг.

-“Калвацин”-ы талаар сонирхуулахгүй юу. Шахмал саванд хийснийг нь харахад “Хоромхон” гэдэг тостой л адилхан харагдаж байна?

-“Калвацин”-ыг хүмүүсийн мэддэгээр тэнгэрийн дүлий мөөгнөөс гаргаж авсан. Мөн шарх анагаах үйлдэлтэй бусад ургамлуудыг нэмсэн усан суурьтай гель юм. “Хоромхон” тос миний сонссоноор тарваганы өөхнөөс ч юм уу амьтны гаралтай түүхий эдээс гаралтай юм шиг байна лээ. Бидний бүтээл ургамлын гаралтай. Химийн судалгаа нь бүрэн хийгдэж дууссан. ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт үүний клиник судалгааг нь хийсэн. Түлэгдсэн хүмүүст түрхэж үзсэн гэсэн үг. Тэгэхэд эмчилгээний чанартай байна гэсэн тайлан гарсан. Ингээд зохих шатны хурлуудаар баталгаажуулсан байгаа.

-Түлэнхийн эмчилгээнд хэрэглэж үзсэн юм байна. Бусад тоснуудаас юугаараа давуу вэ?

-Түлэнхийн нөхөн сэргээх тасагт хэрэглэж байгаа гадаадаас авдаг мөнгөжүүлсэн тостой ижил төстэй мөртлөө байгалийн гаралтай. Мөнгөжүүлсэн тос нь түлэнхийн практикт өргөн хэрэглэгдэж байгаа стандартын тос юм. Нөгөө талаас эх орны үйлдвэрийнх болохоор үнэ харьцангуй хямд байх боломжтой. Одоо туршилтын байдлаар үйлдвэрлэчихээд байгаа. Гэмтлийн эмнэлгийнхэн мөнгөжүүлсэн тосыг 500 мл-ийг 65 мянга орчим төгрөгөөр авдаг гэсэн баримтаа хэлж байна лээ. Манайхтай адил хэмжээтэй шахмал савлагаатай нь 25 мянган төгрөгөөр эмийн сангуудаар зарагддаг. Урьдчилсан байдлын судалгаанаас үзэхэд бид бүтээгдэхүүнээ 7-8 мянган төгрөгөөр л худалдагдах байх. Түүнчлэн бусад түлэнхийн шарханд түрхдэг тоснуудтай харьцуулахад “Калвацин” харьцангуй нимгэн түрхэгддэг.

-Тэнгэрийн дүлийгээс эхлээд хэд хэдэн ургамал орж байгаа юм байна. Их хэмжээгээр үйлдвэрлэх боломж нь ямар байдаг бол. Түүхий эдээ түүвэрлэх тал дээр асуудал гарах болов уу?

-Мөөгний хувьд түүвэрлэхэд нөөц хангалттай бий. Нөгөө талаас цаашид судалгаагаа өргөжүүлээд тарималжуулна гэсэн бодолтой байгаа. Мөөгийг их хэмжээгээр үйлдвэрлэсэн тохиолдолд мөөгийг тарималжуулах цехүүд Биологийн хүрээлэнд байдаг. Тэр талаар хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөө бий. Гэхдээ эхний удаад энэ мөөгийг хангалттай хэмжээгээр түүх боломжтой.

-Эм үйлдвэрлэгчид, бизнесийнхэн хэр сонирхож байна?

-Клиник буюу эмчилгээний судалгаа нь ноднин дуусаад энэ жил л танилцуулж эхэлж байгаа. Манай байгууллага эмийн үйлдвэртэй учраас өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой байгаа.

-Сорви багасгана гээд байгаа. Энэ талаар тодруулбал?

-Шарх хурдан эдгэрэх тусмаа сорви багатай байдаг. Шарх нь хэр гүнзгий болон талбай, эдгэрэлтийн хурдаас сорви нь их, бага байх нь мэдэгддэг гэсэн үг. “Калвацин” шархыг үрэвсэлгүй, түргэн эдгэхэд нөлөө үзүүлнэ. Ингэхээр сорвижилтыг ч багасгах нөлөөтэй.

-Ургамлын харшилтай, мэдрэг арьстай хүмүүс байдаг. Тэнгэрийн дүлийгээс гаргасан бэлдмэлийн туршилтаар ямар байсан бол?

-Аль нэг ургамал тухайлбал, шарилжинд мэдрэг хүмүүс байдаг. Клиник судалгаа хийж байхад нийт хамрагдагсдын гурван хувьд нь хорсох мэдрэмж төрсөн. Үүн дотор агуулагдаж байгаа бодис нь харшил үзүүлсэн байж болох талтай. Гэхдээ хорссон тохиолдолд бид шархаа цэвэрлээд хэрэглэж байгаа түрхлэгээ сольчихно гэсэн үг. Харин гаж нөлөө бол илрээгүй.

-Эмийн сангуудаар хэдийнээс эхэлж худалдах вэ?

-Бид одоогоор бага хэмжээгээр үйлдвэрлэсэн байгаа. Худалдаанд гаргахын тулд нэлээд нөөц үүсгэх шаардлагатай. 2016 оны дөрөвдүгээр улиралд өргөн хэрэглээнд гаргана гэсэн төлөвлөгөө байна. Эхлээд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. Түүнчлэн эмийн бүтээгдэхүүн болон комисс, зөвлөлийн олон хурлаар орно. Үүнд лав жилийн ажил бий.

-Тэнгэрийн дүлийг анагаах ухаанд ингэж хэрэглэж болох юм байна гэсэн судалгаа хэзээнээс эхлэлтэй вэ?

-Манай хүрээлэнгийнхэн 1960-аад онд зарим ургамлуудын шарх эмчлэх байдлыг судалдаг байсан. Мөн 2005-2008 оны үед бөндгөр шарилж гэдэг ургамлын шарх болон ходоодны шархлаанд нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийж байсан. Харин яг тэнгэрийн дүлийн хувьд хамгийн анхны судалгаа нь энэ.

-Тэгвэл ардын анагаах ухаанд ашиглаж байсан тал бий юу?

-Тэгэлгүй яахав. Тэнгэрийн дүлийг хүмүүс морины нуруу холгохоор хийдгээр нь сайн мэддэг шүү дээ. Мөн түлэнхийн шарханд хэрэглэдэг нь уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд дурдагдсан байдаг. Тэгэхээр хэрэглээний хувьд баталгаажилт өндөртэй. Зарим ургамлууд ам дамжсан яриагаар байдаг бол тэнгэрийн дүлийг бидний уламжлалт суурь эмчилгээний сурвалж бичгүүдэд зурагтай нь дурдсан байдаг.

-Дөрвөн чиглэлийн ажил хийсэн гэсэн. Бусдынх нь талаар сонирхуулаач?

-Докторынхоо ажлыг цусны бүлэгнэлийг багасгадаг аспирин 100 эмтэй ижил төстэй үйлдэлтэй уламжлалт эмийн судалгаагаар хамгаалсан юм. “Зомошин 6” гэдэг тэр танг тохиромжтой тунгаар өдөр бүр хэрэглэвэл цус шингэлнэ гэсэн үг. Цусны бүлэгнэлийн судалгааны ажил үндсэндээ хийгдсэн. Гэхдээ уламжлалт эмийг хэрэглэхэд дөхөм орчин үеийн хэлбэрт оруулах нь зүйтэй гэсэн чиг хандлага яваад байгаа. “Зомошин 6” танг сахарын өвчин болон венийн судасны бүдүүрлийн үед хэрэглэж болно. Мөн элэгний церрозийн цусны бүлэгнэлийн үед хэрэглэхэд тохиромжтой байна гэсэн судалгааны дүн гарч олон улсын сэтгүүлд ч хэвлэгдсэн байгаа.

Ханиад томууны үед хэрэглэдэг “Монфлю” хэмээх уусмалыг Монгол оронд ургадаг эмийн түүхий эдүүдээс гаргаж авсан. “Терафлю” гээд байдаг шүү дээ. Түүн шиг халуун усанд шууд найруулаад ууна гэсэн үг. Одоо судалгааны ажил явагдаж байна. Хүрээлэнгийнхээ технологийн багтай хамтарч хийсэн судалгааны ажил л даа. Түүнчлэн ясны сийрэгжилтийн үед хэрэглэдэг “Экомон” гэдэг эмийн бүтээгдэхүүн хийсэн. Цөм технологийн хүрээнд хийгдээд ерөнхий ажил нь дуусчихаад байгаа. Одоо энэ биологийн идэвхт бүтээгдэхүүний туршилтууд нь явагдаж байна.

-“Монхимо” компани адууны яснаас кальци гаргаж аваад нэлээд алдаршаад байгаа. Түүнтэй адил уу?

-Адилхан л амьтны гаралтай кальциас гаралтай. Зөвхөн адууны яс бус өөр бусад зүйлсийг нэмсэн байдлаар хийж байгаа. Ерөнхийдөө ясны кальциуд кальцийн агууламж өндөртэй учраас дэлхий нийтийн чиг хандлага бол ясны сийрэгжилтийн үед хэрэглэхэд тохиромжтой гэж үзэж байна. Судалгааны ажлуудын хувьд ч бүгд нэг санааг олон талаас нь хардаг чиг хандлага тогтож байгаа.

-Түлэнхийн шарх эдгээх “Калвацин”, аспирин 100-г орлох “Зомошин 6”, ханиад томууны үед уух “Монфлю” гээд эмүүдийг гаргаж авчээ. Гэвч гадаадын эмийн бүтээгдэхүүн илүү чанартай гэсэн бодол иргэдийн дунд нэлээд байдаг шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Уламжлалт зургаан эм байгаа. Тэдэнтэй адил үйлчилгээтэй эмийн 90 гаруй хувь нь гадаадаас импортоор орж ирдэг. Монгол орны эмүүд нь ихэвчлэн уламжлалт эмүүд байдаг. Мөн дотоодын эмийн үйлдвэрүүд аспирин, парацетамол зэргийг үйлдвэрлэж байна. Уг нь бол уламжлалт эмүүд нь гадаадын бүтээгдэхүүнтэй ижил төстэй үр дүнтэй. Манай улс бусад орныг бодвол бараг л экологийн цэвэр бүтээгдэхүүний бүс шүү дээ. Тэгэхээр байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн, эм бэлдмэл хэрэглэхийг дэмжих л хэрэгтэй гэж боддог. Гэхдээ уламжлалаас шинэ эмийн хэлбэртэй болгохыг их сонирхдог. “Монфлю”-г “Терафлю” шиг савлахыг хүмүүс сонирхож байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
гадаад мэдээ

Си Зиньпин Африкийн орнуудад айлчилж байна

БНХАУ-ын дарга Си Зиньпиний өнөөдөр Өмнөд Африк улсад айлчилж байна. Хятадын даргын Африкийн орнуудад хийж буй айлчлал тус тивийн орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэх шинэ санаачлага гаргах, Африкийн ард түмний амьжиргааны түвшинг сайжруулах, ядуурлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилгыг агуулжээ.

Өнөөдөр Өмнөд Африкт эхэлж буй Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалтад Хятадын төр засгийн өндөр албан тушаалтнууд болон Африк тивийн орнуудын эрх баригчид оролцож, цаашид аль салбарт түлхүү хамтрах, Хятад ямар салбаруудад нь хөрөнгө оруулалт хийхээ тодорхойлох юм байна.

Африкийн хувьд аж үйлдвэржилт, хоол хүнсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилэн сэргийлэх зэрэг тулгамдсан асуудлаа шийдэхэд Хятадын хөрөнгө оруулалтыг ихээр авах сонирхолтой байдаг аж. Хятадын хувьд Африкийн дэд бүтэц, тээвэр, эрчим хүчний нийлүүлэлт, барилга бүтээн босголтын салбарт хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зодсон туслах багшид эрүүгийн хэрэг үүсгэв

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш хүүхэд хооллохдоо хэрцгийгээр зодож, танхайрсан мэдээллийг бичлэгийнх нь хамт хүргэсэн билээ. Тэгвэл бага насны хүүхдэд гар хүрч, танхайрсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тус цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар нь тогтмол дарамталдаг байсан эсэхийг тогтоохоор Дундговь аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газруудаас ажлын хэсэг томилогдон “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт явуулж эхэлжээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хүүхдэд ёс зүйгүй хандсан этгээдийг ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлага тооц гэсэн үүргийг тус аймгийн Боловсролын газарт өгсөн байна.

Харин аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн X зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Харин хүүхэд зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эко автобус үйлчилгээнд гарлаа

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус өнөөдрөөс эхлэн Офицеруудын ордоноос Ханын материал хүртэлх чиглэлд явж эхлэв. Уг автобусыг “Экобус” компани нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэжээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлд 2500 орчим автобус шаардлагатай байгаа бөгөөд Эко автобус үндэсний үйлдвэрлэлийн хамгийн тод жишээ болно. Энэ үеэр импортоор автобус оруулж ирэхээс илүүтэйгээр өөрийн оронд үйлдвэрлэсэн нийтийн тээврийг үйлчилгээнд явуулж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах тухай нийслэлийн захирагч Э.Бат-Үүл онцолсон юм.

Categories
мэдээ улс-төр

Хамтын тэтгэврийг 100 хүртэлх хувиар тогтоох боломжтой гэв

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг анх 2012 онд санаачлан боловсруулж, 2014 онд УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн болохыг хэвлэлийн хурлын эхэнд мэдээллээ. Хуулийн хэлэлцүүлэг олон шалтгааны улмаас хойшлогдсоор 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ дурдаад “Хэрэв өргөн барьсан жилээ хэлэлцээд баталсан бол 2015 он, эсвэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих боломжтой байлаа. Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсаны дараа Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан болохоор хэрэгжих хугацаа нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтсон. Хуулийн эргэн хэлэлцэх хугацаа хэлэлцүүлгийн явцад иргэдээс ирүүлсэн олон тооны санал, УИХ-ын гишүүдийн саналаас үүдэн өөрчлөгдөж, Засгийн газар журам гарган шийдвэрлэхээр хуульчиллаа. Хамтын тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж, бодит хувь хэмжээг мөн Засгийн газар шийдвэрлэх юм. Тиймээс Засгийн газар тухайн жилийнхээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 100 хүртэлх хувиар тогтоох боломжтой” гэв. Мөн тэрээр энэ хуулийг халамжийн үйлчилгээтэй адил ойлгож болохгүй гэдгийг онцлон хэллээ. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ахмад настнуудын амьжиргааны түвшин, амьдралын чанарыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчны дэвшилт болж байгаа юм байна.

Үүнээс гадна гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой болохыг Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэмдэглэн хэлсэн юм. Хуульд албан ёсоор гэр бүлээ батлуулаад 15 жил болсон байх гэдэг шалгуурыг тавьсан нь бат бөх гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, мөн үүсч болох сөрөг үр дагаваруудаас сэргийлэх зорилготой болохыг дурдав. Мөн тэрээр “Монголчуудын амьдралын хэв маягийн онцлогоор ихэнхдээ эрчүүд хөдөлмөр эрхэлдэг, эмэгтэйчүүд ар гэрийнхээ амьдралыг зохицуулах, үр хүүхдээ өсгөх үүрэгтэйгээр ажил эрхлэх бололцоогүй байдаг. Энэ бүхний эцэст тэтгэврийн насны эмэгтэйчүүд гэр бүлийн хүнээ алдахад шууд орлогогүй болж, амьжиргааны түвшин буурч, ядууралд ордог. Тэгвэл энэ хууль батлагдсан нь ахмад настай эмэгтэйчүүдэд ихээхэн дэмжлэг болно” гэлээ. Мөн энэ хуулийг хэрэгжилтийг хангах, зорилтот бүлэгт бодит дэмжлэг болгохоор зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

Г.Алтанхүү өршөөгдөв

Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал дөнгөж сая Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Г.Алтанхүүд шүүхээс Эрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм. Улмаар түүний хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцож, ялын үлдсэн хугацааг өршөөлийн хуульд хамруулж суллалаа.

Сануулахад, Анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, гурван жилийн хорих ял оноосон юм. Харин талийгаач Н.Цэдэн-Иш нь архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар санал хураалт явуулж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга: Ан амьтан хамгаалах асуудал Монголд нэн чухал асуудал болоод байна. Сүүлийн үед тарвагыг тусгай хэрэгслээр нүхэн дотроо хаана байгааг нь олж мэдээд алдаг болсон гэсэн. Зарим нь загасыг дэлбэлээд бөөнөөр алж байна. Зээрийг сүргээр нь ажил явагдаж байна. Монголд ан амьтныг алан хядах ажиллагаа явагдаж байна шүү дээ. Энэ тэгээд зөрчил юм у,у гэмт хэрэг юм уу. Амьтан алж байгаа хүн дараа нь хүн ална шүү дээ. Нэгийг албал зөрчил гэж үзье. Нийтээр нь хоморголон хэрцгийгээр алж байгаа юу гэж үзэх юм бэ. Ийм хүмүүсийг хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх юм уу. Үүнийг зөрчил гэж би лав үзэхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Дорлигжав: Өчигдөр баталсан Эрүүгийн хуульд хууль бусаар ан авлах гээд орчихсон байгаа. Энэ бол зөрчилд хамаарах хэсгүүд нь энд орсон. Таны хэлээд байгаа чинь Эрүүгийн хуульд орсон байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд: Зөрчил, хэрэг хоёрыг ялгаж болохоор уу?

Ингээд уг саналыг 62 хувиар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Би бараг хүсэлт гаргаж байна. Засгийн газрын сайдууд, Ерөнхий сайдуудыг оруулаад кноп даруулмаар байна. Бид нар энд кноп дарах гэж ирсэн биш дээ?

УИХ-ын дарга З.Энхболд: Хоёр сайд байна, бусад нь хаана байна. Давхар дээлтэй сайд нарыг танхимд ирүүлье. Р.Амаржаргал гишүүний хэлсэн үнэн ш тээ. Засгийн газрын оруулсан маш чухал хуулийн төслийг хэлэлцэж байхад.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга: Тусгай зөвшөөрөлгүй хүн хууль зөрчиж, үнэт чулуу тээвэрлэсэн хадгалсан бол зөрчилд хамруулж байна. Энэ хуулийг гарснаар нинжа нарын үйл ажиллагаа зогсож чадах уу?

УИХ-ын дарга З.Энхболд: Зөвшөөрөл аваад бичил уурхай эрхэлж байгаа бол энэ хууль хамаагүй шүү дээ. Чулуу түүмээр байгаа бол зөвшөөрлөө ав гэсэн үг гэв.

Уг хуулийг зүйл заалт бүрээр нь санал хурааж байна. Санал хураалт үргэлжилж байна.