Categories
мэдээ нийгэм

Автобусны ямар хурдтай явж буйг хянадаг болно

Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн хэд хэдэн автобус осол гаргасан. Тэгвэл Зам тээврийн яам Нийслэлийн автозамын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобусны хурдыг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, автобуснуудад хурд хэмжигч төхөөрөмжийг автозамууд дээр суурилуулах юм.

Тиймээс НЗЦГ-т шинээр сервер суулгах тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангах үүднээс 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.
Мөн НЗДТГ-тай хамтран зорчигч тээврийн компаниудтай байгуулсан гэрээнд нэлээд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Эх дэлхийн мисс”-ээр Филиппиний гоо бүсгүй Анжелиа Онг тодорчээ

Австрийн нийслэл Вена хотноо болсон “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээн ялагчаа тодруулав.

Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдөж, “Эх дэлхийн мисс-2015”-ын титмийн эзнээр Филиппиний гоо бүсгүй Анжелиа Онг тодорчээ. Тэрээр энэ жил 25 настай, аялал жуулчлалын менежерээр сурч байгаа аж.
Олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг болох “Эх дэлхийн мисс-2015” тэмцээнд манай улсаас А.Баярцэцэг оролцсон юм. Түүни хувьд шүүгчдээс өндөр үнэлгээ авч, улмаар гоёлын даашинзны үзүүлбэрээр алт, бүтээлч сэтгэлгээний төрөлд алт, фото төрөлд алт, богано даашинзны үзүүлбэрээр хүрэл медаль хүртэж “Авьяасын төрөл”-д шилдэг 12-т багтаад байсан юм.
Түүнчлэн мисс А.Баярцэцэг финалын шалгаруулалтаар шилдэг 16-д багтсан байна. Шилдэг 16-д Унгар, АНУ, Украин, Австрали, Чех, Бразил, Филиппин, Маврикий, Шотланд, Австри, Чили, Колумб, Венесуэл, Франц, Гуам улсын миссүүд оржээ.

Categories
мэдээ нийгэм

“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

Өнөөдөр Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны баярын өдөр тохиож байна. Өдгөөгөөс 15 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Баярын энэ өдрийн хүрээнд Төрийн ордны Баганат танхимд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв. Үзэсгэлэнг нээж Ардчилсан намын дарга З.Энхболд, “Энэ жилийн намын баярыг бүтээн байгуулалтаараа тэмдэглэхээр болсон. Өчигдөр Увс аймгийн Улаангом хотод Гудамж төслийн ажлыг хүлээж авлаа. Баруун гурван аймгийн бензиний үнийг Улаанбаатар хотынхтой яг ижил болголоо. Баруун, зүүн талаар орж ирдэг татварын зохицуулалтыг Улаанбаатарынхаас бага болгосон учир бензиний үнэ буурч байна. Ирэх бямба гаригт Архангай аймгийн “Гудамж” төслийг хүлээж авна. Солонготын давааны замын ажлыг хүлээж авна. Өнөөдөр та бидний үзэж байгаа фото зургаар сүүлийн 25 жилийн хугацаанд юу хийж бүтээв гэдгийг харуулж байна” гэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалаас хойшхи Монгол оронд өрнөсөн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт болоод Ардчилсан засаглалын үед хийж бүтээсэн, өнгө төрхөө өөрчилсөн, ажлуудыг өмнөхтэй нь харьцуулсан байдлаар дэлгэн танилцуулж байгаа юм. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч кино уран бүтээлчдэд мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв.

Монголын кино урлагийн үе үеийн зүтгэлтэн, нийт ажилтан, уран бүтээлчид ээ,
Анх үүссэн цагаасаа монгол түмнийг соён гэгээрүүлэх, шинэ соёлд уриалан дуудах, залуу үеийг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол киноны үе үеийн уран бүтээлчдийн сэтгэл оюунаас ундарга авсан “Монгол хүү”, “Цогт тайж”, “Ардын элч”, “Сэрэлт”, “Энэ хүүхнүүд үү”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” зэрэг олон сайхан бүтээл Монголын кино урлагийн өнгө төрх, нүүр царай болон мөнхөрсөн билээ. 1935 оноос хойш Монгол оронд болж өнгөрсөн түүхэн гол гол үйл явдлуудыг манай баримтат киноныхон дуу дүрстэйгээр баримтжуулан авсан нь өнөөдөр төдийгүй ирээдүй хойчид ч Монголын түүхийн гайхамшигт баталгаа болон үлдэж байна.
Монгол кино анхнаасаа гараагаа амжилттай эхэлж, олон улсын нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртсээр ирлээ. Анхдагчдын тавьсан зөв суурин дээр киноны дараа дараагийн үе өсөж өндийж, бүтээж туурвисаар монгол кино 80 нас хүрчээ.
Зах зээлийн харилцаанд шилжсэн он жилүүдэд манай киночид их урлагийн төлөөллөө хадгалахын зэрэгцээ арилжааны зорилготой бүтээлүүд нэлээд хийж байна. Энэ бол зах зээлийн жам ёсны хөгжил юм. Гэхдээ аль ч тохиолдолд гоо сайхны хэмжүүр, мэргэжлийн шалгуур, ёсзүйн босго, соён гэгээрүүлэгч үүргээ Монголын киночид умартаагүй юм.
Угтан ирэх он жилүүдийн уртад Монголын кино урлаг ямагт шилдэг нь байж, алтан үеийнхний дархалсан алдар сууг хадгалж, улс орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Монгол кино улам хөгжин дэлгэрэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Categories
мэдээ улс-төр

Засгийн хуралдаанаар зүүн чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлосон байгаа бөгөөд хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд зүүн чиглэлийн төсөр зам төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэх юм байна. Мөн Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн явц байдлын тухай танилцуулга сонсох аж. Уг хуулийн хэрэгжилт энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болох ёстой. Дээр заасан хугацаанд багтаан аж ахуйн нэгж, иргэнийг нууж хааж байсан үл хөдлөх хөрөнгөө ил болгох, мөн бусад орлогоо ил болгон тайлагнах эрхийг олгож байгаа.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг доорх хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Ц.ОЮУНБААТАР

Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

Ц.ОЮУНБААТАР

Хэмжил зүйн тухай хуулийн төсөл

Ц.ОЮУНБААТАР

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл

Ц.ОЮУНБААТАР

Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай

С.БАЯРЦОГТ

Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийн төслийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн уулзалтад оролцох тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Зүүн чиглэлийн төмөр замын төслийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай

Б.БОЛОР

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Ц.ЦОЛМОН

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

З.БАЯНСЭЛЭНГЭ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд

Р.БУРМАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Г.БАЯРСАЙХАН

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Г.БАЯРСАЙХАН

Журам шинэчлэн батлах тухай (Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай)

Г.БАЯРСАЙХАН

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

Хууль зүйн сайдын гадаад томилолтын тухай*

С.БАЯРЦОГТ

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын тухай

Б.БОЛОР

Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн төслүүдийн танилцуулга болон 2015 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тухай

Б.БОЛОР

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш өсөв

Амралтын өдрүүдэд долларын ханш буцаад өслөө. Арилжааны банкууд болон хар зах дээр зар байгаа долларын ханшийг харахад ам.долларын ханш хоёр төгрөгөөр өслөө.

Төрийн банк 1996 төгрөг буюу хамгийн хямдаар доллар зарж байна. Тэгвэл Кредит банк хамгийн өндөр ханшаар буюу 2001 төгрөгөөр доллар зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1999 төгрөг байна. Монголбанкны хаалтын ханшаар доллар мөн л 1999 төгрөг байна.

Categories
гадаад мэдээ

Стокгольмд Нобелийн баяр ёслолын долоо хоног эхэллээ

Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны шагналыг хүртсэн 10 хүнд хүндэтгэл үзүүлэх Нобелийн баяр ёслолын долоо хоног Шведийн нийслэл Стокгольм хотод эхэлсэн талаар ТАСС агентлаг уламжилжээ. 2015 оны Нобелийн шагналыг 11 хүн хүртэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-нд Стокгольмын филармонид болох аж. Харин Альфред Нобелийн гэрээслэл ёсоор Энх тайвны шагналыг Осло хотод гардуулах юм байна. Энэ удаад уг шагналыг Тунисын эрх баригчид болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээнд зуучлагч бүлэг болох Тунисын үндэсний яриа хэлцээний дөрвөл хүртэх ажээ.

1901 оноос хойш уг шагналыг нийтдээ 573 удаа олгосон бөгөөд 870 хүн, 32 байгууллага хүртжээ. Энэ жил АНУ-ын анагаах ухааны салбарын 85 настай профессор Уильям Кэмпбелл, Хятадын эрдэмтэн Ту Юю нар хамгийн өндөр настай шагналтан болсон бол хамгийн залуу шагналтан нь 56 настай физикч Такааки Казита болжээ. Энэ жилийн Нобелийн шагналтнууд маш шахуу хөтөлбөртэй юм байна. Тэд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал хийж, оюутнуудтай уулзаж, концерт үзэж, мөн баяр ёслолын долоо хоногийн оргил болох хүндэтгэлийн зоог барих аж.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Ардчилсан хувьсгалын 26 жил, Ардчилсан нам байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Ардчилсан намын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

рдчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ,

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,

Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 26 жилийн ой, Ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 15 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Ардчиллын төлөөх намууд нэгдсэн түүхэн энэ ойн өдөр Ардчилсан нам эрхэм зорилго, тулгуур үнэт зүйлсийнхээ хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх нь Ард түмнийхээ өмнө хүлээсэн манай намын үүрэг гэж үзэж байна.

Ардчилсан намын эрхэм зорилго нь: Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд оршино.

Ардчилсан намын тулгуур үнэт зүйлс нь:

  • Хүний жам ёсны, заяагдмал эрх;
  • Эрх чөлөөний баталгаа болох хувийн өмч;
  • Хувь хүний эрх ашиг, хариуцлагын ухамсар;
  • Хувь хүний авьяас чадвар, хүсэл тэмүүлэл;
  • Өрх гэрийн чинээлэг оршихуй;
  • Төрийн хязгаарлагдмал оролцоо;
  • Төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо;
  • Иргэний, нээлттэй нийгэм;
  • Чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл;
  • Жендрийн тэгш байдал болно.

Монгол хүний жам ёсны, заяагдмал эрхийг хангах, хувийн өмчийг дээдлэх хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог бүрдүүлж, шинэ эрүүгийн хууль баталснаар хувийн өмч, зах зээлийн тогтолцоог хамгаалж, хүүхдийн эрх, гэр бүлийн эрх, хувь хүний эрхийг хамгаалах чиглэлд шинэчлэл хийж чадлаа. Гэсэн хэдий ч хүний эрхийг хамгаалах баталгааг бүрдүүлэх асуудал удаашралтай, хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэдээс ирүүлж байгаа санал гомдолд анхаарлаа хандуулж, шийдвэрлэх нь манай намын бодлого байх болно.

Хувь хүний эрх ашиг, хариуцлагын ухамсрыг иргэн бүрт таниулан, тэдний амьдралын хэм хэмжээ болгож хэвшүүлэх нь Монгол орны хөгжлийн онцгой хүчин зүйл гэж Ардчилсан нам үзэж байна. Цагдаагийн байгууллагын хууль баталж, цагдаа нь даргыг биш иргэнээ хамгаалдаг, иргэндээ үйлчилдэг тогтолцоог бий болголоо.

Ардчиллыг дураар авирлах явдал хэмээн эндүүрэх нь бидний хүссэн ардчилал биш гэдгийг намын удирдлагаасаа эхлээд жирийн гишүүн хүртэл ухамсартайгаар биелүүлэх нь манай намын үнэт зүйлд нийцэх учиртай. Хариуцлагатай нийгэм-хариуцлагатай иргэний төлөвшлийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Хувь хүний авьяас чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлэхийн тулд боловсролын салбарт “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн авьяасыг илрүүлэн хөгжүүлж, өөрийн авьяас, сонирхолынхоо чиглэлээр секц, дугуйлан, клубт хамрагдаж байна. “Ном” хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулийн анги бүр номын сантай болж МУИС, МУБИС, ЭМШУИС-ууд 6-7 давхар номын өргөөтэй боллоо. АН-ын засаглалын үед “НАМ”-ын биш “НОМ”-ын орднууд сүндэрлэн босож байгаа сайн үйлсийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургууль 78, шинээр 116 цэцэрлэг ашиглалтанд орж, физик, химийн 500 гаруй лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон байна.

Өрх гэрийн чинээлэг оршихуй бол Ардчилсан Намын тулгуур үнэт зүйлсийн нэг. Нэг хүнд ногдох ДНБ 2010 онд 3.5 сая төгрөг байсан бол 2015 онд 7.4 сая төгрөг болж нэмэгдсэн байна. 1990 оноос өмнөх жилүүдэд 27 сая толгойгоос илүү гарч байгаагүй малын тоо 2015 оны эцэст 60 сая толгойд хүрэх төлөвтэй байна. 1940-1990 оны хоорондох 50 жилд Монгол Улсын эдийн засаг 10,4 дахин өссөн бол Ардчилсан хувьсгалаас хойшхи 25 жилийн хугацаанд 76 дахин өссөн байна.

Үндэсний 1084 үйлдвэрт олгосон Чингис бондын зээл ойрын 2-3 жилд үр дүнгээ өгч импортыг орлож, экспортыг нэмэгдүүлж эдийн засгийг сэргээх суурь үндэсийг тавилаа.

Эргэн төлөгдөх, эдийн засгийн үр ашгаа өгөх Чингис бондын хөрөнгө оруулалтын ажлууд нь өмнөх засгийн үед тараасан 21 мянган төгрөгийн бодлогоос илүү алсыг харсан ажил болж, эрчим хүчний үйлдвэрлэлийг анх удаа 173 мвт буюу 25 хувиар өргөтгөж, 8 хувийн зээлээр 75 мянган өрх шинээр орон сууцтай болж, 7 аймаг, олон арван сумыг холбосон 2655 км засмал зам баригдаж, аймгийн төв, нийслэлд гудамж төсөл хэрэгжсэн.

Монгол хүнээ ажилтай, орлоготой байлгахын төлөө төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хүртэл чармайж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээний шинэ хандлага бий боллоо. Сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ 3 дахин, зэсийн үнэ 30 хувиар унаж улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж, өрх гэрийн чинээлэг оршихуйг хангах Ардчилсан намын тулгуур үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсгэж байгаа ч уул уурхайгаас хараат бус эдийн засгийг хөгжүүлэх талаар Ардчилсан намаас хийж хэрэгжүүлсэн ажлууд ойрын жилүүдэд үр дүнгээ өгч эхэлнэ.

Төрийн хязгаарлагдмал оролцоо. Бизнесийн үйл ажиллагаанд төрөөс оролцох оролцоог хязгаарлаж 140 гаруй тусгай зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож тодорхой ахиц дэвшил гарч байна. Төрийн үйлчилгээг түгжрэлгүй шуурхай болгох ТҮЦ машин ажиллуулж эхэлсэн нь олон үйлчилгээг цахимаар дараалал, хүнд сурталгүй авах боломжийг бүрдүүлсэн байна. УИХ-ын гишүүд тойрогтоо тэрбум төгрөг хувиарлуулдаг байсан тогтолцоог халж, орон нутгийн хөгжлийн санг жил бүр 250 гаруй тэрбум төгрөгөөр дэмждэг боллоо. Иргэдийн саналаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг шийдвэрлэдэг болсоноор сум, багийн өнгө зүс мэдэгдэхүйц сайжирлаа. Цаашид төрийн байгууллагын чадавхийг сайжруулах, төрийн албан хаагчийг улс төрөөс ангид байлгах, төрийн албан хаагчийг томилох шалгуурыг тодорхой болгох, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар иргэдийн санал шүүмжлэлийг тусгасан өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлага бий болж байна.

Төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний, нээлттэй нийгэм бүрдүүлэх Ардчилсан намын тулгуур үнэт зүйлийн хүрээнд 2014 оноос Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр анх удаа төсвийн зарцуулалт иргэдэд ил тод болж, Монгол төрийн түүхэнд томоохон дэвшил гарлаа. Ардчилсан Намын санал санаачилгаар төрийн байгууллагаас гарч байгаа шийдвэрүүд олон нийтэд нээлттэй байх эрх зүйн тогтолцоо бий боллоо. Цаашид Шилэн дансны хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, төрийн үйл ажиллагаа иргэдийн өмнө нээлттэй ил тод байх бололцоог баталгаажуулах нь Ардчилсан намын тулгуур үнэт зүйл байх болно.

Чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл бол Ардчилсан намын тулгуур үнэт зүйлийн нэг. Үндэсний эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.

Монгол улсын эрх чөлөөт иргэд ээ,

Ард түмнийхээ санал, шүүмжлэлийг хүлээн авч, хуулийг хэрэгжүүлж, ёс зүйг эрхэмлэж, улс орны хөгжил дэвшил, иргэдийнхээ чинээлэг амьдралын төлөө хариуцлага үүрч ажиллах нь Ардчилсан намын үүрэг гэж үзэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Ямааны махтай Энэтхэг карри

Амралтын өдрүүдээр гэрийнхнээ тойруулж байгаад амттай хоол хийж өгөхийг хүсдэг ч өнөөх л хийдэг хэдэн жорноос өөр хоол санаа орж ирэхгүй байх үе тохиодог уу. Тэгвэл таны жорны жагсаалтад нэгэн шинэ хоол нэмье.

Энэтхэгчүүд XVI зууны үеэс корма хэмээх халуун ногоогүй өтгөн соусыг бэлтгэдэг болсон. Энэ соусыг одоо ч яг л эрт үеийнхээ жороор хийдэг байна. Корма соусын гол орц нь йогурт буюу тараг юм. Таргийг зөөлөн гал дээр гашилгахгүйн тулд тасралтгүй хутган халааж, дээр нь махны шөл, нунтагласан самар, үрсэн кокос болон амтлагчууд нэмдэг.

Энэ соусыг олон төрлийн хоолонд хэрэглэдэг аж. Ингээд ямааны махтай энэтхэг маягийн карриг хэрхэн хийхийг сонирхуулъя.

Орц:

Ямааны цул мах-600 гр

Үрлэн гич-нэг цайны халбага

Цагаан гааны үндэс-20гр

Сармис-хоёр хумс

Бөөрөнхий сонгино-гурван ширхэг

Нимбэг-нэг ширхэг

Кинза, укроп-амтлахаар

Хатаасан кокос-нэг х/х

Карри-хоёр х/х

Давс, перец-амтлахаар

Ямааны махтай карриг хийхдээ эхлээд махаа том хэрчээд хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурна. Шарсан махан дээрээ цагаан гаа, сармис, гич, карри, кокос нимбэгний шүүс нэмээд зөөлөн гал дээр 40 минут орчим жигнэнэ.

Махаа болохоос 20 минутын өмнө том хэрчсэн сонгино, самар, давс, чинжүүгээрээ амтлаарай. Бүх хольцоо сайтар хутгаад болтол нь жигнэнэ. Бэлэн болсон хоолоо кинза, укропоор чимэглээд будаатай өгч болно. Будаатай олговол илүү өег байна.

Төмс, брокколитой зутан шөл

Орц:

(2-3 хүний порц):

500 гр брокколи

бульон шөл-нэг ширхэг

2-3 ширхэг төмс

2-3 цайны халбага цардуул

сүүн крем (цөцгий) зөөхий

давс (амталгаагаараа)

Брокколигоо бульонтойгоо хамт нэг литр орчим усанд чанана. Брокколи зөөлрөөд ирмэгц нь бутлагчаар зутан болтол нь эргүүлнэ. Ингээд сүүн крем, цөцгий эсвэл зөөхийгөөр амтлаад хүсвэл давс нэмж хийнэ.

Энэхүү шөл нь үл ялиг шингэн байх болно. Иймд шөлөө өтгөрүүлэхийн тулд бага хэмжээний хүйтэн усанд зуурсан цардуулаар өтгөрүүлж 1-2 минут үргэлжлүүлж чанана.

Төмсөө тусад нь жижигхэн хэрчиж чанаад зутан шөлтэйгөө хамт таваглана. Өөрийн дуртай ямар ч ногоогоор зутан шөлөө баяжуулж болно шүү.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хавар, газар шорооны үнэртэй “Митягийн хайр”

Митя бол Оросын жирийн нэгэн тариачны хүү. Өсвөр насны хөвгүүд ямар л замыг туулдаг тэр жишгээр яваа нэгэн. Харин Москвад оюутан болж ирээд Катятай учирчээ. Катя урлагийн сургуулийн оюутан. Нүүрэмгий, урт шулуун хар үс, жижгэвтэр бие нь яг л хятад эмэгтэйг санагдуулам аж. Гэлээ ч Митяг өөртөө дурлуулах ямар нэгэн шид бий. Митяд ч мөн Катягийн анхаарлыг татах онцгой чанар бий. Гал халуун дурлалын эхэн үедээ тэд хорвоо ертөнцийн бүхий л дурлалт хосуудын нэгэн адил мансууртлаа үнсэлцэн цагийг зугаатай өнгөрөөнө. Гэвч яваандаа тэдний харилцаа нэг л биш болоод байлаа. Урлагийн сургуулийн Катя жүжигчний уран чадвараа хөгжүүлэхийн тулд шөнө өдөргүй бэлтгэл хийдэг боллоо. Бэлтгэл сургуулилтыг нь сургуулийн захирал удирдан явуулна. Гэтэл сургуулийн захирал ариун шударга хүн биш, жил болгон зуны амралтаараа нэг гэнэн цайлган охиныг маанагтуулж байгаад гадаад дотоодгүй сэлгүүцэн зугаацаж өвөртөө оруулдаг зуршилтай нэгэн аж. Үүнийг нь олон хүн мэдэх боловч ганц Катя л мэддэггүй юм шиг. Эсвэл мэддэг мөртлөө албаар тэр эрхэмд найланхай хандаад байгаа юм биш биз гэсэн хар Митягийн зүрх сэтэлийг бүр самууруулж гүйцжээ. Митя угаас жүжигчдэд дургүй, хуурамч хөнгөн хуумгай улс хэмээн үл итгэнэ. Харин Катя бол ирээдүйд сайн жүжигчин болно гэдэгтээ итгэдэг урлагт үнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Ийм зөрчил тэдний дунд хэдэн сар үргэлжилсний дараа хэн хэн нь бүр сульдаж гүйцнэ. Нэгэн өдөр Митя хөдөө тосгон руугаа буцахаар шийдсэнээ Катяд дуулгахад Катя жигтэйхэн их уйлан харуусна.

Түүнийг гаргаж өгөхөөр галт тэрэгний буудал дээр ирсэн Катя өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй, дур булаам болсон мэт санагдана. Хагацал бүхэн ийм харамсалтай, зүрх шимшрэм байдаг билээ. Галт тэрэг уухилан довтлох үед Митя ухасхийн өөдөөс нь сарвайсан Катягийн бээлийд л өрөөсөн хацраа нааж амжив. Галт тэрэг цасан хөндий рүү уухилан довтолсоор, хүрэмнийхээ хормойноос тас зууран хөшсөн Катя манан будан хөшилдсөн хөндийн жаварт залгиулчихна.

Митяг нутагтаа ирэхэд хаврын урь дөнгөж орж эхэлж байлаа. Катягийнхаа бээлийнд хүрсэн хацраа илэхүй түүнийх нь үнэр үнэртэх шиг болно. Өдөр өдрөөр цэцэглэн дэлгэрч буй хаврыг угтан авч, хайртай хүнээ үгүйлэн санана гэдэг хичнээн сайхан. (Ер нь яагаад ч юм энэхүү туужийг хаврын хайлган цагаар уншвал илүү тааламжтай санагдана).

…Катягаас захидал иржээ. Митя түүнийг шүүрэн авч тариан талбайгаа хөндлөн гулд туулан ойн захад хүрч задалбал, маш товчхон “Чи минь, хонгорхон Митя минь. Чамайгаа маш ихээр үгүйлж байна. Чи минь минийх шүү…” гэжээ. Митя тэр дор нь хариу бичээд Катя руу илгээчихээд хэдэн хоног жаргалтай алхав. Гэвч Катягаас хариу ирэхгүй л байсаар. Митя Катяг бичиг цаас гэхээсээ илүү жүжиг тайз гэх хүн гэж бодох тусам гомдох аж.

Энэ үед Митягийн хайртай Сонька хэмээх тосгоны тариачин охин гарч ирнэ. Митягийн ганцаардан шаналсан сэтгэлийг Сонька нүүрэмгий, хөгжилтэй зангаараа тайтгаруулна.

Иван Алексеевич Бунины чансаатай бүтээлүүдийн нэг нь яах аргагүй “Митягийн хайр” хэмээх бэсрэгхэн тууж мөн болохыг утга зохиолын судлаач, шүүмжлэгчид дуу нэгтэйгээр батлан хэлдэг. И.А.Бунин хүний дотоод сэтгэл, язгуур чанарыг байгаль, цаг уур, гайхамшигт үзэгдлүүдээр сүлэн уран яруу, утга төгс, уянгатай бичиж чаддаг зохиолч байжээ.

Митя, тосгоны тариачин охин Сонька болоод жүжигчин болох мөрөөдөлтэй Катя хоёрын хэнийг нь сонгож үйл явдал цааш хэрхэн өрнөхийг “Митягийн хайр” номоос Эрхэм уншигч та мэдэх биз ээ.

Нобелийн шагналт, Оросын гайхамшигт зохиолч Иван Алексеевич Бунины энэхүү зохиол дөрвөн өгүүллэгийнх нь хамт 2010 онд хэвлэгдсэн юм.

Г.ЛХАГВАДОРЖ