Categories
мэдээ улс-төр

Г.Уянга шинээр улс төрийн нам байгуулах хүсэлт гаргасан уу

Энэ удаагийн парламентад бие дааж сонгогдсон гишүүд нам байгуулж ирэх сонгуульд бэлтгэж буйгаараа онцлог байна. Тухайлбал Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН-ын ард Г.Ганбаатар байгаа нь тодорхой болоод буй. Тэрээр үүнийгээ ч улаан цагаан үгүйсгэхгүй байгаа. Мөн түүнийг энэхүү намаа ашиглаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэлцэж буй.

Харин УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж парламентад сонгогдсон Г.Уянга өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхэд шинээр нам байгуулах хүсэлт гаргасан ч түүний намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан гэсэн мэдээлэл байна. МҮАН-ын гишүүн тэрээр сүүлийн үед эвсэж буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Албан тушаал наймаалцахаас өөр ажил хийдэггүй” гэж хатуухан шүүмжлэх болсон билээ. Түүний ийнхүү зоригтой дуугарах болсон шалтгаан нь өөрийн гэсэн улс төрийн нам байгуулж, туурга тусгаарлахаас шийдсэнтэй нь холбоотой бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Т.Мэндсайхан: Иргэд гомдоллоогүй байхад 11.3 тэрбум төгрөг зарцуулж аймаг бүрт шүүх байгуулах нь өгөөжгүй

-ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГАНЦ БАЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦСЭН АТЛАА ДАГНАСАН ШҮҮХ БУРУУ ГЭСЭН НЬ ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨРЧИЛДӨЖ БАЙГААГ ХАРУУЛДАГ-

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргасныг УИХ хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол шүүхэд ямар нөхцөл, байдал үүсэх вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа зогсч, шүүн таслах ажиллагаанд саад учирна гэж байхгүй. Нийслэлийн гурван дүүргийн дунд байгаа шүүх дүүрэг, дүүрэг дээрээ оччих байх. Харин аймгуудын хувьд нэлээд хүндрэлтэй нөхцөл үүснэ. Аймаг бүрт шүүх байгуулна, түүнийг дагаад шүүгч, шүүхийн тамгын газар хэрэгтэй. Давж заалдах шатны шүүхэд гэхэд 98 шүүгчийн орон тоо бий болно. Түүнийг дагаад шүүгчийн туслах, нарийн бичиг, тамгын газар, байр гээд зардал их гарна. Хамгийн багадаа 11.3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Ирэх оны төсөвт энэ хэмжээний мөнгө суугаагүй. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндоржийн ярьснаар “Монгол Улсын асуудал” болчихлоо. УИХ Монгол Улсын асуудлаа зөв шийднэ гэж найдаж байна.

-Одоо байгаа бүтцээр ажиллахаар шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа юм уу. Иргэдээс гомдол ирсэн үү?

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс шинэ бүтэцтэй болж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт заасан алдаа дутагдлаа зассан шүү дээ. Тухайлбал, шүүх иргэдээс холдсон байна гэдэг шийдвэрийг Цэц гаргасан. Энэ дагуу давж заалдах шатны шүүгчид өөрсдөө очоод асуудлыг нь шийддэг болсон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн давж заалдах гомдол гаргавал Өлгийд байгаа шүүхдээ л гаргана. Шүүхээс нь Ховд аймагт байгаа давж заалдах шатны шүүх рүү гомдлыг нь явуулна. Ховдоос шүүгчид өөрсдөө явж очоод хэрэг маргааныг нь шийдчихнэ. Шүүх өөрөө иргэндээ явж очдог болсон гэсэн үг. Харин ч иргэдэд сонголт байдаг болсон. Баян-Өлгийд давж заалдах хуралдаанаар хэргээ шийдүүлэхгүй гэвэл өөрсдөө Ховдод очих боломж бас бий гэсэн үг. Иргэдэд ямар ч хүндрэл байхгүй. Долдугаар сарын 1-нээс өмнө шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэхэд хүндрэлтэй, хол байна гэдэг гомдол ирж байсан. Харин шинэ бүтцээр ажиллаж эхэлснээс хойш ямар ч гомдол ирээгүй. Шүүхээр үйлчлүүлэгчид гомдол гаргаагүй байхад 11.3 тэрбум төгрөг зарцуулж аймаг бүрт шүүх байгуулах нь өгөөжгүй. Шүүхийн жилийн төсөв 48.9 тэрбум төгрөг. Шүүхийн жилийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэнэ гээд тооцохоор маш их зардал шүү дээ.

-Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тухайн аймагт нь өөрсдөө очоод хэрэг маргааныг шийддэг гэлээ. Шүүх нүүдэллэн ажиллахад хэр хэмжээний зардал гарч байна вэ?

-Бүтэн жилийн хугацаанд 280 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд тун боломжийн хувилбар.

-Шүүгчдийн ачаалал нийслэл, хүн ам ихээр төвлөрсөн газарт их байдаг. Эсрэгээрээ орон нутагт цөөн хэрэг шийдвэрлэдэг гэсэн. Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар энэ эсрэг байдал бүр ихэснэ биз?

-Давж заалдах шатны зарим шүүх жилд 10-20 хэрэг шийдэх тохиолдол өмнө байсан. Нэг аймагт жилд арван хэрэг шийдээд суухаар шүүгчид зэвэрнэ. Шүүх эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай, ачаалалтай байх ёстой. Авч байгаа цалингийн хувьд ч эдийн засгийн үр өгөөж шаардахаас аргагүй. Татвар төлөгчдийн мөнгийг тэнд ажилгүй шахам суух шүүгчид зориулж болохгүй.

-Шүүхийн шинэтгэлээр дагнасан шүүхэд мэргэшсэн шүүх ажиллах ёстой гэсэн. Шүүхэд дахиад бүтцийн өөрчлөлт хийвэл энэ байдал өөрчлөгдөх үү?

-Дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчтэй байх нь иргэдэд маш чухал. Тиймээс энэ бодлогыг өөрчилж болохгүй. Харин аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар болбол ямар хувилбарыг сонгох вэ гэдэг нь гол асуудал болчихоод байна. Төсөвт мөнгө байгаа гэж үзвэл аймаг бүрт давж заалдах шатны дагнасан шүүхээ байгуулаад явах л байх.

-Багахангай дүүрэг шүүхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Багахангайн иргэнээс заавал дүүрэгтээ хэрэг, маргаанаа шийдүүлмээр байна гэдэг санал гарсан уу?

-Багахангай дүүрэгт 3000 орчим иргэд оршин суудаг. Иргэдээс гомдол санал гарахгүй байгаа. Тэнд гардаг хэрэг маргаан нь ч цөөн. Багахангайд шүүх байгуулбал дор хаяж 980 сая төгрөг шаардлагатай.

-Үндсэн хуульд засаг захиргааны нэгжээ дагуулж шүүх байгуулах тухай заалт яах аргагүй байгаа. Үүнийг өөрөөр тайлбарлах, хүлээж авах боломж бий болов уу?

-Үндсэн хууль дахь үг нэг бүрийг харалгүй л яахав. Нөгөө талд Үндсэн хуулийг тайлбарлах олон арга ч бий. Үг үсгийн тайлбараас гадна утга санаа, зорилго нь юунд байгаа, бусад зүйл заалттайгаа уялдаж байгаа эсэхийг харах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэц утга, зорилгоосоо илүү үгчилсэн тайлбарыг бариад байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн шүүх байна гэдгийг аймаг бүрт шүүх байна гэж тайлбарлах жишээтэй. Өнөөдөр анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шүүх байна. Иргэд ч шүүхээс энэ дагуу үйлчилгээгээ авч л байна. Ямар нэгэн хүндрэл гарахгүй байгаа.

-Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш Цэц дээр хоёр дахь удаагаа уналаа. Ингэсээр байгаад шинэтгэл шинэтгэл биш болох юм биш биз?

-Шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн, хууль баталсан хүмүүс одоо ч бодлого тодорхойлж байгаа учраас шинэтгэл ухарна гэж бодохгүй байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа олон улстөрч илэрхийлсэн. Ер нь Цэц ямар учраас шүүхийн шинэтгэлийн эсрэг шийдвэр гаргаад байна вэ?

-Цэц Үндсэн хуулийг манах, үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Цэцийн гишүүдийн ажилладаг, асуудалд ханддаг арга барил өөр, өөр байдаг байх. Миний бодлоор Цэцийн гишүүд үгчилсэн тайлбарыг чухалчлаад агуулгыг нь харахгүй байна. Үндсэн хууль баталснаас хойш нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээ өөрчлөгдсөн. Нийгмийн шаардлагатай уялдуулаад хуулиа тайлбарлаад явдаг жишиг бусад улсад ч бий. Энэ талаас нь хараад одоо байгаа шүүхийн шинэтгэлийг дэмжих гарц Цэцэд байгаа гэж хардаг. Монгол Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны шүүх ганцхан Улаанбаатарт байдаг. Үүнийг Цэц хууль зөрчсөн гэж үзээгүй. Тэгсэн атлаа дагнасан шүүхийн тогтолцоог хүлээж авахгүй байх жишээтэй. Тэгэхээр Цэцийн шийдвэрүүд хоорондоо зөрчилдөөд байгаа хэрэг.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж байна. Шинэ төсөлд шүүхийн бүтэцтэй холбоотой заалт орж байгаа болов уу?

-Шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давах, хяналтын шат гэдгээр оруулаад аймаг, нийслэл гэдгийг болих санал орж байгаа болов уу. Аймаг, нийслэл гэхийн оронд орон нутгийн шүүхтэй байх зохицуулалт орох байх. Тэгвэл аймаг бүрт шүүхтэй байх тухай ойлголт өөрчлөгдөнө гэсэн үг.

-Шүүгчийг парламентаасаа сонгодог байх хувилбар бас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр яригдаж байгаа. Ингэснээр шүүх хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус байх боломж бүрдэх болов уу?

-Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч санал болгоод УИХ баталдаг болох тухай хувилбар яригдаж байгаа. УИХ-ын оролцоог нэмснээр улс төрөөс хараат байх нөхцөл бүрдэж магадгүй гэсэн эмзэглэл ч бий. Парламент улс төрөөр амьсгалдаг, улстөржсөн шийдвэр гаргах магадлал өндөртэй. Түүнд шүүх эрх мэдлийг оруулах нь зохимжгүй. Одоо байгаа тогтолцоо ихэнх улс оронд бий шүү дээ.

-Шүүхийн бүтэц ярьж хэдэн жилийг өнгөрөөлөө. Шүүхийн бүтэц өөрөө шинэтгэлийн гол асуудал биш. Шүүгчид улстөржихгүй байх нь шинэтгэлийн гол асуудал гэж ярих хуульчид байна. Шүүгчээ улстөржүүлэхгүйн тулд ямар шинэтгэл хийх ёстой юм бол?

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал нэг номерын зорилго байх ёстой. Шүүхийн бүтэц үүнд л дэмжлэг үзүүлэх ёстой. Дагнасан шүүх байгуулах нь шүүгчийн бие даасан, хараат бус, мэргэшсэн байхад л дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Бүх маргааныг нэг шүүх шийддэг байсан эрх мэдлийг задалж эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх болгож задалсан нь бие даасан, хараат бус байдалд дэмжлэг үзүүлж байгаа юм. Эрүүгийн хэргээр дагнасан шүүгч илүү мэргэшсэн шийдвэр гаргана. Үүнээс гадна шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байх боломжийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд шүүгчийг насаар нь томилох асуудлыг дэмждэг. Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсноос хойш хүн бүр шүүгчтэй уулзах, нөлөөлөхийг завддаг байдал зогссон.

Шүүхийн дотоод бус хараат байдлыг хангахын тулд ч багагүй ажил хийж байгаа. Дээд шүүх доод шатны шүүхээ командалдаг байдлыг шинэтгэлээр халсан. Үүнийг илүү төгөлдөржүүлэх шаардлага ч байгаа.

-Эрүү, иргэн, захиргааны гэж шүүгчдийг мэргэшүүлж байгаа гэлээ. Гэтэл эрүүгийн хэрэгт гэхэд эдийн засгийн мэдлэг өндөр байх, иргэнийх дээр татвараар мэргэших зэрэг шаардлага гарч ирж байна.

-Эхний шатанд дагнасан шүүгчийг мэргэшүүлье. Дараа нь тодорхой чиглэлээр дагнасан танхимыг шүүхэд байгуулж болох талтай. Иргэний шүүх дээр гэхэд гэр бүлийн, захиргааны шүүх дээр татварын маргаанаар дагнасан танхим байгуулах жишээтэй.

Categories
мэдээ цаг-үе

Зүрхний төрөлхийн гажиг 2-8 долоо хоногтой урагт үүсдэг

ЭХЭМҮТ-ийн зүрх, судасны тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Т.Болормаатай ярилцлаа. Тэрбээр “Зүрхний төрөлхийн гажгийн катетерийн эмчилгээ, зүрх-ний хөндийн өөрчлөлтийн загвар” сэдвээр оны залуу эрдэмтний шагнал хүрт-сэн билээ. Энэ сэдвээр түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө оны шилдэг залуу эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Өнөөдөр зүрхний өвчлөл, зүрхний гажиг өвчин манай оронд болон дэлхийн түвшинд ямар байна вэ?

-Баярлалаа. Монголд зүрхний төрөлхийн гажиг оношлогоо сайжирсантай холбоотой тохиолдлын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр гарч байгаа. ЭХЭМҮТ дээр 2012 онд хийсэн судалгаагаар нэг жилийн хугацаанд төрөлхийн гажиг 2.4 хувьтай байна. Өөрөөр хэлбэл зуун хүүхдийн дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байна. Дэлхий дахинд буюу АНУ зэрэг хөгжилтэй орнуудад мянган хүүхдийн дунд найм тохиолддог. Гэхдээ энэ нь дөнгөж төрсний дараа хийсэн судалгаа учраас аяндаа өөрөө эдгэрдэг цоорхой ч энэ тоо баримтад орж байгаа. Нийт хүүхдийн дундах зүрхний гажгийн тоо манай оронд яльгүй их байгаа гэж ойлгож болно.

-Энэ үзүүлэлт зөвхөн төрөлхийн гажгийг илэрхийлж байна уу. Нийт зүрхний гажиг нь ийм үзүүлэлттэй байв уу?

-Зөвхөн төрөлхийн зүрхний гажгийг илэрхийлж байгаа.

-Хүүхэд яагаад зүрхний гажигтай болдог юм. Зүрхний гажиг гэж юу юм. Та үүнийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Ургийн зүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо бүтцийнхээ хувьд хэвийн бүрэлдэн тогтдог. Энэ нь 0.5-2 сартай жирэмсний хугацаа. Тэгэхээр хоёр сартай жирэмсэн эхийн ураг нь бүтцийнхээ хувьд бүрэн бүрэлдэж, эхлэл нь тавигдсан байдаг. Эхлэл нь зөв тавигдсанаар цаашдаа ургийн зүрх хэвийн болж өсч бүрэлддэг. Энэ хооронд ямар нэгэн гадны гаж нөлөөлөл үүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг. Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаалж зүрхний цоорхойтой хүүхэд гарах уу, судасны нарийсалтай юу, хүнд хөнгөн гажгийн аль нь байх вэ гэдэг нь тогтоогддог.

-Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаална гэхээр жирэмсний долоо хоногийг хэлж байна уу?

-2-8 долоо хоногтойд өдөр өдрөөр, цаг цагаар зүрхний уут хуваагдаж дөрвөн хөндийнх нь эхлэл тавигдаж гол судаснууд нь салбарлаж, эргэлт хийдэг. Ургийн анатомийн бүтцийн хөгжил явагддаг. Энэ хөгжлийнх нь аль шатанд гадны нөлөөлөл орсноос шалтгаалж гажиг үүсдэг гэсэн үг.

-0.5 сартай урагт зүрхний гажгийн үүсэл тавигддаг гэхээр их эрт юм. Эхчүүд үүнийг мэдэхгүйгээсээ элдэв эм тариа хэрэглэж алдах нь их байдаг уу?

-Жирэмсэн эмэгтэй 0.5 сартай үедээ өөрийгөө жирэмсэн эсэхээ ч сайн мэддэггүй. Хоёр сартай гэхэд оношлогдчихсон байдаг. Тийм тохиолдол их гарна.

-Юунаас шалтгаалж ургийн зүрх гэмтдэг юм бол?

-Гадны гаж нөлөө гэхээр сүүлийн үеийн судалгаагаар нэгдүгээрт вирусийн халдвар орж байгаа. Вирусийн халдвар дотроо улаануудын вирус, парагриф, коксакивирус гээд олон төрлийн вирусийн халдвар ургийн зүрхийг гэмтээх магадлалтай. Жирэмсэн эмэгтэй хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч гэсэн цусаар нь явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээж байдаг. Хоёрдугаарт ажлын хортой нөхцөл, будагч бодисууд, химийн хортой бодисуудтай ажилладаг бол. Дараагаар нь архи, тамхины хэрэглээ хорт зуршлууд, эмийн бодисууд тэр дундаа сэтгэцэд нөлөөлдөг эмүүд, нойрны эмүүд ургийн гажиг үүсгэдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна удмын шалтгаан байдаг.

-Ямар ямар төрлийн зүрхний гажиг байна. Манайд тэдгээрээс аль нь зонхилон тохиолддог вэ?

-Зүрхний гажиг маш олон янз. Төрөлхийн гажиг нь дотроо цагаан гажиг, хөх гажиг гэж ангилагддаг. Цагаан гажигтай хүүхэд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг нь ховор. Хөх гажигтай хүүхдийн уруул, гар хөлийн хумсны толио, гарын үзүүр, хэлний үзүүр хөхөрчихсөн, амьсгаадчихсан байдаг. Манайд аль аль нь л тохиолддог.Зүрхний цоорхой дотроо тосгуур хоорондын таславчийн цоорхой, ховдол хоорондын таславчийн цоорхой хамгийн элбэг тохиолддог. Хөх гажгаас паллогийн дөрвөл, гол судасны солигдсон байрлал арай элбэг тохиолддог.Зарим хөх гажиг төрөнгүүтээ илэрдэг бол цагаан гажиг арай хожуу оношлогдож байна. Төрснийхөө дараа шинж тэмдэг нь илрэхгүй бүдэг байж болдог. Аль болохоор эрт зүрхний эмчид хандаж, эхо, шинжилгээгээр оношлуулах хэрэгтэй. Эрт оношилсноороо гажгийн хүндрэлээс сэргийлж, бүрэн эмчлэх боломжтой болдог.

-Манайд энэ өвчнийг эмчлэх судалгаа, эмчилгээ хэр байдаг бол. Аль шатных нь гажгийг эмчилж чадах вэ?

-Бид ЭХЭМҮТ дээр 2011-2012 онд 12 мянган нярайд судалгаа хийсэн. Нэг төв дээр суурилсан судалгаагаараа гажиг хэдэн хувь байна гэдгийг гаргасан. Эмчилгээний хувьд зөвхөн хөнгөн хэлбэрийн гажгийг эмчлэх боломжтой байна. Хавсарсан хөх гажиг, олон үе шаттай хагалгаа шаардлагатай гажгийг эмчлэх хүндрэлтэй. Энэ нь багаж тоног төхөөрөмж, нарийн мэргэшсэн эмч мэргэжилтэн дутмаг байдагтай холбоотой.

-Оны шилдэг залуу эрдэмтний шагнал авсан таны эрдмийн ажил аль шатны судалгаан дээр суурилсан бэ. Ер нь катетерийн эмчилгээ гэж юу юм. Өөрийнхөө судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй яриач?

-Миний хувьд ЭХЭМҮТ-д 19 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би ураг байх үед нь зүрхний гажгийг оношлох судалгааг хийгээд дууслаа. Үүнийхээ хүрээнд ургийн зүрхний гажгийн эхо шинжилгээний кабинетийг ЭХЭМҮТ дээр үүсгэн байгуулсан. Одоо гурван сар болж байна. Бид жилийн хугацаанд зуу гаруй хүүхдийг хэвлийд байхад нь гажгийг нь оношилж цаашдын эмчилгээг шийдлээ. Урагт нь оношлох нь ямар ач холбогдолтой гэхээр хүүхдийг төрөх үед нярайд үзүүлэх бүх тусламж нь бэлэн байдаг. Зүрхний эмч дуудахад бэлэн, тусламжийн чанар сайжирна. Зарим гажгийг эхийн хэвлийд байхад хэм алдагдалтыг эмийн эмчилгээгээр эмчлэх, нарийн мэргэжлийн эмч нар хянах, гурав дахь шатлалын эмнэлэг дээр төрүүлэх зэргээр ураг үеийн оношлогоогоор шийддэг ач холбогдолтой. Дараагийн миний судалгаа бол катетерийн эмчилгээний талаарх судалгаа байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй 2014 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр катетерийн лаборатори байгуулсан. Мэргэжлийн багаа бэлтгээд катетер-ангеографийн лабораторийн үйл ажиллагааг өдөр тутмын ажилтайгаа уялдуулан нэлээд ажлыг хийж, үр дүнгээ хүлээгээд байгаа. Катетерийн эмчилгээ гэдэг нь хагалгаагүйгээр буюу судсан дотуурх аргаар гажгийг эмчлэхийг хэлж байгаа юм. Нийт зүрхний гажгийн 24 хувийг катетерээр эмчлэх боломжтой. Ийм эмчилгээг энэ онд 59 хүүхдэд, 2014 онд 30 гаруй хүүхдэд хийсэн. Хүүхдийн катетерийн лаборатори байгуулаад жил хагасын хугацаанд 100 гаруй хүүхдэд бүрэн засах эмчилгээ зуун хувь үр дүнтэй хийгээд байна. Нийтдээ 50 орчим хүүхдэд оношлогоо хийлээ. Зүрхний нээлттэй хагалгаанд орохдоо зөвхөн катетерийн ангеографийн шинжилгээгээр судасны нарийсал болон бусад зүйлсийг бүрэн тодруулах боломжтой. Энэхүү өндөр өртөгтэй дэвшилтэт технологийн эмчилгээг хийснээр бид орчин үетэй хөл нийлүүлэн алхах нөхцөл бүрдэж байгаа юм. Аль түвшинд нь, хэдэн настайд нь энэ төрлийн эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй вэ, дараа дараагийнхаа эмчилгээ оношлогооныхоо аргачлалыг боловсруулахын тулд эмчилгээ хийлгэсэн хүүхдүүд дээрээ судалгаа хийж байна.

-Ер нь хүүхдийг хэвлийдээ байхад хэдэн сартайгаас нь зүрхний гажгийг оношлох боломжтой вэ?

-Жирэмсний 20-22 долоо хоногтойд ургийн зүрхний гажгийг оношлох боломжтой. Эрт үед нь оношилсноор жирэмсний хугацаанд юуг анхаарах, төрөх үед нь юуг анхаарах, төрөх өрөөнд нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг хэрхэн бэлдэх, хаана төрүүлэх зэрэг олон асуудлууд эндээс урган гарна.

-Катетерийн эмчилгээг хийснээр тухайн хүүхэд бүрэн эмчлэгдэх үү?

-Зуун хувь бүрэн эмчлэгдэх боломжтой. Гуурсаа оруулаад буцаагаад авчихдаг учраас ямар ч шарх сорви үлддэггүй. Түүнчлэн 2-3 хоногийн хугацаанд өвдөлтгүй хурдан эмчлэх боломжтой байдаг.

Categories
мэдээ цаг-үе

“Киви” хамтлагийн ахлагч Ука: ханьдаа хэлэх гэсэн үг болгоноо “Зүрхэн тэмдэг” дуундаа шигтгэж өгсөн

“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука бие даасан хоёр дахь цомгоо танилцуулав. Түүний анхны цомог “I am Love” нэртэйгээр сонсогчдын хүртээл болж байсан билээ. Тэрээр шинэ цомгоо “11.06” хэмээн өөрийн төрсөн өдрөөрөө нэрлэсэн байна. Ука амаржсанаасаа хойш төдийлөн хэвлэлээр ярилцлага өгөөгүй бөгөөд энэ удаа уран бүтээлийн болон хувийн амьдралынхаа талаар сонирхолтой яриа дэлгэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Шинэ цомгийнхоо талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу. Цомгийн баяртаа зориулж тоглолт хийнэ гэж сонссон?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хоёр дахь бие даасан цомог “11.06” бэлэн болоод байна. Шинэ цомгоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Шинэ цомгийн баяр өнөөдөр “Marquee 27 club”-т 20:00 цагаас болно. Багахан хэмжээний тоглолтод маань “Киви” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийн Амараа болон дуучин Наагий, Оки, Цэрэн нар оролцох болно.

-Цомогт ямар хэмнэл, өнгө аястай дуунууд багтсан бол?

-Шинэ цомогт маань “Мөрөөдөл бид хоёр”, “Амжиж хөтөлье гараас чинь” зэрэг зургаан дуу орсон байгаа. Ерөнхийдөө гэгээлэг дуунууд бий. Гэрэл гэгээ, аз жаргалыг тусгахыг зорьсон. Учир нь хүн бүхний өдөр тутмын амьдралд их бага хэмжээгээр ямагт азтай, жаргалтай, баяр баясалтай үйл явдал тохиож байдаг шүү дээ. Харин хэмнэл, дуугаралтын хувьд орчин үеийн, арай шинэлэг байх болно.

-Ихэнх дуу клиптэй болчихсон уу?

-“Амжиж хөтөлье гараас чинь”, “Мөрөөдөл бид хоёр”, “Зүрхэн тэмдэг” дуунуудаа клипжүүлсэн байгаа. “Эрвээхэй зангиа” студи “Мөрөөдөл бид хоёр” дууны клипийг хийсэн. Нөгөө хоёр дуугаа мөн өөр продакшнд бичүүлсэн. Тоглолтын дараа “Араас минь тэврээч” дууныхаа клипийн зурганд орохоор төлөвлөөд байна. Ер нь цомгийн бүх дуугаа клипжүүлнэ.

-Өөрийн тань дуу ихэнхдээ гал цогтой, эрч хүчийг илэрхийлсэн байдаг. Мөн романтик маягийн дуу ч цөөнгүй бий. “Араас минь тэврээч” их тачаангуй дуу болсон гэж байсан?

-Реппер Цэцэтэй хамтарч 16-гаас дээш насныханд зориулсан “Араас минь тэврээч” гэсэн “халуухан” дууг хийсэн байгаа (инээв). Та бүхэн энэхүү уран бүтээлийг сонсвол арай өөр зүйлийг мэдрэх байх гэдэгт итгэлтэй байна.

-Таны шинэ уран бүтээлээс сонсч байхад үг, хэллэгийн хувьд их донжтой санагдсан?

-Яруу найргийн өнгө аястай шүлэг байдаг л зүйл. Тиймээс репперүүдтэй хамтарч залууст арай ойр үг хэллэг хэрэглэхийг бодолцож ажилласан. Реппер Цэцэ, D.N.K буюу Danka, Тэмүүлин зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан. Хэлэх гэсэн санаагаа яг таг илэрхийлсэн үгтэй дуунууд надад таалагддаг. Би өөрийнхөө дууг ч гэсэн мөн тийм байгаасай гэж хүссэн. Харин “Ocean Grey” продакшн цомогт орсон ихэнх дууны ая дээр ажилласан байгаа. Манай “Киви” хамтлаг ч репперүүдтэй их гар нийлж ажиллаж байгаа шүү.

-Зарим уран бүтээлчдийн цомог олон дуу чихсэн, хүнд санагдах тал бий. Харин таны цомог зургаан дуутай, ерөнхийдөө цомхон санагдлаа?

-Цомгийн санаа орж ирээгүй байхад л “Амжиж хөтөлье гараас чинь” дуу маань бүтсэн байсан. Тэгсэн “Ocean Grey” студийн Ариука, Нацагаа хоёр маань “Чанартай дуутай л бол цомогт хэдэн дуу байхыг зохиогч өөрөө шийддэг” гэж надад хэлсэн. Энэ нь нэг талаараа надад урам өгсөн. Нөгөө талаараа цомог гаргах сэдэл болсон. Дээрх яриа болсны дараахан наймдугаар сараас төрсөн өдөртөө зориулсан цомгийн ажилдаа орсон доо.

-Та “Зүрхэн тэмдэг” дуугаа ханьдаа зориулж бичсэн гэсэн?

-Тийм ээ. Энэ дуу “Зөвхөн чамдаа зориулсан…” гээд эхлээд дуустлаа үнэхээр гоё үгтэй болсон дуу. Би хайртдаа зориулж хэлэхийг хүссэн бүхнээ энэ дуундаа шигтгэсэн учраас илүү дотно, гоё уран бүтээл болсон санагддаг. Дуулаад эхлэхэд л сэтгэл зүйрлэшгүй сайхан болчихдог. Зөвхөн өөрсдийн аз жаргалаас гадна ертөнц дээрх бүх хосын аз жаргалтай мөч бүхнийг дуундаа шингээхийг хүссэн дээ. Над руу хань маань залгахад миний гар утас дээр “Зүрхэн тэмдэг” дууны зураг гардаг.

-“Киви” хамтлаг ч тэр, таны бие даасан өмнөх цомог ч тэр дизайны хувьд өвөрмөц шийдэлтэй юм. Илүү чөлөөт стилийг илэрхийлсэн хувцастай?

-Энэ “десант” бол миний нөхрийн цамц /инээв/. Зураг авалтын өмнө хамтдаа дэлгүүрээр явж байгаад авсан юм. Ийм хувцас надад маш их таалагддаг. Хүүхэд байхын л ийм хувцас өмсөх дуртай байсан. Манай нөхөр бас надтай адилхан сонирхолтой ш дээ.

-“Киви” хамтлагаар уран бүтээлийн сонин юу байна?

-Хамтлаг шинэ уран бүтээлүүдээ энэ тоглолтод дуулна. Зургаан хоногийн өмнө “Киви” хамтлагийн шинэ клип хүрсэн байгаа. Ер нь уран бүтээл өндөр байгаа шүү. Шинэ жилийн захиалга ч их байна.

-Таны хувьд үрийн зулай үнэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цахим ертөнцөд хүү эсвэл охинтой болсон гэх юм…

-Хүүтэй болсон.

-Одоо хэдэн сартай вэ?

-Манай хүү энэ сарын 9-нд нэг нас хүрнэ. Хүүхэд эхийн хэвлийд байх хугацаандаа л удаан санагддаг болохоос төрсөн хойноо нүд ирмэхийн зуур л өсч, торнидог юм байна.

-Хүүдээ ямар нэр хайрласан болохыг сонирхож болох уу?

-Бид хүүдээ Сүбээдэй гэдэг нэр хайрласан. Түүхэн хүн. Баруун Еропыг эзэлж байсан маш их ухаантай, эрмэг зоригтой, урт насалсан баатар юм билээ. Энэ утгаараа хүүдээ баатрын нэр өгсөн дөө.

-Хүүдээ хэр их цаг гаргаж байна?

-Уран бүтээлч хүн болохоор тийм ч хангалттай цаг хугацааг хүүдээ өгч чадахгүй байна. Шинэ цомог гээд ажил ихтэй байгаа болохоор үдээс өмнө л хүүтэйгээ хамт байдаг.

-Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний хорвоод ирсэн утга учир гэдэг. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

-Гайхалтай сайхан байна. Өдөр болгон хүүхдээ үнсэж сэрэх шиг сайхан юм байдаггүй гэдэг яасан үнэн үг вэ. Хүүгээ харахаар хорвоогийн юм бүхэн гэрэлтэж цацраад явчихдаг. Бүсгүй хүн ээж болоод бусдыг улам ихээр хайрладаг юм байна. Энэ хүн яг л над шиг эх хүнээс төрсөн байгаа, энэ над шиг л үрээ хайрладаг…гээд л бусдыг илүү их боддог, хайрладаг болсон юм шиг санагддаг. Бас ээжийгээ, эгчийгээ, эмэгтэй дүүгээ өмнөхөөсөө илүү ойлгож, хүндэлдэг болсон.

-Хүү тань таныг их зөөлөн болгожээ?

-Ээж болсон хүн бүр над шиг их өрөвч зөөлөн болчихдог байх. Эх, үрийн элбэрэл хайрын талаар юм ярихаар хүртэл өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг болсон.

-Хүүхдээ хөхөөрөө хооллодог биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бас өөрөөрөө төрсөн гэж байгаа /инээв/.

-Ганц бие амьдралдаа цэг тавьж гэр бүл зохионо гэдэг амаргүй. Ялангуяа таны хувьд уран бүтээл, ар гэрийн ажил гээд завгүй яваа байх. Өөртөө цаг гаргаж байна уу?

-Хүүг маань хамаатны дүү нар асарч байгаа. Өглөө эрт босоод л нөхөр, хүү хоёрынхоо хоолыг хийж өгөөд, өдөр ажлаа амжуулаад л, орой хурдхан шиг л гэртээ харихыг хичээдэг болсон. Сүүлийн долоо хоног цомгийн ажил гээд хоногийн 24 цаг надад хүрэлцэхгүй байгаа юм шиг санагдаж байсан. Аль алиныг нь амжуулахын тулд бүх зүйлээ л цагийн хуваарийн дагуу хийж, цомгийнхоо ард гарлаа. Гэхдээ ар гэрийн ажлаас эхлээд миний хань маш их тусалж дэмжиж байсан. Миний амьдрал сайн сайхан байна. Эмэгтэй хүн сайн хань, сайхан үр хүүхэдтэй болоход их аз жаргалтай болдгийг одоо л биеэрээ мэдэрч байна.

-Ханиа танилцуулахгүй юу?

-Эх орондоо өөрийнхөө хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулж яваа хүн бий. Миний нөхөр ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ хайртай сайхан залуу байгаа. Уран бүтээлийг минь байнга дэмжиж, өдөр болгон намайг сайхан үгээр тэтгэдэг. Ер нь нөхөр маань намайг “сайн усалж” байгааг та нар харж байгаа биз дээ /инээв/.

-Уран бүтээлч бүсгүй амаржсанаасаа хойш амархан хэвийн хэмжээндээ ирсэн харагдлаа. Өмнө багагүй жин нэмсэн байсныг нь харж байсан. Яаж жингээ хассан бэ?

-Би төрөхийнхөө өмнө бараг 75 кг жинтэй болсон байсан. Харин амаржсаныхаа дараа сүү, гурил хоёрыг хэрэглээнээсээ хасаад л маш хурдан хугацаанд хэвийн жиндээ хүрчихсэн. Сүү, гурил хамт хүний биед ороод задрахдаа сахар болж шингэдэг гэсэн. Бас өдөрт 2-3 цаг дасгал хийдэг байсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улс төрийн намын шинэ хуулиар бол “Өдрийн сонин”-оос таван нам төрөх боломжтой” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы 2015-12-07-ны өдрийн шинэ дугаар уншигч олондоо хүрлээ. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

Сонины тэргүүн нүүрт даваа гариг бүр хүргэдэг уламжлалт “Танайд өнжье” буланг онцоллоо. Хошууч генерал Д.Отгонжаргалын өргөө хоймор зочлон ажил амьдралынх нь дурсамжит сайхан түүхийг хуучлан, хүргэж байна. Дэлгэрэнгүйг нь 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

Мөн МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширын ярилцлагыг нэгдүгээр нүүртээ онцлов. Тэрбээр ярилцлагадаа “Бондын санхүүжилтийг авахад Номтойбаярын ямар ч оролцоо байгаагүй, хэнийг ч лоббидож яваагүй, хэнд ч хүсэлт тавиагүй, ямар нэгэн шийдвэр гаргахад хэнд ч нөлөөлөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв ийм нотлох баримт хэн нэгэнд байгаа бол гаргаад тавихыг үнэхээр хүсэж байна. Аав хүү хоёрын хооронд хэн хэнийхээ ажилд оролцохгүй байх, өөрөөр хэлбэл улс төр, аж ахуйн ажил, бизнест хандах хатуу зааг ялгаа байдаг” гэжээ. Мөн “Манай монголчуудын нэг том зовлон бол аливаа асуудлыг, ямар нэгэн төслийг улс төрийн өнцгөөс харж, улстөржүүлдэг. Ингэснээр тухайн бизнесийн үйл ажиллагаа гацах, царцах, бусдын өмнө хүлээсэн итгэл найдвар хөсөрдөх байдалд хүрдэг. Эцсийн дүндээ улс орныхоо хөгжлийг сааруулахад хүргэдэг. Ийм байдал нь улс орноо гэсэн сэтгэлтэй монгол хүний хийх үйлдэл яавч биш дээ. Гаднын захиалгаар яваад байна уу гэсэн бодол ч заримдаа төрөх юм” хэмээн өгүүлэв.

Бүтээн байгуулалтын хэд хэдэн төслийг зэрэг эхлүүлээд байгаа “Монголын алт” корпорацийн ерөнхийлөгч Б.Нямтайширын ярилцлагыг нэг, 16, 17 дугаар нүүрээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүр бол нийгмийн үзэл санааны том талбар байдаг. Энэ удаа нийтлэлч Д.Оюунтуяагийн “Улс төрийн намын шинэ хуулиар бол “Өдрийн сонин”-оос таван нам төрөх боломжтой” нийтлэлд гуравдугаар нүүрт хэвлэгдлээ. “Улс төрийн намын одоогийн шинэчилсэн хувилбар нь намыг бэхжүүлэх биш улам хэврэг болгох бололтой. Улс төрийн намыг хуулиараа хүчгүй сул дорой байлгана гэдэг нам устахын эхлэл. Нам хүчгүйдэж, алга болбол орон зайд нь дарангуйлагч нар л гарч ирж, ямар нэг хүчний дарангуйллын дэглэм тогтоно. УИХ-аар одоо хэлэлцэх шатандаа явж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль зэрэг нь улс гүрнийг мөхөх сэхэхтэй холбоотой амин чухал язгуур хуулиуд юм. Энд л нарийн бодлого гарч байх ёстой…” гэж нийтлэлд бичсэн байна.

Харин “Улс төр” буланд УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. Мөн АН-ын дарга З.Энхболдын “Намынхаа бодлогын зөвлөлийг байгууллаа, одоо гишүүд эрх ашгаараа бус мэргэжлээрээ фракцална” хэмээх ярилцлагыг улс төрийн хоёр, тавдугаар нүүрээс уншаарай.

Түүнчлэн “Т.Нурмаажав: Олон сайхан бүтээлийн ард гэр бүлийнхний минь хайр, дэмжлэг бий” ярицлага, “Д.Цогт-Очир: Таамаг биш бодит мэдээг л гаргадаг болно”, “Ли Багена: Ой гарантай хүүхдээ хаяад явсан эмэгтэй хэн нэгнийг гүтгэх, доромжлох юу ч биш” зэрэг ярилцлагуудыг өнөөдрийн дугаараас уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширын ярилцлага “Өдрийн сонин”-д гарлаа

“Өдрийн сонин” маргаашийн дугаартаа МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширын ярилцлагыг хүргэж байна.

Тэрбээр ярилцлагадаа “Бондын санхүүжилтийг авахад Номтойбаярын ямар ч оролцоо байгаагүй, хэнийг ч лоббидож яваагүй, хэнд ч хүсэлт тавиагүй, ямар нэгэн шийдвэр гаргахад хэнд ч нөлөөлөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв ийм нотлох баримт хэн нэгэнд байгаа бол гаргаад тавихыг үнэхээр хүсэж байна. Аав хүү хоёрын хооронд хэн хэнийхээ ажилд оролцохгүй байх, өөрөөр хэлбэл улс төр, аж ахуйн ажил, бизнест хандах хатуу зааг ялгаа байдаг” гэжээ.

Мөн “Манай монголчуудын нэг том зовлон бол аливаа асуудлыг, ямар нэгэн төслийг улс төрийн өнцгөөс харж, улстөржүүлдэг. Ингэснээр тухайн бизнесийн үйл ажиллагаа гацах, царцах, бусдын өмнө хүлээсэн итгэл найдвар хөсөрдөх байдалд хүрдэг. Эцсийн дүндээ улс орныхоо хөгжлийг сааруулахад хүргэдэг. Ийм байдал нь улс орноо гэсэн сэтгэлтэй монгол хүний хийх үйлдэл яавч биш дээ. Гаднын захиалгаар яваад байна уу гэсэн бодол ч заримдаа төрөх юм” хэмээн өгүүлэв.

Бүтээн байгуулалтын хэд хэдэн төслийг зэрэг эхлүүлээд байгаа “Монголын алт” корпорацийн ерөнхийлөгч Б.Нямтайширын манай сонинд өгсөн энэхүү томоохон ярилцлагыг доорх зааврын дагуу захиалан авч уншиж болохыг дуулгая.

Categories
мэдээ нийгэм

“ҮНДСЭН ХУУЛЬ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

БСШУЯ-аас Үндсэн хууль батлагдсны өдрийг
тохиолдуулан цэцэрлэгийн багш нарын дундявуулах “ҮНДСЭН ХУУЛЬ БА ХҮҮХЭД
ХАМГААЛАЛ”сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлажээ. Уралдааны зорилго нь
сургуулийн өмнөх боловсролын салбарын багш нарын дунд Үндсэн хуулийг сурталчлах,
Үндсэн хууль түүнд нийцүүлсэн баталсан хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай
холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар
цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, цэцэрлэгийн багш нарыг
хүүхэдтэй эерэг арга барилаар харилцах арга зүйд сургахад оршино.12 дугаар
сарын 21-нийг хүртэл материал хүлээж авах бөгөөд шагналын сан нь 7 сая төгрөг
юм байна. Шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийг баталсаны 24 жилийн ойн өдөр
буюу 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гардуулна.

Categories
гадаад мэдээ

Обама ард түмэндээ хандаж үг хэлнэ

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
улсынхаа аюулгүй байдлын талаар ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж Цагаан
ордноос мэдээлснийг “РИА Новости” уламжилжээ. Цагаан ордны мэдээлэлд,
Ерөнхийлөгч Обама ням гарагт Цагаан ордны Зууван танхимаас ард түмэнд
хандаж Америкийн ард түмнийг хамгаалах эн тэргүүний зорилтоо
хэрэгжүүлэхэд Засгийн газрын авч буй алхмуудын талаар үг хэлнэ гэжээ.
Мөн Калифорни муж улсын Сан-Бернардино хотод үйлдсэн халдлагын талаар
шинэ мэдээлэл өгнө гэж онцлон тэмдэглэжээ.

Обама терроризмын аюулыг илүү өргөн
утгаар, тухайлбал, энэ аюулын мөн чанар, хаанаас үүдэлтэй хэрхэн устгах
талаар ярих аж. Цагаан ордны мэдээллээс үзвэл, АНУ-ын Ерөнхийлөгч “Лалын
улс бүлэглэлийг устгана гэдэгт бат итгэлтэй байгаагаа, мөн хор
хөнөөлтэй үзэл суртлаа дэлгэрүүлэхэд хүчирхийллийг ашиглаж байгаа
террорист бүлэглэлүүдийг ялахын тулд АНУ шударга ёс, тэгш эрх, эрх
чөлөөг тууштай баримтлагч үнэ цэнэдээ тулгуурлах ёстой” гэж үзэж буй аж.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын ААШТ Монголд болно

Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс зохион байгуулах эрхтэй болжээ.

Тодруулбал,
өнгөрсөн есдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби
хотноо хуралдсан Ерөнхий ассамблейн хурлаар өсвөрийн Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээн, сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион
байгуулах эрхийн төлөө Монгол, Иран, Малайз, Шри Ланк улс өрсөлдсөн.

Дээрх дөрвөн
улсаас Монгол, Иран шалгарч өсвөрийн болон сургуулиудын тивийн аваргыг
нутагтаа явуулах эрх авсан байна. Өсвөрийн шатарчдын Азийн аварга
шалгаруулах тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатар хотод
болох аж.

Categories
гадаад мэдээ

Нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний эрдэнэс олджээ

Эрдэмтэд 300 гаруй жилийн өмнө сураггүй алга болсон Испанийн тэнгисийн цэргийн “Сан Хосе” хөлөг онгоцыг олсон талаар “CNN” агентлаг мэдээлжээ. 1708 оны зургадугаар сард хөлөг онгоц Карибын тэнгист явж байхдаа Британийн флотын дайралтад өртөж, сүйрсэн аж. Өнгөрсөн сарын 25-нд Картахена хотын ойролцоогоос онгоцны сэгийг олж, шинжилгээ хийсэн байна. Хөлгийн сэгийг олсноос гадна их хэмжээний эрдэнэс олсон хэмээн тус улсын төрийн тэргүүн Хуан Мануэл Сантос мэдэгджээ. Тэрбээр “Түүхийн жинхэнэ гэрч” гэж хэлсэн байна.

Хөлөг онгоцонд ачсан эрдэнэсийг V Филипп хаанд хүргэхээр явж байсан хэмээн түүхийн эх сурвалжуудад өгүүлсэн байдаг аж. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Ойролцоогоор нэг тэрбум ам.доллартай тэмцэх хэмжээний эрдэнэс олсон” гэжээ. 2011 оны есдүгээр сараас тус улсын удирдлагууд хөлгийг хайх ажилд анхаарлаа хандуулж, тусгай баг гарган ажиллуулсан байна.