Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлалыг эсэргүүцэн өнөөдөр зарим эцэг эхийн төлөөлөл, сурагчид тайван жагсаал зохион байгууллаа. Тэд Нийслэлийн ИТХ-ын арваннэгдүгээр сарын 30 –ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулж, нээлттэй дуудлага худалдагаар зарах шийдвэрийг гаргасныг ийн эсэргүүцсэн юм. Тэд “Монголд цор ганц, тэр дундаа үнэ төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулж, хүүхдийн авьяас билгийг нээн хөгжүүлж, соён гэгээрүүлдэг уг байгууллагыг татан буулгаж, хувьчилж болохгүй, хүүхдүүдийг хаана сур гэсэн юм бэ” хэмээн эцэг, эхчүүд ийн нэгдэж санал бодлоо илэрхийлж байгаа аж. Тэд “Хүүхдийн байгууллагыг хувьчлахыг эсэргүүцэж байна”, “Хүүхдийн өмчид халдахаа зогсоо” зэрэг уриа лоозон барьсан харагдав.
Шийдвэрээ эргэн харж, цуцлах хүртэл энэ мэт жагсаал, хөдөлгөөнийг үе шаттайгаар цааш өрнүүлэх болно гэдгийг тус төвийн багш ажилчид, эцэг эхчүүдийн төлөөллүүд мэдэгдэж байлаа.