Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөө орон нутагт шатахууны үнэ хямдарчээ

Нийслэлээс алсрах тусмаа шатахууны үнэ
нэмэгддэг. Энэ нь хөдөөгийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг шүүмжлэх
хүмүүс олон. Шатахууны үнийг тогтворжуулах, хөдөө орон нутаг зарагдаж байгаа
үнийг нь бууруулахаар Засгийн газар зарим нэгэн арга хэмжээ авч байна.
Тухайлбал, Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах
зорилгоор 2015 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор
онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай
тогтоох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд баруун бүсийн аймгуудын шатахууны үнэ энэ
бямба гаригаас литр тутамд 120-260 төгрөгөөр буурчээ. Ингэснээр Баян-Өлгий, Увс
аймагт шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил түвшинд хүрч,
А-92 бензиний үнэ 1830 төгрөгөөс 1660 төгрөг болон худалдаалж эхэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагийн цэвэр усны шугам хагарч, айлуудын хашаа усанд автжээ

Нисэхийн усан сангаас Яармагийн гэр хорооллыг цэвэр усаар хангадаг шугам хоолойд гэмтэл гарчээ. Шугам хоолойд гарсан гэмтлээс болж 34, 41 дүгээр сургууль, 29, 71, 189 дүгээр цэцэрлэг, ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, зургаадугаар хорооны амбулатори, Яармагийн уурын зуух зэрэг байгууллагуудын ус доголдож, зогссон байх юм.

Нисэх Яармагт шинээр барих сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан компанийн буруутай үйлдлээс болж уг гэмтэл гарсан гэсэн тайлбарыг Ус суваг удирдах газраас өглөө. Тодруулбал гэмтэл гарсан газарт “Риж Голден Бүүл” компани барилгын ажил гүйцэтгэж байжээ. Усны шугам хоолойд гэмтэл гарснаас болж олон айл өрх рүү ус урсан орсон учраас барилгын компанийнхан шороо асгаж ажиллахаар явсан гэж эх сурвалжууд мэдээллээ.

Шугам хоолойн гэмтэл гарсан газрын ойр орчим дахь айл өрхүүдийн хашаа тэр чигтээ усанд автжээ. УСУГ-ын инженерүүд өдөржин ажиллаж саяхан буюу оройн 18 цагийн үед усны шугам хоолойг засварлаж дууссан байна. Мөн энэ гэмтэл он гарснаас хойш зөвхөн барилгын компанийн буруугаас болж усны шугам хоолойд гарсан 21 дэх удаагийн тохиолдол гэж УСУГ-аас мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явуулав. Нийтийн тээврийн ачаалал ихтэй баруун чиглэлийн бүсэд 5 автобус, зүүн чиглэлд 4 автобус, Таван шараас Офицеруудын ордны чиглэлд 3 автобус, Ханын материал Толгойтын чиглэлд 5 автобус, 13 дугаар хороолол Халдвартын чиглэлд 4 автобус, Авто худалдааны цогцолбор, Саппоро чиглэлд 1 автобус тус тус гарган ажиллаж байна.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-17 хооронд зохион байгуулж, тооллогын дүн мэдээг танилцуулах
  • Нутгийн захиргааны байгууллагууд, өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн харьяа байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээг үнэлэх, 2015 онд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах
  • Нийслэлийн дүүргүүдэд гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн үед тогтмол өсч байгаатай холбогдуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж дүн мэдээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдаа бэлтгэх, 2015 оны 12 дугаар сарын 10-20-ны хооронд нүүх бэлтгэл ажлыг зохион байгуулж дүн мэдээг танилцуулах
  • Шинээр ашиглалтад орсон замуудын арчлалт, хамгаалалтын ажлыг эзэнжүүлэх, Богд уулын арын хурдны замын хальтиргаа гулгаа болон зам арчилгааны ажлыг сайтар зохион байгуулах
  • 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Яармагийн шинэ гүүрэн дээр гарсан автын ослоос шалтгаалан гүүрийн даацын бэхэлгээнд эвдрэл гарсан тул холбогдох мэргэжлийн байгууллагууд засварын ажлыг яаралтай эхлүүлж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах
  • Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах, Нийслэлийн ИТХ-ын 61,63 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцдаг 50 метр квадрат талбайн цас мөсийг цэвэрлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Харвони” эмийг 400 ам.доллараар худалдаална

Эрүүл мэнд, спортын яам АНУ-ын “Gilead Sciences” компанитай хамтран элэгний архаг вирусыг эмчлэх “Харвони” эмийг Монгол Улсад 98 хувийн хөнгөлөлттэйгээр оруулж ирэх гэж байгаа билээ. С вирусын эсрэг үйлчилгээтэй энэхүү эмийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаалж эхлэхээр болсон байна. Эхний ээлжинд 1600 хүн хэрэглэх хэмжээний эм орж ирэх бөгөөд цаашид хүн амын хэрэгцээнд тулгуурлан нийлүүлэлт хийнэ гэж “Gilead Sciences” компани мэдэгджээ. Тус эмийн худалдаалагдах үнийг тухайн оронд С вирусын тархалт ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, өвчний дарамт зэргийг харгалзан үзэж тогтоодог аж.

АНУ-ын зах зээлд уг эм нь 94.000 ам.доллараар худалдаалагддаг бол хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн хямдаар буюу зөвхөн Египет болон Монгол Улсад 400 ам.доллараар худалдаанд гаргахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Cураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дугаар байрны 36 тоотод оршин суугч иргэн Э 52 (настай, эрэгтэй) энэ сарын 04-ний өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 05-ны өдөр ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 05-ны өдрийн 21:40 цагаас эхлэн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр энэ сарын 06-ны өдрийн 10:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагаа түр зогсоосон бөгөөд ар гэрийн 30 иргэн, гурван автомашинтай аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөлд 11 хүүхэд хамрагдан суллагджээ

Улсын дээд шүүхээс өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ дундаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар онцлон мэдээлье. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн мэдээлснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нийтдээ 1930 хоригдол хамрагдаж суллагджээ.

Өршөөгдсөн хоригдлуудыг нас, хүйсээр:

Насанд хүрээгүй хүн – 11

Эмэгтэй – 87

Эрэгтэй 1165

  • Гэмт хэрэг үйлдсэн тоогоор нь:

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн – 701 хүн

Хоёр дахь удаа гэмт хэрэг – 308 хүн

Гурав болон түнээс дээш удаа гэмт хэрэг – 243 хүн

  • Гэмт хэргийг төрлөөр:

Хулгай – 693

Залилан – 99

Бусдын итгэмжлэн өгсөн хөрөнгийг завших – 38

Албан тушаалын гэмт хэрэг /Хээл хахууль өгсөн/ – 1

Мансуурах гэмт хэрэг – 9

Одоогоор зөвхөн хориход ял эдэлж байгаад суллагдсан иргэдийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тоо судалгааг гаргажээ. Харин бүх шүүх байгууллагуудын Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлсэн эцсийн мэдээ энэ сарын 25-нд алба ёсоор гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Сутайн буянт” компанийн автобус шатжээ

Өнгөрсөн бямба гаригт “Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б осол гаргасны улмаас 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, автобусны буудал дээр байсан найман иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтсэн бөгөөд тэднийг ГССҮТ-д хүргэсэн байдаг. Харамсалтай нь нэг хүн нь нас барсан. Тухайн автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусны буудал мөргөж, цаашлаад Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөсөн байв.

Гэтэл өнөөдөр мөн л “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гарчээ. Өнөөдөр өглөөхөн Нийтийн тээврийнхэнтэй холбоотой асуудлууд шил шилээ даран гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ тухай” албан даалгавар өгсөн билээ.

Categories
мэдээ улс-төр

Судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөхийг дэмжсэн гэв

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дараа нь бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 2000 орчим иргэдээс авсан судалгааны талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Судалгаагаар Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөхийг судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь зөв гэж хариулсан. Сумын засаг даргыг иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох гэсэн саналыг 91.8 хувь нь дэмжсэн байна. УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах гэсэн саналыг 71 хувь нь зөв гэж үзсэн. Мөн 3-4 сайд нь л УИХ-ын гишүүн гишүүн байх, “давхар дээл”-ийг цөөлөх асуудалд 76 хувь зөв гэж үзжээ. Аймгийн төвүүдийг сум биш хот болгож өөрчлөх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 67 хувь нь зөв гэж үзсэн байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн байна.” хэмээн мэдээлсэн юм.

Categories
гадаад мэдээ

“Алтан мужийн дайчид” 22 дараалан хожлоо

Өнөөдөр NBA-ийн талбайд зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Мемфис Гризлес”-“Финикс Санс” 95:93, “Детройт Пистонс”-“Лос Анжелес Лэйкерс” 111:91, “Даллас Маверикс”-“Вашингтон Визардс” 116:104, “Оклахома Сити Тандер”-“Сакраменто Кингз”, “Голден Стэйт Уорерз”-“Бруклин Нэтс”-ийг 114:98-аар тус тус хожсон юм.

Энэ улирал эхэлнээс хойш нэг ч ялагдаагүй байгаа “Алтан мужийн дайчид” ээлжит өрсөлдөгч “Бруклин Нэтс”-ийн талбайд зочиллоо. ОХУ-ын тэрбумтан М.Прохоров Үндэсний сагсан бөмбөгийн лигийн “Нью Жерси Нэтс” багийг худалдан авч, гурван жилийн өмнө К.Гарнетт, П.Пирс, Д.Уильямс, А.Криленко зэрэг туршлагатай тоглогчдийг авч ирсэн ч өндөр амжилт гаргаж чадаагүй. Улмаар дээрх сагсан бөмбөгчид өөр багт тоглож болж амжилт нь уруудсан. Энэ улиралд л гэхэд 20 тоглолт хийхдээ едөө тав хотоод байсан “Нетс”-ээс өнөөдөр аваргуудын эсрэг Т.Янг 25 оноо, 14 самбар, Б.Лопез 18 оноо, 8 самбар, С.Ларкин 13 оноо, 6 оновчтой дамжуулалт, Ж.Жек 11 оноо авсан.

Харин зочин багаас С.Карри 28 оноо, 5 самбар, Д.Грин 22 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт, К.Томпсон 21 оноо, Ф.Эзили 12 оноо, Л.Барбоза 11 оноо авч 114:98-аар хожсон.

С.Керрын шавь нар өөрсдийн гайхалтай амжилтыг үргэлжлүүлж 22 дараалан хожоод байна. Тэд улирал эхэлнээс хойш “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, 120:101, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, 114:98, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Торонто Рэпторс”-ийг 115:110, 112:109 “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116, “Юта Жаз”-ийг 106:103, “Шарлотте Хорнетс”-ийг 116:99-өөр тус тус хожоод байна.

Мөн 22 дараалан хожихдоо тоглолт бүрт 100-гаас дээш оноо авч байгаа нь тэдний довтолгоон, хувилбар, багийн тоглолтыг хэрхэн зөв гаргах зэрэг бүх зүйлд нь ямар ч асуудал үүсэхгүй байгаагийн илрэл юм. Одоогийн байдлаар “Голден Стэйт Уорерз” 115.1 оноог нэг тоглолтонд дунджилж байгаа бол “Оклахома Сити Тандер” тэдэнтэй хамгийн ойрхон 107.7 оноотой байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Францын “AKUO” групп Монголд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлын (СОР-21) өндөр дээд хэмжээний уулзалтад оролцох БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн айлчлал энэ сарын 5-ны өдөр Францын улс төр, бизнесийнхний жил бүр уулздаг “Рояаумоны яриа”-нд хүндэт зочноор оролцсоноор эхэлсэн.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Өсөх, хөгжих, ногоон болох” сэдэвт дугуй ширээний ярилцлагад оролцон Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсын эдийн засгийн асуудал, Монгол Улсад хөрөнгө оруулах чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцжээ.

Сайд Н.Батцэрэг Францын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа томоохон компанийн нэг болох “АКУО” эрчим хүчний группын ерөнхийлөгч Эрик Скоттотойтой уулзаж, тус групп Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Талууд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо.