Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр төрөхийн удирдлагад хариуцлага тооцохоор болжээ

Нийслэлийн “Өргөө” амаржих газар буюу бидний мэддэгээр нэгдүгээр төрөхөд энэ сарын 21-нд эх, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдалд үнэлэлт, дүгнэлт хийжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Өргөө амаржих газрын удирдлагын багт хариуцлага тооцохоор болжээ. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмыг мөрдөх, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Эүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон байна.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртжээ

Азербайжаны
Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд энэ өдрүүдэд болж буй Г.Алиевийн
дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний эхний өдөр
барилдсан Эрдэнэбатын Бэхбаяр алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байсан
юм. Тэрээр эхний тойрогт Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8-1р, удаах тойрогт
Гүржийн Отар Гогава-г 6-1р, шөвгийн 4-д Азербайжаны Парвиз Ибрагимовыг 14-1
оноогоор цагаас нь өмнө цэвэр хожиж алтан медалийн төлөө барилдан ялагдаж,
мөнгөн медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ном эрдэм, ногоон орчин бий болгож амар тайван амьдралыг цогцлоодог

Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ногоон парламентын гишүүн Л.Оюунчимэг

Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ногоон парламентын элч дуучин С.Баттулгын аялан тоглолт Архангай, Өвөрхангай аймагт амжилттай боллоо. Олон хүн “Баярлалаа” гэж хэлсэн. Орон нутагт жишиг болох эко цэцэрлэгт хүрээлэн бий болгоход хувь нэмрээ оруулж, С.Баттулга маань тоглолтын орлогынхоо 50 хувийг орон нутагт үлдээж байгаа юм. Орон нутагт ногоон байгууламж бий болгох анхны жишиг бүтээн байгуулалт хийхээр бид зорьж байна. Энэ ажил яаж эхэлсэн гэхээр энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр МБОИЗ, Ногоон парламентын нээлттэй хуралдааны үеэр Төв аймгийн Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагч Хурцаа гуай орон нутагт цэцэрлэгт хүрээлэн бий болгоё гэж санаачилга гаргасан юм. Эко элч дуучин маань нийгмийн филантропи (хүний төлөө сэтгэл гаргаж, хандив өгөх) сайн хийдэг хүн юм. Өмнө нь Улаанзагалмайн нийгэмлэгийн шугамаар хүмүүнлэгийн үйлсэд оролцож, хорих байгууллагуудад тоглолт хийж, олон хүнд итгэл найдварын гэгээ хайрласан юм билээ. Нийгмийг өөрчилье гэвэл нийгмийн филантропиг хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Хүмүүс бие биеэ заавал мөнгө төгрөгөөр бус сэтгэл санаагаар дэмжих, оюун санааны хандив үзүүлэх, нэг хүн эргэж хараад хоёр хүнд тусалж байвал нийгэм маш хурдан хөгждөг юм байна. 1800-гаад онд Эндрю Карнеги гэж нөхөр Шотландаас АНУ-д очоод, төмрийн үйлдвэрийн эзэн болж, маш их хөрөнгөтэй болоод “Их мөнгөтэйгөө үхэх нь шившиг” гэсэн үзэл санааг гаргаж ирсэн. АНУ даяар 2800 нийтийн номын сан байгуулсан байдаг. Энэ нь Америкт иргэний нийгмийн оюун санааны үндсийг тавьсан гэж үздэг юм билээ.

Бидний санал санаачилгыг ойлгож дэмжиж байдаг Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэж эхлэхэд “Жишиг ногоон аймаг болно” гэж анхны илтгэл тавьж байсан Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Баясгалан нарт баярлалаа. Иргэншсэн нийгмийн гол үндэс ном эрдэм, ногоон орчныг бий болгож, амар тайван амьдралыг цогцлоодог юм байна.

Categories
мэдээ нийгэм

Алтай хотод ”Тэмээний баяр” болж байна

“Их говийн тэмээний баяр-2015” Говь-Алтай аймгийн төв Алтай хотод өчигдөр эхэллээ.

Их говийн тэмээний баяр хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж байна. Мөн хурдан ат болон торомны уралдаанууд үргэлжилж байна. Баярын үеэр тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Их говийн тэмээний баярыг энэ жил баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөнтэй хамтатган хийж буй юм. “Их говийн тэмээний баяр-2015” маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

Монгол олон улсын хүрээлэнгийн зөвлөлийг даргална

Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)- гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 24 дүгээр чуулган болон Ардчиллын Форумд оролцож, Монгол Улс Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалах ажлыг тус Зөвлөлийг 2015 онд даргалсан ШХУ-ын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтераас албан ёсоор хүлээн авав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчиллын Форумд оролцож үг хэлэв. Тэрбээр Монгол Улс тус олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Киргиз, Мьянмарт амжилттай болж өнгөрсөн сонгуулийн бэлтгэлийг хангахад монголын талаас үзүүлсэн туслалцаа зэрэг олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр манай улсаас хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтын талаар танилцуулав.

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермтэй албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Чингэхдээ Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Монгол Улстай хамтран зохион байгуулах арга хэмжээнд олон улсад танигдсан нэр хүндтэй улс төрчдийг урьж оролцуулах чиглэлээр ажиллах, монголын талаас санаачилсан сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх төвийг Улаанбаатар хотноо нээх, үүнтэй холбогдуулан ЕАБХАБ, АОХН, Европын зөвлөлөөс тусламж дэмжлэг авах чиглэлээр тус олон улсын хүрээлэнтэй нягт хамтран ажиллах талаар ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригт доорх обьектуудыг дуудлагаар худалдана

1. Хуучнаар “Автобус-3” НӨҮГ–ын барилга байгууламжууд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтанд орсон. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 26 432 700 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 2 643 270 000 төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Барилга байгууламжийг өмч эзэмшигчийн төлөөлөл болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон Худалдагч болох Нийслэлийн өмчийн харилцааны газар Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд шинээр баригдах автобус баазын барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгнө.

2. “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 7 155 000 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 715 500 000 төгрөг

3.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 30 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ барилгынхаа урд талд байрладаг, 1965 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон. Тус барилга нь 2 давхар үндсэн барилга болон зүүн талын 2 давхар өргөтгөл, баруун хойд талын нэг цонхны үйлчилгээний өргөтгөлөөс бүрддэг. Үндсэн барилга нь бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 45*13м бүхий нийт 1150,20 мІ талбайтай 2 давхар барилга юм.

Зүүн талын өргөтгөл нь 2007 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр хучлагатай дээвэртэй, 14,5*14м бүхий нийт 413,54 мІ талбайтай 2 давхар барилга юм.

Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 17,5*5,5м бүхий нийт 97,37 мІ талбайтай 1 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 3 906 553 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 390 655 300 төгрөг

4. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 31 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга нь төв замаасаа 200 метрийн зайд Өлзийт тосгоны төв хэсэгт байрладаг. Уг барилгууд нь Өлзийт тосгоныг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтаар 1990 онд баригдаж байгаад дуусгалгүй дутуу орхигдсон. Одоогоор ашиглалтгүй байгаа. Дэд станцын дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, цагаан тоосгон өнгөлгөөтэй тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 5.5*10м бүхий нийт 55 мІ талбайтай.

Уурын зуухны дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, угсармал төмөр бетон хавтгаалжин болон тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилттай хавтгай дээвэртэй, 10*25м бүхий нийт 250 мІ талбайтай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 57 070 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 11 414 000 төгрөг

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

1. Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2. Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд ирж авна уу!

3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

– Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг Энд дарж авна уу.

– Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт

– Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс

– Дэнчин тушаасан баримт

Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5. Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 200000961 тоот данс Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6. Дуудлага худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 11 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

Татварын тайлан авах хугацаа оны өмнө дуусна

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд өмнөх онуудын татвараа заавал нөхөн мэдүүлэх үүрэг хүлээж байгаа. Ингэснээр 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл буюу 20 жил гурван сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, зарим хэсгийг нь нуусан зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан бол ил болгох үүрэгтэй, Ингэхдээ шимтгэлээ төлөөгүй, нуун дарагдуулсаны торгууль, алдангиас чөлөөлөгдөх юм. Энэ хуулийг Сангийн яам, НДЕГ, Татвар болон Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн таван байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлээр өөр чиг үүргийг гүйцэтгэж байгаа. Иймд төрөөс үзүүлж буй боломжийг ашиглаж, торгуульгүйгээр татварын тайлангаа нөхөн өгөхөд ердөө нэг cap үлдэж байгаа бөгөөд тайлан хүлээн авах хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31 -ээр дуусгавар болох юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас хүйтний эрч чангарна

Цас орж, хүйтний эрч чангарсан өдрүүд үргэлжилж байна. Тэгвэл ирэх өдрүүдэд хүйтний эрч сулрах төлөвтэй ч ихэнхи нутгаар бага зэрэг цас орох төлөвтэй гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Энэ сарын 28-аас ирэх сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мөн л цас орохоор харагдаж байгаа. Тодруулбал, маргааш төв, зүүн нутгийн зарим газраар цас орно. Мөн 28-29-ны өдрүүдэд баруун болон төвийн нутгаар, 1-нд зүүн аймгийн нутгаар дахин цас орно. Дунджаар 12-20 градус байхаар зааж байгаа аж. Гэхдээ ирэх сарын 1-нээс эхлээд хүйтний эрч чангарна. Тиймээс тэр үеэр орон нутгийг зорих тээвэрчид болон малчид анхаарал болгоомжтой байх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажууллаа

Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах шийдвэр гаргасан.


Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн юм. Тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж, санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн.

Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчаар Ш.Хаан сонгогдож, энэ оны 7 дугаар сард тангаргаа өргөсөн билээ. Харин Багануур хотын Захирагчийн сонгууль 2015 оны 10 дугаар сарын 18-нд болсон бөгөөд 57,72 хувийн саналаар сонгогдсон Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн удирдлагууд, иргэд оролцов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэхүү ёслолын үйл ажиллагааг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн дагуул Багануур, Налайх хотыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Багануур дүүргийн иргэдийн олон жилийн хүсэл хүлээлт байсан юм. Өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлтэй анхны хотын иргэн нь оршин суугч Та бүхэн болж байна. Монгол Улсын Анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон 25 жилийн ойн түүхэн үйл явдлын жил анх удаа Багануурчууд Та бүхэн чөлөөтэй шууд сонгох эрхээ эдэлж хотын Захирагчаа сонгосонд таатай байна” гэлээ.

Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагч Н.Тавинбэх Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, хотын үндсэн дүрэм, бусад дүрэм журмыг дээдлэн сахиж, Багануур хотын хөгжил дэвшил, иргэдийнхээ өмнө шударгаар хичээнгүйлэн ажиллана хэмээн тангараг өргөлөө. Багануур хотын Захирагч Н.Тавинбэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Захирагчийн мөнгөн гэрэгэ, Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нар Багануур хотын бэлгэдэл түлхүүрийг гардуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Багануур хотынхоо шинэ Захирагчийг уухайлан халуун дотноор хүлээж авч байгаа Та бүхэндээ баяр хүргэе. Багануурыг бие даасан хот болгох шийдвэр гаргаж, бүх талаар дэмжлэг үзүүлсэн нийслэлийн ИТХ болон энэхүү ажилд гар бие оролцож, хүчин чармайлт гаргаж ажилласан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлье. Монгол Улсын Анхны Үндсэн хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан тэр цагаас эхлэн Багануурчууд иргэдийнхээ төлөө үйлчилдэг, бие даасан хоттой болох хүсэлтээ илэрхийлж байсан ч тэдэнд тийм эрх олгоогүй өнөөг хүргэсэн. Гэсэн хэдий ч Та бүхэн тууштай байж хүсэл зорилгоо биелүүлж чадлаа. Иргэддээ үйлчилдэггүй засаг захиргааг олж харсан анхны хүмүүс бол Багануурчууд Та бүхэн юм шүү. Нийслэлийн Засаг даргын хувиар Н.Тавинбэхийг Багануур хотынхоо хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө хүчин зүтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ иргэдийнх нь өмнө амлаж байна” гэдгийг онцлон хэллээ.

Багануур дүүрэгт хот байгуулсанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө. Мөн оршин суугчдын амьд явах, эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Зам тээврийн яамны ТНБД асан Б.Батзаяаг өмгөөлж, хамгаалах хүн нь яах аргагүй би мөн

-ТҮҮНИЙ ЭХНЭР ХҮНД ӨВЧТЭЙ БАЙХАД ЗААВАЛ ХОРЬЖ, ЦАГДАХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ-

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗийн дарга асан Б.Батзаяаг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж буй. Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 30нд баривчлан хорьсон бөгөөд арваннэгдүгээр сарын 13 -ны өдөр шүүхээс батлан даалтад гаргасан юм.

Прокурорын байгууллагаас “Энэ хэрэгт холбогдох бичиг баримт устаж магадгүй” хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж, шүүх Б.Батзаяаг дахин цагдан хорих шийдвэр гаргасан юм. Тухайн үед Б.Батзаяаг батлан даалтад гаргахад түүний нагац ах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэх хардлага байсан бөгөөд энэ тухай зарим хэвлэлээр гарч байсан билээ. Иймд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбатаас зарим асуултад хариулт авлаа.

-Таныг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн нагац ах гэх юм?

-Тэгэлгүй яах вэ, тэр чинь миний зээ хүү байгаа юм.

-Тэгвэл та түүнийг хамгаалж дуугарах ёстой хүмүүсийн нэг юм байна?

-Тэр хүүхдийг өмгөөлж, хамгаалах хүн нь би яах аргагүй мөн. Сэтгэл зовниж л байна. Дотроо юу болсон юм бол, үнэн мөн нь тогтоогдох байлгүй гэж бодож л сууна. Зарим хэвлэлд ”Нагац ах нь. Дүүгээ өндөр албан тушаалд тавьсан” гэх маягаар мэдээлсэн л байна лээ. Тэрийг нь харсан, уншиж л суулаа.Тэглээ гээд би юу гэж хэлэх вэ дээ. Холбогдуулан шалгаж байгаа асуудлыг нь үнэндээ мэдэхгүй юм.

-Олон нийт таныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болохоор дүүдээ туслахгүй байна гэж байхгүй хэмээн хардаж байгаа байх?

-Тэр хүүг би төрийн албан тушаалд томилогдоход нөлөөлөөд байсан юм байхгүй. Албан тушаалд томилогджээ гэдгийг нь сонсоод овоо доо л гэж боддог, дотроо баярладаг байсан. Энэ хүүд би сүйдтэй нөлөөлж, тусалсан юм байхгүй шүү дээ. Харин гарч буй мэдээллийг хараад би тус болох нь битгий хэл гай болж байх шиг байна.

-Яагаад гай болж байна гэж?

-Б.Батзаяагийн нагац ах, Үндсэн хуулийн Цэцэд ажилладаг. Түүнийг батлан даалтад гаргахад нөлөөлж байна гэх мэтээр мэдээлсэн байсан шүү дээ. Тэгэхээр ах нь тус болох гээд байгаа гээд буй нь нэмэр болохоосоо илүү нэрмээс болж байна уу даа гэж бодогдох юм.

-Чухам ямар асуудалд холбогдоод юу болоод байгааг нь та лавлаж үзсэн л байлгүй дээ?

-Үнэхээр ямар юманд холбогдчихов. Эсвэл хилс хэрэгт түүнийг унагаад байна уу. Ямар асуудалд холбогдуулан шалгаад байгааг нь би мэдэхгүй шүү дээ. Юу болоод байгаа юм, цаанаа ямар учиртай юм бол. Надад ямар ч ойлголт алга, мэдэхгүй байна. Би тэгээд ч хийсэн, хийгээгүйг нь тогтоодог хүн биш шүү дээ. Учир нь хурдхан олдоосой гэж бодож байна. Бусдаар надад хэлээд байх юм алга.

-Зээ хүүгээ баригдчихаад байхад та юу болсон юм бол гэж анхаарал тавьсан л байлгүй дээ?

-Холбогдуулан шалгаад байгаа хэргийг нь үнэхээр мэдэхгүй юм. Шүүх үнэн мөнийг нь олох биз дээ.

Би энэ төрд хийдгээ хийчихсэн хүн. Үндсэн хуулийн Цэцдээ ажиллаад завсар зайгаар нь шинжлэх ухааны ажлаа хийгээд л явж байна.

-Дүүтэй чинь холбоотой үйл явдлуудыг хараад та бас эмзэглэж байгаа биз дээ?

-Дотроо мэдээж харамсалгүй л яах вэ. Б.Батзаяагийн эхнэр хүнд өвчтэй. Ийм байхад заавал түүнийг хорьж, цагдах хэрэг байсан юм болов уу. Гадуур байцааж шалгаад байж болдоггүй юм уу л гэж бодогдох юм.

-Таны зээ хүү ер нь ямар хүн бэ. Түүнийг та илүү сайн мэдэх байх?

-Хүнийхээ хувьд их дажгүй хүү байгаа юм. Юманд итгэлтэй, зүтгэлтэй, үнэнч хүн. Би түүний зан аашийг их тоодог. Төрд бэлтгэгдэж байсан боловсон хүчнүүдийн нэг л дээ.

Дугаар шилжих мөчид: Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяатай хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг ч саатуулсан билээ. Манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас Ли Жон Гёлыг батлан даах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл өчигдөр бидэнд ирсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хоригдсон хүн бүхэн бие нь тааруу гэдэг шүү дээ. Ли Жон Гёлыг батлан даалтад гарах асуудлыг одоохондоо хэлэлцэх боломжгүй гэлээ. Элчин сайдын яамд ийм хүсэлт гаргах нь нээлттэй байдаг гэлээ.