Categories
мэдээ цаг-үе

Агч модны навчин дор (II)

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы № 271(5223) дугаарт>>

-ЗОХИОЛЧЫН ТЭМДЭГЛЭЛ-

Хойт Америкийн хамгийн хөгжингүй орны нэг Канадад аялаад ирсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэлийн манай сонины захиалгаар бичсэн нийтлэл тэмдэглэлийг уншигч танаа толилуулж байна.

Хээр талын нүүдэлчин монголчуудын уртын дуу тэдний хүсэл эрмэлзэл тал шигээ хягааргүйг илтгэдэг бол эгц цавчим сүрлэг догшин уулс бүхий Кавказ нутгийн дуу бүжиг нь бадрангуй, огцом, дайчин сүрлэг байдаг. Энэ онцлог түүхэн урт хугацаанд төлөвшлөө олдог болохоор хойт америкчуудын хувьд Европоос ирсэн цагаан арьстнуудыг үл тооцвол уугуул нутгийн жинхэнэ эзэд болсон индианчууд ардын дуу, хөгжим судлаачдын хувьд сонирхолтой байх болов уу.

Номхон далайн эргийн ногоон модоор хүрээлэгдсэн тэгш саруул талбайд наадам гурав хоног үргэлжлээд өндөрлөхөд тэр газар өчүүхэн төдий ч цаасны тасархай, ширхэг ч хоггүй юм шиг цэвэр цэмцгэр хэвээр үлдлээ. Канадчууд өөрсдийгөө давтагдашгүй гоо үзэсгэлэн хосолсон аялал жуулчлалын жинхэнэ өлгийд аж төрж байгаагаараа бахархдаг нь зүйн хэрэг.

Хойт Америкийн хамгийн баруун эрэгт үзэсгэлэнт Грууз уул сүндэрлэнэ. Уулын оргил өөд ган татлаган замаар өгслөө. Дээш гарсан жимээр мань мэт нь хагас өдөр мацаж хүрдэг оргилд бараг хагас зуу шахам метр өндөр ургасан аварга бүдүүн, шулуун, гоолиг модод, элгэн халиа байцас, гүн жалган дээгүүр татлаган замаар арваадхан минут төвөггүй явж хүрлээ. Бэлд нь цэлэлзэх их далайн түвшинээс дээш 2300 шахам метр өргөгдсөн энэ уулын орой дээрээс харвал Номхон далайн зүүнтээ, эх газартайгаа зэрэгцэн орших Ванкувер арал бүхлээрээ харагдаж өмнө талд нь АНУ-ын шугам шиг шулуухан хойт хилийн дагуух цувраа ногоон уулс залган үргэлжилнэ.

Груузын уулнаас алтаар бороо ордгийн учир нь уулын оройг тэгшлэн байгуулсан амралтын иж бүрэн цогцолборт дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хэдэн арав, зуугаараа тасралтгүй ирдэгтэй холбоотой. Тэнд гар урлал, түүх соёлын баялаг үзмэр бүхий галлерей, театр, алсыг харагч, индианчуудын модон эдлэл урлах ур чадварыг биечлэн үзүүлсэн сонирхолтой үзвэрүүд, юмыг хурдан тусгадаг канадчуудын монгол гэрийг дуурайлган хийсэн дөрвөлжин нүхтэй хана бүхий дугуй байгууламж гэхчилэн жуулчдын анхаарлыг гойд ихээр татсан зүйлсээр нэн баялаг.

Цардмал зам дээр гарсан баавгайн палигар том мөрөөр явж, Америкийн алдарт хүрэн баавгай нутагладаг зүрхэн хэлбэрт модот толгодод хүрч, түүнийг арваадхан алхмын цаанаас харж болно. Ууль, шар шувуу, шонхрууд сургагч нарынхаа заавраар хэрхэн дуулгавартайяа нисч, буухыг ч харж болно. Уулын муур, буга, коёоте чоно ч энд хүнтэй зэрэгцэн амьдардаг аж. Ногоон мод, жимс, цөөрөм бүхий ууланд баавгайнууд хүнээс айхгүй чөлөөтэй сүлжиж, харин жуулчид өөрсдөө битүү торны цаана шахцалдан зогсохыг харвал хүмүүс эрх чөлөөгөө байвгайд түр бэлэглэсэн мэт санагдана. Бас алтаар “бороо ордоггүй” газруудын нэг нь Грууз уулын баруун хойно оршдог, саяхных бололтой Кенёон хэмээх амралтын цогцолбор юм. Учир нь 1947 онд сүйрсэн нэгэн онгоцны сэг бүр 1994 онд буюу бараг хагас зуун жилийн дараа эндхийн битүү ойгоос, Хожим Райклек хэмээн нэрлэгдэх болсон зэлүүд, үзэсгэлэнт бяцхан цэнгэг нуурын баруун эргээс анх олж, сүйрэл болсон газарт нь хөшөө дурсгал босгожээ. Энд байгуулсан амралт зугаалгын газарт, ойн жимээр нуур руу явах зам дагуу үнэт модоор урласан тохилог ширээ, сандлууд олноор тавьж бас оньсон техник сайн хөгжөөгүй үед сал хэрхэн урсгаж байсан тухай задгай музейг замын хажууд ойн цоорхойд байгуулжээ. Тэртээ дор хагас зуугаад метрийн дор буй хавцлаар хөөсрөн буух хүрхрээн дээгүүр урт дүүжин гүүр барьснаас хойш энд жуулчдын хөл тасрахаа больжээ. Энд бүтэн өдөржин үнэгүй амарч, бас нуураас загас барьж болно. Нуурын эргэн тойронд нар, борооноос халхалсан олон сүүдрэвч, загасчдад зориулан барьсан нуур руу түрж орсон ур хийц сайтай модон гүүрүүд, бас л гоёмсог үнэт мод, чулуун ширээ эгнүүлэн тавихаас канадчууд гар татаагүй бололтой.

Нуураас нэг хүн өдөрт хоёроос илүү загас барих хориотой гэнэ. Гэвч загасчид тэндээс барьсан загсаа том, жижиг гэлтгүй буцаан тавьж байхыг харав. Тэд шарсан загас идэж, шөл уух гэсэндээ ч биш, ан хийх хорхойгоо дарж зугаацаж байгаа нь тэр аж.

Ванкуверийн “Тэрэлж” болсон өөр нэг амралт зугаалгын газар нь Сквамиш хэмээх үзэсгэлэнт хотхон. Виктория хот юм уу, “Георг” зочид буудал, Георгийн булан гэхчилэн эзэд хаадынхаа нэрээр англичуудын нэрлэсэн ганц нэг хот, газар усны нэрийг үл тооцвол уул усандаа хайрласан тэндхийн бүх нэр нь бүгд Индианых. Тэдний мөр нь хаданд, модонд, дуунд, нэр нь түүхэнд үлджээ. Харин өөрсдөө харагдахгүй юм. Индианы гэсэн нэгийн зэрэг тосгон ч алга. Харин индиан хүний сүрлэг дүр төрхийг аварга модоор бүтээсэн уран сийлбэрүүд газар сайгүй. Зөвхөн эртний судлалын музейд төдийгүй хотын гудам талбай, ойн нарийн жим дагуу тааралдана. Индианчуудын ахуйн соёл, зан үйлийг харуулсан сийлбэрүүд ч цөөнгүй. Хотын их хөлийн газар малгайгаа дээш харуулж тавиад хөгжим тоглон өглөг хишиг горилж суусан азийн гэмээр царайтай нөгөө эрийг үл тооцвол уугуул эзэдтэй нь огтхон ч тааралдсангүй.

Өвлийн олимпийн тоглолт хэдхэн жилийн өмнө энд болж өнгөрсөн болохоор жуулчдад зориулсан ган таталган замаар далайн түвшнээс дээш 2400 метр өндөрт орших Хар сан (индиан нэр) хэмээх Блаккомб, мөн вистлер уулын оройд төвөггүй гарч, сая сая жилийн турш тэнд хуримтлагдсан мөнх цасаар хоолойгоо норгон зулайгаа чийглэв. Тэдгээр уул руу өгсөж явах үеэр тэртээ дор битүү ойн цоорхойд юмуу, жим дагуу бамбаруушаа дагуулсан хүрэн баавгайнууд олонтаа тааралдах тул зургийн аппараттай явахад илүүдэхгүй. Ноён оргил дээгүүр нь бүргэд эргэлдсэн Блаккомб уулан дээр байгалын том үхэр чулуунуудыг эвлүүлж тавьсан юм уу, унаган төрхөөрөө байгаа чулуун жимийн хоёр талаар цөмөөхэй (Nutcracker) хэмээх ачит бяцхан шувуухайн зургийг самбарт байрлуулсан нь цөөнгүй. Ачит гэдгийн учир тэр шувуухай ойр хавийнхаа хушны самрыг түүж нөөцлөхдөө хожим нь түүнийхээ ихэнхийг олж чаддаггүйгээс тэр нь үржил шимт хөрсөнд ургаж төлжих нь амархан тул замын хоёр хажуу, Монгол Алтайнх шиг хөхөвтөр, үслэг том тарвага хошгорсон асга хад, хаана л бол хаана зулзаган хушин төглүүд тааралдана. Үхэр чулуунууддээр тарвага хэд хэдээрээ дүүлж гараад элгээрээ хэвтэн жуулчдыг болгоомжтой харах нь Монгол нутгийн цахир хадат хайрхан уулан дээр байгаатай адил.

Зам бүхний уулзвар болсон өөр нэг газар бол Ванкуверээс гуч орчим километр зайтай, Индианы нэгэн дайчин омгийн уугуул нутаг, ногоон моддоор битүү бүрхэгдсэн эгц сүрлэг уулнаас арай налуудуу хадан халилыг нь даган яг л хайлсан мөнгө шиг цалин цагаан туяа татуулан буух Шаннон хэмээх үзэсгэлэнт хүрхрээ юм. Хүрхрээ хүртэл хадан харгуй гарган тохижуулж, үхрийн чинээ боржингуудыг замын хоёр талаар эгнүүлэн тавьж хэдэн зууны тэртээ тайрч унагасан гэмээр Секвоя хэмээх хоёр гурван метр голчтой аварга моддыг тухайн үед нь тээвэрлэн авч чадаагүй үлдээсэн нь сүр бараатай харагдах агаад заримынх нь их бие, ёзоор дээр мөн л тэр мод салаалан ургажээ. Канадад энэ жил хуурайшилт ихтэй байсан тул мод бүхний дор олон цаг дусч байж усалгаа хийдэг зориулалтын савтай ус тавьжээ. Японд бол хальс, холтос нь гэмтсэн модон шархны туузархуу юм наадаг билээ. Георгийн хушууны ойн зөргөөр явж байхад торгон туузаар ороож, тоогоор тэмдэглэсэн модод олонтаа тааралдах бөгөөд их сургуулийн тухайн чиглэлийн оюутнууд судалгаа хийж байгаа нь тэр гэнэ.

Уул уурхайн чиглэлээр дэлхийд тэргүүлж бусад бүх үзүүлэлтээр гучин хоёрт бичигддэг Канадын Бритиш Колумбын их сургуультай танилцсан минь миний хувьд том аз завшаан.

Хавсарга шинжлэх ухааны, цахилгаан комьпютер, анагаах эм зүй, сэтгүүл зүй гэхчилэн байхгүй мэргэжил, сургалт гэж үгүй. Хэрэв их сургуулийг нэг улс гэвэл түүний харьяа сургуулиуд бүгдээрээ жижигхэн вант улсууд юм. Хичээлийн байр, судалгааны төвүүд, лабораториуд нь сүрлэг, гоёмсог, орчин цагийн дизайн, уран барилгын ухааны дээд хослолоор бүтсэн нь илт. Докторант, аспирант, оюутнуудын байрууд орон сууцны нүсэр том, гоёмсог хороолол гэсэн үг. Гэвч мөн чанар нь зөвхөн барилга байгууламж, цар хүрээндээ ч биш юм. Судалгааны ажлын үр дүн нь шинжлэх ухааны эргэлтэд шууд орж материаллаг баялаг болон хувирах нь гайхалтай. “Ногоон байшин” гэдгээрээ дэлхийд алдартай тогтвортой хөгжлийн судалгааны төв гэхэд л экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор байгальд ямар ч гэм хоргүй, харин ч цэвэршүүлэх үйлдвэрлэл явуулдаг бүхэл бүтэн цогцолбор болжээ. Энэ төв нарны эрчим хүчийг ашиглан ахуйн зорилгоор хэрэглэнэ. Асар том шилэн цонхнууд нь нарны эрчим хүчээр нээгдэж хаагдан бүх өрөө тасалгааны хэмийг тогтмол байлгахын зэрэгцээ, борооны усыг цуглуулан хэрэглээний усаа бэлтгэж, өөрийн цэвэрлэх байгууламжтай болжээ. Монгол гэрийн тооно хэлбэртэй шилэн дээвэр нь гэрэл нэвтрүүлж хичээлийн саруул танхимууд шөнө нь яг өдөр шиг л гэрэлтэнэ. Цонхны цаана өвч ногоон цэцэрлэгт ургадаг аварга моддын оройд тогоруу өндөглөдөг ажээ. Хүн төрөлхтөн ирээдүйд ийм орчинд аж төрөх арга ухааны эхлэлийг сургууль тавьж байна. Их сургуулийн эрдэмтэд ой судлалынхаа төвийн судалгаанд тулгуурлан мод хэрхэн ургадаг үйл явцыг нарийвчлан судалснаар нүүрстөрөгчөөр амьсгалан хүчилтөрөгч гаргадаг вагоны чинээ том оврын машин зохион бүтээж сургуулийнхаа орчимд байрлуулжээ. Дашрамд хэлэхэд, Ванкувер хот дэлхийн хамгийн цэвэр, гарын таван хуруунд багтдаг цөөн хотуудын нэгэнд зүй ёсоор ордог. Нүүрсний утаа бусад хорт хийгээр амьсгалж байгаа Улаанбаатарын гэр хороолол бусад бохир орчныг орон сууцжуулж дуусах хүртлээ цөөн тооны тийм машин тавьчихвал гайхам үр дүнд хүрнэ гэж эрдэмтэд хэлснийг судлахад илүүдэхгүй биз.

Тархи судлалын төв гэхэд л энэ чиглэлээр ажиллан дэлхийг гайхшруулсан олон том нээлт хийжээ. Байгалийн ухаанаар хийсэн бүхий л судалгааны үр дүнг захиалагчид, газар дээрээс нь худалдан авч, тэр нь дорхноо үйлдвэрлэлд нэвтэрдэг болохоор энэ алдартай их сургууль Канадын төдийгүй, дэлхийн хөгжлийн том хурдасгуур болж байна.

Эрдэмтдийн гуч, дөчөөс доошгүй хувь нь азийнхан гэнэ. Нэгэн цагт “Өөд өөдөөсөө хэзээ ч харахгүй Өрнө, Дорно хоёр” гэж Английн Киплинт эргэлтгүй итгэж, бичиж байсан хоёр ертөнц эдүгээ өөд өөдөөсөө харах нь бүү хэл, өвөр түрийдээ ч орж, бие биеэсээ хараат нэгэн цул болсныг харахад улс төрийн харалган санаа үеэ өнгөрөөдгийн тод нотолгоо. “Энэтхэг гаралтай ерөнхийлөгчийнхөө барааг харсан уу?” гэж тус их сургуулийн докторант Г.Дамдиннямаас асуухад тэр: “Өдөр бүхэн” гэлээ. Уриалаг сайхан зантай, дэлхийд зартай математикч энэ эрхэм сургуулийнхаа хотхон бүхнээр явган харайлгаж явдаг, оюутан, магистрант, докторант хэн ч байсан “Сайн уу?”, “Яамаар байна?”, “Хэлэх зүйл байна уу?” гэхчилэн яг л хуучин танилтайгаа уулзсан юм шиг ханддаг гэнэ.

Багш нараасаа эхлээд ректор хүртлээ хүнийг ялгаварладаггүй, маш энгийн хүмүүс шүү гэж Г.Дамдинням хэлээд сургуулийнхаа ерөнхийлөгчтэй татуулсан зургаа гар утасныхаа дэлгэцээс харуулав.

Азийн судлалын сургуулийн нүсэр том номын сангаар нь оров. Энд судалгааны мянга мянган бүтээл байгаагаас манай нэрт нийтлэлч Баабарын XX зууны монголчуудын тухай Кембрижид хэвлүүлсэн зургаан боть, доктор Сандагийн зарим бүтээл, бас Намхайнямбуугийн талаар гадаадын зохиогчийн бичсэн “хонины буян” зэрэг номууд байгаад их л олзуурхав. Түүнчлэн Манж, Хятад, Зөвлөлтөөс Монголд явуулж байсан бодлого, хятадаас айх Монголчуудын айдсын тухай судалгааны цөөхөн бүтээл байв. Латин Америк, Европын талаархи судалгаанаас төдийлөн хальдаггүй байсан энэ их сургуулийн судалгааны төвүүд нь эдүгээ Азийн хүрээлэн, Азийн хэл, соёлын судалгааны төв, мөн дэлхийн асуудлын хүрээлэн гэхчилэн салбарлан тэлжээ.

Харин энд Монголын судлал дутмаг байгаа нь Азийн орнууд, ялангуяа хятад, солонгос, япон, тайваньчууд эх орноо олон улсад сурталчлахын тулд багагүй мөнгө зарж, санхүүгийн туслалцаа үзүүлж томоохон төслүүд хэрэгжүүлдэгтэй холбоотой юм байна. Наад зах нь гэхэд л Өмнөд Солонгосын иргэн Чой Азийн хүрээлэнгийн барилгыг, Японы иргэн Ижазони Тоби Японы цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хөрөнгөөр бариулжээ.

Монгол дахь Хятадын эсрэг үзлийн талаар энд эрдмийн зэрэг хамгаалсан доктарант Жаргалсайханы Мэндээ урьд нь Монголын армид 16 жил алба хаажээ. Төрийн чухал албанд ажиллах хугацаанд олж авсан ажлын туршлага, суусан хатуужил энд хэрэг болж байна гэж хэллээ. Багаасаа гэрийн багш авч, бүхнийг хүнээр хийлгэж сурсан хүүхдүүд энд ирээд бие дааж амьдрах, сурах, бэрхшээлийг давах сэтгэлзүйн бэлтгэлгүйгээсээ болоод буцах нь олонтаа гэнэ.

Энд Америкийн нэрт монголч эрдэмтэн Латтимор их сургуулиас гаргадаг “Pa­cific Affairs” сэтгүүлийг эрхлэн ажиллаж байжээ. Өнгөрсөн зууны далаад оны эхээр энэ их хүн Монголд ирэхэд нь радиогийн залуу сурвалжлагч миний бие монгол хэлээр чөлөөтэй ярьдаг энэ эрдэмтэнтэй уулзаж, ярилцлага хийснээ эргэн дурсав.

Би Канадаас буцахын урд орой усан онгоцны буудлын зогсоол хавьд, далайн хөлөг онгоц хэлбэртэй том ордонд орж, нисэх онгоцонд суудагтай адил суудлын бэхэлгээгээ хийгээд бараг хагас цагийн дотор үлгэрийн сайхан Канад орон дээгүүр нисэв. Хоккейчид, аялагчид, цаначид, завьчид, адуучид бас далайн аварга мөсөн уул, хадан уул ангал дээгүүр, хүрхрээн дээгүүр нисэв.

Хажуугаар минь бөмбөгдөгч онгоцууд нисэн өнгөрч байв. Хойт мөсөн далайн хүйтэн агаар нүүр өөд мөс шиг хүйтнээр үлээж байлаа. Канадад хийсэн миний аялал ийнхүү өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 8 хэм хүйтэн

Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 11-16 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өдөр говь болон Говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун болон төвийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар, 2,3-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ спорт

Футзалын УАШТ ирэх сарын 3-нд эхэлнэ

2015 оны хөлбөмбөгийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 3-нд эхэлнэ.

Шилдэг 32 баг найман хэсэгт дөрөв дөрвөөр хуваагдан өрсөлдөнө. Хэсгээс гарсан 16 баг хасагдах системээр хоорондоо тааран тоглоно. Өөрөөр хэлбэл ДАШТ яаж явагддаг тэрхүү системийн дагуу тэмцээн үргэлжилнэ.

Аварга болж чадаагүй ч шилдэг гурван багийн нэг болж чадвал ирэх 2016 оны нэгдүгээр сарын 9-нд эхлэх футзалын лигийн тэмцэнд оролцох эрхээ авах боломжтой.

Өөрөөр хэлбэл футзалын төрөл ч мөн дээш доош шилжих олон улсын жишигтэй энэ жилээс эхлэн адил болж байна. Монгол улсад футзалын төрөл өндөр хөгжих боломжтойг бид бүхэн өнгөрөгч Ази тивийн тэмцээнээр тодхон харж чадлаа.

Энэ удаагийн футзалын УАШТ-д “Хүрхрээ” үндэсний I лигийн 8 баг багтсан. Эдгээр багууд хэсэг тус бүрийг толгойлон оролцож байгаа нь тамирчдын өрсөлдөөнийг ихээхэн сонирхолтой болгож чадлаа.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт Чуулганаар хэлэлцэх асуудлууд

2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 30-ААС 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
  • Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
  • Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

12 дугаар сарын 03-ны Пүрэв гарагт:

  • Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;
  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 04-ний Баасан гарагт:

  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;
  • Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хот үүсгэн байгуулагдсаны 795 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан эрдэм шинжилгээний бага хурал “Б” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
  • Бусад.

2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулга /Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцоно/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
  • Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • 2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсоно;
  • Намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар 1059 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох;
  • Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсох.

5.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлт.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар.
Categories
гадаад мэдээ

Канадын гоо бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцох эрхгүй болов

Хятадын Хайнань арлын Саньяа хотноо арванхоёрдугаар сарын 19-нд энэ оны дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн болно. Уг арга хэмжээнд оролцох эрх авсан Канадын миссийн тэмцээний ялагч Анастейше Линийг Хятадын хилээр нэвтрэхийг хориглосон талаар “Thе New York Times”-т өчигдөр мэдээлэв.

Тиймээс 25 настай А.Лин уг тэмцээнд орох боломжгүй болж байгаа бололтой. Дээрх сонинд дурдсанаар Лин бүсгүйд БНХАУ-ын ЭСЯ-наас виз олгохоос татгалзахдаа Хятадад хүний эрхийг хамгаалах, шашны эрх чөлөөний талаар сурталчилгаа хийж болзошгүй хэмээн үзжээ. Бүсгүй хэдэн долоо хоногийн турш визийн зөвшөөрөл авахаар хүлээж байгаад олгоогүй тул энэ сарын 25-нд Хонгконгийг зорьжээ. Тэндээс виз авах гэсэн боловч бас л бүтээгүй байна. Энэ талаар твиттертээ бичихдээ “Хятадын гаалийнхан намайг Хайнань арал руу нисэхийг хориглолоо. Би Хонгконгт байна. Би тус тэмцээнд оролцох бүрэн эрхтэй, оюутан бөгөөд гоо сайхны хатан хаан. Хятадын эрх баригчид юунаас ингэтлээ айнам” гэжээ.

Канадын Оттава дахь БНХАУ-ын ЭСЯ-наас түүнд виз олгоогүй талаар тайлбар хийхээс татгалзсан байна. А.Лин нь Хятадад төрсөн бөгөөд 13 насандаа Канадад шилжин суурьшжээ. Торонто хотод амьдардаг тэрээр Хятадын шашны бодлогыг шүүмжлэгч нэгэн. Мөн БНХАУ-ын 1999 оноос хойш үйл ажиллагааг нь хориглож ирсэн Фалуньгун хөдөлгөөний гишүүн аж. 2015 оны долдугаар сард А.Лин АНУ-ын Конгресст үг хэсэн удаатай. Түүндээ Хятадад Фалуньгун хөдөлгөөний гишүүдийг тарчлаан зовоодог тухай ярьж байжээ. Өнгөрсөн тавдугаар сард Канадад болсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд тэрбээр түрүүлсэн. Титмийн эзэн болсных нь дараа Хятадад амьдарч буй аав дээр нь НАХЯ-ны агентууд ирж айлган сүрдүүлэхийг оролдсон гэдэг.

Өнгөрсөн оны Дэлхийн миссээр ӨАБНУ-ын гоо бүсгүй Ролен Штраус шалгарч байсан бол Унгарын мисс, АНУ-ын гоо бүсгүйчүүд удаахь байруудад орсон юм.

Categories
гадаад мэдээ

Хамгийн үнэтэй цүнх

Францын алдарт “Luis Vuitton” нь
дэлхийн хамгийн үнэтэй цүнхийг хийсэн тухай мэдээллээ. “City Steamer MM bag” загварын
цүнх нь 55 мянган ам.долларын үнэтэй. Саяхныг болтол 50 мянган ам.долларын үнэтэй
“Dora PM” хамгийн үнэтэй цүнх гэгддэг байсан. Нэртэй брэндийн шинэ бүтээгдэхүүн
нь торонгийн арьсаар хийсэн алтан түгжээтэй, тугалын арьсан оруулгатай аж. 1854
онд байгуулагдсан “Luis Vuitton“ компани нь авдар, аяллын цүнхээрээ нэрд гарснаас
гадна гоёл чимэглэл, хувцас, гутал, цаг зэргийг үйлдвэрлэдэг билээ.

Categories
гадаад мэдээ

Орос, Туркийн хооронд визгүй зорчих журмыг цуцлахаа мэдэгдэв

Туркийн агаарын хүчнийхэн Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа хоёр улсын харилцаа хурцдаад байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Турк, Орос улсуудын хооронд визгүй зорчих дэглэмийг цуцлах шийдвэр гаргалаа. Тодруулбал Туркийн иргэд ОХУ руу визгүй журмыг цуцалж байна” хэмээн мэдэгдлээ. Шинэ журам ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна. Орос-Туркийн хооронд визгүй зорчих дэглэм 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр улсын иргэд 60 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй байсан юм. Оросын Су-24 загварын бөмбөгдөгч онгоцыг сүйрүүлсэн асуудлаар Орос болон Туркийн талууд өөр байр суурьтай байгаа юм. Оросын тал Туркийн агаарын хилийг онгоц зөрчөөгүй гэж үзэж байгаа бол Туркийн талын Су-24 бөмбөгдөгч онгоц тус улсын агаарын хилийг зөрчөөд 17 секунд болсон. Агаарын хилийг орхин гарах талаар удаа дараа анхааруулга өгсөн боловч хүлээж аваагүй учир онгоцыг сөнөөсөн хэмээн мэдэгдэж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга “Буянт-Ухаа” цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын 2000 м3 бохир ус цэвэрлэх байгууламж болон шинээр баригдаж буй 20.000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцав.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг болон “Буянт-Ухаа-1” хорооллын бохир усыг цэвэрлэх зориулалтаар Хан-Уул дүүрэг дэх 1000 м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж 2000 м3 багтаамжтай болгожээ. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, тус газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүү нар Улсын Их Хурлын даргад тус цэвэрлэх байгууламж, технологийг танилцууллаа. 2000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж нь 50.000 оршин суугч бүхий суурин газарт бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоотой юм байна.

Үүний дараа Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20.000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын талбайд ажиллаж, ажлын явцтай танилцсан юм. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт байгуулагдах 20.000 м3 барих ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиалгаар Турк Улсын хөрөнгө оруулалттай “Эйч Эн Си” ХХК, “Эртургуль” ХХК-иуд түншлэлээр гүйцэтгэж байгаа аж. Улсын төсвийн 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай баригдаж буй шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 70 хувь, бетон цутгалтын ажил 100 хувь гүйцэтгэлтэй байна. Тоног төхөөрөмжийн угсралтын ажил, дотор, гаднын заслын ажлуудыг гүйцэтгэхээр байгааг Улсын Их Хурлын даргад танилцуулж байв. Шинээр ашиглалтад орох цэвэрлэх байгууламж нь бохир усыг анхдагч цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ, тунгаагуур, шүүлтүүрээр шүүж цэвэрлэх Турк технологитой учир бохир усыг 98 хувиар цэвэршүүлэх аж. Ингэхдээ лагийн талбай ашиглахгүй, лагийг ил хатаахгүй, үүний оронд исгэж, боловсруулах технологийг нэвтрүүлэх юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2016 онд нийслэлчүүдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буй лагийн үнэрийг арилгах чиглэлээр холбогдох байгууллагууд ямар ажлыг хийж байгааг тодруулав. Ус сувгийн удирдах газар энэ чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөсөн байгааг газрын дарга С.Үнэн хэллээ. Түүнчлэн урт хугацаанд нэг нүсэр байгууламж барихын оронд шаардлагатай байршлуудад бага оврын олон тооны цэвэрлэх байгууламжуудыг барих боломжийг судлах талаар санал хэлэв. Мөн Төв цэвэрлэх байгууламжид шинэ цэвэрлэх байгууламжийн лаг хатаах технологийг нэвтрүүлэх, цаашид нийслэл хотын бохир усыг цэвэршүүлэхдээ дэлхий нийтийн хэрэглэж буй дэвшилтэт технологи, техникийг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцсан юм.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн хүмүүстэй хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар харилцан ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Сэжигтэн этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө нэгэн гэр бүлийн дөрвөн хүнд халдсан хэрэг гарсан. Гэмт этгээд гэр бүлийн дөрвөн гишүүний хоёрынх нь аминд хүрч, бусдынх нь биед гэмтэл учруулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавтай нь хамт хутгалж амь насыг нь бүрэлгэсэн. Харин ээж, ахынх нь биед гэмтэл учруулж, гэмтсэн иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ хэргийг үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгахаар П.Батбаяр гэгчийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгөтэй хар өнгийн кеттэй явж байж болзошгүй.

П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага өндөр үнээр худалдаж авна гэв.

Холбогдох утас: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/, цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, мөрдөн байцаагч, ахмад У.Амартүвшин /99102767/, эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэ /88850880/.

Categories
мэдээ спорт

П.Лхамдэгд хүрэл медалийн төлөө барилдана

“Жэжү-2015” жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдаж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрбээр эхний тойрогтоо Германы бөхийг юүко үнэлгээгээр хожсон бол хоёрдугаар тойрогтоо Австралийн бөхийг 19 секундэд цэвэр ялсан байна. Улмаар группын аваргын төлөө олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайла Харрисонд торгуулиар ялагджээ. Харин торгуулийн тойрогт манай бөх Испанийн Марта Торт Мариног 1:30 минутад вазари үнэлгээгээр хожиж яваад иппон буулгасан бөгөөд хүрэл медалийн төлөө Японы Рика Такаяматай барилдахаар учраа таараад байна.

Түүнтэй хамт энэ жинд зодоглосон ОУХМ Мөнх-Эрдэнийн Ууганжаргал тэмцээний эхний тойрогт ялагдал хүлээснээр үзэгчдийн суудалд шилжсэн бол +100 кг-д зодоглосон ОУХМ Баттулгын Тэмүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн ч хоёрын даваандаа ОХУ-ын Андрей Волковт ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.

Мөн энэ жинд зодоглож буй залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр Австралийн Николас Берардыг даралтаар цэвэр ялаад БНСУ-ын Ким Сун-Минд ялагджээ.

Тэмцээний медалийн төлөөх барилдаануудыг Улаанбаатарын цагаар 16:00 цагаас Sport Box, C-1, ETV телевизүүд шууд дамжуулна.