Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Сири, Украинаас өөр замаар явъя гэвэл үндсэн хуулийн өрчлөлт хийхээс өөр арга байхгүй

Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнайтай ярилцлаа.

ШӨХТГ-ын даргаар томилогдохоос өмнө та орон нутаг, дүүргүүдээр явж иргэдтэй уулзалт хийж байгаагаа ярьсан. Төрийн ажлыг өгснөөс хойш ч цөөнгүй хүмүүстэй уулзаж байна. Иргэдийн үзэл бодол, амьдралд өөрчлөлт гарч уу?

-ШӨХТГ-ын даргын ажлаа өгсний дараа Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзсан. Өнгөрсөн зун дөрөв, таван аймгаар явж иргэдтэй уулзлаа. Есдүгээр сарын сүүлчээс эхлээд Сонгинохайрхан дүүрэгт олон удаа уулзалт зохион байгуулсан. Давхардсан тоогоор 13 мянга орчим иргэнтэй нүүр тулж уулзлаа. “Амьдрал сайхан байна”, “Засаг төр сайн ажиллаж байна” гэж ярьсан хүнтэй тааралдсангүй. Энэ нь иргэдийн амьдрал хэцүү байгааг, төрд, ирээдүйдээ итгэх итгэл алдарсныг харуулж байна.

Хүмүүс юу ярьж байна вэ. Яавал ирээдүйд, төрд итгэх итгэл сэргэж, амьдрал нь сайжрах юм шиг байна?

-Ардчилсан нийгэм байгуулж байна гэж 25 жил өнгөрлөө. 25 жил гэдэг хувь хүнд ч, улс орны амьдралд ч богино хугацаа биш. Тиймээс өнөөдрийг хүртэл хаана хүрсэн бэ гэдгээ дүгнэх түүхэн цаг үед иржээ. Буруу замаар орсон бол засаад зөвөөр нь цааш явъя, зөв явсан бол иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байгаад дүгнэлт хийе. Хүмүүс ч үүнийг хүсч байна.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө тантай ярилцаж байхад “Хувьсгал хийх нь гарцаагүй боллоо гэж хүмүүс үзэж байна” гэж ярьж байсан. Хүмүүсийн үзэл санаа өөрчлөгдөж үү?

-Иргэд өөрчлөлтийг хүсч байна. Олон жилийн өмнө ч ийм л байсан. Гэхдээ би тэр өөрчлөлтийг хувьсгал гэж томъёолмооргүй байна. Сири, Украинд болж байгаа үйл явдал хувьсгалыг бидний хүсдэгээс өөр зүг рүү харуулж байгаа. Тиймээс би өөрчлөлт гэж томъёолмоор байна. Иргэд өөрчлөлтийг хүсч байна гэж дахиад хэлье. Энэ чигээрээ яваад байвал тухайн иргэний амьдрал сайжрах үгүйтэй биш Монгол Улстай холбоотой асуудал болж байгааг олон хүн ойлгож байна. Би хамгийн том гэгддэг бизнесмэнээс эхлээд Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүмүүстэй ч уулзлаа. Бүгд өөрчлөлт зайлшгүй гэдэгтэй санал нэгдэж байна.

Тэр өөрчлөлт нь юу байх вэ. Яаж, ямар байдлаар өөрчлөх вэ?

-Тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Аль нэг нам, дараагийн сонгуульдаа зориулж гэх мэтчилэн богино хугацаанд харахаас илүүтэй Монголоо бодоод Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хурдан хийх хэрэгтэй.

Үндсэн хуулийн төсөлтэй танилцсан байх. Зүйл заалт бүрийг нь дэмжиж байгаа юу?

-Маш их талархаж хүлээж авсан. Манай нийгэмд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт бүрэн туссан гэж ойлгож байгаа. УИХ-д хамгийн олон суудалтай намын гишүүн гэхээсээ илүүтэй “Иргэний нийгэм”-ийн гишүүн гэдэг байр сууринаас хэлж байгаа шүү дээ. Хуулийн төслөөс “Энэ нь буруу юм” гэдэг зүйл заалт харагдаагүй. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн сул тал нь хүч хаана төвлөрч байгаа нь мэдэгддэггүй. Үүнээс болж шийдвэр гардаггүй, шийдвэр гарахгүйгээс болж хэн ч хариуцлага хүлээдэггүй. Шинэ хуулийн төсөлд хүчийг нэг талд төвлөрүүлж, шийдвэр гаргах боломжийг нэг хүнд өгч байгаа нь харагдсан. Харин хариуцлагын асуудал суларч магадгүй нь анзаарагдсан. Япон, Герман гэж яривал өндөр ёс суртахуунтай ард түмэн. Японы Ерөнхий сайд байсан Кейзо Обучигийн охин дэвүүр тарааснаасаа болж сайн дураараа сайдын суудлаас огцорч байсан. Германы Батлан хамгаалахын сайд залуу докторын дипломын ажил дээрээ номноос нэг өгүүлбэр хуулсныхаа хариуцлагыг хүлээж огцорч байлаа. Харин бидний хувьд ёс суртахуун ийм хэмжээнд хүрээгүй. Тийм байхад хариуцлагыг зөвхөн ёс суртахуунд даатгах нь хэр зөв болж гэж эргэлзэж байгаа. Гэхдээ зөвхөн өнөөдрөөр харж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Арав, хорин жилийн дараахь Монголыг харж өөрчлөх ёстой. Хорин жилийн дараа манайх Япон, Герман шиг ёс суртахуунтай улс болно гэж итгэж байгаа учраас тэгтлээ эсэргүүцэхгүй байна.

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэм­жихгүй, хатуу эсэр­гүүцэхээ мэдэгдсэн?

-1990 оноос хойших бүхий л өөрчлөлт, шинэчлэлтийг МАН зогсоож, хаах талд байсан. Гадаад паспорт өгөхөд үгүй л гэсэн. Мал хувьчлахад болохгүй л гэж байсан. Орон сууц хувьчлахад эсэргүүцэж л байсан. Ний нуугүй хэлэхэд, МАН өнгөрсөн 25 жилд бүх өөрчлөлтөд тормоз болж байсны үр дүн өнөөдрийн нийгмээр харагдаж байгаа шүү. Ардчилсан хувьсгал хийснээс 25 жилийн дараа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор бие, биеэ шагнаад сууж байна. Англиар түүнийгээ юу гэж орчуулахыг мэдэхгүй, гадны хүнд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй 25 жилийн түүхийг бий болгосон.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна сүүлийн үед олон баривчилгаа боллоо. Тэр бүхнийг улс төртэй холбон тайлбарлах хүмүүс олон байна. Сонгуулийн өмнөх улс төр гэх юм. Танд тийм холбоос харагдаж байна уу?

-Хэрэг илэрч байвал сайн. Авлигатай тэмцэнэ гэдэг хүнд ажил. Баригдсан хүмүүст, гэр бүлд нь хэцүү л байх. Гэхдээ улсаа, ирээдүйгээ бодвол авлигатай хатуу тэмцэх нь зөв. Бид өнөөдөр зөв соёлыг бий болговол хойч үедээ түүнийгээ л үлдээнэ. Өнгөрсөн 25 жилд дэндүү замбараагүй явсны үр дүнд өнөөдөр залуучууд улс төрийг баяжих бизнес гэж харж байна. Улс төр гэдэг ардаа хариуцлага байдаг, буруу хийвэл нэр төр, юу ч үгүй болж дуусдгийг зарим нэг хүнээр үзүүлэх ёстой. Би хүний нэр хэлмээргүй байна. Тэр хүнд хэцүү байж болзошгүй. Гэхдээ үндэсний эрх ашиг, улс орноо боддог байх хэрэгтэй. Авлигатай тэмцэхийн нөгөө талд хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг байр сууриндаа хатуу байх ёстой.

Та ажлаа өгснөөс хойш улс төрд илүүтэй анхаараад байна уу. Эсвэл өмнөх сонгуулийн өмнөх шиг “Магнай ард түмэнтэйгээ хамт гудамжиндаа байна” гэж ярьж байгаа юу?

-Улс төр парламентад байдаг. Эсвэл гудамжинд жагсаал хийвэл ойртдог байж болох юм. Түүнээс энэ танхимд та бид хоёр мянга улс төр яриад улс төр болохгүй, сайн дурын уран сайхан л байж магадгүй. Би аль болох олон хүнтэй уулзаж байна. Иргэд юу хүсч байгааг зайлшгүй сонсч байх хэрэгтэй. Магнайгаас гадна төрд байгаа олон хүн иргэдийг сонсч байвал төрийн шийдвэр иргэндээ наалдана. Нийгмийн олонхийн төлөө шийдвэр гаргадаг нийгмийг ардчилал гэж тодорхойлдог. Гэтэл өнгөрсөн он жилүүдэд шийдвэр гаргадаг хүмүүс ард түмнээсээ тасарснаас болж төрийн шийдвэр иргэнд очихгүй байна. Үүнээс болж хоёр өөр монгол бий болсон байна шүү дээ. Сонгинохайрханы захын хорооны монгол, Багатойрогт ажиллаж байгаа монгол хүний бодож байгаа бодол, хүсэл нь огт өөр байгаа. Ийм байж болохгүй.

Улс төрийг парламентад хийсэн нь илүү үр дүнтэй гэж та шийдсэн үү?

-Миний шийдвэр биш. Угаасаа л улс төр парламентад байдаг.

Та Багатойрог, Сонгинохайрханд хоёр өөр монгол байна гэж ярилаа. Сонгинохайрханы монголчуудад та хувцас тараасан. Таны хийсэн ажлыг “Магнай тусламжаар ирсэн хуучин хувцас тарааж доромжиллоо” гэх шүүмжлэл бас дагасан.

-Би ямар ч шүүмжлэлийг эерэгээр хүлээж аваад сурчихсан давуу талтай. Түүх ярья. “Exclusive” компани хувцсаа үнэгүй тараана гэдэг мэдээллийн дараа монголчууд яаж цугласан билээ. Түүнийг хараад “Хүмүүст хувцас тараавал хүнд хэрэгтэй ажил болох юм болов уу” гэж бодсон. Ингээд гадаадад байдаг найзуудаасаа “боломж байна уу” гэж асуухад “Замынхаа зардлыг чи хариуц. Бид шинэ хувцас өгье” гэсэн. Тэгтэл “Бид Монгол” компани тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар боллоо. Хүмүүс хувцас аваад үнэхээр баярласан. Юуг ч мушгиж, гуйвуулдаг хэсэг байдаг шүү дээ. Тэд л хуучин хувцас тараалаа гэсэн байх. Хэдэн мянган хувцас тараахад ганц нэгийнх нь товч тасарсан, түүнийг авсан нь хуучин гэж бодсон бол би уучлал гуйхад бэлэн байна. Хэрэггүй нэгэнд хэрэггүй л байх. Захын хороололд амьдарч байгаа, солих хувцас амьдралынх нь асуудал болсон хүмүүст би дэм болсон гэж итгэж байгаа.

Таныг цахим ертөнцөөр шүүмжилж байгаа хүмүүст солих хувцас чухал биш байх. Харин танаас хувцас авсан хүмүүс хэрхэн хүлээн авч байна?

-Арав гаруй мянган иргэнд хувцас тараалаа. Их ч баярласан. Хоногийн хоолгүй, мөнгөгүй, ажилгүй, олон хүүхэдтэй хүнд миний өгсөн хувцас ямар дэм болсныг ойлгохгүй нэг нь ойлгохгүй л байх.

Дараа нь та нүүрс тараасан. Сошиал медиагаар тарсан бичлэгээс харахад хүмүүс шуудай нүүрсэнд “алалцаж” байв уу?

-Бид тухайн хорооны хүнд амьдралтай хүмүүст купон тараасан. Нэг купоноор хоёр шуудай нүүрс авах юм. Хүмүүс купоноо авч ирээд нүүрсээ авч байсан. Сошиалаар тар­сан бичлэг үзсэн хүмүүст эвгүй сэтгэгдэл төрсөн байж магадгүй. Юу болсон гэхээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын нөхдүүд согтуу хүмүүс явуулаад үймээн гаргачихсан хэрэг. Согтуу нөхдүүд тэвш рүү дайрч гараад нүүрс шидээд үймээн дэгдээчихсэн юм билээ. Магнайг муухай харагдуулах гэхээсээ манай нийгэм ямар байгаагийн илрэл л дээ.

Засгийн газраас хэсэг хугацаанд “Нүүрс хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ ажлыг хийсэн хүмүүс хэрэгт холбогдсоноор иргэдийг хямд нүүрсээр хангах ажил зогссон. Ер нь иргэдийг хямд нүүрсээр хангах боломж байна уу?

-Монголчууд юугаар баян нүүрсээр баян. Газрын тосоор баян улсад бензин авахдаа литрээр хэмждэггүй, банкаа дүүргээд дөрөв, таван ам.доллар төлдөг шиг төр зөв зохион байгуулбал нүүрс маш хямд байх боломж байна. Сонгинохайрханы захын хорооллоор явж байхад гурван хүүхэдтэй эмэгтэй тоосгыг хаягдал тосонд дэвтээгээд түлж байгааг харсан. Юун маргааш, өнөө шөнө яаж дулаан хонох вэ гэж байгаа айл олон байна. Тийм хүмүүст таван шуудай нүүрс өгчихье гэсэн бодлоор энэ ажлыг хийсэн. Найзууд маань туслаад арван вагон нүүрс хандивласан. Түүнийгээ л тарааж байгаа.

Арван вагон нүүрсийг хэдэн айлд өгөхөөр тооцоол­сон бэ?

-Уурхайгаас ачуулаад ирэхэд 20-30 хувь хаягдал болдог юм байна. Л.Гансүх нарын шүүх хуралдааныг үзэж байхад гайхаж байлаа. Гэтэл уурхайн аман дээрээс ачуулаад Улаанбаатарт буулгахад 30 хувь нь зүгээр л алга болчихдогийг өөрөө мэдэрлээ. Ингээд тооцохоор арав гаруй мянган шуудай нүүрс тарааж байгаа юм.

Танаас хэр их мөнгө гарав?

-“Алаг толгой” уурхайгаас нүүрс хандивласан. Нүүрсээ үнэгүй авсан гэсэн үг. Нэг вагон нүүрсний тээврийн зардал 600 мянган төгрөг. Арван вагон нүүрс авчрахад зургаан сая төгрөг боллоо.

Хувцас, нүүрс тараалаа. Хэдийгээр үнэгүй авсан ч тээвэрлэлт, иргэдэд тараах зардал багагүй гарсан болов уу. Эдийн засаг хүнд энэ үед яаж зохицуулж байна?

-Миний орлогод санаа зовж байна уу?

Таныг олон улсын “Ардчиллыг бэхжүүлэх сан”-гаас хэдэн мянган ам.доллараар цалинждаг тухай сонссон болохоор санаа зовохгүй байна л даа. Харин тэр их мөнгийг ардчиллын төлөө зарцуулж байна уу гэж хардаад.

-Нэгдүгээрт, тэр сан бол 2008, 2009 оны асуудал. Одоо тийм сан байхгүй. Хоёрдугаарт, цалингаа зөвхөн өөртөө зарцуулдаг хүний дэргэд би олон хүний төлөө амьдардаг. Тиймээс намайг дэмждэг, Монголыг Магнай өөрчилнө гэж итгэдэг маш олон хүн бий. Би олон нийтийн хүн. Цалингаараа шар айраг уучихаад, твиттер, фэйсбүүкээр бухимдлаа илэрхийлээд сууж байгаа залуу авч байгаа цалингаараа бүхнийг хэмжих нь аргагүй. Нийгмийн сайн сайхны төлөө амьдарч байгаа хүнд боломж хязгааргүй байдаг. Дэлхий уужим. Би гурван захидал бичээд л арав гаруй мянган хувцас олчихсон. Таван хүнтэй уулзаад арван хэдэн мянган шуудай нүүрс тараачихлаа. Үүнийг улс төр гэж ойлгохоосоо илүү хүмүүнлэгийн талаас нь хараасай гэж хүсч байна.

Таны гадаад, дотоод найзууд тун өгөөмөр юм аа?

-Нэг жишээ ярья л даа. 2009 онд Харвардад суръя гэж бодсон. Чиний мөнгө хамаагүй, чи хэн бэ, энэ сургуулиас юу хүсч байгаагаа л хэл гэдэг хариу ирсэн. Өөрийнхөө кэйсийг бичээд явуулахад Польшийн парламентын гишүүн “Ирээдүйтэй залуу байна” гээд сургалтын бүх зардлыг даая гэсэн захидал ирүүлж байсан. Идэвхтэй, олон хүний сайн сайхны төлөө ажиллавал олон хүн чамайг мэддэг болно. Олон танилтай бол олон ажил бүтдэг гэдгийг эндээс ойлгож байгаа биз. Хаа очиж би гадаадад олон найзтай. Дэлхий хавтгай, боломж хязгааргүй. Зөвхөн хуруугаа л хөдөлгө. Сэтгэлгээний хувьд баян, асуудлыг томоор харж чадвал боломжгүй зүйл үгүй. Гэртээ суучихаад бусдыг шүүмжилж байгаа хүнд миний ярьж байгаа зүйл бүтэшгүй байх.

Сонгинохайрханаас сонгогдсон УИХ-ын гишүүн нэгж өгч байж уулзалт хийж байгаа харагдсан. Та маш олон хүнтэй уулзаж байгаа зургаа цахим хуудастаа тавих юм. Иргэдийг яаж идэвхжүүлэв?

-Хүмүүс надаас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг. Хүн бүр өөрийнхөө төлөө санаа зовдог байх ёстойг би хэлдэг. Жастин Бибер өөрийнхөө дууг youtube-д тавьсан. Өнөөдөр дэлхийн од болчихсон, 15 сая ам.долларын байшинд амьдарч байна. Монголчууд үнэхээр авьяастай бол фэйсбүүк, твиттерийг хүн муулах хэрэгсэл болголгүй дуугаа цац л даа. “Авьяаслаг монголчууд”-д орох шаардлагагүйгээр цахим сүлжээгээр дэлхийд танигдах боломж байна. Үүнийг л би уулзсан хүмүүстээ хэлдэг.

Таныг “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай гэдгээр андахгүй. Тийм ч учраас өөрчлөлт, шинэчлэлтийг хүсдэг байх.

-Би угаасаа “Иргэний хөдөлгөөн”-ий Магнай байсан, байсаар ч байна.

Тантай мөр зэрэгцээд “Иргэний хөдөлгөөн”-д явж байсан зарим хүн УИХ-д ороод таг болчихсон. Та ч бас УИХ-ын гишүүн болоод “томоожчих” юм биш биз?

-Хүн төрөлхтний түүх хувь хүний л түүх байдаг. Үүнтэй адил Монголыг нэг л хүн өөрчилнө. Нэг л хүн гарч ирж дагуулна. Тэр өөрчлөлтийг л хийх ёстой.

Тэр нь та гэдэгт итгэж байна уу?

-Монгол хүн бүр өөрийгөө гэж хараасай гэж хүсч байна. Та надад итгэж байгаа учраас УИХ-д ороод чимээгүй болчих юм биш биз гэж болгоомжилж асууж байгаад баярлаж байна. Хүмүүс надад итгэж байгаа учраас түүхэн өөрчлөлт хийх агуу хүсэл санаа надад бас бий.

Зарим хүн өөрийгөө шатааж тэмцэл хийлээ.

-Би яагаад ч үүнийг зөвтгөж чадахгүй. Эрүүл мэндээрээ хохирч, нийгмийн сэтгэл зүйг шархлууллаа. Түвдэд 50 хүрч байж гадагшаа явах паспорт авдаг. Түвдүүд аргаа ядахдаа өөрийгөө шатаадаг. Тэдэнтэй харьцуулашгүй эрх чөлөө байгаа учраас дуурайж болохгүй. Хятадын компаниас цалин авахгүй гэж өөрийгөө шатаасан гэж ойлгосон. Даяаршсан нийгэмд ийм тэмцэл хийж байгаа нь харамсалтай санагдсан.

Та намтайгаа хэр ойр байгаа вэ?

-Нам бол нар шиг. Хамаагүй ойртвол шатчих гээд, холдвол хөлдчих гээд байдаг. Хэмжээгээ бариад л явж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.БАЯРБААТАР: Дэлхийн гоо бүсгүйчүүд миний дэглэсэн монгол бүжгийн хөдөлгөөнийг дагаж хийхэд сайхан санагдсан

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжиг дэглээч, СУИС-ийн багш Д.Баярбаатартай ярилцлаа. Түүний харьяалагддаг ҮДБЭЧ-ын 65, СУИС-ийн 25 жилийн ой тохиож буй учраас тэрбээр тун ч завгүй харайлгаж явлаа.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 65 жилийн ойгоо угтан сүүлийн таван жилд туурвисан дорвитой бүтээлүүдээ үзэгчдэдээ дээжлэн барьж буй. Үзэгчдийн талархлыг хүлээсэн “Монголын их хатад” бүжгэн жүжиг арваннэгдүгээр сарын 22-нд тус чуулгын тайзнаа дахин тавигдах юм.

Таны дэглэн найруулсан “Монголын их хатад” бүжгэн жүжигтесөн хатны жаргал, зовлонг бүжгийн хэлээрөгүүлдэг. ТухайлбалГуа марал гэдэг домгийн эмэгтэйн дүрийг сэтгэлдээ хэрхэн ургуулсан тань сонин байна?

-Хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолтБ.Мөнхболд ажилласан. Манай найруулагч Н.Болд бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн. Залуу үеийн бүжиг дэглээч А.Даваахүү Өүлэн эхийн бүжгийг хийсэн. Х.Хашхүү Алунгоо эхийн бүжгийг хийсэн. Миний хувьдГуа марал, Бөртэ хатан, Дөргөнэ хатан, Сорхугтани бэхи хатан Чимбай, Самар хатан, Мандухай сэцэн хатны бүжгийг найруулждэглэсэн юм. Зураачаар Ц.Энхтуяа ажилласан, хөгжийн найруулгыг М.Бирваа хийсэн. Энэ бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээоролцсонтом ажил болсон. Монголын түүхэнд үлдсэн олон хатан бий. Монголчуудесийн тоог бэлгэддэг учраас есөн хатныг сонгосон. Гуа маралыг орчин үеийн модерн бүжгийн стилиэр тэнгэр огторгуйгаас нисэн бууж ирж байгаагаар дүрсэлсэн. Орчин үеийн модерн бүжгийн хэмнэлийг монгол бүжгийн бий биелгээний арга барилтай хослуулан дэглэсэн. Бүжиг бол сэтгэл болоод биеийн хөдөлгөөний урлаг. Тайзан дээрүйл хөдлөл, дохио зангаа, бүжгийн хэлээр ярих учиртай. Манай бүжигчид маш сайн ажиллаж, өөр өөрийн дүрийг онцгой сайн бүтээсэн.

ӨгөөдэйнДөргөнэхатаннөхрөө нас барсны дараа Их Монголын төрийг барьж байсан, ордны хуйвалдаантайхолбогддог зөрчилтэй дүр. Бусад эерэг талын дүрүүдийг бодвол сонирхолтой хатан?

-Хатдын дүрийг босгохынтулд Монголын олон түүхч, зохиолч, эрдэмтэдтэй уулзлаа. Гадны зохиолчдын бүтээлийг бас уншсан. Жак Уэтерфордын “Монголыних хатдын нууц товчоо” зохиол бодит түүхтэй дөхөж очсон санагдсан. Дөргөнэ хатан төрийн эрхийг таван жил барьсан. Алдаа оноо байсан. Дөргөнэ хатны сэнтийн дэргэдэхАлтан судраар алтан ургийн бичээс, төрийн халдашгүй байдлыг төлөөлүүлсэн. Дөргөнэ хатныг зориудаар шанз, шударга хөгжмөөр илэрхийлсэн.

Хубилайн хатан Чинбайнмэдээлэл хомс үлдсэн гэдэг. Гэхдээ төрийн багш дээд талд суух уу, хаан дээд талд нь суух уу гэдэг асуудал яригдахад төрийн хэрэг ярихад хаан дээрээ шашны асуудал яригдахад багш дээд талдаа суу гэх мэтээр зөвлөж байсан гэдэг юм билээ?

-Чинбай хатан миний хувьд хамгийн сонирхолтой дүр байлаа. Хубилай хаанЮань гүрнийг байгуулаад, ордонд их найрал хөгжмийг бий болгож, олон бүжигчингбүжиглүүлж байсанбаримт үлджээ. Юань улсын сударт бүжгийн хөдөлгөөнийг урагш нэг алхаж цомцойж сууна. Хоёр гараа дээш өргөж тэнгэр рүү цоройно гэх мэтээр бичсэн байгаа юм. Чинбай хатан ухаантай хатан байсан. Нум сумаар харвахад наранд нүд гялбаж байгааг сонсоодмалгайн саравч зохиосон уран үйл оёдог, ухаантай хатан байсан гэдэг. Чинбай хатнаар төлөөлүүлээд ордны байдлыг илэрхийлсэн. Олон хатны бүжгийг дэглэнэ гэдэг маш олон бүжгэн жүжиг хийж байгаа юм шиг, олон бүжгийн бүтээл төрж байгаа юм. Ордныбүжгийн хэв маяг намба төрх ийм байсан болов уу гэж төсөөлсөн. Орос, Францын ордны бүжиг гэж ярьдаг бол XIII зуунд Их Монгол Улсад төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг байсан юм. Монголчууд ийм л баялаг түүхтэй, асар их өв соёлтой ард түмэн. Баялагуламжлалаас санаа аваад ордны бүжгийн дэг жаяг монголчуудад байсан юм шүү гэдгийг харуулсан юм.

Хатдын дүрийг сонгохдоо юу анхаарсан бэ. Мандухай хатны дүрд Мандхай нэртэй бүжигчин таарсан байна лээ?

-Хатдын дүрийг сонгохдообүжигчдийнхээ хөдөлгөөний хурд, чадвар, техник, нуруу туруу, царай зүсийг харж байжсонголтоо хийдэг. Мандухай хатны дүрд яг л Ж.Мандхай нэртэйбүжигчний дүр төрх таарсан. Мандхай бол эрэгтэй хүнд л байдаг бүжгийн хурд, техникийг эмэгтэй бүжигчин харуулснаараа онцлог дүр.

АСЕМ-ийн ёслолын үеэр “Монголын их хатад” тоглосон гэсэн?

-Есөн хатан маань гадаадын улс орноор олонтаа тоглосон. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Швейцарийн Давос хотноо болсон эдийн засгийн форумд уригдсан. Мөн Японд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тоглосон. Ер нь УИХ-ын гишүүд олноороо ирж үзсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зорьж ирж байлаа. 99 тэнгэрийн орноосерөөл билгийн есөн хатныг урин дуудаж, бүжгийн дэгээр дархлан тамгалав гэж би хэлсэн. Есөн хатны сүнс биднийг харж байгаа. Тийм учраас хатдыг нэг нэгээр нь буулгаж ирээд, тэднийамьдралыг бүжгийн хэлээр үзүүлж байгаа. Хамгийн сүүлд есөн хатан бөөгийн онгодоор бууж ирээд бүгдээрээ бүжиглэдэг.

Бөөгийн онгод гэснээс та “Тэнгэр дуудсан онгод” гээд ардын урлагийн тоглолт хийж байсан. Танд бөөгийн онгод, далд хүч, мэдрэмж нөлөөлдөг үү?

– Мэдээж маш олон юм уншиж судлахаас гадна онгод хийморио хөглөж байж энэ бүтээлийг хийхгүй бол төрийн их хатдаар хамаагүй оролдож болохгүй. Хатдын үзэгдэл болгон бөөгийн дуудлагаар эхэлдэг. Онгод хийморь далд юм байж л бүжгийн бүтээлийг хийнэ шүү дээ. Хэдэн хоосон хөдөлгөөнхолбоод хийчихвэл бүжгэн жүжиг биш л дээ.

Бугуйдаа зүүсэн эрхи чиньямар шидтэй эд вэ?

– Үүнийг гэгээнтэн хүн өгсөн юм. Зава Дамдин ринбүүчи гэгээнтэн миний “Бие чинь болъё”, “Аягатай биелгээ”-г үзчихээд “Энэ хүнтэй уулзмаар байна. Бүтээл нь их өвөрмөц сонин юм” гээд уулзсан. Тэгээд надад энэ 21 цагаан тана өгсөн юм. Үүгээр өөрийгөө хөглөж явдаг юм. Би бол тэнгэр газраа шүтдэг. Түүнээс биш шашин шүтлэг гээд байх юм үгүйээ.

Таны Сорхуг­тани хатны бүжгийг Дэлхийн мисст оролцсон эмэгтэй бүжиглэхэд сэтгэл хөдөлсөн байх?

-Миний дэглэсэн бүжгийг М.Бямбаа гээд гоцлол бүжигчин хийсэн. М.Бямбаа маань мисс Батцэцэгт хэсгээс нь зааж өгөөд Батцэцэг дэлхийн мисст очиж бүжиглэсэн юм. Дэлхийн гоо бүсгүйчүүд Д.Баярбаатарын дэглэсэнмонгол бүжгийн хөдөлгөөнийг дагаж хийхэд үнэхээрсайхан санагдсан.

Таны дараагийн уран бүтээл юу байх бол?

-Төрийн ёслол хүндэтгэлийн бүжгийг хийсэндээ бахархаж байгаа. Энэ бүтээл чуулгын 65 жилийн ойд зориулж хийсэн эхний бүтээл маань. Би М.Бирваа гэж залуу хөгжмийн зохиолчтойхамтарч ажилладаг. Миний уран бүтээлийн 70 хувь нь М.Бирваагийн уран бүтээл байдаг. М.Бирваа бид хоёр “Монголын нэг өдөр” гэсэн нэртэй Монгол түмний их цэнгэл бүжгийн чуулбар хийхээр ажиллаж байгаа.

Бий биелгээ гэхэд л амьдралаас ургасан хөдөлгөөнүүд байдаг. Харин та гадуур явж байхдаа бүжиг шиг хөдөлгөөнтэй хүмүүстэй хэр таардаг вэ?

-Уран бүтээлийнхээ санааг хөдөө байгаль, монголчуудынхаа ахуй амьдрал, тал нутгаас олж авдаг. Монголынхоо тал нутгаар аялж, домог түүхээс сэдэвлэж уран бүтээл төрдөг. “Жороо нь жороо” бүжиг маань Хөх хотод болсон Монгол туургатны бүжгийн уралдаанаас бүжиг, хөгжим, хувцасны төрлөөр гурван алтан медаль хүртсэн. Ховд аймагт ажлаар явахдаа жороо морины өвлийн уралдаан үзсэн юм. Хар азарга түрүүлж ирсэн. Жороо морины хөдөлгөөн, дээр нь суусан тэнзэн ташууртай хүний намба төрхийг хараад ганзага цацлам жороо нь жороо гэдэг санаа орж ирсэн юм. Ирээд М.Бирваадаа жороо морины тухай бүжиг хийе гээд санаагаа хэлсэн. Францад явахдаа монгол гэр хашаан дотор барьсан байхтай таарсан. Үзмэр ч юм шиг харагдаж байв. “Хөөрхий, монгол гэр маань үзмэр болчих вий дээ” гэж бодогдсон. Бид Монголынхоо тал нутагт амьдарч, нүүдэлчин ахуй соёлоо хадгалж үлдэх учиртай. Тал нутаг уламжлалаа хадгалж үлдвэл дэлхийн хамгийн өвөрмөц онцгой нүүдэлчин улс хэвээрээ үлдэнэ. Гэрийн унь, тооно, хана тэр чигээрээ модернизм, урлагийн бүтээл байхгүй юу. Тэгээд гэрийн тухай, бат бэх, хайр, арга билгийн тухай бодоод эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие сэтгэлээрээ уусч, бат бэх, эв нэгдэлтэй байя, үр хүүхэдтэй болъё гэсэн санаагаар “Бие чинь болъё” бүжгээ дэглэсэн. Жижиг хэрэглэлүүд нь бэлгэдэл, далд утга санаатай. Малгай нь тооно, хормойг нь ханаар эмжүүлээд, цацаг нь хаан бугуйвч, хатан сүйхээр эмжээртэй гэх мэтээр төсөөлж хийсэн бүтээл. Большой театр гэх мэт дэлхийн том театруудад тоглолоо. Уран бүтээлч хүн байнга л эрэл хайгуул хийж явдаг. Наадмын талбайдтөрийн концерт найруулж байхдаа А.Сүхбат аваргын сууж байгаа намба төрхийгхараад, араас нь зургийг нь авчихсан. Монгол хүн л тэгж сууна даа.

Тандүг хэлээр өөрийгөө ойлгуулах нь амар байдаг уу, бараг бүжиглэчихсэн нь шулуун уу?

-Маш сайхан ярьдаг хүмүүс байдаг. Би бол ярихаасаа илүү гар, бие хөдлөөд л байдаг. Дотроо бодсон юмаа бүжигчдэд ойлгуулах гэж зовно. Ингэж хий гээд өөрөөүзүүлнэ. Утгыг хөдөлгөөнөөр илэрхийлнэ гэдэг учиртай. Бүжгийн урлагийн гайхамшигүүнд л бий.

Та бүжиглэхээс өөр ямар хоббитой вэ?

-Хөөмий шүү дээ. Монгол хөөмийн анхдугаар уралдаанд тэргүүн байр авч байлаа. 2009 онд болсон хөөмийн олон улсын симпозиумын Гран при шагналыг авсан. Францад жил бүрбие даасан тоглолтоо хийдэг. Сонирхуулахад би саяхан Францад эх хувиа бэлтгүүлээд Английн том студид Д.Баярбаатарын “Монгол хөөмийн урлаг” гэж цомог гаргасан. Европ, Америктонлайнаар зарагддаг. Миний цомог есдүгээр сарын 29-ний байдлаар “Mergingart” продакшны долоо хоногийн Дэлхийн хөгжмийн чартыг борлуулалтаараа тэргүүлсэн. Минийхөөмийн цомог монгол хөөмийн урлагийг дэлхийд сурталчилж байгаа гэж баярлаж байна.

Монголоос өөр орны хүмүүс хөөмийлж чадах уу?

-Ази, америк, герман гээд хөөмийг оролдоод сурч байгаа хүмүүс байна. Гэхдээ яаж монгол хүн шиг нарийн нандин аялгуу гаргах вэ дээ. Монгол хөөмийн урлаг бол монголчуудад эртнээс уламжилж ирсэн ховор нандин өв.

Categories
мэдээ цаг-үе

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал (II)

Ганц модны боомт орчимд олны хөл татарчээ. Шинэ, хуучин барилгатай гудамжаар хоёр гурван хүн бүртийтэл алхаж яваа харагдав. Гудамжаар алхах хүмүүсийг харахад монгол жолооч нар болох нь төвөггүй танигдана. Хятад эздийн нүдэнд өртөж чадалгүй, нүүрс тээвэрлэлтэд явж чадаагүй “янхан” хочтой жолооч нарын олонхи нь архины мухлаг барааджээ. Градус өндөртэй архи худалдаж аваад ууж суух аж. Нүүрс тээвэрлэлтэд яваад ажлынхаа хөлсийг авсан нэгнээсээ архины мөнгө зээлж ууж байлаа. Мөн зарим нь зочид буудал барааджээ. Халаасандаа ямар ч мөнгөгүй жолооч нар нэгнийхээ гадаад паспортыг зочид буудлын барьцаанд үлдээж хоног төөрүүлж байв. “Анд” гэсэн нэртэй зочид буудалд 200 гаруй жолооч хоноглож байгаа гэлээ. 2006 оны үед Ганц модны боомт дээр хэдэн шавар тагзнаас өөр юу ч байхгүй, шар элс шуурсан эзгүй газар байсан гэнэ. Харин манай улсын нүүрс олборлолт нэмэгдэж, урд хөршид худалдаалах болсноос хойш хүний хөл хөдөлгөөн хэдэн зуу дахин нэмэгдсэн гэнэ. Үүнээс үүдэн Ганц модны боомт дээр арав хүрэхгүй жилийн дотор том хот сүндэрлэн боссон аж. Хятадын бизнесмэнүүд Ганц модны боомтод ирж, хоёр гуравхан жилийн дотор зочид буудал, цайны газар, ресторан, пааб, улаан дэнлүүний гудамж, худалдааны төв, авто засвар, машин угаалга гэх мэт олон байгууламж барьжээ. Одоо харин нүүрс тээвэрлэлт хэд дахин буурчихсан болохоор Ганц модны боомтын бүх байшин барилга хоосорч, эзэнгүйдэж. 500 орчим монгол жолооч Ганц модны боомтод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон цайны газруудын үйлчлүүлэгчид.

337 мянган төгрөгийн төлөө тэмцэж байна

Ажил олдоогүй жолооч нар архи ууж согтоод хотын гудамжинд агсан согтуу тавих аж. Мөнгө байхгүй мөртлөө такси бариад жолоочид нь зодуулах, эсвэл гудамжинд “тасарч” унаад унтаад өгөх. Архины мухлагийн эзэнд хөөгдөх, архи ууж согтоод “Хятадууд аа бүгдээрээ гараад ир. Намайг барах хүн байна уу” гэж агсам тавьж хашгираад эргүүлийн цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд хонох зэргээр Ганц модны боомтын шөнийн амьдрал иймэрхүү дүр зурагтайгаар эхлэх юм. “Анд” зочид буудалд яваад очлоо. Зочид буудлын эзэн “30-60 юанийн буудал байна. Та хэдэн юанийн буудалд буумаар байна. Паспортоор үйлчлэхгүй шүү. Янхан жолооч нараар буудал дүүрчихлээ” гэсээр угтав. Тэгснээ сейфээ онгойлгож гадаад паспорт тэвхийтэл өрсөн байгаагаа үзүүлэв. Жолооч нартай уулзах гэж яваагаа хэллээ. Тэгсэн “Хэнтэй нь уулзах гээд байгаа юм. Өрөөнд ороод архи уугаад ядаргаа болно” гэж үглэв. Ингээд “Анд” зочид буудлын монгол жолооч нар байрлаж байгаа хэд хэдэн өрөөгөөр орлоо. Бидний эхний орсон өрөөнд Хөвсгөл аймгаас ирсэн Г.Ганзориг, Л.Түвшинтөр нар байв. Мэнд мэдэлцээд хятадуудын машиныг барьж өгч амьдралаа залгуулж байгаа жолооч нарын талаар ярилцлаа.

Монгол жолооч нар хятадуудад дээрэлхүүлээд хэцүү байдаг гэсэн. Нутагтаа очоод ажил хийж болохгүй байна уу?

-Хэдэн төгрөг олж гэр бүлээ тэжээхийн төлөө хятадуудад дээрэлхүүлээд явж байна. Хятадуудад дээрэлхүүлж энд ингэж тарчилж байхаар гэртээ очоод амьдар гэж хэлэх байх. Үнэндээ хотод очоод ажил олдохгүй байна шүү дээ. Барилга дээр ажиллаж үзсэн. Сар гаруйн хугацаанд ажиллуулаад цалин өгөхгүй. Цалингаа авах гэхээр “Эдийн засаг хямарсан гээд захиалагч компани мөнгөө өгөхгүй байна” гээд л янз бүрээр зовлон тоочдог. Өөр газар ажилд орохоор бас л адилхан. Энд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын ихэнх нь дунд боловсролтой, их, дээд сургууль төгсч мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүс. Тийм болохоор хар бор ажил хийж байна. Аргаа бараад л энд ирж хятадуудыг царай алдаж байна. Өөрөөр мөнгө олох боломж үнэндээ алга. Энд гэр бүлээ тэжээх гэж ирсэн жолооч нар нэг зочид буудлаас нөгөө рүү дамжин амьдардаг.

Зочид буудлын үнэ хямдхан байдаг гэсэн. Мөнгө байхгүй бол хаана хонодог вэ?

-Энэ зочид буудал хямд үнэтэй байдаг нь үнэн. 400 гаруй мянган төгрөг өгөөд л жил байж болох зочид буудал олон байгаа. Хоногт 30 юань төлөөд хонодог энэ зочид буудал арай тав тухтай байдаг юм. Таван юань төлөөд хонож болдог шавар тагзан байшин бий. Цаанаасаа гал түлээд өгчихдөг болохоор их дулаахан. Гэхдээ нөхцөл байдлын хувьд хэцүү. Бүр ямар ч мөнгө байхгүй болсон үед нүүрсний машины эздээс машиныг чинь харж өгөөд хоноё гэж гуйдаг. Хөнжил гудсаа барьж очоод аль дуртай машиндаа хонож болдог юм. Өнөөдөр зочид буудлын мөнгө байхгүй олон жолооч тэнд хонож байгаа. Машин хараад хоноход аюултай, амь насаа ч алдаж магадгүй байдаг юм. Шөнө хятад жолооч нар ирээд машинд хонож байгаа монгол жолооч нарыг зоддог. Машиных нь цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгож ороод л ямар ч өчиггүй зоддог. Харанхуй шөнөөр хэн ирээд зодож байгааг мэдэх боломж байхгүй. Мод, төмөр, чулуугаар хүн гэж хайрлахгүй зодно. Гэхдээ шөнө болгон хятад жолооч нар ирж зодоод байхгүй. Нүүрс тээвэрлэлтэд явдаг цөөхөн хятадууд бий. Тэднийг Монголд явж байхад нь зам тавьж өгөлгүй шахах, урдуур нь дайрч орж нүүрсээ ачуулснаас болдог юм. Зам шахуулсан, урдуур нь дайрч ороод нүүрс ачсан жолоочид уурласан уураа машинд хонож байгаа мөнгө байхгүй монгол жолооч нарт гаргадаг юм.

Хоёр жилийн өмнө хятадуудад хоёр жолооч зодуулж амь насаа алдсан гэсэн үү?

-Хоёр жилийн өмнө гурван жолооч амь насаа алдсан. Нэгийг нь машинд унтаж байхад нь зодоод амь насыг нь хөнөөсөн байна лээ. Харин нөгөө залууг ажлын хөлс нэхлээ гээд зодож амь насыг нь хөнөөчихөөд нүүрс буулгадаг жалганд хаячихсан байсан. Харин монголчуудын нүдэн дээр Булганы Мөнхөө гэдэг залууг зодож хөнөөсөн. Түүний амь насыг хөнөөсөн хятадууд шоронд суулгүй гараад ирсэн байна лээ. Хятадын хууль их сонин. Олон хүн нэг хүнийг элбэж зодоод амь насыг нь хөнөөчих юм бол олон хүний дургүйг хүргэсэн байна гээд ял нь хөнгөрчихдөг юм билээ. Мөнхөөг зодож хөнөөсөн хятадууд тэгээд л шоронд оролгүй гарсан гэсэн. Хятадуудад зодуулах бол энд энгийн байдаг л зүйл шиг болчихсон. Цайны газрын эзэн хүүхнээс эхлээд машины эзэд, бидэнд ажил олж өгдөг өмнөд монгол гээд дээрэлхэж зодох хүмүүс мундахгүй.

Хятадуудыг гуйж, зодуулан байж нүүрс тээвэрлэлтэд яваад хэдэн төгрөг авдаг юм бэ?

-Шороон замаар явдаг байхад сая орчим төгрөг нэг удаагийн явалтаар авчихдаг байсан. Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа энд ирсэн. Тэгээд “Энержи Ресурс”-ийн тавьсан хар замаар бүх тээврийн машиныг явуулах шийдвэр гаргасан. Үүнээс болоод засмал замаар явсан тээврийн хэрэгслийн татвар нэмэгдээд бидэнд өгдөг мөнгө бага болчихсон. Нэг удаа уурхайгаас нүүрс зөөгөөд ирэх юм бол 337 мянган төгрөг авдаг гэв.

Зочид буудлаасаа хөөгдсөн жолооч нар машины бүхээгт хонов

Биднийг ийн ярилцаж байтал зочид буудлын эзэн Далайхүүгийн дуу тэр хавиар хадаад явчихлаа. Бэлэн мөнгөтэй жолооч нар ирсэн гэнэ. Тиймээс гадаад паспортоо барьцаанд тавьж зочид буудалд хоноглож байгаа жолооч нарыг өрөөнөөс нь хөөж гаргаж байв. “Чи надад зоос өгөөгүй. Эндээс зайл” гээд л хамаг хувцсыг нь зочид буудлын хаалгаар гарган шидэж, ямар ч тайлбар хэлэх боломж олгохгүй юм. Найман жолоочийг бидний нүдэн дээр хөөж гаргав. Өрөөнөөсөө хөөгдсөн залуус коридорт гаргаж хаясан хувцсаа өмсөөд гарцгаалаа. Дааганы хашаанд очиж, эзэнгүй машины бүхээгт хонох гэнэ. Тэдэнтэй хамт дааганы хашаа орохоор явцгаасан юм. Хөөгдсөн жолооч нар дааганы хашаа орох замдаа “Муу, сайн хятадууд мөнгөтэй болохоор өмнө сөхөрчих шахдаг юм. Маргааш ажил олдож, нүүрс тээвэрт явах юм бол “Анд” буудалд мөнгөтэй болж очоод тарааж хаяна” хэмээн ярьсаар явав. Ингээд Дааганы хашаанд очиж дотор нь хүн хоноогүй машины хаалгыг эвдэж ороод унтахаар болов. Нэг машины хаалгыг эвдээд ортол машины суудлын араар нуугдаж байсан жолооч “Өө монгол хүн байсан юм уу. Хятадууд байна гэж үхтлээ айлаа. Гараад зугтаах гэж байлаа” гэсээр угтав. Дааганы хашаанд машины бүхээгт хонож байгаа жолооч нар “Шөнө хятадууд битгий ирээсэй” гэж үнэн сэтгэлээсээ хүсэх ажээ. Өвлийн эхэн сар гарчихаад байхад жолооч нар нимгэн хувцастай, нөмөрч унтах зүйлгүй шахам машины бүхээгт хоног төөрүүлцгээж байв.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жаран найм ба гарын таван хуруу

Дээр үед жаран найм
гэж нэг содон тоо
байсан юм. Хулхи юмыг
тэгж нэрлэдэг байлаа. Юу гэвэл
“Жаран долоо” гэж Америкийн
Вэльс машины орос хувилбар
бий. “Жаран ес” гэхээр өнөө америк
машиныг танигдахгүй болгосон “ориг” орос
машин болчиж буй нь
тэр. Монголд мосттой машин
хувьд байхыг зөвшөөрдөггүй. Ингэнгүүт
энд тэндээс түмэн хог
цуглуулж байгаад өнөө орос-америкийн жаран долоогийн суурин
дээр хулхи машин босгоно
доо. Тэрийгээ “жаран найм” гэж
нэрлэнэ. “Жаран найм” гэдэг
нь монголчилсон, хулхидсан, нүд хуурсан, гар
хийцийн, аюул осолтой, үйлдвэрийн
бус, хуулийг хуурч аргалсан
гэсэн утга агуулах ба
“мань хүн жаран наймтай”
гэвэл машины эзэн зайтай,
оготнын нүхээр ороод гардаг,
хууль бус юм хийхдээ
гаргууд, хуруу хумс урттай,
бусдыг хохироохдоо тоодоггүй гэсэн давхар санаа
агуулна.

Хаанаасаа бодож олсон юм,
тэгэхээс тэгэх гэж байгаа
юм шиг “Гэнэтийн ашгийн
жаран найман хувийн татвар”
гээчийг нэг ухаантай нь
хэдэн жилийн өмнө бодож
олсон нь хууль тогтоогчдын
гүн талархлыг хүлээн ард түмэндээ
магтагдах бас нэгэн ээлжит
тоглолт болж хуульчлагдсан. (Сумогийн
жаран найм дахь их
аваргаар монгол хүн тодорсныг
бэлгэшээж 68 хувийн татвар гэсэн
тоо үүссэн гэж би
сонссон шүү) Зэс болон
алтны үйлдвэрлэлийнхэн олсон ашгийнхаа жаран
найман хувийг татварт хураалгаж
ард түмнээ бодох ёстой
хууль. Үүнийг ард түмнийхээ
төлөө л тархиа гашилж
чөмгөө дундартал бодон бодон гаргаж
ирсэн гэж зохиогчид нь
таван жил хөөрөлхлөө.

Зэсийн 68 хувийг ганцхан Эрдэнэт
төлсөн. Энэ татвараар нийт
900 тэрбум төгрөг олжээ. Ард
нийтээрээ хувааж авч хэрэглээд
дүлээд гаргачихсан. Одоо юу ч
үлдээгүй. Архины үйлдвэрийн орлого
хэсэгтээ сайн байсан байх.
Гэхдээ энэ нь оргүй
хоосноос олсон 900 тэрбум уу? Эрдэнэт
ердийн татвараараа энэ хооронд 550 тэрбумыг
тэртэй тэргүй төлөх байжээ.
Эрдэнэтийн өөрийнх нь өөрийгөө
шинэчлэх цаашдын хөрөнгө оруулалт
хийх 200 орчим тэрбумыг нь
“68” гэсэн далбаагаар дээрэмдээд авчихжээ. Орост ноогдох 200 тэрбумыг
бас булааж авсан байна.
Ингээд балаанс мөргөж байгаа
биз?

Орос, Монголын Засгийн газрын тогтвортой
байдлын гэрээ бий. Үүгээр
бол ямар нэг нэмэлт
татвар гэнэтээр тавьж болохгүй ёстой.
Хөрөнгө оруулах гэж байгаа
аль ч газар татварын
тогтвортой орчин эхэлж шаарддаг,
энэ нь хэнд ч
ойлгомжтой зарчим, коммунист Зөвлөлт
ч аль гучин
жилийн өмнө үүнийгээ тохирсон
юм. Харин оросууд энэ
дээрмийг эсэргүүцэж парламентаараа хүртэл авч хэлэлцсэн
нь аргагүй хэрэг бөлгөө.
Үүнийг нэхэж байгаа, тэд
авч байж л сална
даа. Эрдэнэтийн хувьд зэсийн үнэ
өндөр байгаа үед дорвитой
хөрөнгө оруулалт хийх, зэсийн хайлуулах
үйлдвэр барих бүх мөрөөдөл
нь будаа болсон. Ард
нийтээрээ хувааж идээд жорлон
руу явуулчихсан. Зэсийн үнэ есөн
мянга шахаж байснаа гэнэт
гурав дахин унахад Эрдэнэт
ч, өнөө төрөөс ард
түмэндээ үзүүлдэг “халамж хайр” ч
баларсан даа. Ярихаас ч
ой гутах юм.

1990 онд Монгол орон 700 орчим
кг алт олзворлодог байжээ.
Хорин жилийн дараа одоо
бид хэдийг олзворлодгийг харин
хэн ч мэдэхгүй. 30 орчим
тонн байж магадгүй гэсэн
таамаг тоо бий. Учир
нь алтны бизнес хэдийнэ
газар доогуур нууц байдалд
ороод мафийн сүлжээ эзэгнэдэг
хууль бус үйлдвэрлэл болжээ.
Хичнээн муу хэлээд “алт
хөтөлбөр” нүгэлт “68” хүртэл хөгжин энэ
ард түмнийг хооллож хувцаслаж
байсан. Жилдээ 20 орчим тонн алт
Монголбанкинд тушаадаг, татвараа хураалгадаг, ийш тийш экспортлох,
импортлох нь чөлөөтэй, ер
нь либерал бодлогоор явж
байсан юмсан. Жижиг алт
олзворлогсод томууддаа олсон алтаа худалдчихдаг,
нинжа нар нийт алт
олзворлолтын дамжлагын нэг хэсэг болж
явдаг байлаа.

“Жаран найм” гараад ирэнгүүт
хэн ч алтаа Монголбанкинд
тушаахаа болив. Их хурлын
мудакууд нинжа нарыг өөрөөсөө
илүү мулгуу гэж бодож
дээ? Гэхдээ тэд олзворлосон
алтаа яаж борлуулахаа мэдэхгүй
эхэндээ тун ч олуулаа
шоронгийн хаалга татсан даа.
Хичнээн сайхан залуус алт
нууж гарах гэж яваад
мааний бадми хум. Үүндээ
гаалийнхан, галт тэрэг, онгоцны
үйлчлэгч, жолооч нарыг татан
оролцуулснаас үүдэн төрийн баахан
ажилтан араас нь явсан.
Эд төрийн мулгуу шийдвэрийн
золиос болохоос цаад натураараа хулгайч
нар биш л дээ.
Гэвч учраа ололгүй л
яахав. Ингээд гэмт хэргийн
сүлжээ үүслээ. Алт олзворлогчдын
хувьд найдвартай, хавьгүй бага татвартай,
элдэв хулхи байхгүй, гар
хийцийн боловч завод тэрэгнээс
дутахгүй жинхэнэ “жаран найм” машин!
Эхэндээ ч жаахан болхи
байсан л даа. Алтан
бүстэй, гинжтэй, бугуйвчтай, оосортой “алтан хүн” Замын-Үүдийн боомтоор өдөрт
10 удаа нааш цааш гарна.
Хилийн цаана бэлэн юаньтай,
шалгах бүх төхөөрөмжтэй хятад
наймаачид хүлээж байна. Явсаар
төгөлдөржин том, жижиг компаниуд
бүгд алтаа ченжид тушаадаг
болов. Одоо энэ бол
үл эргэх процесс. Монголбанк
алт тушаавал нэмж шагнана гээд
ч хууль ёсны
хуучин зам руугаа орохгүй.
Учир нь алт гаргах
сүлжээ хэдийнэ аюулгүй, найдвартай
болсноос гадна үүгээр амьдралаа
залгуулдаг сүлжээний олон хүн бий
учир улсын тэнэг замаар
зөөвөрлүүлэхийг зөвшөөрөхгүй. Энэ бол олон
хүний амь нас, хувь
заяагаар бүтсэн зам. Тэгээд
ч төрд цаана
нь ямар тэнэг депутат
өөр байхгүй биш, татвар
байхгүй болголоо гэснээ эргээд л
биенээсээ давах гээд 76 хувийн
татвар бодож олох ч
юм бил үү? Ер
нь тэгж таараа. Монголын
төр шиг найдваргүй “жаран
найм” хаа байна?

Араас нь рэкетчин сүрдүүлэгчдийн
бүхэл бүтэн сүрэг гарч
ирэн “жаран найм” гэсэн
аймшгийн тоо духан дээрээ
хадчихаад гадаад дотоодын компаниудыг
дарамтлан өөрсдөдөө хувьдаа арай дөнгүүр
жийн нэхэж явах болж
билээ. Нийгэм тэр чигээрээ
моралийн гүн ангалд унав.
Ичих нүүртэй хүн “улсын
хэмжээгээр тасарлаа” (Социализмын үед бүх худалдааг
улс хариуцдаг байсан болохоор байсхийгээд
л өргөн хэрэглээний
бараа алга болно, тэгэхээр
хүмүүс “шүдний оо улсын
хэмжээгээр тасарсан” гэх мэтээр ярьдаг
байсан юм).

Уул уурхайн том компаниуд
“жаран наймын” араас нь
годройтож гарлаа. Хөрөнгө оруулахаар
орж ирж байсан гадаадын
том компаниуд “жаран найм”-ын
сургаар дайжин алга болсныг
яриад ч яршиг даа.
Орж ирсэн бол тэгээд
тэгээд тэгэх байсан гээд
тооцоод явбал аймаар юм
болно. Байсан хэд нь
зугтах гэж онигоо болсон.
Алтан Дорнодын Паушок юу ч
гэж муу хэлүүлдэг бай
Монголын хамгийн том татвар
төлөгчдийн нэг байсан. Одоо
зугтаж гараад Монголын Засгийн
газрыг нэг тэрбум ам.долларын нэхэмжлэлтэйгээр олон улсын шүүхэд
өгчихөөд байна. “Монгол газар”
компани хоёр ч банк
татан унагалаа. Одоо тэр алдагдлыг
нь улс төлөх гэнэ.
Эзэн нь муу менежмэнттэй
ч бай, мөрийтэй
тоглодог ч бай, олон
эхнэртэй ч бай энэ
болгоноос биш чухам “жаран
найм” машины аваарт орчихсон
юм шүү дээ, зайлуул!

Ухаан гаргахад хязгаар бий, тэнэгтэхэд
даанч хязгаар гэж байхгүй
юм даа. Хичнээн хэрүүл
уруул болж байж арилжааны
банкуудыг улсын мэдлээс гаргасан.
Баяжвал тэр л биз,
дампуурвал өөрснөө л хуулийн
дагуу хариуцлагаа хүлээг. Гэтэл өнгөрсөн
жилээс хадгаламж эзэмшигчдийн бүх хадгаламжийг улс
хариуцах боллоо. Өнөө 76 дүнхүү
хариуцах юм байх. Ингэхээр
ялангуяа жижиг банкны хувьд
энэ бол дампуурдаг газар
мөн биз дээ. Тэгээд
ч төр “жаран
найм”-аараа дайрч алчих
гээд байхад чинь. Арилжааны
банкийг нь Монголбанк хянаж
байх ёстой. Тэд хаа
байв? Зэрэгцэж хэвтээд найрлачихаж. Одоо
улсын сан руу гар
дүрж эхэлсэн. Хөрөнгийн бирж гээд бас
л төрийн мэдлийн
нэг алиа газар бий.
“Анод” банкны хувьцааг өдөрт
нь борлуулж 20 сая доллар олж
өгсөн. Үнэ нь хоёр
дахин өссөн гэж байгаа.
Энэ бол залилан. Залилан
хийгч нь хөрөнгийн бирж.
Залилан хийсний шанд юу
халаасалсныг мэдэхгүй, лав хоосонгүй. Хөрөнгийн
биржээр орсон хоёр банк
цувраад чадхийчихлээ. Гэтэл биржийн захирал
нь Оюутолгойн хөрөнгийг өөрөө биечилж худалдана
гээд л царайныхаа улааныг
хүрнээр будчихаад тэнэгтээд сууж байх юм.
Одоо хөрөнгө оруулагчдыг нь
араасаа жагсаачихсан алдангийг нь өнөө 76-гаар
төлүүлнэ гээд харайж явна.
Банк дампуурахад алданги нөхдөг ядахнаа
оочир гэж байдагсан. Хохирлыг
хөрөнгө оруулагчид нь бие дээрээ
эдэлдэг журамтай болохоос 2.6 сая хүнээс татвараар
цуглуулсан мөнгийг гар хийцийн
“76 машин” оруулан янзалж өгөх
учир байхгүй л дээ.

Их хурлын гишүүн болгон
Сангийн сайд болж өөрийн
үзэмжээр “ард түмэндээ” мөнгө
хуваарилан “харж үздэг” хачирхалтай
заншил буй болоод нэлээд
хэдэн жилийн нүүр үзлээ.
10 саяас эхэлсэн шоу энэ
жил тэрбум болов. “Хөвсгөл
нуурын дэргэд усан сан
зэрэгцүүлэн барих төсөл” ч
гэх шиг, “Баянзүрх дүүрэг
миний зүрх төсөл” ч
гэх шиг, балайрч өгсөн
байна билээ. За дүүрч,
үйлийн үр эргэж ирж
буй нь энэ. 76 тэрбум
төгрөгөөр Монгол Улс дутаж
турж үхэхгүй л гэж
бодохоос. Уул нь нөхцөлийг
нь булингартуулж, завааруулахгүй л бол хувийн
хэвшил энэ ухнуудын зүүдэндээ
ч үзээгүй их
бүтээн байгуулалтыг буй болгон сүндэрлүүлээд
яваа юм шүү дээ.
Зүгээр л тэр тэрбумаараа
наргиад явж байвал болоо
бусуу! Нийгмийн эдийн засгийн харилцааны
үндсэн механизмуудыг эвдэн сүйтгэж, хорлон
бусниулах нь үүнээсээ хавьгүй
илүү хортой баймаар. Болдсайхан
эмч нэгэнтээ “Гадаадын хорлон сүйтгэгч тагнуулуудыг
авчраад Их хуралд олноор
нь суулгачихвал санаа нь зовоод
арай ч бас манай
энэ хэд шиг хорлон
сүйтгэж чадахгүй байхаа” гэж бичсэн
билээ. Би түүнтэй яг
санал нэг байна.

2009 оны арваннэгдүгээр сарын 30

ЖИЧ:
Энэ өгүүллийг нэлээд хэдэн жилийн
өмнө бичжээ. Одоо бид
бүүр дээшээ гараад Үндсэн
хуулиа жараннаймдах гэж байна.Үндсэн
хууль бол засварлаж болшгүй
бурханы зарлиг биш л
дээ, цаг үетэйгээ тохируулж
өөрчлөлт орж байх ёстой
баримт бичиг. Гэхдээ сайжирч
өөрчлөгдөх болохоос жараннаймдан нүдийг нь сохолж
яаж болох билээ. Харжээ
байхнээ 92 оны шинэ Үндсэн
хуулиар орон нутгийн эрх
мэдлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулсныг одоо өөрчлөлтийн шинэ
төслөөр болиулан дахин төвлөрүүлэхээр болж
байгаа юм байна. Орон
нутаг өөрийн өмчгүй болох
юм байна.Орон нутгийн
сонгуульд улс төрийн намууд
оролцохгүй “ард түмэн” өөрснөө
шийдэх юм байна. Хүн
төрөлхтөн өнө мөнхөд хоорондоо
хуваагдан тэмцэлдэж байсан. Шашнаараа, язгуур
гарлаараа, баян ядуугаараа, үндэс
угсаагаараа, төрөл садангаараа гэх
мэт бүлэглэн тэмцэлдэх шалтаг шалтгаан хязгааргүй.
Магадгүй энэ нь хүний
өөрийнх нь мөн чанар
биз.

Нэгэнтээ л хуваагдаж талцдаг
юм бол улс төрийн
намуудаар хуваагдан санал өгцгөөж олонхи
болсон нь дийлж цөөнх
болсныхоо оршин тогтнох эрхийг
нь хүндэтгэх шинэ хуваагдлыг бодож
олсон нь хүний нийгмийн
сэтгэлгээнд гарсан ухаалаг, нийгэмд
тусах хохирол нь хавьгүй
бага, оновчтой шийдэл байсан юм.Үүнийг ардчиллын үндсэн
зарчим гэж нэрийдэх ба
энэ нь төгс шийдэл
биш авч хүн төрөлхтөн
өнөө болвол илүү сайн
шийдэл бодож олж чадаагүй
л явна.Одоо
жараннаймдах гэж байгаа Үндсэн
хуулийн төсөл батлагдвал бид
мафийн бүлгээр, шашны урсгалаар, хамаатан
садангаар, нутаг хошуугаар, царай
зүсээрээ гээд юугаар л
бол юугаараа талцан үзэлцэж дундад
зууны бүдүүлэг амьдралын хэлбэр рүү гулсан
орох болно.

Ерөөсөө Үндсэн хуулийг жараннаймдаж
байгаагийн цаад үзэл санаа
их бөөлөг. 99 гишүүнтэй болж байгаа нь
ерэн есөн тэнгэр байдагтай
холбоотой гэнэ. Гишүүн таван
жилээр сонгогдож байгаа нь хүн
таван хуруутай байдагтай холбоо бүхий юм
байна. Үүнийг
Үндсэн хуулийг өлгийдөж авахаар
“76-тын больницоос” итгэгдэн томилогдсон ахлах бөөгөөрөө зурагтаар
нүдэнд харагдтал тайлбарласан.“Тав гурван төгрөг
хулгайлъя гэдэг болохоос хэзээ
дөрөв найман төгрөг хусъя
гэж ярьж байлаа” гэсэн
аргагүй л бодож үзмээр
шалтгаанаар үүнээ тайлбарлаж байна.Одоо гишүүдийг дөрвөн
жилээр сонгож байгаа нь
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж буй хэрэг гэнэ.
За нэг иймэрхүү л
байна даа, атаа таван
тэнгэр, 99 тэнгэр минь, өршөөж
үз, Өршөөлийн хуульдаа хамруулж үз!???

2015.11.15

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзаяаг юуны учир дахин саатуулах болсон тухай “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрт “Шинэ төмөр зам төсөл” болоод Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн холбогдсон хэргийн тухай нийтлэлийг онцоллоо. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригт сулласан хэдий ч зургаа хоногийн дараа буюу өчигдөр орой дахин баривчилсан юм. Нийтлэлд Б.Батзаяагийн холбогдсон хэрэг баримтаар тогтоогдсон тухай, энэ хэрэгт хамаатай нэр бүхий хүмүүс хэрхэн мөнгө угаасан тухай нийтлэв. Шинэ дугаарын нэг, VII нүүрнээс энэ талаар дэлгэрэнгүй уншаарай. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч, Төрийн соёрхолт зохиолч Б.Цэнддоогийн “Хүний үг” нийтлэл хэвлэгдлээ. Тэрбээр “Хүний үг”-ийн талаар юу гэж бичсэнийг та сонирхоорой. Улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг та II, IV нүүрнээс уншаарай. Л.Энх-Амгалан гишүүний ярилцлага болон бусад мэдээллүүд бий. Харин тавдугаар нүүрнээс МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулгын ярилцлагыг хүлээн авч уншина уу. Өчигдөр олон нийтийн сүлжээгээр түүнийг МАХН-ын генсекээр сонгогдсон талаар шуугисан билээ. Мөн Алтанбулаг, Замын-Үүдийн чиглэлд барих хурдны замын эргэн тойрондох дуулиан шуугианы талаар зургадугаар нүүрнээс уншаарай. Зам тээврийн сайд М.Зоригт Хонконгт болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Ази, Европыг холбосон хурдны замын төсөл хэрэгжихгүй, явахгүй гэсэн утга бүхий үг хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Өчигдөр Монголын хүнсчдийн холбооны хурал болсон. Тус хурлаас бэлдсэн сурвалжлагыг I, VIII нүүрнээс унших боломжтой. Мөн сүүлийн үед Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын ихээхэн хэмжээний хээл хахууль авсан тухай мэдээлэл шуугиан тариад буй. Тэгвэл Г.Шийлэгдамбыг өчигдөр яллагдагчаар татаж, хоёр сар цагдан хорихоор болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдэллийг манай сонины XI нүүрнээс уншаарай. Хилийн боомт дээр Хятад, Өмнөд Монгол дарга нарын удирдлаган дор нүүрс тээвэрлэдэг Монгол жолооч нарын амьдралын талаар өгүүлсэн ““Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал” цуврал нийтлэлийн төгсгөлийг энэ өдрийн дугаараас унших боломжтой. Харин XII нүүрт эх орны баруун хилийн байлдан тулааны түүхийг эргэн дурссан ахмад дайчин Л.Даваажавын сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ. Эдгээр болон цаг үеийн үйл явдлууд, өдөр тутмын хэрэгцээт мэдээллүүдийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Хүний үг” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн
дугаар хэвлэгдэж, уншигчдын гарч хүрэхэд бэлэн боллоо. Маргаашийн дугаараас
уншигч та Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн
“Хүний үг” нийтлэлийг манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар
нүүрнээс уншаарай. “Өөрийнхөө санааг илэрхийлэхэд өөр хүний үг хэрэг болдог нь
сонин. Би тэгж бодож байна гэвэл хүмүүс хөндийрөөд явчихна. Харин “тэр гуай
тэгж хэлснийг би дэмжиж байна” гэвэл улс амьтан ондоо болоод явчих жишээтэй”
хэмээн тэрбээр нийтлэлээ эхлүүлжээ. Энэхүү нийтлэлийн бүрэн эхээр нь шимтэн
уншихыг хүсвэл та “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарыг дэлгээд нэг
хараарай. Манай сониныг шуудангийн бүх салбар, сонин худалдаалах цэгээс аваарай.

Categories
мэдээ нийгэм

Салхин паркийн бэлтгэл ажил эхэллээ

“Сайншанд салхин парк” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо 52 МВт-ын хүчин чадал бүхий салхин паркийн төслийг хэрэгжүүлэх талаар өмнө мэдээлж байсан. Тус төслийг Германы Ферростал компанийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болон зохион байгуулалтын дор хамтран хөгжүүлж байгаа. “Сайншанд салхин парк” төслийн барилгын урьдчилсан ажлыг энэ сараас эхэлсэн. Тус ажлын хүрээнд салхин турбин барих газрын болон өндөр хүчдэлийн шугам, талбай руу очих замын зурвасын инженер геологийн нарийвчилсан өрөмдлөгийн ажил, геодезийн байнгын цэг тэмдэгт суулгах болон барилгын ажлын байр зүйн нарийвчилсан зураг зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Тус төслийг хэрэгжүүлснээр Сайншанд, Замын Үүдийн чиглэлийн хэрэглэгчдийн эрчим хүчний чанар сайжирч, эрчим хүчний шугамын алдагдал тодорхой хувиар буурах юм. Барилгын үндсэн ажлыг 2016 оны хавраас эхлэн 2017 оны намар төвийн бүсийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбогдож жилдээ 200 орчим сая кВт.цаг эрчим хүчийг нийлүүлж байх болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол туульчид” бэсрэг тоглолт боллоо

Монгол туулийн гал голомтыг хадгалж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Богд хааны ордон музей дэх Хаан туулсийн өргөөндөө өөрийн шавь нартайгаа хамтран “Монгол туульчид” бэсрэг тоглолт хийлээ. Алс хязгаарын Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговийн туульчид өөрийн шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт туулиудаас хайлсан юм.

Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.

Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм.

Categories
мэдээ нийгэм

Ховор амьтад алсан иргэдийг шалгаж, торгууль ноогдуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид ногоон бүс, томоохон худалдааны төвүүд, авто тээвэр шалган бүртгэх товчоо, хяналтын постуудаар 80 орчим удаагийн хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар 60 орчим зөрчил илрүүлж, 19 иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, 34 иргэнд торгууль ногдуудсан байна. Тухайлбал,

Иргэн Д.Жумдаандорж хууль бусаар нэн ховор амьтан болох хандгай агнаж, тул загас барьсан, н.Мөнхбат, н.Гүрбазар нар 352 ширхэг тарваганы гаралтай түүхий эд тээвэрлэж явсан бол Д.Нямдаваа 10 ширхэг тарваганы тулам хот руу оруулахыг завдаж,

Катар улсын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгч Мохамед Хассан Аль-Тхавади тусгай зөвшөөрөлд заасан хэмжээнээс 31 толгой идлэг шонхор шувуу илүү барьсан зөрчлүүд илэрчээ.

Хяналт шалгалтын явцад зөрчил гаргагчдаас нийт 570 ширхэг тарваганы нойтон мах, тулам илрүүлж, зөршөөрөлгүйгээр барьсан гурван толгой ногтруу шувууг байгальд нь буцаан тавьж, 10 кг орчим бугын ясан эвэр, 100 кг орчим хөлдөөсөн загас, хоёр ширхэг нугас шувууны мах, гурван ширхэг цагаан зээрийн гулуузыг хураан авсан байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Базардорж: Монгол Хятадын харилцан итгэлцлийг улам зузаатгасан айлчлал боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Түүний айлчлалын эргэн тойрондох асуудлаар ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Базардоржтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын ач холбогдлыг талууд хэрхэн дүгнэж байна вэ?

-Арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Түүний айлчлал нь өнгөрсөн жилийн наймдугаар сард Си Жиньпиний манай улсад хийсэн айлчлал, түүнтэй зэрэгцэн хоёр улсын хооронд байгуулагдсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа болж байгаагаараа онцлогтой байлаа. Мөн хоёр улсын Төрийн тэргүүнүүд жил дараалан харилцан айлчлал хийж байна. Ер нь хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэрэгч уулзалтуудын давтамж нэмэгдэж байгаа нь улс орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой, хоёр улсын харилцаа маш нягт байгааг харуулдаг юм л даа. Тэгэхээр энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны өндөр дээд түвшний харилцаа улам нягт гүнзгийрч буйг л илтгэж байгаа хэрэг. Тийм ч учраас талууд иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо хэмээн санал нэгтэй үзэж байна.

-Хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааныхаа хүрээнд аль салбарыг голлон хөгжүүлэхэд анхаарч байгаа вэ?

-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ манай улсын Ерөнхийлөгчтэй “Хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Тэр айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсан. Ялангуяа, монголчуудын өмнөд хөршдөө хандах зарим эргэлзээг тайлсан гээд түүхэн чухал үйл явдал болсон юм. Си даргын айлчлалын үеэр байгуулсан иж бүрэн стратегийн харилцаанд улс төр, эдийн засаг, нийгэм хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн зэрэг бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байдаг. Энэ удаагийн айлчлалаар дээрх тохиролцоонуудаа дахин нотолж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид эдийн засгийн харилцаагаар голлон хөгжүүлэхээр ерөнхийдөө санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Ийм ч учраас энэ айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг голлосон холбогдох 11 баримт бичигт гарын үсэг зурагдлаа.

-Монгол, Хятадын худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ онцолсон байна лээ. Энэ зорилтод хүргэхийн тулд талууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох хэрэгтэй байх?

-Ер нь бол Ерөнхийлөгчийн хэлсэн үг тун ойлгомжтой. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ зургаан тэрбум ам.доллар даваад байна. Энэ бол хоёр улсын эдийн засаг хурдацтай өсөж байсан цаг үеийнхээс буураагүй харин ч нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм л даа. Манай улсуудын хооронд ирээдүйд хийгдэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны том боломжууд хүлээгдэж байгаа. Ялангуяа БНХАУ-ын зүгээс дэвшүүлээд байгаа “Нэг бүс нэг зам” санаачилга нь манай улсын хөгжлийн чухал боломжуудыг агуулж байдаг. Бид тэрхүү боломжид эдийн засгийн салбараар түлхүү оролцох сонирхолтой байдаг л даа. Энэ хүрээнд “Талын зам” хэмээх хөгжлийн санаачилгаа ч дэвшүүлээд, харилцан уялдуулах асуудлын талаарх яриа хэлэлцээр, судалгаа эрчимтэй хийгдэж байгаа. Монгол Улсын “Талын зам” бол транзит шинжтэй байхаар ойлгогддог, Хятадын “Нэг бүс нэг зам” бодлого нь бүс нутгийн шинжтэй. Иймээс гуравдагч орон буюу ОХУ-ын оролцоо зайлшгүй юм. Үүнд Уфад болсон гурван улсын Төрийн тэргүүнүүд санал нэгдсэнээр гурван талт бодит хамтын ажиллагаа хэрэгжих боломжоор улам бүр хангагдаж байна. Гурван улсын эдийн засгийн коридор, түүнийг дагалдаад манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн асуудал, уул уурхай болон эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач тусаа өгөх зарим боомт гарцыг олон улсын шинжтэй болгох зэрэг хүлээгдэж байгаа том том төсөл ажлууд хөдлөөд эхэлбэл худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанууд эрчимжиж 10 тэрбумд хүрэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа юм.

-Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан байнга төвийг сахих статусын тухай Хятадын талд танилцуулсан байна. Энэ асуудалд манай урд хөрш ямар байр сууринаас хандах бол?

-Айлчлалын анхаарал татсан сэдэв бол удахгүй хуулиар баталгаажих манай улсын төвийг сахих статусын тухай асуудал байв. Үүнтэй холбоотойгоор зарим суурь үзэл баримтлалуудад тодотгол хийгдэх учиртай болж байна. Ерөнхийлөгч төвийг сахих статусын тухай албан ёсоор зарласны дараахан өмнөд хөршид айлчиллаа шүү дээ. Үүнд Хятадын тал маш их анхаарал хандуулж байгаа. Хятадын хэвлэл мэдээллээр Монгол Улсын төвийг сахих статусын эргэн тойронд мэдээ нийтлэлүүд нэлээд гарч, тэр тоолонд судлаачид нь байр сууриа илэрхийлсээр байна. Энэ хууль батлагдаж гарснаар манай улсын гадаад харилцаа илүү тодорхой, ойлгомжтой болно гэж харж байгаа. Мэдээж Монгол Улс цоо шинэ гадаад харилцааны бодлого тодорхойлж байгаа асуудал биш, харин өнгөрсөн 25 жилийн турш мөрдөж ирсэн зарчмууддаа нэр өгч байгаа хэрэг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийгээ гадаад ертөнцөд ялангуяа хөрш орнууддаа тайлбарлан учирлах нь чухал юм. Үүнээс өмнө манай хоёр улсын харилцаанд өмнөд хөршийн хувьд зарим ойлгомжгүй, тодорхойгүй асуудал байлаа шүү дээ. Тухайлбал, гуравдагч хөршийн бодлогын хүрээн дэх дэлхийн их гүрнүүдтэй бүх салбарт харилцаагаа аль болох өргөжүүлэхийг чухалчилсаар ирсэн. Энэ нь зарим талаар хөрш орнуудын Монголд хандах хандлагад эргэлзээг төрүүлэхүйц нөлөөг ямар нэгэн хэмжээнд үзүүлсээр ирсэн юм. Ялангуяа аюулгүй байдлын тал дээр. Тодруулбал, Монгол Улсад БНХАУ-ын хамгийн том өрсөлдөгч болох АНУ-ын нөлөө бодитой суурьшиж байгаа хэмээн үзэх хандлага юм. Хоёр хөрш орны хооронд хийгдсэн аварга том төслүүд манайхыг тойроод байсны нэг шалтгаан нь энэ байсан гэхэд буруудахгүй. Тэгвэл Байнга төвийг сахих статусын асуудал нь дээрх шалтгаанаас үүдэлтэй өмнөд их хөршийн манай улсад хандах эргэлзээг арилгаж, улам идэвхтэй харилцах боломжийг нээн өгч байгаа хэмээн харж болох юм. Ерөнхий агуулгын хувьд ярихад манай улсын төвийг сахих байр суурийг хүндэтгэн үзэж байна. Энэ нь манай хоёр улсын харилцаанд өөрчлөлт оруулахгүй, харин ч бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэдгийг саяын айлчлал нотлон харуулсан хэрэг юм. Тиймээс энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын харилцан итгэлцлийг улам зузаатгасан хэмээн үзэж болох юм.

-Монгол, Хятадын харилцаа улс төр, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд бүхий л талаар идэвхтэй байгаа. Харин хөдөө аж ахуйн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар хоёр улсын Төрийн тэргүүнүүд санал солилцсон байна. Хятадын тал яаж хүлээж авав?

-Тийм ээ. Харилцаа маш идэвхтэй байгаа, улам ч нягт болох төлөвтэй байна. Гэхдээ манай хоёр улсын хамтын ажиллагаанд хоёр талын ашиг сонирхолд нийцсэн ч ашиглагдаж чадахгүй орхигдоод байдаг өргөн их талбар бий л дээ. Түүнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа хамрагдаад байдаг юм. Монголд асар өргөн уудам, байгалийн унаган шинжээ алдаагүй хөдөө аж ахуйн эдэлбэр газар бий. Мөн экспортод гаргах шаардлагатай бэлчээрийн малын багагүй хэмжээний нөөцтэй. Хятад улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага улам ихээр нэмэгдэж байна. Иймээс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэргүүний технологийг ашиглан БНХАУ-д экспортлох байгаль экологийн цэвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нь хоёр талын хүсэл сонирхол юм л даа. Энэ хүрээнд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжих хангалттай боломж бий.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятадын хооронд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөнгөлөлттэй зээл зэрэг хэд хэдэн гэрээ, санамж бичиг байгууллаа. Мөн “Шивээ-Овоо” төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ ажлын хүрээнд Хятад руу эрчим хүч нийлүүлэх боломжтой юу?

-Яг ч бас тэгж тодорхойлсонгүй л дээ. “Шивээ Овоо” төслийн ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх тухай л асуудал байв. Ер нь бол Хятад эрчим хүчний асар том хэрэглэгч шүү дээ. Тэд өнөөдөр дэлхийгээс далайн болон хуурай газрын таван сувгаар эрчим хүч авч байгаа болон авахаар төлөвлөж байгаа. Манай улс эрчим хүч экспортлох бүрэн боломжтой, түүхий эд, нөөц нь хангалттай шүү дээ. Хятадад эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр гадагш эрчим хүч гаргах байтугай өөрсдийгөө ч хангаж чадахгүй байдалтай байна. Монголын асар их нөөцөд тулгуурлан эрчим хүч гаргаж импортлох болон экспортлох нь хоёр талын аль алинд ашигтай. Гуравдагч улс орнууд ч манай эрчим хүчний салбарт хамтран ажиллах асар их сонирхолтой байдаг. Чухам хэнтэй хамтарч эрчим хүч үйлдвэрлэн Хятадад гаргах вэ гэдэг асуудал л тодорхой бус байгаа юм. Тиймээс Хятадтай хамтран Монголын нүүрсний их нөөцийг түшиглэн цахилгаан станц байгуулан, улмаар тус улсад эрчим хүч экспортлох зэрэг асуудал яваандаа тодорхой болох асуудал юм.