Categories
мэдээ нийгэм

Монгол хүн дэлхийн судлаач болов

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд захирал доктор П.Энхбаяр Томсон Ройтерсийн урилгаар Казахстан улсын Алма-Ата хотод болсон “Дэлхийн шинжлэх ухаан ба Төв азийн бүсийн шинжлэх ухааны интеграц” олон улсын эрдэм шинжилгээний хурал, Төв азийн бүсийн 2015 оны “Шинжлэх ухааны лидер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 2 оролцоод иржээ. Хурал болон ёслолын ажиллагаанд Казахстан, Азербайжан, Туркменстан, Тажикстан, Узбекстан, Турк зэрэг орын төлөөлөгчид оролцож Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцсэн байна.

Томсон Ройтерс болон Казахстан улсын шинжлэх ухаан технологийн мэдээллийн үндэсний төвөөс доктор П.Энхбаярыг “Төв азийн мужаас шалгарсан дэлхийн судлаач” номинацаар шалгаруулж, 2015 оны “Шинжлэх ухааны лидер” цом, тэргүүн зэргийн дипломоо гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 12-нд бүх нийтийн амралттай

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-нд тохиож байна. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна. Харин тус өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болно. Энэ удаа “Чингис хаан” одонг зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёод хүртэхээр болсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Си Жиньпиний урилгаар БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар энэ сарын 9-11-ний хооронд төрийн айлчлал хийх гэж байна.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн “Шилдэг хүүхэд” – ийг тодруулна

Нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 22-нд болох гэж байна. Ингэхдээ “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн номинацаар шалгаруулах бөгөөд дүүргүүд “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулж улмаар нийслэлд өрсөлдөх байна. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байдаг билээ.

Categories
мэдээ улс-төр

ЗГ-ын хуралдааны талаар Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Засгийн газрын хуралдааны танхимд болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 11.00 цагаас Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. Мэдээлэл Төрийн ордонд болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын шилдэг өрх, угтаа малчин Балсангийн СҮХЭЭГИЙНХ

“Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилжээ. Энэ өвөл их хүйтэн болох юм гэсэн. Малчдад л хүндхэн байх байх даа. Хотын бид ч яахав паартай байшин, паа­лантай жорлонтой хүмүүс. Юу ажрахав” гэж үгээ ч дуусгалгүй араас нь “Тариаланчид тариа ногоогоо хурааж дууссан байгаа болов уу. Сая айхтар цас орлоо шүү” хэмээн нийслэл хотод суугаа нэгэн айлын тэргүүн санаа зовнин ярина. Түүний бие Улаанбаатарт байгаа хэдий ч сэтгэл санаа нь аль хэдийнэ хөдөө хээр малын захад, тариалангийн талбайд бэлчинэ. Энэ эрхэм бол “Танайд өнжье” булангийн маань зочин Балсангийн Сүхээ юм. Эднийх өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн шилдэг өрх” өргөмжлөлийг хүртсэн билээ.Хашаандаа ногоон бай­гуу­ламжийг бүрдүүлж чад­сан нь гол шалгуурыг дав­сан хэрэг. Гэрийн эзэн Б.Сүхээ гуайтай мэнд мэдээд хашаа руу орлоо. Хотын төвд багшралдсан барилга байгууламж харсаар байгаад бүр нүд дасал болчихож. Сүхээ гуайн хашаанд оронгуут уужим тал, ургаа мод түшээд авах шиг мэдрэмж төрөх. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Сүхээ гуайнх их хөдөлмөрч айл бололтой. Аж ахуйн багаж хэрэгсэл нэлээд харагдана. Улаан тоосгон байшингаа тойруулаад мод тарьчихаж. Түүнчлэн байшингаас нь зуун метрийн зайд банзаар тусгаарласан хашаанд дан чацарганы мод тарьсан байв. Олон жилийн өмнө тарьсан болохыг гэрийн эзэн хэлсэн. 300 гаруй чацарганы мод бий гэнэ. Энэ намар 10 литр чацаргана хураажээ. Ер нь ургац сайтай жилдээ 80 литрийг хураадаг байна. “Та нар мод, цэцэг унаж дууссан намрын гундуу үед ирлээ. Навч цэцэг нь дэлгэрч жимс жимсгэнэ боловсрох үед нь ирвэл ямар сайхан гээч. Ёстой байгалийн гайхамшиг гэж тэр дээ” гэж хажуугаас Сүхээ гуай уулга алдана.Энэ зуур гэрийн эзэгтэй “Хөгшөөн, ороод ир. Цай уу” гэж дуудав. Гэрийн эзэгтэйг Зунравын Зурмаа гэдэг юм байна.

“Үгүй хань минь ирсэн зочдыг гэртээ оруулж аяганы амсар ч зуулгахгүй. Музейн тайлбарлагч аятай гараа гозгонуулаад л яваад өгөх юм аа” хэмээн хэлэхэд Сүхээ гуай “Нийслэл тэргүүний өрхөөр өргөмжилчихөөд байхад юу хийж, бүтээснээ харуулахгүй бол буруутах байлгүй” гээд нааш нүд ирмээд авав.Гэрийн эзэгтэй цай хийж өгөнгөө “Нохойн хошуугаар хандалж чанасан цай. Манайх хашаандаа нохой хошууны мод тарьдаг юм” гээд нөхөр рүүгээ инээмсэглэж “Ханиа шүүмжлээд байсан хүн чинь өөрөө өвс ургамлаа ярьчихсан явж байна уу” гэж хэлээд гал тогооны өрөө рүү яваад орчихов. Хүүхдүүд нь ирчихсэн байгаа бололтой. Зээ охин Б.Нандин нэг настай. Тэрээр өвөө, эмээгээ хаашаа л явна тийшээ дагаж гүйнэ.

Сүхээ гуайн хүүхдүүд бүгд хоёроос дээш их сургуульд сурчээ

Сүхээ гуайнх нэг хүү, гурван охинтой аж. Одоо бүгд өрх тусгаарлажээ. Хүү Энхбаатар нь Техникийн их сургуулийг инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Удирдлагын академийг мөн дүүргэжээ. Охин Нямхүү МУИС-ийн анхны электроникийн ангийг төгссөн бөгөөд хожим “Мандах” дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр сурчээ. Удаах охин Нэрэнхүү МУИС-ийг химийн ангиар төгсч Австралид мэргэжил дээшлүүлсэн юм байна. Бага охин Мягмарнаран “Хан-Уул” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсч, Англид мэргэжил дээшлүүлсэн аж. Нэрэнхүү өдгөө Австралид нөхөртэйгөө хамт алтны томоохон компанид шинжээч хийж байгаа бол охин Мягмарнаран Англид гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдарч байгаа аж. Харин биднийг Сүхээ гуайнд очих үед хүү Энхбаатар, охин Нямхүү нар хүүхдүүдтэйгээ ирсэн байлаа. Түүний дөрвөн хүүхэд өдгөө өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ. Зурмаа гуай “Хоёулахнаа байсан хориулаа болчихоод байна” хэмээн хананд өлгөөтэй харагдах гэр бүлийн хөрөг зураг руу зааж ярих. Харин нөгөө талын хананд байрлах шүүгээнээс Сүхээ гуай өргөмжлөл гаргаж ирэв.

Нийслэлийн шилдэг гэр бүл

Тэрээр “Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болсон Балсангийн Сүхээ таны гэр бүлийг “Нийслэлийн тэргүүний өрх”–өөр өргөмжлөв” хэмээн өмнөх өргөмжлөлөө дуудаад “Манайх Улаанбаатар хотод 55 жил амьдарч байна. Нийслэлийн тэргүүний өрх болно гэдэг чинь их сайхан юм байна. Яахав өнгөрсөн хугацаанд миний хийж бүтээсэн зүйл өнөөдрийн энэ өргөмжлөлийг хүртэх хувь заяаны үндэс байж” гээд магнай дахь хөлсөө арчаад их л бахдалтайгаар цайгаа оочлов. Эднийх хашаандаа чацаргана, нохойн хошуу, тэхийн шээг, давжаа алим, улиас, тошлой, булцуу цэцэг зэрэг олон зүйлийн бут сөөг тарьдаг юм байна. Ялангуяа гэрийн эзэгтэй эрүүл мэндэд сайн л гэж сонсвол үрийг нь олж ирээд хашаан дотроо тарьчихдаг байна. Одоогоор хашаанд нь 500 гаруй мод ургасан байгаа гэв.Мөн хүнсний ногоо хүртэл тарьдаг юм байна. Уг нь хөдөө газар тариалангийн талбайтай байж. Гэвч сүүлийн хэдэн жил хоёр хөгшинд туслах хүнгүй болсон учраас зөвхөн хашаандаа тарьдаг болж. Жижигхэн хүлэмж харагдана. Энэхүү хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль тарьж ургуулаад дарж хадгалаад хүүхдүүддээ өгдөг байна. З.Зурмаа “Нэг их овойж оцойтол тарихгүй ээ. Гэхдээ л дэлгүүрээс жимс, ногоо авдаггүй. Цагаан сараар л хамаг дарсан ногоо, жимс маань дуусна шүү дээ” хэмээн инээмсэглээд “Манай хөгшний исгэсэн чацарганы ундаанд ирсэн зочид ямар их дурлана гээч” гэж ирээд л ярив.

Монгол фермерийн Сүхээ

1948 онд Увс аймгийн Малчин суманд мэндэлсэн тэрээр амьдралын шаардлагаас үүдэн хоёрдугаар ангид орох жилээ нэгдлийн малчин болсон байна. Түүний ээж дөрвөн хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд насаараа мал малласан нэгэн байжээ. Ээждээ тусалж, мал маллаж яваад хожим Налайхын арван жилийн сургуулийг дүүргэсэн гэдэг. Ингээд МУИС-д физикийн багш, Германы чөлөөт залуучуудын дээд сургуульд суралцсан байна. Ингэж яваад хөдөө аж ахуйн салбарт хөл тавьсан түүнийг хөдөө аж ахуй эрхлэгчид төдийгүй боловсролын салбарынхан “Монгол фемер”-ийн Сүхээ гэдгээр нь андахгүй гэнэ. Учир нь тэрээр 1990 онд анх Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төвийг санаачлан байгуулжээ. Тэрээр “Би монголчууд мал ахуйгаа дагавал хэзээ ч хоосон хонохгүй. Харин ч сайхан амьдрах гарц бий гэдэгт итгэдэг. Энэ ч үүднээс тус төвийг анх санаачилж яамнаас хүртэл дэмжиж байлаа” гэж ярив. Түүний хувьд “Монгол бол бэлчээрийн мал аж ахуйг уламжилж ирсэн. Гэхдээ уламжлалын зэрэгцээ шинэчлэл гэж байдаг. Уламжлал, шинэчлэл хосолж байж энэ салбар хөгжинө” гэж үздэг байна. Энэ ч утгаараа анхны Хөдөө аж ахуйн төв байгуулж, улмаар 1998 онд хувьчилж яг энэ хашаандаа “Монгол фермер” хэмээх анхны хөдөө аж ахуйн хувийн дээд сургуулийг байгуулж байсан түүхтэй. Хөдөө аж ахуйн яамны харьяа төв байхад ч тэр, сургууль болгосон хойноо ч тэр Сүхээ гуай мал аж ахуйг зөв хөгжүүлэхийн тулд гадаадын олон ч байгууллагатай хамтарч ажилладаг байсан аж. Түүнийг сургууль байгуулах үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Аварзад “Танайх хамгийн баян сургууль” гэж хэлсэн гэдэг. Учир нь тухайн үедээ хүнд баялаг хэрхэн бүтээхийг сургадаг, хэрхэн амьдарч сурах ухаанд суралцуулдаг байсныг олон ч хүн онцлон бичсэн байдаг аж. Тэрээр амьдардаг байшингийнхаа баруун талд байрлах сургуулийнхаа байрыг танилцуулав. Модоор барьсан хуучны улаан хүрэн нэг давхар хоёр байр байна. Хичээлийн нэг, хоёрдугаар байр гэсэн хаягтай юм. Эзэнгүй цэвдэг даах эдгээр байранд энэ жилээс бусад жил хот, хөдөөгөөс ирсэн оюутнууд ёстой л нэг бужигнаж байжээ. Харин энэ жил Сүхээ гуайг сургуульдаа 40 хүн элсүүлэх квоттойг БШУЯ-наас дуулгажээ. “Харж байгаа биз дээ. Би 40 оюутан авчихаад яаж энэ хүйтэн байшинд суулгаад байхав. Манайх МСҮТ учраас төрөөс санхүүждэг. Эдийн засаг хямралтай үед төрөөс ийм ч мөнгө, тийм ч мөнгө гээд нэхээд байх хэцүү ш дээ. Ядаж би ч гэсэн хэдэн төгрөг нэхэлгүй хямралын үед үйл ажиллагаагаа түр зогсоосон нь дээр биз дээ” хэмээн санаа алдана.

Монгол Улсын аварга тариаланч, малчин шавьтай багш Сүхээ

Түүний байгуулсан “Монгол фермер” сургуулийг 1218 оюутан төгсчээ. Эдгээр оюутнууд хаана юу хийж явааг Сүхээ гуай нэг бүрчлэн мэднэ. Бүр овог, нэр, ажиллаж байгаа байгууллагынх нь нэртэй хэлнэ гээч. Гадаадын аж ахуйг судалж туршлагжихын тулд өөрөө интернэтээр орж, охидынхоо тусламжтайгаар гадаадын байгууллагатай холбоо харилцаа сайн тогтоож чаддаг байж. Тиймээс тус сургуулийг төгссөн оюутнуудаас өдгөө Англид 60, Ирландад 10, Өмнөд Солонгост таван хүн ажиллаж амьдарч байгаа аж. Сүхээ багштайгаа ч байнга холбоотой байдаг байна. Ийн ярих зуур гаднаас нэг залуу орж ирэв. Гэрийн эзэгтэй их сайн таньдаг бололтой. “Сайн, Сайн байна уу, хүү минь” хэмээн ихэд дотно мэндлэв. Сүхээ гуайн шавь юм байна. Хэнтий аймгийн Батширээт сумаас “Монгол фермер” сургуульд ирж суралцаж байгаад цэрэгт татагдсан Батдэлгэр гэх шавь нь аж. Тэрээр цэргээс халагдангуутаа багшийнхаа мэндийг мэдэхээр ирсэн нь энэ аж. Түүний шавь нар өдгөө эх орныхоо өнцөг булан бүрт хөдөө аж ахуйн чиглэлээр манлайлж явна. Бүр гадаадын зарим нэртэй фермерүүдэд хүртэл гол ажлыг нь нугалдаг том дарга нар гэсэн. Ямартай ч Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Л.Батцэнгэл Монгол Улсын аварга тариаланч бол Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Х.Мөнхболд улсын аварга малчин. Шавь Б.Галбадрах Хөвсгөл аймгийн ХАА-н газрын даргын албыг хашдаг гээд энд дурдвал багтахгүй биз ээ.

Оюутнуудаа санагалзах сургуулийн ректор

Ингээд түүний ажлын өрөөнд хэсэг саатлаа. Өрөөнийхөө хойморт бурхан тахил залсан байх бөгөөд өмнө нь Монгол Улсын төрийн тэргүүн явсан Н.Багабанди, Н.Энхбаяр болон өдгөө төр барьж буй Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийн зураг байв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гэрэл зураг дээр ухаа шаргал дээлтэй, хээр халзан морь унасан харагдав. Тус тусдаа гэрэл зураг мөртлөө яагаад адилхан дээлтэй байгааг асуухад “Би сургуулийнхаа комьпютерийн ангийн нэг хүүгээр фото шоп хийлгэж адилхан дээлтэй болгохгүй юу” хэмээн зальтай инээгээд цааш “Сонирхол юм уу. Н.Багабанди, П.Очирбат гуай хоёрын зургийг бас ийм дээлтэй, ижил зүсмийн морьтой болгож янзлах гэж байсан чинь нөгөө оюутан маань сургуулиа төгсөөд надад олдохгүй завгүй хүн болсон” гэв. Тэрээр аливаа нэг зүйлд баригддаггүй нь түүний зан байдал, амьдарч буй орчин тойрноос нь бэлхнээ харагдах юм гэсэн бодол төрж байлаа. Халаалтгүй, галлагаагүй учраас нэг их удаан суусангүй. Ажлын байрны эсрэг талд оюутны дотуур байр нь байдаг аж. Өнөө жил оюутангүй байгаа болохоор нэг л эл хуль байгаагаа ярьж байлаа. Хүү Энхбаатар тус байрны хаана нь ус гоожиж байна, хаана юу нь эвдэрч гээд аж ахуйн бүхий л ажлыг хариуцдаг бололтой. Насаараа оюутны шуугиан дунд амьдарч ирсэн Сүхээ гуай ажлынхаа өрөөнөөс дуртай дургүй дүнсийн гарна. Хашааны баруун буланд байрлах сургуулийн байр руу эргэн эргэн харж “Манай сургууль хүнийг амьдрах ухаанд сургадаг. Хойтонгоос аймаг, сумдад сургуулиа нээх бодол байна” гэж зөөлхөн шивнээд нуруугаа үүрэн гэрийн зүг алхлаа. Сүхээ гуай 1998 оноос хойш энэ хашаандаа амьдарч байгаа аж. Анх сургууль байгуулсан жил байранд амьдардаг оюутнууд нь байнга шахуу архидан согтуурах болж. Амьтны хүүхэд сургах гэсэн биш архинд живүүлчих вий гэж ихэд сандарч III хорооллоос нүүж сургуулийнхаа хашаанд гэр барьж эхнэртэйгээ амьдрах болж. Ингэж арай гэж залуусыг буулгаж авч, хараа хяналттай болохоор нөгөө хэд нь ч намжиж. Гэтэл хойтон жил сургуулийнх нь ихэнх охин давхар биетэй болчихож. Ямар ч сургуулиас дутахааргүй мэдлэг, боловсрол олгож байсан түүний хувьд энэ мэт оюутнуудын хувь асуудал санааг нь чилээж байсан гэдэг. Гэхдээ л тэрээр тэмүүлсэн зорилгынхоо төлөө зүтгэж олон ч хүнийг хоолтой нь залгуулсан ачит “аав”. Түүний гэргий З.Зурмаа нийгмийн ухааны институт, СУИС зэрэгт ажиллаж явсан бичгийн хүн. Гэвч нөхрийнхөө мөрөөдлийн төлөө хамаг бүхнээ орхиод гэр хороололд мал маллаж, ногоо тарьж амьдарч байхдаа харин ч сэтгэл хангалуун байсан гэдэг.

Сансрын нисэгч Гүррагчаа, “Их засаг”-ын Ням-Осор тэргүүтэй түүний найзууд

“Монгол фермер” сургуулийг байгуулах санааг одоогийн “Их Засаг” олон улсын сургуулийн захирал Ням-Осороос авсан байна. Учир нь 1985-1990 оны хооронд Сүхээ гуай Дорнод аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Ням-Осор Хэнтий аймгийн ХЗЭ-ийн дарга байсан аж.Товчхондоо олон насны зөрүүтэй ч тэдний дунд сайхан нөхөрлөл байж. Анд нөхрийн журмаар Ням-Осор нэг удаа “Та энэ том талбайгаа ашиглаад аж ахуйн чиглэлээр сургууль байгуулбал ард түмэнд ч хэрэгтэй” гэж хэлж байсан нь ийн хожим ажил хэрэг болсон түүхтэй аж. Ингэж сургууль байгуулах шипигээ нэг найзаасаа авч байсан хэмээн ярих зуураа зургийн цомгоо эргүүлнэ. Түүний зургийн цомогт Сансрын нисэгч Гүррагчаатай хамт авахуулсан гэрэл зураг нэлээд хэд харагдав. Учир нь Цэргийн 065 дугаар ангид хамт алба хаасан нэг оны цэргүүд гэнэ. Тэрээр Гүррагчаатай хамт татуулсан гэрэл зургаа харуулаад “Золбоотой аавын хүү дээ. Цогтой ч, овтой ч эр” гээд дотроо нэгийг эргэцүүлсэн бололтой толгой сэгсрэн инээмсэглэж үзэгдэв. Мөн МУИС-ийн физик, математикийн ангийг хамт төгссөн Даваа, Баатархүү зэрэг хэдэн нөхдийнхөө зургийг үзүүлэв. Тус ангийг 16 оюутан төгссөн бөгөөд 15 нь эх орныхоо боловсрол болоод шинжлэх ухааны салбарт манлайлагчид нь болсныг онцлов. Харин нэг нь бурхан болжээ. Ялангуяа Давааг МУИС ректороор олон жил ажилласан болохыг мэдэх буй за. Ер нь Сүхээ гуайн гэрт олон төрлийн ном харагдсан. Тэрээр өөрөө ч фермерийн аж ахуйн чиглэлээр олон ном гаргасан хүн. Тухайлбал, 2004 онд “Фермерийн Монгол аж ахуйн шинэ боломж”, “Фермерийн аж ахуйн зохион байгуулалт, туршлага, тулгамдсан асуудал, хэтийн төлөв” зэрэг цуврал ном гаргаж байсан юм.

Хашааныхаа газраас хороондоо илүүчилжээ

“Хүүхдүүд том болоод бид хоёрыг зүгээр л сууж бай, элдэв юм хийж өөрсдийгөө ядраах юм гээд байх юм. Угаасаа гараа хумхиад сууж сураагүй хүн чинь хэцүү юм” хэмээн Сүхээ гуай телевизийн удирдлага барингаа хөөрөлдөв. Тэрээр сонин уншиж, телевиз үздэг хоёр чухал ажилтай гэнэ. Сүхээ гуай “Саяхан би хороо орохоор очтол үүдэн дээр нь “мэргэжилтэн нь байхгүй учраас дүүрэг орно уу” гэсэн зар байна. Намайг уншиж зогсох үеэр 30 орчим насны хоёр гурван хүн ирээд гар утсаараа зургийг нь дараад явсан. Бичиг үсэг мэдэхгүй юм гэнэ. Гэртээ хариад эрх биш эхнэр хүүхдээрээ уншуулдаг юм байлгүй. Би бүр гайхаад жаахан судаллаа. Тэгсэн огт бичиг үсэггүй олон мянган хүн байдаг бололтой. Үнэхээр эмгэнэл биш гэж үү” хэмээн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовнин хэлж байв. Тэрээр одоо чинь гурван гадаад хэл мэдэхгүй л бол гайгүй ажил хийж чадахгүй болчихоод байхад энэ чинь юу гэсэн үг вэ гээд ихэд нухацтай өгүүлэв. Харин эхнэр Зурмаа гуай цаг харангаа ухасхийн босов. Учир нь эднийх ганц, нэг гахайн торой тэжээдэг байна. Ядаж л эднийхээ хоолыг цагтаа өгнө, будааг нь буцалгана гээд ажил гарах юм хэмээн эхнэр хэлээд гарав. Эднийх нам даралтаар халдаг бөгөөд гэртээ халуун, хүйтэн устай яг орон сууцны айл шиг. Сонгинохайрхан дүүрэгт хоёрхон халуун устай өрх байдгийн нэг нь Сүхээ гуайнх аж. Нам даралтаар халаах зуухны өрөөнд орвол гал дээр нь тэжээлийн будаа буцалгахаар саванд хийгээд тавьчихаж. Мөн шувууны сангас, халгай зэргийг нэмэлт тэжээл болгохоор хадгалжээ. Том хашаатай учраас олон жилийн өмнө тариа, ногоо тарихаас гадна саалийн хэдэн үнээтэй, тахиа хүртэл үржүүлдэг байж. Харин нийслэлд мал байлгахгүй гэснээс хойш эдгээр малаа бүгдийг заржээ. Мөн хашааныхаа газраас дүүрэгтээ үнэгүй өгсөн нь өдгөө тэр газар дээр 23 дугаар хорооны байр баригдсан юм байна. Ийн ярьж зогстол түүний ач охин Э.Энхдэлгэр гүйж ирэв. Өвөөгөө гадаа хүйтэнд даарчихна гээд санаа тавьж гадуур хувцас авчирсан нь энэ. Гэрт орж зураг авахуулах болов. Гэрийн эзэгтэй авдарнаасаа ногоон үйтэн хуар дээл гаргаж ирээд өмсүүлэнгээ “Дээл өмсөхөөр махлаг хүний гэдэс тулаад байх юм. Гэдсээ тат” хэмээн хошигноод авав. Харин Сүхээ гуай хариуд нь “Зовж байж олсон гүзээ шүү” хэмээн бөөн наргиан болов. Мэдээж тэрээр өнөөдрийн амьдралаа босгохын төлөө хичнээн зүтгэж, хөдөлмөрлөснийг хэн мэдэх билээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Б.Чулуудай: Ёс зүйгүй гэж буруутгах бол намайг буруутга

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү, “Гранд лайн” компанийн захирал асан Б.Чулуудайтай ярилцлаа.

Сүүлийн үед тантай хол­боо­тойгоор аавыг тань ихээр буруутгаж, бүр огцруулах хүртэл асуудлыг сөхөх болсон. Харин энэ бүх “хэргийн эзэн” та дуугүй яваад л байх юм. Энэ бүх явдалд хамгийн бодитой мэдээллийг өгөх хүн бол та шүү дээ…

-Миний нэрийг оролцуул­сан хэл яриа гараад бас нэлээд удлаа. Дуугарч, юу болж байгааг хэлмээр санагддаг байсан ч зорьж төлөвлөсөн ажлынхаа ард гараад, хийж бүтээсэн ажлаа­раа хариуг нь үзүүлье гэж бодож байлаа. Юу юуны духанд хүрэлгүй тайлбар тавиад явснаас ажлаа сайн хийе гэж бодож ирсэн. Нөгөө талаас яг надаас ярилцлага авмаар байна, та хариулт өг гэж сонин хэвлэлийнхэн хандаагүй л дээ. Би өнөөдөр л тантай уулзаж байна. Харин ч нэг ний нуугүй ярьчихъя гэсэн бодолтой таны өмнө сууж байна. Ингэхэд танд эхлээд асуулт тавьчихвал болох уу. Та ингэхэд дахин төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Энэ ажил цаашдаа үргэлжлээд яваасай гэж боддог уу?

Манай нийслэлийнхний асуудал болгож ярьдаг хэт төвлөрөлт, утааны асууд­лыг шийдэж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх чухал гарц нь дахин төлөвлөлт гэж бай­гаа биз дээ. Миний хувьд энэ асууд­лууд түр­гэн шийдэгдээд цаашлаад хуучны орон сууц­ны байшин­гууд ч дахин төлөвлөлтөд орж, шинэч­лэгдэхийг хүлээж байдаг.

-Тийм ээ. Дахин төлөв­лөлтийн талаар ярьж эхлэхэд хүмүүс тэр бүрийд ойлгодоггүй байлаа. Аав маань анхлан үүнийг ярьж эхлэхэд хүмүүсийн санаанд буухгүй байсан байх. Бага багаар хүмүүс учрыг нь ухаж эхэлсэн. Тэгээд аав болоод түүний багийнханд хүмүүс итгэл хүлээлгэж, аав ч хотын захирагч болсныхоо дараа энэ ажлыг зохион байгуулалттайгаар эхлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг өрнүүлснийг хүмүүс мэдэж байгаа. Энэ ажлыг эхлүүлсэн нь ч, цаашдын олон арга хэмжээ нь ч бүгд НИТХ-ын баталсан тогтоол журмын дагуу явж ирсэн, явдаг гэж би ойлгодог. Уг тогтоол журмын дагуу иргэдийн өөрсдийнх нь гаргасан санал санаачилгаар эхний ээлжинд найман байрлалд дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Энэ санал санаачилга, дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд манай “Гранд лайн” компанийн оролцсон консерциум Амгалангийн Жанжин клуб орчмын 15,4 га газарт дахин төлөвлөлтийг хийхээр шалгарсан юм.

Харин энэ шалгаруулалтад хотын даргын хүүгийн компани багтсан концерциум шалгарсан нь буруутаад байгаа юм биш үү?

-Энэ шалгаруулалтыг манай аав ч юм уу, хотын аль нэгэн албан тушаалтан хийдэггүй юм. Үүнийг тэр газар нутагт оршин сууж байгаа иргэд өөрсдөө хийдэг. Үүнийг хүмүүс мэдэж байгаа ч зориуд мэдэн будилж байгаа юм уу, шийдвэрийг иргэд биш эцэг нь гаргасан мэтээр яриад байгаад асуудал байгаа юм. Манай “Гранд лайн” компанитай салбартаа олон жилийн туршлагатай “Зуншин”, “Сайрам булаг” гэсэн компаниуд ажлын төлөвлөгөө, зураг төслөө гарган шалгаруулалтад хамт оролцсон. Тэгэхэд энэ 15.4 га газрын дахин төлөвлөлт дээр 14-15 компани өрсөлдөж, гурав нь шалгарч үлдэж байлаа. Харин энэ гурван компаниас иргэд өөрсдөө сонголтоо хийсэн юм. Санал асуулгаар манайх 90 санал, дараагийнх нь 30, 20 санал авч, өрсөлдсөн компаниуд маань иргэдийн өгсөн энэ саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа батламжилж гарын үсэг зурсан баримт бичиг нь ч энэ байна. Бүх зүйл хууль журмын дагуу явж ирсэн гэдгийг батлах баримт бичгүүд миний өмнө байна. Та аль дуртайгаасаа аваад надаас асууж болно. Иргэд бол биднийг хийж чадна гэдэгт итгэсэн учраас саналаа өгсөн, бид ч тэдний итгэлийг дааж ажиллаад өгнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилдаа орж байлаа. Манай тэнд оршин суудаг 228 өрхийн 215-тай нь бид гэрээ хийж чадсан. Энэ бас мундаг үзүүлэлт шүү. Нийт айл өрхийн 75 хувьтай нь тохиролцож чадвал ажлаа эхлүүлдэг байхад бид 95 хувьтай нь ойлголцож чадсан.

Гэвч 2013 оны сонгуулийн үеэр улстөржих болж Э.Бат-Үүлийн хүүгийн компани үүнд оролцоод явж байгааг буруутгаад эхэлсэн юм. Сүүлдээ хамтрагч хоёр компани маань хэл амнаас түвэгшээж энэ төслөөс гарахаар шийдсэн. Үнэндээ бизнесийн хүмүүс ийм хэл амнаас болгоомжилдог, зүгээр л урд байгаа ажлаа хийхийг эрхэмлэдэг хүмүүс. Гэтэл зүгээр бизнесээ хийгээд явж байгаа тэр хүмүүс надаас болоод асуудалд орохыг хүсээгүй. Одоо үүнийг хэлж байгаа нь зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй байна. Дахиад тэднийг хэл аманд оруулчих вий гэхээс санаа зовж байна. Туршлагатай, сайн компаниуд байсан. Надад үнэхээр харамсалтай байлаа. Бизнес хийж, ажлын ард гаръя гэсэн тэр хүмүүс яах аргагүй байдлаас болж төслөөс гарсан.

Тэгээд танайГранд лайнХХК ганцаараа үлдсэн юм уу. Ингэхэд танай энэ компани хэзээ байгуулагдсан, үйл ажиллагааны чиглэл нь ямар компани вэ. Та өөрөө байгуулсан уу, хэн нэгнээс дамжуулж авсан уу?

-Ингээд ганцаараа үлдсэн. Энэ компани маань 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн компани. Би танилаасаа энэ компанийг шилжүүлэн авч, брокер дилерийн үйл ажиллагаагаар гадны компанитай хамтран ажиллаж байсан. Манай “Гранд лайн” компани бол хөрөнгө оруулалт зуучлалын компани. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банк гэж байдаг шиг хөрөнгө оруулалт зуучлалын компани. Тухайлбал, энд байгаа Бат гэдэг хүний газар дээр би хөрөнгө оруулалтын зуучлал хийгээдДорж гэдэг хүний хөрөнгийг бас өөрийнхөө хөрөнгөтэй нийлүүлээд бүтээн байгуулалт хийгээд Батдаа, Дорждоо бас өөртөө ч ашигтай ажиллахыг хэлээд байгаа хэрэг л дээ. Ийм төрлийн бизнес дэлхийн хаа ч байдаг. Сөүл, Бээжинд ч газар зохион байгуулалт ийм зарчмаар явагдаж, дахин төлөвлөлт хийж ирсэн. Тэр зарчмаар би энэ ажил руу орсон юм. Үнэндээ би ялаад, шалгараад үлдчихнэ гэж бодоогүй энэ шалгаруулалтанд орсон юм шүү.

Түрүүлнэ гэж бөх барилд­даг шиг ялна гэж шалгаруулалтад ордоггүй юм уу?

-Чин үнэнийг хэлэхэд би шалгарчихна гэж бодоогүй байсан. Ямар ч байсан залуу хүн байна энэ шалгаруултад төсөл төлөвлөгөөгөө бэлдээд ороод үзье, өөрсдийгөө сориод үзье л гэж орсон юм. Бас нөгөө талаас аавынхаа хүү нь учраас эхлүүлж байгаа, санаачилж байгаа ажлыг нь дэмжээд өрсөлдөж байгаа олон компанийн нэг нь болж хүч нэмье гэж санасан. Гэтэл манай хорооны иргэд бидэнд, манай компанид итгэж байгаагаа илэрхийлж, бусдаасаа тасархай санал аваад гараад ирсэн. Та бүхэн санаж байгаа бол үүний дараа аав очоод тэр иргэдтэй уулзаад, энэ компанийг больчих оо, өөр компанийг сонгочих гэж хэлсэн ч ам руугаа алгадуулаад буцсан.

Тухайн үед телевизээр гарч байсан санагдаж байна. Хүмүүс бараг хотынхоо даргыг загнаад буцааж байсан даа

-Тийм ээ. “Таны мэдэх асуудал биш ээ, бид өөрсдөө асуудлаа мэдье” л гэсэн. Аав уг нь манай компанийг биш өөр компанийг сонгочих гэж ятгаж очсон юм шүү дээ. Гэтэл иргэд бидэнд итгэсэн, түүнийгээ аавд, хотын даргад хэлж, түүний хэлснийг хүлээж аваагүй. Тэгэхээр нь би ч урам орж улаан галзуу дайрчихсан. Үнэндээ манай компанийн залуус, би, бид бүгдээрээ энэ ажлын ард гарах гэж хичээн зүтгэсэн дээ. Гэтэл даанч болдоггүй юм байна. Гүжир гүтгэлэг, дайралт үнэндээ хүнийг туйлдуулдаг юм байна (санаа алдав).

Та нар иргэдэд ямар санал тавьсан бэ. Тэр олон хүний хүсэл таашаалд нийцүүлнэ гэж амаргүй биз дээ?

-Мэдээж, иргэдтэй тохиролцоно гэдэг амаргүй ажил. Хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр авдаг ажил нь энэ. Тэнд 0.07 га газартай иргэдэд бид 120 м/кв орон сууцыг санал болгосон. Брокер дилерийн чиглэлд ажиллаж байсан болохоор манай залуус тооцоо судалгаанд гаргуун. Тэгээд бид нарийн тооцоо гаргаж, бас газраа өгч байгаа иргэдээ ч хохироолгүй тав тухтай амьдруулах үүднээс 120 м/кв орон сууцыг өгөхөөр шийдсэн. Үнэндээ 120 м/кв бол бага хэмжээ биш. Аавыг маань дахин төлөвлөлт гээд ярьж эхэлж байхад хашаа байшингийн үнэ тун бага байсан юм шүү дээ. Газраа барьцаалаад зээл аваад сайхан байшин барих боломжийг судлахад газар нь ямар ч үнэгүй болохоор барьцаа болж чаддаггүй байлаа. Биднийг гэрээ хийх үед орон сууцны м/кв-ын ханш одоогийнхоос өндөр, манай санал болгосон байраар бодоод үзэхэд бид нэг айлын хашааг 200 гаруй сая төгрөгөөр үнэлж байсан. Одоо м/кв-ийг 1.5 сая төгрөгөөр бодлоо гэхэд 144 сая төгрөг шүү дээ. Гэтэл тэр үед хашаа таван сая төгрөг, ихдээ 20-30 сая төгрөг байлаа. Харин одоо газрын үнэ тэнгэрт хүрсэн нь дахин төлөвлөлтийн ажлын үр дүн юм аа. Банкинд барьцаанд тавих хөрөнгө болж чаддаггүй байсан айлын газрыг үнэд хүргэх аавын минь бодол биелсэн. Бид гэрээ хэлцэл хийж явахдаа иргэдийнхээ хүсэл бодлыг сайн тусгаж явсан. Тэдэнд анх 60 м/кв байр өгнө гэхэд тэд боломжгүй гэдгээ хэлж байлаа. Тэр хашаанд ганцаараа биш, үр хүүхэд, бэр хүргэнтэйгээ амьдардаг улсууд, бидэнд жижиг метр квадрат байр аваад амьдрахад багтаж шингэхгүй хэцүү гэсэн. Тэгээд бидний зүгээс 40, 40м/кв-аар нь гурван байр авч болох саналыг тавьж, иргэд ч саналыг маань дуртай хүлээж авсан. Дээрээс нь хашаанд байгаа тоосго байна уу, мод, палк байна уу бүх байшинг нь тодорхой хэмжээгээр үнэлж м/кв-ын хэмжээг нь нэмээд өгч байгаа юм.

Тэндхийн иргэд маань зөвхөн байртай болоод дуусмааргүй байна, орлогын эх үүсвэртэй болохыг хүсч байна гэснийг ч бас бодолцсон. Тэндээ худалдааны төв барихаар болж, улмаар өрх бүрт таван м/кв лангуу үнэ төлбөргүй ашиглах эрхийг өгсөн. Бид тэдний үгийг сонсч, тэдэнд бас санал маань таалагдсан учраас учиргүй ажил уях хүн байгаагүй. Тэгээд ч иргэд маань ухаантай учраас дахин төлөвлөлтийг дэмжээд ажлыг түргэн урагшлуулсан. Мэдээж шүү дээ, хэн тохилог орон сууцанд дээрээс нь орлогын эх үүсвэртэй амьдрахыг хүсэхгүй байх вэ дээ. Яахав, заримдаа хэлэлцээ хүндрээд ирэх үед нь би нэмэгдэж ороод тавыг нь тав гэлтгүй кв-ыг нь нэмээд, нэмээд ажлаа явуулж л байсан. Ингээд маш хурднаар энэ ажлынхаа ард гарсан. 30 гаруй тэрбум төгрөгөөр 15 га газрын худалдан авалт хийгдсэн гэсэн үг. Үүнийгээ га-д нь хуваагаад үзвэл хоёр тэрбум төгрөг болж байгаа нь Зайсангийн газрын үнэлгээтэй бараг дөхөж очиж байгаа юм. Цаашлаад бид хөрөнгийн зах зээл дээрээс ч брокерын үйл ажиллагаагаар мөнгө босгох төлөвлөгөө байсан. Газрыг эргэлтэд оруулж, проперти бизнес хийх гэж үүнийг хэлж байгаа юм. Тэр үед залуус маань үнэн эрч хүчтэй, ажиллах, хийж бүтээх гүн эрмэлзэлтэй байсан. Би тэднээрээ одоо ч бахархдаг.

Танай хажууханд дахин төлөвлөлтийн ажил руу орсон барилгын компанийнхан хүмүүстэйгээ 100 м/кваар тохирч байсан ч Б.Чулуудайд чирэгдээд 120 м/квыг өгөхөөр болсон. Аавынхаа ажлыг дэмжээд ханш өсгөөд байсан гэж таныг буруутгангүй ярьж байхыг сонсч л байсан юм байна

-Бид нарийн тооцоо хийсэн гэдгийг дээр хэлсэн. 120 м/кв бол иргэддээ ч ашигтай, компаниудад ч ашигтай. Хоёр тал аль, аль нь сэтгэл ханамжтай үлдэх ёстой. Манай гэр хорооллынхон цахилгаантай л болохоос аль XIX зуун, бүр түүнээс өмнөх зуунаараа л амьдарч байна шүү дээ. Тэгвэл энэ бүхэн өөрчлөгдөх цаг болсон. Үүний төлөө аав маань бас олон, олон хүн зүтгэсэн. Үүний хүчинд гэр хорооллынхны газрын үнэлэмж өөр болсон. Дахин төлөвлөлтийн ажил маань улам өргөжөөд 30 гаруй компани шалгараад явж байгаа гэж сонссон. Тэр хүмүүс бас яах гэж ингэж зүтгэж байгаа юм. Эцсийн үр дүнд гэр хороололд маш том бүтээн байгуулалт босч, дэд бүтцийн хувьд таатай, эрүүл ахуйн хувьд аюулгүй тийм орчинд амьдрах явдал шүү дээ. Үүнийг ач холбогдлоор нь үзвэл маш том ажил юм.

Өөрөө яагаад бизнесийн салбар руу орсон юм бэ. Тэгээгүй бол энэ бүх хэл ам үүсэхгүй байсан гэж боддог уу?

-Би хүүхэд байхаасаа улс төрийн амьдрал гэж юу болохыг сайн мэддэг байсан. Бараг манай гэрт анхны нам байгуулагдаж байлаа шүү дээ. Ардчиллын партизанууд чинь манайд цуглаж хурлаа хийдэг байсан. Ээжийн маань ганзаганд яваад олж ирсэн хэдэн төгрөгийг аав хурааж аваад намын байраа тохижуулж байсныг би харж л байсан. Ардчиллын мөн чанар гэж юу болохыг би үеийнхнээсээ хамаагүй эрт ойлгосон байж ч магад. Тэр үеэс л би улс төр хатуу, ар гэрийн амьдрал золиосонд байдаг гэдгийг мэдэрсэн. Тиймдээ ч би бизнесийн салбарт хүчээ үзэж амьдрахыг хүссэн. Одоо ч хүсч байгаа. Жинхэнэ улс төр гэдэг бол элдвийн наймаа, худал хуурмагт оролцож болдоггүйг яс махаараа мэдэрсэн. Би 19 нас хүрээд ээжийнхээ ажилд туслах болсон. “Сонор” дуу бичлэгийн студиэ ажиллуулж, хамтлаг дуучидтай хамтарч дараа нь “Инфо” радиогоо байгуулж, бүр анхны интернэт радиог ч үүсгэж байлаа. “Сонор”-ын таван жил гэж тэр үедээ л үндэсний том баяр болж хамтлаг, дуучид бүгд л стадион дүүрэн уухайлж дуулж байсныг санаж байна. Бас хамтлаг, дуучдыг амьдаар нь дуулуулж, шууд радигоор цацдаг паб маань гурван жил дараалж АПУ компанийн шилдэг харилцагч болж байсан гэхээр сүрхий л байж гэмээр байна. Бид анхны хүүхдийн аудио үлгэрийн номын цоморлигийг хэвлэж гаргаад гурван жил дараалан хамгийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж л байлаа.

-“Татархамтлагийг продюсерлэж гаргаж ирсэн дээ. Бараг хамтлагийг бүтээж, гаргаж ирэх анхны оролдлого байх шүү?

-“Татар” хамтлагаараа би их бахархдаг. Дэнжийн 1000-ын хүүхдүүд шүү дээ. Бас л гэр хорооллынх. Бид үзэгчдээр битүү дүүрсэн хэд хэдэн тоглолтуудыг сайхан хийж байлаа. Улаанбаатар паласт 25 мянган хүнтэй тоглолт хийж, Японд очиж тоглолт хийгээд “Sony music”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Мөн бид “Татар” хамтлагийн “Аз жаргал Bad boy” киног хийгээд сар хагасын дотор 360 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, шинэ монгол киноны сэргэлтийг эхлүүлж л явлаа. Тэр үед би 25-26-тай байж дээ. Ингэж явж байсан хүн яаж бизнесээс ангид байх билээ. Нэг хэсэг нэлээд амжилттай явж байсан дуу бичлэг, CD борлуулалтын бизнес маань аяндаа унаж эхэлсэн дээ. Технологийн хөгжилд нэг ёсондоо чирэгдэх болсон. МР3 гарснаар хүмүүс дуугаа бие биенээсээ, компьютероос хуулаад авчихдаг боллоо. Яг энэ үед миний дотнын ах надад хатуу зөвлөсөн юм. “Би аав, ээжийг чинь мэднэ ээ. Энэ гэр бүлдээ чи ирээдүйтэй, зөв нэр төртэй бизнес хийх хэрэгтэй шүү гэж зөвлөсөн юм. Тэгээд би гадагшаа явж сурахаар шийдсэн. Сингапурт хоёр жил бизнесийн удирдлагаар суралцлаа. Энэ үедээ хөрөнгө оруулалтын бизнесийн талаар чамгүй судалсан юм. Хөрөнгө оруулалтын зуучлал хэрэгтэй юм байна, хөрөнгө оруулалтын бизнес ашигтай ажилладаг юм байна гэдгийг ойлгож аваад ирсэн дээ.

Ирээд ямар ажил хийсэн бэ?

-Тэнд суралцаж байх үеэсээ эхлээд газар, уул уурхайтай холбоотой төсөл, барилга хөдөө аж ахуйн чиглэлд нэлээд судалгаа хийсэн. Хөрөнгө оруулалт салбар бүрт байж болох учраас бүгдийг судалсан. Төгсч ирээд “Samsung”-ийн хөрөнгө оруулалтын банкны Монгол дахь төлөөлөгчөөр ажиллав. Энэ үедээ бас чамгүй сайн ажилласан гэж боддог. Харамсалтай нь толгой компани маань хөрөнгө оруулалтын банкны чиглэлд ажиллахгүй болсон учраас Азийн орнуудад, Монголд байсан салбараа татан буулгасан. Энэ хооронд би 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулж ирж чадсан. Үүний дараа хувийн компанийн ажилдаа ороод явж байтал 2012 онд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн дээ.

Дахин төлөвлөлтийн автор бол яах аргагүй танай аав. Одоо сонгууль дөхөж байгаа болохоор аавтай чинь холбоотой сөрөг таагүй мэдээлэл эсрэг намынханд хамгийн чухал. Ийм байдал үүснэ гэдгийг мэдэж л байсан байх. Яах гэж аавтайгаа хол­боо­той энэ ажил руу орсон юм бэ. Үлдэж болоогүй юм уу?

-Одоо аавыг маань ёс зүйгүй үйлдэл хийсэн гэж сөрөг хүчний намын аппарат тэр чигээрээ, ер нь бүх нам, тэр дундаа өөрийн намаас нь ч нийлчихсэн буруутгаж байна.

Хотын дарга ямар ч ёс зүйгүй үйлдэл хийгээгүй ээ. Миний аав ёс зүйгүй байгаагүй. Ёс зүйгүй гэж буруутгахаар бол намайг буруутга. Ёс зүйгээ алдсан хүн олоод ир гээд байгаа бол би 100 хувь буруугаа хүлээе. Хуулийн хариуцлага хүлээх ёстой бол би хүлээнэ.

Гэхдээ яг юуг ёс зүй гээд байгаа юм бэ. Надад 2012 онд хүмүүс хэлж байсан. “Чи энэ ажилд орохоор бол ард нь нуугдаж ор оо. Хүмүүс хэл ам гаргана” гэж байсан. Яагаад гэвэл урьд нь хэн нэг даргын хүү, аль нэгэн эрх мэдэлтний хүү нь, дүү нь, хамаатан ах дүүс нь ингэж л яваад ирсэн учраас тэд надад тэгж хэлээд байжээ. Харин би ингэж нуугдаж орвол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болно гэж бодсон. Надад нуугдаж ажиллах шаардлага байхгүй, би ил тод, бизнесийн зарчмаар шударгаар ажиллах болохоор нэрээ хэлж байгаад, Бат-Үүлийн Чулуудай гэж зарлуулж байгаад энэ ажлыг сайн хийнэ л гэж бодсон. Дээрээс нь надад аавынхаа санаачилсан энэ ажлыг хүүгийн хувьд гар бие оролцоод дэмжчих юмсан гэсэн чин хүсэл байсан. Аав маань гэр хорооллын хүмүүсийг таатай, тохитой орчинд амьдруулмаар байна, газрыг нь үнэтэй болгомоор байна гэж хэдэн жил хоолойгоо сөөтөл ярилаа. Цаад ач холбогдол нь чухал учраас иргэн хүнийхээ хувьд ч би хараад суумааргүй байсан. Харин гар бие оролцож, гэр хорооллыг сайхан бүтээн байгуулалт болгох тэр их ажилд хүчин нэмэр болмоор санагдсан юм.

Тэгээд ч би хэн нэгнээс газар авчихаад хүний араар нуугдаад бизнес хийгээд явахыг хүсдэггүй, хүсэх ч үгүй байна. Ийм нийгмийг миний аав бий болгосон юм. Би бол яах аргагүй энэ нийгмийн, ардчилал, чөлөөт зах зээлт нийгмийн үр шимийг хүртэж яваа, тэр үзлээр хүмүүжиж бий болсон хүн байж бусдаас нуугдаж, хулгайч шиг явахыг хүсэхгүй. Хэрэв тэгсэн бол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болох байсан юм. Гэвч болдоггүй л юм байна даа.

Э.БатҮүл дарга ярилцлагадааБи хүүгээ энэ төслөөс гаргасангэж хэлсэн. Таныг их шахсан уу, та дурамжхан байв уу?

-Би үнэхээр дургүй байсан. Яагаад гэвэл эхлүүлсэн энэ ажлынхаа ард нь гарахыг хүсч байсан. Гүжир гүтгэлгийн эсрэг хийсэн ажлаа харуулъя гэж санаж байсан. Гэвч болсонгүй.

Газрыг олгох шийдвэр танай аавынх биш, иргэдийнх байсан юм байна. Тэгвэл дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр танай компанид олгосон таван тэрбум гаруй төгрөгийн асуудлыг та юу гэж тайлбарлах вэ. Хотоос танайх руу өгсөн байх аа?

-Дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр биш татуулахаар хотоос гаргаж байгаа мөнгө. Амгалангийн Жанжин клуб орчмын тэр хавийн дэд бүтцийг шийдэхээр хот өөрөө гаргаж байгаа хөрөнгө. Манай дансаар орж ирсэн болохоос биш, тэр ажлыг гүйцэтгэж байгаа компаниудад очсон хөрөнгө. Тав ч биш 11 тэрбум юм. Өнөөдрийн байдлаар үүний зургаан тэрбум орчим нь ажилдаа зарцуулагдсан байгаа. Дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн бүх компаниуд руу дэд бүтэц, шугам сүлжээний хөрөнгийг НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу шилжүүлсэн байдаг. Энэ чиглэлд ажилладаг компаниуд нь өөрсдөө хийгээд, манайх шиг өөрсдөө хийддэггүй нь бусад гүйцэтгэгч компаниар хийлгүүлсэн. Та манай дансны хуулгыг харж байна. Тэр яригдаад байгаа таван тэрбум чинь дандаа зарлага болоод бусад компаниуд руу гарсан байгаа биз дээ. Манайх үүн дээр ажил хийгээгүй учраас нэг ч төгрөг аваагүй, гүйцэтгэгч компаниудад өгсөн.

Таны нэг бичлэг интернэтээр цацагдаад байсан. Гүйцэтгэгч компанийн хүмүүстэйгээ ойлголцохгүй байгаа бололтой

-Ажлаас болж хүмүүс маргалдаж л байдаг. Ажлаа сайн хийж, ажлаа урагшлуулахын төлөө хүмүүсбүгд тэгдэг байх. Тэр бичлэгийн хувьд нийслэлээс хөрөнгө оруулалт авахын тулд НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу бид таван хувийн барьцааг урьдчилан байршуулах ёстой байсан. Үнэндээ шугам сүлжээ тавих ажлыг бид хийхгүй учраас бид мөнгө авахгүй. Тиймээс би гүйцэтгэгч компаниуддаа урьдчилгаа төлбөрийн баталгаагаа өөрсдөө хариуцаад яваарай гэдгийг хэлсэн байсан. Цагаа тулахад мөнгө гаргах газрууд байгаагүй. Би тэдний өмнөөс барьцааны мөнгийг өгч, гэрээ байгуулсан учраас манай компанитай гэрээ байгуулаад явах талаар мэдэгдэл хүргүүлсэн юм. Манайх тэдний өмнөөс барьцаа өгчихсөн байдаг, тэд ажлаа хийхгүй алга болчихвол би хариуцлагад унана. Тиймээс тэднийг барьцаагаа өг гэж хэлсэн. Гэтэл тэрнийг мушгиж тайлбарлаад, зориудаар гүтгэж байна лээ. Манай энэ хорооны дэд бүтэц, шугам сүлжээнд зарцуулагдах 11 тэрбум төгрөг бол нийт дахин төлөвлөлтийн найман байршлаасаа бараг багад нь тооцогдох байх. Зарим компаниуд бүр 50-60 га газарт дахин төлөвлөөд явж байгаа. Энэ компаниудын аль нь ч төслөөс гараад явлаа гэхэд тийшээ яваад очсон дэд бүтэц, шугам хоолойг чинь тэврээд явахгүй шүү дээ. Тэндээ үлдэх юм. Тэр хавийн хүмүүст ач тус, үнэ цэн нь ирж, газрыг нь бүр үнэтэй болгох л юм. Ер нь аль хотын даргын үед гэр хорооллынхны төлөө ингэж хөрөнгө гаргаж, анхаарч байсан юм бэ. Одоо Амгалангийн хүмүүс бэлэн 150 саяыг өгвөл өг гээд сууж байдаг болсон. Энэ чинь жинхэнэ үр дүн, жинхэнэ ёс зүй биш юм уу.

Та тэр туркуудтэй яаж яваад холбогдсон юм бэ. Тэд луйвардуулсан гээд гомдолтой байгаа шүү дээ?

-Би энэ ажлаа амжилттай явуулахын төлөө олон газраар явсан. Хятад, Япон, Солонгос, Турк гээд олон орны хүмүүстэй хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзаж, судалгаа хийж явсан. Япон, солонгосчууд дахин төлөвлөлтөөр маш их туршлагатай хүмүүс. Туркуудыг ч сонирхох шалтгаан байсан. Тэд барилгыг маш хурдан сайн барьдаг, мөн гэрээ хэлцэлдээ мөнгө төгрөгийн тухайд итгэл төрүүлсэн учраас хамтрахаар болсон юм. Энд бид Турк улсын тухай яриагүй юм шүү. 216 Япи Үрэти нэртэй ХХК-ийн тухай л ярьж байна. Үүнийг уншигчид маань ялгаж салгаж ойлгоорой.

Энэ компанитай хийсэн гэрээндээ бид Монголын тал 55 хувь, Туркийн тал 45 хувийн санхүүжилтийг гаргана гэж заасан. Эхний ээлжийн 365 айлын орон сууцын барилгын ажлыг эхлүүлэхэд есөн сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж үзээд үүнийг дээрх хувиараа тооцсон. Гэхдээ хөрөнгө оруулалтаа бэлэн мөнгөөр буюу валютаар хийнэ гэдгийг нарийн заасан байдаг юм. Нэмэлт заалтаар Б тал нь гарын үсэг зурж, гэрээнд заасан ажлаа гүйцэтгэснээр А талын хувьцааны 50 хувийг эзэмшинэ. Ингэхдээ А талын урьд нь гаргасан хөрөнгө оруулалтын 50 хувийг гаргана. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийхгүй гэрээнээс буцвал нөгөө талдаа хувийг нь буцааж олгоно гэж заасан. Энэ гэрээг 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд хийсэн.

Тэгээд юу болсон бэ?

-За ингээд гэрээгээ байгуулаад Компанийн тухай хуулийн дагуу хувь хувьцаагаа бид шилжүүлсэн байдаг юм. Гэтэл туркууд ажлаа эхлээд явж байх зуур гэрээн дээрх тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Туркт намайг аваачаад цахилгааны ажлыг энэ компани хийнэ, энэ манай найзын компаниас цахилгааны тоног төхөөрөмжөө авна. Бид энэ хүмүүстэй өөрсдөө мэдээд гэрээгээ хийгээд явна. Энэ бүхэн манай талаас оруулж байгаа хөрөнгө оруулалт, чи зөвшөөрөх ёстой гээд яриад эхэлсэн. Нөгөө бэлэн мөнгөөр хөрөнгө оруулах гэрээний заалт зөрчигдөх болсон. Би тэдэнд “Та нараас оруулж ирсэн хөрөнгийг би өөртөө байршуулахгүй, та нар дансандаа байрлуул. Баруун, зүүнээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явъя. Гэхдээ худалдан авалтыг “Гранд лайн” компанитай хийгээд явах ёстой” гэдгийг хэлсэн. Яаж ч бодсон тэдний нөхцөлийг зөвшөөрөх боломжгүй байсан. Энэ үеэс бидний маргаан эхэлсэн юм. Ирээд байж байтал нөгөө хэд аль хэдийнэ баахан газартай гэрээ хийгээд найман контейнер бараа явуулсан, аваарай гэлээ. Түүнийгээ 800 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалтад тооцно гэсэн. Би түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд зааснаараа хөрөнгө оруулахыг шаардаж эхэлсэн юм. Өнгөрсөн бүх хугацаанд миний нэг талд барилга хариуцсан мэргэжилтэн, нөгөө талд нягтлан нь тэгээд орчуулагчтайгаа байдаг байлаа. Би гэж хүн хоногийн 24 цагийн турш байнгын дагуулуудтай. Байнгын хяналт дор байдаг байлаа. Миний алхам бүрийг мөшгинө. Дээрээс нь намайг гарын үсэг зурах эрхээ өг гэж шахах болсон. Би энэ ажлаа явуулахыг хүсч байсан болохоор тэдний аяглалуудыг хүлцэж байлаа. Компанийн удирдах эрхийг авна гээд байхаар нь өгөөд холдож ч үзсэн. Гэтэл бүх хүмүүсийг маань дуудаад зайлах нь зайлаарай гэсэн байгаа юм. Нягтланг маань дуудаад хоёр тайлан хөтлөх даалгавар өгсөн. Нэгийг нь өөрсдөдөө зориулж, нөгөөг нь татварт зориулж. Манай нягтлан над руу утасдаад “Намайг хоёр тайлан хөтөл гэж байна. Би ийм юм хийж ч үзээгүй, хийх ч үгүй. Энэ ажлыг нь өгье дөө. Танд мэдэгдэх ёстой гээд залгалаа гэсэн”. Арай ч дээ. Нутаг дээрээ бид ингэж доромжлуулж байж болохгүй биз дээ. Тэгээд би “Та нар гурван тайлан гаргах юм байна. Нэг нь өөртөө, нэг нь татварт бас дахиад нэгийг Чулуудайд гаргаж өгөх юм байна. Монголд ийм юмыг зөвшөөрдөггүй юм. Хууль бус ажиллагаа, залилан гэдэг юм. Таны нягтлан энэ бүхнийг чинь баримтжуулаад өгөхөд та шоронд суудаг юм” гэхэд “Би мэдээгүй” гэж байгаа юм. Ингээд л мөр мөрөө хөөе гэсэн дээ. Тэгээд гэрээ анхнаасаа хэрэгжээгүй учраас би гаргасан мөнгийг чинь өгье, та нар надаас авсан хувиа шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан. Гэвч тэд нутаг руугаа буцаад хэдэн сар алга болж, ажил гацаасан. Байдал иймд хүрсэн учраас би өнгөрсөн жилийн наймдугаар сард Арбитрийн шүүхэд хандсан юм.

Танай талаас гомдол гаргасан юм уу?

-Тийм ээ. Уг нь манай тал гаргаж, манай гомдлын мөрөөр 2015 оны дөрөвдүгээр сард Арбитрийн шүүхээс шийдвэр гарсан юм. Гэтэл Туркийн талыг өмгөөлж байгаа өмгөөлөгч Б.Оюунбилэг “Туркууд гомдол гаргасан. Тэдний гомдлын мөрөөр мөнгө гаргуулах болсон чинь хулхидсан” гэж сонин хэвлэлээр ярилцлага өгөөд яваад байгаа.

Арбитрийн шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэ?

-Туркуудын оруулсан гэж байгаа 400-н хэдэн мянган ам.долларыг би буцааж өгөх, харин туркууд авсан 50 хувийн хувьцаагаа буцааж өгөх гэсэн шийдвэр гарсан. Дээрээс нь татварыг нь төлөөд оруулж ирсэн бараагаа дундаа хэрэглэх, эсвэл тохироод аль нэг тал нь авах тухай шийдвэр гарсан. Гэтэл туркууд өөрсдийгөө хохирсон гээд 1,3 сая ам.доллар нэхэмжилж байгаа. Тэд Монголд ирээд амьдарч байсан зардал, бүр хоолонд орсон мөнгөө хүртэл нэмээд надаас нэхэмжилж байгаа. Гурван инженер ажиллуулсныхаа төлөө надаас сар хагасын цалинд 98 000 ам.доллар нэхэмжилсэн. Өндөр үнэтэй бараа материалыг өөрийн компанийн нэр дээр шахсан гэх мэтчилэн, манай компанид Турк талын хувьцаа эзэмшигч нар бүдүүлгээр хандаж улмаар бид шүүхэд хандахад хүрсэн. Энэ чинь өөрөө Монгол Улсын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаа хэлбэр учраас шүүх үүнийг тогтоогоод хувьцааг буцааж Монгол талд бүрэн шилжүүлсэн. Манай энэ хурал чинь Арбитрийн шүүхийг найм хоног хуралдуулсан гээд их алдартай хэрэг ш дээ. Их урт болсон болохоор. Хоорондоо өгсөн авсан гэх төлбөр мөнгөний баримтыг нэг бүрчлэн шалгаж байж дүгнэлтээ гаргадаг. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсны дараа тэд нэхэмжлэл хүргүүлсэн. Дараа нь Арбитрийн шүүх хуралдаад хүлээн авах үндэслэлгүй гэж тавдугаар сард шийдвэрээ гаргасан юм. Арбитрийн шүүх шийдвэрээ нэг удаа л гаргасан бол давж заалдах эрх байдаггүй.

Өмгөөлөгч Б.Оюунбилэг гэдэг хүний ярианаас арай өөр юм ойлгоод байсан л даа. Гэхдээ та Туркийн талд мөнгө өгөх ёстой юм байна, тийм үү?

-Тийм ээ. Надад учруулсан хохирлыг хасаад үлдсэн мөнгийг нь би өгнө. Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу СХД, БГД, БЗД-ийн шүүхээс ШШБГ-т албан бичиг хүргүүлж, шилжүүлэн авсан 50 хувийг буцааж надад өгөх шийдвэрийг гүйцэтгэхийг даалгасан. Энэ хүрээнд ШШБГ-аас Бүртгэлийн ерөнхий газарт хандаад явсныг нөгөө өмгөөлөгч Б.Оюунбилэг маань нөлөөлөлтэй гэж хардаад АТГ-т өгчихсөн байгаа дуулдсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн төрийн албан хаагчдыг шалгуулахаар өгчихсөн байна лээ. Хуульч хүн байж шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан ярьж, шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь харамсалтай. Заримдаа ийм тохиолдолд уур ч биш инээд хүрэх юм. Эмгэнэлт инээдэм гэдэг шиг л. Би өнгөрсөн бүх хугацаанд энэ хүнийг яахыг нь хараад сууж байлаа. Одоо бол тэгэхгүй. Би түүнийг шүүхэд өгөх болно. Би бодит байдлыг яаж гуйвуулж, яаж улстөржүүлжаав руу минь хамаатуулж байгааг өнгөрсөн хугацаанд дуугүй хараад сууж байсан. Одоо тэгэхгүй. Шалгадаг газраар нь шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгоно. Надад шүүхээр нэг бүрчлэн шалгуулж үзүүлсэн баримтууд маань энд байна. Шүүхэд шалгуулж байхад баримтаа нэг нэгээр нь тулгуулж, тэр дэд бүтцийн мөнгө төгрөгт холбогдоогүй гэдэг нь гараад л ирсэн. Одоо дахиад шалгуулахад ч бэлэн байна. Худлаа улстөржүүлж, цээжээ дэлдэж байгаа тэр улс цаана нь газраа байраар солино гээд итгэж найдаад хүлээж байгаа хүмүүсийн хувь заяаг огтхон ч бодохгүй юм.

Нээрээ тэр хүмүүс одоо яах вэ. Та төслөөс гарчихсан. Удахгүй орон сууцанд орно гээд хүлээж байгаа хүмүүсийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ?

-Надад үнэхээр амаргүй байна. Би тэр хүмүүст хэлж ярьж байснаараа сайхан орон сууцанд амьдруулахыг хүсч байсан. Гэтэл үйл явдал ингээд өрнөчихлөө. Гэхдээ би ажлаас гарчихлаа гээд тэднийг орхиогүй ээ. Би өнгөрсөн цаг хугацаанд энэ төслийг маань аваад явчих, миний төлөвлөснийг гүйцэлдүүлэх газруудыг эрж хайж, судалж бас гуйж нэлээд гүйлээ. Үнэндээ том ажлынхаа ард гарчихсан байсан юм шүү дээ. Бидэнд гэнэтийн бэрхшээл ч гарч ирж байсан. Барилгын ажлаа эхлэхээр зургийн дагуу ажлаа эхлээд явж байтал нэг төрлийн бодис тэндхийн хөрснөөс илэрсэн. Шалгуулахаар болтол манайд шалгадаг лаборатори байхгүй байх жишээтэй. Үл мэдэгдэх цагаан бодисыг Чех улсаас шинжилгээний багийнхан ирж шинжлэхээр аваад явсан. Гэтэл энэ нь пестицид байсан. Бүр социализмын үед тэнд устгалд оруулахгүй аваачаад хаясан нь энэ ажлын үеэр мэдэгдэж байгаа юм. Ингээд БОЯ-наас хөрсний цэвэрлэгээ хийтэл барилгын ажлыг явуулахгүй шийдвэр гарчихсан. Хэзээ хүн ирж цэвэрлэхийг хүлээгээд ажлаа явуулахгүй байлтай биш төлөвлөлтөө өөрчлөөд цутгалтаа эхэлж байлаа.

Энэ бүх хэл ам гарч эхлэхэд аав намайг төслөөс гар гэсэн. Би жаахан хүлээж байгаач, хариуцлагатай сайн компани олж өгөөд гаръя гэж гуйсан. Турк талынхан маань бол худлаа сайхан царай гэдгийг ойлгосон. Хятадын компаниуд байсан ч больсон. Харин саналыг маань үндэсний бүтээн байгуулагч “Бэрэн” хүлээж авсанд баяртай байгаа. Тэднээс манай зүгээс айлуудтай хийсэн гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй хэвээр нь авч явахыг хүссэн. Тэгээд л боллоо, надад. Би өөрийн хувь, бас туркуудээс буцааж авсан хувь гээд бүгдийг “Бэрэн”-д шилжүүлсэн. Надад одоо ашиг хамаагүй, өөрийн гаргасан хөрөнгө мөнгө ч яамай. Үнэндээ өнгөрсөн хугацаанд надад яваагүй банк, ломбард гэж байхгүй дээ. Байр, машинаа ч ломбарданд тавьчихаад явж байна. Өөрийн хөрөнгө, хавийн хүмүүсийн хөрөнгийг тавьчихаад айлуудынхаа түрээс, банкны зээл, гүйцэтгэлийн мөнгөө өгөөд явж байлаа. Татварын өр, банкны хүү гээд байгаа ч хорооныхоо хүмүүсээ л хүссэн байранд нь оруулах болсон маань чухал байна.

Түрээсний мөнгө гэж юуг хэлээд байна вэ?

-Нүүлгэн шилжүүлсэн айлуудынхаа түрээсний мөнгийг сар бүр бид төлнө шүү дээ. Айлууд маань байраа олно, бид төлбөрийг нь төлнө. Дунджаар сард 500-600 мянган төгрөг төлдөг. Эхний ээлжинд 41 айл нүүсний түрээсийг нь бид төлж байсан. “Бэрэн” манай цутгалт дээр 16 давхар байшингаа барихаар зураг төслөө бүрэн гаргаж дууссан байна лээ. Зарим айлуудаа өөрсдийн бэлэн байрууд руугаа оруулахаар тохирсон гэж дуулдсан. Тэгэхээр айлууд маань хохирсон зүйлгүй байгаа.

Өөрөө багагүй хэрэг явдлын ард гарчээ. Энэ ажил руу хэрэггүй ордог байж гэж харамсдаг уу?

-Бизнес хийж байгаа хүн унадаг, босдог. Тэр утгаараа би энэ удаад шатжээ, хамаагүй. Гэхдээ сэтгэлдээ надад уучлалт гуйхаас аргагүй хэдэн хүн байна.

Юуны өмнө би ааваасаа уучлал гуймаар байна. Бүр танай сониноор дамжуулж байгаад өршөөл эрье. Би чөлөөт иргэн, ардчилсан орны хүн юм байгаа биз дээ гэж байгаад энэ ажил руу орж байсан. Тэгж байхдаа улс төр гэж асуудлыг ийм утгагүй, ийм хошин шог шиг болгочихно гэж ерөөсөө санаагүй. Аав маань залуугаасаа энэ орны төлөө, ардчиллын төлөө зүтгэсэн. Хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн аавынхаа нэр хүндэд, байгаа бүгдэд нь хар толбо суулгасандаа үнэхээр шаналж байна. Очиж, очиж хүү нь болсон би аавыгаа ийм байдалд хүргэсэндээ үнэхээр хэцүү байна. Аав маань над руу загнаад хашгирдаг ч дотроо өмөрч л байгаа. Дээр нь би ээжээсээ, настай болсон эмээгээсээ уучлалт гуймаар байна. Тэд миний төлөө сэтгэлээ хамгийн их зовоож, ширгээж байгаа хүмүүс. Ээж маань энэ яриа гарсан цагаас хойш бүтэн нойртой хонож үзээгүй. Намайг хамгийн их сонсож ойлгодог хүн. Эмээ маань дээр гарсан настай. Телевизээр гарсныг үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй, хөөрхий. Санаа зовж л суугаа. Миний хувьд энэ хүний хүү, тэр хүний ач гэдгээрээ нэр төртэй амьдрах ёстой (хоолой нь зангирав).

Гэр бүлийн хүмүүжил, өвөөгийн маань сургаал намайг тийм байх ёстой гэж ойлгуулж сургаж ирсэн. Бас надад итгэж, манай компанид саналаа өгч байсан иргэдээсээ уучлал гуймаар байна. Тэдэндээ хэлж ярьж байснаараа хамтдаа их ажлынхаа ард гарч амжаагүйдээ уучлал гуйя. Тэр хүмүүс намайг гаргах гээд аавыг очиход бид мэдэж байна гээд буцааж байсан хүмүүс шүү дээ. Д.Сумьяабазар иргэдийг хулхидаж байгаа талаар худлаа нэвтрүүлэг цацаж байхад тэр дунд манай хорооны иргэдээс хэн ч байгаагүй. Бодвол намын гишүүдээ авчраад яриулсан юм байлгүй. Харин манайхан надад итгэж байсан.

Одоо та юу хийх вэ. Бизнесээ хийх үү, эсвэл шантарчихсан уу?

-Яг үнэндээ юу хийхээ мэдэхгүй л сууна. Гэхдээ бизнес хийж баялаг бүтээж байж улс орноо хөгжүүлэх ёстой. Амаа биш гараа хөдөлгөж амьдрах ёстой. Түүнээс биш цүнх барьж, хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө худлаа ярьж байгаа залуусыг харахаар би ичдэг юм. Би тэднийг өрөвдөж байна.

Энэ гэр хорооллын дахин төлөвлөлт бол ганц Э.Бат-Үүлийн ажил биш юм шүү. Үүнийг хоосон улстөржүүлж байгаад нураачих вий гэдгээс би айдаг. Гэр хорооллын иргэд өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө тэмцээрэй. Тэр компаниудаа дэмжиж ажиллаарай. Мэдээж иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байна гэхдээ нөгөөдүүлээ ч бас бодолцож байгаарай. Энэ ажлын ард гарах гэж зүтгэж байгаа олон компани, олон хүн бий. Би өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Д.Баттулга ахыг үнэхээр биширсэн. Тэр хүн энэ бүхнийг жинхэнэ ажил болгож, ард нь гарах гэж ямар мундаг зүтгэж байгаа гээч. Мундаг удирдагч юм байна гэдгийг ойлгосон.

Одоо танд хийхээр төлөвлөж байгаа ажил байхгүй гэж үү?

-Надад өр ширнийхээ асуудлаас эхлээд шийдэх асуудлууд байна. Туркуудэд ямар ч байсан ялагдахгүй. Захын нэг турк ирчихээд монголчуудыг ингээд байдаг, аавын минь нэр хүндийг унагаад байж болохгүй биз дээ. Би аавынхаа ажлыг дэмжих хүсэлтэй байна. Гэхдээ ямар нэг аж ахуйн хэлбэрээр оролцохгүй. Гэр хорооллынхонтой уулзахад нь дагаж яваад ч болов дэм болж, тэр хүмүүст хэлж, тайлбарлаж зөвлөж өгөх юм сан гэж санагддаг. Үнэндээ бас улс төр болоод буруутчихдаг юм болов уу. Одоо нэг ийм айдастай болчихоод л байна шүү. Би хүүхэд байхаасаа л зах дээр хүртэл зогсч, ажиллаж байсан болохоор зүгээр суухаар сонин санагддаг л юм байна. Бүх хүнээ тараачихсан, одоо ганцаараа л байна. Мэдээж, ямар нэг ажил хийж л таарна. Ажил хийвэл бараг хилийн бүсээс гарч байж хиймээр юм уу. Урам үнэхээр хугарч байна. Дугуй түгжигчийг миний бизнес гэж ирээд баахан бичсэн. “Сонор Плаза” ч гэнэ үү энд тэнд баригдаж байгаа байшинг минийх гэж ярьдаг гэсэн. Гэтэл би тэрийг нь харж ч байгаагүй. Үүн шиг миний огт мэдэхгүй, дуулж ч байгаагүй зүйлтэй холбоод л байдаг. Үнэн үнэнээрээ ялгарах өдөр ирнэ ээ. Би ярианыхаа төгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Саяхан би такси барьсан юм. Жолооч залуу намайг танимхайраад зөндөө зүйл ярилаа. Тэгсэн их хөөрхөн. “Ах аа, би их азтай ш дээ” гэж байна. Тэгээд “Би саяхан хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд таксинд явах болсон, бас нэг хүүхэнтэй танилцаад гэр бүл болсон. Бид хоёр мөнгөө цуглуулаад Ханын материалын тэнд хашаа байшин таван саяар аваад байж байтал ашгүй тэр газар маань дахин төлөвлөлтөд ороод байранд орохоор болж байна. Бүр ганц өрөө ч биш гээд бод доо. Би аймаар азтай байгаа биз” гэж тэр залуу ярьсан. Би тэр машинаас буухдаа сэтгэл жигтэйхэн сайхан болчихсон байсан. Хэдийгээр энд муу хэлүүлээд явж байгаа ч тэнд хүний амьдралд ингэж л нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр энд аавыг минь, бас намайг хүртэл хавчуулаад муулж байгаад гомдоод ч байх юм алга, тийм ээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Си Жиньпиний айлчлалыг Хятад, Британийн харилцаанд алтан үе эхэллээ гэж тодорхойлсон

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт Британид дээд хэмжээний айлчлал хийсэн билээ. Түүний айлчлалын эргэн тойрон дахь сэдвээр ШУА-ийн ОУХХ-гийн Бүс нутаг, олон улсын байгууллагын салбарын эрхлэгч Д.Золбоотой ярилцлаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпин Их Британид айлчилсан үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан. Ямар зорилготой айлчлал болов?

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс болон БНХАУ-ын харилцаа түүхэн судар бичгүүдэд анх 1596 онд суурь тавигдсан гэж тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Энэ хоёр улсын харилцааны түүх олон арван амжилт, сорилтыг туулж ирсээр өнөөдөртэй золгосон. Хятадын өрнөдийн улс орнуудтай харилцахад хүний эрх, Тайвань, Хонгконг, Түвдийн асуудал зэрэг эмзэг сэдвээс гадна 2012 онд Британийн Ерөнхий сайд Далай ламыг хүлээн авч уулзсан нь хоёр талын харилцаанд зарим талаар үл ойлголцлыг бий болгоод байсан билээ. Энэ бүх байдлыг даван туулж өндөр дээд хэмжээний айлчлалыг амжилттай зохион байгуулсны гол учир холбогдол нь эдийн засгийн асуудал гэж дүгнэж болохоор байна. Учир нь 2005 онд тухайн үеийн Хятадын удирдагч Ху Жинтаог Британид айлчилснаас хойш Хятадын эдийн засаг ихээхэн хурдацтай өссөн. Тухайлбал, гадаад валютын нөөц нь 3.5 триллионд хүрч, өнгөрсөн арван жилийн хугацаанд зөвхөн Британид л гэхэд нийтдээ 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Си Жиньпин Их Британид нэлээд олон хоногоор айлчиллаа. Энэ хугацаанд юу юу амжуулав?

-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2012 онд төрийн өндөр дээд албан тушаалд сонгогдсоноос хойш анх удаагаа Британи улсад айлчлахдаа дөрөв хонолоо. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Британид айлчилж буй анхны Хятадын дарга болж байна. Дэлхийн улс орнуудын төрийн дээд хэмжээний айлчлалын цар хүрээ, ач холбогдлыг хэд хоног үргэлжлэхээс нь гадна зөвхөн тухайн улсдаа зорьж очоод, өөр улс орноор дамжилгүй шууд эх орондоо буцаж байгаагаас нь харж болдог. Энэ практикаас хоёр тал хэр хэмжээний ач холбогдол өгч байсныг нь харж болно.

Дээд хэмжээний зочид тухалдаг Букингемийн ордон дахь Белгийн харшид Хятадын удирдагч тэргүүн хатагтайн хамтаар буудалласан. Британийн хэвлэлүүд энэ тухай бичихдээ ханхүү Уильям болон гүнж Кейт нар тэдний буудалласан өрөөнд хуримынхаа шөнийг өнгөрүүлсэн хэмээн тодотгосон байгаа юм. Мөн тэрээр Манчестер хотын Etihad Stadium цэнгэлдэх хүрээлэнгээр зочилсон байна. Си Жиньпин Хятад улсын дарга болохоосоо өмнө дэвшүүлж байсан үндсэн гурван зорилгын нэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг өөрийн эх орондоо зохион байгуулах бөгөөд хэзээ нэгэн цагт Хятадын баг аваргын титэм хүртэх болно гэдэгт итгэж явдаг нэгэн гэдэг. Түүнийг Хятадын удирдагч болсноос хойш хөлбөмбөгийн хичээл дунд сургуулийн сурагчдын заавал үзэж суралцах хичээлийн хөтөлбөрт багтсан.

Хятадын өнөөгийн тэргүүн хатагтай нөхрөө олонд танигдаж нэрд гарахаас өмнө алдартай болсон нийтийн дууны томоохон од юм. Одоо бол нөхрийнхөө албан ёсны дээд хэмжээний айлчлалд оролцож, хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж, чимдэг болсныг та бүхэн харсан байх. Сонирхуулахад удирдагчийн анхны эхнэр нь өнөөг хүртэл Британид амьдардаг бөгөөд 1980-аад оны үед Хятадаас Лондонд сууж байсан элчин сайдын охин.

Айлчлалын эхний өдөр Си Жиньпин Букингемийн ордонд болох дайллагад оролцож, Вэстминстерт парламентын гишүүдэд хандаж үг хэлсэн. Энэ үеэр тэрээр Их Британи болон БНХАУ-ын харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд аваачих “алтан үе”-д хоёр тал хамтдаа шилжинэ гэж найдаж байгаагаа онцолсон юм. “Хятад, Их Британи улсууд Евразийн эх газрын хоёр талд оршдог хэдий ч хамтын ажиллагааны өргөн боломжууд байгаа нь энэ удаагийн айлчлалын эхний өдрөөс харагдаж байна” гэсэн.

Их Британийн зүгээс Си Жиньпиний айлчлалын үр дүнг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Энэ үеэр талууд ямар тохироонд хүрч чадсан бол?

-Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун “Хятадын даргын айлчлалыг хоёр орны хооронд хийгдэж буй томоохон алхам боллоо” гэж онцолсон бөгөөд хоёр орны хувьд “алтан үе” эхэллээ гэж тодорхойлжээ. Цөмийн энерги, гангийн үйлдвэрлэл, хүний эрх, цахим довтолгоон гээд цөөнгүй сэдвээр төрийн тэргүүнүүд ярилцсан байна.

Британи нь Хятадын баруун дахь хамгийн дотно түнш байхыг эрхэмлэж буй хэмээн Британийн Сангийн сайд Жорж Озборн өнгөрсөн сард Хятадад айлчлахдаа мэдэгдэж байсан юм.

Си Жиньпин гэргий Пэн Лиюангийн хамт Лондонгийн Букингемийн ордонд болсон хүлээн авалтад саатсан. Хүлээн авалтын үеэр хатан хаан II Элизабет болон Си Жиньпин дарга нар үг хэлсэн л дээ. Хятад Их Британийн харилцаа тасралтгүй хөгжиж буй нь хоёр орон түүнчлэн дэлхий нийтэд үр өгөөж хүртээж байхыг өндрөөр үнэлжээ. Мөн хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхийг хоёр төрийн тэргүүн санал нэгтэй онцолжээ. Тухайлбал, Си Жиньпин “Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн ард түмний дайны ялалтын 70 жилийн ой, мөн түүнчлэн НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой тохиолоо. Манай хоёр орон дэлхийн хоёрдугаар дайны талбарт хамт байлдаж явахдаа үхэж сэхэхээ хамтатгаж явсан чин журам, нөхөрлөл мөнхрөх ёстой. НҮБ-ыг үндэслэгч гишүүн орон ба Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд манай хоёр орны мөрөн дээр дэлхийн энх тайван хөгжлийн ариун үүрэг тавиастай байна. Тиймээс Хятад, Британийн харилцаа урагшлан хөгжих нь тухайн хоёр оронд ашигтай бөгөөд дэлхий нийтэд өгөөжтэй юм” хэмээн хэлснийг Хятадын Олон улсын радио, телевизийн хуудсанд онцолсон байна.

Хятад, Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал ямархуу үзүүлэлттэй байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд Хятад, Британийн худалдаа эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байна. Британи бол Хятад улсын хувьд Европын холбоон дахь хоёрдогч том худалдааны түнш. Мөн хоёрдогч том бодит хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон хөрөнгө оруулалтын зорилтод орон юм. Хятад улс бол Британийн дөрөвдөгч том худалдааны түнш бөгөөд 2014 онд Хятад, Британийн хоёр талт худалдааны хэмжээ 80.87 тэрбум ам. доллар болж, өмнөх оныхоос 15.3 хувиар нэмэгдсэн. Энэ үзүүлэлт нь Хятад болон Европын холбооны голлох худалдааны түншүүдийн дотор хамгийн түрүүнд бичигдэж байна. Хоёр талт хөрөнгө оруулалтын талаар, энэ оны наймдугаар сарын сүүлч хүртэлх байдлаар Британиас Хятадад хөрөнгө оруулалт хийсэн төсөл 7992 байгаа бөгөөд нийт 19.61 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийгдсэн дүнтэй байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын хөрөнгө оруулалтыг хамгийн их хүртсэн орон нь АНУ байсан бол 2012 оноос Британи, Австрали энэ байр суурийг эзлэх болоод байна. Өнгөрсөн жилийн эхний хагасын байдлаар Их Британид 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь Европын бусад оронтой харьцуулбал тухайлбал, Францаас хоёр дахин их байгаа юм. Одоогийн байдлаар Их Британид Хятадын 500 компани хөрөнгө оруулалт хийгээд байгаа.

Хятад улс нь хэдийгээр Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн улсад багтдаггүй боловч Британид суралцаж буй гадаад оюутны тоогоор Хятад улс 90 мянга гаруй залуус төрөл бүрийн мэргэжил, түвшинд суралцаж байгаагаараа тэргүүлдэг юм. Харин 2001 оны Британийн хүн амын тооллогоор 247 мянган хятад гаралтай иргэн амьдардаг хэмээн бүртгэгдсэн байдаг нь нийт хүн амынх нь 0.4 хувийг бүрдүүлдэг байна.

Англичууд хятад иргэдэд олгодог визний журамдаа өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Өмнө ямар нөхцөлөөр виз олгодог байв?

-Айлчлалын үеэр Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хятадын жуулчдад олгодог визнийхээ нөхцөлийг хөнгөвчлөхөө мэдэгдсэн нь Хятадын дунд давхаргынхны жуулчлалын урсгалыг өөртөө татах, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болно гэж найдаж байна. Тухайлбал, өнөөдөр Хятад иргэдэд 130 ам.долларын үнэтэй зургаан сарын виз олгодог байсныгаа үнийн ижил нөхцөлөөр хоёр жилийн хугацаатай олон удаа орж гарах виз олгохоор болж байх шиг байна. Энэ хугацааг нь цаашдаа 10 жил хүртэл олгодог болгох төлөвлөгөөтэй гэж бичиж байна. Өнгөрсөн 2014 оны байдлаар ойролцоогоор 185 мянга орчим жуулчин Британид зочилж, 500 сая орчим фунт стерлингийн орлого оруулсан нь нэг жуулчин ойролцоогоор 2700 орчим фунт стерлингийг зарцуулсан гэдэг тооцоог “Ройтерс” агентлаг дурдсан байгаа юм.

Си Жиньпиний энэхүү айлчлалын хүрээнд эдийн засаг, санхүүгийн үр дүн ямар байв?

-Айлчлалын үеэр Хятадын гадаадтай гэрээт төслөөр харилцах худалдааны нийгэмлэг, Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий газар хамтран “Дөрөв дэх удаагийн Хятад, Британийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны чуулга уулзалт” зэрэг багц арга хэмжээ зохион байгуулагджээ. Си Жиньпиний албан ёсны айлчлалд Хятадын 100 гаруй бизнес төлөөлөгч дагалдаж байгаа юм. Төрийн болон бизнес уулзалтуудын үеэр талууд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий эрчим хүч, санхүү, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд автомашин тоног төхөөрөмжийн салбарын 150 гаруй гэрээ, хэлцэлд гарын үсэг зурсан байна.

Бээжинд ирэх 10 жилийн хугацаанд Лондонд 105 тэрбум фунт стерлинг (ойролцоогоор 163 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийнэ гэж шинжээчид таамаглаж байна. Хоёр улс цөмийн эрчим хүч, өндөр хурдны төмөр зам зэрэг томоохон төслүүд дээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа. Иймээс ч энэ удаагийн айлчлалаар хийгдэх хамгийн том гэрээ нь Британид цөмийн эрчим хүчний станц барих төсөлд хөрөнгө оруулалт хийх, мөн хуучин цөмийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх гэрээ. Британийн хүрээлэн буй байгаль орчинг хамгаалагчид энэхүү гэрээний эсрэг байгаа ч Засгийн газрын эрх баригчид олон тэрбум фунт стерлингийн гэрээг хийх болсон тухайгаа мэдэгдсэн.

Хятадын удирдагч Британийн хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг болох Лондон-Манчестер өндөр хурдны замын төсөлд хөрөнгө оруулалт хийхээр хүлээгдэж байна. Британийн эрчим хүч, эрүүл мэнд, технологи, санхүү, агаарын тээвэр, боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нийтдээ 3900 ажлын байр бий болохоор төлөвлөсөн байна лээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр бүхэлдээ энэхүү айлчлалыг “Алтан үе” гэж тодотгосон. Тэгвэл Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид эсэргүүцэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан үйл явдал боллоо. Үүнийг талууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хятадын удирдагчийн төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлалыг дээр дурдсан цөмийн цахилгаан станц барихыг эсэргүүцсэн байгаль хамгаалагчдаас гадна хүний эрхийн төлөө тэмцэгчид болон Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид эсэргүүцэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан. Тухайлбал, хүндэт зочдыг төрийн ёслолын хүндэтгэлийн сүйх тэргээр хааны ордонд хүрэлцэн ирэх замд Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид үзэл бодлоо илэрхийлэн эсэргүүцэж байгааг телевизүүдийн гэхдээ ихэнхдээ барууны телевизүүдийн дэлгэцнээс харсан байх. Эдгээрээс гадна сар гаруйн өмнө Британийн гадаад хэргийн сайд Хятадад хийсэн аяллынхаа үеэр Шинжаан Уйгарын бүс нутгаар очиж, нөхцөл байдалтай нь танилцаж байгаа талаар мэдээлсэн нь исламын шашинт зарим нэгэн улс орнуудаас Британийн байр суурийн талаар эргэлзсэн байр суурь илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Гончигдорж: Өршөөгдөх гэж байгаа хүмүүс, тэднийг хүлээсэн ар гэрийнхнийх нь гаслангийн “хашгираан” зарим улстөрчдөд сонсогдохгүй байна уу

Өнгөрөгч
пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.

Өршөөл
үзүүлэх тухай хууль нэлээд хугацаанд хүлээлт үүсгэж байж хэрэгжиж эхэллээ. Гэхдээ уг хуулийг эртхэн батлаад явах боломж байсан ч улстөржилт арай л их явчихав уу гэж санагдах юм. Энэ хуулийн талаар байр сууриа илэрхийлээч?

-Өршөөлийн
хууль наймдугаар сарын 11-нд батлагдаж, хүчин
төгөлдөр болсон. Уг хууль
зургаа хоногийн хугацаанд үйлчилж, наймдугаар сарын 17-нд Монгол Улсын
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд
хориг тавьсан. Хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээж авсантай холбогдуулан
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай саналыг Хууль зүйн
байнгын хорооноос боловсруулан оруулж ирсэн. Түүнийг
нь УИХ хэлэлцээд өнгөрөгч
пүрэв гаригт уг хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.

Ингэснээрээ
Өршөөлийн хуулийн гол заалт
болох 4.1, 7.1 дүгээр заалтууд нь
миний гаргасан саналын томъёоллоор ороод
өршөөл зохион байгуулах ажил
явах бүрэн боломжтой болсон.
Өршөөлийн хуулийн тал дээр
миний барьсан байр суурь
эхнээсээ тодорхой байсан. Хууль анх
батлагдахад нь нэн даруй
суллаад явах боломж байлаа.
Тиймээс хуулийг энэ мөчлөгөөс
нь авч үзэх ёстой.
Би Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт
орж ажилласан. Тэгэхдээ нэгэнт өршөөл үзүүлж
байгаа юм бол нэн
даруй өршөөлийг зохион байгуулах ёстой.
Тэгэхгүйгээр саад болж буй
аливаа зүйл нь хүний
эрхийг зөрчсөн үйлдэл болно
гэж байр сууриа хэлж
байсан.

Манайхан “Тэдийн тэд дүгээр
зүйл өршөөгдөхгүй боллоо” гэж ярьж
байгаа. Энэ томъёоллуудыг бид
болгоомжтой хэрэглэх ёстой. Эцсийн бүлэгт
өршөөх үү, үгүй юу
гэдгийг шүүх шийддэг. Түүнээс
биш “Түүнийг өршөөхгүй боллоо”
гэж хэн нэгэн, ямар
нэгэн зүйл заалтыг ярих
эрх байхгүй.

Яагаад?

-Нэгдүгээрт,
Өршөөл үзүүлэх тухай хууль
наймдугаар сарын 17-нд хориг тавигдах
хүртэл бүрэн хүчин төгөлдөр
байсан. Дахин хэлэхэд энэ
хууль бүтэн зургаан хоног
хүчин төгөлдөр байсан юм шүү.
Энэ зургаа хоногийн хугацаанд
гэмт хэрэг үйлдсэн байж
болзошгүй, гэмт хэрэг үйлдсэн
ч хэрэг нь
шалгагдаж байсан хүмүүс, гэмт
хэрэг үйлдсэн нь тогтоогдоод
ял эдэлж байсан хүмүүс
эрх чөлөөт иргэн болцгоосон.
Үүнийг бид онцолж бодох
ёстой. Жишээлбэл, хаачихлаа гээд байгаа залилангийн
хэргээр хоригдож байсан хүн тэр
зургаа хоногийн хугацаанд чөлөөт иргэн болчихсон
юм. Байгаа газар нь
л шорон болохоос.

Хоёрдугаарт,
Ерөнхийлөгч хориг тавьсан тул
наймдугаар сарын 18-наас 4.1, 7.1 дүгээр заалтуудыг түдгэлзсэн.
Харин бусад бүх заалт
нь хүчин төгөлдөр хэвээрээ
үлдсэн. Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулаад энэ хуулийн түдгэлзэгдсэн
заалтууд нь орлогдох заалтуудаараа
орлогдоод явна.

УИХ Өршөөлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулан тийм тийм
заалтуудыг өршөөлд хамааруулахгүй гээд
хуулийг гаргалаа. Одоо хууль хэрэглэгчид
үүнийг яаж хэрэглэх вэ
гэдэг нь тэдний бүрэн
эрхийн асуудал. Тиймээс “Өршөөхгүй боллоо” гэдэг үг
бол бидний хэлэх үг
биш гэдгийг дахин тодотгоё.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
явцад би татгалзсан санал
өгсөн. Миний хувьд анхнаасаа
Ерөнхийлөгчийн хориг тавигдахад хүртэл
хэлж байсан.

Ерөнхийлөгчийн
хориг тавигдаж, нэмэлт, өөрчлөлт оруулж
хууль хичнээн өөрчлөгдлөө ч
гэсэн бидний наймдугаар сарын
11-нд баталсан хууль өөрчлөгдөхгүй. Тэнд
өршөөнө гэсэн л бол
өршөөгдөнө. Харин өршөөхгүй гэдэг
заалтуудаас зарим нэгийг нь
өршөөлд хамруулъя гэж Ерөнхийлөгч хоёр
жилээр хасах санал гаргасан.
Харин тэдгээр заалтууд нь
Өршөөлийн хуульд нэмэгдэж орж
ирж болно. Тиймээс ямар
нэг өөрчлөлт хийх тухай ярихад
Ерөнхийлөгчийн хориг тавьсан 4.1, 7.1 дээр
л бид ярина
уу гэхээс өөр зүйл
дээр боломжгүй.

Тухайн
үед яг ямар процесс өрнөсөн юм бэ?

-Яг нарийндаа яривал наймдугаар сарын
11-ний өдөр хууль батлагдахад
МАН-ынхан бүгд зөвшөөрсөн
байхгүй юу. Нэг хэсэг
нь чуулганд ирээгүй. Орж ирсэн нэг
хэсэг нь хуулийг дэмжиж
санал өгсөн бол нөгөө
хэсэг нь дэмжээгүй санал
өгсөн. Анхнаасаа л тийм саналтай
байсан юм бол 25-уулаа
орж ирээд эсрэг санал
өгөөд явчих байсан. Манай
намаас ч гэсэн тухайн
үед эсрэг санал өгч
байсан гишүүд бий. МАН-ынхан бүгд ирээд
эсрэг санал өгсөн бол
хууль батлагдахгүй байсан. Хуульд өөрчлөлт
оруулъя гэсэн бол саналаа
оруулаад явах боломж байсан
юм шүү. Тэд өөрсдийнхөө
эс үйлдлээр оролцоогүйгээрээ уг хуулийг гаргалцсан.
Хүний гараар могой бариулчихаад
дараа нь “Эд яасан
муухай юм бэ” гэх
шаардлагагүй. Би анхнаасаа л
ийм заалтууд оруулаад хэрэггүй гэсэн. “Оруулаад ч
хэрэглэгдэхгүй заалтуудыг би дэмжихгүй” гэсэн
юм. Түүнээс биш ямар
нэг хүнийг авлига авсан
байхад нь өршөөж уучлах
гээд байсан юм байхгүй.

Таныг
нууц санал хураалт явуулах санал гаргасан болохоор иймэрхүү хардлага руу хөтөлсөн байж магадгүй юм?

-Намайг нууц санал хураалт
явуулах санал гаргахад “Нууцаар
хийдэг юмаа хийх гэж
байна” гэсэн. Өнөөдөр гишүүдийг
авлигатай тэмцэгч, авлигатай тэмцэгч биш гэж
хоёр хувааж байна. Монголчуудын
хэлдгээр “Шонд дүүжилж, шоронд
хатаана” гэдэг заналхийлэл явж
байгаа. Миний хувьд Халдашгүй
байдлын дэд хорооны даргын
хувиар УИХ-ын гишүүн
бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд халдашгүй
байдалд нь халдах ёсгүй
гэж үзсэн тул УИХ-ын гишүүн аль
талд нь санал өгснөөрөө
“яллагдаж” болохгүй л гэсэн юм.
Өмнө нь ийм асуудлууд
гарч байсан болохоор урьдчилан
сэргийлэх үүднээс гаргасан.

Өршөөлийн хууль ямар ч
байсан хөдөллөө. Даруйхан хэрэгжүүлээд явах нь зөв.
Би Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн талаар
хэлсэн. Энэ хууль гарахаас
өмнө зөөлөн байсан заалтыг
хатууруулсан заалт орж ирвэл
хэрэглэхгүй.

Хуулийн аль болох зөөлрүүлсэн
заалтыг хэрэглэдэг. Эрүүгийн хуулийг шинэчлэхэд бид
ийм хөдөлгөөнөөс үүдээд Өршөөлийн хуультай
төстэй зүйлүүд хэрэглэгдэнэ. Дээд
хязгаар нь таван жил
гээд хуульд байсныг Эрүүгийн
шинэ хуулиар гурван жил
гээд ороод ирвэл бид
гурван жилийг нь хэрэглээд
явна. Түүнээс биш таван
жилийн хорих ялтай заалт
шинэ хуулиар долоон жил
гээд ороод ирвэл бид
долоо биш таван жилийг
хэвээр нь авч хэрэглэнэ.
Ийм журамтай юм.

Өршөөлийн
хууль авлига, албан тушаалын хэргийг өөгшүүлэх нь гээд байсан даа…

-Яагаад наймдугаар сарын 11-нд ийм хуулийг
баталчихсан юм гэдэг асуудал
гарч байна. Авлига, албан
тушаалын хэрэгтэй тэмцэхгүй юм уу гэхчилэн
нарийн зүйлс бий. Хашир
хүн гэж хаширсан хүнийг
хэлдэг гэдэгчлэн манай нийгэмд хашралт
байна шүү дээ. Өршөөлийн
хууль “Анхны ардчилсан чөлөөт
сонгууль болж байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж”
гээд маш гоё өмнөтгөлтэй.
Энэрэнгүй үзлийн үүднээс эднийгээ
өршөөчихье. Өршөөл үзүүлснээс хойш
төр өөрсдийн үйл ажиллагааг зөв
болгоё. Авлигатай тэмцдэг ажлаа зөв
болгоё. Шүүдэг, хянадаг, тасалдаг
ажиллагаагаа зөв болгочихъё. Нэг
талаас төр тунгалаг, хүнд
сурталгүй болж, хуулийг нь
зөв цэгцтэй болгоё гэсэн
юм. Авлига, албан тушаалын
хэрэгт нэн тэргүүнд холбогдож
магадгүй зарим овлигогүй нөхөд
эрх мэдлээ далайлгасан, хүмүүсийг
айлгаж сүрдүүлсэн, тэндээсээ тодорхой ашиг олдог гэх
зэргээр цаашаа явчихсан байж
болзошгүй ийм нөхцөл байдал
манайд байна. Авлигатай тэмцэх
гол зүйл чинь энэ
биз дээ. Яг энэ
утгаараа зогсоох хэрэгтэй. Бүх
зүйлээ цэгцэлье гэсэн юм. Түүнээс
авлига, албан тушаалын хэргийг
өөгшүүлээд байгаа юм байхгүй.
Энэ зарчмаар л Өршөөлийн хуулийг
баталсан байхгүй юу.

Өршөөлийн
хуулийг сунжруулсан, бантан хутгаж байна гэсэн шүүмжлэлийг танд хаяглан хэлж байсан. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Намайг хууль сунжруулж, энэ
олон хүнийг хорих газарт
байлгаад байна гээд байгаа.
Гэтэл явцын түүх юу
өгүүлэх вэ гэдэг нь
сонин. Хориг хэлэлцсэн чуулганы
хуралдаанд УИХ-ын дарга
байгаагүй тул би хурлыг
даргалсан. Ээлжит бус чуулганыг
дуусгаад алх тогшсон. Алх
тогшихдоо юу гэсэн гэхээр
“Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа” гэсэн. Хориг хүлээж
авсны дараа Байнгын хороо
хууль боловсруулаад чуулган руу оруулаад
дуусдаг. Би ажлын хэсэгт
орж 4.1, 4.7 гэсэн хоёрхон заалтыг
тавьж өгсөн. Тэгэхэд шууд
хэлэлцээд явсан бол суллах
ажлаа явуулах боломжтой байсан.
МАН-ынхан танхимаас “Та
чуулган буруу удирдлаа. Энэ
дуусаагүй” гээд хашгирсан. Байнгын
хороон дээр дууссан гэсэн
статусаар нь явах гэтэл
заавал санал хураалгана гэсэн.
Уг нь Ерөнхийлөгч 9, 5 дээр
хориг тавиагүй. Гэтэл 9, 5 дээр хориг тавьсан
гээд санал хураалгахаар болсон.
Биднийг цөөнх болсон гэж
чуулган руу оруул хэмээн
Ардын намынхан шаардсан. Үүнээс болж МАН-ынхан завсарлага авсан.
Нэг их сүрхий авлигатай
тэмцэгчид болж хашгирахын тулд
бүх заалтуудыг оруулна гэж сунжруулсан.
Нөгөө талд нь “Шударга
ёс” эвслийн бүлэг тэр
заалтууд буцаж орохгүй гэсэн
юм. Би тэдэнд “Эд
буцаж орлоо ч гэсэн
хуульд хэрэглэгдэхгүй” гэж хэлсэн. Гэтэл
тэд завсарлага авсан. Энэ мэтчилэнгээр
сунжирсан юм.

Анх
Өршөөлийн хууль хэрэгжсэн зургаа хоног болон өнгөрөгч долоо хоногт нэмэлт, өөрчлөлт оруулсан ч гэсэн зургаа хоногт ямар заалт хэрэглэсэн тэр заалтаараа явах юм байна, тийм үү?

-Хууль бүрэн хүчин төгөлдөр
зургаа хоносон. Сая нэмж оруулсан
заалтыг хэрэглэхгүй. Тухайн үед чөлөөт
иргэн болчихсон байсан хуулийнхаа дагуу
өршөөж чөлөөлөгдөх зүйл яригдана. Энэ
бол хүний эрхийн асуудал.
Монголчуудын хамгийн их дээдэлдэг
зүйл нь хүний эрх.
Монгол Улс НҮБ-ын
Хүний эрхийн зөвлөлийн гишүүн
орон боллоо гээд өнгөрөгч
долоо хоногт баяртай мэдээ
дуулгаа биз дээ. Хүний
эрхийн байдлыг дордуулахгүй байна
гэдэг чинь манай Үндсэн
хуулийн суурь үзэл санаа.
Үүнийг л хэлж байгаа
юм. Гэтэл үүнийг ойлгоогүй
нөхдөд эсэргүүцэгч харагдана биз. Ойлгосон хүмүүст
бол энэ хүмүүсийг аль
хэдийнэ суллаад, өршөөл үзүүлчихгүй юугаа
хийгээд хоёр сар сунжирч
хорьсон юм бэ гэж
гайхширна. Тиймээс наймдугаар сарын
11-нд батлагдсан Өршөөлийн хуульдаа захирагдана. Тухайн үед Өршөөл
үзүүлэх комисс шуурхай ажилласан
бол хаалаа гээд байгаа
заалтад хамрагдсан зарим хүнийг аль
хэдийнэ суллачихсан байх боломжтой байсан.
Дахин хэлье. Наймдугаар сарын
11-нд шоронд байгаа хүмүүжигчид
чөлөөт иргэн болчихсон юм.
Нэмэлт, өөрчлөлт орсон хуулиар явна
гэвэл чөлөөт иргэн болсон
хүнийг эргүүлээд шоронд хорино гэсэн
үг. Нэг хэрэг дээр
хоёр ял оноодоггүй. Өмнөх
хэргээрээ ял эдэлж байгаад
өршөөлөөр бүрэн чөлөөлөгдсөн чөлөөт
иргэнийг өмнөх хэргээр нь
дахин шоронд оруулж байгаа
гэсэн үг. Ингэж болдоггүй
юм. Тэр утгаараа Ерөнхийлөгч
энэрэнгүй ёсны үүднээс өршөөлд
хамааруулахгүй гэсэн байсан гурван
заалтыг хоригийн хүрээнд өршөөлд хамруулж
хоёр жил хассан. Ерөнхийлөгчид
бид талархах ёстой. “Би өршөөлөөр
гарах нь” гэж хүлээсэн.
“Үр хүүхэд, хань минь
одоо гараад ирнэ” гэж
хүлээсэн хүмүүст энэ хоёр
сар хэцүү байсан нь
гарцаагүй. Хуулийг янз бүрээр
тайлбарлаж тэднийг хямруулаад байдгаа
болих хэрэгтэй. “Ашгүй өршөөгдөх нь”
гэж байсан хүмүүсийг “Өршөөлийн
хууль чинь бүхэлдээ хүчингүй
боллоо” гэж нэг хэсэг
ярьсан. Энэ нь тэр
хүмүүсийн сэтгэл зүйд ямар их тарчлаан үүсгэснийг бүү мэд. Ингэж хүмүүсийн дунд “хашгираан” үүсгэсэн. Нэг талаас нь улс төрийн хашгираан. Нөгөө талдаа хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд зовлонгийн “хашгираан”
үүсгэсэн байхгүй юу.

Наймдугаар
сарын 11-нд батлагдсан Өршөөлийн хууль өнөөдөр хэрэгжих байсан юм бол хоригийг хүлээж аваад, нэмэлт, өөрчлөлт оруулаад явах ямар шаардлага байсан юм бэ?

-Нэмэлт, өөрчлөлт оруулаад нэмэргүй гэдэг нь эхнээсээ
ойлгомжтой байсан. Би танай
сонинд өгсөн ярилцлагадаа ч
энэ бүхнийг хэлж байсан
биз. Гэтэл тэр ярилцлагуудаасаа
болоод би шүүмжлэгдээд байгаа.
Өнөөдөр бид Үндсэн хууль,
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг,
хэрэглэдэггүй тохиолдлуудад хууль хэрэглэх шүүхийн
шийдвэрээ хараад сууж байна.
Шүүх хууль хэрэглэх дүрэм,
журмаа хэрэгжүүлээд явна гэдэгт эргэлзэхгүй
байгаа. Хууль нь ч
тийм юм. Үндсэн хуульд
заасан хүний эрхийн зарчим
нь ийм юм. Хүний
эрхээр хүнийг ялгаварлахгүй шүү
дээ. Хориг тавигдсанаар гурван
зүйл ангийн хүмүүс хоёр
жилээр ялаа хасуулах байдлаар
хүний эрхийн тал дээр
дэвшил гарлаа. Орон нутаг
болон Тахарын алба чин
сэтгэлээсээ шуурхай ажиллах шаардлагатай.
Үүнд саад болсон улс
төрийн “хашгираан”-аа болих хэрэгтэй.

Улс төрийн “хашгираан” хийж
байгаа хүмүүсийн чихэнд өршөөгдөх гэж
байгаа, тэднийг хүлээсэн ар
гэрийнхнийх нь гаслангийн “хашгираан”
сонсогдохгүй байна уу гэж
асуух ёстой. Улс төрийн
хашгирааны үед бусдын үгийг
сонсдоггүй, өөрийн “хашгираан” нь
цуурай болоод сонсогдонгуут ард
түмэн надтай адил хашгирч
байна гэж эндүүрдэг. Энэ
өвчин нь л хөдөлчихгүй
байгаасай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу?

Дорнодын Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гарсан. Уг тогтоол шийдвэрийн дагуу тэрхүү бүс нутагт газар ашиглах эрх олгох юм уу, ямар нэгэн байдлаар ажил эхэлсэн зүйл одоогоор байхгүй. “Халх голын чөлөөт бүсэд байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гадаадын ажиллах хүч гурван хувиас илүү байж болохгүй. Мал аж ахуй болон газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой” гэж Засгийн газраас салбар яамдын сайдуудад үүрэг болгосон.

Гэтэл Халх гол сумынхан Их хурлын тогтоол шийдвэрээр батлагдсан чөлөөт бүсийг эрс эсэргүүцэж, Монгол төрийнхөө эсрэг цэрэглэн босч байна. Энэ нь Монголын төр өнөөдөр ямар ч хүчгүй, үхээнц дорой, хэн дуртай нь боорлож болдог, дархлаагүй болсны илрэл гэлтэй. Мөн Монголын төр нэгдмэл зангидсан бодлогогүй болж, данхар том бүтцээс цаашгүй, дороо тулах хөл суурьгүй сул ганхаж, сум бүр нь нэг нэг ханлиг улс болжээ гэдгийг Халх голыг тойрсон сүүл үеийн дуулиан шуугиан, хэл ам хэрүүл тэмцэл бидэнд хэлээд өгөх шиг. Юу болсныг эргэн нэг харъя. Их хурлын 75 дугаар тогтоол хэрэгжиж эхлэх сургаар Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс Халх гол суманд очсон. Тэд “Халх гол сумын 500 мянган га газрыг хаших гэж байна. Малчдын өвөлжөө хаваржаа, газар тариалангийн бүс, тусгай хамгаалалттай нутгийг тэр чигт нь байхгүй болгох гэж байна. Төр засаг чөлөөт бүс нэрээр газрыг чинь гадаадынханд өгөх гэж байна. Тиймээс Халх голын иргэд та бүхэн тэмцэх хэрэгтэй” хэмээн нутгийн иргэдийг төр засгийнхаа эсрэг тэмцэхийг уриалан дуудаж, турхирсан байдаг. Энэ бол нутгийн зөвлөлийн удирдлага болон улс төрийн хүрээнд нэр нь ч танил болоогүй зарим нэг намын төлөөллийнхний эх оронч царайлсан хиймэл дүр төрх. Харин Халх гол сумыг удирдаж байсан нөхдийн зохион байгуулсан жагсаал цуглаан, төрийнхөө эсрэг цэрэглэн босч, дунд сургуулийн сурагч нь хүртэл “Амиараа хамгаалъя, амийг амиар” нь хэмээн аймшиггүйгээр хийрхсэн бослогоос харахад Монголын зүүн хязгаарт “Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу гэх бодол өөрийн эрхгүй сэрхийтэл төрсөн. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн бослого тэмцэлтэй тулгарч, төрийн өмнөөс очоод хөөгдөж ирсэн үйл явдлаас харж болох юм.

Халх голыг хамгаалсан эх орончид “Гадаадын иргэд олноор суурьшин визгүй чөлөөтэй зорчиж, монголчууд өөрсдөө зөвшөөрөл авч, орж гардаг тусгай зоон, харийнхны суурин болно” гэж мэдэгдсэн. “Малчдын өвөлжөө хаваржааг аваад хашна гэж ойлгоод байна. Тийм биш л дээ. Хил дээр байрлалтай чөлөөт бүс хашаатай, хүн орж гарахад шалгаж, хянадаг. Тэнд гадаадын иргэн визгүй 30 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой. Харин Халх голын чөлөөт бүс хил дээр биш нутгийнхаа гүнд байгаагаараа ялгаатай. Тэнд гадны иргэн визгүй нэвтрэх эрхгүй” гэх тайлбарыг Р.Бурмаа сайд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолсон. Халх голыг тойрсон шуугианаас та бүхэнд сануулах зорилгоор эл бүгдийг иш татлаа.

Ингэхэд Монгол Улсын Хууль зүйн яамны хуулийн хэрэгжилтийг хянах газрын дарга, Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн сайд, хил хариуцсан хурандаа нь очоод захын нэг сумын гудманд суугаа иргэдэд ичгэвэртэйгээр хөөгдөнө гэдэг юу гэсэн үг вэ. Энэ юунаас болов. Хариулт нь маш амархан. Төрийн эрхэм түшээд орон нутгийн бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах ёс гэх сүрхий нэр томъёо гаргаж, жалга бүхэн жасаатай гэдэг шиг орон нутгийн ноёдод эрх мэдэл өгч оодруулсныхаа горыг одоо амсч байна. Жалгын ноёдын “тусгаар улс” бий болж, тэд төрийн дээр сандайлах нь холгүй аяглаж, ихэрхэж эхэлсний үр дүн хайгуулын лицензийн шийдвэрээр тодорхой илэрч байв. “Монголын эдийн засаг одоо л сэргэх нь. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс тэрбум ам.доллар орж ирнэ” гэх итгэл найдварыг сумдын засаг ноёд буюу ханлиг улсын эзэд тас цохиж, 219 хайгуулын тусгай зөвшөөрлөөс ердөө есхөнийг тухайн орон нутаг зөвшөөрч, бусдад нь татгалзсан хариу өгсөн. Одоо бүр давраад “Бүгд найрамдах улс” байгуулж, өөрсдийнхөө “тусгаар тогтнол, бүхэн эрхт байдал”-ын төлөө Монголын төр рүү цэрэглэн дайрч байна.

“Халх гол ард улс”-ынхан зээл, зээр хоёроор амь зууж байна гэж зурагт, радиогоор ярихыг олонтаа сонслоо. Зах зээлийн нийгэмд зээлээр амьдардаг нь жам. Дэлхийн бүхий л улс орны иргэд ингэж аж төрдөг. Харин зээрийн сүргээ хүйс тэмтэрч, улаан цустай нь хутган махаар нь хооллоно гэдэг Монгол Улсын хууль дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал. Цагаан зээр бол Улаан номын “устах аюул нүүрлэсэн” ангилалд багтдаг нэн ховор амьтан. “Халх гол ард улс”-ын “хууль дүрэм”-д дархан цаазат амьтнаа алж шулахыг зөвшөөрдөг юм байгаа биз. Монгол Улсын хуульд бол хориотой зүйл. Зүүн хязгаарын “тусгаар улс”-ын нөхдөд Монголын нутаг дэвсгэрт Монголын хуулийг зөрчих дархан эрх байхгүй.

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Халх голын сум сууринг удирдаж байсан дарга даамлуудын газар нутгаа зарсан гэх баримт ил цагаан дэлгэгдэх болов.

“Халх голын орчимд атаршсан 30 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглах нь зүйтэй” гэх Засгийн газрын 2010 оны тогтоол бий. Гэтэл уг тогтоол гарахаас жилийн өмнө буюу 2009 онд Халх гол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга Ц.Насанхүү нар Солонгосын “Хансолмо” компанид 30 мянган га газрыг хугацаагүй ашиглах зөвшөөрөлтэйгөөр өгсөн байна. Энэ нь Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчжээ. Одоогийн засаг ноён В.Мөнхтайван мөн л олон мянган га газрыг компаниудад өгсөн баримт бий гэнэ. Тухайлбал, “Соёмбо буудай” компанид 1621 га газрыг өгсөн байх юм. Тухайн компанийн ард Хятадын хөрөнгө оруулалттай “Erlian Deyu organic Agriculture” компани байдаг аж. Мөн “Үйзэн тал” компанид долоон мянган га, дараа нь 14 мянган га газар гээд хэд хэдэн удаагийн үйлдлээр газар нутгаа хувийн юм шиг заржээ.

Сумдын Засаг дарга нар газар нутгаа ингэж хувийн юм шиг үрэн таран хийн замбараагаа алдтал баяжин, төр засгийн түшээдийн үгийг нохой хуцсан чинээ тоолгүй ихэрхэх болсныг бид мэднэ. Хуучин бол хөдөө сумдын дарга нар гэхээр морь уралдуулж, бөх барилдуулж наадам найр хийсэн тийм л нөхөд байлаа. Одоо бол танигдахын эцэсгүй, үзэгдэж харагдахын аргагүй болсон шүү дээ. Улаанбаатар хотын Зайсангийн үнэтэй хаусанд орон нутгийн засаг ноёд чинь бүгд байртай гэж байгаа. “Ланд-200”, “Лексус-570” гээд бандгар бандгар жийп хөлөглөнө. Амралтаараа гадагшаа явж зугаа цэнгэл хөөнө. Тэд яаж ингэтлээ баяжив гэхээр сумынхаа газар нутгаас яг л Халх голын нөхөд шиг гадна дотныхонд зарчихсан байдаг. Мэдээж хамаг л үржил шимтэй, эд баялагтай газрыг үнэтэйхэн арилжина. Орон нутгийн удирдлагууд ийн оодорч буйг төрийн түшээд мэдэхгүй. Мэдсэн ч зарим нь дуугүй өнгөрнө. Таныг ирэх сонгуулиар энэ нутгаас гаргахгүй шүү гэхэд л навтасхийгээд чимээгүй болно. Монголын төрийн өнөөгийн байж байгаа үнэн нүүр царай энэ л дээ. Төр засаг нь ард иргэдийнхээ ахуй амьдрал, улс орны хөгжлийн төлөө хэмээн хуулиа баталж, ажлаа эхлэхээр очиход өмнөөс нь цэрэглэн босч байна гэдэг ердөө л тэнд байгаа хэдхэн феодалийн эрх ашиг хөндөгдөж байгаа хэрэг бус уу.

Халх гол дээр бас нэг зүйл яригдаж байна. Хятадын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ талбай нь 780 мянган га газрыг эзэлдэг юм гэсэн. Тэрхүү га талбай нь чөлөөт бүстэй давхцаж байгаа учир 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох сонирхол Петро Чайна-гийнханд байж магадгүй гэх хардлага мөн л хэвлэлээр бичигдэж эхэллээ. Алслагдсан сууринд жагсаал хийж буй хүмүүс өндөр үнэтэй өнгөт хэвлэмэл материалыг барьж, зохион байгуулалттай жагссан нь ингэж хардахад хүргэж байгаа юм. Магадгүй, Петро Чайна-гийн нөлөөгөөр “Бүгд найрамдах Халх гол ард улс” байгуулагдаж Монгол төрийнхөө эсрэг босоод байгаа юм биш байгаа даа.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүгд найрамдах Халх гол ард улс” руу очих нь гэсэн яриа гараад намжсан. Дөчөөд оны дундуур байх аа, баруун хилийн тулгаралт гэж эх орны баруун хязгаарт айхтар юм болж олон аавын хөвгүүд эрсэдсэн. Маршал Чойбалсан өөрийн биеэр очин Ховдын Булганы Алаг толгой гэдэг газар Оспантай уулзаж байсан түүх бий. Түүн шиг Монгол төрийн тэргүүн зүүн хилийн “тулгаралт” руу очих нь ээ гэх бодол төрснийг нуух юун.

Монгол Улс нэгдсэн нэгдмэл бодлоготой, хууль цаазтай хүчирхэг улс орон юм бол Халх голын асуудал дээр хатуу арга хэмжээ авч, төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон. Улсын Их Хурал ажлын хэсэг гаргаж, Халх голд чухам юу болоод байгаа, юуны учир тусгаар улс байгуулагдсан мэт бослого тэмцэл өрнөөд буйг олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээлэх хэрэгтэй байна.

1939 онд Халх голд Монголын төр, Монгол Улс ялж байсан түүхтэй. Харийн дайсантай тэмцэж эх орныхоо тусгаар тогтнолыг авч үлдсэн. Тэгвэл өнөөдөр Монголын төр “Бүгд найрамдах Халх гол ард улс”-тай тэмцэж ялж ялагдахаа үзэх болжээ. Ийм л нэг инээдэмтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр байдал нийгэмд бий боллоо. Сүүлд нь нэмээд хэлэхэд, энэ бүхэн юуг харуулна вэ гэхээр Монгол төрийн бодлого алдагдаж ямар ч уялдаа холбоогүй, хүнээр бол гар хуруу, мөч бүхэн нь тасарч санжчихсаны тодорхой дүр зураг юм. Төрийн алтан гагнаас хэдийнэ заадал бүхнээрээ салсан учир энэ олон ханлиг улс бий болж, “Бүгд найрамдах ард улс”-ууд гарч ирэх нь. Номхон бурхныг нохой хүртэл долооно гэгчээр Монголын төрийг хэн дуртай нь боорлодог болжээ.