Categories
мэдээ цаг-үе

Д.Чойжамц: Нигүүлсэл, энэрэл, хайр гэдэг хүн төрөлхтний жаргалтай амьдралын үндэс

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

-“Богд ламын дүйчэн өдөр” буюу Зулын хорин таван” удахгүй тохиох гэж байгаа. Ер нь зулын хорин таван гэдэг энэ өдрийн утга учир нь юундаа байдаг вэ?

-Зулын хорин тавныг монголчууд эрт дээр үеэс буяны үйл болгож тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай юм.

Анх Энэтхэгээс бурханы шашныг түвдүүд залахдаа хэсэг бусаг очиж залсан юм. Тухайлбал зарим хэсэг нь Наландарийн хийдийн их багш нартай уулзаад шашныхаа чиглэлийг сонгож авч ирсэн. Нөгөө хэсэг нь бас нэг лам дээр очиж шавь ороод авч ирсэн гэх мэтчилэн ямар нэгэн хийдэд очиж боловсрол эзэмшиж ирээд дэлгэрсэн гэх мэт хэлбэрүүд гарсан. Ингээд шашин дэлгэрсний дараа харилцан бие биенээ үл зөвшөөрөх хандлагатай болсон байдаг. Чинийх биш, минийх бурханы шашин гэсэн зөрчил гарч ирсэн. Сажа, Гарма, Нимава, Гэлүгва гэсэн дөрвөн урсгал байдаг л даа. Шарын шашин бол хамгийн сүүлд гарсан Түвдийн дөрвөн урсгалын нэг байгаа юм. Энэ дөрөв дэх урсгалыг нээсэн Богд лам хүүхэд ахуй цагаасаа бурханы шашинд сэтгэл зүрхээ өгсөн, асар ухаалаг, цэцэн мэргэн, төрөхөөсөө онцгой, эрдэм номд шамдсан байдаг юм. Ингээд өсөж өндийгөөд лам хувраг болсон хойно дээрх байдлыг мэдэрсэн. Сажа, Гарма, Нимава гээд бүх ёсонд нь очиж сургууль хийсэн. Мундаг номтой багш нар дээр очиж сургууль хийж ном үзээд тэдгээрийн зааж байсан номуудыг суралцсан байдаг.

Тэгээд бурханы шашныг асар томоор харж сэтгэсэн байдаг. Ганжуур Данжуурын утга, багш нарын айлдаж байгааг харьцуулаад ерөөсөө Түвдэд дэлгэрч байгаа шашин хоорондоо харшилдах зүйлгүй юм гэдгийг олж мэдсэн. Үүний үндсэн дээр Ламрим гэдэг номоо айлдсан.

Ер нь гурван мянган жил болж байгаа Бурхан багшийн сургаалыг цаг үеийн шалтгаанаар үе үеийн их мэргэд улам тодруулж зохиосон. Эдний нэг нь Богд лам байгаа юм. Тэгэхээр энэ хүний гаргасан Гэлүгва буюу шарын шашин бол хамгийн гайхамшигтай нь гэж үзэж болно. Богд ламыхаа энэ их ач эрдэм, гайхамшгийг дурсаж хорин тавны дүйчэн өдөр гэж таалал барьсан өдрийг нь тэмдэглэдэг болсон.

-Зулын 25-нд сүсэгтнүүд ямар үйл хийвэл зохилтой вэ?

-Энэ өдөр монголчууд гэгээрлийг бодож маш их зүйл өргөдөг. Гол нь таарсан сайхан зул тэрүүхэн хавиа гийгүүлдэг шиг мунхаг сэтгэлийн муу муухай, атаархал жөтөөрхөл зэрэг нь мэдлэг боловсрол, бие биенээ хүндэтгэх сайхан сэтгэл дээр л засардаг. Тэгэхээр хаана гэрэл асаж мэдлэг очиж байгаа. Хаана энэрэл хайр тогтож байна. Тэр газар л мунхгийн харанхуй арилж жаргалтай сайхан сэтгэл тогтдог. Энэ бүхнийг бэлгэдэж бид зул, хүжээ өргөдөг. Орон хийд бүхэнд зул өргөдөг. Бид чинь нүүдэлчин улс, тэр бүр сүм хийддээ ирж зул өргөж чадахгүй байсан учраас гэр орондоо өргөдөг. Гэр орон бүхэн бурхан шүтээнээ залчихсан жижигхэн сүм байдаг. Түвд хэлээр, монгол бичгээр бичсэн номоо өөрсдөө уншдаг. Гадаа бас зул хүжээ өргөдөг байлаа. Намайг багад эмээ минь зул хийчихээд гадаа хувин дотор хоёр гурван зул өргөчихсөн шөнөжин бадраад л байж байдагсан. Богд лам бол энэ насны төгсгөл дараагийн насны өмнө завсрын үедээ төгс гэгээрлийг олсон гэж үздэг. Хүний оюун ухаан мунхгийн харанхуйгаас арилж цэвэр төгс мэдэл, нигүүлсэл энэрлийн дээдэд хүрч байгаа тэр гэгээрлийг бэлгэдэж зул өргөдөг байсан уламжлалтай юм.

-Гандан болон хүрээ хийдүүдэд энэ өдөр ямар ном хурдаг вэ?

-Энэ өдөр хүрээ хийдүүд Богд ламын чого буюу зан үйлийн судрыг хурдаг. Сүм хийдээ эргэж гороолж, хүрээ хийддээ зул өргөдөг. Гандан хийд бол өглөөнөөс эхлээд орой хүртэл хурж Богд ламыгаа дурсаж, Богд ламынхаа чогыг уншдаг. Орой гадаалаад мандлаа өргөнө. Сүсэгтэн олонтойгоо нийлээд зул хүжээ өргөөд, сүм хийдээ гороолоод буяны чуулган хураадаг. Энэ өдөр бол бие сэтгэлийн онцгой их буян хураадаг өдөр байгаа. Ер нь эрдэм ухаан гэдэг бол багшаас дулдуйдаж ирдэг юм даа. Багш хичнээн эрдэмтэй, энэрэнгүй зөөлөн байх тусам шавь нарын сэтгэлд тусдаг. Багш хүн гэдэг бол шавийгаа бие, хэл, сэтгэл гурваар үлгэрлэдэг. Бумбанд ус хийхэд дүүрдэг шиг багшийн магнаг, увдис, номнууд ухаантай шавьд юүлэгдэж ирдэг. Тэр жамыг бодож багшаа хүндэтгэж байгаа тийм өдөр байгаа юм.

-Хүмүүс энэ өдөр юуг бодож залбирч, юуг цээрлэх ёстой вэ?

-Монголчууд маань мэгзэм их уншдаг. Үеийн үед уншиж ирсэн ном. Хүн дотроо Жанрайсаг бурханыг хараад нигүүлсэл энэрлийг бодож, бурхан бүгдийн нигүүлсэл орсон бурхан шүү дээ гэж бодоход сэтгэл зүрхэнд буудаг. Нигүүлсэл, энэрэл, хайр гэдэг бол хүн төрөлхтний жаргалтай сайхан амьдралын үндэс нь болдог. Хүнд ийм сэтгэл байхгүйгээр хичнээн эрдэм боловсрол төгөлдөр, бие хаа тэгш, эрүүл саруул байгаад нэмэр байхгүй, хүн болж өгдөггүй. Гэр бүл, албан байгууллага, улс орны дотор ч гэсэн нигүүлсэл энэрэл бусдыгаа хайрладаг, хүндэтгэдэг болгодог. Бусад хүмүүсийн жаргалтай сайхан амьдралыг бодож чаддаг тэр нөхцөлд л хүн өөрөө жаргалтай сайхан амьдардаг шүү дээ.

Нэг л хүн энэрэл нигүүлслээсээ хагацаад, амиа бодоод бусдыгаа доромжилж эхлэхээр жаргалгүй болдог. Ийм учраас Жанрайсаг бурханаас бид өөрийгөө олж харах ёстой. Жанрайсаг бурханыг магтаж, мөргөж байгаа үедээ, тарнийг нь уншиж байхдаа бид хэн болох билээ, Жанрайсаг бурхан шиг бусдад энэрэлтэй, бусдыг боддог, бусдын тусыг хичээдэг болох юмсан гэсэн сэтгэлийг үүсгэх ёстой. Дараа нь Манзушир бурхан байна. Манзушир бурхан бол мэдлэг, оюун ухааныг төлөөлж байгаа юм. Хүн хичнээн өндөр мэдлэгтэй болох тусам амьдралын арганд түүртэхгүй болдог. Аливаа нэгэн юмнаас айх эмээх, ямар нэгэн зүйлийг буруугаар бодох, бусдыг гүжирдэх гүтгэх гэх мэт өчнөөн сэтгэл зөв ухаан ирснээр арилдаг. Тэгэхээр зөв оюун ухаантай байхад юмны учир шалтгааныг мэддэг. Хий дэмий юмнаас айх, хардах, хий дэмий дайсагнах зэрэг нь багасдаг. Эрдэм мэдлэг бол амьдралыг хөгжөөн дэвжээгч, гэгээрэлд хүрэх, мунхгийн харанхуйг арилгадаг зүйл. Тийм учраас арга билгийн ухаан гэдэг энэ. Нигүүлсэл энэрэл, оюун ухаан хоёр төгөлдөр болоод, хослоод ирэхээр хүн бол хүн шиг хүн болдог. Ийм л учраас бид хэдэн зуун жил энэ хоёр бурханыг урдаа барин шүтэж ирсэн юм. Дараа нь Очирваань бурхан байна. Очирваань бурхан бол үйлдэл, хүч байгаа юм. Тэгэхээр энэ гурав нэгдэх ёстой юм. Хэрвээ хүнд мэдлэг боловсрол, нигүүлсэл энэрэл байлаа гээд бусдыг энэрч чадахгүй, бусдад тэр эрдмээ түгээж чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй тэр хүндээ шингээд алга болно. Үйлдэл болж чадахгүй, бусдад үйлс нь дэлгэрч чадахгүй, дэлхий ертөнцөд нөлөө байхгүй, гэр бүлдээ нөлөө байхгүй бол зөвхөн өөрөөрөө л дуусдаг. Тийм учраас хүч болж байгаа талыг нь Очирваань бурхан даадаг. Энэ гурав бүрдсэн байхад үйл ажил нь болдог. Хүн төрөлхтөнд энэ их мэдлэгийн сан, энэ их хайр энэрлээр хамтран амьдрах сайхан бололцоо гардаг. Ийм болохоор монголчууд энэ гурван бурханыг онцгойлж шүтдэг. Тэгээд дараа нь Богд ламыг магтаж байгаа юм. Энэ гурван ухааныг толийтол нь гаргасан Ламрим чэнбугаас эхлүүлээд өчнөөн сайхан номнууд нь хүнийг төгс гэгээрүүлэх, хайр энэрэл, мэдлэгтэй байх зэргийг бидэнд багш болж дамжуулж сургаж өгсөн. Энэ гайхамшгийг бодож бид дүйчэн өдөрт мэгзмээ сайхан уншиж, Богд ламын айлдсан магтаалуудыг даган баясаж, бие биедээ тусалж, эвсэж найрсаж, эрдэм мэдлэг, нигүүлсэл энэрлийг нь бодож гэр орондоо нэг ч хэрүүл уруул, хараал хэлэхгүй байх хэрэгтэй. Ер нь юм үүсэхдээ шүдэнзний дарь шиг жаахан хэсгээс эхлэхэд л хоол ундыг болгочихдог. Муу талыг нь хэлэх юм бол байшин савыг шатаачихдаг. Нэг өдрийн явдлаас л цаашаа бүх л амьдралын юм үүсч байдаг. Тийм учраас энэ өдөр бие, хэл, сэтгэл гурваараа буян хий. Та бүхэн дүйчэндээ сайхан оролцоорой. Энэ өдөр олон сүм хийд буянаа хурааж байдаг. Зарим газарт Бурхан багшийн, Богд ламын сургаалуудыг айлдаж ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг хийж байдаг. Тэгэхээр энэ бүхэнд очиж, энэ өдөр мацаг барьж, нэг өдрийн сахил авч болно.

-Нэг өдрийн сахил гэж юу вэ?

-Нэг өдрийн сахил гэдэг бол гайхамшигтай эд шүү. Хүн өөрийгөө удирдах уран чадварыг бий болгож байгаа юм. Тэр өдөр бол амьтны амь таслахгүй, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, гэр бүлээсээ гадуур явахгүй, бие, хэл, сэтгэл гурваараа муу үйл хийхгүй гээд л өглөө ургах нарнаар ам авчихдаг. Тэр ам авсан зүйлдээ шимтээд, цагаан хоол идээд, ёс журмыг нэг өдөр барьчихаж байгаа явдал нэг хэсэг өдрүүдэд чаднаа гэдэг утгыг гаргаж байгаа юм. Хүмүүсийн сэтгэлд ирээдүй сайн сайхан болохын хөрөнгө тогтоож байгаа талаасаа агуу зүйл байдаг.

-Монголын сүсэгтний холбооноос Зулын 25-нд Монголын нийт ард түмэн, зон олондоо насны авшиг хайрлаач ээ гэж танд айлтгал өргөжээ. Ер нь энэ насны авшиг, номны тус эрдэм болон авшиг хүртсэн хүн дараа нь юун дээр анхаарах ёстой байдаг юм бэ?

-Насны авшиг гэж юу вэ гэхээр ертөнц дээр амьдарч байгаа хүмүүс эрхэм чухал зүйлүүдийн нэгд тооцож үзэх ёстой юм. Өөрөө ажил хийдэг, дотроосоо гэгээрдэг, урт наслах, өвчин зовлонгүй байх шалтгаанаа өөрөө тавьдаг гэж бурхан багш айлдсан. Энэ шашинд сүсэгтэн хүний хичээл зүтгэл маш их байдаг. Бурхан багшийн сургаалын гайхамшигтай зүйл нь хүнд ерөөсөө тулгаагүй. Эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдраад энэ насаа дуусгая гэхээр доод төрөлхтөн буюу түүнд зориулсан энэ ертөнц дээр яаж сайхан амьдрах вэ гээд заагаад өгчихсөн. Гэтэл одоо би өөрийхөө төлөө явъя, энэ зовлонгоосоо салъя гэж байгаа хүнд дунд төрөлхтний номыг айлдсан байгаа юм. Бүр бусдын сайн сайхны төлөө төгс гэгээрэлд хүрье. Энэ олон амьтныг гэгээрэлд хүргэе гэж байгаа хүнд дээдийн төрөлхтний ном айлддаг. Энэ номнуудын бүгдийн суурьт юу байгаа вэ гэхээр хүн ертөнц дээр сайн сайхан амьдрахад юу хэрэгтэй вэ гэдэг л юм байгаа. Тэрнийг бурхан багш ертөнцийн шастир гэдэг номондоо айлдсан. Энэ ёсоор бол урт наслахад олон янзын үйлсүүд ордог. Урт наслахаар жаргалтай сайхан амьдралын шалтгаан бүрдэж байна. Сайн сайхан зүйл хийх бололцоо олж авч байна. Бурханы сургаалыг судалж, шинжилж, буян нүглийг ялгаад, нүгэл хийхгүй буян руу чиглэх сэтгэлийг үүсгэж болж байна. Үүгээр ч зогсохгүй цаашаа явах юм бол Бурхан багшийн дөрвөн үнэний ёсоор зам мөрт нь ороод төгс гэгээрэлд хүрч болно гэх зэргээр урт нас бол цаанаа олон сайхан зүйлийг агуулж байдаг. Тийм учраас урт насны тухайд бид арга чаргыг хийж байх ёстой болдог. Бурхандаа даатгалаа хийдэг. Тэр бурханы үүднээс бясалгалаа хийдэг. Тэр бурханы үүднээс зүрхэн тарнийг тоолдог. Тэр бурханы үүднээс зан үйлийг нь хийдэг. Тэр бурханы үүднээс сэтгэл зүрхээ ариулж урт насны төлөө ажил хийдэг. Өөрсдөө тайван уужуу байх, ажил хөдөлмөрөө тааруулан хийж байх, идэх уух гээд л амдралын бүх зүйл орно. Үүнийг бясалгалаар дамжуулж, урт насны төлөө адис жанлавыг нь хүртэж байгаа хэсэг нь урт насны авшиг авах юм. Энэ удаа намайг насны авшиг айлдаж өгөөч гэж байна. Тэгээд над шиг юм яадаг юм бол доо гэж бодож байгаа шүү дээ.

-Та дэлхийн буддистуудын дээд чуулганы ерөнхийлөгч. Сүүлийн үед дэлхийн улс орнуудад шашин, улс төрийн үл ойлголцлоос болоод сөрөг үр дагавартай үйл явдлууд их гарах болоод байна. Ингэхээр нийгмийн оюун санааны дархлааг тогтооход бурханы шашны гүйцэтгэх үүрэг, нөлөө нь юу байдаг вэ?

-Ер нь ямар ч ард түмэн, ямар ч удирдагч нэгдсэн үзэл бодолтой, нэгдмэл шашинтай, нэг бүхэл ард түмэн байхын төлөө зүтгэдэг. Гэхдээ шашин соёлыг хүндэтгэх үүднээс бүх хүн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь нээж өгдөг. Хэрүүл тэмцэлгүй байхыг нь засаг төр нь боддог. Шашин ч гэсэн дотроо өөрийнхөө зүйлийг агуулж байх ёстой юм. Бурханы шашинд бол энэ бүр тод харагддаг л даа. Яагаад гэвэл номлолоо айлдаж байгаа бурханы сургаалыг л сүсэгтнүүд нь дагадаг. Тэгэхээр манай бурхан юу гэсэн бэ гэхээр алтыг гурван янзаар шинжлээд манай шашинд орох үгүйгээ мэдээрэй л гэсэн. Үүгээрээ л бурханы шашин гайхамшигтай эв зохицол байгаа юм. Ганцхан миний шашин зөв шүү. Энийг л дагахгүй бол чи баларна. Дэлхийн бүх хүмүүсийг миний шашинд оруул гэх юм бол сүсэгтэн хүн нүүр буруулаад л явчихна. Тэгэхээр өөр үндэстэнд, өөр хэсэг бүлэгт шүтэж байгаа шашныг өөрийнхөө шашинд оруулахын тулд тэднийг заавал их бага хэмжээгээр хэлмэгдүүлж эхэлдэг. Эндээс шашны маргаанууд, хэрүүл тэмцэл гардаг. Тиймээс аль болохоор шашны удирдагчид үүнийг зөвөөр тайлбарлах, бусдыг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл болгон ондоо байдаг. Амьтан болгон өөр байдаг. Ийм учраас бидэнд зохицол, зөв сургаал хэрэгтэй. Чанд үнэн зөвийг баримталсан, зөвийг ялган салгаж мэддэг оюун ухаанаар л бид бие биедээ хандах хэрэгтэй. Өөр арга нь юу вэ? гэхээр бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэж байх зохицол юм. Бид нэг нэгнээ хүндэтгэн, хайрлах, тэр хүн яг над шиг зовлонг хүсэхгүй байгаа, жаргалыг хүсэж байгаа гэдэг талаас нь эрхэмлэн бодож хандах юм бол бид эв зохицолтой сайхан амьдарна.

-Та Монголын нийт сүсэгтэн олонд хандаад нэг сайхан ерөөл айлдахгүй юу?

-Бид тулсан юмаа л ярих ёстой. Эдийн засгийн хувьд дордчихсон байна. Ерөнхийдөө дэлхий ертөнц бас тиймхэн, дайн тулаантай байгаа харагдаж байна. Энд тэнд бослого тэмцэл гарсан, нэг улсын хүмүүс ч хоорондоо тэмцээд явж байгаа явдал ч байна. Манай монгол ардын сайхан үг байдаг. Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэж. Тэр болохгүй, бүтэхгүй бүхнээс сургамж авах хэрэгтэй. Бид хэрвээ даврах юм бол, бид хэрвээ эх орноо гэж бодохгүй юм бол төр барьж байгаа хэдэн хүнээ эх орон шигээ бодоод, эцэг эх шигээ бодоод тэдэнд ялархах юм бол ямар байдалд хүрэх юм бэ? Харин тэдний бусармаг будлиантай явж байгааг нь засаж авъя, сайхан сургаалыг нь айлдаад. Тэгэхгүйгээр бачлаад л, хочлоод л тэдний эсрэг юм шиг бодоод, чулуу шидээд зэвсэг барих юм бол одоо Сири улс яаж байгааг харж байгаа байх. Хэдэн арав, зуугаараа дүрвээд л, гудамжны хоёр талд буу зоочихоод л бие биенээ буудаад л, тэр дунд ах дүү нар байгаа шүү дээ хөөрхий. Ингэж л бодогдох юм. Тэгэхээр бид муугаас нь сургамж, сайнаас нь үлгэр жишээ авч тогтуун, тайван, сайхан ухаалаг, ажил хөдөлмөртөө зүтгэж байж л энэ гачлантай цагийг өнгөрөөнө дөө. Монголд их бололцоо бий гэж боддог. Тийм болохоор дор бүрнээ ажлаа сайн хийе. Юм болгоныг үглээд байлгүй өөрсдөө хийцгээе. Бололцоог нь харин энэ төр засаг сайн тавьж өгөөч ээ. Битгий хоорондоо хэрэлдээд нэг намаа сайн болгох гээд нөгөө намаа муучлах гээд, нэг бол өөрөө дараагийн сонгуульд сонгогдох гээд нөгөөгөө муулаад засаг төрөө битгий үнэгүйдүүлээч. Ард түмнийхээ төлөө үнэн сэтгэлээ үзүүлж, хууль тогтоолоо гаргаж, үг заавраа хэл. Ард түмэн ч гэсэн тэвчээртэй байж, засаг төрийнхөө үгийг сонсож байж л бүгдээрээ босож ирнэ дээ. Шүтэн барилдлага юм хойно хэн хэн нь л хичээж байж энэ улс орон сайхан болно доо л гэж бодогдох юм. Тэгэхээр бүгдээрээ эвтэй зүйтэй, сайн сайхан байцгаая.

Д.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхбат: Асуудлыг нэг улс төрийн хүчин мушгин гуйвуулж байна

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.

-Бондын зарцуулалтыг шалгасан ажлын хэсэг дэх МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн үед манай байгууллагатай холбоотой ташаа мэдээлэл олон нийтэд цацагдаж байна. УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, хэрэгжилтийн явцтай танилцаж дүгнэлт гаргах чиглэл бүхий хамтарсан ажлын хэсгийн хурал болох байсан ч болсонгүй. Гэвч энэ үеэр тараасан тараах материалд манайхтай холбоотой буруу мэдээлэл байсан. Үнэндээ тус хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгах бус Чингис бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн төсөлд үнэлэлт өгч, холбогдох байнгын хороонд танилцуулах байсан. Гэтэл Хөгжлийн банкийг шалгаж буй мэт ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байна. Хөгжлийн банк улс төрөөс хараат бус байгууллага. Улс төрийн хүчин асуудлыг мушгин гуйвуулж байгаад харамсалтай байна. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны гишүүдэд тараасан материалд үндэслэлгүй зүйл бичсэн байна лээ. Мөн зөвхөн нэг улс төрийн хүчин өөрийн байр суурийг тусгасан байгаа юм. Үүнээс гадна Сангийн яамны ажлын хэсгийн шалгалтын материал гэсэн учир битүүлэг юм явж байгаа. Бид энэ талаар тус яамнаас тодруулахад “мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн. Тиймээс хаанаас ийм материал гаргаж ирснийг бид тодруулахаар ажиллаж байна.

-Ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк УИХ-аар батлаагүй, зөвхөн Засгийн газраас баталсан төслийг санхүүжүүлсэн нь хууль зөрчсөн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Ажлын хэсгийн дүгнэлт гэсэн материал байхгүй шүү дээ. Энэ бол зөвхөн улс төрийн хүчний боловсруулсан бичиг баримт. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэх боломжгүй. Тэгэхээр тус тайланд дурдаад байгаа зүйлийг Үндэсний аудитын газраас шалгах ёстой. Уг нь аудитын газар хоёр удаа шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргасан. Тэрийг нь албан ёсоор УИХ-д танилцуулж, олон нийтийн сайтад нь байршуулсан. Хөгжлийн банк хуулийн дагуу зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдийг л санхүүжүүлдэг. Түүнээс огт гажаагүй. Одоог хүртэл бид үүгээрээ л явж байна.

Гэхдээ аудитын газраас гаргасан хоёр дүгнэлт зөрсөн гэсэн?

-Хоёр тайлангийн нэг нь 2013 онд гарсан, нөгөөх нь 2014 оныг дамжаад 2015 онд эцэслэгдсэн тайлан байдаг. Бид аудитын газарт танайх зөрчилтэй тайлан гаргасан юм уу гэсэн хүсэлтээ албан ёсоор тавьчихсан байгаа. Ер нь хоёр байгууллагын хоорондох материалыг ажлын хэсгийн гишүүд олж аваад тайландаа нэгтгэчихсэн нь сонин байна. Тэгээд ч энэ үндэслэлтэй материал биш.

-Увс аймагт зам тавьсан компани хоёр тэрбум төгрөгөөр ажил хийсэн байхад Хөгжлийн банк 10 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх асуудал гарсан. Үүнд тайлбар өгөөч?

-Зарим сонин хэвлэлд гаргасан үндэслэлгүй материалыг ашигласан байсан. Энэ асуудлаар тайлбар өгөөч гэж “Гудамж” төслийнхөнд хандсан. Улмаар бид өөрсдөө ч судалгаа хийсэн. Сангийн яамны шалгалт гэж нэрлээд буй материалд буруу ойлголтоор орсон байсан. Хоёр тэрбум төгрөгийн зам нь “Гудамж” төслийн ажилд ороогүй, орон нутгийн хөрөнгөөр барьсан зам. Шал ондоо ажлыг андуурчихсан байгаа юм. Гэтэл “Гудамж” төсөлд хамаагүй ажлыг холбож, алдаатай материалыг шууд авч, УИХ-ын түвшинд гаргаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгч байна.

-“Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан юм уу?

-Улсын төсвийн алдагдлыг бондын мөнгөөс нөхөх ямар ч боломжгүй. Бид холбогдох тогтоолын хүрээнд Засгийн газрын бондод тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ зөвхөн өөрийн хөрөнгөөсөө. Угаасаа ч Засгийн газрын тогтоолд “Чингис” бондын мөнгөөр болохгүй, зөвхөн Хөгжлийн банкны өөрийн босгосон мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ” гээд тодорхой заачихсан байдаг юм. Тодруулбал, бид арилжааны банкны хадгаламжаас арай өндөр хүүтэйгээр байршуулах замаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь үүний дагуу хөрөнгө оруулалт хийсэн ч үүнтэй холбоотой хэл ам гарсан учраас болиулсан.

-Үүнээс гадна ажилчдаа гадаадад өндөр төлбөртэй эмнэлгийн үзлэгт хамруулсан гээд байгаа?

-Манайх улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүждэг учраас ХХК гэж болно. Сүүлийн гурван жилд манай ажилчид 250 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Хөгжлийн банк байгуулагдсан эхний хоёр жилд Солонгосын банк энэ банкийг удирдаж байсан. Харин удирдлагыг монголчууд өөрсдөдөө шилжүүлж авснаас хойш ашигтай ажиллаж байгаа. Бүр өндөр ашигтай шүү. Өнгөрсөн онд манайх шилдэг татвар төлөгч болсон. Тийм ч учраас бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ёстой. Тэр хүмүүс бүхий л хүчин чармайлтаа ажилдаа зарцуулж байхад удирдлагууд нь нийгмийн асуудлыг нь шийдэх нь зүйн хэрэг. Тэгээд ч манай ажилчид гадаадын эмнэлэгт үзүүлээгүй. “Гранд мед” гээд дотоодын эмнэлэгтээ үзүүлсэн. Үүний төлбөр нь нийтдээ 40 орчим сая төгрөг болсон байдаг. Манайхтай ижил үйлчилгээтэй банкууд 1000 гаруй ажилчинтай байдаг.

Харин манайх 100 ажилтантай. Тэд маань ажлын ачаалал ихтэй байдаг. Иймэрхүү зүйлийг жижиг, явган улс төрөөр харлуулж болохгүй.

-Тэгвэл буцалтгүй тусламж өгсөн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Буцалтгүй тусламж биш. Бид хөнгөлөлттэй зээл маягаар асуудлыг шийддэг. Ер нь аливаа байгууллага, иргэний нэр хүндийг унагах зорилгоор гүтгэх асуудал Монгол Улсын хуулиар хориотой байдаг. Тэгэхээр нэг улс төрийн хүчин асуудлыг ингэж мушгин гуйвуулж байгааг бид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Угаасаа ч үүнээс өөр сонголт байхгүй.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

“Рома”-гийн гунихрал, “Арсенал”-ын сэргэлт ба Ибрагимович гэртээ ирсэн нь

-Аваргуудын лигийн тав дахь тойргийн тоглолтууд өндөрлөлөө-

“Барселона” Испани – “Рома” Итали 6:1

Гоол:

1:0-15 Суарес, 2:0-18 Месси, 3:0-44 Суарес, 4:0-56 Пике, 5:0-59 Месси, 6:0-77 Адриано, 6:1-90 Жеко

Каталоны агуу баг бүтэн сар гэмтлийн улмаас талбайд гараагүй Мессигээ эргэн ирсэн үйлдлийг цоглог тэмдэглэлээ. Тэд Италийн Сери А-г бараг тэргүүлж яваа “Рома”-г төвөггүйхэн хожиж плей-оффт шалгарах эрхээ халааслав. Энэ тоглолтод Аргентиний од Мессигийн тоглолт жинхэнэ утгаараа хөгжөөн дэмжигчээ баясгалаа. Тэр хэрэгтэй үед харамч зан гаргалгүй гоолын дамжуулалт өгчихнө, хүсвэл өөрөө гоол оруулчихна, боломж нь байвал бусдыгаа тоглуулчихна. Ер нь багийн лидер ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулав. Итали, Испанийн багуудын өнө удаан жилийн өрсөлдөөнд хэзээ ч аль нэг баг нь нөгөөгөө таван бөмбөгийн зөрүүтэй хожиж байгаагүй юм билээ. Тэгвэл тийм муу амжилтын эзэд нь Ромчууд анхлан болж гунихарцаав.

“Арсенал” Англи – “Динамо Загреб” Хорват 3:0

Гоол:

1:0 – 29 Озил, 2:0 – 33 Санчес, 3:0 – 69 Санчес.

“Арсенал” асар том “нүх”-нээс бараг л гарах гээд байна. Хэсгийн тоглолтын эхний шатанд тэд хоёр дараалан хожигдож ихээхэн хүнд байдалд ороод байсан ч гэлээ дараа нь супер “Бавари”-г нутагтаа хожсон нь тун сайн түлхэц өгсөн. Тэгвэл тавдугаар тойргийн тоглолтод тэд Хорватын багийг хожиж харин тэдэнтэй хэсгийнхээ хоёрдугаар байрын төлөө өрсөлдөж байгаа “Олимпиакос” Германы “Бавари”-д 0:4-өөр хожигдсоноор “хонгилын үзүүрт гэрэл цухуйж” эхлэв. Лондонгийн баг сүүлчийн тойрогт гол өрсөлдөгчийнхөө нутагт зочлон тоглох бөгөөд тэд Грекийн багийг хоёр бөмбөгийн зөрүүтэй хожиж гэмээнэ дараачийн шатанд шалгарах юм. Хэцүү ч гэлээ хэд хоногийн өмнө найдлагагүй гэж байсантай харьцуулбаас хамаагүй илүү хувилбар юм шүү.

“Маккаби, ТельАвив” Израил-“Челси” Англи 0:4

Гоол:

0:1 – 20 Кэйхилл, 0:2 – 73 Виллиан, 0:3 – 77 Оскар, 0:4 – 90 Зума

Монголд хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй гэгддэг Лондонгийн “Челси” Израилийн багийг нутаг дээр нь хожсоноор арван оноотой “G” хэсгийг тэргүүлж байна. Гэхдээ баярлах бас болоогүй. Энэ хэсгийн нөгөө хоёр баг болох “Порту”, “Динамо” Киев багуудын тоглолтод украинчууд ялснаар асар будлиантай байдал үүсээд байгаа.

Сүүлчийн тойрогт “Челси” баг “Порту”-д хожигдох юм уу тэнцсэн тохиолдолд хэсгээсээ шалгарахгүй байх магадлал ч үүсээд байна. Учир нь одоо найман оноотой болсон Киевийн “Динамо” сүүлчийн даваанд хэсгийнхээ хамгийн сул баг “Маккаби”-тай тоглох бөгөөд хожих магадлал маш өндөр. Тэгээд ч тэдний бөмбөгний зөрүү +1 байгаа нь киевчүүдэд цаашид тоглох сайхан боломж бүрдүүлээд байгаа билээ.

“Мальме” Швед“ПСЖ” Франц 0:5

Гоол:

0:1 – 3 Рабьо, 0:2 – 14 Ди Мария, 0:3 – 49 Ибрагимович, 0:4 – 68 Ди Мария, 0:5 – 82 Лукас

Хэдийгээр хэн ялах нь тоглолт эхлэхээс хамаагүй өмнө ойлгомжтой байсан ч гэлээ Шведийн Мальме хотын оршин суугчид өөрийнхөө нутгийн багийг гэхээсээ илүү өөрийнхөө хотоос мэндэлсэн ганц од Ибрагимовичийгээ “амьдаар нь” харах гэж цэнгэлдэхэд цугларав. Энэ хотод мэндэлж эндээс л анхны алхмаа хийсэн, өөрийнхөө үед хамгийн өвөрмөц бөгөөд хэнтэй ч адил бус мөр үлдээн алхаж яваа хуучин Югославын дүрвэгсдийн гэр бүлд өссөн Златан Ибрагимович хэмээх чанга залуу дэлхийн шилдэг багуудад багтан тоглож байх хугацаандаа ганц ч удаа болов төрөлх хотдоо зочлон тоглох завшаан таарч байсангүй. Малье хотын хүндэт иргэн Ибрагимович хэдийгээр өрсөлдөгч багийнх нь эгнээнд багтан тоглож байгаа ч гэлээ нутгийнхныгаа баясгахын тулд стадионд багтаагүй хүмүүст зориулан хэд хэдэн том дэлгэц гадна талбайд байрлуулж өгсөн байна лээ. “Та бүхнийхээ хайр энэрлийг бүх бие махбодиороо мэдэрлээ. Энэ цэнгэлдэхэд цугларсан хүмүүсийг зэрвэс ажиглах бүрт дандаа таньдаг хүмүүс харагдах бөгөөд энэ нь намайг гэртээ байна гэдэг мэдрэмжийг төрүүлж байлаа” хэмээн хэр баргийн зүйлд хөөрцөглөөд байдаггүй швед залуу чин сэтгэлээсээ баясан хэлсэн.

“Манчестер Юнайтед” Англи“ПСВ Эйдховен” Голланд 0:0

Голландын дасгалжуулагч Луй ван Гаалын удирдлага дор алдарт “МЮ” ээлжит “саарал” тоглолтоо гүйцэтгэлээ. Тэд “Эйндховен”-ы эсрэг нөгөө л алдарт “өрсөлдөгчдөө бөмбөг өгөхгүй, өөрсдөө ч танай хаалгыг айлгахгүй” гэдэг тактикаараа тоглосоор хайнаагаар дуусгав. Сандал дээрээ дал, наян саяын үнэтэй худалдаж авсан довтлогчдыг суулгаж байгаад тоглох түүний үзэл бодлыг “МЮ”-ийн хамгийн өөдрөг сэтгэлтэй балиашгууд ч сүүлийн үед ойлгохоо болиод байгаа. “Бид уг нь нэгдүгээр үед л хоёр гурван гоол оруулах боломжтой байлаа. Даанч төгсгөлөө зөв хийж чадахгүй байна. Тэмцээн болгоны дараа бидэнд аз дутлаа гэж хэлэх хэцүү юм. Гэхдээ яг л тэгээд байгаа болохоор яалтай ч билээ” хэмээх цөхөрсөн ярилцлагыг Луй ван Гаал тэмцээний дараа өгсөн байх юм.

Ювэнтүүс” Итали – “Манчестер Сити” Англи 1:0

Гоол:

1:0 – 18 Манжукич.

Жинхэнэ итали дасгалжуулагч, хаалгачтай баг зөвхөн италичууд л ийм тактикаар тоглож амжилтад хүрдэг юм гэдгийг харуулах мэт наадсан энэ тоглолт “Ювэнтүүс”-ийг хэсгээсээ эхний байраар шалгарах боломжийг олголоо. “Ийм хэцүү хэсгээс шалгарна гэдэг тун амаргүй. Залуус сайн ажиллалаа. Хоёр хоногийн өмнө Манжукичийг Моратогийн оронд эхнээс нь тоглуулъя гэж шийдсэн. Дараа нь өрсөлдөгчдийгөө ядраад эхлэхэд нь Моратог талбайд гаргавал илүү үр дүнтэй байх болов уу гэж тооцоолж байлаа” гэж ахлах дасгалжуулагч Аллегри хэвлэлийн хурал дээр хэллээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувийн хэвшил бас шилэн болох гэж байгаа юу

Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэдгийг гаргаж УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Энэхүү хөтөлбөр нь авлигалыг таслан зогсооход их л нэмэр болох юм байлгүй. Дахин дахин хэлэлцүүлэхээр оруулаад л байна. Өмнөх практикаас харахад иймэрхүү хөтөлбөр, дүрэм журам, хууль тогтоомжууд Монголын чөлөөт хэвлэлийг баллах шахаж байсан. Өнөөдөр ч хэвлэл мэдээллийг устгах гэсэн хуулийн төслүүд явж байгаа. Энэ бүгдтэй үзэж тарж дуусаагүй байхад зэрэгцүүлээд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг тэр чигээр нь устгах, дарамт шахалтад оруулах, байж боломгүй заалтыг энэхүү Авлигатай тэмцэх, шударга ёс тогтоох Үндэсний хөтөлбөртөө оруулаад ирж. Тус хөтөлбөрийн “4.1.6.12-т Хувийн хэвшлийн байгууллага жилийн тайлан, балансаа ил тод олон нийтэд хүргэх;” гэж заажээ. Ийм юм гэж байж болох уу! Энэхүү заалтынхаа дээд талд “Хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх” болно гэжээ. Хувийн компаниудын данс шилний цаанаас ил тод харагдаж байхад л авлига алга болох гэнэ. АТГ авлигалтай л тэмцэх, таслан зогсоох гэж байгуулагдсан юм байгаа биз дээ. Ард түмэн авлига гэсэн тодорхойлолтыг бүгд мэддэг болсон. Авлига гэж юуг хэлэх вэ гэвэл “Төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг хэлнэ” гэж. Тэгэхээр төрийн албан тушаалтан хээл хахууль авч байгаатай тэмцэх чинь л АТГ-ын ажил юм байгаа биз дээ. Үүнд хувийн аж ахуйн нэгжүүд ямар хамаатай юм бэ. Авлигатай тэмцэх нэрийн дор ард түмнээ нэгд нэгэнгүй хянаж, хэн хэдэн төгрөг олж байгааг нь харж суухаар завдаж байгаа юм байна. Жижигхэн компанитай иргэн Батын хөдөлгөж байгаа жаахан бизнес, орж гарч байгаа тав арван цаасыг хянах болох нь. Бат гуай та зөвшөөрөх үү. Шилэн дансыг хүн бүр л дэмжээд байгаа шиг харагддаг. Тэгвэл шилэн данс чинь явсаар таныг шилэн болгох гэж байна. Үүнийг нь тэгээд та “Ура” хэмээн хүлээж авч байна уу. Би бол “хуц” гэж хэлмээр байна. Эцсийн зорилго чинь энэ байсан юм уу “май” гэмээр байна. Өнөө соц нийгмийн үеийн эргэн тойрны чинь бүх хүн мэдээлэгч гэдэгтэй агаар нэг байгаа биз дээ. Эцэстээ энэ шилэн данс гэдэг чинь явсаар намайг, миний бизнесийг шилэн болгож аваад баллах аюултай байжээ гэдгийг одоо ойлгож ав, монголчууд аа. Монголд өнөөдөр “юм” ингэж л шат ахиж, барьцаа чангаруулах маягаар явж байгаа. Аль ч улс оронд хувийн нууц хуулиар хамгаалагдсан байдаг юм. Тэр дундаа хувь хүний хөрөнгө чинээ нууц байдаг биш бил үү. Үндэстэн дамнасан, улс орныхоо төсвийн орлогын тодорхой эх үүсвэр болдог том компаниудын тайлан тооцоо нь шилэн данстай, дансгүй хуулийн хүрээнд ил тод байдаг нь олон улсын жишиг. Үүнд манайх шиг шилэн данс ч гэх шиг шантаачдад өгөөш болдог зүйлийг төрөөс нь хийдэг ч үгүй. Бодит үнэнийг хэлье, бизнесмэн хүнд эхнэр хүүхдээсээ хүртэл тав арван төгрөгөө нуух үе гардаг юм шүү дээ. Тэгж байж үйлдвэрээ өргөжүүлдэг, ганц цутгах машин, оёдлын машин авдаг, парк шинэчлэл, технологийн шинэчлэлээ хийдэг юм. Энэ бол бизнесийн орчин дахь амьдралын үнэн. Тэгэхгүй бол эхнэр нь эмэгтэй хүн л болсон хойно мэдчихээд “Тэрний эхнэр тийм булган дээл өмсөж байхад, эдний эхнэр ийм 570 унаж байхад” хэмээн цамнасаар жаахан ашгийг нь үрчих гээд байдаг. Ямар ч чанга бизнесмэн хүн хайртай эхнэр, эрхлүүлдэг хүүхдүүддээ буулт хийхэд бэлэн явдаг нь жам юм. Ингэхээ мэддэг болохоор эхнэрээсээ нуугаад ч болтугай бизнесээ өргөжүүлдэг юм гэдгийг хэлээд байгаа юм. Тэрнээс эхнэрээсээ тусдаа данстай байх тухай ярьсангүй. Ажил, амьдрал дээр цаг үргэлж алдаж онохын дэнсэн дээр явдаг бизнесийн мөн чанар ийм байхад Авлигалтай тэмцэхэд дэмжлэг болох учир аж ахуйн нэгжүүдийн орлого зарлага олон нийтэд шилэн байх нь зөв хэмээн Үндэсний хөтөлбөр гээчийг боловсруулж, хууль тогтоох дээд байгууллагаараа хэлэлцүүлэн батлуулахаар явж байгааг ойлгохгүй байна. Аюул хаяанд чинь ирж байгаа хэрэг биш үү гэж л ард түмэндээ хэлэх байна. Хувийн аж ахуйн нэгжүүдийг шилэн болгосны үр дагавар яаж гарах вэ. Өрсөлдөгчид нь шилний цаанаас бүгдийг хараад ямар “бэлэг” барих бол. Яаж муугаар ашиглах бол. Өнөө дарамтлагч, рекетүүд нь яаж хандах бол. Шилэн Дамдингууд олноор төрж “Танайхыг ингэж ч зарлана, энэ газраар ч шалгуулна…” юу юу гэж дарамт шахалт үзүүлэх бол. Монголын өнөөдрийн төр засаг сүүлийн жилүүдэд хувийн өмчийг байнга ад үзэх, нүд үзүүрлэх нь одоо бүр хэрээс хэтэрч байгаагийн шинж байх даа. Хувийн аж ахуйн нэгжийг үргэлж шившиглэсэн, үгүй хийхийг ил далд санаархсан, барьцаанд хийх гэсэн хууль, дүрэм журам, хөтөлбөр зогсохгүй нь бололтой. Орчин үеийн Монголын төр засаг үнэхээр атгаг болжээ. Үндэслэлгүй баяжвал шоронд хийнэ хэмээн төрөөс зарласан шүү дээ. Тэгвэл үндэслэлтэй баяжсанаа хэл хэмээн 76-д тулгавал яах бол. Өнөөдрийн цаг хугацаа чинь төгсгөл болох цагт өөрсдийн чинь баталсан хууль тогтоомж бүхэн та нарыг багалзуурдана даа. Ард түмэн бол яах ч үгүй. Өөрөө өөрсдийгөө аваад явчихдаг.

Ийм цаг үед монголчууд бид юу хүсч, мөрөөдөж байна гэвэл хөрөнгө чинээтэй бүгдийгээ магтан дэмжсэн, ямар нэг дарамт шахалтгүй, шалгалт шантаажгүй тийм л сэтгэхүй, оюун санаатай болохыг хүсч байна. Түүний төлөө явцгаая. Бид хөдөлмөрлөсөн хүн хөрөнгөтэй болж, дээдлэн хүндлэгддэг, үнэ цэнтэй байдаг капиталист нийгмийг бүрэн утгаар нь байгуулахын төлөө шантралгүй явцгаая. Баялаг бүтээж байгаа бүх хүнийг шүтэж амьдарцгаая. Тэд л улс орон, ард түмнийг авч явдаг нь хүний нийгмийн хууль юм.

Тэрнээс АТГ нь авлигалтайгаа л тэмц. Ард түмэнтэйгээ битгий тэрсэлд. Авлигалд автагдсан төрийн байгууллага, төрийн албан тушаалтнууд АТГ-ын гол “бай” болохоос хувийн хэвшлийнхэн биш юм. Юун хувийн хэвшлийн байгууллага жилийн тайлан, балансаа ил тод олон нийтэд хүргэх ёстой вэ! Үүнийг хувийн хэвшлийн мянга мянган аж ахуйн нэгжүүд эсэргүүцэх байлгүй дээ. Хуулиас давсан хөтөлбөр гэж арай байдаггүй байлгүй дээ. Тийм болохоор УИХ нь энэхүү Авлигалтай тэмцэх, шударга ёс тогтоох Үндэсний хөтөлбөрийг батлахгүй байлгүй дээ. Хувийн хэвшил гэдэг бол хувийн түрийвч.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы 2015.11.28-ны өдрийн шинэ дугаар хэвлэгдэж гарлаа. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

Монголд анх удаа гэж хэлж болох “Хар баасан гариг”-ийн хямдралтай худалдааг “Номин Юнайтед” их дэлгүүр уржигдар орой зохион байгуулсан билээ. Гэвч энэ худалдаа бодит хямдрал болж чадсангүй гэх иргэдийн шүүмжлэл, гомдол их гарав. Үйл явдлыг манай сурвалжлах хэсэг сурвалжлан маргаашийн дугаартаа хүргэж байна. Нэг, есдүгээр нүүрээс энэ тухай дэлгэрэнгүй уншаарай. Өчигдөр УИХ-ын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцсэнийг тоймлон нэг, хоёрдугаар нүүртээ хүргэж байна. Чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг хэлэлцэх тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Мөн үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонссон юм. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна” нийтлэл хэвлэгдэв. Сэтгүүлч Д.Гансаруулын бичсэн энэхүү нийтлэлд “Ес эхлээгүй байхад жавар тачигнаж, өвлийн тас нясхийсэн хатуу ширүүн уур амьсгалд монголчууд хаа сайгүй зутарч байна. Дулааны станцууд нь хэт хүйтний горимоор ажиллаж, байр сав нь пүнхийтэл халахгүй, халтиргаа гулгаа дэндэж, өнөө өвөл ер нь тачигнах янзтай. …Энүүхэн Номхон далай хавьцаа дулаахан арлууд олон арваараа налайж байгаа гэхээр хурууны үзүүр бүлээцэх шиг…” хэмээн бичжээ. Эл нийтлэлийг бүрэн эхээр нь уншаарай. Хөдөөнийхөн “Гангараа” тоглолтыг үзэхээр хонь хөтөлж ирж байгаа тухай дуучин Н.Мөнгөншагайгийн ярилцлага, Хятадад амьтдыг үржүүлэхгүй, үйлдвэрлэдэг болж байгаа тухай сонирхолтой мэдээлэл, “Ю.Цэдэнбалын үеэл Батын Донров гэж хэн байв” тэмдэглэл зэргийг өнөөдрийн дугаараас унших боломжтой. Түүнээс гадна бямба гаригийн дугаартаа хүргэдэг “Өдрийн зочин” тогтмол буланд Амгалангийн станц хэмээх нөр их ажлын ард гарсан Б.Баттөмөрийн тухай хүргэж байна. Тэрбээр өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Амгалангийн станцын ашиглалтын өргөтгөлийн захиргааны төслийн нэгжийн даргаар ажилладаг юм. Харин “Дэлхийн хүмүүс” буландаа алдарт хөлбөмбөгчин Пелегийн тухай хүргэж байна. Хөлбөмбөгийн хаан Пелегийн хамгийн сонирхолтой түүх, түүний амьдралдаа бүтээсэн эгэлгүй гайхамшгуудын тухай энэ буланд өгүүлэх болно. Эдгээрээс гадна “Хэлэх эрхийн индэр”, “Амрах агшин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг тогтмол булангуудаа өнөөдрийн хүлээн авч уншаарай.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн
сонин”-ы маргаашийн дугаарт “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна”
нийтлэл хэвлэгдэж байна. Сэтгүүлч Д.Гансаруулын бичсэн энэхүү нийтлэлд “Ес
эхлээгүй байхад жавар тачигнаж, өвлийн тас нясхийсэн хатуу ширүүн уур амьсгалд
монголчууд хаа сайгүй зутарч байна. Дулааны станцууд нь хэт хүйтний горимоор
ажиллаж, байр сав нь пүнхийтэл халахгүй, халтиргаа гулгаа дэндэж, өнөө өвөл ер
нь тачигнах янзтай. …Энүүхэн Номхон далай хавьцаа дулаахан арлууд олон
арваараа налайж байгаа гэхээр хурууны үзүүр бүлээцэх шиг…” хэмээн бичжээ. Эл
нийтлэлийг бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын гуравдугаар
нүүрээс уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Осол их гардаг замуудад хурд хэмжигч төхөөрөмж ажиллуулна

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замын
шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж,
жолооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг болоод байгаа. Үүнийг дагаад хурд
хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна. Яармаг
орчмын замд гэхэд 70-90, цаашлаад 100 км цагийн хурдтай давхиж байна. Хэдийгээр
камер суурилуулж тавьж байгаа ч жолооч нар камерын доогуур хурдаа хасаж, 60 км цагтай
явчихаад, камер өнгөрөнгүүт л хурдаа нэмчихдэг. Шинэчлэгдсэн бүх авто замыг камержуулах
гэвэл эдийн засаг хүнд байгаа үед тэр бүр боломжгүй, мөн дээр дурдсанаар жолооч
камерын доогуур хурдаа хасаад гарна. Тиймээс Замын цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай
хамтран дүгнэлт хийж, ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил
илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер скайнерийн хэмжилтийн
техник дээр тулгуурладаг ажээ. (LIDAR, Light Detection and Ranging). Хурд хэмжих
техникийн шинэ үеийн төхөөрөмж юм.

Тус систем нь:

-Олон эгнээгээр яваа олон машиныг
нэг дор хэмжинэ

-Зам барилгын ажлын үед, тойруу, туннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал
нөхцөлд хэмжилт хийх аж.

Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй
байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр
хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэрийг барина

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн
газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Л.Цог, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар нараас
ирүүлсэн зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт
болон Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх
тухай Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад
тавьсан асуулгын хариуг сонслоо.

Монгол Улсад зэсийн ордууд хэд, хэд бий. Тухайлбал,
“Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компаниуд зэсийн баяжмалаа гадаадад экспортолдог.
Хэрвээ зэс хайлуулах үйлдвэртэй болчихвол алт, мөнгө зэрэг бүтээгдэхүүнээ мөн тусад
нь ялган авч Монголдоо үлдээх боломжтой болох аж. Тэр хэрээр баялгаас олох ашгийн
хэмжээ өсөх юм.

Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү зэс хайлуулах
үйлдвэрийг Борнуурт байгуулахаар болсон нь ямар учиртай. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд
зэс хайлуулах үйлдвэр байгуулж болохгүй байгаагийн цаад шалтгаан юу болох. “Эрдэнэт”
үйлдвэр, Оюутолгой компани хоёр тусдаа зэс хайлуулах үйлдвэртэй болохоос аргагүй
нөхцөл бас байна уу гэдэгт хариулт хүслээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Та бид
хоёрын ойлголт их зөрж байна. Монголд Оюутолгойн зэсийн үйлдвэр, “Эрдэнэт”-ийн зэс
хайлуулах үйлдвэр гэж байхгүй. Зэсийн орддоо түшиглэсэн үйлдвэр байна гэж төслийг
боловсруулж байна. Зэс хайлуулах үйлдвэртэй болох талд Засгийн газрын дэмжлэг байгаа
боловч, УИХ дээр санаа зөрж буй нь сэтгэл зовоож байгаа. Энд “Эрдэнэт”-ийн эрх ашиг
гэж байхгүй. Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр байгуулахдаа Цагаан суваргын орд,
Оюутолгойн ордод үндэслэж байгуулагдаж байна. Хайлах технологи бол нэг, катодын
зэс хайлуулах нь өөр. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд зэс хайлуулах үйлдвэр байгуулъя
гэвч нөөц нь буурч байгаа, агууламж нь 16 хувь руу орж муудаж байна. Тийм учраас
нийт орддоо түшиглэн байгуулах ёстой гэдэг концепци нь зөв. Судалгаа тооцоог даацтай
хийж төслөө хэрэгжүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хотдоо байгуулж болдоггүй
юм уу. Усны асуудлаа яаж шийдэх вэ?

Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Нэмэхбаяр:
Зэс хайлуулах үйлдвэрийг хотын
ойролцоо барьсан тохиолдол байхгүй. Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг урьдчилж
тогтоодог. Аль болох эрсдэл багатай газрыг сонгож үйлдвэр байгуулах ёстой гэсэн
зөвлөмжийг өгдөг. Хоногт 8000 куб ус хэрэглэнэ. Усны эх үүсвэрийг жонш боловсруулах
үйлдвэрийн хэрэглэсэн саарал ус, гүний орхигдсон усыг ашиглахаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Л.Цог: Төр мөнгөгүй гээд байдаг. Тэгсэн хэр нь зэс хайлуулах үйлдвэр барихад
төр оролцоно гэх юм. Төр заавал оролцох ямар шаардлага байна вэ. Цагаан суваргын
ордыг төр мөнгөгүй гээд хувийн хэвшилдээ өгчихсөн. “Эрдэнэт”-ийн одоогийн удирдлага
зэс хайлуулах үйлдвэр барих ТЭЗҮ-гээсээ мөнгө зувчуулсан гэдэг юм яригдаад байна.
Тус үйлдвэрийн захирал нь Бор-Өндөрт төрсөн учраас нутагтаа байгуулахаар юм болсон
гэх?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт хоёуланд нь төрийн
оролцоо байгаа. Төрийн оролцоотой үйлдвэр байж, экспортын үйлдвэр байна. Мөнгө босгох,
экспортоо хийх, нэг цонхны бодлого хэрэгжүүлэхэд зохих хэмжээнд төрийн оролцоо байх
нь чухал байгаа. Хувийн оролцоо байна, түүнийг хамгийн тэргүүнд дэмжинэ. “Эрдэнэт”-ийн
захирал Бор-Өндөрт төрснөөрөө гэдэг ч юм уу тийм байдлаар хандсан юм биш, Монгол
Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан гэдгийг хэлье. Зэсийн баяжмал гэдэг стратегийн
бүтээгдэхүүн, экспортын бараа. ТЭЗҮ нь “Эрдэнэт” дээр хийгдээд хэдэн төгрөг гувчуулсан
энэ тэрийг би мэдэхгүй, оролцохгүй.

Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Нэмэхбаяр:
Өмнөх Засгийн газрын үед Эдийн
засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамны сайд нарын хамтарсан
тушаал гарч, зэс хайлуулах үйлдвэрийн байршил тогтоохоор ажилласан байдаг. 2014
оны есдүгээр сард хуралдаж, зэс боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцээд
тогтсон. Засгийн газрын хуралдаанд 2 удаа танилцуулж тогтоол гарсан. Ингэснээр байршил
тодорхойлогдсон. 2013 онд Хятадын өнгөт металлын үйлдвэртэй гэрээ байгуулж, ТЭЗҮ
боловсруулагдаж Монголын талд хүлээлгэн өгсөн. Эрдэнэт мөн ТЭЗҮ боловсруулсан, Хятадын
өнгөт металлургийн үйлдвэрээр хийлгэсэн ижил ТЭЗҮ байдаг.

УИХ-ын гишүүн Г.Уянга:
Хэрвээ би эр хүн байсан бол өнөөдөр Ерөнхий сайдад шанаа өгөх байлаа. ТЭЗҮ нь яаж
боловсруулагдахаараа Бор-Өндөрт байвал ашигтай гэж гараад байна вэ. Алдагдалтай
бизнесээ шууд зогсоож, ашигтай бизнесийг эхлүүлэх ёстой биш үү. Уул уурхайн бүтээгдэхүүний
үнэ ханш уначихсан үед энэ юм явахгүй?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Монголд зэсийн
үйлдвэр барих нь ашигтай, 23 хувийн ашигтай. Зэсээ цэвэршүүлэх нь Монгол Улсын амин
чухал асуудал. Энэ төсөл хэрэгжих юм бол 9 жилдээ багтаагаад хөрөнгө оруулалтаа
нөхөх төсөл. Оюутолгой, Эрдэнэтийн зэсийн хажуугаар гарч байгаа үнэт металлыг Монголдоо
үлдээх нь бидний эрх ашиг байх ёстой. Хоосон хардалт хэрэггүй.

Дээрх асуудлаар мэдээлэл
сонсч, тодорхой асуултад хариулт авснаар чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр алтан медалийн төлөө барилдана

Азербайжаны Баку хотын “Baku Sport Hall”
спортын ордонд энэ өдрүүдэд болох Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден
Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний эхний өдөр барилдсан Эрдэнэбатын
Бэхбаяр алтан медалийн төлөө барилдахаар шалгарчээ. Тэрээр эхний тойрогт
Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8-1р, удаах тойрогт Гүржын Отар Гогава-г
6-1р, шөвгийн 4-д Азербайжаны Парвиз Ибрагимовыг 14-1 оноогоор цагаас нь өмнө
цэвэр хожиж алтан медалийн төлөө барилдахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдлагад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн
холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр МАН-ын
удирдлагууд өнгөрсөн зууны төр нийгмийн зүтгэлтнүүдийн улс төрд хийж
бүтээсэн алдар гавьяаг гуйвуулж, улс төрийн зорилгоор ашиглаж байна.
Тиймээс энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж МАН-ын дарга М.Энхболдод
шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Шаардлагад “Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын нийгэмд
гүйцэтгэсэн ажил үүргийг одоогийн МАН-ын гишүүд тэмдэглэж бахархах нь
зүйтэй ч түүхийг гуйвуулж өөрсдийн хийсэн үйл хэрэг мэтээр илэрхийлж,
олон нийтийн оюун санаанд нөлөөлж буй нь бусармаг үйлдэл” гэжээ.
Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МАН-ыг ирэх оны УИХ-ын сонгуульд
оролцуулахгүй, татан буулгах асуудлаар Улсын Дээд шүүхэд хандах юм
байна.