Categories
мэдээ нийгэм

Хятад иргэдийг хөнөөсөн этгээдүүд 22-24 жилийн ял өгөв

Баянгол
дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан
БНХАУ-ын харъяат Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын хоёр иргэнийг энэ оны
нэгдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Г, Ч, Ш, Г,
Н нарын таван этгээд бүлэглэн, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий
аргаар санаатай алсан, хохирогч нарын 170 000 000 төгрөг, 100 000 юань
болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан билээ.

Уг хэрэгт
Баянгол дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 /Хүнийг
хүндрүүлэх бүрэлдхүүнтэйгээр санаатайгаар алах/ дахь хэсэгт зааснаар
яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл БНХАУ-ын
иргэдийн амь насыг хохироосон этгээдүүдэд шүүхээс ял оноожээ. Гэмт
этгээдүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхээс, шүүгдэгч тус бүрийг шунахай сэдэлтээр, дээрэмдэх
гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хоёр хүнийг
санаатай алсан гэм буруутайд тооцож 22-24 жилийн хугацаагаар хорих ял
оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нар урьд өмнө ял шийтгэл эдэлж
байгаагүй, 26-31 насны залуучууд аж.

Categories
мэдээ нийгэм

​Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлэх бичил төслүүдийг санхүүжүүлэх сонгон шалгаруулалт

Өргөдөл хүлээн авч эхэллээ

Австрали Улсын Засгийн газар Монгол Улсад хэрэгжүүлэх бичил төслүүдийн санхүүжилт (MУБТС)-ийг олгодог. Уг санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

МУБТС-ийг хувь хүн, олон нийт, оршин суугчдийн бүлэг, төрийн бус байгууллагууд болонашгийн бус хөгжлийн үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжидолгоно.

МУБТС нь 2015 оны 12 сараас 2016 оны 6 сарын хооронд хэрэгжүүлэх дараах чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж байна. Үүнд:

-хүүхэд ба залуучууд;

-хүйсийн тэнцвэртэй байдал ба эмэгтэйчүүд болон охидын эрх ашгийг хамгаалах;

-олон нийтийн эрүүл мэнд;

-сургууль/боловсрол;

-суурь дэд бүтэц;

-орон нутгийн хөгжил;

-байгаль орчин(уур амьсгалын өөрчлөлт болон хотын агаарын бохирдол),

-хөгжилд чиглэсэн спортын төслүүд.

Нэг төсөлд олгогдох санхүүжилтийн хэмжээ нь 10,000-30,000(арван мянгаас гучин мянга)Австрали доллар.

Шалгуур хангасан байгууллагууд МУБТС-ийн өргөдлийг бөглөж ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна: http://southkorea.embassy.gov.au/seol/DAP_Mongolia.html

Өргөдөл гаргахтай холбоотой асуулт байвалdap.seoul@dfat.gov.auмэйл хаягаар холбогдоно уу.

Өргөдлийг 2015 оны 10 сарын 30-ны 17 цагаас (Монголын цагаар) өмнө ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон өргөдлийг хүлээн авахгүй.


Direct Aid Program – Mongolia

Applications are now open

The Mongolia Direct Aid Program (DAP) is a flexible small grants program funded by the Australian Government. Projects funded through the Mongolia DAP will aim to contribute to sustainable economic growth and poverty reduction in Mongolia.

Funding through the Mongolia DAP is available on a not-for-profit basis to individuals, community groups, NGOs and other entities engaged in development activities in Mongolia.

In December2015 – June 2016, the Mongolia DAP will aim to fund projects in the following sectors:

-children and young people;

-gender equality and empowerment of women and girls;

-community health;

-schools/education;

-basic infrastructure;

-rural development;

-the environment, including climate change and urban air pollution; and,

-sporting program for development.

The funding amount for any one project in Mongolia is between ten and thirty thousand Australian dollars (AUD10,000-AUD30,000).

Eligible organisations are encouraged to apply for funding from the Mongolia DAP.

Further details are at: http://southkorea.embassy.gov.au/seol/DAP_Mongolia…

Contact dap.seoul@dfat.gov.au if you have any questions regarding the application process.

Applications must be lodged by 5pm (Mongolian time), 30 October 2015.

Applications received after this deadline will not be considered.

Categories
энтертаймент-ертөнц

Жулия Робертс нөхрөөсөө салахгүй

Холливуудын
нэрт жүжигчин Жулия Робертс өнгөрсөн долоодугаар сард 13 жил ханилсан,
нөхөр Даниель Модерээс салж буйгаа мэдэгдсэн. Хос салж буй шалтгаан
тодорхойгүй байгаа ч Даниель эхнэрээсээ сэтгэл санааны хохирол хэмээн 14
сая ам.долларыг нэхэмжилсэн юм. Харин жүжигчин бүсгүй хүүхдүүдийнхээ
асран хамгаалах эрхийн төлөө нөхрөө шүүхэд өгсөн билээ.

Тэд 2002 онд Италид хуримаа хийсэн
бөгөөд гурван хүүхэдтэй. Тэгвэл барууны хэвлэлүүдийн мэдээлснээр хос
эргэн нийлсэн гэв. Нью Йорк хотноо өчигдөр зохион байгуулагсан “Hammer
Museum Gala in the Garden”-ийн үеэр жүжигчин бүсгүй нөхрөө дагуулан
иржээ. “Тэд ихэд дотно харагдаж байснаас гадна хуримын бөгжөө зүүсэн
хэвээр байсан” хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Арга хэмжээний дараа жүжигчин бүсгүй
“People” сэтгүүлд “Хүүхдүүдийнхээ төлөө нөхрөө уучлахаар болсон. Үнэнийг
хэлэхэд, энэ залууг явуулах зориг дутаж байна” гэж хэлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Хүүхэлдэйн киноныхоо шинэ ангиудыг хийнэ

“Дисней”
компани 2004 оноос хойш гарч буй хүүхэлдэйн кинонуудаа үргэлжүүлэхээр
шийдвэрлэсэн байна. 11 жилийн хугацаанд тус компани 19 хүүхэлдэйн кино
бүтээсэн бөгөөд энэ хугацаанд зарим нь шинэ ангиа гаргажээ. Тэгвэл
үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй “Тоглоомын түүх”, “Супер
гэр бүл”, “Мадагаскар”, “Супер Нинжа”, “Ахмад Америк” зэрэг кинонууд
ирэх онуудад шинэ ангиа гаргахаар болжээ.

Тус компанийн цахим сайтад нийтэлснээр
“Тоглоомын түүх 3” 2018 оны долоодугаар сард нээлтээ хийх бол “Супер гэр
бүл 2” 2020 оны хоёрдугаар сарын 20-нд, “Мадагаскар” 2020 оны есдүгээр
сарын 12-нд нээлтээ хийнэ” гэжээ.

“Дисней” компани амжилт олж, олон саяыг
олсон уран бүтээлүүдээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээс гадна өнгөрсөн
2012 оноос “Үнсгэлжин”, “Алиса гайхамшигийн оронд”, “Маугли хүүгийн адал
явдал” болон “Араатан ба гоо үзэсгэлэн” зэрэг хүүхэлдэйн киног
дэлгэцийн бүтээл болгосон билээ.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүй иргэдийн тоо эрс өсчээ

Үндэсний статистикийн хорооноос 2015 оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдлын талаар мэдээлэл хийлээ. 2015 оны ес дүгээр сарын эцэст 43.6 мянга болсны 24.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 31.1 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мян.хүн буюу 8.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.7 мян. хүн буюу 2.2 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувь буюу 17.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 9 сард ажилгүй 87.0 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 17.6 мян. иргэн ажилд зуучлагдан орж, 75.3 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 14.1 мян.хүн буюу 19.4 хувиар өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 2.5 мян.хүн буюу 12.6 хувиар буурчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 13.6 мян.хүн буюу 22.1 хувиар өсчээ.

Төрөлт ихэсчээ

Улсын хэмжээнд 2015 оны эхний 9 сард 60 мянга 514 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 60 мянга 849 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 796 буюу 1.3 хувь, хүүхдийн тоо 825 буюу 1.3 хувиар буурсан байна. Энэ оны 9 дүгээр сард 6642 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6 мянга 652 болж, амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 147 буюу 2.2 хувиар, хүүхдийн тоо 187 буюу 2.7 хувиар буурчээ. Нялхсын эндэгдэл энэ оны 9 дүгээр сард 102 болж, өмнөх сарынхаас 10 хүүхэд буюу 10.9 хувиар, 5 хүртэлх насандаа 123 хүүхэд эндэж, өмнөх сарынхаас 13 хүүхэд буюу 11.8 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг нэмэгджээ

Улсын хэмжээнд 2015 оны эхний 9 сард 20 мянга 976 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1203 хэрэг буюу 6.1 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1212), аж ахуйн эсрэг (244), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн (230) хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Энэ оны 9 дүгээр сард 2367 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 112 хэрэг буюу 4.5 хувиар буурчээ. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 10 мянга 428 хэргийн 6296 буюу 60.4 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 3.1 пункт, нийслэлийн хэмжээнд 2.0 пунктээр өссөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 63 буюу 8.3 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 245 буюу 9.5 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 241 буюу 12.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 601 буюу 12.1 хувиар буурчээ.

Импорт буурсан үзүүлэлттэй байна

Энэ оны 9 дугээр сард экспорт 289.3 сая ам.доллар, импорт 309.9 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 149.4 сая ам.доллар буюу 34.1 хувиар, импорт 28.1 сая ам.доллар буюу 8.3 хувиар буурсан байна. Харин гадаад худалдааны тэнцэл 2015 оны 9 дүгээр сард 20.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 480.3 сая ам.доллар буюу 11.9 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 552.4 сая ам.долл, нэхмэл бүтээгдэхүүнийх 30.5 сая ам.доллар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 19.9 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үнэт чулуу, металл, алтных 72.7 сая ам.долл, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 32.2 сая ам.доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 12.3 сая ам.доллараар өссөн байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1165.9 сая ам.доллар буюу 29.0 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 371.7 сая ам.долл, авто, агаар, усан замын тээврийн эд ангийнх 218.9 сая ам.доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд ангийнх 195.4 сая ам доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 155.0 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт экспортын 87.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт, импортын 54.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорт хавдрын эсрэг Л.Мөнхбаясгалангийн захиа

“Цензургүй яриа”
нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийнхөө нэвтрүүлэгт
оролцсон бүх зочид хийгээд УИХ-ын гишүүд, сайд нарт хандан захидал
бичжээ.

Тэрбээр захиандаа:

Миний бие болон тэнгэрийн оронд одсон ээж минь энэ өвчний золиос болсон юм. Ээж минь оройтож оношлуулсан учраас хорвоог орхиж, харин би эрт оношлуулсан учраас амьд үлдэж чадсан билээ. Энэ аймшигт зовлонг бие сэтгэлээр туулсан хүний хувьд олон хүний амь аврахсан, Монголын минь олон мянган өрх тийм зовлонг бүү туулаасай гэж эх хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд бодох боллоо.” гэжээ. Тэрбээр цааш нь “World
Health Organization ээс эрхлэн гаргадаг хавдрын тархалт, нас баралтыг
дэлхийн улс оруудад харьцуулан гаргадаг Globocan цахим хуудаснаас үзэхэд
Монгол улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд 1-р байрт, ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд 2-рт, улаан хоолойн өвчлөл нас баралтаар мөн л дэлхийд 3-р байрт оржээ. Аймшигтай тоо байгаа биз. Монгол дахь судалгаагаар бүр ч сэтгэл зүсэм тоо гарна. Хорт хавдраар өвчилсөн 4 хүн тутмын 3 нь хожуу буюу III-IV үе шатандаа оношлогдож байна. Энэ бол нийт өвчлөгсдийн 75 хувь нь билээ. Гэтэл өдөр бүхэн 3-5 хүн хорт хавдар гэсэн оноштойгоор шинээр бүртгэгддэг ба үүнээс өдөр бүр 2-3 хүн нь нас барж байна. Энэ бол манайх шиг цөөхөн хүн амтай улсад бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэж би боддог юм аа. Харин энэ өвчнийг хазаарлах гол хүчин зүйл бол эрт оношилгоо, урьдчилан сэргийлэлт юм.

Манай улсад хавдраар дагнан ажилладаг ХСҮТЭ гэж бий. Бүх хавдартай өвчтөнүүд зөвхөн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг. Гэтэл энэ эмнэлэгт өнөөг хүртэл сайн чанарын компьютер томографи алга. Хүн амын дундах өвчлөл, нас баралт нь дэлхий нийтийн анхаарал татаад байхад улсын ганц эмнэлэг нь хавдрыг оношлох нарийвчилсан зүслэг бүхий компьютер томографигүй байж болох уу. Энэ аппаратыг Эрүүл мэндийн яам дэмжиж улсын төсөвт суулгаж өгсөн боловч Сангийн яам улсын төсвийг УИХд өргөн барихдаа хасчихжээ. Эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч Үндсэн хуулиндаа тунхаглаж өгсөнөөр Монгол хүн амьд явах эрхтэй шүү дээ. Монгол хүн аймшигт өвчнөөр шаналан үхэж байхад төр засаг ард иргэдээсээ оношилгооны аппарат харамлаж болохгүй гэж бодногэсэн байна.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бичсэн энэ захиа олон хүний анхаарлыг
татасан бөгөөд УИХ-ын гишүүд ч нэлээд анхаарч, энэ талаар баасан
гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Сангийн сайдаас нэлээд
асууж лавлаж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар: Ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэхгүй бол байрны үнэ огцом унаж хямралд орж болзошгүй

Барилга, хот байгуу­лал­тын сайд асан Д.Цогт­баатартай ипотекийн зээлийн 10 хувийн урьд­чилгааны асуудлаар ярилцлаа.

-Барилга, хот байгуу­лал­тын сайд байхдаа эхлүүл­сэн ажлын тань нэг болох ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэрийг Засгийн газар баталсан. Дагаж мөрдөх журам нь хүртэл гарчихсан байхад яагаад өдий болтол хэрэг­жихгүй удав. Гол гацаа нь хаанаа байна вэ?

-Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 256 дугаар тогтоол, 2015 оны долдугаар сарын 7-ны өдрийн 296 дугаар тогтоолууд гараад хэрэгжилтээ хүлээж байгаа. Таван талт гэрээ байгуулах бэлтгэлээ л хангаад байгаа юм байна гэж ойлгосон. Ипотекийн зээлийг Засгийн газрын баталгаатай гаргана гэдэг бол шинэ шийдэл учраас газар дээрээ зарим тохируулга шаардагдаад байхыг үгүйсгэхгүй. Уг нь дээрх шийдвэрүүдийг гаргаад дөрвөн талт гэрээ байгуулна л гэж байсан юм шүү дээ. Тэгснээ дөрөв биш, таван талт болгохгүй бол болохгүй нь гээд л тухайн үедээ оролцогч­дын тоог бид нэмэхэд хүрч байсан. Шийдвэрүүдийг хэрэг­жүүлэхэд энэ мэт техникийн чанартай асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм асууд­лууд байлаа гэхэд хамтарч суугаад л шийдлийг газар дээр нь түргэхэн шиг олоод явах боломж хэзээ ч байдаг.

Уг нь би найман сардаа багтаагаад гэрээг зуруулчих юмсан гэж бэлтгэл базааж байсан. Мэдээж байгууллага хоорондын гэрээ гэдэг бол бас л адилхан яриа хэлэлцээ шаардах үйл явц. Тэгэхээр зарим байгууллага гэнэт тооцоогүй шаардлага тавьж болно. Дээрх тав дахь талыг гэрээнд оролцуулна гэдэг шиг. Үүнийг тухай бүртээ зохицуулаад л явчихна гэж тооцож байв. Ер нь өөрөө байхдаа эцэслэчихсэн гэж хичээсэн. Долдугаар сард журмаа батлуулж аваад л дараагийн ажиллагаанд орсон ч баяр наадам, хурим найр, огцрох солигдох болоод үнэхээр амжаагүй л дээ.

Хямралтай, хөрөнгө хомс үед иймэрхүү асуудлаарх улс төрийн шийдвэрийг гаргах нь хамгийн хэцүү үйл явц байдаг. Олон хүнд тайлбар хийж, эргэлзээг нь тайлж, асуудлыг ойлгуулах хэрэг гардаг. Ёстой л олон талт дипломат яриа хэлэлцээг зохион байгуулна. Нэг л буруу өнцгөөс тайлбар хийхэд яриа хэлэлцээг үндсэн чиглэлээс нь өөр тийш нь хөтлөөд аваад явчих гээд маш амаргүй. Эрх мэдэлтэн бүрийн оновчтой оновчгүй асуултуудад зохих хариултыг л бэлддэг. Ийм шийдвэрийг гаргах нь үнэхээр амаргүй багийн ажил. Иймд аль болох олон яам, байгууллагын дэмжлэгийг авч хамтран ажилладаг. Ингэн байж сая нэг улс төрийн суурь тохироо бүрдэж, аливаа бодлогын суурь шийдвэр гардаг. Эмзэг үед зоримог шийдвэр гарахаасаа гарахгүй нь их байдгийг бид бүгд энэ хямралт үеийн амьдрал, хүндрэлээрээ л мэдэрч байна шүү дээ. Харин энэ шийдвэрийн хувьд “хийх үү, эс хийх үү” гэдэг ойлголцолд хүрэх хүнд үе нь ард хоцорсон. Одоо УИХ, Засгийн газрын зөвшөөрлийг авна гэж сандралгүй, “хий” гэснийг нь хэрэгжүүлэх л үлдсэн. Мэдээж энэ ажил өнөөгийн сайд нараас бас л зарим шийдлүүдийг шаардаж байгаа. Нэгэнт ачааг нь үүрч буй хүмүүс тийм шийдлүүдийг нь олоод урагшилна гэж итгэж байгаа. Харин хэрэгжүүлэхгүй гэвэл энэ нь нэг хоёр сайдын асуудал биш учраас өөрийн шийдвэрээс яагаад буцаж буй тухай том тайлбарыг Засгийн газар өгөх шаардлагатай болно. Манай Засгийн газар чинь унаагүй, сайд нар нь л солигдсон шүү дээ. Тиймээс өөрөө өөрийнхөө шийдвэрээс буцаж, хэрэгжүүлэхгүй гэсэн асуудал байхгүй гэж ойлгож байгаа.

-Өнөөгийн нийгэмд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орсон иргэдийн хэрэгцээ ханачихсан гэж та урьд нь ярилцлага өгөхдөө дурдаж байсан. Тиймээс 10 хувь хэрэгжихийг нийгэм асар их хүлээж байна. Гэтэл 10 хувийг шоу байсан мэтээр удирдах албан тушаалтнууд ярих юм?

-Хэрэв Засгийн газрын шийдвэр байхгүй байсан бол энэ нь миний бодол төдий л зүйл байх байсан. Бодлоо ажил юм шиг яриад байсан бол тэгж хэлж болох л байсан. Гэтэл энд чинь Засгийн газрын хэд хэдэн шийдвэр гарчихаад байна шүү дээ. 19 сайд сууж байгаад гүйцэтгэх засаглалын албан ёсны шийдвэрүүд гарчихаад байгаа юм. Ийм шийдвэр гаргахын тулд бүх яамнаас болон холбогдох төрийн байгууллагуудаас урьдчилан санал дэмжлэгийг нь авсан байх шаардлагатай байдаг. Үүнийг гаргахын өмнө төрөл бүрийн төрийн бус байгууллага, холбоод, барилгынхан болон бусад бизнесийнхнээс саналыг нь урьдчилан авсан байсан. Ерөнхий сайд УИХ дээр мэдээллийн цагаараа бүтэн хагас өдөр энэ асуудлыг танилцуулж, хууль тогтоогчид дэмжих тохиолдолд 20 хувийн зээлийн баталгааны тухай шийдвэрийг засаг гаргахад бэлэн гэдгийг танилцуулж байсан. Энэ бүх ажиллагааны дүнд Засгийн газар зохих албан ёсны шийдвэрүүдээ гаргасан. Засгийн газрын холбогдох шийдвэрүүд чинь ганцхан Барилгын сайдынх байгаагүй. 200 тэрбумын баталгааны тухай 256 дугаар тогтоол чинь Сангийн яамны оруулсан асуудал. Манай яам мөнгө хариуцдаггүй юм чинь арга ч үгүй. Тэгэхээр энэ бүгд шоу байх уу. Сайд хүний ажил бол ийм шийдвэрүүдийг засгаар гаргуулах ажил. Түүнээс сайд нь мөнгөө бариад иргэдэд зээл тараагаад явахгүй шүү дээ. Энэ ажлыг засгийн шийдвэрийн дагуу банкууд хийх ёстой. Шийдвэр нь байхгүй бол банкуудаас хичнээн гуйгаад ч энэ ажлыг хийхгүй. Тэгэхээр Засгийн газрын зохих шийдвэрүүд гэдэг чинь сайд хүн ярьсан үндсэн ажлаа хийчихээд байна гэсэн үг шүү дээ. Хөгжлийн банк, Төрийн банктай холбогдсон нэг бус шийдвэрийг манай Засгийн газар гаргаж л байсан. Хэрэгжилтийг нь тухайн банкнууд хариуцаад л явчихдаг. 20 хувийн баталгаа бүхий 10 хувийн ипотекийн зээлийн асуудал бол нэлээд олон талын оролцоог шаардаад байгаа учраас хэрэгжилтэд нь харин анхаарч оролцохоос өөр арга байхгүй. Надад хэрэгжилт рүү нь шилжих боломж олдоогүй. Гэхдээ холбогдох сайд нар нь үүний хэрэгжүүлэлтэд онцгой анхааран ажиллаад байгаа гэж би ойлгоод байна.

Шоу биш гэдгийг нөгөө талаас нь тайлбарлая. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж хэн ч хэлээгүй, хэрэгжүүлнэ л гээд сайд нар нь ар араасаа л нотлоод байхад шоу гэх гээд байх юм. “Шоу” гэдэг англи үгийг бид “хий хоосон үзүүлбэр” гэдэг утгаар нь энд ойлгоод байгаа. Тэгэхээр хий хоосон, байхгүй зүйл байсан бол түүнийг яаж хэрэгжүүлэх юм бэ. Хэрэгжүүлнэ гээд яриад байхыг бодоход хэрэгжих ёстой зүйл нь байгаад байгаа биз дээ. Иймд шоу байж таарахгүй. Мэдээж үүнийг улстөржүүлж, шоу байгаасай гэж хүсч буй хүмүүс байгаа л байх. Гэхдээ улс төрийнхөө жижигхэн зорилгын хүрээнд эдийн засгаа л унагаачих вий дээ. Бусад нь бол жижиг асуудал.

-Одоогоор урьдчилгаа 10 хувиа төлөөд орон сууцанд орох чадамжтай хичнээн мянган иргэн байгаа вэ?

-Засгаас гаргах баталгаа чинь тодорхой хэмжээ, хязгаартай зүйл шүү дээ. Тэгэхээр зээлийн үнийн дүнгийн 20 хувьд нь гаргаж буй баталгаа чинь хэдэн хүнд хүрэх вэ гэдэг талаас нь л харах хэрэгтэй. Түүнээс нэг далайлтаар байртай болох хүсэлтэй бүх хүнийг орон сууцжуулах тухай асуудал биш. Тийм хэмжээний хөрөнгө засагт зүгээр л байхгүй. Үүнийг харгалзан холбогдох тооцоог бид хийж судлах хэрэгтэй л дээ. Энэ үүднээс авч үзвэл 200 тэрбумын баталгаатай гарах зээлийн багц чинь тухайн үедээ нийт нийлүүлэгдээд байгаа байрны 30-40 хувьтай л тэнцэнэ. Өөрөөр хэлбэл (байрны үнээсээ хамаараад) 10-16 мянган байрны л асуудал. Зах зээл дээр бол энэ багагүй дэмжлэг. 20 хувийн баталгаатай зээл чинь хямралтай энэ үеийг даван туулахад чиглэсэн зах зээлийн зарчимд нийцсэн эдийн засгийн дэмжлэгийн чанартай л арга хэмжээ шүү дээ. Үүнийг бол олон удаа хэлсэн. Энэхүү зээлийг авах бололцоотой хүний баримжаа тоог бид Нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан өрхийн амьжиргааны судалгаанаас ямартай ч тооцоолж байсан. Энэ бол маш нарийвчлалтай, их олон хүний хүч хөдөлмөр зарцуулж хийсэн судалгаа юм шүү дээ. Нөгөө яриад байдаг VII-XV бүлгийнхэн бөгөөд нэлээд олон зуун мянган хүн. Эдгээрээс яг өнөөдөр 10 хувийн хуримтлалаа бүрдүүлсэн нь мэдээж харьцангуй цөөхөн.

-Өнөөдөр зах зээлд эдийн засгийн уналттай холбоотойгоор байрны борлуулалт зогсчихов уу?

-Мэдээж маш амаргүй байгаа. 20 хувийн баталгаа гарган дэмжлэг үзүүлэх гээд байгаа чинь энэ гацааг л гаргах гээд байгаа юм. Ийм дэмжлэгийг үзүүлэх нь хэдэн барилгын компанийг дэмжих гээд байгаа юм биш. Энэ бол иргэдийгээ дэмжиж байртай болгох замаар барилгын салбарын санхүүгийн хүндрэлийг даван туулах гэсэн оролдлого. Ингэхгүй бол байрны үнэ огцом нурж хямралд орж болзошгүй. АНУ-ыг хүмүүс их ярих дуртай. Америкийн хямрал чинь байрны үнэ огцом унаснаас үүдсэн. Хямрал нь харин замдаа бүхнийг хамсан. Манайд барилгын салбар хямарвал эдийн засаг шууд хямарна. Тэр шинээр баригдсан хэдэн байр л хямдарна гэж бодож буй бол эндүүрэл. Иргэдийн амьдарч буй бүх байр хямдарна. Амьдралын нэг шаардлага гараад байраа барьцаалаад зээл авъя гэсэн хүнд чамлалттай хэмжээний л зээл олдох болчихоод байгаа. Байраа зарахад тооцож байснаас бага болчихоод байгаа шүү дээ. Банкнуудын олон зээлүүд барилгын барьцаатай. Барилга нь хямдарснаар зээл нь муудаж, ангилагдах эсрдэл багагүй л байгаа байх. Тэгэхээр барилгын салбарын уналтаас хэн ч хожихгүй.

Зарим гэнэн “онолчид” барилгын салбар унавал цаана нь сайнууд нь үлдэн шалгараад гараад ирэх юм шиг мэдэмхийрдэг. Тийм юм байхгүй. Манай эдийн засаг 90-ээд онд шилжилт хийх явцдаа айхтар хямарсан. Тэр хямралаас 13 жилийн дараа л 2003 онд гарсан. Нэгдүгээрт, энэ бол их хугацаа. Одоо гүн хямарвал хэзээ гарахыг хэлж мэдэшгүй. Хоёрдугаарт, 90-ээд оны хямралын дараа үлдээд гарч ирсэн компаниуд бүгд сайн байсан уу гэвэл үгүй. Буруу гарын эзэнтэй улс төрөөр алдагдлаа нөхсөн компаниуд цаагуур чинь дүүрэн л байгаа биз дээ. Тэгэхээр нэг их сайнууд нь шалгараад гардаг нь юу л бол. Тэгэхээр гүн хямралыг хүсэх юм биш. Товчхондоо хэлэхэд барилгын салбарыг иргэдээ байртай болгох замаар дэмжих нь зөвхөн барилгын салбараа биш, эдийн засгаа бүхэлд нь уналтаас урьдчилан сэргийлэх бодлого юм.

-Ер нь урьдчилгаа төлбөрийн 10 хувийг арилжааны банкууд зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Таныг сайд байх үед уг нь банкуудтай тохирчихсон гээгүй бил үү?

-Би банкны холбооны төлөөлөл, арилжааны банкууд болон Монголбанкны удирдлагуудтай зөвлөлдөж ярьсан. Тэдэнгүй яаж урагшлах вэ дээ. Банкны томоохон зээлдэгчид бол барилгын компаниуд. Уул уурхайн компаниудын хүндрэлийн хажуугаар барилгын компаниуд савлавал банкууд бүгд амаргүй байдалд орно. Барилгын үнэ савлавал барилгаар барьцаалсан зээлүүд эрсдэлд орно гэж дээр хэлсэн. Гэтэл Засгийн газрын баталгаатай зээл өгөх боломжийг арилжааны банкуудад санхүүгийн ямар ч дарамтгүйгээр гаргаж өгөх гэж байхад банкууд дургүйцэх үү.

– Нэгэнт нийгэм орон сууц худалдан авах чадамжгүй болчихсон өнөө үед 10 хувийг хүмүүс зөв шийдвэр болсон гээд дэмжиж байгаа. Гэтэл нийгэмд ийм ухуулга байна л даа. Урьдчилгаа 10 хувиа төлөөд орон сууц худалдаж авснаас 30 хувиа төлсөн нь дээр. Учир нь урьдчилгаа бага төлөх тусам танд өрийн дарамт болно гэх юм. Харин та ямар тайлбар өгөх вэ?

-Эхлээд хамгийн энгийн тайлбарыг өгье. Манайхаас бусад бүсийн улс орнуудад 30-аас хамаагүй доор урьдчилгаатай ипотек өгөөд байна л даа. Тэгээд тэд иргэдээ “дарамтлах” гэж урьдчилгааг багасгаад байгаа хэрэг үү. Өөр нэг тайлбар. 20 хувь нь 20 сая төгрөг байлаа гэж бодъё. Танд 30 хувиа шууд төлөх боломж байлаа гэж бодъё. Гэхдээ та 10 саяа төлөөд 20 саяа банкинд хадгалаад 20 саяын зээл авлаа гэж тооцъё (нэмээд мэдээж 70 хувьтай тэнцэх зээлээ авдгаараа авна). 20 саяын зээлдээ та найман хувийн хүү төлнө. 20 хувийн хадгаламждаа та 13 хувийн хүү авна. Тэгэхээр толгойны өвчингүйгээр зөвхөн хадгаламжийн хүүн дээрээ та таван хувийн ашигтай наймаа хийж байгаа биз дээ. Энэ 20 саяа бизнест оруулбал бүр илүү ашиг олох магадлалтай ч байж болно.

Гурав дахь тайлбар. 30 хувийн урьдчилгаатай зээлийг болиулаагүй.

Зээлдэгчдийн хувьд зөвхөн сонголт л нэмэгдсэн. Танд 30 хувийг шууд төлөх боломж байгаад та зээлээ авъя гэж байгаа бол тэр зээлэндээ хамрагдаж болно. Харин ийм боломж байхгүй хүмүүст “Уучлаарай, та хангалттай хуримтлалтай болж ирээд бидэнтэй ярь” гэдэг байдлыг халж байгаа юм. Өнөөгийн байдлаар ийм хүмүүс нь 30 хувийн урьдчилгаагаа төлөх чадвартай хүмүүсээсээ их байгаа л даа. Энэ байдал зөвхөн манайд биш, дэлхий дахинд ийм байдаг болохоор урьдчилгаа нь манайхаас бага байдаг байлгүй дээ.

-Хэрэв урьдчилгаа 10 хувиа төлөөд орон сууцанд орлоо гэхэд мэдээж зээлийн хугацаа сунгагдана. Тэгэхээр сард төлөх дүн нь нэмэгдэх үү?

-20 хувьтай тэнцэх мөнгөө шууд төлчихдөг байсан болохоор 20 хувь дээрээ хүү төлдөггүй байсан. Одоо төлөхөөр мэдээж нэмэгдэнэ. Өрхийн сар бүрийн төлбөрийн ачааллыг багасгах үүднээс хугацааг Засгийн газрын 296 дугаар тогтоолоор 30 жил болгож өгсөн. Дахиад хэлэхэд 30 хувийн чинь зээл хэвэндээ байгаа. Хүмүүс ард түмнийг өрөнд оруулах гээд байгаа юм шиг ярих юм. Хүчээр өгч буй зүйл биш шүү дээ. Энэ бол хэрэгтэй хүнд нь хэрэгтэй үед нь бэлэн байж байх механизм юм. Хэрэв өнөөдөр яах аргагүй авах боломжгүй бол хүчээр хэн ч өгч өртүүлэхгүй шүү дээ.

-Та 10 хувийг батлахын тулд Сингапурын туршлагыг судалсан гэж байсан. Тус улсын эдийн засаг манайхаас хэд дахин доогуур байх үед ипотекийн зээл хэрэгжээд ирсэн гэл үү. Бусад улс оронд амжилттай хэрэгжсэн туршлагаас хуваалцаач?

-Тэр үнэн. Сингапурт яг иймэрхүү зээлийг өгдөг. Гэхдээ энэхүү зээлийн санхүүжилтээ тэтгэврийн сантайгаа холбож өгсөн амжилтынх нь үндэс болсон гэж тэд үздэг. Одоо Сингапурын иргэд бараг бүхэлдээ өөрийн гэсэн байртай. Саяхан хөгжиж байгаа орон байсан улс гэхэд том амжилт. 10 хувийн урьдчилгаатай зээл гэдэг бол дэлхий дээр байдаг ердийн зээл юм шүү. 30 хувь гэдэг бол хамгийн өндөр нь байгаа юм. Гэтэл манай иргэдийн орлого хамгийн бага нь байдаг. Хамгийн өндөр орлого бүхий иргэдтэй Америкт манайх шиг жижиг байрнуудад олгодог зээл нь бол гурван хувьтай байдаг. Харин манай тансаг зэрэглэлийнх гэмээр тэндээ дундаж иргэдийнх нь том байр, байшингуудынх нь урьдчилгаа 20 хувь байдаг. Бидний ойлголтоор бол өнөөх “олигархиудтай” дүйцэх орлоготой иргэддээ өгдөг зээл нь л гэхэд 20 хувьтай буюу манайхаас доогуур байгаа юм. Хэрэв ийм доогуур урьдчилгаанаас болоод Америк хямарсан байсансан бол саяхан хямралаас гарсан энэ улс эдгээр зээлээ үргэлжлүүлэх үү. Бүр хямралынхаа жилүүдэд иргэдийгээ байртай болгох эдгээр зээлээ зогсоогоогүй шүү дээ. Юуг зогсоогоод халсан бэ гэвэл арилжааны чанартай ипотекийн зээлүүд буюу “subprime mortgage” гэгч гайхлуудаа бол халсан. Энэ ялгааг урьд нь танай сониноор дамжуулж тайлбарлаж л байсан. Манайхан хоёр төрлийн ипотекийн зээлийн хоорондын ялгааг гаргахгүй л болгоомжилцгоогоод байгаа юм.

-Ипотекийн зээлийн эргэн төлөлт ямар үзүүлэлттэй байгаа бол?

Маш сайн. Тийм учраас л энэ зээлийг арай хөнгөвчилж иргэддээ хүргэмээр байгаа юм. Ийм сайн төлөөд байхад нь итгэхгүй байгаа нь харамсалтай. Одоо арга хэмжээ авахгүй байж байгаад байрны үнэ унаад эдийн засаг хямарвал харин гэмгүй төлбөр хийж байсан иргэдийн зээл бас хүндрэх эрсдэл бийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Үүнийг бас онцлон тэмдэглэмээр.

-Орон сууцны үнэ улирал тутамд буурсан үзүүлэлттэй байгаа. Байрны үнэ хэт өндөр, худалдан авагчгүй байгаа болохоор бие биеэсээ өрсөж, үнээ буулгаж байна. Энэ барилгын салбарыг дампууруулах шалтгаан болно биз дээ?

-Зөвхөн барилгын салбар биш, эдийн засаг эвгүйтэх шалтгаан.

-Ипотекийн зээл хүссэн иргэдэд банк хэт өндөр шалгуур тавьж байна. Тиймээс барилгын компаниуд банкны журмаар иргэдтэй гэрээ байгуулж, байраа худалддаг болжээ. Энэ нь хэр найдвартай арга вэ?

-Надад бол иргэдэд ч, барилгын компаниуддаа ч эрсдэлтэй л санагдаж байна.

-80 ам метрээс илүү талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар болсон байх аа?

-Уг нь аравдугаар сарын 1 гэхэд хоёр сайд энэ асуудлыг оруулах үүргийг авсан. Одоо үүн дээр ажиллаж л байгаа байх.

-Таныг сайд байхад “Түрээсийн орон сууц” хөтөлбөр яг хэдийнээс хэрэгжиж эхлэхээр яригдсан бэ?

-Хөтөлбөр батлагдсан. Түүрээсийн зарим орон сууцны барилгын ажил явж байгаа. Гэхдээ том далайцтай хийх ажлыг гадныхантай яриад явж байсан. Цаашдаа үргэлжлээд явна гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм

УЛААН-ҮД – УЛААНБААТАР чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ

ОХУ-ын Эрхүү хотын “Ир-Аэро” авиакомпани Улаан-Үд хотоос Улаанбаатар руу шууд нислэг үйлдэж эхэллээ.

Энэ талаар “Ир-Аэро” компанийн Ачаа тээврийн зохицуулалтын албаны дарга Александр Макин, ОХУ-ын Улаан-Үд хотын “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Евгиний Сивцов, “Ир-Аэро” компанийн Монгол дахь төлөөлөгч Максим Цыдендоржиев, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн атташе Анна Акулова нар мэдээлэл хийлээ.

Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн анхны нислэгийг өнгөрсөн баасан гаригт үйлджээ. Цаашид долоо хоног бүрийн даваа, баасан гаригт тогтмол нислэг хийхээр болжээ. “Ир-Аэро” компани Канадын Bombardier CRJ-200 маркийн тохилог онгоцоор зорчигчдод үйлчлэх юм байна. Нислэгийн үргэлжлэх хугацаа 1 цаг байна аж.

Өмнө нь тодорхой шалтгааны улмаас Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн нислэг зогсоод байсан. Харин өнөөдөр энэ чиглэлийн нислэг сэргэснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тун удахгүй ашиглалтад орох Транзит заалыг ашиглан Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, Гонгконг, Шанхай хотууд руу, манай улсын иргэд Улаан-Үд хотын онгоцны буудлаар дамжин хойд хөршийн Хабаровск, Красноярск, Новосибирск, Владивосток, Москва хотууд руу транзит нислэг хийх боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн инээмсэглэл” уралдааны ялагчид тодорчээ

“Цагдаагийн инээмсэглэл” сэдэвт фото зургийн уралдааны дүн гарчээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Найрсаг Улаанбаатар-Инээмсэглэх
Монгол ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран зохион
байгуулсан уг уралдаанд нийт 100 гаруй бүтээл иржээ.

Ингээд

Нэгдүгээр байранд Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа” гэрэл зураг

Хоёрдугаар байранд Т.Энхцогтын ирүүлсэн “Иргэн, цагдаа 2 ижил хүсэлтэй” гэрэл зураг

Гуравдугаар байранд Б.Болорын ирүүлсэн “7-р сарын 1” гэрэл зураг

тус тус шалгарсан байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил
албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд
эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
зорилгоор тус уралдааныг зохион байгуулжээ.

Уралдааныг “Жи Си Ай” Монгол байгууллагатай хамтран хоёр сарын хугацаатай зохион байгуулсан аж.

Categories
мэдээ спорт

Монгол морь анх удаа дэлхийд уралдахаар болжээ

Энэ
сарын 30, 31-нд Америкийн Кентакки мужийн Лэксинтон хотод морин
уралдааны “Breeders cup 2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох
гэж байна.

1984 оноос
гараагаа эхэлсэн “Breeders cup” тэмцээнд зөвхөн урьдчилсан уралдаанаас
шалгарсан морьд л оролцох эрхээ авдаг. Монгол Улсын алдарт уяач
Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан, “Макс”-ын Д.Ганбаатарын “Mongolian
Saturday” морь анх удаа “Breeders cup”-т оролцох эрхээ авч дэлхийн
хэмжээнд уралдах болсон нь Монгол морин уяачдын спортын түүхэнд тодоор
бичигдэх үйл явдал болж байна.

“Mongolian
Saturday” энэ тэмцээний зүлэгний спринт төрөлд уралдах юм. Алдарт
“Keenland”-ын дуудлага худалдаанаас “Mongolian Saturday”-г дааган насанд
нь тод манлай уяач Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар шинжиж авч байжээ.

Энэ хурдан хүлэг
2015 онд 7 томоохон тэмцээнд уралдахдаа 2 удаа түрүүлж, 3 удаа аман
хүзүүдэж, 2 удаа гурвалсан амжилтаар “Breeders cup” тэмцээн оролцох
эрхээ авсан юм.