Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд шинэ эрч хүчээр, шинэ ажлаа эхлүүлдэг өдөр

Есдүгээр сарын нэгэн бол монголчуудын хувьд онцгой шинэ эрч хүчээр ажлаа эхэлдэг содон өдөр юм. Үүнийгээ монголчууд анзаардаггүй ч байж мэднэ. Монгол хүн бүрийн амралт дуусч “Одоо ч нэг тачигнатал ажиллана даа” хэмээн ханцуй шамлан ажлынхаа хаалгаар орж ирдэг өдөр дөө. Монгол хүн бүрийн царай жаахан аяншсан, хүүхдүүдийнхээ сургуулийг ярьсан, амарч байх хугацаандаа голын эрэг, уулын орой дээр есдүгээр сарын 1-нээс эхэлж юу хийж, ямар ажил амжуулахаа хэдүйн бодож төлөвлөсөн, түүнийгээ эхлүүлдэг өдөр. Монгол орны нийгмийн амьдралын шинэ улирал юм.

Жилийн дөрвөн улиралтай, нүүдэлчин уламжлалтай монголчуудын хувьд ажил амьдралын эрч хүчтэй үе нь жилийн арван сард нь л өрнөдөг. Энэ нь есдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хооронд юм. Үлдсэн зуны хоёр сард нь амарцгаадаг. Энэ бол монголчуудын амьдралын хэвшил хэмнэл болоод нэгэнт тогтжээ. Яахав, зуны улиралд барилга, уул уурхай, зам гэхчлэн улирлын чанартай ажлууд ид өрнөдөг ч монголчуудын дийлэнх нь эдгээр салбарт үнэмлэхүй хамрагддаггүй. Голдуу хятадуудыг авчирч ажиллуулдаг болоод удлаа. Монгол хүнийг зуны хоёр сар ажиллуулъя гээд ч айраг, хорхог, адуу мал, найр наадам, хөдөө нутаг нь бодогдоод төвлөрч ажиллаж чаддаггүй. Нэгэнт уламжлалт ахуй соёлоос нь улбаатай ийм сэтгэлзүйн шинж чанар нь монголчуудыг зуны хоёр сард нь амралт зугаалга руу хөтөлдөг болжээ. Гэхдээ зугаа цэнгэлийн үе гэж хэлмээргүй байна. Гадны хүмүүс хийгээд манайхны зарим нь тэгж харж ярьдаг ч мөн чанараараа бол монгол даяараа их амар амгалангийн цаг хугацаа юм. Өнөөдөр Монголын нийслэл, төв суурингуудын стресс, нерв ямар байгаа билээ. Хүн амын дийлэнх нь Хавай, Хайнанд очоод амарчихаж чадахгүй учраас хөдөөдөө гарч бодлоо цэгцэлж, есөн сарын нэгнээс хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, ядаргаагаа тайлахаас өөр аргагүй юм.

Ингэж Монголын их хээр талдаа тааваараа хөлхөж амарсан монгол хүн “есдүгээр сарын 1” дөхөх тусам оюун санаа нь төвлөрдөг. За, хүүхдүүдийн хичээл сургууль ч эхэллээ дээ гэсэн үг хүн бүрийн амнаас гарч, айл бү­рийн гэрт сонсогдоно. Ухаандаа их ажилд нь монголчуудыг төвлөрүүлж өгдөг онцгой өдөр юм. Энэ өдөр бол эцэг өвгөдийн үед ч, их хаан Чингисийн үед ч байсан. Чингисээс эхлээд их хаадын үед есдүгээр сар буюу намрын эхэн сарыг шинэ оны эхлэл буюу өнөөдрийнхөөр бол шинэ жил хэмээн үзэж байсныг түүхээс бүгд мэднэ.

Монгол Улс бол залуу иргэдтэй орон улс. Залуу оюун санаатай, залуу эрчим хүчтэй нийгэм гэж болно. Тийм болохоор шинэ хичээлийн жил эхэлдэг энэ өдөр нийгэм маань асар их бужигнадаг. Маш их хөл хөдөлгөөн ордог. Эдийн засгийн цусны эргэлт огцом хурдасдаг. Ганц нийслэлд нь гэхэд газар гишгэх зайгүй хүмүүс хөлхөж, машин техниктээ дарагддаг. Есдүгээр сарын 1-ний өдөр шиг ийм их идэвхжил, эрчим хүчтэй өдөр Монголын нийгмийн 360 хоногийн алинд нь ч тохиодоггүй. Дэргэд нь наадам, цагаан сар юу ч биш. Тийм болохоор бид намрын энэ өдрийг шинэ оны эхлэл гэж албан бусаар үзэж болно.

Монголын нийгмийг ийм их эрчимлэг болгодог боловсролын салбарын өнөөдөр хийгээд маргаашийн төлөв байдлыг энэ дашрамд бас хүргэе.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 799 сургуульд 539818 сурагч хамрагдах нь. Үүнээс төрийн өмчийн сургуульд 94.5 хувь нь, төрийн бус өмчийн сургуульд 5.5 хувь нь суралцах юм байна. Үүнээс нэгдүгээр ангид 64364 хүүхэд суралцах тоо гарчээ. Эдгээрт хүрэлцэх багшийн тоо улсын хэмжээнд цэцэрлэгийн 6900, ерөнхий боловсролын 28800, нийтдээ 35700 багшлах боловсон хүчин байгаа нь 100 хувь гэж үзжээ.

Хичээлийн бус цагийн секц дугуйлан гэж чухал юм байдаг. Тэр тоог нь харвал төрийн болон хувийн сургуульд 121 төрлийн дугуйлан хичээллэх юм билээ. Нэг хүүхэд 1-2 дугуйланд хамрагдах юм. Дээр нь дунд, ахлах анги тус бүрт 432000 төгрөгийн 70-90 төрлийн 74450 ширхэг номтой ангийн номын сан бий болжээ. Мөн төрийн өмчийн сургуулийн нийт сурагчдад 11340 суурин компьютер, багш нарт 25000 зөөврийн компьютер өгөхөд бэлэн болсон гэнэ.

Энэ хичээлийн жилд нийтдээ нэг сая 200 мянган сурах бичгийг хэвлэн нийлүүлэх бололтой. Бага болон ахлах ангиудад шинээр хэвлэсэн бүх сурах бичиг бүрэн хэмжээгээр хүргэгджээ. Харин VI-IX ангид 29 нэрийн сурах бичиг, 48 нэрийн багшийн номыг хэвлэн нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаагаа яам нь мэдэгджээ. Дунд, ахлах ангийн сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг. Сурах бичгүүдийг номын худалдаагаар борлуулах, мөн хэвлэлийн компани бүр өөрийн худалдааны цэгээр дамжуулан худалдаалахаар болж аймаг бүрт нэг борлуулагч, нэг борлуулалтын цэгийг байгуулжээ.

Одоо энэ салбар дахь материаллаг баазын талаар товч дурдъя. Боловсролын салбарт 2015-2016 онд 251 барилга байгууламж баригдахаас улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил байна. Дээр нь концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар нэг цэцэрлэг, 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. Яг өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 суудлын хүчин чадалтай найман сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Мөн 350 хүүхэд хүлээн авах хоёр дотуур байр, дөрвөн спорт заалны барилга шинээр ашиглалтад ороод байна. Энэ есдүгээр сардаа бол 15 барилга (825 хүүхдийн долоон цэцэрлэг, 890 суудалтай гурван сургууль, 180 ортой хоёр дотуур байр, гурван спорт заал) нэмж ашиглалтад орно гэсэн сайхан мэдээлэл байна. Харин энэ ондоо багтаж 36 барилга (1565 хүүхдийн 16 цэцэрлэг, 5220 суудалтай 14 сургууль, 470 ортой зургаан дотуур байр) нэмж ашиглалтад орно. Үүний хажуугаар их засвар хийгдэж байгаа барилга байгууламжуудыг дурдах ёстой. 2015 онд сайдын багцад 4.2 тэрбум төгрөг батлагдсаныг 50 байгууллагын их засварт хуваарилжээ. Үүнд 21 цэцэрлэг, 22 сургууль, гурван спорт заал, гурван дотуур байр, нэг цогцолборын их завсарын ажил багтсан байна. 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар их засварын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ.

Энэ бүх мэдээлэл дот­­роос онцлон үзэх ёс­­той нь 2015-2016 оны хичээ­лийн жилд сургуулийн өм­нөх бо­ловсролын цөм хөтөл­бөрийн тухай юм. Цөм хөтөлбөрийн үр дүнг нь “Хүүхэд бүрийг сонирхсон зүйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ бүтээлчээр ханддаг чадварт суралцах боломжийг олгох” гэжээ. Энэ хөтөлбөрт хамрагдах цэцэрлэгийн насны 218100 хүүхэд байгаа гэсэн. Энэ бол том тоо. Гэхдээ энэ хөтөлбөрийн үр дүнг цаг хугацаа харуулах биз. Лав л энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд, ахмад багш нар санаа зовниж байгаа юм билээ. Аливаа улс орны боловсролын системд уламжлал хийгээд өөрийн орны онцлог байдлаа заавал харгалзан үзэх ёстой гэнэ. Жишээ нь 30 сая хүнтэй улсад бол дунд сургуулийн сургалт нь хүүхдийг бие дааж суралцах чадварт тулгуурласан байдаг аж. Хүнийхээ олноор Шинжлэх ухааны аль ч салбар нь хоцордоггүй. 300 хүүхдээс заавал нэг нь физикийн, химийн… гэхчлэн гоц салбаруудад бие сэтгэлээ зориулдаг. Харин гурван сая хүнтэй Монголд бол хүнийг хүчээр сургах ёстой аж. Цөөхүүлээ учраас хүүхэд бүрт Шинжлэх ухааны салбар бүрийг оноон өгч, дээрээс нь лантуудаж сургаж ирсэн монгол уламжлал байна. Ийм сургалтын системээр явж ирсэн тулдаа монголчууд өнөөдрийн дэлхийд ШУ-ы аль ч салбарт хоцролгүй явж иржээ. Энэ уламжлал эвдэгдэж “Хүүхдүүд та нар өөрийнхөөрөө сонгож, тааваараа бие дааж су­ралц” гэвэл гурван хүүхэд гурвуулаа хуульч, эдийн засагч мэргэжлийг сонгодог. Практик үр дагавар нь гэвэл ШУ-ы бусад онцлох салбарууд орхигдож улмаар нийгмийн сэтгэл зүйн мунхрал эхэлдэг байна. Мунхарсан нийгэмд мухар сүсэг газар авдаг. Мунхарсан нийгэмд лам чөтгөр хоёр хүчээ авдаг гэсэн үг ч бий. Тэгэхээр дунд сургуулийн өмнөх насны цөм хөтөлбөр хийгээд дунд сургуулийн сургалтын концепц нь цөөхөн хүнтэй манайх шиг улсад тохирч байна уу, үгүй юу. Шулуухан хэлэхэд хүүхдийг захиргаадалтаар сургаж ирсэн уламжлал, Монголын онцлогоо харгалзан үзэх ёстойг буурал эрдэмтэд, ахмад сурган хүмүүжүүлэгчид хэлж ярьсаар байна шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Дүрлэн хонгор тэр минь дүүрэн гунигтай дуулан суух шиг…

Есөн сарын
нэгэн болж, эрдмийн эрэлд жолоо сунгасан аавын хүү, ээжийн охид хичээлдээ орлоо.
Жил бүрийн энэ л үеэр сэтгэл өөрийн эрхгүй догдолж

“Ардын сургуулийн
алтан босгыг

Алхаж орсон
анхны өдрөөс

Арвин эрдмийн
шимийг хүртсээр

Арван жилийг
ардаа орхилоо

Хүслийн жигүүр
ургуулж өгсөн

Хүрэх ирээдүйг
угтуулж заасан

Арван жилийн
сургуулиа дурсаж

Ачит багш
нараа санаж явна аа”
гэсэн сайхан дуу чихэнд сонсогдох шиг болно. Ай даа, сурагч
ахуйн гэгээн үе минь.

“Хэдхэн чихрээ
таллан хувааж

Хэцүү хичээлээ
хамтран давтсан

Сурагчийн
хувцсаар ижилдэн гоёсон

Сургуулийн
жилүүдэд дэндүү дасчээ”
гэж дүрлэн хонгор тэр минь дүүрэн гунигтай гитардан дуулах
шиг санагдана.

Төрийн соёрхолт
хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг өмнөх зууны далаад онд Багшийн сургуулиа төгсчихөөд
багшилж байхдаа эл сайхан дууныхаа аялгууг биччихээд Бавуугийн Лхагвасүрэнд шүлэг
захиалахад мөнөөх нь хүүхдийн зохиолч Д.Содномдоржид хэлснээр нэгэн сайхан дуу төрсөн
гэдэг. “Учран золгохын ерөөл” хэмээх энэ сайхан дуу хөгжмийн зохиолчийнхоо сурч
асан Булган аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн талбайд удахгүй хөшөө
болон сүндэрлэх гэж байна.

Дуун хөшөөг
Ц.Чинзориг агсны нагац ах Шагдарын үр сад мөнхөлж байгаа гэхээр сэтгэлд нэг л гэгээтэй
сонстоно. Булган хотод зочлогсод энэ л дуун хөшөөг түшин

“Ажил амьдралын
замыг дагаад

Арван зүгтээ
замнан одоод

Уудам нутагтаа
таран суусан ч

Учран золгохын
ерөөл байна аа”
гэж сэтгэлийн хадаг намируулан зогсох цаг ойрхон л байна даа.

Л.БАТЦЭНгЭЛ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 24 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

аруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим
газар, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд
5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус,
Говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан
байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.
Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун
өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10
градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус,
өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23
градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл,
Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус ,бусад
нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно.
Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд
5-10 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Categories
булангууд мэдээ

Ч.Бадрал: “Игорь ван” бол миний дуулах дуртай дуурь

Олон улсын дуурийн залуу дуучдын уралдаануудын гранпри, тэргүүн, дэд байрын шагналт Чулуунбаатарын Бадралын ярилцлагыг хүргэе. Тэрбээр Москвагийн Гнесиний нэрэмжит хөгжмийн академийн төгсөх курсад сурч буй юм.

-ОХУ-ын нэрт дуучин, Оросын ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэнд баяр хүргэе. Уралдааны явцаас сонирхуулаач?

-Маш сайхан боллоо. Энэ уралдаанд Монголын дуучид анх удаа оролцож амжилт гаргалаа. Олон орны дуучид оролцсон чансаатай уралдаан болсон. Шүүгчдийн бүрэлдэхүүнд баруун Европын болон дэлхийн нэртэй хүмүүс суулаа.

-Та өмнөх олон уулсын уралдаануудад баритон хоолойнд зориулсан сор болсон ари романсуудаас гайхалтай сайхан дуулсан. Энэ удаа ямар бүтээлүүдээс дуулав?

-Ж.Верди, Шуберт, С.Рахманинов, П.И.Чайковский нарын бүтээлүүдээс дууллаа.

Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ари, мөн “Трубадур” дуурийн Граф ди Луна, Чайковскийн “Мазеппа” дуурийн Мазеппагийн ари гэхчлэн.Мөн Орос болон баруун Европын романсуудаас дууллаа.

-Сүүлчийн шатанд ямар ари дуулав?

-Сүүлийн шатанд оролцогч бүр таван ари бүртгүүлснээс шүүгчид хоёр ари сонгож дуулуулах байсан юм. Шүүгчид хоёр ари сонгож дуулуулах байсан юм.

Тэгээд шүүгчдийн сонголтоор Риголетто, Мазеппа хоёрыг оркестртой дуулсан даа.

-Та өнгөрсөн 2014 онд Оросын бас нэг уралдааны тайзан дээр Бородины “Игорь ван”-гийнх нь ариг, мөн Рахманиновын Алеког үнэхээр сайхан дуулсан. Тэр талаараа та ямар бодол сэтгэгдэлтэй яваа вэ. Дандаа томоохон дууриудаас дуулсан шүү дээ?

-Тэр бол Оросын “”Культура” телевизээс зохиодог “Большой опера” гэж том тэмцээн юм. Арван үе шаттай, хоёр сар гаруй үргэлжилсэн. Тэр уралдаанд олон дууиас дуулсны нэг нь Рахманиновын “Алеко” байсан. Бас өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг байлаа.

-Тэр тайзан дээр Б.Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Чингэс хааны ариг дуулсан тань сэтгэл хөдлөм байлаа. Та яг Чингис хааны ари дээр бусад дууриас бүр огт өөр болоод ирэх шиг. Сэтгэл хөдлөл тань их гүнзгийрч харагдсан?

Шарав гуайн дуурийн Чингис хааны ари дуулсан тухайд, хөтөлбөрийнх нь дагуу орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулах ёстой байсан юм л даа. Тэгээд Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Чингис хааны ариг сонгож дуулсан. Ер нь гадныхан манайд сонгодог урлаг ямар түвшинд хөгжиж байгааг сайн мэддэггүй. Тиймээс монгол хүн өөрөө зохиогоод монгол дуучид дуулаад их хааныхаа тухай дуурь тоглодог гэдгийг харуулах бодол надад байсан.

Хаана ч явсан бидний цаана улс орны нэр гарч байдаг учраас тэр утгаараа үзэгч олон болон шүүгчид маш сайн хүлээж авсан шүү. Мэдээж монгол хүн учраас монгол дуурийнхаа ариг, тэр дундаа Чингис хааныхаа ариг дуулаад зогсч байхад сайхан байлгүй яахав. 

Тэгээд тэр уралдаанд маш сайн оролцож шагналт байрт орсон доо. Үүгээр болон бусад уралдаануудаас намайг Оросын ард түмэн маш сайн таньдаг болж бас их хүндэлдэг болсон доо.

-Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн уралдаанд та хоёрт жагссанаар Марийнскийн театрт дуулахаар боллоо. Энэ талаар?

-Тийм ээ. Энэ уралдаанд бас нэг тусгай шагнал нь Марийнскийн театрт дуулах эрх байсныг нь надад өгсөн. Мөн өнгөрсөн онд Магнитагорск хотын Дуурь балетын театр урьж гэрээ хийснээр бас тэнд ажиллаж байна. Ямар ч байсан урилгаар дуулдаг болж эхэллээ. Хэрэв хүсвэл гэрээгээр дуулаад байж болно.

-Сургуулиа та хэзээ төгсөх билээ?

-Энэ жил төгсөнө дөө.

-Төгсөөд эх орондоо ирэх үү, тэнд үлдэх гэж байгаа юу?

-Мэдээж нутаг буцна. Ер нь театруудтай гэрээтэй ирэн очин дуулж байх бодолтой байна. Би чинь Монголдоо ЦДБЭЧ-ын гоцлол дуучин ажилтай. Мэдээж чуулгадаа уран бүтээлээ хийнэ дээ.

-Таны төрсөн нутаг Сэлэнгэ аймаг гэсэн байх аа?

-Тийм ээ, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Аав ээж минь одоо нутагтаа амьдарч байна. Сэлэнгэ мөрнийхөө усанд шумбаж, хурдан морь унаж өссөн дөө. Жирийн л хөдөөний хүүхэд. Сумандаа 10 жилийн сургуулиа төгссөн. Аав ээж минь одоо нутагтаа амьдарч байна. Аав маань их сайхан дуулдаг хүн бий. Аавын маань бас нэг хүсэл мөрөөдөл нь дуучин болох байсан болов уу.

-Та ноднин Игорь вангийн ариг дуулж байхдаа юу мэдэрч байв. Энэ ямар гоё дуурь билээ, та ч ямар гоё дуулав аа?

-Тийм ээ, Игорь бол миний хамгийн дуртай дуурь. Мэдээж, дуулж байгаа дүр болгондоо нэвтэрч, утгыг нь гаргаж дуулахыг хичээдэг дээ.

-Магнитагорск хотын Дуурь бүжгийн театрт гэрээтэй ажиллаж байгаа гэлээ. Дуурьт гарч эхэлсэн үү?

-Эхэлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард И.Кальманы “Принцесса цирка” дуурьт дуулсан. Мистер икс гэж гол дүрд дуулсан. Энэ намраас дүрүүд ар араасаа байна аа.

-Энэ намар ямар дуурьт дуулах гэж байгаа вэ?

-Онегинд дуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Төвдийн тэмдэглэл /3/” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Эрдмийн баяраар төрийн өндөрлөгүүд хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон талаар “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо. Энэ талаар сурвалжлагыг IV нүүрнээс уншаарай. Мөн С.Ламбаагийн “Хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно” ярилцлага хэвлэгдлээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг II нүүрэнд хэвлэгдсэн байна.

Харин “Улс төр” нүүрт Д.Батцогтын “Эдийн засгийн ил тод байлын тухайн хуулийн хүрээнд нуугдмал хөрөнгө ил болж эхэлсэн байна”, “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 20 орчим тэрбум төгрөг төвлөрнө” “УИХ-ын дарга Парламентын спипекүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна” зэрэг үйл явдлын мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Төвдийн тэмдэглэл /3/ нийтлэл хэвлэгдлээ.

“Цаг үе, үйлд явдлын” нүүрэнд “А.Мурат Казахстан руу оргон зугтсан гурав дахь казах иргэн болов уу”, “Хилийн хяталын бүсэд сэтгүүл зарах зөвшөөрлийг А.Бакейгийн эхнэрийн дүү олгожээ”, “Нүүдэлчдийн суурингаас хотын шинж рүү шилжиж байгаагийн илрэл нь Г.Батхүүгийн санаачилсан замын хөдөлгөөний хууль боллоо” зэрэг нийлэл хэвлэгдсэн байна. Нийгэм нүүрт Дарад алхах монгол цэргүүдийн бэлтгэл ханагдсан талаарх дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы VI нүүрнээс уншаарай.

Дэвжээ нүүрт Казахстан улсын нийслэл Астана хотод жудогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн Ц.Мөнхзаяагийн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй сонирхолтой ярилцлагыг XII нүүрэнд хэвлэндсэн байна.

Эх орон сумаас эхэлнэ нүүрт “Лиг бөхтэй тэмээд шиг говиороо дүүрэн Таван Богд хайрханыхан” гэсэн нийтлэл гарсан байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяагийн ярилцлагыг уншаарай

Казахстан улсын нийслэл Астана хотод жудогийн насанд хүрэгчдийн ДАШТ болж өндөрлөсөн. Тэмцээнд өрсөлдсөн жүдочид өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирсэн юм. Тус тэмцээнд 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Ц.Мөнхзаяатай хийсэн ярилцлагын дэлгэрэнгүйг маргаашийн “Өдрийн сонин”-ы дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Монгол Японы бизнес түншлэлийн уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулна

Япон улсын Чиба банк болон Япон улсын Элчин сайдын яам, Япон улсын Чиба муж, ТКС Чиба группээс техник технологи, чанараар тэргүүлэгч арлын Японы жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй холбогдох, түнш болох сонирхолтой хувь хүн, аж ахуй нэгжүүдэд зориулсан “Монгол Японы бизнес түншлэлийн уулзалт, үзэсгэлэн”-г дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн уулзалт, үзэсгэлэнд Японы жижиг, дунд 16 аж ахуй нэгж болон Монголын аж ахуй нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн энэ сарын 11-нд Чингис зочид буудлын “Khaan Hall” танхимд үнэ төлбөргүй болох нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сургууль ирэх даваа гарагт нээлтээ хийнэ

Монгол Улсын ууган сургуулийн нэг III сургуулийнхан энэ жил шинэ байртай болж байгаа.

Сургуулийн барилгын ажил өнөөдөр бүрэн дуусаагүй байгаа тул хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэнгүй.

Харин сургууль энэ сарын 7-нд буюу ирэх даваа гарагт нээлтээ хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд улсын хэмжээнд хадлан бэлтгэлд 5529 хадуур, тармуур бүхий дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж, өнөөдрийн байдлаар 120.0 мянган тн өвс, 261.1 тн гар тэжээл бэлтгэсэн нь төлөвлөсөн өвсний 10 хувийг эзэлж байна.

Энэ жилийн хувьд нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байсан нь малын хадлан, тэжээл бэлтгэхэд багагүй хүндрэл учруулаад байсан. Тэгвэл гантай байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгуудыг Дорнод аймагт 500 га, Сүхбаатар, Хэнтий аймагт 135 га талбайгаас хадлан бэлтгэх Засгийн газрын тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар дээрх аймгуудаас Дорнодод 60, Сүхбаатарт 50, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллаж байна.

Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцон, гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тн хивэг, 12.6 мянган тн багсармал тэжээл, 53.0 мянган тн ногоон тэжээл нийлүүлэгдэхээр байгаа нь малын хүчит тэжээлээр дотоодын хэрэглээг хангах боломжтой байгааг харуулж байна.

Харин бэлчээрийн даацын тухайд Цаг уурын хүрээлэнгээс баг тус бүрээр тооцоолон гаргасан мэдээллээс харахад, ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн ихэнхи сумд, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим сумд эртнээс отор, нүүдлээ зохицуулах, өвөлжих малынхаа тоог цөөлөх, хадлан тэжээлээ хангалттай хэмжээгээр бэлтгэж, малаа тэжээж онд оруулахад бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.

Цаг агаарын төлөв байдлын хувьд, энэ сарын 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус болж сэрүүсэх тул хадлан бэлтгэлийг 9 сарын 15-наас хэтрүүлэлгүй хийх нь зохимжтой байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Мөнгөншагай: “Гангараа” бол монгол эрчүүдээ магтан дуулсан дуу

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа” хит дууны жагсаалтуудыг тасралтгүй тэргүүлсээр байна. Энэ дуу нь МҮОНРТ болон “Hi-Fi” рекордсын “Нийтийн шилдэг 10 дуу” жагсаалтад гурван долоо хоног дарааллан тэргүүлсээр байгаа юм. Н.Мөнгөншагайтай уулзаж уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

-Таны дуулсан “Гангараа”-г эрчүүд “Эр хүн ийм л дуу сонсох ёстой” гэж үнэлж байна билээ. Энэ дуу хит дууны жагсаалтуудыг тасралтгүй тэргүүлсээр байна?

-“Гангараа” дуу маань Монголын ард түмэнд хүрч байгаад уран бүтээлч хүний хувьд маш их баяртай байна. Уг дууны шүлгийг яруу найрагч Б.Болорцэрэн, аялгууг хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах маань хийсэн. Монгол эр хүний ёс, жудаг, хийморь лундааг сэргээсэн уран бүтээл хийхийг зорьж олон сар хөдөлмөрлөсөн маань үр дүнгээ өгч байна гэж хэлж болно л доо. Дуугаа дүрсжүүлэн ард түмэндээ хүргэж, энэхүү уран бүтээлээрээ нэрлэсэн “Гангараа” тоглолтоо ч түмэн олондоо хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

“Гангараа” дуу маань долоо хоног тутам гаргадаг нийтийн шилдэг 10 дууны жагсаалтад гурван долоо хоног дарааллан тэргүүлж байна.

Шилдэг 10 дууны жагсаалтыг гаргахдаа тухайн дууны цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, YouTube сувгийн хандалт, үндэсний радиогоор авсан санал, хөгжмийн экспертүүдийн санал зэрэг шалгуурын дагуу гаргадаг юм билээ. Нийтийн шилдэг 10 дууны жагсаалт нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, МҮОНРТ болон “Хай-Фай” медиа групп хамтран долоо хоног бүр гаргадаг албан ёсны жагсаалт гэдгээрээ нэр хүндтэй. Ингэхээр энэ бүх шалгуурын дагуу л “Гангараа” дуу хит паратуудыг тэргүүлсээр байна.

-Тоглолт хийж гэж байгаа гэлээ. Хэзээ тоглох вэ. Энэ таны хоёр дахь бие даасан тоглолт болох нь ээ?

-Тоглолтоосоо өмнө арван дуунаас бүрдсэн “Гангараа” цомгоо гаргаж байна. Тоглолтоо ирэх сарын 5-нд Бөхийн өргөөнд хийхээр төлөвлөчихөөд байгаа.

-Таны үс засалтыг сонирхмоор байна. Содон харагдаж байна?

-(Инээв). Миний үсний засалт бол XIII зууны үеийн Монгол эрсийн хэв маяг л даа. Тэр үеийн монгол эрсийн тав гэзэг, намба төрхийг шингээж үсээ засуулсан л даа. Үсний засалтын хэв маягийг маань бүрдүүлсэн хүн бол миний төрсөн дүү. Дүүг маань Н.Алтаншагай гэдэг. “Хос шагай” салоны захирал, Ази тивийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, мастер үсчин хүн л дээ. Дүүгээр их бахархдаг.

-Дууны тань клипний утга санаа, өгүүлэмж сайхан санагдсан?

-Монгол эрчүүдээ магтан дуулсан дуу. Энэ дуунд гардаг гол дүрийн цаад эзэн нь миний аав юм. Аав маань Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн заан Г.Норовцэмбэл гэж хүн байсан. Нутгийн түмэн олон аавыг маань Ганган Цэмбэл хэмээн нэрийддэг байсан. Энэхүү дуугаа аавдаа зориулан монголын олон сайхан хийморилог эрсийн үргэлжлэл билээ хэмээн дуулсандаа бахархаж явдаг юм. Миний аав “Гангараа” дуу шиг тийм л сайхан, хийморилог хүн байсан даа.

Миний бодлоор өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм хэтэрхий харийн соёлыг дагаж дуурайсан, гадааджсан шинжтэй болоод байна уу даа гэж анзаарагддаг. Үүнийгээ дагаад монгол ёс заншил, уламжлал, эр хүний мөс чанар алдагдаж байгаа тал бий. Гэхдээ хэдий нийгэм маань тэгж хувирч болох ч монгол эрчүүд маань хэзээд хийморилог, жудагтай, эр зоригтой байдаг юм гэдгийг энэ дуугаараа гаргахыг хичээсэн юм.

Миний уран бүтээлүүд дунд аав, ээж, хүлэг морьдын тухайн өгүүлсэн олон дуу бий. Мөн амраг хайр, ухаарал хайрласан олон ч сайхан бүтээлтэй.

-Одоо хүмүүст ямар дуу хүргэхээр зэхэж байна вэ. Хамгийн сүүлд дуулсан дуу гэвэл?

-Ардын жүжигчин Д.Самбуу гуайн дуулж байсан “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг сэргээн дуулж байгаа. Мөн Б.Дөлбадрахын үг, аяар хийсэн “Монгол төвөргөөн” гэж сайхан дуутай боллоо. Эдгээр дуунууд шинэ цомогт маань багтана. Тоглолтоо хийсний дараа Монгол орноо тойрон аялан тоглолт хийнэ гэж төлөвлөөд байгаа. Тов нь тухайн үедээ тодорхой болох байх аа.