Categories
гадаад мэдээ

Усанд осолдсон цагаач хүүгийн зураг дэлхийг шуугиулж байна

Английн “Daily Telegraph” сонинд “Дүрвэгсдийн амьдрал, эмгэнэлийг харуулах аймшигт дүр зураг” гэсэн тайлбартайгаар уг зураг хэвлэгджээ. Тус зургийг “Dogan” хэмээх байгууллага авсан байна. Зурагт буй талийгаач бяцхан хүү бол Грекийн Кос арлыг чиглэн явж байгаад Туркийн эрэгт живсэн цагаачдын завинд сууж явсан Сири иргэдийн нэг аж. Туркийн эрэгт живсэн энэ онгоцны зорчигчдоос 12 хүн нас барсаны тав нь хүүхэд, нэг нь эмэгтэй хүн байсан гэнэ.Энэ талаар “Independent” сонинд “Сири хүүхдүүдийн цогцсыг харуулсан энэ гашуудам зургийг авснаар Европ дүрвэгсдэд хандсан бодлогоо өөрчлөх болов уу” гэсэн бол “Huffington Post” сонинд “Юу болох нь энэ вэ? Дэвид Камерон” хэмээх гарчигтайгаар нийтэлж, улс оронг нь зорин ирэх цагаачдын эсрэг хатуу бодлого баримталж буй Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг шүүмжилжээ.

Энэ мэтээр дэлхийн томоохон хэвлэлүүдэд бяцхан хүүгийн зураг нийтлэгдэж, дүрвэгсдийн асуудал руу дэлхий нийтийг анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Аль улсын цэргийнхэн парадад оролцож байгааг инфографикаар хүргэж байна

Дэлхийн 2-р дайны төгсгөл, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Бээжин хотод зохиогдож байгаа цэргийн парадад нийт 17 орны мянга орчим цэргийн албан хаагчид улс орноо төлөөлөн оролцож байна. Аль улсын цэргийнхэн парадад оролцож байгааг инфографикаас харна уу.

Categories
мэдээ нийгэм

Европын холбооны улсаас Чехийн Ерөнхийлөгчөөс өөр хүн ирсэнгүй

Бээжин хотод зохиогдож байгаа цэргийн парадын үйл ажиллагаа, ёслолын арга хэмжээнд дэлхийн улс орны төрийн тэргүүн, албаны хүмүүс уригдаж оролцож байгаа билээ. Гэхдээ Америк, Канад, Герман, Япон зэрэг улсуудаас элчин сайдын газрын хүмүүс, Итали, Франц зэрэг улсаас Гадаад явдлын яамны сайдууд нь оролцож байгаа бол Европын холбооны улсуудаас Чехийн ерөнхийлөгч М.Земанаас өөр хүн ирсэнгүй.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын цэргүүд Тянь Ан Миний талбайд жагсаж гарч ирлээ

Бээжингээс манай тусгай сурвалжлагч Д.Даваасүрэн мэдээлэл ирүүлсээр байна. Дөнгөж сая манай улсын зэвсэгт хүчний цэргүүд Тянь Ан Миний талбайд жагсаж гарч ирлээ. Манай цэргүүдийг дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалж яваа юм.

Цэргийн ёслолын жагсаалд оролцсон 16 орны цэргүүд үсгийн дарааллаар жагсав.

Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, ЗХЖШ-ын дарга Д.Даваа нар энэхүү баярын жагсаалд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мурат Казахстан руу оргон зугтсан гурав дахь казах иргэн болов уу

Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд улс руугаа нэвтрэх визийг дамлан худалддаг гэх мэдээлэл өнгөрсөн хавраас сонсогдож эхэлсэн. Гадаад хэргийн яамны сайд виз дамлан худалдах явдал гаарсныг мэдээд дотоод хяналт шалгалтаараа хэд хэдэн хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч, зарим нэг Элчин сайд, консулын ажилтнуудыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн байдаг. Мөн ийм хэрэг дахин гаргуулахгүйн тулд виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 дугаартай албан тоот хүртэл гаргасан билээ. Энэ үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт виз дамлан худалдах явдал эх захаа алдсан байсан гэдэг. Тухайлбал, 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн асан А.Мурат Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон. Тэрбээр томилогдсон даруйдаа Монгол Улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулж эхэлсэн нь тогтоогдсон байна.

Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек, багш Хөхөөгийн хүү Х.Нарангэрэл нарыг виз олгох ажилд томилсон байна. Харин ГХЯ-наас томилогдсон ажилтнуудыг бичиг хэргийн ажилтан, хашаа цэвэрлэгчийн ажилд томилж байсан гэдэг. Танил тал хамаатан саднаа виз олгох гол ажилд томилсноор өөрийн дураар виз олгох ажлыг бүрэн хяналтдаа авчээ. Виз дамлан худалдаж их хэмжээний ашиг олсон гэдэг.

Түүний виз дамлан худалдаалдаг тухай зарим хүн хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан аж. Уг гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байна. Мөн түүнийг Улаанбаатарт ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Гэвч тэрбээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтсон цагт хуулийнханд ирж мэдүүлэг өгөөгүй гэнэ. Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар очиж ажлын өрөөнд нь ороход виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан гэнэ. Үйлдэл дээрээ баригдсан А.Мурат шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр, хүргэн дүү нараа дагуулан Эрээнээс явжээ. Захидалдаа “Амралтаа авлаа. Би сарын дараа эргэж ирнэ” гэж бичсэн байжээ. Ингээд А.Мурат сураггүй болсон байна. Хожим нь түүнийг эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нараа дагуулан ээлжийн амралтаа авах нэрээр Казакстан руу явсан гэдгийг тогтоожээ. Хамт визний наймаа эрхэлж байсан гэх багш Хөхөөгийн хүү харин ажлаа хийгээд үлдсэн гэнэ. Сураггүй болсон консулаас болж Эрээн хотод байдаг монголчуудад асуудал үүсч консулын эрэл болоход түүнийг ийн Казахстан явсныг олж мэдсэн байна. Түүний амралтын хугацаа дууссан бөгөөд буцаж ирэхгүй байгаа учир хийсэн хэргээсээ болж оргон зугтлаа гэж үзэж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар А.Мурат 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр зэхэж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол Казахстан руу оргон зугтсан гурав дахь казах иргэн болж байгаа аж.

Учир нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ямар нэгэн хэрэгт холбогдохоороо Казахстан руу зугтдаг зуршилтай. Өмнө нь тус аймгаас сонгогдон УИХ-д сууж байсан К.Сайран энэ замаар Казахстан явсан байдаг. Түүнийг Казахстаны нууц албаны ажилтан байж болзошгүй гэх мэдээллийг өмнө нь Тагнуулын ерөнхий газраас өгч байсан. Уг мэдээлэлд “2012 онд Орос хэл дээрх нэгэн сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал хэвлэгдсэн байдаг. Тэр материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байв. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурдагдсан дөрвөн туршуулын нэгийг нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайран болох нь тогтоогдсон хэмээдэг. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайран Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд” хэмээн тодорхой бичсэн байснаас нь улбаатай юм.

Тэрбээр тухайн үед төрийн өндөр албан тушаалыг хашиж, Монголыг төлөөлөн гадаадад элчин сайдаар хоёр ч удаа сууж байв. Ийм мэдээлэл гарсан даруйд манай улсын ТЕГ-ынхан түүнийг шалгаж эхэлсэн. Харамсалтай нь түүнийг Казахстан руу явсан гэх мэдээлэлтэй л хоцорсон. Дараа нь Х.Жекей. Тэрбээр хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан. Гэвч түүнийг Казахстанд урвасан гэх мэдээлэл гарсан. Х.Жекей хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн хүн юм. УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Гэтэл тэрбээр нэг л өдөр Казахстаны иргэн болсон байсан. Хамгийн гол нь энэ хүн Монголын хилийн нууцтай холбоотой мэдээллийг сайн мэддэг хүн байсан хэмээн тухайн үед шуугиж байсан билээ. Харин гурав дахь казах иргэн нь А.Мурат болж байна. Казахстаны иргэн болсон гэх мэдээлэл байхгүй байгаа ч түүнийг улс төрийн хүрээнийхэн оргон зугтсан хэмээж байна.

Д.НУУР

Categories
мэдээ нийгэм

Шинэ үеийн зэвсэг техникээ танилцуулж байна

Бээжингийн парадыг сурвалжилж буй дэлхийн хэвлэл мэдээллийнхэн “Press center”-ээс жагсаалыг үзэж, англи хэлнээс хөрвүүлэн хүргэж байна. Манай тусгай сурвалжлагч Д.Даваасүрэн ажиллаж байгаа бөгөөд мэдээлэл ирүүлсээр байна.

Энэ жагсаалаас хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь зэвсэг техник байна. Тухайлбал, 2013 онд хийсэн сөнөөгч онгоцыг анх удаа ил гаргаж байгаа аж. Мөн тагнуулын зориулалттай пуужин байна. Энэ жагсаалд цэргийн техник 500, 200 онгоц үзүүлбэр үзүүлж, танилцуулж байгаа юм. Сая агаарын үзүүлбэр болсон. Мөн Хятадыг чөлөөлөх армийн 4, 8 дугаар армийн ахмад дайчид задгай машинд сууж гарч ирэв. Хамгаалалтанд нь 45 мотоцикльтой цэргүүд гарлаа. Ийнхүү шинэ үеийн техникүүдээ танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нүүдэлчдийн суурингаас хотын шинж рүү шилжиж байгаагийн илрэл нь Г.Батхүүгийн санаачилсан замын хөдөлгөөний хууль боллоо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжсэн эхний өдөр ихэнх жолооч хамгаалах бүсээ зүүсэн харагдана лээ. Явган хүмүүс гарц руу алхаж явсан. Урсгал сөрөөд, хөндлөн гулд давхиад байдаг жолооч нар хамжааргатай болсон нь мэдэгдсэн. Замын цагдаагийн газар хоногт дунджаар 100-130 согтуу жолоочид арга хэмжээ авдаг байсан. Харин наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад 49 согтуу жолооч машин барьж явсныг илрүүлжээ. Зам тээврийн осол, зөрчил ч бага хоносныг мэдээлсэн. Шинэ хууль хэрэгжиж байгаагийн эхний үр дүн энэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хамгийн түрүүнд замын түгжрэл багасна гэж найдаж байгаа. Урсгал сөрж хөндлөн гулд давхих, гэрлэн дохио зөрчиж түгжрэл үүсгэх, хүн дайрчих шахам давхих гээд зөрчил бүрт өндөр торгууль оноодог болсон. Урсгал сөрвөл 96 мянга, замын тэмдэг тэмдэглэгээний заалтыг зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгож хатуу арга хэмжээ авах хууль үйлчилж эхэллээ. Урьд нь нэг нөхөр урсгал сөрж давхиад замын хөдөлгөөнийг таг гацаачихдаг байсан. Гацаахдаа дуут дохиогоо хангинуулж, хараал урсгаж тэр хавьд явж байгаа хүн бүрийг ядаргаанд оруулчихдаг. Өөрийнх нь буруугаас болж олон хүн цаг зав, ажлаа алдаж байгааг тоосон шинжгүй орилж, хашгичиж байгаад давхиад явчихдаг байсан. Одоо ийм үйлдэл гаргавал зуу шахам мянган төгрөгөөр торгуулж, зөрчлийн оноогоо нэмүүлнэ. Тиймээс бусдыг хүндэлдэггүй юм гэхэд түрийвчин дэх мөнгөө тооцоолж үйлдлээ хянахаас аргагүй болно. Үр дүнд нь түгжрэл багасч, уур бухимдал багатай замын хөдөлгөөнд орол цох боломж бүрдэнэ.

Шинэ хуулийг торгоно, шийтгэнэ гэсэн хатуу заалттай, чанга хэцүү болж гэцгээх юм. Аль ч улсын замын хөдөлгөөний хууль найраагүй, хатуу чанга байдаг. Замын хөдөлгөөний хуулиар хүний амь хамгаалдаг учраас тэр. Монголын зам дээр дайнтай улсаас олон хүн үхэж, үрэгдэж байгаа. Өнгөрсөн онд гэхэд 503 хүн зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай тоон мэдээ байна. Нарийвчилбал 138 иргэн нийслэлд, 364 нь орон нутгийн замд осолдож нас баржээ. Талийгаачдын 48 нь хүүхэд. Өнгөрсөн онд орон нутгийн замд өдөр бүр нэг хүн нас барсан гэсэн үг. Улсын хэмжээнд хоногт бараг хоёр хүн зам дээр зуурдаар нас барж, ард түмэн уй гашууд автаж байна. Өнгөрсөн наадмын дараах арваадхан хоногт 30 хүн зам тээврийн ослоор амиа алдсан. Хоногт гурван хүн нас барсан гэсэн үг. Өглөө гэрээсээ инээгээд гарсан хүү нь өдөр ослоор нас барсан, хүүгээ үнсээд явсан аав нь дахиад ирэхгүй болчихоор ард түмэн уй гашууд автахгүй яах билээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд өвөө нь зээ хүүтэйгээ явж байгаад ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослыг харсан хүний ярьж байгаагаар үлдэгсэд нь ухаан алдаж өдөржин эмч нарыг сандаргасан гэсэн. Монголчууд зам тээврийн ослоор нэгийгээ алдаж байгаа энэ их уй гашуу, хагацлыг дайнтай улстай харьцуулшгүй байна. Арван жил үргэлжилсэн Иракийн дайнд АНУ жилд дунджаар 440 цэргээ алдсан тоон баримт байна. Гэтэл манай улс зам дээр 503 хүнээ алдчихаж байгаа. Иргэд хэнэггүй, нийгэмшээгүйн дээр хууль нь зөөлөн байснаас ийм эмгэнэлтэй байдал бий болсон.

Зам тээврийн осол хоногт хэдэн зуугаараа гараад байгаагийн шалтгаан гэхээр “хулхи” жолооч их болчихсоноос үүдэлтэй. Сум бүрт шахам жолооны курс нээсэн. Улсын хэмжээнд 330 гаруй жолооны курс ажиллаж байгаа. Тэдгээрийн 120 гаруй нь хотод үлдсэн нь орон нутагт жолооч бэлтгэдэг. Хөдөө жолооны курс төгссөн нөхдүүд Замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг, тэмдэглэгээ огт мэддэггүй. Заадаг ч үгүй. Тэнд шалгалтаар хүнийг яаж аргалж үнэмлэх авах тухай л заадаг. Худлаа гэвэл, өнгөрсөн онд 150 жолооны курсын 1170 багшаас жолооны дүрмийн шалгалт авахад 350 нь унасан байна лээ. Унасан багш нараас дахин шалгалт авахад ихэнх нь хоёр дахиа унажээ. Дүрмээ мэддэггүй багш бусдад дүрэм, журам заана гэж байхгүй. Харин муу арга л зааж, “хулхи” жолооч бэлтгэдэг. “Хулхи” жолооч ихэссэнээс болж аваар гарч, сард хэдэн арав, жилд хэдэн зуун хүн үхэж үрэгдэж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжсэнээр үүнийг багасгана. Яагаад гэвэл зөрчил бүрт оноо өгдөг болсон. Зөрчлийн онооны дээд хэмжээнд хүрэнгүүт эрхийг нь хасна. Гэрлэн дохио зөрчвөл нэг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон бол хоёр гэх мэтээр оноо авч 10 оноонд хүрэнгүүт тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдах юм. Эрхээ хасуулсан жолооч дахин шалгалт өгч байж тээврийн хэрэгсэл жолоодох эрх авна. Энэ шалгалтыг хот, ядахдаа аймгийн төвд авах хэрэгтэй. Суманд ийм шалгалт авах талаар ярих ч хэрэггүй. Суманд бол дахиад л муу аргаар “хулхи” жолоочид эрх өгчихнө.

Нийслэл, аймгийн төвд эрх сэргээх шалгалтыг маш хатуу авмаар байна. Болж өгвөл унагааж байх хэрэгтэй. Америкт гэхэд жолооны шалгалтыг маш чанга авдаг. Замын хөдөлгөөний бүх л шаардлагыг хангасан гудамжинд жолооны шалгалт авна. Сургуулийн гадаа яаж явах, түргэний болон галын машинд хэрхэн зам тавьж өгөх вэ гэх зэргээр үйлдэл бүрийг шалгадаг. Нэг алдаа гаргавал унагачихна. Дахиад эхнээс нь сурах шаардлагатай болдог. Яг үүн шиг чанга, хатуу, найраагүй шалгаж байж эрхийг нь сэргээх хэрэгтэй. Яагаад гэвэл жолооч зам дээр өөрийнхөө болон бусдын амийг хариуцаж байдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үед манай сонин “Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагс түрдэг, манайхны тэнэгүүд эксел унаж зам түгждэг” гэж бичиж байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ байдал татарна. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй бол зам дээр хөдлөх аргагүй хатуу заалттай хууль хэрэгжиж байгаа. Хэрвээ бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон бол өндөр торгууль төлөхөөс гадна эрхээ хасуулж, машинаа журамлуулах заалт шинэ хуульд орсон.

Хууль хэрэгжээд эхэллээ. Одоо хуулийг сахиулах үүрэгтэй замын цагдаа нарын эрх үүргийг сайжруулмаар байна. Шаардлагатай үед “буудах” эрх мэдэлтэй, түүн шигээ ард түмэнд үйлчилж чаддаг цагдаатай болох хэрэгтэй. Улсын харцага Г.Намсрайжав, наадамд түрүүлсэн арслан хүүтэйгээ хамт явж байхдаа замын голд цагдааг хэмх зодчихоод яваад өгсөн. Олны нүдэн дээр төрийн албан хаагчийг хүнд гэмтээчихээд давхисан харцагад ганц сар баривчлах төдий ял оноож байлаа. Саяхан өөр нэг эмэгтэй цагдааг ажил хийлгэхгүй элдвээр доромжилж, занаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Өнөөх эмэгтэйд хэн ч хариуцлага тооцоогүй. Ерөөсөө л хэн дуртай нь уураа хүрэхээр замын цагдааг нүдчихдэг. Түүнийг нь олон нийт өөгшүүлдэг байлаа. Энэ нь нийгэмшээгүй нүүдэлчдийн бүдүүлэг араншин. Харин шинэ хууль батлагдсан нь хөл толгой нь мэдэгдэхгүй нүүдэлчдийн суурингаас өөрийн гэсэн хууль, дүрэм, журамтай хотын шинж рүү шилжиж байгаагийн илрэл боллоо. Урьд нь хэн ч юу ч хийж болдог утаа май болсон бужигнасан олны цугларал байсан бол одоо болно, болохгүйг ялгасан хууль дүрэм үйлчилж эхэллээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү зам тээврийн чиглэлийн ганц мэргэжилтэн гэсэндээ сайн хууль санаачилжээ. Хэрвээ Г.Батхүү гишүүн бизнесээ бодсон бол “АПУ”-гийн архийг уухад эрхийг нь хасдаггүй хууль батлуулах байлаа. Харин ч тээврийн салбарын хүн учраас согтуу жолоо баривал 800 шахам мянган төгрөгөөр торгуулж, баривчлагдан, эрхээ хасуулах заалттай хуулийн төсөл санаачилж батлууллаа. Дайнд үрэгдсэнээс олон хүн зам дээр эндэж байгаа манайх шиг улсад ийм хууль үгүйлэгдэж байсан юм. Одоо хуулиа биелүүлэх л үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Жагсаалд оролцож байгаа иргэд 70 гэсэн тэмдэг, малгайгаар ижилсчээ

Манай тусгай сурвалжлагч Д.Даваасүрэн Бээжингээс мэдээлэл ирүүлсээр байна. Бээжинд гадаа 31 хэмийн халуун байна. Жагсаалд оролцож байгаа хүндэт зочид халууцсан бололтой, бүгд л үе үе хөлсөө арчиж харагдав. Жагсаалд оролцож байгаа иргэд бүгд 70 гэсэн тэмдэг, малгайгаар ижилсчээ.

Улс орондоо болж байгаа энэхүү чухал үйл явдалд зориулан хятадууд үндэснийхээ хувцсаар гоёсон байна. Дашрамд сонирхуулахад ирэх бүтэн сайн өдөр бүх нийтийн амралтын өдөр тохиох юм байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин үг хэлж байна

Баярын жагсаал үргэлжилж, БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин үг хэлж байна. Тэрбээр хэлсэн үгэндээ бүх орны төрийн тэргүүнд, мөн дайнд оролцсон ахмадууддаа талархал илэрхийлж байна. Си Жиньпин даргын нэг талд Хятадын өндөр албан тушаалтнууд, нөгөө талд нь ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, БНСУ-ын төрийн тэргүүн нар болон манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч байна. Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнүүдийн дунд хүндэт зочноор уригдан ийнхүү зургаад гарч харагдлаа.

Categories
мэдээ цаг-үе

Лиг бөхтэй тэмээд шиг говиороо дүүрэн Таван Богд хайрханыхан

ХОНГОР ЗҮГИЙН ДУРСАМЖ

Наадмын дараахан, зуны дунд цагаан морин сарын тэргэл өдөр би отгон хүү, бэр, ач, зээ нартайгаа нэг баг болж, унасан өлгий, угаасан ус Баянхонгор аймгийн Бууцагаан сумынхаа 90 жилийн ойн баярт оролцохоор Нийслэлээс мордов.

Яруу найраг мэт Дорнод Монголын их талд дөрвөн арван жилийг элээсэн хонгор нутгийн хүү би энэ замаар цэл залуугаасаа мөн ч олон зорчсон ч гэсэн миний мэдэх зам харгуй алга болжээ. Төрсөн нутаг руугаа дөхөх тусам л хонгор зүгийн салхи сэвэлзэж, хийморь дөрөөлж, нэгэн жарныг илээсэн намайг төрсөн нутаг минь өр зөөлөн тосож мэлтийнэ. Би түмэн бодолд ороолцолдовч хүүхдүүддээ ус нутгаараа бахархаж явав.

Өвгөдийн голомт бадарсан Манай хошуу мал бол Монгол Алтайн уулархаг их мужийн ар хөндий болох Говийн их нууруудын хотгорын хойд говь, хангайн мэргэд бахархан бичиглэж ирсэн агаад Алтай Таван Богдынхон хэмээн магтан дуулах нь ч олонтой.

Хонгор нутгийн цэнхэрлэн харагдах уулс, ухаарлын гэгээн ертөнц, Эх орон, ээж, ааваа дуулсан гэгээн аялгуу байлаа. Үүлсийн хормой сөхөж оргилоо булаалдан хөхөлбийтөх уулсын тэргүүнд наран мандлаа. Говь, хангайд наран мандах үнэхээр сонин. Талын наран өлмий дороос ургадаг бол хангай нутгийн наран тэргүүн дээрээс ургадаг юм.

Цагаан голын зүүхэн хойно Алаг хайрхан уул цэнхэрлэж, баруухан хойно нь Өлзийт Богд хайрхан сүрлэг өндрөө сүрдүүлсээр цааш намсан Баруун харын нуруунд наран мэлтрэн, улайран харагдах агаад төдөлгүй нарны туяа доошлоход түмэн өнгийн гэрлээр хорвоо ертөнцийг гийгүүлж, өнгийн алаг цэцэгс шөнөдөө хумьсан цоморлиг юугаа дэлгэн, шинэ өглөөний мэндийг хүргэнэм. Энэ бол Говь, хангайн цэнхэр орны зулай дээрээс наран мандах агшин.

Намрын эхээр цагаан нөмрөгөө хөдрөх Богд аав уулынхаа эргэн тойрны нөмөр нөөлөгт жилийн дөрвөн улирлыг өнөр өтгөн өнөтэй сайхан өнгөрөөж, хурга, тугалаа хариулан, хурдан морины үсэргээнд хөөрч, эгчийн урласан монгол гутлын улыг эргүүлэн ноцолдож, намаржаанаасаа хашин хулаараа сургуульд шогшиж торнисон, хүн малын жаргалын орон болсон хөх говь, хөхрөн харагдах уулс миний багынх шигээ мөнөөсөө мөн.

Хярсан хирс мэт Богд аав хайрханы хормой бэлээр 1950-иад оны манай Буянтцагаан гол сумын тавдугаар бригадынхан буюу өнөөгийн Бууцагаан сумын нэгдүгээр баг, хоёр зуугаад өрх айл, усны тунгалаг, ургамлын соргогт тэнүүн идээшлэлт, өвөг дээдсийнхээ голомтыг бадраан хөгжиж дэвжсэн нь харахад илхэн.

Нутгийн зах, Олон овоотын хиргисүүр овоонд идээ удааныхаа дээжийг өргөөд Сумын зүг шороон замаар тоос татуулан давхилаа. Ард зөвхөн улбар шаргал тоос тэнгэр баганадан хоцорно. Хөнгөн тэрэгний цонхоор хөх тэнгэр, Бударганы урд нуруу цэнхэртэн алсарч, таана цэцэглэсэн уужим говь цэлийнэ. Ийнхүү явтал хэдэн бор гөрөөс цахилж яваа харагдав. Ач маань зургийг нь авах гэж цонхоороо өндөлзөхөд машины чимээнээр хуйлран баруун хойш салхи сөрөн дэгдэж бараа тасарлаа.

Энэ жил манай суманд өнөтэй өвөл болжээ. Цалуугийн ууланд хар сүүлт, янгир, аргаль өвөлжихөд зуншлага сайхан болдог гэж аавын минь төрсөн дүү сумын хоёр удаагийн аварга малчин Чойжоо ах минь ярьдагсан. Өнөтэй сайхан жил болохоор хар сүүлт энд цахилж яваа юм байна гэж би хүүхдүүддээ хуучилж явлаа.

Ялаархсан адуу мал Овоо түрүүний рашааны хөлд багширч, дээд биед нь цайрах ганц дан байшингийн ойролцоо машин тэрэг харагдана. Нэгэн үе тийшээ хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг байж билээ. Харин одоо сайн хан аймгийн Эрдэнэ жүн вангийн хошууны ихэс дээдсийн алжаалаа гээж өнгөрөөсөн эртний түүхт нутгаар нэршиж, хол ойрын хүмүүс холхидог домогт газрын нэгэн болжээ. Тэндээс хээрийн зам намрын улирал нэг урт үргэлжлэх бүүр тодруулбал 11 сарын дунд үе хүртэл тавган сөлтэй өнждөг Баянбүрдийн говиор торойлгосоор Байдраг мөрөн дээр аяны тоосоо гүвээд Бууцагаан орох ажгуу.

16 дугаар зууны эхээр Батмөнх даян хааны хүү, Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү ар халхын төр, шашны нэрт зүтгэлтэн Шолой сэцэн зүүн, баруун халхыг нэгтгэсэн засаг захиргааны нэгжийг байгуулаад 1639 онд Халхын ноёдын чуулганыг тэргүүлж, Монголын бурхан шашны Богд гэгээнд Занабазарыг өргөмжлөн их ёслол хүндэтгэл үйлдсэний хойтонгоос баруун Халхын аймаг байгуулах их үйлсийг явуулжээ.

Үе үеийн их дээдсийн уйгагүй хичээл зүтгэлээр 1664 онд Түшээт хан аймгаас Сайн ноён хан аймгийг тусгаарлан байгуулж, манай нутгийг “Халхын хойт замын баруун гарын баруун этгээдийн хойт хошуу” гэж нэрлэн, хошуу захирагчийн тамгыг тийн бичвэртэй шийтгэн олгосон гэж түүх мэдэх буурлууд хуучилдагсан. 1732 онд Эрдэнэ Засгийн хошууны ноён бэйл Цэвээнноровын дүү Чимчигжав эх орондоо батлан хамгаалах үйлсэд онцгой гавьяа байгуулсны төлөө, манжийн хааны зарлигаар “Жүн Ван” хэмээх манжийн хэтэрхий өндөр хэргэм цолоор шагнагдсан учир манай хошууг “Сайн ноён хан аймгийн Эрдэнэ жүн ван”-гийн хошуу хэмээн түмэн олноороо нэрийдэх болсноор найман үе, нэгэн зууныг элээж, ихэс дээдэс үе улиран захирсаар 1924 онд “Буянтцагаан гол” сум байгуулагдахад чин вангийн зэрэгт жүн ван Жамъяндорж эрх ямбаасаа татгалзаж Ардуудын засагт эрх мэдлийг шилжүүлсэн аж.

Чухам тэр үеэс манай суманд Баруун, Зүүн аймгуудыг холбосон “Авто тээврийн шалган бүртгэх товчоо” нэртэй замын гол зангилаа “Бууцагааны бурхан буудал” гэгдэн аян замд алжаасан, зүдэрсэн олныг хооллож, ундаалж, ажил албатай нь эсэн мэнд залгуулсаар өдгөөг хүрсэн Монгол түмний бахархал, хэн хүнгүй мэдэх гэгээн үйлстний өлгий Буянтцагаан сум. Ламын гэгээнтнийхээ өлмийд бат оршиж, тэгш ойнуудын даншгаа өргөн түмнээрээ хүндэтгэх баяртаа товлосноороо Бүх хонгорынхон айсуй.

Лиг бөхтэй тэмээд шиг говиороо дүүрэн ханхайх очирваань шүтээнт Богд таван ханхарынхан гэж Дээдсээс ус нутагтаа өлгийдүүлж, Таван Ханхар хайрханаараа овоглосон Буянт цагаан гол сумынхан гэдэг энэ билээ.

КАНАД МАЯГИЙН СУМЫН ДҮР ТӨРХ

Бид Байдраг мөрнийхөө шинэхэн гүүрээр гараад хотол их усныхаа захад бууж, усанд орж, наранд ээж, элсэн тасархай адил өндөр дулаантай элсэндээ өнхөрч хагас өдөр буянаа эдэлж аяны тоосоо гүвэв. Миний бодлоор Байдраг мөрөнд цутгах Цагаанголынхоо дэлгэр дэнжид төрсний хувьд хүү, бэр, ач нартайгаа төрсөн нутгийнхаа шороон дээр хөрвөөж, буян заяагаа нутаг усандаа даатгаж буй минь энэ.

Шавагтын хоолойг төдөлгүй эвхэж Ширээт уулын дөрөлж дээр гарч иртэл Сумын төв алган дээр мэт харагдав.

-Хүүе энэ чинь манай хотын Сүхбаатар жанжны талбайд байсан нөгөө Канад байшин бүгдээрээ ирчихсэн байна шүү дээ гэж бага ангийн сурагч ач охин Дэлгэржаргал минь дуу алдав. Нээрэн цоо шинэ Сумын төвөө би таньсангүй. Сумын төвийн өмнө талд Магнай хайрхан сүрээрээ гайхуулан харагдах нь ямар ч байсан миний нялхын сум тэр л газраа байгаа юм байна. Ширээтийн дөрөлжөөс харахад Ёлын зогсоол жавхлант харлаг уулс минь Алтай нурууны салбар. Богд таван хайрханы тахилга болоход түүний нөлөө буянаар Манлай уулын савдгийг өгөөшилж үеийн үед дэвсгэр нутгаа амар түвшин, идээ будаатай амьдруулдаг юм гэнэ лээ. Ийм нэгэн домог санаанд оров. Манай суманд ирсэн, явсан түмнийг хамгийн түрүүн тосч, хамгийн сүүлд үддэг нь Алтайн нурууны өргөн их говийн гурван шовх. Түүний эх хайрханыг манайхан Магнай уул хэмээн нэрийднэ.

Говийн гурван шовх бол Богд таван ханхарын Зүүн бэлгийн хайрхан. Энэ гурван шовхын дундуур жилийн дөрвөн улиралд бургилах Буянтын рашаан мэлмэрнэ. Ариун тунгалаг рашаан үе үеийн буянтцагаанчуудыг тэнхрүүлсэн тэр л янзаараа оргилж бургилан угтлаа. Чухам ийм л гурван шовх хайрханы хуучин бууцанд тунгалаг их ариухан усныхаа хөвөөнд 583.9 мянган га, уул ус, ургамал ногоо жигдэрсэн үзэсгэлэнт нутгаа эзэгнэн, Монгол Улсын баруун бүсийн аймаг, сумдын хөгжлийн тулгуур “Жишиг” шинэ сум төрхөө олжээ.

Хуучин Сумын цөөхөн дан цагаан байшин харагдсангүй. Энэ өргөн зэлүүд говийн хээр хөдөөд бараг л нэгэн зууныг элээсэн, түүх болох миний нялх багын ойцон нойцон муу байшингууд дахин төлөвлөлтөд орчмооргүй л юм даа гэсэн бодол бууж, өнгө сүрээрээ гайхуулах, олон ганган шилтгээний хажуугаар давхисаар хөнгөн тэрэг алаглаж, түм түжигнэж, бум бужигнаж харагдах “Нутгийн удирдлагын ордон” гэх будаг нь ханхалсан канад өргөөг тойруулан босгосон орчин цагийн төмөр хийцийн чамин ур маягийг илэрхийлсэн хашааны дэргэд хөлгийн жолоо татлаа.

Зочид ихтэй байгаа бололтой. Хэн нь хэнийгээ тосч аван, хаана хэрхэн оруулж, яаж байгаа нь мэдэгдэх юм алга. Өөдөө сөөргөө гүйлдэж, гар утсаар ярьцгаасан баахан хүн. Өсөж төрсөн өлгий нутгаасаа гараад өчнөөн жил өнгөрсөн надад таних мэдэх хүний зүс хайгаад ч яахав дээ гэсэн шүү юм бодоод хоёр ачаа дагуулан “Нутгийн удидлагын ордон” руу холхилдох олны дундуур явж байтал өнгөрсөн өвөл нийслэлд болсон сумын уугуул олны цугларалт дээр ажлынхаа тайланг тавьсан Засаг дарга Ч.Энхдалайтай тааралдав Засаг дарга хүү ч намайг таньж мэндлэн, хөөрөг солилцох зуур Энхдалай хажуугаар утсаар яриад өнгөрөх бүсгүйг дуудаад “Энэ хүнийг байранд оруулаарай” гээд бас л танилтайгаа дуу шуу болов. Даргаас намайг байртай болгох үүрэг авсан бүсгүй хоёр алгаа дэлгэн “Ямар ч байргүй болчихлоо. Санаснаас олон зочид ирлээ” гэж миний урмыг хугалаад байтал ордны хаалгаар гарч ирсэн монгол хийцийн цагаан цамцан дээр “Алтан гадас” санжийлгасан өндөр эр намайг танив бололтой “Өө ах маань ирчихэж” гээд гүйж ирэн бид тэврэлдэн уулзав. Бид нэг голын хүмүүс, түүнийг Борын Самбуу гэнэ, би түүнд өчигдөр ирдэг байж, орох орон олдохгүй бололтой” гэтэл тэр нөгөө бүсгүй рүү “Та нар чинь энэ хүнийг танихгүй байгаа юм уу? Манай сум, аймгийн нэрийг ганц тахалдаг яруу найрагч чинь шүү дээ. Энэ дээр нэг хүн ханхай өрөөнд ганцаараа хэвтэж байна. Би оруулаад өгье гээд намайг гараас хөтлөн эргэв.

Ийнхүү бид тав зочин хүлээн авахаар бэлтгэсэн “Нутгийн удирдлагын ордон”- ы хоёрдугаар давхрын цэлгэр өрөөнд төвхнөж хүүхдүүд маань ч бөөн баяр хөөр ,өрөөний хүн маань манай 90 жилийн түүхийг бичсэн том хүн байв. Тэр ч надад завшаан болж канад маягийн шинэ төвийнхөө талаар ойлголт авлаа. УИХ дахь Хонгор нутгийн төлөөлөл эрхэм гишүүн Х.Баттулга нарын шууд оролцоотойгоор баруун замын гол зангилаа замын бэлчир Бууцагаан сум маань шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх орон нутгийн хөгжил дэвшлийн төсөлд шалгарав. Барилга хот байгуулалтын яамны санаачилгаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар хоёр тэрбум төгрөгийн төслийг Бууцагаан суманд хэрэгжүүлжээ.

“Их Модун” “Ти Ти энд Би” ХХК-ийн барилгачид нутгийн залуустай хамтран ердөө л ганцхан жилийн дотор төвлөрсөн төлөвлөгөөнд нийгмийнхээ гэх манай үеийнхэн ная гаруй жил сэдээгүй, хийгээгүйг харах нүдэн дээр сүндэрлүүлэн босгожээ. Одоо манайх улсынхаа төв болон баруун бүсийг холбосон нутаг дэвсгэр төв захиргаа соёл спорт, ногоон байгууламж аялал жуулчлалын цогцолбор болох хөгжил дэвшлийнхээ замд эргэж буцалтгүй оржээ. Манай сумын хаяа залгаа Бөмбөгөр, Хүрээмаралын хүүхэд багачуудыг багтаах сургууль, гурван сумдын малчдыг эмчлэх эмнэлэг, соён гэгээрүүлэх номын сан, спорт танхим, соёлын ордон бас тэгээд өндөр хүчдэлээр төвийн сүлжээтэй холбогдсон гээд үгүй дутуу юм алга.

Ялаархсан мал шиг зогсож бэлчдэг, ядуу байна гээд хот руу цувдаг цаг нэгэнт өнгөрч гэж бодогдоно. Өссөн төрсөн эх орондоо гар хумхилгүй ажиллаж амьдрах их аз завшаан л манай сумынханд үлджээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн ХҮДЭРМӨНХ