Categories
мэдээ улс-төр

“Шийдлийн цаг”-аар Таван толгойн асуудлыг ярилцав

“Шийдлийн цаг” уулзалтад Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 165 дугаар захирамжаар Таван толгойн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн аливаа албан тушаалтныг оролцуулаагүй, мэргэжлийн түвшинд арилжааны зарчмаар компани хооронд хэлэлцээг үргэлжлүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төлөөллийг оруулан ажиллаж байна. Мөн ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх олон улсын хууль, санхүү болон техникийн зөвлөхүүд ажиллаж байгаа. Таван толгой ордыг цогцоор нь ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг хийж байна. Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа, үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа хувьцааны үнэ цэнийг өндөр байлгах чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай гурван бүлэг яриа хэлэлцээ хийгээд байна гэж Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбасайхан Ерөнхий сайдад танилцууллаа.

УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн тодорхой санал, дүгнэлтүүд, УИХ, ЗГ-ын холбогдох тогтоолыг баримтлан, тогтоолын хүрээнд Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Зүүн чиглэл рүү явах төмөр замын яриа хэлэлцээг цаг хугацааны хувьд хамтатган явуулах, болж өгвөл ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодотгосон юм.

Мөн Хятадын “Шинхуа” компанитай хэлэлцээгээ үргэлжлүүлж, УИХ-ын ажлын хэсгээс гаргасан чиглэлийн дагуу Таван толгойн бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болгох нь зүйтэй. Төмөр замын 51 хувь нь Монголын төрд байхаар яриа хэлэлцээг хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг нэмж оролцуул гэлээ. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын болон бусад эрсдэлийг буулгаж, Монголын талд ногдох үр өгөөжийг аль болох нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг санал санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд санууллаа.

Мөн энэ үеэр Ерөнхий сайдыг Бээжинд очиж, гэрээ байгуулах гэж байна гэх мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайд Бээжинд айлчлахгүй, БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцоно. Тодорхой хуралдаануудад оролцож, өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай уулзаж, цаг үе, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ярилцана. Таван толгойн хувьд улс орны эрх ашиг хангагдсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газар шийдээд явна. Таван толгойг энд тэнд биш Улаанбаатар хотод шийднэ. Шийдэхдээ хүрвэл төр засгийн зохих байгууллагаас холбогдох шийдвэрүүд гарсны дараа олон нийтэд нээлттэйгээр шийднэ гэж мэдэгдлээ.

Ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд Таван толгойн яриа хэлэлцээг үе шаттай үргэлжлүүлж, тухай бүр Засгийн газарт мэдээлж, танилцуулж байхыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны картаас болж оюутнууд суулт зарлаж мөн мэтгэлцэв

Нийслэлийн удирдлагууд энэ сарын 1-ний өдрөөс Улаанбаатар смарт картгүй тохиолдолд 1000 төгрөгөөр зорчих шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү 3600 төгрөгийн үнэтэй Улаанбаатар смарт карт нь хүүхдийн, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оюутны болон энгийн гэх төрлүүдтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар оюутнуудад зориулсан карт нь тараагдаагүй байна.

2010 онд батлагдсан “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-аар оюутнууд үнэ төлбөргүй автобусаар зорчдог байсан юм. Тус журмын дагуу 2015-2016 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих 113 мянган оюутны “Эрхийн үнэмлэх” буюу Төрийн банкны смарт картны захиалгыг цахим систем нэвтэрч байгаатай уялдуулан 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 8900 төгрөгөөр авчээ.

Нийт 64000 оюутны смарт карт хэвлэгдэж, наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тараагдах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл тэд гар дээрээ аваагүй байгаа тул нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчиж буй оюутнуудыг төлөөлж Монголын оюутны холбооноос өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагын хариу ирээгүй тул яг одоо Монголын оюутны холбоо болон их дээд сургуулийн оюутнууд Чингисийн талбайд суулт зарлав.   

Энэ үеэр Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар хэлэхдээ “Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор оюутнууд тайван суулт зарлаж байна. Улс орны эдийн засаг хүнд байна. Их дээд сургуулийн төлбөр нэмэгдээд байгаа энэ хүнд үед нийтийн тээврийн асуудал бас нэгэн дарамт болж байна. Тиймээс хотын удирдлагууд шийдвэрүүдээ эргэн хараач ээ. Есдүгээр сарын 1-нээс оюутнууд ямар шугамаар яаж зорчих нь тодорхойгүй байсаар өнөөдөр гуравдахь өдөр нь болж байна. Нэг ёсондоо нийслэлийн удирдлагуудын шийдвэрээс болоод оюутнууд нэг талдаа 1000 төгрөгөөр зорчиж байна. Оюутнууд нийтийн тээврээр яаж зорчих нь тодорхой бус байгаа тул бид зайлшгүй суулт хийх хэмжээнд хүрлээ. Өнөөдөр ямар нэгэн шийд авахгүйгээр оюутнуудаа гэртээ хариа гэж хэлэх боломж ч алга. Шийдвэр гхарахыг хүлээнэ гэхээр хугацаагүй ажил болох гээд байна. Өнөөдрийн тайван жагсаалд 150 гаруй оюутан оролцож байна. Оюутнуудын тоо улам бүр нэмэгдэж илүү хүрээгээ тэлсэн ажил болохыг үгүйсгэх аргагүй. Иргэний нийгмийн байгууллагууд бусад холбоод нэгдэхээ илэрхийлээд байгаа. Тиймээс Нийслэлийн удирдлагууд зөв зүйтэй шийдвэр гаргана гэж итгэж байна” гэсэн юм.

Албадан карт захиалуулсан гэв

Чингисийн талбайд оюутнууд суулт зарлаж байхад нөгөө талд Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр нар МУИС-ийн үүдэнд, мэтгэлцлээ. Монголын оюутны холбооноос оюутнуудад ойрын хоёр жилдээ автобусаар үнэгүй зорчуулна гэж 8900 төгрөг хураан авч албадан карт захиалуулсан гэх асуудлаар тэд мэтгэлцсэн юм.

ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр “Өнөөдөр оюутан 3600 төгрөгөөр хөнгөлттэй зорчих эрхтэй байсан. Гэтэл МОХ-ныхон өнгөрсөн жил 8900 төгрөг гэдэг үнэ зохиогоод 700-аад сая төгрөгийг нь авчихсан. Мөнгө нь МОХ-ны дансанд орчихсон. Карт ч байхгүй мөнгө ч байхгүй. Тэр карт нь бидэнд ямар ч хэрэггүй гэдэг нь нотлогдлоо. Одоо 700 сая төгрөг хаана байгаа юм, бүү мэд. Энэхүү 8900 төгрөгийн картнаас болоод оюутнууд өнөөдөр бэлэн мөнгөөр автобусанд зорчиж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асуухаар оюутны холбооны эрхмүүд худал хэлээд яваад байгаа юм. Үнэндээ МОХ оюутнуудын төлөө юу ч хийдэггүй байгууллага. Жилдээ ганц удаа оюутнуудын автобусны картны захиалга авдаг байгууллага шүү дээ. Оюутнуудаа хохиролгүй болгохоор ийнхүү мэтгэлцэх гэж байна” гэж ярьсан юм. 

Харин Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр “Монголын оюутны холбоо ажлыг БСШУЯ-ны ажлыг нийслэлийн Засаг даргын хэдэн орлогч нар хийдэг болж. Бид үүнийг эсэргүүцэж байна. Одоо Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Ухаалаг карт нь тухайн хүнийг оюутан эсэхийг гэрчлэхгүй тул бид ийнхүү зурагтай картыг Төрийн банктай хамтран гаргасан. Одоогоор хэвлэгдээд байгаа” гэжээ. Оюутнууд өнгөрсөн жил 8900 төгрөгөөр карт авсан. Одоо дахиад 3600 төгрөгөөр автобусаар зорчих ухаалаг карт авч чадахгүй. Хэрэв 3600 төгрөгийн картыг авах шаардлагатай бол өнгөрсөн жил хураалгасан 8900 төгрөгөө буцаан авахыг хүсч байна гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Ийнхүү мэтгэлцээн эхэлсэн ч МОХ-ны Ерөнхийлөгч элдэв тайлбар хийхээс зайлсхийж, ШУТИС-ийн Оюутны тэргүүн А.Төгсбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдээд зугтах шахам явсан байна.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт гамшгийн үеийн дохио дамжуулах төхөөрөмж суурилуулжээ

Булган аймгийн Онцгой байдлын газар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй болжээ. Энэхүү төхөөрөмж нь зөвхөн гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулахаас гадна сэрэмжлүүлэг дамжуулах, дэвшилтэт олон үйлдэлтэй нийт 162 сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж гэнэ. Уг өндөр чадалтай төхөөрөмжийг аймагтаа суурилуулж, болзошгүй гамшиг ослын үед ард иргэддээ богино хугацаанд мэдээллэх, сэрэмжлүүлэх, аврах, хамгаалах аж. БНСУ-ын Эй Энд Ди компаний мэргэжилтнүүд Булган аймагт хүрэлцэн ирж тоног төхөөрөмжийг аймгийн удирдлага, Онцгой байдлын газарт гардуулан газар дээр нь суурилуулж өгсөн байна. Тус төхөөрөмж нь мэдээллийг бүрэн боловсруулахад 37 секунд хангалттай бөгөөд үлдсэн 23 секундэд арга хэмжээ авах бүрэн боломжтой гэнэ. Ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж одоогоор тус аймгаас өөр аймагт суурилуулагдаагүй аж.

Э.Анхбаяр

Categories
мэдээ нийгэм

2722 хүнийг торгож, арга хэмжээ авчээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс дээр өчигдөр 400 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд долоон хүүхэд өртсөн үүнээс сургуулийн насны тав, сургуулийн өмнөх насны хоёр байсан аж. Энэ нь нэлээд буурсан үзүүлэлт гэнэ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч нэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2722 хүнийг 55 сая 126 мянга 700 зуун төгрөгөөр торгож, арга хэмжээ авч ажилласан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг хандивын тоглолт хийнэ

2001 оноос эхлэн Монголын гэр бүл, хүүхэд багачууд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө үндсэн зургаан чиглэлээр ажиллаж ирсэн “Күнчаб Жампала асралт” төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хурд” хамтлаг, “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ нар хамтран хандивын тоглолт хийхээр болжээ. Тус төв нь “Боловсролын хүртээмжийг сайжруулах” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна “Халуун хоол-Өдөр өнжүүлэх хөтөлбөр”, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэхүү сайн үйлсийг санхүүгийн хувьд дэмжих зорилгоор “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр санаачлан “АСРАЛ ЭНЭРЭЛИЙГ ТҮГЭЭЦГЭЭЕ” сайн санааны тоглолтыг хийж буй юм. Тоглолт маргааш буюу энэ сарын 4-нд Тусгаар тогтнолын ордонд болох аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч болох санал санаачилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. Эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийхийг Ерөнхий сайдад санал болгожээ. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна. Мөн дотоодын зах зээлд махны үнийг хэт унах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эд, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зээл тусламж, татварын таатай орчин бий болгох зэрэг ажлыг яаралтай зохион байгуулж, хэрэгжүүлэх талаарх саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна.

Э.Анхбаяр

Categories
мэдээ спорт

Манай гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн Азийн аваргад 32 орны 231 боксчин тулалдаж байгаагаас өнөөдөр мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаан болох гэж байна. Энэ өдөр хүрэл медалийн болзол хангасан манай гурван боксчин болох 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар мөнгөн медалийн төлөө тоглох бөгөөд Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Роган, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймов, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай тулалдана.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гол онцлог нь ирэх аравдугаар сард Катар улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг анх удаа энэхүү тэмцээний жин тус бурийн эхний 7 байрт шалгарсан тамирчидад олгохоор болсон юм. Манай 9 боксчин Тайландыг зорьсноос 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд үлдэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авлаа. Тэднээс Э.Идэрхүү Казахстаны К.Ералиевтай хүрлийн төлөө тоглосон ч хожигдсон бол бусад нь учраагаа хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байна. Манай бусад боксчин А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Э.Анхбаяр

Categories
мэдээ нийгэм

Ил задгай зардаг хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг. Тиймээс гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараахь зөвлөмжийг иргэдэд хүргэж байна.

Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирүс) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирүс нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий.

1. Хамгийн энгийн арга бол Гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 50% хүртэл бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

2. Бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, мах, сүү, ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм. Иймд хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх, гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар доорх зөвлөмжийг өгч байна.

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

o Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах, лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

o Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

o Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх

o Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх

o Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос дээшгүй цаг хадгалах.

o Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

Хоол хүнсийг бэлтгэх , хэрэглэх зөв дадал эзэмших

o Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

o Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх

o Усыг буцалгаж уух

o Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших (ялангуяа мах, ногоог хэрчих вандан мод тусдаа байх)

o Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Цусан суулга. Дизентерия. Shigellosis.

Цусан суулга өвчин нь нянгаар үүсгэгдсэн, бүдүүн гэдэсний төгсгөл хэсгийг давамгайлан гэмтээж, суулгах, халуурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр өвдөх зэрэг хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт юм.

Халдварлах зам: Өвчний шинж тэмдэг илэрсэн хүн болон өвчний шинж тэмдэггүй боловч нян тээгчээс шууд болон шууд бусаар дамждаг.

o Халдвартай хүн болон нян тээгч нь бие зассаны дараа гар хумсаа угаахгүй байх

o өтгөнөөр ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүн бохирдох

o ялаа нь нянг бие засах газраас ил задгай байгаа хүнсний бүтээгдэхүүн рүү зөөвөрлөдөг зэрэг нь халдвар дамжих нөхцөл болдог

Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс- тоглоом, хаалганы бариул, мөнгө, хүний гар гэх мэтийг бохирдуулдаг бөгөөд бохирлогдсон гараар биед орж өвчин үүсгэнэ.

Нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар нь өвчин дамжих гол зам юм.

Нууц хугацаа: Нян хүний биед ороод 1-3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ.

Илрэх шинж тэмдэг: Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах

Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах. Үүнд: суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх, ядрах гэх мэт

Иргэд та бүхэнд хоол хүнсээр дамждаг өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно

УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-ны өдөр хуралдах юм уу. Гишүүдийн зүгээс тов зарлагдсан тухай ярьж байна?

-Одоогоор ээлжит бус чуулган хуралдах тов зарлагдаагүй байна. УИХ-ын дарга Засгийн газрын гишүүний нөхөн томилгоог 30 хоногийн дотор хийх хуулийн дагуу энэ сарын 6-ны дотор огцорсон зургаан сайдын нэрийг өргөн барихыг Ерөнхий сайдаас албан тоотоор хүссэн. Ээлжит бус чуулганы тов хэлэлцэх асуудал, үргэлжлэх хугацааг тодорхой зааж зарладаг. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд сайдуудын нэрсээ өргөн бариагүй байна.

-УИХ-ын дарга З.Энхболд дэлхийн парламентын спикерүүдийн уулзалтад оролцохоор АНУ явсан. Есдүгээр сарын 7-ны орой эх орондоо ирэх юм биш үү. Тэгэхээр Их хурлын даргыг орлож үлдсэн хүн байгаа юм уу?

-Тийм. Одоо УИХ-ын даргыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж орлож байгаа. Хэрэв сайдын нэрс өргөн барьсан тохиолдолд Р.Гончигдорж дарга ээлжит бус чуулганы товыг зарлаж 7-нд нээнэ. Нээлтийн дараа холбогдох Байнгын хороод хуралдаж сайдуудын асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдээ гаргах учиртай. Есдүгээр сарын найманд УИХ-ын дарга хурлаа удирдаж эцсийн шийдвэрийг чуулганы хуралдаан гаргана гэж төлөвлөж байгаа. Ер нь цаг алдмааргүй л байна шүү дээ.

-Ерөнхий сайд яагаад сайдуудын нэрсээ өргөн барихгүй намрын чуулган хүртэл хойшлуулаад байгаа юм бол, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санал зөрөлдөөд байгаа гэсэн мэдээлэл яваад байх юм?

-АН-ын бүлэг хуралдаж нэр дэвшигчдийг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал тул өөрөө сонголтоо хийгээд оруулж ирэх чиглэл өгсөн. УИХ-ын дарга ч Ерөнхий сайдын мэдэх асуудал гэж байсан. Мэдээж сонголтоо хийхэд Ерөнхий сайдад түвэгтэй байгаа юм болов уу даа.

-Ерөнхий сайд хэ­рэв зур­гааны дотор сайдуудынхаа нэрсийг өргөн барилгүй хууль зөрчвөл яах юм. 1998 онд мөн сайд нараа оруулж ирэлгүй үүрэг гүйцэтгэгчид долоон сар явсан байдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Есдүгээр сарын зургаанд хугацаа дуусах гээд байгаа тул Ерөнхий сайдын зүгээс зургааны дотор өргөн барихаас өөр аргагүй. Ерөнхий сайдыг энэ сарын дөрөвний өдөр сайд нарынхаа нэрсийг өргөн барина гэсэн чиг яригдсан юм билээ. Гэхдээ өргөн барих уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Есдүгээр сарын зургаанд сайд нарын нэрс өргөн баригдахгүй, долоонд ээлжит бус чуулган хуралдахгүй бол хууль зөрчсөн үйлдэл болно. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг тухайн үед нь шийдэх байх.

1998 онд үүрэг гүйцэтгэгчид долоон сар болж байсан, өнөөдрийн нөхцөл байдал хоёр ялгаатай. Учир нь сая огцорсон зургаан сайдыг үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй тул заавал нөхөн томилгоо хийх болчихоод байгаа юм. Гэтэл хуулиар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд орон гарсан тохиолдолд 30 хоногийн дотор нөхөн томилох ёстой гэдэг заалтын дагуу асуудал явж байна. 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед огцорсных нь дараа дараагийн Засгийн газар орж иртэл үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тухайн сайд нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байлаа. Энэ удаа МАН-ын зургаан сайдыг огцруулчихаад үүрэг гүйцэтгэгчээр томилсон бол яваад байж болно. Ийм тохиолдолд 30 хоногийн хугацаа хамаагүй байдгаараа ялгаатай.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс намрын чуулганаар сайд нарынхаа асуудлыг шийдье гэж зөвлөхөөрөө дамжуулан мэдэгдсэн. Их хурлын дарга зургааны дотор оруулж ир гэсэн. Хэрэв энэ хугацаандаа амжихгүй бол ямар хариуцлага хүлээдэг юм?

-Хэрэв хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно. Тиймээс Ерөнхий сайдыг зургааны дотор өргөн барьчих байх гэж бодож байна. Мэдээж Ерөнхий сайдад хүндрэлтэй асуудлууд байгаа л байх. Бүлгээс гарсан шийдвэр, УИХ-ын даргын байр суурь Ерөнхий сайдыг нэрсээ оруулаад ир гэсэн байгаа. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ийм мохоо байгааг гайхаж л сууна. Түүний хувьд “Би ийм хүмүүсийг томилно” гээд нэрсээ шууд оруулаад ирвэл маргах юм байхгүй. Одоо бол энэ хүн миний фракци, тэр хүн түүний фракци гэсэн юм л яваад байгаа болов уу. Тэр ч утгаараа шийдэж чадахгүй байна гэж бодож байгаа. Улс төрийн нөхцөл байдал хүндрэх байх гэж бодоод байгаа юм болов уу.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Манайхан чинь аливаа асуудал дээр өөрийнх нь үгэнд ороогүй бол төр засгийг самардаг, дураараа тонгочдог үзэгдэл хэвийн болчихлоо. Хаа сайгүй л тийм болчихсон байна. Ер нь бол хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ажлаа хийж сурмаар байх юм. АН фракцигүй нам боллоо гэдгээ зарласан. Фракцигүй нам болсон ч юм уу, үгүй ч юм уу. Эсхүл фракциуд нь дарамтлаад байдаг юм уу, бүү мэд. Цаашид шударгаар явахгүй бол Монголын төр төр биш болчих гээд байна шүү.

-Үнэхээр фракциудын оролцоо бий юу?

-Фракциуд оролцсон болоод л өнөөдрийн ийм байдалд хүрч байгаа шүү дээ.

-Есдүгээр сарын зургаанд багтан сайд нарынхаа нэрсийг өргөн барихгүй бол сөрөг хүчин болсон МАН-ын улс төрийн тоглолт болох уу?

-Ингэж удаашрах нь МАН-ын улс төрийн тоглолт л болж хувирна. МАН-ынхны хийх ажил нь тэр болсон. Сөрөг хүчний байр сууринаас хандаад л явчихна. Алдаа оноон дээр нь тоглоод явна. АН-аас томилогдсон хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй. 1996-2000 оны хоорондох гашуун сургамжаа давтаж огт болохгүй.

-Тэр замаараа яваад байгаа юм биш үү?

-Арай ч тийм замдаа орчихоогүй байна. Хэрэв бид энэ Засгийн газраа солих юм бол 1996-2000 оны зам руу тэр чигээрээ орно гэсэн үг. Дараагийн Засгийн газар нь тогтвортой байх эсэх асуудлыг хэн ч таашгүй. Маш хүчтэй сөрөг хүчинтэй болчихсон. Улс төрийн тоглолтууд хаа сайгүй явж байна. 1996-2000 оны хооронд тийм ч олон нам өрсөлдөөгүй үед бид тоглуулж явсан шүү дээ. Тэр тоглоомонд орж яаж зовж, зүдэрч байлаа. Тэр түүх л өнөөдөр 25 жилийн түүх болон яригдаж байна. Бид түүхийг давтаад байж болохгүй. Харин ч түүхээ засч сайжруулан, алдаа оноогоо дэнслээд явбал болно. 1996-2000 оны хооронд тийм том алдаа гаргаж сургамж авчихаад ийм байдалтай цаг хугацаа өнгөрөөгөөд байх нь намын болоод ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүй. Би тэр талаас нь шүүмжлэлтэй хандаж байгаа. 1996-2000 оны түүхийг давтах үгүйг АН, АН-ын бүлэг л шийднэ.

-Тодорхой хүмүүс дотроос кабинетаа бүрдүүлээд явах боломжийг Ерөнхий сайдад олгочихсон гээ биз дээ. Мөн дэд сайдаар томилогдох хүмүүсийн нэрс гээд гарчихсан байна лээ. Хүмүүсийн хандлагыг ч та анзаарч харсан байх…

-АН-ын бүлэг болон АН-ын дарга ийм хүмүүсийн нэр яригдаж байна гээд тодорхой гишүүдийн нэрийг Ерөнхий сайдад санал болгосон. Тэдгээр нэрс дундаасаа Ерөнхий сайд зориг гаргаад оруулаад ирэх хэрэгтэй. Харин дэд сайдуудын асуудал намын Гүйцэтгэх зөвлөлд хамааралтай болчихдог. Гүйцэтгэх зөвлөл нь шийдвэрээ гаргаад өгчихсөн байна лээ. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг томилгоон дээр анхаарч үзэх ёстой юу гэвэл, тийм.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх үү?

-Хэлэлцэх байх. Ер нь УИХ-ын чуулган завсарласан үед хориг тавигдсан тохиолдолд дараагийн чуулганы эхний асуудал болж хэлэлцэгддэг хуультай. Гэхдээ Өршөөлийн хууль бол олон хүнд хүлээлт үүсгэсэн онцгой хууль учраас хоригийг яаралтай хэлэлцэж эцэслэх ёстой гэж үзэж байгаа.

-Саяхан УИХ-ын дарга байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан хийх тухай захирамж гаргасан байна. Ямар зорилгоор ийм захирамж гаргав?

-Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсан. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам дөрөв, Монголын Үндэсний Дэвшлийн Нам гурван суудал тус тус авч байсан. Энэ бол түүх. Тийм учраас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойг тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх үед хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно гэж заасны дагуу захирамж гарсан.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн баярын жагсаал боллоо

Хятадыг чөлөөлсний ялалтын түүхт 70 жилийн ойг Бээжин хотод өнөөдөр тэмдэглэж байна. Энэхүү баярын жагсаалд манай улсын төрийн тэргүүн хүндэт зочноор уригдан, Монгол Улсын зэвсэгт хүчний цэргүүд жагсаж оролцлоо.

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Д.Даваасүрэн Бээжин хотод ажиллаж, үйл явдлыг газар дээрээс нь дамжуулж байгаа билээ.

Бид ялалтын 70 жилийн баярын парадыг гэрэл зургаар өгүүлэн хүргэж байна.