Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Taxi” уран сайхны кино нээлтээ хийнэ

“Twins Film” студийн бүтээл “Такси” инээдмийн уран сайхны өнөөдөр “Өргөө-1” кинотеатрт 16:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус киноны ерөнхий продюссерээр Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар “Fine Art” студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар н.Нарангэрэл, ерөнхий зураачаар н.Гүен нар ажилласан байна.

Киноны нээлтийн үеэр “Улаанбаатар” такси компаний ажилчид кинотеатруудад үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. “Такси” киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт амилуулсан бөгөөд энэ нь түүний анхны гол дүр нь юм байна. Харин дүрүүдэд жүжигчин найруулагч С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Өнөржаргал зэрэг олны танил жүжигчдээс гадна инээдмийн кино болохоор хошин урлагийн жүжигчид, залуу уран бүтээлчид гээд олон уран бүтээлч оролцон тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Галт тэргэнд мэндэлсэн хүүг 18 нас хүртэл нь вагоноор үнэгүй зорчуулна

Өнөөдөр Монгол Оросын хамтарсан УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар мэдээлэл хийж хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 01-нд “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд мэндэлсэн хүүд 18 нас хүртэл үнэгүй зорчих эрхийн бичиг гардууллаа. Галт тэргэнд хүүхдээ төрүүлсэн энэ удаагийн тохиол нь төмөр зам байгуулагдсанаас хойш 66 жилийн түүхэн дэх 70 дахь тохиолдол болж байгаа аж.

Түүний ээж Дорноговь аймгийн Даланжаргалант сумын иргэн Батцэцэг бөгөөд тав дахь төрөлт нь юм. Тухайн үед Галт тэрэгний дарга Д.Болдбаатар, үйлчлэгч О.Очирсүрэн, С.Алтанзул нар түүний суусан 13 дугаар вагонд ажиллаж байсан байна.

Батцэцэгийн сууж явсан галт тэргэнд дөрвөн эмч сууж явсны, хоёр нь эх баригч хоёр байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж сайн үзүүлсэн юм билээ. Галт тэрэгний дарга Д.Болдбаатар жирэмсэн эхийг зорчигчдоос тусгаарлан, төрөхийн өмнөх бэлтгэлийг үйлчлэгч нар шуурхай хангасан байсан. Галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд 18 нас хүртэл нь үнэгүй зорчих эрхийн бичиг өгдөг журам өмнө нь мөрдөгдөж байсныг сэргээж эрхийн бичгийг эзэнд нь гардуулж өгөхөөр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн захиргаа шийдвэрлэсний дагуу энэхүү эрхийн бичгийг хүүгийн аавд гардууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦОНХОО НЭЭЕ: “Баянзүрх” хотхоны гаднах талбай нийтийн эзэмшлийнх учраас оршин суугчид барилга барихыг эсэргүүцэх ёсгүй гэв

Баянзүрх дүүргийн наймдугаар хороон дахь “Баянзүрх” хотхоны зүүн талд үйлдвэрлэл үйлчилгээ болон орон сууцны зориулалт бүхий найман давхар барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Акватик” компанийн захирал Д.Номондалайд өнгөрөгч наймдугаар сарын 18-нд олгожээ. Ийн зөвшөөрлөө авсан даруйдаа Д.Номондалай “Ий Би Си” компаниар барилгаа бариулах гэсэн боловч Баянзүрх хотхоны 109, 110 дугаар байрны оршин суугчид “Манай байрнаас хэдхэн арван метрийн зайд, нар хааж барилга бариулахыг зөвшөөрөхгүй. Тэгээд ч орон сууцны ойр орчимд барилга барих гэж байгаа бол хамгийн түрүүнд оршин суугчдаас нь зөвшөөрөл авсан байх ёстой. Биднээс зөвшөөрөл авах нь бүү хэл ийм барилга барих гэж байгаагаа ч дуулгаагүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. “Ий Би Си” компани барилгын талбайд экскаватор, ковш болон бетон, арматур зэрэг барилгын материалаа оруулах гэсэн боловч оршин суугчид удаа дараа замыг нь хааж, дотогш нэвтрүүлгээгүй аж. Харин өнгөрөгч бямба гаригийн үүрийн 03 цагийн орчимд экскаватор, ковш зэрэг техникээ барилгын талбайд оруулан, маргаашнаас нь буюу ням гаригаас эхлэн газар шорооны ажлаа эхлүүлжээ. Энэ үеэр “Баянзүрх” хотхоны “Гандирс” СӨХ-ны ажилтнууд, зарим оршин суугчдын хамт урьдын адил эсэргүүцлээ илэрхийлэн, барилгын талбай руу орох хаалгыг нь таглан жагсчээ. Тэгтэл хэсэг залуус гарч ирэн, хүч хэрэглэн тэднийг замаас холдуулж, арматур төмрөө барилгын талбай руу нэвтрүүлжээ. Тус үйл явдлын талаарх зураг, бичлэг аль хэдийн цахим ертөнцөд тавигдан, багагүй шуугиан дэгдээсэн билээ.

Ийнхүү болсон үйл явдлын талаар тодруулахаар “Баянзүрх” хотхонд өнгөрсөн мягмар гаригт очсон юм. Хотхонтой залгаа зүүн урдхан талд нь байрлах “Тэнгэр” группын гаднах автомашины зогсоолыг таглан хашаа хатгаж, барилга барих талбай руугаа зам татжээ. Уг талбайг өмнө нь “Гэр тэрэг” хэмээх компани эзэмшдэг байсан бөгөөд дотроо ганц монгол гэр, хуучны намхан, жижиг барилгаас өөр обьект байгаагүй гэнэ. Харин биднийг очих үед хашаалсан талбайнхаа зүүн талд нь барилгынхаа суурийг цутгачихсан байсан бөгөөд урдхан талд нь арматур төмөр өрөөтэй байлаа. Нийтдээ 1300 м.кв талбайн 300 м.кв-т нь барилга барих бол үлдсэн газрыг нь хүүхдийн талбай, ногоон байгууламж болгон тохижуулах гэнэ. Хашаан дотор бага оврын ачааны болон суудлын тэрэгнээс өөр машин механизм харагдсангүй. Арав гаруй барилгын ажилчид сүүдэр бараадан сууцгааж байсан юм. Тэд “Ном журмынх нь дагуу бүх зөвшөөрлөө холбогдох газруудаас нь авчихаад байхад хажуу байрны оршин суугчид яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй юм. Тэднээс болж бид хугацаа алдаад, хий дэмий сууцгааж байна” гэцгээж байв. Ийн барилга барихаар цутгасан суурины ардхан талд буюу гурав дөрөвхөн алхмын ард “Жикст” компанийн захиалгаар босч буй хоёр ч барилгын ажил ид явагдаж байсан бол зүүн талд нь алд гаруйнхны зайд Батлан хамгаалах яамны ажилчдын байр харагдаж байлаа. “Жикст” компанийн захиалгаар босч буй барилгуудын нэг нь ес дэхь, нөгөө нь зургаа дахь давхартаа орчихож. Баянзүрх хотхоны оршин суугчдын хэлж байгаагаар дээрх хоёр барилга нь тус бүр 12 давхар бөгөөд барилгын ажлыг хоёрдугаар давхартаа явж байхад нь өнгөрөгч хавар мэргэжлийн хяналтын газраас зогсоосон байна. Гэсэн хэдий ч наадмын үеэр дахин барилгын ажлаа эхлүүлж, өнөөдөр зургаа, есөн давхар хүртэл нь барьчихсан гэнэ.

“Баянзүрх” хотхоны оршин суугчдаас зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн гэв

“Гандирс” СӨХ-ны гүйцэтгэх захирал И.Баярмаа “Манай хотхоны зүүн талын “Гэр тэрэг” хэмээх компанийн эзэмшлийн бараг хоосон хашаа байсан. Дотор нь хуучны ганц байшин, гэр л байсан. Тус газрыг “Акватик” компанийн захирал Д.Номондалай эзэмшдэг байсан юм билээ. Ингээд тэрээр тус газар дээрээ үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий найман давхар барилга барихаар хоёр жилийн өмнөөс хөөцөлдөж эхэлсэн. Манай хотхоны, тэр дундаа 109, 110 дугаар байрны оршин суугчдын дэмжлэгийг авах гэсэн юм гэж надтай өнгөрсөн жил уулзаж байсан. Тэгэхэд нь надаас биш, цонхыг нь халхлах гээд байгаа 240 өрхөөсөө зөвшөөрлөө ав гэж хэлсэн. Түүнээс биш би тэдгээр өрхийг төлөөлөхгүй гэдгээ хэлээд гаргасан. Ингээд 2014 оны тавдугаар сард “Гэр тэрэг” компанийн хуучин хашаанд найман давхар үйлдвэрлэл үйлчилгээ бүхий орон сууцны барилга барихыг зөвшөөрч байгаа эсэхийг оршин суугчдаас асуусан самбар хэдхэн хоног босгочихоод, буулгаад авчихсан. Оршин суугчдын багагүй хэсэг нь амралт зугаалгаар хөдөө орон нутаг руу явж, зарим нь зусландаа гарчихсан байсан учраас самбар босгосныг мэдээгүй. Самбар босгосныг дийлэнх оршин суугчид харсан. Тэд бүгд барилга бариулахыг эсэргүүцэж байгаагаа надаар дамжуулан Д.Номондалайд уламжилсан. Өөрөөр хэлбэл хотхоныхоо дөрвөн мянган иргэнийг төлөөлж, эсэргүүцэж байгаагаа би утсаар холбогдож хэлсэн. Тэгээд л алга болчихсон байж байгаад саяхан гарч ирээд, шууд барилгаа барина гэж хүч түрэмгийлэх болсон. Зүй нь орон сууцтай зэрэгцүүлээд барилга барих гэж байгаа бол оршин суугчдаас нь зөвшөөрөл авах ёстой. Бид зөвшөөрөөгүй, зарим нь бүр мэдээ ч үгүй байхад зөвшөөрлөө ном журмынх нь дагуу авсан, барилгын ажлаа эхлүүлье гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна. Манай 109, 110 дугаар байрны нарыг халхлаад барилга барьчихаар оршин суугчдын тав тух алдагдахаас гадна үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ эрс буурна. Хэдхэн сарын өмнөөс байраа зарах гээд телевизээр зарлуулахад хүмүүс ирж үзээд ганц хоёрхон сая төгрөгөөр хямдруулчихаач гэж гуйдаг байсан бол одоо хажууханд нь барилгын суурь цутгасныг хараад орж үзэх ч үгүй байна” гэсэн юм. Мөн тэрээр “Ойр хавийн оршин суугчдаас нь зөвшөөрөл авах талаарх Засаг даргын захирамжийг биелүүлдэггүй юм аа гэхэд өөрсдийн эзэмшлийн талбайд барилга барьж, орж гарцаа шийдэх ёстой. Гэтэл одоогийн барилгын талбай руугаа нэвтрээд байгаа гарц чинь “Тэнгэр” группын эзэмшлийн талбай. Барилга баригдаад дуусахад энэ гарц хаагдана. Тэр үед өмнө нь зорчиж байсан зүүн талынхаа хаалгыг нээнэ гэсэн. Энэ тохиолдолд автомашинтай гарч орохдоо зайлшгүй манай хотхоноор дамжина. Манай хотхоны оршин суугчид үүнийг зөвшөөрөхгүй байгаагаас гадна өөрсдийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа тухайгаа өнгөрөгч гуравдугаар сард НЕТГ, Засаг дарга Э.Бат-Үүл, НМХГ-т хүсэлт хүргүүлсэн. НЕТГ-аас гуравдугаар сарын 26-нд энэ газарт барилга барих зөвшөөрөл олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. НМХГ-аас барилгын ажил эхэлсэн тохиолдолд зохих журам, дүрмийг барьж ажиллаж байна уу гэдэгт анхаарахаас бус зөвшөөрөл хууль ёсны дагуу олгогдсон эсэхийг хянахгүй гэдэг хариу ирсэн. Засаг дарга Э.Бат-Үүлээс хариу ирээгүй. Ингэсээр байтал наймдугаар сарын 18-нд барилга эхлүүлэх зөвшөөрөл олгочихсон байгааг үнэхээр гайхаж байна. Өөрөөр хэлбэл орох, гарах гарцыг нь шийдээгүй байж НЕТГ-аас зөвшөөрөл өгчихсөн байна шүү дээ” гэсэн юм.

Баянзүрх” хотхоны оршин суугчид наймдугаар сарын 28-нд буюу өнгөрсөн баасан гаригт СӨХ-ны хурал зохион байгуулжээ. Хурлын үеэр Д.Номондалайн захиалсан барилгыг бариулахгүйн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ иргэд илэрхийлэн, оршин суугчид дундаас 10 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулжээ. Тус хорооны дарга С.Мөнхбаатар “Энэ барилгын ажил наймдугаар сарын дунд үеэс эхэлсэн. Манай хотхоны замаар дамжин, барилгын талбай руугаа нэвтрэх гэсэн машин техник, барилгын материал ачсан ачааны машин зэргийг тухайн бүрт нь зогсоож байсан. Тэгтэл “Тэнгэр” группын захиргаанаас зөвшөөрөл авч, хажуугийнх нь талбайгаар барилгын талбай руугаа нэвтрэхээр болсон байгаа юм. Энэ гарцыг хэсэг хугацаанд ашиглачихаад дараа нь манай хотхоны тал руу гаргасан замаараа зорчих учраас бид үүнийг эсэргүүцэн зогссон. Гэтэл өнгөрсөн бямба гаригийн үүрийн 03 цагт экскаватор, ковш нь дайрч орж ирсэн. Замыг нь хааж зогссон манай нэг оршин суугчийн “Тоёота Клүгэр” машиныг түрэхийг оролдож, сэвтүүлчихсэн. Тэгээд маргааш нь буюу ням гаригт сууриа цутгачихсан. Хамгаалалтын албаны бололтой энгийн хувцас өмссөн хэдэн арван булиа залуусыг эгнүүлэн зогсоож, биднийг хориулж байгаад л арматураа оруулсан. Тэдгээр залуус нь иргэдийг тал тал тийш нь авч шидээд, их бүдүүлэг аашилсан. Тэдэн дунд би явж байсан. Миний ууц нурууны хууч өвчин үүнээс болж сэдэрсэн учраас өвчин намдаах эм давхарлаж уугаад л сууж байна. Манай СӨХ-ны дарга газарт унаад, толгойн ар хэсэг нь хавдчихсан. Өмнө нь НМХГ-ын байцаагч газар дээр нь ирээд барилгын ажлаа эхлэхээс өмнө хашаагаа босгох үүрэг өгсөн. Тэгсээр атал хашаагаа гүйцээж бариагүй хэрнээ суурийн нүхээ ухаад эхэлчихсэн. Өнөөдөр (уржигдар) нимгэн төмрөөр хашаа босгосон харагдаж байна. Тэрнийгээ дагуулаад бетонон хашаа босгох гээд хашлагыг нь хийчихээд, өнөөдрийг хүртэл цутгалтаа хийж эхлээгүй л байгаа байхгүй юу” гэсэн юм.

Д.Номондалай барилга барих бүх зөвшөөрлөө ном журмынх нь дагуу авсан гэв

Харин “Акватик” компанийн захирал Д.Номуундалай “Бид барилга барих зөвшөөрлөө бүгдийг нь ном журмынх нь дагуу авахын тулд сүүлийн хоёр жил гаруй хөөцөлдсөн” гээд бидэнд барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ компани болон УСУГ-ын удирдах албан тушаалтны зөвшөөрөл бүхий техникийн нөхцөл, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн ерөнхий дүгнэлт зэрэг холбогдох баримт бичгийг үзүүлсэн юм. Мөн тэрээр “Тэнгэр группын хашаагаар бид арванхоёрдугаар сар хүртэл нэвтэрнэ. Үүний дараа машины зогсоолын талбайг нь чөлөөлж өгөх учраас зүүн талынхаа хаалгаар буюу “Баянзүрх” хотхоноор дамжин гарч орох юм. Гэтэл “Баянзүрх” хотхоныхон гаднах талбайгаа өөрсдийн эзэмшлийн мэт аашилж, түүгээр биднийг нэвтрүүлэхгүй гээд байгаа нь учир дутагдалтай. Яагаад гэвэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас манай барилгын орц гарцыг баруун талдаа буюу “Баянзүрх” хотхоны гаднах талбайгаар дамжиж байхаар кадастрын зурагт тусгагдсан болохыг баталгаажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл хотхоны эзэмшил газар нь зөвхөн барилгуудын сууриудаар кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн учраас Баянзүрх хотхоны гаднах талбай нийтийн эзэмшлийнх гэсэн үг. Тиймээс бид үүгээр чөлөөтэй нэвтэрч болно. Нийтийн эзэмшлийн талбайгаар зорчих гэж байхад өөрийнх нь эзэмшил мэтээр аашилж, барилгын ажлыг зогсоочихоод байна. Бид хэдхэн хоног барилгын ажил зогсоход зургаагаас долоон сая төгрөгийн хохирол амслаа. Хохирлоо энэ бүх эсэргүүцлийн хууль бус ажиллагааг толгойлж байгаа нэр бүхий гурван хүнээс нэхэмжилнэ. Бүх зөвшөөрлийг нь авчихсан учраас НМХГ, НЕТГ, НӨХГ зэрэг байгууллагаас ямар нэгэн албан ёсны хориг саад тавиагүй. Машин тэрэг оруулахгүй гээд зам хаагаад суулт хийчихээр цагдаа дуудсан ч тараах эрхгүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй байсаар байна. Найман давхар барилгын нэгээс зургаан давхарт цэвэр ус, оффисын зориулалт бүхий хөшиг зэрэг манай компанийн жижиг дунд үйлдвэрлэл явагдах бол долоо, найман давхарт нь үйлдвэрийн ажилдын орон сууц байх юм. Жижиг дунд үйлдвэрлэл учраас хэт их чимээ шуугиан гаргаж, орчин тойрноо бохирдуулаад байхгүй. Мөн бусад ЖДҮ эрхлэгч нарт талбай түрээслүүлнэ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

40 гаруй загас хууль бусаар барьсныг Мөрдөн байцаах газарт шалгаж байна

Мөрдөн Байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулбуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан байжээ.

Загас барихдаа тор татан хийлдэг завь ашиглажээ. Зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийж, загас барьсан тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” эсвэл “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Ан агнуурын тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийдвэрлэнэ” хэмээн тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарынханд шагнал гардуулав

Орчин үеийн барилгын салбар үүсч, хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр барилгын салбарынхан шилдгүүддээ шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Салбартаа олон жил ажилласан, шилдэг ажилтан, аж ахуйн нэгж байгууллагыг шагнав. Тухайлбал, шилдэг болон тэргүүний барилгачнаар Ч.Мөнхтуяа, Ш.Долгоржав, В.Жаргалсайхан, Б.Баттулга тэргүүтэй хүмүүсийг шагнасан юм.

Энэ үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөнөөр олон дэвшилтэт үр дүн гарлаа. Салбарын хөгжлийг хангахын тулд гол нь ажилчдынхаа тогтвор, суурьшилтай ажиллах, мэргэших нөхцөлийг хангах нь чухал. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд тавигдана. Сүүлийн таван жилд л гэхэд барилгын салбарын осол, аваар хоёр дахин буурсан. Энэ нь салбарт барьж буй бодлогын үр дүн гэж үзэж болно. Барилгын тухай хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг тодорхой зааж өгсөн” гэв.

Categories
мэдээ спорт

Манай жудочдын чансаа дэлхийд ийм байна

Олон улсын жүдогийн холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг гаргажээ. Энэхүү чансаагаар манай тамирчдаас Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар жиндаа хоёрдугаар байрт бичигджээ. Бусад тамирчдын чансааг тоймлон хүргэе.

Эрэгтэй:

60 кг:

Г.Болдбаатар 1810 оноогоор дөрөвдүгээр байр

Д.Амартүвшин 1395 оноогоор наймдугаар байр

Г.Хэрлэн 946 оноогоор 15 дугаар байр

Ц.Цогтбаатар 283 оноогоор 53 дугаар байр

66 кг:

Д.Төмөрхүлэг 1954 оноогоор хоёрдугаар байр

Д.Алтансүх 790 оноогоор 17-р байр

Б.Батгэрэл 282 оноогоор 59-р байр

Х.Цагаанбаатар 72 оноогоор 132 дугаар байр

73 кг:

С.Ням-Очир 1296 оноогоор 11-р байр

Г.Одбаяр 1030 оноогоор 14-р байр

81 кг:

О.Ууганбаатар 702 оноогоор 21 дүгээр байр

Н.Дагвасүрэн 658 оноогоор 26 дугаар байр

90 кг:

Л.Отгонбаатар 702 оноогоор 20 дугаар байр

Х.Цогтгэрэл 208 оноогоор 72 дугаар байр

Г.Алтанбагана 176 оноогоор 82 дугаар байр

-100 кг:

Н.Түвшинбаяр 974 оноогоор 17 дугаар байр

Э.Энхбат 170 оноогоор 64 дүгээр байр

Б.Жанчивдорж 99 оноогоор 85 дугаар байр

+100 кг:

Б.Тэмүүлэн 729 оноогоор 24 дүгээр байр

Ө.Дүүрэнбаяр 608 оноогоор 28 дугаар байр

П.Бүрэнтөгс 66 оноогоор 88 дугаар байр

Categories
гадаад мэдээ

“Galaxy S6 Edge Plus” гар утас ийм давуу талуудтай

Технологийн гайхамшгийг өөртөө бүрэн нэгтгэж чадсан анхны нумарсан дэлгэц бүхий “Samsung Galaxy S6 Edge” утсыг борлуулах эрхийг Юнител групп авсан бөгөөд өнөөдөр албан ёсны танилцуулгыг нь хийлээ. Ийнхүү тус гар утасны давуу талуудыг хүргэж байна.

Илүү өргөн боломж

“S6 Edge+” утасны өмнөх “S6 Edge”-с ялгарах том өөрчлөлтүүд гэвэл илүү том дэлгэцтэй болж, батарейнцэнэг илүү уртассан. Гадна дизайны хувьд өмнөх шигээ шил болон металл материалаар хийгдсэн дур булаам төрхөө хадгалан үлдсэн. Мөн “S6 Edge+” утасны бусад утсанд байхгүй давуу тал бол гоёмсог нумарсан дэлгэцтэй. Энэ нь зөвхөн урд дэлгэцээр хязгаарлагдахгүйгээр хоёр талын ирмэгийг ашиглан илүү бүтээмжтэй, илүү хялбар ашиглах боломжийг олгож байгаа юм.

Илүү хурдан

Samsung Exynos процесс болон 4 GB Ram-ийн хослол нь илүү хурдан болсон байна. Ингэснээр олон төрлийн программ зэрэг ажиллуулахад асуудалгүй болжээ.

Илүү хүчин чадал

Баттарейн хүчин чадал 3000 mAh болж нэмэгдсэн нь бүтэн өдрийн турш гар утсаа ашигласан ч цэнэг нь дуусах асуудалгүй болжээ. Цэнэглэх хугацаа нь ч 90 минут болж багассан байна.

Дахин давтагдашгүй загвар

Өмнөх загварууд шигээ шил болон металлаар бүтээгдсэн бөгөөд алтлаг шар, сувдан цагаан, мөнгөлөг саарал, молор хөх зэрэг дөрвөн төрлийн өнгөний сонголттой аж.

Илүү бат бөх

Galaxy “S6 Edge6+” нь өмнөх загвартайгаа адил хамгийн бат бөх гэдгээрээ гайхагдсан. Та загварлаг чамин утсаа халаасандаа хийгээд нугалж гэмтээх вий гэхээс санаа зовох хэрэггүй. Учир нь Samsung Galaxy S6 Еdge+ гар утсыг зөвхөн нисэх онгоц болон дарвуулт завь хийхэд ашигладаг хөнгөн цагаанаар гадаргууг нь бүтээжээ. Мөн зурагдах, хагарахаас хамгаалсан өндөр чанартай Gorilla Glass 4 шилээр бүтээсэн байна.

Өнгө дүрсний гайхамшиг

5.7 инч, 1440 x 2560 pixels (515 ppi) өндөр нягтрал бүхий дэлгэц нь өнгөний тод ялгарлыг мэдрүүлэх болно. Камерны хүчин чадлыг магтахгүй байхын аргагүй. Урд талдаа сэлфи зураг авахад зориулсан 5 MP камертай ба харин ард талдаа 16 MP, дүрс тогтворжуулагч, авто фокус тааруулагчтай, өргөн өнцгөөр авах боломжтой камер байрлана. Өдөр шөнийн аль ч цагт илүү өнгөлөг, тод зурагнууд авна гэдэгтээ та хэзээд итгэлтэй байж болно.

Дэлхийн анхны нумарсан дэлгэц

Хоёр талдаа нумарсан дэлгэц нь халаасандаа хийж явахад нэн тохиромжтой аж. Нумарсан дэлгэцтэй тус утсанд тусгайлан аппликейшн гаргасан бөгөөд хариу дуудлага хийх, хамгийн олон ашигладаг аппликейшнээ хормын төдийд нээх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн IV ээлжийн бүртгэл явагдаж байна

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлсэн юм. 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлаарай гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлах аян болно

Нийслэлийн иргэд, олон нийтэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг 2015 оны есдүгээр сарын 07-14-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Хууль тогтоомж сурталчлах аяны хуваарийг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагийн ажил хайгч залуусыг сургалтанд хамруулж ажилд зуучилжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж цагийн ажил хайгчдад зориулсан “PART TIME” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нэг, хоёрдугаар курсын оюутнуудыг түлхүү хамруулсан бөгөөд цагийн ажил хайгчдад зориулсан хувь хүний зохион байгуулалт, бүтээлч хандлагагэсэн сэдвээр Сургалт судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдээгэрэл сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Мөн Менежер карьерын институтын сургагч багш Б.Солонго цагийн ажил хайгчдад ажлын анкет хэрхэн бөглөх, сул талаа хэрхэн давуу тал болгох талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б. Бэлгүтэй оюутнуудад зориулан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээ мэдээллүүд болон цагийн ажлын хөлс, ажил олгогчтой хэрхэн яаж уулзах, ямар ямар төрлийн ажлын байр ихэвчлэн байдаг талаар ярилцаж, зөвлөгөө өгсөн байна.Сургалтын төгсгөлд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулж, 60 гаруй цагийн ажилд 123 оюутныг зуучилжээ.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, сургалт судалгааны Полиси төв хамтран “Парт тайм” сургалтыг 2014 оноос 23 удаа зохион байгуулж 3186 залуусыг хамруулаад байна. Сургалт долоо хоног бүрийн лхагва гаригийн 13 цагт Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулагдах юм байна.