Categories
мэдээ нийгэм

Хилчид донор болж, цусаа бэлэглэжээ

ЦССҮТ-өөс санаачлан сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон.

Энэхүү үйл ажиллагааг дэмжин, өчигдөр ХХЕГ болон Хилийн 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын бие бүрэлдэхүүн донор болж, цусаа бэлэглэжээ.

Энэ үеэр ХХЕГ-ын удирдлагуудын санаачилгаар ЦССҮТ болон МУЗН-тэй хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг Хил хамгаалах байгууллагын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Зөрчил гаргасан аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Сансар орчимд хууль сурталчлах ажлыг хийжээ. Энэ үеэр аж ахуй нэгжүүд хэд хэдэн удаа зөрчил гаргаж байсан талаар судалгаа, дүн шинжилгээгээ хийгээд 11 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Цаашид цагдаагийн байгууллагын зүгээс үйл ажиллагааг цуцлах, зогсоох гэхээсээ илүү хууль тогтоомжоо мөрдөж ажилла гэдгийг зөвлөж байгаа аж. Цагдаагийн байгууллага ямарваа бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Зөвхөн хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаач. Ингэснээр гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурах юм гэдгийг тус хэлтсээс зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Энэ өдрүүдэд түүхт 349 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзлаа. Тэд “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурав. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь “Майнд-Теч” ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн “Эрдэнэт фүүдс” гурилын үйлдвэр, Булган аймгийн “Сүмийн нуга” хоршооны үйл ажиллагаатай тус тус танилцана.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Загдлын ногоочин С.Батхүүгийн хүнсний ногооны ургац хураалтын байдал, Баруунбүрэн сумын “Бүрэн оргил од” ХХК, “Ивэнтүрүү” ХХК, Булган аймгийн Хангал суман дахь Улсын тэргүүний тариаланч хамт олон “Молор эрдэнэ түрүү” ХХК-ийн тариалалт, ургацын байдалтай танилцаж, ногоочид, тариаланчидтай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Чинбатын Номин: “Авьяаслаг монголчууд” шоу өөрсдийгөө таних нэг боломж маань юм

Монгол HD телевиз “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгээ энэ сарын 20-нд үзэгчдэд хүргэх гэж байна. Дэлхийн хамгийн олон улс оронд гарсан, хамгийн олон үзэгчтэй энэ шоу нэвтрүүлэг нь ”Их Британийн “Syco entertainment” болон “Fremantle Media” компанийн хамтын бүтээл юм. Уг шоу нь дэлхийн 67 оронд хийгдэж, 193 улсад хүрчээ. Дэлхийн даяар 500 сая хүнд хүрсэн гэдэг юм байна. Youtube дээр одоогоор зургаан тэрбум хүн энэ шоуг үзсэн байна. 2014 онд Афганистан, Азербайжан, Камбож, Исланд, Мексик, Мъянмар, 2015 онд Монголд гарахаар болж байгаа аж. “Авьяаслаг монголчууд” шоуны урьдчилсан шал­гаруу­лалтад улс орон даяарх авьяастнууд 1000 гаруй үзүүлбэр үзүүлжээ. Шилдэг оролцогчийн шагнал 100 сая төгрөг. Харин шоу нэвтрүүлгийн өртөг одоогоор тэрбум даваад байгаа аж. Монгол HD телевиз “Авьяаслаг монголчууд” шоуг хийх эрхийг хэрхэн авч, хэрхэн хийж үзэгч олондоо хүргэхэд бэлэн болоод байгаа талаар тус телевизийн ерөнхий захирал, “Авьяас­лаг монголчууд” шоу нэвт­рүүлгийн ерөнхий продюссер Чинбатын Номинтой ярилцлаа.

-Дэлхийн телевизүүдээр маш олон том шоунууд, энтертайнмэнт хөтөлбөрүүд явдаг. Тэр дундаас чухам яагаад “Got talent” шоуг сонгож авч хийх болов?

-Энэ чиглэлийн нэвтрүүлэг бол маш олон төрөл байдаг л даа. Дууных, бүжгийнх, дан ганц хөгжмийнх зэрэг яг “Got talent” гээд авьяастнуудад зориулсан олон нэвтрүүлэг байдаг. Энэ олон нэвтрүүлэг дундаас манайх яагаад энийг сонгосон бэ гэвэл, энэ нэвтрүүлэг маш олон оронд гарсан. Гарсан газар болгондоо хамгийн олон үзэгчтэй байж чадсан. Хоёрдугаарт, зөвхөн нэг төрлийн авьяастныг тодруу­лаагүй, маш олон төрлийн авьяастныг тод­руулж байгаа учраас бид монголчуудынхаа авьяасыг хөгжүүлэх үндэс болох юм байна гэж харж, ийм зорилгоор сонгож авсан. “Got talent” бол бусад нэвтрүүлгээс хүнд. Бид бүтэн нэг жил үүн дээр ажиллаж байна. Одоо ч дуусаагүй байгаа шүү дээ. Энэ бол телевизийн үйл ажиллагаа явуулдаг салбартаа гадаадын аль ч оронд бүх төрлийн юмыг хий­гээд сурчихсан хүмүү­­сийн барьж авдаг нэвт­рүүлэг юм. Хамгийн хүнд нэвт­рүүлэг. Жишээ нь, баримтат нэвтрүүлэг хийж сурсан байх хэрэгтэй, мэдээ мэдээлэл бэлтгэдэг, энтертайнмэнт хийдэг, шууд нэвтрүүлэг маш сайн хийж чаддаг болчихсон, дээрээс нь хүний эмоцийг гаргаж чаддаг болчихсон байх гэхчилэн бүх төрөл жанр дээр ажиллаад оргилд нь хүрчихсэн газрууд авч хийдэг нэвтрүүлэг л дээ. Бид маш хүнд нэвтрүүлэг сонгож авсан. Яагаад заавал ийм хүнд нэвтрүүлэг сонгож, хийж байна гэвэл, Монголын авьяастнуудыг тодруулахад хамгийн дөхөм нэвтрүүлэг юм байна. Бид энэ салбарт соён гэгээрүүлэх зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ бол хамгийн зөв контент юм байна гэж сонгож авсан.

-Танай продюссор Лхагва хэлж байна л даа, манайх энэ нэвтрүүлгийг хийж бай­гаа сүүлийн орнуудын нэг болж байна гэж. Саймон Коуэл үүнтэй холбогдуулж бас жижигхэн ишлэл хэлж монголчуудад баяр хүргэсэн гэж байсан. Манайд бас л олон үзэгчтэй болох байх л даа. Гэхдээ тэрбумаар хэмжигдэж байгаа том төс­лийнхөө үзэгчдийн тоонд урьдчилсан тооцоо хийсэн байгаа юу, үгүй юу. Манай нөхцөлд ер нь ямар байх бол?

-Яг үнэндээ бид залуу хүмүүсийн зоригоор яваад орчихсон л доо.

Онгодтой сайхан юм хийе гэсэн залуу хүмүүсийн эрч хүчээр л орсон. Түүнээс биш төчнөөн хүн үзнэ гэж тооцоолоогүй. Гэхдээ энэ нэвтрүүлэг очсон орон болгондоо гарсан тухайн цагтаа байнга хамгийн багадаа нийт үзэгчдийнхээ 70-аас дээш хувийг нь авдаг үзүүлэлт байгаа учраас бид найдаж байна л даа. Аль ч, тив аль ч оронд байгаа хүмүүс мэдээж соёлын хувьд өөр өөр ч гэсэн тэр олон улсуудад батлагдчихсан нэвтрүүлэг учраас бид тэр баталгаан дээр нь хийж байна. Бид тэр улсуудтай очоод уулзаад ярьж байхад Монгол хамгийн сүүлийн орнуудын нэг, Монгол одоо болтол хийгээгүй байгаа гээд ярихад яагаад бид хийж чадахгүй гэж, яагаад бид бусад орнуудын адил хийж чадахгүй байх вэ гэсэн нэг тийм монгол хүний омогшил төрж байгаа юм. Дээрээс нь дэлхийд монгол хүмүүс авьяастай шүү гэдгийг гайхуулах цаг болсон гэж үзэж зоригтойгоор хийж байгаа. Түүнээс биш арыг нь хараад айхтар төлөвлөсөн юм байхгүй.

-Ерөнхий продюссерээр ажиллаж байгаагийн хувьд та орон даяарх нийт орол­цогч­­дын дунд хэрхэн ажиллаж байна вэ. Энэ их өргөн уудам нутгаар явж, олон хүмүүсийн авьяас, хүсэл эрмэлзлийг хуваал­цаж явахдаа та юу анзаарав?

-Бид дөрвөн бүс, 18 аймгаар орж анхан шатны шалгаруулалтаа хийлээ л дээ. Эхлээд гадуур хүмүүстэй уулзаад ярилцаж байхад ер нь язгуур урлаг маань мөхмөл байгаа, монгол хүмүүс урлагт тийм ч ойрхон биш, эмоци багатай гэсэн үгсийг олон хүмүүс хэлж байсан. Ингээд тойроод явж байхдаа бид нэгдүгээрт, Монгол орон маань үнэхээр том юм байна гэдгийг мэдэрсэн. Хоёрдугаарт монголчууд бид авьяастай юм байна гэдгийг мэдсэн. Мөн язгуур урлаг хөдөө орон нутагт хөгжиж байгаа нь харагдсан л даа. Аймаг болгон өөрийн гэсэн театртай. Аймаг дотроо сум болгон соёлын төвтэй, бараг цаашлаад баг болгон өөрийн гэсэн соёлын төвтэй болчихсон байна. Тэр төвүүд дээр улсаас 4-5 хүнийг цалинжуулаад соёлыг түгээж байна. Тэгэхээр манай улс соёл түгээх тал дээр маш их хүч хөрөнгө оруулаад явж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Тэгээд хөдөө орон нутагт очиход дунд сургуулийн бага дунд насны хүүхдүүд хотынхноос олон дугуйланд явдаг, бүгд хичээлээ тараад ямар нэг дугуйланд хичээллэдэг юм байна лээ. Тэр нь их сайхан санагдсан шүү.

-Бодит байдал үнэхээр ийм байна уу?

-Яг бодитой байна. Бид нар бас яг тийм байдаг гэж бодоогүй. Сумдад соёлын төв байгаад зогсохгүй тэр төвдөө уран бүтээл хийдэг хүмүүс байна. Тэгээд явж байхад хүүхдүүд бүр орчин үеийн бүжиг бүжиглэх, хүний санаанд оромгүй дуу дуулах, яг тэр Youtube-ээр дамжуулаад суралцдаг юм байна. Тэр бол үнэхээр гайхамшигтай санагдсан. Бид нар бүр алслагдсан аймгуудаар, Ховд, Увс, Говь-Алтайгаар орлоо шүү дээ. Говь-Алтайн Баянтоорой гээд тосгон байна. Тэр тосгон гэхэд л соёлын төвтэй. Соёлын төвд нь ямар ч байсан хүмүүс тайлан тоглолтоо хийдэг гэж ярьж байна. Тэр бол надад үнэхээр сайхан санагдсан.

-Сумдад интернэт хэр зэрэг хүрсэн байна вэ?

-Жишээ нь, энэ Баян­тоорой суманд ганцхан мобиком ажилладаг юм байна. Түүгээрээ дамжуулаад интернэтдээ ордог гэж байна. Говь-Алтайн Бигэр суманд амьдарч байгаа хүүхдээс би “Чи яаж ийм дуу бүжиг сурсан бэ” гээд асуухад би интернэтээр сурсан гэж хэлж байгаа юм. Тэгэхээр интернэт тэнд байгаа болоод л тэгж байгаа байх л даа.

-Олон нийтийн хүлээж авсан мэдээллээр ялагчийн шагнал 100 сая төгрөг, шоунд нийт нэг тэрбум төгрөг зарцуулж байгаа. Гэтэл энэ шоунд зөвхөн бичлэг хийж байгаа техникийн хүчин чадал, түүн дээр ажиллаж байгаа техникийн ажилтнууд гэхэд л маш олон хүн байгаа юм байна. Нэгэн зэрэг 32 камераар бичдэг гэж дууллаа. Тэгэхээр шоунд зарцуулж байгаа төсөв анх мэдээлсэн хэмжээндээ багтаж байгаа юу. Үндэсний хөрөнгө оруулагчдыг хэрхэн татан оролцуулж байгаа вэ?

-Ер нь Монголд ийм хэмжээний хөрөнгө оруулсан шоу гараагүй байгаа. Бид анх нэг тэрбум төгрөгийн шоу болно гэж мэдээлж байсан. Тэрнээсээ манай төсөв давсан. Одоогоор 1,5 тэрбум гаруй төгрөг зарцуулчихаад байна. Шоу дуусаагүй байгаа шүү дээ. Харж л байна. Үнэнийг хэлэхэд, бид үндэсний том хөрөнгө оруулагчидгүйгээр энийг хийж чадахгүй байх байсан. Бид нэн түрүүнд залуу хүний зоригоор энэ том төсөл рүү орсон. Гэхдээ хөрөнгөгүй бол мэдээж чадахгүй. Тийм учраас цаашаа гэрээ хийхээсээ өмнө бид хамгийн түрүүнд Монголынхоо томоохон хэмжээний компаниуд дээр л очно шүү дээ. Бидний хувьд, “Мобиком”, “Хас”, “Гацуурт” гэдэг гурван компани 100 хувь ивээн тэтгэж санхүүжилт гаргаж өгч байгаа. Мэдээж эхлээд тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан, үүнээс хойших санхүүжилт дээр бид үнэхээр чардайж байна л даа. Хүндэрч байна. Гэхдээ энэ ивээн тэтгэгчдийн хувьд, залуучууд бид ингэж зориг гаргаж байгаа шиг энэ хүмүүс Монголын түүхэнд ийм өндөр хэмжээний зардалтай шоун дээр бидэнд тэр хэмжээгээр нь хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ хүмүүс бас бид нартай адилхан зоригтой алхсан байхгүй юу. Би бодсон л доо. Энэ хүмүүс яагаад ингэж зоригтой алхав гэж. Энэ хүмүүс мөн ялгаагүй Монгол Улсынхаа соёлыг хөгжүүлье гэсэн бодлогоор нэгдээд “Хас”, “Мобиком” хоёр нэг нь үндэснийхээ өвийг түгээгч, нөгөөх нь дэлхийд гайхуулах монгол авьяасыг нээх ийм хоёр зорилгоор бидэнтэй нэгдэж байгаа юм. Энэ хүмүүсгүйгээр бидний шоу бүтэхгүй байх байсан. “Гацуурт” компанийн хувьд, эрүүл хүн, эрүүл хүнс гэсэн бодлоготой. Гэхдээ эрүүл хүн төлөвшихийн тулд эрүүл юм үзэх ёстой гэсэн зорилгоор нэгдэж байгаа юм. Ер нь хийгдсэн бүх орондоо том ивээн тэтгэчдийн хүчээр бүтэж боссон нэвтрүүлэг юм.

-“Хас”, “Мобиком”, “Гацуурт” гурван компанийн улс орныхоо соёл, соёлын өвд хандаж байгаа зорилгыг та хэллээ. Хичнээн олон үзэгчтэй, нэр хүндтэй байлаа ч гэсэн тэрбум хол давсан зардалтай шоуны ашгийг та бүхэн чухам хэрхэн харж байгаа вэ?

-Мэдээж мөнгөн ашиг байхгүй. Гэхдээ манай телевизийн хувьд юугаараа ашигтай вэ гэвэл, манай бүх ажиллагсдын ур чадвар энэ шоуг хийснээрээ дахиад нэг алхам урагшилж байгаа юм. Энэ бол бидний хувьд мөнгөөр үнэлэгдэхгүй ашиг, үнэт зүйл юм. Бид энэ шоуг хийснээрээ Монголынхоо телевизийн хөгжилд бас нэг алхам нэмж байгаа болов уу гэж харж байгаа. Мөн энэ нэвтрүүлгээр дамжуулаад цаанаасаа бидэнд сургалт орж ирж байна. Олон улсын стандартын шоуг яаж хийдэг вэ гэдгийг зааж байна. Энэ бол манай телевизэд орж ирж байгаа том хэмжээний хөрөнгө оруулалт. Нөгөөтэйгүүр, энэ шоу нэвтрүүлгээр дамжаад манай үзэгчдийн тоо өснө гэж харж байгаа.

-Яг энэ шоу нэвтрүүлэг дээр гаднаас зөвлөх багш нар ирж ажиллаж байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Бид энэ нэвтрүүлгийн форматыг нь худалдаж авч байгаа шүү дээ. Энэ нэвтрүүлгийг чинь хийе гэхдээ танай завлөхүүдийг авчраад сургалт байдлаар юмнуудаа хийлгээд хамтарч хийе, мэдээж лицензээ худалдаж авъя гэсэн үг л дээ. Fremantle Media, Syco entertainment гэсэн энэ компаниудаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд давтагдсан тоогоор 20-иод хүн байнга ирж хамтран ажиллаж энэ шоунд оролцож, бид хийсэн юмаа тэр хүмүүс рүү явуулж хянуулаад дүгнэлтээ аваад ингээд явж байна. Нэг ёсондоо бидэнд байнгын сургалт болж байгаа юм л даа. Бидний хийгээд явуулсан ажлыг үнэхээр сайн болсон байна гэж хэлж байгаа.

-Эхний шатанд 1000 гаруй үзүүлбэр үзэж 250 гаруйг нь сонгон шалгаруулж шүүгчийн шатанд оруулж ирж байна гэлээ. Ийм шоунд тэр 250-ийг сонгох шүүлтийг хэн хийдэг юм бэ?

-Дэлхий даяар яг нэг процессоор явдаг юм. Тэр нь урьдчилсан шалгаруулалт юм. Урьдчилсан шалгаруулалтыг манай продюссерын баг, дээрээс нь мэргэжлийн хоёр хүн авч яваад 1000 гаруй үзүүлбэрээ үзээд хийсэн байгаа.

-Та ерөнхий продюссер нь. Тэгэхээр та их нарийн нандин юмс үзэж харсан байна шүү дээ?

-Мянга гаруй үзүүлбэрийг үзээд бид монголчууд үнэхээр авьяастай юм байна гэдгийг ойлгосон.

-“Got talent”-д хаана ч бүх насныхан оролцдог нь бас их сонирхол татдаг юм байна лээ. Таны харсан 1000 үзүүлбэрийн эзэн авьяастнуудаас насаар хамгийн бага нь, бас өндөр настай нь хэд орчим насныхан байв?

-Хамгийн бага нь гурван ойтой хүүхэд орж ирсэн. Хамгийн өндөр настай нь наян хоёр, гуравтай хүн байсан. Энэ дотор байгаагүй үзүүлбэр гэж байгаагүй. Анх би ярилцлага өгч байхдаа, ёстой л илбэчнээс эхлээд дуучин хүртэл, өөр бусад авьяас гэж үзэж байгаа юу л байна дуртайгаа хийгээд ороод ир гэж хэлж байсан. Яг л тийм юм болсон. Манай монголчууд үнэхээр дуучин ард түмэн юм гэдэг нь бас харагдлаа. Хөгшин гэж өөрийгөө голохгүй хүмүүс ордог юм байна. Ийм нялх гэж хүмүүс хүүхдээ боддоггүй юм байна лээ. Ерөөсөө бүх л төрлийн үзүүлбэрээр бүх насныхан орж ирлээ.

-Гурван ойтой хүүхэд аль нутгаас оров?

-Дарханд байх аа. Дарханд гурван настай хоёр ч хүүхэд орж байсан.

-Нээрээ л яг юуг авьяас гэж үзэх вэ гэдэг нь өөрөө бас сонин юм, тийм ээ. Дуулж хуурдахаас өөр бусад авьяастнууд хэр олон байх юм?

-Ер нь авьяас гэдэг бол зөвхөн дуулж хуурдах биш юм гэдэг л энэ шоу нэвтрүүлгээс харагдана. Нэвтрүүлгээ цацахаасаа өмнө тэр болгоныг яримааргүй байна л даа. Үзэх юм бол “энэ ч бас авьяас юм байна шүү” гэж бодтол хийдэг хүн ч байна.

-Үзэгчийн нүдээр харахад, манай монголчуу­дын бие биесээ, өөрөө өөрсдийгөө таньж мэдэх бас нэг гоё боломжийг энэ шоу олгож байгаа нь сонирхолтой?

-Энэ бол бид соёлоороо өөрсдийгөө мэдэх нэг боломж болов уу гэж харж байгаа.

-Шүүгчид, хөтлөгч нарыг сонгоход дээрх хоёр компанийн саналыг бас харсан байх. Тэднийг ямар зарчмаар сонгон шалгаруулдаг юм бэ. Мөн танай телевиз нэвтрүүлгийн эрхийг худалдаж авахдаа дээрх хоёр компанийн өмнө ямар үүрэг хүлээж байгаа вэ?

-Шүүгчдийн тухайд, зарчим нь эхлээд хүмүүсээ санал болгоно. Анх бид хориод хүн санал болгосон. Тэр хүмүүст маш олон шалгуур байгаа. Жишээ нь, гэр бүлийн нэвтрүүлэг учраас гэмт хэрэг янз бүрийн юманд орсон хүн байж болохгүй гэдэг ч юм уу энэ мэтчилэн цаанаасаа шалгууртай. Тэр шалгууруудын дагуу хориод хүнээс найман хүн үлдсэн. Тэр найман хүнээс дөрвөн хүнийг сонгосон. Сонголтыг бид дээрх хоёр компанитай хамтарч хийсэн.

-Нутаг нутгийнхны авьяас, ахуй амьдрал, хүсэл тэмүүллийг зах зухаас нь хараад явж байхдаа та юу мэдэрч явав. Хувийн мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?

-Би юун түрүүнд эх оронтойгоо танилцлаа гэж бодож байгаа. Монголынхоо ард түмэнтэй танилцлаа. Хамгийн бахдууштай нь, соёл бол түгээгдэж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Энэ сайхан байлаа. Мөн манай монголчууд үнэхээр авьяастай хүмүүс юм байна гэдгийг харах сайхан байсан даа.

Categories
мэдээ цаг-үе

Усайн Болт “Рио-2016” олимпийн наадмаас өмнө Монголд очно гэжээ

Дөрвөн өдрийн
өмнө Усайн Болт “Ямайкийн ард түмний төлөө би эцсийн хүчээ шавхлаа. Энэ бол ард
түмний минь ялалт” гэж жиргэжээ. Уг жиргээ түүний дэлхийн аваргын 11 дэх алтан
медалиа авсны дараахь сэтгэгдэл. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо болсон
хөнгөн атлетикийн ДАШТ-д түүнийг хэрхэн “нисэхийг” дэлхий тэр аяараа харж
байлаа. Олон сарын турш үргэлжилсэн бэртлийн дараа урьдынх шигээ гүйж чадах уу,
Гэтлин түүний өмнө гишгэж Болтыг гуниглуулах уу гэхчилэн олон таамаг байсан.
Үнэхээр л энэ удаагийн ДАШТ Болтоос зөвхөн алтан медаль шаардаагүй юм. Хөнгөн атлетикийн
түүхэн дээд амжилтуудыг эвдэж, гайхамшиг гэж юу байдгийг олонд харуул гэсэн
битүүхэн даалгавар байлаа. Тэр нь алдарт тамирчин Карл Луис, Б.Жонсон нарын
найман алтан медалийн урд бичигдэх хүндхэн сорилт байв. ДАШТ эхлэхээс өмнө
тэрээр хэвлэлийн бага хурал дээр “2008 оны олимпийн наадмыг битгий мартаарай.
Энэ удаагийн ДАШТ хаана болж байгаа билээ” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлжээ.
Нээрээ л “Бээжин-2008” олимпийн наадмын үеэр Усайн Болт жинхэнэ сенсаац тарьсан
даа. Эрэгтэйчүүдийн 100, 200 метрийн зайд болон 4*100 метрийн буухиа гүйлтэд
түрүүлэн Ямайкийн төрийн дууллыг гурвантаа эгшиглүүлсэн юм. Тэгэхээр яах
аргагүй Бээжин Усайн Болтод ээлтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй.

“Цахилгаан”
хочтой Болт 1986 оны наймдугаар сарын 21-нд Ямайка улсын Трелавни гэх жижигхэн
хотод төржээ. Тэдний удамд спортын хүн байхгүй. Аав ээж нь гудамжинд ногоо зарж
үр хүүхдээ тэжээдэг байсан гэдэг. Хүүхэд байхдаа ганц ахтайгаа хөлбөмбөг тоглох
дуртай байсан бөгөөд хөнгөн атлетикийн спорт гэж юу байдгийг ч мэддэггүй явжээ.
Харин сургуульд орсноор 100 метрийн төрөлд гүйж эхэлсэн байна. Түүнийг уралдаан
тэмцээнд оролцуулдаг Уиллям Нийб гэж багш “Хэн нэгэн чиний өмнө гишгэх л юм бол
бүх зүйл дууссан гэж ойлгоорой. Зөвхөн нэг тэмцээн дээр ч биш, насан туршид
чинь” гэж хатуухан сануулдаг байв. Болт ч багшийнхаа итгэлийг алдалгүй, 100
метрт хэнийг ч өмнөө гишгүүлэхгүй гэдгээ батлан харуулж байлаа. Улмаар Пабло
Макнэйл, Дэвэйн Баррет нар түүнийг дасгалжуулах болсноор хотынхоо хэд, хэдэн
тэмцээний 100 болон 200 метрийн зайд түрүүлжээ. Гэвч тэрээр өөрийгөө хэзээ ч
гүйлтээр амжилт олно гэж боддоггүй байсан гэнэ. Түүгээр ч үл барам бэлтгэл
хийхээс илүүтэй компьютер тоглоомд автдаг байжээ. Компьютерийн хойно нэг л
суусан бол хэд бол хэдэн цагаар “наалдаж” босохоо үл мэддэг муу зантай байв.
Энэ байдалтай нь Пабло Макнэйл тууштай тэмцсэнээр их спорт руу хөтлөн оруулсан
гэдэг.

2001 он түүний
амжилтын эхлэл байв. Унгарт болсон хөнгөн атлетикийн өсвөрийн ДАШТ түүний анхны
олон улсын тэмцээн болсон юм. Анх удаа дэлхийн аваргад оролцож байгаа болохоор
шагналын тавцан мөрөөдөлгүйгээр хувийн амжилтаа эвдэнэ гэсэн зорилготой явжээ.
200 метрт 21.73 секунд гүйж зорилгодоо ч хүрч. Гэтэл сайны хажуугаар саар
гэгчээр бэлтгэлийнхээ үеэр зодооны асуудал үүсгэсэн нь эгээтэй л их спортоос
хөөлгөчихсөнгүй. Хатуухан зэмлэл, хүн бүрийн үзэн ядсан харцны дараа тэрээр
бэлтгэлдээ шаргуу оржээ. Хожим энэ тухайгаа “Дараагийн дэлхийн аваргад яаж
гүйхийг минь хараарай. Тэр үед та нарын наад муухай хорон үг хэрхэн
өөрчлөгдөхийг заавал харах болно” гэж өөртөө ам тангараг өгсөн байдаг.
Амлалтдаа ч хүрч 2002 оны өсвөрийн ДАШТ-ий 200 метрийн зайд алтан медаль авлаа.
Эх оронд нь болсон тус тэмцээний дараа хүн бүр түүнд өөрөөр хандах болсон
байна. Дасгалжуулагч нар 1.96 метрийн өндөртэй, 15-хан настай хүүг үндэсний
шигшээ багтаа авсан бөгөөд улсынх нь Ерөнхий сайд өөрийн биеэр түүнтэй уулзан
гэр бүлээрээ Кингстон хотод шилжин ирэхийг урьсан байна. Түүгээр ч үл барам
Ямайкийн сонирхогчдын хөнгөн атлетикийн холбоонд бэлтгэл хийх, Технологийн их
сургуульд суралцах боломжийг олгожээ. Шаргуу бэлтгэл сургуулилтын хүчинд тэрээр
хоёрхон жилийн дараа мэргэжлийн тамирчин болсон түүхтэй. Гэсэн ч түүнд олимп,
дэлхийн дэвжээ тийм ч зөөлөн байгаагүй юм. 2004 онд болсон Афины олимпод
өөрийгөө гайгүй сайн гүйнэ гэж тооцоолж байсан ч бэртлийн улмаас дөнгөж
нэгдүгээр шатнаас хасагдсан байдаг. Харин дараа жилээс нь амжилтаа ахиулсаар
нэг мэдэхэд дэлхийн шилдэг тавд багтах болов. Өрсөлдөгч Асафа Повел, Хавиер
Картер, Тайсон Гэй нарыг ардаа орхихсон гэх тэсгэлгүй их хүсэл түүнийг ойрын
зайн “хаан” болгосон юм. 2006 оны Гран при тэмцээний үеэр 200 метрийн зайн дээд
амжилтыг 19.88 секунд болгон шинэчилжээ. Улмаар Афины цомын тэмцээнд мөнгөн
медаль, 2006 оны АНУ-ын Гран пригийн 200 метрийн төрөлд 36 жилийн турш хэний ч
эвдэж чадаагүй байсан 19.76 секундын дээд амжилтыг 0.11 секундээр урагшлуулсан
байна. Амжилтдаа урамшсан түүнийг 2008 оны Бээжингийн олимп хүлээж байлаа.
Бээжинд 200 метрийн зайд 19.30 секунд хурдалж 1984 оны Лос Анжелосын олимпийн
наадмын үеэр Майкл Жонсоны тогтоогоод байсан 19.32 секундын амжилтыг эвдэв. Энэ
өдөр түүний 22 насны төрсөн өдөр байлаа.

Амжилт үүгээр
зогссонгүй. 100 метр болон 4*100 метрийн буухиа гүйлтэд аваргалж дэлхийн дээд
амжилтуудыг нэгэн дор эвдсэн түүнийг дэлхий даяар “Цахилгаан” Болт хэмээн
нэрлэх болсон юм. Олимпийн наадмаас бусад түүний оролцсон тив, дэлхийн
тэмцээнийг тоочиж барамгүй. Нэг олимпоос гурвын гурван алтан медаль авсан
түүнийг 2006 оны дэлхийн шилдэг эрэгтэй тамирчин болгосон байна. Шагналынхаа
дараахан Берлиний ДАШТ-ий үеэр дахиад л олныг гайхашруулан өөрийнхөө тогтоосон
дээд амжилтуудыг 0.11 секундээр ахиулжээ.
Энэ хугацаанд тэрээр Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны оны шилдэг
тамирчнаар таван удаа, Ямайкийн оны шилдэг тамирчнаар таван удаа, “BBC”
агентлагаас шалгаруулдаг хилийн чанад дахь оны шилдэг тамирчнаар гурван удаа
шалгарсан. Дэлхийн супер од тэрээр “Рио-2016” олимпийн наадмын дараа зодог
тайлна гэдгээ энэ оны хоёрдугаар сарын 14-нд албан ёсоор мэдэгдээд байгаа
билээ.

Хувийн амьдралын
тухайд тэрээр гэр бүл зохиож хараахан амжаагүй байгаа. Мэдээж хэрэг найз
бүсгүйчүүд байлгүй яахав. Британийн шигшээ багийн тамирчин Меган Эдвардс,
Словакийн загвар зохион бүтээгч Любица, хөгжимчин Эванс, “Манчестер Юнайтед”
багийн үнэнч фэн Ребекка, Лиза Гейли гээд олон бүсгүйтэй үерхэж байв. Тэр
дундаас хамгийн удаан үерхсэн нь Любица. Хосуудыг удахгүй гэр бүлээ батлуулна
гэж нэг хэсэг хэвлэлээр шуугисан ч удалгүй хоёр тийшээ болсон юм. Өдгөө тэрээр
АНУ-д хоёр ч эдлэн газартай хангалуун амьдарч байгаа. Бас Лондонд шилтгээнтэй
гэх юм билээ.

Жилийн 7.1 сая
фунтын орлоготой дэлхийн одыг Монголд ирэх тухай яриа сонсогдож эхэлсэн.
Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд өнгөрсөн ДАШТ-ий дараа Усайн
Болттой уулзаж эх орондоо урьжээ. “Монголд хөнгөн атлетикийн спортыг
хөгжүүлэхэд таны оруулах хувь нэмэр их бий. Манай улсад албан ёсоор айлчилна
уу” гэх хүсэлтийг Болт хүлээн авч “Рио-2016” олимпийн наадмаас өмнө амжиж ирэх
тухай ярьсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулагчид төр, засгаас “популизмгүй уул уурхай”-г хүсэв

“Далайд гарцтай
бол та дэлхийг ажигла, дэлхийн эдийн засагт үйлчил, хэрвээ далайд гарцгүй бол
хөрш орныхоо эдийн засгийг ажигла, хөрш орондоо үйлчил гэсэн үг бий. Сүүлийн
үед байдал хэцүүдэж байгаа. Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн уналт 2008 оны
санхүүгийн уналттай харьцуулбал хоёр дахин хурдацтай өрнөж байна. Хөрш орны эдийн засаг ч таагүй хэвээр байх
шинжтэй. Жишээ нь саяхан Хятадын үнэт цаасны зах зээл дээр богино хугацаанд маш
том уналт ажиглагдлаа. Гарсан алдагдлыг нь Оюутолгойтой харьцуулбал асар их тоо
гарна. 520 Оюутолгойтой дүйцэхүйц хөрөнгө шатаад алга болчихлоо. Төв банкуу­дын
бодлогын хүү нэмэгдэж, дэлхийн санхүүгийн байдал улам чангарсан ийм нөхцөлд бид
мега төслийн талаар ярихаас аргагүй” гэсэн үгээр М.Энхсайхан илтгэлээ эхэллээ.
“Корпорэйт конвэншин” төвд өчигдөр эхэлсэн
“Дисковер Монголиа” чуулганы сонирхолтой илтгэлүүдийн нэг нь түүнийх
байв. Тэр илтгэлээ “Мега төслүүд: Алдаа оноо” хэмээн гарчиглажээ. Олон улсад
хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллараас давсан төслийг мега төсөлд тооцдог
гэнэ. Гэхдээ бүхэл бүтэн улсын эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээний төслийг мега
төсөлд багтааж болно гэсэн санааг М.Энхсайхан илтгэлдээ онцолсон.

“Independent
project analyses” гэдэг байгууллага жил бүр дэлхийн хэмжээний 800 мега төсөл
дээр анализ хийдэг юм байна. Мега төслийн алдаа, оноог шинжилж байгаад арга зүй
боловсруулдаг аж. Энэ байгууллагынхан боловсруулсан арга зүйгээ дэлхийн том
компаниудад хичээл болгож заадаг гэж
илтгэгч ярив. М.Энхсайханы илтгэлээс
“Мега төсөл асар эрсдэлтэй. Хэрвээ мега төслийг зөв ойлгохгүй бол дэмий л
мөнгө, цаг хугацаагаа алдана.

Үүнийг төр засаг,
хувийн хэвшил аль аль нь бодох хэрэгтэй. Ер нь тэрбум ам.доллараас давсан мега
төслүүдийн гуравны хоёр нь унадаг. 500 сая ам.доллараас дооших төслүүдийн 40
хувь нь унадаг. Тэгэхээр мега төслийг боловсруулж, дэлхийн зах зээлээс хөрөнгө
босгоно гэдэг маш нарийн арга зүй шаардсан ажил. Мега төсөл нэг бол унана,
эсвэл босно, дундуур нь явна гэсэн ойлголт байхгүй” гэсэн өгүүлбэр содон
сонсогдсон. “Мега төсөл харьцангуй шинэ
үзэгдэл, бие даасан шинжлэх ухааны судлагдахуун. Одоохондоо мега төсөл дэлхийн
хэмжээнд санхүүгийн баялгийг бүтээгч биш, санхүүгийн баялгийг устгагч байгаа.
Үүнийг юуны өмнө анхааралдаа авах ёстой” гэсэн үгийг нь хөрөнгө оруулагчид
анхааран сонслоо. Мега төсөл бүтэлгүйтдэгийн үндсэн шалтгааны нэг нь яарах
гэнэ. Төр засгийнхан сонгуульд оноо авахын тулд, тууз хайчлах гэж мега
төслүүдийг яаруулдаг аж. Дэлхийн том
компаниуд ч ийм алдаа гаргадаг бололтой. Захирлууд нь ажиллах хугацаандаа
амжилт гаргах гэж адгах тохиолдол цөөнгүй гардаг юм байна. Мега төслийг
хэрэгжүүлэх гэж хэчнээн яарна тэр хэмжээгээр төслөө ална гэсэн бодмоор санааг
илтгэгч онцлов. Бүр “Мега төслийн төмөр хууль” гэсэн нэршил ч байдаг аж. Ингэж
унасан төсөл эргэж сэргэдэггүй нь хамгийн том аюул гэнэ.

Мега төслийг мега
мөрөө­дөл, мега хөтөлбөрөөс ялгах хэрэгтэй гэсэн санаа ч содон дуулдсан.
Илтгэгч мега төсөлд Таван толгой, Оюутолгой гэх мэт хэрэгжих нь тодорхой,
хэрэгжээд эхэлчихсэн, ашгаа өгөх нь ойлгомжтой төслүүдийг багтаана лээ. Харин
Сайн­шан­дын аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт өчнөөн жил яригдсан ч хэрэгжих
эсэх нь, өгөөжтэй өгөөжгүй нь мэдэгдэхгүй заримыг нь мега хөтөлбөр гэж
нэрлэсэн. Эднийг хольж, хутгаад байгаа учраас мега төсөл явахгүй байна гэж
оношилсноо “Дисковер Монголиа”-гийн индрээс дуулгав. М.Энхсайхан “Мега мөрөөдлийг мега хөтөлбөр болгохын тулд
судалгаа хэрэгтэй. Хөтөлбөр бол бизнесийн гэхээсээ илүү нийгэм, улс төрийн ач
холбогдолтой. Хөтөлбөр олон мега төслөөс бүрдэх ёстой. Төсөл бүр үр ашигтай
байх учиртай. Тэгж байж мега төсөл, хөтөлбөр, мөрөөдөл ялгарна” гэж ялгааг нь
тоймлов. Мега төслийн өгөөж хоёр оронтой тоогоор яригдаж байж л өнөөдрийн
өрсөлдөөнтэй зах зээлээс мөнгө босгоно, суурь судалгааг нь сайн хийж байж л мега төсөл амжилттай
хэрэгжинэ гэсэн санаанууд түүний илтгэлийн анхаарал татахаар хэсэг байлаа.
Суурь судалгааны алдаа манайд хэрэгжих учиртай ихэнх мега төслийг гацааж,
нурааж байгаа гэнэ.

П.Очирбат:
Таван толгойн гацааны гол шалтгаан нь
улс төр

Мега төслүүдийг
хэрэгжих боломжтой, боломжгүйгээр нь ангилснаа ч сонирхуулав. Хөрөнгө
оруулагчдад “Гэрэл сүүдэр” гэсэн тусгай слайд харуулж байгаад ярив. Хэрэгжих
боломжтой, гэрэлтэй төслүүдийн эхэнд Оюу
толгойг тавьжээ. Хоёрт нь Таван толгой төслийг онцолжээ. Илтгэгч “Таван толгойг өөдрөгөөр төсөөлөөд
гэрэл рүү жаахан дөхүүлсэн” гэсэн тайлбар дайв. Таван толгойн гэрээ яах нь
тодорхойгүй энэ үед М.Энхсайхан юу хэлэх бол гэсэн хүлээлт танхимд цугларагсдад
байсан юм. Тэр Таван толгой төсөл дээр “Бизнесийн гэхээс илүү нийгэм эдийн
засгийн ач холбогдолтой төсөл. Энэ төслийн хувьд зах зээлээс биш засаг хоорондын харилцаагаар
хөрөнгө мөнгө босгох шаардлагатай цаг үе ирчихсэн. Таван толгойн нүүрсний
уурхайн төслийг УИХ-д анх өргөн барьж
байхад би нэг л үг хэлсэн. Энэ төслийн
бүтэх унах магадлалыг тавь, тавин хувь
гэж хэлж байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн. Одоо бол бүтэх магадлал арав хүрэхгүй
хувь байгаа. Тэрнээс хойш дэлхийн байдал, нүүрсний зах зээл, гол хөрш Хятадын
дотоод байдал асар их өөрчлөгдсөн. Цаашид ч хурдтай өөрчлөгдөнө. Гэхдээ энэ
төслийг бүтээхийн төлөө ажилласаар байх хэрэгтэй. Одоогийн нөхцөлд компаниудын
хэмжээнд л жижигхэн параметрүүд дээр засамжлах маягаар хэлэлцээр хийх гэж
оролдож байна. Энэ хэлэлцээр хэр үр дүнд хүрэхийг хэлэхэд хэцүү. Үүнтэй Таван
толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам холбоотой” гэсэн тайлбар хэлэв.
М.Энхсайхан Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг хөтөлбөрийн шинжтэй том
төслүүдийг “Сүүдэрт багтаасан. Одоогоор ямар ч гэрэл алга” гэж тодорхойллоо.

Чуулганы эхний
хэсгийн хуралдааныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хөтөлсөн юм.
Тэрээр М.Энхсайханы илтгэлийн дараа “Илтгэгч сая мега төслийн гол гацаануудыг ярилаа.
Гэхдээ дипломат хандлага гаргасан уу,
нэг хүчин зүйлийг ярьсангүй. Мега төсөлд эдийн засгийн суурь судалгаанаас гадна
улс төрийн хүчин зүйлийг онцолсонгүй. Таван толгойн хэлэлцээ муу болсон гэж
хэлэх аргагүй. Эдийн засгийн шалтгаанаас болсон уу, захиргааны сэтгэлгээгээр
нураасан уу гэдгийг ялгаж салгах, хэлэх цаг нь болсон. Төмөр зам ярихаар л ураг­шаа
тавина гэвэл улс төр болчихдог. Хойшоо тавина гэхээр ямар ч маргаангүй, эдийн
засаг, дэд бүтцийн асуудал болоод явчихдаг. Шуудхан хэлэхэд улс төрийн нөлөөлөл
эдийн засагт их байна. Таван толгойн гацааны гол шалтгааны нэг нь улс төр” гэж
ярив.

Оюу
толгой үржүүлэгч нөлөөгөөр есөн тэрбум
ам.доллар өгнө

Оюу толгойн далд
уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл зөвхөн хөрөнгө оруулалтын үржүүлэгч
нөлөөгөөр гэхэд л есөн тэрбум ам.доллар эдийн засагт орж ирнэ гэсэн мэдээ
“Дисковер Монголиа”-гийн индрээс дуулдсан гэгээтэй мэссэжийн нэг байлаа.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Рио тинто” компанийн Монгол дахь захирал
С.Мөнхсүх “Оюу толгой: Далд уурхайн бүтээн байгуулалт” гэсэн илтгэл тавьсан юм.
Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэдэгт бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд
ком­панийн улсад төлөх татвар, төсөлд ханган нийлүүлэлт хийх монгол компаниудын
ашиг, орлого гээд шууд хөрөнгө оруулалтаас бусад өгөөж багтдаг юм. Оюу толгой
төслийн санхүүжилтийг олон улсын 15 банк, санхүүгийн байгууллага консорциум
болж хийх гэнэ. Зургаан тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх байх гэсэн
урьдчилсан тооцоо гарчээ. Оны сүүл гэхэд судалгаа дуусч, Оюу толгой төслийн
зардлыг нарийвчилж гаргах юм байна. Далд
уурхайн барилгын бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжлэх аж. Сонирхуулж хэлэхэд Оюу
толгойн ордод нэмэлт хайгуул хийж эхэлжээ. Нөөц нэмэгдвэл энэ уурхайг зуун жил
ч ашиглах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид найдаж байгаа аж. Өөр нэг таатай
мэдээ гэвэл далд уурхайг ашиглаж эхлэхэд
зэсийн үнэ эргээд өснө гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байгаа юм билээ.

Монголыг
орхисон хөрөнгө оруулагчид эргэж иржээ

Арван гурав дахь
жилдээ болж буй “Дисковер Монголиа”-д энэ жил 300 гаруй хөрөнгө оруулагч
оролцож байна. Өнгөрсөн жил 250 гаруй хүн ирснийг бодоход оролцогчдын тоо өссөн
гэж зохион байгуулагчид нь онцолж байлаа. Зохион байгуулагч нь Монголын уул
уурхайн үндэсний ассоциаци гэдгийг уншигчид андахгүй. “Дисковер Монголиа”-д
ирсэн хөрөнгө оруулагчдын тавны нэг орчим нь гадныхан гэнэ.

Жил бүрийн
“Дисковер Монголиа”-гийн үеэр үзэсгэлэн гардаг. Энэ жил үзэсгэлэнд оролцогчдын
тоо эрс буурчээ. Оргил үедээ зуу дөхөж байсан бол энэ удаа 49 компани л
үзэсгэлэнд оролцож байна. “Корпорэйт”-ийн гурван давхарт гарсан үзэсгэлэнгээр
ороод гарахад л оролцогчид эрс цөөрсөн нь анзаарагдаж байв. Жил жилийн
үзэсгэлэн хайгуулынхан, уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээ
нийлүүлдэг ханган нийлүүлэгчид голчилж оролц­дог аж. Бизнес нь унасан учраас
өмнө нь ирдэг бай­сан ханган нийлүүлэгч, хайгуулын­хан оролцоогүй гэнэ.

Дисковери
өнгөрсөн жил “Эргэж ирээрэй” гэсэн уриатай байсан бол энэ удаа “Популизмгүй уул
уурхайн төлөө” гэсэн уриатай болж байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн
ерөнхийлөгч Н.Алагаагаас ийм уриа сонгох болсон шалтгааныг нь сонирхоход “Популизмын хамгийн том жишээ бол Гацуурт.
Өрнөдийн л хөрөнгө оруулалттай болохоос уул уурхайн дунд хэмжээний төсөл. Ийм
төслийн УИХ-аар гурван удаа хэлэлцээд урагшлуулахгүй байгааг популизм гэхээс
өөр юу гэхэв. Таван толгой дээр популизмаас гадна том бүлэглэлүүдийн зодоон бий
гээд байгаа. Энэ яриа үнэн бол популизмаас
хол гэж бодъё. Оюутолгойн санхүүжилтийг зогсоогоод гурван жил болно гэдэг
бол популизм. Өрийн тааз гэдэг шиг
популизмын тааз дуусах ёстой. Бүлэглэлүүдийн том зөвшилцлөөр, асуудлыг
хурцатгахгүйгээр ярилцаж зөвшилцөөд зөв замаар явах хэрэгтэй. Популизм олон
шалтгаантай. Эрдэс баялгийн үндсэрхэг үзэл гэж айхавтар юм байна. Олонхи нь
мэдлэггүй учраас мал үхлээ хордлоо гэдэг. Хэсэг улс тэр сул талыг нь
далимдуулж, бусдад таалагдах гэж худлаа мэдээлэл түгээдэг. Тэдний дэгдээсэн
сенсаци төрөөс гарч байгаа шийдвэрт нөлөөлөөд олон жил боллоо л доо. Үүнийг
зогсоох цаг болсон гээд ийм уриа сонгосон. Олон хүнд таалагдахгүй байж
магадгүй. Гэхдээ бодит байдал ийм учраас өөр арга алга” гэсэн тайлбар хэлэв.

Энэ жилийн
чуулганд өмнө нь Монголд ирээд 2008 оны хямралын үеэр лицензээ шилжүүлээд
буцсан жуниор компаниуд ирсэн гэж зохион байгуулагчид нь олзуурхаж байв. Эргэж
ирсэн хөрөнгө оруулагчид баруун аймагт зургаа, долоон лиценз авсан гэнэ. Оюу
толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж байсан Өмнөд Африкийн нэг иргэн Швейцарь, Европын холбооны улсуудад уул
уурхайн чиглэлээр ажилладаг компаниудтай хамтарч Монголд хөрөнгө оруулахаар
иржээ.

Хайгуулын
лиценз том компаниудад очихгүй байна гэв

Өмнөх чуулга
уулзалтуу­дын үеэр хоёр дахь өдөр нь болдог байсан Засгийн газрын цаг энэ удаа
эхний өдрөө боллоо. Засгийн газрын цагт Уул уурхайн яам, БОНХАЖЯ, АМГ, МХЕГ-ын
төлөөлөл оролцсон. Хайгуулын лиценз олголт удаан, муу байна гэсэн гомдол
хөрөнгө оруулагчдын зүгээс их гарав. Эрдсийн шинжээч Дэйл Чой гэхэд л “Миний
харилцдаг гадны компаниудын аль нь ч авч чадаагүй. АМГ-ын дарга сая хангалттай
хурдтай биш, ачаалал дийлэх тал дээр асуудалтай гэж ярилаа. Систем нь
төлөвшөөгүй юм байна гэж ойлголоо. Би сая дугаар олгосон 120 компанийн
жагсаалтыг харлаа. Ихэнх нь нэрд гараагүй, том биш компани байна. Хайгуул
өчнөөн сая ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Лиценз авсан жижиг компаниуд
яах нь тодорхой. Лицензээ хий дэмий дарж байгаад үнэ хүргэж зарах арга л хайна.
Лицензийн наймаа эргэж цэцэглэхээс өөр үр дүн гарахгүй. Баялгаа хайлгаж олуулах
сонирхол төрд байхгүй байгаа юм биш үү. Та хайгуулын компаниудад тодорхой
тайлбар өгөөч” гэсэн асуулт тавив. АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа түүний асуултад “Би систем доголдолтой гэж
хэлээгүй. Зөвхөн санхүүжилт сайн, мэргэжлийн компанид олгоно гэсэн хуулийн
заалт байхгүй. Цахимаар сонгогдсон компаниуд гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн
хариу өгсөн юм. “Дисковер Монголиа” өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: “Harvoni” эмийн 1200 ам.долларын үнэ нь цаад үнээсээ бараг 100 дахин хямд байгаа

Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Ж.Амарсанаатай элэгний С вирусыг 98 хувь эмчилдэг гэгдээд байгаа “Harvoni” эмийн талаар ярилцлаа.

-“Harvoni” эмийг Монгол Улс эмийн бүртгэлдээ өнгөрсөн долдугаар сард бүртгэж авсан. Иргэдийн дунд энэ эм хэзээ орж ирэх талаар хүлээлт байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эмийнхээ захиалгыг өгчихсөн байгаа. Монголд энэ аравдугаар сарын сүүлээр орж ирнэ. Эм орж ирэнгүүт эмчилгээ хийлгэхээр бүртгэгдсэн хүмүүсийг юуны өмнө хамруулах ажил явагдана. Түүнтэй холбоотой хот, дүүргийн хэд хэдэн эмнэлгүүдэд өвчтөнийг бүртгэж авах эрх бүхий сургалтад эмч нар суусан. Тэд өвчтнүүдийг бүртгэж байгаа. Эм ирэнгүүт эмчид үзүүлээд цахим жор авсан өвчтөнүүд эмчилгээндээ хамрагдана. Гэхдээ эм орж ирэхээс дор хаяж 14 хоногийн өмнө цахим жор бичигдсэн байх ёстой. Тиймээс аравдугаар сарын дундуураас ч юмуу цахим жорыг бичиж эхэлнэ. Цахим жортой хүн эмээ авах эрх нь бүрэн нээлттэй.

-Эм авахын тулд өрхийн эмнэлэг дээрээ өдөр бүр очих ёстой гэсэн мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Ер нь бүртгүүлээд эм авахаар болсон иргэд нэг удаадаа хэр ихийг авч болох вэ?

-Нэг хүний курс эмчилгээг бүтнээр нь бичнэ шүү дээ. Курс нь гурван сарын эмчилгээ учраас тэр эмчилгээг нэг удаагийн жороор л бичнэ гэж ойлгох хэрэгтэй. Нэг хэсэг хэвлэл мэдээллээр өрхийн эмнэлэг дээр бүртгэж авна гэсэн ташаа мэдээлэл их гарсан. Эрүүл мэнд, спортын яамнаас тийм зүйл байхгүй, зөвхөн нэр бүхий эмнэлгийн сургалтад суусан эмч нарт эмчилгээ явуулах эрхийг нь өгсөн гэдгээ мэдэгдсэн. Түүний дагуу тухайн эмч нар эмчилгээгээ хийнэ.

-Бүртгүүлэхийг хүссэн хүн ямар дамжлагаар явах вэ?

-Бүртгүүлэхийг хүссэн хүмүүс вирустэй гэдэг нь баталгаажсан л байх ёстой. Вирус тоолдог лаборатори, вирусын аркер үздэг лаборатори байхад болно гэж ойлгож байгаа. Гэхдээ сүүлийн үед ХӨСҮТ-өөс зарим лабораториудад хөндлөнгийн хяналт хийгээд тэнцэх газруудыг зарлана гэсэн мэдээлэл өгсөн байна лээ. Түүний дагуу явагдах байх гэж бодож байна. Хараахан шалгалтын хариу нь гараагүй байгаа юм билээ. Гэхдээ ер нь лабораториудыг зарлахаас өмнө вирусээ тоолуулчихсан ч юм уу, тодорхой хэмжээгээр лабораторид шинжилгээ нь баталгаажсан хүмүүс бол эмчилгээнд орох эрх нь нээлттэй шүү дээ. Өнөөдөр шинжилгээгээ өгөөд баталгаажсан хүн эмчилгээнд орох боломжтой гэсэн үг. Гагцхүү нэр бүхий сургалтад суусан эмч нар дээрээ л шинжилгээгээ барьж очоод бүртгүүлэх ёстой.

-Нэр бүхий сургалтад суусан эмч нар гээд байна. Аль эмнэлгүүд дээр байгаа вэ?

– Эрүүл мэндийн яамнаас аймаг, дүүргийн эмнэлгүүд болон хэд хэдэн хувийн эмнэлгүүдийн нэр бүхий эмч нарт өвчтөнүүдийг үзэж, хянах эрхийн батламж өгсөн байгаа. Тэр батламжийг барьсан эмч нарт хандахад болно.

-“Harvoni” эмийн нэг курсийнх нь үнэ 1200 ам.доллар дээр тогтсон байсан. Энэ иргэдэд үнэтэй тусах юм биш үү?

-1200 ам.доллар хүн болгонд янз янзаар тусна. Дашрамд хэлэхэд Монголд маш хямд үнээр орж ирж байгаа. Цаад үнэ нь 90 гаруй мянган ам.доллар шүү дээ. Түүнтэй харьцуулахад манайд орж ирж байгаа үнэ бараг 100 дахин хямд. Гэхдээ манай улсын эдийн засгийн байдал өнөөдөр амаргүй байна. Хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа. Үүнтэй холбоотойгоор би Эрүүл мэндийн яаманд байхдаа “С вирусыг устгах үндэсний хөтөлбөр” гэдэг зүйлийг санаачилсан. Түүн дээрээ Эрүүл мэндийн даатгалаас эмчилгээний зардлын тодорхой хувийг нь даадаг байх талаар тусгаж оруулсан. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Тэр хөтөлбөр маань одоог хүртэл Эрүүл мэнд, спортын яамнаас гарч өргөн баригдаагүй байна. Эрүүл мэндийн яам үүн дээр ажиллаж байгаа юм билээ. Би бараг 90 хувь бэлэн болгоод өгчихсөн. Би Г.Шийлэгдамба сайдад өөрөө өргөн барьчихаад буусан шүү дээ.

-Хэрвээ тэр хөтөлбөр хэрэгжвэл 1200 ам.доллар дахиад багасах нь ээ?

-Даатгалд нь хамруулаад даатгалаас хэдэн хувийг нь улс даахыг тусгай зөвлөл хуралдаж байж шийддэг. Магадгүй энэ жил эдийн засаг муу байгаа учраас 30 хувийг нь улс даая. Дараа нь эдийн засаг гайгүй байх юм бол 70 хувийг нь улс даачихъя гэх бол жил болгоны төсөвтэй уялдаж шийдэгдэж таарна. Тэр асуудал шийдэгдчих юм бол энэ ядуу буурай мөнгө муутай ард иргэдэд ялангуяа өвчтэй хүмүүст маш том буян болно. Манайх шиг ийм хөгжилтэй орнуудын хувьд иргэд нь 1200 ам.доллараар эмчилгээнд орно гэдэг амаргүй. Дээр нь хяналтын шинжилгээний зардал гарч ирнэ. Тиймээс ялангуяа амьжиргааны доод түвшинд байгаа хүмүүст төрөөс тодорхой хэмжээний, 100 хувь биш юм гэхэд 50, ядаж 30 хувийг нь төрөөс хариуцахад хүмүүс баярлаад л явчихна.

Би яагаад ингэж яриад байгаа юм гэхээр эцсийн эцэст энэ элэгний “С” вирус бол эмнэлгээс хүн рүү дамждаг өвчин. Дээр үед их олон жил шприцний шар гэдэг нэртэй байсан. Ялангуяа улсын эрүүл мэндийн байгууллагуудаас манай монголчуудын ихэнх нь “С” вирусын халдвар авсан байдаг юм. Тэгэхээр энэ бол тухайн үеийн эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор гарч ирсэн өвчин юм. Өөрөөр хэлбэл яалт ч үгүй төрөөс тараачихсан өвчин. Тиймээс төрийн зүгээс ард иргэдээс уучлалт гуйчих ёстой. Ингээд буруугаа хүлээгээд эмчилгээнээс нь тодорхой хувийг нь хөнгөлөөд өгчихье гэсэн байр сууринаас хандаасай гээд байгаа юм.

-Цаад үнэ нь 98 мянган ам.доллар гээд байгаа шүү дээ. Манайд яагаад ийм бага үнээр орж ирж байгаа хэрэг вэ?

-Засаг төр нь манай энэ “С” вирустэй хүмүүсийг эмчлэхэд дэмжээд өгөөч гэж хүсэлт гаргасан учраас нэлээд хямдралтай үнээр хөтөлбөрт хамрагдах боломж нээгдсэн. Мөн Монгол Улс хүн амтай нь харьцуулахад элэгний С вирусээр дэлхийд маш өндөр үзүүлэлттэй байдаг. Тиймээс энэ улсад тусалъя гэсэн сэтгэл нь тэр эмийн компанид байсан болов уу гэж бодож байгаа. Манай орон хичнээн С вирустэй ч гэсэн хүн ам цөөн учраас Монгол Улсыг загвар улс болгоё гэсэн санаа тэдэнд байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм их халдвар ихтэй өвчнийг нэг оронд бүрэн устгачихлаа гэдэг загвар болгочих юм бол магадгүй тэр эмийн компанийн өөрсдийнх нь имиж, нийгмийн хариуцлага гэдэг талаасаа ач холбогдолтой гээд маш их хямдруулж байгаа. Түүнээс биш чанар муутай эмийг Монгол Улсад ямар нэгэн байдлаар шахаад ард иргэд дээр нь туршилт хийх гээд байгаа юм огт байхгүй.

-Гадаадын ямар улс орнуудад хэрэглэдэг эм бол. Элдэв гаж нөлөөтэй юу?

-АНУ, Европын холбоонд энэ эмийг хэрэглээд эхэлчихсэн. Маш олон өндөр хөгжилтэй оронд хэрэглэж байгаа. Ийм эмүүдийг манай Монголчууд нэг их сэжиглэж санаа зоволгүйгээр хэрэглэвэл эрүүл мэндэд нь л хэрэгтэй. Маш ховор тохиолдолд зах зээлд гарсны дараа янз бүрийн гаж нөлөөнүүд шинээр гарч ирэх тохиолдол байдаг л даа. Гэхдээ энэ эмийн хувьд нэлээд судалгаанууд хийгдсэн. Урьд өмнө нь тийм айхтар хүчтэй гаж нөлөө илэрч байгаагүй. Тийм учраас миний хувьд, эрдэмтэн хүний хувьд манай ард түмэн энэ шинжлэх ухааны ололт амжилтыг хэрэглэх нь ашигтай юу гэхээс биш эрүүл мэндийн хувьд алдагдалтай аюултай юм байхгүй гэж харж байгаа.

-Та өөрөө эмч хүн. Тэр тусмаа элэгний чиглэлээр туршлагатай. Эрүүл мэндийн дэд сайд байхдаа С вирусыг устгах ажлыг санаачилсан. Манайд элэгний “С” вирустэй хүн олон байдаг. Тэд ч эмнэлэгт үзүүлээд явах нь бага. Ер нь энэ вирус эмчлэхгүй бол яг ямар аюултай юм бэ?

-Эмч хүнийхээ хувьд “С” вирустэй хүн болгоныг өвчтэй гэж боддоггүй. Вирустэй, дээрээс нь элгэндээ үрэвсэлтэй, хатууралтай, хавдар үүсэх гээд байгаа тийм хүмүүсийг өвчтэй гэж болно. Түүнээс биш элэг нь өвдөөгүй зүгээр “С” вирустэй явж байгаа хүнийг өвчтэй хүн гэж боддоггүй. Аюул нь юундаа байдаг вэ гэхээр тэр хүнээс өөр хүнд халдвар дамжих аюул байгаа. Мөн элэгний хатуурлын өвчлөлийн 55 хувь нь “С” вирусээс шалтгаалсан байдаг. Тийм учраас ер нь “С” вирустэй хүнийг толгой дараалан эмчлэхийг зорино. Гэхдээ эхлээд С вирустэй, элэгний хатууралтай хүмүүсийг түрүүлж эмчлэх шаардлагатай. Гэхдээ эрүүл ч гэсэн С вирусээсээ салмаар байна гэж байгаа хүмүүсийн хүсэлтийг үзээд эмчлэх нь зүйтэй.

Эхний удаад ирэх эмийн хэмжээ хязгаартай байгаа л даа. Гэхдээ ямар ч байсан одоогийн хүсэлт гаргасан хүмүүсийг бүгдийг нь эмчлэх бүрэн боломжтой.

-Хүсэлт гаргаад цахимаар бүртгүүлнэ гэсэн шүү дээ. Эмийг хаанаас авах юм?

-Урт цагааны тэнд байдаг “Омбол” ХХК гээд албан ёсны борлуулагч компаниас авна. Гэхдээ бүртгүүлээд цахим жор өгч эхлэхээр нэр бүхий эмийн сангуудыг зарлана. Эмчийнх нь хувьд бол хамгийн ойрхон эмийн санг нь зааж өгнө гэж байгаа. Тухайлбал, эмч өвчтөнөө Дархан хотын хүн байвал “Та Дархан хотын тэр эмийн сангаас авах боломжтой” гээд жор өгнө гэсэн үг.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу шөнийн Дүнжингарав

Улс үндэстэн болгон өөрийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Нэг хотод нэлээд хэдээрээ ч бий. Хот нь тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шиг нь ч бий. Цэцэрлэгт хүрээлэнд нь очиход яг л диваажингийн нэгээхэн хэсэгт зочилсон юм шиг санагддаг. Цэцгийн хүлэмж, архитектурын гайхалтай шийдлүүд, усан оргилуур, ресторан, төгөл, хүлэмж, спортын цогцолбор, тоглоомын газрууд, амьтны хүрээлэн тэр байтугай саун амралтын газартай нэгэн цогц байдаг. Урлаг соёл, спортын арга хэмжээ, шоу үзүүлбэрүүд тасрахгүй. Өөр өөрийн онцлогоороо дэлхийд танигдсан. Тэрийг нь очиж үзэх гэсэн жуулчдын хөл тасрахгүй.

Улаанбаатарт дэлхийн хотуудын жишгээр иргэдээ амарч зугаалж, чөлөөт цагаа зөв, аятай тухтай өнгөрөөж байх газартай болгож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Ийм цэцэрлэгт хүрээлэнтэй болсон нь сайн хэрэг. Орчин үеийн хот ийм л байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг арван жилийн хугацаанд 95 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийн байгуулахаар ТЭЗҮ нь гарч 2013 он гэхэд 1,9 тэрбумыг зарцуулаад байсан. Дараа нь гадны хөрөнгө оруулалтаар дөрвөн тэрбумыг цэцэрлэгт хүрээлэнд зориулсан. Жил жилээр хөрөнгө оруулалт хийгээд л байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Нэг ёсондоо нийслэл өөрийн өмчдөө хяналт тавина гэсэн үг. Амралт чөлөөт цагаа өнгөрөөчих олигтойхон газар ховор болохоор хүүхэд, хөгшин залуу гэлтгүй тийш очих юм. Ялангуяа зуны дэлгэр цагт.

Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд оруулан уг цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажилд хөрөнгө мөнгө зарцуулах шийдвэр хотын дарга гаргаж Нийслэлийн иргэдийн хурлын Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг цэцэрлэгт хүрээлэнг удирдах болсон. Тэрээр хувиасаа 40 гаруй га-д нь хөрөнгө оруулалт хийхээр санал гаргаж байсан юм билээ. 2009 онд цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэлж, 2012 оноос иргэдэд үүд хаалгаа нээсэн. 960 га газрыг хамарсан энэ том талбайд юу эсийг хийж болох билээ. Нью-Йоркийн алдарт цэцэрлэгт хүрээлэн ердөө л 43 га. Гэвч цэцэрлэгжүүлэлт ландшафтаараа дэлхийд алдартай. Манай цэцэрлэгт хүрээлэн ландшафтаар дагнаагүй ч иргэдэд хүрэх үйлчилгээ нь үүргийн наймаачдаас хэтрэхгүй. Дугуйн замаар нь зорчигсод дэндүү цөөхөн. Гүйлтийн зам тавьсан ч гүйж байгаа нь тун ховор. Харин эцэг эхчүүд хаяахан бага насны хүүхдээ дугуй унуулж явах нь л харагддаг. Хоосон байснаас ямар ч байсан эхлэл нь тавигдаад явж байгаа. Түмний хөл хөлхсөн газар болох нь болж. Харамсалтай нь цэцэрлэгт хүрээлэнд хөл тавиад л урд хөршийн хоолны гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл л төрнө. Азийн орнууд үндэснийхээ хоолны онцлогийг таниулах хоолны гудамжуудтай. Гэтэл манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэр хоолны гудамжны тааруухан хувилбар болж орхисон шиг.

Үдэш орой болсон хойно хуушуур бууз, шорлог, хорхог, таван цулын шөл, хонины чанасан толгой гээд аль л шингэц муутай, хүнд хоолнуудыг зардаг. Эрүүл ахуйн тухай яриад ч хэрэг байхгүй. Дүүргийн хэдэн цагдаа сайн дурын тогооч нарт шаардлага тавихаас хэтрэхгүй. Үгийг нь сонсч байгаа хүн ч алга. Жижигхэн сүүдрэвч шиг юм босгоод л дор нь хуушуураа хайрч зогсоно. Хажууд нь хуучин автобусны бололтой сандал тавьчихаж. Утаа, үнэрт нь толгой мансуурам. Хоолны үлдэгдэл, хог гэж учир тоймгүй их. Шарилж нь харшилтай хүмүүсийг дахиж очихгүй болтол хашраадаг. Хэрэгтэй хэрэггүй олон бараа, хүүхэд хуурах тоглоом, эрүүл мэндэд хор болохоор хоол зарж, бооцоот, мөрийтэй тоглоом тоглодог газар болж хувирчээ, өнөөх цэцэрлэгт хүрээлэн маань. Утаа май тавин шөнөжин хоол үнэртүүлэн зарах хэрнээ спортлог талын юм тун ховор. Дугуйн зам, 2.5 км гүйлтийн зам, өвөлдөө цанаар гулгах зам тавьсан ч гүйж байгаа хүн ховорхон. Хөлбөмбөгийн, теннис, сагсан бөмбөгийн талбайтай ч үйлчилгээ, үйлчлүүлэгч хоёрын ая дан таардаггүй юм уу, нэг л явц муутай. Олонхи нь спортоор хичээллэхгүй болохоор эндхийн гүйлтийн замаар гүйж яваа хүн бусдын нүд хужирлаж, санаа зовно. Спортоор хичээллэж, явган алхаж явъя ч гэсэн өнөөх түмэн янзын шаардлага хангаагүй хоол ходоод ажиллуулж худалдаж авахаас өөр аргагүйд хүргэнэ. Ингээд юун зугаалга, амралт, юун спорт болоод явчихна.

Хоёр, гурав, дөрвөөрөө сууж жийдэг үхэр тэрэг шиг дугуй нь ганц тойрохдоо мөнгө төлөхийг эс тооцвол спортлог гэхээсээ мөнгө олох гэсэн ядмаг арга. Тийм дугуйгаар ганц тойроод хүний биед сайн нөлөө үзүүлэх нь юу л бол. Спорт сонирхогч залуус Эрх чөлөөний талбай, Чингисийн талбайд дугуйт тэшүүр, гулгадаг тавцан, дугуйгаа унана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх том нэртэй газар залуусыг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, фитнесс, дугуйт тэшүүр, гулгадаг тавцан, эрүүлжих, хөдөлгөөнтэй байх дасгал хөдөлгөөн хийх, сэтгэлээ сэргээж нэг сайхан юм үзчихье гэсэн ч гялайх юм алга. Олны хөлийн газар гэхэд ядаж л нэг ч мөнгөний машин байхгүй. Цэцэрлэгт хүрээлэнг эргэн тойронд торлосон нь торны ирмэгүүд хүүхдүүдийн нүүр, гар урчихаад байна гэсэн эцэг эхчүүдийн гомдол сонсов. Гоёмсог хашаатай байна гэж зураг нь гарсан л гэдэг. Таван хуруунд хүрэхгүй тоотой ариун цэврийн газрынх нь хажууханд хуушуур зарж байдаг. Угтаа ариун цэврийн шаардлага хангасан, хөнгөн зууш, ус ундаа, хөөсөн чихэр төдийхөн байхад л хангалттай. Мэдээж зориулалтын мухлагт. Иргэд тэнд амрах гэж, чөлөөт цагаа өнгөрөөх гэж очихоос хоол идэж наймаа хийх гэж очдоггүй. Гэвч нэгэнт зарж байгаа болохоор ядаж л хүүхэд нь нүдэнд нь харагдаж, хамарт нь үнэртээд байгаа хоолноос авна л гэнэ шүү дээ.

Дэлхийн хотуудын дайтай болохыг хүсч байгуулсан ганц цэцэрлэгт хүрээлэн маань нэг иймэрхүү л дүр зурагтай. Оройн цагаар Дүнжингарав худалдааны төв нүүгээд ирчихсэн юм шиг л болдог. Дашрамд хэлэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийн төрсөн дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь “Дүнжингарав” худалдааны төвийн эзэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр эгч нь дүүгийнхээ худалдааны төвийн наймаачдыг цэцэрлэгт хүрээлэндээ ажиллуулаад шөнийн Дүнжингарав болгочихдог юм уу гэлтэй. Дэлхийн нийслэлүүдийн жишигт хүрье гэвэл байгуулсан ганц цэцэрлэгт хүрээлэнгээ тэдний зиндаанд л аваачъя. Японд гэхэд маш олон цэцэрлэгт хүрээлэн байдаг. Цэцэрлэгжүүлэлт, архитектурын шийдэл нь өөр өөр, зориулалт нь ч өөр. Үэно цэцэрлэгт хүрээлэн гэхэд л амьтны хүрээлэнтэй. Томоохон баяр, ёслолын үеэр хоол хийж зарна уу гэхээс бусад үед чихэр, бэлэг дурсгалын зүйлс, ундаа ус л зарна. Алхам тутамд үзэж харах юмтай. Нүд хужирлаж, сэтгэл баясгана. Манайхны хамгийн их очдог Хонконгийн Диснейлэнд ч зориулалтын мухлагт хөнгөн зууш, бэлэг дурсгалын зүйлс зарж, ирсэн хүний тав тух, үзэх харах зүйлээр уйдаахгүй. Үйлчилгээний ажилчид хаа сайгүй байх бөгөөд үйлчилгээ нь тэр олон хүнийг гомдоохгүй, бас сэтгэл хангалуун явуулдаг. Гэхдээ тэр хэрээр ашигтай ажилладаг. Харин манай цэцэрлэгт хүрээлэн эзгүй юм шиг үйлчилгээтэй, эзэд нь наймаачид болж. Гэтэл солонгосчууд хогийн цэгээ өөд татаад цэцэрлэгт хүрээлэн болгосон байна лээ шүү. Бусад улс орнууд дотоодынхоо байтугай гадаадын иргэдийг цэцэрлэгт хүрээлэнгээрээ даллаж байна. Нүд сэтгэлийг нь баясгасныхаа оронд мөнгө төгрөгийг нь аваад үлдэж чадаж байна.

Дэлхийн хотууд шөнийн цагаар ч бужигнаж байдаг. Гэрэлтэй, хүнтэй, үйлчилгээний газруудтай, амьд. Эл хуль харанхуй, айдас төрүүлэм болдог нь манай нийслэл. Хотынхоо төвд байдаг Чингисийн талбай маань харанхуй, гэрэлтүүлэггүй, байсаар нэлээд олон жилийн нүүр үзлээ. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг зам дагуух гэрлээс ангид харанхуй байдаг нь хачин. Харанхуй талбайд нь харанхуй улсууд цугладаг. Тэд юу хийдэг нь мэдэгдэхгүй. Өглөө болоход тэрэг тэргээр хог овоорсон л харагддаг. Жанжны нэр гологдож байна гээд Чингис хааныхаа нэрийг өгөөд ч төв талбай нь гэрэлтэхгүй бол, ганц байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ хар зах шиг болгох юм бол ямар юмных нь нийслэл байх билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Манай жүдочдод Риогийн олимп аймаар байх болов уу” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрнээс уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарын нэгдүгээр нүүрт “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдын нэрийг УИХ-д өргөн барьсан талаарх мэдээллийг онцлон орууллаа. Одоогоор Шадар сайдад Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад М.Зоригт, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг, БОНХАЖ-ны сайдад Н.Батцэрэг, Сангийн сайдад Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгэ нарын нэрийг тус тус өргөн бариад байна. Гуравдугаар нүүрний “Манай жүдочдод Риогийн олимп аймаар байх болов уу” нийтлэлдээ сэтгүүлч С.Алтанцэцэг Монголын жудогийн шигшээ багийн тамирчдын нас хөгширч, хөдөлгөөн нь удааширч, амархан цуцдаг болсон нь “Астана-2015” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ажиглагдсаныг шүүмжлэн бичжээ. Тухайлбал Н.Түвшинбаяр аваргын өрсөлдөгч германы жүдоч гэхэд арван насаар дүү байх жишээтэй. Түүнчлэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарыг бусад орны тамирчид бүрэн судалчихаад, хийх мэхийг нь таамаглаж байгаа учраас төвөггүйхэн давчихаж байхыг ч үгүйсгэсэнгүй. Тиймээс тэд дараа үеийнхээ залуу жудочдыг цаг алдалгүй дасгалжуулбал дээр биш үү гэх санааг тус нийтлэлдээ тусгажээ. Тасганы овоонд шинээр нээгдсэн цэцэрлэгт хүрээлгийн талаарх сурвалжлагыг “Өдрийн сурвалжлага”, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1982 оны 10-ийн Г ангийн төгсөгчдийн талаарх нийтлэлийг “Нэг ангийнхан” буландаа тус тус багтаалаа. Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн “Векселийн сургаар Сангийн яаманд жинхэнэ будлиан хутгажээ” цуврал нийтлэлийн төгсгөлийн хэсэг энэ дугаараас уншаарай. 12 дугаар нүүрэнд “Завхан нутгийн есөн эрдэнийн ургамал” хэмээх эмийн ургамлын талаарх номын талаарх танилцуулга болон үхрийн махтай баклажан турк маягийн зууш бэлтгэх аргыг дэлгэрэнгүйгээр нь нийтэллээ. Энэмэтчилэн цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй өнөөдрийн дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ