Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Үхрийн махтай баклажан

Туркчуудын хийдэг талх их онцгой байдаг бөгөөд дэлхийн аль ч үндэстний бэлтгэдэг талхнаас өөр байдаг. Тэд талх хийдэг жороо ихэд нууцалдаг аж. Ихэнх гэр бүл эртнээс жорыг бичиж хадгалсан байдаг нь бараг л төрийн нууц шахуу болжээ. Туркт очсон хүмүүс жирийн экмак талхнаас эхлээд амттай лепешек, наранцэцгийн самартай амтат талх , олон давхраат нарийн боов зэрэг олон янзын талх, нарийн боовыг харсан нь лавтай. Дээр үед Туркийг “дэлхийн талхны сагс” гэж нэрлэдэг байсан нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Ер нь талх нарийн боов энэ улсад үндэснийх нь бахархал, ололт амжилт болсон байна. Харин одоо туркчууд үхрийн махтай баклажан зуушийг хэрхэн бэлтгэдгийг сонирхуулъя.

Орц:

Үхрийн цул мах

– 500 гр

Бөөрөнхий сонгино

хоёр ширхэг

Улаан лооль – ( шар өнгийн ) – дөрвөн ширхэг

Баклажан

гурван ширхэг

Халуун чинжүү

гуравны нэг Оливийн тос

хоолны халбагаар зургаа

Цоохор майлз

хоёр салаа

Базилик эсвэл петрушка

дөрвөн салаа

Давс чинжүү

өөрийн амтлахаар

Хийх арга:

1. Сонгиноо жижиглэн хэрчиж, шаргал өнгөтэй болтол нь шарна.

2. Махаа жижиглэн хэрчинэ. Шарсан сонгино дээрээ махаа нэмээд давс чинжүүгээр амтал. Дараа нь зөөлөн гал дээр 40 минут орчим жигнээрэй.

3. Баклажаныг уртаар зүсээд оливийн тосонд шарна. Шарсан баклажан дээр амталж жигнэсэн махаа тавиад ороогоорой.

4. Хайруулын тавганд соус бэлтгэхдээ жижигхэн хэрчсэн улаан лооль, цоохор майлз, халуун чинжүү хийгээд тосонд шарна.

5. Мах ороосон баклажанаа хайруулын тавганд бэлтгэсэн соусанд хийгээд зөөлөн гал дээр хэдэн минут жигнээрэй.

6. Бэлэн болсон зуушаа ногоон салатан дээр таваглан соустай хамт өгнө.

Тарвасны коктейль

Ойрын өдрүүдэд их халуун байгаа тул цангаа тайлах тарвасны коктейлийг гэрийн нөхцөлд хийж уугаарай.

Орц:

Гурван аяга тарвас (тарвасны 1/4)

Хоёр аяга үхрийн нүд

Тал аяга сахар.

Хийх арга:

1. Тарвас, үхрийн нүд, элсэн чихрээ бүгдийг нь хийгээд нэлээн удаан миксэрдэнэ.

2. Бага зэргийн устай хутгаад л коктейль бэлэн болно.

Э.Анхбаяр

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орно

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд

Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллалаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” ХХХ-ийн тариан талбайд очиж улаан буудайн ургацын байдалтай газар дээр нь танилцаж, тариаланч, механикжуулагчидтай уулзаж ярилцлаа. 2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1200 орчим га талбайд улаан буудай тариалдаг тус компани өөрийн бүсэд нутагшсан дютесценз 936, Дархан 34, Алтайский 90 сортын үрээр тариалдаг гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. 2001 оноос Дархан 34 сортыг үржүүлэн өөрийн үртэй болсон бөгөөд энэ элит үр нь ганд тэсвэртэй, тогтвортой арвин ургацтай, гурилын гарц болон чанар сайн үнэлэгддэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч сайд нарыг зөвшилцөх саналд хариу өгчээ

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн
газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай
танилцаж хариу илгээжээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хөлбөмбөгч хөвгүүдтэй, хөгжөөн дэмжигч охидтой ангийнхан

Найрамдлын районы сургууль буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1972-1982 оны 10 “г” ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Офицеруудын ордны урд байрладаг дөрвөн давхар сургуулиа тэд “Гадна талбайд мод тарьдаг ургамлын туршилтын талбайтай, хажуудаа мөсөн каток, урдаа хөлбөмбөгийн модон стадионтой Баянзүрх дүүрэгтээ хамгийн том сургууль нь байсан” гэж ам уралдан магтав. 10 ”г” ангийнхан энд тэндээс цуглажээ. Амгалангийн 27, Шавь цогцолбор буюу 69, Төр хурахаас шилжиж ирсэн нөхөд нэг анги болж. Эдний ангийн 36 хүүхдээс 18 нь хөвгүүд байжээ. Анги дааж төгсгөсөн ачтан нь физик, математикийн Х.Дашдулам багш. “Ангийн багш маань хал нь гаднаа хайр нь дотроо байсан шүү. Биднийг нууцхан их өмөөрнө өө. Тухайн үед ухамсрын шанаа өгдөг багш нараас хүүхдэд ахадсан хатуу үг сонсгохгүй санаатай нь үйлдэл бүрээс нь анзаарагддаг байлаа” гэж ярьцгаалаа. Ангийн хөвгүүд сахилгагүйтэж нэг багшийнхаа уурыг хүргэж л дээ. Өнөө багш “Анх хэрэг тарьсан нөхрийг шийтгэнэ. Тэр нөхөр урагшаа алх” гэхэд нь 18-уулаа урагш алхаж байж. Уурлаж бухимдсан багш хөвгүүдийг зодохоор цагаа тайлаад бэлдэж байтал ангийн багш нь ороод иржээ. Багш нь сахилгагүй шавь нараа шууд өмөөрөөгүй ч харж зогссоор байгаад ууртай багшид зодуулаагүй аваад гарчихсан гэнэ. Хөвгүүд нь энэ явдлыг хөгжилтэйгөөр ярьцгаав.

Эрдэнэцогт буюу Самка “Тухайн үед есдүгээр ангийнхан аравт орох жилээ дайчилгаанд явдаг байсан юм. Батсүмбэрийн сангийн аж ахуйн Үдлэгийн гол дээр бригад гарч намрын ногооны дайчилгаанд явдаг байлаа. Хүнсний ногоо хураана л даа. Тэр үеэр ангийнхантайгаа илүү ойр дотно танилцаж байсан. Жаахан хүүхдүүд ядарна гэх биш. Гитар тоглоод л бусад нь бүжиглэдэг байлаа. Цэргийн жижиг майханд бүжиг хийгээд байвал яах нь тодорхой. Тоос босоод жигтэйхэн юм болно биз дээ” гэж дурсамж сөхөхөд өнөөдүүл нь ч бас намрын хөгжилтэй хөөртэй агшнуудаа ам булаалдан ярьцгаав.

10 “г”-гийнхэн коллективтой гэдгээрээ сургуульдаа гайхагддаг байж. Нэг үеийнхэн дээд, доод ангийнхан нь завсарлагаанаар ангид нь ороод ирдэг байсан гэхээр их л нийтэч нөхөд байсан бололтой. Ангийн дарга А.Лхагвадорж нэгдүгээр ангиасаа одоог хүртэл ангийнхнаа командалж иржээ. Ангийн даргын үгнээс нэг ч хүүхэд гардаггүй гэнэ. А.Лхагвадорж “Нэг жил кросс уралдаан боллоо.

Хамт олноор нь дүнг нь гаргана гэдэг юм. Хотын бүх сургуулийн хүүхдүүд оролцлоо. Хамгийн эхэнд орсон хүүхдийн цагийг сүүлд ирсэн хүүхдийн цагтай дундажлаад ангиар нь байр эзлүүлж байсан юм. Жуковын музейгээс Багшийн дээд хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр гүйнэ гэлээ. Бүгдээрээ ярилцаж байгаад цанын спортоор хичээллэдэг А.Цогбаярыг эхлээд гүйлгэлээ. Бусад нь гүйдэггүй охидоо дундаа хийж чадахгүйг нь чирч гулдарч байж барианд орсон. Гэтэл бусад ангийн хүүхдүүд амиа бодоод гүйчихсэн. Манай ангийн эхний хүүхэд тасархай түрүүлээд барианд орчихож байгаа юм. Бусад ангиас эхэнд орсон хүүхэд өчнөөн ч гэлээ гүйж чаддаггүй нь бүр хойно үлдчихэж байгаа юм чинь. Цагийн дараа орж ирсэн охин ч байсан. Тэр уралдаанд манай анги түрүүлж воллейболын сетк, бөмбөгөөр шагнуулсан. Шагналаа сургуульдаа өгч байлаа” гэж ярилаа.

Хөвгүүд нь хөлбөмбөгт нугасгүй байж. Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг бараг л эдний ангийн хөвгүүдээс бүрддэг байжээ. Сургуулиар тогтохгүй 1982 оны идэрчүүдийн шигшээд голлосон гэхээр мундаг хөлбөмбөгчин хөвгүүдтэй анги байсан нь илэрхий. Арвын “г”-гийн хөвгүүд өнөө л нийтэч зангаараа дөрөвдүгээр ангийнхнаа бэлджээ. Өнөө хүүхдүүдээс нь лигийн дасгалжуулагч, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа хүмүүс ч бий гэнэ.

Хөвгүүдийн хөлбөмбөгт дурласан түүх их сонин юм. 1982 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Герман, Бразилийн баг өрсөлдөж байсныг хараад л энэ спортод хорхойсчихсон гэж байгаа. Ангидаа Бразил, Германы баг болж хуваагдаад тоглож эхэлжээ. Сургуулийнхаа модон стадион дотор өнөө Бразил, Германы “мундаг” багууд өглөө хар үүрээр ирээд цаг хэртэй тоглочихдог байж. Дараа нь хагас цаг хичээлээ уншчихаад хичээлдээ ордог байжээ. Тэрнийхээ хүчээр хөвгүүдийн сурлага сайжирсан гэнэ. А.Лхагвадорж тэр үеэ “Одооны хүүхдүүдийн тоглодог шиг бөмбөг байгаагүй. Хаймар үлээж арьсаар боож үдээсээр үдчихсэн бөмбөгтэй. Бас Чехийн гала гээд хаймеран бөмбөгтэй байсан юм. Үдээстэй хэсэг нь нүцгэн биен дээр цохих үед их өвдөнө. Аравдугаар ангиа төгсөх жил 100 төгрөг гээд анхны одтой бөмбөг нийтийн худалдаанд гарсан юм. Тухайн үед тэр бөмбөгөөр тамирчид л тоглоно. Бидэн шиг нусан буу нарт юу гэж олдох вэ дээ. Манай ангийн хөвгүүд тав таван төгрөг гаргаж, үлдсэн 10 төгрөгийг нь охид өгч байж одтой бөмбөг авч байлаа” гэж дурслаа.

Б.Гантөмөр “Алтанбаганын аав хэвлэх үйлдвэрт байсан юм. Ааваас нь угаахад арилдаггүй будаг авч майкан дээрээ яг хөлбөмбөгчдийнх шиг дугаар тавина аа. Тэр үед Оросын сэтгүүл дээр Америкийн NBA-ийн ганц нэг зураг гарч байсан юм. Дуурайж байгаа нь тэр. Номерийг нь сүүдэртүүлээд будна даа, харин ч нэг. Бусад ангийнханд тийм будаг олдохгүй. Хамгийн гоё хувцастай нь бид” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөлбөмбөгийн өмсгөл хувцасны яриа дуусахгүй шинжтэй.

Цогбаяр “Тэр үед бас кет байхгүй. Вьетнам кет гээд хөл нүцгэн байгаагаас ялгаагүй нэг юм өмсөнө. Тэгж байтал шанхай кет гараад ирдэг юм. Их дэлгүүр дээр анх удаа албан ёсоор шанхай кет зарна гэж дуулдлаа. Өглөө долоон цагт Их дэлгүүрийн гадаа очоод зогслоо доо. Зөндөө хүн байна. 09:00 цагт дэлгүүрийн тор дээшээ онгойнгуут хар эрчээрээ гүйлдээд орчихлоо. Дөрвөн давхраасаа нэг давхар хүртэл улаан олс татчих­сан, оочир гэж аймаар. Алаан болж байгаа юм. Баахан оочирлож дөр­вөн давхар хүрэхэд жижиг цонхоор 60 төгрөг авав уу, үгүй юу холбоотой кет чулуудчихлаа. Юун тэр размер. Авч явах замдаа л өөрсдөөсөө размераа асууж кетээ авцгааж байгаа юм. Маргааш нь манай баг дан “шанхай”-тай мундаг хүүхдүүд. Нийгэмлэгийн шигшээ шиг л юм харагдаж байгаа юм чинь. Шанхай кетний нэг хэцүү юм нь угаахаар шарлачихна. Тоглолтын өмнө шүдний оогоор будаад ордог байсан” гэж ярив. Спортоор хичээллэх дуртай ангийнхнаас спортоор явсан хүн байхгүй гэнэ. Бүргэдээ нь л хөлбөмбөгийн “Алдар” нийгэмлэгийн тамир­чин байжээ. Б.Гантөмөр “Тэр маань бурханы оронд очсоон” гэж нам дуугаар хэлж байна.

Охид хөлбөмбөгт ямар рольтой байсныг сонирхоход хөвгүүд “Охид маань хамгийн сайн хөгжөөн дэмжигч байсан. Тэмцээнд орохоор багаар нь үнэлдэг. Бид нэг, хоёрдугаар байрт ороход эд маань явахгүй. Сүүлдээ их гэмшсэн. Яагаа ч үгүй хожигдчихоод хоол унд бэлдэж биднийг нэгнийдээ хүлээдэг болсон. Хожигдсон гэмээ цайруулаад төгрөг 20 мөнгөний жижигхэн торт аваад тавьчихна аа бас” гэж нөгөөдүүлээ цаашлуулав.

Эдний ангийнхан сайн багш нараар хичээл заалгаж байснаа байсгээд л дурсах юм. 14 дүгээр сургуулийг үүсгэн байгуулж байсан анхны алтан үеийн багш нараар хичээл заалгаж байж. Л.Доржсүрэн, Б.Баатар, Я.Болд, Г.Болд, Шархүү, Ц.Ичинхорлоо, Х.Бадрах, Т.Даваахүү, Б.Алтангэрэл гээд урсгаж өгөв. Мэдээж хамгийн хайртай багш нь ангийнх нь Х.Дашдулам багш.

Хөлбөмбөгч хөвгүүд баг, багаараа сургуулиа төгсөтлөө байлдаж тоглодог байж. “Дан” гэж амаараа буудаад чи үхсэн шүү гээд дараагийнхаа хүнийг буудахаар явдаг байснаа ярьж баахан инээлдэв. 10 дугаар ангийн хүүхдүүд байж тэгж тоглоод байхдаа яахав дээ гэж зарим нь мушилзана. Ангийн дарга “Манай сургууль дөрвөн давхар байсан. Дээд хоёр давхарт нэг баг нь гарчихна. Доод хоёр давхраа нөгөө баг нь авчихна. Дөрвөн давхраа эзэлтэл эсвэл подволоо эзэлтэл байлдана. Нуугдаж байгаад нэгийгээ хараад “Дан” чи үхсэн шүү гэхээр тэр нь тоглоомоос хасагдах дүрмээр тоглодог байлаа” гэж сонирхуулав.

Эдний ангийнхан урлагт ч муугүй байж. Цогбаяр “Урлагийн үзлэгийн үеэр манай ангийн хөвгүүд найрал дуу дуулсан юм. “Ну погоди”-гоос санаа авсан байх. Бүгдээрээ хажуу тийшээ жишүүлдэж зогсч байгаад гараа хөдөлгөж дууллаа. Хөвгүүдийн хоороос гадна Бүргэдбаатар, Энхбаяр хоёр гитартай дуулж, үндсэндээ хоёр номер бэлдсэн юм. Тэгсэн чинь бидний тэр номер Монголын радиогоор явдаг болсон. Тэр үеийнхээр бол од болж байлаа шүү дээ. Их л сайн номер болсон юм” гэж ярилаа. Тэгсэн Б.Гантөмөрийн сэтгэл нь хөдөлсөн бололтой, босч ирээд “Яг ингэж дуулдаг байсан юм” гээд “Хаврын нуур шиг дөлгөөн нүдтэй орос нөхөр минь, хайрт эцгийн минь адил уужим санаат анд найз минь” гээд дуулж гарлаа. Тэр дуугаар сургуулийн хөвгүүдийн шилдэг хоор дуугаар шалгарч байжээ. “Талийгаач Бүргэдэй маань гитар сайн тоглодог байсан. 10 жил төгсөхдөө бид өөрсдийн дуутай төгсөж байлаа. Талийгаач аяыг нь хийсэн юм. Яруу найрагч Эрдэнэцогт буюу Самка үгийг нь бичсэн” гэж ангийн дарга ярилаа.

Тэд хичээл болгоныг хөгжилтэйгөөр өнгөрүүлдэг байжээ. Шинэ кино, ном гарсны дараа ангиараа ярилцдаг байсан гэнэ. Б.Гантөмөр, Самка хоёр утга зохиолын дугуйланд явдаг байж. Ер нь эдний ангийнхан ном их уншдаг байсан аж. “Говийн зэрэглээ” киноны талаар хэрэг болгож маргаан өрнүүлж байснаа дурсав. Лхагвадорж “Нэг хэсэг нь Номинг доош нь хийж захирлаар Арслан шиг хүн ирсэн ч суух байсан, нөгөө тал нь захирал Номин хоёрын харилцааг гэгээн хайр гэж маргаад хөгжилтэй байжээ. Энэ маргаанаас болж бараг зодолдоод тарж байсан шүү” гэхэд ангиа төлөөлж цугласан хэд бөөн инээдэм болов.

Эдний ангиас Лхагвадорж Эрхтуяа, Оюун-Эрдэнэ Түмэнжаргал гэх хоёр хос төржээ. Тэд сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа ч одоо болтол байнгын холбоотой байдаг гэнэ. Тав хоноод л уулздаг дотно харилцаатай юм байна. Энэ жил сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа аж. Тиймээс гадаадад байгаа ангийнхаа хүүхдүүдийг уулзалтдаа ирээрэй гэж урьж байгаагаа манай сониноор дамжуулсан юм.

Тэд өөрсдийгөө “Манай ангийнхан дунд эрдэмтэн мэргэд, Улсын их хурлын гишүүн, компанийн захирал байхгүй ч нэг байгууллагад насаараа ажиллаж байгаа нийгмийн идэвхтэй хүмүүс бий шүү” гэж даруухнаар үнэлсэн. Ирээдүйд хийх ажлаа төгсөх ангид байхдаа л шийдэцгээсэн “хашир” сурагчид юм байна. Гаалийн ерөнхий газарт Цогтбаатар, Энхбаяр, Г.Оюунчимэг нар ажилладаг. Б.Гантөмөр Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийн найруулагч. А.Лхагвадорж Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга. Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэрт насаараа ажиллаж байгаа В.Оюунгэрэл, төв шуудан холбоонд ажиллаж байгаа Түмэнжаргал гээд салбар бүртээ л сайн ажиллаж байгаа гэнэ. Наранчимэг гэхэд л “Улаанбаатар” ресторонд 1982 оноос хойш тогооч хийж байгаа аж. Л.Эрдэнэцогт яруу найрагч бөгөөд зарим нь тэтгэвэртээ гарчихсан байгаа ажээ.

Ангийн дарга А.Лхагвадорж “Батсүх Белгид Элчин сайдын яаманд ажиллаж байгаа, Ганболд Германд, Өнөр Америкт, Солонгост Эрдэнэцогт бий. Гадаадад байгаа нөхөд минь хурдан ирээч ээ гэж анги хамт олон чинь хүсч байна” хэмээн ярив. Нэг ангийнхан гэдэг дарга цэрэг гэлгүй насаараа л найзууд байх нь сайхан юм гэцгээж байлаа. Тэгж ярьж байх зуур Гантөмөр талийгаач болсон найз “Бүргэдбаатар, Энхбаяр, Болдбаатар, Цогтбаатар” нартаа гүнээ эмгэнэл илэрхийлье хэмээн хэсэг чимээгүй суусан юм.

Энэ ангийн хамгийн хөгжилтэй хүү болох Цогбаяр төгсөлтийн баярын талаар яриа эхлүүлэв. Тэрээр “Биднийг төгсдөг жил нэг их хонхны баяр тэмдэглүүлэхгүй гэж хорьсон юм. Нэгэнт л уламжлал юм чинь ангиараа хуйвалдаж байгаад тэмдэглэсэн. Тэр үед 25 төгрөгөөр нийлсэн юм. Туулын ах 30 дугаар баазад ажилладаг байсан учраас нэг паз автобус аваад явж байлаа” гэж ярив. Ангийн дарга нь “Манай ангийнхан монтажны зураг муухай гарсан гээд эсэргүүцэл илэрхийлээд бүгдийг нь устгачихсан юм. Тэгээд түүнийгээ нөхөж Ленин багшийн хөшөөний өмнө ангиараа зургаа авахуулж байсан. Түүний дараа Зөвлөлтийн дайчдын хөшөө буюу Зайсан толгой дээр гарчихаад ангийнхаа Энхтуяагийнд очсон. Тухайн үед аав, ээж нь эзгүй байсан юм. Манай нийллэг сэтгэлээс гарахгүй сайхан болж байсан” гэх зуур Гантөмөр “Нийллэгтээ Алтантуяагийн танилуудаар “Москва” ресторанд арын хаалгаар ширээний тал шиг том баярын мэнд хүргэе гээд биччихсэн шоколадан торт хийлгэсэн. Гоё гэж жигтэйхэн. Тэр үед торт байхгүй “Хотол” бялуу гээд хааш хаашаа 20х20 харьцаатай бялуу байсан юм чинь. Би тэрийг нь “Москва” ресторанаас аваад л автобусанд суугаад ангийнхан дээрээ очиж байсан юм. Хүмүүс автобусанд суусан чинь ханарч хараад л хажуунаас өргөөд суудал тавьж өгч байсан” гэж ярив. Цогбаяр “Хамгийн сонин нь 40-50 авдар шилтэй ундаа авчихсан. Тэрийгээ нийллэг дууссан ч ууж дуусахгүй маргааш нь харих замдаа шилийг нь тушаах гээд автобусандаа ууж байсан” гэж сонирхуулав. Эрдэнэцогт “Нийллэгийн дараа ангийн багшид байцаагдаад ангиараа зохион байгуулалттайгаар хэргээ хүлээхгүй гүрийчихсэн. Уг нь биднийг автобусанд явж байхыг ангийн багш харчихсан юм. Автобусанд явж байхад нэг нь багш гэж орилоод бүгд пэр хийж доошоо нуугдаж байсан даа” гэв.

Ангийн дарга нь “Саяхан Алтанбагана маань чихрийн шижинтэй болчихсон гээд үхэхээ хүлээгээд шийдчихсэн хэвтэж байсан. Тухайн үед манай найз мөнгө муутай байсан юм билээ. Бид очоод эм тариаг нь аваад өгье, группт оруулаад өгье, нийгмийн даатгалыг чинь хөөцөлдье гэж ятгалаа. Сүүлдээ “За чамд одоо хоёр сонголт байна нэг нь бидний үгэнд ороод арай илүү удаан амьдрах, нөгөө нь чи өөрийнхөө сонголтоор хурдан үхэх. Алийг нь ч сонгосон бид чамайг оршуулчихна” гэсэн чинь нөгөөх маань инээсэн. Очоод сэтгэл санаагаар өргөөд ярилцаж байгаад бидний үгэнд орсон шүү. Саяхан ярьсан чинь гагнуур хийгээд хэдэн төгрөг олчихоод ангийнхаа айл болгонд цайны цацлын хусуур хийж өгнө гэж байсан. Сэтгэлээрээ сайхан санагдаж байгаа. Нэг анги гэдэг одоо ч нэгнээ түшихдээ чухал шүү дээ” гэж ярьсан юм.

С.Ариунжаргал

Н.Номин

Categories
мэдээ цаг-үе

Барон Унгерны алт гэдэг шиг нацистуудын алттай галт тэрэг

Сүүлийн үед дэлхий дахинд нацистуудын нуусан алт олдсон талаар мэдээлэл цацагдаж, чихтэй болгоны сонорыг татаж байна. Юун алт тэр дундаа галт тэрэг дүүрэн алт хаанаас олдчихов оо, нээрээ л Дэлхийн II дайны үед хэдэн улс дамнаж түрэмгийлэл үйлдэж байхдаа цуглуулсан алт мөнгө, үнэт эдлэл байж л таарна гэж дор бүртээ шуугив. Бас тэрхүү галт тэрэг дүүрэн алтыг олчих санаатай хүмүүс ч эхнээсээ “анд” гарч эхэлжээ. Манайхан Барон Унгерны нуусан алт хаана байна гээд ил, далд таавар хэлэлцэж, эрж хайсаар байдаг шиг л зүйл болж байгаа юм байна.

Дэлхийн II дайны төгсгөлөөр Улаан армийн цэргээс зугтаж явахдаа нацистуудын үлдээсэн галт тэргийг олсноо өнгөрсөн сард герман, польш гаралтай хоёр хүн мэдэгдэж, юуны өмнө далан жил хадгалагдсан тэр өвийг олсныхоо хувьд олзны 10 хувийг авах хүсэлтэй байгаагаа хуульчаараа уламжлуулсан юм. Ингэснээр энэ хэрэг өрнөсөн билээ. Битүү хуягласан уг галт тэрэг Польшийн баруун өмнөд хэсгийн Валбрзих хотод байжээ. Уг хот нь битүү ой шугуйгаар хүрээлэгдсэн байгалийн онцлогтой бөгөөд германчууд дайны үед ийм газрууддаа газар доорхи хонгил олноор бариулж байсан гэдэг.

Барон Унгерны алт олдлоо гэхэд манайхан тэгнэ ээ тэр гээд шууд итгэх шиг нацистуудын нуусан вагон дүүрэн алт гэсэн яриа гармагц польшууд аргагүй ээ хэмээн хүлээн авлаа. Угаасаа энэ нутгийнхан дунд Вроцлавд /тухайн үед Германы хот Бреслау гэгдэж байв/ улаан армийн цэргүүд орж ирэхэд германчуудын яаран сандран хөдөлгөсөн алт, үнэт эдлэл, зэвсэг дүүрэн ачсан галт тэрэг ор сураггүй алга болсон тухай яриа жаран дамнан яригдсаар иржээ.

Галт тэрэг эртний цайзын дэргэдэх хонгилоос олдсон юм. Ийм хонгилуудыг германчууд уулархаг газрууддаа олноор үхүүлжээ гэж болно.

Харин ийм яриа гармагц алтны ангуучид, дор хаяж үзэж сонирхох гэсэн хүмүүс тэр нутгийнхан гэлтгүй Польшийн өнцөг булан бүрээс, зарим улс орнуудаас шавах болсон тул орон нутгаас хамгаалалт гаргахаас аргагүйд хүрсэн байна. Польшийн соёлын дэд сайд Петр Зучовски мэдэгдэхдээ “Газар нэвтлэгч радараар шалгаж үзээд Вроцлав-Валбрзих” чиглэлийн галт тэрэгний замаас дөрвөн км-ийн зайд уг биет байгааг олж тогтоосон. Энэ бол нөгөө галт тэрэг гэдэгт 99 хувь итгэлтэй байна” хэмээжээ. Судлаачдын баг ч үүнийг нотолж байгаа аж. Оросын цэргүүд хаяанд ирж, агаараас хүчтэй довтолгоон эхлэх үед германчууд хамаг байдгаа цуглуулсан галт тэргийг хотоос хөдөлгөж, хоригдлуудаар ухуулсан хонгилд нуужээ. Харин үүнийг улаан армийнхан мэдэлгүй гаднаас нь битүүмжилсэн бололтой юм. Тийм учраас ийнхүү олон жил ойн энэ жижиг хотод, эзэнгүй хонгилд нам гүм үлдэж чаджээ. Алт, эрдэнэсээс гадна зэвсэг дүүрэн ачсан тул битүүмжээс нь шууд гаргах боломжгүй хэмээж байна. Тэсрэх дэлбэрэх бодисын аюул, бас олон жилийн турш агааргүй орчинд хадгалагдсанаас дагалдах аюул гарч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм байна. Эхний байдлаар их хэмжээний метаны хий хуримтлагдсан гэсэн таамаг бий. Одоо зэвсгийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд үүнд хэдэн долоо хоногийн ажиллагаа хэрэгтэй гэжээ. Гэвч хураагдсан эрдэнэсийг үзэж харах гэсэн хүмүүсийн тоо дийлдэхгүй байгаагаас иргэдийг тийш хүргэхгүйн тулд нэлээд том зайд хамгаалалтыг тавьжээ.

Уг галт тэргийг 100-150 метр орчим урт бөгөөд 300 тонн орчим алт эрдэнэс, зэвсэг бас урлагийн бүтээлүүд ачсан гэж тооцоолж байна. Галт тэрэг байсан газар нь дундад зууны үеийн Ксиас цайзын дэргэд шахам бөгөөд хэн ч олж мэдэхээргүй нууцлаг газар гэж зарим хүн ярьж байгаа аж. Анх энэ мэдээллийг хүргэсэн хоёр хүнд тусгай багаж байсан бөгөөд үүнийхээ тусламжтай олсон бололтой. Гэхдээ тэдний чухам хэн байсан нь тодорхойгүй байна. Магадгүй их хэмжээний хөрөнгөөс хувь хүртэх учраас нууцалж байна гэсэн яриа ч гарчээ. Польшийн хуулиар ийм тохиолдолд олзны 10 хувийг авах ёстой байдаг бөгөөд эхлээд үүнийгээ баталгаажуулж байж зааж өгснийг нь бодоход ихээхэн хашир хүмүүс ажээ.

Гэхдээ 70 жил хадгалагдсан энэ эд хөрөнгөд олон эзэн гарч ирж магадгүй. Орон нутгийн удирдлагууд үүнийг шууд ухаад гаргачихгүй байгаа нь зөвхөн зэвсэг сэлтээс ч болоогүй байж болох юм. Польшийн нутаг дэвсгэрээс олдсон энэ алтны хэрэгтэй зэрэгцээд хуучны олон түүхүүд сөхөгдөж байна. Үүний нэг нь 1945 онд Улаан армийн цэргээс гадна Холбоотны цэрэг тэр дундаа америкчуудын Унгарын алттай галт тэргийг олсон хэрэг юм. Австрийн нутаг дэвсгэрээс 42 вагон бүхий галт тэрэгний цувааг германчуудын гараас америкчууд авчээ. Уг галт тэрэгний цуваанд голдуу Унгарын жүүдүүдээс авсан үнэт эдлэл, уран зураг, урлагийн бүтээлүүд байсан бөгөөд тэр цувааг Унгарын алттай галт тэрэг хэмээн түүхэнд нэршсэн юм. Нийт 200 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө байсан гэх бөгөөд тэрхүү эд, эдлэл унгарчуудын гарт эргэж ирээгүй билээ. Дайны сүүлийн жилд холбоотон болж орж ирсэн АНУ-ын тал уг хөрөнгийг өөрсдөдөө үлдээжээ. Гэхдээ энэ талаарх мэдээлэл олон жилийн турш дарагдаж ирсэн бөгөөд Билл Клинтон Ерөнхийлөгч болсон цагаас хойш олонд дэлгэгдсэн. Унгарын еврейчүүдийн холбооноос Америкийн эсрэг 2000-аад онд гомдол гаргаж, мөнгийг нэхэмжилж байсан ч шийдэгдсэн зүйл үгүй ажээ. Тэр үед алга болсон урлагийн зарим бүтээл, эд хэрэглэлүүд Нью-Йоркийн дуудлага худалдаагаар зарагдсан гэх яриа ч бий. Тэгэхээр тухайн үедээ эзэн нь мэдэгдэж байсан, хэн авсан нь тодорхой хэрэг дээр асуудал ингэж явж ирсэн болохоор 70 жилийн дараа Польшоос олдсон галт тэрэгний алтан дээр ямар хэрэг босохыг хэн хэлж мэдэх билээ. Оросууд лав битүүмжлээд орхисон алтаа авах тухай ярьж магад, польшууд манай хотоос олдсон гэх байх. Иймэрхүү асуудлыг шийдэхэд дайны үеийн хууль тогтоомжийг дагадаг л байх. Гэхдээ хуучин жишээгээр өөр хэн нэгэн авчихаж болдог хойно юу босохыг хэн мэдэхэв. Дайны буруутан гэдгээрээ олон жил яллагдаж яваа германчууд эрхбиш манайх гэж хэлэхгүй байх. Бусад нь ч байр сууриа илэрхийлж магад.

Тэгээд яривал монголчууд ч бас энэ дайнд өгөх зүйлээ өгч, зориулах зүтгэлээ зориулсан билээ. Дайны эхний өдрөөс л дуустал нь улс орноо дайны байдалд шилжүүлж, “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриагаар хүүхэд хөгшидгүй зүтгэж байсан үндэстэн. Монголчуудын үзүүлсэн тусламж оросуудад гаднаас өгсөн нийт тусламжийн гуравны нэг нь байсан гэдэг. Монголчууд тухайн цагтаа “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нэртэй онгоцны эскадриль бэлэглэж явсан. Түүнчлэн манайхан хагас сая агт морьдоо илгээсэн нь дайны уналга болж байсан таван морь тутмын нэг нь монгол болоход хүргэжээ. Тэр ч байтугай Улаан армийн цэргүүдийн таван шинель тутмын нэгийг монгол хонины ноосоор хийсэн талаар баримтат кинонд өгүүлсэн нь бий. Тэгэхээр Дэлхийн II дайны ялалтын төлөө байгаа чадлынхаа хэрээр бид тусалж байжээ. Газар нутагт нь ороод ирчихсэн орнууд эрвийх дэрвийхээрээ байдгаа гаргах бол нэг хэрэг. Гэтэл тиймгүй атлаа идэж уухаасаа хумсалж, улс орноо дайны байдалд оруулж байгаад тусалсан гэдэг бодитоос бодит тусламж болж таарна. Гээд яривал бидэнд бас ярих юм их бий. Алт л болсон хойно элдэв шунал, яриа, хар сэр дагуулна. Тэгэхээр Польшоос олдсон нацистуудын галт тэрэгний тухай яриа удтал хөврөх биз дээ. Ямартай ч дотроос нь юу гарахыг хамтдаа хүлээцгээе.

Ч.БҮЖИН

Categories
мэдээ цаг-үе

Цэргээс ажлаа эхэлсэн гавьяат барилгачин П.Мэндбаяр

Орчин үеийн барилгын салбар үүсч, хөгжсөний 89 жилийн ой энэ онд тохиож өчигдөр баяраа тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын гавьяат барилгачин П.Мэндбаярыг өдрийн зочин буландаа урив. Тэрээр гавьяат барилгачин, манлай уяач гээд олон гуншинтай. Гэвч барилгын салбарт нэр нь брэнд болсон “Авзага трейд” компаниараа овоглогдон олноо танигджээ. Авзагын Мэндбаяр л гэж ярих. Тэрээр Булган аймгийн Баян-Агтад төрсөн хүн аж. Багадаа эцэг эхээсээ өнчирсөн талаараа ярьсан байдаг. Тиймээс ч наймдугаар ангиа төгсөөд Дарханы барилгын ТМС-д суралцжээ. Өнчин дүү нараа тэжээхийн тулд бригадын хэвлэл тараах, айлын хонь хариулах зэрэг ажилд нухлагдсанаа хожим нь ихээхэн хэрэг болсон хэмээн дурссан нь бий.

П.Мэндбаяр “Намайг төлөвшүүлж, өдий зэрэгтэй явах эхлэлийг тавьсан газар бол Хилийн цэргийн 0119 дүгээр анги” гэж хэлдэг. 1976 онд цэрэгт татагдаж, энэ ангид хуваарилагдсанаар шинэ цэрэг Дарханы ТМС-д сурсан мэдсэнээ бодитоор нь хэрэгжүүлж, өрлөг, шавар, мужаан гээд бүхий л чиглэлд туршлагажиж, 0119 дүгээр ангийн төдийгүй энэ салбарын урдаа барьдаг мэргэжилтэн болж чадсан байна. Ийм ч учраас халагдах болоход нь ахлагч цол олгож, барилгачдын даргаар шууд улираан ажиллуулах тушаалыг нь гаргачихсан байсан гэнэ. Тухайн үед цэрэгт улираах хүмүүсийг НАХЯ аль эрт судалж, хурлаар оруулан баталдаг байж. Тэгэхээр хүний нүдэнд өртөхөөр нэлээн сэргэлэн, авхаалжтай эр явсан бололтой.

Хилийн цэрэгт ажиллах хугацаандаа тэрээр 700 гаруй шавь бэлтгэж, олон цэргийг барилгын мэргэжилд сургасан байна. Тэднийх нь дундаас VII таван жилийн гавшгайч 28, “Цэргийн алдар” алтан медальтан хоёр, “Тэргүүний ажилчин залуу” алтан медальтан гурав төрсөн байна. Мэдээж бригадын дарга байсны хувьд ажилчид, цэргүүддээ үлгэр болохуйцаар биеэ авч явах учиртай. Ийм л шалтгаанаар Монгол Улсын хэмжээнд зарласан ажил мэргэжлийн уралдаанд улсын рекордыг гурван удаа эвдэж аваргалсан байна. Тухайлбал Говь-Алтай аймгийн Алтайн отрядаас зарласан социалист уралдаанд Хөдөлмөрийн баатар, барилгачин Б.Цогоо өдөрт зургаан мянган ширхэг тоосго өрж байхад П.Мэндбаяр 12 мянган ширхэг тоосго өрж байсан гэж домог мэтээр яригддаг.

Энэ хэмжээний тоосго бол хоёр машины тэвш дүүрэн гэсэн үг. Үүнийг нэг хүн өдөрт шавар зуураад өрлөгт ашиглана гэдэг туйлын хөдөлмөрчийн илрэл. Мөн хилийн цэрэгт алба хаахдаа Монголын олон тусгай объектод үүрэг гүйцэтгэжээ. Буйрын заставын 25 метр өндөр яндантай барилгыг өргөгч ашиглалгүйгээр өрчихсөн гэдэг. Энэ талаар гэрчлэх хүмүүс хожим нь ярьсан нь мөн л домог шахуу болжээ.

Буйрын заставын тэр яндан Монгол Улсын хилийн 365 дугаар багана дээрээс тодхон харагддаг гэнэ. Түүнчлэн П.Мэндбаярын цэрэгт байхдаа суудаг байсан сандлынх нь дугаар 365 байсан аж. Тиймээс ч гар утасныхаа дугаарын төгсгөлийг зориуд 365 болгон тааруулсан юм билээ.

Нийгэм солигдох үед арми ч цомхотгол явуулж байлаа. Яг л энэ цаг үед өрлөгөөр улсын рекордыг шинэчилж байсан П.Мэндбаяр компани байгуулахаар шийджээ. Түүний байгуулсан компанид хамт алба хааж байсан хүмүүс нь ирж нэгдсэн гэдэг. Үүнээс хэр итгэл даах, тулхтай эр байж вэ гэдэг нь харагдана. Ингээд 1992 онд байгуулагдсан компани нь хаалга, цонх суулгах, шил зүсэх зэрэг барилгын аливаа ажлыг гололгүй хийж явсаар үндэсний томоохон үйлдвэрлэгч болжээ. Өдгөө “Авзага трейд” компанийг нь мэдэхгүй хүн үгүй. Компаниа байгуулаад удаагүй 1993 онд “Авзага” дэвжээг байгуулж явсан эр.

Гэхдээ болоогүй зөвхөн Булган гэлтгүй бөхийн спортод сонирхолтой олон залуусыг дэмжиж байсныг нь өдгөө олон хүн дурсдаг. Өөрөө морь уях дуртай Манлай уяач гэж байгаа. Хурдан морь сонирхдог, үндэсний бөхдөө шимтдэг, жирийн байлдагчаас ажлаа эхлүүлж топ компанийн захирал болтлоо дэвшсэн гавьяат барилгачны талаар өгүүлэхэд ийм байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Тасганы овооны орчмыг бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж өнөөдөр нээлээ. Энд 1,7 га газарт зүлэг, мод тарин цэцэрлэгжүүлж оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай орчин болгожээ. Цэцэрлэгт хүрээлэнд усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбож, 4000 гаруй мод, сөөг тарьжээ. Тасганы овооны орчмын газрын хөрс шаварлаг учир зүлэг мод тарихад тохиромжгүй байжээ. Гэсэн хэдий ч хөрсийг хуулж, 20 см орчим зузаан хөрс шинээр дэвсэн таван төрлийн мод, бут суулгасан байна. Мөн 1073 м.кв явган зам тавьж, ойр орчмын олон жижиг овоог нэгтгэн тохижуулсан нь амралт зугаалгын ногоон орчин болжээ.

Энэ цэцэрлэгт хүрээлэнг жилийн дөрвөн улиралд байнгын үйлчилгээтэй байлгах юм байна. Мөн жил бүр мод нэмж тарих, байнгын арчилж тордож байх нэгжийг Нийслэлийн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн дэргэд байгуулжээ.

Нийслэлд 1,3 сая хүн ам оршин сууж байна. Хоёр жил орчмын өмнө нээгдсэнээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амралтын өдрүүдэд олны хөлийн газар болдог хэдий ч гэр хорооллоос уг хүрээлэнг зорих оршин суугчдад олон автобус дамжих, замын ачаалал, түгжрэлд орох зэрэг бэрхшээлтэй байдаг аж. Харин Тасганы овооны цэцэрлэгт хүрээлэн ажиллаж эхэлснээр нийслэлийн хойд хэсгийн гэр хорооллуудын оршин суугчид, мөн хотын төв, баруун хэсгийн оршин суугчид ч амарч зугаалахын тулд нийслэлийн зүүн урд захад байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих шаардлагагүй болж байна. Нийслэлийн засаг захиргаа оршин суугчдынхаа эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 2020 он хүртэл 20 томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухай Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа энэ үеэр мэдээлэв. Тасганы овооны цэцэрлэгт хүрээнг байгуулахад 320 сая орчим төгрөг зарцуулсан гэв.

Дэлхийн банкны “Цэвэр агаар” сангаас хэрэгжүүлж буй төслөөр нийслэл хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийн төрлийг тодорхойлох, тогтмол усалгаатай, усалгаагүй, бордоотой, бордоогүй гэх мэт өөр хоорондоо ялгаатай ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж, туршилт хийж байгаа юм байна.

Гэрэл зургийг

Г.Лхагвадорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай жүдочдод Риогийн олимп аймаар байх болов уу?

“Астана-2015” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэлд болж өнгөрлөө. Энэ тэмцээнээс манайхан гурван хүрэл медаль авсан. Мөн эрэгтэй шигшээгийнхэн багийн төрөлд гуравдугаар байр эзэлж шагналын тавцанд зогслоо. Жүдочдын энэхүү амжилтыг түүхэнд байгаагүй гэж өндрөөр үнэлэн шуугиж байгаа. Өнгөц харахад улсынхаа төрийн далбааг Астанагийн тэнгэрт гурвантаа мандуулж сайн оролцсон байна. Гэхдээ яг энэ байдлаараа “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцоход бэлэн үү. Амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлж чадах уу.

Энэ удаагийн ДАШТ-ий үеэр нэг зүйл маш тод анзаарагдсан. Юу вэ гэвэл манай тамирчдын нас аргагүй хөгшдөж байна. -100 кг-ын жинд зодоглосон олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын өрсөлдөгч нар өөрөөс нь даруй арван насаар дүү байна лээ. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд учраа таарсан Германы жүдоч л гэхэд 1991 оны “хүүхэд” байв. Манай аваргаас долоон насаар дүү гэсэн үг. Энэ хоёр ана мана үзэлцсэн, татами дээрх тэмцэл ямар байх ёстойг харуулж байсан. Үндсэн цагт ингэж тэнцүүхэн өрсөлдөөд нэмэлт цаг сунгахад Н.Түвшинбаяр ядарч байна лээ. Манай аваргын ядарсан үеийн хурд, самбаа, тэсвэр тэвчээр өөрөөсөө долоо дүү бөхийг гүйцсэнгүй. Энд яалт ч үгүй насны юм яваад байна. Түүнээс биш манай бөх туршлага, авьяас, чадвараараа дутсангүй. ДАШТ-д оролцсон манай улсын шигшээ багийн хамгийн ахмад нь 1984 оных бол залуу нь 1996 оны тамирчин байлаа. Гол найдвар болж улсынхаа нэрийг тахалдаг бөхчүүд дандаа 1984, 1985 оныхон. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Г.Болдбаатар гээд ихэнх нь 1980-аад онд төрсөн. Гэтэл бусад улсын шигшээ багийн тамирчдын хамгийн ахмад нь 1991 оных байна. Ид насан дээрээ яваа шижигнэсэн залуусыг харьж яваа манай бөхчүүд гүйцэхгүй юм биш үү. Мэх, туршлага, авьяас чадвараараа дутаагүй ч үнэндээ тэдний хурдад дийлдсэн. Энгийнээр бодоход ижилхэн бэлтгэл хийсэн 35 болон 25 настай бөхчүүдийг хооронд нь барилдуулахад залуу нь илүү байна гэдэг ойлгомжтой. Манай улсын хамгийн залууд тооцогдож байгаа Ц.Цогтбаатар 19 настай байгаа нь дэлхийд бараг л хөгшдөх гээд байна. Хөгшиддөггүй юм аа гэхэд залууд лав тооцогдохгүй. Үүний зэрэгцээ олон жил жүдогийн дэвжээн дээр барилдаж буй хэдэн аварга маань дэлхийд бүрэн судлагдчихжээ. Х.Цагаанбаатарыг нэг бол өмсөнө, эсвэл хонгодно гэдгийг өрсөлдөгч нь мэдээд байна. Н.Түвшинбаярыг үүрэх үед юу хийх вэ гэдгээ урьдчилан бэлдчихээд хүрч ирдэг. Ямар сайндаа саяны ДАШТ-ий үеэр монгол бөхчүүдийнхээ барилдааныг хамт үзэж суусан хүн “-100 кг-ын гадны бөхчүүд Н.Түвшинбаяр аваргыг ямар мэх хийх вэ, яаж барилдах вэ гэдгийг О.Балжиннямаас илүү мэдээд, мэдрээд байна” гэж бухимдах вэ дээ. Нэр дурьдаад, төрсөн оныг нь бичээд байгаа дээрх бөхчүүд бол жүдогийн алтан үеийн тамирчид мөн. Жүдогийн татами дээр олон жил ноцолдож яваа тэд одоо тамирчдаа дасгалжуулдаг болмоор байна. Арвин их туршлагадаа тулгуурлан дараагийн үеэ бэлдэж гаргаж ирэх зайлшгүй хэрэгтэй. Тэгэхгүй бол жүдод дараагийн үе гэж байхгүй болчихлоо. Ялангуяа хүнд жингүүдэд. 81, 90, -100, +100 кг-ын жинд барилдах бөхгүй болчихоод байна. Тэднийг нэн даруй бэлтгэж эхлэхгүй бол Риогийн олимпод оролцох тамирчингүй болох нь. Бас нэг зүйл байгаа нь манай дасгалжуулагч нар. О.Балжинням аварга жүдочоо татами дээр гаргасан хойноо юу ч зааж өгөхгүй юм. Дэмий харж суухаас өөр нэмэргүй харагдах юм. Эсвэл яаж ч ориллоо гээд өнөөдүүл нь сонсдоггүй юм болов уу. “Хөөш наадах чинь чамайг үүрэх гээд байна, ханцуйны барьцаа тавь” гээд хашгирч болдоггүй юм уу. Ш.Цэвэлмаа дасгалжуулагч бас л олигтой зөвлөхгүй. Бүр багийн аваргын төлөөх барилдааны үеэр “Яанаа, би харж чадахгүй нь ээ” гэж аальгүйтэн нүүрээ дарж байгаа нь зурагтаар гарсан. Ямар гэртээ суугаад монгол бөхчүүдээ дэмжиж байгаа би биш. Их спортод ялж, ялагдахын амтыг яс махандаа шингэтэл мэдэрсэн хүн ингээд сууж байж болох уу. Тэдэнтэй харьцуулахаад гадны дасгалжуулагч нарыг харъя. Ёстой нэг ааг амьсгаагүй орилно. Амаа хаттал, хөлсөө цувтал тамирчнаа дасгалжуулж байна. Үгүй дээ л хором бүрт дасгалжуулагч нь орилоод байхаар дэвжээн дээр хамт байгаа мэт санагддаг байлгүй. Багшийнхаа зөвлөгөөг сонсоод зориг орж, мэхээ даацтай хийдэг байх гэж бодогдох юм. Дээрээс нь гайгүй сайн дасгалжуулагч нараа Өмнөд Монголд алдчихлаа. Монголын жүдог өдий зэрэгтэй болгосон ардын багш Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нар өмнөд монголчуудыг бэлтгэж байна. Ч.Насантогтох багшийн үед Монголын жүдочид олимпийн наадамд аваргалж байлаа. Яаж бэлтгэвэл олимпоос медаль авах вэ гэдэг арга замыг Ч.Насантогтох тэргүүтэй багш, дасгалжуулагчид боловсруулж байсан. Өдгөө тийм хэмжээний бэлтгэлийг өмнөд хөршийнхөн маань хийж байна. Үр дүнгээ ч хараад эхэлчихлээ. “Чингис хаан-2015“ гран при тэмцээний үеэр Өмнөд Монголын жүдоч Сайнжаргал гэх залуу 73 кг-д барилдаад С.Ням-Очир тэргүүтэй бөхчүүдийг нутгийн дэвжээн дээр нь ялж алтан медаль авсан. Түүний дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар байв. Х.Болдбаатар Хөх хотод очоод нэг жил, Ч.Насантогтох багш гурван жил болж байгаа. Тэд Риогийн олимпоос медаль хүлээж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр манай тамирчид өмнөхөөсөө хэд дахин илүү эрчимжүүлсэн бэлтгэл хийж байж олимпийн наадам гэж ярих цагтай нүүр тулж ирээд байна.

Мөн манай жүдочдын тэмцэлдэх чадвар асар сул байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргуудыг харчих. Г.Болдбаатар өрсөлдөгчийнхөө өөдөөс ямар ч мэх хийхгүй юм. Ёстой нэг гүлдийж байгаад ялагдах жишээтэй. М.Уранцэцэг байна. Юу ч хийлгүй, ямар ч тэмцэл гаргалгүйгээр цэвэр тавиулаад байсан. Тэд ана мана, гал гарсан барилдаан яагаад хийхгүй байна вэ. Сэтгэлзүйдээ байдаг юм уу, эсвэл жин хасаж өлсөөд сэнсэрчихсэн очдог юм уу. Бүр нэг гуринхалсан “амьтад” л ноолуулаад байх юм. Улсын наадмын үеэр эцсэн морийг бишгүйдээ харж байлаа. Нүд нь шил шиг гөлийсөн байдаг. Ямар ч галгүй болчихсон ирдэг. Яг тийм нүд гаргачихаад “амьтны” дор ороод гүлдийгээд хэвтээд байна лээ. Бөхчүүд яагаад иймэрхүү барилдаж байгааг жүдогийнхон хоорондоо ярьдаг уу. Бидэнд өшөө илүү амжилт үзүүлэх арга зам юу байна гэж боддог уу. Жүдогийн холбооны ах дүүсэг, гэр бүлсэг, хамт олонсог, нутгархаг нь хэрээс хэтэрсэн юм биш үү. С.Ням-Очир л гэхэд хүрэл медалийн болзол хангачихаад дасгалжуулагчийнхаа өмнө сунаж мөргөөд байсан. Амьд бурхан өмнө нь зогсож байгаа аятай харагдаж байна лээ. Энэ хэрээс хэтэрсэн нялуун үйлдэл. Иймэрхүү маягаар явбал бид Риогийн олимпоос медаль горьдож суух хэрэг байгаа юм уу. Нутагтаа үлдэж захыг нь мушгин зурагтаа ширтэж суугаа бид тэмцэлдсэн, тулалдсан, гал гарсан барилдаан та нараас хармаар байх юм. Гэтэл өөгшүүлж, эвийлсээр байгаад эрхийн балай хүүхэд шиг болгочихож. Ялагдаад ирж байхад нь сайн барилдсан шүү гэх нялуун үг хэлж хөөрөгдөөд байх юм. Ялангуяа зурагтын тайлбарлагч нар. Яалт ч үгүй ялагдаад байхад ялах байлаа, сайн байлаа, шүүгчийн алдаа гэхчилэн эрээ цээргүй өмөөрнө. Дэлхийн аваргын тэмцээнийг шүүж байгаа хүмүүс та нараас л дор байв гэж. Гарцаагүй ялагдчихаад байхад л манай бөх сайн байлаа гэхийн оронд муу барилдлаа гээд хэлэх зүрх алга уу. Ямар ч идэвхгүй барилдаж оноогоор ялагдсан бөхчүүдээ сайн байлаа гэж ам хуурайгүй ярих нь буруу үйлдэл хийсэн хүүхдээ өмөөрч байгаа эцэг эх шиг санагдана. Угтаа бол үнэнийг хэлж баймаар байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй вэ гэвэл бөхчүүдийнхээ мууг үзэхдээ огт биш юм. Бидний дараагийн тэмцээнд хэрэгтэй. Дараа дахиад дэлхийн татами дээр гарахдаа амьтанд ноолуулсан, шоргоолжинд бариулж буй голио шиг гүлдийсэн тамирчдаа харж, өр өмөрч суумааргүй байна. Яаж ч ялагдсан ядаж л эцсээ хүртэл тэмцэлдсэн Н.Түвшинбаяр аварга шиг дайчин бөхийг харъя. Бид ноолуулдаг ард түмэн биш. Дэлхийд данстай, дээрээ тэнгэртэй ард түмэн юм шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Аймаар өвгөний” шавь Азийн аварга боллоо

Азийн аварга шалгаруулах боксын 18 дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо явагдаж, өнөөдөр финалын тоглолтууд боллоо. Манай улсаас энэ тэмцээнд есөн тамирчин оролцсоноос Б.Түвшинбат, Г.Ган Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр болсон финалын тулалдаанд Д.Отгондалай Казахстаны тамирчин Закир Сафуллинтай тоглож, Азийн аварга боллоо.

Д.Отгондалай эхний тулаанд гоц мөргөж, улмаар Индонези, Тайланд, Узбекстаны боксчдыг ялсан юм.

Дорнод аймгийн унаган хүү түүнийг Ё.Төмөрбатаа гэж “аймаар өвгөний” шавь гэдэг юм. Дорнодын Ё.Төмөрбатаа багшийн олон шавь Монголын боксын спортын хөгжлийг тодорхойлсон байдаг. Тэдний нэг нь Д.Отгондалайг гэж мэргэжилтнүүд онцолдог. Инчоны Азийн наадмын аварга, Тайванийн эзэн хааны цомын эзэн Д.Отгондалай ийнхүү Азид өөрийгөө дахин тодорхойлж байна.