Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурил үйлдвэрлэгчдийн байр суурийг маргаашийн дугаараас уншаарай

Жилийн жилд тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, салбарын яамны дунд маргаан дэгддэг. Тариаланчид энэ жил ургацынхаа 50 хувийг алдлаа, буруутан нь салбарын яам гэсэн мэдэгдэл хийгээд удаж байна. Тэд гурил үйлдвэрлэгчдэд буудайгаа үнэтэй өгөхөөс аргагүй гэцгээж байгаа. Харин гурилын үйлдвэрийнхэн энэ тал дээр өнөөг хүртэл дуугараагүй байгаа билээ. Бид энэ удаа тэдний байр суурийг хүргэж байна. Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Чинзоригтой хийсэн ярилцлагыг манай сонины маргаашийн дугаараас сонирхоорой.

Categories
мэдээ нийгэм

Машин осолдож хоёр хүн нас баржээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Бор хоолой” гэдэг газар авто замын зорчих хэсгийн хажуу руу “Ниссан Навара” загварын суудлын автомашин онхолдож, автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдаж нас баржээ.

Энэ тухай дуудлага өчигдөр орой 23:30 цагийн үед Онцгой байдлын Ерөнхий газарт ирсэн аж. Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 42 настай эрэгтэй Б, 27 настай эрэгтэй Э нар эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Үлдэж буй 106 орчим мянган буудайг импортлохоос аргагүй болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Тэрээр албан томилолтынхоо эхний өдөр зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон тариалалтын байдал, ургац хураалтын явцтай танилцсан. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

Ч.Сайханбилэг:

-Зуны эхэн сарууд гандуу, хурц нартай байсан. Сүүлд хур бороо орсон ч орох ёстой цаг үедээ ороогүйгээс ургац ерөнхийдөө хүндэрсэн. Үүнээс шалтгаалж ургацын байдал газар бүр харилцан адилгүй, янз бүр байна. Эхний удаад ургац алдсан, бага ургац авахаар байгаа талбайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Харин маргааш үүнээс илүү сайн ургац авахаар байгаа талбайгаар явна гэж байна. Гэхдээ бизнес алагтай, цоогтой байдаг. Бид үүссэн асуудлаа өнөөдөр хоорондоо ярьж, нэг зүйл дээр ойлголцох хэрэгтэй. Асуудлыг нэг өнцгөөс, зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэх боломжгүй. Одоо үүсээд байгаа асуудал нь нэг талдаа 1000 орчим ажилтантай гурилын үйлдвэр, мөн 4000 гаруй тариалан эрхлэгчийн эрх ашиг, нөгөө талд нь гурван сая хэрэглэгчдийн эрх ашиг яваа. Үүний бодолцож, газар тариалангийн бодлогын өнөөгийн дүр зургаа бид гаргах шаардлагатай болж байна.

Гадаад хүчин зүйлсийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

Эдийн засгийн нөхцөл байдал, нөөц боломж төдийлэн сайн биш байгаа. Төсвийн хүндрэл улам мэдрэгдэж эхэлсэн. Энэ оны долоон сарын эхний байдлаар төсөв 630 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Оны эцэс гэхэд зэс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад байвал бид бараг нэг их наяд төгрөгийн төсвийн алдагдал нөхөх шаардлага гарч байгаа. Гадаад нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. Эрдэс, түүхийн эдийн үнэ уналттай. Үүнийг дагаад бензин шатахуун, газар тариалангийн салбарт ч үнийн уналт явагдаж байна. Тухайлбал, манай хөрш, импортлогч орны нэг болох ОХУ, Казахстаны өөрсдийнх нь мөнгөн тэмдэгт болох рубль ам.долларын эсрэг ханш нь эрс суларч байна. Олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад импортын хөнгөлөлттэй нөхцөл зарим бараа, бүтээгдэхүүн дээр бий болж байгаа. Тиймээс гадаад дотоод хүчин зүйлээ бид зохицуулж энэ жилийнхээ салбарын бодлогыг гаргана.

Нэг зүйлийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд нэг зүйл хандлага болж хэвшсэн. Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар намрын ургац хураалтын үеэр газар дээр нь танилцаад, жишиг үнэ зарладаг болсон. Ийм байдлаар асуудалд хандахгүй гэдгээ миний бие өнгөрсөн хавар мэдэгдэж байсан. Хүмүүсийг зах зээлийн зарчим руу шилжсэн, бодлого ч энэ зүгт чиглүүлэх нь оновчтойг дурдсан. Түүнээс төр зах зээлийн харилцаа руу гүйж орж, үнэ тогтоогоод байх нь зохистой биш юм. Тиймээс үнэ зах зээлийнхээ зарчимд нийцэх нь зөв. Цаашдаа бол асуудалд ингэж хандах нь илүү үр дүнтэй. Манай гурил үйлдвэрлэгч, тариаланчид хоорондоо тохиролцож, нөхцөл байдлаа бодитой үнэлэх нь чухал. Бидний хэн ч саран дээрээс бууж ирээгүй учраас нөхцөл байдлаа зөв үнэлж, хоорондоо зах зээлийн зарчим тохирох болов уу.

Энэ жил ургац хураалтын байдлаас шалгаалж импортын буудай худалдаж авах шаардлага тулгарч байна. Үүн дээр Засгийн газраас ямар зохицуулалт хийх вэ?

Засгийн газрын зүгээс ургацынхаа урьдчилсан баланссыг гаргасан. Нийтдээ 250-260 орчим мянган тонн буудай хураахаар байгаа. Энэ нь өөрийн хэрэглээний 58.7 хувийг дотооддоо хангана гэсэн үг. Үлдэж буй 106 орчим мянган буудайг импортлохоос аргагүй болж байна. Дотоодын худалдан авалт, импорт зэрэгцэж явахаар бие биенийхээ үнэд нөлөөлж, хүндрэл үүсгэдэг. Тиймээс энэ жилийн нэг ялгаа нь импортынхоо буудайг нэг цонхоор оруулж ирнэ. Цаг хугацааны тухайд хэзээ, хэдийд оруулж ирэхээ Засгийн газар шийднэ. Мэдээж үр тариа, буудайны үнэ харьцангуй хямд байхад оруулж ирнэ. Гэхдээ импортын буудай дотоодын тариаланчдын үнэ өртөг, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар зохион байгуулна. Үүнийг салбарын яам нэг цонхны бодлогоор зохицуулж, шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдийг бий болгоно.

Нэг цонхны бодлогоор импортын буудайн асуудлыг шийдэх учраас урьд жилүүдийнх шиг, ялангуяа өнгөрсөн жил гарсан шиг тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн хооронд үүссэн үл ойлголцол, маргаан гарахгүйгээр зохицуулах боломжтой гэж харж байгаа.

Хадлан тэжээлийн байдал, махны экспортын талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

Хадлан тэжээлийн хувьд одоо байгаа үр дүн маань хангалтгүй, дөнгөж 10 хувь гаргаад явж байна. Энэ ажилд хүн болгон дор бүрнээ хүчин зүтгэж байж ирэх өвлийн ард гарах ёстой.Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газар махны чиглэлийн асуудлаа зохицуулж байна. Хойд болон өмнөд хөрштэй яриа хэлцэл хийж байна. Ялалтын баярын үеэр Ерөнхийлөгч болон Бурмаа сайд өөрсдийн чиглэлийн хүмүүстэй уулзсан. Махны экспортын асуудал дээр хоёр хөрштэй тохиролцоонд хүрч, ахиц дэвшил гарч, ажил урагшлах хандлага байна. Бидний зүгээс дотооддоо дахин зохион байгуулалтыг хийнэ. Би ирэх долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлийн даргатай уулзана. Энэ үеэр дээрх асуудлыг зохицуулах чиглэлийн ажлуудыг ярилцах болно. Газар тариалан, буудай, гурилын үнэ, хадлан тэжээл, махны үнийн асуудлаа шийдээд ард нь гарчих болов уу гэсэн дүр зурагтай байна.

-Улаанбуудайн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчимд нийцүүлэх цаг болсныг тариалан эрхлэгчид шаардах болсон. Мөн буудайн урамшууллын асуудал жил бүрийн намар багагүй маргаан дагуулдаг. Үүнийг яаж хэрхэн шийдэх вэ. Яамны зүгээс гурилын үнэ тогтвортой байна гэж мэдэгдсэн. Үнэхээр ийм боломж байгаа юу?

-Хөдөлмөрийн баатар Мардай гуай хэлж байна, би 38 жил газар тариалан гэж явсан. Өнөө жилийнх шиг ийм ган үзээгүй гэж ярьж байна. Нөхцөл байдал ийм байгаагаа дор бүрнээ ойлгож, гурван тал асуудлаа нэгдэж, нэг ширээний ард сууж харилцан буулт хийж шийдэх ёстой. Нэг нь гарч ирээд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалсан байдлаар яриад байж болохгүй. Ингэж яриад хэзээ ч шийдэлд хүрэхгүй нь гэдгийг харлаа. Чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх нь чухал. Гэхдээ бидний өнөөдрийн хувьд чөлөөт чөлөөт зах зээлийн үнэ рүү шилжих бэлтгэл багатай байна. Буудайн үнийг зарлахгүй, зах зээлийнхээ зарчим руу чиглэх нь зөв. Хэн хэн нь хоорондоо зохицох үлдээд байна. Газар тариалангийн салбарынхаа бизнесийг унагачихгүй, хэтэрхий нэг талыг ярьж үнэ хөөхгүйгээр хоорондоо зохицоод хийх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс импортын буудайн оруулж ирэхдээ нэг цонхны бодлогын зарчим баримтлана гэдгээ эхэнд тэмдэглэсэн. Тухайн компани дотоодоос хэдий хэмжээний буудай авсан байна, үүнтэй нь дүйцүүлж тэр хэмжээгээр импортлох эрх, хуваарилалт, квотын асуудлыг ярих болно. Тиймээс гурвалжны нэг талыг ярих хэрэггүй байгаа юм. Засгийн газарт иргэддээ үнийн дарамт үүрүүлэхгүй, гурил үйлдвэрлэгчдээ дэмжих, тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалах гурван талын хүслийг нэгтгэж, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандаж байгаа. Гурван сая иргэнийхээ төлөө 3-4 мянган хүний төлөөлөл нийлж байгаад дундын шийдвэр олоод явна гэж харж байгаа. 100 хувь сэтгэл ханамжтай нэг хэсэг гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс хаана хаанаа анхаарч, урагшаа харж ажиллах ийм л цаг үе бидэнд байна. Харилцан зохицол, харилцан буулт, ойлголцол дээрээ ажиллах хэрэгтэй. Засгийн газрын хувьд төсөв нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж мэдэхээр байна. Ийм үед нөхцөл байдлаа зөв үнэлж, тариалан эрхлэгчдээ дэмжих, өр зээлтэй байгаа компанийн зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх, хугацааг нь гээд цөөнгүй арга хэмжээ авахаар ажиллаж байна. Аль аль нь хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай үед дарамт болж байгаа. Одоо бол талбай дээр гараад буудайгаа асгаж, буцааж ачдаг ийм зүйл бол явахгүй, бодит байдал дээрээ ойлголцох нь чухал.

-Яам болон тариаланчид өнгөрсөн жил буудайн урамшууллын асуудал тойрч багагүй маргасан. Энэ жилийн хувьд буудайн урамшууллын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Буудайн урамшууллын асуудал дээр тодорхой хэмжээний мөнгө тавихаас аргагүй, урьд жилүүдийнх шууд хуваарилаад явахгүй нь ойлгомжтой болчихлоо. Юуны өмнө тариалангийн хуулиа баталж гаргана. Мөн тариаланчдад ямар асуудал тулгарч байгаа, төрийн зүгээс яаж туслах, дэмжих боломжтой талаар санал авч шийдэлд хүрэхийн төлөө ажиллах болно. Асуудал байгаа учраас шийдэх арга замыг тал талаас нь эрэлхийлэх шаардлага гарч байна. Асуудал гурван талт өнцөгтэйг хэлсэн. Гурвуулаа эрх ашгаа ярьж, нөгөө талд нь боломжийн үнээр гурил үйлдвэрлэх, хямд үнэтэй гурил хэрэглэх, хөрөнгө оруулалтаа нөхөх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Засаг гурван институцыг төлөөлж байна. Засгийн газраа өрсөлдөгч, асуудал гэж битгий хар. Нийлж хамтдаа байж асуудлынхаа ард гарцгаая.

– Импортын асуудлаас гадна үрийн асуудлыг ярих ёстой. Энэ асуудлыг шийдвэхэд мэргэжлийн холбоодоос төлөөллийг оролцуулах хэрэгтэй байна?

– ХХААЯ энэ жил 29.7 мянган тонн үрийн буудай оруулж ирнэ. Бид нар сайн чанарын үр оруулж ирэхгүй бол болохгүй. Үүнийгээ аль сортын, ямар буудайг хэзээ оруулж ирж, яаж зохион байгуулах гэдгээ тариаланчид яаман дээр гурван талын төлөөлөл оролцоод шийдэх ёстой. Нэг цонхны бодлогыг баримтлаад үнийн хувьд хямд байхад нь үрийн буудайгаа эрт оруулж ирэх ёстой.

– Чингис бондоос санхүүжилт авсан “Эрдэнэс хивс” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих саналуудыг тавьсан. Шийдвэрлэх боломж бий юу?

-Үнэхээр сэтгэл ханамжтай байна. Тодорхой технологийн шинэчлэл хийгээд, хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа нь сэтгэл татахуйц амжилт. Эрдэнэтийг бид ГОК гэдгээр нь ойлгож, төсөөлж ирсэн. Тэгэхэд “Эрдэнэт хивс” гэхэд дотоодын хивсний зах зээлийн 75 хувийг дангаар хангаж, энэ салбарынхаа ГОК нь болчихсон байна. Хивсний загвар, хийц нь хувь хүний хувьд таалагддаг. Хүн болгоны хэрэгцээг хангасан, хэдэн зуун мянган цэгийн хатгалттай, технологи хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн зүгээс гурван асуудал хөндсөн. Эхний ээлжинд, түүхий эд бэлтгэх дээр ялангуяа салбар болгон дээр гарч байгаа зүйлийг хөндсөн. Дотоодын үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангах бодлогоор дэмжих, Хоёрдугаарт, Чингис бондоос хийсэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацааг уртасгах. Гуравдугаарт, цэвэрлэх байгууламж. Засгийн газрын хуралдаанаар Дарханы цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдсэн байгаа. Гэхдээ үйлдвэрийн цэвэрлэх байгууламж өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс асуудлыг гадны хөрөнгө оруулалт, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрээ харж шийдэх шаардлагатай болсон байна. Зөвхөн Монгол Улсынхаа хэрэгцээ хангахаас гадна дэлхийн арваад улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тиймээс олон улсын худалдаагаа улам өргөжүүлж, брэнд бүтээгдэхүүний чиглэлд илүү санал санаачлагатай ажиллах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс бодлогын хувьд бүрэн дэмжиж ажиллана.

-Гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Дотоодод үйлдвэрлэж буй гурил импортын гурилаас хямд, чанартай байснаар зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байдаг. Гэвч манайд үнэ хямд байх ийм боломж нь хараахан бүрдэж чадаагүй байгаа. Үүнийг хэрхэн шийдэж болох вэ?

-Миний дээр дурдсан гурвалжны нэг өнцөг нь гурил үйлдвэрлэгчид байдаг. Тэдний нэгтэй, тэр тусмаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Турк улсын хөрөнгө оруулалтаар цоо шинэ газар цоо шинэ гурилын үйлдвэр бариад зүтгэж байгаа нь сайхан санагдаж байна. Тодорхой бодлогоо гаргаж, яамтайгаа санамж бичиг байгуулж, эцсийн бүтээгдэхүүний үнэ дээрээ тохирч, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нягт ажиллах хэрэгтэй. Хүндрэлтэй жил ч гэсэн өөрсдийн боломжоор том алхам хийх нь чухал.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ургамлын тосны үр боловсруулах үйлдвэртэй танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа, жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцлаа. Уг үйлдвэрийг манай улсын ургамлын тосны 70 орчим хувийг импортоор хангадаг “Майнд теч” компани өөрсдийн арвин туршлагадаа үндэслэн бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж 10 гаруй тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөсөө шийдэж, бүрэн гүйцээж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын “Чингис” бондын 22 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна.

Манай улсын хүнсний тосны хэрэгцээ жилд 26-30 мянган тонн буюу энэ хэмжээний тос импортоор орж ирдэг байна. Харин тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийнхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулна” гэж “Майнд Теч” ХХК-ийн Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Түвшинбаяр хэлж байлаа.

Биднийг үйлдвэрийн нээлтэд хүрэлцэн очиход эцсийн бүтээгдэхүүнүүд болох “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэгч олны өмнө дэлгэгджээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумнаа хуучин малын тэжээлийн аж ахуйн суурин дээр төр хувийн хэвшлийн30 гаруй тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн “Майнд Теч” компанийн энэ үйлдвэррапсын ургамлын тосоо Герман технологиор, рапоол сортоор тарьж тос болгон гаргаж байгаа юм.

Иргэд хүнсэндээ наранцэцэг, оливи/чедун жимс/ гэх мэт ургамлаас гаралтай тосыг хэрэглэдэг. Рапсаас гаргаж авсан “Оргих” нэрийн ургамлын тосны хувьд холестрины хэмжээ хамгийн бага, амт үнэргүй, химийн боловсруулалт ороогүйн дээр эх орны хөрсөнд ургасан рапсаас гаргаж авсан гэдгээрээ онцлог аж. Уг тосыг одоогоор импортоор орж ирж байгаа тосны үнээр борлуулж байна. Цаашид Герман улсаас оруулж ирдэг үрийнх нь гаалийн татварыг чөлөөлсөн тохиолдолд үнэ буурах боломжтойг үйлдвэрлэгчид онцолж байсан юм.

“Майнд теч” компанийн зүгээс 2012 оноос эхлэн рапс буюу тосны ургамлыг боловсруулж, ургамлын тос үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн байна. “Саяхан ашиглалтад орсон бүрэн автомат энэ үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл дотоодынхоо хэрэгцээг 50 хувь хангаж, 30 сая америк доллартай тэнцэх валютын урсгалыг дотооддоо шингээх боломжтой. Үүнээс гадна орон нутгийн 60 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, улирлын ажилд Баянгол буюу Баруун хараагийн төвийн 100 гаруй хүнийг ажилтай орлоготой болгох боломжтой” гэж үйлдвэрийн дарга Н.Цэвээнсүрэн ярилаа.

Үндэсний “Оргих” нэрийн ургамлын тосны эх булаг болсон рапсын тариалалтын талаар үйлдвэрийн даргаас тодруулсан юм. Тэрээр “Манай тосны ургамал бол рапс. Үүнийг бид Германы Рапоол сортыг сонгож тариалж байгаа. Энэ сортын хувьд дотроо осорно, траппер, солар гээд хэд хэдэн төрөл бий. Бүгд тариалалтын орчиндоо дасан зохицох чадвар сайн, цаг агаарын хүйтрэл, хуурайшилт, цас хяруунд тэсвэртэй, бичил элемент бактери эсэргүүцэх чадвар сайн, зэрлэг ургамлаас ажрахгүй ургах чадвартай гээд олон давуу тал бий. 2012 оноос туршилтын хугацаа дуусч тарьж, ургуулж эхэлсэн. Хятад хар рапстай харьцуулахад даруй нэг дахин илүү ургац өгнө. Газрын үржил шимд үр ашигтай. Манайх долоон жил энэхүү сортоор рапс тарьж байна” гэсэн юм.
Манай улсын тариалан, Хөдөө аж ахуйн томоохон бүс нутаг болон хөгжих учиртай Баруун хараа буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумнаа сүндэрлэн боссон энэхүү үйлдвэрийн нээлтэд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, үйлдвэрийн шат дамжлага, хүчин чадалтай танилцсан юм.
Тэрээр “Засгийн газрын Чингис бондоос манай хөдөө аж ахуйд тухайлбал, эрчимжсэн мах, сүүний фермер, төрөлжсөн тариалан, нөөцийн мах, гурилын үнэ тогтворжуулах, хүнсний зоорь, хүлэмжийн аж ахуй гэхчлэн тулгуур салбаруудад хөрөнгө оруулалт орсон. Үүний үр дүн гарсаар байна. Нэг тод жишээ нь өнөөдөр нээлтээ хийж буй бүрэн автомат ургамлын тосны үйлдвэр, түүнийг түшиглэсэн дагуул бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжой бүтээн байгуулалтын ажил юм. Сая бид үйлдвэртэй танилцлаа. Рапсын шахдасаар хийсэн малын тэжээлээр нэг сарын турш малыг тэжээхэд сүү, махных нь гарц чиглэл чиглэлдээ сайжирсан бодит үр дүнгүүд гарчээ. Нэг сарын хугацаанд тэжээсэн малын жин 20 хувь нэмэгдэж, 90 хоног саалгадаг байсан сүүний фермерийн үнээ 300 хүртэл хоног сүүгээ өгч байна гэхчлэн өөрчлөлт, өсөлтүүд гарч байгаа юм байна. Яамны зүгээс төвийн нутгууддаа ХАА-н эрчимжсэн бүсийг байгуулж, түүнээ дотоодын болон гаалийн татвар, хураамжаас хөнгөлөх замаар дэмжих бодлого барьж, хил орчмын бүс нутагтаа ХАА-н Чөлөөт бүс байгуулж, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ гадагш гарахад нь дэмжиж ажиллах бодлогыг барьж ажиллана. Энэ бүх ажил шат шатны байгууллага дээрээ хэлэлцэгдээд явж байна” гэв.
Манай улсад тослог ургамлын үр боловсруулах анхны үйлдвэр байгуулагдсанаар дотоодынхоо ургамлын тосны50 хувийнхэрэгцээг хангах боломж бүрдлээ. Цаашид тус үйлдвэр өдөрт 400 тонн тослог ургамлын үр боловсруулах хэмжээнд хүрэх юм. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Мөн түлш, шатахууны зах зээлд биодизелийн өндөр хүчин чадал бүхий үйлдвэрийг ирэх онд бүтээн байгуулж, Монгол Улсынхаа шатахууны хараат байдлыг бага ч гэсэн хөнгөлнө гэж “Майнд Теч” ХХК-ийн удирдлагууд зорилго тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлд хамрагдсан жолооч нар шалгалт өгч үнэмлэхээ авна

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 02-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнө буюу хууль хэрэгжиж эхлэх өдрөөс өмнө эрхээ хасуулсан хүмүүс шалгалт өгч байж эрхээ сэргээлгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ээлжит бус чуулган маргааш хуралдана

2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамж гарлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.

Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний үүргийг хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Бадрал дэлхийн аваргын хошой мөнгөн медальт дуучин болов

ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын олон улсын X уралдаан ОХУ-ын Санктпетербург хотноо боллоо. Уг уралдаанд дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучин авьяас билгээ сорьжээ. Энэ тэмцээнд анх удаа монгол дуучин, тодруулж хэлбэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ч.Бадрал оролцож, II байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хадлан тэжээлийн арван хувийг л бэлджээ

Энэ жил нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байснаас одоогоор шаардлагатай хадлан, тэжээлийнхээ 10 хувийг нь л бэлтгээд байна.

Гантай байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай, Дорнод аймагт 500 га , Сүхбаатар, Хэнтий аймагт 135 га талбайгаас хадлан бэлтгэх тухай Засгийн газрын тогтоол гарсан.

Одоогоор дээрх аймгуудаас Дорнодод 60, Сүхбаатарт 50, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллаж буй бол улсын хэмжээнд нийт 120 мянган тн өвс, 261 тн гар тэжээл бэлтгээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл үргэлжилж байна

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл үргэлжилж байна.

4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх юм.

08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлсэн энэхүү бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана.

Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлах боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Векселийн сургаар Сангийн яаман дээр жинхэнэ будлиан хутгажээ

-12 сая төгрөгийн авлагатай байгууллагад бүр нэг тэрбум 950 сая төгрөг олгохоор болсон нь гайхмаар-

Өмнөх онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ашиглалтад орсон ч гэрээний үлдэгдэл төлбөрөө төрөөс авч чадаагүй олон компани бий. Тэдгээр асуудлыг шийдэж, барилгын гүйцэтгэгч компаниудыг хохиролгүй болгох зорилгоор УИХ энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 07 тоот тогтоол баталсан билээ. Уг тогтоол ёсоор компаниудыг векселиэр санхүүжүүлэхээр болсон. Тодруулбал, 07 тоот тогтоолын нэг дэх заалтаар 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бүрэн хэрэгжүүлж дууссан , гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 96 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг нэг бүрчлэн жагсаалтаар баталж, тэдгээрт нийт 32.6 тэрбум төгрөгийг векселийн санхүүжилтээр олгохыг Засгийн газарт даалгажээ. Харин хоёр дахь заалтаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Засгийн газарт даалгасан байдаг. Сангийн яам дээрх тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд оруулсан билээ. Улмаар Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулсан юм. Ингэхдээ 286 аж ахуйн нэгжийн 176 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 235 төслийг хянаж, санхүүжилт олгохоор болсон. Арилжааны банкуудад өнгөрсөн сарын эхээр вексель бичиж эхэлсэн атлаа гацчихсан. Учир нь бизнес эрхлэгчдийн мэдээллийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг векселиэр санхүүжүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаал­тыг хянахаар болсон. Энэ шалгалттай холбоотой векселиэр санхүүжилт олгох ажил зогсчихоод байгаа билээ.

Шалгалтын явцад Сангийн яаман дээр жинхэнэ “бантан” хутгасан нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулахдаа Төсвийн тухай хууль, УИХ-ын 07 тоот тогтоолыг ноцтой зөрчсөн болох нь ил болжээ.

Тодруулбал, 2014 оны төсөвт огт тусгагдаагүй, ажлын гүйцэтгэл нь 80 хувьд хүрэхгүй цөөнгүй төсөл, арга хэмжээ, барилгыг жагсаалтад шууд оруулж, векселиэр санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулжээ. Бүр 2014 онд санхүүжүүлтээ бүрэн авчихсан төсөл, арга хэмжээнд нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байсан нь дээрх шалгалтаар илэрчээ. Заримд нь төсөвт өртгөөс хэтэрсэн дүнгээр векселийн санхүүжилт олгохоор болсон зэрэг итгэмээргүй шийдвэрийг гаргасан байна.

Хууль зөрчин байж, ямар компаниудыг векселиэр санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр хүргэж байна.

Төсвийг нэмэгдүүлж таван төсөлд 2.9 тэрбумыг “бэлэглэх” вексель

Сангийн яамнаас боловсруулсан жагсаалтад төсөвт өртгийг нэмэгдүүлсэн дүнгээр таван төслийг санхүүжүүлэхээр болсон хачирхалтай баримт байна. Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 850 сая төгрөгөөр хүүхдийн номын сан барихаар Төсвийн тухай хуульд тусгажээ. 2011, 2012 оны төсвийн гүйцэтгэлээр 826.4 сая төгрөгийн санхүүжилт олгосон аж. Ингээд төр гүйцэтгэгч компанид 23.6 сая төгрөгийн өртэй байжээ. Гэтэл векселиэр 142 сая төгрөг олгохоор тогтож, Засгийн газрын шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 118.4 сая төгрөгийг зүгээр өгөх шийдвэр гаргачихжээ. Уг ажлын гүйцэтгэгч нь “Донж хацу” компани аж.

Булган аймгийн Гурванбулаг суманд сургуулийн барилга, спорт заал барих ажил 2010 оноос эхэлсэн. Уг барилгын төсөвт өртөг 1.6 тэрбум төгрөг. Үүнээс 2010, 2011 онд 810.3 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэтэл Засгийн газрын 2015 оны 282 тоот тогтоолоор УИХ-аар баталсан төсөвт өртгийг дур мэдэн нэмэгдүүлж 2.225 тэрбум төгрөг болгосон байна. 2011 оноос хойш уг барилгын төсөвт өртгийг өөрчлөх шийдвэрийг УИХ гаргаагүй байхад өртгийг нэмэгдүүлж 1.212 тэрбум төгрөгийн вексель олгохоор болжээ. Ингэснээр 422.4 сая төгрөгийн илүү санхүүжилт олгохоор болж буй юм.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Их залуу багт 640 суудалтай сургууль, спорт заал барих ажлыг өнгөрсөн онд “Урагшлах” компани гүйцэтгэжээ. Уг ажлын төсөвт өртгийг УИХ нэг тэрбум 720 сая төгрөгөөр баталсан байдаг. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоол, Сангийн яамны албан тоотод төсөвт өртгийг хоёр тэрбум 339.5 сая төгрөг болгож оруулжээ. УИХ-аар батлагдсан төсөвтэй харьцуулахад төрөөс 425.9 сая төгрөг олгох ёстой байж. Гэтэл төсвийн гүйцэтгэлийг зохиомлоор нэмэгдүүлж 564.9 сая төгрөгийн вексель олгохоор Засгийн газрын тогтоол гаргуулжээ. Үүний зөрүү нь 140 сая төгрөг юм.

2013 оны төсвийн тухай хуульд тусгаснаар Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөвт өртгийг 550 сая төгрөг байхаар баталжээ. Улмаар тэр ондоо 538 сая төгрөгийг гүйцэтгэгч болох “Контракс” компанид олгосон байна. Үлдэгдэл нь 12 сая төгрөг гэсэн үг. Гэтэл Сангийн яамнаас уг ажлын төсөвт өртгийг зургаан тэрбум нэг сая төгрөг гэж Засгийн газарт оруулаад нэг тэрбум 950 сая төгрөгийн вексель олгохоор төлөвлөж батлуулжээ. Өөрөөр хэлбэл, 12 сая төгрөгийн авлагатай байгууллагад бүр нэг тэрбум 950 сая төгрөг олгохоор болсон нь гайхмаар.

Аймаг, нийслэлийн бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, барилгын материалын иж бүрэн лаборатори байгуулах ажил 2012 онд эхэлсэн. Уг ажлыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Идэр чандмань” компани хийхээр 2014 оны төсөвт 472.9 сая төгрөгийн өртөг тусгуулжээ. Төсөвт өртгийн үлдэгдэл 600 мянган төгрөг байсан аж. Гэтэл төсөвт өртгийг 816.9 сая төгрөг хэмээн Засгийн газарт оруулж 344.6 сая төгрөгийн вексель олгох шийдвэрийг гаргуулсан байна. Энэ мэтээр нийт 2.962 сая төгрөгийг төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар гүйцэтгэгчдэд бэлэглэх шийдвэрийг Сангийн яамны саналаар Засгийн газар баталжээ.

Мөнгөө бүгдийг нь авчихсан компаниудад 3.3 тэрбум шахам төгрөг өгөх шийдвэр

Төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар компаниудад их хэмжээний вексель олгосон талаарх баримтыг дээр өгүүлсэн. Тэгвэл гүйцэтгэсэн ажлынхаа өртгийг бүрэн авчихсан гурван компанид нийтдээ 3.261 тэрбум төгрөг өгөх шийдвэрийг гаргасан байна.

Хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах тендерт “Энержи-Импиар”, “Тайширын хүрээ”, ”Мэнхэн тахилга”, “ЖОББЭ”, “Нар Маржан”, “Идэрчандмань”, “Алтайн хар сувд”, “Чандмань Дундговь”, “Хөвсгөл геологи”, Ус-Инержинг“, “Хан булгийн эх”, “Сэлэнгэ Баянбүрд”, “Эвлэрэл”, “Орхонгидрогео” зэрэг компаниуд ялжээ. Бүх аймагт уг ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд 2014 оны Төсвийн тухай хуулиар 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх байжээ. Ингээд өнгөрсөн онд төлбөрийг бүрэн төлж тооцоо дуусчээ. Гэтэл дээрх компаниудад нэмж 2.033 тэрбум төгрөгийн вексель олгохоор болсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тариалангийн талбайн услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих, ус хуримтлуулах сан бүхий боомтын барилгыг тариалангийн бүс нутагт барих ажил мөн өнгөрсөн онд эхэлсэн. Энэ ажлыг “Монгол менежмент төв”, “Усны барилга”, “Ус-Эрдэнэ”, “Аригшан”, “Шимт газар”, “Цаст алтанцөгц” компаниуд гүйцэтгэсэн. Энэ ажлын төсөвт өртгийг гурван тэрбум төгрөг байхаар УИХ баталж, бүрэн төлжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолоор нэмж 924.4 сая төгрөгийн вексель бичих шийдвэр гарчээ.

Улсын ерөнхий прокурорын газрын албаны орон сууцыг 2.5 тэрбум төгрөгөөр барихаар 2013, 2014 оны Төсвийн хуулиар батлагджээ.

Улмаар 2013 онд 1.198 тэрбум, 2014 онд 1.296 тэрбум нийтдээ 2.496 тэрбум төгрөг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хуулиар батлагдсан төсөвт өртгийнхөө санхүүжилтийг бүрэн өгчээ. Гэтэл дээрх компаниудад 250 сая төгрөгийн вексель олгохоор болжээ.

Энэ мэтээр 3.261 тэрбум төгрөгийг хууль бусаар векселиэр олгох хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.

-Сангийн яам УИХ-ын бүрэн эрхэд халдаж хуулиар
баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж бантан хутгасан тухай баримт ийм
байна-

Төсвийн хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, ашиглалтад орсон ч мөнгөө авч чадаагүй
компаниудад төр вексель бичиж өгөх шийдвэрийг УИХ өнгөрсөн нэгдүгээр сард
гаргасан. Үүний дагуу вексель олгох компаниудын жагсаалтыг Сангийн яам
боловсруулж Засгийн газарт оруулсан. Засгийн газар 282 дугаар тогтоолоор
векселиар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан билээ. Гэтэл компаниудын
жагсаалтыг батлахдаа Сангийн яаман дээр жинхэнэ будлиан хутгажээ. УИХ-аар
баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж, нэр бүхий компаниудад 2.9 тэрбум
төгрөгийн вексель бичсэн, хийсэн ажлынхаа мөнгийг бүгдийг нь авчихсан
компаниудад 3.3 тэрбум төгрөг бэлэглэх шийдвэр гаргасан тухай баримтыг “Өдрийн
сонин” өчигдрийн дугаартаа өгүүлсэн.

Тэгвэл улсын
төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хэзээ ч тусгагдаагүй, шүүхээр
маргаантай байгаа компаниудад вексель олгохоор шийдвэрлэсэн баримтыг хүргэж
байна. Мөн хуулиар батлагдсан төсөвт өртгөөс хэтэрсэн дүнгээр нийт 4.1 тэрбум
төгрөгийн вексель бичих шийдвэрийг Засгийн газар гаргасан зэрэг баримтыг
үргэлжлүүлэн хүргэе.

компаниудад
вексель бичихдээ 4.1 тэрбум төгрөг илүү өгөхөөр болжээ

УИХ-ын тогтоолыг
хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар энэ оны долдугаар сарын 7-ны өдөр 282 тоот
тогтоол гаргасан юм. Тогтоолд Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө
оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр
бүхий төсөл арга хэмжээнүүдийн төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн
сайдад зөвшөөрсөн. Мөн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртгийг
УИХ-аас зөвхөн тухайн жилийн төсвийн хуулиар батлахыг хуульчилсан байдаг.
Сангийн яам зөвхөн тухайн жилийн төсвийн хуулиар баталсан төсөвт өртгийн
хүрээнд санхүүжилт хийх үүрэгтэй. Сангийн яам УИХ-ын бүрэн эрхэд халдаж хуулиар
баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж бантан хутгасан тухай баримт
байна.

2008-2014 оны төсөвт
тусгагдаад ажлаа бүрэн хийсэн ч төрөөс авлагатай байгаа 96 компанийн нэрийг
Засгийн газрын 282 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтад гаргажээ. Гэтэл
тэдгээрийн 14-д нь хууль бусаар вексель олгох шийдвэр гарсан баримт байна.
Тодруулбал, хуулиар баталсан төсөвт өртгийг хэтрүүлэн Засгийн газраар батлуулж,
үндэслэлгүйгээр нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Дорнод аймгийн Хэрлэн
сумын 12 дугаар цэцэрлэгийн 150 ортой барилга барих тендер 2011 онд зарлагдаж
“Чандмань тал” компани шалгарчээ. Тус компани Дорнодод барилга угсралтын
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн алдарт уяач Ж.Энхболдын компани аж.
2012 оны төсвийн тухай хуульд 150 ортой цэцэрлэгийн барилгыг 690 сая төгрөгөөр
бариулахаар баталсан байна. Үүнээс 650.5 сая төгрөгийг гүйцэтгэгчид өгчээ.
Цэцэрлэг өнгөрсөн онд ашиглалтад орсон. Одоо төр 39.5 сая төгрөг өгөх ёстой
гэсэн үг. Гэтэл вексель бичих жагсаалтад уг барилгын төсөвт өртгийг 935.3 гэж
бичээд 245.3 сая төгрөг зүгээр өгөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, 39.5 сая
төгрөгийн өртэй байж 284.8 сая төгрөгийн вексель бичих шийдвэр гаргаж, өр
авлагын зөрүү 245.3 сая төгрөг болжээ.

Сүхбаатар аймгийн
Онгон суманд 20 ортой эмнэлэг барих төсөвт өртгийг өнгөрсөн оны Төсвийн тухай
хуульд 616.9 сая төгрөг байхаар тусгасан байдаг. Улмаар “Тулга констракшн”
компани тендерт ялж ажлаа хийсэн. Төр ч төсөвт өртөгт заасан мөнгийг бүгдийг нь
гүйцэтгэгчид шилжүүлжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолын хавсралтаар уг
ажлын төсөвт өртгийг 815.5 сая төгрөг гэж бичээд 198.6 сая төгрөгийн вексель
бичихээр болчихсон баримт байна. Тус компани барилга угсралт, чимэглэлийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт багтсан
хотхоны барилгыг барьсан. Хан-Уул дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг
хийж байсан компани юм.

Улаанбаатар хотод
87 км цахилгааны кабель шугамын шинэчлэл, өргөтгөл хийх ажил 2012 онд эхэлсэн.
Уг ажлыг “Хайрхан наран трейд”, “Хан хөвгүүд” компаниуд хариуцсан. 2013, 2014
оны төсвийн тухай хуульд уг ажлын төсөвт өртгийг зургаан тэрбум 880 сая төгрөг
байхаар баталж, зургаан тэрбум 650.9 сая төгрөгийг шилжүүлжээ. Ингээд 229.1 сая
төгрөгийн үлдэгдэлтэй байв. Гэтэл 498.4 сая төгрөгийн вексель бичих шийдвэр
гаргасан байна. Ингэснээр 269.3 сая төгрөгийг гүйцэтгэгч хоёр компанид зүгээр
өгөх болсон гэсэн үг.

Баянлиг-Шинэжинст
сумын 35кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг
төсөл боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх ажил 2012 онд эхэлж өнгөрсөн жил
дууссан. “Энерго стар”, “Ойгон нуур” компаниуд тендерт ялж уг ажлыг
гүйцэтгэсэн. 2012, 2013 оны төсвийн хуульд уг ажлын төсөвт өртгийг дөрвөн
тэрбум 373 сая төгрөг байхаар баталсан бол 2014 оны төсвийн тухай хуульд
багасгаж дөрвөн тэрбум 280.2 сая төгрөг болгожээ. Улмаар 2012 онд нэг тэрбум
649 сая, 2013 онд нэг тэрбум 722.1 сая, өнгөрсөн жил 380 сая нийт гурван тэрбум
751 сая төгрөг олгожээ. Одоо тус компанид 529.1 сая төгрөг өгөх учиртай. Гэтэл
2012, 2013 оны төсөвт батлагдсан дүнгээр төсөвт өртгийг тооцоолж нэг тэрбум
төгрөгийн вексель бичих шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Батлагдсан өртгийн
үлдэгдэл болон векселийн зөрүү нь 472.8 сая төгрөг байна.

Дээр дурдагдсан
“Ойгон нуур” компани өөр нэг төслийн гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд 83.8 сая
төгрөгийг төрөөс бэлгэнд авахаар болсон баримт байна. Тодруулбал, “Ойгон нуур”
компани Дархан хотын 110/6кВ-ын Давхар дэд станцын 110кВ-ын ил, зургаан кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг
шинэчлэх ажлыг хоёр тэрбум 381.1 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тендерт шалгарчээ.
УИХ-аар батлагдсан төсвийн гүйцэтгэлд тэмдэглэснээр 2012 онд 186, 2013 онд
288.4, 2014 онд нэг тэрбум 772.8 сая төгрөгийг олгожээ. Төр нийтдээ хоёр тэрбум
247.2 сая төгрөг өгсөн гэсэн үг. Одоо тус компанид 133.9 сая төгрөгийн өртэй.
Гэтэл Сангийн яамнаас тус компанид 217.7 сая төгрөгийн вексель бичихээр болсон
байна.

Говь-Алтай
аймгийн Халиун-Цээл сумын 35кВ-ын 31.4 км, 15 кВ-ын 84.5 км цахилгаан дамжуулах
шугам, дэд станцыг “Мон хас” компани 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн. Уг
барилгын төсөвт өртгийг 2014 оны Төсвийн тухай хуульд хоёр тэрбум 149.1 сая
төгрөгөөр баталсан байна. Ингээд 2012 онд 29.8, 2013 онд нэг тэрбум 110 сая,
өнгөрсөн онд 783.5 сая, нийт нэг тэрбум 923.3 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. “Мон
хас” компани төрөөс 225.8 сая төгрөгийн авлагатай гэсэн үг. Гэтэл Засгийн
газрын 282 тоот тогтоолд тусгаснаар төсөвт өртгийг хоёр тэрбум 214 сая төгрөг
болгож бичээд, санхүүжилтийг нэг тэрбум 110 сая болгож бууруулжээ. Ингээд нэг
тэрбум 104 сая төгрөгийн вексель бичихээр болсон аж. Өөрөөр хэлбэл, 878.2 сая
төгрөгийг зүгээр өгөх шийдвэр гарсан гэсэн үг. Тус компани 2013 оноос хойш
таван тендерт оролцсон бөгөөд хоёрт нь шалгарч байжээ.

“МК-АСУ” компани
Баян-Өлгий аймагт зургаан кВ-ын кабелийн шинэчлэл, газар доорхи кабелийн гэмтэл
илрүүлэх багаж авах тендерт шалгарч 450 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн
нийлүүлэхээр болжээ. Өнгөрсөн онд тус компанид 214.4 сая төгрөг өгч одоо 235.6
сая төгрөг өгөх учиртай байж. Харин Засгийн газрын 282 тоот тогтоолоор 250 сая
төгрөгийн вексель олгохоор болжээ.

Говь-Алтай
аймгийн Тайшир суманд Тайширын усан цахилгаан станцын ажиллагсдын орон сууц,
конторын барилга, халаалтын зуухны барилгын ажлыг гүйцэтгэх төсөвт өртгийг 2014
оны Төсвийн тухай хуульд 801 сая төгрөг байхаар баталсан. Ингээд гүйцэтгэгч
“Уран-Охид” компанид 697.8 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үлдэгдэл
103.9 сая төгрөг өгөх ёстой байтал 228.7 сая төгрөгийн вексель бичих шийдвэрийг
Засгийн газар гаргажээ. Үүний зөрүү нь 124.8 сая төгрөг юм.

“ЭДС” компани
Дулааны хоёрдугаар цахилгаан станцын тоноглолын шинэчлэлийн ажлыг 2013-2014 онд
хийсэн. Уг ажлын төсөвт өртгийг 2014 оны Төсвийн тухай хуулиар хоёр тэрбум
194.5 сая төгрөгөөр баталсан байдаг. Улмаар дээрх мөнгийг өгчээ. Гэтэл Сангийн
яам төсвийн гүйцэтгэлийг нэг тэрбум 962.5 сая төгрөг гэж бичээд 232 сая
төгрөгийн вексель бичих саналыг Засгийн газарт оруулж батлуулжээ.

Сангийн яам
төсөвт өртгийн хэмжээг зохиомлоор нэмжээ

Засгийн газар
үндэслэлгүйгээр “Наб Сан” компанид 353.6 сая төгрөг өгөхөөр болжээ. Тодруулбал,
тус компани Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд дулааны шугамын шинэчлэлийн
ажлыг долоон тэрбум 800 сая төгрөгөөр барихаар болжээ. Ийм төсөвт өртгийг 2014
оны Төсвийн тухай хуульд заасан байгаа. Улмаар төрөөс долоон тэрбум 353.6 сая
төгрөгийг төлж 446.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Гэтэл төсөвт өртгийг 13
тэрбум гээд санхүүжилтийн хэмжээг 12 тэрбум 200 сая төгрөг гэж зохиож 800 сая
төгрөгийн вексель олгохоор шийдвэрлэжээ. Үүний зөрүү нь 353.6 сая төгрөг байгаа
юм.

“МЭЗ” буюу
“Монголын эрчим засвар” компани векселийн зөрүүгээр 1.2 тэрбум төгрөгийн ашиг
олох нь. Тодруулбал тус компани ДЦС-II-ын зуух, үнс барих цахилгаан шүүлтүүр
суулгах ажлыг 999.9 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Төсвийн гүйцэтгэлд
тэмдэглэснээр 902.4 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Төр 97.5 сая
төгрөгийн өртэй байтал 736.1 сая төгрөгийн вексель олгохоор болжээ. Ингэхдээ
төсөвт өртгийг нэг тэрбум, гүйцэтгэлийг 263.9 сая төгрөг гэж Сангийн яаман дээр
зохиогоод 638.6 сая төгрөгийг зүгээр өгөх шийдвэрийг Засгийн газар гаргасан
байна. Мөн ДЦС-IV-д зуухнуудын үнс, утааны хийн ялгаралтыг бууруулах технологи
нэвтрүүлэх ажлыг “МЭЗ” компани дөрвөн тэрбум 726.3 сая төгрөгөөр гүйцэтгэхээр
болсон байна. Төсвийн гүйцэтгэлд тэмдэглэснээр дөрвөн тэрбум 726.3 сая
төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Төсөвт өртгийн үлдэгдэл 271.8 сая төгрөг
байтал 833.6 сая төгрөгийн вексель бичихээр болжээ. Ингэхдээ төсөвт өртгийг
таван тэрбум төгрөг гээд гүйцэтгэлийг дөрвөн тэрбум 166.4 сая төгрөг болгож
561.8 сая төгрөгийг зөрүүнд нь өгөхөөр болсон байна.

Энэ мэтээр дээрх
компаниудад нийт 6.750 тэрбум төгрөгийн вексель бичих шийдвэр гаргасны 2.598
тэрбум нь л бодит байна. Харин 4.152 тэрбум төгрөг нь батлагдсан өртгийн
үлдэгдэл болон векселийн зөрүү болж байна.

-Төсөвт огт тусгагдаагүй дөрвөн хөтөлбөрт 84 тэрбум
832 сая төгрөгийн

вексель олгохоор болжээ-

Төсөвт
тусгагдаагүй, төлөвлөгөөнд ороогүй хөтөлбөрүүдэд вексель олгохоор болжээ

УИХ-ын тогтоолоор
гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлсэн, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар
80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй компаниудад вексель бичихээр болсон. Гэтэл
шүүхийн шатанд маргаантай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох шийдвэрийг Засгийн
газар гаргасан байна. Бүр 2014 оны төсөвт огт тусгагдаагүй төсөл хөтөлбөрт
санхүүжилт олгохоор болжээ.

Тухайлбал, “Очир
төв” компани “Төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл,
арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан авто замын үнийн зөрүү
болох 42 тэрбум 981 сая төгрөгийн төсөвт өртгийн авлагатай байжээ. Үүнээс 42
тэрбум 973 сая төгрөгийн гүйцэтгэл хийсэн бөгөөд “Очир төв” компанид 7.2 сая
төгрөг өгөх учиртай байжээ. Энэ мөнгө 2014 оны төсөвт өгт тусгагдаагүй. Харин
шүүхийн шийдвэрийн дагуу олгох хөрөнгийн эх үүсвэрийг Хууль зүйн сайдын багцад
урсгал зардлын “Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох нөхөн төлбөр”-ийн эх үүсвэрт төлөвлөж
санхүүжүүлдэг байжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолоор таван тэрбум
төгрөгийн вексель бичихээр тусгасан байх юм.

Улаанбаатар-Мандалговь-Оюутолгойн
220кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг
төсөл болон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн хоёр хэлхээт 220кВ-ын цахилгаан
дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлын зөрүүнд
53.206.3 сая төгрөгийн вексель бичихээр болжээ. Гэтэл энэ ажил 2010-2013 оны
улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Шүүхийн шийдвэрээр
мөн л төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон аж ахуйн
нэгжүүдэд олгох нөхөн төлбөрийн эх үүсвэрээр санхүүждэг байж. Гэтэл
үндэслэлгүйгээр 53.206.3 сая төгрөгийн вексель бичихээр Засгийн газрын тогтоол
гарчээ.

Улсын төсвийн
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хэзээ ч тусгагдаж байгаагүй “Сэлэнгэ аймгийн
Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 110кВ-ын 50 км цахилгаан
дамжуулах шугам”-ын ажилд 12.576.2 сая төгрөгийн вексель бичихээр болжээ. “Кью
Эс Си” компани уг төслийг хэрэгжүүлэхээр тендерт шалгарчээ. Гэтэл уг ажлын
төсөвт өртгийн гүйцэтгэлийг хэдийнэ хийчихсэн байж.

Энэ мэтээр дөрвөн
төсөлд нийт 84 тэрбум 832 сая төгрөгийн вексель олгохоор болжээ. Үүнийгээ
2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний
дагуу үлдэгдэл төлбөр бүхий төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулсан байх юм.

Сангийн яам
УИХ-ын бүрэн эрх халдаж хуулиар баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж
бантан хутгасан тухай баримт ийм байна. Засгийн газрын тогтоолоор 2008-2014 оны
хөрөнгө оруулалтад тусгагдаж бүрэн хэрэгжсэн 96 төсөл хөтөлбөрт 32 тэрбум 936
сая төгрөгийн вексель бичихээр болсон. Гэтэл үүний дөрвөн тэрбум 151 сая
төгрөгийн вексель нь төсөвт өртгийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг хасах байдлаар
нэмж хууль бусаар бичсэн болж байна.

Мөн Монгол Улсын
төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусгагдаж, бүрэн хэрэгжүүлсэн,
гэрээний үлдэгдэлтэй 39 төсөл хөтөлбөрт 99 тэрбум 196 сая төгрөгийн вексель
бичих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний хоёр тэрбум 962 сая төгрөгийн
векселийг мөн л төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар хууль зөрчин зохиож,
гүйцэтгэгчид бичиж өгөхөөр болжээ. Мөн энэ жагсаалтад багтсан дөрвөн төсөл нь
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2014 оны төсөвт ороогүй атал 84
тэрбум 832 сая төгрөг олгохоор болсон байна.

Гүйцэтгэл нь
80-аас дээш хувьтай байгаа төсөл хөтөлбөрүүдэд 44 тэрбум төгрөгийн вексель
бичих Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл төсөвт өртгийн гүйцэтгэлийг бүрэн
хангачихсан төслүүдэд нийт гурван тэрбум 261 сая төгрөгийн вексель бичихээр болжээ.

Энэ бүгдийг
нэгтгэвэл 95 тэрбум 208 сая төгрөгийн векселийг хууль зөрчиж бичихээр Засгийн
газрын тогтоол гарчихсан байна. Өөрөөр хэлбэл, Векселийн сургаар Сангийн яаман
дээр будлиан хутгаснаас үүдэж хууль бус олон тэрбум төгрөгийн санхүүжилт
хийгдэх нөхцөл бүрджээ. Шалгалтаар зөрчилтэй байгаа нь илэрсэн дээрх
гүйцэтгэгчдэд вексель бичихийг зогсоосон байна. Харин УИХ-ын 07 тоот тогтоолын
шаардлага хангаж байгаа компаниудад вексель бичиж эхэлжээ.