Ирэх жилийн зургадугаар сард эхлэх 15 дахь удаагийн хөлбөмбөгийн ЕАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд энэ өдрүүдэд болж байна. Шигшээ багууд хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн тохиолдолд шууд, гурав дахь баг нь халз тоглолтоос сугарч дараачийн шатанд шалгарах болзолтой энэ удаагийн хэсгийн тэмцээн урьд урьдынхаасаа бага зэрэг сонирхолгүй өрнөж байгаа. Европын хөлбөмбөгийн холбоог Платини толгойлох болсон цагаасаа хийж эхэлсэн нэг шинэчлэл гэх энэхүү аргачлалаар ЕАШТ-ий шигшээ хэсэгт хуучин шиг 16 баг биш 24 баг оролцох боломжтой болсон тул хэсэгтээ дундуур давхисан баг ч шигшээд шалгарах боломжтой болчихоод байгаа. Багууд хэдийнэ шаардлагатай тоглолтынхоо ихэнхийг өнгөрөөгөөд байгаа тул зарим хэсгээс аль баг шалгарах, аль улсын шигшээ баг азгүйтэж байна вэ гэдэгт дүгнэлт өгч болохоор болчихоод байна. Англичууд хамгийн түрүүнд шигшээ 24-т багтах болзлоо биелүүлсэн бол түүний араас Австри, Исланд, Уэльс гэхчилэн тэр бүр хөлбөмбөг сонирхогчдын “нүдэнд өртөөд” байдаггүй улсууд шигшээд шалгарах сайхан болмжийг бүрдүүлээд “давхиж” явна. Харин ОХУ, Нидерланд, Грек, Серби мэтийн хөлбөмбөгийн “хуучцуул” –ийн хувьд байдал базаахгүй байна.
Month: September 2015
Есдүгээр сарын 3-ны өдөр бол Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайн, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалт өдөр билээ. Бүх хятадын ард түмний хүсэн хүлээлт, Дэлхий нийтийн энх тайванд хайртай зон олон болон Хятадын найрсаг харилцаатай улс орнуудын нөр их дэмжлэгээр, Хятадын Засгийн газар, хятадын ард түмэн Бээжин хотын Тянь Ан Мин-ийн талбайд Ялалтын баярын хүндэтгэлийн парадын үйл ажиллагааг ёслол төгөлдөр амжилттай зохион байгууллаа. Энэ үйл явдал дэлхий нийтийн түүхэнд мөнхөд тэмдэглэгдэн үлдэж, өнгөрсөн түүхийг сэтгэлдээ мөнхлөн, гэрэлт ирээдүй рүү хамтдаа тэмүүлж, маргаашийн сайн сайхныг цогцлоох хамтын сэтгэлийн илэрхийлэл боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж энэхүү арга хэмжээнд оролцсон нь дэлхий нийтэд Монголын ард түмэн энх тайвныг эрхэмлэн дээдэлж, эв найрамдлаа нандигнан үздэгийн тод илэрхийлэл боллоо. Монголын цэрэг армийн бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын парадад амжилттай оролцож, монгол цэргийн сүр хүч, эрэлхэг зориг, цог жавхлант байдлыг томруун харуулж, Хятадын ард түмэн болон бүх дэлхийн ард түмэнд Монгол Улс Дэлхийн II дайны ялалтад оруулсан хувь нэмрийг гүн гүнзгий таниуллаа. Хятадын тал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид, парадад оролцох монгол цэргүүдийг найрсгаар хүлээн авч, өндөр түвшнээр зохион байгуулсан. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпин болон БХАТИХ-ын дарга Жан Дезян нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцааны хөгжлийн хэтийн төлвийн талаар санал солилцож, ялалтын баяраа хамтдаа хуваалцлаа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн Бээжин хотод хийсэн айлчлал амжилттай болж өнгөрлөө. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол цэрэг армийн бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын парадад оролцсон нь БНХАУ болон Хятадын ард түмэнд үзүүлж буй хүндэтгэл юм. Хятадын тал үүрд мөнх мартахгүй. Энэхүү завшааныг ашиглан, миний бие хятадын талыг төлөөлөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Засгийн газар болон Монголын нийт ард түмэнд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайн бол шударга ёс болон бузар булхай, гэрэл гэгээ болон хар бараан, хөгжил дэвшил болон харгис хэрцгийн хооронд болсон шийдвэрлэх тулаан байсан билээ. Тэрхүү харгис хатуу хүйтэн дайнд, Хятадын ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн хамгийн эрт эхэлж, хамгийн удаан үргэлжилсэн билээ. Харийн түрэмгийлэгчидтэй нүүр тулахдаа, Хятадын үр хүүхдүүд шантарч мохолгүй, цус урсган тулалдаж, Японы милитаризмын түрэмгийлэгчдийг бүрмөсөн ялан дийлсэн билээ. Энэхүү ялалт нь хятадын нийт үндэстний 5000 гаруй жилийн хөгжлийн соёл иргэншлийн үр дүн, хүн төрөлхтний энх тайвны үйл хэргийг хамгаалж, хүйтэн дайны түүхэн дэх гайхамшиг, Хятадын ард түмний эрэлхэг зоригт аугаа үйлсыг бүтээсэн билээ. Энэхүү дайнд, Хятадын ард түмэн нөхөж баршгүй хохирол амсаж, дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны дорно зүгийн талбарыг хамгаалж, дайны ялалтад чухал хувь нэмрээ оруулсан юм. Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн дэлхий нийтийн дэмжлэгийг олж, бусад орны ард түмний энэхүү дайны ялалтад оруулсан хувь нэмрийг Хятадын ард түмэн үүрд мөнх дурсан санах болно.
70 жилийн өмнө, дэлхий нийт фашизмын эсрэг дайны ялалтын төлөө, мөн Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны шударга ёсны үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийн төлөө, монголын тал хүнд хэцүү давааг даван туулж, их хэмжээний цэрэг болон эд материалын дэмжлэг үзүүлж, чин зоригт цэрэг эрсээ ЗХУ-ын Улаан армийн цэргийн хамт БНХАУ-руу дайнд оролцуулахаар илгээсэн билээ. Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадын ард түмэнтэй мөр зэрэгцэн, Японы түрэмгийлэгчидтэй цус асгаруулан тулалдаж, хүн төрөлхтний шударга ёсыг хамгаалах үйлсийн төлөө цуцашгүй тэмцэж, Монголын олон арван цэрэг дайчид алтан амиа зориулсан билээ. Тэдний баатарлаг үйлс Хятад, Монголын найрамдлын харилцаанд зэвэршгүй түүхэн хуудсыг үлдээсэн билээ. Эрэлхэг зоригтон одсон ч, түүний үйл хэрэг үүрд мөнхөд оршино. Тэдний Хятадын ард түмнийг чөлөөлөх үйлсэд оруулсан гарамгай хувь нэмрийг түүх мартахгүй, Хятадын ард түмэн мартахгүй. Энд, миний бие хятадын талыг төлөөлөн Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ялангуяа одоо энх тунх амьдарч буй Монгол ардын хувьсгалт цэргийн ахмад дайчдад нэн өндөр хүндэтгэл илэрхийлье.
Хятад, Монгол хоёр улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр ард түмний найрамдал урт удаан жилийн түүхтэй билээ. Бид Японы милитаризмын түрэмгийлэгчдийг хамтдаа ялан дийлж, халуун цус, алтан амиа зориулан бий болгосон найрамдал нь бид бүхний хамтын үнэт зүйл юм. Маргаашийн сайн сайхны төлөө Хятад, Монголын ард түмэн гар гараасаа барин, энэхүү түүхийг дурсан санаж, сэтгэлдээ мөнхөд хадгалцгаая. Өнөөгийн Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, түүхийн хамгийн таатай үедээ ирээд байна. Хятад, Монголын харилцааны үр дүнд хоёр улсын хөгжил цэцэглэл, ард түмний аз жаргал, ашиг сонирхлын уялдаа холбоо илүү нягтарч байна. Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний хамтын ашиг сонирхолд, хамтын хүсэл мөрөөдөлд нийцэж байгаа билээ. Хоёр талын хүчин чармайлтаар Хятад, Монголын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлж, хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв тодорч, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Монголын “Талын зам” санаачилгын хөгжлийн стратегийн уялдаа холбоог бий болгож, хэд хэдэн тодорхой хамтын ажиллагааны төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Хоёр улс болон хоёр орны ард түмэн аугаа их ялалтын баярыг хамтдаа тэмдэглэж, хоёр орны харилцаанд шинэ үеийн авчирч бид бүхний хоёр улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд шинэ амжилт олоход зориг урам болно гэдэгт би итгэлтэй байна.
Бидний цус урсгасан тэмцэлгүйгээр, Японы милитаризмын түрэмгийллийн эсрэг тэрхүү түүхгүйгээр, бидний өнөөдрийн аз жаргалтай амьдрал байхгүй билээ. Монголын ард түмэн Хятадын ард түмэн ялгаагүй, бүгд энэхүү түүхийг санаж дурсаж явах болно. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон дурсгалын нийтлэлүүд гарсантай би санал нэгтэй байна. Дэлхийн II дайны ялалтын үр дүн болон дайны дараах олон улсад тогтсон систем нь өнөөгийн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлын чухал үндэс болсон юм. Хятад, Монголыг оролцуулсан дэлхий нийтийн энх тайвныг эрхэмлэн дээдлэгч зон олны хамтын тэмцлийн үр дүн бол чухал ач холбогдолтой бидний хамтран эрхэмлэн хайрлах хэрэгтэй чухал зүйл билээ. Монголын ард түмэн энх тайвныг эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Монгол Улс бүс нутгийн болон олон улсын үйлс хэрэгт идэвхтэй оролцдог нь бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл болдог билээ. Хятад, Монгол хоёр талын харилцаагаа хөгжүүлэхийн сацуу дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн үйлс хэрэгт мөн адил хамтдаа хүчин чармайж, хувь нэмэр оруулна гэдэгт хятадын тал бүрэн дүүрэн итгэлтэй байна.
БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Шин Хайминь
2015 оны наймдугаар сарын 28 өдөр
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж, үлдэгдэл хэсгийг засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран гаргахаар шийдвэрлэсэн. Энэ зунжин иргэдийн хүлээлт үүсгэсэн уг ипотекийн зээлийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэллээ. Мөн энэ нөхцөлд ипотекийн зээлийн хугацааг 20-30 жил болгон сунгах боломжийг олгохоор болсон юм.
Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас гаргасан иргэд, айл өрхийг орлогын түвшингээс нь хамааруулан гаргасан ангиллаар 7-15 дугаар бүлэгт багтсан иргэдэд уг боломжийг олгох аж. Хэрвээ тухайн өрх амьжиргааны түвшний үнэлгээгээр орон сууцны ипотекийн баталгааны журамд нийцсэн буюу 7-15 дахь бүлэгт хамаарч байгаа нөхцөлд программаас гарсан тодорхойлолтыг иргэнд өгч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст уламжлан хэлтсийн даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулахаар аймаг, дүүргийн хэлтэс рүү явуулна. Харин дээрхи бүлгүүдэд багтаагүй нөхцөлд аль бүлэгт хамаарч байгааг тодорхойлсон хариуг иргэнд гарган өгч зохих зөвлөмжөөр хангах аж. Иймээс Засгийн Газрын батлан даалтад хамрагдах боломж бий эсэхээ мэдэхийг хүсвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Өрхийн мэдээлийн нэгдсэн сан”-д хандан мэдээлэл авч болох юм.
Банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ “Хөгжлийн банк”- нд тавих юм. Урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдсан иргэд 10 хувийн зээл рүү шилжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн яг зээлээ хөөцөлдөж эхлэхээр өөрийн үндсэн орлого, цалин гэх мэт бүх мэдээллээ тус яаман дээр авч очоод, ямар ангилалд багтаж байгаагаа мэдэж болох нь.
Энэ удаад дундаж давхаргынхан хамрагдах юм байна. Түүнчлэн энэ удаагийн зээлд багш, эмч гэх мэтээр ямар нэгэн мэргэжлээр ангилахгүй аж. Гэхдээ мэдээж аливаа зээлийг олгоход тодорхой ажил, орлоготой, нийгмийн даатгал төлж байсан хүмүүс байх ёстой гэсэн үндсэн шалгууртай. Засгийн Газар батлан даалт гаргаж байгаа учраас зээл авч буй иргэний ажил, орлого нь барьцаа болох юм. Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц Засгийн газрын баталгаа дуусгавар болдог байх зарчмыг ХАХНХЯ-наас баримталж байгаа аж.
Нийтдээ 200 тэрбум төгрөгийг засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаа болгосон. Өнөөдрийн зах зээлийн тооцооллоор 10-аад мянган өрх энэхүү зээлд хамаарна гэж үзэж байгаа аж. Зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан цагт 10 хувийн урьдчилгаа авах арилжааны банкуудын зээл зогсох магадлалтай юм.
Орон сууцны урьдчилгааг цаашид ч үргэлжлүүлэн олгохын тулд Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад үүрэг өгч, ирэх жилийн төсөвт ипотекийн зээлийн батлан даалтад тодорхой хөрөнгө хуваарилах үүрэг өгчээ. Мөн Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусгах юм байна. Засгийн газар, Монголбанктай хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 67 мянган иргэн энэхүү зээлд хамрагджээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд ээлжит хуралдаанаа хийж байна. Тус бүлгээр сайдад нэр дэвшигчдийн тухай хэлэлцэж буй гэнэ.
Өмнө нь бүлэг Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаярыг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус бүр нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд эхний хоёр нэр дэвшигчийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчилж, өргөн мэдүүлсэн. Ингэснээр Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригт нэр дэвшээд байгаа.
УИХ дахь МАН-ын бүлэг мөн хуралдах ёстой ч “Б” танхим эзгүй харин гишүүд нь бүлгийн дарга С.Бямбацогтын өрөөнд цуглаад байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд ээлжит хуралдаанаа эхлүүлээгүй байгаа бол бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ энэ сарын 7-15-нд АНУ-ын Лас Вегас хотноо болно. Энэ тэмцээнээс жин бүрт эхний зургаад шалгарсан тамирчин Риогийн олимпийн эрх авах учиртай. ДАШТ-тэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
ДАШТ-нд эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 39 дэх удаагаа оролцож байна, 1982 онд өнжсөн байдаг. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос хойш 14 дахь удаагаа тасралтгүй оролцож байна.
Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ний эрэгтэй төрлөөр алтан медаль 3, мөнгөн медаль 12, хүрэл медаль 17, эмэгтэй төрлөөр алтан медаль 2, мөнгөн медаль 5, хүрэл медаль 10 нийтдээ алтан медаль 5, мөнгөн медаль 17, хүрэл медаль 27, бүгд 49 медаль хүртээд байна.
ДАШТ-нээс эрэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг С.Батцэцэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд авчээ. ДАШТ-нд анх дасгалжуулагчаар О.Цэрэндагва, шүүгчээр Г.Ишням оролцсон байна.
ДАШТ-нээс 3 медаль авсан 4 бөх бий, үүнд З.Ойдов алтан медаль 2, хүрэл медаль 1, Х.Баянмөнх алтан медаль 1, мөнгөн медаль 2, О.Бурмаа 1 мөнгө, хошой хүрэл, О.Насанбурмаа 3 хүрэл аваад байна. Хошой медаль авсан 9 бөх байна, үүнд С.Батцэцэг алт, мөнгөн медаль, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр 2, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар нар мөнгө, хүрэл медаль, Т.Мөнхтуяа, Г.Мандахнаран хошой хүрэл медаль хүртээд байна.
ДАШТ-нээс эрэгтэй баг 1971, 1974, 1975, 1985 онуудад тус бүр 3 медаль, эмэгтэй баг 2013 онд 5 медаль авсан нь хамгийн олон медаль авсан ДАШТ болж байна. Эрэгтэй баг 1974, 1975 онуудад тус бүр IҮ байр, эмэгтэй баг 2013 онд II байр эзлэсэн нь хамгийн том амжилтад тооцогдож байна.
Манай эрэгтэй баг 1963 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 52 кг-ын жинд Дашзэвэгийн Хашбат, Дандаржамцын Лодой, 57 кг-ын жинд Базарын Сүхбаатар, 63 кг-ын жинд Түзэлийн Зундуй, 70 кг-ын жинд Жигжидийн Мөнхбат, 87 кг-ын жинд Сэрээтэрийн Цэрэн, -97 кг-ын жинд Өлзийсайханы Эрдэнэ-Очир, +97 кг-ын жинд Цэрэндонойн Санжаа нар тамирчнаар, Очирын Цэрэндагва дасгалжуулагчаар, Гомбожавын Ишням шүүгчээр, Нацагийн Тарваа эмчээр, С.Шархүү багийн ахлагчаар оролцжээ.
Манай эмэгтэй баг 2001 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 46 кг-ын жинд Цогтбазарын Энхжаргал, 51 кг-ын жинд Найдангийн Отгонжаргал, 62 кг-ын жинд Очирбатын Мягмарсүрэн нар тамирчнаар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Чүлтэмсүрэнгийн Раднаабазар нар дасгалжуулагчаар, Адуучийн Басхүү шүүгчээр оролцжээ.
ДАШТ-нд эрэгтэй бөхчүүдээс Х.Баянмөнх 11 удаа, эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал есөн удаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ч.Дамдиншарав есөн удаа эмэгтэй багийн дасгалжуулагчаар Т.Сүхбаатар 11 удаа, А.Басхүү 24 удаа шүүгчээр оролцсон нь хамгийн олон удаад тооцогдож байна.
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09.45 цагт нээлтээ хийлээ. Чуулганыг энэ удаад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдсан юм.
Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайд,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” гэж заасан байдаг.
Иймд Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудал болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр энэхүү ээлжит бус чуулганыг 2015 оны есдүгээр сарын 7-ноос 18-ны өдрүүдэд хуралдуулна.
Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье.
Одоогоос 25 жилийн өмнө есдүгээр сарын 9-ний өдөр Улсын Бага Хурлын гишүүд сонгогдож байсан. Тэр үеэд Д.Лүндээжанцан гишүүн, Л.Цог гишүүн, С.Баярцогт гишүүн, Л.Болд гишүүн нар анх сонгогдож байсан түүхтэй. Эдгээр гишүүд болон Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Д.Дэмбэрэл гишүүн нарт баяр хүргье. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой холбогдуулан зохион байгуулагдах арга хэмжээ есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болох тул эрхэм гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсч байна” гэлээ.
Халх голын сав газрыг Чөлөөт бүс болгох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж тодорхой хуульчид үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Иймд 10.30 цагт Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахаар болсон байна.
Халх голыг чөлөөт бүс болгон зарлаж буйтай холбогдуулан нутгийн иргэдийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд нүүлгэн шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл буй ч албан ёсоор баталгаажаагүй юм.
Аргын тооллын есдүгээр сарын 07. Сумъяа гариг, Билгийн тооллын 24. Хэрцгий охин одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 06:27 цагт мандан, 19:26 цагт жаргана. Тухайн өдөр морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Манай сонин даваа гаригийн дугаар бүрдээ “Танайд өнжье” буланг бэлдэж уншигчдадаа хүргэдэг. Энэ удаа чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Ж.Ядмаагийнд өнжлөө.
Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлээд байгаа. Төрийн тэргүүний өгсөн хариуг нэгдүгээр нүүрэнд онцоллоо.
Гуравдугаар нүүрнээс “Хоёр хөршийн арми хүчирхэгжиж, тэдний зэр зэвсэг сайжрах нь бидэнд баяр бахархал төрүүлэхээр зүйл мөн үү” гэсэн нийтлэлийг уншаарай.
“Улстөр”-ийн нүүрэнд “Ч.Сайханбилэг: Нэг цонхны бодлогоор үрийн буудайгаа хямд байхад нь оруулж ирэх ёстой” гэсэн ярилцлага болон цаг үеийн мэдээллүүд багтлаа.
Үндэслэлгүйгээр халагдсан иргэнд нөхөн олгосон цалинг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх хуулийн зохицуулж хэрэгждэггүй гэнэ. Энэ мэт төрийн албанаас үүдэлтэй маргаануудын талаар “Баримт, үйл явдал” булангаас уншаарай. Мөн энэ буланд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр “Шүүх хурлыг шоронд хийнэ гэдэг эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр” гэж ярьжээ.
Жилийн жилд тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, салбарын яамны дунд маргаан дэгддэг. Тариаланчид энэ жил ургацынхаа 50 хувийг алдлаа, буруутан нь салбарын яам гэсэн мэдэгдэл хийгээд удаж байна. Энэ удаа манай сонин гурилын үйлдвэрийнхний байр суурийг хүргэж байна. Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Чинзоригтой хийсэн ярилцлагыг энэ өдрийн дугаараас сонирхоорой.
“Дэлхийн мэдээ” буланд “Бээжингээр дамжуулан Пхеньянд нөлөөлөх гэсэн оролдлого”, “Хилари Клинтон хүлцэл өчив” зэрэг цэнхэр гаригийн анхаарал татсан үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Давсны хэтэрсэн хэрэглээ нас баралтын гол шалтгаан болж байгааг мэргэжлийнхэн санууллаа. Давсны хэрэглээг бууруулах хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байна. Хөтөлбөр хэрэгжих үеэр ямар ажил хийгдэх, давс эрүүл мэндэд ямар хортой талаар “Эрүүл мэнд” булангаас сонирхоорой.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ