Categories
мэдээ спорт

Хүүхдийн спортын V их наадам эхэллээ

Монголын хүүхдийн спортын V их наадмын хөлбөмбөгийн спортын төрөл өнөөдөр эхэлж байна. 15 хүртэлх насны хот, хөдөөгийн нийт эрэгтэй 8, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний аваргууд энэ сарын 12-ны өдөр тодорно. Эмэгтэй багийн хувьд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол болон Хан-Уул дүүргийн баг оролцож байгаагаас гадна Өвөрхангай аймгийн баг тамирчид орон нутгийг төлөөлөн хүрэлцэн ирлээ. Өвөрхангай аймгийн эмэгтэй охидын баг тамирчид тун жигд тоглолтыг үзүүлдэг гэдгээ эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнээр харуулсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг зургаан сайдын нэрсийг дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээж авах нь зүйтэй” гэсэн зарчмын байр сууринд нэгдсэн байна.

Мөн энэ хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлаар мэдээлэл хийжээ. Бүлэг сайдад нэр дэвшсэн гишүүдийг бүгдийг дэмжсэн байна.

Харин ээлжит бус чуулган зарласан процедурт алдаа гарсан юм биш үү, хууль зөрчин зарласан гэдэг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын дарга гадаад руу явахын өмнө ээлжит бус чуулган зарлана гэдгээ мэдэгдсэн. Тэр дагуу УИХ-ын дэд дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Хууль зөрчсөн зүйл болоогүй” гэдэг тайлбар хийлээ

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын албаныхан дахин уулзав

Солонгосын хойгийн 1950-1953 оны дайнаар хагацсан гэр бүлүүдийг
уулзуулах асуудлыг яг одоо хоёр талын албаныхан хэлэлцэж байна. Хоёр
Солонгосын албаныхны уулзалтаар гэр бүлүүдийг уулзуулах газар, хугацаа,
байршлыг товлох аж. Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн уулзалт
өнөө өглөө /IX.7/ 10.40 цагт Панмунжум тосгонд эхэлжээ.

Өмнө нь өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Хоёр Солонгосын албаныхан
хойгийн хурцадмал байдлыг намжаахаар уулзсан юм. Уулзалт хэлэлцээний
үеэр дайнаар хагацсан гэр бүлүүдийг уулзуулахаар тохиролцжээ.

Солонгосын хойгийн дайнаар гэр бүлээсээ хагацсан 66 мянга гаруй хүн байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр ээлжит бус чуулганыг зарлахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн асуудлыг хөндсөн тухайн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлд УИХ-ын гишүүний гуравны нэгээс дээшхи нь шаардсанаар эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачлагаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж заасан байгаа. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга зарлан, өнөөдөр хуралдууллаа.

УИХ-ын гурван дэд дарга бий, М.Энхболд, Л.Цог, Р.Гончигдорж гэсэн. Ээлжит бус чуулган энэ долоо хоногт дуусах юм бол МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаад тодорхой асуудал хэлэлцээд явах болбол яах вэ. Цаашдаа ийм буруу жишиг тогтох вий, яагаад УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлалгүй, дэд дарга зарлав гэдгийг онцлон ярилаа” гэсэн юм.

Мөн бүлгээр Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авахаар болж дэмжсэн байна.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Бүлэг анхнаасаа авлига, албан тушаалын хэргийг өршөөж байгаа цагаан захтнуудыг дэмжих нь буруу гэдэг байр суурьтай байсан. Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авсантай холбогдуулж, УИХ-аар Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж таарна. Энэ үед авилга, албан тушаал, хээл хахуулийн хэргийг өршөөхгүй байхад бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай оролцоно.

Өршөөлийн хуулийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн залуус, эмэгтэйчүүд, ахмадууд болон олон хүн хүлээж байгаа. Энэ хүмүүсийг өршөөж, хүнлэг энэрэнгүй хандах нь зөв. Тийм учраас өршөөлд зайлшгүй хамрагдах хүмүүсийг хурдан өршөөх хэрэгтэй.

Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудалд бусад бүлгийн байр суурийг харж байна. Гэхдээ бид “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдох нь буруу гэдэг байр суурийг баримтална. Бид 2013 оноос хойш энэ байр сууриа баримталж ирсэн. МАН-аас шийдлийн Засгийн газарт томилогдсон зургаан сайдын хоёр нь буюу үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байсан. Зургаан сайдаас хоёр нь давхар дээлтэй бусад сайд нар дан байсан” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Бие даагчдын зөвлөл мэргэжлийн хүнийг сайдаар томилох шаардлагатай гэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд “Сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн хүнийг сайдаар томилох шаардлагатай” хэмээн мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Өнгөрсөн долоон хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байна хэмээн үзэж, яамдыг эмхлэн байгуулах шаардлагатай гэж үзлээ. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байгаа юм. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь гурван их наяд төгрөгийн өр зээл барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг удирдаж байна. Төсвийнхөө талаар өр төлдөг болсон ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаандаа харлаа” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан сайдаа томилох гэж байна. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш, бүгд давхар дээлтэй байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын толгойд өөрөө л байвал хамаагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ хэлье” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монголын уул уурхай өнөөдөр цөөн хэдэн хүн, бүлэглэлийг баян болгоход чиглэгдэж байгаа. Харин бид нийт ард иргэддээ ашигтай байх хувилбарыг дэвшүүлсээр ирсэн. Бид Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тавантолгойн гэрээ маш ноцтой байгаа. Тавантолгойн гэрээг Бээжинд үзэглэх гэж байгааг сэрэмжлүүлж байна. Ерөнхий сайд энэ сард Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн гэрээний асуудлаар бидэнд хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандана” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Булган аймагт ажиллалаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутагт
үйл ажиллагаа эрхэлж байгаа “Сүмийн нуга” хоршоо, “Молор эрдэнийн түрүү”
ХХК, “ИНТОСЭ” ХХК-ийн тариалангийн талбайд очиж, тариаланчидтай
уулзлаа. Булган аймгийн хэмжээнд энэ онд 35408 га талбайд улаан буудай,
1293 га талбайд арвай, 42 га талбайд бор будаа тариалжээ. 6, 7 дугаар
сард хэт халж, хур тунадас багатай байсан нь таримал ургамлын чийг
хамгийн ихээр шаарддаг үетэй давхацсан нь хураан авах ургацын хэмжээг
бууруулж байна. Гэхдээ ургацын бууралт нь хөрсөнд байсан нөөц чийгийн
хэмжээ, газар тариалангийн бүс бүслүүр далайн түвшнээс өргөгдсөн байдал,
талбайн байрлал зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна. Мөн аж ахуйн
нэгжүүдийн тариалангийн технологийг баримталж байгаа үзүүлэлт ч нөлөөлж
байна гэж аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.

Аймгийн удирдлагууд болон тариалан эрхлэгчид ургац алдсан аж ахуйн
нэгжүүдийн Улсын үрийн нөөцөөс болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас
авсан үрийн будаа, хор, шатахууны зээлийн эргэн төлөлтийг дараа жил рүү
шилжүүлэн хойшлуулах санал тавьж байна. Мөн нутагшсан сортын үрийг ирэх
жилийн тариалалтад нөөцлөх талаар тодорхой шийдвэр гаргаж, хүнсний
буудайн борлуулалтын эхэнд нөөцлүүлэх шаардлагтай байгааг хэллээ. Энэ
жил Булган аймаг 45750 тонн улаан буудай хураан авахаар төлөвлөсөн ч
урьдчилсан балансаар нийт ургацын 30-35 хувийг алдаж, нийт авах буудайн
хэмжээ 15.0 мянган тонноор буурахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Монгол III сургууль нээлтээ хийж, сурагчдаа хүлээж авлаа‬

Ууган сургуулиудын нэг Монгол III сургууль өнөөдөр нээлтээ хийлээ. 2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон билээ. Эдгээр сургуулиудын тоонд Монгол III дунд сургууль орсон юм.

Монгол III сургуулийн барилгыг 2012 оны хичээлийн жил хаасны дараа буюу зургадугаар сарын дундуур нурааж, цоо шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан ч 2013 оны намар сургуулийн хуучин барилгыг нурааж, 2014 оны зургаадугаар сарын 15-ны өдөр барилгын ажил эхэлсэн билээ.

Тус сургуулийн сурагчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд IV сургууль дээр бага ангийн сурагчид гурван ээлжээр, 16 дугаар сургууль дээр дунд, ахлах ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН гишүүдэд шаардах бичиг хүргүүлнэ

Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Иргэний Зориг Ногоон намынхан дэмжиж байгаагаа илэрхийлж, саяхан төв талбайд иргэдийн гарын үсэг цуглуулж байсан. Тус намынхан “Авлигач албан тушаалтнуудыг өршөөх нь буруу” хэмээн үзэж, өнөөдөр УИХ-ын гишүүдэд бичиг хүргүүлж байна. Тус шаардлагад “Хууль тогтоох эрхэм үйлсэд тань амжилт хүсэхийн хамт Монгол хүн, Монгол төрийг муухай харагдуулж, шударга ёс, төрдөө итгэх түмний итгэлийг үгүй хийх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад анхаарлаа хандуулахыг танаас хүсч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, залуу насны ааг омгоор санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн иргэддээ өршөөл үзүүлэх нь энэрэнгүй төрийн ёсон тул дэмжих нь зүйн хэрэг. Харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмний баялгаас хумсалсан авлигачдыг өршөөхийг бид хэрхэвч тэвчих ёсгүй. Монгол Улс дааж давшгүй их өрөнд баригдан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, нийгмийн шударга ёс алдагдахад авлигачид, хээл хахуульчид гол үүрэг гүйцэтгэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад тавьсан хоригийг хүлээн авч, авлигачдыг өөгшүүлэхгүй гэдгээ нотлон харуулах түүхэн боломж танд ирлээ. Монгол төр ард иргэддээ энэрэнгүй хандан, харин авлигачдад хатуу цээрлэл үзүүлсэн цагт шударга ёс мөн чанараа олж, төрийн сүр хүчин мандан бадрах болно. Таны саруул ухаанд бид найдаж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өвгөн “бүргэд”-ийн яриа

Ахмад дайчны өдрийн дэглэм

“Өвөө нь хэдэн настай билээ” гэхэд гурван настай Э.Индранил охин
“Манай өвөө зуун настай” гэдэг. Үнэхээр ч өдгөө 96 нас сүүдэр зооглож буй,
чөлөөлөх дайны ахмад дайчин Ж.Ядмаа 100 наслах ерөөлтэй буй за. Тэрбээр “Зүүн
хүрээ” хотхонд ач хүү Э.Тулга, бэр М.Ариунтунгалаг, дөч хүү зургаан настай Т.Эрхэмбилэг нарын хамт
амь­дардаг. Э.Тулга, М.Ариунтунгалаг нар Англид Брэдфордын их сургуульд
бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр төгссөн. Тэд 2008 оноос өвөөтэйгөө
амьдарч эхэлжээ. Аав нь гадаадад сурах болж, Э.Тулга хүү өвөө, эмээгийн хүү
болсон гэдэг. “Манай өвөө өндөр настай ч өвчин хэлдэггүй” гэж бэр нь хэллээ.

Бяцхан Э.Индранил цэцэрлэгтээ заалгасан “Гэр бүл” шүлгээ уншив.
“Өвөө минь гэртээ уудам тал, эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр” гэж эхэлдэг сайхан
шүлэг юм.

Өвөөг эргэж тойрч байдаг хэдэн “залуу нөхөр” байдаг гэнэ. Залуу
нөхдийн тоонд өвөөгийн дараа “Улаан од” сонины эрхлэгч болсон хурандаа
А.Баярмагнай, нутгийн хүү,
Архангайгаас төрсөн генерал С.Гомбосүрэн
багтах вий. Генерал С.Гомбосүрэн, Ж.Ядмаа гуай хоёр дарга, цэрэг явж, гадаад,
дотоод томилолтоор ч ганзага нийлдэг байсан нөхөд. Одоо бол амралт сувиллын
найзууд, тэр ч байтугай цэргийн эмнэлэгт хүртэл хамт хэвтэцгээдэг. Эмнэлгийнхэн
ямар сайндаа “Та хоёр хамт өвддөг юм уу” хэмээн хошигносон удаатай.
С.Гомбосүрэн генерал өөрийгөө өвөөгийн
“нарийн бичиг” гэж танилцуулах нь бий.
Хошууч генерал “нарийн бичигтэй” хүн маадгар явах нь зүй. Ж.Ядмаа гуай
сэтгүүлч мэргэжилтэй А.Баярмагнайг
Төв аймгийн сониноос цэрэгт татаж, өөрийнхөө оронд бэлтгэсэн гэдэг.
Хурандаа А.Баярмагнай жил бүрийн цагаан сараар алд цагаан хадгаа дэлгэн
өвгөнд золгодог заншилтай. “Улаан Од”
сонины 90 жилийн ойгоор Ж.Ядмаа гуай Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

“Улаан Од” сонины эрхлэгчээр 21 жил ажилласан түүнийг “Хамгийн
олон жил сонины эрхлэгч хийсэн хүмүүсийн нэг” хэмээн тодотгодог. Түүнийг
эрхлэгч байх үед “Улаан-Од” сонин З9 мянган хувь хэвлэгддэг. Цэргийн ангиудад
идэвхтэн сурвалжлагч нартай байжээ.

Чөлөөнд гарсан хурандаа Ж.Ядмаа 1945 оны чөлөөлөх дайнд
Сулинхээрийн отрядын хилийн цаана үүрэг гүйцэтгэх тусгай штаб удирдан, хоёр сар 17 хоног
байлдааны үүрэг гүйцэтгэж, японы тагнуулуудын үлдэгдлийг цэвэрлэж явсан эр
цэрэг. Эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсэн тэрбээр “Байлдааны гавьяаны
улаан тугийн одон”-гоор шагнагдсан билээ. Цэргийн сэтгүүлч явсан Ж.Ядмаа гуай
хилийн дээс олонтаа алхсан сэтгүүлч. Зөвхөн Москвад гэхэд л гуч гаруй удаа
зочилж, дайрч өнгөрсөн байдаг. Цэргийн парадад жагсч, Бунхант индрийн өмнүүр 29 удаа Жанжин туг барьж
алхсан нь өвөөгийн бас нэг өвөрмөц
статистик. Дандар баатартай “ходий”
явсан гэж байгаа. Ийм нэгэн өвгөн “бүргэд”-ээс
өдгөө ч цэрэг эрийн жавхаа ханхална. Өндөр чилгэр тэрбээр одоо ч
цэх шулуун алхаатай. Өглөө долоон цагт босч, дасгал хийдэг
хэвээрээ. Насны эрхээр нүд, сонсгол нь муудсан ч хөнгөн шингэн, эрүүл
саруул харагдана лээ. Өвөө чихэвч зүүж байгаад радио сонсдог. Шаардлагатай үед томруулдаг шил хэрэглэж
байгаад сонин гарчиглана. Өвөө уужим
саруул өрөөтэй. Өрөөний хананд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Соёлын гавьяат
зүтгэлтэн цолоо хүлээж авч байх үеийн том зургаа байрлуулжээ. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж цэргийн сэтгүүлч явсан хүн.
“Улаан Од”-ын хоёрт ярих сэдэв байсан л байлгүй. “Ерөнхийлөгч уулзахдаа барьж авч үнсээд, сайн
л байдаг юм, хөөрхий. Хамт зургаа авахуулсан. “Та ярьж байгаарай” гэдэг. Хааяа
ярьдаг л юм” гэж өвөө хэллээ.

Хилийн цэргийнхэн хэд хоногийн өмнө алдрыг нь тэмдэглэж,
өвгөнийг хүлээж авсан гэнэ. Урлагийн үзүүлбэртэй, сайхан хүлээж авсанд ахмад
дайчин сэтгэл догдолжээ. Томоос том
“Хүндэт өргөмжлөл” нүдэнд тусав. “Монгол Улсын Бүрэн эрхт байдал тусгаар
тогтнолын төлөө эрэлхгээр байлдаж, баатарлаг
гавьяа байгуулсан эрхэм хилчин танд чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн
баярын мэндийг Монголын мянга мянган хилчний нэрийн өмнөөс дэвшүүлж, хүндэт
өргөмжлөл гардуулав. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал
Ш.Лхачинжав” гэсэн байлаа. Хааяа будилж,
жаахан хадуурс­ныг эс тооцвол өвөө хоёр
гурван цагийн турш ярихдаа ядраагүй.
Дайсныхаа нэр, хочийг хүртэл санаж байсныг яана.

Түүний урт наслах “жор”
уншигчдын сонирхлыг татах нь лав.
Юу идэж уудгийг нь сонирхлоо. “Залуу байхад мах их идэж байсан. Одоо малын мах
даахгүй. Цагаан идээ, боов жигнэмэг ойрхон ойрхон жаахан иднэ. Өөх иднэ. Госпиталь, цэргийн амралтынхан “Та
өөхөө иднэ биз дээ” гэдэг. Өглөө вареньтай талх, өдөр зайдас, бэлэн хоолны
гоймонтой тахианы мах, эсвэл өөхтэй мах, өндөг иднэ. Орой бол эдний хоолноос
иддэггүй юм аа. Хүүхдүүд нэг их цагаан будаа, том төмстэй хоол идээд байдаг юм. Шар будаа бол тэжээллэг хоол. Шар будааг аливаа улсын цэргийн хоолонд өгдөг. Цатгадаг
хоол, тэжээдэг хоол гэж байна. Цагаан будаа бол цатгадаг хоол” хэмээн өвөө
хуучиллаа. Ер нь ийм юм шүү. Орой хэдийд
ч унтаж болно. Өглөө эрт босох хэрэгтэй. Долоод босоод гимнастик хийнэ. Хүйтэн
ус их ууна. Халуун юм ууж чаддаггүй. Ус буцалгаад хөргөчихдөг гэж тэр
хоолны “цэс”-ээ танилцуулав.

Ж.Ядмаа өвөөгийн хүү Эрдэнэ аавынхаа тухай “Насаараа тамхи
татаагүй. Өлчир, дан өмдтэй өвөлжчих­дөг байлаа. Хүнтэй их нийцтэй. Арми даяар алдартай онигоо­чин. Манайд хүн их
цугладаг, хөдөө гадаанаас зочин их ирдэг байлаа” гэж хуучилсан юм. Өвөө өндөр тэтгэвэртэй, хоол хийж, гадуур
явахад нь түшиж тулдаг асрагчтай юм билээ.

Эх орны хүү

“Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн дээ, би. 1920 оны хүн. Миний ээж Жавзан 20 настайдаа намайг төрүүлсэн,
нөхөргүй байсан. Манайх 20-30 хоньтой, ганц морьтой айл байлаа. Бие томтой
хүүхэд байж дээ. Овооны наадамд дээгүүр барилдана. Намайг барилдаж түрүүлэхэд тарган хонины
хуйхалсан өвчүү, хормойтой нь, нэг цайтай өгч байсан санагдана. Багаасаа ядуу
зүдүү амьдралтай байсан. Анчин дагаж,
уул хяраар их явдаг байж билээ” хэмээн тэрбээр бага насаа дурсав. Хүүг 12
настай байхад ээж нь бурхан болжээ. “Ганган Жавзан гэдэг, өндөр нуруутай, гоё
эмэгтэй байсан юм даа. Ээжийгээ би мэднэ
ээ” хэмээн өвөө ярьсан.

Эхнэр С.Сэрээнэнтэй
хамт. 1944 он
Танхимд амжилттай суралцсан хүү
аймгийн төвд багшийн курст гурван сар сурчээ. Бичиг мэддэг болохоор
цэргүүдийн ар гэртээ бичсэн захидлыг айлуудаар явж дууддаг. Багш, Эвлэлийн
үүрийн дарга байхдаа 1940 онд цэргийн албанд татагдан, Сулинхээрийн отрядын
анхны цэрэг болжээ. Сулинхээрийн отряд Дорноговийн хил дээр анх байгуулагдсан
отряд. “Тэр үед цэргүүд их бөөстөнө. Халуун усны газар гэж байхгүй. Ус халааж
байгаад хоёр гурваар нь гэрийн гадаа усанд оруулна. Жагсаалын дарга л бөөсийг
арилгах ёстой” хэмээн өвөө хуучлав.
Сургуулийн багш байсан хүн ариун цэвэр сахиулах талаар туршлагатай нь мэдээж. “Хувцсыг нь
бөөгнүүлээд, том ширмэн тогоотой халуун усанд хийж байгаад буцалгана.
Нэгдүгээрт угаагаад, хоёр­дугаарт бөөснөөс салгах арга. Магтаал хүлээж байлаа”
хэмээн манай баатар сонир­хууллаа. 1942 онд Хязгаарын цэргийн төв сургуулийн
дэргэдэх Заставын дарга бэлтгэх зургаан сарын курст сууж, Дэл дуулгантын
заставын даргаар 22 насандаа томилогджээ. Сулинхээрийн отрядын заставуудаас
хилд хамгийн ойрхон нь Дэл дуулгант агаад хилээс ердөө 800-хан метрийн наана
байрладаг. Бүх үйл хөдлөл нь дайсны нүдэнд ил болохоор өнгөлөн далдлалт
хийх, нууц манаа байршуулах, дадлага
сургууль хийхэд хэцүү байжээ. Дайн эхлэхээс өмнө дайснуудын өдөөн хатгалга
тагнуул туршуул, хорлон сүйтгэх ажиллагаа идэвхэжсэн нь тодорхой. 1944 оны
эхээр Сулинхээрийн баруун сугаар үүрээр нэг этгээд хил зөрчин ирснийг манай
хилчид илрүүлж бууж өгөхийг шаардахад зугтсан учир устгажээ. Түүний авч явсан
бичигт Пунцаг занги гэсэн нэр байв. Энэ хүн тагнуул байсан нь 1945 онд Төхөмийн
сүмээс олзолсон бичиг баримтаар нотлогдсон гэнэ. Хилийн цаахна оршдог Японы
онцгой яамны үйлдсэн нэгэн бичигт ”Пунцагийн унаж явсан морийг 1944 оны эхээр
Уушгийн заставын ноён унаж байснаа дараа
нь түүний баруун талын харуулын ноён унадаг болсон” гэж бичсэн байжээ. “Энэ
үнэн байсан” хэмээн Ж.Ядмаа гуай дурссан.
Мөнөөх хил зөрчигчийн унаж явсан морийг тэрбээр гуравдугаар заставын
даргаас авч унасан юм байж. Дайсан манай
хилчдийг өмссөн хувцсаар нь ялгаж таньдаг байсан ч манайхан ч тэднээс дутах юмгүй. “Өвөрмонголд
Улаанцавын чуулган гэж байсан. Өвөрмонголын хамгийн баруун хойд талын сум.
Долоон хошуутай. Гурав нь манайтай хиллэдэг. Японы тагнуулын үүр уурхай
болсон Онцгой яам гэгч Төхөмийн сүмд
байрладаг. Хил дээр байсан Агьтын овоог тахих нэрээр үе үе туршуул хийнэ. Хилийн застав дээр япон
байхгүй. Дандаа өвөрмонгол цэрэгтэй. Хил шалгаж яваа японуудыг бид нэрээр нь
мэддэг. Дурангаар хараад танина” гэж ахмад хилчин өгүүлэв. Тагнуулын тасгийн
дарга Ч.Дамдинтай найз байсан агаад цаадах нь түүнд Төхөмийн хийд дээр байгаа
долоон япон офицерийн нэрийг хэлж өгчээ. “Хууз Наран харуул эргэж явна” гэж
хилийн харуулынхан дуран­гаар хараад хэлдэг байж. Төхөмийн сүм дэх Японы тагнуулын Онцгой яамны орлогч дарга
Зенкачи Цуяамаг манайхан Хууз Наран хэмээн нэрлэдэг байжээ. Дайн эхлэхэд
Ж.Ядмаа эх орны даалгавраар дайчин нөхдийн хамт хилийн дээс алхаж, байлдааны
үүрэг гүйцэтгэхдээ мөнөөх Хууз Наран хэмээх Монголд тагнуул туршуул хийхээр
бэлтгэгдсэн японыг олзолж ирсэн
билээ.

“Хил дээр элдэв ухуулах хуудас, хүүхнүүдийн гоё ганган зураг
тараах гэж оролдоно. Баригдаж байгаа этгээдүүдийг нэгжихэд тэдний өвөр хормойд нь тамхи, гондом л их
байдаг юм даа” хэмээн өвгөн “бүргэд” сонирхуулав.

Монголчууд эрт дээр үеэс хилээ хамгаалж ирснийг нотлох
сонирхолтой түүхийг бас өгүүлсэн. Заставын төвөөс зүүн гар тийш Түмэн Өлзий
овоон дээр хянах байр байгуулахаар 1943 оны зун газар ухаж байтал таван цагаан
лонхонд арц хүж, будаа хийж хадгаар ороон, агар зандан хайрцганд хийн,
хадгалсан нь гарч ирсэн бөгөөд 1770-аад оны үед Халх Монголын хилийн тэмдэгт
болгон хийсэн зүйл байсныг хожим мэджээ. Эх орны дайны хүнд жилүүдэд хилчид
өөрсдөө өмсөх зүүхээр дутаж байсан ч дайн дуустал жил бүр хоёр сарын
цалин, хүнсний хэрэглээний махаа байлдаж буй Зөвлөлтийн улаан армид тусламж
болгон илгээдэг байжээ. Харин чөлөөлөх дайны үеэр манай отрядад Зөвлөлтийн
цэргийн туслан хамгаалах анги хүч нэмэгдүүлсэн байдаг. “Зөвлөлтийн нөхөд бидэнд
холбоочин, талхчин бэлтгэхэд хүртэл тусалсан төдийгүй шинэ зэвсэг техникт
дагалдуулан сургаж, минемёт, танк эсэргүүцэх гранат, хуяг нэвтлэх сум, холбооны
хэрэгслээр харамгүй тусалж байлаа” хэмээн ахмад дайчин өгүүлсэн. Мэдээж Хятадыг
чөлөөлөх дайн хийсэн учраас хятадуудтай ч түншилсэн биз ээ. Тухайн үед Хятад
орны байдал ороо бусгаа Хятадын ардын чөлөөлөх арми, Го мин даны намын цэргүүд
нь өөр зуураа зэвсэгт тэмцэл хийж байсан
гэдэг. Зөвлөлт, Монголын армийн чөлөөлсөн нутаг болох Улаан цавын чуулган, Бат
хаалгыг Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн ангийн удирдлагад хүлээлгэн
өгчээ. “Ван хэмээх хүний даргалсан Хятадын чөлөөлөх армийн хэсэг нөхөд ирж, бид
Батхаалгыг хүлээлгэж өгөөд бас зэвсэг галт хэрэгсэл, хоол хүнсний тусламж үзүүлсэн”
хэмээн Ж.Ядмаа гуай түүх сөхөв.

“Улаан Од”-ын улаан Ядмаа

Хятадыг чөлөөлөх дайн дууссаны дараа цэрэг эр огт өөр салбарт
“Эх орны манаа”-нд гарах даалгавар хүлээн авчээ. “Эх орны манаа” сонины босгыг
1945 оны намар алхсан юмсанж. “Сонин мэддэг, сүрхий сайн бичдэг гэж намайг энэ
албанд томилоогүй. Ганц нэг жил багш
хийсэн болохоор үг, үсгийн алдаа ч болов харахсан болов уу гэж найдсан
байх гэж одоо хэр боддог” хэмээн өвгөн ярина. Гэхдээ л томилсон дарга нь
“Чамайг сонины хилийн албаны тасгийн даргаар томиллоо. Дайнд оролцож явсан
хүний хувьд өнгөрсөн дайны сургамж, туршлагаар залуу хилчдийг сурган хүмүүжүүл”
гэж захисан гэнэ лээ. Эхэндээ огт боломжгүй мэт санагдаж байсан энэ албанд
гурван жил зүтгэсний эцэст Москвад сонин хэвлэлийн удирдах ажилтны курст сууж,
номын дуу сонсчээ. Сүүлд бас МУИС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн гэж
байгаа. Москвад мэргэжил
дээшлүүлээд ирэхээр нь “Улаан Од” сонины
хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилсон аж. “Манай сониныхон хээрийн сургуулийн үеэр
сонин хэвлэдэг машинаа аваад гарна. Хээрийн сургуулийн үеэр өдөр шөнөгүй сууж
байгаад сониноо гаргаж, нуувчуудаар явж тараадаг байлаа. Яг л дайны үеийн сонин яаж гарч, фронтын тэргүүн шугаманд
дайчдад хүрдэг байсан тэр арга хэлбэрээр ажилладаг байлаа” хэмээн дурсахад нь
цэргийн сонины онцлогийг ойлгов. Дайны
үед зөвхөн талх, ус, сум төдийгүй сонин амин чухал хэрэгтэй зүйлсийн нэг байж
гээч.

Армийн сонинд олон ч юм үзэж туулаа байлгүй. Нэгэнтээ Хятадаас
тусгай онгоцоор зураг хүлээж авсан удаатай. Ардын армийн 40 жилийн ойн баяр
болох гэж байлаа. Гадна дотны төлөөлөгчид ирнэ гээд дээр дооргүй бэлтгэв.
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир Ж.Ядмаа руу утасдаж
“БНХАУ-аас БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд,
армийн генерал ирнэ. ЗХУ, БНХАУ-ын хоёр хүндэт зочдын тухай баярын
дугаарынхаа нэгдүгээр нүүрт зураг,
намтартай нь тавиарай” гэж үүрэг өгчээ. Хятадаас ирэх хүндэт зочны намтар,
зураг олддоггүй. Хятадын ЭСЯ-нд ажилладаг Синьхуа хорооны төлөөлөгч рүү утас
цохисон ч “Надад туслах ямар ч арга байхгүй” гэсэн хариу сонслоо. БХЯ, ГЯЯ,
НАХЯ гээд туслаж болох бүх газар руу яриад ч амжилт олсонгүй. Монголоос олох
найдвар тасарсан тул эцсийн аргаа хэрэглэж, Хятадын ардын чөлөөлөх армийн төв
хэвлэл “Чөлөөлөгч арми” сонины ерөнхий эрхлэгч, дэслэгч генерал О Юн Бин рүү
утасджээ. Аз болоход нарийн бичгийн дарга нь бололтой орос хэлтэй эмэгтэй
харилцуур авсан байна. “Монгол Улсад цэргийн баярын арга хэмжээнд оролцох танай
улсын БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Сюй Гуан Дагийн зураг,
намтар хэрэгтэй байна. Нөгөөдөр бид сониноо гаргах учиртай. Тус болооч”
гэлээ. Хэдхэн минутын дараа сонины
ерөнхий эрхлэгч О Юн Биний яриаг мөнөөх эмэгтэй хэлмэрчилж өгөв. “Бид хүсэлтийг
чинь биелүүлэх арга хэмжээ авна” гэнэ.
Орой нь дахин утасдаж “Маргааш орлогч сайдын зураг, намтрыг тусгай
онгоцоор явуулъя. Манай онгоц саадгүй нисч Улаанбаатарт буух талаар та
холбогдох байгууллагууд руу ярина уу” гэлээ.
Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн штаб, хилийн цэрэг,
Гадаад яам, Дотоод яам руу ярилаа. “Зураг хүргэж өгөх ажлаар Хятадаас онгоц
ирүүлнэ гэж үү” хэмээн зарим нь итгэсэнгүй. Тусалсан хүмүүсийг зочид буудалд
хүлээн авч бэлэг сэлт өгөхөөр бэлтгэсэн ч “Бидэнд виз байхгүй учраас буудал руу
орохгүй, сайдынхаа зураг, намтрыг өгөөд буцна” гэжээ. Иймэрхүү адал явдалтайгаар
ойн баярт уригдсан хоёр хүндэт зочны зураг,
материал “Улаан Од” сонины баярын дугаарт нийтлэгдсэн түүхтэй.

Түүнийг дайчин баатрууд­тай
найз нөхөд явсан талаар нь сонирхвол “Баатруудыг шүтдэг. Бүх л баатруудыг мэднэ
л дээ. Халх голын байлдаанд баатарлагаар байлдаж байгаад нас барсан
Лувсандоржийн Гэлэгбаатар гэж байсан юм. Зургадугар дивизийн автомеханикийн
салааны улс төрийн орлогч байлаа. Халх голын ойгоор тэр хүний намтрыг судлаад,
Ж.Лхагвасүрэн генералд “Л.Гэлэгбаатар гэдэг хүнийг би өргөж гаргая. Хөвсгөл
аймгийн Ханх сумын хүн юм билээ. Унаа явдаггүй газар юм байна. Онгоц хэрэгтэй”
гэсэн. АН-2 онгоц суманд шуудан хүргэдэг байлаа. Хөвсгөлд очоод айлд өргөгдсөн
эгчтэй нь уулзав. Эцэг, эх нь аль эрт нас баржээ.

-Манай аав ээж хоёр ядуу байсан учраас намайг айлд өргүүлсэн. “Эгчдээ хань бол” гээд
Гэлэгбаатарыг явуулдаг байлаа. Гэлэгбаатарын авгай О.Лонжид гэж хүүхэн цэргийн
госпитальд байдаг” хэмээн эгч нь ярьжээ. Гэргийг нь олж уулзахад гунигтай түүх
хүүрнэсэн байна. Амаржих дөхсөн гэргий нь Матадад нөхрийнхөө дэргэд байжээ.
Дайн эхлэхэд Гэлэгбаатар Халх гол руу хөвөрсөн цэргийн цуваанд нэгдэв. Хүү
төрсөн тухай аавд нь хэл хүргүүлж амжжээ. Гэлэгбаатараас ирүүлсэн захианд “Би
эх орны төлөө явж байгаад амь үрэгдвэл хүүгээ том болгоно шүү” гэж захисан байлаа.
Гэтэл хэд хоногийн дараа “Зургадугаар дивиз баларсан гэнэ” хэмээн сувилагч нар
ярьцгааж байхыг бүсгүй сонсчээ. Цэргийн ар гэрийнхнийг ачааны машинд суулгаад
нутгийн гүн рүү буцаав. Замд нярай хүү нь салхи цохиулж, өөд болсон гэнэ.

Дөч хүү Эрхэмбилэг өвөөгийнхөө
цэрэгт байхдаа өмсөж байсан малгайгаар гангарчээ.

Ж.Ядмаа гуай цуг дайтаж явсан хүмүү­сийг нь сурвалжилж Л.Гэлэгбаатарын тухай “Улайдсан гол төмөр”
найруу­лал бичсэний дараа баатар цолыг нэхэн олгожээ. Н.Жамбаа гэж 1939, 1945 оны байлдаанд
оролцсон дайчны тухай “Хос гавьяа” гэж найруулал бичээд баатар өгүүлсэн гэнэ.
“Л.Дандар баатартай ходий байсан. Л.Дандарынд үргэлж очдог. Их томоотой,
даруухан, элдэв сонин юм ярьдаг хүн байлаа. Архи их ууна. Баатруудыг бүгдийг
танина” хэмээн өвгөн дайчин өгүүлэв.

“Улаан од”-ын улаан Ядмаа гэж нөхөд нь хочилдог байсан энэ
эрхэм “Ерээд оноос хойш юм ойлгохоо
байсан. Нэг л олон дээд сургууль. Дээд сургууль төгссөн мөртлөө ажилтай хүн
байхгүй. Ойлгож байгаа юм гэвэл юмны үнэ өсөөд, ажил төрөлдөө байран суурин
байгаа хүн байхгүй. Ажилгүй улс л байна”
хэмээн ёжтой ярих юм.

Онигооны мастер явсан тэрбээр наргиантай зангаа гээсэнгүй. Манай
гэрэл зурагчинг Увсынх гэж мэдээд, Увсын хэн гуай нэг удаа гээд л онигоо ярьж байна лээ.

Зохиолч А.Самбалхүндэв хязгаарын цэрэгт алба хааж байсан гэдэг.
Ж.Ядмаа гуай нэг удаа Самбаатай уулзаад “Сонин юу байна” гэхэд нь цаадах нь
“Ойрдоо цэргүүдэд Цогт тайж кино тайлбарлаж байх шив дээ” гэснээс сэдэвлэн
нөхдийн дунд ихэд алдаршсан онигоо мэндэлжээ.

Самбаа цэргүүдэд кино тайлбарлаж байна гэнэ.

-Даргаа энэ хөө хуяг нь ямар гоё юм бэ?

-За яахав дээ. Орос сүүний лаазыг ангалзуур хайчаар хайчлаад,
самбай даавуун дээр нойлийн утсаар торгоочихдог юм.

-Энэ Арслан тайж чинь ямар мундаг хүн бэ?

-Ямар юмных нь Арслан тайж байхав. Театрын Цэрэн­дэндэв
сарлагийн савгаар сахал үс хийчихээд явж байгаа юм. Хулан гээд байгаа энэ
сарчгар хүүхнийг Долгорсүрэн гэдэг. Төв
хорооны Лодойдамба гэдэг хар юмтай явдаг юм гэнэ лээ. Уг нь энэ хоёр худлаа
үнсэлцэх ёстой юм, бүүр жинхнээсээ үнсэлцэж байна шүү…

Кино үргэлжилсээр Арслан тайжийн толгойг авах болж. Цэргүүд ч
шуугилдаад явчихлаа гэнэ. Тэгсэн Самбаа

-За чимээгээ аяд. Ямар жинхнээсээ толгойг нь авч байгаа биш.
Модон сэлэм гялс, гипсэн толгой бөндгөс болж байгаа нь энэ. Харин тэр сэлэм
далайж байгааг чинь цэргийн яамны
дарлагар Жалцан гэдэг юм. Намын сургуульд суралцдаг юм гэсэн. Сурлагаар
тааруухан золиг гэнэ лээ гэх мэтээр үргэлжилдэг урт онигоо юм. Сүүлд дарга нар
“Киноны нууц задаллаа” гэж загнасан чинь
мань Самбаа

-Монгол хүнд монгол киног үүнээс өөрөөр яаж тайлбарлах билээ
гэсэн гэдэг. Харин А.Самбалхүндэв гуай энэ онигоог сонсчихоод “Алах золиг шүү”
гэсэн ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Нэг цонхны бодлогоор үрийн буудайгаа хямд байхад нь оруулж ирэх ёстой

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Тэрээр албан томилолтынхоо эхний өдөр зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон тариалалтын байдал, ургац хураалтын явцтай танилцсан юм. Тэрбээр “Зуны эхэн сарууд гандуу, хурц нартай байсан. Сүүлд хур бороо орсон ч орох ёстой цаг үедээ ороогүйгээс ургац ерөнхийдөө хүндэрсэн. Үүнээс шалтгаалж ургацын байдал газар бүр харилцан адилгүй, янз бүр байна. Эхний удаад ургац алдсан, бага ургац авахаар байгаа талбайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Харин маргааш үүнээс илүү сайн ургац авахаар байгаа талбайгаар явна гэж байна. Гэхдээ бизнес алагтай, цоогтой байдаг. Бид үүссэн асуудлаа өнөөдөр хоорондоо ярьж, нэг зүйл дээр ойлголцох хэрэгтэй. Асуудлыг нэг өнцгөөс, зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэх боломжгүй. Одоо үүсээд байгаа асуудал нь нэг талдаа 1000 орчим ажилтантай гурилын үйлдвэр, мөн 4000 гаруй тариалан эрхлэгчийн эрх ашиг, нөгөө талд нь гурван сая хэрэглэгчдийн эрх ашиг яваа. Үүнийг бодолцож, газар тариалангийн бодлогын өнөөгийн дүр зургаа бид гаргах шаардлагатай болж байна” гэв. Ингээд Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гадаад хүчин зүйлсийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал, нөөц боломж төдийлөн сайн биш байгаа. Төсвийн хүндрэл улам мэдрэгдэж эхэлсэн. Энэ оны эхний долоон сарын байдлаар төсөв 630 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Оны эцэс гэхэд зэс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад байвал бид бараг нэг их наяд төгрөгийн төсвийн алдагдал нөхөх шаардлага гарч байгаа. Гадаад нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. Эрдэс, түүхий эдийн үнэ уналттай. Үүнийг дагаад бензин шатахуун, газар тариалангийн салбарт ч үнийн уналт явагдаж байна. Тухайлбал, манай хөрш, импортлогч орны нэг болох ОХУ, Казахстаны өөрсдийнх нь мөнгөн тэмдэгт болох рубль ам.долларын эсрэг ханш нь эрс суларч байна. Олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад импортын хөнгөлөлттэй нөхцөл зарим бараа, бүтээгдэхүүн дээр бий болж байгаа. Тиймээс гадаад дотоод хүчин зүйлээ бид зохицуулж энэ жилийнхээ салбарын бодлогыг гаргана.

Сүүлийн жилүүдэд нэг зүйл хандлага болж хэвшсэн. Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар намрын ургац хураалтын үеэр газар дээр нь танилцаад, жишиг үнэ зарладаг болсон. Ийм байдлаар асуудалд хандахгүй гэдгээ миний бие өнгөрсөн хавар мэдэгдэж байсан. Хүмүүсийг зах зээлийн зарчим руу шилжсэн, бодлого ч энэ зүгт чиглүүлэх нь оновчтойг дурдсан. Түүнээс төр зах зээлийн харилцаа руу гүйж орж, үнэ тогтоогоод байх нь зохистой биш юм. Тиймээс үнэ зах зээлийнхээ зарчимд нийцэх нь зөв. Цаашдаа бол асуудалд ингэж хандах нь илүү үр дүнтэй. Манай гурил үйлдвэрлэгч, тариаланчид хоорондоо тохиролцож, нөхцөл байдлаа бодитой үнэлэх нь чухал. Бидний хэн ч саран дээрээс бууж ирээгүй учраас нөхцөл байдлаа зөв үнэлж, хоорондоо зах зээлийн зарчим тохирох болов уу.

-Энэ жил ургац хураалтын байдлаас шалтгаалж импортын буудай худалдаж авах шаардлага тулгарч байна. Үүн дээр Засгийн газраас ямар зохицуулалт хийх вэ?

-Засгийн газрын зүгээс ургацынхаа урьдчилсан балансыг гаргасан. Нийтдээ 250-260 орчим мянган тонн буудай хураахаар байгаа. Энэ нь өөрийн хэрэглээний 58.7 хувийг дотооддоо хангана гэсэн үг. Үлдэж буй 106 орчим мянган тонн буудайг импортлохоос аргагүй болж байна. Дотоодын худалдан авалт, импорт зэрэгцэж явахаар бие биеийнхээ үнэд нөлөөлж, хүндрэл үүсгэдэг. Тиймээс энэ жилийн нэг ялгаа нь импортынхоо буудайг нэг цонхоор оруулж ирнэ. Цаг хугацааны тухайд хэзээ, хэдийд оруулж ирэхээ Засгийн газар шийднэ.

Мэдээж үр тариа, буудайн үнэ харьцангуй хямд байхад оруулж ирнэ. Гэхдээ импортын буудай дотоодын тариаланчдын үнэ өртөг, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар зохион байгуулна. Үүнийг салбарын яам нэг цонхны бодлогоор зохицуулж, шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдийг бий болгоно.

Нэг цонхны бодлогоор импортын буудайн асуудлыг шийдэх учраас урьд жилүүдийнх шиг, ялангуяа өнгөрсөн жил гарсан шиг тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн хооронд үүссэн үл ойлголцол, маргаан гарахгүйгээр зохицуулах боломжтой гэж харж байгаа.

-Хадлан тэжээлийн байдал, махны экспортын талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хадлан тэжээлийн хувьд одоо байгаа үр дүн маань хангалтгүй, дөнгөж 10 хувь гаргаад явж байна. Энэ ажилд хүн болгон дор бүрнээ хүчин зүтгэж байж ирэх өвлийн ард гарах ёстой. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Засгийн газар махны чиглэлийн асуудлаа зохицуулж байна. Хойд болон өмнөд хөрштэй яриа хэлцэл хийж байна. Ялалтын баярын үеэр Ерөнхийлөгч болон Бурмаа сайд өөрсдийн чиглэлийн хүмүүстэй уулзсан. Махны экспортын асуудал дээр хоёр хөрштэй тохиролцоонд хүрч, ахиц дэвшил гарч, ажил урагшлах хандлага байна. Бидний зүгээс дотооддоо дахин зохион байгуулалтыг хийнэ. Би ирэх долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлийн даргатай уулзана. Энэ үеэр дээрх асуудлыг зохицуулах чиглэлийн ажлуудыг ярилцах болно. Газар тариалан, буудай, гурилын үнэ, хадлан тэжээл, махны үнийн асуудлаа шийдээд ард нь гарчих болов уу гэсэн дүр зурагтай байна.

-Улаанбуудайн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчимд нийцүүлэх цаг болсныг тариалан эрхлэгчид шаардах болсон. Мөн буудайн урамшууллын асуудал жил бүрийн намар багагүй маргаан дагуулдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Яамны зүгээс гурилын үнэ тогтвортой байна гэж мэдэгдсэн. Үнэхээр ийм боломж байгаа юу?

-Хөдөлмөрийн баатар Мардай гуай “Би 38 жил газар тариалан гэж явсан.

Өнөө жилийнх шиг ийм ган үзээгүй” гэж ярьж байна. Нөхцөл байдал ийм байгааг дор бүрнээ ойлгож, гурван тал асуудлаа нэгтгэж, нэг ширээний ард сууж харилцан буулт хийж шийдэх ёстой. Нэг нь гарч ирээд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалсан байдлаар яриад байж болохгүй. Ингэж яриад хэзээ ч шийдэлд хүрэхгүй нь гэдгийг харлаа. Чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх нь чухал. Гэхдээ бидний өнөөдрийн хувьд чөлөөт зах зээлийн үнэ рүү шилжих бэлтгэл багатай байна. Буудайн үнийг зарлахгүй, зах зээлийнхээ зарчим руу чиглэх нь зөв. Хэн хэн нь хоорондоо зохицох үлдээд байна. Газар тариалангийн салбарынхаа бизнесийг унагачихгүй, хэтэрхий нэг талыг ярьж үнэ хөөхгүйгээр хоорондоо зохицоод хийх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс импортын буудай оруулж ирэхдээ нэг цонхны бодлогын зарчим баримтална гэдгээ эхэнд тэмдэглэсэн. Тухайн компани дотоодоос хэдий хэмжээний буудай авсан байна, үүнтэй нь дүйцүүлж тэр хэмжээгээр импортлох эрх, хуваарилалт, квотын асуудлыг ярих болно. Тиймээс гурвалжны нэг талыг ярих хэрэггүй байгаа юм. Засгийн газар иргэддээ үнийн дарамт үүрүүлэхгүй, гурил үйлдвэрлэгчдээ дэмжих, тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалах гурван талын хүслийг нэгтгэж, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандаж байгаа. Гурван сая иргэнийхээ төлөө 3-4 мянган хүний төлөөлөл нийлж байгаад дундын шийдвэр олоод явна гэж харж байгаа. 100 хувь сэтгэл ханамжтай нэг хэсэг гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс хаана хаанаа анхаарч, урагшаа харж ажиллах ийм л цаг үе бидэнд байна. Харилцан зохицол, харилцан буулт, ойлголцол дээрээ ажиллах хэрэгтэй. Засгийн газрын хувьд төсөв нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж мэдэхээр байна. Ийм үед нөхцөл байдлаа зөв үнэлж, тариалан эрхлэгчдээ дэмжих, өр зээлтэй байгаа компанийн зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх, хугацааг нь сунгах гээд цөөнгүй арга хэмжээ авахаар ажиллаж байна. Аль аль нь хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай үед дарамт болж байгаа. Одоо бол талбай дээр гараад буудайгаа асгаж, буцааж ачдаг ийм зүйл бол явахгүй, бодит байдал дээрээ ойлголцох нь чухал.

-Яам болон тариаланчид өнгөрсөн жил буудайн урамшууллын асуудлыг тойрч багагүй маргасан. Энэ жилийн хувьд буудайн урамшууллыг хэрхэн шийдэх вэ?

-Буудайн урамшууллын асуудал дээр тодорхой хэмжээний мөнгө тавихаас аргагүй, урьд жилүүдийнхийг шууд хуваарилаад явахгүй нь ойлгомжтой болчихлоо. Юуны өмнө тариалангийн хуулиа баталж гаргана. Мөн тариаланчдад ямар асуудал тулгарч байгаа, төрийн зүгээс яаж туслах, дэмжих боломжтой талаар санал авч шийдэлд хүрэхийн төлөө ажиллах болно.

Асуудал байгаа учраас шийдэх арга замыг тал талаас нь эрэлхийлэх шаардлага гарч байна. Асуудал гурван талт өнцөгтэйг хэлсэн. Гурвуулаа эрх ашгаа ярьж, нөгөө талд нь боломжийн үнээр гурил үйлдвэрлэх, хямд үнэтэй гурил хэрэглэх, хөрөнгө оруулалтаа нөхөх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Засаг гурван институцыг төлөөлж байна. Засгийн газраа өрсөлдөгч, асуудал гэж битгий хар. Нийлж хамтдаа байж асуудлынхаа ард гарцгаая.

-Импортын буудайнаас гадна үрийн асуудлыг ярих ёстой. Үүнийг шийдвэрлэхэд мэргэжлийн холбоодоос төлөөллийг оролцуулах хэрэгтэй биз дээ?

-ХХААЯ энэ жил 29.7 мянган тонн үрийн буудай оруулж ирнэ. Бид нар сайн чанарын үр оруулж ирэхгүй бол болохгүй. Үүнийгээ аль сортын, ямар буудайг хэзээ оруулж ирж, яаж зохион байгуулах гэдгээ тариаланчид яаман дээр гурван талын төлөөлөл оролцоод шийдэх ёстой. Нэг цонхны бодлогыг баримтлаад үнийн хувьд хямд байхад нь үрийн буудайгаа эрт оруулж ирэх ёстой.

-Чингис бондоос санхүүжилт авсан “Эрдэнэт хивс” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих саналуудыг тавьсан. Шийдвэрлэх боломж бий юу?

-Үнэхээр сэтгэл ханамжтай байна. Тодорхой технологийн шинэчлэл хийгээд, хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа нь сэтгэл татахуйц амжилт. Эрдэнэтийг бид ГОК гэдгээр нь ойлгож, төсөөлж ирсэн. Тэгэхэд “Эрдэнэт хивс” гэхэд дотоодын хивсний зах зээлийн 75 хувийг дангаар хангаж, энэ салбарынхаа ГОК нь болчихсон байна. Хивсний загвар, хийц нь хувь хүнийхээ хувьд надад таалагддаг. Хүн болгоны хэрэгцээг хангасан, хэдэн зуун мянган цэгийн хатгалттай, технологи хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн зүгээс гурван асуудал хөндсөн. Эхний ээлжинд, түүхий эд бэлтгэх дээр ялангуяа салбар болгонд гарч байгаа зүйлийг хөндсөн. Дотоодын үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангах бодлогоор дэмжих, Хоёрдугаарт, Чингис бондоос хийсэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацааг уртасгах. Гуравдугаарт, цэвэрлэх байгууламж. Засгийн газрын хуралдаанаар Дарханы цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдсэн байгаа. Гэхдээ үйлдвэрийн цэвэрлэх байгууламж өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс асуудлыг гадны хөрөнгө оруулалт, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрээ харж шийдэх шаардлагатай болсон байна. Зөвхөн Монгол Улсынхаа хэрэгцээг хангахаас гадна дэлхийн арваад улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тиймээс олон улсын худалдаагаа улам өргөжүүлж, брэнд бүтээгдэхүүний чиглэлд илүү санал санаачилгатай ажиллах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс бодлогын хувьд бүрэн дэмжиж ажиллана.

-Гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Дотоодод үйлдвэрлэж буй гурил импортын гурилаас хямд, чанартай байснаар зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байдаг. Гэвч манайд үнэ хямд байх ийм боломж нь хараахан бүрдэж чадаагүй байгаа. Үүнийг хэрхэн шийдэж болох вэ?

-Миний дээр дурдсан гурвалжны нэг өнцөг нь гурил үйлдвэрлэгчид байдаг. Тэдний нэгтэй, тэр тусмаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Турк улсын хөрөнгө оруулалтаар цоо шинэ газар цоо шинэ гурилын үйлдвэр бариад зүтгэж байгаа нь сайхан санагдаж байна. Тодорхой бодлогоо гаргаж, яамтайгаа санамж бичиг байгуулж, эцсийн бүтээгдэхүүний үнэ дээрээ тохирч, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нягт ажиллах хэрэгтэй. Хүндрэлтэй жил ч гэсэн өөрсдийн боломжоор том алхам хийх нь чухал.