Categories
гадаад мэдээ

Сержио Рамос шигшээ багийн өмсгөлтэй 100 дахь ялалтаа авав

Испанийн шигшээ баг өнгөрсөн шөнө Европын аваргын урьдчилсан шатны наймдугаар тойргийн тоглолтоо “Македоны” эсрэг хийж, 1:0-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл Испанийн төвийн хамгаалагч Сержио Рамос шигшээ багийн өмсгөлтэй 100 дахь ялалтаа авч, Шавигийн амжилтыг эвдлээ.

Одоо түүний өмнө шигшээ багийн домогт хаалгач Икер Касильяс л бичигдэж байна. Тэрбээр шигшээ багийн өмсгөлтэй 118 ялалт байгуулж байсан юм. Энэ нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд бичигдэхээр өндөр амжилт билээ.

Ш.Гомбосүрэн

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн ДАШТ 02:00 цагт эхэлнэ

Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь ДАШТ 2015 оны энэ сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа билээ. Энэ удаа 100 гаруй орны эрэгтэй, эмэгтэй 650 орчим тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэдгээрээс АНУ, Украйн, Турк, ОХУ, Казахстан, Япон, Энэхтэг, Азербайжан, Беларусь, БНХАУ-ын шигшээ 24 тамирчинтай буюу бүтэн багаараа оролцоно.

Тэмцээний эхний гурван өдөр сонгомол бөхийн барилдаанууд болох бөгөөд өнөө шөнө 02:00 цагт чөлөөт бөхийн барилдаанууд эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар өглөө 10:30 цагаас болох юм.

Ирэх жил Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI наадам болно. Энэ жилийн дэлхийн аваргад жин бүрт эхний зургаад орсон бөхчүүд Олимпийн эрх авах юм. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдах хуваарь гарчээ.

Ш.Гомбосүрэн

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хамтарсан терроризмын эсрэг хамтарсан сургуулилт болж байна

ӨМӨЗО-ны Эрээн хотын ложистикийн төвд Монгол Улс, болон БНХАУ-ын цагдаагийн байгууллагын алба хаагчид хамтарсан “Бүргэд-2015” сургалт эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажуулах, харилцан туршлага судлах, “терроризмын” аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан “терроризмтой” тэмцэх, бүс нутгийн болон олон улсын “террорист” этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр зохион байгуулагдаж байгаа юм.

Мөн энэ үеэр хоёр улсын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагаанууд болж, шуурхай удирдлагын штаб ажиллана. Хамтарсан сургалтад Монголын талаас 130 шахам алба хаагч оролцож, ажиглагчаар Хил хамгаалах ерөнхий газар, ТЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлогтой юм.

Ш.Гомбосүрэн

Categories
мэдээ нийгэм

Буулгасан худгийн газрыг хэн авах нь тодорхойгүй байна

Туул гол дагасан гүний худгуудаас хамгийн сүүлийн 45 номерын худгийг буулгах ажил хэдэн өдрийн өмнөөс эхэлсэн. Эхэндээ барилгачид дээрээс нь эхлэн тун болгоомжтойгоор буулгаж байсан бол өнөөдөр экскаватораар тэгшилж байгаа зургийг та бүхэн харж байна.

Уг ажлыг “Их Модун” компани гүйцэтгэж байгаа аж. Тэдний инженерүүдийн тайлбарлаж буйгаар бол доторхи үнэ бүхий тоног төхөөрөмжийг гэмтээхгүйн тулд болгоомжтойгоор буулгаж байсан байна. Харин нэгэнт тоног хэрэгслийг авсан болохоор техникийн хүчийг ашиглажээ. Тэндээс гарсан тоног төхөөрөмжийн ашиглаж болох эд ангиудыг Ус сувгийн удирдах газарт шилжүүлсэн гэнэ. Харин газрын гүнд байгаа эд ангиудыг нийслэлийн мэдэлд үлдээх бололтой.

Маршалын гүүрний баруун талын уг худгийг ямар шалтгаанаар нураасныг Ус сувгийн газраас тодруулахад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэдэлд орсон учраас бид мэдэхгүй” гэсэн хариу өгөөд байсан. Харин тус ажлыг гүйцэтгэж байгаа “Их Модун” компанийн инженер “Актлагдсан гурван худгийн нэг нь энэ. Бид зөвхөн үнэ цэнэтэй эд ангиудыг гэмтээлгүй нураах үүрэгтэй” гэж байгаа. Гэвч тусгай хашаагаар тойруулж байгаад нурааж байгаа тул иргэдийн дунд энэ худгийг буулгаад газрыг нь өөрсдөө авах гэж байна гэсэн хардлага байгаа юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас энэ талаар тодруулахад “Холбогдох мэргэжилтэн нь амарсан байгаа. Маргаашнаас ажилдаа ирнэ” гэсэн хариултыг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн гадна жагсчээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна иргэд жагсч эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид “Үндсэн хуулиа дээдэл, хэлмэгдүүлэлтээ зогсоо, Л.Гансүх улс төрийн золиос, шүүх хурлыг хэвлэл мэдээллээр шууд дамжуул, шүүх ардчилсан төрийн үед хэвлэлээс айх хэрэггүй” зэрэг утга бүхий лоозонг барьсан байна. Тэд маргааш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид болох Л.Гансүх нарын хэргийг иргэдэд нээлттэй байлгах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 10.08 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны наймдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаагаа танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ наймдугаар сард 11.7 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4954 орон сууцны мэдээллийг хамруулсан гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийв

МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудын төлөөллийг оруулсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Өнөөдөр МАН, Хамаг Монгол хөдөлмөрийн нам, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 22 гаруй нам байдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын үндэсний зөвшилцлөөр Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн асуудлыг хэлэлцсэн. Энэ зөвшилцлөөс Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэдэгт санал нэгдэж, 22 намаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр ажлын хэсгийн хуралдаанаар дөрвөн зүйл дээр санал хураасан. Тухайлбал, шинээр хуулийн төсөл боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн” гэв.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЦогтгэрэлСонгууль ойртсон энэ үед УИХ-аас байгуулсан ажлын хэсэг хэт удаашралтай ажиллаж байна. Одоо цаг хугацаа бага байгаа тул Сонгуулийн хуулийг шинээр батлах боломжгүй. Харин 2012 онд баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно. Ирэх онд болох УИХ-ын Сонгуулийн дараа АСЕМ-ын том хурал болно. Энэ үед Монгол Улс УИХ, төр засагаа тогтвортой болгосон байх ёстой. Үүнд сонгуулийн хууль томоохон нөлөө үзүүлэх юм. Тиймээс улс төрийн намуудын боловсруулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хүсэлт гаргаж байгаа” хэмээлээ.

Ингэхдээ 2012 оны Сонгуулийн хуулийн найман зүйл дээр өөрчлөлт оруулах гэнэ. Тухайлбал, сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс санал тоолох арга замыг боловсронгуй болгох буюу саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн намуудын жигд төлөөллийг оролцуулах санал гаргажээ. Мөн сонгуулийн санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзсэн байна. Гадаадад суугаа иргэдийн саналыг шуурхай авдаг байх, сонгуульд өрсөлдөх жендерийн оролцоо хувь хэмжээг тодорхой болгох нэмэгдүүлэх гэсэн 8 зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал нэгджээ.

Categories
гадаад мэдээ

II Элизабет хамгийн удаан хаан ширээнд заларсан хатан хаан боллоо

Английн хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны 63 жил, долоон сар, хоёр өдрийн ой өнөөдөр тохиолоо. Ийнхүү Их Британийн хатан хааны титмийг 63 жилийн турш зүүсэн хатан хаан Викториягийн хугацааг шинэчилжээ.

952 оны хоёрдугаар сарын 6-нд Эдинбургийн гүнж Элизабет Александр Мэри Виндзор 25 насандаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан ширээнд заларчээ. Хэдийгээр энэ өдрөөс эхлэн хаан ширээнд заларсан хугацааг тооцдог боловч энэ өдөрт зориулсан албан ёсны арга хэмжээнүүдийн ихэнхийг уламжлал ёсоор зуны саруудад явуулдаг юм.

Өдгөө 89 насыг зооглож буй хатан хаан Элизабет Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн 53 орны тэргүүн бөгөөд 16 улсын хувьд бэлгэ тэмдгийн чанартай төрийн тэргүүн нь юм.

Хатан хаан II Элизабет үүрэг зорилгодоо үнэнч байж, үлгэр дууриал болж байсан гэж түүхчид дүгнэдэг байна. «Хатан хаан энэ үүргийг Британийн хаант улс задарч Хамтын нийгэмлэг дөнгөж бүрэлдэн бий болж байх үед эцгээсээ өвлөн авсан. Эцгийг нь нас барсны дараа түүний гүйцэтгэх үүрэг бүрхэг болсон боловч тухайн үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру залуу хатагтай Элизабетийг Британийн хамтын нийгэмлэгийн тэргүүнээр сонгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал илгээсний дараа Британиас тусгаар тогтнолоо зарлаад байсан бусад улс ч үүнийг зөвшөөрсөн» гэж Британийн хаант засаглал болон Британийн хамтын нийгэмлэгийн түүхийн тухай номын зохиолч Роберт Жобсон ярьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс улс төр, татвар, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг бүрдүүлбэл АНУ-ын хөрөнгө оруулагчид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо байгаа гэв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ын Төрийн
департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчдийг
хүлээн авч уулзлаа.

Даниел Рассел энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент
хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буйгаа танилцуулсан байна. Тэрээр “Монгол Улс бол бүс нутагтаа төдийгүй
дэлхийн нийтэд ардчиллын загвар орон хэмээн бид үнэлдэг бөгөөд ардчиллыг дэмжих
үйл ажиллагаанд талархал илэрхийлье. АНУ бол Монгол Улсын эдийн засгийн бие
даасан байдлыг бүх талаар дэмждэг гэдгийг энэ дашрамд тэмдэглэн хэлэхэд таатай
байна” гэсэн байна. Мөн тэрээр АНУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид,
эдийн засгийн мэргэжилтнүүд Монгол Улс улс төр, татвар, хууль эрх зүйн орчны
тогтвортой байдлыг бүрдүүлж чадвал хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо байгаа
хэмээн дүгнэж буйг Улсын Их Хурлын даргад танилцуулаад, хоёр улсын бизнес,
эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь
Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байгаа хэдий ч эдийн засгийн олон тулгууртай
болох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцолсон аж. Монгол Улс
болон АНУ-ын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх бололцоо байгааг
тэрээр дурдаад, үүнийг Улсын Их Хурал талаар дэмжин ажиллаж байна гэлээ. АНУ-ын
Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, Монгол Улс
хөрөнгө оруулагчдыг дэмжин, улс төр, хууль эрх зүйн тогтвортой орчныг
бүрдүүлэхээр ажиллаж байгааг АНУ-ын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад
уламжилж, хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд бүх талаараа дэмжин
ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр үеэр улс төр, эдийн засаг, бизнес, хууль
эрх зүйн орчны талаар харилцан ярилцаж, хоёр улсын эдийн засаг, бизнесийн
харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтад
Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга
Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын
сайд Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга
О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн
Д.Оюунхорол, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Гадаад хэргийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн тулаан эхэллээ

“Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн foil буюу хөнгөн сэлэмний төрлөөр өнөөдөр үргэлжлэн явагдаж байна.

Энэхүү төрөлд 13 орны 37 сэлэмчин өрсөлдөж байна. Монгол Улсаа төлөөлөн М.Мягмарбаяр, М.Мөнхтулга, Ц.Дэмидбаатар нар хөнгөн сэлэмний төрөлд оролцож байна.