Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Халх голын газраас сөөмийг ч гадныханд өгөөгүй

УИХ-ын
гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Засгийн
газрын хуралдаанаар Тариалангийн тухай хуулийг хэлэлцээд УИХ-д өргөн
мэдүүлэхээр болжээ?

-Амралтын
өдрүүдээр Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Даваа
гаригийн Засгийн газрын хурлаар Тарилангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийг хэлэлцэж дэмжээд УИХ-д өргөн барихаар болоод байна. Тариалангийн тухай
хуулийн хувьд өнгөрсөн хавар нэлээд олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Тариаланчид,
эрдэмтэн, судлаачид, орон нутагт ажиллаж байгаа салбарынхны дунд хэлэлцүүлэг
хийж саналыг нь авсан. Зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж,
яамдаас өөрчлөлт чиглэл өгсөн байгаа. Нэмж оруулах шаардлагатай нэмэлтүүдийг
оруулаад Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.

-Халх голын
сав газрын асуудал олны анхаарлыг татаж байна. Уг асуудалтай холбогдуулан таныг
болон УИХ-ын даргыг АТГ-д шалгуулахаар өгсөн гэх юм?

-Харин тийм.
Гайхаад л байна. Өвөлжилт нэлээд хүндрэх нь малчдын малыг цөөлөх, малчдаа
мөнгөжүүлэх, махыг экспортод гаргах асуудлыг эрчимтэй хөөцөлд, үүн дээр ажилла
гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу Хятад улсад ажиллаад ирлээ. Ирснийхээ
маргааш залгаад тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Гадагшаа томилолтоор
явахаасаа өмнө ч тариалангийн нутгуудаар явсан. Хэвлэл унших завгүй байсан л
даа. Ирээд хартал тиймэрхүү мэдээллүүд гарсан байна. Нэгдүгээрт, Халх голын
чөлөөт бүсийг хаалттай, нууц хуралдаанаар шийдчихсэн мэт мэдээлэл өгч байна.
Тийм юм байхгүй. УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны мэдээллүүд
нээлттэй, хэн ч авах боломжтой. Хоёрдугаарт, гадаадынханд газар өглөө, өгөх гэж
байна гэсэн мэдээллүүд тарж байна. Эдгээр мэдээллүүдийг өгч байгаа хүмүүсийг
ерөнхийд нь харах юм бол сонгуульд нэр дэвших гэж сонгуулийн шоу болгож олон
түмний анхаарлыг татах гэсэн оролдлогууд хийж байна. Нөгөө талаар тариалан
эрхлэхдээ технологио алдаад хөрсөө муутгачихаад одоо болохоор Халх голын сайхан
хөрсөнд санаархсан, тийшээ газар авчих юмсан, дарамт шахалт үзүүлж байгаад тэнд
эрх авахсан гэж санагалзсан зарим нэг хүмүүсийн сонирхол байна.

Энэ бүхэнд би
хариуцлагатайгаар хэлэхэд, Халх голын 500 мянган га газраас нэг сөөмийг ч
гадаадын иргэд, байгууллагад өгөөгүй. Тийм зүйл байхгүй.

Өнгөрсөн
долдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын тогтоолоор энэ 500 мянган га газарт Хорио
цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах
шийдвэр гарсан байгаа.

-Хүмүүсийн
анхаарал баяр наадам, морь мал дээр төвлөрчихсөн үед сэмхэн ийм шийдвэр
гаргалаа гэж хардаж байна?

-Долдугаар сарын
9-нд шийдвэр гарсан ч хэлэлцүүлэг нь өмнө нь олон хоног явсан шүү дээ. Ганцхан
өдрийн дотор шийдвэр гардаггүй.
Хэлэлцэх, нэгдүгээр, хоёрдугаар хэлэлцүүлэг тэгээд эцсийн хэлэлцүүлэг
гээд олон хоног үргэлжилдэг. Эцсийн хэлэлцүүлэг нь тэр өдөр таарсан.

-Халх голын
сав газарт одоогоор хичнээн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-“Петрочайна
Дачин тамсаг” компани долоон цооног, Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа
явуулдаг байсан. Энэ компанийн мэдэлд 700 гаруй мянган га газар долоон жилийн
турш явж байхад хэн ч, юу ч дуугараагүй мөртлөө монголчууд өөрсдөө хөдөө аж
ахуйн бүтээн байгуулалт хийе гэхэд эсэргүүцэж байгааг гайхаж байна. Тэнд нэг ч
га газар нь гадныханд байхгүй. Харин аймаг болон сумаас захирамжаар олгосон
тариалангийн талбай байдаг юм билээ. 49266 га газар өгсөн юм байна. Тэгэхээр
манай яам тэр газрыг өгөөгүй байх нь, өмнө нь өгчихсөн байж. Гэхдээ тэнд
Монголын компаниуд байна. “Соёмбо буудай” компани 1631 га, “Халх буудай”
компани 3000 га, “БД” компани 300 га, “Үйзэн тал” компани 3537 га, “Нью ариг
ус”, “Мак”, “Алтай групп”, “Мөнхтал”, “Дорнод гурил”, “Бэрх цагаан”, мал аж
ахуйн хүрээлэн гэсэн Монголын компаниуд 49266 га-д одоо ч газар тариалан
эрхлээд явж байна. Энэ талбай нь Халх голын 500 мянган га-д орчихсон байгаа.

Сая л хөдөө аж
ахуйн чөлөөт бүс байгуулах гээд эдгээр газрын зөвшөөрлийг өгчихсөн юм биш.
Аймаг, сумд нь газар өгчихсөн байдаг юм билээ.

Хөдөө аж ахуйн
чөлөөт бүсийг хаана байгуулах вэ гэдэг дээр долоон газрыг судалснаас хамгийн
тааламжтай, чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой нь Халх гол гэж гарсан. Энэ бүхнийг
харж байж УИХ-аас шийдвэр гарсан.

-Хорио цээр,
технологийн дэглэм бүхий бүс гэхээр?

-Тэнд тариалан
эрхлэн, эрчимжсэн мал ахуйгаа ч хөгжүүлэхэд маш нарийн шалгуур, технологийн
шаардлагууд тавина. Тэндхийн хөрс эмзэг. Газар тариалан эрхэлнэ гэвэл ямар
таримлыг, ямар технологиор тарих вэ. Хөрсөө муутгахгүй байх шаардлагатай гэх
мэт маш өндөр шаардлагуудыг тавина. Энэ технологийн дэглэмд нийцэж ажиллаж
чадах аж ахуйн нэгжүүд л тэнд үйл ажиллагаагаа явуулна.

-Хөдөө аж
ахуйн бүсэд солонгосчууд орж ирж тариагаа тарьчихаад түүнийгээ ямар нэг
татваргүйгээр аваад явчихна гэж ойлгоод байгаа?

-Тэндхийн нэг сөөм
ч газар солонгосчуудад байхгүй. Хятадууд, япончуудад ч тэр. Солонгосчууд манай
яамтай хамтарсан төсөл хэрэгжүүлээд загвар аж ахуй байгуулж өгч байгаа. Зуун
үхрийн эрчимжсэн фермийн аж ахуй, 50 үнээний ферм байгуулж, 200 га газарт
усалгааны тоног төхөөрөмж суурилуулж өгсөн. Энэ бүхнийг Халх голд хөдөө аж
ахуйн эрчимжсэн загвар аж ахуй болог гээд тэд өөрсдийн хөрөнгөөрөө босгоод
Монголын талд өгөх гэж байна. Тэрийг нь монгол компани бариад хоёр тал өгөлцөж
авалцах ажил нь үлдэж байгаа. Загвар аж ахуй манайд үлдэнэ. Түүнээс биш
солонгосчууд ямар нэг үйл ажиллагаа явуулаад өөрсөд рүүгээ татваргүйгээр аваад
гарна гэсэн зүйл байхгүй.

Тэгэхээр энэ
бүхнийг тойрсон буруу мэдээллийг санаатайгаар гаргаад явж байна. Энэ нь
сонгуулийн шоу болгох гэсэн ядмаг арга байна л даа. Тэнд нэр дэвших гэсэн хэдэн
улс байх шиг. Үгүй бол олонд танигдах гэж санаархаж байгаа хүмүүсийн явдал.
Эсвэл хувийн ашиг сонирхлоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас давуу эрх олох гэсэн
чинь тэрийг нь өгөхгүй болохоор хорссон тийм хүмүүсийн л үйлдэл байна.

Өмнө нь
“Петрочайна Дачин тамсаг” компани долоон жил болж байхад тэд хаагуур нь явж
байсан юм. Өнөөдөр монголчууд бид аваад татварын тааламжтай нөхцөлд, хөдөө аж
ахуйн бүтээн байгуулалт, уул уурхайгаас илүү баялгийг бий болгож чаддаг гэдгийг
харуулах загвар үзүүлж, бүтээн байгуулалт хийе гэхэд юунд нь хорсоод байгаа юм.
Бид нар чадна шүү дээ. Монголчууд үе үеэрээ хөдөө аж ахуйгаар улс орноо
тэжээгээд л ирсэн. Малаа маллаж, тариалангаа эрхэлж чадна. Гагцхүү тэнд
гадаадын өндөр технологи, инновацийн мэдлэгийг оруулна.

-Өвөлжилт
хүндрэх учир малчдыг малаа борлуулахыг зөвлөсөн. Төрөөс ч энэ талд анхаарч мах
экспортлох ажлыг эрчимжүүлж байна?

-Чөлөөт бүс гэдэг
газрыг яагаад байгуулах болов оо гэхээр, манай мал ихээхэн хэмжээгээр өсч
байна. Өнөө жил 18 сая төл хүлээж авлаа.

Бэлчээрийн даац
хэтэрлээ. Өвөл хүндрэх нь малаа цөөлье, мах, махан бүтээгдэхүүн болгоё, малчдаа мөнгөтэй болгоё гэж ярьж байна. Махаа экспортолъё
гэтэл шүлхий, гоц халдварт өвчнүүдээс болоод махаа гаргаж чадахгүй байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд хоёр хөрштэйгөө хэлэлцээр хийхээр маш идэвхтэй
ажиллаж байгаа. Би сая Хятадын Ерөнхий сайдын орлогч, Хөдөө, аж ахуйн сайд,
Хорио цээрийн дэд сайд нартай уулзаж мах экспортлох асуудлаар хэлэлцээр, ажлын
уулзалтууд хийгээд ирлээ. Бид ямар санал тавив гэхээр, малаа эрүүл байлгах
хорио цээрийн дэглэм бүхий тусгай газраас гаргая, мах махан бүтээгдэхүүнээ ч
тэндээс экспортолъё гэсэн саналуудыг тавьсан. Харин тэд бусад асуудлаа түр
хойшлуулж байгаад танай энэ саналуудыг онцгойлон үзэж, өвөлжилт хүндрэх гэж
байгаа асуудалд чинь анхаарч ажиллая гэдэг хэлэлцээрт хүрсэн.

-Гантай байгаа нутгуудаар явахад ургац хэр хурааж авах шинжтэй байна.
Өнөө жил ургацынхаа дийлэнхийг алдана гэж зарим хүмүүс таамаглаад байгаа. Газар
дээр нь очоод ажиллаад ирсэн хүний хувьд илүү бодит зүйл хэлэх байх?

-Гантай байгаа газар нутгуудаар яваад ирлээ. Орхон аймагт гурван аж ахуйн
нэгж байна. Тэг элдэншүүлэлтээр тарьсан, сэлгээ, уриншаа зөв хийчихсэн,
бордоогоо сайн хийчихсэн талбайнууд ургацаа хэвийн авч байна. Долдугаар сарын наймнаас
өмнө ерөөсөө бороо ороогүй, 13-наас хойш хэвийн орсон гэж байсан. Тэдгээр аж
ахуйн нэгжүүд га-гаас 20 центнер авч байна шүү дээ. Үүний цаана технологи,
сүүлийн үеийн тоног төхөөрөмж, менежментээ сайн хийж байгаа хүмүүс л байгаа.
Царцаагаа устгаж байна, ургамал хамгааллын бодисуудаа зөв хэрэглэж байна.
Уриншаа зөв хийсэн байна. Гантай ч га-гаас 20 центнер аваад үйл ажиллагаагаа
хэвийн явуулж байна.

-Та хаагуур явав?

-Халх гол, Төв, Дархан, Орхон, Сэлэнгээр яваад ирсэн. Халх голын чөлөөт
бүсэд дан гадаадынхан орж ирээд ажиллах юм шиг, газраа аваад онгоц хөлөглөөд
явж байгаа гэх мэт цуу яриа яваад байна. Уучлаарай, Монгол Улс чинь тусгаар
тогтносон улс. Хил, цэрэг, цагдаа, батлан хамгаалах, дүрэм журам гэж бий. Хэн ч
хамаагүй, юу дуртайгаа хийгээд яваад байдаг улс биш. Үндсэн хууль болон Газрын
тухай хуулиар гадаадын иргэн, байгууллага газрыг өмчлөх, эзэмших нь хориотой.

-Ургацаа алдах нь тодорхой болсон. Бүр 80 хувь алдана гэв үү?

-Нэг нөхөр гарч ирээд 80 хувь ургацаа алдана гээд хэлчихлээ. Тэгтэл тэрний
цаана авч үлдсэн улаанбуудайгаа үнэд хүргэх гэсэн тийм л бодлого байгаад байх
шиг. Бодит байдал дээр 80 хувь ургац алдахгүй. Урьдчилсан балансаар нийт
гурилын хэрэглээ, хүнсний улаан буудайнхаа хэрэглээний 58 хувийг авах прогноз
байгаа. Ургацаа хураагаад авахаар энэ хувь өөрчлөгдөх магадлалтай. Тэгэхээр
бидэнд хагас жилийн улаанбуудайн хэрэгцээ дутах нь. Тийм учраас бид импортоор
оруулж ирэхээс өөр аргагүй. Гаднаас буудай худалдаж авахад мөнгө хөрөнгө
хэрэгтэй шүү дээ. Тэр зохицуулалтыг нь хийгээд Засгийн газар төсөв баталж
өгсөн. Тэгтэл нэг нөхөр буудай оруулж ирнэ гэдгийг дуулаад тэгвэл би наад ажилд
чинь бас оролцоноо гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс өөр сонирхол харагдаад
байгаа биз. Бид нар тэгэхгүй. Өмнө нь улаанбуудай оруулж ирэх квотыг тараагаад
өгчихөөр чанартай, чанаргүй буудай ирдэг байсан. Цаана нь элдэв хэл ам гардаг.
Эргээд энэ улаанбуудай чинь бидний л хоол хүнс. Үүний чанар, найдвартай байдалд
нь манай яам өөрөө хариуцлагатайгаар анхаарал тавьж ажиллана. Бид өөрсдөө
импортолж оруулж ирнэ. Тийм болохоор гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Тэгэхээр
чанартай буудайг хямд импортолно.

Гурван сая хэрэглэгчийн эрх ашиг бидэнд чухал. Өвөлжилт хүндэрч магадгүй
нөхцөлд мах, гурил, талхны нөөцөө хангасан байх ёстой. Үнэ нь тогтвортой,
өсөхгүй байх ёстой. Энэ нь бидний хамгийн том анхаарах асуудал. Тийм учраас бид
гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр хийж байгаа.
Нэгдүгээрт гурилын бөөний үнийг 850 төгрөг, талх 1100 төгрөгөөр барих юм
бол бид нар импортоор хямд орж ирэх буудайгаа нийлүүлнэ. Үнэ тогтворжуулах
хүрээнд өмнө нь авсан зээлийн үлдэгдэл нь арилжааны зээл рүү орж байсан бол
тэрийг чинь нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр бүтэн жил сунгаж өгнө. Тэгэхээр
бид мөнгө төгрөг тараахгүйгээр бодлогоор гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр
хийгээд Монголын тариаланчдынхаа тарьсан стандарт хангасан буудайг ав гэсэн
талыг нь хөшүүрэгдэж байна. Дотоодын тариаланчид болон гурилын үйлдвэрийн
хооронд тогтох үнэд манай яам нөлөөлөхгүй.

-Гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын буудайг авахыг хүсдэг ч чанар,
цавуулаг нь асуудал дагуулдаг. Тиймээс гадны өндөр цавуулагтай буудайтай хольж
гурил хийхээс өөр аргагүй гэдэг. Харин үүнтэй тариаланчид санал нийлдэггүй?

-Өнгөрсөн жил буудайн цавуулгаас болоод нэлээд маргаан гарсан. Өнгөрсөн
жил бороо хур ихтэй, ургац арвин авсан. Тонн тутамд нь 100 мянган төгрөг өгдөг
байсан нь өөрөө тоог шүтсэн бодлого болж хувирсан. Чанартай, цавуулаг өндөртэй
буудай тарихаас илүүтэй олон тооны буудай ургуулах нь ашигтай байсан.
Хатуулагтай, сайн чанарын буудай таривал урамшуулал нь арай илүү байх атал
чанар биш тоонд шүтсэн бодлого нь тариаланчдыг чанар харгалзахгүй байдал руу
оруулсан.

Тариаланчид, яамны хооронд гарсан маргааныг сайн талаас нь харсан л даа.
Тариаланчид жагсаал цуглаан хийж, буудайгаа асгасны цаана юу харав гэхээр бид
тариаланчдын тушаасан буудай, гурилын үйлдвэрүүдийн цавуулаг нь хүрэхгүй байна
гэсэн буудайнд шалгалт хийсэн. Тэгэхэд 23-аас дээш цавуулагтай гэж тушаасан
буудай түүндээ хүрээгүй. Тухайлбал, Л.Цандэлэг гэдэг хүний 23-аас дээш
цавуулагтай буудай нь 19-тэй гэж гарч байсан. Хүнсний улаанбуудайнд тэнцэхгүй
буудайг тушаасан гэсэн үг. Тэнцэнэ гэж бичиг аваад татвар төлөгчдийн мөнгөнөөс
урамшууллын мөнгөө гаргуулаад авчихсан. Яагаад цавуулаг муу байна вэ гэдгийг
судлахаар бордоо хэрэглэдэггүй, хөрсөө хайхардаггүй, хөрсний асуудалд төр нь
шаардлага тавихгүй, зүгээр л хичнээн тонныг хураав. Тэрийг чинь л урамшуулна
гэдэг бодлогын доголдол байсан.

-Ган болохыг урьдаар мэдэж байсан. Гэтэл салбарын яам үүн дээр анхаарал
хандуулж үүл буудуулж хур оруулаагүй. Үр соёолох цагаар бороо оруулаагүйгээс
ургац алдаж байна гэдгийг тариаланчид онцлоод буй?

-Үүлэнд нөлөөлөх, цаг уурын станц, Цаг уурын хүрээлэн зэрэг чинь Байгаль
орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа асуудал. Манай яамны харьяа
гэж ойлгоод зориудаар ийм гуйвуулсан мэдээлэл тараагаад байна л даа. Тэр
төхөөрөмжийг нь эвдчихэж, төхөөрөмж нь байхгүй гэнэ, хүрэлцээгүй юм байна, тэнд
ажиллаж байсан мэргэжлийн алба, хүмүүсийг нь халчихсан гэнэ. Үүл бууддаг сумынх
нь мөнгийг аваад хэрэглэчихэж гэнэ гэх мэт элдэв яриа тараагаад байгаа юм.

Нэгдүгээрт, миний харьяалах асуудал биш. Өөр яамны харьяа байгууллага
дээр очоод халж солиод нааш цааш нь өөрчлөөд байх боломжгүй. БОНХАЖЯ-ны харьяа
Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээллийг хэрэглэдэг. Иргэд, байгууллага,
хувь хүмүүстэй л адил тэдний гаргасан мэдээг хэрэглэдэг хэрэглэгч тал. Гэхдээ
бид өөрсдөдөө хамаагүй гээгүй. Хэт халалт болно гэдэг мэдээлэл нэг хоногийн
өмнө ирсэн. Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээлэл бидний хүссэн хэмжээнд
байхгүй байна. Гэвч бид зөвхөн цаг уурын мэдээг хараад байлгүй, Ургацын
комиссоор дамжуулан орон нутаг, аж ахуйн нэгжүүдээсээ мэдээлэл авдаг юм.

Байдал хүндрэх төлөвтэй гэдэг мэдээллийг газар дээрээс нь авч байсан л
даа. Бид үүлэнд нөлөөлөх төхөөрөмжийнхөө сумыг орон нутгаас татаад тариалангийн
бүс нутгууддаа ирүүлээчээ гэдэг хүсэлтийг БОНХАЖЯ-нд хүргүүлсэн. Тус яамныхан
үлдэгдэл пуужингуудаа шуурхай татсан. Үлдэгдэл пуужингууд долдугаар сард
хүрэлцэнэ гэж байсан. Манай хоёр яамны хувьд энэ тал дээр бие биеэ дэмжээд
хамтраад ажилласан. Гэтэл энэ зун их даралтын орон гэдэг нь Байгаль нуур орчимд
үүссэн. Үүнээс болоод борооны үүл манайх руу орж ирээгүй. Ийм нөхцөл байдал
үүссэн гэдгийг цаг уурын мэргэжилтнүүд ч мэдээлсэн байгаа. Байгаль нуурын орчим
их түймэртэй байгаа, хур бороогүй онцгой жил болж байна.

Их даралтын орны тэр нөлөө манай Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн
нутгуудыг хамарсан. Хүний хүчин зүйлээс үл хамаарсан байгалийн онцгой нөхцөл
байдал үүссэн. Үүл бууддаг төхөөрөмж улсын хэмжээнд хоёрхон байдаг гэдэг нь цуу
яриа. 21 аймагт 35 экспедици, 36 генератор ажилладаг. Эд нар хэвийн үйл
ажиллагаа явуулж байна. Үүлэнд нөлөөлөх сум, пуужин нь хангалттай байсан.
Гагцхүү тэр үүл нь гарахгүй байхад яалтай билээ.

Үүн дээр хувийн сонирхлоор, өмнө нь сайдад нөлөөлөх замаар нойтон,
цавуулаг нь хүрдэггүй буудайгаа хүчээр шахдаг, бизнесийн ашиг хийдэг тэр давуу
эрх нь алдагдчихаар хорсоод намайг гүтгэх, доромжлох янз бүрийн арга хэрэглэж
байна. Сүүлдээ газар худалдлаа гэх онц ноцтой хэрэгт гүтгэж, надаас гадна
Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хүртэл хамруулан гүтгэх үйл ажиллагааг явуулж
байна. Энэ бүхэн байж боломгүй. Энэ улс орон чинь хуультай. Хэн нэгэн тэдний
ярьж байгаа шиг юу хүссэнээ хийдэггүй юм. Энэ чинь хуультай, тусгаар тогносон
улс.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхийг эх орноосоо урвасан гэж шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц Төрийн ордон дахь ажлын өрөөнд нь М.Батчимэгтэй арван минут уулзаад гарчээ-

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын иргэн З.Пагмажавт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 26-ны өдөр шүүжээ. Шүүгдэгч З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх байсан нь олны анхаарлыг татаад байгаа юм. УИХ-ын гишүүний зөвлөх байсан түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж шүүхээс 16 жилийн ял оноожээ. З.Пагмажав нь Эмэгтэйчүүдийн хорих ангид чанга дэглэмд ялаа эдлэх юм байна. УИХ-ын гишүүний зөвлөх байсан З.Пагмажавыг яагаад эх орноосоо урвав гэдэг асуудал энэ өдрүүдэд сөхөгдөж эхэллээ. Мөн өчигдөр зарим сайтын сэтгүүлчдэд УИХ-ын гишүүн М.Батчимэг ярилцлага өгчээ. Үүний дараа Төрийн ордон дахь ажлын өрөөнд нь Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц орсон байна. Энэ явдал өчигдөр 15.00 цагт болсон бөгөөд тэдний уулзалт 10 минут болсон гэнэ.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүний зөвлөх байсан учраас түүнийг ямар мэдээлэл хааш нь задруулав гэдэг нь өөрөө улсын нууцад хамаарах тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй билээ. Эх сурвалжийн мэдээлснээр З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан гэнэ. Хувиараа орчуулга хийдэг байсан бөгөөд орчуулга хийж байсан нэг материал нь улсын нууцтай хамаатай байж таарсан бололтой. Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт он гарснаас хойш Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж байгаад Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг шүүх оноожээ. Наадмын өмнө тэрбээр зөвлөхийн ажлаасаа гарсан гэх мэдээлэл байна.

Гадаад тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэж үзсэн бололтой

Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэг (Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах) 79 дүгээр зүйлийн 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

М.Батчимэгийн нөхөр Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн захирал гэнэ

М.Батчимэг гишүүний нөхөр Ц.Эрдэнэбаяр “Аман хуур” хотхоныг бариулсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Энэ хотхоныг Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Kэй энд Tи констракшн” ХХК барьсан юм байна. Ц.Эрдэнэбаяр энэ компанийн захирал гэнэ. “Kэй энд Tи констракшн” ХХК 2013 оноос эхлэн чанар стандартын хувьд иж бүрэн шинэчлэн сайжруулсан “Аман хуур” хотхоны хоёрдугаар ээлжийн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Хоёрдугаар ээлжийн хотхоны барилгын нийт талбайн хэмжээ 3000 мкв, ойролцоогоор 27000 мкв талбайд 12 давхар Европ загварын орон сууц барьжээ. Барилгын үйл ажиллагаа явуулдаг компани. “Kэй энд Tи констракшн” ХХК нь Тайванийн тэргүүний дэвшилтэт техник технологиор баригдсан гэдэг. Уг барилгыг тайваньчуудаар бариулж байсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. М.Батчимэгийн нөхөр Ц.Эрдэнэбаяр нь АН-д томоохон байр суурь эзэлдэг нэгэн. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан. УИХ-ын гишүүн М.Батчимэг 2012 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Багануур” ХК-ийн 300, “Могойн гол” ХК-ийн 500, “Рио Тинто” ХХК-ийн 1000, “Арвис консалтинг” ХХК-ийн 27 мянга, “Ану корал” ХХК-ийн 445 600, “Амина интернэшнл” ХХК-ийн хоёр сая 768 мянга 500, “Прайм прожейгт инвестмэнт” ХХК-ийн 50 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг гэж бичжээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг чамгүй чинээлэг гэдгийг батлах аж. Түүний нөхөр Ц.Эрдэнэбаяр NASDAQ-аас интернэтээр Рио тинтогийн 1000 ширхэг хувьцаа авсан аж. Хувьцааны ханш нь 2012 онд 48 ам.доллар байжээ. Нөхрийнхөө худалдаж авсан хувьцааг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Тэгэхээр “Рио Тинто”-гоос 0.01 хувийг эзэмшдэг гэсэн үг юм байна.

Эх орноосоо урвасан гэх Загиржав овогтой Пагмажав гэж хэн бэ?

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс эхлэн зөвлөхөөр нь ажиллаж иржээ.

2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. 2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлжээ. 1995-1999 МУБИС-ийн Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультет, Хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн.1984-1994 Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийг дүүргэжээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судлагааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судаллын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн дарга хийж явжээ. Хятад хэлтэй. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр хүүхэдтэй бөгөөд биеийн байдал нь эрүүл мэндийн хувьд тааруухан байгаа гэцгээж байна. М.Батчимэг гишүүнтэй яах аргагүй ойр явсан хүн юм байна.

Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байв

М.Батчимэг гишүүний хувьд Тайваньд 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. 1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургууль Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжлээр,1997- 1999 онд Тайванийн төрийн их сургуулийн Улс төр судлалын магистрантур болон Монгол Улсын Батлан хамгаалах их сургуулийн магистрантур. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008-2009 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012 оноос УИХ-ын гишүүн. 2001 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Англи, орос хятад хэлтэй юм байна. М.Батчимэг нөхөртэйгөө арван жилийн найзууд байжээ. Арвайхээрийн 10 жилийн сургуулийг алтан медальтай төгссөн М.Батчимэг ахиад хэдэн жилийн дараа Бээжингийн хэл соёлын их сургуулийг амжилттай дүүргэснээр судлаач болсон байна. Тэрбээр “Шатрын их хөлөг” ном хэвлүүлж байсан юм.

Тэр Ерөнхийлөгчийн хүн гэсэн тодотголтой

Түүнийг хэвлэлүүд “Ерөнхийлөгчийн хүн” гэдэг. Тэрээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр 2009 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ ажилласан. “Нэг ардчилал” клубын удирдагчдын нэг нь М.Батчимэг. Энэ клубт Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр зэрэг АН-ын залуу улстөрчид байдаг.

Манай УИХ-ын гишүүн эмэгтэйн зөвлөх тагнуулын хэрэгт татагдан ял сонссонтой төстэй нэгэн хэрэг дэлхийн хэвлэлүүдээр шуугиан тарьж байна. Энэ бол Хиллари Клинтон төрийн захидлыг хувийн цахим шуудангаараа явуулж байсан нь төрд ихээхэн хохирол учруулсан байж болзошгүй хэрэг болж хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхлээд байгаа билээ.

Д.Маргад

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах санал гаргалаа

Улсаас 13
тэрбум төгрөг завшсан гэж сэжиглэн шалгаж эхэлсэн Л.Гансүхийн гэгдэх хэргийг
шүүх хурал өнөөдөр/IX.10/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн
шүүхэд эхэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ
албан тушаалаа ашиглаж хувьдаа мөнгө зувчуулсан гэх Ерөнхий сайд асан
Н.Алтанхуягийн ахлан зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн
захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцох юм.
Гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцоно гэж байсан ч энэ удаа ирсэнгүй.
Харин “Багануур” ХК-ийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч
Ш.Ичинхорлоо нар нь удаа дараа шүүхэд ирж мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байгаа тул
Тахарын албанаас албадан ирүүлжээ.

Дөнгөж сая Л.Гансүхийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хурлыг хойшлуулах санал гаргалаа. Үүнийг нь одоо хэлэлцэх гэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Бид хэн нэгэнд хариуцлага тооцох биш сануулах, ухамсарлуулах зорилгоор наалт нааж байгаа

Залуус
нэгдэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм
зөрчигчдөд сануулга өгөх бүлгэм байгуулжээ. Улмаар дүрэмгүй жолооч нарын машин
дээр сануулах хуудас нааж байгаа аж. “Дүрэм зөрчигчдийг хашраах бүлгэм”-ийг
санаачлагчтай ярилцлаа.

-Facebook-т
танай бүлгэмийн хийж байгаа ажил зургаан мянга гаруй шахам хүний дэмжлэг авчээ.
Тэгэхээр зам дээр дүрэмгүй явдаг нөхдүүд олон хүний дургүйцлийг хүргэдэг нь
тодорхой. Танайх олон гишүүнтэй юу?

-Хүн бүр замын
хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,
Замын хөдөлгөөний дүрэм хүн бүрт хамаатай. Өглөө хүүхдээ хүргэж өгөх гээд
гартал гараажийнх нь хаалгыг хаагаад машин тавьчихсан. Хүүхдүүд нь тоглодог
талбай дээр машин зогсоочихсон байвал эрх нь зөрчигдөж л байна гэсэн үг. Тэр
утгаараа бусдын эрхийг зөрчсөн, дураараа аашилсан, хуульгүй мэт амьдардаг
нөхдөд сануулга өгч байгааг олон хүн дэмжиж байна. Манайх одоогоор таван
гишүүнтэй. Ер нь олон хүн гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн. Машинаа буруу
тавьдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг хүмүүсийн үзэгдлийг эсэргүүцэж хамтарч
ажиллахыг хүсч байгаа хүмүүс бий.

-Машинаа буруу
байрлуулж зогсоосон, дүрэм зөрчсөн жолооч нарын машин дээр наалт наагаад хэр
хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу?

-Удаагүй. Ер нь
нэг удаа наалт наалгасан машины жолооч дахин бусдын эрхийг зөрчиж, хориглосон
газар машинаа тавьж хүмүүст саад болохгүй байгаа гэж бодож байна. Бид хэн
нэгэнд хариуцлага тооцох биш сануулах, ухамсарлуулах зорилгоор наалт нааж
байгаа. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэж үг бий шүү дээ. Бусдын
эрхийг зөрчиж байгааг нь сануулахаар ичих, ухамсарлах ухаан хүн бүрт бий байх.
Тэр утгаараа бидний ажил үр дүнд хүрч байгаа.

-Олон хүн
сануулах хуудас авах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэлээ. Ямар шаардлагыг хангасан
хүмүүст сануулах хуудас тарааж байгаа вэ. Нэгийгээ чадах гэсэн буруу зорилготой
хүн ч байхыг үгүйсгэхгүй.

-Сануулах наалт
тараахгүй байгаа. Зөвхөн бүлгэмийн цөөн гишүүнд наах эрхтэй хуудас өгч байгаа.
Бидний наалт бүлгэмийн тусгай нууцлалтай. Тиймээс өөр хүмүүсийн хуурамчаар
гарган, манайхаас өөр зорилгоор наасан наалтад бид ямар нэгэн хариуцлага
хүлээхгүй гэдгийг хэлмээр байна.

-Хууль,
дүрмийг төрийн албан хаагч л сахиулах үүрэгтэй гэж ойлгодог хүмүүс олон. Сайн
дураараа нэгдсэн залуус бусдад сануулга өгөхөөр хүмүүс хэрхэн хүлээж авч байна
вэ?

-Заавал цагдаа
гэлтгүй ард иргэд бие биедээ шаардлага тавьж байх хэрэгтэй. Бидний эхлүүлсэн
ажлыг олон хүн эерэгээр хүлээж авч дэмжиж байгаа. Дүрэм зөрчөөд наалт наалгасан
жолооч нар бидэнд өс санаж, сөрөг талаас нь хүлээж авахгүй гэдэгт итгэж байна.
Харин ч дахин дүрэм зөрчихгүй байхын тулд хичээх хэрэгтэй болов уу.

-Тэгвэл
машиндаа наалт наалгасан хүмүүс заналхийлэх, сүрдүүлэх тохиолдол гарч байна уу?

-Тийм тохиолдол
мэр сэр гарсан. Хүмүүс машин дээрээ наалт наалгалаа гээд биднийг заналхийлж өс
санаж явах биш харин өөрөө өөртөө дүгнэлт хийн дүрмээ баримтлах, бусдад саад
болохгүй байхад анхаарах хэрэгтэй болов уу. Бусдадаа ч гэсэн энэ тухай сануулга
өгч байгаасай.

-Бусдын
хөрөнгөд халдсан гэх зарга бас гарч магадгүй. Хуулийн хүрээнд та бүхэн
өөрсдийгөө хамгаалах юм байгаа биз дээ.

-Бусдын хөрөнгөд
халдах зүйл байхгүй. Харин ч бид хамгаалж өөрсдийн техник хэрэгслийг зөв газар
зөв зогсоож гарч болзошгүй осол болон хорлон сүйтгэх эрсдэлээс урьдчилан
сэргийлж байгаа. Жишээлбэл машинаа зам
дээр болон бусдын машиныг хааж тавьснаас болж бухимдсан жолооч машин тэргийг нь
зурах, шүргэх гэх мэт эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг.

-Бусад улсад
иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг залуус олон бий. Тэдний үйл ажиллагааг судалсан
уу. Танайхан Оросын залуусаас санаа авсан гэсэн үү?

-Оросын “Стоп
хам” бүлгэмээс ерөнхийдөө санаагаа авсан
байгаа. Орос гэлтгүй их олон улс оронд яг ийм чиглэлийн үйл ажиллагаа явагддаг.

-Санхүүжилтээ
хэрхэн зохицуулж байна вэ. Ашгийн бус байгууллага ч гэсэн наах цааснаас эхлээд
зардал гардаг байх?

-Мэдээж зардал
гаралгүй яахав. Одоогоор бид өөрсдөө л
болгож байна даа. Цаашдаа биднийг дэмжих албан газар, хувь хүмүүстэй хамтрахад
бид бэлэн байгаа.

-Замын цагдаагийн
газраас дэмжлэг бий юү. Төрийн байгууллагатай хамтарч ажиллах боломжтой юу?

-Одоохондоо
байхгүй. Ер нь Замын цагдаагийн газартай болон бусад байгууллагуудтай хамтарч
ажиллахад бэлэн.

-Гараажаа
таглуулсан, эсвэл машиныг нь таглаад зогсчихсон байвал танай бүлгэмд хандвал
туслах уу?

-Ганц нэг
удаагийн тохиолдлоор таглуулсан зүйлд бол очиж амжихгүй байх. Байнга таглаж
зогсдог этгээдүүдэд бол очиж наалт нааж сануулга өгч болно оо.

-Та нар нэр,
утсаа шаггүй нууцалдаг бололтой?

-Аюулгүй байдлаа
хангах үүднээс нуухаас аргагүй байгаа. Фейсбүүкээс “дүрэм зөрчигчдийг хашраах
бүлгэм” нэрээр бидэнтэй холбогдож болно.

Categories
мэдээ нийгэм

Цахим үнэмлэхийг өдөрт нь олгоно

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-г өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас /УБЕГ/ хаяж үрэгдүүлсэн цахим үнэмлэх олгох, гадаад пасспорт сунгах үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Уг үйл ажиллагааг дүүрэг бүрт зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд Чингисийн талбайд Сүхбаатар дүүргийн иргэдэд хүргэх юм. Иргэд цахим үнэмлэх, гадаад пасспортоо захиалсан тохиолдолд өдөртөө олгогдоно гэдгийг сануулъя. Цахим үнэмлэх, гадаад пасспорт захиалахад шаардлагатай бичиг баримт, дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Энэ үйл ажиллагаа 11.00-16.30 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд хуульзүйн зөвлөгөөг үнэгүй өгнө. Архивын ерөнхий газраас лавлагаа, баримт гаргаж иргэдэд тусална. Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас мэдээлэл, заавар зөвлөгөө өгч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийг шүүх хурал эхлэх гэж байна

Улсаас 13 тэрбум төгрөг завшсан гэж сэжиглэн
шалгаж эхэлсэн Л.Гансүхийн гэгдэх хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд эхлэх гэж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж хувьдаа мөнгө
зувчуулсан гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлан зөвлөх Л.Гансүх, “Эм
Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч
Б.Мөнгөнтуяа нар оролцох юм. Шүүгчдийн бүрэлдэхүүн шүүх танхимд орж ирсэн хэдий
ч нээлттэй хуралдаан явуулах танхимын дэлгэц унтарсан тул хуралдааны танхимд
ямар процесс үргэлжилж байгаа нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Хархорин”, “Хүчит Шонхор” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна

Улаанбаатар хотод энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5725 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 180 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 575 төгрөгөөр өсчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад буюу 10 төгрөгөөр буурч, хонины цул мах тогтвортой байгаа юм.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Сири хүүд хүндэтгэл үзүүллээ

Марокко улсын иргэд даваа гарагт нийслэл Рабат хотын далайн эрэг дээр шидэгдсэн Сири хүү Аялан Курдид хүндэтгэл үзүүллээ.Бараг 30 гаруй хүн Сири хүүгийн адил улаан, цэнхэр өнгийн хувцас өмсөж түрүүлгээ харан хэвтсэн байна.

Хэрэг явдлыг эргэн сануулбал Сирийн Кобани хотоос Грек улсыг зорин дүрвэж явсан цагаачдын завь осолдсоны дараа Туркийн Бодрум хотын ойролцоох далайн эргээс гурван настай Сири хүүгийн цогцос олдсон юм.

Categories
мэдээ нийгэм

Нисэх буудлын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Чингис хаан нисэх буудлын Хилийн хяналтын бүсэд “Монгол улсад нэвтрэх хоёр дахь виз” гэх утга бүхий 160 ам.долларын сэтгүүл гадаадын иргэдэд худалдсан асуудлаас болж Чингис хаан нисэх буудлын дарга, тус газар дахь Хилийн цэргийн ангийн дарга, Зам тээврийн яамны зарим албан тушаалтнууд хариуцлага хүлээх болоод байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Хилийн 0218 дугаар ангийн захирагч Д.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлсөн бол, энэ даваа гаригт Чингис хаан нисэх буудлын дарга Д.Дашнямыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингис хаан нисэх буудлын даргаар МИАТ-ийн Суудал захиалга, хяналтын хэсгийн ахлагч Д.Дашням гэгч эмэгтэй томилохыг үүрэг болгосон ч түүний Ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдолыг МИАТ-ийн ажилчид Ёс зүйн хороо болоод захирал Г.Жаргалсайхандаа удаа дараа гаргасан байдаг.

Харин сүүлийн үед зарим хэвлэлээр Д.Дашням нь Сингапур руу ашиггүй нислэг нээлгэж, нислэг бүрт 30-40 зорчигч байснаас МИАТ компани 2 сая 700 мянган ам.доллар алдагдал хүлээсэн. Үүний хариуцлагийг Д.Дашнямд хүлээлгэхгүй байна зэргээр бичих болжээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр өнгөрсөн долоодугаар сард батлагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлахтай холбогдуулан ОБЕГ-аас хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын саналыг авах, чанар, үр дүнтэй, харилцан уялдаатай байх зорилготой уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр төрийн бус байгууллагуудаас төрийн үүргийг иргэний нийгэмд шилжүүлэх тухай олон жил ярьж байгаа боловч хэрэгждэггүй, санхүүжилт тодорхойгүй, сайн дурын шинжтэй байдаг, нийслэл, орон нутгийн төр захиргааны байгууллагууд төдийлөн дэмждэггүй тухай нийтлэг санал хэлсэн. Ингээд саналыг бичгээр өгч, хамгийн гол нь үр дүнтэй, мэдээлэлтэй, бие биенээ дэмжин ажиллах механизмаа тодорхойлов.

Төрийн бус байгууллагуудаас гарсан өөр нэг чухал санаа төрийн байгууллагуудын боловсон хүчний тогтворгүй, мэргэшилгүй байдал хамтран ажиллахад бэрхшээл болдог тухай байв. Бүх шатны сургалт, сургуулийн өмнөх болон их дээд сургуулийн хөтөлбөрийг үр дүнтэй болгох, багш, сургагчид мэргэжлийн болон мэргэшсэн байхын чухлыг онцлон ярьцгаасан. Гамшиг осол болсон үед хүнд хэцүүг ярихаасаа өмнө нь ач холбогдол өгч, хавсарга шинжтэй яваад байгааг шүүмжилж, энэ талаар олон нийтийн санаа бодол, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөн чиглүүлэхэд ажил, анхаарал төвлөрүүлэх нь зүйтэй тухай санал хэлж байв.