Categories
мэдээ нийгэм

“Марко Поло” кинонд тоглосон монгол жүжигчид ирлээ

“Марко Поло” кинонд оролцон тоглосон жүжигчид өнөө өглөө эх орондоо ирлээ. Монгол Улсаас 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Унгар улсад болсон зураг авалтад очиж оролцсон юм. Монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, зан заншлыг дэлхийн 50 сая үзэгчийн хүртээл болгох зорилготой “Марко Поло” киноны дараагийн зураг авалт Малайз улсад үргэлжилнэ.

АНУ-ын Нэфтликс компанийн хөрөнгө оруулалтаар бүтээж байгаа “Марко Поло” киноны зураг авалтад мэргэжлийн жүжигчдээс гадна Унгар улсад амьдарч байгаа 300 гаруй монгол хүн оролцон тоглосон байна. Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмидийн хувьд гол дүрд тоглоогүй ч өөрийн хувирсан 7 дүрээрээ Монгол хүний онцлог, өвөрмөц байдлыг товойлгон үзүүлэхийг зорьсон ажээ.

Categories
мэдээ нийгэм

Компанийн удирдлагуудтай уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсад эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй “Пауэр Чайна”, “Сэнко-III” компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Могул пауэр, Бодь группийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар БНХАУ-ын эрчим хүчний томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийнхээ талаар танилцуулсан юм. Эрчим хүчний салбар бол эдийн засгийн чухал салбар гэдгийг Ерөнхий сайд хэлээд дулааны цахилгаан станц барих төслүүдийг хамтран хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Тэвшийн говийн цахилгаан станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих төсөлд хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын “Могул пауэр”, БНХАУ-ын “Сэнко III” компаниуд Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн хамтын ажиллагааны дүнд өнөөдөр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын энэ ажил удахгүй эхэлнэ гэдгийг “Могул пауэр” ХХК-ийн зөвлөх Б.Батмөнх гарын үсэг зурах ёслолын үеэр хэллээ.

Хоёрдахь төсөл болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд Бодь групп, БНХАУ-ын Пауэр Чайна компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөл мөн нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 31 жилийн турш хэрэгжинэ гэж төслийн удирдагч, Бодь группийн дэд ерөнхийлөгч Д.Мөнхтөр хэллээ.

Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эдгээр төсөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төслүүд хэрэгжсэнээр эрчим хүчний хэрэглээ найдвартай, баталгаатай болно гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Цэц УИХ-ын эрхэд халдлаа гэв

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Үндсэн хуулийн Цэц/ҮХЦ/-ийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Харин О.Баасанхүү гишүүн өнгөрсөн даваа гаригт буюу есдүгээр сарын 7-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Тэрээр “ҮХЦ маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 7, 6-г зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байгаа. Тэрийг юу гэж ойлгох вэ гэхээр 42.7 нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн заалт. Нэг үгээр хэлбэл, УИХ нь УИХ-ын гишүүний санаачлагаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлийг Төсвийн тухай хуулиар тодорхой заагаад өгсөн. Зөвхөн УИХ-ын 7.1.12-оор шийдэж өгсөн юм биш. Хэрвээ УИХ ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээн авах юм бол Төсвийн тухай хууль хэрэгжихгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчид УИХ хяналт тавих боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сайд нь дураараа авирлахад Ерөнхий сайд нь тухайн сайдыг өргөн барих асуудлыг ярина.

Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэгт зөвхөн Ерөнхий сайд биш сайдууд, агентлагын удирдлагууд, нарийн яривал газар хэлтсийн даргууд ч багтдаг. Засгийн газрын бүтэцдээ ордог гэсэн үг.

ҮХЦ-ийн гишүүд ийм ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдаад зогссонгүй, Төсвийн тухай хууль, төсөвт хяналт тавих УИХ-ын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасанд харамсч байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн сайдыг огцруулах асуудал гаргуулаад явж ирсэн. Тэр хугацаанд ҮХЦ нэг ч удаа дүгнэлт гаргаагүй. Энэ удаа маш хурдан гаргалаа. Хэзээ ч цэцийнх нь хурал нь болсон юм, хэзээ ч өргөдөл нь ирсэн юм, хэзээ ч УИХ-аас тайлбар нь очсон юм, мэдэхгүй.

УИХ ҮХЦ-ийн энэ шийдвэрийг хүлээж авах юм бол УИХ-ын эрх, УИХ-ын гишүүний эрхэд халдаад зогсохгүй, Төсвийн тухай хуульд хяналт тавих эрхийг зөрчих учраас яаран хэлэлцэхгүй болов уу, бас хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна.

Мөн хуулиараа ирэх долоо хоногт УИХ сайд С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой. Эхлээд бүлгүүд хуралдаж, асуудлыг хэлэлцэнэ гэж хүлээж байна. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Хуулиараа огцруулах асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой.

ҮХЦ-ээс гаргасан шийдвэр нь миний тавьсан огцруулах үндэслэл зөв юм байна гэдгийг улам баталлаа.

Нөгөө талдаа ҮХЦ улс төржиж энэ асуудал руу давхиж орж ирж байгаа нь орд газрыг олигархууд авахын тул Цэц нь хүртэл оролцлоо гэдэг хардлагыг ч төрүүлж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар нөөцөлсөн их хэмжээний самар илрүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүлжээ. Энэ асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь:
1. Бохир ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай.
2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах.
3. Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Батлан хамгаалах яам, МоАХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулан комиссынхон, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдэд, ахмадууд оролцлоо. Энэ өдрийг тохиолдуулан “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн юм. Үзэсгэлэнд хэлмэгдэгсдийн гэрэл зураг, улс төрийн хилс хэрэгт 1939-2013 онд цагаатгагдсан хэлмэгдэгсдийн ажил, мэргэжил, нас, ялын болон шийтгэгдсэн оны судалгаа зэргийг нарийвчлан гаргаж дэлгэн үзүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Унгарчууд Petro Laszlo-г эх орноосоо хөөхийг шаарджээ

Та бүхэн доорх бичлэгээс Унгарын хилээр орохоор хүүхдээ тэвэрсэн дүрвэгч эрийг дэгээдэж унагасан телевизийн зураглаач Petro Laszlo-ийн дүрсийг харж байна. Түүний энэ үйлдлийг дэлхий нийтээр жигшин, олон нийтийн сүлжээгээр маш хүчтэй шүүмжилсээр байгаа юм.

Зураглаач бүсгүйн хүнлэг бус, ёс зүйгүй үйлдэлд олон нийт жигшин зэвүүцсээр байгаа учир бүсгүйн амь насанд аюул учирч магадгүй хэмээн үзэж цагдаа нар хамгаалалтдаа авчээ. Одоогийн байдлаар түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагынхан нууцалж байгаа бөгөөд тэрээр ийм үйлдэл яагаад хийсэн талаараа мэдэгдэл хийгээгүй байна. Түүний энэ байдлыг хүмүүс ажилдаа хэт улайрсан эсвэл түүнийг ялгаварлан гадуурхагч гэсэн хоёр шалтгаанаар тайлбарлажээ.

Petro Laszlo-ийн ажилладаг N1TV телевизийн удирдлага ажлаас нь халаад байгаа юм.

Түүнийг үзэн ядагсад нийгмийн сүлжээгээр улам нэмэгдэж, улмаар Унгарын Фэйсбүүк хэрэглэгчид эх нутгаасаа хөөж, иргэншлээсээ хасахыг эрх баригчдаасаа шаардах болжээ.

Categories
мэдээ улс-төр

Махны экспортыг яаралтай шийдэхийг хүсэв

Мал, махны экспортыг дэмжих чиглэлд Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Өмнө нь тус бүлгийн нэр бүхий гишүүд энэ чиглэлээр Ерөнхий сайдад хандаж шаардлага хүргүүлж байсан аж. Бүлгээс тавьж байгаа шаардлагад малыг хөлөөр нь, мөн махыг нь экспортод гаргахын зэрэгцээ мах экспортлох компанийн тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малын махыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд борлуулах. Малын гаралтай мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа малчдын нөхөрлөл, хоршоонд зээл олгох, татварын таатай орчин бий болгохыг хүсчээ.

Монгол Улсын мал сүрэг одоогоор 60 сая толгойд хүрсэн байна. Тодорхой хувийг экспортод гаргавал эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоо бүрдэнэ, нөгөө талдаа малчдын амьжиргааг нь дээшлүүлэх боломжтой болох аж.

Нөгөөтэйгүүр, 2010 онд Монгол Улс 24 мянган тонн махыг экспортод гаргаж байсан бол жил дараалан буурсаар 2014 онд 1.8 мянган тонн болжээ. Энэ бол Засгийн газрын бодлогын алдаатай холбоотой гэж УИХ-ын гишүүн А.Тлейхан тодотголоо. Мөн тэрээр орон нутагт хонь 60 мянган төгрөг болж буурсан. Малчид оюутан хүүхдээ сургах болоход сургалтын төлбөр нэмэгдсэн, байрны үнэ өссөн. Дээр нь эдийн засаг хүндэрсэн, ноос, ноолуурын үнэ буусан. Ноос, ноолуурт олгодог урамшуулал болох 21 тэрбум төгрөг, арьс ширний урамшуулалд олгодог 25 тэрбум төгрөгийг одоо хэр нь Сангийн яамнаас гаргаагүй байгаа нь малчдын амьжиргааг улам доройтуулж байна гэлээ.


Мал аж ахуйн салбарыг уул уурхайн салбартай харьцуулахад нөхөгддөг гэдгээрээ онцлогтой юм. Мөн жил бүрийн махны экспортоос 800 сая ам.доллар олох боломжтой гэнэ. Дээрх мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр дараах хариулт өглөө.

-Махны экспорт буурсан нь юутай холбоотой юм бол?

-Монгол Улс голлон ОХУ руу мах экспортолсоор ирсэн. Үхэр, адууны мах голлон авдаг. Мах экспортлогч компаниудтай энэ талаар ярихад гол бэрхшээл нь ОХУ-ын Гаалийн татварын хэмжээ өндөр болсон нь махны үнэд нөлөө үзүүлэх болсон. Өнгрсөн жилээс эхэлж Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээгээ яаралтай дуусгаад махаа экспортлох шаардлагатай.

Өмнө нь ОХУ руу мах экспортлох зөвшөөрөл авсан хоёрхон компани байсан бол одоо 7, Хятад руу 6 үйлдвэр мах экспортлох зөвшөөрлийг тус бүр авчээ. Энэ нь үйлдвэрлэгч талдаа мах экспортлох боломж нь байна, Засгийн газар хорио цээрийн дэглэм, мал эмнэлгийн асуудал дээрээ шийдвэртэй алхам авах ёстой гэв.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Эрка – Надад битгий дурлаач

Categories
мэдээ нийгэм

Хил хамгаалах байгууллага шилдгүүдээ шалгаруулж байна

Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын “Шилдэг ахлагч” шалгаруулах тэмцээн явагдаж байна. Мөн Хил хамгаалах байгууллагын 2015 оны зорилт, “Эрүүл чийрэг-хилчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс гэрээт хилчдийн бүрэлдэхүүний цэргийн мэргэжил, албаны ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зорилготой шилдэг гэрээт хилчин шалгаруулах тэмцээн давхар явагдаж байна.

Хил хамгаалах байгууллага улсын хил хамгаалалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Энэ ч үүднээс Монгол орны өнцөг булан бүрт хилээ манаж буй хилчдийг эхний шатанд ангид нь, дараагийн шатанд бүс бүсэд нь цуглуулан өрсөлдүүлснээс ХХБ дээр эцсийн шатанд шалгарсан шилдэг 15 ахлагч, шилдэг 10 гэрээт хилчин, 25 эмэгтэй ахлагч нар цэргийн хэргийн, урлагийн авъяас чадвар, марш тактик гэхчилэн олон төрлүүдэд өөрсдийгөө бэлтгэн өрсөлдөж байна. Улсынхаа хилийн тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй хилчид бие бялдрын хувьд өв тэгш байж, албандаа манлайлагч байхын тулд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг нь энэхүү тэмцээний хүнд хүчир даалгаваруудаас харагдаж байна. Хилчид зөвхөн бие бялдараараа ч биш гадаад хэл, хууль дүрэм, компьютер гэхчилэн нийгмийн хөгжилтэй зэрэгцэн алхаж буйгаа энэ тэмцээний шалгаруулалтаар харууллаа. Ид залуу насандаа эцэг эх үр хүүхэд найз нөхдөөсөө хол, алс нутагт хилээ манах үүргийг хүлээсэн эх орончид маань тав хоногийн турш өрсөлдөж, шилдгээ тодруулах юм. Тэмцээний ялагчийг ХХБ-ын офицерийн эгнээнд элсэн орох, дотоодын их дээд сургуульд суралцах зэрэг олон шагнал хүлээж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Архивын улсын үзлэг үргэлжилж байна

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ сарын 7-ны өдөр эхэлсэн. Одоогоор Архангай, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт улсын үзлэг явагдаж байгаа аж.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар, БОНХАЖЯ, ХЗЯ, БСШУЯ, ЭХЯ, Аж үйлдвэрийн яам болон Алтанбулаг дахь чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн бүртгэлийн газар, Улсын дээд шүүх зэрэг байгууллагад улсын үзлэг явагдаж байна.

Улсын үзлэг явуулах ажлыг Хууль зүйн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын орлогч, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга болон Архивын ерөнхий газрын дарга зэрэг гишүүдээс бүрдсэн Төв комиссын бүрэлдэхүүн удирдан, улсын хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийж буй юм байна.

Тус үзлэгт нийт 120 гаруй төрийн байгууллага хамрагдах аж.