Categories
гадаад мэдээ

Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлага

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йорк хотноо аймшигт халдлага болсон билээ. Тус хотын төвд орших дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг алан хядагчид онгоцоор мөргөснөөс нурсан юм. Үүний улмаас 2977 хүн нас барж, 24 хүн сураггүй алга болсон. Тэр өдөр алан хядагчид дөрвөн онгоц барьцаалсны хоёр нь дэлхийн худалдааны төвийг байрыг мөргөсөн юм.

Уг халдлагын тухай Монголын хэвлэлүүдээс хамгийн түрүүн “Өдрийн сонин” мэдээлж байсан түүхтэй. Энэ халдлагын улмаас нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээ Миссури мужийн Канзас-Ситид болно. Гэтэл энэ үеэр Флорида мужийн оршин суугч 20 настай Жош Голдберг гэгч алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсныг Холбооны мөрдөх товчоо илрүүлжээ. Тэрээр интернэтээр тэсрэх бодис хэрэглэдэг аргыг хүртэл авсан байна.


Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

Будагтай гүйлт 15.00 цагт эхэлнэ

Монголд анх удаа “будагтай гүйлт” арга хэмжээ болох гэж байна. Уг гүйлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 15.00 цагт эхлэх юм байна. Ингэхдээ оролцогч залуус гурван км метрийн замд гүйх бөгөөд 600 метр тутамд будгаар бие биенээ шүрших гэнэ. Будгийн хувьд улаан, ногоон, шар, цэнхэр, улбар шар, ягаан өнгөтэй байх аж. Энэхүү гүйлтэд 14-өөс дээш насныхан оролцох юм байна. Ингэхдээ гүйлтэд оролцох эрхийн тасалбарыг 30 мянган төгрөгөөр худалдан авна. Тасалбарын үнэд зориулалтын логотой цагаан цамц болон хар нүдний шил, 150 гр будаг багтжээ. Будаг эрдэнэшишийн нунтаг цардуул учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй юм байна.

Categories
гадаад мэдээ

Японд үерийн улмаас 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

Японы зүүн хойд хэсгийн нутгаар хэдэн өдөр дараалж орсон аадар борооны улмаас үер болжээ. Үерийн улмаас 63 настай нэг эмэгтэй нас барж, 22 хүн сураггүй болсон бөгөөд 90 гаруй мянган хүн орон гэрээ орхисон байна.

Даваа гаригаас хойш үргэлжилсэн борооны улмаас усны түвшин 60 см орчим нэмэгдсэн талаар албаныхан мэдээлжээ. Нийслэл Токио хотоос хойд хэсэгт орших Жосо хот үерт их хэмжээний хохирол амсчээ. Кинугава гол үерлэснээс Жосо хотод үерийн хэмжээ их байгаа аж. Үерийн улмаас 400 гаруй мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түүнчлэн Точиги хотноо 24 цагийн хугацаанд усны түвшин эрс нэмэгдсэн бөгөөд байшин барилгууд хэдхэн минутын дотор живж, алга болж байсан талаар орон нутгийн аврах албаныхан мэдээллэсэн байна. Үерийн уснаас дайжин байшингийнхаа орой дээр гарч суусан оршин суугчдыг аврах багийнхан нисдэг тэргээр зөөн нүүлгэн шилжүүлжээ. Японы зарим хотуудад цахилгаан тасарснаас галт тэрэг болон нисэх онгоцны үйлчилгээ тасалдаж, усанд автсан автозамуудыг хаасан байна.

Японы төвийн хэсгийн нутгийг дайрсан тэнгисийн шуурганы дараа үргэлжилсэн аадар бороо орсон нь үерийн гамшиг учруулсан аж. Япон улсын томоохон хотуудад аврах албаныхан, гал сөнөөгчид хүч нэмэгдүүлэн ажилласаар байгаа аж.

Categories
мэдээ спорт

Харүмафүжи бэртлийн улмаас энэ сарын башёд зодоглохгүй

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж энэ сарын башёд зодоглохгүй юм байна. Учир нь тэрээр өмнөх башёд Мёгирюүтэй барилдаж давахдаа дэвжээнд гараа эвгүй цохижээ. Үүнээс болж баруун гарынхаа тохойг гэмтээсэн аж. Уг гэмтэл бүрэн эдгээгүй учраас Аки башёг өнжихөөр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

Дүүрэг Хязгаарлах цаг Дэлгэрэнгүй байршил
Хан-Уул 10:00-18:00 109-р Цэргийн анги, МИАТ ШТС, Агаарын тээврийн бааз,
11-р хороо Богдын Өндөр СӨХ, Оргил Хотхон ЦТП, Сэргээн засах клиник эмнэлэг, Цегххт-Барилга-3-р Байр, Ноблесс СӨХ, Юмсүрэн, Туул ривер кондо ХХК, Ганцэцэг-АОС, Энхтуяа-Барилга, Билиг ХХК, Арвин сантех ХХК, иргэн Энхбаяр, Эрдэнэ-Очир, Ганбаатар, Хан-Оргил СӨХ, Ворид Трейвел, И Си Си, Нэмүт констракшн, Цог Тулга Трейд ХХК-ууд, Ноблессийн 66, 68, 74/1, 72-р байрууд
Сонгино хайрхан 10.00-18.00 3, 4, 5, 26, 27-р хороо дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, 38-н айлын орон сууц, Бага Наран, Алтан-Овоо, Их Наран, МТЗ, Мандал овоо, Нуурын гудамж болон тэдгээрийн ойр орчимд
11.00-15.00 7-р хороо 0119-р цэргийн анги, зоорь, иргэн Эрдэнэбат, Сөрт-Идэр, Тогтохын шил ХХК-ууд
Горхи-Тэрэлжийн БЦГ 10.00-18.00 Полигон дэд станц, иргэн Оюунсүрэн Цэрэндорж, Юнитель, Болор амралт, Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Өндөр-Улаан, Ном, Немо кэмп, Баяримпекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, Талын сондор, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн камп ХХК-ууд, UB-2, Гацуурт, Жавхлант, Тэрэлж, Ламиран дацан
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батцэцэг дэлхийн хошой аварга боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд Ласвегас хотод болж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д зодоглосон С.Батцэцэг аваргын төлөөх барилдаанд Залуучуудын ДАШТ-ий хошой алтан медальтай Японы Рисако Кавайг цэвэр ялж алтан медаль хүртлээ. Тэрээр ийн дэлхийн хошой алтан медальтан болж байна. Түүний хувьд дэлхийн алт, мөнгөн медаль хүртээд байсан бөгөөд Лондонгийн олимпийн хүрэл медальтай манай улсын шилдэг тамирчин юм.

Соронзонболдын Батцэцэг 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медаль, 2013 онд ДАШТ-д мөнгөн медаль хүртэж байсан. Түүнчлэн 2010 онд дэлхийн аварга цол хүртснээс хойш таван жилийн дараа дахин амжилтаа бататгалаа.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон иргэнийг мэнд олжээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх дугаар багийн иргэн 24 настай А гэх эмэгтэй энэ сарын 9-нд сураггүй болжээ. Тэрээр гэрээсээ
13:30 цагийн орчимд гараад сураг тасарчээ. Түүнийг ар гэрийнхэн нь хайж хүлээсэн боловч ирээгүй тул 10-ны өдрийн 09:20 цагт сумын төвд ирж дуудлага өгчээ. Ингээд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 5 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм байна.
Сураггүй болсон эмэгтэйг 18:30 цагт “Асгант” гэдэг газраас олжээ. Тэрээр эсэн мэнд байсан тухай холбогдох хүмүүс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад оржээ. Тус цэцэрлэгийг канад технологийн модон байшингийн үйлдвэрлэл, угсралтын “Изо хаус” ХХК барьж гүйцэтгэжээ. Энэ жил тус цэцэрлэгт 285 хүүхэд сурч, хүмүүжихээр төлөвлөөд байгаа юм байна. 2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн зургаан цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр баригдсан байна. Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.ЭнхцэнгэлБаянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа зэрэг албаны хүмүүсээс гадна тус хорооны иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болжээ

Гол, мөрнөөс хууль бусаар их хэмжээний загас агнах явдал сүүлийн үед гарах нь ихэсчээ. Тухайлбал, Архангай аймгийн Өгий нуур, Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө, Сэлэнгэ, Хэнтийн нурууны голуудаас хууль бусаар загас агнах болжээ. Хууль бус анчид тор тавьж загас барьдаг байсан бол сүүлийн үед тогонд цохиулж, нэг дор олон тооны загас агнах болжээ. Энэ талаар хөдөө орон нутгийн иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх болсон байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Сэлэнгэ аймгийн иргэд жижиг оврын мотор ашиглаж загас үй олноор агнасан хэрэг гарсан байна. Хууль бус анчид мотор асааж цахилгаан гаргадаг аж. Цахилгаан дамжин ирж байгаа кабелийн үзүүр хэсгийн зэс утсыг ил гаргаад түүнийгээ голын усанд дүрдэг байна. Ус цахилгааныг маш хурдан дамжуулдаг учир ойр хавийн бүх загасыг цахилгаанд цохиулдаг аж. Хоёр гурван минут цахилгаанд цохиулсан загас үхэж голын мандалд хөвөөд ил гарч ирдэг гэнэ. Тэгэхээр нь гол руу ороод түүгээд авчихдаг байна. Ингэж хэдхэн минутын дотор барагцаалсан тоогоор зуу гаруй загас агнадаг болох нь тогтоогджээ. Хууль бус загасны анчид ингэж амар хялбар аргаар мөнгө олдог байна. Бүлэг этгээдүүд агнасан загасаа хотод авчирч, томоохон ресторануудад худалдаалдаг гэдгийг эх сурвалж онцолж байв. Цагдаа нар загас хууль бусаар агнаж нийлүүлдэг бүлэг гэмт хэрэгтнүүдийг шалгаж байгаа аж. Б, Г, Н нарын цагдаа нарт өгсөн мэдүүлгээр “Хотын томоохон ресторанууд шинэ загас аваад ирэх юм бол өндөр үнээр худалдан авах санал тавьдаг. Загасны махаар хийсэн хоол борлуулалт сайтай. Бас өндөр үнэтэй байдаг болохоор хэн хэндээ ашигтай байдаг” гэх утга бүхий зүйл ярьсан гэнэ. Хэнтийн Дархан цаазат газар болон бусад нуур, голуудаас хүмүүс цахилгаанд цохиулж загасыг үй олноор нь хядаж байгаа гэх мэдээлэл сум, орон нутгийн цагдаа нарт ирж байгаа гэнэ.

Хууль бусаар загас агнасан хятад иргэнд торгуулийн арга хэмжээ аваад өнгөрчээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хятад иргэн хууль бусаар загас барьж байгаад баригдсан хэрэг гарсан. Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шанлун” ХХК-ийн ажилтан Хөх нуураас 108 мөнгөлөг хэлтэг загас барьсан байсныг илрүүлсэн. Тус аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч БНХАУ-ын иргэнд 384 мянган төгрөгийн торгууль, 1.296 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулаад өнгөрсөн билээ. Саяхан Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа. Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулбуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр агнаад баригдсан. Одоогоор мөрдөн байцаалтад байгаа. Иргэд загас хууль бусаар агнах нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй байгаа талаар хууль хяналтынхан хэлж байна лээ. Зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийж, загас барьсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар хуулийн хариуцлага ногдуулдаг байна. Тухайлбал, 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих 203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Ан агнуурын тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх юм байна.

Э.Баатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн нэгийг нурааж, тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөжээ

Нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон гүний худгийн нэгийг нурааж, барилга барихаар хашаа хатгасан гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Энэхүү мэдээллийн мөрөөр “Маршал”-ын гүүрний баруунхантай байх “River tower” барилгын өмнө очлоо. “River tower” барилгын урд талд ердөө 100 метрийн зай­тай хашаа барьж хаалт хийсэн байв. Дотогш орвол хашаалсан талбайн голд байсан худгийг экскаватор нураагаад дуусч байв. Нураа­сан суурийг тойроод дөрөв, таван хүн байх бөгөөд худгийн гүнд байрлах техникийн эд ангийг авахаар ажиллаж байгаа нь энэ. Тэд уг худгийг нураахаар хоёр өдөр ажиллажээ. Ажилчдын хувьд “Бид өгсөн чиг үүргийн дагуу л хөлсөө авч ажиллаж байгаа. Энэ худгийг нурааж доторх тоног төхөөрөмжийг нь авахад тав хоног шаардагдана. Тийм хөлсөөр ажиллана гэж л тохиролцсон. Өөр зүйл мэдэхгүй. Ямар ч байсан ашиглагдахаа болиод удсан худаг юм билээ” гэв. Мөн тэд “Ганаа ах биднийг хариуцаж байгаа” гэсэн тайлбарыг өгөв. Худгийн барилгыг бүрэн нураах ажлыг өчигдөр өглөө гүйцэтгэжээ. Худгийн гүнд байрлах тоног төхөөрөмж дээр “1998 онд Япон улсын хөрөнгөөр барив” гэсэн тэмдэг­лэл цаг минуттайгаа тодоос тод бичээстэй харагд­сан. Тэгэхээр актлаад байх хугацаа ч болоогүй юм байж гэсэн бодол зурсхийв. Худгийг цагаан тоос­гоор барьжээ. Зарим эх сурвал­жийн мэдээлж буйгаар уг худгийг хэдэн жилийн өмнө лацадсан гэх яриа байна. Ашиглах боломжгүй болсон энэхүү худгийг акталж Ус сувгийн удирдах газрын мэдлээс Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжжээ. Тэгвэл одоо уг худгийг тойруу­лаад “Их Модун” компани хашаа татсан бөгөөд худгийг нураах ажлыг ч тус компанийн ажилчид гүйцэтгэж байгаа юм байна.

Ажилчид хувиараа худаг нураах ажлыг гүйцэтгэж байгаа гэх боловч хашаанд чингэлэг байрлуулж хоол унд хийж нэлээд тухалж олон хоног ажиллах бололтой харагдсан. Мөн чингэлгийн нэг буланд “Их Модун” компанийн логотой барилгын ажил гүйцэтгэх явцад дагаж мөрдөх аюулгүй байдлын талаарх мэдээллийг өлгөсөн самбар байрлуулсан байв. Хашаалсан талбайн хувьд нэг га орчим хэмжээтэй юм.

С.Гансүх: Бид нийслэлийн өмчийг нийслэлийн зөвшөөрлийн дагуу л нурааж байна

Ингээд ажилчдын ярьж буй Ганаа гэх хүнтэй холбогдлоо. Тэрээр “Их Модун” ХХК-ийн инженер С.Гансүх гэдэг хүн юм байна.

-Таныг худаг буулгах ажлыг хариуцаж байгаа гэсэн. Худаг нураах зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ?

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын албанаас энэхүү худгийг нураалгаж байгаа. Би өчигдөр хотоос гараад дөнгөж хөдөө ирээд байж байна. Одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Саяхан бас хүмүүс бөөн хэл ам хийгээд телевизээс хүртэл хүн ирсэн. Би холбогдох бүх бичиг баримтаа үзүүлсэн.

-Ашиглагдахаа байсан худаг гэх юм. Засаад ч хамаагүй эргэн ашиглах боломж байгаагүй юм уу?

-Энэ хавьд акталсан гурван худаг байдгийн нэг нь энэ худаг. Тэрийг би мэдэхгүй. Ямар ч байсан Нийслэлийн өмчид хамаардаг худаг.

-Хэзээ акталсан юм бол. Танай компани худгийг нурааж энэ газарт ямар нэгэн объект барих гэж байгаа юм уу. Эргэн тойрон дахь газрыг хашаалсан харагдлаа?

-Манайх Нийслэлийн өмчийн харилцааны газрын албаны чиг үүргийн дагуу л худгийг нурааж доторх тоног төхөөрөмжийг нь нийслэлд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тэд цаашид яахыг би мэдэхгүй. Өмнө энэ худгийн хэрэгтэй чухал гэсэн техникийг авч Ус сувгийн удирдах газар хүлээлгэж өгсөн байгаа. 2002 онд акталсан байсан байх аа гэсэн тайлбарыг өгсөн.

Худаг нурааж суурин дээр нь тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөжээ

Худаг ч яахав нураалаа гэж бодоход газарт нь хэн санаархаж байна вэ. Оршин суугчдын ярьж буйгаар худгийг нураан зайлуулж тус газарт тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөж байгаа гэх. Түүнчлэн оршин суугчид төдийгүй нийслэлийн иргэд нэг ч гэсэн ундны усны эх үүсвэрийг сэргээхийн оронд ийн нурааж үгүй хийж нэг компанийн өмч болгож байгаад бухимдалтай хандаж буйгаа илэрхийлж байв.

“Маршал”-ын гүүрний зүүн талаас Баянзүрхийн гүүр хүртэлх гүний бүх худаг Ус сувгийн удирдах газрын өмч бөгөөд цагдаагийн байгууллагаас цаг минут тутамд тусгай хамгаалалттай байх юм. Албаны эх сурвалжийн ярьснаар бол нийслэлд актлагдсан 11 худаг байснаас нураасаар одоо гурван худаг үлдсэн байна. Үүний нэг нь “Их Модун” компанийн хашаан доторх худаг. Харин өнөөх хоёр нь Маршалын гүүрнээс Цагаан хаалга (хуучнаар) хүрэх зайд байрладаг аж.

Оршин суугч С-ээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ худгийг хэзээнээс нурааж эхэлсэн бэ?

-Хоёр хоногийн өмнөөс л экскаватортой залуус харагдах болсон. Тэгсэн өнөө (өчигдөр) өглөө бүр сууриар нь нураачихлаа.

-Хашаа хэзээ хатгасан бол, мэдсэн үү?

-Сайн анзаарсангүй. Бас хэд хоногийн өмнө байх. Миний мэдэхээр хоёр, гурван жил энэ худгийн эргэн тойронд хашаа ч үгүй байсан. Тэгсэн нэг өглөө л хашаа босоод учиргүй нураагаад эхлэх юм. Би бүр та нар гүний худгийг нурааж болохгүй гэж очиж хэлсэн. Тэгсэн чинь эгчээ, ажиллахаа байгаад удаж байгаа худаг гэсэн. Миний сонссоноор бол өндөр зэрэглэлийн тансаг хаус барих юм гэнэ лээ. “Их Модун” гээд компани гэсэн. Эзэн нь Цогтсэргэлэн гэсэн байх аа. Ямар эрх мэдэлтэй хүмүүс гэхээрээ бүхэл бүтэн хотын ундны эх үүсвэр рүү халдаж байдаг юм. Холбогдох газрууд нь үүнийг даруй зогсоох хэрэгтэй ш дээ.

“Маршал”-ын гүүрнээс Цагаан хаалга хүртэлх худгуудыг баячуудад зориулж акталсан уу?

Зарим хүмүүс “Маршал”-ын гүүрнээс хуучнаар Цагаан хаалга хүртэлх худгуудыг ашиглагдахгүй, эвдэрсэн, хуучирсан гэх шалтгаанаар акталсан болохыг хэлж байна. Тэгэхээр эвдэрсэн худгуудыг бохирын шугамтай холбогдуулан ашиглах боломжгүй гэж акталсан уу эсвэл усны судал дээр гол дагасан тансаг зэрэглэлийн хаус барихаар хөрөнгө хаяж буй баячуудад зориулж акталсан уу гэдэг нь хэн ч харсан тодорхой байна. Гол дагасан усны судал газар дор байхад гүний ус гарахгүй байна гэж байхгүй. Уг асуудлыг тодруулах гэсэн боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын албаны хариуцсан мэргэжилтэн амралтаа авсан гэх. Ямартай ч уг худгийг Ус сувгийн удирдах газраас “Акталсан учраас манайд ямар ч хамаагүй” гэдгээ мэдэгдсэн. Харин актлах шийдвэрийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргадаг байна. Ингэхдээ гүний худгийг ерөөсөө л хуучирсан, ашиглах боломжгүй эсвэл барилга байгууламжийн бүст орсон гэх шалтгаанаар ашиглахыг хориглож Ус сувгийн удирдах газарт үүрэг өгдөг болохыг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газар Ус сувгийн газарт үүрэг өгөх боловч хөшигний цаана газрыг нь хэн нэгэнд дамладаг болохыг ярих хүмүүс ч байна. Нийслэлд дэл сул газрыг нийслэлийн өмч нэрээр хэдэн жил хоосон байдлаар иргэдийн нүдэнд дасгаж байгаад нэг өглөө эрх мэдэлтэй нэг компани нь хашаа босгоод барилга барьчихдаг тод жишээ бол энэ юм.

“Их Модун” компани хэнийх вэ?

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Улсын хөгжил сумаас, сумын хөгжил иргэдээс” гэсэн уриатайгаар “Шинэ сумын төв” төслийг Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд канад технологиор дээрх суманд сургууль, цэцэрлэгийн барилгууд барьсан. Уг төслийг “Их модун” ХХК гүйцэтгэж байсан аж. Тус компанийн ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн.

Тэрээр 1998-2008 оны хооронд БНСУ-ын барилгын компанид хараар ажиллаж байгаад баригдаж эх орондоо ирсэн гэх мэдээлэл байна. Ингээд Монголд ирээд бригад байгуулж барилгын салбарт зүтгэх болж. “Их модун” ХХК байгуулагдаад зургаан жил болж байгаа аж.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ