Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Хилийн 0184 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнагджээ. Тус цэргийн анги ирэх жил 80 жилийнхээ ойг тэмдэглэх юм байна. Онгоны отрядын хамт олон Чөлөөлөх дайнд ЗХУ-ын Армийн генерал И.А.Плиевийн удирдлаган дор харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан баатарлаг гавьяатай. Тиймээс ч түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үе үеийн хилчдийн улсын хил хамгаалалтад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Цэргийн гавьяаны одонгоор ийнхүү шагнасан байна.
Month: September 2015
Дундговь аймгийн Авто тээврийн газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулсан “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 153 зөрчил илэрчээ. Энэ үеэр 11 мянга орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, 153 зөрчил илрүүлж, 57 тээврийн хэрэгслийн жолоочийг 1.020.000 төгрөгөөр торгон захиргааны хяналт тавьж, зөрчлийг арилгуулсан байна. Мөн техникийн хяналтын үзлэгт ороогүй замын хөдөлгөөнд оролцсон 96 тээврийн хэрэгслийг явуулын үзлэгт хамруулан ажиллажээ.
Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, ХААЯ-ны урд замд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн “Daewoo BS” маркийн автобус зорчигчоо гэмтээсэн байна. Тодруулбал, автобусны жолооч зорчигчоо бууж суух хооронд яаран хөдөлж зорчигчоо гэмтээсэн гэх. Хохирогч 68 настай эмэгэй С гэдэг хүн юм байна. Ер нь нийтийн тээвэрт шинэчлэл хийж цахим системд шилжсэнээс хойш автобусны жолооч нар буудал бүрт зогсч зорчигчдоо авахдаа яарч, эсвэл хурдан бууж суух талаар загнаж ийн осол гаргах хүртэл авирлаж байгааг иргэд шүүмжлэх болжээ.
ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвд Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо. Олон улсын мастеруудын анхдугаар наадамд Япон, БНСУ, БНХАУ, Лаос, Герман, Франц, Монгол Улсын 400 орчим тамирчид оролцож байгаагийн дотор шатрын олон улсын их мастер Хатанбаатар, Ази тивийн кросс гүйлтийн 3 удаагийн аварга Батсүх, 2013 оны Азийн аварга Загдаа, Зүүн Азийн 3 удаагийн аварга Сэржмядаг нарын шилдгүүд оролцож байгаа аж. Энэ удаагийн наадамд спортын зургаан төрлөөр 108 багц медалийн төлөө хурд хүч, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар нийт баг тамирчдад баяр хүргэв.
Өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийв. Тэрээр өчигдөр болсон Л.Гансүхтэй холбогдох шүүх хурлын талаар мэдээл хийсэн. Энэ үеэр хэргийн гол гэрч гэгдэж байгаа Үндэсний Аудитын газрын шинжээч н.Ичинхорлоогийн ярианы бичлэгийг сэтгүүлчдэд сонсгосон юм. Бичлэгт АТГ Л.Гансүхийн хэрэгт урьдчилсан дүгнэлт гаргасан талаар ярьжээ. Энэхүү бичлэгийг нотлох баримт болгон прокурорын газарт хүргүүлсэн ч прокурорын газраас Л.Гансүхийн хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ хавсаргаагүй гэнэ. Тэрээр өчигдрийн шүүх хуралд уг бичлэгийг авчрах хүсэлтийг гаргасан болдовч шүүх хүлээж аваагүй аж. Түүнчлэн Ц.Баасандорж “Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд ерөнхий шүүгч шийддэг. Гэтэл бид хүсэлтээ бичгээр хүргүүлээгүй байхад шүүх бүрэлдэхүүн биднийг торгож, хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан. Бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаа тайлбарласан. Гэвч эцэстээ өмгөөлөгчид шүүхийг үл хүндэтгэсэн гэх боллоо. Шүүх хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч авах эрх, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж ийнгэж ажиллаж болохгүй” гэв.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65кг-ын хүрэл медалийн төлөө Г.Мандахнаран 2014 оны дэлхийн аварга Сослан Рамоновтой таарч барилдаж өвдөг шороодлоо. Манай бөх ОХУ-ын бөхтэй өмнө барилдаж байсан бөгөөд энэ удаа 6:1-ээр ялагдлаа. Гэхдээ түүний хувьд шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар дэлхийн аваргын тэмцээнийг дуусгаж байгаа хэдий ч олимпийн эрхээ өвөртлөлөө.
Алдарт “Титаник” хөлгийн сүйрлээс үлдсэн гэгдэх сүүлийн гар бичмэл, захидлыг дуудлага худалдаагаар заржээ. Тус захидал 119 мянган евро буюу 500 гаруй сая ам.долларын үнэд хүрчээ. Захиаг “Титаник” хөлөгт зорчиж явсан нэгэн залуу сүйт бүсгүйдээ бичсэн бөгөөд хөлөг онгоц сүйрэхээс 12 цагийн өмнө бичсэн гэдгийг судлаачид тогтоожээ. Мөн “Титаник” хөлгийн хөгжимчид тоглож байсан хийл хөгжмийг дуудлага худалдаагаар оруулж 900 мянган еврогийн үнээр худалдаалжээ.
Далянь хотноо ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Гадаад хэргийн яам, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон бол БНХАУ-ын талаас Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Зин, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сюй Шаоши, Сангийн сайд Лоу Зивэй, Худалдааны сайд Гао Хучөн, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Сяочуань, Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дарга Жы Шупин болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсан байна. Мөн Монгол Улсаас Хятадын зах зээлд 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мал, махан бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг манай улс тавьсан байна. Энэ саналыг ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзжээ.
2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцсоны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас том төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. БНХАУ-ын зүгээс жилийн 2 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай нийт төслийн 85 хувийг санхүүжүүлэх, үлдэх 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх зээлийн нөхцөлийг тавьсан юм. Энэ хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн хугацааг уртасгаж 30 жил болгох саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавилаа.
Мөн Монгол банк, Хятадын Ардын банк хооронд хэрэгжүүлж буй своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэхээр ярилцаж, Хятадын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар хоёр талын холбогдох байгууллагууд хэлэлцээ хийхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ажлын хариуцлага алдсан “Нийслэлийн өргөө” амаржих газрын Нярайн стационарын нярайн эмч болон дархлаажуулалтын сувилагч нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж эмчилгээ үйлчилгээнд мэргэжлийн алдаа гаргасан тэдний үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил тул “Нийслэлийн өргөө” амаржих газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/301, Б/302 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “ Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг тандах журам” –ын нэгдүгээр хавсралтын нэг дэх заалтын 1.1, 1.3, тус амаржих газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.3-ын 9.3.1.7, 9.6-ийн 9.6.2.6, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.7.6, 4.1, 4.2 дах заалтууд Эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын алба, сувилахуйн албаны 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл, дүгнэлтийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас нь халжээ. Харин алдаа гаргасан эмч нарын нэрсийг нууцалж байгаа аж.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд нар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон Улс 2020 онд олимп зохион байгуулахтай холбоотойгоор бүтээн байгуулалтын чиглэлээр гадаадаас ажиллах хүч авах талаарх мэдээллийг Элчин сайдын яамны зүгээс Хөдөлмөрийн яаманд ирүүлсний дагуу ноён Элчин сайдыг хүлээн авч буйгаа уулзалтын эхэнд хэлсэн юм. Тэрээр Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээр буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулаад байгаа бөгөөд энэ хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд явуулах чухал болохыг онцлоод, цаашид Япон Улсад хөдөлмөр эрхлэх Монгол Улсын иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж буйд баяр хүргээд, ажлын өндөр амжилт хүслээ. Япон Улс барилгын салбарынхаа сэргэлтэд тулгуурлан энэ чиглэлийн ажиллах хүчнийг гадаад орнуудаас авч ажиллуулах шаардлагын хүрээнд Засгийн газрын зүгээс зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Монгол Улсын иргэдийн хувьд Японы Олон Улсын Сургалтын Хамтын Ажиллагааны байгууллагын шугамаар 1998 оноос хойш манай улсад ур чадварын дадлага эзэмшиж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх тал дээр Элчин сайдын яамны зүгээс анхаарал тавьж, шаардлагатай судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллах болно гэв.
Уулзалтын үеэр Японы Олон Улсын Сургалтын Хамтын Ажиллагааны байгууллага /JITCO-ЖИТКО/-ын шугамаар Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлага эзэмшүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж, цаашид тус улсад Монгол Улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.