-“Бодлын хулгайч” киноны зохиолч нь мэргэжлийн
жүжигчин сонгосонгүй гэж намайг голж л байлаа-
“Бодлын
хулгайч” киноны Төмөр болон дэлгэцийн олон дүрээр нь хүмүүс мэдэх болсон дуучин
Б.Батмэндтэй ярилцлаа.
-Таны тоглосон
“Босуул” киноны нээлт саяхан боллоо. Энэ киноныхоо талаар үзэгчдэд
сонирхуулаач. Зураг авалтаа хаана авсан бэ. Хэцүү зүйл байв уу?
-Найруулагч
Ж.Сэнгэдоржийн “Босуул” кинонд хамгийн сүүлд тоглоод байна. Киногоо нээлт дээр
нь л анх үзсэн. Сайн кино болсон санагдсан. “Sun” продакшны залуусын хийсэн
кино л доо. Тв коктейлийнхон продюсероор ажилласан. “Босуул” киног хүмүүс үзчихэд гэмгүй. 1930
оны үйл явдлыг орчин үеийн шийдэлд оруулж сонирхолтойгоор гаргаж байгаа юм. Энэ
кинонд 60-70 хүнтэй том багтай хамтарч ажилласан. Хэнтийн нуруунд зураг авалтаа
хийсэн. Өглөө болгон үүрийн таван цагт босч уул руу мацаад зураг авалтад ордог
байлаа. Хоёрдугаар сард зураг авалт нь болсон болохоор их зутарсан. Үстэй
зузаан дээл өмссөн ч уулын таг дээр мөн ч хүйтэн байдаг шүү. Шөнийн зураг л
хэцүү байсан даа. Хамгийн сүүлчийн зураг авалтыг бүр хол авсан юм. Өндөр уулын
эгц өөд арав гаруй километр алхаж орой дээр нь гарсан. Дунд нь цуцаад ийм газар
сонгоод байхдаа яахав дээ гэж уур хүрч л байлаа. Орой дээр нь гараад харахад их
сайхан харагддаг юм билээ. Хийморь сэргээд гайхалтай байсан.
-Таныг дуучин
гэдгээр тань хүмүүс мэднэ. Сүүлд кинонд тоглоод байгаа учраас жүжигчин гэж
ойлгоод байгаа. Та хэзээ ямар мэргэжлээр сургуулиа төгсөж байв?
-Би анхнаасаа
СУИС-д ороод жүжигчин болох бодолтой байсан л даа. 1994 онд СУИС-д анх шалгалт
өгөөд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн шавь болж байлаа. Урлагийн гавьяат
зүтгэлтэн Н.Ганхуяг багш манай ангийг дааж авсан юм. Тухайн үед кино драмын
ангид дуулаачийн хичээл ордог байсан. Тэр хичээлийг гавьяат жүжигчин Д.Банди
орно. Тухайн үед Д.Банди багш маань надад хоёр мэргэжилтэй болох санал тавиад
дуулаачийн ангид давхар мэргэжлийн шалгалт өгсөн. Гуравдугаар курсээс кино
драмаас илүү дуулаач руугаа чиглэсэн юм.
Д.Банди багш маань дуулаачийн тэнхимийн багш болохоор нь багшийгаа дагаад
дуулаачийн анги руу шилжчихсэн. Тэгээд л 2000 онд дуурийн дуучнаар төгсөж байлаа.
-Сургуулиа
төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Сургуулиа
төгсөөд дуурийн театрт гоцлол дуучнаар орсон. Дуурийн театрт есөн жил ажилласан
даа. Ажиллаж байх хугацаандаа арав гаран дуурьд дуулсан байдаг юм. Би төгсөх
курст байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн гуравдугаар уралдаанд
Д.Банди багштайгаа бэлдэж орсон. Балганы дүрээр тэргүүн байр эзэлж байлаа. Анх
удаа оюутан байхдаа “Учиртай гурван толгой” дуурийг театрын тайзан дээр дуулж
үзсэн нь тэр. Д.Банди багшийнхаа буянаар шууд дуурийн гоцлол дуучнаар орсон.
-Анхны
дэлгэцийн уран бүтээлийнхээ талаар яриач?
-Дуурийн театрт
ажиллаж байхад “Миний хөрш” чөтгөр кинонд тоглооч гэж “Х түц”-ийнхэн санал
тавихад ямар ч дүрийг нь мэдээгүй байж зөвшөөрчихсөн. Компанийн захирлын туслах
дүрд тоглосон. Анхны гайгүй болсон дүр маань “Бодлын хулгайч” киноны дүр юм уу
даа гэж боддог. 2009 онд дууриас гараад өөр ажил хийгээд явж байлаа. Тухайн үед
манай доод үеийн төгсөгч жүжигчин Б.Амарсайхан найз маань Ж.Сэнгэдорж
найруулагч бид хоёр кино хийх гэж байгаа юм чи орооч гэсэн. Зохиолыг нь уншсан
чинь айхтар хэсэгтэй байсан юм. Хэллэг нь ч их хэцүүхэн. Тухайн үедээ хоорондоо
ярилцаад зассан. “Бодлын хулгайч” кино Д.Төрмөнх ахын зохиол шүү дээ. Д.Төрмөнх
ах Ж.Сэнгэдорж найруулагчид “Би уг нь наад дүрийг чинь нэлээн тодотгож бичсэн
юм шүү дээ. Дуурийн дуучинд өгчих юм даа. Мэргэжлийн жүжигчинд өгчихгүй” гэж
голж байсан гэсэн. Сүүлд нь “Ах нь чамайг анх голж байсан юм. Киногоо үзсэн
чинь харин буруу бодож байж, санаснаар боллоо” гэсэн.
-Хэдэн
дэлгэцийн уран бүтээлд ажиллаад байна вэ?
-“Бодлын хулгайч”
киноны дараа найруулагч Т.Алтантуяагийн “Эх орон дуудаж байна” кинонд тоглосон.
Аятайхан кино болсон гэхдээ удаан гарсангүй. Халх голын дайны, цэргийн даргын
дүрд тоглосон юм. Тулгаа гэдэг залуугийн “Өнөөдөр” кинонд тоглолоо. Ангийн найз
У.Уранчимэг маань “Зүрхээр наадагч” кинонд оролцооч гээд нэг туслах дүрд
тоглосон. “Made in Ulanbaatar” кинонд бас тоглосон юм байна.
-Хүмүүс таныг
дуучнаар нь таньдаг уу. Жүжигчнээр чинь таньж байна уу?
-Дуурийн дуучдыг
хүмүүс сайн танихгүй шүү дээ. Дуурь үздэг хэсэг хүмүүс л таньдаг. Энгийн үед
концертод “Халуун элгэн нутаг”, “Монголын сайхан нутаг” дууг дуулдаг болохоор
ард түмэн сайн танихгүй л дээ. “Бодлын
хулгайч” кинонд тоглосноор хүмүүс ийм жүжигчин байдаг юм байна гэж мэдсэн байх.
-Дуурийн театр
таныг байх үед ямар байсан бэ?
-Зах зээлийн үед
хэцүү байсан юм шиг байгаа юм. Алтан үеийнхэн нь тэтгэвэрт гарчихсан. Биднийг
дуурьд орж байхад цөөхөн хүн байдаг байсан. Тенор хоолой гэхэд Баясгалан ах,
Ганхуяг багш. Басс хоолой гэхэд Баянбилэг, Пүрэвсүрэн ах нар байсан. Баритонд
Гантөмөр гавьяат. Эмэгтэйчүүдээс Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам,
Гавьяат жүжигчин Б.Цэцэгээ, Ж.Цэцэгээ нар л байлаа.
Тухайн үед дуурь
үзэх хүн бага. Ажил ихтэй, авсан цалин байхгүй. Өдөр бүр дасгал, сургуулилттай.
Итали, герман, англи, орос хэлээр дуулна. Мэдэхгүй хэлээрээ гальгилж цээжлээд
дуулна шүү дээ. Орос, италийг нь ойлгож байгаа ч герман, англи хэлийг хүмүүсээр
орчуулуулж утгыг нь ойлгож аваад л цээжилнэ. Гол дүр бол нэг, хоёр цаг тасралтгүй
дуулна гээд амар биш. Төр засаг нь анхаарахгүй хаягдчихсан байлаа. Одооны
дуурийн дуучид, гоцлол дуучдыг хараад байхад ер нь их шинэчлэгдсэн байна лээ.
Сайхан ч дуулж байна. Хэн ч яваад тэмцээнд ороход байр эзэлчихээд байна.
-Тэр үед олон
улсын тэмцээнд явах боломж хэр байсан юм бол?
-Байсан. Гэхдээ
бид олон тэмцээн мэдэхгүй. Орост болдог хэдийг л мэднэ. Тэр рүү уг нь явах
ёстой л байсан байх даа. Зардал бололцоо
нь хэцүү. Тухайн үед нийгэм ч тийм сайн байгаагүй. Хүмүүс сонгодог урлагийг
айхтар дэмждэггүй байлаа. Есөн жил дуулаад эргээд харахад хэдхэн дуурь
дуулчихсан. Олигтой гийгүүлсэн юм ч байхгүй. Соёлын тэргүүний ажилтан гэсэн
цолтой хадмынхаа хаяанд байж байсан. Авсан цалин нь гурван зуу гаруй мянган
төгрөгийн цалинтай. Хүндхэн л байлаа.
-Та одоо хаана
ажиллаж байгаа вэ. Киноны санал их ирж байна уу. Голдуу ямар дүрд сонгогдож
байна?
-Би урлагийн
байгууллагад харьялагдахгүй, өөр зүйл хийж байгаа. Дуртай болохоороо урлагаас
холдож чадахгүй байна. Киноны санал ирдэг юм аа. Ажлынхаа цаг завыг харж, зохиолыг
нь уншиж байгаад сонгодог. Бас олон кинонд туслах дүр бүтээмээргүй байдаг юм.
Одоо нэг киноны санал ирээд байгаа. Өвөл зураг авалт нь болно. Кино урлаг руу
эргэлт буцалтгүй орчихлоо л доо. “Бодлын хулгайч” кинонд тоглосноос хойш
найруулагч нар жаахан эвгүй дүрд л сонгоод байна. Ширүүн царайтай харагддаг юм
болов уу.
-Та амьдрал
дээрээ ямар зантай хүн бэ?
-Уг нь би их
зөөлөн хүн ш дээ.
-Та жүжигчин л
болох байж дээ?
-Анхнаасаа миний
бодож байсан мэргэжил жүжигчин. Манай ангид Драмын театрын найруулагч
Н.Наранбаатар, гавьяат жүжигчин У.Уранчимэг, “Шинэ үе”-ийн Аси нар байсан.
Гэхдээ дуурийн дуучин болсноороо алдсан юм байхгүй л дээ. Сайхан л мэргэжил.
-Аав, ээжийгээ
танилцуулаач. Таныг урлагаар явна гэж сонгоход хэр дэмжиж байв?
-Би Ховд аймагт
төрсөн. Манай аав Ховдын Булган сумын харьяат Алтайн торгууд хүн. Манай аав,
ээж хоёр их гоё дуулдаг хүмүүс. Манай аав заримдаа мань мэтийгээ ичтэл дуулна.
Одоо 80 хүрч байгаа хөгшин бий. Манай аав намайг багаас минь урлагийн хүн болно
гэдгийг мэдэж байсан юм шиг байгаа юм. Анх намайг наймдугаар анги төгсөхөд
Соёлын дунд сургуульд явуулж байсан. Би хоёрдугаар курсээсээ хаячихсан юм. Тэр
нь хөгжмийн багшийн анги л даа. Би түүндээ сонирхолгүй. Нутаг буцаад тэндээ
арван жилээ төгссөн.
-Та айлын хэд
дэх хүүхэд вэ?
-Би айлын хоёр
дахь хүүхэд. Дээрээ нэг эгчтэй. Доороо дөрвөн дүүтэй. Би араасаа бас хоёр
дүүгээ урлаг руу чирсэн хүн. Батбаяр гээд Ардын дуу бүжигт ажиллаж байсан
дуучин залуу бий. Сая “247 градус” уран сайхны киноны продюсероор ажилласан
Батболд бас манай дүү.
-Жүжигчин
хүмүүс түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Таны Чингис хааны дүрд тоглосон зургийг
харсан. Тоглохыг хүсдэг дүр бий юу?
-Нэг баримтат
уран сайхны кинонд Чингис хааны дүрд тоглох завшаан тохиосон юм. Сахал тавиад,
хувцсыг нь өмсөхөөр зураг дээрхтэй нь төстэй юм шиг харагдаж байна лээ. Батболд
гэдэг найруулагчийн Төрийн ордны музейд л гардаг богино хэмжээний баримтат
кино.
Хүн болгон цаанаа
нэг мөрөөдөлтэй. Монгол жүжигчид маань ер нь түүхэн дүр их сонирхдог юм байна
шүү. Би ч мөн адил. Ер нь жүжигчин хүн чинь дүр нь аятайхан болоод хүмүүст хүрч
байвал тэрнээсээ кайф авна.
-Гэр бүлийнхээ
талаар яриач. Эхнэртэйгээ хэзээ танилцаж байв?
-Манай эхнэр
нягтлан мэргэжилтэй. Эхнэртэйгээ анх 2005 онд төгсөлтийнх нь үдэшлэг дээр дуулж
байхдаа танилцсан юм. Хүүг маань Дөлгөөн, охиныг маань Мөнхжин гэдэг. Өвөө нь
их л орчин үеийн нэр өгч байгаа юм гэсэн. Хүү маань Хөх хотод сурч байгаа.
Арван дөрвөн настай. Бага нь одоо найман настай. Гуравдугаар ангид сурдаг.
-Та хэр
халамжтай аав бэ?
-Гайгүй аав гэж
боддог шүү. Амралтын өдрүүдээр гэртээ хоол хийх дуртай. Ер нь гэр
бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үздэг. Манай хэд аавын хоолыг идэх
дуртай шүү. Манай охин аав амьтай, кинонд яваад удахаар санаад аюул болдог юм.
-Таны үеийнхэн
буюу жүжигчин Ц.Цэрэнболд Холливудын кинонд тоглоод байна. Танд тийм бодол бий
юу?
-Өнгөрсөн жил
Америк руу зураглаач Ангарагтай явсан. Тэнд кино урлагийн семинар болсон юм.
Урьд нь Ангараг явахдаа “Бодлын хулгайч” киног тэнд байдаг операторуудад
үзүүлсэн юм билээ. Тэд нар нь намайг жаахан
тоосон юм шиг байна лээ. Тэгээд хоёр дахь семинар дээр нь би дагаж яваад тэр
хэдтэй танилцсан юм. Хэлний баялаг дутсан даа. Сүрхий ярьж эхлээд хэдэн үг
солиод л англи хэлгүй байсан эргээд явчихдаг юм билээ. Уг нь жаахан хэлтэй бол
явчихаар санагдсан. Англи хэл би ерөөсөө үзэж байгаагүй юм чинь. Арван жилд
орос хэл, СУИС-д итали хэл үзэж байсан. Тэгээд л өөрийгөө жаахан зүхэж байгаад
л буцсан даа. Оскарын шагналтай том том хүмүүстэй танилцчихаад буцах
харамсалтай л байсан. Тэнд нь нэг, хоёр жил болчихвол хэлтэй болоод гайгүй л юм
шиг байна лээ. Энд амьдрал байгаа юм чинь бас хэцүү л дээ.
-Дуурийн
театрт байхдаа сэтгэлд хоногштол дуулсан дуурь бий юу?
-П.И.Чайковскийн
“Евгений Онегин” дуурийн Греминий дүрд их олон жил бэлдсэн юм. Даанч дуулж
чадаагүй. Өөрийгөө жаахан чамлаад тайзан дээр гарч чаддаггүй юм. 5-6 минутын
нэг л том ари шүү дээ. Оюутан цагаасаа эхэлж бэлдээд дийлээгүй л юм даа. Хоёрын
хооронд чадахгүй юм чинь тайзан дээр гараад яахав дээ. Би басс баритон
хоолойтой. “Учиртай гурван толгой” дуурийн Балганыг хамгийн олон дуулсан. 40
гаран удаа дуулсан байдаг юм.
-Хөдөө зураг
авалтаар явахдаа хувийн зүгээс юу базаадаг вэ?
-Хөдөө олон хоног
зурганд явахад амттай юм идчихмээр байдаг. Би чихрэнд их дуртай. Хайрцаг
чихэртэй л явдаг хүн. Компот, чихэр аваад л зурганд гарна даа. Нөгөөдүүл маань
намайг хараад шоолоод байдаг юм. Сая “Босуул” кинон дээрээ бол дурантай л хүн
яваад байсан. Тэр саванд нь дүүрэн чихэр, алим байсан шүү дээ.
-Гэр бүлээрээ
тэмдэглэдэг хамгийн сайхан баяр юу вэ?
-Жил бүрийн
нэгдүгээр сарын 21-нд эхнэртэйгээ танилцсан өдрөө заавал тэмдэглэдэг юм. Тэгээд
голдуу хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг өргөн тэмдэглэдэг дээ. Цагаан сараар
хөгшчүүл дээрээ очиж золгоно. Аав, ээж хоёр маань хоёр жилийн өмнө хотод
нүүгээд ирсэн. Эмээлтэд байгаа. Мөн жил болгоны наадмаар Төв цэнгэлдэх орж бөх
үздэг. Наадмын хаалтан дээр 13 жил “Халуун элгэн нутаг” дууг дуулж байна.
Тэрэндээ дасал болчихсон. Жил болгон л зохион байгуулж байгаа хүн нь дууддаг
юм.
-Та чөлөөт
цагаараа юу хийдэг вэ?
-Сүүлийн үед
фитнесст донтож байгаа. Чөлөөт цаг гарвал л фитнесс рүү явна. Клубынхэнтэйгээ
их найзална. Зун нь амралт гээд хаячих юм. Өвөлдөө их идэвхтэй явдаг. Заримдаа
донтоод долоо хоногт зургаан удаа явах үе бий.
-Бага насаа
дурсаач?
-Аав маань
аймгийн алдарт уяач л даа. Аавыгаа дагаж морь уяна. Багадаа морь их унадаг
байсан юм. Ховдынхон эмээлгүй тохом тавиад л морио унана. 11-нд 2,3 морь сэлгэж
унахаар орой бөгс шалбарчихсан, ядарсан амьтан маргааш нь унтаад өнжинө. Бага
байхад тийм маягтай нааддаг байлаа. Буянт голын хөвөөнд л өнждөг байв. Өвөлдөө
хичээлдээ яваад зундаа Буянт гол дээр эсвэл мал дээр байна. Зун бол хувцас
өмсөхөө мэдэхгүй шүү дээ. Хөлийн булчин хагартал усанд ордог байлаа. Орой ирж хоол идэж аваад
зүлгэн дээр гараад бөх барилдана. Тэр үеийн тоглоом чинь барилдах, ноцолдох
гээд дандаа л бие бялдрын юм байдаг байж дээ.
-Одоо та бүр
дуулахгүй байгаа юу?
-Дуулахгүй
байгаа. Ганц, нэг хуримын урилга ирдэг юм. Драмд байсан юм болохоор бас арай
дөхөм. Жилдээ арав гаруй хурим хөтөлчихдөг.
Амьдралын маань
замыг зааж сургасан багш нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Аав, ээж,
ханьдаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулаад уламжилъя.