Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.11-ний өдрийн хурлаар батлав.

2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 14-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 14-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт 10.00 цагаас:

  • Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Сайд, төрийн соёрхолт, ардын уран зохиолчтой нэг төгсөлтийнхөн

“Нэг ангийнхан”
булангийн энэ удаагийн зочноор Монголын эрүүл мэндийн салбарт үеийн үед
дурсагдах түүхэн гавьяа байгуулсан хамт олон уригдсан юм. Монгол Улсын их
сургуулийн хүн эмнэлгийн ангид 1950 онд анх удаа олон оюутан элсүүлэхээр болж
нийт таван бүлгийг нэгтгэн 150 оюутан нэг ангид хуваарилжээ. Тухайн үед
сургуулийн ректорын албыг Б.Ширэндэв хашиж байсан аж. Орос оюутнууд, Офицерын
сургуулийнхан гээд таван бүлгээс бүрдсэн хүн эмнэлгийн анхны олон төгсөгчтэй
анги сургуулиа дүүргээд өдгөө 60 жилийн ойтой­гоо золгож байна. Зуун тавин оюут­наас
ар гэрийн гачигдал болон шалгалтдаа унаж улирсан зэрэг олон шалтгаа­ны улмаас
хасагд­саар 93 оюутан 1955 онд хүн эмнэлгийн мэргэжил эзэмшин амьдралд хөл
тавьж байжээ.

Анагаахын шинжлэх
ухааны үндэсний их сургуулийн зөвлөх багш, эрдэмтэн Л.Буджав, Монгол Улсын гавьяат
багш профессор Т.Батсүх нар “Биднийг төгсөх үед Намын төв хорооноос шууд томилж
бүгд л хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвд хуваарилагдсан. Манай ангийнхан Монголын
эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй өдгөө бидний
шавь нар энэ салбарыг авч явж байна. Яахав эмч гэдэг хүний алтан амийг аюулаас аврах
тангараг өргөсөн юм хойно ямар бид тэгсэн ингэсэн гээд нэг бүрчлэн ярих биш. Эргээд
харахад эмч мэргэжлээрээ бахархах сэтгэл хаа нэг төрнө” хэмээн даруухан өгүүлсэн
юм. Үнэндээ тус ангиас төрсөн алдартай төр нийгмийн зүтгэлтнүүд олон билээ. Эдний
ангиас Эрүүлийг хамгаалахын сайд асан Ч.Цэрэннадмид, дэд сайд С.Дүгэржав, хэлтсийн
дарга Л.Буджав, Т.Гомбосүрэн зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд төрөн гарсан
бол Төрийн соёрхолт дөрвөн хүн байдаг аж. Тодруулбал, Төрийн соёрхолт ардын уран
зохиолч С.Эрдэнэ, эмнэлгийн анхны Ардын эмч Р.Пүрэв, дэд профессор Г.Дэмид, эрдэмтэн
Ё.Бодьхүү нар юм. Мөн профессор Т.Батсүх, доктор профессор А.Өлзийхутаг, ардын эмч
Ч.Цэрэннадмид, Д.Бадарчин, О.Лхамсүрэн зэрэг таван гавьяат эмч, 18 эрдэмтэн, профессор,
дэд профессор долоон хүн энэ ангиас мэндэлжээ. Түүнчлэн нийслэл болоод орон нутгийн
эрүүл мэндийн байгууллагын даргаар ихэвчлэн ажиллаж байсан туршлагатай, манлайлагч
анги юм. МУИС-ийн хүн эмнэлгийн ангийг 1955 онд төгссөн тэд улс эх орныхоо эрүүл
мэндийн салбарт хэрхэн гар бие оролцож явснаа үечлэн дурсав. Тухайлбал,
1950-1960 оны үед нийслэл болоод аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг их эмчтэй болгож бэхжүүлэхэд
Намын төв хорооноос даалган тэднийг орон нутагт томилж байжээ. Тэдний төгсөлтийнхөн
орон нутгийн эмнэлгүүдэд томилогдсоноор аймгийн эмнэлгүүд анх удаа их эмчтэй болж
бүтцийн хувьд жигдэрсэн гэсэн үг. Ингээд 1970-1980 оны хооронд улсын нарийн мэргэжлийн
эмнэлэг төвүүдийг байгуулахад, сум дундын эмнэлгүүдийг байгуулахад гар бие оролцон
боловсон хүчний чухал суурь бааз болж өгсөн гэдэг. Үүнээс хойш эдний ангийн төгсөгчид
сурсан мэдсэн зүйлээ залуу үе, ирээдүй хойчдоо зааж сургах, өвлүүлэх ажилд түлхүү
анхаарлаа хандуулах болсон талаар ахмад эмч нар ярьж байлаа.

Учир нь тэдний туршлага
өнөөдрийн эрүүл мэндийн салбарт дахин давтагдашгүй үнэт өв болох юм. 1955 онд Монголын
эрүүл мэндийн салбарт ханцуй шамлан орж ирж байсан залуусаас өдгөө 16 нь л ажиллаж,
зарим нь тэтгэвэртээ гарчээ. Одоогоор АШУҮИС-д Л.Буджав, Т.Батсүх, Ч.Цэрэннадмид,
А.Өлзийхутаг, Ц.Тажаа зэрэг таван багш зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Оюутны
ширээнд мөр зэрэгцэн суух нандин үеэ тэд дурсахдаа “Тухайн үед өнөөдрийн залуус
шиг бүх зүйл нь бэлэн, нээлттэй байгаагүй. Техникийн хөгжил дэвшил ч маруухан байлаа.
Бид сургууль, номын сан, оюутны байр хооронд л таван жил жирийлгэсэн дээ. Европ
хувцас мода болж байсан үе. Саравчтай малгай, дан хослолтой л өвөлждөг байлаа шүү
дээ. Даарч хөрөхийг мэдэхгүй. Ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй
байж дээ” хэмээн хуучилж нэгнээ цаашлуулан ёжтойхон инээнэ. Тэр үед сар бүр оюутны
тэтгэлэг өгдөг байж. Эцэг, эх нь оюутан хүүхдээ тэр болгон эргээд байх биш. Улирлын
амралтаараа л гэрийнхэнтэйгээ уулзана. Тийм болохоор оюутны тэтгэлгээрээ амьдарна.
Хичээлдээ онц сурвал сардаа 200 орчим төгрөгийн тэтгэлэг авчихна. Түүгээрээ сургуулийнхаа
ард байрлах хятад хоолны газарт орж хуйцаа, цуйван, хуушуур авч иднэ. Мөн хятад
дэлгүүр их байсан үе гэнэ. Ангийн хүүхдүүдийн 60 хувь нь хөвгүүд. Тиймээс ангийн
цөөнх охидоо бусад ангийнхнаас их өмгөөлж, хамгаална. Хааяа хөвгүүд охин найрахдаа
сургуулийн ойролцоох хятад дэлгүүрээс талх, нарийн боов авч өгдөг байжээ. Мэдээж
оюутнууд болсон хойно чөлөөт цагаа аль болох зугаатай өнгөрүүлэхийг хичээж Лениний
клубт очиж бүжигт ордог байж. Мөн “Улаанбаатар”, “Элдэв-Очир”, “Ард”, “Дека” гээд кино театрт шинэ кино ирэх
болгонд очиж үздэг байсан тухайгаа гавьяат эмч Т.Батсүх хэлэв. Ихэвчлэн Оросын кино
үзнэ. Намын түүх, нийгмийн ухааны хичээлээс бусад бүх хичээл орос хэл дээр орох
бөгөөд монгол багш нартайгаа ч оросоор харилцдаг байсан болоод тэр үү ангиараа оросоор
маш сайн ярьдаг гэнэ. Тухайн үеийн оюутнуудын бас нэг очдог газар нь Дотоод яам,
Улаанхуарангийн халуун усны газар. Эдний ангийнхан нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй
оролцдог байжээ. Тухайн үед улс нийгмийн асуудал хүнд байсан. Арьс өнгө, сүрьеэ
эмчлэхээр ажиллаж өвчилсөн хүн амын 80 хувийг эрүүлжүүлсэн гэнэ. Уг ажиллагаанд
ангиараа дайчлагдаж Оросын эмч нартай хамтарч ажиллаж байжээ. Мөн тарваган тахлын
голомтод ажилласан гэж ангийн нөхөр Ц.Чулуунбаатар “Шударга журам” медалиар шагнуулж
байсан бол Баянхонгор аймагт болсон газар хөдлөлтийн голомтод мөн л тус ангийн Ё.Бодьхүү,
Т.Гомбосүрэн, Ч.Цэрэннадмид, Г.Данзан нар ажиллаж хүн малд эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Үүнийг нь төр засаг үнэлж эдгээр оюутныг “Алтан гадас” одонгоор шагнаж байсан тухай
ярив. Хичээл сурлагадаа ч манлайлагч байсан байна. Хэрвээ хоёр шалгалтад унах л
юм бол одоогийнх шиг дахин шалгалт гэсэн ойлголтгүй учраас шууд л улирна. Тиймээс
ч бүгд л хичээнэ. Ямар сайндаа л практикт хэрэглэж байсан хүний гавлын ясыг гэр
рүүгээ авч яваад гэрийнхнийхээ зүрхийг зогсоох шахна. Эсвэл оюутны байрныхаа орон
доогуур хүний араг яс аваачаад хийчихнэ. Түүнийг нь цэвэрлэгээ хийж явсан жижүүр
хараад ухаан алдахаас эхлээд олон ч хөгтэй явдал тохиолддог байж. Бүр анх өөрсдөө
ч хүний цогцос дээр ажиллаж чадахгүй уйлж байсан тухайгаа ярив. Түүнчлэн Ч.Шарав
анатомийн хичээл дээр шалгалт өгч байх үедээ азаар онц, авсан тухай ангийн нөхөд
нь хуучлав. Багш нь шалгалт авч латинаар эрүүний ясыг юу гэж нэрлэдэг вэ гэж асуухад хашир
“Энэ моньдийг юу гэж хэлдэг билээ” гэсэн чинь багш нь онц суу гэжээ. Учир нь латинаар
эрүний ясыг “мандивул” гэдэг юмсанж. Энэ мэт хөгтэй явдал их гэнэ.

Энэхүү төгсөлтийнхөн
монголын эрүүл мэндийн бүхий л салбарт ажиллаж байсан талаар дээр дурдсан. Төрийн
соёрхолт, ардын эмч Р.Пүрэв энэ ангийн төгсөгч. Тэрээр Монголд анх томографикийн
шинжилгээ, оношилгоог нэвтрүүлсэн төдийгүй рентгений чиглэлээр гаргууд мэргэшсэн
нэгэн. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь тархи нүд нь яг л “Компьютер” шиг гэж шагшдаг
байжээ. Мөн мэс заслын Б.Доржготов, Д.Жодов,
Г.Дэгмид, халдвар судлалын Т.Гомбосүрэн, Н.Багаажав, эх барихын Б.Лувсан-Ёндов,
эрүүл ахуйн Ц.Тажаа, хоол судлалын Ш.Чадраабал, био анаагах эмгэг судлалч Б.Гомбо,
хүүхдийн Ж.Самданцоодол, сэтгэц судлалын Б.Чойдог, цус судлалын Ч.Шарав нар эрдмийн
зэрэг хамгаалсан байдаг бол зүрх судлалаар
Ч.Дондог, Ч.Норовдорж, физик эмчилгээгээр
А.Уазера, А.Цэцэгдарь, гоц халдварт чиглэлээр Л.Даваа, Ц.Чулуунбаатар, Б.Цэцэг,
хүүхэд, эх барих чиглэлээр П.Ядмаа болон Н.Цэрэндулам, Ж.Аюушжав, Х.Дулмаа, Р.Ядамсүрэн,
Д.Цэрэндаш, Б.Жамсран, А.Пагма нараас гадна энд нэр нь дурдаагүй ард түмэнд танигдсан
эмч нар олон. Мөн гадаадад урилгаар ажилласан
эмч цөөнгүй бий гэсэн. Зүү төөнүүрийн мэргэжилтэй Д.Бадарч Оросын Кремлийн эмнэлэгт
уригдаж байсан гээд ангийнхны алдрыг дурдвал их ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн баяжмал, газрын тос, алтны экспорт нэмэгдэж, үйлдвэрлэл 33 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өчигдөр танилцуулав. Уруудсан үзүүлэлт байгаа ч ирээдүйд эдийн засаг сайжрах суурь бүтэц тавигдаж байгаа нь ч тоон баримтаас харагдлаа. Жишээлбэл, дотоодын аж үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 33.4 хувиар өсчээ. Түүн дотроо импортыг орлох бүтээгдэхүүн багагүй хувийг эзэлнэ. Энэ хэрээр гадаад худалдааны балансад эерэгээр нөлөөлж байна. Халдварт өвчин, бүлэглэн, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурчээ.

Нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд бүртгэл­тэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Орхон, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий, Завхан аймагт улсын дунджаас 0.2-15.9 пунктээр илүү байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 2015 оны наймдугаар сарын эцэст 43 мянга болсны 23 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажил хайгчдын 30 мянга нь ажилгүй иргэн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар буурсан үзүүлэлт аж.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны хоёрдугаар улиралд нийт 35.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Эдгээр байгууллагын ажилч­дын сарын дундаж цалин 853 мянга, үүнээс эмэгтэйчүүдийнх 804 мянга, эрэгтэйчүүдийнх 903 мянган төгрөг байна.

Ажилчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 889 тэрбум, зарлага 1.020 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс орлого дөрөв, зарлага 21 хувиар өслөө.

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 53872 эх амаржиж, эсэн мэнд төрсөн хүүхдийн тоо 54197 болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хувиар буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2015 оны эхний найман сард 45691 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24089 тохиолдол буюу 2.1 дахин нэмэгдэхэд вируст гепатитаар өвчлөгчид 188 буюу 24.7 хувь, гахайн хавдраар өвчлөгчид 283 буюу 73.1 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 22009 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид наймдугаар сард 2797 болж, өмнөх сарынхаас 4348 буюу 61 хувиар буурчээ.

Боловсрол

Бүх шатны сургуулийг 2014/2015 оны хичээлийн жилд 127.7 мянган суралцагч төгссөнөөс ерөнхий боловсролын сургуулийг 73.5 мянган сурагч (9-р ангийг 53.8 мянга, 12-р ангийг 19.7 мянга), мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.0 мянган суралцагч, их, дээд сургууль, коллежийг 35.2 мянган оюутан төгсчээ.

Гэмт хэрэг

Улсын хэмжээнд 19007 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1392 хэрэг буюу найман хувиар өсчээ. Хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 38 буюу 5.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 244 буюу 10 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 189 буюу 11 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 496 буюу 11 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3576.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4345.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Гадаад худалдаа

Монгол Улс дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5798.4 сая ам.доллар, үүнээс экспорт 3251.6 сая ам.доллар, импорт 2546.8 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1353.0 сая ам.доллар буюу 18.9 хувь, үүний дотор экспортын хэмжээ 324.2 сая ам.доллар буюу 9.1 хувь, импортын хэмжээ 1028.9 сая ам.доллар буюу 28.8 хувиар буурчээ. Өмнөх оны эхний найман сард экспорт, импорт тэнцүү гарч, гадаад худалдааны тэнцэл тэг байсан бол 704.8 сая ам.долларын ашигтай гарлаа.

Экспортолсон зарим эрдэс бүтээгдэхүүн, эхний найман сарын байдлаар, мянган төгрөг

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Өдөр шиг гэрэлтүүлэх “СУПЕР САР”

Монголчууд бид
тэнгэр эрхэс, нар, сарыг ажиглан харах дуртай улс. Зурхай мэддэг ч бай,
мэддэггүй ч бай манай малчин ардууд эртнээс тэнгэрээ шинжиж, нар сарандаа
мөргөж залбирч, од эрхсийг бишрэн харсаар ирсэн.

… Арван тавны
сар нь

Агаартаа дэнлүү
дээ хө…хэмээн аялан дуулдаг билээ. Тэгвэл энэ сарын 28-ны өдөр жинхэнэ дэнлүү
болсон сар агаар тэнгэртээ гийх гэж байна. Эл өдөр сар дэлхийд хамгийн дөт зайд
тулж ирнэ. Ийнхүү дэлхийд ойртон ирэх сарыг олон улсын одон орон судлаач,
зурхайчдын дунд “супер сар” хэмээн нэрлэдэг аж. Энэхүү нэршлийг анх 1979 онд
АНУ-ын зурхайч Ричард Нолле хэрэглэжээ. Сар нь дэлхийг тойрохдоо өөрийн зүй
тогтолтой харилцан адилгүй зуйван тойрог замаар явдаг. Ингэхдээ дунджаар 14
билгийн сарын дараа дэлхийтэй хамгийн
дөт цэгт ирдэг байна. Өөрөөр хэлбэл тэргэл сар 14 удаа гарсны дараа “Супер сар”
гарна гэсэн үг. Харин энэ удаа хамгийн ойрын цэгт ирэх юм гэнэ. Олон улсын сансар судлалын сайтуудад
мэдээлснээр энэхүү үзэгдлийг өнгөрсөн 20 жил тохиогоогүй гэж буй. 1900 оноос
хойш гэхэд л нийтдээ таван удаа “супер сар” гарчээ. Тухайлбал, 1910, 1928,
1946, 1964, 1982 онуудад сар дэлхийтэй хамгийн ойр орших тойрог замаар явж
өнгөрсөн байх нь.

Ер нь дэлхийгээс
сар хүрэх зай дунджаар 384000-384600 км.
Харин дэлхийд ойртох үедээ ойролцоогоор 36300 км, алсрахдаа 405696 км болдог байна. Тэгвэл есдүгээр сарын
28-ны шөнө 356880 км болж дэлхийд дөхөж
ирэх гэнэ. Энэ нь сар дэлхийд дөт цэгт ирэх бусад үеийнхээс 6120 гаруй км-ээр
илүү ойртоно гэсэн үг. Ийм ойр зайд
ирэхэд манай гаригийн дагуул энгийнээсээ 14 хувиар том, 30 хувиар тод гэрэлтэй
харагдах юм байна. Ёстой л нөгөө романтик ном зохиол дээр гардаг сарыг
оосорлоод татчихдаг шиг юм болох нь.

“Цуст сар” гэж юу вэ?

Мөн есдүгээр
сарын 28-ны өдөр сар хиртэж, цусан улаан өнгөтэй харагдана хэмээн гадна дотнын
хэвлэлийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байна. Энэ талаар Одон орон, геофизик
судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тодрууллаа. Тэрээр “15-ны сартай
үед сар хиртэх үзэгдэл тохиох нь бий. Сар дэлхийд ойртох үед дэлхийн сүүдэр
саран дээр тусна. Нар, дэлхий, сар гурав нэгэн шугамд байрлаж, дэлхий нар сарны
хоорондуур орсон үед сар хиртэх үзэгдэл гардаг. Энэ үеэр нарны гэрэл дэлхийн
агаар мандлын давхаргад тусч хугараад
хамгийн улаан туяатай хэсэг нь сарны гадаргууд ойдог. Ингэхээрээ улаан сар гарч
байгаа юм” хэмээн тайлбарлалаа. Ерөнхийдөө сар хиртэхээрээ энгийн нүдээр бараг
харагддаггүй. Харин нарны гэрлийн хугарлын нөлөөллөөр хиртсэн ч гэсэн улаанаар
харагддаг ажээ. Клизмыг нарны гэрэлд барихад гэрэл хугарч өөр өөр өнгө болгож
харагдуулдагтай адил үүргийг дэлхий гүйцэтгэдэг байх нь. Дэлхийг асар том клизм
байна гэж бодохоор хэнд ч сонирхолтой байх нь дамжиггүй.

Гэхдээ есдүгээр
сарын 28-ны “цуст сар” нь манай энд үзэгдэхгүй аж. Бид том тэргэл сараа харж
чадна. Харин Европ, Зүүн болон Өмнөд Ази, Африк, Хойд мөсөн далай, Номхон
далай, Атлантын, Энэтхэгийн далайд оршдог улс орнуудад “цусан улаан сар” маш
тод харагдах ажээ. Эдгээр бүсүүдэд сар ийн улаанаар хиртэх үзэгдэл ойролцоогоор 72 минут хиртэй үргэлжилнэ.
Хэрвээ “цуст сар” үзэхийг хүсвэл Лондон, Вашингтон хотыг зоривол хамгийн сайн
харагдах аж.

Есдүгээр сарын
28-ны тэргэл сар шиг том сар ойрын 20 жил дахиж үзэгдэхгүй хэмээн зарим
сайтуудад бичжээ. Гэхдээ тийм биш аж. 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр
дахин “супер сар” гарна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал
С.Дэмбэрэл ярилаа. Энэ талаар мөн “NASA” болон сансар судлалын Тimeanddate.сom,
Earthsky.org зэрэг сайтуудад ирэх оны арваннэгдүгээр сарын 14-нд сар дэлхийд
365,536 км ойртож ирнэ” хэмээн тэмдэглэсэн байна.

“Супер сар”
дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ?

“Супер сар”,
“цуст сар” зэрэг нь хүн, амьтанд шууд нөлөөлөх юм байхгүй гэнэ. Гэхдээ сар
дэлхийд ойртоход татах хүч нь ихэсч далайн татлага, түрлэг нэмэгдэнэ. Далайн
татлага, түрлэг нэмэгдсэнээр байгалийн элдэв үзэгдэл гарах магадлал ихэсдэг аж.
Гэхдээ энэ нь шууд тийм ийм байгалийн гамшиг болно гэж нотолсон үг биш юм.

Сарны тухай
сонин хачнаас

Сар анх хаанаас
үүссэн талаар та урьд нь бодож байв уу? Дэлхий эрт дээр цагт ямар нэгэн солир,
гаригтай мөргөлджээ. Түүний хэлтэрхийнүүдийн бөөгнөрөл нэгдэж цул биет болсон
байна. Улмаар нягтаршин бөөгнөрч, бага багаар холдсоор өнөөгийн сар бий болжээ.

Сар дэлхийгээс
дунджаар жилд 3.8 см-ээр холддог аж. Тэгэхээр мянган жилийн өмнө сар бидэнд
3800 см ойрхон байсан гэсэн үг.

Сар дэлхийгээс
81.56 дахин хөнгөн.

Сарны гадарга 14
хоногийн турш наранд ээгдэн +130 хүртэл халж, сүүдэртэй 14 хоногтоо -150 градус
хөрдөг.

Сарны хөдөлгөөнд
нар, дэлхийгээс гадна нарны аймгийн бусад гаригууд шууд нөлөөлж байдаг.

Сар агаар
мандалгүй тул тэнгэр нь гүн харанхуй байх бөгөөд тэндээс тэнгэрийн од, эрхэс
өдөр шөнийн алинд ч харагдана.

Сарны өөрийн
тэнхлэгээ эргэх хугацаа нь түүний дэлхийг тойрон эргэх хугацаатай адил байдаг
тул бид сарны цаад талыг хэзээ ч харж байгаагүй.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

Чөлөөт
бөхийн ДАШТ- д манай улсын бөх Э.Бөхбаяр хүрэл медалийн төлөө сая барилдлаа.

Тэрбээр
Казастаны бөх Артас Санатай барилдаж, 5:1-гээр ялан дэлхийн аваргын хүрэл
медаль хүртлээ.

Түүни
хувьд бөхийн чөлөөт барилдаанаар арван жил хичээллэсний эцэст ийнхүү дэлхийн
аваргаас медаль хүртэж, олимпийн эрхийг авлаа.

Categories
гадаад мэдээ

Хэт даврагчид химийн зэвсэг ашиглажээ

АНУ-ын Засгийн газар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг химийн зэвсэг ашиглаж, Ойрхи Дорнодыг заналхийлж байна гэж буруутгасан байна. “Энэхүү мэдээллийг Сирийн Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан гэрч мэдээлсэн” хэмээн АНУ-ын Засгийн газрын хэвлэлийн албанаас “ВВС” агентлагт уламжилжээ. Хэт даврагчид Ирак, Сири улсад халдлага үйлдэх үеэрээ бактерлогийн зэвсэг ашигласан байна. Тус улсуудад болсон сүүлийн дөрвөн халдлагын үеэр хэт даврагчид иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн албаныхан батлав. Сирийн удирдлагууд энэхүү мэдээллийг бататгаж, хэт даврагчид химийн зэвсэг ашиглаж буй эсэхийг тогтоохыг НҮБ-ын химийн мэргэжилтнүүдээс хүсчээ.

Categories
гадаад мэдээ

Аль-Каида бүлэглэл ISIS-ийн эсрэг дайн зарлалаа

Аль-Каида бүлэглэл ISIS буюу Исламын улсын эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдлээ. Хэдхэн хоногийн өмнө Аль-Каидагийн удирдагч Айман аль-Завахиригийн шинэ аудио бичлэг ил болсон байна. Тэрээр уг бичлэгтээ Исламын улсын толгойлогч Абу Бакр аль-Багдадиг үймээн самуунд турхирагч хэмээн шүүмжилжээ. Мөн Абу Бакр аль-Багдади өөрийгөө исламын шашинтнуудын удирдагч, “халиф” хэмээн өргөмжилснийг тэрээр найцаасан байна.

Үүнээс гадна аль-Багдади Газын зурвас болон Пакистанд байгаа мусульманчуудын зовлонг үл тоомсорлож байна гэжээ.

Аль-Каидагийн хийсэн мэдэгдлийн талаар хуучин Үндэсний Терроризмтой тэмцэх төвийн захирал Мэтью Олсен ABC News-т өгсөн ярилцлагадаа “Энэ тун сонирхолтой байна. Завахири өнөөг хүртэл ISIS болон аль-Багдадиг шүүмжилсэн мэдэгдэл хийж байгаагүй. Хэдийгээр тус хоёр бүлэглэлийн үйл ажиллагаа болон зорилго төстэй боловч тэдний хооронд эвлэрэхийн аргагүй зөрчил, санал зөрөлдөөн байгаа нь харагдаж байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Сингапурт Ардын нам ялалт байгууллаа

Засгийн эрхийг баригч хүчин Ардын нам (PAP) Сингапур улсын парламентын сонгуульд 70 хувийн үнэмлэхүй ялалт байгууллаа. Сингапур 1965 онд тусгаар тогтнолоо олсноос хойш сонгууль бүрт ялалт байгуулж ирсэн Ардын нам ийнхүү парламентад 83-89 суудал өөрийн болгоод байгаа юм.

Шинжээчдийн үзсэнээр Ардын намыг урт удаан хугацаанд удирдсан Ли Куан И нас барсны дараа олон нийт эх оронч сонголт хийхийг хүссэн нь ийнхүү үнэмлэхүй ялалтыг эрх баригч хүчинд авч ирж байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын интернэтийн од таван жилийн ял авчээ

Твиттерийн хятад хуулбар гэгддэг “Weibo”-д 2.5 сая дагагчтай Гуо Мей бүсгүй шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тэрбээр 2013 оноос Хятадын интернэтийн од хэмээн нэрлэгдэх болсон Гуог шүүхээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэмээн буруутгасан байна. Мөн хоёр жилийн хугацаанд иргэдээс 20 мянган ам.долларыг залилсан гэв.

Бүсгүй өнгөрсөн оноос эхлэн олон нийтийн сүлжээгээр өөрийн тансаг амьдралаа сурталчлахаас гадна их хэмжээний бэлэн мөнгөний зургийг “Weibo”-д нийтлэх болжээ. ажил эрхэлдэггүй боловч хэтэрхий баян хэмээн уог интернэт хэрэглэгчид шалгахыг цагдаа нараас хүсчээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд гэрээс нь баривчилсан аж

Categories
мэдээ спорт

Маргааш Монголын дөрвөн бөх барилдана

АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө.

Дэлхийн аваргын сүүлийн өдөр болох маргааш эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 74 кг, 125 кг жингийн барилдаан болно.

Манай улсаас 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр, 70 кг-д Батчулууны Анхбаяр, 70 кг-д Пүрэвжавын Өнөрбат, 125 кг-д Жаргалсайханы Чулуунбат нар барилдах юм.

Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болох юм.