Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бид бие биедээ мэхийж хүндэлдэг болмоор байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрч байна. Энэ өдрийн дугаарт Монголын үйлдвэрчний эвлэлийнхний цалин, тэтгэвэр нэмүүлэхийг шаардаж жагссан тайван жагсаалаас хийсэн сурвалжлага гарлаа. Мөн Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн ярилцлага нийтлэгдсэн юм. Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай хийсэн сонирхолтой ярилцлага ч хэвлэгдлээ. Түүнчлэн баримт үзэл бодлын гуравдугаар нүүрт “Бид бие биедээ мэхийж хүндэлдэг болмоор байна” хэмээх нийтлэл хэвлэгдсэн юм. Өнөө цагт биднээс алхам алхмаар холдож буй мэндлэх, хүндлэх ёсны талаар энэ нийтлэлд хөндсөн байна.

Уншигчдад үнэн бодит эрэн сурвалжилсан мэдээллийг хүргэдэг “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” буланд “Манай улс нэг тэрбум ам.долларын махны экспорт хийх чадамжтай юу” материал нийтлэгдэв. Улс даяараа мөнгөний мөрөөсөл болж буй энэ үед Оюу толгой, Таван толгойгоос валютын орлого олох горьдлого улам бүр тасарч байна. Тиймээс ч махны экспортын асуудалд анхаарлаа хандуулаад байгаа. Гэвч өнөөх махны экспортоор өндөр орлого олох магадлал харин аль хэр их бол. Энэ талаар сонирхон уншаарай.

Өнөөдөр Хубилай сэцэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж эхэлж байна. Тэгвэл “Өдрийн сонин”-д түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай хийсэн “Европын сурах бичгүүдэд саяхныг болтол Хубилай хааны хурц ухааныг магтсан шүлэг байсан” хэмээх сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн. Түүнчлэн 11 дүгээр нүүрнээс хэрхэн Монголд “Франц үнээнээс өдөрт 30 литр сүү саадаг” тухай сурвалжлагыг уншаарай. Мөн жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий “Анх удаа хүүгээрээ бахархах сэтгэл төрлөө” хэмээсэн байна. Энэ өдрийн дугаараас дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд өгсөн байр хэрхсэн болон Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга юуны учир амиа егүүтгэсэн зэрэг цаг үеийн мэдээ мэдээллүүдийг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-д хэвлэгджээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаатай хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн байна. Тэрээр нийгэм, цаг үеийн олон асуудалд өөрийн санаж явдаг зүйлсээ илэн далангүй ярьжээ. Төр, нийгэмдээ хийж бүтээсэн юмтай хүмүүсийн үг өнөөдөр хамгийн ихээр шаардлагатай байгаа. Тэдний нэг бол яалт ч үгүй Ж.Гүррагчаа баатар юм. Энэхүү ярилцлагыг уншихыг хүсвэл бүх шуудангийн салбарууд, сонин борлуулах цэгээс “Өдрийн сонин”-ыг худалдан авч болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэнэ

БСШУЯ-аас Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Ойн арга хэмжээний нээлт энэ сарын 15 буюу маргааш 11:40 цагт Чингисийн талбайд эхэлнэ. Арга хэмжээ энэ сарын 23-ны 19:00 цагт дуусах юм байна.

Есөн өдөр үргэлжлэх ойн баярын хүрээнд “Хубилай сэцэн хаан- 800” үзэсгэлэн, олон улсын хөөмэйн наадам, “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол төрийн дуулал” 261 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжимчдийн тоглолт, Хубилай сэцэн хааны тухай 10 боть цврал ном, “Хубилай сцэн хаан ба түүний залгамжлагчид” цомгийн нээлт болно. Мөн АНУ-ын хөгжмийн зохиолч Griffes Charles Tomlinson “Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон” симфони найраглалын нээлт зэрэг үйл ажиллагаа зохиогдох юм байна.

Түүнчлэн энэ сарын 24-нд Хубилай сэцэн хааны хот “Хөгшин тээл”-ийн балгасын малтлага, судалгаатай танилцах аялал Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд болох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр бүлийн таван хүнд халдсан этгээдийг баривчилжээ

Өнөө өглөө 07:00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт хүний амины ноцтой хэрэг гарсан байна гэх дуудлагын дагуу Орхон аймгийн цагдаа нар очиход 87 настай эмэгтэй Э болоод есөн настай эмэгтэй Э нар нас барж, 25 настай эмэгтэй Х тархины хүнд гэмтэлт авч, таван настай хоёр хүүхэд хөнгөн гэмтсэн байжээ.

Одоогоор хохирогч болох 25 настай Х Орхон аймгийн эмнэлэгт тархины хүнд мэс засалд орсон ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Харин Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтнийг шуурхай эрэн хайж дөнгөж сая олсон байна. Сэжигтэн этгээд 1988 онд төрсөн Булган аймгийн Хангал сумын харьяат Ж овогтой Э гэгч байжээ. Түүнийг Орхон, Булган аймгийн дунд нэгэн газар бүгж байхад нь Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид олж, баривчилсан байна. Тэрээр эхний мэдүүлэгт тус гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээж, “Хохирогч 25 настай Х-тэй хувийн шалтгаанаар үл ойлголцож, гэмт хэрэг үйлдсэн” гэж эхний мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Ямартай ч албаны эх сурвалж түүний гэмт хэрэг үйлдсэн зэвсгийн чанартай зүйлийг “Галт зэвсэг болоод хутга” биш гэхээс өөр мэдээлэл хэвлэлийнхэнд өгөөгүй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв талбайд тайван жагсаал боллоо

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Засгийн газар гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ийнхүү иргэд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж буйгаа жагсаалд оролцогчид тайлбарлаж байсан юм.

Үйлдвэрчний эвлэлийн гаргасан судалгаагаар иргэдийн орлого нэмэгдээгүй байхад өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсчээ. 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55.8 хувиар, хоёр өрөө байрны төлбөр 56.4 хувиар, гурван өрөө байрны зардал 86.1 хувиар тус тус нэмэгдсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны төлбөр 2015-2016 оны хичээлийн жилд дунджаар 25 хувиар өсчээ.

Өнөөдрийн жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл “Ард түмний чинь амьдрал өдрөөс өдөрт дордож буйг ойлгооч”, “Тэд биднийг нэгэнт сонсохоо больсон тул маргаашнаас ажил хаялт зохион байгуулъя”, “Цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоо” зэрэг үгсийг эрх мэдлийг атган суугчдад дайж байсан юм.

Жагсаалд оролцогчдоос УИХ-д мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлэв.

Мэдэгдэлд:

1. Эдийн засгийн хямралын нөхцөлд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг хадгалах хамгаалах, улмаар нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зах зээл дээрх ажил үйлчилгээний үнийн өсөлтийг хязгаарлах, дотоодын зах зээл дээрх бензин шатахууны үнийг дэлхийн үнэ ханштай уялдуулан бууруулж, үнийг тогтвортой байлгах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийн түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, хяналт тавьж ажиллах;

2. Дотоодын үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг эдийн засгийн зохих хөшүүргүүдээр дэмжиж үйлдвэрлэлийг тогтворжуулж нийт эрэлтийг сэргээх бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн уналт, ажилгүйдэл, иргэдийн орлогын хомсдолыг арилгах бодлого чиглэлээр Засгийн газрыг хангаж ажиллах;

3. 2015 оны төсөвт тодотгол хийх, 2016 оны улсын төсвийг батлахдаа нэн тэргүүнд төрийн үрэлгэн зардлыг бууруулах бодлого баримталж, чөлөөлөгдсөн боломжит эх үүсвэрийг нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын холбогдолтой зардлыг нэмэгдүүлэх, дутуу олгогдсон санхүүжилтыг бүрэн тусгах;

4. Монгол банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцох;

5. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

6. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудлууд туссан ба мэдэгдлийн хариуг 2015 оны 10 сарын 15-ны дотор авна гэжээ.

Шаардлагад:

1. Эдийн засгийн хямралыг нийгэмд хохирол багатай даван туулах асуудлаар нийгмийн зөвшлийн талуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллах;

2. Иргэдийн цалин орлого, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах, сэргээх арга хэмжээг яаралтай авах, үүний тулд гурван талт хэлэлцээрийн “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх” тухай 3.2 дахь заалт, хэлэлцээрийн 3.4 дэх заалтын дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан төрийн албан хаагчдын цалинг 5 дугаар сарын 01-ээс үе шаттай ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх тухай шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор тус тус хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4 дэх заалтыг хэрэгжүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлэх;

4. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх болон үнэ бүрдэлтийн тухай хуулийн төслийг нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх;

5. Иргэд хэрэглэгчдийн зарлагыг бууруулах үүднээс дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах арга хэмжээг авах;

6. 2016 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх хадгалах бодлогын асуудалд онцгойлон анхаарч төрийн үрэлгэн зардлыг бууруулан улмаар чөлөөлөгдсөн хөрөнгийн эх үүсвэрийг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд тусгах чиглэл баримтлах, эдгээр асуудлаар гурван талт нэмэлт хэлэлцээр байгуулах;

7. Засгийн газарт өөрчлөлт орох бүрт хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийг зөрчиж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь үндэслэлгүй халж сольж төрийн байгууллагуудын залгамж, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж байгаа явдлыг таслан зогсоох асуудлыг тус тус шаардаж байна.

Хэрэв Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд холбогдох үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх хүртэл тэмцлийн хэлбэрт шилжихийг албан ёсоор мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт таван хүн халдлагад өртөж, хоёр нь амиа алджээ

Ням гаригаас даваа гаригт шилжих шөнө
(өнгөрөгч шөнө) Орхон аймагт нэг гэр бүлийн таван хүн гэмт этгээдийн халдлагад
өртөж, хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Халдлагад өртсөн гурван хүн эмнэлэгт
хүргэгдээд байгаа аж. ЦЕГ-ын
Хэвлэлийн албанаас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хоёр
иргэн амиа алдаж, гурав иргэн эмнэлэгт хүргэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг
хэн болохыг нь тогтоосон. Одоо эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна” гэлээ.

Хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн галт
зэвсэг хэрэглээгүй гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд одоо тус хэргийг ЦЕГ-ын
Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс томилогдсон ажлын хэсэг Орхон аймагт
очин шалгаж эхлээд байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Г.Эрхэмбаяр, М.Нандинзаяа нар алтан медаль хүртлээ

Жиү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчдаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ. Тодруулбал, Г.Эрхэмбаяр алт /ягаан бүс, насан хүрэгчид +100кг/, М.Нандинзаяа алт /эмэгтэй, цагаан бүс -74кг/, Б.Ариунбаяр мөнгө /Өсвөр үе, цагаан бүс 52кг/, Л.Чинзориг хүрэл /мастерс, цагаан бүс, 82кг/ медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Захуудын хуваарьт түр өөрчлөлт орууллаа

Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаа. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд энэ сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар боллоо. “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр, “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховдод газар хөдөлсөн гэв

Ховд аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Алтай сум /сумын төвөөс баруун урд зүгт 77 км-ийн зайд /У-91073’ Ө-44022’/ энэ сарын 13-ны өдрийн 16:51:14 цагт таван магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ. Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газартай холбогдон тодруулахад тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэсэн байна.

Categories
мэдээ спорт

“Евробаскет-2015”-ын шилдэг найман баг тодорлоо

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод үргэлжилж байгаа Европын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдрийн байдлаар шилдэг найман баг нь шалгараад цаашлах оноолтоо тодруулаад байна. Испани-Грек, Франц-Латви, Серб-Чех, Итали-Литва гэсэн хослолууд 9-р сарын 16наас эхлэн хоорондоо халз тоглон шилдэг дөрөвт үлдэхийн төлөө үзэлцэнэ. Энэ удаагийн тэмцээнд уламжлалт шилдэг багуудаас гадна Чех, Латви гэх тэр бүр сагсанбөмбөгөөр бусдыг гайхуулаад байдаггүй улсын шигшээ багуудын чадварлаг тоглолтууд мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа бололтой.

Б.Хулан