Албан тушаалаа ашиглаж, бүлэглэж улсаас онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд болж байна. Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцож байгаа юм.
Month: September 2015
Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байгаагаас 78 хувь нь улсын болон хувийн цэцэрлэгт хамрагджээ. Харин 27 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй хоцорсон юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн сургуульгүй 62 хороо, цэцэрлэггүй 41 хороо байгаа гэх мэдээлэл бий. Харин өглөө, өдөр, оройн гурван ээлжээр хичээллэдэг 21 сургууль байна. Тэгвэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд нэмж 14 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах ажээ.
Эдгээр цогцолборын хоёр нь өнгөрсөн хавар ашиглалтад орсон. Харин үлдсэн 12-ыг 2015 ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Албаныхны хэлж буйгаар цогцолборын хоёр ч ажил удааширчээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолборыг оны дараа ашиглалтад оруулахаар болсон байна. Харин үлдсэн 10 цогцолбор нь ондоо багтаж ашиглалтад орох боломжтой болжээ.
Цогцолборын хувьд нэг нь л 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэнэ. Хэрвээ эдгээр сургууль цэцэрлэгийн цогцолборууд хугацаандаа ашиглалтад орвол багаар бодоход 1200 гаруй хүүхдийг нэмж цэцэрлэгт бүртгэх боломж бүрдэх гэнэ. Одоогоор шинэ сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэх ажил эхлээгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орсны дараа хамран суралцах тойргийг тодорхойлох юм. Үүний дараа тойргийнхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт шинээр бүртгэх аж.
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Юуны өмнө танд Монгол Улсад ардчилсан парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа төрийн түшээгийн хувьд ойн баярын босгон дээр хамгийн түрүүнд юу хэлмээр байна?
-Баярлалаа. Би УИХ-ын сонгуульд Завхан аймагт дөрвөн удаа нэр дэвшиж, гурван удаа сонгогдсон. Гурван удаагийн чөлөөт, ардчилсан сонгуулиар итгэл хүлээлгэж, үүрэг даалгавар өгч, хариуцлага үүрүүлж намайг УИХ-ын гишүүнээр сонгож байсан Завханыхаа сонгогч олон түмэнд юуны өмнө ардчилсан парламентын 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд сонгогч иргэн бүрийн саналын үнэ цэнээр парламентат ёс төлөвшиж ирсэн гэж боддог. Тийм учраас үе үеийн сонгогч олон түмэндээ бид баярлалаа гэж хэлэх ёстой. Мөн надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж, эх орон, ард түмний төлөө гэсэн бодлого, зорилтынхоо төлөө нэг баг болон ажилладаг МАН- ын удирдлага, гишүүддээ талархал илэрхийлье. Шийдвэр гаргах парламентын түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, тэднийхээ нийгмийн эрх ашгийг төрийн бодлогод тусгуулахын төлөө ажиллаж ирсэн цөөн эмэгтэй гишүүдийн нэг гэдгээрээ бахархаж явдаг. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй нийгмийн эмзэг, халамж шаардсан хэсэгт төрөөс тусалж, дэмжих чиглэлээр цөөнгүй хууль санаачилж, батлуулж, амьдралд хэрэгжүүлсэн гэдгээ хэлэхэд бас таатай байна. УИХ-д гурван удаа сонгогдон ажиллахдаа анх удаа Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллалаа. УИХ-ын гал тогоонд чанагдаж туршлага суусан маань сайдын албыг хашихад хамгийн гол түшиг болсон.
-Таны ажилласан гурван удаагийн парламентын гол онцлог юу вэ?
-Үе үеийн парламент өөрийн гэсэн онцлог түүхийг бичсэн. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойш гурав дахь удаагийн сонгуулиар 2000 онд Завхан аймагт нэр дэвшиж ялалт байгуулснаар Их хурлын гишүүн гэдэг хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдож байлаа. Энэ сонгуулиар Монголын ард түмэн манай намд бүрэн итгэл хүлээлгэж, 72 суудал авсан юм. Бидэнд төрийн бодлогын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин өргөжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэх түүхэн хариуцлага ногдсон юм. 2000-2004 онд ажилласан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Монголын төр, засгийн бодлого цэгцтэй, оновчтой, үйл ажиллагаа тогтвортой, тууштай явж ирсэн. Үүний үр дүнд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэхээр жинтэй хувь нэмэр оруулсныг тухайн үеийн статистик мэдээлэл, тоо баримтаас тодорхой харж болно. Тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт анх удаа 10 орчим хувиар нэмэгдэж байлаа.
Дараагийн сонгогдон ажилласан 2008-2012 оны парламентын үед манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байсан түүхэн үе байлаа. Өмнөх үеийн УИХ Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдээ хөдөлгөх, ард түмнийхээ амьжиргааг тэтгэх олон чухал шийдвэр гаргасан. Үр дүнд нь Оюутолгойн гэрээ байгуулагдаж, улс орны эдийн засгийн өсөлт урьд өмнө байгаагүйгээр өсч байлаа. Гэвч харамсалтай нь өнөөдөр бүх асуудал тодорхой биш болчихоод байна. Ер нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд ардчилсан парламент төлөвшин хөгжихдөө шинэ нийгмийн эрх зүйн системийг цогцоор нь маш сайн бүрэлдүүлж чадсан. Тэдгээрийн үр дүнд хүний суурь эрхүүд болох амьд явах, аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэргийн эрх зүйн үндсүүд баталгаажсан. Гагцхүү баталсан хуулиудаа амьдралд хэрэгжүүлэхэд алдаа оноо бийг үгүйсгэхгүй. Мөн хариуцлагын механизмыг төр өөрийнхөө бодлогын хэмжээнд томоор авч үзэх цаг болсон. Парламентат ёсны хөгжил цаг хугацааны хурдаар урагшилж яваа ч өмнөх ололт амжилтаа үгүйсгэсэн, эсвэл гацааж, зогсоосон байдлаар ажиллаж болохгүй л гэж хувьдаа боддог.
-Энэ удаагийн УИХ-д шүүмжлэлтэй хандах хүмүүс байна. Засгийн газраа нэг удаа сольж, саяхан сайдуудад халаа сэлгээ хийлээ. Та энэ бүхэнд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Одоогийн энэ парламент мөн л өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Сонгуулийн хосолсон тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнд бүрдсэн хамгийн олон намын төлөөлөлтэй, мөн хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон парламент. Өмнөх үе үеийн парламентын л нэгэн адил алдаатай, оноотой замыг туулж яваа байх. Өмнөх парламентуудын үед тохиож байгаагүй олон намын төлөөлөлтэй, аль ч нам нь олонхи болоогүй парламент учраас хөгжлийнхөө бас л нэг сорилттой тулгарч байгаа юм болов уу. Нөгөө талаас эерэгээр харвал эв нэгдлээ зангидаж том зорилгоо өмнөөд тавиад ажиллаж чадвал хамгийн боломжит нөхцөл бүрдсэн УИХ юм л даа, уг нь.
-Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганаар сайдуудыг нөхөн томилох үед АН, МАН гэлтгүй олон гишүүн таныг сайдын үүргээ маш сайн биелүүлсэн гэж дүгнэсэн. Гишүүдээс ийм үнэлэлт авахыг бодоход салбартаа гайгүй ажиллажээ дээ?
-УИХ-ын нэг ангийн нөхөд маань ингэж үнэлсэнд маш их баярласан. Хэдийгээр бид улс төрийн халуун гал тогоонд хааяа танай, манай намаараа үзэл бодлын хуваагдалд ордог ч бие биедээ урам зориг өгч чаддаг гэдгээ харууллаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар томилогдоод найман сар ажилласан. Би сайдын ажлыг аваад үнэхээр нэг гарт баригдаж, нүдэнд харагдах бодит ажлуудыг хийх юмсан гэж хичээсэн. Үүнийгээ ил тод хэлээд л ажлаа эхэлсэн дээ. Ажил хийхээр зориглосон хүнд найман сар маш богино хугацаа ч салбарынхаа мэргэжлийн хамт олонтой гар, сэтгэл нийлээд ажиллахад бас их зүйл бүтээдэг юм байна. Шинээр томилогдсон сайд маань эхлүүлсэн ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд илүү их үр дүн гаргах байх аа. “Маш сайн ажилласан” гэдэг үнэлгээ бол манай салбарын, яамны нийт хамт олонд өгсөн үнэлгээ юм шүү. Өнгөрсөн хугацаанд нэг баг болж ажилласан чадварлаг хамт олноороо бахархаж байна. Цаашид ч УИХ-ын гишүүнийхээ хувиар байгаль орчин, аялал жуулчлалын энэ буянтай, үр өгөөжтэй салбарын төлөө ажиллана. Өнгөрсөн хугацаанд УИХ байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад их зүйл хийж, олон ч хууль баталсан. Харин аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал учир дутагдалтай явж ирсэн. Бид энэ алдааг засахын төлөө уйгагүй ажиллаж, аялал жуулчлалын салбар маань анх удаа Үндэсний хөтөлбөртэй болсон. Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулахаар энэ салбарынхан ажиллаж байгаа. Цаашид салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө төрийн түшээгийнхээ хувиар хичээж ажиллах болно.
Л.Мөнхөө
Жуулчдад
160 ам.долларын сэтгүүлийг шахсан хэргийг Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг дэлгэж,
олон нийтийн дунд багагүй
дуулиан дэгдээсэн билээ. Энэ хэрэгт
Ц.Эрдэнэбилэгийг буруутган
хариуцлага тооцсон байна.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар
Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга
Ц.Эрдэнэбилэгийг үүрэгт
ажлаас нь чөлөөлж, оронд
нь Н.Нямдавааг томиллоо.
Өнөөдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 1-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгөхөөр болжээ. Тодруулбал, инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлуудыг хийж дуусган, маргаашнаас айл өрхүүдийн дулааныг өгч эхлэх юм байна. Харин цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдийн дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.
Энэ жил 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Энэ онд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглэгчдийн тоо 23653-аар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн бөгөөд жилээс жилд өсөн нэмэгдэж буй нийслэлийн цахилгааны хэрэгцээг хангахын тулд III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн. Мөн IV цахилгаан станцын 123 мВт-аар өргөтгөсөн. Энэ оноос цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хэрэглэгчдэд цахилгаан түгээх юм байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн уулзвараас хойшоо гэр хороолол руу дулааны шугам тавьсан байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороо цэвэр, бохир усанд бүрэн холбогдох боломжтой болсон байна.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусаад байгаа юм. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт, чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт болно. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Ингээд өнөөдөр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэхийг танилцуулж байна.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
9 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлэг үргэлжилнэ.
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт 10.00 цагаас:
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ;
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.
Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.
Ц.Юндэн, Ц.Лхамсүрэн нар үр хүүхэд, танил нөхдийнхөө хамт наадам үзэхээр явах гэж буй нь.
“Хичээнгүй сайд” хэмээн олноо алдаршсан Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн удмынхан ямар хүмүүс байдаг бол хэмээн сонирхдог байлаа. Удтал гуйлгасны эцэст түүний ач охин Ю.Эрдэнэтуяа, Ю.Навчаа нартай уулзлаа. Ю.Эрдэнэтуяа “Хичээнгүй сайд” сангийн тэргүүнээр ажилладаг. Б.Цэрэндорж гуай ганц хүүтэй хүн байжээ. “Ганцаас газар дүүрнэ” гэдэгчлэн ганц хүү Юндэн нь найман хүүхдийн аав болжээ. Ордны ойролцоох хуучны нэгэн байранд Ю.Эрдэнэтуяа нөхөр болон Тузик нэртэй хар пудель нохойтойгоо гурвуул амьдардаг. Даруухан мөртлөө нэг л эрхэмсэг аж төрдөг хүмүүс аж. Гэрийн эзэд Москвагийн их сургуулийн нэг ангийн хоёр, хоёулаа сэтгүүлч гэнэ. Ц.Бат-Орших гуай “Улаан од” сонины сэтгүүлч явсан. Сүүлд Монголын сэтгүүлчдийн холбоог тэргүүлж байсан хүн. Ю.Эрдэнэтуяа 1980-аад онд Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны орлогч даргаар ажиллаж, Монгол телевизийг удирдаж явсан хүн. Ерээд оноос Засгийн газар, УИХ-ын судалгааны төвд судлаачаар ажиллахын зэрэгцээ МУИС-д олон жил багшилсан доктор юм. Багаас сурлага сайтай, нягт нямбай охин байжээ. Аав нь нэг удаа 23-р сургуулийн эцэг, эхийн хуралд суугаад ирэхдээ “Манай шар Жууяа чинь мундаг онц сурдаг юм байна. Би ч Д.Бавуу генералынхаа дэргэд маадгар сууж байгаад ирлээ” гэж ихэд сэтгэл хангалуун хэлжээ. Д.Бавуу генералын охин нь бас тэдний анги байсан аж. Ц.Юндэн гуай орой шугамын радиогоор төрийн сүлд дуулал эгшиглэж дуусахтай зэрэг цэргийн пилотка малгайгаа авч тавиад, унтахаар явдаг зуршилтай байжээ. Мөн Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг тогтмол сонсдог, захидал хүртэл бичдэг байсныг охин нь дурслаа. Хичээнгүй сайдын ганц хүү Юндэн, Сүхбаатар жанжны хүүтэй найз нөхөд явсныг олон хүн ярьдаг. “С.Галсан хурандаа болчихоод байхад намайг болгохгүй байна” гээд гомдоллож явсан удаатай гэнэ. “Цэргийн дээд сургууль төгсөөгүй юм чинь та яаж хурандаа болох юм бэ” гэж охин нь хэлжээ. Уг нь хичээнгүй сайдын хүүг сургуульд явуулах гэсэн юм билээ. Гэтэл Ц.Юндэн маршал Х.Чойбалсан дээр давхиж ороод “Авгай хүүхэдтэй маань хамт явуулахгүй бол явахгүй” гэж томорчээ. Тухайн үед түүний дураар гэр бүлээр нь явуулж сургах боломжгүй байсан болов уу.
Хичээнгүй сайдын ганц хүү Ц.Юндэн 1930-аад онд
Х.Чойбалсангийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан П.Шагдарсүрэн “Миний мэдэх Чойбалсан” номондоо Х.Чойбалсан гуайнхаар өөрийнх нь болон Гүндэгмаа гуайн төрөл садан, хүүхдүүд, танил садан их ирнэ. Богдын донир байсан өвгөн Жамбал, хичээнгүй сайдын хүү Юндэн нар тэднийхээр орж гардагсан” хэмээн дурссан байдаг. Үнэндээ хичээнгүй сайдын ганц хүүг Х.Чойбалсан хүлээж авдагт гайхах зүйлгүй ч өөр нэг нарийн холбоо тэдэнд бий. Маршалын анхных нь гэргий Бортолгой бүсгүй Юндэн гуайн эхнэрийн төрсөн эгч нь учир тэр хоёр базууд байсан аж.
Ю.Эрдэнэтуяа эгч гал тогоондоо эргэлдэнэ. Ширээ дүүргэж, төмсний нухаштай зайдас, пирожки зэрэг орос маягийн хоол хийх зуураа амттай яриагаар дайлав. “Эхээс наймуулаа. Таван хүүхэн, гурван хүүтэй айл” гэнэ. Аав Юндэн нь цэргийн хүн, дэд хурандаа цолтой эр явжээ. Ээж Ц.Лхамсүрэн нь насаараа сүүтэй цай уусан бол аав нь байхуу цай л уудаг байж. Аав нь пүүшиг татаж ээж нь ороосон тамхийг илүүд үзнэ. Хэдийгээр цай, тамхины сонголт нь өөр ч эвсэг, халуун дулаан гэр бүл байлаа. “Ээж, аавыг муудалцаж байхыг сонсоогүй. Ээж дуугарна гэж үгүй. Хөлөө ачиж суугаад тамхиа татдаг хүн байсан” хэмээн охин нь дурсав. Юндэн гуай 14 настайдаа ардын хувьсгалтай золгосон учраас хувьсгалын анхны жилүүдэд байгуулагдаж байсан банк, холбоо, гал команд, кино үйлдвэр зэрэг газарт ажиллаж явсан анхны хэмээх тодотгол олонтой хүн. Бас Автономит монголын анхны сургуулийн сурагч байж. Гэхдээ багаасаа л машин техник сонирхдог хүн байснаас жолооч, механикчаар олон жил ажилласан, тэр бүү хэл хичээнгүй сайд аавынхаа тэргийг ч барьж байсан удаатай гэнэ. Юндэн гуайн гурван хүү Гаалан, Гамшир, Шижир нар ч аавыгаа дуурайсан техникийн сонирхолтой байснаас төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт хүчин зүтгэжээ. Харин Надя (Навчаа), Вера (Итгэл), Эрдэнэцэцэг, Эрдэнэтуяа, Энхтүвшин охид нь эмч, орчуулагч, сэтгүүлч, багш, оюуны өмчийн мэргэжилтэй, хоёр нь доктор. Хичээнгүй сайдын том ач охин нь болох Навчаа эгч бялуу барьсаар дүүгийндээ зочилж ирсэн юм. Ц.Юндэнгийнх эхэн үедээ хүүхэд харж, гэрийн ажилд тусалдаг хүнтэй байсан ч сүүлдээ дүү нараа харж хандах, ариун цэвэр сахиулах үүрэг том охинд шилжсэн гэнэ. Зусланд гарсан хойно том охиныг гараад ирэх зуур гэрт дэг журам алдагдах нь цөөнгүй.
Хичээнгүй сайдын ач охин Ю.Эрдэнэтуяа, Ю.Навчаа нар
-Би хааяа хот ороод ирэхээр гэснээ Навчаа эгч алга хавсран залбирав “Гэр буулгаад хаясан байна. Ээж гадаа тамхиа татаад сууж байна. “Хавийн хүүхдүүд бужигнаад, гэр буулгачихаж. Та хэлэхэд яадаг юм бэ” гэхээр ээж “За яахав дээ” гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгч пирожки хайрангаа ярианд оролцож “Дүү бид гурвыг гадаа гаргахгүй. Цонхон дээрээ болжмор шиг суугаад гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харж атаархдаг байсан” гэв. Хааяа гадаа гарах “виз” өгөхөөрөө эгч нь хамт гараад цаг харж байгаад оруулдаг байсан гэнэ. Хичээнгүй сайдын ач охид өөр хоорондоо их төстэй юм. Навчаа эгч Ленинградад анагаахын сургуульд сурч, цэргийн эмчээр ажиллажээ. Бэлтгэл хошууч цолтой гэнэ шүү. Навчаа өдгөө Австри улсад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Хичээнгүй сайдын ач хөвгүүд нь өөд болж, өдгөө дөрвөн ач охин нь л үлдсэн гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгчийг УИХ-ын тамгын газарт ажиллаж байхад нь л “Удам судрынхаа тухай ярьж өгөөч” гэж хүссэн. “За” гэсэн мөртлөө завгүй гээд хойшлуулаад байдаг хүн. Тэтгэвэрт гарчихаад яагаад завгүй явдаг юм бол гэж гайхдаг байлаа. Харин тэр өөртөө маш их ажил бий болгожээ. Ю.Эрдэнэтуяа эгч гурван ном бичиж байгаа гэнэ. Түүхч С.Туяатай хамтарч хичээнгүй сайдын тухай намтарчилсан том ном бичиж эхэлжээ. Гадаад, дотоодын номын сан, архивт сууж баримт сэлт цуглуулсан гэв. Бас аав, ээжийнхээ тухай ном бичиж байна. Ю.Эрдэнэтуяа эгч ганц хүүтэй. Хоёр ач охинтой юм. Гадаадад сууж байгаа ач нартаа зориулж, эмээ, өвөө нь ямар хүмүүс байсан тухай бичжээ
Хичээнгүй сайд Б.Цэрэндорж байнга тэмдэглэл хөтөлдөг зантай хүн байв. Ганц хүү Ц.Юндэн ч аав шигээ тэмдэглэл хөтөлдөг зуршилтай байжээ. Гэр бүлийн энэ мэт уламжлалыг Ю.Эрдэнэтуяа өвлөсөн бололтой.
“Манай аав нямбай хүн байсан. Тэмдэглэл хөтөлдөг, хуучин монголоор жирийтэл бичдэг хүн байлаа. Бүх тэмдэглэлийг нь хадгалдаг. Жолооны үнэмлэх, мотоцикльчний үнэмлэх, 1938 оны гадаад паспорт ч байна хэмээн Ю.Эрдэнэтуяа сонирхуулав. “Ааваасаа юм хадгалахыг сурсан юм. Ээж аавтай хамт амьдарч байсан отгон дүү маань гал голомтоо сахиж үлдсэн. Өвөө хаант оросоос авчирсан ханын цаг, манай ээжийн алдарт эхийн нэгдүгээр одон, М.Дүгэрсүрэн гуайн аавд бэлэглэсэн швейцарь бугуйн цаг ч бий. Аав цаг засдаг хоббитой байсан. Цаг засварын хэрэгслийг нь манай нөхөр өвлөсөн. Хүүхэд бүрийн шүдний ором гарсан дурсгалтай аяга нь ч бас үлдсэн. “Миний бүх хүүхдийн шүдний ором орсон мөнгөн аяга гэж ээж хэлдэг байсан” гэв.
Маршал Х.Чойбалсан, Ц.Бортолгой нар
“Элдэв очир” кино театр буюу одоогийнхоор бол Хөрөнгийн биржийн ар талын байранд Ц.Юндэнгийнх хэмээх өнөр бүл амьдарч байжээ. “Ю.Цэдэнбал дарга аавд өгсөн байр. Энэ байрандаа аав нас барсан. Аав тэтгэвэрт гарчихаад Хувьсгалын музейн архивт эрдэм шинжилгээний ажилтантай нь хамтарч, дээр үеийн хүмүүсийн зураг таних ажил хийж байсан. Их ойтой, нэг харсан хүнээ андахгүй. Сайн дурын ажил байсан даа гэж охин нь дурсав. Ц.Бат Орших гуай энэ үеэр ярианд оролцож, хадам аавынхаа тухай дурсамжид хошуу нэмлээ. “Ийш тийшээ явж амьтан хүнтэй уулзах дуртай хүн байлаа.Партизан Дашзэвэг гуайтай уулзана. Долоо хоногт хоёр, гурван удаа тойрог хийнэ шүү дээ. Чойбалсан гуайн гэргий Гүндэгмаа гуайнхаар орно. Сүхбаатарын Галсан гуай дээр очно. Ширэндэв гуайнхаар орно. Хичээнгүй сайд аавынхаа жолооч байсан. Хичээнгүй сайд “Би улсын ажил хийж байна. Хүү маань миний тэргийг барих нь зохимжгүй” гэсэн байдаг. Тэгээд аавыг П.Гэндэн гуайн жолооч болгожээ” гэв. Харин хичээнгүй сайдынх Улаанбаатар зочид буудлын ард орос маягийн байшинд амьдардаг байжээ. Унгарын зурагчин Гелетагийн авсан Ерөнхий сайдын байшин, гэрийн дотоод байдал, түүнийг оршуулах ёслолыг харуулсан гэрэл зургийн цомгийг эднийх нандигнан хадгалдаг аж. Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн 1928 онд авахуулсан зургийг заагаад “Хацар дээрх мэнгэ нь өмөн үү болоод өвдөж байсан үеийнх нь зураг” гэж ач охин нь тайлбарлав. Туслах нь гарын үсэг зуруулах гэж ороход хацраас нь цус дусалж байсан гэдэг. Н.П.Шастин эмч өвгөнийг үзээд, гадаадад явж эмчлүүлэх хэрэгтэй гэхэд “Үхэх нь болсон хөгшин өвгөнд хатиг гарлаа гээд улсын сан хөмрөгийг хохироож болохгүй” гэж татгалзсан тухай хичээнгүй сайдын гарын нарийн бичгийн дарга явсан М.Ядамсүрэн дурсамжийн номондоо өгүүлсэн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж 61-тэй нас баржээ. Б.Цэрэндоржийн гэргий Дэлэгжид гэж эмэгтэй байлаа.Түүний садан төрлийнхөн Амгаланбаатар хотноо суудаг, зайсан гаралтай бичгийн хүмүүс ажээ.
Ю.Эрдэнэтуяа эгчийнд цэцэглээд 24 цаг болоод үхдэг кактус байдаг.
-Энэ цэцгийг манай аав цонхон дээрээ тавиад “Зуун жилд нэг удаа цэцэглэдэг гэнэ лээ” гээд хүлээгээд байсан. Аавыг нас барснаас хойш нэлээд сүүлд цэцэглэж эхэлсэн дээ. Энэ кактусыг цэцэглэх болгонд бид тэмдэглэдэг. Бүх өрхөд энэ цэцэг байгаа гэж тэр ярив.
Ю.Навчаа эгчтэй баахан хуучлав.
-Өвөөгийнхөө тухай та юу сонсч байв?
-Би тэр талаар нэг их сонсоогүй. Аавын хэлснийг л мэднэ. Дуугүй, бараг уурлахыг мэдэхгүй. Нэг үг дуугарвал сүрхий жинтэй үг хэлдэг. Хэзээ ч хүнийг хуурч худлаа хэлж болохгүй. Зарчимч байх ёстой гэж хэлдэг гэж ах бид хоёрыг үймүүлээд, шийтгүүлэхэд аав ярина шүү дээ. Тийм учраас та нар би энийг ингэчихлээ гээд хэлж байх хэрэгтэй. Хүн рүү буруугаа тохож болохгүй гэнэ. Хичээнгүй сайдыг хүүхдээ эрдэм номтой хүн болгоход их анхаарч, надад гэрийн багшаар монгол бичиг, орос, хятад хэл заалгаж байсан гэж ярьдаг байлаа.
-Ээжийнхээ тухай яриач?
-Манай ээж Богдын сойвон Цэвээнжалавын таван охины нэг. Ээж дороосоо хоёр дахь нь байсан. Ээжийн дүү Нямаахүүгийн хоёр хүүхэд нь бидэнтэй хамт өссөн юм. Ээж анхны бага сургуульд сурч анхны пионер байсан гэдэг.
Хичээнгүй сайд уг нь бэрээ болгох гэж Тамжав гэж хүүхнийг манай аавд ёсолж авсан юм билээ. Тэгээд манай аав суухгүй гэж давхисан тухай садангийн Бадамханд эмээ ярьж байсан. Ёсолж авсан Тамжавыгаа яв гэж хөөгөөд, гэр тойруулж хөөгөөд ч гэх шиг манай аав дүрсгүй нөхөр байсан шиг байгаа юм. Тэгээд Цэвээнжалав сойвонгийн охинтой суусан гэж ярьсан байдаг. 1921 онд Гуравдугаар сургууль байгуулагдахад хамт анхных нь сурагчид байсан юм билээ. Аав ээжээс жаахан ах. Ээж 1911 онд төрсөн. Аав бол 1907 оны хүн. Автономитын бага сургуульд хэрхэн сурсан тухай аавын дурсамж байдаг. Боорцог өгдөг. Таван хэл, физик, тоо бодлого, дэлхийн түүх үздэг байсан гэдэг. Анх А заалгаж байсан хүүхдийг бодвол бичиг үсэгтэй. Тэгээд аав 1921 онд байгуулагдсан анхны бага сургуульд ороод өөрөө мэддэг байсан учраас хоёр жил сураад сургуулиа орхисон. Тэр хоорондоо манай ээжийг хараад өөрийнхөө авгайг хөөж явуулаад манай ээжтэй суусан гэдэг.
-Маршал таныг өргөж авах гэж байсан гэв үү?
-Гал команд гэж байгаагийн орчимд манайх, Бортолгой эгчийнх, Нямаахүү эгчийнхтэй хамар хашаа байсан. Маршал Бортолгой эгч дээр байнга ирдэг. Маршалыг ирэхэд Долгор эгчийн охин анжаа том тогоонд түүний дуртай хярамцаг хийнэ. Бид гэртээ цай уухгүй. Эгч дээрээ орж цай ууна. Хэдэн хүүхдэд том том мөнгөн аяганд будаа хийгээд тавилчихна. Манай хоёр ах, би, Гарийгаа бид хэд тэнд л иднэ. Эгч дээр хөдөө гадаанаас хүн их ирнэ. Цагаан идээ янз бүрийн юм авчирж өгнө. Манай эгч өөрөө гурван том улаан үнээтэй. Бага тэнгэрийн ам, Арцатын аманд зусланд гарна. Үнээ саадаг хүнтэй. Үнээ саагаад модон аяганд саасан сүүгээ аягалаад “Уу, уу” гэдэг сэн. Би маршалын өвөр дээр гараад суучихна. Сахлыг нь оролдоно. Их л сайхан хүн санагддаг. Намайг хүү байсан бол маршалынх өргөж авна гэдэг байж. Ээж хүүхэн ч гарсан өгчихдөг юм билүү, хөөрхий минь гэж бодсон гэнэ лээ. Тэгсэн Бортолгой эгч “Хэрэггүй, хүүхнээ битгий өг, чи хоёр хүүтэй, хүүхнээ үлдээ. Дараа нь хүү гарвал өг” гэж хэлсэн юм билээ.
-Хичээнгүй сайдын ганц хүү эрх давилуун байсан болов уу?
-Залуудаа эрх танхи байсан гэж байгаа юм. Манай ээж “Энэ цамаан байсан шүү” гэж ярьж байсан. Хутга, сэрээ барьж хооллодог байсан даа. Аавтай сүүлийн гурав дөрвөн жил Улиастайн цэргийн бригадад хамт ажиллаж байлаа. Аав хуягт танкийн инженер хийгээд, би эмнэлгийн албаны дарга байлаа. Хичээл номонд сууна. Сайдын шалгалт гээд буудлаганд явна. “Танай аав чинь 29-өөс доошоо бууддаггүй, онц буудагч шүү. Охин нь ямар болохыг харна даа” гэсэн. Шалгалтын үеэр тэмцээнд ороод 29 буудчихсан. Ж.Лхагвасүрэн генерал Батлан хамгаалахын сайд байв. “Би дээр үед аавыг чинь онц буудахад цагаа өгч байсан юм. Одоо энэ цагаа охинд нь өгье” гээд Лхагвасүрэн генерал бугуйн цагаа бэлэглэж байлаа. С.Янжмаа гуайн ууж байсан мөнгөн аягыг манай том охины нэг насны ойгоор Галсан гуай бас өгч байсан юм гэв.
Ерөнхий сайд Б.Цэрэндорж
Хичээнгүй сайд сангаас удам залгах эрэгтэй хүүхдүүддээ батламж гардуулдаг уламжлалтай. Ю.Шижирийн ач хүү Алтангэрэлийн Тэмүүлд гардуулсан батламжид “Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Цэрэндоржийн тав дахь үеийн хүү болохыг батламжлав” гэж бичжээ. Гурван нас хүрэхээр нь батламж гардуулдаг. Сангаас хичээнгүй сайдын төрсөн нутаг Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааныхантай байнгын холбоотой ажилладаг гэнэ.
Ц.Юндэнгийнх хүргэн, бэр сайтай улс гэдэг. Эдний хүргэн ҮХЦ-ийн дарга, академич Ж.Амарсанаа, хүү, дипломатч Төмөрийн хамт хичээнгүй сайдын бүтээлийн тухай ном эмхэтгэн гаргасан байна лээ. Бас Итгэл эгчийн нөхөр Монгол Улсын гавьяат барилгачин, архитекторч Б.Дамбийням гуай хичээнгүй сайдын хөшөөг урласан аж. Бэр Л.Долгорсүрэн, Л.Хишигт нар нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн дархан бэрүүд. Тэдний хүүхдүүд дунд Монгол Улс, ОХУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Энхболд болон Г.Сонсголон, Г.Сэргэлэн, Ш.Гэрэлт-Од, Г.Амгалан нарын инженерүүд бий. Түүнчлэн багш, нисгэгч, орчуулагч, эмч, өмгөөлөгч, эдийн засагч гээд олон мэргэжлийн үр ачтай. Хичээнгүй сайдын удмынхан гадаадын олон оронд сурч, ажиллаж амьдарч буй.
Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Ерөнхий сайд асан А.Амар, Х.Чойбалсан нар нөхдийн хамт
“Нэтфликс” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар
ангийн зураг авалт өнгөрсөн зургадугаар сард Унгарт эхэлсэн бөгөөд одоогоор
Европын орнуудын зураг авалт дуусч байгаа аж. “Маркo Поло” киноны хоёрдугаар
ангид олны хэсэгт тоглосон монголчууд саяхан эх орондоо ирсэн. Тус киноны
туслах дүрд сонгогдсон жүжигчин Ц.Цэрэнболд, Баярцэцэг, Ц.Эрхэмбаяр нар
удахгүй зураг авалтад оролцохоор Малайз улсыг зорих гэж байна. Ингээд тус
киноны Хубилай хааны бага насны дүрд тоглох 11 настай Цогтбаярын Эрхэмбаяр
хүүтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө баяр хүргэе. Өөрөө гадаадын кинонд тэр тусмаа Монголын түүхэн
дэх агуу хааны бага насны дүрийг бүтээх гэж байна. Сэтгэл хэр догдолж байна вэ?
-Маш гоё санагдаж байгаа. Би гайхалтай, эр зоригтой агуу баатрын дүрд
тоглох юмсан гэж боддог байсан.
-Тэгвэл хүсэл нь биелж байна шүү дээ?
-Тийм.
-Анх дүрийн шалгаруулалтад хэрхэн тэнцсэн тухайгаа ярьж өгөөч?
-“Марко поло” киноны хоёрдугаар ангид жүжигчин шалгаруулж авна гэсэн зар
телевизээр явсан. Бас манай дугуйлан дээр зарлал ирсэн. Манай драмын
дугуйлангийн багш Ө.Нямсүрэн 12 настай хүүхдүүдийг МҮОНРТ дээр очиж
шалгаруулалтад оролцоорой гэж захисан. Яг тэгэхэд би 10 настай байсан. Тэгсэн
аав ээж хоёр маань “Юу ч байсан очиж дүрийн шалгаруулалтад оръё” гээд намайг
дагуулж очсон.
-Хэчнээн хүүхэд байсан бэ?
-Зөндөө хүүхэд байсан.Зарим хүүхдүүд багштайгаа хамт ирчихсэн байсан.
Миний өмнө жүжигчин Аглуу ах, Онон ах хамт ирсэн хүүхдүүддээ ингээрэй, тэгээрэй
гээд л яаж жүжиглэхийг зааж өгч байсан.Аав ээжийг дотогш оруулаагүй болохоор би
ганцаараа телевиз рүү орсон байхгүй юу.
-Тэгээд яасан. Цаанаас нь дүр өгсөн юм уу?
-Шалгуулах бүх хүүхдэд цаасан дээр хэвлэсэн өгүүлбэр өгсөн. Тэр
өгүүлбэрийг нь өөрсдийнхөөрөө ойлгож унших ёстой.
-Ямар өгүүлбэр байсан бэ. Уншиж өгч болох уу?
-“Өвөө эднийг яах гэж байгаа юм бэ? Та тэрэгний голоор шийдэх гэж байгаа
юм уу. Энэ хүүхдүүдийг алахгүй биз дээ”
гэх мэт өгүүлбэрүүд байсан. Аглуу ах миний өмнө гарах хүүхдэд энэ хэсэг
дээр нь ингэ, тэг гэж зааж өгч байхыг би харсан. Би тэрийг нь сонсоод ингэх
ёстой юм байна гэж бага зэрэг санаа авч уншсан. Тэгсэн шүүгчид сайн байна
гэсэн.
-Хоёрдугаар шатны шалгаруулалтад юу үзүүлсэн бэ?
-Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор боллоо гэж ээж рүү маань
утасдсан. Тэгээд интернэтээр хэдэн өгүүлбэр англи хэлээр болон монгол орчуулгатай
нь хамт явуулсан. Түүнийгээ аваад драмынхаа багш дээр очиж зөвлөгөө аваад
дуудсан газар нь очиж шалгуулсан. Тэгэхэд гадаадаас “Марко поло” киноны
найруулагч ирсэн байсан.
-Англиар шалгаруулалт өгөх ямар санагдсан. Бас гадаадын хүмүүсийн өмнө
гараад шалгуулахад сандарсан уу?
-Сандарсаан, сандарсандаа үгээ мартчихвий дээ л гэж айж байсан. Уг нь
англиар мундаг ярьдаг нэг хүүхэд байсан. Харин би зөвхөн цээжилсэн
өгүүлбэрээсээ өөр англиар ярьж мэдэхгүй ш дээ.Тэгсэн шүүгчид над руу хараад
эрхий хуруугаа өргөөд good good гээд л.
Хажууд нь байсан монгол ах “хүү минь сайн байна шүү яваад байгаарай” гэсэн.
-Хубилай хааны дүрд тоглохоо хэзээ нь мэдсэн бэ. Танай гэр бүлийнхэн
хэрхэн хүлээж авав?
-Тэр шалгаруулалтаас хойш хоёр сарын дараа бараг хэлсэн байх аа. Манай
аав, ээж хоёр бөөн баяр хөөр болж хүүгээрээ бахархаж байна гэж хэлсэн. Эхлээд
зургадугаар сарын 22-нд явна гэж байгаад дараа нь долдугаар сард наадмын үеэр
явна гээд чимээгүй болчихсон. Манайхан юу болсон юм бол гэж зөндөө хүлээсэн.
Харин саяхан аравдугаар сарын эхээр явна шүү гэж Оргил ах хэлсэн байна лээ.
-Оргил ах гэж хэн бэ?
-“Марко Поло” киноны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер, том
сайд ах байдаг гэж аав хэлсэн. Оргил ах Иргэний боловсрол төвийн Нарангэрэл эгч
хоёр тэндээс ирж байгаа мэдээлэл мэдээг манай гэр бүлийнхэнд дамжуулдаг юм.
-Одоо хаана зураг авна гэж байна. Зураг авалт хэд хоног үргэлжлэх бол?
-Малайзад 10-14 хоногийн хугацаанд зураг авна гэсэн.
-Гэр бүлээс нь хамт хүн явах уу?
-Аавтайгаа хамт явна. Аав бид хоёрын зардлыг цаанаас нь даана гэсэн.
-Зураг авалтад зориулж хувцас бэлдэж байгаа юу?
-Үгүй. Очоод надад тааруулж бэлдэнэ гэсэн. Харин үсийг чинь хусаж болох
уу гэж асуусан. Би зөвшөөрсөн. Намайг энд иртлээ үсээ сайн ургуулж байгаарай,
засуулж болохгүй шүү гэж захисан.
-Киноны аль хэсэгт нь тоглох бол. Цээжил гэж зохиол өгсөн байгаа юу?
-Шалгаруулалтын үеэр өгсөн зохиолыг уншсан. Тэр байх үгүйг мэдэхгүй
байна. Зохиол дээр Жаха Хамбуу баатар хасаг тэрэгний дугуйнаас дээших хүний
толгойг ав гэдэг хэсэгт тоглох болов уу. Тухайн үед Хубилай хаан хүүхэд байсан.
Түүнийг хараад сууж байгаад их айж байгаа гардаг гэсэн.
-Хубилай хааны том болсон дүрд ямар орны жүжигчин тоглож байгаа бол,
мэдсэн үү?
-Би сайн мэдэхгүй ээ. Би тэр жүжигчинг бас Хубилай хааныг фэйсбүүкээр
харсан. Хубилай хааны зураг дээрх царай нь нээрээ надтай адилхан юм байна лээ.
(инээв)
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Манайх ам бүл тавуулаа. Манай аавыг Цогтбаяр, ээжийг Энхжаргал гэдэг.
Манай дунд дүүг Элбэгбаяр, бага дүүг Оюутсэцэн гэдэг. Миний бага дүү охин их
хөөрхөн. Харин эрэгтэй дүү их сахилгагүй. Намайг дагаж хүүхдийн ордонд очсоор
байгаад манай ордныхон бүгд таньдаг болчихсон ш дээ.
-Монголын хүүхдийн ордонд хэзээнээс явж эхэлсэн?
-Би 93 дугаар сургуулийн 6Б ангийн сурагч. Манай ангийн багшийг
Мөнхдаваа гэдэг. Намайг нэгдүгээр ангид ороход л ээж Монголын хүүхдийн ордонд
оруулсан. Би цэцэрлэгт байхдаа бүжиглэдэг
байсан юм. Жалам хар бүжиглээд л Баянгол дүүргийн хүүхдийн арга хэмжээнд их
ордог байлаа. Тэгээд л МХО-ы драм, бүжгийн дугуйланд оруулсан юм. Манай драмын
дугуйлангийн багшийг Ө.Нямсүрэн, бүжгийн дугуйлангийн багшийг Б.Хулан гэдэг.
Надад зөндөө зүйлийг зааж өгсөн.
-Чамайг
жүжигчин гэж бодож байтал бас бүжигчин юм уу?
-Би Хулан багш
дээрээ ирээд “Нарны домог” бүжгэн жүжигт гурван жил бүжиглэсэн. Мөн драмын дугуйлан
дээрээ хүүхдүүдийнхээ дунд янз бүрийн дүр бүтээж тоглосон.
-Багш нар чинь
Эрхэмбаяр манай хүүхдийн ордны гол сурагч гэж байна лээ. Ямар ямар уралдаан
тэмцээнд оролцож байв?
-Зөндөө орсон. Би
МХО-ы авьяас хүрэл, мөнгө, алтан медальтай. МХО-ыхоо шугамаар гадаадад хүртэл
явж тоглолтод оролцож байсан.
-Чамд өөр
хөгжилтэй явдал, хоч нэр байгаа юу?
– Намайг
дугуйлангийнхан манжин гэхээр андахгүй.
-Яагаад
“манжин” нэртэй болчихов оо?
-Анх дугуйланд
ороход би манжингийн дүрд тоглосон. Хамгийн жижигхэн биетэй байсан болохоор
тэр. “Манжин” гээд л хэлэхээр бүгд инээчихдэг байсан. Яагаад тэгдэг байсан юм
бүү мэд. Тэгсэн дараа жил нь бүжгийн багш Орос ардын үлгэр “Манжин” үлгэрээр
бүжгэн жүжиг тавьсан. Би “Манжин” бүжгийн гол дүрд бүжиглэсэн. Тэгээд л бүр
манжин болчихсон. (инээв)
-Хэд хэдэн
рекламанд тоглож байхыг чинь үзсэн. Бас кинонд тоглосон гэж сонссон?
-Байгаа. Сая
хавар Эрүүл мэндийн яамны төслийн богино хэмжээний кинонд тоглосон. PC тоглоом
их тоглодог хүүхдийн дүрийг бүтээсэн. Надад хичээл, дугуйлан гээд хэзээ ч PC
тоглох зав гарч байгаагүй. PC тоглоом тоглуулдаг газар ч орж үзээгүй гэсэн чинь
найруулагч гайхаад байсан. Хэд хэдэн
рекламанд тоглож үзсэн. Саяхан “Тооцоогүй тоглоом” киноны нэг хэсэгт
орсон.Жаахан байхдаа МҮОНТ-ийн “Ерелаш цуврал” хүүхдийн киноны “Хулгайчийг
барьсан нь” хэсэгт гол дүрд тоглосон.
Бас “Мэргэжил бүхэн сайхан” гээд телевизийн нэвтрүүлгийн одон орон судлаачийн
дүрд тоглосон.
-Ер нь
жүжигчдээс хэнийг шүтдэг вэ?
-Би кино
жүжигчдээс Цэрэнболд ах, “Марко поло” кинонд
тоглосон Амараа ах нар шиг мундаг жүжигчин болохыг хүсдэг. Мөн манай Хүүхдийн
ордонд жил болгон ирдэг өвлийн өвөө Жагаа ах шигээ мундаг жүжигчин болно. Мөн
хошин урлагийн Бооёо ах, Аглуу ах нартай адилхан ямар ч хамаагүй дүрд сайн
тоглодог болно гэж боддог.
-Эрхэмбаяр өөр
юу сонирхдог вэ?
-Би бүжиглэх
дуртай. Усанд сэлэх, хөлбөмбөг тоглох дуртай. Аялах дуртай. Бас кино үзэх
дуртай.
-Ямар кино
үзэх дуртай вэ?
-Бүх төрлийн кино
үзэх дуртай. “Зүрхээр наадагч” киног үзэх маш дуртай. Дүүтэйгээ хамт зөндөө удаа үзсэн.
-Юу нь тэгж
сонирхлыг нь татсан юм бол?
-Манай
дугуйлангийн найзууд асрамжийн газрын хүүхдүүдэд тоглосон. Уг нь “Хувьсал”
продакшны ах эгч нар дугуйлан дээр ирж дүрийн шалгаруулалт явуулсан юм. Би
шалгаруулалтад орж чадаагүй. Хэрвээ шалгаруулалтад нь тэнцсэн бол би ингэх
байсан даа гэж бодож байн байн үздэг.
-Тэгэхээр
тоглож чадаагүй шарандаа үздэг байх нь ээ?
-Яг тийм. Гэхдээ
багш “Миний хүү байсан ч тэнцэхгүй байсан. Тэр дүрд чинь мяраалаг хүүхэд
авахгүй байсан юм” гэж хэлэхэд л би тайвширсан.
-Амралтаараа
юу хийдэг вэ?
-Хичээлийнхээ
амралтаар дугуйландаа явдаг. Харин зуныхаа амралтаар хөдөө явдаг. Эмээ маань
Төв аймгийн Угтаалцайдам суманд амьдардаг. Эмээ дээрээ очиж хонь хариулж өгч
мөн малынхаа хашаа, хотныхоо баасыг цэвэрлэдэг.
-“Марко поло”
киноны шалгаруулалтаас өмнө жүжигчин Амараатай таарсан, дараа нь киноны
шалгаруулалт эхэлсэн гээд их азтай хувь тохиолууд ар араасаа тохиолдсон гэсэн
байх аа?
-Их азтай
тохиолдол болсон. Хамгийн анх “Чонон сүлд” гээд киноны нээлт дээр гэр бүлээрээ
очиход жүжигчин Амараа ахтай таараад хамт зураг авахуулсан юм. Тэгсэн Амараа ах
намайг харчихаад “Ямар бүдүүн юм бэ. Миний дүү тур тур гэж хэлж байсан. Түүнээс
нэг их удаагүй “Марко поло” киноны сонгон шалгаруулалт явагдана гэсэн зар гарах
болсон. Ямар ч байсан шалгаруулалтад очиж үзье гэж бодож очоод тэнцсэн. Үнэхээр
азтай тохиолдол байсан шүү.
-Эрхэмбаярын
мөрөөдөл?
-Их л олон юм
мөрөөддөг дөө. Тоёото компанийн захирал болж бүх машиныг нь унахыг хүсдэг гээд
л мөрөөдөл дуусахгүй. Бас Улаанбаатар хотынхоо бүх хогийг том тоос сорогчоор
соруулчих юмсан гэж мөрөөддөг. Одоо сүүлийн үед би “Марко поло” кинонд маш сайн
тоглож холливудад болох киноны нээлтэд оролцож улаан хивсний ёслолд алхаж
үзэхийг хамгаас их мөрөөдөж байна.
Монголын Хүүхдийн
ордны захирал П.Анхтуяа багш болон бүх багш, ажилчид, найз нартаа маш их
баярладаг шүү гэж хэлмээр байна.
“Сав шимийн
ертөнц” буланд энэ удаа дэлхийн хамгийн гайхалтай амьтдын нэг болох хөх халимыг
танилцуулж байна. Хөх халим бүх цаг үед амьдарч байсан амьтдын дотроос хамгийн
том нь. Нисэх онгоцтой дүйцэхүйц хэмжээний урттай, гурваас таван давхар
байшинтай адил өндөртэй энэхүү аварга амьтан нь сахалт халимын дэд багт багтдаг
ажээ. Далайн гүнд амьдрах хэдий ч загас биш. Биологичдын үзэж буйгаар 45-50 сая
жилийн өмнө халим хуурай газар амьдардаг байжээ. Цаг уурын өөрчлөлтийн улмаас
далайд зохицон амьдрах болсон байна.
Эрин галавын
үеийн түүхийг өнөөгийн иргэншилд өртөөлөн авчирсан хамгийн сүүлчийн аварга
амьтан бол чухам энэхүү хөх халим юм. Нас бие гүйцсэн дундаж хөх халим нь ойролцоогоор 25-35 метр хүрч,
100-200 тонн жин татдаг ажээ. Хэрэв хөх халимыг том машинд ачна гэвэл зургаан
тоннын даацтай “3ил-130” машин 20-25 ширхэг хэрэгтэй. Харин ердийн хөсөг болох
тэмээнд ачъя гэвэл 300 кг даах атан тэмээ 400-500 хэрэгтэй болох нь. Бусад
амьтадтай харьцуулаад үзвэл 40 заантай эсвэл
300 кг жинтэй 60 шар үхэртэй, 75 кг жинтэй 2000 ирэг хоньтой тэнцэнэ гэсэн үг.
Түүний зүрх нь л
гэхэд томоороо зургаан хүний аяны майхны хэмжээтэй, хоёр шар үхрийн дайны хүнд.
600-800 кг хүрнэ. Хэл нь 2.7 тонн буюу хоёр зааны хэмжээтэй. Элэг нь 900-1000
кг. Цус нь 8000-9000 литр. Харин судас нь усны хоолой шиг өргөн. Ийм өргөн
судсан дундуур хүн сэлж ч чадна.
Аварга халимны
өлөн гэдэснийх нь урт 5-6 ширхэг их таван ханатай гэрийг бүслэхээр хэмжээний
буюу 250-300 метр урт, ходоод нь 3000 литрийн багтаамжтай.
Хөх халим нэг
удаа амьсгаа авахад уушгинд нь 14000 литр агаар сорогдон орж байдаг бөгөөд
амьсгалах тоолонд далайн ус 12 метр хүртэл өндөрт оргилж байдаг байна. Үлгэр
домог мэт санагдмаар уг амьтны ам нь зургаан метр урт, гурван метр өргөн. Дуу
чимээг 3-5 км холоос тод сонсдог гэнэ. Харин нүд нь энэ аварга биедээ дэндүү
багадсан гэмээр жижигхэн харагдах боловч нэг кг байцаатай тэнцэнэ. Ийм том
амтай, 3000 литрийн багтаамжтай аварга амьтан хоногт хэр их хоол идэх нь
ойлгомжтой. Тэрбээр нэг удаадаа 4-5 тонн далайн амьтдаар хооллодог байна. Гэхдээ
ийм том амьтан гэхэд дэндүү гологдмоор хоолоор хооллодог. Түүний хамгийн дуртай
хоол нь жижигхэн сам хорхой гэнэ. Сам хорхойгоор хооллох нь маш тэжээллэг
байдаг аж. Мөн саяхны судалгаагаар сардин загас бас иддэг болохыг тогтоожээ.
Хөх халимын талаар
эдгээр харьцуулалтыг үзэхэд “Арал гээд хүн амьтан суурьшсан чинь аварга халим
байсан” тухай гардаг Орос ардын үлгэрийг санагдуулж байгаа биз. Тэрхүү үлгэрийг
үнэн түүхээс сэдэвлэсэн юм биш байгаа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ.
Тэр битгий хэл
түүхэнд “Буратино”-гийн үлгэрт гардаг шиг халиманд идүүлээд нэг хоногийн дараа
гэдэснээс нь амьд мэнд гарч ирсэн хүн ч байдаг ажээ.
1981 онд Английн
“Дорнодын од” гэх усан онгоцны багийнхан халимтай тулалджээ. Энэ үеэр
багийнхны хоёр нь жижиг онгоцтойгоо живж халиманд залгиулсан байна. Багийн
үлдсэн гишүүд нь халимаа агнаж чадсан бөгөөд өнөөх аварга олзоо өдөржин,
шөнөжин өвчжээ. Маргааш нь халимаа өвчиж дуусаад ходоодыг нь задалж үзэхэд алга
болсон хоёр хүнийх нь нэг Джеймс Бартли гэгч ухаангүй хэдий ч амьд мэнд байсан
гэнэ. Түүний бүх бие нь түлэгдсэн байсан бөгөөд гурав хоногий дараа бүрэн сэхээ
оржээ. Энэ бол үнэн бодит түүх юм.
Хөх халимны амьдрал, ба
үржил
Үлгэрийн мэт
энэхүү аварга амьтан бүх далайд нүүдэллэн амьдардаг. Зундаа Хойд мөсөн
далайгаар зусч, өвлийн улиралд Антарктидын далай хавиар нутагладаг байх нь.
Ихэнхдээ ганцаараа амьдрах дуртай ч үржлийнхээ үед болон зулзагаа өсгөхдөө
хосоороо явна. Хөх халим 8-10 нас хүрээд нас бие гүйцэх бөгөөд 80 гаруй насалдаг ажээ. Эм халим 11 сар
хээлээ тээж, 2-3 жилд нэг удаа төрнө. Халимны зулзагыг тугал гэнэ. Эх халим
ихэр тугал төрүүлэх нь ховор. Дөнгөж төрсөн тугал нь ойролцоогоор долоон метр
урт, 2700 кг жинтэй байна. Хүн төрөлхтөн бидний хувьд дэндүү аварга мэт
санагдах бяцхан тугал эцэг, эхдээ эрх танхи гэнэ. Тэрбээр эхийнхээ хажууд
наалдаж 7-8 сар хөхөө хөхдөг. Өдөртөө 380-570 л сүү хөхөх бөгөөд үүнийхээ
хүчинд хоногт 90 кг жин нэмдэг байна.
Хөх халим
өөрийнхөө хосыг намар олдог ажээ. Намрын сүүлчээс эхэлсэн үржил, өвөл дуустал
үргэлжилдэг байна. Тэд нэгийгээ олохдоо дуу чимээгээ ашигладаг аж.
Сонирхуулахад эдгээр аварга хөхтөн амьтад биедээ дүйцэхүйц хамгийн чанга дуу
гаргадаг юм. Халим нь хөлөг онгоцны
дуутай адил хэт нам долгионы хүрхэрсэн дуу гаргах бөгөөд 150 км-ын цаанаас ч
тод сонсогддог гэнэ. Тэрбээр 3-4 метр урт сэлүүрээрээ цагт 50 км хүртэл хурдалж
чадна. Гэхдээ төрөлхийн тогтуун ааштай болохоор ерөнхийдөө 20 км/ц хурдтай л
сэлдэг аж.
Дэлхийн хамгийн
том энэ амьтан руу өөр ямар ч амьтан халдан довтолж чадахгүй байх гэж
бодогдохоор. Гэвч тийм биш ажээ. Хөх судалт халимны ганц заналт дайсан нь
алуурчин халим гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн халимны 25 хувь
нь алуурчин халимны дайралтаас авсан шарх, сорвитой байжээ.
Эрин галавын
үеийн энэхүү аварга амьтантай нэгэн ертөнцөд амьдарч буй хүмүүн төрөлхтөн
азтай. Гэвч бид техник технологи илүү төгс болж хөгжихийн хэрээр байгаль эхийн
бүтээсэн гайхамшгуудыг нэг нэгээр нь устган сүйтгэж байна. Дээр үед хурд,
хүчтэй аварга том халимыг агнана гэдэг боломжгүй байжээ. Гэвч том том онгоц,
буу зэвсэг, тэсрэх бөмбөг зэр зэвсэг гарснаар хөх халимыг ихээр нь агнах
болжээ. 1960-аад онд хөх судалт халимыг агнахыг хориглосон хууль гаргасан
ч энэхүү гайхалтай амьтныг хууль бусаар
агнасаар ирсэн байна.
Сүүлд 2002 оны байдлаар гэхэд нийт 5000-12000 орчим хөх судалт халим байгаа
гэсэн тооцоо гаргажээ. Харин өдгөө уг сүүн тэжээлтнийг аврахын тулд дэлхийн
сая, сая хүн нэгдэн ажиллаж байна.
“Улс төрд ухаантнууд нь орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” гэж дорнын нэгэн ухаантан хэлсэн байдаг юм. Өдгөө хүн бүр мэддэг болсон үг. Сүүлийн үеийн Монголын улс төрийг харахад энэ үг их үнэн юм байна. Монголд ардчилсан хувьсгал хийгдэж, нийгэм огт өөр нийгмээр солигдох үед голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр ядахад торойж харагдахгүй байх юм. Яахав, Элбэгээ, Гончигоо, Үүл, Алтанхуяг… гээд улс төрд одоо байна л даа. Эдэнтэй эн зэрэгцэх, араас нь залгаас болж алдаа оноог нь дэнсэлж өгөх лидерүүд хаачив. Монголын ардчиллын гол үзэл сурталчид болох Баабар, Цэнддоо, Нэргүй, Хатанбаатар… яагаад улс төрд орж ирэхгүй байна. П.Очирбат, Д.Бямбасүрэн… өнөө жингийн цуваанууд яагаад улс төрд сураггүй байна. Да.Ганболд, М.Энхсайхан… эд нар өнөөдөр дагалдах, гүйцэтгэх түвшинд явах ёстой хүмүүс мөн үү. Эд нар, эдний үеийнхэн бүгдээрээ идэвхтэй амьдрах нас нь дуусаж, эрүү өвдөг нь нийлчихээгүй шүү дээ. Дэлхийн практикийг хар л даа, дэлхийн улс төрийг яг л та нарын үеийнхэн одоо удирдан жолоодож байна шүү дээ. Ганц ардчиллынхан ч биш МАН-ын лидерүүд байх ёстой байр суурин дээрээ алга. Б.Даш-Ёндон бол сүүлд төрсөн ганц онолч. Хоёр нийгэм дамнан улс төрд байсан Г.Очирбат, Ш.Гунгаадорж, Ц.Гомбосүрэн, С.Төмөр-Очир, Н.Багабанди, С.Баяр эд нар яагаад Их хурлын гишүүн болохгүй байна. Улс орны хэмжээний бүтээн байгуулалт, аж ахуйн ажлыг гаргууд сайн хийх хөдөлмөрийн баатар Р.Раш гуай, Ж.Гүррагчаа баатар нарын нэр хүнд, ажлын хариуцлагатай чанарыг нь өнөөдөр ашигламаар байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан гуай шиг Монголын газар тариаланг мэдэж буй хүн өнөөдөр байгаа юм уу. Энэ мэтчилэн салбар бүртээ ажилласан шиг ажиллаж чаддаг ланжгарууд энэ намд олон бий. Ийм л хүмүүсийн цэцэн мэргэн ухаан, ажил амьдралын асар их туршлага, хат суусан чанар Монголын улс төрд, улс орныг удирдан чиглүүлэхэд хэрэгтэй болчихоод байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ эх орондоо зүтгэх өртэй. Та бүхэн үхэн үхтэлээ энэ улс орны төлөө сэтгэл санаа, оюун бодлоо чилээх үүрэгтэй. Тэгэхгүй байгаагаас чинь болж өнөөдөр улс орныхоо байгаа царайг хар. Халагламаар байгаа биз дээ. Учир нь та нар Монголын төрийн бүх эрх ямбыг эдэлсэн, гавьяа шагналыг нь ч хүртсэн. Төрийн хүний өндөр дээд чанар ямар байхыг мэдэх, төлөвшсөн хүмүүс. Тийм болохоор та нар одоо өрөө төлөх цаг болжээ. Эх орондоо өрөө төлцгөө.
Та нар хар даа! Монголын төрд жолоодогчид байна уу? Монголын төрд жолооч нар нь л байгаа биз дээ. Хамгаалагч нь, сувилагч нь, цай зөөгч нь, ресторанд даагч нь, илтгэлийг нь шивэгч нь, цүнх баригч нь… үгүй ер ямрууд нь төрийн сайдын суудалд оччихсон байгаа юм бэ. Ийм удирдагчидтай байгаа нь эмгэнэл биш үү, нөхөд өө. Ийм хүмүүсийн эрх ашгийн эрэмбэ ямар байх бол. Наад захын жишээгээр бодоход Багабанди, Баяр, Баабар, Цэнддоо, Да.Ганболд… эд нар эх орныхоо эрх ашиг, ажил төрлөөс наана сайхан хүүхний хэрэг явдлыг урьдал болгох уу. Ядаж тэгэх нас нь өнгөрсөн биз дээ. Өдөр нь харсан сайхан хүүхнээ шөнө нь бодоод унтдаггүй нас чинь одоо энэ Сайхнаа, Баярцогт, Гантөмөр, Наранхүү, Баасанхүү, Болор, Тэмүүжин… нарынх байлгүй дээ. Эдний үеийн Их хурлын гишүүд, сайд дарга нарынх байлгүй дээ. Цаашилбал залуу хүмүүст мөнгө мөн ч хүчтэй нөлөөлнө дөө. Энэ бол амьдралд их ойр, үнэн эрсдэлүүд юм. Энэ мэт залуу улстөрчдөд тохиолдох олон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга бол олон улсад улстөрчдийн насны хязгаарыг зааж өгөх байдаг. Үүн дээр Дундад Азийн улс орнууд дорвитой алхмууд хийсэн. Одоо оросууд ийм санаачилгуудыг их гаргаж хэвлэл мэдээллээрээ ярих боллоо. Урд хөрш хийгээд япон, солонгосчууд угаасаа насны хязгаарт анхаардгийг та бид ядаж телевизийн мэдээнээс харж байгаа. Хятадын Ардын их хуралд 40 настай хүн харагдахгүй. Дундад Ази буюу станы орнууд дотор Узбекстан хамгийн анх парламентынхаа насны хязгаарыг 45 наснаас дээш болгосон нь хөрш орнуудад нь халдварлаад байгаа юм. Дундад Ази буюу уулынхны удам гарвалд тэгж яривал манай Алтай нурууныхан ч орно. Түүхээрээ бол Завханаас цааших хэдэн аймгийнханд уулынхны уламжлалын үлдэгдэл цусанд нь байх ёстой. Тухайлбал өнөөдөр станы орнуудад “Аксакалчууд” гэх хүмүүс бүгдийнх нь атаман, ноён нуруу нь болж байдаг. Аксакал нь манайхаар бол ус нутаг, сум баг дотроо нөлөө бүхий ахмад настан юм. Тэдний үг, үйлдэл бүхэн тэндээ хууль. Тэр байтугай Киргизстанд “Аксакалын шүүх” гэж бий. Нийгэмд хуулиар шийдэж, зохицуулж чадахгүй байгаа зүйлийг энэхүү “Аксакалын шүүх”-ээр эцэслэдэг байх жишээтэй. Өнөөдрийн хөгжсөн дэлхийд ийм уламжлал хадгалагдсаар байгаа нь мухар сохор ёс заншил гэхээсээ илүү ямар ч эдийн шуналгүй болсон, амьдрал таньсан, эх орноо, ард түмнээ боддог болсон, дээр нь зөнөж өтлөөгүй ахмад хүнийхээ үгийг нийгмийн сэтгэл зүй нь дагадаг, тэдэндээ итгэж найддаг талаас нь харах хэрэгтэй юм билээ. Өнөөдөр хүн урт насалдаг болсон. Жишээ нь Японд 100-гаас дээш настай иргэдийн тоо 60 мянга хол даваад байна. Хүн амьдралдаа 2-4 мэргэжил эзэмшиж түүгээрээ ажиллаж амьдрах болсон цаг үе ирлээ. Ийм болчихсон цаг үед 30, 40, 50 нас гэдэг залуу нас юм. Үүнийгээ дагаад дээрх насыг улс орныг удирдан жолоодоход эрсдэл дагуулах, жолдох нас гэж улс орнууд үзээд ийнхүү улс төрд насны хязгаар хуулиар тогтоож эхэлжээ. Дэлхий ч ийм болж байна, манай улстөрчдийн байгаа байдал ч парламентын насандаа хязгаар тогтоохыг шаардаж байна. Ингэхээр улс орныг удирдан чиглүүлэгчийн насыг манайх 50 наснаас дээш тогтоомоор байна. Өнөөдөр гэтэл манайхан яаж байна гэхээр 40 нас гараад “Би хөгширсөн хүн” гэж солиороод, гэртээ очоод хэвтчихдэг, дурсамжаа бичнэ ч гэх шиг, өөрсдийгөө эрт тэтгэвэрт гаргачихдаг. Үүн дээр залуус нь дөрөөлөөстэй. Угтаа бол одоо энэ доктор Л.Түдэв, “иргэн” Ламжав, судлаач Ганхуяг, хуульч Нарангэрэл, физикч Ганцог, академич Лхагважав, Нямзагд генерал Пүрэв, Сандаг-Очир… нарын /өөр цаана нь олон хүн бий/ салбар бүрийн оюуны бяртнууд бүгдээрээ юмны цаана ярьж суух биш шууд гарч ирж гар бие оролцмоор байгаа юм. Ялангуяа парламентад эдгээр хүмүүс амин чухал хэрэгтэй байна. Бүгдээрээ нэр дэвших хэрэгтэй.
Сүүлийн гучаад жилийн Монголын төрийн түүхийг харъя. Улс төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх гуай төрийн ажлаа орхиод гэртээ сууснаас хойш энэ төр эзэнгүй юм шиг явж ирлээ. Залуу хүмүүсийн зоримог, ухаалаг бодлого шийдвэр харагдсангүй. Сүүлийн 25 жилд улс төр, нийгэм эдийн засгийн хамгийн зоримог шийдвэрүүдийг хэн гаргаж вэ гэвэл дээр нэр дурдсан, өдгөө улс төрөөс хол байгаа нөхдийг нэрлэнэ. Жишээ нь ерэн оны хувьсгалтай дүйх хэмжээний том хувьсал өөрчлөлт юу байсан гэвэл 20 дугаар тогтоол буюу үнэ чөлөөлөх байсан. Үүнийг Дашийн Бямбасүрэнтэн хийсэн. Энэ бол ардчиллын дэд хувьсгал байсан. Удаад нь өмч хувьчлал орно. Үүнийг Да.Ганболд нар удирдан зохион байгуулсан. Энэ бол бас л дэд хувьсгал. М.Энхсайханы экспортын бүх татвар тэглэснийг ч оруулж болно. Энэ бол залуу улстөрчийн зоримог шийдвэр. Хамгийн сүүлийн эдийн засгийн том алхам бол С.Баярын Оюу толгойг хөдөлгөсөн явдал. Түүхэндээ анх удаа эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Сүүлийн гучаад жилийн түүхэн дэх реформ бүгдийг хийсэн нөхөд одоо улс төрөөс ангид байгаа нь өөрөө эмгэнэл болчихоод байна. Өөрсдийгөө өвгөд хөгшид болгочихоод байгаад нь уур хүрмээр байна. Ухаантнууд нь улс төрөөс зай барьж ухаан муутайнууд нь төрөөр тоглох үйл явц гэж үүнийг хэлээд байгаа юм.
Өнөөдөр улс орон удирдаж буй нөхдүүд яаж байна гэхээр улс төрийг өс хонзонгоо тайлах, хор найруулах, хуйвалдах, урваж шарвах гэж ойлгон, нийгмийн үнэлэмжийн хамгийн муухай бүгдийг бие сэтгэлдээ шингээж, толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийн дургицгааж байгаа явдал юм. Өнөөдрийн парламентад Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан… эд нар үнэ цэнтэй байна шүү дээ. Ц.Нямдоржийг намынх нь залуус далд элдвээр хэлээд хөөж байна. Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүн одоо л төр барих насандаа хүрч байна. Ц.Нямдорж, Р.Гончигдорж… эд нарын нас бол жинхэнэ төр барьж эхлэх нас. Яагаад гэвэл эдгээр эрхмүүд хоёр нийгэмд амьдарч, ажиллаж, улс орны үйл хэрэгт гар бие, оюун ухаанаараа оролцсон хүмүүс. Хятадын төрийн эрхэнд 70 настай Дэн Сяопинийг гарч ирэхэд “Энэ муу хөгшин” гэж дургүйцэх хүн олон гарсан гэдэг. Харин Мао өвөө юу гэсэн гэхээр “Энэ хүн л ийм цаг үед Хятадыг удирдаж чадна. Яагаад гэвэл тэр хятадын гурван нийгэмд амьдарсан, бүгдэд нь оролцсон хүн” гэжээ. Хүн төрөлхтний түүх ийм явж ирсэн атал өнөөдрийн 40, 30, бүр хорин хэдэн настнууд юун төр удирдах вэ. Болоогүй ээ, залуусаа. Өнөөдөр Монголын улс төрд амьдралаас яг үнэнийг хардаг, түүнийгээ хэлдэг, үнэнтэй бас эвлэрдэг хүн л хэрэгтэй. Тийм хүмүүс бол та бидний ахмадууд гэж гоочлох гээд байгаа улстөрчид юм. Тэдний шуналын хор хэдүйн арилсан, тэд үр хүүхдээ боддог, ядаж буян нүгэл, хойд урд насаа боддог насан дээрээ ирсэн хүмүүс. Тэдэнд үр хүүхдээ, удам судраа, аав ээж, өвөг дээдсийнхээ ариун сүнс оршин буй монгол газар нутгаа яаж бүрэн бүтнээр нь, сайн сайхан амьдрах нийгэмтэй нь үлдээх вэ гэсэн л амьдралын утга учир байгаагаас бус өнөөдрийн залуус шиг мөнгөө, хүүхнээ, эрх мэдлээ булаалцалдан дайсагналцахгүй шүү дээ.
Хүн 50 нас хүртлээ юу эсийг хийхэв. Тэнэг л биш бол эхлээд өөрийгөө олно. Ар гэрээ төвхнүүлнэ. Бие сэтгэлээрээ хат сууна. Үүний дараа энэ нийгэм, улс орон чинь юу болж байна гэж босгоноосоо давж харна, бодно, шанална. Ийм үедээ л улс төрд орно. Энэ бол хүний амьдралын зөв хэмнэл. Үүнийг нь л хуульчлаад өгчихье. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нас 60-аас дээш, УИХ-ын дарга, Ерөнхий сайдынх 55-аас дээш, УИХ-ын гишүүнийх 50 наснаас дээш байдаг хөгжсөн орны жишгийг дагая. Эдгээр нас бол олон улсад шалгагдсан нас. Харин 50 наснаас дооших монголчууд минь сайхан бизнесээ хий, судалгааны ажил дээрээ суу, эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө харуул, нийгэмдээ танигд. Үнэхээр улс төрд орох хүсэлдээ дийлдээд байвал залуучууд нийлж баг болоод улс орныг хөгжүүлэх бодлого, концепц боловсруулаад намынхандаа, улстөрчдөд, нийгэмд сурталчилж, өнөөдрийн удирдагчидтай мэтгэлц. Ингэж улс төрд гарч ирвэл зөв болно. Тэрнээс цүнх барих бол биш л дээ.