Categories
мэдээ улс-төр

Амгалан дулааны станц “Дулааны IV цахилгаан станц”-ын охин компани хэлбэрээр ажиллана

Орон сууцны шинэ хороолол баригдана

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 85.0 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Хөгжлийн банкны баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.

Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.

Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах, газар шинээр зохион байгуулан газрын ашиглалтыг сайжруулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшлын бүс бий болгох, хуучин орон сууцны нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагын дагуу 2013 оноос “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэгчийг сонгож, 7,5 га талбайд дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 2 дугаар сургуулийн өргөтгөл, 960 хүүхдийн сургууль, Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн нэгдлийн барилга, Соёлын ордон, цэцэрлэгт хүрээлэн, усан спортын цогцолбор болон бусад барилгууд, 2000 айлын орон сууц, үйлчилгээний төв бүхий хорооллыг 5 жилийн хугацаанд барьж байгуулах юм.

Тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхаарууллаа

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2015 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Шилэн дансны тухай хуулийг энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.

Улсын хэмжээнд нийт 56 төсвийн ерөнхийлөн захирагч хуулийн хэрэгжилтийн тайлан мэдээ ирүүлэхээс 75 хувь нь ирүүлжээ. Харин 11 төсвийн ерөнхийлөн захирагч тайлангаа ирүүлээгүй байна. Мэдээ тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Завхан, Дундговь аймгийн Засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар хасч, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Амгалан дулааны станц “Дулааны IV цахилгаан станц”-ын охин компани хэлбэрээр ажиллана

Амгалан дулааны станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус станцыг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж нарт үүрэг болголоо. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компанитай хамтран туршилт, зүгшрүүлэлт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Амгалан дулааны станцыг бие даан ажиллуулахад үйлдвэрлэлийн өртөг зардлаа орлогоороо нөхөх боломжгүй, татаас авч ажиллахаар урьдчилсан тооцоо гарсан тул үйлдвэрлэлийн хамгийн бага өртөгтэй “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани байхаар бүтэц, зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Тус станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, өвлийн их ачаалалд хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

126.3 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мах бэлтгэлийн хүрээнд гадаад оронтой хийсэн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, мах экспортлох зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, 2015-2016 онд экспортлох махны хэмжээ, боломжийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх, эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний 145, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний 21 үйлдвэр байна.

Манай улс ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Вьетнам болон Арабын улсуудтай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллаж, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээрийн нөхцөлүүдийг харилцан тохиролцон гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас Монголын мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 5 үйлдвэрт экспортын зөвшөөрөл олгожээ.

2015-2016 онд дотоодын хэрэгцээнд 10.4 сая, экспортод 5.6 сая толгой малын мах бэлтгэхээр төлөвлөжээ. Экспортод гаргахаар төлөвлөсөн мах 126.3 мянган тонн болж байгаа юм.

Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа

“Улаанбаатар ДЦС-5 төсөл”-ийн концессийн гэрээг тус төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “International Power Plc, Sojits Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан. Концессийн гэрээнд 2014 оны 6 дугаар сарын 20-нд талууд гарын үсэг зурснаас ажлын хэсэг концесс эзэмшигчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний хэлэлцээрийг хийж, энэ оны 7 дугаар сард гарын үсэг зуржээ. Консерциумын зүгээс энэ оны 12 дугаар сард багтаан санхүүгийн хаалт хийж, 2016 оны эхний улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2,5-3 жилийн хугацаанд станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор гадаад, дотоодын 15 компани тендерийн баримт бичиг авсан боловч 4 компани саналаа ирүүлжээ.

“ДЦС-III” ТӨХК-ийг 250 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгджээ. Хоёрдугаар шатны шинэчлэлээр Дунд даралтын хэсгийг буулгаж, 2х125 МВт-ын хүчин чадалтай орчин үеийн өндөр үр ашигтай дулааны станцыг 2016-2017 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Амгалангийн дулааны станцын барилга угсралтын ажлын хүрээнд 116 МВт-ын 3 зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламж зэрэг 36 төрлийн барилга байгууламж, нэгдсэн хяналт, удирдлагын системийн угсралтын ажил хийгдэж, 97 хувийн гүйцэтгэлтэй байна.

Гацууртын ордын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа

Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордын үйл ажиллагаатай танилцжээ. Тус ордод УИХ-аас төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоогүй тул олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллага “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд археологийн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хууль бусаар алт олборлогчид тус ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хүргүүлсээр байна. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар олборлох нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байгаа юм. Иймд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Концессийн гэрээ байгуулах эрх олгов

“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн концессийн гэрээг –Маргад Монгол” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт болох 400 сая төгрөгийг 2016 оны Улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа.

Концесс эзэмшигч нь цэвэр усны холболтын ажлыг өөрийн хөрөнгөөр 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан хийж дуусган, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар, цэвэр усны эх үүсвэрийн холболтын шугамын чанарын баталгаат хугацаа 3 жил байхаар гэрээний төсөлд тусгажээ.

“Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг баталлаа

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болголоо.

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг Хүний хөгжил, хүрээлэн буй орчин, Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт, Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи, Өндөр технологи гэсэн гэсэн салбаруудаар гаргасан байна.

Олон улсын хурал зохион байгуулна

“Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт Япон-Монголын хамтарсан олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн дунджаас найм дахин өндөр, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа ордог ч нас баралтаар тэргүүлж байгаа нь хорт хавдрын эрт илрүүлэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах нэн шаардлагатай байгаагийн үндэслэл болж байна. Хавдар судлалын үндэсний төв болон Япон улсын Накаяма хавдар судлалын институти хамтран зургаадахь жилдээ “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдвийн дор олон улсын хурал зохион байгуулж байна. Хурлын үеэр Япон, БНСУ-ын нэртэй профессоруудын лекц, мэс засал эмчилгээг шууд дамжуулан үзүүлж, Монголын эмч нарт нотолгоонд тулгуурласан анагаах ухааны мэдлэгийг үнэ төлбөргүй түгээдэг юм.

Товч мэдээ

– Сангийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 18-ны 162 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд “Нийслэл өргөө” ХХК хамрагдсан тул Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилгын дуусгалтын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0119 дүгээр ангиар шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн дуусгахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд зөвшөөрлөө.

– 2015 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

– 2015 оны 9 дүгээр сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

– Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Ц.Эрдэнэбилэгийг чөлөөлж, Н.Нямдавааг томиллоо.

– Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

– Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжилт нь удааширч байгаа 31 зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан гаргасан Монгол Улсын байнгын төвийг сахисан орон болох бодлогыг дэмжих асуудлыг хэлэлцэн, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн шүүх хурал завсарлалаа

Улсаас 3.8 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон хоёр иргэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөө өглөө эхэлсэн талаар мэдээлсэн билээ. Шүүх хуралд гэрчээр оролцох н.Сономпил, н.Жигжид нар ирээгүй бөгөөд хилээр гарсныг шүүгч мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Гэрч нарыг байлцуулалгүйгээр хавтаст хэрэгт авагдсан материалуудад үндэслээд, шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв. Харин

Шүүх хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээж аваагүй. Ингээд шүүх хурал үргэлжилсэн. Харин яг одоо шүүх хурал түр завсарлаад байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт товлогдсон шүүх хурлын үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа уламжилсан. Тэрээр өнөөдрийн шүүх хурлын үеэр ч шүүх бүрэлдэхүүнтэй танилцах хүсэлт гаргав. Ингэснээр Л.Гансүхийн шүүх хурал түр завсарлалаа.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос намынхаа ойгоор пуужин хөөргөнө

Хойд Солонгос ирэх аравдугаар сард болох коммунист намын баярын ойгоор хиймэл дагуулын пуужингууд хөөргөхөөр зэхжээ. Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам” үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг ирэх аравдугаар сард тэмдэглэх аж. Баяраар хиймэл дагуул ачсан алсын тусгалтай пуужингуудыг хөөргөхөөр бэлтгэлээ хангасан хэмээн Хойд Солонгосын албаныхан мэдээлжээ. Тэд цаг агаарыг ажиглах сансрын хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэсэн байна. Энэ тухай “KCNA” агентлаг мэдээлэхдээ “Энхийн зорилгоор сансрын технологи хөгжүүлэх нь тусгаар улсын хууль ёсны эрх. Хойд Солонгос энэ эрхээ эдлэхэд бусад улс юу гэх нь хамаагүй” хэмээжээ.

Харин Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас Умардууд хиймэл дагуул хөөргөх бэлтгэл хангаж байгаа гэх шинж тэмдэг ажиглагдаагүй боловч алсын тусгалтай пуужин хөөргөснөөр НҮБ-ын хоригийг “ноцтойгоор” зөрчинө гэж мэдэгджээ. НҮБ-ын Хойд Солонгосыг баллистик пуужин туршихыг хориглосон юм. Гэвч баллистик болон хиймэл дагуулын пуужингуудын эх бие, хөдөлгүүр төстэй боловч ондоо технолгоги гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

14 дүгээр сургуулийнхан ажил хаялт зарлаж, жагсаал хийхээ мэдэгдэв

Нийслэлийн 14 дүгээр сургуулийн багш, сурагчид таван газар хуваагдан хичээллэсээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа хэмээн өнөөдөр мэдээллээ. 2013 оны арванхоёрдугаар сарын тавны өдөр тус сургуулийн барилга таазнаасаа нурснаас үүдэн багш, сурагчид сургуулийн байрандаа хичээллэх боломжгүй болж таван газар хуваагдан хичээллэсээр ирсэн юм.

Тухайн үед 14 дүгээр сургуулийн барилгыг концессын гэрээгээр барьж 2015 оны есдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна гэж мэдээлж байв. Гэтэл 14 дүгээр сургуулийн хуучин барилгыг ч нураагаагүй байгаа аж. Тиймээс 14 дүгээр сургуулийн багш, ажилчид Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, нийслэлийн Боловсролын газарт хугацаатай шаардлага хүргүүлж, барилгын ажлыг хурдан эхлэхийг шаардахаар болжээ. Хэрвээ шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 14 дүгээр сургуулийн багш ажилчид ажил хаялт зарлах, цаашлаад жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар тус сургуулийн сурагчид Шавь цогцолбор, 92, 53, 44 дүгээр сургуулиудад хуваагдан хичээллэж байна. Мөн зарим хэсэг нь сургуулийнхаа өргөтгөлийн байранд хичээллэж байгаа аж. 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Ц.Нэргүй “Улсын хэмжээнд 40 лаборатори сургууль бий. Тэр сургуулийн тоонд манайх зүй ёсоор ордог. Гэтэл лаборатори сургууль нь ийм байдалтай байна” гэв. Гол нь олон газар хуваагдан хичээллэснээс сурагчдын сурлагын амжилтад сөрөг нөлөөтэй байгааг багш нар хэлэв. Сургуулийн байргүй гурван жилийн хугацаанд 14 дүгээр сургуулиас 300 гаруй хүүхэд шилжсэн гэх мэдээллийг ч өгсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар хоригийг хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдаж байна.

Тус хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уг хоригийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонхи нь “Хоригийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн билээ.

Categories
мэдээ спорт

AIBA-аас У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-д оролцуулах хүсэлт ирүүлжээ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-16-ны өдрүүдэд Катарын нийслэл Доха хотод болно. Энэ удаагийн ДАШТ-д олимпийн эрх олгох бөгөөд манай улсаас тивийн АШТ-ээс эрхээ авсан дөрвөн боксчин оролцох юм. Тодруулбал, Г.Ган-Эрдэнэ (49 кг), Э.Идэрхүү (56 кг), Д.Отгондалай (60 кг), Б.Түвшинбат (69 кг) нар ДАШТ-ийг зорино.

Харин нэгэн таатай мэдээллийг AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо Монголын боксын холбоонд(МБХ) ирүүлжээ. Бэртлийн улмаас Ази тивийн аваргад оролцоогүй У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-д оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг МБХ Олон улсын сонирхогчдын боксын холбоо руу явуулжээ. Харин тэд “ийм өндөр чансаатай сайн тамирчинг бид ДАШТ-д оролцуулахад татгалзах зүйл алга. Эргэж удахгүй хариуг өгнө” гэсэн байна.
Тэгэхээр манай улсаас энэ жилийн ДАШТ-д таван тамирчин оролцох магадлалтай боллоо.
Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэмд тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод орсон тохиолдолд ДАШТ-г зорих эрхтэй гэж тусгасан. Энэ дүрмийн дагуу энэ сарын эхээр Тайландад өндөрлөсөн Ази тивийн АШТ-ээс манай улсаас дөрвөн эрхийг авсан билээ. Тэгвэл дахин нэг эрх нэмэгдэж магадгүй болоод байна.
Лондонгийн олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д дэлхийн чансаанд хоёрт бичигдэж байна. Түүний хувьд энэ жилийн Азийн аваргын тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн юм.
Манай боксын шигшээ багийнхан Сэлэнгэ бааз руу бэлтгэлд гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын атомын энергийн чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 59 дүгээр чуулган өнөөдөр Австрийн Вена хотноо эхэлжээ. Чуулганаар Агентлагаас ирэх нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж батлах юм.

Чуулганы эхэнд Антигуа ба Барбуда, Барбадос, Туркменистан улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэв. Чингэснээр Агетлагийн гишүүн орны тоо 168-д хүрчээ.
ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано Ерөнхий бага хурлын нээлтэд хэлсэн үгэндээ ирэх долоо хоногт 2015 оноос хойшх тогтвортой хөгжлийн 17 зорилтыг батлахаар олон орны тэргүүлэгчид Нью-Йорк хотноо хуран чуулах гэж байна. Эдгээр хөгжлийн шинэ зорилтууд нь Агентлагийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Тэдгээрт Агентлагийн үйл ажиллагааны цар хүрээнд багтах эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, тэжээл, эрүүл мэнд, байгаль орчин, усны менежментийн асуудлууд орно. Дэлхий нийтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд цөмийн шинжлэх ухаан, технологи асар их хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Миний бие Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хүлээн авсан цагаасаа атомын эрчим хүчийг зөвхөн энх тайвны зорилгоор төдийгүй хөгжлийн төлөө ашиглахыг урьтал болгож ирсэн хэмээн онцолсон байна.
Түүний өгсөн мэдээллээр эдүгээ дэлхийн 30 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа ба шинээр 67 цөмийн реактор ихэнх нь Азид барьж байгаа ажээ. Цөмийн эрчим хүчний реакторууд нь дэлхийн цахилгааны хэрэглээний 11 хувийг эзэлж байгаа гэнэ.
Өнөөдөр Ерөнхий бага хурлын бүгд хуралдаанд Казакстан, АНУ, ОХУ, Европын холбоо, БНХАУ, Иран, Украин, Япон зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид үг хэлж оролцсон бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахын чухлыг нийтээр онцолж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлон илэрхийлжээ. Үүний сацуу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Е3/ЕХ+3 болон Ираны хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг түүхэн чухал үйл явдал хэмээн сайшаан дэмжжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц 56.8 хувьтай байна

Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал барих төсөл дуусахад жил гаруйн хугацаа үлдээд байгаа. 2015 оны эцэст ажлын гүйцэтгэлийг 65.8 хувьд хүргэх зорилтыг тавин нарийвчилсан, шахуу графикаар ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар барилгын ажлын явц 56.8 хувьтай байжээ. Одоогоор хөөрч, буух зурвасын ажил бүрэн дууссан төдийгүй буудлын цутгалт дуусч, дотоод заслыг эхлүүлсэн байна. Мөн цахилгаан, механик, харилцаа холбоо, аюулгүй байдал, хамгаалалтын систем, инженерийн шугам сүлжээний ажил, ус чийгнээс хамгаалах, галаас хамгаалах системийн ажил зэрэг хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар барилгын талбай дээр 2100 гаруй ажилчин, инженер, өдөрт 220 гаруй машин, техник ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээж авахыг дэмжив

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаан 79.4 хувийн ирцтэйгээр хуралдсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан тул удахгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал болно

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн хурлыг есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн товч танилцуулга

ЕАБХАБ-ын бүх гишүүн орны Парламентын хууль тогтоогчдоос бүрдсэн ЕАБХАБ-Парламентын Ассамблей /OSCE Parliamentary Assembly/ нь тус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцож, холбогдох зөвлөмж, шийдвэр гаргах замаар гишүүн орны парламентын оролцоог нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой 1991 онд байгуулагдаж, анхны албан ёсны хурлаа 1992 онд Будапешт хотноо хийсэн.
Жил болгон гишүүн оронд ээлжлэн зохион байгуулагддаг парламентын ээлжит хурлын үеэр цаг үеийн тулгамдсан асуудал болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар тунхаг бичиг гаргадаг. Хурлын ажиллагаанд ЕАБХАБ-ын дарга оролцон үг хэлж, гишүүдийн сонирхсон асуултад хариу өгдөг уламжлалтай. Парламентын Ассамблей нь ЕАБХАБ-ын гишүүн орны парламент хоорондын яриа хэлэлцээний механизм болохын зэрэгцээ оролцогч орны сонгуульд ажиглагч илгээх, хүний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ассамблейн төв байр Данийн нийслэл Копенгаген хотноо байрладаг бөгөөд Венад салбар нь ажилладаг.
Парламентын Ассамблейн хурал нь тухайн жилийн 2 дугаар сар, 6 дугаар сард болон намар тус тус зохион байгуулагддаг.
Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт оролцогч гишүүн орон болж, Улсын Их Хуралд Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлэг байгуулагдсан.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей нь мөн дараах журмыг баримталдаг.

Үүнд:

-ЕАБХАБ-ын зорилтуудыг оролцогч улсууд хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх,
-Сайд нарын Зөвлөл, төрийн болон засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтуудын үеэр авч үзсэн сэдвээр хэлэлцэх,
-Зөрчлөөс урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох,
-ЕАБХАБ-ын зохион байгуулалтын бүтцийн харилцаа, одоогийн ЕАБХАБ-ын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулах,
Парламентын Ассамблей нь:
-Ээлжит Ассамблей
-Төлөөлөгч нарын тэргүүн нарын Байнгын хороо
-Товчоо
-Өргөтгөсөн товчоо
-Гурван ерөнхий хороо Үүнд:
-Улс төрийн харилцаа, аюулгүй байдлын хороо
-Шинжлэх ухаан, эдийн засгийн асуудлын хороо
-Технологи, ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлын хороо
-Ерөнхийлөгч
-Ерөнхий нарийн бичгийн дарга
-Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.
Товчоо, Ерөнхий хороо болон Ассамблейн ээлжит хурлаар олонхийн саналаар шийдвэр гаргадаг. Энэ нь ЕАБХАБ-ын шинэчлэл зэрэг маргаантай асуудлаар зөвлөмж гаргах боломж олгодог. Шийдвэр гаргах үйл явцыг хурдасгах зорилгоор Парламентын Ассамблей нь ЕАБХАБ-ын зөвшилцөл дээр тулгуурласан шийдвэр гаргах дүрмийг өөрчлөх саналыг тогтмол гаргаж ирсэн.
Жил бүрийн Ассамблейн хурлаар Ассамблейн дээд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх болон Ассамблейн хуралдааныг даргалах Ерөнхийлөгчийг сонгодог.
Ээлжит жилийн хурал
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гол үйл явдлуудын нэг бол ээлжит жилийн хурал юм. Парламентын гишүүд өргөнөөр оролцох боломжийг хангахын тулд тус жилийн хурлыг үндэсний парламентуудын чуулган завсарлах үед буюу 7 дугаар сарын эхээр хийдэг уламжлалтай. Жилийн хурлын үеэр ерөнхий хороодын тайланг хэлэлцэж, цаг үеийн асуудлаар тогтоол баталж, хуралдааны төгсгөлийн тунхаглалыг ЕАБХАБ-ын Сайд нарын Зөвлөл, ЕАБХАБ-ын даргад, оролцогч орнуудын үндэсний парламентуудад уламжилдаг.
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны ээлжит жилийн хурал нь БНФинУ-ын Хельсинки хотноо болсон байна.