Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд олонхийн саналаар хоригийг хүлээж авлаа. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авъя гэсэн саналаар санал хураахад гишүүдийн 81.1 хувь нь дэмжлээ. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсоноос 48 нь зөвшөөрсөн юм.

Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон таван гишүүнээс 49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар дэмжлээ. Тогтоолыг батлахад гишүүдийн 59-49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар батлагдлаа.

Ингэснээр Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг хамруулахгүй болж байна.

Categories
мэдээ спорт

Хакухо гэмтлийн улмаас башёг орхилоо

Японы мэргэжлийн сумогийн Аки башёгийн гурав дахь өдрөөс эхлэн ёкозүна Хакухо М.Даваажаргал гэмтлийн улмаас тус башёг орхихоор болжээ. Хакухогийн багш Миягино оякатагийн өгүүлсэнээр, Аки башёгоос долоон хоногийн өмнө ёкозүна зүүн хөлдөө гэмтэл авсан ч барилдахыг хүссэн байна. Мөн Аки башёгийн өмнө Миягино дэвжээ байраа сольсон тул Хакухо бэлтгэлээ дэвжээндээ хийх боломжгүй болж, өөр дэвжээнүүдэд очиж бэлтгэл хийжээ.

Аки башёгийн эхний хоёр өдөр Хакухо гэмтэлтэй байсан тул комүсүби Окиноуми, Ёшиказе нарт дараалан ялагдсан билээ. Энэ башёд ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж гэмтлийн улмаас барилдаагүй бол ёкозүна Хакухо тус багёш орхиж, ёкозүна Какурюү М.Ананд сумочдоо тэргүүлэн барилдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ

БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт орсон байна. Иргэн та виз мэдүүлэхэд дараах материалыг бүрдүүлэх хэрэгтэй.

Үүнд:

1. 3.5 х 4.5 хэмжээтэй 1 хувь өнгөт зураг

2. Гадаад паспорт /паспортын хугацаа аялах өдрөөс хойш 6 сараас дээш хүчинтэй хугацаатай байх/

3. Гэр бүлийн лавлагаа орчуулгын хамт /гэрлэсэн эсэх, гэр бүлийн хүн нас барсан бол нас барсны гэрчилгээг хавсаргана/

4. Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр хуулбарын хамт /500.000 төгрөгөөс дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй, сүүлийн 6 сар нэг байгууллагадаа ажилласан байх/

5. НДЕГ-аас нийгмийн даатгалын лавлагаа

6. Цагдаагийн газрын тодорхойлолт орчуулгын хамт /18-60 насны хооронд бүх хүмүүс/ Өмнө нь наадаг виз авч байсан бол шаардлагагүй. Цагдаагийн газрын тодорхойлолтын бүх бичиг баримтаа бүрдүүлсний дараа хамгийн сүүлд авна.

7. Бусад тохиолдолд ажил эрхэлдэггүй хүн 5 сая төгрөг БНСУ-ын элчингийн дансанд байршуулна. /55-аас дээш насны эцэг эхтэйгээ явах бол тусдаа мөнгө байршуулах шаардлагагүй/

Categories
мэдээ улс-төр

С.Баярт хэрэг үүсгээгүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд холбогдох албаны хүмүүст асуулт тавьж, хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “350 сая төгрөгийн хохиролтой хэрэгт ямар холбогчид байна вэ. Олон нийтээс надад Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяртай холбоотой мэдээлэл ирсэн. Гадаад олон тэрбум төгрөгийн өртөгтэй тансаг хаустай гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн. Энэ дагуу АТГ-т мэдээлсэн. Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой хэргийг шалгаж байгаа юу. Надад шалгаж, хэрэг үүсгэж байгаа гэсэн. Өршөөлийн хуульд энэ хэрэг хамрагдах уу. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавиад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хориг тавиагүй нь гайхаш төрүүлж байгаа. “Оюутолгой”-н 1.8 тэрбум ам.долларын хэрэг өршөөгдөхөөр байгаа” гэхэд АТГ-ын дэд дарга н.Нямдорж “32 тэрбум 415 сая хохиролтой хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах нь байна шүү гэдэг мэдээллийг бид ажлын хэсэгт өгсөн. Иргэн С.Баяртай холбоотой гомдлыг бид шалгаж, дуудаж асуусан. Ингээд тухайн гомдолтой холбоотой хэрэг үүсэх шалтгаан байхгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгээгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нар огцорчээ

Өнөөдөр Дархан-Уулын аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) хуралдаж Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр гаргасан байна. Ингээд Дархан-Уулын аймгийн засаг даргаар МАН-ын гишүүд А.Энхболдыг тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сонгожээ. Харин ИТХ-ын АН-ын бүлгийн дарга П.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна.

Дархан-Уулын аймгийн ИТХ нийт 31 тэргүүлэгчтэйгээс өнөөдрийн хуралд МАН-ын 10, АН-ын 9, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-ийн 2 нийт 21 гишүүн нь оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Талийгаач Ш.Алтантуяагийн хэргээр нэвтрүүлэг хийсэн Малайз сэтгүүлчийг эх орноос нь хөөжээ

Малайз улсад бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн Монгол бүсгүйн хэргийг Аль Жазера агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлч мөрдөж, 26 минутын нэвтрүүлэг хийжээ. Сэтгүүлч Мэри Энн Жоли Ази-Номхон далайн бүс нутаг дахь хурц асуудлыг хөнддөг “101 East” нэвтрүүлгээрээ Шаарийбуугийн Алтантуяагийн аллагын тухай дэлгэрэнгүй материалыг үзүүлсэн байна.

Алтантуяа нь 2006 оны аравдугаар сард амиа алдсан юм. Малайзын нөлөө бүхий улстөрчидтэй холбоотой гэгдэж байсан орчуулагч бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоожээ. Есөн жилийн өмнө болсон хүн амины хэрэг Малайзын хамгийн дуулиантай бөгөөд учир битүүлэг хэрэг байсан юм. Тус хэрэгт улс төрийн сөрөг хүчин болон тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакыг олон жил буруутгаж байна. Аль Жазера агентлаг Ш.Алтантуяагийн үхлийн тухай нэвтрүүлэг цацсаны дараа Малайзын Ерөнхий сайдын албанаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак талийгаачийг огт мэдэхгүй бөгөөд хэзээ ч уулзаж, холбогдож байгаагүй гэж бичжээ. Мөн шумбагч онгоц худалдан авах тохиролцоог Малайз ба Францын Засгийн газар хийсэн бөгөөд талийгаачийг худалдан авалтанд оролцоогүй гэсэн байна. Улмаар Сэтгүүлч Мэри Энн Жолиг худал мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацсан хэмээн үзэж Малайзаас хөөх шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн шүүх хуралд прокурор хавтаст хэрэг танилцуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Гансүхийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг тавьсан. Харин шүүх бүрэлдэхүүн хоёр удаа завсарлаж хүсэлтийг хэлэлцээд “Үндэслэлгүй” гэж үзсэн тул хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гарган, үргэлжлүүлж байна.

Одоогоор хэрэгт хяналт тавьсан нийслэлийн Прокурорын газрын улсын яллагч хавтаст хэргийг уншиж танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Буриадад явж байсан манай иргэд халдлагад өртжээ

ОХУ-ын Сэлэнгийн районд Монгол Улсын иргэдийг зодож, дээрэмдсэн хэрэг гарсан байна. Уг мэдээллийг Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас ГХЯ-нд ирүүлжээ.

ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-ын зайд энэ сарын 14-ний шөнө 22,00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Б.А болон С.А нарыг зорчиж явахад цагаан өнгийн Тоёото харриер маркийн машинтай, өнгөлөн далдлалтын ногоон эрээн хувцастай хүмүүс зогсоож, бичиг баримтыг нь шалгажээ. Улмаар машинаас гарган, тээшийг онгойлгуулж цүнх, гар утас бусад эд зүйлийг аваад дээрэмдэн авсан байна.

Манай иргэн Б.А-г резин сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очиж толгойдоо хоёр оёдол тавиулсан. Эмнэлгээс боолт хийн, амь насанд аюулгүй гээд явуулсан мэдээлэл өгчээ. Одоо манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа гэнэ. Харин гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж буй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Лүндээжанцан: Өршөөлийн хууль хүлээж байгаа хүмүүсийн асуудлыг хүйтрэхээс өмнө шийд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулснаар гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Өршөөлийн хуулиар УИХ шийдвэр гаргасан. Өршөөлийн хууль хэн нэгнийг алгачлаагүй. Би ажилчин гаралтай, малчин удамтай. Ерөнхийлөгч хориг тавихдаа алийг нь алагчилсан юм бол. 350 тэрбум төгрөгийн хохиролтой асуудал дээр “Жаст”-ын Батхүүгийн зэргийн их хэмжээний хохиролтой хэрэг яригдаад байна уу, эсвэл 30 орчим холбогдогчтой асуудлыг хамааруулсан уу. УИХ-д чиглэл өгдөг ямар суббъект байдаг вэ?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-УИХ Үндсэн хуулийн дагуу хоёр эрх зүйн актаа хэрэгжүүлдэг. Өршөөлийн хуульд УИХ шийдвэр биш хууль батлах чиглэлээр хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт хүмүүсийг ялгаварласан заалт байхгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд, залуучуудыг хоригт өршөөлд хамрагдалгүй олноор үлддэг гэдгийг тодотгосон. Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу хориг тавьсан. УИХ-д чиглэл өгөөгүй.

Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

-Өршөөлийн хууль Засгийн газраас өргөн баригдсан. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт Д.Оюунбаатар гишүүн орж ажиллаж байгаа. Өнөөдрөөс шүүх шийдвэрээ гаргаад татвар, даатгалын торгуультай хүмүүс шийдвэрээ гаргаж хэрэгжүүлнэ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

-Ялаас өршөөн хасах, өршөөлд хамруулахгүй байхыг аль зүйл заалт дээр хэрэгжүүлсэн бэ. Яагаад 5, 9 зүйл дээр Ерөнхийлөгч хориг тавиагүй вэ?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Хуулийн хоёрдугаар бүлэг өршөөл үзүүлэх хэлбэрт хамрагдаж байна. 9 болон 5.1 дүгээр зүйлд яагаад хориг тавиагүй гэвэл 4.1-т хамаараад явж байгаа. 5.1-т ял эдэлж байгаа хүмүүсийн ял хасагдахаар байгаа. Ялаас өршөөн хасах нь хуулийн 5 дугаа зүйл дээр байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: -Нэр зарлагдсан хоёр гишүүн байна. Ямар хэрэгт шалгаад байгаагаа хэлээгүй байгаа учраас чимээгүй байгаад байдаг. 2014 онд надад хэрэг тусгаарласан гээд байгаа. Он нь зөв биз. Надад холбогдуулан хэвлэлд бичээд байгаа Өмнөд Суданд цэрэг явуулахын төлөө 840 сая төгрөгийг банкнаас зээлсэн, ажилтан албан хаагчаа орон сууцаар шагнасан зэрэг нь ороод 30 тэрбум төгрөгт хамруулаад байна уу. Хэн нэг албан тушаалтныг хэрэгт хамруулах нь ямар хэрэгт хамаарах вэ? Энэ нь өршөөлийн хуульд хамрагдах уу? Надаас өмнөд Суданыг асууж байсан бол миний хажуу байцаалт өгч байсан уран бүтээлчээс киноны зардлыг нь асууж байсан. Ингэж болох уу. Засгийн газар огцруулах асуудал хэлэлцэх үед намайг прокурорт хэрэг нээсэн.

АТГ-ын дэд дарга Н.Нямдорж:

-Танд би мэдээллийг бичгээр явуулна. Хохирлыг хуулийн хүрээнд мөрдөн байцаагчид өөр нь цугласан мэдээ материал дээр тулгуурлаж дүнг нь гаргадаг.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бидний баримталж байсан зарчимд улс төрчийн сонирхол орсон. Өмнөх зарчмаараа Өршөөлийн хууль гаргая гэхээр соц үеийн, дээр үеийн гээд байсан. Соц, дээр үедээ биш шударга ёсны зарчим л яригдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:Монгол Улс алдсан, оносон хүндээ өршөөлийг өмнө нь ч үзүүлж байсан. Өмнө нь хориг тавьдаггүй байсан. Өнөөдөр парламентын, төрийн институцийн тогтолцоог харж байхад хариуцлагагүй зүйл байна. Өршөөлийн хууль улс төр дагуулсан хууль. Ажлын хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүс, ард түмнийг айлгадаг байгууллагын дарга нар нь биш орлогч нар нь байх юм. Дарга нар чинь хаана байна. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш хууль хэрэгжих ёстой. Тэнд 2200 хүн хүлээгээд, хараад сууж байна. Яагаад хууль хэрэгжүүлэхгүй байна вэ? Хоригийн асуудал маргаантай байгаа. Өнөөдөр өгсөн материалаар акулууд нь чөлөөтэй, жараахайнууд нь баривчлагджээ. Зөвхөн уучлал үзүүлсэн Капла гэдэг хүн 70 тэрбум төгрөгийн асуудал үүсгэсэн.

Өөрөө болохоор улс оронд хохирол учруулсан хүнийг хэрэг хийсэн гэж шийтгэхээр зөв байдаг. УИХ өршөөлийн хууль батлахаар хориг тавиад байдаг гэлээ. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Швейцарь улсад томилолттой явж байгаа бол АТГ-ын дарга өнгөрсөн долоо хоногоос өвчний акттай яваа юм байна. Мөн Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл заалтаас бусад нь хэрэгжиж байгаа байх гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх хариуллаа. Мөн Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хориг тавигдсанаас бусад зүйл заалт хэрэгжиж байгаа. 40 мянган хүн жолооны үнэмлэхээ авсан. Торгуультай холбоотой асуудлаар шүүхийн захирамж гарсан. Яллагдаж байгаа хүмүүсийг өршөөлд хамруулах ажлыг хэрэгжүүлэх ажил ч хийгдэж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Өнгөрсөн долоо хоногт АТГ-т УИХ-ын хоёр гишүүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэсэн бол өнөөдөр чуулганы хуралдаанаар нэг гишүүн шалгагдаж байгаа гэсэн байна. Үүнийгээ тайлбарлаарай. Хохирогчийн эрхийг яах вэ. Хуулинд мөнгөн хохирлыг барагдуулах ёстой гэс эн байгаа. Чуулганы танхим шүүхийн танхим биш. Шалгагдаж байгаа хэргийг олон нийтэд зарлаж болохгүй гэлээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Иргэдийн гаргасан өргөдлийн дагуу 2006 онд үүсгэсэн хэрэгт ямар нэг хохирогч байхгүй учир УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг сэжигтнээр тооцоогүй. 148.4 бол бусдын эд хөрөнгийг залилсан хүнд хэрэг. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан. Тиймээс залилангийн шалгагдаж байгаа хэрэг замхарвал ноцтой байдал үүснэ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Өршөөлийн хууль гаргасан бол өнөөдөрт нь багтааж хэлэлц. Хүлээж байгаа хүмүүсийн асуудлыг хүйтрэхээс өмнө шийд. Нэгэнтээ өршөөл үзүүлсэн юм чинь хэрэг тус бүрээс нь 1-1,6 жил хасч болохгүй юу.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захаас долоо дахин том авто цогцолборыг энэ сарын сүүлчээр нээнэ

”Да хүрээ” захыг хотоос нүүлгэх асуудал яригдаж байгаа. 22-ын товчооны урдхан талд байрлах уг Авто худалдааны цогцолборын эхний ээлж энэ сарын сүүлчээр ашиглалтад орох юм байна. Цогцолборын эхний ээлжинд 6000 гаруй автомашины зогсоолыг байрлуулах аж. Харин явган хүний замын ажил хүлээгдэж байгаа гэнэ. Одоогоор 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.5 км хатуу хучилттай замын ажил дуусчээ.

Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэнэ. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн аж. Ингэснээр хотын иргэдийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулна гэж албаныхан үзэж буй гэнэ. Энэ хүрээнд цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад л гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Нийтдээ 130 га талбайг эзлэх Авто худалдааны цогцолбор нь Нарантуул захаас долоо дахин том байх аж. Энд 11 мянга гаруй суудлын болон жийп, 1100 гаруй автобус, хүнд даацын автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн 300 орчим павьюлон, үйлчлүүлэгчдийн 1500 орчим зогсоол, автомашины туршилтын талбай 4.4 га газарт үйл ажиллагаа явуулах юм байна.