Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр шүүгдэгчид мэдүүлэг өгснөөр хуралдаан завсарласан билээ. Өнөөдөр гэрчүүдийн мэдүүлгээр шүүх хуралдаан үргэлжилж байна.
Month: September 2015
Энэ сарын 15-19-ны өдрүүдэд хурал зохион байгуулагдах “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна.
Өнөө жил Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байна. Энэ их хааны талаар түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.
–Хубилай хааны дэлхийд үлдээсэн өвөөс ярилцлагаа эхэлье?
-Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хэд хэдэн зүтгэлтнүүд байдаг. Тэр дотроо Монголын хаадын түүхэнд дэлхийн хэмжээний хэмээн алдаршсан хоёр агуу их хүн төрсөн. Эхнийх нь Чингис хаан удаах нь түүний ач хүү Хубилай юм. Хүн хичнээн оюун ухаантай байлаа ч оюун ухаанд нь эерэг сөрөг цэнэг хуримтлагдсан байдаг. Түүний аль нь давуу байна вэ гэдгээр төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гавьяаг үнэлдэг. Мэдээж төрийн зүтгэлтэн гээд огт алддаггүй, бурхан багш шиг өө сэвгүй байдаггүй л дээ. Хубилай хаан одоогийн ярьж байгаагаар бол дэлхийн хэмжээний менежмэнт хийж чадсан хүн.
–Тодруулбал?
-Гайхамшигтай төрөлх ухаан, авьяас билиг, өргөн боловсрол, өгөөмөр сэтгэлээрээ алдартай. Дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөг нь хураангуйлан ярьж л болно. Дорно дахины эзэгнэсэн Монголын Юань гүрнийг төдийгүй Ази Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улсыг захирч хамгийн өргөн уудам нутагт ноёрхлоо тогтоосон дэлхийн хэмжээний хаан гэж үздэг. Монголын төрийн зүтгэлтнээс төр ёсны сэтгэлгээнд Хубилай хаан шиг байр эзлэх хүн нэг ч гараагүй. Мөн өнөөгийн нэгдмэл том Хятад улс байгуулагдах үндсийг тавьсан гэж үзэж болно. Өрнө дорныг холбосон Торгоны замын аюулгүй байдлыг хангаж дэлхийн худалдааны замыг нээсэн гавьяатай хүн юм.
Өнөөдөр энэ Торгоны замын асуудлыг онцгой шинэ байрнаас тавьж байна шүү дээ. Хятадын удирдагч Си Жиньпин бол өнөөгийн торгоны агаарын зам, торгоны төмөр зам, торгоны автозам гээд маш өргөн хэмжээгээр энэ асуудлыг авч үзэж Европ Азийг холбосон худалдаа эдийн засгийн бүс байгуулах асуудлыг тавьж байгаа. Энэ үндсийг анх Хубилай хаан тавьсан түүхтэй. Дэлхий дахинд анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан. Цаасан мөнгө Евроазийн өргөн уудам нутаг дэвсгэрт үйлчилж байлаа. Л.Түдэв гуай “долларыг маршал мөнгө” гэж хэлсэн шүү дээ. Түүн шиг тухайн үед Хубилай хааны гаргасан цаасан мөнгө яг өнөөгийн америк доллар шиг хэмжээнд үйлчилж байжээ. Мөн дэлхийд анх удаа усан флот байгуулж, далайн аялал хөгжих их суурийг тавьсан хүн. Том усан флот байгуулаад Япон руу довтолж байсан. Номхон далайн арлуудад байгаа жижиг орнууд тухайлбал, Индонез руу довтолж нөлөөндөө оруулж байв. Дэлхийн улс орнуудыг өрнө дорно хэмээх нэг сүлжээнд багтаан дэлхий дахины хөгжлийг түргэтгэж хөгжлийн шинэ шатанд гаргасан хүн Хубилай хаан байсан.
–Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлснийг нь шүүмжлэх нь бий?
-Хуучин тогтолцооны үед бол Монголын төвийг Бээжинд шилжүүлсэн, Монголын түүхэнд сөрөг үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг байсан. Гэтэл Юань улс 100 гаруй жил оршин тогтносон юм шүү дээ. Тэгэхээр мэдээж Хархорумаас дорно дахины хэмжээний улсыг удирдах боломж байгаагүй. Урагшаа асар их нутаг, цөлийг давах болно. Тэр үед одоо шиг шуудан харилцаа гэж байгаагүйг ойлгох хэрэгтэй. Тиймээс эртний нүүдэлчид, эртний Хятадын суурьшмал иргэд хоёрын зааг дээр очиж байж энэ том гүрнийг удирдах ёстой гэж үзсэн. Цагаан хэрмийн цаана Бээжин байгаа шүү дээ. Наана нь байгаа Шанду бол Өвөрмонголын нутаг юм. Үүнийг дээд нийслэл гэдэг байсан. Зун цагт Шандундаа ирдэг байж л дээ. Өвөл Бээжинд байдаг байсан. Үндсэндээ Монголоо хөсөр хаясан биш харин ч дорно дахиныг бүхэлд нь захирч байсан хүн. Их засаг хуулийн үзэл санаа зарчмыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан түшмэл томилж түүний дагуу тухайн нийгмийн харилцаа нөхцөл байдлыг тусгасан арав гаруй хуулийг шинэчлэн тогтоосон ийм төрийн тэргүүн. Хаан ширээ залгамжлах хөвгүүнийг заавал Монголд төрөлх нутагтаа боловсруулан өргөмжлөх ёсыг журамласан байдаг. Хубилай хааны дараа эхэн үед заавал төрөлх нутаг Хархорумаар дамжуулж байж эзэн хаан өргөмжлөх байдал байсан шүү дээ.
–Дүү Аригбөхтэйгөө хаан ширээний төлөө тулалдсан байдаг. Яг хэн нь хаан болох ёстой байсан хэрэг бол?
-Хубилай хааныг хууль бус хаан ширээнд заларсан гэдэг. Гэвч энэ нь үндэслэл муутай. Мөнх хаан дүү Хубилайдаа цэрэг өгч Сүн улсыг байлдан дагуулахаар явуулсан. Сүн улсыг эзэлж аваад байсан 1259 оны наймдугаар сард Мөнх хааныг тэнгэрт хальсныг мэдсэн байдаг. Их хуралдайд орж гол асуудлыг шийддэг жанжид ноёд нь Сүн улсыг эзлэхээр явсан байсан үе. Ингээд 1260 оны тав болон зургадугаар сарын заагаар Аригбөх Хархорумд их хуралдайг хуралдуулааад өөрийгөө Монголын их хаан гэж зарласан байдаг юм. Хубилай хаан Шандуд хүрч ирээд Кайпин хотод мөн өөрийгөө Монголын хаан гэж зарласан байдаг. Ихэнх жанжид ноёд Хубилайтай цуг явсан болохоор Аригбөхийн хуралдай үндэслэлгүй гэсэн үг. Гэхдээ энэ хоёрын хооронд асуудал байсан ч эцсийн эцэст тулалдаж Хубилайн ялалтаар төгссөн. Тухайн цагийн тоглоомын дүрэм нь тийм. Нэг ёсондоо улс төрийн өрсөлдөөн тэгж л явагддаг байсан хэрэг. Уг өрсөлдөөнд Хубилай хаан ялж их хаан болсон. Үүнийг тэгж нөгөө тал руу гуйвуулах шаардлагагүй.
–Газар нутгаа өргөжүүлэх тал дээр нэлээд анхаарч байжээ дээ?
-Хубилай хааны том гавьяа бол эхэн үедээ өрнө дорныг бүхэлд нь хамарсан Чингис хааны байгуулсан Монголын эзэнт улсыг бүхэлд нь гартаа барьж байсан. Түүний дээр нутаг дэвсгэрээ өргөжүүлсэн шүү дээ. Өвөг Чингис хааныхаа бодлогыг маш тууштай үргэлжлүүлсэн. Жишээ нь байлдан эзэлсэн орныхоо шашин суртлыг хүлээн зөвшөөрч байсан. Ромын пап ламтай хүртэл харилцаж байсан. Түүнчлэн католик шашны лам нарыг Бээжинд урьж уулзаж шашных нь үйл ажиллагааг хангаж л байсан байгаа юм. Энэ бүхэн чинь асар том монгол хүлцэл юм даа. Их тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй ханддаг энэ чанар нь дэлхийг эзлэхэд том үүрэг гүйцэтгэсэн.
–Монголчуудын олон шашин хүлээн зөвшөөрдөг энэ байдлыг бөө мөргөлтэй холбож тайлбарлах нь бий. Хүн бүр эцэг, өвгөдийнхөө сүнсийг шүтдэг болохоор бусдад хүндэтгэлтэй ханддаг гэж?
-Монгол хүлцэл бол монгол хүний төрөлх чанар. Тэрнээс аль нэг шашинтай холбоогүй. Аль эрт монголчууд юманд тэвчээртэй, хүлээцтэй хандаж, тунгааж бодож, олон ургальч үзлийн голч тэнхлэгийг олж байсан учраас дэлхий дахиныг гартаа оруулсан байгаа юм. Нэг зүйлдээ туйлшрах ёсгүй. Ер нь туйлширсан хүн агуу байдаггүй юм. Харин туйлшрал нөгөө хоёрын дундах тэр орон зайг нөхөж чадсан хүн ухаалаг байдаг. Тэр ухааныг эзэмшиж Монгол хүлцэмжийг эзэмшсэн хэрэг.
–Хубилай хааны бага болон идэр насны талаарх мэдээлэл хэр байдаг бол?
-1219 онд Чингис хаан Дундад Ази руу дайрах үед Хубилай хаан таван настай байжээ. Тэгээд Чингис хаан буцаж ирэхэд Хубилай хаан 11 настай болсон байдаг. Тийм атлаа нум сумаар хэд хэдэн удаа ан агнаж өвөг эцгийгээ ангийн махаар дайлан угтаж байсан гэдэг. Сэргэлэн, сайн дайчин болох шинжийг Чингис хаан таашаан хүлээн авч ач хүүгээ цааш нь их хаан болгохоор бэлтгэсэн байх. Дорно дахины амьдралтай танилцуулна гэдэг Чингис хааны холын бодол байсан байгаа шүү дээ. Ер нь бол дорно дахиныг судалсан хүн хаадын дотор байж дорно дахиныг гартаа оруулна гэдгийг олж харсан. Иймээс Бээжинд боловсрол олгосон. Энэ бол энгийн санамсаргүй тохиолдол биш. Хятадын тэр нөхцөл байдлыг ойлгуулж байна гэдэг алсын бодлоготой холбоотой. Хубилай хаан одон орон, математикийн ухаанд гарамгай, их сонирхдог хүн байсан. Одон орныг маш их дэмжсэн. Хубилай хааныг байхад дундад Ази болон Хятадад одон орны том төвүүд байгуулагдсан байдаг.
Мөн улсын хөвгүүдийн сургуулийг байгуулсан. Үүнийг Германы нэрт монголч эрдэмтэн “Билгийн далай буюу эзэн хааны академи” гэж нэрлэсэн. Түүнчлэн дорно дахинд нээгдсэн анхны сургууль юм. Тэгж боловсрол олгож байсан. Мөн Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолголоо. Гэхдээ эзэнт гүрний хэмжээнд дэлгэрч чадаагүй. Судар бичгийн хүрээлэн байгуулсан. Монголын түүхийн нэрт эрдэмтэн Тогтох Юань улсын түүхийг судалж түүхийн хэдэн боть ном гаргаж байсан. Тэгэхээр өнгөрснийг хөөж өнөөдрийг дүгнэж, ирээдүйг төлөвлөх нь бурхан ухаан гэж үзэж байсан. Тиймээс түүхийг судалж, сургамж авч байж урагшилна гэдгийг мэддэг хүн байж. Түүнчлэн Хубилай хааны ордонд 360 гаруй хүнтэй хөгжмийн оркеструуд, бүжгийн том чуулга ажиллаж байсан. Төрийн шинжтэй уртын дуу маягийн Өвөрмонголчууд дуулдаг цоор дууг сонсдог байжээ. Хубилай хааны ордон урлагийн том тайз байсан гэсэн үг. Гоо сайхны мэдрэмжийг ойлгож чаддаг байсан хүн гэдэг нь олон зүйлээр батлагдаж байгаа юм.
–Усан флот байгуулахад нэлээд анхаарч байсан гэдэг?
-Усан флот байгуулахдаа далайн орнуудаар явсан хүмүүсийг их дайчилсан. Усан флотыг байгуулаад армийнхаа нэг чиглэл болгосон шүү дээ. Ингээд Япон руу хэд хэдэн удаа довтолж байсан. Гэвч далайн шуурганаас шалтгаалаад амжилт олоогүй. Одоо Япончууд хоёр хөлөг онгоцыг нь малтаж гаргаад музей байгуулчихсан байна. Харин хоёр дахь довтолгооноор далайн эрэг дээр цөөн хэдэн хүмүүс гарсан байсан гэдэг. Тэгээд цөөхөн хүн гарсан учир Японыг өөрийн хараат болгож чадаагүй л дээ.
Усан флотоор хол аялж болох юм байна гэдгийг Хубилай хаан мэдээд өөрийн онгоцуудаа Номхон далай руу явуулж байжээ. Түүнчлэн усан флотоор хол аялж болдог гэдгийг дэлхий дахинд ойлгуулсан хүмүүс бол Хубилай хааны усан цэргүүд юм.
–Улсынхаа хүн амыг дөрвөн ангилалд хуваадаг байжээ. Энэ нь ямар учиртай вэ?
-Эзэнт гүрний хүн амыг дөрвөн зэрэгт хувааж байсан юм. Эхний дээд зэрэглэлийн хүн бол монгол хүн, хоёрдугаар хэсэгт дундад Ази гаралтай Китан, Уйгар зэрэг буюу шар шүдтэн гэж нэрлэсэн байдаг. Гуравдугаарт хойд Хятадын хүн. Дөрөвдүгээрт нанхиад гэж ярьдаг өмнөд Сүн улсын хүн гэж зэрэглэж ангилсан юм. Хуулийн хувьд бас энэ ангиллаа хатуу тусгаж байсан гэдэг. Тэгж ангилж байж зуун сая хүн амтай Хятадыг нэг сая орчим монголчууд захирна шүү дээ.
–Ангилал дээгүүр хүн илүү давуу эрх эдэлнэ биз?
-Тэгнэ. Юань улсын нэвтэрхий толь бичигт хэд хэдэн хууль бий. Тухайлбал, монгол хүн шоронд суувал улсаас хоол ундыг нь гаргана. Монгол хүний нүүрэнд шивээс хийж болохгүй. Харин хятад хүн шоронд суувал гэрээс нь хоол ундыг гаргуулна. Хятад хүний нүүрэн дээр шивээс хийж болно. Түүнчлэн хятад хүн биедээ зэвсэг авч явж болохгүй. Тэр бүү хэл бор шувуу харвах чавхтай ч байж болохгүй. Олноороо цугларахыг хориглосон байдаг. Мөн тухайн цагт хүний худалдаа байжээ. Гэвч монгол хүнийг гадагш нь худалдсан бол хамгийн дээд зэргийн хууль зөрчигч гэж үздэг байсан байгаа юм. Боолын худалдаанд монгол хүнийг худалдаж болохгүй гэсэн үг. Эргэн тойрны хараат улс орны хүн ам нийлээд олон зуун сая болчихно шүү дээ. Тиймээс л ийм арга хэмжээ авч байж. Хятад хүнээр засаг захиргааны нэгжийг толгойлуулахгүй байсан гэдэг. Олон засаг захиргааны нэгж дотор орлогчийн зиндаанд цөөхөн хятад хүнийг тавьж байсан. Ер нь хятад хүн хамгийн томдоо л зуун айл, тавин айлын дарга болон гацааны дарга болж байсан.
–Хубилай хааныг хувь хүн талаас нь дүрсэлсэн мэдээлэл үлдсэн байдаг уу?
-Марко Поло Хубилай хааныг намхан ч биш, өндөр ч биш, царай зүс түвшин сайхан, маш ухаалаг хүн байсан. Гэхдээ насныхаа сүүл рүү жаахан бор дарсанд дуртай болсон. Их саруул ухаантай. Юмыг алс хол харж чаддаг, ер нь бол төвшин хүн гэж бичжээ. Мөн нэг зүйл сонирхуулахад саяхныг хүртэл Европын сурах бичгүүд дээр Хубилай хаан гэдэг шүлэг эртнээс байсан. Намайг Бельгийн нэг сургуульд лекц уншаад явж байхдаа лицейн хүүхдүүдтэй уулзахад нэг хүүхэд надад уншиж өгч байлаа. Би ямар утгатай вэ гэж орчуулагчаар дамжуулж асуусан л даа. Тэгэхэд Хубилай хааны ухаан хурц, цэцэн цэлмэг, алсын харааг нь магтсан шүлэг байна гэж хэлсэн.
–Хэдэн хатан, хүүхэдтэй байсан бол?
-Монголын хаад албан ёсны дөрвөн том хатантай байсан. Хубилай хаан ч мөн адил. Тэгээд татвар эм байна. Татвар эмээс эрэгтэй хүүхэд гарвал дагавар хатан болж дэвшиж байсан. Эрэгтэй хүүхэд гарахгүй бол татвар эм хэвээрээ байдаг. Олон хатантай байсан байх. Учир нь Хубилай хаан 25 хүүтэй байжээ. Хорин таван хүү нь муж, том хотын дарга нар байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголын хаадаас хамгийн олон хүүтэй нь Зүчи хаан гэдэг. Зүчи хаан 116 хүүтэй байсан. Дандаа хүүг нь хэлж байгаа шүү дээ. Цаана нь тэр дайны охин байж таарах нь.
Ж.БАЯРСАЙХАН
Н.НОМИН
Яг хоёр жилийн өмнө манай улс “Монбелъярд” үүлдрийн үхэртэй болж байлаа. Ирснээс нь хойш 14 хоногийн дараа очиход карентинд байсан бөгөөд өдөр бүр усанд оруулдаг болов уу гэмээр цэвэрхэн харагдаж байсан. Бүгд чихэндээ таних тэмдэг зүүсэн байх бөгөөд “Лимузин”, “Мерседес”, “Женари”, “Галакси” гэсэн нэртэй байв. Францад төрж, өсөөд манайд ирж байгаа болохоор монгол хэл мэдэхгүй. Хүлээж авсан “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан эхэндээ хэл нэвтрэлцэх гэж сүрхий юм болдог байж. Хөж хөж гэхээр урагшаа ганц ч алхахгүй. Өөв өөв гэж дуудаад ч ирэхгүй болохоор нь франц мэргэжилтнээс зөвлөгөө авч хөж хөж гэхийг то-то то-то гэдгийг мэдэж авчээ. Бас өглөө бүр 07 цагт өвс тавьж өгөхдөө үхэртэйгээ ярилцаж байхыг зөвлөжээ. Тэр цагаас хойш Монголд хоёр жил болох хугацаандаа тун сайхан идээшсэн байна. Энд ирснээс нь хойш төрсөн тугалуудад франц биш монгол нэр өгчээ. Бухнууд л гэхэд “Манлай”, “Түрүүч”, “Хасар”, “Хангал”, “Мянгуудай” гэсэн гоё нэртэй болчихож. Цаашлаад шинээр төрсөн тугалд 21 аймгийн нэр өгөөд дуусчихаар нь сумын нэр рүү оржээ. “Сайхан”, “Булган”, “Мөрөн”, “Эрдэнэ” зэрэг уул ус, аймаг сумын нэр өгчээ. Анх очиж байхад гадны хүн ойртуулахгүй, битүү хашаан дотор байсан бөгөөд өвсөө оросоос авчруулан иддэг эрх амьтад байв. Харин өнгөрсөн долоо хоногт очиход фермийнхээ зэргэлдээх тариан талбайд бэлчиж байлаа. Гэхдээ тэр хавь руу гадны хүн ойртож боломгүй торон хашаа татсан байв. Ферм дээр очвол тэжээлийн технологич Р.Батсүрэн угтаж авч байна. Гал тогоо руу дагуулж ороод шинэхэн уургаар дайллаа. “Үнээнүүд маань ойрд тугаллаж байна. Урьд шөнө л гэхэд бүл нэмсэн” гэв. Эндхийн хүмүүс хэрэгцээндээ зориулж үнээнийхээ сүүнээс авч үлддэг ажээ. Үүдний өрөөнд сүү хөөрүүлж өрөм загсаасан байв. Гал тогоонд ажиллаж буй хүмүүс “Монгол үнээний сүүг бодвол харьцангуй тослог ихтэй” гэж магтах ажээ.
Франц үнээнүүд Монголд ирэхдээ хээлтэй байжээ. Одоогоор хоёр дахь төлөө авч байгаа юм байна. Монголд идээшиж, дасан зохицох бүрэн боломжтой юм байна гэдгийг мэдсэн болохоор дараагийн 150 үнээгээ өнгөрсөн оны долдугаар сард оруулж иржээ. Ингээд нийт 300 саалийн үнээ, таван бухтай эрчимжсэн мал аж ахуйн фермийнхээ үйл ажиллагааг жигдрүүлжээ. Анх ирэхдээ хээлтэй байсан үнээнүүд үр төлөө өгч эхэлснээр өдгөө тугал, бяруутайгаа нийлсэн 620 толгой малтай болчихож. Зарим нь гурав дахь хээлээ тээж байгаа бөгөөд өвлөөс тугаллаж эхлэх юм байна. Тэгэхээр ирэх хавар гэхэд мянгаад үхэртэй болох төлөвтэй байгаа гэсэн. Түүгээр ч үл барам эхийнхээ гэдсэнд байхдаа Монголд ирсэн тугалууд ирэх хавраас үр төлөө өгч эхлэх юм байна. Тэр үед 400 үнээг тусад нь салгаад жижиг ферм байгуулах бөгөөд хэтдээ гуч, гучин үнээтэй фермтэй болохоор төлөвлөж байгаа юм байна.
“Монбелъярд” үүлдрийн үнээг оруулж ирэхдээ мах, сүүний чиглэлээр ашиглахыг зорьж байжээ. Одоогийн байдлаар зөвхөн сүүг нь сааж байгаа юм байна. Махны чиглэлээр ашиглая гэхээр анхны төлүүд нь одооноос л таваарын хэрэгцээний насанд хүрч байгаа буюу 18-24 сартай болж байгаа гэнэ. Ямар ч байсан монгол үхэртэй харьцуулахад жин ихтэй болохоор махны гарц сайн байх нь гарцаагүй. Гэхдээ одоогийн байдлаар үхрээ нядлан махны чиглэлээр ашиглах болоогүй байгаа юм байна. Нэгдүгээрт, яг ийм махны чиглэлийн үхрийг ялгаж чадах зах зээл хараахан хөгжөөгүй байгаа гэсэн. Учир нь өөх багатай, алагласан махтай махыг “Монбелъярд” үүлдрийнх мөн эсэхийг мэдэх хүн ховор. Тэгэхээр лангууны ард тавиад борлуулахаар махаа таньж авах хэрэглэгч одоохондоо байхгүй гэж болохоор гэнэ. Харин ганц нэг ресторанд туршилтын журмаар мах нийлүүлж буй ажээ. Цаашдаа махаа боловсруулж худалдаанд гаргах уу, үнээнийхээ сүүгээр тараг, бяслаг хийх үү зэрэг олон санаа байгаа бөгөөд одоогоор бизнесийн судалгааныхаа түвшинд явж байгаа юм байна. Харин Хөдөө, аж ахуйн яам болон зарим нэг хувь хүний захиалгаар тодорхой хэмжээний малыг засаатайгаар нь зарсан гэсэн. Ингэж зарах нь бусад үнээний фермийн нутгийн үүлдрийг сайжруулах зорилготой байсан бөгөөд шүдлэн насны 20 гаруй бух заржээ. Гэхдээ мэдээж хэрэг байнга зараад байхгүй. Сүргийн хэрэгцээ хангалттай гэж үзсэн тохиолдолд зардаг бөгөөд мал аж ахуй эрхэлдэг хүмүүс тун дуртай худалдан авдаг гэсэн. Эднийх нэг бухаа таван сая төгрөгөөр үнэлдэг болохоор дурын хүн худалдаж авах бүрэн боломжтой ажээ.
Франц үнээнүүд Монголд анх ирэхдээ тусгай бэлдмэл хэрэглэдэг, вакцинтай, эм тариатайгаа ирж байсан юм. Тэр үетэй харьцуулбал Монголын хөрсөнд хэдийнэ дасаад бараг л монгол үхэр болчихож. Нэмэлт эм тариа хэрэглээд байхгүй, элдэв витаминаар тордохгүй байсан ч алзахааргүй болсон байна. Бүр хүн ойртуулахгүй гээд тусгай хашаанд маллаж байсан бол өдгөө бэлчээрт гардаг болжээ. Саалийн үнээ, өсвөр насны малаа таримал бэлчээрт гаргадаг болсон гэнэ. Өглөө оройдоо л нэмэлт тэжээл өгчихөд болоод явчихдаг гэсэн. Хуучин 18 цагаас хойш “хоол” иддэггүй байсан бол өдгөө зуны цагийн хуваарийн дагуу тэжээлийг нь өгч байгаа ажээ. Тэр нь яадаг вэ гэхээр саалийн үнээнүүд өглөөний 07 цагт тэжээлтэй. Тэжээлээ идэж байхдаа саалгана. Дуусаад бэлчээртээ гарна. Өдөр 14 цагийн үед бэлчээрт нь очиж услаад орой 17 цагт буцаагаад байранд нь авчирдаг юм байна. Тэр үед олон төрлийн эрдэс бүхий тэжээл өгдөг ажээ. Тэжээлээ идсэнийх нь дараа усалж, хэсэг амрааж байгаад 19 цагт саадаг юм байна. Саалиа авчихаад дахиад бэлчээрт нь гаргачихна. Энэ мэтээр зуны хэдэн сарыг өнгөрөөж байгаа гэсэн. Гол анхаарах ёстой зүйл нь цаг гэж байв. Тэжээл, усыг нь яг тогтсон цагт л өгөхгүй бол сүүний гарцад шууд нөлөөлдөг гэсэн. 17 цагт тэжээл өгөх ёстой байхад арав, хорин минут хоцроход л хэдэн литр сүүний зөрүү гардаг. Олон үнээ сааж байгаа болохоор сүүний гарц илт анзаарагддаг гэж байлаа.
Үнээний сүүний гарц тугаллах бүрт улам нэмэгдэнэ. Анх гэдсэндээ хээлтэй ирж байсан үнээнүүд тугалласан хойноо өдөрт 20 гаруй литр сүү өгдөг байжээ. Хоёр дахь удаагаа тугалласнаас хойш сүүний гарц эрс нэмэгдсэн гэнэ. Хоёр дахиа тугалласан үнээ өдөрт дунджаар 30 гаруй литр сүү өгч байгаа юм байна. Энэ жишгээр тооцохоор жилдээ дөрвөн мянган литр сүү өгдөг үнээ бий. Анх удаа тугаллаж байгаа үнээнээс жилдээ хоёр, гурван мянган литр сүү саадаг ажээ. Ерөнхийдөө үнээний жилийн ашгийг тооцохдоо саалийн 305 хоногоор дүгнэдэг юм байна. Саахдаа автомат саалтуур хэрэглэнэ. Дөрвөн дэлэнгийн аль нэгийнх нь сүү түрүүлээд дууслаа гэхэд автоматаар мэдрэн саахаа зогсоодог гэнэ. Саасан сүүгээ “АПУ” ХК-д нийлүүлэх гэрээтэй ажээ. “АПУ”-гаас гаргаж байгаа “Сайн” нэрийн бүтээгдэхүүнийг эдний фермийн үнээний сүүгээр хийдэг юм байна. Сүү нь монгол үнээтэй харьцуулбал тослог ихтэй. Дунджаар 3.2-4.0 хувийн тослогтой байдаг гэнэ. Гэхдээ сүүний тослог ямархуу байх нь цаг агаартай шууд холбоотой. Зуны халуун өдрүүдэд сүүгээр гадагшлах ёстой хамаг тослог нь хөлсөөр гараад явчихдаг гэсэн. Харин өвөлдөө нэмэгдэнэ. Гэхдээ аль ч улиралд тослогийг нь тэнцвэржүүлэх үүднээс тусгай нэмэлт тэжээл ашигладаг юм билээ. Харин үнээгээ саахдаа тугалыг нь хөхүүлэхгүй. Дөнгөж төрсөн тугалыг эхээс нь салгаж аваад угжчихдаг юм байна. Ингэж эхээ хөхөх байгалийн зөн мэдрэмжийг нь салгахгүй бол бэлчээрт байх үедээ сүүгээ шавхчих гээд байдаг гэсэн. Бас төрснийх нь дараа хөхүүлчихээр эх үрийн холбоо тогтоод тугалаа л харахгүй бол ивлэхээ больчихдог ажээ. Тиймээс тугал нь эхийгээ хөхөж үзсэн тохиолдол цөөн гэв.
Франц үнээнүүд Монголд ирэхдээ гурван үеийн намтар бүхий бичиг баримттай иржээ. Түүн дээр нь нэр ус байхаас гадна төрсөн он сар байна. Цаашлаад бухны ээж, өөрийнх нь ээж, эмээгийн тухай тэмдэглэсэн байдаг гэнэ. Эмээ нь хэдэн тугал гаргаж байсан, жилийн сүүний гарц ямархуу байсан тухай дэлгэрэнгүй бичиж үлдээх учиртай. Эндээс тухайн үхрийн үүлдэр, гарал угсааны байдал мэдэгдэнэ. Зарах гэж байгаа тохиолдолд худалдан авагч дээрх бичиг баримтыг үзээд сайн удамтай эсэхийг нь мэдэх бүрэн боломжтой юм байна лээ.
“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийнхан гурван малын эмч, нэг зоотехникчтэй ажилладаг юм байна. Бусад хүмүүс нь хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгссөн дээд боловсролтой. Нэг ээлжинд арав гаруй хүн ажилладаг бөгөөд өглөөнөөс үдэш хүртэл борви бохисхийлгүй ажилладаг гэсэн. Тэд “Манай үхэр их номхон, зөөлөн ааштай” гэж магтана. Анх ирэхдээ их л ажиллагаатай мэт санагдаж байсан бол өдгөө монгол арга барилд дасан зохицжээ. Үгүй ядаж л гадаа өвөлжүүлж сургаж байгаа гэсэн. Өнгөрсөн жил гэхэд хорио цээрийн саравч босгоод шүдлэн, бяруунуудаа байлгасан гэнэ. Харин саалийн үнээ болон нялх тугалуудаа битүү байранд байлгажээ. Гэхдээ ес эхлэхтэй зэрэгцээд байранд оруулсан бөгөөд хоёрдугаар сар дөнгөж өнгөрөөд саравч руу гаргажээ. Тэр үед бээрч янз бүр болоогүй бөгөөд монгол үхрээс дутуугүй тэсвэр тэвчээртэй гэдгээ харуулсан байна.
Харин анхаарах ёстой ганцхан зүйл байдаг нь бүлээн усаар услах ёстой аж. Хүйтэн ус өгч болох ч ходоодон дахь усаа бүлээсгэх гэж их энерги зарцуулдаг юм байна. Ингэж хэрэггүй зүйлд энергиэ зарцуулахаар сүүний гарц багасдаг ажээ. Бас нэг онцлог нь “Монбелъярд” үүлдрийн үнээний эврийг ургуулдаггүй. Энэ нь бас л хүйтэн цагт эвэр, туурайгаараа дулаан алддагтай холбоотой. Дулаан алдаад л байвал сүүгээ бага өгнө. Тэгэхээр аль болох тав тухтай байлгаж байж зохих нормын дагуу сүү саадаг юм байна. Харин зуны цагт хол явуулж болохгүй. Бэлчээр хол байх тусам явдалдаа энерги зарцуулах учраас аль болох ойрхон явуулдаг юм байна. Ерөнхийдөө амаар орсон бүхнийг сүү болгоно гэсэн зорилготой ажилладаг ажээ. Энэ нь эрчимжсэн мал аж ахуйн ерөнхий зарчим гэсэн. Хэрэв дээрх зүйлийг анхаарахгүй, энерги алдуулаад байвал сүүний гарц л муудаад монгол үнээнээс ялгаагүй болдог гэнэ лээ. Монгол үнээ хол явж бэлчдэг, бас хэт хүйтэнд энерги алдаад байдаг болохоор биеийн өсөлт бага, ашиг шим тааруу байдаг ажээ.
Бэлчээр дээр нь очиж франц үнээнүүдийг харлаа. Хоёр жилийн өмнө эхийнхээ гэдсэнд байсан бяруунууд лагс том биетэй болчихож. Харин өнгө үзэмжийн тухайд монгол үнээнээс ялгарахгүй “халтайчихсан” байна лээ. Өдгөө сүрэгт то-то то-то гэж дуудуулах үхэр байхгүй болжээ. Хивээд хэвтэж байхад нь хөж хөж гэвэл босоод явчихдаг болсон байна. Харин тэндхийн хүмүүс “Одоохондоо монгол үхэр шиг л болчихсон байгаа юм. Франц хүн ирвэл яадаг юм бол” гэлцэн хошигнож байв.
АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг, тамирчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар, олимпийн 6 эрх өвөртлөн эх орондоо ирсэн билээ. Түүхэн амжилтын эзэд болсон тамирчидаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлнэ.
Өнөөдөр Шинжлэх ухааны академийн дэргэд Монгол ба Төв азийн судалгааны төв нээлтээ хийлээ. Энэхүү төв нь Төв болон дотоод Азийн орнуудын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, арга туршлага солилцох, цаашлаад бүс нутгийн судалгааг идэвхижүүлэх чиглэлээр ажиллах аж. Мөн өнөөдөр Монголын угсаатны зүйн салбарыг хөгжүүлэх, угсаатны зүйчдийн залгамж халааг бэлтгэх, Монгол-Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж Япон Улсын Үндэсний угсаатны зүйн музейн Нийгмийн судалгааны салбарын профессор Юки Коногаяд, Дэлхийн монгол судлалд монголын түүх судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ИБУИНВУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны тэнхимийн рийдэр, доктор Урадын Э.Булагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.
Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс “Эрчимжүүлэлт 9” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн турш зохион явууллаа. Энэ үеэр нийт 23 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгаж нэг зөрчил илрүүлэн, нийт 13 аж ахуйн нэгж, байгууллагад Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Сүхбаатар дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Сүхбаатарт үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг нээхээр болжээ. Мөн шинэ ногооны үзэсгэлэн худалдаа АСА циркийн талбайд болох юм байна.
Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв болон “Сандэй плаза” худалдааны төв энэ сарын 16-ны өдөр амрахаар болсон юм. “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.
Мөн тус хуралтай холбогдуулан нийслэлийн төв замын ачаалал ихсэх тул иргэд Та бүхэн ачаалал багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Саяхан Монгол
Улсын Ерөнхийлөгч Хятадыг чөлөөлөх дайны ялалтын парадад оролцсон. Уг парадын ёслолд
уригдсан улс орнуудын төрийн тэргүүн нарыг Хятадын дарга Си Жиньпин найрсгаар угтан
авч, өөд өөдөөсөө харилцан мэхийн ёсолцгоож байв. Энэ бол төрийн ёслол хүндэтгэлийн
протоколын дагуу явагдаж буй зүйл гэдэг нь тодорхой. Манай Ерөнхийлөгч Хятадын даргатай
бусад улс орнуудын удирдагч нарын адил гар барьж мэхийн хүндэтгэсэн. Тэгтэл тухайн
үйл явцын дараа “Элбэгдорж Хятадын даргын өмнө толгой бөхөлзлөө” гээд Монголын нийгэм
даяар шуугиан татаад явчихлаа. Сошиал ертөнцөөр бөөн шуугиан дэгдэж, эх захгүй маргаан
мэтгээн өрнөснийг бид мэдэж байгаа. Үүнээс улбаалаад монголчууд дорно дахины соёлтой,
дорнын голлох ард түмэн биш билүү гэх бодол сэрхийтэл төрсөн юм.
Монголчууд
дорнын соёл, сэтгэлгээний үндсэн гол элемент болох мэндлэх, хүндлэх, авгайлах ёсыг
сахиж, хадгалж ирсэн улс үндэстэн. Өнөөдөр дорнын соёлын чиг шугамыг барьж, амьдралынхаа
үндсэн философи, мөрдлөг болгож буй Япон, Солонгос, Хятад шиг ард түмэн юм. Бид
эзэн хаан, эрхэм дээд өвгөд, бичиг соёлын мэргэдээ мэхийн хүндэтгэхээс гадна сөхөрч,
сөгдөж, бохирч, шүтэж дээдэлж ирсэн билиг төгөлдөр хүмүүс билээ. Хааныхаа өмнө бохирон
сууж төрөө дээдлэх, хуулиа эрхэмлэх чанар бие сэтгэлд нь оршиж ирсэн. Гүн хүндэтгэлт
нэгэнтэй уулзаад салахдаа ар нуруугаа харуулдаггүй ёс байсныг бид мэднэ. Ар нуруугаа
харуулалгүй элгээ харуулж гарна гэдэг элгэмсэг дотно, энэрэн хайрлах сэтгэлийнх
нь илэрхийлэл. “Эрхэм тан дээр хүйтэн сэтгэл өвөрлөж ирээгүй юм шүү” гэж ёс жаягаараа,
бичигдээгүй хуулиараа, амьдралынхаа үндсэн философиор хэлж буйн дохио л доо. Мөн
дорнын соёлт улс үндэстний хувьд аливааг бэлгэшээн боддог, ёс төрийг эрхэмлэдэг,
үгийн утга, цаад гүн санааг нь мэдэрч байдгийн илэрхийлэл ч гэж хэлж болох юм.
“Болсон тариа
бөхөлздөг” гэсэн японы зүйр үг байдаг. Энэ нь тариан түрүү буюу толгой хүнд байдаг,
тийм хэрнээ уян хатан чанараа дотроо агуулж, хугарч нугараад унадаггүй гэсэн ойлголтыг
төрүүлнэ. Мөн солонгосын “Найгадаг мод хугардаггүй” гэсэн үг бий. “Болсон тариа
бөхөлздөг” гэдэгтээ агаар нэг. Модны хувьд нэмж тодотгоход, салхины эсрэг горзойгоод
зогсоод байвал нэг л өдөр үндсээрээ булга үсрээд унана гэсэн далд санаа яваад байгаа.
Дорно дахины цэцэн мэргэн сургаалуудаас тогтож уншаад, ухаарч бодмоглоход эрдэнийн
чулуу адил гэрэлтэж байдаг гайхмаар үг өгүүлбэр, тарни мэт шад мөрүүд зөндөө. Энэ
бүхэн нарийндаа бол уян хатан чанар, бие биеэ мэхийн хүндэтгэх, хүндлүүлэх харилцааны
соёлын үнэт сургаалууд билээ.
Гэвч ахмад
буурлуудаа дээдлэх, ач гавьяа, алдар замналыг нь хүндэтгэхээс аваад дорнын соёл,
сэтгэлгээний үндсэн элемент мэндлэх хүндлэх ёс Монголд үгүй болжээ. Бүр ул мөргүй
алга болж байна уу даа гэх бодол төрөх аж. Амьдарч буй нийгмээ, эргэн тойрноо эрүүл
саруул ухаанаар нэг харъя л даа. Ахмадаа дээдэлж, туулж өнгөрүүлсэн он жилүүдийнх
нь үүх түүхээр тэгтлээ бахархаж байгаа бил үү. Үр хүүхдээ энхрийлэн хүндэтгэж, хайрлан
энэрч байна уу. Нялх балчир үртэйгээ зэрлэг балмадаар харьцаж, гарынхаа зугаа болгож
байгаа жигшмээр хэрцгий хэрэг тасрахгүй байна. Дунд сургуулийн сурагчид самбарын
өмнө хичээлээ зааж байгаа багшийнхаа араас бүгд салаавч гаргаж, дунд хуруугаа гозойлгосон
зураг цахим ертөнцөд хоёрхон хоногийн өмнө тавигдсан байна лээ. Энэ чинь юу гэсэн
үг вэ. Эрдэмт багшаа хүндэтгэх, бичгийн мэргэдээ дээдлэх өнөө дорнын соёл минь хаачив.
Ул мөргүй алга боллоо гэсний нэгэн жишээ энэ л дээ.
Мөн залуу
үеэ хүндэтгэж, алдаа оноог нь дэнслээд хэлчих саруул ухаантай, аливаад буйртай нуруулаг
ханддаг, өнөө “найгадаг мод хугардаггүй” гэдэг шиг өвгөд үгүй болжээ. Нэг л их цэцэрхсэн,
гоморхсон, цээжээ дэлдэж эх оронч царайлсан, залуу үеэ ор тас үгүйсгэсэн “сахалтай
эмгэд” хаа сайгүй олширсон санагдана. Монголын нийгэм ийм хахирган хүйтэн, хүүхэд
хөгшидгүй уур бухимдлаар сагаж, муу муухайгийн үүр уурхай болсон нь ердөө л бидний
зан чанартай холбоотой. Бид юуг ч тэвчиж тэсвэрлэж, хичнээн дургүй хүрсэн ч мэндлэх
хүндлэх ёсоо алдаагүй дорнын соёлоо уландаа гишгэснийхээ горыг одоо амсаж байна.
Япон, Солонгост ажиллаж амьдарч, сурч байсан найз нөхөд ойр дотнын маань хүмүүс
Монголд ирээд, нийгмийн энэ их уур бухимдал нэгийгээ харааж зүхэж буйг үзэж сонсоод
хэлэх үггүй болдог. Монголоо хичнээн их санаж, сайн сайхан зүйл хийж бүтээхийн агуу
их хүсэл тээж ирсэн хүмүүсийн өөдөөс бид тэгж л нулимж угтдаг болжээ. Энэ байдлаараа
Монголын ард түмэн соёлт хүн төрөлхтний өөдөөс нулимж, энэ дэлхийн бөмбөрцөгт нүүрээ
хийх газаргүй зэрлэг бүдүүлэг омгийнхон болж хувирах нь.
Дорнын соёлын
голлох үндэстэн болох Японд “Өөрийгөө буруутгах соёл” гэж байдаг. Тухайн хүнд дургүй
байсан ч та инээж, бөхөлзөх хэрэгтэй. Чиний буруу байлаа ч өөрийгөө буруутгах ёстой
гэсэн бичигдээгүй хууль бий. Уг соёл, ёс жаягаа баримтлаагүй, манайхаар бол хар
амиа бодож толгой дээгүүр явсан нөхөд яалт ч үгүй нийгмээсээ шахагддаг гэсэн. Энэ
тухай япон судлаач Д.Төмөрбаатар нэгэнтээ бичиж байв. Гэтэл монголчууд бид ноён
зантай, бөхийж мэхийхийг мэддэггүй хүмүүс. Үүний үр дүнд яав. Хар яр хийж нохой
шиг хэрэлдэж хэмлэлдсэн нийгмийг бий болголоо. Өөр гэгээтэй юм алга “Капиталист
нийгэмд улс орон минь шилжиж байна. Монголчууд бид нэгийгээ хүндэтгэн бөхөлзөх хэрэгтэй
байна. Бид чинь бүгд гэдгэр зантай хүмүүс. Гуйлгачин нь хүртэл гэдрэг гэдийж байх
юм” гэж “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
нэрт нийтлэлч Жамбалын Мягмарсүрэн аль тэртээ ерээд онд “Гэдгэр гуйлгачин” нийтлэлдээ
бичиж байсан.
Монголчууд
гэдгэр ноён зангаа орхиж нэгнийхээ өмнө мэхийн ёсолдог, хүндэтгэлтэй хандан мэндчилдэг
болох хэрэгтэй. Үндсэндээ дорнын соёлын гол зүйл болох үг өнгөрөөж сурах хэрэгтэй.
Үүний тулд харилцааны тухай хууль гаргамаар байна. Уг хуульд “Монголчууд уулзсан
хүнтэйгээ мэхийн ёслох учиртай”, “Албан газрын хүмүүс сайн байна уу гэж хэн нэгэндээ
хүндэтгэлтэй хэлж ажлаа эхлэх ёстой” гэх зэргээр зааж өгмөөр байна. Мөн дээрх хуулинд
“Тухайн албан газар орсон хүн харилцааны тухай хуулийг дагаж мөрдөлгүй, албаны хүмүүстэй
мэхийж ёслоогүй бол түүний асуултад хариулахгүй байж болно” гэдэг ч юм уу, эсвэл
“Ахмад настан, бичгийн мэргэд, төрийн түшээд гээд нэртэй төртэй хүмүүст тухайн хүн
45 градус бөхийж мэндчилнэ” гээд заачихад ч буруу нь юу байх билээ. Дорнын соёлтой
улс үндэстэн ингэж л мэндчилж, халуун дотно, найрсгаар жаргалтай аж төрж байна.
“Өрнө, дорнын үндэстэн угсаатны соёлын ялгаа олон зүйлээр илэрдгийн дотор мэндлэх,
хүндлэх ёс багтдаг. Өрнө дахины хүмүүс гол төлөв гар барьж мэндэлдэг. Дорно дахины
уламжлалт мэндчилгээ бол гар барьдаггүй. Хоёр гараа цээжиндээ аваад бөхийж мэндчилдэг.
Энэ бол дорно дахины ард түмний соёл, сэтгэлгээний үндсэн суурь юм. Өрнө дахины
мэндчилгээнд төвөөс зугтах хүч үйлчилдэг бол дорнын мэндчилгээнд төвд тэмүүлэх хүч
үйлчилдэг” гэж хятад судлаач доктор М.Чимэдцэеэ хэлсэн.
Монголчууд
хүний урд төрөл нь нохой байсан гэлцэх нь бий. Нохой байж байгаад хүн болсон гэж
ярьдаг. Өнөөгийн нийгэм цаг үеийг, монголчуудын аж амьдрал, соёл, зан харилцааг
харахад бид чинь хүн байж байгаад эргээд нохой болж байгаа юм биш биз дээ гэх бодлыг
төрүүлж байна. Хичнээн алдар суутай, бахдам гавьяатай, төрийн өндөр алба хашиж буй
хэн ч байсан нийгэм хүндэтгэхээ байж. Үгийг нь сонсч, үзэл бодлыг нь хүлээж авахаа
байж. Цахим ертөнцөөр нэгийгээ элдэв дээдээр зүхсэн, хараасан, хэмлэсэн хүмүүс л
байх юм.
“Гүррагчаа
баатрыг цагаа олж төржээ гэж би баярладаг. Хэрвээ өнөөдөр төрсөн бол монголчуудын
энэ атаа жөтөө тэр хүнийг сансрын хөлөгт суулгахгүй. Монгол Улс сансрын нисгэгчгүй
байх байсан” гэж төрийн тэргүүн “Сэтгэлгээний хувьсгал” нийтлэлдээ өгүүлсэн удаатай.
Бид ийм л нохой шиг нийгмийг бий болгочихлоо. Одоо үүнээсээ больж дорнын соёлын
язгуур нийгмээ байгуулах хэрэгтэй байна. Эрхэм төрийн түшээд харилцааны тухай хууль
даруйхан санаачлан батлаадахаач. Монголчууд дугаарын хязгаарлалтыг яаж даган мөрдөж,
замын хөдөлгөөний хуулийг дор бүрнээ сахиж байгаа шигээ харилцааны тухай хуулийг
хүндэтгэн хүлээн авах болов уу. Тэгэхгүй бол дорнын соёлоо уландаа гишгэж, нохой
шиг нийгэмдээ хэмлэлдэн амьдарсаар байх болно.