Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр”-ыг хүсэн хүлээдэг хүмүүс цөөнгүй болжээ. Номын баярыг зохион байгуулагч Д.Сувдаатай цөөн хором уулзаж ярилцлаа.
-Удахгүй болох номын баярын талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Номын ертөнц нэвтрүүлгийнхний зүгээс үндэсний хэмжээний номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг. Энэ удаагийн баяр ес дэх жилдээ буюу 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний үйл ажиллагааг дэмжиж улс орон даяар номын баярын өдрийг тэмдэглэдэг болъё гэсэн 158 дугаар зарлиг гаргасан байдаг. Тиймээс намрын номын баяр арай өргөн хэмжээнд болдог. Баяр энэ сарын 19-ний өдөр Чингисийн талбайд болно. Энэ удаагийн номын баяр маань “Бид номонд дуртай” уриан дор болно. Мөн энэ намрын баяраар уламжлал болон гаргадаг “Ном бол…” сэтгүүлийнхээ найм дахь дугаарыг гаргах гэж байна.
-Чингисийн талбайд ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
-Уншигчдын дунд 50 мянган хүн хамруулсан бид номонд дуртай гэсэн судалгааг явуулна. Судалгааны дүнгээр уншигчид маань ямар чиглэлийн ном уншиж байна гэдгийг мэдэх боломжтой юм. Тухайлбал, тэдэн насныхан ийм чиглэлийн ном уншиж байна, тийм мэргэжлийн хүмүүс тийм чиглэлийн ном уншиж байна гэх мэт номтой холбоотой тодорхой статистик тоо судалгааг гаргах юм. Ингэснээр цаашид ямар чиглэлийн номнуудыг түлхүү хэвлүүлбэл уншигчид илүү их сонирхох вэ гэдгийг мэдэх боломжтой болно. Энэ үеэр мөн тэргүүний уншигч Нацагдоржийн нэрэмжит тэмдэгтнүүд хүрэлцэн ирж өөрсдийн ном хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаа тайлагнаж, “Ном дотор зам байгаа” гэсэн уралдаант тоглолтууд, “Бид өөрсдөө ном” сэдэвт зохиолын баатруудын дүрийн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа.
-Номын баярт зохиолч, орчуулагч нараас хэн хэн орох вэ?
-Одоогийн байдлаар ном хэвлэлийн 100-гаад байгууллага оролцохоор төлөвлөгдсөн байна. Хөдөө орон нутагт номын бизнес эрхлэгчид болон номын сангууд, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд болон бие даасан зохиолч, орчуулагчид, мэргэжлийн байгууллагууд энэ баярт оролцдог. Энэ жилийн хувьд оролцогчдын тоо нэмэгдсэн байна. Эндээс уг арга хэмжээний цар хүрээ өсч байна гэдэг нь харагдаж байгаа.
-Онцолбол ямар байгууллага оролцож байгаа юм бол?
-“Өдрийн сонин”-ы уран бүтээлчид өөрсдийнхөө ном бүтээлийг дэлгэж оролцоно. Өнгөрсөн жил “Өдрийн сонин”-ы багцыг дуудлага худалдаанд оруулж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нэг сая төгрөгөөр худалдан авч байсан шүү дээ. Номын салбарын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажилладаг “Өдрийн сонин”-ы хамт олонтой хамтарч ажиллахад таатай байдаг. Зохиолч сэтгүүлчдийнхээ уран бүтээлийг энэ өдрүүдэд сурталчилж оюуныг тодорхой хэмжээгээр түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажилладагт баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.
-Уншигчдын хүсэн хүлээдэг нэг зүйл бол номын хямдралтай худалдаа байдаг. Энэ намрын баяраар номнууд яаж хямдрах бол?
-Ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувь хямдруулж худалдаална. Баяр гэдэг утгаараа олон уншигчийг баярлуулсан үйл явдал болдог. Мөн зохиолч орчуулагчид маань өөрийн гарын үсэгтэй танилцуулга худалдаа хийдэг учраас уншигчид дуртай байдаг.
-Энэ жилийн баярын онцлог юу вэ?
-Уг баярыг номын ертөнц нэвтрүүлгээс зохион байгуулдаг гэдгийг ном сонирхогчид маань мэдэх байх. Тэгвэл нэвтрүүлгийнхээ 500 дахь дугаарын баярыг энэ өдөр зарлах гэж байна. Түүнчлэн явуулын номын сангийн үйлчилгээ явагдах учраас энэ талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болох, номын санчидтай уулзаж туршлага солилцох мөн оюутан залуучууд маань номын сангийн үйлчилгээний талаар тодорхой мэдээллийг авах боломжтой.
Бас нэг онцлог зүйл бол Япон улсаас монгол хэл дээр “Happy science” гэсэн цувралын хүрээнд гарч байгаа номын зохиолчид ирж номын баярт оролцож байгаа. Номын баяр жил ирэх тусам улам өргөжиж байгаа тул цаашид олон улсын номын баяр болгох томоохон зорилго тавиад ажиллаж байна.
-Энэ баярын үеэр өөрийн орон нутаг болон дүүргийнхээ номын санд хандив өгөх боломж гардаг байх аа?
-Тэгэлгүй яахав. Энэ бол баярын маань чухал үйл ажиллагааны нэг. Улсын хэмжээний бүх номын санчид өөрсдөө хүрэлцэн ирсэн байдаг учраас өөрийн нутгийн болон дүүрэг, сургуулийнхаа номын санд оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Уран бүтээлч, бизнесийн байгууллага болон уншигч хэн бүхэнд энэ ажиллагаа нээлттэй. Тэр өдөр ном хямдардаг учраас ном худалдаж аваад бэлэглэх, хандивлах сайхан боломж бүрдэж байгаа юм.
-Танайхаас хийж буй ажлуудын талаар мэдээлэл хаанаас авах вэ?
-Цахим ертөнцөөр номонд дуртай маш олон хүмүүсийг өөрсдийн хийж буй ажилдаа татан оролцуулж байна. Фэйсбүүкийн “Бид номонд дуртай” хуудас, твиттерийн “Би номонд дуртай” хуудсуудад фото зургаа ирүүлэх хөдөлгөөн өрнөж байна. Уншиж байгаа номынхоо чиглэлийг эндээс харж, номны тухай зураг, сэтгэгдлээ оруулдаг юм. Уншигчид маань номтой холбоотой мэдээллээ энэ орчинд солилцох боломжтой. Мөн номын баярын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.