Categories
мэдээ улс-төр

Парламентын ассамблей Монголыг сайшаав

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн 2015 оны намрын хурлыг энэ сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Парламентын ассамблейн хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцлоо.

ЕАБХАБ нь дэлхий дээр хамгийн олон орны парламентын гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн парламент хоорондын олон улсын байгууллага юм. ЕАБХАБ-ын бүх гишүүн орнуудын парламент энэ байгууллагын гишүүн. Тиймээс энэ парламентын гишүүд нь дэлхий дээр байгаа нэг тэрбум хүмүүсийг төлөөлж парламентдаа сонгогдсон байдаг байна.

Парламентын ассамблей нь тус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцож, холбогдох зөвлөмж, шийдвэр гаргах замаар гишүүн орны парламентын оролцоог нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой 1991 онд байгуулагджээ. Жил болгон гишүүн оронд ээлжлэн зохион байгуулагддаг парламентын ээлжит хурлын үеэр цаг үеийн тулгамдсан асуудал болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар тунхаг бичиг гаргадаг билээ.

Манай улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн хурлаар улс орнуудын өмнө тулгамдаж байгаа олон бэрхшээлүүдийг авч хэлэлцэхээс гадна евро-азийн бүс нутагт тулгамдаж байгаа байгаль орчны, экологийн, хүнсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудлууд болон хүний эрхийн талаарх асуудлуудыг 47 улсаас 300 гаруй төлөөлөгч гурван өдөр ширээ тойрон сууж, тохой нийлүүлэн хэлэлцлээ.

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн намрын хурлын гол онцлог нь парламентын гишүүд идэвхтэй оролцож, өөр өөр байр суурьтай байгаа зарчмын асуудлууд болон үзэл бодлоо нэгтгэдэг байна. Цаашдаа хамтарч ажиллах бүрэн боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой хурал байдаг. Хуралд оролцож байгаа бүрэлдэхүүний зүгээс Монгол Улсыг өндөр хэмжээнд хурлыг зохион байгуулж байгаад, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн хугацаанд бий болгосон ардчилал, эдийн засгийн хөгжилд бий болгосон ололтыг олон парламентын гишүүд үнэлж дүгнэж байлаа.

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва “Монгол Улс ардчиллын замд бат зогссон бөгөөд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө бусад орнуудын туршлагаас харилцан суралцахад бэлэн байгаа гэдэг нь харагдаж байна. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг хэзээ ч дуусашгүй үйл явц учраас энэ үйл явцад итгэл төгс байгааг нь олж харсан. Монгол Улсын хувьд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлыг анх удаа өөрийн орондоо зохион байгуулж байна. Монгол Улс энэ байгууллагад нэгдэж ороод удаагүй гурван жил болж байна. Энэ утгаар нь авч үзвэл маш идэвхтэй ажиллаж байгаа гишүүн орон болжээ гэдгийг харуулж байгаа юм. Энэ бүгд нь цаашдаа Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд манлайлагч үүрэгтэй оролцоход бэлэн бөгөөд энэ нь бололцоотой гэдгийн илрэл юм. Хурал зохион байгуулж буй газар нутаг ЕАБХАБ-ын гишүүн орнуудын газар зүйн талаас нь авч үзвэл хамгийн зөв өнцөгт нь болж байгаа юм. Энэ хурлын боломжийг ашиглаад олон асуудлыг хөндөн ярилцаж байна. Ялангуяа энэ бүс нутагтай холбоотой асуудлыг түлхүү ярьлаа. Бидний ярилцсан сэдэв өргөн хүрээтэй. Улс төрийн чанартай олон зүйлүүдийг ярьж байна. Тухайлбал Орос болон Украйны хямралын асуудлыг хөндөж байна. Мөн терроризмтэй тэмцэх тухай ярилцлаа. Түүнчлэн дүрвэгсдийн хямрал гэдэг асуудал манай бүс нутгийн санаа зовоосон асуудал болж байна. Мөн хурлын явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан. Хүний наймааны асуудал, ардчилал, эрх чөлөө, иргэний нийгмийг дэмжин хөгжүүлэх сэдвүүдээр хэлэлцлээ. Энэ бүх ярилцаж байгаа сэдвүүдтэй холбоотой улс орнуудын зүгээс хүчин чармайлт гаргах, хийх ажил их байгаа учраас энэ талаар ярилцав. Дүгнэж хэлэхэд Монгол Улсад өрнөж байгаа энэ үйл явц, хуралд маш сэтгэл ханамжтай байна. Нэн ялангуяа Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх талаар гаргасан ололт амжилтыг хараад бахархаж байна” хэмээн энэ удаагийн хурлын үйл ажиллагааг болон манай улсыг дүгнэн “Сайн” үнэлгээ өглөө. УИХ-ын дарга З.Энхболд хурлыг дүгнэж “Дэлхийн дахин болон бусад нутагт энх тайвныг сахин хамгаалах, маргаантай талууд хүч хэрэглэх биш, энэ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн талбарт санал солилцож, асуудлыг эв зүйгээр шийдэж байх нь чухал гэдгийг хоорондоо асуудалтай байгаа хэд хэдэн улс, орны төлөөлөгчид ярилцаж, уулзаж байгаа нь энэ арга хэмжээний ач холбогдол, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээг илэрхийлж байна. Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүний хувиар энэ хандлагыг дэмжин, идэвхтэй ажиллах болно” гэдгээ онцолсон юм.

“Монгол Улс 2012 онд энэ байгууллагад гишүүнээр элссэн. Хамгийн залуу гишүүн орны хувьд энэ намрын хурлыг амжилттай зохион байгуулсан нь цаашдаа энэ байгууллагын хүрээнд Монголчууд бид идэвхтэй үйл ажиллагаа явуулах, олон улсын орон зайд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлэх суурь тавигдлаа” хэмээн гишүүн М.Батчимэг дурдсан юм.

Ямартай ч ирэх жил болох АСЕМ-ын хурлын өмнө манай улс бэлтгэлээ базааж, олон улсаас сайн үнэлгээ авсандаа хурлыг зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна лээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж тэргүүтэй хүндэт зочид, тус эмнэлгийн өнөөгийн болон үе үеийн удирдлага, эмч, сувилагч, ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

Хурлыг нээж Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасныг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойг тус тус тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, сургалт-судалгааг хослуулан хөгжүүлэх үйлсэд мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол улсын эрүүл мэндийн ууган байгууллага-Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” хэмээжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Сүхбаатарын одонг гардуулж хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эмч, сувилагч, асрагчид аа,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлэн ажиллаж буй үе үеийн эмч, сувилагч, асрагч, ажилтнууд Та бүхний амар мэндийг айлтган, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Эртний түүхтэй монголчууд ХХ зууны эхээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, шинжлэх ухааны ололт амжилтыг нутагшуулах их үйлсийг эхлүүлсэн түүхтэй билээ. Бид “эрүүл биед саруул ухаан оршино” гэж хэлдэгчлэн нүүдлийн соёлын онцлогт тохирсон амьдралын хэв маяг, эмчилгээний уламжлалт арга барилтай байж ирсэн. Гэвч нийгэм, цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтээр уламжлалт эмчилгээг шинжлэх ухааны орчин үеийн нээлт, ололттой хослуулан өөрчлөн хөгжүүлэх ажил эхэлж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг 1925 онд байгуулсан байна.

“Ардын эмнэлэг”-ийнхэн байгуулагдсан цагаасаа хүн амын эрүүлийг хамгаалах үйлсийг оройлон, бэрхшээл, сорилт бүрийг даван туулж, хөгжиж ирсэн бахархам түүхтэй гайхамшигтай хамт олон. Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгож буй Сүхбаатарын одонг гардуулж буйдаа маш их баяртай байна.

Тус эмнэлгийнхэн хүн амын эрүүлийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу гадаадын мэргэжилтүүдийг урьж ажиллуулан, арга туршлагаас нь мэдэж, улмаар эмчилгээ, үйлчилгээгээ өргөжүүлэн, шинэ тасгуудыг нэмэн байгуулсаар иржээ. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хөгжлийн түүхэн замдаа Сувилагчийн курс, Анагаах Ухааны Дунд сургууль, Сэтгэц мэдрэлийн эмнэлэг, Түргэн тусламжийн станц, Арьс өнгөний больниц, Цус сэлбэх станц, Хүүхдийн поликлиник зэрэг олон эмнэлэг, сургалтын байгууллагыг үүсгэн, анагаах ухааны салбарыг нарийвчлан хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг төрөлжүүлэх, шуурхай чанартай болгоход анхаарч ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд сургалт, эрдэм шинжилгээний түшиц газар болж, анагаахын бүхий л чиглэлээр орчин үеийн оношилгоо, эмчилгээний ололт нээлт, амжилтыг түүчээлсээр ирсэн билээ. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг бол монгол өрх бүрт хүрч үйлчилдэг их айл юм. Ялангуяа, хөдөө орон нутгийн иргэд аврал, ачлал, итгэл, горьдлого тээсээр ирдэг гол газар нь Нэгдүгээр эмнэлэг. Итгэл бол хариуцлага гэдгийг ямагт санаж, монгол хүн гадаад улс руу явж эмчлүүлдэггүй болтол үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй болж байгааг саяхан тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж тодорхой хэлсэн. Зөвхөн Монголынхоо хэмжээнд бодох бус дэлхийн түвшинд сэтгэж, амжилт бүтээлээ ахиулж, урагшлуулах цаг ирж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч тус эмнэлгийн үе үеийн алтан гартай эмч, сувилагч, ажилтнуудын байгуулсан гавьяа зүтгэл, олсон амжилт бүтээлийг өндрөөр үнэлж, дэлхийд өрсөлдөх чадвартай хамт олон болж, их үйлсийг хийж бүтээхийг хүсэн ерөөсөн, итгэл дайсан төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнах зарлиг гаргасныг ийнхүү гардуулсандаа баяртай байгаагаа дахин илэрхийлье. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол хүн бүрийн бие эрүүл, ухаан саруул байх болтугай” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна

Л.Гансүхийг шүүх хурал олны анхаарлын төвд байна. Шүүх хурлыг Eagle, TV9 гэсэн хоёр телевизээр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа шүүх хуралд өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудтитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо гэх сонирхолтой гэрчүүд мэдүүлэг өгсөн билээ. Өчигдрийн шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч Х.Идэрээс, мөн улсын яллагчдаар ажиллаж байгаа прокуроруудаас бас шинжээчдээс татгалзах хүсэлтийг тавьсан боловч шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шинжээчээс мэдүүлэг авч байна. Түүний асуултад шинжээч “Багануураас ирсэн нүүрсний тооцоог харж, анхан шатны баримтад түшиглэн дүгнэлт гаргасан” гэв.

Шүүх хурал үргэжилж байна

Categories
мэдээ нийгэм

Төр өршөөл үзүүлж эхэллээ

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаас баталсан юм. Өршөөлийн хуулийн холбогдох зүйл заалтад 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэн хүлээн авсан байна.

Харин хориг тавиагүй хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхийн шатанд хэрэгжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс нэг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан 960.000 мянган төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

300 орчим тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Хууль бусаар агнасан 300 орчим тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Сонгинохайрхайн дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид тэднийг Эмээлт худалдааны төвийн орчимд нийслэл рүү зорчиж байхад нь илрүүлэн, яг одоо хэргийн газрын үзлэг хийж байна.

Одоогоор 300 орчим тарвага илрүүлээд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хаана

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл авто замыг 2015 оны есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас есдүгээр сарын 21-ний 06:00 цагийн хооронд бүрэн хааж өнгө хучилт хийх болсныг мэдэгдье.

Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу-г хүлээн авч уулзаж, Монгол, НАТО-гийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын олон тулгуурт, бие даасан, төвийг сахисан, нээлттэй гадаад бодлогын хүрээнд НАТО-тай түншлэлийн харилцаа хөгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэмдэглээд, Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг онцлон дурдав.

Өнгөрсөн хугацаанд манай улс НАТО-гийн “Partners across Globe” хэмээх түнш орнуудын нэг болсон бөгөөд 2012 онд Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсгийг үл дэлгэрүүлэх, батлан хамгаалах бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Мөрийтэй тоглоом ажиллуулж байжээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Мичид” төвд мөрийтэй тоглоом тоглуулж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад “Э /эр.49н/ бусдад мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлжээ.

Хэргийн газраас компьютер бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хураан авч шалгаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ спорт

О.Хүдэрбат оюутны Азийн аваргын тэмцээний слэйм данкын аварга болжээ

Гурван тамирчны дунд нь буюу цэнхэр өмсгөлтэй нь слэйм данкын аварга О.Хүдэрбат

Сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болж байгаа билээ. Манай сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Анхдугаар 3х3 тэмцээнл С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын нэгдүгээр баг мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Слэйм данкын аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин О.Хүдэрбат аварга болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой, Тавантолгой хоёр зэрэг хөдөлбөл ам.долларын ханш 1550 руу уруудна гэсэн таамаглал гарчээ

“Мандал
даатгал”-ын эрсдэлийн шинжээч Ч.Анхбаяртай ярилцлаа.

-Он дуусахад
богинохон хугацаа үлдлээ. Энэ хугацаанд эдийн засаг ямархуу дүр төрхтэй
үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?

-Ерөнхий таамгууд
их таагүй гараад байгаа. Эдийн засаг хагас жилээр 3.1 хувийн өсөлттэй гарсан.
Энэ өсөлтийг барьж чадах уу гэдэг нь нэлээд эргэлзээтэй. Валютын ханш энэ
түвшиндээ хадгалагдана. Таагүй үзүүлэлт олон байна л даа. Чанаргүй зээл
хурдацтай нэмэгдэж байна. Тодруулж хэлбэл чанаргүй зээлийн өсөлт 39 хувьтай
байгаа. Оны эцэст 42 хувьд хүрнэ гэсэн таамаг бий. Чанаргүй зээлийн өсөлтийн
бараг 90 орчим хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын чанаргүй зээл. Аж ахуйн
нэгжийн чанаргүй зээл оны эхний найман сарын байдлаар 42 хувийн өсөлттэй
гарсан. Мөнгө санхүүгийн үзүүлэлт дээр ч чамгүй өөрчлөлт гарч байна. Тухайлбал
мөнгөний талын үзүүлэлт нэлээд муудсан дүр зурагтай байна. Мөнгөний нийлүүлэлт
1.7 хувиар буур­чихлаа. Нөөц мөнгө буурч байгаа. Төгрөгийн хадгаламж хүртэл
мэдрэгдэхээр татагдаж эхэллээ. Өмнөх оны өдий үетэй харьцуулахад төгрөгийн
хадгаламж 6.8 хувиар буурчихсан. Энэ янзаараа байвал оны эцэст өмнөх оны мөн
үетэй нь харьцуулахад 12 орчим хувьд хүрэх болов уу. Банк, санхүүгийн байдлын
хувьд ч таагүй байна. Зээл олголт нэлээд хумигдах тал руугаа ороод ирлээ. Зээл
олголтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар буурчихсан.
Банкны актив нэлээд өсч байсан. Өсөлтийн хэмжээ 2014 оны түвшин рүү эргээд
орчихлоо. -Уул уурхайн салбар бол хэцүүдчихсэн. Өөр бусад салбарын хувьд
ямархуу байна?

-Уул уурхайгаас
гадна эдийн засгийн зарим салбарын хүрээнд ч гэсэн нөхцөл байдал хүндэвтэр
байгаа нь ажиглагдаад эхэллээ. Ялангуяа хөдөө аж ахуй. 2014 онд 518 мянган тонн
үр тариа хурааж авч байсан бол энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 60, 70
хувьтай байх болов уу. Гэхдээ эцсийн тоо гараагүйг онцлох хэрэгтэй. Хөдөө аж
ахуйн салбарын өнгөрсөн оны өсөлтөд голлож нөлөөлсөн нь үр тариа. Малын тоо
толгой ч нөлөөлсөн. Энэ оны өвөлжилтийг өмнөх үеийн мичин жилүүдийн зуд шиг
хэцүүхэн гэж төсөөлбөл байдал бүр дордоно. Тээврийн салбаруудын ерөнхий
орлогууд ч бууралттай гарсан. Худалдааны салбарын нөхцөл ч таагүй. Борлуулалт
муудсан. Банкны чанаргүй зээлийн бүтцийг аваад үзвэл 10.3 хувь нь худалдааны
салбараас үүдсэн чанаргүй зээл байх жишээний. Чанаргүй зээлийн харьцааг банк
таван хувь байвал хэвийн гэж үздэг. Гэтэл 10.3 хувь байна гэдэг хэвийн түвшнээс
хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Уул уурхайн салбарын хувьд нийт олгосон зээлийнх
нь 24.2 хувь нь муудчихсан явж байгаа. Энэ хоёр салбарын дараа барилга жагсч
байна. Барилгын салбарын зээлийн чанаргүйдэл 5.2 хувь. Бусад салбаруудын байдал
ч таагүй дүр зураг үзүүлээд эхэллээ.
Салбаруудын нөхцөл байдал дээр үндэслэж дүгнэвэл эдийн засаг 3.1 хувийн өсөлтөөс ч доошоо орох
магадлал өндөр байна.

-Эдийн засгийн
өсөлт бүр доошиллоо гэхэд хэд орчим хувьтай гарах бол. Багцаа таамаг бий юу?

-Багцаа таамгийг
ийм тийм гэж хэлэх боломжгүй. Өсөлт буурах эдийн засгийн нөхцөл байдал нь
бүрдчихсэн гэж хэлэх байна даа.

-Ам.долларын
ханш оны сүүл гэхэд яг одоогийнх дээрээ байна гэж ойлголоо…?

-Яг одоогийнхоос
бол өснө. Бидний хувьд 2030 төгрөг хүрнэ гэсэн таамаг гаргасан. Гэхдээ нааштай
зүйлүүд бий. Есдүгээр сарын 20-ны Худалдаа хөгжлийн банкны 300 сая ам.долларын
бонд, арваннэгдүгээр сарын 17-ны 25 сая ам.долларын бондыг шийдчихвэл өөр. Үүнээс
өөр бонд босгох хувилбарууд эерэгээр шийдэгдвэл найдлага бий. Тэгвэл ханш
өнөөгийн түвшиндөө байна. Манай байгууллагын хувьд Монгол банк энэ янзаараа
интервенцээ хийгээд байвал гэх мэт хэд хэдэн нөхцөлүүд тавьж хараад ийм таамаг
гаргаад байна л даа.

-Долларын
ханшид эерэгээр нөлөөлөхөөр сайн мэдээ үүнээс өөр байна уу?

-Макро том тоо
харъя гэвэл экспортын жилийн өсөлт 16 хувь байгаа. Харин импорт 26 хувиар
буурсан. Наймдугаар сарын гүйцэтгэлээр гадаад худалдаа 704 сая ам.долларын
ашигтай гарсан. Энэ бол яах аргагүй эерэг үзүүлэлт.

-Оюу толгойн
далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт хийгдээд эхэлбэл ам.долларын ханш
буухад эерэгээр нөлөөлж таарах байх?

-Оюу толгой
нэлээд хүлээлт үүсгэж байгаа. Оюу толгойн хувьд Засгийн газар баталгааны гарын
үсэг хийнэ. Оюу толгойн хүлээлтээр дамжаад ханшид хөдөлгөөн орох нь
гарцаагүй. Асуудал нааштайгаар, цаг
алдалгүй шийдэгдвэл эерэг нөлөө үзүүлнэ. Хөрөнгө оруулалт эхнээсээ ороод ирвэл
ам.долларын ханш буух магадлал өндөр.

-Манай улсын
экспортын гол бүтээгдэхүүн гэвэл нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр. Нүүрсний үнэ
навс уначихлаа. Ирэх саруудад сэргэх найдлага байна уу?

-Суурь нөхцөл
байдлуудад шинжилгээ хийж үзэхэд нааштай дүр зураг бага харагдаж байна.
Нүүрсний хувьд ганц Хятад ч гэлтгүй нүүрс экспортолдог улсуудын зардаг хэмжээ
нь буурсан. Эрэлт тал нь ойлгомжтой. Хятад нүүрсний хэрэглээгээ хумих бодлого
хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нүүрсний хэрэглээг хумихтай холбоотойгоор хоёр бодлого
явж байгаа. Нэг нь агаарын бохирдлыг бууруулах бодлого. Нөгөө нь нүүрсийг орлох
технологийн бодлого. Усан цахилгаан станц, цөмийн цахилгаан станц зэрэг
нүүрсийг орлох технологиудыг илэрхий дэмжсэн бодлого хэрэгжүүлж байна л даа.
Энэ бодлогынх нь үр дүн тоон үзүүлэлт дээрээ тусгалаа олоод явж байгаа.

-Зэсийн үнэ ч
Хятадын эдийн засгаас хамаараад тааруухан байна гэсэн таамгууд гараад
эхэлчихсэн. Хэр бодитой таамаг вэ?

-Хятадын эдийн
засгийн байдлаас шалтгаалахаас аргагүй. Хятад улс зэсийн 45 хувийг өөрөө
олборлодог. Нийт хэрэглээний 70 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр зэсийн зах
зээлийн гол тоглогч хэн бэ гэдэг нь ойлгомжтой. Хятад бодлогын хүүгээ бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих
оролдлогыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эрчимтэй хийлээ л дээ. Үүний үр
дүнд нэг жилийн хугацаатай банк хоорондын хүү нь 4.8 хувь болтлоо буурлаа. Гэвч
эдийн засагт нөлөөлж байгаа эффект нь чамлалттай гарсан. Үр дүн муутай байсан
гэсэн үг. Дараагийн хийсэн алхам нь валютын ханшаа суллах гэж үзсэн. Тэглээ
гээд сайн үр дүн гарна гэж хэлэхэд эрт байна.

-Алтны үнэ дажгүй байх нь уу, яах бол?

-Алтны зах зээл дээр өмнө нь нийтлэг ажиглагдаад байсан зүй тогтол
сүүлийн үед ажиглагдахаа больсон. Өнгөрсөн жилээс эхэлсэн дүр зураг л даа.
Жишээ нь Хятадын уламжлалт баярын үеэр алтны үнэ өсдөг байсан. Өсөөгүй.
Энэтхэгт болдог баярын үеэр бас өсдөг байлаа. Гэтэл тэр үеэр өсөөгүй. Ер нь
алтанд итгэх итгэл массаараа муудаж байна. Дэлхийн улсуудын том гэж хэлэхээр
төв банкууд алтныхаа нөөцөөс зарж эхэлсэн. Үр дүнд нь алтны эрэлт буураад
эхэлчихсэн. Алтны нийлүүлэлтийг харьцангуй тогтвортой гэж үздэг. Нөгөө талаас
эрэлт багассанаас үүдэлтэйгээр одоогийн ханш өртгөө нөхөх үнэ биш болсон. Тийм
учраас цаашдаа алтны олборлолт багасах байх. Олон улсын банк санхүүгийн
байгууллагуудын ерөнхий зураглалыг харахаар алтан дээр өөдрөг таамаг тавихгүй
байна л даа.

-Төмрийн хүдрийн зах зээл манайд бол огцом муугаар нөлөөлчихсөн. Цаашдаа
үнэ өсөх магадлал байна уу?

-Нийлүүлэлт давам­гайлсан байдал энэ зах зээл дээр ажиглагдаж байгаа.
Үнийн хувьд өртгөө нөхөж чадахгүй хэмжээнд уначихсан. Тэгэхээр бизнес
эрхлэгчдэд сануулахад түүхий эдийн үнэ өснө гэж төсөөлөх хэрэггүй болчихоод
байна л даа. Төсөв ч ялгаагүй.

-Энэ оны төсөвт төлөвлөсөн зэсийн үнэ өнөөгийн ханшаас 2000 ам.доллараар
их байгаа нь хэтэрхий бодитой биш тооцоолол. Төсөвт эрдсийн үнийг яаж тооцох
ёстой талаар шинжээчийн хувьд байр сууриа хэлээч?

-Нэгэн үе төсвийн бараг 20 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байсан.
Энэ хувь хэмжээ буурсаар 16 руу уруудсан л даа. Үүнээс ч бууна. 12-13 хувийг л
эзлэх байх. Голлох түүхий эдийн ханш өсөх найдвар тун бага байгаа талаар та бид
хоёр сая ярилаа. Төсөв дээр сценариудыг манайх нэг их хийдэггүй. Уг нь хэд
хэдэн янзаар хийвэл зүгээр. Муу тохиолдолд гэж бий. Үнэ ханш огт өсөхгүй гэсэн
үг. Арай гайгүй, сайн тохиолдол гэсэн байдлаар тусгаж өгөх учиртай. Өмнөх шигээ
тооцоолоод байвал хэцүү. Өнөөгийн байдлаар гэхэд л төсвийн алдагдал 769 тэрбум
төгрөг болчихоод байна. Энэ янзаараа явбал өлхөн их наяд давах эрсдэлтэй.

-Хөрөнгө оруулалт орж ирж байж л ам.долларын ханш суларна. Гадаадын
хөрөнгө оруулалт хэдийнээс идэвхжих бол. Энэ тал дээр таамаг тооцоо хийсэн үү?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах руугаа орж явж байгаад сая нэмэх
рүүгээ орох дүр зураг ажиглагдлаа. Манайхаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын
таамаглалыг хийсэн. Гадаадын хөрөнгө оруулалт идэвхжих үе 2018 оны зургадугаар
сараас наашгүй гэсэн тоо бий. Тэр болтол гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий
хасах таван хувь хүртэл муудаж магадгүй гэсэн эрсдэл байгаа.

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт үргэлжиллээ гэж бодъё. Тэгвэл долларын ханшид шууд
утгаараа эерэг нөлөө үзүүлэх үү?

-Оюу толгойг дэмжсэн ямар нэг хөшүүрэг байгаа тохиолдолд шууд утгаараа
эерэг нөлөө үзүүлнэ. Таван толгой төслийг хөдөлгөх гэх мэт мэдрэгдэхээр алхам
хийх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө
оруулагчдын итгэлийг олж авах болов уу. Хөрөнгө оруулагчид наад зах нь л төр засгийн
шийдвэр тогтвортой байх эсэхийг харж байгаа. Бид хэт өөдрөгөөр таамагласан байж
магадгүй. Нэг гэгээтэй таамаглал бий. Хэрвээ Оюу толгой, Таван толгой хоёр
зэрэг хөдөлбөл, энэ том төслүүдийг дагасан хөрөнгө оруулалтыг нэмээд нийтдээ
2.1 тэрбум ам.доллар Монголд ороод ирвэл ам.долларын ханш 1550 төгрөг хүртэл
бууж болно гэсэн математик тооцоо гаргасан.

-Эсрэгээрээ энэ том хоёр төслийн аль алинд нь ахиц гарахгүй бол
ам.долларын ханш яах бол?

-Байдал энэ янзаараа үргэлжилбэл ам.доллар чангарах оргил үе нь тэд байх
болов уу гэсэн таамаг бий. 2060 гэсэн ханш байгаа. Оргил үедээ хүрээд эдийн
засгийнхаа жамаар аяндаа засагдаж эхлэх болов уу. Өөрөөр хэлбэл ханшийн өндөр
өсөлт үргэлжлээд байвал нэг талаасаа экспортыг дэмжиж байгаа юм. Нөгөө талаасаа
импортын бууралтыг дэмжиж таарна. Үр дүнд нь гадаад худалдааны ашиг ханшийн
өсөлтөөр бага багаар хуримтлагдана гэсэн үг. Сая л гэхэд гадаад худалдааны ашиг
704 сая ам.долларт хүрсэн.

Энэ янзаараа оны эцэс хүртэл явбал нэг тэрбум ам.долларын ашигтай гарах
боломж харагдаад байгаа юм. Гадаад худалдааны ашиг нэмэгдэх хэрээр валютын нөөц
тэр хэмжээгээр өснө. Ханшид ийм маягаар нөлөөлөх бололцоо гарч ирнэ гэсэн үг.

-Тэгэхээр ам.доллар 2060
төгрөгөөс дээшээ гарах боломжгүй гэсэн үг үү?

-Шууд боломжгүй гэж хэлэх аргагүй. Давж болно. Одоогийн нөхцөлийг хараад
гаргасан таамаглалыг би сая хэллээ.

-Ирэх оны эдийн засагт энэ л гэгээтэй
байна даа гэж онцлохоор зүйл байна уу?

-Сонгуультай жил эдийн засгийг таамаглахад хэцүү байдаг. Өмнөх
сонгуулийн жилүүд ч тийм байсан. Сонгуулийн жилд бүх зүйл идэвхгүй төлөв рүү
шилжчихдэг. Бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалт идэвхгүй болдог. Ийм
идэвхгүй байдалд ийм тийм гэсэн таамаглал гаргах төвөгтэй. Яахав ирэх оны эдийн
засгийн байдлыг арай жаахан өөдрөгөөр харахын тулд бид нэг зүйлийг хүлээгээд
байна л даа. Монгол банк ямар шийдвэр гаргах бол гэдгийг. Бодлогын хүүгээ яах
бол гэдгээс шалтгаалаад байна. Шийдвэр гарчихвал ирэх оны эдийн засгийн ерөнхий дүр зураг
ямархуу байх бол гэдгийг таамаглах боломжтой болно.

-Та бүхэн шиг прогноз таамаг хийдэг улсын хувьд Монгол банк ямар шийдвэр
гаргавал зүгээр бол. Тодорхой төсөөлөл бий байх?

-Мөнгөний нийлүүлэлт хасах руугаа ороод нийт эх үүсвэрүүд маань
хумигдаад ирж буй тохиолдолд эдийн засгийн гурван хувийн өсөлтийг хасах руу
оруулчихгүйн тулд хариу үйлдэл хийх шаардлага Монгол банкинд тулгараад байгаа.

Тэр шаардлага нь юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Товчхон хэлэхэд бодлогын
хүүгээ бууруулах шаардлага гарч ирээд байна л даа. Ингэснээр эдийн засагт
мөнгийг нийлүүлж эхэлнэ гэсэн үг. Зээл олголтын гацчихаад байгаа байдлыг арай
жаахан өөрчилж, сэргээх хандлага руу нь чиглүүлнэ гэсэн үг. Гэхдээ Монгол банк
нэг зүйл хүлээгээд байх шиг байна. Оюу толгойгоос эхлээд бусад дэмжлэг болох
хөшүүргүүдийг хараад байх шиг байна л даа. Тийм хөшүүргүүд найдваргүй байгаа
тохиолдолд Монгол банк бодлогын хүүгээ бууруулах нь эргээд эрсдэл учруулах
магадлалтай.