Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тариалангийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын 7 хоногийг урьдчилсан мэдээг хүргэж байна. Ирэх долоо хоногоос сэрүүсэж, зарим нутгаар бороо, нойтон цас орно гэж мэдээлжээ.

Тариалангийн төв бүс нутгаар: 9 дүгээр сарын 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн баруун хэсгээр бороо хур тунадас, 24-25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй.

Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 19-24-нд түр зуур 12-14 м/с хүрч шороогоор шуурна. Агаарын температур 17-20, 23-нд шөнөдөө 0-5 градус өдөртөө 16-21 хэм дулаан, 21-22-нд шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан, 24, 25-наас сэрүүсч шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байх төлөвтэй байна.

Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 21, 24-25нд Хэнтий, Дорнодын зарим нутгаар, 22-нд Дорнодын нутгаар бороо орно, 24-25-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй. Салхи зүүн ба баруун өмнөөс 22-нд хойш эргэж 5-10 м/с, 22, 24-нд түр зуур 12-16м/с хүрч шороогоор шуурна.

Агаарын температур 17, 22-нд сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан, бусад хугацаанд бага зэрэг дулаарч шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-наас сэрүүснэ.

Анхааруулга: Ойрын хоногт бороо хур багавтар өдөртөө дулаан байх боловч 21, 24, 25-нд бороо нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.

2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Ойрын 3 хоногт салхи шуургатай сэрүүснэ \

Баруун аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд уулархаг нутгаар, 19-20нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15, 18-20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Ойрын 3 хоногт сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14, 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 15, 20-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15, 19-20нд зарим газраар түр зуур 16 м/с хүрч шороогоор шуурна. 14, 18-19-нд дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас 5-10 м/с, 15-16,20-нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороогоор шуурна. 14-15нд шөнөдөө 8-13 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна, 16-18нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэнөдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11м/с, 15-16, 19-20нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороо шуурна. 16-17-нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын мөрдөн байцаагчийн тавьсан асуултад хариулах зорилгоор Багануур ХК-ийн хохирлыг тооцсон гэв

Л.Гансүх
нарыг шүүх хурал үргэлжилж байхад Цэндсүрэн өмгөөлөгч шинжээчдээс “Хэдэн
хайрцаг материалтай танилцсан бэ” гэхэд “Хавтаст хэрэгт байгаа” гэсэн товч
хариултыг шинжээчдийн зүгээс өгсөн. Нэг тонн нүүрс ямар өртөгтэй байгаа талаар
лавлахад “Багануур ХК 1 тн нүүрсний өртөгийг тооцож гаргах байх. Бид ТУЗ-ийн
тогтоолыг л баримталж үнийн зөрүүг гаргасан” гэдэг хариулыг өглөө. Мөн “Бидэнд
ямар нэгэн эрх ашгийн сонирхол байхгүй” гэдгийг хэлж байлаа. Өмгөөлөгч
Ц.Баасандорж “Би Цацрал шинжээчээс нэг асуултаа 20 орчим удаа тавьсан байхад
ойлгохгүй байгаа хүмүүс сэтгэцийн хувьд эрүүл байх үндэслэл алга” гэлээ. Мөн
“Тэгвэл яг юунд нь эдийн засгийн шинжилгээ хийсэн юм бэ. Та бүхэн эдийн засгийн
шинжилгээгээр хохирол учирсан байна гэж дүгнэсэн байсан шүү дээ” гэсэн асуултад
шинжээчид АТГ-ын мөрдөн байцаагчийн тавьсан асуултад хариулах зорилгоор
Багануур ХК-ийн хохирлыг тооцсон гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ирцээ бүрдэхээр дуудаарай

УИХ-ын
Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хуралдахаар байсан
хэдий ч ирц бүрдсэнгүй. Байнгын хороо хуралдсан бол Өршөөлийн хуульд оруулах
нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байв. МАН-ын бүлгээс Ц.Нямдорж гишүүн ирсэн
байсан бол бусад гишүүдээ хуралд суухыг сануулсан байна. Харин УИХ-ын гишүүн
О.Баасанхүү орж ирээд ажил ихтэй байхад Байнгын хорооны хуралдааныг гэнэт
зарлалаа ундууцав. Түүний хэлсэн үгийг Ц.Нямдорж гишүүн өлгөн авч Байнгын
хорооны хурлыг цаг тулган зарласан хүн нь хэн бэ хэмээн байцааж эхлэв.
З.Баянсэлэнгэ гишүүн “Өнөөдөр ээлжит бус чуулган хаахыг мэдсээр байж, гишүүд
ирэх хэрэгтэй шүү дээ. Хууль зүйн байнгын хорооны хурал болох нь тодорхой
байсан” гэлээ. Р.Гончигдорж гишүүн “Арав хоногийн дотор хуулийн төслийг багтааж
хэлэлцэхгүй бол хуулийн хугацаа өнгөрнө” гэж байлаа. Үүнд нь Ц.Нямдорж гишүүн
“Зальдах гээд л, арав хоногт багтааж хэлэлцэхгүй бол хоригтой холбоотой хуулийн
төслийг хэлэлцэхгүй гэдэг хуулийн заалт байхгүй. Р.Гончигдоржоо” хэмээн хариу
барив. Д.Лүндээжанцан гишүүн “Ирцээ бүрдэхээр дуудчих” хэмээн хурлын танхимыг
орхин гарлаа. Хуралдаанд оролцохоор дээрх гишүүдээс гадна УИХ-ын гишүүн
Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, Ц.Оюунбаатар, Ж.Батзандан нар ирсэн байсан ч бас л
бусдынхаа нэгэн адил танхимыг орхиж явлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 7.4 тонн алт худалдан авчээ

Монголбанкны мэдээллээр энэ оны эхний 8 сарын байдлаар Монголбанк алт үйлдвэрлэгчдээс нийт 7.4 тонн алт худалдан авсан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 391.8 кг-аар илүү байгаа юм. Дээрх алтыг давхардсан тоогоор 1,000 орчим компани 900 гаруй иргэн тушаажээ.
Монголбанкны худалдан авсан 7.4 тонн алт нь ойролцоогоор 300 орчим сая доллараар валютын нөөцийг нэмэгдүүлж байна. 2014 онд Монголбанк нийт 12.7 тонн алтыг алт үйлдвэрлэгчдээс худалдаж авснаар валютын нөөцийг 500 гаруй сая доллараар нэмэгдүүлжээ.
Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооноос энэ жил 20 орчим тонн алт олборлож, Монголбанкинд тушаах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээн болно

МЗХ-ны Мэдээллийн Технологийн Залуучуудын Холбоо, МN-CERT ТББ-аас санаачлан Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаар үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн нийт дөрвөн үе шаттай явагдах бөгөөд эхний шат 2015.09.20-нд эхэлнэ. “Харуул занги” тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй бүрдэх юм.

Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ. Тэмцээнийг зохион байгуулагчаар MN-CERT ТББ, МЗХ-ны Мэдээллийн Технологийн Залуучуудын Холбоо, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний Дата төв, ШУТИС МХТС зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг хаана

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 6-18 хооронд хуралдах товтой. Ээлжит бус чуулганы хуралдах хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан билээ. Харин эдүгээ Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батална. УИХ-ын дэгээр ээлжит бус чуулганы хуралдах хугацааг сунгадаггүй. Тиймээс өнөөдөр Хуульзүйн байнгын хороо болон чуулган хуралдаж, Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлаад, ээлжит бус чуулганыг хаахаар төлөвлөж байгаа аж. Гэвч одоогийн байдлаар байнгын хороо, чуулганы хуралдааны тов гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ

Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг 2015 оны 09 дүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг 09 дүгээр сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна.

Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх юм. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн захирал чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Монгол Улсын гавъяат эмч З.Мэндсайхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хандаж, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан байна. Тэрбээр “Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж байгаа тул цаашид тэвчих аргагүй болж, намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж өгнө үү” гэсэн байна.

Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал ажиллаж байхдаа Гэмтэл согог, судлалын үндэсний төвийг багагүй улстөржүүлсэн. Эх сурвалаас авсан мэдээгээр тус төв дээр багагүй бужигнаан болж байгаа гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

“Баянзүрх түншлэл-2015” эдийн засгийн форум боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвөөс “Баянзүрх түншлэл-2015” анхдугаар бизнес форумыг өчигдөр зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа форумыг нээж хэлсэн үгэндээ “1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар анх Найрамдлын районыг бүсчлэн баталж, өнөөдрийн Баянзүрх дүүргийн хөгжлийн эхлэлийг тавьсан түүхтэй. 50 жилийн түүхийн тэн хагас нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгмийн бүтээн байгуулалтын он жилүүд байсан. Түүхт 50 жилийн тал хувь нь зах зээлийн эдийн засагтай Ардчилсан нийгэм байлаа. Хот доторх хот болон хөгжиж буй Баянзүрх дүүргийг манай баг удирдан чиглүүлж, бизнес эрхлэгчид, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны менежер болон ажиллаж байгаадаа туйлын их талархаж явдаг юм. Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 23.321 аж ахуйн нэгж, 2.238 төрийн бус байгууллага, 23төрийн өмчит үйлдвэрийн газар, 12 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 67 шашны байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.Улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл бол бизнес эрхлэгчид, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа билээ. Бизнес эрхлэгчид, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тогтвортой байж, харилцан хүлээх үүрэг нь тодорхой, итгэлтэй байх нь тухайн нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс гэдэгт бид итгэдэг. Өнөөдрийн Та бидний оролцох форум нь харилцан яриа ойлголцол дээр суурилсан бизнес эрхлэгчид, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж буй Баянзүрх дүүрэгт итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн сайхан арга хэмжээ болохыг хүсч, хэлэлцсэн асуудлууд, гарсан санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна…” хэмээсэн.

Энэхүү форумд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Монголын ТХХТ-г дэмжих төвийн гүйцэтгэх захирал С.Бэхбат, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, БНСУ-ын Инчон хотын Донггу дүүргийн Засаг даргын орлогч Пок Жин Пюу, Унгар улсын худалдааны төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Ризак Шандор, “Евро-хан” компанийн төслийн менежер Кожи Сузуки нар форумд хүрэлцэн ирсэн 300 гаруй зочдод илтгэл тавьсан юм.

“Баянзүрх түншлэл-2015” бизнес форумд “Монгол улсын макро эдийн засаг, тогтвортой бодлого”, “Төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын орчин”, “Төр хувийн хэвшлийн хэлэлцэл”, “БНСУ-ын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн туршлага” зэрэг сэдвийн хүрээнд тавигдсан илтгэлүүдийн дараа нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн.

Уг форумын гол зорилго нь төр хувийн хэвшлийн хэлцэлийг хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар бизнесийн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах, хувийн хэвшлийг бодлого шийдвэр боловсруулах үйл явцад оролуулах механизмыг дүүргийн түвшинд бүрдүүлэхэд оршлоогэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ц.Баасандорж өмгөөлөгчийн асуултад шинжээч хариулт өгсөнгүй

Л.Гансүх
нарын шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа билээ. Шүүх хуралдааны үед
Ц.Баасандорж өмгөөлөгч шинжээч Цацралаас “АТГ-аас 53 хуудас материал өгсөн юм
байна” хэмээн асуухад тэрбээр “Хавтаст хэргээс харчих. Би сайн санахгүй байна”
гэсэн хариултыг өглөө. Ц.Баасандорж өмгөөлөгч мөн “Жингийн зөрүүний талаар
асууя. Хорогдлыг гэрээнд тохиролцоогүй байхад яагаад “Эм Жи Эс Би” ХХК-иар
төлүүлэх дүгнэлт гаргасан юм бэ. Та үүнийгээ тайлбарлах үүрэгтэй шүү дээ. Энэ
чинь шүүгдэгч нарыг буруутгагдаад байгаа гурван тэрбум төгрөгийн нэг тэрбум 73
сая төгрөгийн асуудал болохоор та хариулах үүрэгтэй” хэмээхэд Цацрал анхан
шатны баримт гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй. Түүнчлэн “Багануураас 316.950 кг
нүүрс хүлээж авсан байна. Тэгвэл энэхүү хүлээж авсан нүүрсийг шуудайлахаар 286
шуудай болоод байгаа юм. Тэгэхээр 14.760 кг нүүрс хохирол гэж тооцсон уу” гэхэд
“Би мэдэхгүй байна” гэсэн хариулт өглөө.