Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй
байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын
хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-18-ны
өдрүүдэд зохион байгуулсан. Тус арга хэмжээнд оролцсон 47 орны парламентын 300 гаруй
төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн
театрт болжээ.
Тус
тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний үлээвэр найрал хөгжим,
Монгол Улсын морин хуурын чуулга, Улсын Филрамонийн симфони найрал хөгжим,
“Хөсөгтөн” хамтлаг болон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид
уран бүтээлээ толилуулсан байна. Харин хүндэтгэлийн тоглолтыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын
Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай
харилцах бүлгийн дарга М.Батчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн
бичгийн дарга Б.Болдбаатар, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын
хуралд оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс үзэж сонирхжээ.
Month: September 2015
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа. УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргав. Уг захирамжид: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2015 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосугай:
- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
- Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Органик хүнсний тухай хуулийн төсөл;
- Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.
2. Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосугай.
З. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус даалгасугай хэмээсэн байна.
Хүүхдийн спортын V их наадам спортын 17
төрлөөр зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулжээ. Уг наадмын хаалт өнөөдөр
17:00 цагт Чингисийн талбайд болно. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэнд спортын
дэд сайд наадмыг зохион байгуулах хороон дарга Т.Болдбаатар, БСШУ-ны сайд
Л.Гантөмөр болон эх орны өнцөг булан бүрээс ирж наадамдаа оролцсон 2500
өсвөрийн шилдэг тамирчид оролцох юм байна.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй “Дарь-Эх” цогцолбор юм. Тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил 2018 онд бүрэн дуусах ажээ. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай байгаа аж. “Дарь-Эх” цогцолбор нь Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутагт иргэд Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн зам, явган зам, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулах юм.
Дашрамд дурдахад, мөн дүүргийн 50 жилийн ойн хүрээнд Баянзүрх хайрханыг тохижуулах ажлыг эхлүүлжээ. Дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших Баянзүрх хайрханы орчмын 200 гаруй га газарт байгуулж байгаа бүтээн байгуулалтын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа юм байна.
Монголын залуучуудын холбооноос
“Хошуучлагч залуу” вакумжуулсан сургалтыг олон улсын хүүхдийн
Найрамдал зусланд зохион байгуулж байна. Сургалтад МЗХ-ны Үндэсний залуучуудын
зөвлөл, Залуучуудын асуудал эрхэлсэн 16 байнгын хороо, есөн дүүргийн
залуучуудын холбоо, 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны
төлөөлөл болох 200 гаруй залуус оролцож байгаа юм. Тус сургалт хоёр өдөр үргэлжлэх
бөгөөд МЗХ
хийж
буй ажлуудаа
танилцуулах ажээ. Өнөөдрийн сургалтаар тус холбооны 16 байнгын хорооны
танилцуулга хийж, “Илтгэх ур чадвар”, “Албан бичиг
боловсруулахад анхаарах зүйлс”, “Манлайлагчийн сэтгэл зүй ба
инээмсэглэл” сэдвүүдээр сургалт явуулах талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Харин маргааш “Спортын өдөрлөг”-өөр үйл ажиллагаа үргэлжлэх ажээ.
“CROCUS EVENT HALL”-д Lumino – LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтоо зохион байгуулж сонсогч фенүүдийнхээ магнайг тэнийлгэсэн Люмино хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон.
Тэгвэл авъяаслаг дуучин залуус маань “CROCUS EVENT HALL”-д Lumino – LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтонд хүрэлцэн ирж амжаагүй фенүүддээ зориулан өнөөдөр орой MINT night club-т дахин тоглох юм байна.
Мөн тэд ХЭМНЭЛ НЭРЭГЧ after party- д ирэх гэж байгаа залуустаа зориулж 20:00-22:00 цагийн хооронд тасалбарын үнийг 20 мянган төгрөг болгож байгаа ажээ.
Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл авто замыг өнөөдрийн 22:00 цагаас энэ сарын 21-ний 06.00 цагийн хооронд бүрэн хааж өнгө хучилт хийх юм байна. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу.
Өнгөрсөн сард юанийн ханш ганцхан өдрийн дотор 1.9 хувиар суларсан нь сүүлийн хорин жилд тохиогоогүй үзэгдэл болов. Юанийн ханшийг ийнхүү сулруулсан явдал зарим орны мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлсөн жишээ бий. Жишээ нь Казахстаны тэнгэ. Чөлөөт хөвөгч ханшийн тогтолцоонд шилжих нэрээр нэг өдрийн дотор 20 гаруй хувиар суларсан нь ердөө саяхны жишээ. Харин Монгол төгрөг хоёр өдрийн дотор юанийн эсрэг дөрөв орчим хувиар чангарч, нэг юань 320.2 төгрөгөөс 308.7 төгрөгт хүрч байсан юм. Үндэсний мөнгөн тэмдэгтээ дэлхийн валютын нөөцийн сагсанд багтаах сонирхолтой Хятадын хувьд ханшаа ингэж сулруулсныг үзэгдэл гэхээс аргагүй.
Дэлхийн хамгийн том экспортлогч, хоёрдогч том импортлогч орон бол Хятад. Гадаад худалдаа нь 2001-2013 оны хооронд жилд дунджаар 19.1 хувиар өссөн бол юаниар хийгдэх төлбөр тооцоо 700 гаруй тэрбум ам.доллартай тэнцэж байна. Өнгөрсөн оны бүх Хятадын III Их Хурлаар эдийн засгийн өсөлт, зах зээлийн чөлөөт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор захиргааны хяналтыг урт хугацаанд бууруулахаа мэдэгдсэн нь юанийг олон улсын валют болгох сонирхлыг илтгэсэн гэж мэдээлж байгаа. ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн багцад оруулж нөөцийн валют болгохоор хэлэлцэгдэж эхэлсэн нь ч ийм учиртай.
Хятадын Ардын банкнаас юаниар нийт 24 улсын Төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг байгуулсан нь 2.6 их наяд юань буюу 424 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрээд байгаа.
БНХАУ-ын Юанын ханшийн хэлбэлзэл
Юанийн ханшаа сулласан шалтгаан нь Хятадын эдийн засгийн удаашрал. Урд хөршийн удирдлага үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор ханшаа сулласан юм. Гэвч хөдөлж өгөхгүй байгаа эдийн засгаа түлхэх энэ оролдлогынх нь үр дүн гарч өгөхгүй л байна. Урд хөршийн удирдлагууд юанийн ханш дахин сулрахгүй, тогтворжино гэсэн байр суурийг хэвлэлээр илэрхийлсээр байгаа ч шинжээчид өөр бодолтой байна. Тэд оны сүүл хүртэл юанийн ханш уруудна, бүр хоёр дахин суларч магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Эдийн засаг нь сайнгүй хэвээр үргэлжлэх учраас юанийн ханшаа дахин суллахаас аргагүй гэж олон улсын банкуудын шинжээчид үзэж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг суллавал эдийн засгийнх нь өсөлтөд дэм болно гэсэн таамаг бий аж. Юанийн ханш сулрах нь манай улсын хувьд эерэг, сөрөг хоёр талтай гэж шинжээчид хэлж байна. Монголын хувьд Хятад руу гаргаж мөнгө олдог гол зүйл нь зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн. Ханш унавал урд хөршийн зах зээлд борлуулах эрдсийн үнэд эерэг нөлөө үзүүлж мэдэх нь. Ханшийн сулралын манайд үзүүлэх сөрөг нөлөө нь мөн л ашигт малтмалтай холбоотой. Юанийн ханш сулрах хэрээр Хятад улс манайхаас худалдан авах эрдсийнхээ хэмжээг багасгах эрсдэл бий.
Хятад хэдий том зах зээл ч эдийн засгийн мөчлөгийг тойрох аргагүй. Эдийн засгийн мөчлөгөөр бол уруудсан цикл үргэлжилж байгаа. Сүүлийн жилүүдэд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт тогтмол буурч энэ оны хоёрдугаар улиралд долоон хувьд хүрээд буй. Хоёр сарын өмнө зарласан экспортын мэдээгээр 8.6 хувийн уналтыг үзүүлсэн мэдээ гарсан. Ахиулаад яривал үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тогтмол уналтыг үзүүлж эхэлсэн статистик бий. Хятадын Засгийн газраас эдийн засгаа сэргээх зорилготой хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа. Тухайлбал дэд бүтцийн төслүүдийг нэмэгдүүлэх, бодлогын хүүг бууруулах алхмуудыг хийж байна. Зах зээлийн анхаарал татсан алхам нь яах аргагүй өмнө дурдсан юанийн ханшийг сулруулсан шийдвэр байсан юм. Хятадын Ардын Банкнаас юанийн албан ханшийг сүүлийн 20 жилд анх удаа нэг өдрийн дотор 1.9 хувиар бууруулан тогтоосон нь ийм учиртай. Шалтгааныг нь экспортыг нэмэгдүүлэх, ханшийн бодлогыг зах зээлийн суурь нөхцөлд илүү ойртуулах зорилготой байсан гэж Хятадын удирдлагууд удаа дараа тайлбарласан юм. Хятадын хөрөнгийн захад үүссэн хөөсрөл, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг бас бус шалтгаан ч бий. Хятад Улсын нийт өр ДНБ-ийх нь 80 хувьд хүрсэн статистикийг энд онцолъё. Худалдааны гол түншүүдийнх нь эдийн засгийн хямрал гэсэн том шалтгаан байгаа. Бээжингээс хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд томоохон саад учруулж буй энэ мэт шалтгаанууд байна.
Азийн хямралаас хойш ам.долларын эсрэг тогтмол ханштай байсан юань 2005 онд анх удаа зохицуулалттай хөвөгч системд шилжсэн нь урд хөршийн бага ч гэсэн зах зээлээ нээлттэй болгох гарцыг нээсэн юм. Тогтмол байдлаас гарсан ханш урт хугацаанд чангарч ам.долларын эсрэг 21 орчим хувийн өсөлт үзүүлж чадсан билээ. Харин 2008 онд АНУ-д болсон эдийн засгийн хямралаас үүдэн дэлхийн худалдаанд ихээхэн уналт болж Хятадын экспортлогчид ч мөн асар их дарамтад орсныг шинжээчид онцолдог. Хятадын Ардын банк дотоодын экспортлогчдыгоо өрсөлдөөний дарамтаас аврах зорилгоор юанийн ханшийг дахин ам.долларын эсрэг тогтмол болгосон юм. Гэвч энэ байдал хоёр жил л үргэлжилсэн билээ. Ханшийн бодлогыг дахин сулласнаар юань жилд дунджаар таван хувиар чангарсан статистик бий.
Хүүгээ өргөн зугтаж байхдаа Унгарын зураглаач эмэгтэйд дэгээдүүлсэн цагаач аав Испанид шинэ амьдарлаа эхэлж байна. Осама Абдул Мохсеныг Серби-Унгарын хилийг даван гүйж байхад нь Унгарын зураглаач эмэгтэй Петра Ласзло дэгээдэн унагаасан юм. Зураглаач ажлаасаа халагдаж, уучлалт гуйсан билээ.
Сирид хөл бөмбөгийн баг дасгалжуулж байсан Мохсен Мадридаас холгүй орших спортын сургуульд ажиллахаар болжээ. “Испанид миний хүүг сайхан ирээдүй хүлээж байна” гэж Мохсен ярьсан байна. Испани энэ онд 17 мянган дүрвэгч хүлээн авч, улсдаа тараан суурьшуулна.
МЗЭ-ийн
болон “Алтан-Өд” шагналт, зохиолч Магваны Эрдэнэбаттай ярилцлаа.
-Таныг Эрдэнэтийнхний
тухай олон ангит киноны ажилтай байна гэж сонссон. Яагаад больчихов оо?
-Би больсон юм биш.
Хоёр сарынхаа ажил, амьдралыг зориулаад зохиолоо биччихээд байтал Орхон аймгийн
Засаг даргын орлогч Д.Энхбат гэнэт л “болилоо” гэх албан бус мэдээг утсаар дуулгалаа.
Үнэндээ ийм жижиг асуудал ярих гэж байгаадаа харамсч байгаа ч хэлж ярихаас аргагүйд
хүргэж байна. Нөгөө талаар энэ тухай ярихгүй бол уран бүтээлчдэд “нохой” шиг ханддаг
үзэгдэл газар авах нь. Хүнийг урьж аваачиж, хэдэн сарын хөдөлмөрөө зарцуулсны дараа
ямар ч шалтгаангүй “болилоо” гэж болохгүй. Юу болсон бэ гэхээр, өнгөрсөн долдугаар
сарын сүүлчээр Эрдэнэтийн удирдлагууд холбогдож Эрдэнэт хотын 40 жилийн ойг тохиолдуулан
олон ангит кино хийх санал тавилаа. Яваад очтол ерөнхий продюссер Орхон аймгийн
орлогч дарга Д.Энхбат, продюссер Драмын театрын
жүжигчин О.Гэрэлсүх, найруулагч Баярмагнай, найруулагч Ганзориг зураач Батбилэг
нар кино зохиол бичих санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн. Ингээд хамтран ажиллахаар
болж, би судалгааныхаа ажилд орсон. Нэг авдар бичиг цаастай танилцаж, судаллаа.
40 жилийн түүх саяхных юм. Эрдэнэтийн түүх өөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн түүх. Эргээд
үйлдвэрийн түүх, хотынхоо түүх болж байгаа юм. Анхдагчид нь ануухан хөгшчүүд байна.
Тэдэнтэй бүгдтэй нь уулзаж, зохиолоо эхлүүллээ.
-Продюсеруудад
таны зохиол таалагдсан уу?
-Судалгаагаа хийгээд зохиолынхоо ерөнхий агуулгыг танилцуулахад продюсерууд
“Болж байна” гэсэн учраас л үргэлжлүүлээд бичсэн. Би бүтэн сар судалгааны ажил хийсэн.
Геологи талаас нь хүртэл судалсан. Илгээлтийн олон эзэдтэй уулзаж, ярилцсан. Одоо
би Эрдэнэтийнхнээс ичиж байна. Судалгаа хийж байхдаа уулзсан хүмүүс юу гэж ойлгох
бол. Уран бүтээлч хүнд уншигч, үзэгчдээ алдана гэдэг бол маш их хортой. Кино, жүжгийн
уран бүтээл хийхэд асар том баг ордог. Би олон уран бүтээл дээр ажилласан. Ингэж
худалч нэр зүүж, эвгүй байдалд орж байсан удаагүй. Гэтэл нэг нөхрийн ёс зүйгүй байдал,
туйлбаргүй зангаас болж уран бүтээлч ийм эвгүй байдалд орж, хохирчихоод байна.
-Анх ажлаа эхлэхэд
гэрээ байгуулаагүй юу?
-Утсаар ярьж дуудсаны
дагуу Эрдэнэтэд очоод дээр дурдсан дөрвөн хүнтэй “Сэлэнгэ” амралтад очиж ажлаа ярьсан.
Тэгэхэд Д.Энхбат дарга нэг гэрээ үзүүлсэн. Тэр нь шаардлага хангахгүй гэрээ байсан.
Тийм учраас дараа гэрээгээ байгуулъя гээд хойшлуулчихсан нь миний алдаа болж. Тэр
хүний ард бүхэл бүтэн аймаг, “Эрдэнэт” үйлдвэр байгаа учраас би итгэчихсэн хэрэг.
Очих бүрт амралт, сувилалд хүлээж аваад аймгийн удирдлагуудын түвшинд ярилцаж байсан
учраас үнэхээр хар төрөөгүй.
-Ерөнхий продюсер
тантай хамтарч ажиллахгүй гэдгээ утсаар л хэлсэн юм уу. Шалтгаан нь юу бол?
-Д.Энхбат утсаар ярихдаа “Би багаа солихоор болсон” л гэсэн. Учрыг нь асуухад
“Та нар надтай хот руу яваагүй” гэж тайлбарласан. ИТХ-д уран бүтээлээ танилцуулаад,
батлагдлаа гэж сонссоны дараа багаараа оройн хоол идсэн юм. Д.Энхбат дарга тэнд
ирээгүй. Тэрнээс л болсон бололтой. Уран бүтээлчид ажлаа бүтээсний дараа баярлаад
хамтдаа хоол унданд ордог. Үүний төлөө “Ажлаа алдлаа” гэж утсаар загначихаад өөрөө
таг болчихсон. Наймдугаар сарын 26-нд Орхон аймгийн ИТХ-ын хуралд “Заяа тавилангийн
харгуй” олон ангит киноныхоо зохиолыг танилцуулаад л гарсан. Хэсэг хугацааны дараа
батлагдлаа гэсэн. Ингээд л багаараа хоол идэж, багахан хэмжээнд баяраа тэмдэглэсэн.
Түүнээс өмнө би Эрдэнэтэд хоёр сар болохдоо архи дарс хэрэглээгүй. Ах дүүгийндээ
ч очоогүй. Найруулагч Баярмагнай, зураач Батбилэг хоёртой л уулздаг байлаа. Хүмүүс
амралт зугаалгаар явж байхад би наймдугаар сарын туршид Эрдэнэтэд зохиолоо бичсэн.
Ийм их хөдөлмөрийн ард ямар ч үнэлгээгүй, мэдээлэлгүй хаягдчихаар “Би хэн юм бэ”
гэдэг асуудал гардаг юм байна. Тэд эхлээд намайг урьж аваачсан. Ажиллуулсан. Дараа
нь гэнэт шалтгаангүй хаячихаж байгааг ойлгохгүй байна.
-Таны бодлоор аймгийн
орлогч даргад чухам юу нь таалагдахаа болиод хэлсэн ярьснаасаа буцсан юм бол?
-Мэдэхгүй юм. Уулзаад
шалтгаанаа хэлчихдэг бол ойлгохсон. Гэтэл зугтаад уулзахгүй. Сураг сонсоход өөр
баг авч байгаа гэсэн. Уран бүтээлчдийн хөдөлмөрийг ингэж хог шиг үзэж болмооргүй
санагдах юм. Улстөрч хүнд ёс суртахуун, хэлсэн ярьсандаа байх зарчим байдаг байх.
Хүнийг урьж дуудаж, хэдэн сар ажиллуулчихаад утсаар “болилоо” гэж хэлчихээд зугтчихаж
байгааг нь ойлгохгүй юм.
-Таны ард хичнээн
уран бүтээлч хохирчихоод байна вэ?
-Баярмагнай, Ганзориг
хоёр найруулагч байна. Бусадтай нь яаж харьцаж байгааг мэдэхгүй юм. Зохиолынхоо
эхний хувилбар дээр тохироод дүрүүд дээр зураач ажлаад эхэлчихсэн байсан. Гэтэл
хоёр сарын минь хөдөлмөр ямар ч хэрэггүй болчихлоо. Би гараараа зохиолоо бичдэг.
200 гаруй хуудас зохиолын минь эх бий. Тэр миний оюуны өмч.
-Өөр уран бүтээлч
сонгосон гэлээ. Гэтэл таны зохиолтой Эрдэнэтийн удирдлагууд бүгд танилцчихсан.
ИТХ-аараа баталчихсан. Дараагийн зохиол дээр таны бичсэн дүр гараад ирвэл яах билээ?
-Миний зохиол Эрдэнэтийн
бүх дарга, Эрдэнэт үйлдвэрийн дарга нарын ширээн дээр байгаа. Яагаад гэвэл Эрдэнэбатаас
мянган сайн зохиолч байж болно. Гэхдээ уран бүтээл нь яг Эрдэнэбатынх шиг байж чадахгүй.
Уран бүтээл давтагддаггүйн учир энэ. Хэрвээ миний нэг дүр давтагдвал би шүүхэд хандана.
Энэ тухайгаа Д.Энхбат даргад мессеж бичиж хэлсэн.
-Кинонд зарцуулах
төсвөө шийдчихсэн байсан юм уу?
-Орхон аймгийн ИТХ-аар
кино хийхэд аймгийн төсвөөс гарах мөнгийг нь хэлэлцсэн. Нарийн мэдээллийг продюсерууд
мэдэх биз. 400-500 сая төгрөгийн төсөвтэй л гэж сонссогдсон.
-Өнгөрсөн хугацаанд
таны хувьд цаг заваас гадна багагүй зардал гарсан биз?
-Улаанбаатар Эрдэнэтийн
хооронд явсан зардал гэж зөндөө. Эрдэнэтийн удирдлагууд байраар л хангаж байсан.
Хоол ундаа өөрөө авч байлаа. Гэрээсээ хол дөрвөн хананы дунд ганцаараа хоёр сар
болсон. Кинон дээрх 31 дүр бүгд бодитой. Тэр бүх дүртэйгээ уулзаж, судалгаа хийсэн.
Яагаад гэвэл кинон дээр нэг л худлаа дүр гарвал үзэгч сувгаа солих учраас маш их
хариуцлагатай ажилласан. Гэтэл уран бүтээлчдийг гөлөг дуудаж байгаа аятай үмх мах
үзүүлж дуудчихаад, ирэхээр нь өшиглөөд хөөж байгаа мэт хандаж болохгүй л дээ. Би
энэ асуудлыг ингээд орхихгүй. Заавал учрыг нь олж байж сална.
Ц.ӨРНӨХ