Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын талаас хил даван түймэр орж иржээ

Увс аймгийн хоёр газар түймэртэй байна. Тодруулбал тус аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар өчигдөр 00.05 цагт аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр гар,ч голомтод хүрч очжээ.

Мөн Зүүнговь сумын Тохой багийн “Тохойн хөвөө” /сумаас зүүн хойд зүгт 70 км-т/ гэдэг газар ОХУ-ын талаас хил даван хилийн 216-217 дугаар тэмдэгтээр 200 метрт хээрийн түймэр орж ирсэн байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн шөнийн 00:10 цагт аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дугаар ангийн 3, 4 дүгээр заставын 43 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн нийт 69 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчийн картыг маргаашнаас тараана

Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газраас сурагчдад зориулсан нийтийн тээврээр зорчих цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Сурагчдын цахим карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй аж. Тиймээс сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой бөгөөд хугацаа нь дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг Монголын сурагчдын холбооноос хэлж байна. Мөн цахим картан дахь мөнгө нь дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчих боломжтой аж. Цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан энэ сарын 21-нээс эхлэн нэгдсэн байдлаар тарааж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан гэх Л.Гансүх нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрвөн өдөр хэлэлцсэн билээ.

Тэгвэл түр завсарласан шүүх хурал маргааш дахин үргэжлүүлэх юм.

461 дүгээр ангид хаалттай хэлэлцэхээр товлогдсон байсан шүүх хурал Л.Гансүх нарын хүсэлтээр нээлттэй болж байгаа. Олны анхаарлын төвд байгаа энэхүү шүүх хуралд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр болон энэ хэрэгт аудитаар болон шинжээчээр ажилласан хүмүүс, гэрч, хохирогч нар мэдүүлэг өгөөд байгаа юм.

Дөрвөн өдөр үргэлжилсэн шүүх хурал нэлээд ширүүхэн өрнөж байгаа бөгөөд шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч хурлыг даргалагч Х.Идэр болон улсын яллагчаар ажиллаж байгаа прокурорууд, шинжээчдээс татгалзах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.

Олон нийтийн анхаарлыг төв байгаа энэ хэргийн үнэн мөнийг зөвхөн шүүх тогтоох учиртай. Нээлттэй болж байгаа шүүх хурлын явцаас иргэд энэ хэргийн талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, “Хохирогчгүй шүүх хурал болж байна”. “Л.Гансүх нарыг шударгаар шүүх ёстой”, “Хохирогч хэмээгдээд байгаа Багануурын өмнөөс АТГ юуны учир хөдлөв”, “Шинжээч нарын мэдлэг боловсрол хангалтгүй байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Цэрэнчимэд спорт машины түлхүүр гардан авлаа

Гавьяат тамирчин Дэлхийн аварга, энэ оны дэлхийн аваргын мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд өнөөдөр KIA маркын спорт автомашин гардан авлаа.

Түүнд энэхүү бэлгийг “М Ти Эс” ХХК-ийн хамт олноос бэлэглэж буй бөгөөд тус компанийн захирал Пүрэвийн Бат-Эрдэнэ С.Цэрэнчимэдэд түлхүүрийг нь гардуулан өгөхдөө цаашдын их амжилтынх нь зам дардан байхыг ерөөжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” номын нээлт өнөөдөр болно

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан хэвлүүлж буй есөн боть бүтээлийн нээлт өнөөдөр 14 цагаас “Интер ном” номын дэлгүүрт болох аж.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой”-г орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү түүхэн ойн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” каталогийг хэвлүүлсэн байна.

Уг бүтээлд Хубилай хааны намтар түүх, Монголын Юань улсын үеийн нийгэм, эдийн засгийн байдал, соёл, шинжлэх ухааны ололт амжилтын талаар судлан авч үзсэн байна. Мөн бүтээлд Хубилай хааны талаарх сурвалж, судалгааны бүтээлүүдэд хэрхэн үнэлж ирснийг тэмдэглэн дэлхийн түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг дурдан өгүүлсэн байна.

Мөн тус хүрээлэнгээс Хубилай сэцэн хаан, Монголын эзэнт гүрний түүхийн асуудлаар монгол судлаачид, өрнө, дорнын нэрт эрдэмтдийн бүтээлийг цуврал 9 боть болгон хэвлүүлж байна. Үүнд: Ш.Нацагдорж “Хубилай сэцэн хаан” -I, “Монголын Юань улс” -II, Ч.Далай “Монголын түүх” (1260-1388) -III, А.Пунсаг “Тэнгэрийн Их Юань усын түүхэн тэмдэглэл” -IV, Д.Төмөртогоо “Хубилай хааны зарлигууд” -V, Моррис Россаби “Хубилай хаан, түүний амьдрал, цаг үе” -VI, Михал Биран “Чингис хаан” -VII, Сүгияма Масааки “Монголын эзэнт гүрний мандал буурал” -VIII, Ж.Бойль “Дэлхийн Монгол гүрэн” –IX зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад оржээ

Монголчуудын хэлж заншсанаар 22-ын товчооноос цааш буюу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил дуусчээ. Цогцолборыг ашиглалтанд оруулсанаар нийслэл дэх авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдол бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

“Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлж болох нийт 6375 машины авто зогсоол бүхий 30 га цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.Улсын комиссын дүгнэлт гармагц, авто зогсоол худалдан авсан иргэд, бизнес эрхлэгчид зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гардан авч, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болох юм. Түүнчлэн хуучин 22-ын товчооноос “Авто Худалдааны Цогцолбор” руу холбогдсон 30 метрийн өргөнтэй, 1.5 км урттай авто замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд цаашид цогцолборт хүрэх нийтийн тээврийн маршрут төлөвлөх, автобусны эцсийн болон дундын буудлуудыг барих асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. “Авто худалдааны цогцолбор”-т цайны газар 26, нийтийн бие засах газар 5, авто угаалгын газар 4, авто засварын газар 2, нотариат 1, даатгалын байгууллага 3, арилжааны банк 2, авто тээврийн үндэсний төвийн салбар, оношилогооны төв байхаар төлөвлөж, зөөврийн барилгуудыг цогцолборын талбайд байрлуулсан. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах үед үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын салбар нэгжүүд байршин ажиллах болсон байна. Иймээс Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу авто машины ил задгай худалдааг цэгцлэх ажлыг ойрын 10 гаруй хоногт амжуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, агаар ус, хөрсний бохирдлыг бууруулахын тулд 10 дугаар сарын нэгний дотор ил задгай худалдаагаа зогсоож, нүүлгэх ажлыг эхлүүлэх аж. Хэрэв энэ шийдвэрийг биелүүлэхгүй бол мэргэжлийн байгууллагуудын зүгээс хуулийн дагуу хариуцлага ноогдуулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 1994 төгрөгтэй тэнцсэн байна

Долларын ханш өнгөрсөн амралтын өдрүүдэд 2001 төгрөгт хүрсэн бол өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр 1994 төгрөгтэй тэнцлээ. Тус захад нэг ам.долларыг 1993 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1985 төгрөгөөр авч, 1996 төгрөгөөр зарж байна. Тавдугаар сард 1880 болж буурсан долларын ханш зургадугаар сараас өссөөр одоо 1995-2000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ:

ХААН

1,986.00

1,994.00

Евро Ази

1,992.00

1,995.00

East Eagle

1,993.00

1,995.00

“Номин Карт” ББСБ

1,990.00

1,995.00

Голомт

1,985.00

1,996.00

Төрийн банк

1,985.00

1,996.00

ХХБанк

1,985.00

1,997.00

КРЕДИТ банк

1,986.00

1,997.00

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол залуус далайн тээвэрт гарна

Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа гэж байгууллага байдаг. Удахгүй монгол залуу Панам улсын далбаатай, БНСУ-ын усан онгоцоор далайн тээвэрт гарна. Энэ тухай Далайн захиргааны ажилтнуудаас тодруулахаар тус байгууллагыг зорив. Манай улсаас 2013 онд арван залууг Солонгосын талын зардлаар БНСУ-ын Загас агнуур, технологийн их сургуульд сургажээ. Тус сургуульд монгол залуус 1.6 жил онолын хичээл үзэж, есөн сар их далайд дадлага хийнэ. Дөрвөн жилийн программыг богино хугацаанд үзэх учраас шалгуур өндөр. Англи, Солонгос хэлний өндөр мэдлэг хэрэгтэй. Энэ сургуулийг төгссөнөөр тэд удирдлагын офицер, инженер офицер гэсэн мэргэжилтэй болно. Одоогоор тус сургуулийг дөрвөн оюутан төгсчээ. Тэдний гурав нь эмэгтэй. Одоогоор тэд Зам, тээврийн яам, Далайн захиргаанд ажиллаж байна. Нэг эрэгтэй нь удахгүй далайд гарахаар бичиг баримтаа бүрдүүлж байгаа Э.Энхбаяр. Тэрээр Панамын усан онгоцон дээр арван сар дадлага хийсэн туршлагатай. Дадлага хийх хугацаандаа 13 орноор дамжсан. Гуравдугаар зэргийн инженер офицер. Түүний диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Монгол орон жилийн дөрвөн улиралтай болохоор элдэв далайн өвчинд нэрвэгдэх нь бага гэнэ. Манай улс Солонгос улстай хамтарсан 50: 50 хувийн хөрөнгө оруулалттай далайн тээврийн компани байгуулсан аж. Солонгосын талаас хувь нийлүүлсэн компани нь зургаан хөлөг онгоцтой. Тэр нь янз бүрийн орны далбаан дор үйл ажиллагаа явуулах эрхтэй. Э.Энхбаярын ажиллах хүсэлтээ гаргасан усан онгоц нь Панамын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг Солонгосын хөлөг онгоц. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан. Жилд арван сараас доошгүй далайд хөвөх болзолтой. Гадаад харилцаа, Зам тээврийн яамдууд бичиг баримтыг бүрдүүлэх ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлсний дүнд тэрээр энэ ондоо багтаж хүссэн далайдаа аялах боломж бүрджээ. Э.Энхбаяр Монгол Улсынхаа далайн тээврийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Өнөөдөр Солонгост дахин хоёр оюутан далайн мэргэжлээр сурч байгаа. Манай улс далайн хөлөг онгоцтой болж чадвал манай залуус гурван жилийн дотор бэлтгэгдэж амжина. Ямар ч үнэтэй усан онгоц худалдаж аваад өөрийн өртгөө маш богино хугацаанд нөхнө гэдгийг дэлхийн усан тээвэр баталдаг гэнэ. Дэлхий дээр усан онгоцныхоо тоогоор Панам, Хятад улс тэргүүлнэ. Дэлхийн тээврийн 70-80 хувийг усан тээвэр эзэлдэг бөгөөд хамгийн хямд, хүртээмжтэй тээвэрт тооцогддог гэнэ. Өнөөдөр тэнгис далайд Монгол Улсын далбааг мандуулсан 500 гаруй хөлөг аялж байгаа аж. Бидний ярианы явцад мэргэжилтэн эмэгтэй “Манайхан төрийн далбааны тухай хамаагүй ярьдаг үзэгдлийг зогсооход танай сонин туслах хэрэгтэй” гэсэн юм. Тус байгууллагын ажилтнуудад бусад орны хөлөг онгоцонд далбаагаа түрээслүүлдэг, худалддаг, өлгөдөг гэх мэтийн буруу хэллэг хүндхэн тусдаг гэнэ. Зүй нь “Монгол Улсын далбааг мандуулах эрх” гэсэн мэргэжлийн хэллэгийг ашиглах ёстой аж.

Харин манай дотоодын усан тээвэр өнөөдөр аялал жуулчлал дээр тогтдог гэхэд болно. Өмнө нь бензин, барилгын материал, хүнс зөөдөг байсан чирэгч Сүхбаатар онгоц маань суудал тавиад аялал жуулчлалд зүтгэж байгаа аж. Хэдийгээр хүн тээвэрлэх зориулалтын биш боловч бидний монгол арга тус онгоцыг хүн тээхэд аюулгүй хэлбэрт оруулж чаджээ. Хөвсгөл нуур маань далайтай зүйрлэхэд аюул ослын эрсдэл бага, аюулгүй ажиллагааны өндөр стандарт хэрэгжүүлснээр тус хөлөг онгоцоор гадаад, дотоодын жуулчдад үйлчлэх боломжтой болгосон гэнэ. Усан аялал өнөөдөр Хөвсгөлөөр хязгаарлагдахгүй. Нийтдээ 100 гаруй компани усан аяллыг хөгжүүлж байна. Том усан онгоц цөөхөн боловч бага оврын завь, катерууд манайд олноор орж ирдэг. Энэ бүхэнд зориулсан стандарт байдаг бөгөөд иргэд, компаниуд усан хөлөг оруулж ирэхдээ Далайн захиргаанаас зөвшөөрөл авна. Усан хөлгөөр зугаацах, жолоодох эрхийг бас л Далайн захиргаа олгоно. Тэд аюулгүй байдал, техник технологи, хууль эрх зүйн орчны талаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай хамтран байнгын сургалт, сурталчилгаа явуулдаг аж. Ийм үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Далайн захиргаа Сингапурт тав, Улаанбаатарт 10 хүнтэй. Гэхдээ энд ажилладаг залуус удахгүй Монгол Улс далайд өөрийн гэсэн цөөнгүй усан онгоцтой болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Х.Баттөгс

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Италийн алдарт “Loriblu” Монголд нээгдлээ

Италийн хамгийн шилдэг, хамгийн тансаг дээд зэрэглэлийн брэндэд тооцогддог “Loriblu” компанийн салбар дэлгүүрийн нээлт өчигдөр боллоо.

Дээд зэрэглэлийн арьсан эрэгтэй, эмэгтэй гутлыг өдөр тутам, спорт, тансаг зэрэглэл гээд хүмүүсийн өргөн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэдэг тус компани өнгөрсөн жил 40 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна. “Loriblu” компани нь дэлхийн улс орнуудад нээгдэж буй салбар дэлгүүрүүддээ тогтсон стандарт, нарийн чанд шаардлагыг тавьдаг бөгөөд үүнийг давж салбар дэлгүүрийн эрхийг авна гэдэг нь нэр төрийн хэрэг гэгддэг. “Loriblu” брэнд нь Италид үйлдвэрлэдэг, гар урлалчдын нарийн чимхлүүр ажиллагаа, нарийн ур чадвар ордог гэдгээрээ онцгойрдог дээд зэрэглэлийн брэнд билээ. Мөн үнэт чулуу, уулын болор чулуу орсон сваровски элементтэй загварууд нь олны таашаалд нийцдэг.

Тэгвэл манай “Мөнхийн дөлгөөн мөрөн” компани “Loriblu” компанийг Монголд төлөөлөх эрхийг авчээ. Өчигдөр болсон нээлтийн ажиллагааг компанийн захирал Н.Лхамсүрэн нээж үг хэлсэн бөгөөд урлагийн одод, чанар чансаатай гутлыг эрхэмлэдэг олон хүмүүс нээлтэд ирсэн байлаа. Энэхүү нээлтийн ажиллагаанд оролцохоор “Loriblu” компанийн гүйцэтгэх захирал Аннарита Пилотти Италиас хүрэлцэн ирсэн юм байна. Тэрбээр Итали, Европын гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгчийн нэр хүндтэй албыг хашдаг ажээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон уг холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд хатагтай Аннарита 85 хувийн саналаар сонгогдож, түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч нь болсон байна.

Тэрбээр уг албандаа 2019 он хүртэл ажиллах юм. Хатагтай Аннарита Пилотти нь “Loriblu” брэндийн Монгол дахь нээлтэд оролцохоор ирсэн хэдий боловч дэлхийд арьс ширний боловсруулалт, гутлын бизнесээрээ алдартай Итали болон Европын гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгч Монголд ирж байгаа нь ихээхэн ач холбогдолтой хэмээж болох юм. Манай улсын хувьд арьс, шир түүхий эдийн томоохон орон боловч боловсруулалт муу, арга технологи нэвтрээгүйгээс дэлхийд үнэтэйд тооцогдох түүхий эдээ үнэд хүргэж чаддаггүй билээ. Хатагтай Аннарита Пилоттийн эзэмшдэг “Loriblu” брэнд Монголд орж ирснээр цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг олгох талтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Аннарита Пилотти: Монголчуудтай өргөн салбарт хамтран ажиллах боломж бий

Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр хатагтай Аннарита Пилоттитой ярилцсанаа хүргэж байна.

-Манай улсад хүрэлцэн ирсэн танд баяр хүргэе. Та өмнө нь Монголд ирж байв уу?

-Би танай сайхан оронд анх удаа ирж байна. Өргөн уудам нутагтай сайхан орон юм аа. Миний энэ удаагийн ирсэн зорилго маань гэр бүлийн бизнес болох “Lor­iblu” брэндийнхээ салбар дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирлээ. Дэлхийн олон оронд салбар дэлгүүр маань нэмэгдэж, тэр дундаа танай Монгол Улсад 44 дэх салбараа нээж байгаадаа баяртай байна.

-Танай салбар дэлгүүрийг нээх шалгуур өндөр байдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Манай салбар дэлгүүрүүд Ром, Венец, Милан, Парист нээгдэж, алхам алхмаар дэлхийн хотуудад нэмэгдсээр байна. Юуны өмнө манай брэндийн чанар чансаа, нэр хүндийг мэддэг итгэдэг болсон компаниуд бидэнд албан ёсоор хүсэлт тавьж, харин бид тэрхүү хүсэлтийг нь нарийн шалгаж үзсэний дүнд хариугаа гаргадаг гэж болно. Мэдээж, бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт хүргэх хүсэл үйлдвэрлэгч бүхэнд бий. Гэхдээ бид хэрэглэгчдээ хүндэтгэж ирсэн соёл, шалгуураа баримтлахаас аргагүй. Монголын “Мөнхийн дөлгөөн мөрөн” ХХК-тай бид хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдөр албан ёсоор дэлгүүрээ нээж байгаадаа баяртай байна.

-“Loriblu” брэнд дэлхийн дээд зэрэглэлийн, тансаг брэндүүдийн нэг гэгдэж байгаа. Танай бүтээгдэхүүний онцлог яг юундаа байдаг гэж та хэлэх вэ?

-Юуны өмнө бүтээгдэхүүнийхээ чанарт бид гойд анхаардаг. Маш дээд зэрэглэлийн материалаар бүтээгдэхүүнээ хийдэг. Хамгийн сайн арьс, даавуу, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн ашиглана. Бидний хувьд хэрэглэгчдийн хүсэл сонирхол чухал учраас тэдэнтэй эргэх холбоо сайтай ажиллахыг хичээдэг. Зах зээл юуг эрж, юуг хүсч сонирхож байгааг бид анхааралтай ажигладаг учраас манайхаас хүсч байгаагаа олох боломж бий. Манай брэндийг сонгодог хүмүүс спорт, өдөр тутмын, тансаг зэрэглэлийн бүхий л бүтээгдэхүүнийг авах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Хамгийн гол нь бүх зүйл нь Италид үйлдвэрлэгддэг гэдэг нь бас нэг онцлог болов уу. Италид үйлдвэрлэсэн гэдэг нь чанар чансаа баталгааг илэрхийлдэг болсон гэдгийг хүмүүс нэгэнт мэднэ. Түүнээс гадна манайхаар үйлчлүүлсэн хүмүүс дээд зэргийн үйлчилгээний соёлыг мэдэх ёстой гэсэн шаардлагыг бид тавьдаг.

-Та гутал үйлдвэрлэдэг хүний хувьд дэлхийн аль улс оронд ямар төрлийн гутал хэрэгцээтэй байдаг, ямар онцлогтойг тэр зах зээл эрж хайж байдгийг анзаардаг байх аа. Монголчуудын хувьд цаг агаарын байдлаасаа болоод аль болох арьсан, дулаахан, үстэй гутал сонирхох нь бий?

-Тийм ээ. Бид зах зээлээ сайн судалдаг гэж дээр хэлсэн. Тэр утгаараа аль бүс нутагт, ямар гутлын хэрэгцээ байгааг судалдаг. Монголчуудын хувьд зузаан арьстай, дулаахан гутал сонирхдогийг анзаарсан. Ерөнхийдөө Оросын зах зээлтэй ойролцоо гэж ойлгосон. Манай компани Оросын зах зээл тэр дундаа Сибирийн бүсийнхний онцлогийг сайн мэддэг. Ер нь бид өөрсдөө үйлдвэрлэгч учраас онцлогт нь тааруулж, эрэлт хүсэлтийн нь дагуу гутал үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой. Бидний хувьд бүс нутгийн онцлогийг нь харгалзаж ажилладаг. Сүүлийн үед Ойрхи Дорнодын орнууд руу манай компани хүч түрэн орж байгаа. Арабын бүс нутгийн онцлогт тааруулж бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа нь тэдэнд ихээхэн таалагдаж байгаа. Мэдээж, тэнд үстэй, арьс зузаантай гуталнууд шаардлагагүй, харин цаг агаарын дулаан нөхцөлд нь тааруулсан гутал нийлүүлнэ.

-Та Италийн үндэсний гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний албыг хашдаг. Энэ албан тушаалын төлөөх өрсөлдөөн нэлээд хүчтэй байдаг гэж сонссон юм байна…

-Би өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар энэ албан тушаалд 85 хувийн санал авч сонгогдсон. Гутал үйлдвэрлэх олон жилийн түүхтэй италичуудын хувьд энэ холбооны ерөнхийлөгчийн албан тушаал анхаарал татдаг нь үнэн. Бас өмнө нь дандаа эрчүүд энэ холбоог удирдаж авч явдаг байсан. Анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр ажиллах болж байна. Тиймээс олон хүний анхаарлыг татсан байж магадгүй. Гэхдээ дийлэнх олонхийн саналыг авсан нь хүмүүс надад итгэл хүлээлгэж ажиллуулахыг хүссэнийх гэж ойлгож байгаа.

-Манай улс хөдөө аж ахуйн орон. Бидэнд мал аж ахуйн гаралтай түүхий эд, арьс шир их бий. Гэхдээ бидэнд боловсруулах арга технологи байхгүй учраас маш хямдхан урагшаа гаргадаг. Энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг та хэрхэн харж байна вэ?

-Италийн компаниуд болон Монголын компаниудыг холбож, хамтран ажиллах өргөн боломж бий. Арьс ширийг хэрхэн боловсруулж бүтээгдэхүүн болгох тал дээр хамтран ажиллахаас гадна өөр олон салбарт хамтрах боломжууд байна. Өчигдөр гэхэд бид танай ноолуурын үйлдвэрт зочиллоо. Ноолуураас эхлээд хамтарч ажиллах өргөн боломж бидний өмнө байна.

-Танай үйлдвэр байдаг Ла Марк хотынхоо талаар танилцуулахгүй юу. Танай компанийн байгуулсан очир эрдэнийн ордон тэнд үзэмж нэмдэг гэж дуулсан…

-Манай хот байгальтайгаа ойр маш сайхан газар байдаг. Хажууханд өндөр уул, тэнгис байдаг. Бид энэ сайхан байгальтай газар гутлынхаа үйлдвэрийг байгуулсан. Бүх зүйл байгальтайгаа ойр, бас байгалийн гаралтай жинхэнэ Италид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн хүмүүст хүргэхээр бид ажилладаг. Манай үйлдвэрт ороход арьс шир, гутлын цавууны үнэр байхгүй. Үйлдвэрт ороод ирлээ гэсэн сэтгэгдэл төрөхгүй. Агааржуулалтын систем өндөр, цэвэр цэмцгэр орчинг бид бүрдүүлсэн. Яг үйлдвэрийнхээ дэргэд байгуулсан очир эрдэнийн ордон маань архитектурын хувьд мөн болор шилээр бүрхсэн учраас алмаз шиг харагддаг.

-Танай гэр бүлийн хүн анх компаниа байгуулж байсан гэж дуулсан…

-Манай гэр бүлийн хүн 44 жилийн өмнөөс энэ ажлаа эхэлж байсан. Тэр маань мэргэжлийн дизайнер хүн. Одоо загваруудаа гаргахаас гадна компанийнхаа ерөнхийлөгчийн албыг хашдаг. Эхэн үедээ би түүний бизнест оролцдоггүй байлаа. Би багш бас цагдаагийн ажилтан ч байлаа. Одоогоос 21 жилийн өмнө би гэр бүлийн бизнестээ орж ажиллах нь зүйтэй юм байна гэж үзээд ажлаа орхиж байв. Харин өдгөө бид хамтдаа бизнесээ үргэлжлүүлсээр явна.

-Танай бараа бүтээгдэхүүн бол дундаас дээш үнэтэй. Та бүхэн худалдан авах чадварын судалгааг хийж байж салбараа нээдэг байх л даа…

-Мэдээж бид судалгаа хийдэг. Монголын хувьд нарийн судалгаа хийгээгүй байсан. Манайхыг төлөөлөх компани маань үүнд баталгаа өгч байгаа. Манай бараа бүтээгдэхүүний үнэ бол дунджаас дээш. Бид Хятад, Румын, Туркт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэггүй. Италид хийдэг. Бүх материал маань Италид хийгддэг. Коллекц бүрээ гаргахын өмнө судалгаа хийж, их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Тийм ч учраас хүмүүсийн сэтгэлд нийцдэг, хөлд нь эвтэйхэн байдаг. Энэ бүхэн маань өөрөө чанарын баталгаа болж байдаг учраас хэрэглэгчид маань мэднэ. Монголчууд ч гэсэн гутлын чанар чансааг мэддэг хүмүүс учраас ялгаж салгаж ойлгох байх аа.

-Манай оронд хүрэлцэн ирж, бас бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа.

-Би бас танай сайхан оронд ирээд, цаашдын хамтын ажиллагааны их ирээдүй байгааг хараад баяртай байна. Та бүхэнд бас баярлалаа.

Categories
гадаад мэдээ

“Emmy awards”-ийн 67 дахь удаагийн ёслол болно

Америкийн телевизийн академийн гол шагнал болох “Эмми”-г гардуулах ёслол энэ өдрүүдэд Лос- Анжелес хотноо болох гэж байна. Атомын бүтцийг гартаа атгаж дээш өргөсөн далавчтай бүсгүйн дүрс бүхий энэ шаргал шагнал нь кино урлагтаа бол “Оскар”, дуу хөгжмийн салбарт бол “Грэмми” гэдэгтэй адил нэр хүндтэй, алдар цуутай ёслолын ажиллагаа бөлгөө. “Эмми”-гийн шагналыг олгох зарчим нь ерөнхийдөө Америкийн телевизүүдийн дэлгэцнээ тухайн жилийнхээ тавдугаар сар хүртэл гарсан бүтээлүүдийг шүүн хэлэлцэн долдугаар сарын дундуур горлигчдын нэрсийг зарлан есдүгээр сард ялагчдыг зарладаг горимтой. Энэ жилийн нэр дэвшигчдийг долдугаар сарын 16-нд зарласан бөгөөд оргил цагийн нэвтрүүлэг, кино, өдрийн цагийн кино, нэвтрүүлэг, спортын нэвтрүүлэг гэх мэтчилэн нилээн олон төрлөөр шилдгүүдийг шалгаруулдаг. Эдгээр шагналуудыг Америкийн телевизийн академи, Америкийн үндэсний телевизийн академи, Олон улсын телевизийн академи гэх гурван өөр байгууллага хуваан авч хэнд юугаа “бэлэглэх” вэ гэдгийг шийддэг билээ. Жишээ нь эхнийх нь үдшийн нэвтрүүлгийн шилдгүүдийг шалгаруулдаг бол хоёр дахь нь спортын, өдрийн, мэдээний нэвтрүүлгүүдийг гурав дахь нь гадаадад цацагдаж байгаа програмуудын шилдгүүдийг шалгаруулах эрхтэй. 67 дахь удаагаа зохиогдож байгаа энэ жилийн “Эмми”-гийн хамгийн их шагнал “хураах” магадлалтай бүтээлээр Game of Thrones хэмээх олон ангит кино нэрлэгдээд байна.

Б.Хулан