Намрын налгар өдрүүд хэдийнэ эхэлж, хүн бүрийн сэтгэл налайн байна. Энэ л өдрүүдэд Улаанбаатар хотноо Хүүхдийн спортын тавдугаар их наадам үргэлжилж байгаа билээ. Уг наадмын гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багийн төрөлд алтан медаль хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар 12 жилийн дунд сургуулийн 12А ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Эл ангийн хувьд гар бөмбөгийн спортоор долоон жил хичээллэж байгаа юм. Ангийн багш нь гар бөмбөгийн спортын мастер Ж.Мөнхбаяр. Ж.Мөнхбаяр мастерын хувьд хар багаасаа гар бөмбөгийн спортоор хичээллэж амжилт гаргасан гэдгийг тус спортын хүрээнийхэн андахгүй болжээ. Одоо харин тэдний шавь нарыг спортын хүрээнийхэн хэдийнэ “олзолчихож”. Мөнхбаяр багш өөрийн залгамж халаагаа бэлтгэхийн тулд Мандал сумын гуравдугаар сургууль дээр гар бөмбөгийн сургалттай тусгай анги нээх хүсэлтээ илэрхийлэхэд сургуулийн удирдлагууд нь хүлээн авснаар өнөөдрийн “спортлог” ангийнхан бүрэлдэх эх суурь тавигдсан байна.
Аймгийнхаа нэрийн өмнөөс томоохон тэмцээн уралдаанд ангиараа оролцоно гэдэг тийм ч олон тохиолдоод байдаг зүйл биш ээ. Хүүхдийн спортын Их наадмын алтан медальт ангийнхан 28-уулаа ажээ. Бүгд л гар бөмбөгийн спортод “нугасгүй” дуртай. Тэднийг хүүхдийн спортын их наадмын дараа Зүүнхараа хот руу вагоноор буцахынх нь өмнө уулзсан юм. 2015 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус ангийнхан өрсөлдөгч бүх багуудаа илүүрхэн хожсоноор аваргын алтан медалийн төлөө тоглосон.
Өнгөрөгч хавар улсын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн багт 3:1-ийн харьцаатайгаар хожигдон мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа алтан медаль хүртсэн юм. Тэр тусмаа дөрвөн жилд нэг удаа болдог Хүүхдийн спортын Их наадам буюу хүүхдийн олимпд түрүүлсэн байна. Алтан медалийн төлөө улсын аварга шалгаруулах тэмцээнд хожигдож байсан Өмнөговь аймгийн багтай дахин учраа таарч хожил байгуулснаар алтан медалийн тавцанд зогсож чадлаа.
Хүүхдийн спортын их наадмаас алтан
медаль хүртсэний дараа.
Тус ангийнхан охидын шигшээ баг мөн Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэнтээ түрүүлж улсын аваргад мөн оролцон өнгөрөгч хавар Баянхонгорын охидын багт хожигдон мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн Хүүхдийн спортын их наадмаас хараахан медаль хүртэж чадсангүй. Алтан медаль хүртсэн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Мөнхбаяр, туслах дасгажуулагчаар Сэлэнгэ аймгийн Спорт сургуулийн захирал, Аймгийн Волейболын холбооны нарийн бичгийн дарга, спортын мастер О.Наранбаатар нар ажиллажээ.
Сэлэнгийн шигшээ багийн холбон тоглогч Ганбаатарын Өсөхбаярыг ухаалаг холбогч хэмээн үнэлдэг юм билээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг холбон тоглогч хэмээх шагнал хүртэж байсан санагдана. Г.Өсөхбаярын хувьд багийн ахлагч хэмээх хариуцлагатай албыг давхар хашдаг юм байна. Багийн ахлагч Өсөхөө “Дөрвөн жилийн өмнө ах нар маань Их наадмаар алтан медаль хүртэж байсан. Багш нар маань болон Ж.Эрдэнэбат гишүүн, Н.Оюундарь эгч хоёр заавал алтан медаль аваарай. Ах эгч нар чинь түрүүлж байсан юм шүү” гэж захиж байсан гэлээ. Ямартай ч биднийг дэмжиж байсан бүх хүмүүсийнхээ итгэлийг алдсангүй. Итгэл гэдэг хамгийн чухал байдаг юм хэмээн хэзээний амьдрал үзсэн хүн шиг хэрсүүхэн өгүүлэх юм. 12А ангийнхан Хүүхдийн спортын их наадмынхаа бэлтгэлийг зуны турш базаажээ. Өмнө нь Өмнөговь аймагт хожигдсон болохоор энэ удаа заавал хожих ёстой хэмээн бие биедээ амлалт өгч байсан гэнэ. Тэр ч утгаараа зорьсондоо хүрч Ж.Мөнхбаяр багшийгаа баярлуулсан шүү хэмээн багийнхан нь бүгдээрээ хэлж байсан юм.
Томоохон тэмцээн уралдаанд аймгаа төлөөлөн оролцож буй багийнхан сум бүрээс шигшигдсэн хүүхдүүд байдаг. Гэтэл сэлэнгийнхний хувьд нэг сургууль тэр дундаа нэг ангийнхан болохоор бие биенээ ойлгоход тун амар байдаг аж. Тэмцээн уралдаанд сэлгээний тамирчидтайгаа нийлээд 12 хүүхэд оролцдог бол тэднээс ес нь нэг ангийнхан байдаг гээд бодохоор бас л бахархах сэтгэл төрж байв.
Энэ удаагийн Их наадмын үеэр өрсөлдөгч багийнхаа хаалт, довтолгоон бүрт идэвхтэй байж чадсан тамирчин бол Эрдэнэдоржийн Төгөлдөр юм. Тэрбээр гар бөмбөгийн спортоор чамгүй хугацаанд хичээллэж байгаа бөгөөд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Их наадмын алтан медаль хүртсэн гэдгээ хэллээ. Э.Төгөлдөрийн хувьд спортын бусад төрлүүдээс хамгийн цэвэрхэн спорт гэж үзсэн тул сонгон хичээллэх болжээ. “Удахгүй сургуулиа төгсөн амьдралын их далайд хөл тавих гэж байгаа ч гэсэн гар бөмбөгийн спортоо орхихгүй ээ” хэмээн итгэл төгс хэлж байсан юм. Бусад нь ч гэсэн түүний хэлсэн үгийг дэмжиж гар өргөж байгаа харагдсан. Мэдээж спортын талбар гэдэг ялалт, ялагдлын хэмжүүр байдаг. Тэр ч утгаараа зарим тэмцээнд түрүүлэн инээд сацруулан гүйлдэх үе байхад зарим тэмцээнээс медальгүй хоцрон нулимс дуслуулах мөчүүд байсан хэмээн багийнхан хэлж байсан юм. Э.Төгөлдөрийн хувьд Хүүхдийн спортын их наадмаас шилдэг довтчлогчийн шагналыг хүртсэн билээ.
Гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн
сургалттай 10 а ангийнхан. 2013 он
Нэгэн зүйлийг өгүүлэхэд Мандал сумын гуравдугаар сургуульд спортын заал байхгүй. Гэсэн хэдий ч Ж.Мөнхбаяр багш нь “Спирт бал бурам” компанийн спорт заалыг түрээслэн шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэдэг аж. Тамирчин сурагчдын хувьд сургуульдаа өөрсдийн гэсэн спорт заалтай болохыг мөрөөддөг гэнэ. 12А ангийн сурагч М.Болдбаярын хувьд “Гар бөмбөгийн спорт нэг хүн шиг сэтгэж, зангидсан гар шиг болгож чаддаг” хэмээн онцолсон юм. Ер нь багаар ажиллах чадварыг багаас нь хүүхдүүдэд суулгая гэвэл багийн спортоор хичээллэх нь зөв шүү хэмээн үеийнхэндээ уриалж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.
“Бөмбөг хөөсөн хүмүүс сурлагадаа мууддаг” хэмээн намайг л бага байхад багш нар зэмлэнгүй байдаг байсан. Гэсэн ч гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай тус ангийнхны хувьд хичээл, бэлтгэлээ аль алийг нь зохицуулж чаддаг гэдгээ ам бардам хэлж байлаа. Тэднийг томоохон тэмцээн уралдаанд оролцож байхад нь С.Тулга захирал нь ирж тэмцээнийг нь үзэн тамирчдаа дэмждэг бол зарим багш нь ч гэсэн тамирчдынхаа тоглолтыг алгасахгүй үздэг юм байна.
Багаасаа л гар бөмбөгийн тамирчин болох юмсан хэмээн мөрөөдөл тээн явдаг байсан хүүг Э.Энхмөрөн гэдэг. Мөн л 12А ангийн сурагч. Түүнийг гар бөмбөгийн спортод дурлуулсан хүн нь Ж.Мөнхбаяр багш нь аж. Э.Энхмөрөн багадаа “Энэ ах шиг мундаг волейбол тоглодог болчих юмсан” гэсэн битүүхэн мөрөөдөл тээн явдаг байснаа ярьсан. “Өнөөдөр харин улсын аварга, Их наадмын аварга болчихлоо. Анх хараад энэ ах шиг болохсон гэж мөрөөддөг байсан хүн бүр ангийн маань багш болчихсон” хэмээн бахархангуй өгүүлэх.
Энэ удаагийн Хүүхдийн спортын их наадмын гар бөмбөгийн тэмцээнд 12 тамирчин оролцсоноос 10 нь Мандал сумын хүүхдүүд байжээ. Тэдний нэг нь Содхүүгийн Оргил юм. Түүний хувьд дээд ангийн ах нартайгаа хамт нэг баг болон энэ удаагийн тэмцээнд оролцсон юм байна. 11В ангийн сурагч хэдий ч хамт бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гэж явсаар байгаад нэг ангийнхнаас ч дутахааргүй дотно болжээ. С.Оргилын хувьд гар бөмбөгийн спортыг сонирхдоггүй байсан ч Ж.Мөнбаяр багш нь “Бэлтгэл хий” хэмээн урьсан ч багаасаа хичээллээгүй болохоор “Би чадахгүй байх” гээд тээршаах маягтай байжээ. Гэсэн хэдий ч бэлтгэл сургуулилт хийгээд эхэлсэн цагаасаа хойш харин тэс өөр бодол тээн явах болжээ.
Б.Ган-Эрдэнийн хувьд багшаараа болон сургуулийнхнаараа бахархаж яваагаа илэрхийлээд “Бид чинь чөлөөт цагаараа ч гэсэн зааланд бөмбөгөө тоглоод л байж байдаг юм. Шантармаар цаг мөчүүд маш олон тохиолдож байсан ч тэр бүгдийг даван туулж чадсанаараа бид Их наадмын аваргууд гэдэг том амжилт гаргасан юм” гэлээ. Хүнээс гарсан хүч, хөдөлмөр бүр ямар их үнэ цэнээр олддог гэдгийг тамирчин хүн л илүүтэй мэддэг хэмээн хэлж байсан юм. П.Нямдаваагийн хувьд гар бөмбөгийн спортоор хичээллээд долоон жил болж буйгаа хэлээд тавдугаар ангиасаа хойш нэг баг болон тоглосон. Үүн шиг сайхан зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм. Түүний хувьд ангийн охин Хулангаараа бахархаж явдгаа энэ үеэр хэлж байлаа. Монгол Улсын шигшээ багт багтан олон улсын тэмцээнд явсан хэмээн хэллээ. Ер нь манай ангид муу тамирчин байхгүй гэв.
Сэлэнгийн шигшээ багийн лидер нь 12А ангийн сурагч Бөхцоожийн Хонгор юм. 2009 онд гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн анги нээгдэхэд л орсон юм байна. Энэ ангийнхны хувьд хоёр жил бэлтгэл сургуулилт хийгээд 2011 онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртжээ. Үүнд ихээхэн урамшсан тамирчдад дараа дараагийн тэмцээн уралдаанд оролцох итгэлийн гал болжээ. Түүний хувьд 2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс өсөх ирээдүйтэй тамирчин болсон бол 2013 оны улсын аваргын шилдэг довтлогч, 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тэгш тоглогч болсон байна. Мөн 2014 оны идэрчүүдийн супер найман багийн тоглолтын шилдэг довтлогч, 2015 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болж байсан юм. Тэмцээний үед дасгалжуулагчийн зүгээс юу хэлдэг вэ гэхэд “Манай Ж.Мөнхбаяр багш бидэнд дэндүү итгэдэг. Биднийг аварга болно гэж үргэлж боддог. Манай багийн зорилго бол алтан медаль л авах” хэмээн тэд ярьж байсан билээ. Манай багш биднийг аварга болгох гэж л долоон жилийн хөдөлмөрөө зориулсан. Багшийнхаа мөрөөдлөөс бага багаар биелүүлж байгаадаа баяртай байдаг хэмээн багийн ахлагч Өсөхбаяр хэлж байлаа. Ж.Мөнхбаяр багш нь “Илүү юм бол илүүгээ харуул. Та нараас илүү баг гэж байхгүй” хэмээн урам өгдөг юм байна. Тэдний хувьд ноднингоос хойш дээшээ дэвшин Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юмсан хэмээн мөрөөдөж иржээ. Тухайн үед төсөв санхүү тааруу байсан тул боломж гараагүй байна. Харин хүүхдийн спортын их наадамд түрүүлчихвэл Залуучуудын улсын аваргад орох зардлыг нь шийдэж өгнө хэмээн нутгийн ах, эгч нар нь амлажээ. Энэ жил тэд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлд шууд орно гэж байсан юм. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн нь энэ сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд болох аж.
“Blue mon” компани Nike брэндийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Тэднийг Их наадмын алтан медаль авсны дараа Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь багийн тамирчид болон дасгалжуулагч нарыг Nike брэндийн оригинал пүүзээр шагнасан юм. “Тамирчин хүний хувьд хөлд эвтэйхэн пүүзтэй болно гэдэг гоё. Дэд сайд эгчдээ баярлалаа” хэмээн уламжилсан.
12А ангийн тамирчдаас довтлогч Хонгор болон чөлөөт хамгаалагч Идэрбатын Батбаяр нар нэгдүгээр зэргийн тамирчид болцгоосон байна. Чөлөөт хамгаалагч Батбаярын хувьд мэдрэмжтэй тамирчин хэмээн гар бөмбөгийн спортынхны хараанд хэдийнэ өртөөд байгаа билээ. Нуруу нам болохоор зарим бөмбөгөнд хүрэхгүй алдах тал бий ч бусад багуудын чөлөөт хамгаалагч нараас хэдэн хувь илүү гэдгийг багийнхан нь ч баталж байв.
12А ангийнхны амжилтын түүхийг сөхвөл 2012 оны Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны багт хожигдон мөнгөн медаль хүртэж байсан юм. Нэгэн үе Хэрх тосгоны гар бөмбөгийнхөн Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд бусдаас илүү байж 20 жил түрүүлсэн тухай баримт байдаг. Харин түүнээс хойш гуравдугаар сургуулийн энэ шавилхан хүүхдүүд буухиаг нь үргэлжлүүлж байгаа билээ. 2011, 2012 онуудад мини волейболын аварга шалгаруулах тэмцээний алт, 2013 онд аймгийн аваргаасаа алтан медаль хүртэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Тэдний амжилт үүгээр ингээд зогсохгүй. 2014 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт, 2014 оны Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, 2014 оны идэрчүүдийн Супер найман багийн тэмцээний хүрэл, 2015 оны идэрчүүдийн Төвийн бүсийн аваргаас мөнгө, 2015 онд идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртээд байна. Хамгийн сүүлд гаргаад байгаа амжилт нь мэдээж Хүүхдийн спортын тавдугаар их наадмын алтан медаль болоод байна.
Хонгор болон чөлөөт хамгаалагч Батбаяр нар өнгөрөгч зургадугаар сард Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Алтайн барс” клубынхэнтэй хамт оролцон хүрэл медаль хүртээд байгааг багийн тамирчид нь хэлж байсан юм. Амжилт бүхний өмнө багаараа зогсож байх болтугай гэхэд “Ерөөл бат оршиг” хэмээн галт тэргэндээ суун нутгийнхаа зүг хөдөлцгөөсөн юм. Энэ багийнхан нуруугаар тийм ч өндөр биш. Хасумегастарс, Өмнөговь гээд шилдэг багуудын дэргэд бүр ч нуруу намтай харагддаг. Гэхдээ тэднийг нэг ангийнхан гэсэн халуун сэтгэл холбож байдаг болохоор нурууны намаа сэтгэлээрээ нөхцгөөдөг ажээ.
Эвлэгхэн яриатай спортлог ангийнхныг танилцуулахад ийм байна.