Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаана ямар үйл явдал болох вэ?

10:00 цагаас Сөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн хүндэт докторын цол олгох ёслолын ажиллагаа МУИС-ийн хичээлийн I байрны дугуй зааланд болно.

10:00-11:30 цагт Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд БНСУ-ын Руй санса компаниас буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий анхан шатны үзлэг оношлогоо хийх шээсний орчин үеийн аппаратыг хүлээлгэн өгнө.

12:15 цагаас ГХЯ-ны 1 давхарын хурлын зааланд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д “Ус, эрүүл ахуй болон бохир цэвэрлэх байгууламжийн нэгдсэн менежментийн тухай” сэдвээр илтгэл тавина.

15:00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүхийн шүүх хурлаас бид юуг харав

Бидний дунд
болж байдаг үй олон үйл явдал, сураг ажгийг бид анзаарахгүй өнгөрөөж байдаг. Нийгмийг
цочирдуулж, анхаарлыг татталаа өрнөхгүй бол шүү дээ. Туркийн эрэг дээрээс олдсон
гурван настай Сири хүүгийн цогцсыг гэрэл зургийн хальсан дээр буулгаж, олон нийтийн
анхааралд хүргэснээр Европ руу үерлэсэн дүрвэгчдийн урсгал дэлхийн түүхийг өөрчлөхөд
хүргээд байна. Түүнтэй адил Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүх
хурал олон нийтэд нээлттэй хүрснээр хүмүүс хэргийн талаар өөр, өөрсдийнхөөрөө дүгнэлтээ
хийх боломжтой боллоо. Хэдийгээр хэн нэгний гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ч
хувь хүн бүр өөрийнхөө мэдлэгээр, мэдрэмжээр, ёс суртахууныхаа хэм хэмжээсээр буруу
хаана байгааг үргэлж л луужинтай яваа мэт ойлгож байдаг. Хурал олон нийтэд нээлттэй
явагдсанаар Л.Гансүхийн гэх энэ хэрэг сэжигтнээр татагдсан хүмүүсийн тухай тодорхой
ойлголттой болохоос гадна өнөөдрийн нийгмийн мөн чанар ямар байгааг, төрийн нэрийн
өмнөөс алба хашдаг тэр хүмүүсийн тухай, шүүгчид, яллагчид, аудитор, шинжээчдийн
үнэн төрх бас буруутан болоод байгаа тэр хүмүүс, тэднийг өмгөөлж байгаа хуульчид,
удирдлагаар хангасан үүргээ хүлээнэ гээд зогсч байгаа Ерөнхий сайд асан эсвэл нөхөрлөлийн
тухай олон эргэцүүллийг бидэнд үлдээж байна.

Хэвлэл мэдээлэл:
Хэвлэл мэдээлэл яагаад дөрөв дэх засаглал гэгддэг юм бэ гэдгийг энэ
удаад олон нийт бүрэн утгаар нь ойлгож чадсан байх аа. Сүүлийн үед зорилготой, үгүй
нь мэдэгдэхгүй хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндэд халдаж, энэ салбарт ажиллаж
байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх хандлага ажиглагдах болсон. Харин хийсэн
ажлын үр дүн нь голдуу мэдэгдэхгүй өнгөрч, шүүмжлэлд бол давуухан өртдөг энэ салбарынхны
үйл ажиллагааны үрээр иргэд, олон нийт мэдээлэл авч, бодит байдлыг өөрийнхөөрөө
дүгнэх боломжтой боллоо. Энэ шүүх хурлыг дөрвөн өдрийн турш зай талбай, техникийн
боломждоо тааруулан үзэгчдэд хүргэж чадсан “Ea­gle”, “TV9” телевизийн хамт олонд
онцгойлон талархахаас аргагүй. Мөн онлайнаар шууд үзэх боломжийг олгосноор Монголд
хэргийг хэрхэн шүүдэг гэдгийг харьд байгаа монголчууд ч олноороо харжээ.
“Eagle”-ийнхэн мэдээлэхдээ тэдний онлайн хандалтын тоо 140000-д хүрсэн нь дээд амжилтыг
тогтоолоо гэж байсан. Шүүх хурлыг шууд дамжуулснаар иргэдийн мэдээлэл авах эрх нь
ямар нэгэн элдвийн хачир нэмэлт, тархи угаалтгүйгээр хэрэгжиж чадав.

Л.Гансүх ба бусад шүүгдэгчид: Гэм буруутайд сэжиглэгдэн жил дамнан шалгагдаж яваа хүмүүс. Гэмт
хэрэгт холбогдсон ямар ч хүн өөрийгөө хамгаалж, үгээ хэлэх эрхтэй. Л.Гансүхийн хувьд
УИХ-ын гишүүн, сөрөг хүчний бүлгийн дарга, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдын
ахлах зөвлөх гээд төрийн хийгээд улс төрийн хариуцлагатай албыг хашиж ирсэн хүн.
Энгийн иргэнтэй харьцуулахад олны өмнө ярьж, бусдад өөрийгөө ойлгуулж сурсан нэгэн.
Шүүх хурал дээр тасралтгүй гурван цагаар ярьж байхыг нь харвал ажлаа мэддэг, хийснээ
бас үүрснээ мэддэг хүний чанар харагдаж байна лээ. Бас нөгөө талаас өөрийнх нь хэрэг
гэгч юу болоод байгааг мэдэж байгаа хүний хувьд хүлээцтэй бас цөхөрсөн байдал анзаарагдсан.
Тэр яллаж байгааг нь дөрвөн үндсэн хэсэгт хувааж тайлбараа тавьсан бөгөөд өөрийг
нь яллаж байгаа заалт өөрт нь огт хамаарахгүй гэдгийг мэдэгдсэн. Мөн буруутгагдаад
байгаа нягтлан бодогч Мөнгөнтуяа тайлбараа хэлж зоримог дуугарсан нь олны анхаарлыг
татаж байсан. Тэрбээр “Үгсэн хуйвалдаж яллаж байгааг ойлгохгүй байна” гээд “Би цалингаа
аваад явсан нягтлан болохоос биш энэ гэрээ надад ямар хамаатай юм, надад ямар ашигтай”
юм гэж эгдүүцэж байгаагаа нуухгүй байна лээ. Үнэндээ өөрийгөө л хамгаалж тэд үг
дуугарахгүй бол шүүхийн танхимд өмгөөлөгчдөөс бусад нь бүгд л эсрэг байгаа харагдсан
шүү дээ.

Өмгөөлөгчид: Хэрэгт буруутгагдаж
буй хүмүүсийн өмгөөлөгчид өөр, өөрсдийнхөө арга барилаар асуулт тавьж тайлбар хийж
шүүх хуралд оролцож байгааг нь хүмүүс нарийн ажигласан байх аа. Аль аль нь сүрхий
улсууд юм гэж олон нийт ярилцаж байна. Мэдлэг чадвартай, эзэмшсэн мэргэжлээ өөрийн
болгон, боловсорч чадна гэдэг ямар чухлыг олон хүн энэ хурлаас ойлгосон. Өмгөөлөгч
Ц.Баасандоржийг онцлохоос аргагүй. Тэрбээр энэ салбарт орж ирээд удаагүй, харьцангүй
шинэ. Гэхдээ итгэл үнэмшлийнхээ төлөө, өөрийн үйлчлүүлэгчийн төлөө хуулиа барьж
мэтгэлцэж байгааг нь харахад бахархах сэтгэл эрхгүй төрж байна. Тэр эр зоригтой
залуу юм. Өмгөөлөгчдийн хувьд энэ салбараас, энэ тогооноос хоолоо олж иддэг хүмүүс
тул шүүгч нартай муудалцах дургүй. Бас сүүлийн үед манай өмгөөлөгч нар АТГ-ын байцаагч
нартай сөргөлдөхөөсөө эмээдэг болсон. Болж өгвөл аяар нь, эвтэй найртай явахыг хүсдэг.
Гэтэл Ц.Баасандорж гэдэг өмгөөлөгч халдаж халдаж хар халзандаа гэгчээр тэднийг улс
төрийн зорилгоор асуудалд хандаж байгааг шүүмжлэн, шүүх бүрэлдэхүүн, хурал даргалагчаас
хоёр ч удаа татгалзаад авсан. Өмнө нь цөөнгүй хурлуудыг шоронд хийдэг байлаа. Тэгэх
шаардлагатай болоод тэгдэг биз ч гэж боддог байв. Харин Л.Гансүхийн хэргийг шүүх
хурлыг шоронд хийхээр болж, үүнийг нь Ц.Баасандорж хүчтэй эсэргүүцсэнээр гэм буруутай
нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг шоронд шүүх нь буруу юм байна гэдгийг хүмүүс
илүүтэй ойлгож авсан. Түүний үйлчлүүлэгчийнхээ төлөө гэсэн итгэл үнэмшил цаашлаад
шударга ёс, хуульт нийгмийн төлөө гэсэн том үзэл санаа нь хүмүүст мэдрэгдээд байгаа
учраас олон нийт түүнд ам сайтай байгаа. Ямар сайндаа л “Ц.Баасандорж өмгөөлөгчийг
авбал алзахгүй” гэсэн яриа гарахав дээ.

Н.Алтанхуяг:
Энэ шүүх хуралд Н.Алтанхуяг гэрчээр оролцох гэнэ гэсэн яриа гармагц
олон нийтэд нэг л итгэл үнэмшил төрөхгүй байсан. Хэдийгээр Н.Алтанхуягийн өгсөн
үүрэг даалгаврыг Л.Гансүх гүйцэтгэсэн, дарга цэрэг, магадгүй найз нөхдийн харилцаа
байдаг гэж бодлоо ч төдийлөн буухгүй байлаа. Учир нь улс төр дэх уламжлалд ийм жишиг
байгаагүй юм. Шүүх хуралд нь оролцох байтугай “Би танихгүй” л гэдэг хүмүүс шүү дээ,
манай улс төрийн хүрээнийхэн. Гэвч Н.Алтанхуяг тэр ойлголтыг эвдэж чадав. Одоо
1000 найзтай байснаас нэг Н.Алтанхуяг шиг найзтай бол гэсэн яриа гарчээ. Түүнийг
эрийн хугархай гэж хэлэхээс аргагүй. Уг нь улс төрд хүнийхээ хувьд ийм хүмүүс байх
ёстой байх. Харин манайд хэлснээсээ буцдаг, нэг эрх ашиг дээрээс нөхдөөсөө урвадаг
тийм хүмүүсийг “Аргагүй ээ, улстөрч хүн” гэж зөөллөдөг болжээ. Хувь хүнийхээ хувьд
хүн болж төлөвшөөгүй хүмүүс яаж төрийг засаглаж чадах билээ. “Л.Гансүх буруугүй.
Шүүхээр бол намайг шүү” гэж зоригтой хэлж чадаж байгаа Н.Алтанхуяг найз нөхрийн
хувьд ч бас бусдад үүрэг даалгавар өгч ажил хийлгэдэг удирдагч хүнийхээ хувьд ч
өөрийгөө харууллаа. Түүн шиг хүмүүс улс төрд ч, төрийн албанд ч олон болоосой.

Шүүгчид: Шүүхийн шинэчлэл
гэж ярьсаар бас ч олон жил өнгөрчээ. Магадгүй хэлбэр талаасаа шүүх шинэчлэгдэж ирсэн
биз ээ. Цалин хөлсний хувьд тэд дундаж иргэдээсээ нэгэнт тасарсан. Бас бус хийсэн
ажлууд ч бий байх. Харин одоо агуулга нь шинэчлэгдэх ёстой болсныг Л.Гансүх нарын
гэгдэх энэ хурал баталж өглөө. Шүүхийн танхимд тэр бүрий хүмүүс очоод байдаггүй
учраас ямар орчин нөхцөлд, ямар дарамт цөхрөл дунд хурал болдгийг мэдэхгүй байх.
Эхний өдрүүдийн хуралд шүүгч, прокурорууд өдөр тутамд ямар байдгаа тэр чигээр нь
харуулсан. Шүүгч нар маань аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн тайлангаа улиралд гаргадгийг
мэдэхгүй сар бүр гаргах ёстой гэж боддог юм байна. Бас төрийн ажлыг хувийн компани
хийж болдог юм уу гэж нүдээ томруулахыг харахад юу ч гэмээр юм дээ. Хар нөмрөг өмсөөд,
алх бариад сууж байгаа шүүгч нар шүүгдэгчдийн гэм буруутайг эцэслэн шийдвэрлэдэг
болохоор хүмүүс тэдний зөв, тэдэнд итгэх ёстой гэж боддог. Гэтэл үнэндээ өөрсдөө
төлөвшиж амжсан болов уу, нөлөөнд автахгүй хөндлөнгийн байгууллага гэдгээ ойлгодог
юм болов уу гэж эргэлзлээ хэмээн ярих хүмүүс олон байсан. Прокурорууд бол төр төлөөлөн
яллаж байгаа харин шүүгч нар хөндлөнгийн төлөөлөл. Хоёр талын өмгөөлөгчид, хохирогчид,
шүүгдэгчид нарын мэдүүлэг, хоёр талын мэтгэлцээн дундаас өөрийн итгэл үнэмшил болоод
хуульд заасны дагуу тэд шийдвэрээ гаргаж, хуулийн хэллэгээр буулгах ёстой байдаг
байх. Гэвч энэ хурлаас шүүгч нар аль нэг талд нь илт давуу эрх олгож, нэгийг нь
шахамдуулж байгаа нь шууд харагдаж байлаа. Бас өөрсдөөс нь татгалзахаар зөвшөөрөхгүйгээр
үл барам өмгөөлөгчид торгуулийн шийдвэр ногдуулах юм. Тэгэхдээ цалингийн доод хэмжээг
1-4 дахин нэмэгдүүлнэ гэснийг 192 мянгаар нь биш дөрөв үржүүлж 768 мянгаар торгох
нь хойд аавын гадуурхал мэт. Эсвэл өөрсдөө хагас сардаа бараг гурван саяыг авчихдаг
болохоор дандаа өндрөөр нь боддог болчихсон ч юм уу.

Энэ хурлын
шүүгч нар ерөөсөө тогтдоггүй, тэгсэн атлаа дүү Х.Тамир нь хар тамхины хэргээр АТГ-т
шалгагдаж байгаа Х.Идэр нь татгалзуулан татгалзуулан ганцаараа үлдээд байдаг нь
анхаарал татам. Ямартай ч хурлаас ганц хоногийн өмнө шинэ шүүгчтэй болсон нь 40
хавтас 10 мянган хуудас материалыг ганцхан өдрийн дотор уншдаг супер шүүгчийг олж
харлаа гэж сошиал медиад бичигдэхэд хүргэсэн билээ. Урьд нь гэмт хэрэг хийсэн гэм
буруутай хүмүүс ял авдаг гэж бид ойлгодог байсан. Харин одоо бас тиймгүй ч байх
нь гэдгийг хүмүүс гадарладаг болчихлоо. Ингэж олны анхааралд өртөөгүй, улстөрч биш,
хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болоогүй бусад хэргүүд яаж шийдвэрлэгдэж байсан
бол гэхээс айдас төрөх шиг.

Прокурорууд:
Тэд бол төрийн нэрийн өмнөөс гэм буруутай этгээдийг яллаж байгаа
хүмүүс. Гэхдээ яллахын тулд яллах биш, шударга үнэнээ барьдаг баймаар. Ямар ч төр
иргэнийхээ эрх ашгийг дээдлэх ёстой. Харин манай прокурорууд аль хэдийнэ яллачихаад
орж ирдэг ажээ. Уг хэргийн нэг прокурор нь АТГ-аас зарласан хурал дээр очоод суучихсан
байсан гэдгийг өмгөөлөгч нар нь онцолж байсан. Харин тэр хурал нь Н.Алтанхуягийн
Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх чуулганы хуралдааны өмнөх өдөр байсан нь
анхаарал татаж байгаа. Үнэндээ хууль, хүчнийхэн ямар нэгэн чиглэл, үүрэггүй ажилладаг
гэдэгт итгэх үндэс прокуроруудын үйлдлээс харагдахгүй байлаа.

Шинжээч, аудитор: Зүй нь шинжээч
нар бол хамгийн мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс байх ёстой болов уу. Харин уг шүүх
хурлаас учраа ч мэдэхгүй, юу ч мэдэхгүй хэдэн нөхөд байдаг юм байна гэж ойлгогдлоо.
Асуултаа ч ойлгохгүй, яриад байгаа асуудлаа ч мэдэхгүй. Ерөнхийдөө бэлдээд өгсөн
материалыг хуулаад дүгнэлт биччихсэн улс юм байна гэдэг нь ойлгогдсон. Аудитын байгууллага
нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болон шууд харьяаны УИХ-ын чиглэл, үүргийн
дагуу ажиллахыг хуульд заагаад өгсөн байтал АТГ-ын хүсэлтээр шалгалт хийсэн нь буруу
болжээ. Үүнийг нь шүүгдэгчийн өмгөөлөгч байтугай шүүгч нь хүртэл хэлээд байхад Ш.Ичинхорлоо
аудитор ойлгохгүй байна лээ. Мөн АТГ-ын нягтлан бодогч-байцаагчийн дүгнэлтийг хальт,
хальт харж, “ямар мундаг юм бэ” гэж бодсоноо нуугаагүй юм. Аудитор өөрийн зүгээс
шалгалт хийгээгүй, “будаа идсэн” гэсэн асуулт ургаад ирэхэд “Өөрийнхөө хэмжээг мэдье
гэж бодсон” гэж хэлээд зогсч байх юм. Шүүхэд дуудахад ирдэггүй гэрч гэдгээрээ хүмүүсийн
сайн мэдэх болсон түүний хариулт одоо хэр олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

Хохирогч,
гэрчүүд:
Үнэндээ энэ хурлын хохирогчид нь хэн байгааг ойлгож чадаагүй. АТГ-аас
хохирсон юм байна гэсэн учраас хохирогч болж орж ирсэн гэдгээ ихэнх нь хүлээсэн.
Хохирогчид нь төрийн байгууллагыг төлөөлж буй ажилтнууд. Үнэндээ төрд ийм хүмүүс
ажилладаг, төрийг төлөөлж суудаг ийм нөхдийг татвар төлөгч бид цалинжуулдаг гэхээр
уйлмаар санагдсан шүү. Гэрчүүдийн хувьд хуульд зааснаар зогсч хариулах ёстой. Бүтэн
өдөржин тэнд тэгж хүмүүсийг залхааж байгаа манай тогтолцоо бас харгис юм даа гэмээр.
Ёстой амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг үнэн юм гэж санагдсан.
Эм гаргаж ууж, нүүрээ байн байн арчих гэрч хохирогч нарыг “Дуу хоолой нь чичирч
худлаа ярьж байгаа мэт, үнэнийг хэлж байгаа бол яагаад сандраад байна” гээд жиргээчид
хэдийнэ шүүгээд эхэлсэн нь нэгийг хэлнэ.

АТГ: Энэ ер нь
ямар байгууллага яаж ажиллаад байна аа гэж олон түмэн эргэлзэж эхэллээ. Авлигатай
тэмцэж, авлигачдыг цээрлүүлэх ийм байгууллага байгуулагдахад хүмүүс баяртай байсан.
Харин энэ удаагийн хурлаас харахад бүхий л төрийн байгууллагуудад чиглэл өгч, үүрэг
даалгавар өгөөд зохиомол хэрэг үүсгэчихсэн юм биш биз гэж гайхахад хүрч байна. Л.Гансүхийн
хэрэг дээр 12 байцаагч ажилласан гэгдэж байсан. Сар бүрийн хоёр сая төгрөгийн цалинтай
гэхээр жилд зөвхөн цалиндаа 288 сая төгрөг нэмэлт зардал, унааны зардлаа нэмбэл
300 сая гарах байх. Анхандаа 3.2 тэрбумын хохиролтой гэх энэ хэргийн мөнгөн дүн
худлаа болоод явчихлаа. Жилд 10 тэрбумын төсөвтэй атлаа илрүүлж байгаа хэргийн дүн
нь бага гэж УИХ-ын гишүүд шүүмжлээд байсан. Үнэхээр ингэж их зарлага гаргадаг байгууллагынхан
яг яаж ажиллаад байна вэ. Хохирогч бол гэсэн чиглэл өгөөд, бэлэн шалгалтын дүн хуулуулж
дүгнэлт гаргуулаад явдаггүй баймаар. Тэднээс даалгавар авчихаад өмнөөс нь сөргөлдөх
төрийн албан хаагч үнэндээ байхгүй. Төрийн албанд ажилд орох, томилогдох хүмүүс
АТГ-аас тодорхойлолт авдаг болохоор сонирхлын зөрчилтэй болж таарна. Тэгэхээр “Шахалт
ирсэн гэхдээ хэн гэдгийг хэлэхгүй” гэж улаан цайм хэлээд зогсч байгаа хүмүүсийг
ойлгохоос аргагүй юм.

Өнгөрсөн
баасан гаригт завсарлага авснаар дууссан Л.Гансүх нарын хэргийг шүүх хурал өнөөдөр
үргэлжилнэ. Шүүхийн шийдвэр ингэж гарна гэж хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ яаж ч гарсан
гэлээ олон нийт нэгэнт өөр өөрсдийнхөөрөө дэнсэлж шүүчихсэн л суугаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрэггүй нээлт хэрэгтэй болсон нь

Цаг цагаараа
байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн нэгэн үе хэрэггүй гэж байсан зүйлс
хэрэг болох нь байдаг аж. Эсрэгээрээ өдөр тутмын хэрэглээ болсон нь аажмаар хасагдаад
явдаг.

“Хэрэггүй
нээлтүүд” хэмээх номыг 1995 онд япончууд гаргажээ. Энэхүү номонд хүмүүсийн хэрэглээнд
төдийлөн нэвтрээгүй, эсвэл амьдралд хэрэг болохооргүй шинэ санаа, шийдэл бүхий бүтээлүүдийг
жагсаасан байна. Амьдралд нэгэнт хэрэг болохгүй учраас гологдсон бүтээлүүдийн жагсаалт
гэсэн үг. Тэдгээр дотор одоо хэрэг болоод зогсохгүй ухаалаг утас, цахим хэрэглээтэй
хүмүүсийн өдөр тутмын найз болсон нэгэн бүтээл багтаж. Энэ нь сэлфиний гар буюу
өөрийнхөө зургийг авахад утсаа суурилуулдаг урт иш. Тэр үед ухаалаг утас гараагүй
байсан болохоор зургийн аппаратаа суурилуулан өөрийнхөө зургийг дарахад зориулан
бүтээсэн байна. Одоогийн хувилбар нь ухаалаг утсаа суурилуулдаг болохоос тэр үеийнхээс
ялгаа бараг л алга. Ингээд бодохоор шинэ зүйл гэж мартагдсан хуучин зүйлийг жаахан
өөрчлөхөд л болдог гэдэгтэй санал нийлмээр. Мөн тухайн үедээ хамгийн хэрэгтэй байсан
зүйлс хэрэглээнээс ор мөргүй устаж алга болох, эсвэл технологийн дэвшил нь элдэв
сөрөг нөлөө үзүүлснээр дахин хуучнаа хэрэглэхэд хүрдэг. Тооны машин амьдралд нэвтэрснээр
цээжээр тоо огт бодож чадахгүй болсон учраас Японы сургуулиуд хүүхдүүддээ сампингаар
тоо бодох арга зааж эхэлсэн байна лээ. Саяхан ухаалаг утас, интернэтийн хэрэглээ
их болсноор хүмүүс амьд харилцаа, амьдралын бусад зүйлд цаг гаргах нь багассан гээд
бас нэгэн шинэ зүйл Солонгосын эрдэмтэд сэдсэн нь ямар нэг уулзалт, хурал, хичээлийн
үед утас нь огт ашиглагдахгүй болж унтардаг программ юм. Энэхүү программыг ухаалаг
утсандаа татаж авснаар нэлээд цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа тухайгаа туршилтад
оролцсон хүмүүс ярьсан байна лээ. Хэдийгээр технологийн хөгжил асар хурдацтай байгаа
ч хуучин зүйлс эргэн хэрэглээнд нэвтрэх нь бий. Одоо ч гэсэн ярианы нууцлалтай холбоотойгоор
ухаалаг утаснаас татгалзсан хүмүүс нэмэгдээд байгаа шүү.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Сошиал ертөнцийн нялуурал ба бодит байдал” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Олон улсын энх тайвны өдөр өчигдөр тохиосон юм. Энэ хүрээнд шашин бүрийн төлөөллүүд Дашчойлин хийдэд чуулсан. Уг үйл явдал дээрээс хийсэн сурвалжлагыг уншаарай. Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой хийсэн “Ухсан нүхэндээ өөрсдөө уначихаад бурууг Ардын намаас хайх хэрэггүй” хэмээх ярилцлага нийтлэгдсэн юм. Мөн УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн “Хуулийн дөрвөн заалтыг хамтатган хэрэглээд өршөөлийн ажлыг шууд зохион байгуулах боломжтой” ярилцлагыг нийтэлсэн байна. Өнгөрсөн таван өдөрт Л.Гансүхтэй холбоотой шүүх хуралдаан олны анхаарлын төвд байсан. Харин шүүх бүрэлдэхүүн өчигдөр шийдвэрээ гаргасан юм. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч, шүүгдэгч, прокурорууд ямар үг хэлсэн болон ямар ял оноосныг долоо болон 11 дүгээр нүүрт нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Сошиал ертөнцийн нялуурал ба бодит байдал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Өнөө цагт сошиал ертөнцийг ард түмэн гэж ойлгож, жиргээчдийн үгээр үг хийх нь ялангуяа шийдвэр гаргах түвшинд нэлээд нэмэгдсэн. Харин саяхан болж өнгөрсөн “Exclusive”-тай холбоотой дуулиан энэ байдалд дүгнэлт боллоо. Энэ талаархи сонирхолтой нийтлэлийг уншиж сонирхоорой.

Уламжлал ёсоор эрүүл мэндийн булан 12 дугаар нүүрт нийтлэгдсэн. Энэ нүүрээс Халдварт өвчин судлалын үндэсний төв, томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа “Томуугийн улирал эхлэх гэж байгаа учраас урьдчилан сэргийлж дархлаажуулалт хийгдэнэ” ярилцлага гарсан. Түүнчлэн энэ сарын 16-ны өдөр нэгэн эх Маршалын гүүрэн дээр машинд амаржсан юм. Харин нөхөр нь хүүгээ эх барьж авчээ. Хүүгээ өөрийн гараар эх барьж авсан Ц.Хатанбаатартай хэрхэн хөөрөлдсөныг унших боломжтой.

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяртай хийсэн ярилцлага уншигчдын анхаарлыг зүй ёсоор татах биз ээ. Түүний ярилцлага 13 дугаар нүүрт нийтлэгдлээ. Түүнчлэн уншигчид энэ өдрийн дугаараас дэлхийн үйл явдал, америкийн монголчуудын амьдрал болоод бусад цаг үеийн мэдээллийг хүлээн авах боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүхэд 4.6 жилийн ял оноолоо

Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн даргалагч шүүгч Х.Идэр шүүхийн шийдвэрийг танилцуулсан юм.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, гагцхүү шүүхэд хүргэгдэн ирсэн нотлох баримтад түшиглэн дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Л.Гансүхийг бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутай гэж үзлээ. Ингэснээр Л.Гансүхийг төрийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг 4 жилээр хасч, жирийн дэглэмтэй хорих ангид 4.6 жил ял эдлүүлэх шийдвэр гаргалаа. Харин “ЭмЖиЭлЭсБи” компанийн Ерөнхий захирал Э.Даваахүү, ерөнхий нягтлан Б.Мөнгөнтуяа нарт тус тус тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдлуулахаар шийдвэрлэж байна. Ингэснээр Э.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн торгууль ногдуулж, цагдан хоригдсон хугацааг өдрөөр тооцож, торгох ялаас хасахаар шийдвэрлэснийг шүүгч танилцууллаа. Мөн Э.Даваахүүг торгох ялаас зайлсхийвэл хорих ял болгож өөрчилнө гэдгийг анхааруулсан юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэрээр Л.Гансүх нараас 2 тэрбум гаруй төгрөгийг гаргуулж, “Багануур” ХК-д нөхөн төлүүлэхээр боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж
өнөөдөр /2015.09.21/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн
Шин Юн Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу
Солонгос, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй
төдийгүй манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жил энэ онд тохиож буйг
онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнгөрсөн хугацаанд хоёр орны
харилцааны бат бэх суурь бий болж, энэ оныг хоёр орны харилцааг дараагийн 25
жилд хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох онцгой жил болно гэдэгт итгэлтэй
байгаагаа тэмдэглэв. Тэрээр хоёр орон
бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид ч
Монгол Улс бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээ, интеграцид оновчтой
оролцоход БНСУ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн
дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилга болон монголын талын
дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын хүрээнд Зүүн хойд Азийн энх
тайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулж, хамтран ажиллах нь
чухал хэмээн тэмдэглэв. Монгол Улс 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг
зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уг
уулзалтад оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцааг
хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг
гүйцэтгэж ирснийг тэмдэглээд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар
“Е-Парламент” төсөл амжилттай хэрэгжсэнийг дурдаж, талархал илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Дарь- Эх цогцолборын нээлт боллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас
“Дарь-Эх” цогцолборын ажлыг хийж
байгаа. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү
бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүрэн дуусах
төлөвлөгөөтэй гэнэ. Өнөөдрийн
байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай
байна. “Дарь-Эх” цогцолборыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт
Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны
20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн, явган хүний, гүйлтийн зам бүхий
томоохон талбайг тохижуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Туркменистан улсын соёлын өдрүүд” болно

Туркменистан улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередовын 2015 оны зургадугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр “Туркменистан улсын соёлын өдрүүд” манай улсад 2015 оны 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ онд манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 23 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх удаа Туркменистан улс өөрийн соёлын өдрүүдээ манай улсад зохион байгуулах гэж байна.

“Туркменистан улсын соёлын өдрүүд” арга хэмжээнд Туркменистан улсын ардын жүжигчин, дуучин Маммедова Аманбиби, Туркменистан улсын гавьяат жүжигчин, дуучин Союнов Достмаммет тэргүүтэй уран бүтээлчид, “Ашхабад” болон “Дагдан” хамтлагийн бүжигчдийн хамтаар шилдэг бүтээлүүдээ тоглож, туркмены уламжлалт дуу, хөгжмийг сонирхуулах аж.

Түүнчлэн Монгол цэргийн музейд Туркменистан улсын музейн сан хөмрөгөөс шилдэг зураачдын уран зураг болон урчуудын гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгчид Л.Гансүх нарыг цагаатгахыг хүсэв

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглан 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал 10.00 цагт эхэлсэн бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж, Л.Гансүхэд таван жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байна. Тодруулбал, Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход таван жил хорих, Төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасах, Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорих, Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход 7 жил хорих, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү хоёрын мэргэжлийн ажил хийх эрхийг дөрвөнжилээр хасах, хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцох саналыг Улсын яллагч н.Баярбилэг, н.Батжаргал нар танилцуулсаны дараа шүүгдэгчдийн өмгөөлөгч хүсэлтээ хэллээ.

Өмгөөлөгч н.Цэрэнжээ “Л.Гансүх гэдэг хүн гэмт хэрэг үйлдээгүй. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл биш шүү. Тиймээс цагаатгаж өгнө үү” хэмээн шүүгчдэд хандаж хүсэлт гаргасан бол Ц.Баасандорж “Амгалангаас 7 буудал хүртэл 1 тонн нүүрсийг 10 мянган төгрөгөөр хүргэсэн. Ингэж хүргээгүй бол 20-30 мянган төгрөгөөр хүргэх байсан. Улсын яллагч бол энэ бүхнийг ерөөсөө ярьсангүй. Энэ хэрэг хохирогчгүй хэрэг, цагаатгаж өгнө үү” гэсэн юм.

Өмгөөлөгчид үг хэлсний дараа шүүх хурал түр хугацаагаар завсарлав.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Л.Цэндсүрэн: Аудитын болон шинжээчийн тайланг АТГ хууль зөрчин цуглуулсан нь тодорхой боллоо

Л.Гансүх нарын шүүх хурал тавдахь өдрөө үргэлжилж байна. Саяхан өмгөөлөгч нар шүүгдэгчдийг цагаатгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх хурал одоогоор түр завсарлаад байгаа юм. Энэ үеэр Л.Цэндсүрэн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Л.Гансүхийг прокурорууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж, Багануур компанид 3.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа. Прокурорын яллах дүгнэлтийн гол үндэслэл болоод байгаа аудитын болон шинжээчийн тайланг АТГ хэрхэн хууль зөрчин цуглуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Аудитор Ш.Ичинхорлоогийн тайланг Үндэсний аудитын газар хууль зөрчин гаргасан. Тодруулбал Төрийн аудитын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Үндэсний аудиторын газар төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийнэ гээд заачихсан. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо хувийн компанийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн. Бас Төрийн аудитын тухай хуульд Үндэсний аудитын газарт УИХ болон үндэсний аюулгүй байдлын даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг өгөхыг хориглоно гэсэн. Гэтэл АТГ-ын нэгэн комиссарын тушаал, хүсэлтийн дагуу энэ аудитын шалгалтыг хийлгүүлсэн” гэсэн юм.

М.Ууган