Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан хуралдаанд үг хэлэв

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хамтран ажиллах уриа: Өөрчлөлтийг түргэсгэхэд нэгдмэл шийдэлд хүрэх нь” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр боллоо. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан сайд нарын түвшний арга хэмжээг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нээсний дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ:

“Өглөөний мэнд хатагтай, ноёд оо,

Өчигдөр бид түүхэн маш чухал баримт бичиг болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталлаа. Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн 170 гаруй улсын төлөөлөл нэгэн дор цугларан ийм онцгой чухал баримт бичгийг баталсан тохиолдол цөөн байх. Харин одоо бидний өмнө энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ тал дээр надад нэг санал байна. Юу гэвэл НҮБ-ын гишүүн орон бүхэн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуультай байх юм.

Монголын парламент болон Засгийн газар ийм хууль боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд би үүнийг ихэд дэмжиж ажиллаж байна. Энэ хууль нь уг хөтөлбөртэй уялдах ёстой. Энэ хуулийн дагуу улс төрийн намууд дээрх хөтөлбөрийг биелүүлэх үүргийг хүлээх ба тухайн намын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол уг хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах ёстой. Тэгэхээр тухайн нэр дэвшигч ялсан тохиолдолд уг хөтөлбөр нь шинэ Засгийн газрын ажлын гол хөтөлбөр болно гэсэн үг. Харин иргэд, олон нийт энэ хуулийн хэрэгжилт, хөтөлбөрийн биелэлтийг шууд хянах боломжтой болно гэсэн үг. Мөн тухайн улс орон энэ хөтөлбөрийн биелэлтийг хянах олон улсын байгууллага, тодорхой бүтэцтэй болох нь илүү үр дүнтэй байх болно.

Миний анхаарлыг татаж байгаа өөр нэг асуудал гэвэл Парист ирэх арванхоёрдугаар сард болох уулзалтын үр дүн юм. Энэ асуудалд томоохон улс орнуудын тэргүүнүүд анхаарлаа хандуулж, сайн зүйлийг амлаж, чамгүй зүйлийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг тэргүүтэй улс орнууд Парист оновчтой санал дэвшүүлж, чухал баримт бичгийг баталж, амжилттай ажиллана гэж найдаж байна. Иймээс бид үүнийг ажил болгохын төлөө үүнд томоохон улс орнуудын лидерүүдийг уриалах хэрэгтэй. НҮБ ч мөн энэ ажилд анхаарлаа хандуулна гэдэгт бид итгэлтэй байна.

Бид хөрш орнуудаасаа их зүйлийг суралцдаг. Манай хөрш болон бусад орнууд энэ чиглэлд чухал баримт бичгийг батлах асуудлыг дэмжиж байгаа. Намайг 2010 онд Копенхагений уулзалтад оролцох үеэр энэ асуудлыг анх удаа дэвшүүлэн ярилцаж байсан. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг ихтэй. Салхины эрчим хүчийг ашиглан нэг киловатт цахилгаан гаргаж авахад 13-15 центийн зардал гарж байна гэж бодъё. Гэтэл бид энэ хэмжээний цахилгааныг нүүрснээс гаргаж авахад таван центийн зардал гарж байх жишээтэй. Тэгэхээр бид нүүрсийг сонгохоос аргагүйд хүрч байна. Тэгэхээр энэ сабарыг хөгжүүлэхэд бидэнд суурь, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж байгаа юм. Ингэвэл бид эрчим хүчээр дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй гадаадад экспортлох боломжтой болно. Иймээс байгаль орчинд хор хөнөөлгүй эрчим хүч үйлдвэрлэхэд суурь багана, хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй гэсэн үг.

Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Түнхэлийнхэн ахмадын баярыг тэмдэглэв

Амралтын өдрүүдэд Түнхэл тосгоныхон ахмадын баярыг тэмдэглэв. Ахмад, дунд, залуу үеийн уулзалтыг Түнхэл тосгоны тамгын газар, “Нийгмийн ардчилал Монголын залуучууд”-ын холбоо хамтран зохион байгуулсан юм. Уулзалтын зорилго нь Түнхэл нутгийн хөгжил цэцэглэлтийг өргөжүүлэн, орон нутагт бүтээн байгуулалтыг өрнүүлж, ард иргэдийн ирээдүйн амьдралын төлөөх санаа бодлоо солилцох, настан буурлуудаа хүндэтгэж, дунд үе, залуу үеийнхэн тэдний ажлын туршлагаас суралцах, заавар зөвлөгөөг нь сонсох явдал аж. Мөн гурван үеийнхний дунд буухиа, гар бөмбөг, шатар, даам зэрэг тэмцээн уралдаан зохиож, нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрүүлэв.

Түнхэл тосгон нь уул уурхай, мод бэлтгэх үйлдвэр зэрэг томоохон эдийн засгийн бодитой хөшүүрэг болж чадахаар нөөц баялаг хийгээд төмөр зам дагуух дэд бүтэц сайтай тосгон юм.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын яруу найрагчдын намрын тухай шүлгүүд

Ховд аймаг. Буянт голын эрэг 2015.09 сар Б.Эрдэнэбулган

Намрын шар нар ээсэн амралтын энэ өдөр уншигчид та бүхэндээ Монголын үе үеийн яруу найрагчдын намрын тухай шүлгүүдээс түүвэрлэн хүргэе.

Дулдуйтын Данзанравжаа (1803-1859/6)

Намар. Өтлөх цаг

Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна лв

Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л.

Ванчинбалын Гүлранс (1820-1851)

Анх намар
Анх намар долоон сарын өндөр огторгуйн саран
Ариун булгийн тунгалаг усны хөвийн дунд тусахуйяа
Уулын доторх бясалгалын тойн дуу чимээнд сочин
Ашгийн гаднах шүлгийн бичээч цэлмэгэр өнгөнд согтов

Дундад намрын усны дусал
Гэгээн саран аль цагт илэрснийг
Хэтэрхий хандан тэнгэрээс асууваас
Үггүй хөх огторгуй мэлцийгээд
Өнгөрөх галууны уяралтай дуун сонслмой
Салхийг дагаж жихүүн ордноо зорьсугай гэхүл
Санамсаргүй хасын асрын хүйтэн ёсноо ормой
Тунгалаг гэрэлд харилцан архинаа согтох нь
Тухай үнэхээр хүмүүний хооронд бус…
Орлчонгийн хүмүүнд уярал, баярлал, хамтдах, хагацах буй
болсноор
Огторгуйн саранд гэгээн šтунгалаг, дүгрэг хэлтэрхийн учир
бүрдвэй
Энэ хэдүй тогтсон тоо хэмээвч
Эдгээр зүйлд би үнэхээр гологдмой
Хүсэх нь түмэн он хүмүүн бат болоод
Хүйгэх намрын гурван тавнаа шөнө бүр уулзтугай.

Намар
Намрын салхин шуухинан ирэхүйеэ навч өвс шарлаад
Нуурын галуу эгшиглэн эргэхүйд хүмүүн бодис уйтгарламуй
Настан өвгөн таяг тулан болсон тариаг тойрохуйяа
Нарсны нөхөр бийр барьж сул шашдирыг бичмүй.

Намрын цэцэг
Нуурын галуу эгэж ирэхүйеэ баруун салхинд үлээгдээд
Настан өвгөд таяг тулж шар удвалыг шинжихүйеэ
Навч хувхайраад цэцэг зулгарсан ерөнхий хэрэг боловч
Нарийвчлан бодвоос тоо улирал бас нэгийг өнгөрөвэй.

Намрын салхин
Нарны туяа цонхноо ташруун, гэрэл юутай цайвар
Насажсан өвгөд хүүхэд лүгээ нуруу биеэ халуулмуй
Нарс хулс шуугин үймэлцэхүйеэ баруун салхин боловч
Нуурын галуу уярч дуугархуйяа жихүүний үүсгэл ирэв үү
Найр үгүй шарам халуун гэнэт зуур устаад
Найлзуур бургасны салаа навчинд сэрүүн сүүдэр царцав
Намрын салхины нүгэл хилэнцэд би ганцаар живхүүцьюү
Наян түмэн хүрэлзгэнэ хорхойн уяралтай дууныг сонстугай

Ванчинбалын Гүнначүг (1832-1866)

Намарт уйтгарлав

Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе.

Ванчинбалын Сүнвэйданзан (1834-1898)

Намарт гунив
Намрын өвч цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт.
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай.

Ванчинбалын Инжаннаши (1837-1892)

Сэрүүн намар

4
Намрын салхи цэлмэгэр жихүүн үед
Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй.

5
Өрнө салхинаа огторгуйн өнгө цэлмэвэй
Өөрийг мэдэгчид олж үзэв үү, үгүй юу?
Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой.

Содномбалжирын Буяннэмэх (1902-1937)

Намрын навч
Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ
Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц
Өчүүхэн бага оготно хүртэл будаа буудай хураалцана.
Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол
Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно.
Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа
Малыг маллаж, тариаг тарьж, ажлыг хийгээгүй бол
Навч шарлаж, намар болж, нас тогтохын үед
Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина.

Дашдоржийн Нацагдорж (1906-1937)

Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.

Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

Гомбын Сэр-Од (1917-1940)

Намар
Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг
дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахай час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна.

Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ
Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад
Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч
Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө.

Д.Сэнгээ

Намар
Алтан гар намрын халуун нар ивээгээд
Атар сайхан хөндийд хадлангийн ургац халиураад
Аварга хүчит комбайн хүнгэнэж байдаг намрыг
Ариун зорилгот пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Хангайн модонд явж самар түүх сайхан
Хар улаан жимсээр саваа дүүргэх сайхан
Хавх урхи зүүгээд зурам ч агнах сайхан
Хадлангийн талбайд очоод тусалж ажиллах сайхан
Сайхан явдлууд намарт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайн нөхөдтэйгээ хамт сургуульдаа цуглах нь сайхан.

Жамцын Бадараа (1926-1992)

Намрын шөнө

Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдын өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлган цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй

Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй.
Санан хүлээх миний цээжийг
Саруулсган уужлах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй.

Бэгзийн Явуухулан (1929-1982)

Нүүдэлчний намар
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!

Намрын навчис
Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис унаж байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлаг намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудыг дагаж
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй.

Мишигийн Ширчинсүрэн (1933-1999)

Намрын сайхан нар
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян.

Намрын сайхан өдөр улирал солигдохын эрхээр
Насан идэр би чинь цагийн аясаар найгана
Намрын сайхан өдөр холдон холдохын эрхээр
Наалинхай төрсөн би чинь сэтгэл ихээр үймэрнэ …

Дэндэвийн Пүрэвдорж (1933 – 2009)

Навч
Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав

Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав.

Жагдалын Лхагва (1942-1997)

Намрын сүүлчийн навч
Дэгээнд орсон загас шиг
Эцсийн удаа цовхчино

Тоомойн Очирхүү (1943-2001)

…Салхинд дохилзох өвсний толгой
Салая даа, цаашаа гэх шиг ээ
Цаад голын бургас шар шар толботой
Салбарч ноорсон дээлийн хуулга шиг ээ

Үүл өтгөрч харлаад тэнгэр нэг л бүүдгэр
Үг цөөрч гансраад сэтгэл бас л бүүдгэр
Хангай дайдын намар сэр сэр салхитай
Хариюу, байюу, яая? сэм сэм гунигтай

Бавуугийн Лхагвасүрэн

Намар
Сайвар салхины хэлд нуур хайрстана
Цайвар шүүдрийн дунд өвс бууралтана
Тэнгэр нуурын хоёр манангаар цайрна
Тэртээ уулын цас нүд хайрна
Салж ядсан ганираа нуур тойрно
Сайран дээгүүр ганц тогоруу тойрно

Намрын салхи
Бодол сэвэлзсэн
Намрын бүрхэг өдөр
Ботгоны буйлах дуун
Нүдгүй архи нэрнэ
Бүдэрсэн нулимсанд
Согтсон энгэрийн
Бүтэн хоёр товч
Хар аяндаа мултарна
Болохын тухай
Бодохоос өрсөж
Болж өнгөрсний
Шарх илүү хөндүүр
Хэвтээ шар салхи
Өвсний уцаар хүргэж
Хэлгий цагаан манан
Уулын элгэнд цагираглана.
Цуламхан нам гүмийг
Цуулж нохой хуцна
Цугтаа яваа юм шиг
Цуурай дагаж боргоно
Өтгөн үүлс газарлаж
Үдээс хойш бороошино
Салхи хэдий намдсан ч
Цээжин дотор эрвэлзэнэ

Тангадын Галсан

Нутгийн намар
Нар – зураач
Алтан бүрээгээр
Манай нутгийг шижирлэх гоё оо!

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн Чингисийн талбайд нээлтээ хийв

Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн Чингисийн талбайд нээлтээ хийлээ. 2006 оноос хойш 10 дахь жилдээ болж буй энэ үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нээж үг хэлэв.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн үйл ажиллагаанд Сэлэнгэ, Дархан, Төв аймаг зэрэг тариалангийн бүс нутгийн ногоочид, аж ахуйн нэгжүүд болон үндэсний үйлдвэрлэлийн компаниуд оролцож байна.

Үзэсгэлэн худалдаа энэ амралтын өдрүүдэд Чингисийн талбайд болж, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд “Мишээл Экспо” худалдааны төвд үргэлжлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Бүжиг, дархан, жимсээрээ алдаршсан Хаш чулууны хот буюу КАШГАР

<Түрүүч нь 229,230(5181,5182) дугаарт>

Үрүмчи хотноо тав хоног үргэлжилсэн “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” форум өндөрлөсний дараа бид Кашгарыг зорилоо.

Кашгар бол уйгаруудын эх нутаг. Үрүмчийн нисэх онгоцны буудал дээр шалган нэвтрүүлэх газарт урт дараалалд өдрийн хагасыг барах дөхөв. Дарааллын уртыг хэлэх үү, хилийн нэвтрэх шалгалтын удааныг хэлэх үү. Үрүмчиэс Кашгар хүртэл онгоцоор хоёр цаг нислээ. Кашгар руу ойртох тусам онгоцны цонхоор харагдах өндөр уулс, хөвөн мэт хөвсийх үүлс нь урьд үзээгүй сонин дүрсээр хийсч нүд баясгана. Нисэх онгоцны буудлаас хотын төв рүү автобусаар явах замд “Хэрэв та Кашгарт очоогүй бол Шинжаан-Уйгарыг үзээгүй, Шинжаан-Уйгарт очоогүй бол Хятадыг үзээгүй гэсэн үг” гэж бичсэн самбар нүднээ тусав.

Шинжаан-Уйгарын хоёр дахь том хот Кашгар нь оюун, шашин, соёлын том төв нь. Торгоны замын гол зангилаа, худалдааны хот. Кашгарт уйгар, хан үндэстнээс гадна хуэй, узбек, киргиз, тажик болон нийт 31 үндэстэн аж төрнө. Кашгарын үндсэн хүн ам нь уйгарчууд буюу лалын шашинтан. Кашгар гэдэг нь уйгар хэл дээр Хаш чулууны хот гэсэн утгыг илэрхийлнэ. Кашгар Энэтхэг, Пакистан, Киргизстан, Тажикстан, Афганистан гэсэн таван улстай хиллэнэ. Өнгө алагласан Дундад Азийн зах, урлагийн бүтээлийг тусгасан дархны газруудыг эндээс л жинхэнэ төрхөөр нь харна. 2000 гаруй жилийн түүхтэй тус хот нь өөрийн өнгө үзэмж, амьдралын хэв маяг, зан заншлаараа жуулчдыг татдаг. Хэдэн зууны турш торгоны замын уулзвар болж байсан тус хотод алдарт аялагч Марко Поло XIII зуунд зочилж байсан түүхтэй. Тэрээр энэ хотын талаар номондоо бичиж үлдээсэн нь түүхийн төдийгүй судалгааны үнэлж баршгүй баримт болсон гэдэг юм билээ. Эрт үеэс гадныхантай худалдаа наймаа эрхэлж ирсэн нутгийн иргэдийн хувьд аль ч орны ямар ч хүнтэй панз үсэргэх чадвартай бөгөөд хэнийг ч элэгсгээр угтана.

Кашгарыг Хятад, Энэтхэг, Пакистан, Төвд, Афганистан, Дундад Азид хүрэх хаалга хэмээдэг. Тиймээс ч өдгөө тус газар нь олон үндэстэн ястны холимог соёл, уламжлалыг шингээсэн нь эргэн тойрны бүхий л зүйлсээс нь анзаарагдана. Тус хот 570 мянга гаруй хүн амтай. Хүн амын дийлэнх нь уйгар үндэстэн. Сонирхолтой нь энд уйгарчууд хятад хүнтэй барагтай бол гэр бүл болдоггүй гэнэ.

Кашга рт ирсний маргааш өглөө эртлэн босоцгоож, Эртний хотод нь очив. Цайзын ханан дээр цэргүүд бүрээ үлээж, эрээвэр хураавар хувцастай бүсгүйчүүд, залуус, хөгшчүүл бүжин бүжсээр биднийг угтлаа. Хэд хэдэн хорооллоос бүрдэх тус газрын оршин суугчид эртний амьдарч байсан хэв маягаа хадгалан үлджээ. Анх очсон хүн Эртний хотоор ганцаар явдаггүй гэнэ. Толгой эргэм тойрог, эргэлт, мухар гудам бүхий тус хотын зохион байгуулалтыг бүрэн ойлгоход сарын хугацаа зарцуулдаг гэсэн. Хоорондоо төстэй өндөр шавар ханан цайзаар хүрээлээстэй. Хятадын эрх баригчид уг хотыг хуучин хэвээр нь үлдээж, жуулчдын анхаарал татах үүднээс нэлээд хөрөнгө зарцуулаад байгаа юм билээ. Зарим хэсэгт нь сэргээн засах ажил ид өрнөж байхтай таарлаа. Нарийн гудамжуудаас бүрдсэн хорооллын гудамж бүр худалдааны захтай.

Наймаа арилжаа хийдэг хүмүүс кашгарын хутга, хивс, хас, арьс шир болон шавраар хийсэн эд зүйлсийг худалдаж авдаг бөгөөд хамгийн чанартай бөс даавуу Кашгарт л бий гэдэг юм байна. Дархны урлал, бүжиг, жимс нь Кашгарыг алдаршуулжээ. Гар хийцийн дархны урлалын эд зүйлс нь захууд дээр ил байх тул түүнийг рекламдах шаардлагагүй. Мөн бэлэг дурсгалын зүйл ч олноороо ярайна. Зах нь “Кашгарчуудын амьдралын эрч хүч, зүрх сэтгэл нь” гэж хэлсэн үг байдгийг нутгийнхан ярьж байлаа.

Ид Ках лалын сүм бол энэ хотын түүхийн гол дурсгалуудын нэг. 1442 онд анх баригдсан тус сүмийг нэг бус удаа шинэчилсэн юм байна. Сүмд өдөрт доод тал нь 2000-3000 хүн цуглардаг бол баасан гаригт 10 мянган хүн ирж мөргөл үйлдэнэ. Уг сүм хэмжээгээрээ Хятаддаа томд тооцогдох агаад мөргөлийн үеэр дотогш хүн амьтан нэвтрүүлэхгүй ч завсарлагааны үеэр жуулчдад нээлттэй. Эмэгтэйчүүд толгойгоо алчуураар боосон байх бөгөөд хэт ил задгай хувцас өмсөөгүй бол орж үзэж болдог.

Кашгар хотыг мопед хөлөглөсөн бүсгүйчүүд нь чимнэ. Хятадын бусад нутгаас ялгаатай нь энд мопед гол унаа нь. Ялангуяа эмэгтэйчүүд энэ унааг их түгээмэл унана. Уг тээврийн хэрэгслийг энгийн цахилгааны залгуурт холбоод л цэнэглэдэг гэсэн. Нэг сайн цэнэглээд авбал 40-60 км явчихдаг гэж хотын бүсгүйчүүд ярьж байлаа. Охид бүсгүйчүүд нь замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас барьж хүнтэй ярингаа жимстэй уут барьсан нөгөө гараараа мопедоо эвлэгхэн жолоодон явж буй дүр зургийг олонтаа харав. Мөн нөхөр нь жолоо барьж, эхнэр нь ард нь хөлөө унжуулан сундална. Харин дугуй унасан хүн нэг ч тааралдаагүй юм.

“Шапка базар”-т биднийг аваачив. Тэнд тоорцгон малгай буюу уйгарчуудын хэлдгээр доппа малгай олон загвар байх аж. Уг малгай нь дотроо олон төрөл байх бөгөөд дөрвөлжин, пирамид, дугуй оройтой. Мөн үндэсний хэв маягийг шингээсэн, чулуу, элдэв өнгийн даавуугаар чимсэн, хээ хуар угалзаар урласан байх юм. Эмэгтэй хүний малгайны хэв маяг нь илүү тод өнгөтэй байх бол эрэгтэйчүүдийнх сонгодог, энгийн байх жишээтэй. Харин залуучууд, охид хурц өнгийн малгай сонгоно. Уйгарын доппа малгай нь уйгар үндэсний зан заншлыг өөртөө шингээсэн байдаг бөгөөд зөвхөн ахуйн хэрэглээ төдийгүй Эртний хотын урлаг, соёлыг давхар илтгэдэг.

Абах Хожи бунхан. Энэ бунхныг л зорьж ирдэг хүмүүс байдаг гэнэ билээ. Дундад Азийн хэв маягийг шингээсэн энэ газарт Юсуф Хожи Эзэн хаанаас авахуулан таван үеийн удирдагчдыг нутаглуулсан гэдэг. Нийт 72 хүнийг ийн оршуулсан байдаг аж. Тэнд ард түмнийхээ дунд төдийгүй түүхэнд нэрээ үлдээсэн Юсуф Хожигийн хүү Абах, домог болсон Ипархан гүнжийг нутаглуулжээ.

Кашгарыг жимс ногооны орон гэнэ. Пайзиватын амтлаг гуа, анар, чацаргана, усан үзэм, бүйлс, жодоо, инжир зэргээрээ алдартай. Мөн Турк, Киргизстан, Саудын Аравиас авчирсан хуурай жимсийг энд төрөл төрлөөр нь худалдаална.

Уйгар үндэстний эртний цайны газарт орлоо. Торгоны замын соёлын өв хэмээн тооцогдох уг цайны газар нь тус хотын соёлын үнэт өвүүдийн нэг. Хүмүүс чөлөөт цаг, амралтын өдөр, баяр ёслолоор энд ирж цай ууж, боов идэнгээ ярилцан хөөрөлддөг заншилтай.

Шэнжэнь хотхон. Кашгарын эдийн засгийн гол хөгжлийн бүс болгохоор зорьж буй хотхонд хотын удирдлагууд ихэд анхаарал хандуулдаг ажээ. Хотхонд ойролцоогоор 31 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, олон улсын худалдааны цогцолбор дүүрэг барихаар ажиллаж байгаа юм байна. Мөн аж үйлдвэрийн хот болгохоор дэд бүтцэд нь 4.3 тэрбум юань зарцуулаад байгаа бөгөөд нийтдээ 222 барилга баригдахаас 118 нь худалдааны төв байх юм гэсэн.

Орон орны сэтгүүлчидтэй хамт эртний торгоны замын улбаа болсон, өнөө ч тэр төрхөө гээлгүй сүндэрлэж хөгжсөөр буй өрнө, дорнын өнгө аяс сүлэлдсэн Шинжаан-Уйгарын Үрүмчи, Кашгараар аялсан тэмдэглэлээ ийнхүү жаргаая.

Categories
мэдээ цаг-үе

Д.МАНДАХСАН: Сансрын нисгэгчийн ангийн багш гэхээр би их өндөр заяатай хүн юм

Монгол
Улсын гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч
Дамдинсүрэнгийн Мандахсангийн Эрдэнэт хот дахь гэрт нь зочилж хөөрөлдөв.

-Таныг Булган,
Эрдэнэтийн утга зохиолын хүрээнийхний оюун санааны эцэг гэлцдэг. Тиймдээ ч танд
Монголын төр гавьяат багш хэмээх эрхэм сайхан алдраа хүртээсэн болов уу?

-Би Булган
нутгийн хүн. Аймгийнхаа арван жилийн сургууль дүүргээд Улсын багшийн дээд
сургуульд элсэн төгсөөд л дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар
тасралтгүй ажилласан даа. Багшийн институтыг 1957 онд төгсөж байлаа. Энэ
ангийнхнаас минь одоо тоотойхон хэдэн хүн үлдсэн байна. Орчуулагч, зохиолч
Хөвсгөлийн Балжинням, Баянхонгорт насаараа багшилсан Түнтгэр нарын мундаг
оюутнууд манай ангид байлаа. Багшийн ажлын гараагаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал
сумын Хөдөө аж ахуйн техникумд багшилснаар эхэллээ. Тэнд нэг жил багшлаад,
Дорнодын техникумд ажиллаж, нийслэлийн арванзургадугаар дунд сургуульд пионерын
удирдагч хийж байгаад 1964 онд Булгандаа ирээд насаараа багшиллаа даа.

-Шавь нарынхаа
тоог алдсан юм байна даа?

-Дөч гаруй жил
багшийн ажлыг нэгэн үзүүрт сэтгэлээр хийснийх овоо тоо гаралгүй яахав. Даасан
ангиас маань найм төгсгөсөн Монгол Улсын гавьяат багш Ганчимэг, аравдугаар
ангийн төгсөлтөөс ОХУ-ын болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын тэргүүтэй эрдэмтэн, эмч, багш нар олон төрөн
гарсан даа. Монголд сансрын нисгэгч төрсөн нь нэг юм. Сансрын нисгэгчийн ангийн
багш гэхээр би их азтай, өндөр заяатай хүн юм. Энэ олон хүүхдийн буян намайг
алдрын зэрэгт өргөлөө.

-Монголын их
утга зохиолд нэртэй мөртэй яваа олон сайхан зохиолч, яруу найрагчдыг төрүүлсэн
биз?

-Хүүхдийн гэрэлт
ертөнцөд ажиллаж байсан болохоор уран зохиолын ажилд өөрийн эрхгүй татагдан
орсон. Уран зохиолын дугуйлан удирдан ажиллаж байгаад нэг л мэдэхэд өөрөө
зохиолч болсон байсан. “Уран-Өд” дугуйлан маань одоо тавин тав дахь жилдээ явж
байна. Өдий олон жил хичээллэж байгаа гэхээр хүмүүс тэгтлээ үнэмшдэггүй юм.
Миний залуу настай хамт төрсөн дугуйлан даа. Миний дугуйлангаас сэтгүүлч,
зохиолч, яруу найрагчаас гадна эмч-эрдэмтэд олон төрөн гарсан. Хүүхэд насны
дэврүүн жигүүрийг дэлгэж өгсөн өвгөн багш би азтай хүн юм гэж он жилүүдийн өндөрлөг
дээрээс бахархаж явдаг даа. Дугуйлангийн шавь нараа би эхэн, дунд, залуу үеийн
гэж гурав ангилдаг юм.

-За эхэн
үеийнхэд нь ямар шавь нар байна?

-Эхэн үеийн шавь
нараас хурандаа Баасай маань одоо надтай нэг хотод аж төрж байна. Соёлын
гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Санжжавын Оюуныг та бүхэн
сайн танина. “Тан руу нүүж явна” гэж ямар сайхан кинотой билээ. “Хорвоод
ганцхан ээждээ”, “Үнсье чамайгаа үнсье”, “Харанга” хамтлагийн дуулдаг “Санана
даа” зэрэг олон дуугаар нь уншигчид түүнийг андахгүй. Шавийн минь анх долдугаар
ангид байхдаа бичсэн шүлэгтэй сургуулийн ханын сонин одоо ч надад байдаг. Оюун
маань бүх хичээлдээ жигд онц сурдаг хүүхэд байсан болохоор багш болгон
булаацалдана. Онигордуу нүдтэй болохоор би шавиа “Онин бууз” гэж өхөөрддөг
байлаа. МЗЭ-ийн шагналт Д.Баянтунгалаг гэж тун чиг тунгалаг гэгээн яруу найрагч
бас миний шавь. Б.Цэрэнжамц анх надад дагуулж ирснээр миний гэрийн, гарын шавь
болсон доо. Булганд байхад нь хоёулаа нэг нэгэндээ шүлэг зохиолоо үзүүлэх гэж
шөнө дүлээр ч гүйдэг байсан сан. Эхэн үеийн шавь нарт Монголын радиогийн нэрт
сэтгүүлч Н.Хишигдорж, С.Оюунчимэг, “Аарцны чулуу” хэмээх гайхамшигтай шүлэг
туурвисан яруу найрагч Ц.Чинбат, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан,
Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цэрэнжамц, яруу найрагч
Данзангийн Ганчимэг нарын олон сайхан шавь нар маань өнөөдөр Монголын утга
зохиолын их ертөнцөд уран бүтээлээ туурвиж явцгаана.

-Дунд үеийн
шавь нар тань хэн хэн билээ?

-Дунд үеийн шавь
нарын маань оргил нь “Хойд шугуйн жимс” шүлгийн түүврээрээ Монголын утга
зохиолын ерээд оныхон дунд байраа эзэлсэн яруу найрагч Жадамбын Батцэцэг,
талийгаач шавь, гэгээн уянгын яруу найрагч Дорждамбын Баттогтох, МЗЭ-ийн
удирдах зөвлөлийн дарга, зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа, сэтгүүлч,
яруу найрагч Б.Эрдэнэсолонго, Ж.Сэлэнгэ, Л.Ихзаяа нар маань байна. Толгой сүүл
холбосон цагаан магтаал, ерөөлийн шүлэг бичдэг байсан үед Батцэцэгийн шүлэг
шинэ сэрэл мэдрэмж, сэтгэлгээг бий болгосныг номыг нь уншаад мэдэх биз.

-Бурхан болооч
Тогтохоо найрагчийн танд хаяглан бичсэн захидлууд тусдаа ном болон хэвлэгдсэн
дээ?

-Хөөрхий минь
дээ, тэр сайхан найрагч шавь маань даанч насыг насалсангүй. Надад өгөх гэж
бичсэн захидлуудыг нь одоо уншихад аймаар хүнд. Багшийнхаа сэтгэлийг зовоохгүй
гэж бичсэн захидлаа дарж дарж надад хүнээр бөөнд нь явуулсан байдаг юм.

-Сүүл үеийн
шавиудаа нэрлэвэл…

-Яруу найрагч
М.Хангал, Ч.Өсөхболд, Б.Дашравдан, Д.Сосорбарам, Лхагвасүрэн нарын олон шавь
бий. Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийнхний хэд хэд нь миний шавь нар гэхээр сайхан
санагддаг. Монголын радиогийн сэтгүүлч, хүүхдийн зохиолч Пүрэвсүрэн манай
дугуйлангийн тухай нэвтрүүлэг бэлтгэхдээ “МЗЭ-ийг алтан гургалдай гэвээс түүний
нэг өд нь Мандахсан багшийн төрүүлсэн “Уран-Өд” дугуйлан юм“ гэж тодорхойлсон
нь сэтгэлд тод байдаг.

-Ломбын Нямаа
гэдэг мундаг сэтгэгч зохиолч Хан Хэнтийн яруу найргийн дэг сургууль гэдгийг бий
болгосон байдаг даа. Таныг бас Эрдэнэтийнхний дэг сургуулийг тэргүүлэгч гэж
хэлж болно биз?

-Ломбын Нямаа
маань маш олон шавь төрүүлсэн аргагүй л түүчээлэгч зохиолч. Их соён
гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн хэлсэн “Шинэ зохиолч төрүүлнэ гэдэг шинэ тив
нээсэнтэй адилхан” гэсэн үг надад их гоё санагддаг юм.

-Утга зохиолын
аваргуудтай аль хэр ойр байна даа?

-Эрдэмтэн зохиолч
Лувсандамбын Дашням, их найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, ардын уран зохиолч
Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Шаравын Сүрэнжав нартайгаа сэтгэл
ойрхон л байдаг. Сүүлийн үед Сүхбаатарын яруу найрагч Амартайван, соёлын
гавьяат зүтгэлтэн адуун хийморьтой найрагч Ай.Төмөр-Очир нартайгаа ойрхон байна
даа.

-Сансрын
нисгэгч Гүррагчаа баатар маань ангийн багшийндаа их ирнэ биз?

-Ирнээ ирнэ. Энэ
жил гэхэд хоёр гурван ч удаа уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө гэхэд багштайгаа
авахуулсан баахан зургийг угаалгаад бие хүнээр өгөөд явуулж. Монгол хүн сансарт
ниссэний 30 жилийн ой дөрвөн жилийн өмнө болоход Оросын болон бэлтгэл монгол
нисгэгч андуудаа бүгдийг дагуулаад муу багшдаа ирсэн. Монголд байтугай дэлхийд
нэрээ гаргасан шавийнхаа буянд тэр олон гайхамшигтай уулзаж учирна гэдэг
үнэхээр сайхан байсан. Юмны учрал ерөөл гэдэг ийм гоё юм.

-Хөгжмийн
зохиолч Ц.Чинзориг агсныг таны шавь гэж сонсож байсан юм байна. Та хоёр хэр
ойрхон байв?

-Шавиар барахав,
бурхан минь. Тэр хүнтэй чинь багш шавь гэхээсээ илүү бүүр ойрхон, бараг ах дүү
шиг явсан. Чинжигийн эгч Цэнд-Аюуш гэж хэл-уран зохиолын багш бид нэг сургуульд
хамт ажиллаж байсан. Чинзориг багаасаа л шүлэг зохиол сонирхож манайхаар их
ирнэ. Хойно оюутан байхдаа авахуулсан гоё зургаа гарын үсэг зурж бэлэглэсэн нь
одоо надад байдаг юм. Тэр жил нэг зуны амралтаараа давхиж ирээд “Багш аа, би
хөгжмийн зохиолч болсон шүү. Танд дуу болчихоор шүлэг зохиол байна уу” гэлээ.
Би шүлэг найргийн баахан гар бичмэлээ үзүүллээ. Тэрэн дотроос “Хонхот
хүүхэлдэй” шүлгийг аваад “Энэнд л ая хиймээр байна, хөгжим байна уу” гэж байна.
“Ямар юмных нь хөгжим байхав” гэсэн чинь манай баруун айлын Мооёо эмчийн
хүүхдүүдийн гитарыг гуйж авчраад пингийн үүдэнд товшоод байсан юм. Тэгсэн
удалгүй “Багш аа, ая хийчихлээ, хүрч ирээд сонс доо” гэлээ. Яваад очвол
гудамжинд тоглож байсан хүүхдүүд нөгөө Чинжигийг чинь тойроод суучихсан

“Хонхот
хүүхэлдэй дуугаа дуулаад

Хоёр тийшээ
найган ганханаа

Жин жин жин
жин жин жингэнээхэй

Бөн бөн бөн
бөн бөн бөндөгнөөхөй

Дон дон дон
дон…

Жин жин жин
жин…

Хонхот
хүүхэлдэй дуугаа дуулахаар

Хойд айлын
хүүхдүүд цугларнаа…”

гээд аль хэдийнэ сурчихсан дуулж байдаг юм. Тухайн үед ч “Хөөрхөн болж л” гэж
бодож байлаа. Анх Могодод дуулагдаж байгаад хожим хотод түгсэн дээ. Түүнээс
хойш “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” дуунууд нь гараад ирэхээр л
үнэхээр мундаг хөгжмийн зохиолч юм байна гэж бодож эхэлсэн дээ. “Зүүдний говь”
дуу нь гэхэд байгалийн гоо сайхнаас илүү хүний дотоод сэтгэлийг ямар яруухан
гаргасан гэж санана. Яг л үүлэн дээгүүр нисэж буй мэт сэтгэгдэл төрдөг юм шүү.
Чинжигийг дагаж яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ, Сүхбаатарын Батмөнх,
Шагдарын Уянга, хөгжмийн зохиолч Б.Шарав, Баттөмөр нар Эрдэнэтэд манайд ирж
байсан.

-Та олон ном
хэвлүүлсэн байх аа?

-“Могойт голын
модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн ном, “Хүнд аялгуу”, “Навчин ай” зэрэг
яруу найргийн номтой. Харин “Үерхэл чамайг нандигнана”, “Гүзээлзгэнэ”, “Малчин
болно доо”, “Хонхот хүүхэлдэй”, “Цагтай жаал”, “Ижий дуу” зэрэг олонд хүрсэн
хэд хэдэн дуутай шүү. Одоо “Үггүй зүг” гэж яруу найргийн номоо хэвлэлд бэлдсэн.
Миний хувьд уран бүтээлийн өөдрөг бодлоор “Мандахсан гэж тэмүүлэхээс намдахсан гэж бөхийхгүй” хэмээн өөрийгөө
өдөөж хатгадаг нэгэн юм даа.

-Монголын
өнөөгийн утга зохиолын тухай санаа бодлоо хуваалцаач?

-Яруу найргийн
эрлийн олон бүлгэмүүдээс “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”-ийнхэн нэлээд
зүгширчихлээ. Би энэ Гунаажавын Аюурзана гэдэг хүнийг Монголын утга зохиолд их
буянтай үйл хийсэн хүн гэж бодож явдаг. Зогсонги байдалд орчихсон утга зохиолыг
тэр л урагшлуулж, араасаа олон залуусыг дагуулахын тулд өөрөө их гэгээрч яваа хүн
юм.

Categories
мэдээ цаг-үе

“Тэнгэрийн хүү”, “Оройн дээд” жүжгээр хөшгөө нээнэ

Театрууд шинэ
улирлын тоглолтоо ирэх аравдугаар сарын эхээр нээнэ. ДБЭТ аравдугаар сарын 10,
11-ний өдрүүдэд Ж.Вердийн “Аида” дууриар тоглолтоо нээж арваннэгдүгээр сарын
нэгний өдөр А.Аданы “Жизель” балетаар эхний сарын тоглолтоо өндөрлөхийг өмнө
мэдээлсэн. Харин УДЭТ найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар, зохиолч
Б.Цогнэмэх нарын “Тэнгэрийн хүү” жүжгээр аравдугаар сарын хоёрны өдөр нээж,
сарын турш түүхэн жүжиг үзүүлэх юм байна. Б.Цогнэмэхийн жүжгийг аравдугаар
сарын 2-4-ний өдрүүдэд тоглох нь. “Түүхэн жүжгийн сар” нэрийн дор, дараагийн
жүжиг төрийн шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжиг байна. Энэ жүжгийг
аравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд тоглох бол С.Жаргалсайханы “Тэмүүжин” жүжгийг
хүүхэд залууст зориулан мөн 10-ны өдөр, найруулагч Ч.Най­дандорж, ардын уран
зохиолч Б.Лхагвасүрэн нарын “Тамгагүй төр” эмгэнэлт жүжгийг аравдугаар сарын
16-18-нд гурван өдөр дараалан тоглохоор болжээ. Үүгээр УДЭТ-ын ирэх сарын
тоглолт өндөрлөж байна. Тус театр энэ онд Б.Цогнэмэхийн зохиолоор “Үнэний хаан
Будда” нэртэй шинэ жүжиг тавихаар төлөвлөсөн ч санхүүжилтгүйн улмаас
хойшлуулжээ. Харин У.Шекспирийн “Ромео,
Жульетта” жүжгийг найруулагч төрийн соёлхолт Н.Наранбаатар шинээр тавих гэж
байгаагаа өмнө мэдээлж байв. Энэ жүжгийг ирэх арваннэгдүгээр сард үзэгчдэд
хүргэхээр төлөвлөжээ. Гэхдээ анхны тоглолтын тов одоогоор гараагүй байна. Дэлхийн сонгодог драмын жүжиг дэх үнэнч хайр
дурлалын бэлгэдэл болох “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгийг өмнө нь найруулагч
Ч.Найдандорж 1996 онд найруулан тавьж байв. Энэ нь УДЭТ-ын урын сан дахь уг
жүжгийн хоёр дахь шинэчилсэн найруулга юм. “Ромео Жульетта хоёр”-ыг анх
С.Гэндэн найруулагч 1966 онд тавьсан байдаг.

1996 оны
шинэчилсэн тавилтад гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Урнаа нар Жульеттад, Ромеод
О.Гэрэлсүх, Меркуциод Г.Онон, Тебаль­дад
Л.Дэмид­баатар нар тоглож байв. Ерээд оны Ромео, Жульетта болох О.Гэрэлсүх,
И.Одончимэг нарын тоглолт үзэгчдийн сэтгэлд одоо ч тодхон байна. Л. Дэмидбаатар
ямар гоё Тебальд байсан нь мөн үзэгчдийн сэтгэлд зурагдан үлджээ. Ерэн хэдэн
оны залуус энэ жүжиг рүү цувж, нээлтийн хоёр өдрийн тоглолт танхимд багтахгүй
шахам дүүрэн үзэгчтэй байв. Уламжлалт сонгодог зарчмаа ёсчлон баримталсан
Найдандоржийн “Ромео Жульетта”-гаар шинэ үеийн үзэгчид Шекспирийг хүлээж авч
байлаа.

“Тэнгэрийн
хүү”

УДЭТ
Б.Цогнэмэхийн “Тэн­гэрийн хүү” жүжгээр өнгөр­сөн жил бас өвөл цагийн тог­­лол­тоо
нээсэн. Хүннү гүр­ний түүхийг өгүүлэх замаар төр улсын мандал буурлын учир
шалтгааныг хөндөж буй энэ жүжгээр тус театр шинэ цагийн өнгө төрхөө тодор­хойлж
байх шиг. Найруулагч Н.Наранбаатарын 2011 онд анх тайзнаа тавьсан “Тэнгэрийн
хүү” жүжгийн үйл явдал, Хүннүгийн хунтайж Модун өмнө зүгийг тохинуулаад эргэн
ирэхэд өрнө зүгийн Кушан улс улсын хилд халдаж, баатар эрсийг хөнөөсөн байжээ.
Ужид цэнгэлд автаж, төр улс нь доройтсонд Модун хаан эцгээ зэмлэн буруушааж
байгаагаар эхэлнэ. Түмэн хааны бага хатан Шунхуй, авга Лүүсүү ван нар үгсэн
хуйвалдаж, Түмэн хаан Модуныг Кушан улс руу барьцаа болгон илгээхээр шийджээ.
Модун “Төрийн төлөө амиа хайрлахгүй” хэмээн барьцаанд очихыг зөвшөөрнө. Модун
барьцаанаас оргож, дайснаа дарж, өст Кушан, Хан улсуудыг цохин доройтуулж, Хүн
гүрний сүр хүчийг өндөрт залснаар жүжиг өндөрлөж байна. Зохиолчийн эх зохиолд
Модун амь эрсдэж жүжиг төгсдөг ч найруулагч Н.Наранбаатар “Хүннү гүрний 2220
жилийн ой тохиож байгаа энэ бэлгэдэлтэй жил Модуныг үхүүлж төгсгөөд хэрэггүй.
Том гүрнийг байгуулж буйгаар төгсгөе” гэж шийджээ. Модун улс гүрнээ доройтуулсан
эцэг Түмэнг хороож, төр улс, газар шороогоо авч үлдэж байна.

“Оролмаа эх”

Төрийн хошой
шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг анх 1973 онд С.Галсанжав найруулан
тавьж байжээ. Зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой 2011 онд тохиоход найруулагч
Ч.Найдандорж УДЭТ-т энэ жүжгийг сэргээн шинэчилж тавьсан. Шинэчлэхдээ соёлын
гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар тайзны зохиолыг шинээр боловсруулан бичсэн байна.

“Тамгагүй
төр”

Ардын уран
зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”
нь гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй эмгэнэлт жүжиг. Найруулагч Ч.Найдандорж
1998 онд анх тайзнаа тавьж байв. Арав гаруй жил тоглогдоогүй уг жүжгийг
өнгөрсөн 2010 оноос дахин тоглох болсон. Үйл явдал нь, Хүннү гүрний хаан Арчуг
хоёр хатантай. Хоёр хатан хоёул хөл хүнд болов. Хаан бага хатан Гүргэлээ хөл
хүнд болсонд ихэд баярлах ба их хатан Цэцэрийн хөл хүнд болсныг үл таашаана.
Хаан түүнийг өөрийн үр бус гэж сэжиглэнэ. Үнэн хэрэгтээ их хатан түшмэл
Эгэрэгийн үрийг тээжээ. Хатад амаржиж хаан хоёр хүүтэй болов. Түшмэл Эгэрэг
хааны их хатнаас төр­сөн нууц хүүдээ хаан ширээ зал­гамжлуулахаар хааныг
ятгана. Хаан харин бага хатнаас төрсөн хүүгээ хаан болгохоор шийджээ. Эгэрэг их
хатан Цэцэртэй үгсэн хуйвалдаж нялх хоёр хүүг хооронд нь сольж орхив. Арчуг
хаан хүүгээ солигдсоныг мэдсэнгүй. Их хатнаас төр­сөн түшмэл Эгэрэгийн хүүг
бага хатнаас төрсөн хүү хэмээн санаж багад нь хаанд өргөмжлөв. Хөвгүүд эрийн
цээнд хүрэхэд хаанд өргөмжлөгдсөн түшмэлийн нууц хүү Ачир ихээхэн хэрцгий хүн
болж өсөх ба бага хатнаас төрж их хатны хөхийг хөхөж өссөн хааны жинхэнэ хүү
Хүчир ухаан уужуу, хүнлэг сэтгэлт нэгэн болж өсчээ. Эрийн цээнд хүрсэн Ачир хүү
хаан эцэгтээ эхтэйгээ гэрлэх тухайгаа хэлэхэд хаан ихэд цочирдоно. Хаан Ачирыг
цаазаар авч, их хатнаас төрсөн бусдын хүү хэмээн эндүүрч яваа Хүчирыг хаанд
өргөмжлөх шийдвэр гаргав. Улмаар хайртай хатан Гүргэлийг, дараа нь Ачир хүүг
хороогоод Хүннү гүрнийхээ ирээдүйг Хүчир хүүдээ үлдээхээр шулууджээ. Үүнийг
мэдсэн түшмэл Эгэрэг Гүргэл хатан, хүү хоёроо хөнөөгдсөний дараа хааны хүү
Хүчирийг хөнөөв. Ийнхүү Хүннү гүрэн хаангүй болжээ. Түшмэл Эгэрэг хааны өргөөнд
орж ирэн Арчуг хаанаас тамгыг нь шаардахад хаан Хүннү гүрний төрийн тамгыг
хайртай хатан Гүргэлийнхээ цээжинд хийн онголов хэмээн хэлээд хаан түшмэл хоёр
бие биенээ хөнөөв. “Тамгагүй төр”
жүжгийн үйл явдал ингэж өндөрлөнө. Ийнхүү Драмын театр сарын турш түүхэн жүжиг
үзүүлэх нь ээ.

Ц.Намсрайжавын
нэрэм­жит Улсын филармони тог­лолтын нээлтээ товлоогүй байна. Харин Үндэсний
дуу бүж­гийн эрдмийн чуулга хөгж­мийн зохиолч М.Бирваа, ардын уран зохиолч
П.Бадарч, төрийн шагналт Д.Төрбат нарын “Оройн дээд” дуулалт жүжгээр өвөл
цагийн тоглолтоо нээх юм байна. Түүнчлэн төрийн шагналт Б.Мөнхболд,
Д.Баярбаатар нарын “Монголын их хатад”
бүжгэн туульс, “Монголын сайхан орон” Үндэсний их найрал хөгжмийн концерт гэсэн
гурван цуврал тоглолт хийх юм байна. ҮДБЭЧ нь үндэснийхээ хөгжмийн соёлын
уламжлалыг хадгалан авч яваагийнхаа хувьд жуулчдад зориулж зуны турш тоглодог.
Өнгөрсөн зуны хаалтын тоглолтоо өчигдөр хийжээ. Харин өвөл цагийн тоглолтоо
ирэх арваннэгдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд дээрх гурван цуврал тоглолтоор
нээхээр төлөвлөжээ.

“Оройн дээд”

Дуулалт жүжигт
1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үнэн түүхийг өгүүлнэ. Уг жүжигт Чин
Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав нарын эрх чөлөөний төлөө
тэмцэгч ноёд тайж нар, VIII Богд Жавзандамба нарын төр улсын тусгаар тогтнолд
гүйцэтгэсэн үүргийг өнгөрсөн үеийн түүх бичлэгийн “хөшигний ар”-аас ил гарган
тавихыг зорьсон тухайгаа зохиогчид нь онцолсон. “Оройн дээд” дуулалт жүжиг
гурван бүлэг зургаан үзэгдэлтэй. Дондогдулам хатны дүрд дуулсан гавьяат
жүжигчин Д.Ширмэнтуяа “Өмнө нь олон жүжигт ажиллаж байсан ч үүн шиг өгөөжтэй,
ихийг сургасан бүтээлд ажиллаж байсангүй” хэмээн жүжгийн талаар бодол санаагаа
хуваалцаж байв. ҮДБЭЧ энэ дуулалт жүжгийг өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сард
тайзнаа тавьсан. “Зарим талаар дуурийн хэлбэр формд хандсан жүжиг боллоо” гэж
анхны тоглолтын үеэр цомнолыг бичсэн ардын уран зохиолч П.Бадарч онцолж байсан
юм. М.Бирваагийн “Оройн дээд” дуулалт жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 18-нд
тоглох бол арваннэгдүгээр сарын 20-нд Б.Мөнхболдын “Монголын их хатад” бүжгэн
туульсийг үзүүлэх юм байна. Монголын хөгжмийн зохиолчдын найрал хөгжмийн
томоохон бүтээлүүдийг эгшиглүүлдэг “Монголын сайхан орон” үндэсний их найрал
хөгжмийн концертыг арваннэгдүгээр сарын 22-нд толилуулахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном уншиж ухааждаг хүнгүй болж ном бичиж солиордог хүн хэт олширчээ

Манай улсад ном бичдэг хүн үй олноороо байна. Харин ном уншдаг хүн байхгүй болсон нь нэн харамсалтай. Энэ бол солиорол. Хуучин цагт өдрийн од мэт ганц нэгхэн ном хэвлэгдэн гарахад хүн бүр ёстой л булаацалдаж аваад шимтэн уншдаг байж дээ. Өнөөдөр ч Баабар, Б.Цэнддоо, Г.Аюурзана гэх мэт зохиолчдын гаргасан ном бүр нь уншигчдаа уйдаахгүй, эрэлтийг байнга тэргүүлсээр байдаг нь үнэн. Тэдний номыг л уншигчид булаацалдаж байгаа. Гэхдээ хэдэн мянган хийрхэгч солиорогч мөн л ном бичнэ гэх болжээ. Ийн солиорогсдын хий хоосон, унших юмгүй номууд дэлгүүрийн тавиур дүүргэчихээр дотроос нь жинхэнэ зохиолчдын бичсэн, бидний уншиж судлах ёстой бүтээлүүд олдож өгдөггүй. Хэнд ч хэрэггүй олон зуун ном хэрэгтэй цөөн хэдийгээ дарж хэрэглэгчдийн нүдийг халхлаад байна гэсэн үг. Тодруулж хэлбэл Монголын номын зах зээлд жилд 1.2 сая ширхэг ном шинээр орж ирдэг гэж байгаа. Нэг солиорогчийн бичсэн ном ердөө 100-500-хан хувь хэвлэгддэг гэж үзвэл хүн амын цөөнгүй хувь нь зохиолч болж таараад байгаа юм. Үүний ард худалдан авалтын дүнтэй нь иргэдийн тоог харьцуулаад үзэхэд нэг хүн жилийн турш тал ном уншдаг, талын тал ном худалдаж авдаг гэх прогноз гардгийг ч учир мэдэх хүмүүс өгүүлдэг. Манай улсын номын зах зээл, ихэнх цаг, цаасаа үрсэн хөдөлмөрийн ард ийм л эмгэнэлтэй дүр зураг, тайлан мэдээ ямагт гарч байдаг юм билээ.

Бас олон улсын NOP байгууллагаас хийсэн судалгаагаар үй олон хүн нь өөрсдийгөө зохиолч хэмээж ном бичин түгээхэд түүнийг нь хэн ч уншдаггүй орноор ганцхан Монгол Улс нэрлэгдчихээд байна. Бас бид унших чадвараараа Дундад Азийн орнуудтайгаа ижил түвшинд яваа гэдгийг энэ судалгаанаас харж болно. Африкийн зарим, Латин Америк болон Афган, Пакистан зэрэг Дундад Азийн цөөн хэдэн орон ном хэвлэдэггүй бас уншдаггүй жагсаалтыг тэргүүлдэг юм байна. Монгол болоод дэлхий дээрх хэдэн орноос бусад нь унших чадвараа хэзээ ч алдаж байгаагүйг NOP тодорхойлжээ. Судлаачдын олж мэдсэнээр Энэтхэгийн иргэн бүр нь долоо хоногийнхоо 10 цаг 42 минутыг ном уншиж өнгөрөөдөг гэнэ. Дэлхийг тэргүүлэх жишиг гэвэл энэ. Харин есөн цаг 24 минутаар Тайланд удаалсан байх жишээтэй. Бидний мэдэх АНУ, Англи зэрэг орнууд ч жагсаалтын 20-доор явдаг юм байна. Ном уншилтын цаг дэлхийд ийм байхад монголчууд бүтэн жилийн турш тал ном уншдаг гэж гарч байгаа нь юуны илэрхийлэл бол.

Энд дурдалгүй, жишиж харьцуулалгүй өнгөрч болохгүй бас нэгэн тоон баримт бий. Өнөөдөр дэлхийд зарагдсан тоогоороо 1859 оны хэвлэлт Английн зохиолч Чарльз Дикенсийн “Хоёр хотын үлгэр” 200 сая, 1954 -1955 онд хэвлэгдсэн Жэй.Р.Р.Толкины “Бөгжний эзэн” 150 сая, 1940 онд гарсан Францын зохиолч Антони Сант Эгзопюрын “Бяцхан ханхүү” 140 сая, 1754-1791 онд бичигдсэн Хятадын сонгодог зохилч Чао Шингийн “Улаан асрын зүүдэн буюу Чулууны түүх” 100 сая хувь борлогджээ. “Харри поттер” зохиол л гэхэд хэдхэн хоногт 80 орчим сая хувиар борлогдсон нь чанартай, үнэхээр төрмөл авьяастай хүмүүсийн бичиж чадсан ном зах зээлд ямар үнэд хүрдэг вэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Харин монголын солиорогсдын хэвлүүлсэн ном хэдэн хувь борлогддог бол. Манай улсын номын үйлдвэрүүдээс гаргадаг мэдээгээр сая битгий хэл арван мянган хувь хэвлэгдсэн ном сүүлийн 10 жилд ховор. Хорь, 30 жилийн өмнө зуун мянган хувиар хэвлэгдсэн боть, романууд байдаг юм байна билээ. Гэтэл өнөөдөр 100-500 ширхэг, дээд тал нь хоёр, гуравхан мянган хувь ном хэвлүүлдэг болчихож. Үүнийхээ 70-80 хувийг бусдад бэлэглэж, шахаж устгадаг гэж байгаа. Монгол Улсын номын зах зээл дэх энэ мэдээ баримтууд төрмөл авьяасгүй хүмүүс ном зохиох их ажлыг оролдож жинхэнэ зохиолчдоо доромжилж буйг нотлоод байгаа хэрэг.

Ер нь дэлхий нийтийн оюун ухаан огт нэмэгдээгүй гэж үздэг тал бий. Өмнөх зуунуудын соён гэгээрэл Толстой, Эрнест Хэмингуэй, Шекспир, Чехов, А.Дюма, В.Гюго, М.Твен зэрэг нэрт зохиолчдын бичсэн сонгодог бүтээлүүдийг дэлхийн иргэд өнөөдөр ч шимтэн уншсаар буй нь үүнийг гэрчлэх биз. Үүнтэй яг ижлээр манай улсад Дулдуйтын хэдэн хүүхэд, Хохь тайж Дашдоржийн орь ганц хүү Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Л.Түдэв гээд хэдхэн хүний ном зохиол одоо ч уншигдаж байгаа. Нэг ёсондоо энэ эрхэм хүмүүс бичиж туурвиагүй бол өнөөгийн нөхцөл байдал үүнээс ч дор байх байжээ.

Ном уншиж ухааждаг хүн үгүй болж ном бичиж солиордог хүн хэт олширсон нь энэ. Тэгэхээр ном зохионо гэж солиорч хийрхэхийн оронд монголчууд эхлээд сайн уншигч болох шаардлага зүй ёсоор тавигдах байх. Сайн уншигч болж чадвал ихэнх нь бичсэнээсээ ичнэ. Ичихдээ бичихээ ч болих биз. Ингэж байж уг хийрхэл, солиорол, өвчигнөл алга болох бололтой. Ер нь ч тэгээд модоо ч тарьж чаддаггүй, номоо ч бичиж чаддаггүй бид энэ бүгдийг нэг насны буян гэж хийрхэхээ боливол ямар вэ. Мод тариад ургасан нь хаана байна. Ном бичээд ч үр дүн нь ийм байхад буян нь хаана байх билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Гантулга: Монголын компани Орост барих хурдны замын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар боллоо

“Чингис
лэнд девелоп­мент” группын гүйцэтгэх захирал Ц.Гантулгатай ярилцлаа.

-Ази, Европыг
холбосон хурдны замын төсөл тойрсон гэгээтэй мэдээний нэг нь саяхан Орост
зурагдсан гэрээ байлаа. Монголын компани ОХУ-д баригдах хурд­ны замын ажлын
хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад ажиллах нь ээ?

-УИХ-ын даргын
ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд” Чингис лэнд девелоп­мент” групп
ОХУ-ын “Дальстроймеханизация” компанитай хамтын ажилла­гааны гэрээнд гарын үсэг
зурсан юм. Алтанбулаг-Замын-Үүд чиг­лэлийн “Чингис”-ийн хурд­ны зам маань зөв­хөн
Монголд бариг­дах 1000 километрээр дуусахгүй л дээ. Хойшоо ОХУ-ын нутагт
Улаан-Үүд, Иркутск хотуудын чиглэлд тавигдана. Эдийн засгийн бүс рүүгээ холбогдоно гэсэн үг.
Урагшаагаа ч ялгаагүй. Бээжин хүртэл баригдах учиртай. Бээжингээс цаашаагаа
Тянь­жин руу хурдны зам үргэлжилнэ. Ингэснээр манай улс далайд гарцтай болох
том боломж нээгдэж байгаа. Хоёр хөршийн нутаг дэвсгэр дээр ийм маршрутуудаар
барьж байж хурдны зам маань цогц болох
юм. Тодруулж хэлбэл эдийн засгийн үр өгөөжөө жинхэнэ утгаар нь өгнө гэсэн үг.
Манай групп хойд хөршийн нутаг дэвсгэр дээр баригдах хэсгийн зам байгууламжийн
ажил, Алтанбулагийн дамжин өнгөрүүлэх боомтын барилгын ажил дээр хамтран
ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.ОХУ-ын компанийн хувьд ч гэсэн Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр баригдах замын ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэнэ.

-Хурдны замын
эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд шийдвэр гаргах түвш­ний хувьд хийж амжуулах
ажлууд байгаа гэж дуулдсан…?

-Энэ төслийн
хувьд Засгийн газар санхүүгийн болон хөрөнгийн баталгаа гаргаж өгөөгүй.
Гэрээгээр хүлээсэн Засгийн газрын үүрэг бол эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөд
чиглэж байгаа. Газар чөлөөлж өгөхөөс эхлээд хэд хэдэн ажил бий. Хурдны зам бол
Монголд шинэ зүйл л дээ. Монголын Замын хөдөлгөөний дүрмэнд орон нутгийн зам дээр 80 км/цагийн хурдтай
явна гэсэн заалт бий. Харин 120-130 км/цаг хурдтай явна гэсэн заалт байхгүй. Энэ мэт зайлшгүй хийх ёстой
эрх зүйн шийдлүүд бий. Замын цагдаагийн хувьд гэхэд л аймаг, дүүргийн
цагдаагийн хэлтэс гэж байгаа. Манай группын хөрөнгө оруулж барих хурдны зам
зургаан аймгийн 24 сум, хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрнө. Наад зах
нь нэг сумын нутаг дэвсгэр дээгүүр тав юм уу хорин километр давхиад өнгөрч
таарна. 120 км/цагийн хурдтай явж байгаа жолооч осол гаргалаа гэхэд хэн
хариуцаж мөрдөн шалгах вэ гэдэг асуудал бий. Төмөр замын, нисэхийн цагдаагийн
хэлтэс гэдэг шиг Хурдны замын цагдаагийн хэлтэс ч гэдэг юм уу хариуцсан газар
байх шаардлага гарч ирнэ. Засгийн газраас хамаарах энэ мэт асуудлууд бий.

-УИХ-ын даргын
айлч­ла­лын хүрээнд гэрээнд гарын үсэг зурсныг оросууд Мон­голын төрөөс хурдны замын бүтээн байгуу­лал­тад анхаарч
байна гэж харцгаасан нь тодорхой. Хурд­ны замын газар шороо­ны ажил мөдхөн
эхлэх нь ээ дээ?

-З.Энхболд даргын
айлчлалын хүрээнд гэрээнд гарын үсэг зурсан нь төрийн зүгээс дэмжиж байгаагийн
тод илрэл л дээ. Замын газар шорооны ажил мөдхөн эхэлнэ. Хөрөнгө оруулалт болон
замаа барих ажлыг манай групп хариуцан гүйцэтгэж байгаа. Манайхан зам барилгын
ажил гэхээр хэзээ хөрсөө хуулаад замаа бариад эхлэх нь вэ гэдгийг хараад байх
шиг санагддаг. Зам барилгын ажилд нэг онцлог бий. Инженерийн шийдэл, хөрөнгө
оруулалтын систем гэх мэт ажлууд их чухал. Эдгээр шийдлийг гүйцэтгэсний дараа
зам барина гэдэг бол харьцангуй амар ажил. Тодорхой хувийг нь өөрсдөө барина.
Тодорхой хувийг нь нээлттэй тендер зарлаад гүйцэтгэгч компаниуд хийчихдэг
учраас тийм хэцүү биш л дээ.

-Хөрөнгө
оруулалт бос­го­ход дэлхий даяараа хэцүүхэн боллоо гэцгээгээд эхэллээ. Хурдны
замын хөрөн­гө оруулалт дээр иймэр­хүү гадаад шалтгаан эрс­дэл учруулахаар
байна уу?

-Дэлхийн эдийн
засаг гэж буруугаа өөр зүгээс хайх утгагүй л дээ. Дэлхийн улсуудын хувьд эдийн засаг нь дажгүй яваа орнууд бий. Эдийн
засаг уруудах газраа уруудаж, өгсөх улсдаа өгсөөд явж байгаа. Энэ бол эрүүл
тогтолцоо. Манайх ч гэсэн ийм жишгээр л явах учиртай. Манай эдийн засгийн хувьд
хэт жижиг учраас нэг зүйлээс хамаараад огцом өсдөг. Эсвэл эсрэгээрээ огцом
унадаг. Эдийн засгийн голдирлоороо, энгийн утгаараа бол өгсч, уруудах нь байдаг
л зүйл. Эрх зүйн хүрээндээ амжуулах учиртай зүйлээ хийгээд өгөх нь л бидний
хувьд том дэмжлэг болно.

-Энэ зам
баригдсанаар эдийн засгийн шууд болон шууд бус өгөөж ямар байх талаар таамаг
тооцоо гарсан уу?

-Шинэ суурьшлын
бүс, эдийн засгийн чөлөөт бүсүүд тодорхой эд хөрөнгө зарцуулна. Ингэж байж
хурдны зам маань үр ашигтай болно. Зам дагасан амьдралыг өөрчил­нө гэдэг өөр
хэрэг. Хоёр хөршийг холбосон хурдны зам эдийн засгийн хувьд монголчуудад үр
өгөөжөө өгнө. Америкаар жишээлье л дээ. 1956 онд Эйзенхауэрийн үед эхлүүлсэн
хурдны замын сүлжээ Америкийн амьдралыг өөрчилсөн. Хурдны зам баригд­санаас
хойш нэг цаг түгжирч явдаг байсан газарт аравхан минутын дотор оччихдог болсон.
Ингээд ирэхээр заавал түгжрэл дунд амьдраад байх шаардлагагүй болчихож байгаа
юм. Өнөөдөр америкчуудын 90-ээс дээш хувь
нь хурдны замаас арван километр дотор амьдарч байна.

-Зам дагасан
дэд бүтэц аймаг, сумын хөг­жилд мэдрэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэж яриад байгаа.
Буудаллаж амрах цогцолбороос гадна өөр ямар зүйлүүд барихаар төлөвлөөд байна
вэ?

-Зам дагасан дэд
бүтэц гэхээр таны сая хэлсэнчлэн аюулгүй амрах бүсүүдийг бий болгож,
цогцолборууд барина. Ийм цогцолбор 50-70 км тутамд нэг байхаар төлөвлөж байгаа.
Цогцолбор нь хоолны газартай, дэн буудал­тай,
дэлгүүр үйлчилгээний газруудтай. Гүүрэн байгууламжууд бий. Орхон, Туул голын
гүүрүүд 2.5 км урттай байх юм. Гүүрэн байгууламжийн хувьд өвөрмөц шийдэлтэй,
үндэсний шинж агуулсан дизайнтай барина гэж төлөвлөж байна.

-Амралт
үйлчилгээний цогцолбор зам дагуу бариг­дахаар аймаг, тэр дундаа алслагдсан
сумдын амьжир­гаа, ахуйд нэмэр болох байх. Жишээ нь нэг суманд ажлын байр
хэчнээнээр нэмэгдэх бол?

-Нэг цогцолбор
дээр чам­лахааргүй ажлын байр гарч ирнэ. Одоогоор яг таг тоо хэлэх боломж­гүй
байна. Сумын төв дээр захиргаа, сургууль, эмнэлгийн ажилтнууд гэсхийгээд ажлын
байр нь болчихдог. Хувийн бизнес гэхээр ганц, нэг дэлгүүр л байгаа. Сумын төвд
амьдардаг бусад улс тэтгэвэр тэтгэмжээр амьжиргаагаа залгуулж байна л даа. Ажиллаж байгаа хэсгийнх нь цалин
хөлс тийм ч сайн биш. Хурдны зам дагуух амралтын цогцолборууд ажиллаад эхлэхээр
30-40 мянган ажлын байр бий болно. Сумынхны орлого, амьжиргаа ч тэр хэрээр сайжраад ирэх нь тодорхой.
Үүнээс гадна Алтанбулаг, Дархан, Улаанбаатар, Хөшигтийн хөндий, Чойр, Замын-Үүд
зэрэг тодорхой цэгүүд дээр шинэ суурьшлын бүсүүдийг бий болгохоор төлөвлөж байна.
Ганц салбараас хамааралтай эдийн засаг өөрчлөгдөж өсөн дэвжих боломж хурдны зам
тавигдсанаар гарч ирнэ.

Ази,
Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт ирэх хавраас эхэлнэ гэсэн
мэдээллийг тус төслийн зүгээс өмнө нь өгч байсан. Замын газар шорооны ажил ирэх
хавраас эхлэх төлөвлөгөө өөрчлөгдөөгүй байгаа юм билээ. Хурдны замын 97 км-ын
трассын асуудал эцэслэн шийдэгдвэл хөрөнгө оруулалт нь асуудалгүй гэсэн
мэдээлэл ч байгаа юм.

Categories
мэдээ спорт

Бага олимп үргэлжилж байна

Гурав дахь жилдээ (2008, 2012 онд болсон) болж буй “Баянхонгорын бага олимп” үргэлжилж байна. Баасан гаригт бүсийн тэмцээн эхэлсэн (төвийн, хангайн, говийн бүст нийт 30 багийн 1500 гаруй тамирчин өрсөлдөж байна) хангайн бүсийн ширээний теннис, хөлбөмбөг тэмцээнүүд өндөрлөөд байна. Эдгээр тэмцээний дүнгээс танилцуулъя.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Хангайн бүсэд нийт 24 баг (Бууцагаан, Баянцагаан, Галуут, Баацагаан, Жинст, Богд, Эрдэнэцогт, Баянбулаг, Шинэжинст, Жаргалант, Өлзийт, Баянлиг, Заг, Баян-Өндөр, Баянхонгор аймгийн нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр, тавдугаар, зургадугаар, долдугаар, наймдугаар, есдүгээр баг, Алигаритм баг)-ийн эрэгтэйчүүдийн ангилалд 25, эмэгтэйчүүдэд 25, холимог хосын төрөлд 50 тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэгдүгээр багийн тамирчин спортын мастер Д.Энхбаатар, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нөхөрлөл багийн тамирчин спортын дэд мастер Б.Батдэлгэр (2008 оны бага олимпод хүрэл медаль хүртсэн), холимог хосын төрөлд Алигритмийн Б.Баттөмөр, Б.Мөнхчимэг нар түрүүлэв. Тэмцээний ерөнхий шүүгчээр Д.Нэргүй (улсын шүүгч) ажиллалаа.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд
1. Д.Энхбаатар (нэгдүгээр баг) 2. Б.Баттөмөр (Алгритм) 3. Б.Гантогтох

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд
1. Б.Батдэлгэр (нөхөрлөл) 2. Б.Сийлэгмаа (нэгдүгээр баг) 3. Б.Хонгорзул (гуравдугаар баг)

Холимог хосын төрөлд

1. Б.Баттөмөр, Б.Мөнхчимэг (Алигритм)
2. Д.Энхбаатар, Б.Сийлэгмаа (нэгдүгээр баг)
3. Б.Батдэлгэр, Р.Маргад (Нөхөрлөл)


ХӨЛБӨМБӨГ

Хангайн бүсэд долоон баг (Бууцагаан, нэгдүгээр, хоёрдугаар, тавдугаар, долдугаар баг, Гурванбулаг, Алгиритм) өрсөлдөхөд “А” хэсгээс тавдугаар баг, Бууцагаан, “Б” хэсгээс Алигритм, нэгдүгээр баг шалгараад байна. Эдгээр багууд маргааш буюу энэ сарын 28-нд “Баянхонгорын бага олимп”-ийн гурван бүсээс шалгарсан багуудтай үргэлжлүүлэн өрсөлдөх эрхтэй болсон байгаа.


Бага олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд 27 багийн эрэгтэй 74, эмэгтэй 42, нийт 116 тамирчин оролцож, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнийг багийн дүнгээр 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар Баянхонгорын нэгдүгээр баг тэргүүллээ.

МЕДАЛЬТ БАЙР ЭЗЭЛСЭН ТАМИРЧИД

Эрэгтэй

-66 кг

1. Э. Эрхэмбаяр /Заг сум/
2. Д. Галдмаа /Нөхөрлөл баг/
3. Б. Эрхбаяр /1-р баг/
3. Б. Мөнх-Очир /2-р баг/

-73 кг

1. О. Бадмаанямбуу /Заг сум/
2. М. Даваадорж /1-р баг/
3. Т. Доржсэмбэ /Баян-Өндөр сум/
3. У. Баяндалай /Баянцагаан сум/

-81 кг

1. М. Дагвадорж /Баянбулаг сум/
2. Д. Бүрэнтулга /Жинст сум/
3. Б. Түвшинтөгс /Баацагаан сум/
3. Б. Борхүү /Заг сум/

+81 кг

1. Д. Цэрэнтогтох /Заг сум/
2. М. Эрдэнэбаяр /Баянлиг сум/
3. н. Бямбасүрэн /Гурванбулаг сум/
3. Д. Уртнаст /Баацагаан сум/

Эмэгтэй

-57 кг

1. Л. Сосорбарам /1-р баг/
2. Б. Бадмаа /Баянцагаан сум/
3. Б. Хандмаа /3-р баг/
3. М. Уранчимэг /6-р баг/

-63 кг

1. М. Бадамгарав /1-р баг/
2. Б. Жавзансүрэн /7-р баг/
3. Б. Буянхишиг /Баянцагаан сум/
3. Ж. Жавзанпагма /4-р баг/

+63 кг

1. Ж. Түмэнжаргал /7-р баг/
2. Ж. Ариунтуул /1-р баг/
3. Э. Энхбуян /Жинст сум/
3. Э. Долгор /Богд сум/

Багийн дүн

1. Баянхонгор аймгийн 1-р баг /2 алт, 2 мөнгө, 1 хүрэл/
2. Заг сум /2 алт, 1 хүрэл/
3. Баянхонгор аймгийн 7-р баг /1 алт, 1 мөнгө/