Categories
гадаад мэдээ

Жеки Чан: Би амьд

Хонконгийн нэрт жүжигчин Жэкки Чаныг таалал төгссөн тухай мэдээлэл цацагдав. Тодруулбал, шинэ киноныхоо зураг авалтыг хийхээр Австрали улсад очсон Жеки Чан орлон тоглогчгүйгээр зураг авалтад орсноос амь эрсэдсэн тухай мэдээлэл шүтэн бишрэгчдийг нь түгшээсэн билээ.

“Оргил цаг” киногоороо дэлхийн алдрын оргилд хүрсэн Ноён Чан уг мэдээллийг цахим хуудсаар дамжуулан үгүйсгэжээ. Улмаар “Би онгоцноос буусан даруйдаа хоёр мэдээлэлд гүн “шок”-нд орлоо. Нэгдүгээрт битгий санаа зов. Би одоо болтол амьд байна. Хоёрдугаарт, Red Pocket-ийн тухай миний Weibo дахь нэрийг ашиглаж худал цуурхал тараасанд итгэхгүй байна. Энэ бол миний албан ёсны фейсбүүк хаяг төдийгүй надад албан ёсны ганцхан Weibo хаяг байдаг. Мэндчилсэн Жэкки Чан” хэмээн өөрийн нүүр номдоо оруулсан байна.

Энэ нь түүнийг үхсэн тухай мэдээлсэн анхны тохиолдол биш ажээ. Урд нь “Жэкки Чан 2011 оны наймдугаар сарын 17-нд өнгөрлөө. Чи шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд үүрд орших болно” хэмээн цахим ертөнцөөр тарж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймаг түймэртэй байна

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар ойн түймэр наймдугаар сарын 8-ны өдөр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон орон нутгийн 28 иргэн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн Түргэн суманд наймдугаар сарын 7-ны өдөр, Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар наймдугаар сарын 8-ны өдөр, Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар тухайн өдрийн 19 цагт ойн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газар иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баяндавааны өвөр” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс баруун зүгт 30 орчим км-т/ хээрийн түймэр гарчээ. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, ШШГГ-ын харъяа Хорих 435-р ангиас 18 хүн, орон нутгийн 14 иргэн, нийт 49 хүн ажиллаж өнөөдөр өглөө 05:45 цагт цурманд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол зураач 20 мянган долларын тэтгэлэг авлаа

АНУ- ын “The Pollock – Krasner Foundation” сан манай улсын зураач Б.Номинд уран бүтээлчийн тэтгэлэг болох 20 мянган долларыг олгохоор болжээ.

Уг сангаас тус тэтгэлгийн эзнийг өчигдөр тодруулсан байна. Сангийн зүгээс Б.Номингын бүтээлүүдийг “нүд булаам” гэж тодотгосон байна.

Зураач Б.Номингийн хувьд ДУДС-ын Монгол зургийн ангийг 2005 онд суралцаж төгссөн. Тэрбээр бүтээлдээ монгол хүний тухай ойлголт, өдрөөс өдөрт алдагдаж байгаа уламжлал соёлын асуудлууд нь түүний уран бүтээлийн гол сэдэв болдог юм байна. Мөн уламжлалт зургийн аргаар орчин цагийн нийгэм, амьдралын тухай хүүрнэн өгүүлдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

”Жаргалтай гэр бүл” уран зургийн үзэсгэлэн дэлгэгджээ

Уран бүтээлч В.Ундраагийн “Жаргалтай гэр бүл” уран зургийн үзэсгэлэн Сэнтрал Арт Галерей-д дэлгэгдсэн байна. Уг үзэсгэлэнд 30 орчим бүтээл тавигдсан бөгөөд бүтээл бүр өөр өөрийн гэсэн өгүүлэмжтэй аж.

Үзэсгэлэн өнгөрөгч долоодугаар сарын 21-нээс энэ сарын 21-нийг хүртэл болно. Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дашрамд дуулгахад, зураач В.Ундраа 1996 онд Улаанбаатар хотын 54 дүгээр дунд сургууль, 1998 онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дунд сургуулийн Монгол зургийн ангийг, 2005 онд Соёл Урлагийн Их Сургуулийн харъяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн ангийг бакалавр зэрэгтэйгээр тус тус дүүргэжээ.

Тэрбээр 2009 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач болсон бөгөөд Монголдоо болон олон улсын чанартай 30 гаруй удаагийн хамтарсан үзэсгэлэнд оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Оношлогоонд ороогүй машиныг ирэх сарын 1-нээс журамлана

Ирэх сарын нэгнээс тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон автомашины үзлэг оношлогоондоо цаг хугацаанд нь ороогүй жолооч нарт оногдуулах хариуцлагын арга хэмжээг чангалж шууд журамлах шийдвэр гарчээ.

Одоо хэрэгжиж байгаа хуулиар үзлэг оношлогоонд хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь түр хурааж, үзлэг хэтэрсэн хугацаанаас нь хамаараад 5000-25000 хүртлэх төгрөгөөр торгодог.

Авто тээврийн хэрэгслүүдийн үзлэг, оношлогоонд орох хугацаа харилцан адилгүй. Наймдугаар сард, эсвэл аравдугаар сард орох тээврийн хэрэгсэл ч байна. Тэгэхээр хугацаа нь болоогүй автомашинуудыг үзлэг, оношлогоонд оруулах шаардлагагүй, нэг жилийн хугацаандаа багтаж байвал болох аж.

Categories
гадаад мэдээ

Иракын Ерөнхий сайд Дэд Ерөнхийлөгч, Шадар сайдуудаа цомхотголоо

Иракын Ерөнхий сайд Хайдер Жавад Аль-Абади Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд нарынхаа албан тушаалыг хүчингуй болгосон шийдвэрийг өчигдөр баталлаа.

Иракын Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг Аль-Абадигийн улс төрийн өрсөлдөгч Нури Аль-Малики хашиж байсан юм.

Ерөнхий сайд энэхүү шийдвэрээ “Төсвийн зардлыг багасгах, авлига, хээл хахуультай тэмцэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа. Бид авлигын эсрэг тэмцлээ өргөжүүлж, Авлигатай тэмцэх тусгай хороо байгуулах болно” гэж тайлбарласан байна.

Ирак улс өнөөдрийг хүртэл гурван дэд ерөнхийлөгч, гурван Шадар сайдтай байсан. Иракын Ерөнхий сайд өнгөрсөн зургадугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Бабакер Зебариг цомхтгосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Отгонбаяр: Улс төрийн нөхцөл улам тогтворгүй байдал руугаа явж байна

УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяртай ярилцлаа.

-МАН ээлжит бус чуул­ганыг хууль бус гэж үзэн, нээлтэд оролцоогүй. Гэтэл Ерөнхий сайд танхимынхаа зургаан сайдыг явуулахаар нэрсийг нь өргөн барьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаж байх үед намаа хамтрахыг эсэргүүцэж байсан гишүүний нэг бол та. Ийм үйл явдал болно гэж төсөөлж байв уу?

-УИХ-ын чуулганы хэлэл­цэх асуудлын жагсаалтад” Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох” тухай ороод ирсэн байсан. Тэгэхээр ээлжит бус чуулганыг зарлах захирамж гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах томилох асуудал өргөн баригдаагүй байлаа л даа. Өргөн баригдаагүй байгаа асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь хууль зөрчсөн асуудал юм гэж үзээд манай намын бүлэг чуулганы нээлтэд оролцоогүй. Нэгэнт сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барьчихсан болохоор бид байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцож өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгөөд явж байна.

Ер нь энэ Засгийн газарт орж ажиллах шаардлагагүй гэж би анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Нэгэнт хамтарна гээд улс төрийн шийдвэр нь гарсан. Ерөнхий сайд, АН-ын дарга нь хүртэл манай намын бүлэг дээр орж ирээд “Хямрал нүүрлэчихлээ. Нэг завин дээр сууж байгаа юм байна. Хамтраад нөхцөл байдлыг давъя” гэдэг асуудлыг тавьсан. Уг асуудал манай намын Бага хурлаар ороод батлагдсан. Гэвч хямралын нөхцөл байдал арилсан гэж бодохгүй байна. Харин ч цаашид улам хүндэрч болзошгүй. Ядаж байхад гантай зун байлаа. Өвөлжилт хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ зогсолтгүй өсөх янзтай. Ийм л үед АН улс төрийн шийдвэрээ гаргаж, МАН-ын сайд нарыг засгаасаа гаргаж байгаа юм байна. Тэгэхээр тэр их нялуун үгтэй захидал бичээд хадаг барьж гүйгээд байсан нь бүгд худлаа байжээ гэдэг нь эндээс харагдаж байна.

-Ардын нам засагт хамтарчихаад гэрээгээ биелүүлээгүй гэж АН дүгнэсэн?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж байх үед чуулганы хуралдааны үеэр миний бие “Засгийн газарт орлоо гээд амаа үдүүлэхгүй. Буруугийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Хэлдэг үгээ хэлж байна шүү” гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд ч хэлсээр ирсэн. Сая(өчигдөр) байнгын хороон дээр “Ардын нам Хөдөлмөрийн сайдаа тавьчихаад Хөдөлмөрийн хуулиа шүүмжлээд байсан” гэх юм. Хөдөлмөрийн хууль бол улс төрийн асуудал биш. Тиймээс тэр хуулин дээр юу нь буруу байна гэдгийг бид шүүмжилж хэлж байх ёстой. Муу нөхцөл байдлаа ярихаас өөр замгүй шүү дээ. Яалт ч үгүй хоол хүнсний үнэ өсчихөж. Ингээд ирэхээр ард иргэд “Яагаад вэ” гэж асуух нь мэдээж. Ямар алдаанаас болсныг нь хэлэхээс яахав. Цаашдаа ч хэлэх зарчим руу явна даа.

-Таныхаар Ардын нам засгаас гарч байгаа нь хэр зөв алхам бэ?

-Бид гараагүй. Биднийг гаргаж байна. Нэгэнт эрх баригчид ийм улс төрийн шийдвэр гаргачихаж байгаа болохоор бидэнд сонголт гээд байх юм алга. Хамгийн их харамсч байгаа зүйл нь 73 гишүүний дэмжлэгтэй Засгийн газар байсан бол одоо 40 гаруйхан гишүүний дэмжлэгтэй Засгийн газар үлдэж байна л даа.

-Төр засаг тогтворгүй байх нь улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд халтай гэж судлаачид тайлбарлаж байна. Хамтарсан Засгийн газрын хувьд наймхан сарын настай байжээ. Тэгвэл дараагийн Засгийн газрын хувь заяаг Ардын нам хэрхэн төсөөлж байгаа бол?

-Засаг төр тогтворгүй байх нь ард түмэндээ, улс орондоо хохиролтой гэдгийг бид өнгөрсөн гурван жилд харсан. Саяын Засгийн газар хамгийн тогтвортой байх боломжтой байсан. Ер нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, эрх барьж байгаа АН доторх эв түнжингүй байдал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа хамгийн том жишээ нь Таван толгой. Хаврын чуулганы туршид муур хулгана болж гүйлдсэн. Нэг нь өргөн барина гээд л нөгөө нь авахгүй гээд л. Тэгээд өргөн барьсныхаа дараа ажлын хэсэг байгуулаад хууль зөрчсөн үйлдэл хийсэн. Харамсалтай нь энэ хугацаанд ОХУ-д асар том нүүрсний уурхай ашиглалтад ороод Хятад руу нийлүүлээд эхэлчихлээ. Эрх барьж байгаа АН доторх эрх ашгийн зөрчил улс орны эдийн засгийг туйлдуулж байна.

-Өнгөрсөн хугацаанд танай намын зургаан сайд хэрхэн ажилласан гэж бодож байна?

-Миний хувьд тэднийг сайн ажилласан гэж хэлнэ. Чинзоригийн хувьд Хөдөлмөрийн сайд байхдаа Хөдөлмөрийн тухай хууль болон томоохон хууль тогтоомжуудаа УИХ-д өргөн барьчихсан. Салбартаа олон жил ажилласан хүн байсан. Харин дараагийн томилогдох сайд нь томоохон хуулиудаа батлуулж чадах эсэх асар эргэлзээтэй. Мөн Д.Цогтбаатарын хувьд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгож, салбартаа тулгамдсан хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх чиглэл дээр тодорхой үр бүтээлтэй алхмууд хийсэн. Ж.Эрдэнэбат маань хямд үнэ өртөгтэй хөрөнгийн эх үүсвэр босгож ирээд энэ хавар цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан Сангийн яам­ны асуудлыг тухай бүрт нь шийдээд явж байсан. Мөн Шадар сайд байна. Энэ хавар салбараа хариуцсан үйл ажиллагааг идэвхтэй сайн явуулсан гэж дүгнэх байна даа.

-Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг явуулахгүй гэж мэдэгдэж байсан болохоор танай сайд нар тийм ч амархан огцорчихно гэж бодоогүй байх…

-Манай Ерөнхий сайд чинь байн байн цоглог үг хэлээд маргааш нь ам руугаа алгадуулаад явдаг шүү дээ. Яг л тэгж харагдаж байна. Таван толгойн талаар ямар гоё үг хэллээ. Маргааш нь ам руугаа алгадуулсан. Засгийн газрын гишүүдээ өргөн барихгүй гэж хэлээд өөрөө өргөн бариад явж байна.

-Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Цаашид улс төр хэрхэн өрнөнө гэж харж байгаа вэ. Хашир улстөрчийн бодлыг сонсмоор байна?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хийсэн сонголт руу явж байна. Тодруулбал, 2012 оны яг тэр үе давтагдана. Ардчилсан нам Их хурал дотроосоо сайд нараа томилох зарчмын шийдэл гаргасан гэнэ лээ. Энэ бол буцаад Засгийн газрын 17 гишүүн УИХ дотроосоо тавигдана гэсэн үг. Тэгээд давхар дээлтэй явах нь. УИХ-ын дөрөвний нэг нь Засгийн газрын гишүүн болоод хувирчихаж байгаа юм. Ингээд УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг хянаж чадахгүй. Яг л 2012 оны үйл явдал бий болно. Хэлж анхааруулах ёстой зүйл бол 2012 онд Н.Алтанхуяг 17 хувийн өсөлттэй боломжийн эдийн засаг хүлээж авсан. Улс төрийн нөхцөл байдал улам тогтворгүй болно гэдгийг дүгнэж хэлмээр байна. Хүнээр ярих юм бол Ч.Сайханбилэг ерөнхий сайд өрөөсөн хөлөө хөрөөдөөд сууж байна гэсэн үг.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд батлагдсанаар эдийн засгийг хүнд байдлаас гаргах болов уу?

-Ээлжит бус чуулган гэдэг бол цаг тулчихсан, зайлшгүй түргэн шийдэх ёстой асуудлуудаа хэлэлцдэг зүйл. Гэтэл яаралтай шийдвэрлэх ёстой асуудлын жагсаалтад Галт зэвсгийн тухай хууль байх юм. Яахав энэ хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ээлжит бус чуулганы хэмжээнд хэлэлцэх асуудал мөн үү. Манай улсад тэгтлээ галт зэвсгийн асуудал хүндэрчихээд байна уу. Эрүүгийн болон зөрчлийн хууль гээд асар чухал хуулиуд байдаг. Монгол хүний эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж байгаа хуулиуд шүү дээ. Гэтэл ээлжит бусаар хуралдаад, процессын хууль нь байхгүй ингэж оруулж ирж байна. Үлдсэн асуудал нь гэвэл нөгөө цагаан захтнуудыг өршөөх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Өршөөлийн тухай хууль гэсэн хуулийг оруулчихаж байгаа юм. Манай эдийн засаг хүнд байна. Нөгөө хаваржин мөнгө олно гэж ярьсан Таван толгойгоо яаралтай оруулж ирж ээлжит бусаар хэлэлцэх ёстой байлаа. Тэгэхээр эдийн засагт авах арга хэмжээний хуулиудаа яаралтай хэлэлцэх ёстой. Үнэн хэрэгтээ бол ээлжит бус чуулганыг зарласан шалтгаан Засгийн газрын гишүүдийг чөлөөлж, томилох асуудалтай холбоотой. МАН-ынхныг өнгөрсөн чуулганы 60 гаруй хувьд нь сандал ширээний асуудал ярилаа гээд АН-ынхан хүртэл шүүмжлээд байдаг. Харин энэ ээлжит бус чуулган жинхэнэ сандал ширээний асуудал ярьж байгаа шүү дээ. Зургаан сайдыг огцруулчихаад араас нь сайд болох гээд үс гэзгээ гельдээд яваад байгаа нөхдүүд байна.

-Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байгаа. УИХ-ын хүний эрхийн дэд хорооны даргын хувьд энэ хууль батлагдвал ямар үр дүн хүлээж байна вэ?

-Өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж үзэж байгаа. Энэ хууль батлагдвал ял эдэлж байгаа 2400 гаруй хүний асуудал хөндөгдөнө. Харин уг хуулийг гаргахдаа өмнө үзүүлдэг байсан өршөөлөөсөө хамрах хүрээг нь өргөсгөж гаргах вий гэсэн болгоомж байна. Уг хуулиар далимдуулаад эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн, авлига хээль хахуульд орооцолдсон хүмүүсийн асуудал өршөөгдөж гарах вий гэсэн болгоомж ч байгаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдвал нуугдмал хөрөнгүүд ил болж, эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа…

-Аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгөтэй асуудлуудыг бид дэмжиж байгаа. Үүгээр далимдуулаад эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн, авлига авсан хүмүүс өршөөгдөөд гарчих хаалга, үүд яваад байна. Зарчмын хувьд аваад үзэх юм бол төр хариуцлагатай байх ёстой гэж ярьдаг. Тэгчихээд хариуцлагагүй байдлыг өдөөн дэврээсэн хуулийг ээлжит бус чуулган зарлаж яаран сандран хэлэлцэх нь буруу юм. Тиймээс бид энэ хэсэг дээр эсэргүүцээд байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

”Богино хугацааны олон удаагийн виз” олголт өнөөдрөөс эхэлнэ

2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш. Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэдэд “Богино хугацааны олон удаагийн виз” олгох болсон тухай мэдээлэл хийсэн билээ.

Үүний дагуу Япон улсын Засгийн газар “Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх” бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд өнөөдрөөс Монгол улс дахь Японы Элчин Сайдын Яаманд “Богино хугацааны олон удаагийн виз” олгож эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд нөгөөдөр тангараг өргөнө

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ирэх баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан “Оюутан цэрэг”-үүдээ эргэх юм байна.

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан юм. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас эхэлсэн бол энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөснөөр өндөрлөх юм байна. “Оюутан цэрэг”-үүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд төгсөгчид Төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэсэн байдаг. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгджээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Д.Содномзундуйн хөшөө сүндэрлэлээ

Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, МҮОХ-ны гишүүн Д.Содномзундуйн хөшөө Хандгайт дахь Монголын Үндэсний сагсан бөмбөгийн Олимп Цогцолборт сүндэрлэлээ.

Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд түүний гэр бүл, түүнтэй хамт Монголд сагсан бөмбөгийн спортын тулгын чулууг тавилцсан үе үеийн ахмадууд, түүний найз нөхөд, шавь нар болон одоо цагийн шилдэг тоглогчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ хөшөө нь Монголын сагсан бөмбөгчдийн хувьд анхны түүхэн үйл явдал болж байгаа бөгөөд цаашид ч олон олон шилдэг тамирчид, зүтгэлтнүүд төрөн гарахыг бэлгэдэж байгаа юм.