Categories
мэдээ цаг-үе

Баруунтаах нутгууд баахан жаргалтай

Баянхонгороос Бөмбөгөр сум, Байдрагийн гол, Бууцагаан сум хүртэл зам нэлээд бартаатай, олон салаа. Харин Говь-Алтайн Дэлгэрт ирэхэд шив шинэхэн засмал зам угтав. Алтай хүртэл үргэлжлэх уг зам урамтай. Арвайхээрийг өнгөрөөд зөрөх машины тоо багассаар Дэлгэрийн талд ганц хоёрхон л том машин зөрж өнгөрөв. Баарангийн даваагаар даваад газрын зурагт Ямбатын тал хэмээн тэмдэглэгдсэн газраар давхилаа. Тал гэхээр ойлгомжтой. Уулс газрын хаяанд харагдаад л байна, ер ойртохгүй. Салхи нэг л хэмнэлээр эцэс төгсгөлгүй урсана. Ээвийн буудлын хойхно гурван майхнаа зооцгоов. Ээвийн гүүр эвдэрсэн учир эргэн тойронд нь элдэв зам гарчээ. Борооны үед энд тэнд ачааны том машин шаварт сууж нааш цааш холхиж зам гаргажээ гэдгийг хатсан шавар шавхай илтгэнэ. Шаргын говь, Хүрэнгийн талыг нар дээр хөөрөхөөс өмнө туулъя гэцгээсээр хөдөллөө. Манай машины нумны нэгдүгээр өнгө нь хугарч бид цуваанаасаа хоцорчихов. Говийн тэр нам гүмд хэчнээн ч цаг саатав. Машин тэрэг бараг явахгүй. Хааяадаа л жижиг тэрэг, жийп өнгөрч харагдана. Утасны сүлжээ ч үгүй, сэлбэг байхгүй учир бид яах вэ. Манай аавын хувьд насаараа зам, гүүрийн барилгын салбарт ажиллаж, Монголын өнцөг булан бүрт хүрсэн замын мэргэжилтэй учир хээр хөдөө машин тэрэг эвдэрвэл өөртөө л найдаж, байгаа, гар доорх зүйлсээ ашиглан монголчлоод машинаа хөдөлгөдөг жолооч. Замын хажуугаар явж дугуйны олгой хаймар, тросс, төмөр утас хайв. Говийн олон салаа замын хажууд шатаад буудсан дугуйны өөдөс, хугарсан нумны хэлтэрхийнээс өөр зүйл таарахгүй. Данхраадныхаа доор ивчих алгын чинээ бадриухан чулуу олдсонгүй. Харин хонин гүрвэл л усанд сэлэх загас мэт хөл дор мэлс мэлсхийн өнгөрнө. Тэгж байтал зам ангийн индүү, бас бус юм тээвэрлэсэн ачааны хоёр машинд гар өргөж тусламж гуйв. Залуухан хоёр жолооч бууж ирээд өөрсдийн троссноос тасалж, олгой хаймарнаасаа хайчилж, төмөр утас илүүчиллээ. Тээврийн тэрэгний жолооч нарт байх л “сэлбэг”. Хүйсийн өргөн уудам говь, Дарви, Зэрэг сумаар өнөө л монголчилсон нумтайгаа явсаар Ховд хүрчихэв.

Маргааш нь техникийн захаас микроавтобусны нэгдүгээр өнгө авчраад тавьсан нь бараг л таарав. Ингээд аяллаа үргэлжлүүллээ. Буянт голд орж сэлцгээе гэтэл үертэй. Ховд хотынхны хувьд Буянт голын эрэг бол зуных нь гол зуслан. Голын хоёр талаар дүүрэн айлууд. Хүүхэд багачууд нь нүцгэн гүйлдэж, настайчууд нь гэрийнхээ гадна сууцгаана. Эрдэнэбүрэн сумын нутгаар явж Хашаатын даваан дээр ирвэл нутгийн улсуудтай таарав. Тэд Алтанцөгц сумын 90 жилийн ойн баяр наадамд оролцохоор Эрдэнэтээс хөдөлсөн нь энэ. Ингээд цуваандаа нийт таван машинтай болчихлоо. Салхитын гармаар гарч Алтанцөгц сумын нутагт хөл тавив. Алтанцөгц нуурын дэргэд аавын маань дүү Баяг ах, эхнэр, хүүгийнхээ хамт биднийг мөнгөн аягатай сүү, хадагтай угтав. Ховдоос хөдөлсөн гэдгийг дуулаад л өдрөөс хойш энд хүлээжээ. Олон жил уулзалдаагүй ахан дүүс учран золгохын жаргал эдэлж бүгд л нүдэндээ баярын нулимс цийлгэнүүлэн тэврэлдлээ. Аавын маань ах нутагтаа ирээгүй 40 жил болсон бол дүү нь 26 жилийн өмнө л нутгаасаа гараад өнөөдөр ийн ирж байна. Нутгаа зүүдлэн, ахан дүүсээ санан санасаар золгож байгаа хүмүүсийн жаргал ийм. Тэд багадаа тоглодог байсан газруудаа ярилцана. Хөх сайраар ингэж давхиад, Хоёр мөсөнд тэднийд очдог байлаа. Хасаг зээрдээрээ энэ хөндийгөөр ч мундаг давхидаг байлаа гэцгээн хорь, гучин жилийн өмнөх дурсамжаа хөглөнө.

Хөх сайраар гарч Эрэгт голоо гатлаад Дунд хясаанд Баяг ахынд буув. Хоёр охин нь хоол, унд цайгаа хэдийнэ бэлдчихсэн, мөн догдлон хүлээж байж.

Цамбагарав хайрхан нут­гийн­хаа хойморт шөнийн нам гүм дундаас ер бусын амгалан налайна. Цаст уулын түргэн урсгалт Эрэгт голын урсгал энүүхэнд сонсогдож, багадаа мэдэрч байсан байгалийн тэр омголон аязыг хорь гаруй жилийн дараа дахин мэдэрсэндээ туйлын ихээр баярлалаа. Өглөө сэрэнгүүтээ л Цамбагарав хайрханаа харж, дотроо зөндөө их залбирлаа.

Сумын наадам гурван өдөр сайхан болж өнгөрөв. Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа нутгийн уугуул иргэд бүгд шахуу ирцгээжээ. Арван жилийн найзууд уулзан багын явдлаа дурсан инээлдэнэ. Хөх сайр, Эрэгтийн дунд хясаа, Эхэн хясаа, Эрэгт гол, Хоёр мөсөн, Хоёр сайр, Таван бэлчир, Усаарын хүрхрээ, Хоёр толгой, Хүрэмт, Тэхт, Тэхтийн рашаан, Хагт, Булан, Хоогийн булаг, Өндрийн элэг, Цагаан түнгэ гээд өсч төрсөн сумынхаа газар бүрт нь очиж, ахан дүүстэйгээ үлгэрт л гардаг мэт хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй найрлаж “Гурван цастай Богд”-ыгоо дуулцгаав. Хүй цөглөсөн газрууддаа очиж, сүү өргөж, арц уугиулан төрсөн гэрийнхээ бууринд хөрвөөв.

Ээвийн буудлын гуанзнаас эхлээд л цайны аяга томорч, өнгө аагтан шаргал болж ирж байгаа юм. Хотын цайны газруудын том орцтой хоолны тавагтай дүйхүйц л хэмжээтэй аягаар цай аягална. Эхлээд ганц аягыг арайхийн бардаг байсан бол нутагтаа арав хоносны дараа суурин дээрээ тийм аягаар таван аягыг өндийсхийлгүй уучихдаг болсон. Баяг ахын эхнэр Урнаа бэр “Манай аяганууд ер нь том. Үүнээс багахан аяганд хүнд юм хийж өгөхөөр эвгүй байдаг юм” гэсэн билээ. Баян-Өлгийн монголчууд, урианхайчуудын хувьд зочин орж ирвэл аагтай цайгаа өргөн барина. Шимийн архиныхаа дээжийг өрхийн тэргүүн барих хооронд эзэгтэй нь тогоо тавьж мах чанадаг заншилтай. Тэгээд найр сайхан болохын үед уртын дуугаа дуулж, дуу бүхнээ

…Далай ламын адистай

Даяараа хамт жаргая

Найрлан жаргая аа… хэмээн дуулан жаргаадаг билээ. Манай нутаг өөрөөсөө ахмад хүнийг барагтай бол нэрээр нь дуудахгүй. Нэрээр нь дуудлаа гэхэд жишээ нь манай ээжийг аавын дүү нар Должин бэргэн эгч гэцгээнэ. Нагац, авга нараа ихэд хүндэтгэнэ.

Алтанцөгцөөс аймгийн төв рүү ороход Шүүгийн гүүрээр гарч Чидэлийн хөтөл, Хүйтэн хөтөл, Ургамлын хөтөл гэсэн хөтлүүдийг давна. Хатуугийн голоор гарч Бугат сумын нутгаар өнгөрнө.

Өлгийн төв нам гүм. Зуны налгар, амралтын өдрүүд үргэлжилж байгаа учир тийм байх учиртай. Өлгийн хамгийн том дэлгүүр “Цамбагарав” супермаркетад оров. Ер нь аяллын чанартай гааз, скоч, жижиг савлагаатай будаа, гоймон, хиам мэтийн зүйлс гүйлгээтэй байгаа шинжтэй. Эндхийнхэн Орос, Казахстан, Хятадаас бараа бүтээгдэхүүн, хүнсний ихэнх зүйлээ оруулж ирдэг болохоор юмны үнэ хямд санж. Казахстанаас жимс оруулж ирдэг бололтой. Хотод л харагддаггүй ховор чихрүүд элбэг. Хүнсний барааны үнэ хотынхоос дунджаар 50-300 төгрөгөөр хямд. Халуун усанд том хүн орвол 1500 төгрөг. Түлш, шатахууны үнэ Ховд, Увс, Говь-Алтайнхтай ойролцоо ч олдоцтой.

Өлгийн төвд аймгийн дүү нар, ээжийн ахан дүүсийнх гээд арав гаруй айлаар орох ажлыг хоёр өдөрт л нугалав. Ээжийн ойр төрөл болох авга эгч Шагдар нь биднийг хүлээж ядаад рашаанд явах цаг нь тулсан учир Дэлүүн сум руу Шигэртэйн рашаанд явчихаж. Олон жилийн дараа нутагтаа ирж байгаа дүүд маань өгөөрэй гээд шинэхэн оёсон дээл, шар тос, ааруул цагаан идээний дээжээ бэлтгээд явсныг бэр нь ээжид хүндэтгэлтэйгээр бэлэглэв. Нутгаа хэмээн зориод олон жилийн дараа ирсэн биднийг бүгд л сэтгэлээ дэвсэн угтан бэлэг өгцгөөж “Дараа жил дахин ирцгээ” хэмээн захисан билээ. Цагаан сүүний цацлаар дөрөөгөө мялаалгаад Өлгийн “Петровис”-оос машиныхаа банкыг дүүргэж аваад нааш хөдлөв.

Хаш толгойг жолооч бүр л мэднэ. Ховд голын хаяагаарх замаар явна. Гол нэлээд үертэй гүнзгий ногоорон, хүчтэй урсана. Зарим газраа боргио үүсгэх нь үзэсгэлэнтэй. Тавалтайн хавцлаар явж байтал аав “За энэ хайрханд өнөө ховор ан амьтад бүгд бий. Аргаль, янгирын ус руу орж ирдэг зам бий дээ” гэж хэлж дуусаагүй байтал хоёр гурван зуугаад метрийн зайтай зам дээр нэг амьтан хэвтэж харагдана. Машины хурдаа сааруулаад ажлаа. Янгирын төл үнүх. Засмал зам дээгүүр уулнаас бууж ирсэн амьтны турууны мөрөөр орж ирсэн шороо харагдав. Ус уудаг зам нь энэ аж. Үнүх яахав, залхуураад хэвтээгүй нь ойлгомжтой. Гэмтсэн байж таарна гэж бодоод дэргэд нь шахуу очвол өнөөх чинь цочсон ч нэг их үргэсэнгүй. Хэд гурав яваад л эргээд харна. Машин тэрэг, эсвэл шунахай нөхөд таарчихаж магад гэж бодоод уул руу нь үргээлээ.

Ачит нуур өнгөрөөд Увсын Ховд сумын нутгаар явлаа. Энэ зам жолооч нарын урыг шаардана. Гэнэтийн саад, бартаатай олон эргэлт, нугачаатай, ер нь л болгоомж хэрэгтэй. Шивэрийн гол үертэй бол заримдаа тээврийн жолооч нар намдахыг нь хүлээдэг, тийм хүчтэй. Харин биднийг гатлах үед тунгалаг байлаа. Газрын зураг дээр тэмдэглэгдсэн Шаазгай нуур 1980-аад оны үед нэлээд өргөн талбай хамарсан нуур байж. Гэтэл одоо хэмжээ нь багасчээ. Өлгий сумаар орж машины моторын тос, хиам, талх ундаа худалдаж авав. Наранбулаг сумын дундуур гарч шинэхэн хар зам руу орлоо. Энэ зам Хяргас нуурыг дуустал үргэлжилнэ. Сайхан замаар явах сайхан. Хар тэрмисийн амралтын газрын хашаанд машин тэрэг олон байна. Хяргас нуурын хөвөөнөө амрагчид майхан, тэргээ байрлуулжээ. Бид нуур руу гүйн орж хөлөө норгов. Ус нь бүлээхэн, долгио нь түмэн. Нар жаргахын алдад сая майхнаа зоож, шуузалсан махтай гоймонтой шөл хийж идлээ. Тэргэл саран хөөрч, салхи улам ширүүслээ. Майхнаа машинаасаа татаад уячихав. Майхан шөнөжингөө л салхинаа хөвсөлзөж хонолоо. Маргааш өдөр нь нуураас хөдөлж Завхан аймгийн нутагт орж ирлээ. Сонгино сумын томоохон дэлгүүрт нь орвол талх алга. Худалдагч нь “Талх тасарсан. Хотод гурилын үнэ нэмэгдэх гээд байна” гэнэ. Зурагт, радио, сониноос хол байсан бидний хувьд сүүлийн хэд хоногт сонссон сонин мэдээ энэ байв. Түдэвтэй сумын урд, баахан л тарвага хошгирсон дошны ойролцоо буудаллав. Нумны бэхэлгээ нь тасарчихаж. Авга эгч цай чанаж, борцтой цуйван хийлээ. Түдэвтэй сум орж тасарсан сэлбэгээ сурвал аз болж байв. Ийнхүү бөөн баяр болж сэлбэгээ аваад сумын урдхан, айл бараадаад майхнаа босгоод машинаа засч эхлэв. Тэгтэл айлаас нэг хар машин наашиллаа. Ахимаг насны болон гучин хэдтэй хоёр эр ирлээ. “Манайх руу ирж байгаа юм байна” гэж бодоод баярласныг яана. Тэгтэл хол зогсоод майхан бариад эхлэхээр чинь замд яваа улс байна гэж бодлоо” гэцгээнэ. Машины дугуй тайлалцах зуураа нутгийн сонин содноо хуваалцан ойрын жилүүдэд тохиогоогүй сайхан зуншлага болж байна гэлээ. Өглөө очиж цай уугаарай гэж хэлээд тэд харьцгаав.

Тосонцэнгэлд замын ажил ид өрнөж байна. Ер нь бид гол замуудаар явсан болохоор зам ангийн бригад, замын компаниудын баазтай их таарав. Ирэх жилийн намар гэхэд баруун аймгууд бараг хар замтайгаа холбогдчих боломжтой ч эдийн засгийн байдал иймэрхүү байвал 2017 онтой золгож мэднэ. Гэвч нэг харамсалтай зүйл ажиглагдсан нь баруун чиглэлийн замд гадны тэр дундаа хятадын замын компаниуд түлхүү орж ажиллаж байгаа нь харагдав. Манайхан өөрсдийнхөө замыг бариулахдаа дотоодын компаниудынхаа өмнө давж гарахгүй өндөр шаардлага, нөхцөл тавьдаг. Түүнд нь үндэсний компаниуд бүдэр­чихнэ. Ингэхээр гадны техник, хүчин чадал сайтай компаниуд бут цохиод л ороод ирдэг.

Солонготын даваан дээр үдлэв. Гуанзны хашаан дахь сүүдрэвчинд суулаа. Томоо гэгчийн халуун савтай цай. Хүн бүр л дөрөв, таван аяга цай ууж, цуйван идэв. Том тавагтай цуйван 5000 төгрөгийн үнэтэй.

Архангайн төв Цэцэрлэгийн Нийтийн захаас хонины нэг гуяыг 17 мянган төгрөгөөр авав. Үхрийн мах 5500 төгрөгийн үнэтэй. Цэнхэрийн халуун рашаанд очоод ил гал дээр мах шарж идэхээр зэхэж байгаа маань энэ л дээ.

Цэнхэр сумын нутагт, найзынхаа хүргэн ах Баяраа­гийнд очив. Хорь гаруй хоног бороо орж өчигдрөөс л тэнгэр онгойж байна гэнэ. “Малчин”-гийн шар хөргөгчнөөс эхлүүлээд гаднаа ачааны тэрэгтэй, сааль сүүний ажил ихтэй, нутагтаа ажилтайгаараа магтагдсан залуу малчин айл л даа. Аарцаа хурааж байгаа гэнэ. Намар аарц үнэд орохоор төв оруулна даа гэцгээнэ. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Амьдрал сайхан байна, бүх юм болж байна гэж ярьцгаадаг. Баруун аймаг тийш явах тусам амьжиргааны нөхцөл байдал жаахан доошилж байгаа нь орсон малчин айлуудаас анзаарагдана. Зуны аагим халуунаар өглөөхөн гаргасан малын махыг хөргөгчинд хийхгүй бол орой тийш юу болдог билээ. Үнэр танар оруулчихгүй гээд аргалаар утаж, өлгөдөг. Ингэж махаа нөөцөлдөг аргыг баруун аймгуудын малчин өрх бүр хэрэглэсээр л байна. Харин нааш, төв рүүгээ ойртох тусам малчдын амьдралын нөхцөл байдал илүү тохь тухтай болж, гэрээрээ дүүрэн цахилгаан хэрэгсэлтэй нь анзаарагдах. Цэнхэрийн рашаанд нэг хонож, халуун рашааны ваннд нь орчихоод Улаанбаатар руу хөдөллөө. Замаараа Эрдэнэзуугаар орж гол дуганд хурж байсан хурал номыг даган баясч амжив. Ийнхүү Монголын баахан жаргалтай баруунтаах аймаг, сумдаа тойрч 5200 орчим километр замыг хорь гаруй хоног туулсан тойрон аяллаа тоймолбол ийм буй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

М.Баярмаа: Сайхан адуу харахаар сэтгэл сэргэдэг

Даншгийн үеэр жороо морь, үндэсний хувцас, гоо үзэсгэлэнгээрээ наадамчин олны нүд, сэтгэлийг баясгаж, олон нийтийн сүлжээнд “гол баатар” болсон М.Баярмаа бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.

-Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлье. Морь унаж байгааг тань харахад хэзээний адуучин аятай харагдаж байсан. Тэгэхээр багаасаа морь малын дэргэд өссөн бололтой, тийм үү?

-Тийм ээ, би Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол суманд хүүхэд насаа үдсэн. Аав, ээж маань багш хүмүүс. Гэхдээ манайх өвөг дээдсийн өвлөж үлдээсэн хурдан удмын адуутай айл болохоор бид багаасаа л адуундаа явах, гүүгээ саах гээд хөдөөгийн хүмүүсийн хийдэг бүх л ажлыг хийж өссөн. Аав маань аймгийн алдарт уяач н.Мижиддорж гэж хүн байдаг. Авга ах маань бас Монгол Улсын алдарт уяач. Тийм болохоор наадамд морьдоо сойж, дүү нар маань унадаг байлаа. Миний хувьд том биетэй хүүхэд байсан болохоор уралдааны морь цөөхөн удаа унасан. Гэхдээ байнга л морь унадаг охин байлаа.

-Морь унаад давхихаар яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тэр чинь л хамгийн гоё доо (инээв). Сэлэнгэ нутгийн олонхи гэр бүлийн нэгэн адил манайх газар тариалан эрхэлдэг. Тариан талбайгаа сүйтгүүлчихгүйн тулд хүний, өөрийн адуу мал орохоос хамгаалж, морьтойгоо эргүүл хийж, тойроод давхидаг байлаа.

Тэр үед өөрийн эрхгүй л “Адуучин би жаргаж явна” гэсэн дууны үг санаанд орж ирээд аялчихдаг, нэг л тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг. Сайхан адуу харахаар самсаа шархирна, сэтгэл сэргэнэ, ер нь “дурлачихдаг” гэж хэлж болно доо.

-Даншиг наадамд оролцоход тань юу нөлөөлсөн бэ, хэн нэгэн санал болгосон уу, эсвэл өөрөө шийдэв үү?

-“Монголын жороо морины уралдаан” төрийн бус байгууллага хориод жилийн өмнөөс наадмын сүүлийн өдөр жороо морины тойргийн уралдаан зохион байгуулдаг болсон. Миний хувьд энэ жил анх удаа оролцлоо. Моринд хорхойтой болохоороо л оролцъё гэж шийдсэн. Түүнээс хэн нэгний ятгалгаар орсон зүйл байхгүй.

-Жороо морь, дотроо бас олон янзын явдал байдаг уу. Та хэр сайн мэдэх бол?

-Тийм ээ, жороо морийг явдлаар нь уран, усан, тэлмэн гэж гурав хуваадаг. Мөн төрөлхийн болон олдмол ч гэж хуваадаг. Жороо явдал нь өвөг дээдсийн үеэс адуу унаж эдлэх соёл маллагааны үр дүнд бий болсон гэж үздэг юм билээ. Сайн жороо моринд эмээл хазаараас гадна эзэн нь гологддог гэсэн үг ч бий.

-Таны зургийг олон нийтэд анхлан дэлгэсэн хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт. Тэр бас ирэх жилийн даншгаар жороо морины уралдаанд бүсгүй хүн түрүүлбэл 50 сая төгрөгөөр байлна гэдгээ зарласан. Үүнийг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. Таны хувьд?

-М.Зоригт гишүүн бол сошиал ертөнцөд хамгийн нээлттэй, бас постолдог зургуудыг нь харахад монгол ахуй соёлыг хадгалж авч үлдэх, залуучуудад уламжлуулах чин сэтгэлтэй хүн шиг санагддаг. Тэр утгаараа л миний зургийг авч постолсон байх, үүгээр дамжуулаад тэрхүү агшинг минь гэрэл зурагт мөнхөлж, түмэнд түгээсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Тавин сая төгрөгийн шагналын тухайд би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээр ирэх жил илүү олон хүн, түүний дотор бүсгүйчүүд үндэснийхээ дээл хувцсаар гоёж, сайхан морь унаад энэ наадамд оролцох байх гэж найдаж байна. Аль болох олуулаа сайхан монгол дээл, хувцсаа өмсөөд, морио унаад явбал гоё шүү дээ. Тавин сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Үүнийг авахын тулд залуус маань хөдөлмөрлөнө. Морь унаж чаддаггүй хүн хүртэл морь унаж, адуу эдлэх соёлд суралцахыг үгүйсгэх аргагүй. Бас үндэсний хувцсаа өмсөнө гэдэг өв соёлоо тээх нэг хэлбэр. Тэгэхээр ийм сэдэл төрүүлж байгаагаараа М.Зоригт гишүүний энэ шийдвэр ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Та оролцох уу?

-Оролцоно гэж бодож байгаа.

-Тэгвэл нэлээд олон бас хүчтэй өрсөлдөгчидтэй болох нь ээ дээ…

-Тийм ээ, тэр тусмаа сонирхолтой шүү дээ. Энэ дашрамд залуучууддаа хандаж хэлэхэд, жилд ядаж хоёрхон удаа, цагаан сар болон наадмаар үндэснийхээ хувцсаар гоёж байя гэж уриалахыг хүсч байна.

Миний эмээ маш уран бас ажилсаг хүн байсан. Тиймдээ ч жил бүр цагаан сараар бидэнд шинэ дээл оёж өгдөг байлаа. Дөрөвдүгээр ангид сурч байсан жилээ би цагаан сарын дараа хааяа хичээлдээ дээл өмсч явдаг байсан. Тэр үеийн зураг ч байдаг.

-Та өөрөө үйлэнд хэр вэ?

-Би эмээгийнхээ дэргэд өссөн, дээл оёход нь дандаа тусалдаг байсан болохоор гадарлана аа. Эмээгийн маань хөдөлмөрч хичээнгүй чанар үр хүүхэд бидэнд нөлөөлж, ажил үйлээр хэнээс ч дутахгүй хүн болж өссөн гэж боддог.

-Адуучин охин хэзээнээс хотын хүн болов?

-1999 онд оюутан болоод хотод суурьшиж үлдсэн. Гэхдээ жил бүр нутагтаа очиж наадамладаг. Бид ерөнхийдөө хотжиж, монгол ахуйгаасаа нэлээд холдож байна. Үүнд сэтгэл эмзэглэж явдаг хүний хувьд хүүхдүүдээ аль болох хөдөө авч очиж, ахуй, соёлтойгоо танилцуулж байхыг эрмэлздэг дээ. Малын дэргэд өссөн хүүхэд морь унаж, борви бохисхийлгүй ажилладаг болохоор булчин шөрмөс нь чангардаг. Энэ нь хүүхдийн өсөлт бойжилтод эергээр нөлөөлдөг л дөө.

-Тэгэхээр “Даншгийн мисс” маань гэр бүлтэй байх нь ээ…

-Тийм ээ, би гэрлэсэн.

-Орчин үед санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнээс “од” төрдөг болчихсон. Таны хувьд даншиг наадамд оролцож жороо морь унаснаараа энэ талбараас төрсөн бас нэгэн “од” боллоо. Сэтгэгдэл бичсэн хүмүүс 100 хувь өөрийг тань дэмжиж, сайшаасан байсан. Найзын хүсэлтэд дарагдсан л байх, тийм үү?

-Тийм ээ, таних, танихгүй маш олон хүн найзын хүсэлт илгээж, зургийг маань постолж, бас шэйрлэн, урмын үг харамгүй хайрлаж байна. Хүмүүсээс маш их бахархаж, хүндэтгэсэн хандлагыг мэдэрч байгаа. Сумын наадамд бол бүсгүйчүүд морь унах нь байдаг л зүйл. Харин хот газар энэ нь ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч байгаа байх л даа. Ямар ч байсан ийм олон хүний бахархлыг сэргээж, дараа жилийн наадмаар ингэж гоёх юм шүү гэсэн сэдэл төрүүлж байгаадаа би бас баяртай байгаа.

-Адуучин бүсгүйтэй уулзсаных олон нийтийн дунд маргаан үүсгэдэг нэг асуудлаар саналыг тань сонсмоор байна. Бага насны хүүхдээр морь унуулах, мөн хүйтний улиралд морь уралдуулахад шүүмжлэлтэй ханддаг хүмүүс цөөнгүй бий. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Энэ бол хоёр талтай асуудал. Нэг талаас ярих нь өрөөсгөл болно. Би багадаа байнга морь унадаг байсан гэдгийг түрүүн хэлсэн. Миний зулай дээр гишгэж төрсөн дүү тавхан настайдаа улсын наадамд оролцоод түрүүлж байлаа. Бид долоо хоногийн турш адуугаа туугаад улсын нийслэлд ирж байсан. Эргээд бодоход маш дурсамжтай санагддаг.

Нөгөөтэйгүүр, аливаа зүйлд эрсдэл заавал байдаг, унаж бэртэх аюул байна. Өвлийн морин уралдааны тухайд өнтэй жил бол зохион байгуулахад болохгүй зүйлгүй, зудтай жил хэцүү байх болов уу даа.

М.Мөнхцэцэг

Э.Ирэхбаяр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лакшми: Гадаадаас хэчнээн мөнгө босгоод дотооддоо үүссэн хүндрэлийг шийдэж чадахгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилнэ гэсэн байр суурьтай та санал нийлэх үү?

-Эдийн засгийн нөхцөл байдал таагүй хэвээр байгаа. Эдийн засгийн орчин муудсан, гадаад орчин муудсан гэх мэт хоёр гурван шалтгаан бий. Эхний хагас жилийн байдлаар ДНБ-ий өсөлт 4.4 хувьтай гарсан. Оны эхээр нэлээд хэдэн байгууллагын дэвшүүлсэн таамгаар бол энэ жилийн ДНБ-ий өсөлт 3-5 хувь байх зураг гарсан байдаг. Ойрол­цоогоор дөрвөн хувьтай байх болов уу. Зуны хувьд жуулчлалын гол үе. Аялал жуулчлал эдийн засагт бага ч гэсэн эерэг нөлөө үзүүлэх ч өсөлт сая хэлсэн тоон дээр л хэлбэлзэх байх.

-Засгийн газар гаднаас бонд хэлбэрээр мөнгө оруулж ирэх талд анхаарч тодор­хой шийдвэрүүд гар­­гаад байна. Нэг талаас өрийн хязгаар хэтэрлээ гэсэн шүүмжлэл нөгөө талаас ингэхээс аргагүй гэх тайлбар бий…?

-Бонд нэг талаас өр л дөө. Өрийг өрөөр дарж байна гэсэн үг. Цаг хожих гэх мэт богино хугацааны төлөвлөгөө боловсруулаад яваад байх шиг. Бид гадаад зах зээлээс хэчнээн их мөнгө босгосон ч дотооддоо үүсээд буй хүндрэлийг тодорхой хөтөл­бөр хэрэгжүүлэхгүйгээр шийдэж чадахгүй. Төсвийн сахилга бат ч юм уу, тодорхой төлөвлөгөөнүүд хэрэгжүүлэх шаардлагатай.

-Яг ямар хөтөлбөр хэрэг­жүүлбэл эдийн засагт нэмэр­тэй вэ, тодорхой санал байна уу?

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд сардаа багтаагаад татвар, нийгмийн даатгал гээд бүх зүйлээ төлдөг. Хэрвээ цаг хугацаанд нь төлж чадахгүй бол өр үүсээд татварын бай­цаагч нь данс хаах эрхтэй байдаг. Компаниудын хувьд мөнгөгүй болоод л татвар хураамжаа төлж чадахгүй аргагүйддэг. Дансыг нь хаалаа гээд байхгүй мөнгийг хаанаас гаргаж төлөх билээ. Данс хаана гэдэг нь гаднаас орж ирсэн мөнгийг шууд суутгаж авна гэсэн үг. Гэтэл хэцүү байдалд орсон компанид хийхээр төлөвлөсөн зүйл байж таарна. Дансыг нь хаавал үйл ажиллагаа нь хүндэрнэ.

-Зах зээл хөгжсөн орнуу­дад татварын байцаагч нартаа данс хаах эрх өгдөг жишиг байна уу?

-Шүүхээр тогтоож шийдвэр гаргадаг болохоос татварын байцаагчдаа ийм эрх өгдөг жишиг байхгүй.

-Эдийн засаг хэцүүдсэн учраас татвар бууруулах ёстой гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Татвар буурууллаа гээд хэцүү нөхцөл байдлаас гарч чадахгүй. Манайх боломжтой татвартай орнуудын нэгд багтдаг. Татвар буурууллаа гээд компаниудын үйл ажиллагаа сэргэхгүй. Яам, агентлагуудын уялдаа холбоог сайжруулах тал дээр эрчимтэй ажил хиймээр байна. Яам, агентлагуудын хооронд бүү хэл яаман дотроо хамтарч ажиллаж чадахгүй байна л даа. Сайд нь нэг намынх, дэд сайд нь нөгөө намынх гэх мэтээр засаглалтай холбоотой асуудал эдийн засгийн хүнд байдалд нэрмээс болж байгаа. Эдийн засаг хүндэрсэн ийм үед гадаад шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалтад тушаа болж байгаа, олон жил яригдаад шийдэлд хүрээгүй зүйл бол тогтворгүй байдал. Татвараа өөрчилнө гэдэг бас л нэг ойлгомжгүй байдал. Эдийн засаг сайжрахаар татвараа буцаагаад нэмэх үү. Сая зургаан сайдыг огцрууллаа. Мөн л буруу шийдэл. Шинэ сайд томилогдоно, баг нь өөрчлөгдөнө, бүх төсөл хөтөлбөрт тушаа үүсгэнэ. Зөвхөн бизнесийнхэн, үйл ажиллагаа явуулж буй газ­руудад биш, Монголд хэрэгжиж байгаа бүх улсын хөтөлбөрт нөлөөлнө.

-Төсөл хөтөлбөрт сөр­гөөр нөлөөлнө гэдэг дээр тодорхой жишээ хэлээч?

-Олон улсын хөтөлбөрүү­дийг 2008-2012 он хүртэл Үндэсний хөгжлийн шинэт­гэлийн хороо хариуцаж байсан. 2012 оны сонгуулийн дараа Эдийн засгийн хөгж­лийн яам хариуцсан. Энэ яам татан буугдангуут олон улсын хөтөлбөрүүд Аж үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам зэрэгт хамаарах болсон. Олон улсын байгууллагуудын хувьд гээд харахад л сүүлийн зургаан жилд гурав, дөрвөн байгууллагатай хамтар­сан байх жишээний. Олон улсын санхүүгийн корпораци гэхэд мэргэжлийн хяналтыг чадавхижуулж бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. 2009 оноос хөтөл­бөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын дарга долоон удаа солигдсон гэдэг байх шүү. Дарга нь солигдонгуут хэлтсийн дарга нар нь солигддог. Сургасан хүмүүс нь ажлаасаа гарчихаар хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.

-Эдийн засаг таагүй үед төсөв дээр ямар бодлого барих ёстой вэ?

-Эдийн засаг сайн байх үед тэр хэмжээгээр төсвөө тэлээд явчихсан тал бий. Төсвийн алдагдал өсч байгаа. Ирэх жилээс төсвийн сахилга батыг нэлээд сайжруулах хэрэгтэй. Төсвөө дандаа тэлэх нь буруу бодлого.

-Төсвийн зардал танана гэхээр халамжаа танах гээд байдаг нь буруу гэж ярьдаг. Ер нь төсвөөс таначихаар зардал гэвэл юуг онцлох вэ?

-Бид сүүлийн жилүүдэд маш их хэмжээний халамж өгөөд хүмүүсээ дасгачихлаа л даа. Гэр бүл болсны 500 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 гэх мэтээр өчнөөн мөнгө тараасан. Одоо өгч байгаа хүүхдийн мөнгөний хувьд байж болох юм. Манай улс нийгмийн даатгалын салбартаа өөрчлөлт хийж чадаагүй. Албан бус секторт байгаа хүмүүс нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа. Уг нь албан бус эдийн засаг 60, 70 хувийг эзэлдэг. Нийгмийн даатгалд төлж байгаа татвар, шимтгэл хүн бүрт яг адилхан хэмжээ, хувьтай байдаг. Үүн дээр өөрчлөлт хийж, хүн амын бодлоготой нь уяж өгвөл илүү зөв болов уу. Зарим орныг харахад тус бүрдээ хоёр сая төгрөгийн орлоготой хоёр өрх байлаа гэхэд хүүхдийнх нь тооноос хамаараад ялгаатай шимтгэл, татвар авдаг. Олон хүүхэдтэйгээс нь арай бага хувийг авах жишээтэй. Шууд халамж өгснөөс энэ маягаар шууд бус байдлаар хөнгөлөлт урамшуулалд хамруулбал илүү өгөөжтэй бодлого болно. Энэ мэт уян хатан загварчлалууд гаргавал зүгээр байх.

-Энэ жил Японтой хийсэн эдийн засгийн түншлэлийн гэрээ эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж ярьж байгаа. Хэлэлцээрээс шууд өгөөж хүртэж эхлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Дутагдалтай зүйлс бий. Японы стандартыг Монголд нэвтрүүлэх шаардлага байгаа. Засгийн газрын тогтоол гар­гаж баталгаажуулах хэрэг­тэй. Гааль дээр зарим бүтээг­дэхүүний тарифыг бууруулах гэх мэт ажлуудаа хийж өгөхгүй байна л даа.

-Европ руу 7000 гаруй барааг татваргүй гар­гах эрхтэй ч энэ тив рүү экспортолдог бараа ноолуу­раас хэтрэхгүй байгаа. Шалтгаан нь юунд байна?

-Төр засгаас сайн гэрээ, хэлэлцээр хийсэн ч европ стандарт гэж яг юу юм, яаж гадаад руу экспортлох юм гээд нарийн зүйл сонирхохоор монгол хэл дээр ямар ч мэдээлэл байдаггүй. Салбарынх нь яаман дээр зөвлөгөө өгдөг жижиг нэгж ажилладаггүй юм гэхэд тусад нь сайт гаргачихмаар санагддаг. Японтой хийсэн хэлэлцээрийн хувьд ч гэсэн энэ тал дээр нь анхаарах хэрэгтэй. Тэгж байж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

-Найдлага тавьж байгаа өөр нэг шийдвэр бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Өчнөөн мөнгө эдийн засагт ил гарч ирнэ гэж байгаа. Бодитой, мэд­рэг­­дэхүйц үр дүн гарах уу?

-Гадаадад гаргасан мөнгөө буцааж авчирна гэж яриад байгаа. Энэ хууль бизнес эрхлэгчдийн талаас маш их хүлээлттэй байсан. Татварын өртэй компаниудын хувьд өршөөгдөөд явчихна гэх мэт хүлээлт байсан. Тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ.

-Ам.долларын ханш яах бол, танайхаас 2000 төгрөг хүрнэ гэсэн таамаг гаргаж байсан байх аа?

-Тиймээ, манайхаас түрүү жил 2000 төгрөг хүрнэ гэсэн таамаг гаргаж байсан. Өнөөдөр 2000 руу дөхчихсөн. Ирэх саруудад өсч таарна. Ямар ч байсан 2000 хүрэх нь тодорхой байгаа. Ам.долларын хувьд манай улс долларын хуримтлалгүй. Дээр нь үйлдвэрлэлгүй. Ийм учраас ам.долларын эрэлт өндөр хэвээр байх нь тодорхой. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж олон жил ярьсан ч чадаагүй. Аймаг бүр эрчим хүчний эх үүсвэр барина гээд хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна. Бараг бүх аймаг мах боловсруулах үйлдвэртэй болно гэж байгаа. Энэ бол буруу хандлага. Монголын хувьд дотоод зах зээл жижигхэн, эрэлт нь бага. Аймаг бүр мах боловсруулах үйлдвэртэй болвол нэг нэгийн­хээ төслийг татаж уна­гаах магадлалтай. Үр өгөөж­гүй хөрөнгө оруулалт болох эрсдэлтэй гэсэн үг. Зүй нь аймгууд хоорондын бараа солилцоо идэвхтэй явагдвал зүгээр. Нэг аймаг нь махаа боловсруулж, нөгөө аймаг нь төмсөө тарьж, гурав дахь нь арьс шир боловсруулаад, хоорондоо бараагаа солилцоод явбал илүү зөв шийдэл болно. Хүн бүр бүгдийг хийх аргагүй.

-Аймаг бүрд хөгжүүлж мөнгө олох боломжтой сал­бар гэвэл та юуг онцлох вэ?

-Аймаг бүрд хөгжүүлэх ёстой салбар бий. Жишээ нь аялал жуулчлал. Гол нь аймаг бүр онцлогоо гаргасан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ёстой. Өнөөдрийн хувьд айм­гуу­дад ялгарах онцлог гэж алга. Нөгөө л таван гэр, сагсны талбай гэсгээд болчихож байна. Миний нүдийг боогоод нэг аймгийн жуулчны бааз дээр аваачвал би хаана очсоноо ч мэдэхгүй. Аймаг бүр онцлогтоо тохирсон бүтээг­дэхүүн, бүх юмаараа маркетингийн цогц бодлого боловсруулах хэрэгтэй. Энэ жил Хөвсгөл рүү хэчнээн мянган хүн зорчив. Мэдээж хүүхэдтэйгээ явж таарна. Ядаж л замд таарсан бааз нь хүүхдийн тоглоомын талбай­тай баймаар санагддаг. Гэтэл манайд тийм орчин байхгүй. Аль нэг аймаг дээр очоод орон нутгийн онцлог­той бүтээгдэхүүн авъя гэхэд жуулчны бааз дээр нь байдаггүй. Тээр тэнд байгаа давааг даваад нэг айл бий, тэнд байж магадгүй гэх жишээ­ний.

-Оюу толгойн санхүүжилт шийдэгдвэл эдийн засаг сайжирна гэцгээж байна. Энэ төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө, энэ төсөл байхгүй бол бидэнд тулгарах эрсдэл гэсэн өнцгөөр яриа­гаа үргэлжлүүлье?

-Оюу толгой бол эдийн засагт нөлөөтэй том төсөл. Уул уурхайн том төслүүдийн хувьд дэлхийн түүхий эдийн үнэ гол нөлөө үзүүлээд байна л даа. Сүүлийн үед алт, зэсийн үнэ нэлээд унаж байна. Хөрөнгө оруулалтын асуудлууд нь шийдэгдээд явчихвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. 2011, 2012 он буюу эдийн засаг хоёр оронтой тоогоор өссөн үеийг харахаар Оюу толгой төсөл, Австралийн үер хоёр нөлөөлсөн гэж үздэг. Гэтэл манайх Австралийн үерийг орхиод ганцхан Оюу толгой гэж ярих гээд байдаг. Хятадад нүүрс экспортолдог гол улс болох Австралид үер болсон нь манай эдийн засагт том нөлөө үзүүлсэн. Нүүрсний эрэлт ихэсч үнэ нь огцом өссөн учраас эдийн засаг огцом өссөн юм. Дагаад хэрэглээний зээл өссөн. Хадгаламжийн хувьд мэдрэгдэхээр өсч чадаагүй. Орлого их байх үедээ бид баялгийн сан гэх мэт янз бүрийн сан байгуулна гэж ярьж, туршлага судалж байсан ч ажил болгоогүй. Энэ мэт алдаанууд эдийн засагт таагүй нөлөө үзүүлсэн.

Ц.Баасансүрэн

Э.Энхмаа

Categories
мэдээ цаг-үе

Он гарснаас хойш 12 оронтой ашигтай арилжаа хийжээ

2015 оны эхний долоон сарын нийгэм, эдийн зас­гийн үзүүлэлтийн талаар өчигдөр Үндэсний статистикийн газраас мэдээл­лээ. Нэгдсэн бод­лого, хамтын ажилла­гааны газрын дарга Б.Бадам­цэцэг, Хүн ам, ний­гэм статис­тикийн газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн статис­тикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар мэдээлэл хийлээ.

Төрөлт багасав

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад нийтдээ 47083 ээж амаржиж, 47358 хүүхэд эсэн мэнд төрсөн байна. Амаржсан эхийн тоо болоод амьд төрсөн хүүхдийн тоог өмнөх оныхтой харьцуулбал амаржсан эхийн тоо 196-гаар, хүүхдийн тоо 229-өөр цөөрсөн үзүүлэлттэй байгаа аж. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд төрөлт өндөр байсан нь энэ тоотой харьцуулахад бага хэмжээний бууралттай байгаа гэнэ.

Судалгаанд бүртгэгдсэн иргэдийн 97.1 хувь нь ажилгүй иргэд байгаа аж

Манай улс гурван сая хүн амтай. Үүнээс 1.2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа эдийн засгийн идэвхтэй хүн ам. Эдийн засгийн идэвхгүй хүн ам 740 мянга байдаг байна. Нийлбэрээр хоёр сая орчим хүн эдийн засгийн идэвхтэй болоод идэвхгүй хүн ам гэсэн судалгаанд орсон аж. Эдийн засгийн идэвхтэй 1.2 сая хүнээс 1.1 сая орчим нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Нөгөө талдаа 97.1 хувь нь ажилгүй иргэд. Энэ оны эхний долдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 31 мянгад хүрсэн байна. Ажилд зуучлагдаж орсон иргэдийн тоо 13 мянгад хүрчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван хувиар өссөн байна

ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2015 оны эхний хагас жилд 7047.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 205.6 тэрбум төгрөг буюу гурван хувиар өсчээ. Өмнөх оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт 8.2 хувьтай байсан бол одоо гурван хувь байгаа нь ДНБ-ий өсөлт буурсан үзүүлэлт юм. Мөн энэ оны эхний улиралд манай эдийн засгийн өсөлт 4.3 хувь байсан бол одоо гурван хувьтай байгаа нь сааралттай буйг гэрчилнэ. Ерөнхийдөө өмнөх оны түвшин­гээс саарч байгаа гол шалтгаан нь үйлдвэрлэл талаасаа хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн салбарын гол цөөн бүтээгдэхүүний үйлд­вэрлэлттэй холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, дотоодын голлож байгаа цөөхөн үйлдвэрлэлээс хамааралтай эдийн засгийн өсөлт гарч буй юм. Эдийн засгийн өсөлтийг доош нь татаад байгаа өөр нэг шалтгаан нь үйлчилгээний салбаруудын бууралт хасах тэмдэгтэй болж эхэлсэнтэй холбоотой аж. Жишээ нь, худалдааны болон тээврийн салбар дээр бууралттай гэнэ. Үүнийг гадаад хэрэглээний нийт хэрэглэлт буурсантай холбон тайлбарлаж буй. Үүнд импорт бараг 916 болсон ч дахиад буурсан байгаа аж. Манай орон 100 хувь үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас орж ирж байгаа үйлчилгээгээр дотоодын үйлчилгээний салбар хөгждөг онцлогтой. Гаднаас орж ирж байгаа импортын хэмжээ багассан нь нөгөө талдаа экспорт багассантай холбоотой гэнэ. Үүнийг дагаад худалдааны болон тээврийн салбарын бууралт дагаж орж байна. Нөгөө талаар ДНБ-ий тооцоонд ордог татварын бууралтууд бас нөлөөлж буй.

Харин ашиглалт талаасаа гадаадын хөрөнгө оруулалт шууд нөлөөтэй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт найман хувиар өсч байхад гадаадын шууд хөрөнгө оруулалт эерэг, мөн онуудаас бага байсан хэдий ч 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт манайд орж ирсэн. Одоо бол хасах тал руугаа орж байна. -24 рүү орсон гэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд байгаа нь манай эдийн засгийн сааралтад бас нэг гол хүчин зүйл болж буй гэнэ.

Хэрэглээний барааны үнэ өмнөх оныхоос 6.9 хувиар өсөв

Сүүлийн саруудад инфляцийн түвшин харьцангуй тогтвортой байгааг дуулгав. Өнгөрсөн сарын хувьд инфляцийн түвшин 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь өмнөх сараас 0.3 хувийн өсөлттэй гэсэн үг юм. Энэ өсөлтөд голчлон дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлжээ. Өнгөрсөн сарын хувьд ургацын ихэнх хувийг алдах сургаар зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Энэ нь инфляцийг 0.3 хувиар өсөхөд голчлон нөлөөлсөн гэв. Ховд аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад инфляцийн хэмжээ нь хамгийн их буюу өнгөрсөн сараас 1.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Төсвийн тэнцэл 640 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна

Улсын нэгдсэн төсвийн хувьд алдагдал харьцангуй өндөр байгаа аж. Энэ оны эхний долоон сарын байдлаар 7.1 триллион төгрөгийн орлого бүрдсэн бөгөөд орлогоос давсан зарлагын санхүүжүүлэлт 7.8 триллион төгрөг болсон байна. Орлогоос давсан зарлага төсвийн тэнцлийг алдагдалтай болгодог бөгөөд алдагдлын хэмжээ 640 орчим тэрбум төгрөг болсон аж. Өнгөрсөн жил алдагдлын хэмжээ харьцангуй бага буюу 160.9 тэрбум төгрөг байжээ. Алдагдлын гол шалтгаан нь орлого төдийлөн сайн нэмэгдэхгүй байгаагаас гадна зарлага гардгаараа гараад явж байгаатай холбон тайлбарлаж байв. Улсын орлогыг татварын орлого, татварын бус орлого бүрдүүлдэг байна. Татварын орлого нийт улсын төсвийн голлох үндсэн бүрдүүлэгч хэсэг бөгөөд энэ оны эхний долоон сар өмнөх онтой харьцуулахад бараг 70 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь аж ахуйн нэгж байгууллагуудаас авдаг нэмэгдсэн өртгийн орлого 180 тэрбум төгрөгөөр доошилсонтой холбоотой аж. Нөгөө талаас зарлага 115-116 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Бараа үйлчилгээ, улсын шилжүүлэг, хөрөнгийн, хүүгийн гэх мэт зардлууд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Үүнээс болоод төсвийн тэнцэл өндөр алдагдалтай явж байгаа юм байна.

Валютын хадгаламж өсчээ

Mөнгөний нийлүүлэлт 2015 оны долдугаар сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 177.9 тэрбум төгрөг буюу 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 214.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар буурчээ. Зээл болон өрийн үлдэгдэл 12 триллион төгрөг, хадгаламж 7.2 триллион төгрөг байгаа аж. Хадгаламжийн хувьд төгрөгийн хадгаламж буурах хандлагатай байгаа бөгөөд валютын хадгаламжийн хэмжээ нэлээд хэмжээгээр өсөх хандлагатай байгаа гэнэ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн хадгаламж долоон хувиар буурсан валютын хадгаламж 31 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Зээлийн өрийн үлдэгдлийг дотор нь салгавал хугацаа хэтэрсэн зээл болоод чанаргүй зээлийн нийлбэр дүнгээр 1.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээл 13 хувьтай байгаа бол энэ нь өмнөх онд 9.4 хувьтай байсантай харьцуулахад 3.5 орчим нэгжээр өндөр байгаа үзүүлэлт аж.

Төгрөгийн рубльтэй харьцах ханш чангарчээ

Төгрөгийн гадаад валютуудтай харьцаж байгаа ханш сүүлийн хэдэн сар харьцангуй тогтвортой байсан бол өнгөрсөн долдугаар сараас сулрах хандлагатай болсон байна. Рублиэс бусад валют төгрөгтэй харьцаж байгаа ханш дунджаар 1-3.9 орчим хувиар суларсан дүнтэй байгаа. Онцолж хэлбэл төгрөгийн рубльтэй харьцаж байгаа ханш чангарч байгаа бөгөөд өмнөх жилийнхтэй харьцуулбал 35 хувиар чангарсан байна.

Он гарснаас хойш 12 оронтой ашигтай арилжаа хийжээ

Манай улс он гараад эхний долоон сард 131 оронтой гадаад худалдаа эрхэлснээс 12 оронтой нь гадаад худалдааны тэнцлийн хувьд ашигтай арилжаа хийсэн байна. Эхний долоон сарын байдлаар таван тэрбум ам.долларын гадаад худалдааны эргэлт хийсэн байна. Үүнээс 2.8 тэрбум доллар нь экспортын худалдаа байгаа бол үлдсэн 2.2 тэрбум доллар нь импортын худалдаа байгаа аж.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувь, үүний дотор экспортын хэмжээ 4.3 хувь, импортын хэмжээ 29.3 хувиар буурчээ. Энэ оны долдугаар сард экспорт дөрвөн сая ам.доллар, импорт гурван сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 11.6 хувиар, импорт 5.5 хувиар буурсан байна. Харин гадаад худалдааны тэнцэл энэ оны долдугаар сард 72.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 36.5 сая ам.доллараар буурчээ.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4.3 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт нэг сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх хоёр сая доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үнэт чулуу, металл, алтных 48.1 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 34.3 сая ам.доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн экспорт 15.2 сая ам.доллараар өссөн байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 29.3 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт хоёр сая доллар, авто, агаар, усан замын тээврийн эд ангийнх нэг сая доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд ангийнх нэг сая доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх есөн сая доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

С.Ариунжаргал

М.Мишээл

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өлсгөлөн зарласан Г.Дэнзэн хорих ангиас захидал бичжээ

ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас улсаас онц их хэмжээний мөнгө хууль бусаар хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод 80 гаруй хоносон. Хорих ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаад найм хонож байгаа. Цагдан хорих төвийн эмч нар Г.Дэнзэнгийн биеийн байдал тааруу байгааг онцолж байсан. Мөн босч чадахгүй хэвтрийн байдалтай байгаа гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Г.Дэнзэн хорих ангиас захидал илгээжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь уншигч та бүхэнд хүргэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ГИШҮҮД

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс ардчилсан улс болсноо зарлаад 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Эх орондоо ардчиллыг бэхжүүлэн үр хойчдоо хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга нийгмийг үлдээн өвлүүлэхийн тулд 25 жил ачааны хүндийг үүрэн зүтгэсэн Ардчилсан намынхаа нийт гишүүдэд энэхүү захидлаа хаяглан бичиж байна.

Ардчилсан намын гишүүн Галсангийн Дэнзэн миний бие жирийн залуусын төлөөлөл болсон багш аав, эмч ээжийн хүү. Үеийнхээ нөхдийн нэгэн адил гэрэл гэгээтэй, хүсэл тэмүүлэл, хийж бүтээе, өөрчилж шинэчилье гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Ардчилсан намыг сонгон гишүүн нь болж байсан билээ.

Зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, Ардчилсан намаа ялалтад хүргэхийн төлөө намынхаа бүхий л гишүүд дэмжигчдийн нэгэн адил зүтгэсээр бидний зорилго биелж Монгол Улс бүхий л шатанд Ардчилсан удирдлагатай болж эх орноо хөгжүүлэх үйлсэд эргэлт буцалтгүй зүтгэж эхэлснийг хүн бүр мэдэж байгаа. Би залуу хүний хувьд энэ бүхэнд гар бие оролцож, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан маш олон бүтээн байгуулалтын ажлуудад оролцсондоо туйлын их баяртай байдаг билээ.

Ардчилал бидэнд олон сайн сайхан зүйлсийг өгсөн. Гэсэн ч “Ардчилал гэж юу вэ” гэдэг асуултыг бид өөрсдөөсөө дахиад нэг асуух цаг үе ирээд байна. Монгол Улсын иргэн бүр 25 жилийн өмнө Ардчилал бол эрх чөлөө, шударга ёс, тэгш боломж гэж харж итгэн, тэмцэж зүтгэсээр ялсан. Энэ ялалт хий, бүтээ, хөгжүүл, дэвжүүл гэсэн Монгол хүн бүрийн хүсэл байсан болохоос нэгнээ хэмлэж, гүтгэж, талцаж хагаран, шорон гяндангаар айлгаж барьцаал гэсэн захиалга байгаагүй гэдэгт залуу хүний хувьд бүрэн итгэж байна.

Өнөөдөр би хүсэл тэмүүллийнхээ төлөө ид хийж бүтээх 28 насандаа Ардчиллыг “арчаагүй” харагдуулах гэсэн сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр болж, улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх бүлэглэлүүдийн зорилгодоо хүрэх гэсэн бохир явуулгын золиос болон шоронд хоригдон эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байж нийгмийн өмнө буруутан мэтээр шүүмжлэгдэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Мунхаг хүсэл, амиа бодож хувиа хичээсэн цөөхөн улстөрчдийн явцуу шунал олон хүний хувь тавиланг золиосолж байгааг миний бие энд өөрийн нүдээрээ харж, жигшин зэвүүцэн энэхүү захидлаа бичиж сууна.

Хэрэг гэж нэрлэн намайг буруутан болгохоор улайран зүтгэж буй үйлдлийг Та бүхэн мэдэж байгаа ч цухас дурдах нь зүйтэй биз ээ. Би ЗГХЭГ-ын дэд дарга болоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Дэд даргын хариуцдаг ажлууд болох Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газруудыг хариуцан ажилласан юм. Залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж зориглосон. Үнэхээр тэгж ажиллахаас ч өөр арга байгаагүй. ЗГХЭГ гэдэг хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Тиймээс би эхлээд энэ хөшүүн хойрго байдлыг нь засъя, шинэлэг хэлбэрээр ажиллая гэж бодсон, зорьсон. Зорьсон зарим ажлаа ч хийж чадсан. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань одоо ч үргэлжлээд явж байгаа. Би залуу хүний хувьд луйврын шинжтэй үйлдлүүдийг хараад үнэхээр гайхсан. Өөрчилж, цэгцэлье гэж зүтгэсэн, ажилласан. Харин тэрхүү зүтгэл минь өнөөдөр ял болоод явж байна.

Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулахын тулд эргэн тойрны хүмүүст нь зохиомол хэрэг үүсгэж, эхлээд Г.Дэнзэн, тэгээд Л.Гансүх зөвлөх гээд Н.Алтанхуяг даргыг тойрсон хүмүүс рүү удаа дараа дайрсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд, Шинэчлэлийн Засгийн газрыг унагахын тулд зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь унагах гэж дайрсан. Жишээ нь, тэр үед “иргэн Г.Дэнзэн муу хүн” гэж нэг ч удаа дайраагүй. Дандаа л “Ерөнхий сайдын хүргэн Дэнзэн бол муу хүн” гэж дайрсан. Эхлээд хэвлэлээр гутаан доромжилж, энэ үнэхээр муу хүн юм байна” гэсэн ойлголт ард түмэнд төрүүлж байгаад л огцруулсан.

Эрдэм номын мөр хөөж, ихийг хийж бүтээн, эх орондоо хэрэгтэй хүн болж эцэг эхийнхээ ачийг хариулна гэсэн гэгээн хүсэл зорилготой олон олон залуус энд удаа дараагийн давтан үйлдэлтэй, хүн амины онц хүнд гэмт хэрэгтнүүдэд дарамтлуулан, айдас хүйдэстэйгээр эрх чөлөөгөө хасуулан эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж байна.

Хэрвээ би хэн нэгэн даргад бялдуучилж, хүний үгээр номхон ноомой байж, буруу зүйлийн гар хөл болж, хууль зөрчсөн үйлдлүүдийг харсан ч хараагүй царайлж явсан бол магадгүй бусдын адил гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ, үр хүүхэдтэйгээ тоглоод, зуны дэлгэр сайхан цагт хөдөө нутгаараа амраад явж байх байсан биз ээ. Харин эрх мэдэлтнүүдийн даварсан үйлдэл, хуулийг гууль болгосон завхралтай нь гар нийлэлгүй илчилж, илрүүлснийхээ төлөөсөнд өргөст торны цаана сууж байна. Энэ нийгмийн завхрал болоод байгаа буруу тогтолцоо улстөрчид хуулийн байгууллагатай нэгдэж өрсөлдөгчөө авладаг, агнадаг байдал надаар дуусаг хэмээн залбирч сууна.

Нэг хүний шунал, нэг хэсгийн бялдуучилсан гарын үсэг Монгол Улсын ирээдүйг, хүсэл мөрөөдөлтэй залуусын итгэл зоригийг нухчин дарж байна. Шүүж тогтоон, нотолж шалгагдаагүй хэргийн ялыг үүрч, сэжигтэн гэдэг нэр зүүн шоронгийн энэ харанхуй өрөөнд тарчлан 90 хонолоо. Хэрэг хийгээгүй хүнийг хилс хэрэгт гүтгэн шоронд хүртэл хорьж, дарамталдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.

Би гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нэр төртэй, найз нөхөдтэй, зорьсон зорилготой, итгэл үнэмшилтэй залуусын нэг. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ эрх мэдэл, луйвар булхай золиос болохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Өршөөлийн хууль гарлаа гэж алдаж эндсэн олон залуус энд баярлан хөөрч байна. Харин би огт хийгээгүй хилс хэрэгт гүтгэгдэн эрүүдэн шүүлгүүлж, эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж буйдаа туйлын ихээр харамсч байна. Өршөөл гэдэг үг хэрэг хийсэн хүнд бурхны зарлиг мэт, хэлмэгдэж байгаа хүнд бол доромжлол шиг сонсогдож байгааг Та бүхэн минь ойлгоно биз ээ.

Өнгөрсөн хугацаанд тэвчээртэй хүлээцтэй хандлаа. Төрүүлж өсгөсөн эцэг эх, ханилсан ханийн минь зүрх, сэтгэл хамгийн ихээр шаналан зовлоо. Би аав ээжээ асрах хүү, хариуцлага үүрэх өрхийн тэргүүн, үрээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эцэг хүн. Тиймээс эрүүл мэндээрээ хохирч, амьд явах баталгаагаагүй, ардчилал, хүний эрх юу ч биш болсон энэ бусармаг байдалтай өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр арга байсангүй. Энэ дарамт үйлдлүүдээрээ миний биеийг зовоож чадах ч итгэл үнэмшлийг минь үгүй хийж чадахгүй.

Миний бие үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсноо нотлох болно. Заналхийлэл, дарамт шахалтаас айж, дуугүй өнгөрөөвөл хойшид муу хүмүүст илүү боломж өгдөг гэдгийг маш сайн ойлголоо.

Гучтай залуус компьютерийнхээ ард гайхамшиг бүтээж дэлхийн хэмжээний баялаг бүтээж байхад, бид нэгнээ улс төрийн зорилготой бохир шүлсээр будаж суух нь зөв биш ээ. Залуус бид золиос болох учиргүй. Монгол эх орон минь АРДЧИЛСАН улс. Монгол хүн бүр шударга ёс, үг хэлэх эрх чөлөө, тэгш боломжийн төлөө хоолой нийлэн дуулж, тэмцэж өнөөдрийг бүтээсэн. Өнөөдөр Монгол Улсад ардчиллаар овоглогдсон Ерөнхийлөгч төрийг тэргүүлж, Ардчилсан намын дарга УИХ-ыг удирдаж, ардчиллаар хүмүүжсэн Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж, ардчилал шударга ёсыг бэхжүүлнэ гэж Ардчилсан намаас итгэл хүлээлгэсэн хүмүүс хууль хүчний байгууллагуудыг удирдаж байхад илэрхий улс төрийн зорилготойгоор өрсөлдөгчөө намнах ажиллагааг зохион байгуулж, хорьж цагдан хэлмэгдүүлж, хүний язгуур эрх ашиг болох эрх, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдаж байгаа бусармаг үйлдлээ яаралтай таслан зогсоохыг шаардаж, басхүү уриалан дэмжихийг Ардчилсан намынхаа гишүүн бүрээс хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу.

Та бүхнийг хүндэтгэсэн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Галсангийн Дэнзэн.


Categories
мэдээ нийгэм

Жагсаалын бэлтгэлтэй танилцлаа

БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд ирэх 9
дүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн
ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцохоор болсон билээ.

Жагсаалын бэлтгэлийн явцтай өчигдөр орой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын
гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд
Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар
танилцлаа.

Хятадад болох цэргийн ёслолын жагсаалд
Монгол Улсаас 76 цэрэг эрс оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги
байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба
хаагч оролцож байна. Мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат
албаны таван цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн
ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим
дайчид Чөлөөлөх дайны ялалтын цэргийн ёслолын жагсаалд дахин оролцохоор
болжээ.

Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой
18-38 насны 76 залуус маргааш буюу энэ сарын 15-ны өглөө БНХАУ-ыг
зорино. Тэд дэлхийн бусад орны цэргүүдтэй 6 удаагийн хамтарсан
сургуулилтыг гүйцэтгэх юм. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд
хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалж алхах бол бүрэлдэхүүнийг Батлан
хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа
Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга,
бригадын генерал Б.Амгаланбаатар нар удирдан чиглүүлж байна.

БНХАУ-д болох цэргийн ёслолын жагсаалд
16 орны цэрэг эрс оролцохоор болжээ. Бүрэлдэхүүний бэлтгэлийн тухай
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын
генерал Б.Амгаланбаатар “Бэлтгэл жигдэрсэн. Жагсаалд оролцох алба
хаагчдыг цэргийн ёслолын жагсаалд тавигддаг үндсэн шаардлага болох бие
бялдрын хөгжил, нурууны өндөр, эрүүл мэнд, жагсаалын элементийг зөв
гүйцэтгэх чадварыг харж, сонгосон. 120 гаруй залуусаас 47-48 залуу
шигшигдэж үлдсэн, тэдэн дээр ОХУ-д ёслолын жагсаалд алхсан туршлагатай
бүрэлдэхүүнийг нэгтгэсэн” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“UB Food” фестиваль өнөөдөр болж байна

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд
“Вива сити” хороололд зохион байгуулж буй “UB Food Festival 2015”
өнөөдөр 10 цагт эхлээд байна. Фестиваль амралтын хоёр өдөр үргэлжилнэ.

Энэхүү фестивалийг 3 дахь жилдээ зохион
байгуулж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг
таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж
олгодог онцлогтой.

“UB Food Festival”-д Улаанбаатар хотын шилдэг
50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд
оролцож байна. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр
бүлийн бургер идэх уралдаан гэхчилэн олон сонирхолтой шоу хөтөлбөр
болно. Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг
эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочдоо дайлах
юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөх нь өндөр ёс суртахуун гэж өвгөд сургасан байх аа

Өршөөлийн тухай хууль ёсчлон батлагдах, гарын үсэг зурагдах процесс дээрээ явж байна. Өнөөдрөөс parliament.mn сайт дээр бүрэн эхээрээ тавигдах байх. Тэрийг нь уншсан хүмүүс илүү сайн ойлголттой болох байх. Одоогоор бол ч энэ хууль авлигачид, албан тушаалын хэрэгтнүүдэд зориулсан самуун явдал боллоо хэмээн улс төрийн зарим хүчин үзэж, коментууд тус хуулийг зүхсэн шинжтэй байна.

Өнөөдөр Монгол Улс түүхэндээ байгаагүй их буюу 8000 гаруй хоригдолтой болчихоод байгаа юм. Тэдгээрээс 3000 гаруй нь тус хуульд хамрагдах урьдчилсан дүн гарчээ. 3000 дотроо тус хуульд хамрагдах цагаан захтны тоо бүр тодорхой юм билээ. Албан тушаалын гэмт хэргээр шоронд ял эдэлж буй 35 хүний 25 нь хуульд хамрагдана. АТГ-ын мөрдөн байцаах хэлтэст одоогоор байцаагдан шалгагдаж буй албан тушаалын 55 хэргийн 45-т нь энэ хууль үйлчилнэ. Тэгэхээр 3000 гаруй хоригдлын 80 хүн нь албан тушаалын гэмт хэрэгт холбогдогсод байх нь. Эдгээр 80 цагаан захтны хэргийг илрүүлэхийн төлөө АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулдаг байна. Эдгээр 80 хүний улсад учруулсан хохирол урьдчилсан дүнгээр 20 орчим тэрбум төгрөг гэсэн. 90 тэрбумыг зарцуулж барьсан хэдэн хүнийг нь хуулиар өршөөчихвөл АТГ яаж дуртай байхав дээ. Ингэхээр ийм том өртгөөр боссон хэргүүд хэрэгсэхгүй болохыг улс төрийн зарим хүчин эсэргүүцэх нь зөв ч юм шиг. Эдийн засгийн утгаараа бол 90 тэрбумыг зараад 20 тэрбумыг олох нь хаашаа байна. Гэхдээ энэ бол бизнесийн байгууллага биш учраас ингэж харж болохгүй байх л даа.

Өршөөлийн хуулийг урьдчилан хэлэлцсэн байнгын хорооны хаалттай хурлууд дээр АН, МАН, Шударга ёс эвслийн бүх гишүүд ярайтал сууж байгаад дэмжсэн юм байна лээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд сөрөг хүчин гурав дөрвөн хүнээ оруулж эсэргүүцүүлсэн байдаг. Байнгын хороон дээр л дэмжигдсэн бол Их хурал дээр явчихдаг нь тодорхой л доо. Тэгэхээр сөрөг хүчин иргэдийн нүднээс далд болохоор дэмжээд ил бол эсэргүүцээд байгаа нь уг хууль өөрөө улстөржихөд, пиар хийхэд боломжтой “гоё” үйл явц болчихоод байгаа хэрэг л дээ.

Ингэхэд Өршөөлийн тухай хууль хэнд үйлчлэх юм бэ? “Би хэрэг хийсэн нь үнэн” хэмээн гарын үсгээ зурсан хүнд л энэ хууль үйлчлэх ёстой биз дээ. Жишээ нь, албан тушаалын хэрэгт холбогдсон цөөнгүй хүмүүс хэргээ хүлээхгүй “Би хэлмэгдэж байна” гэж ярьдаг. Н.Энхбаяр ч ялгаагүй “Би өршөөгдөх биш цагаадах ёстой хүн” гэдэг. Эдгээр хүмүүс тэгээд өршөөлд хамрагдах уу. Энэ мэт тодорхойгүй асуудал дээр л хууль шүүмжлээд байгаа хүмүүс анхаарлаа хандуулмаар байна. Өршөөлийн хуулийн дүрэм журмыг боловсруулах комиссийнхон энэ мэт асуудлуудыг тодорхой болгож нийгэмд мэдээлмээр байна.

Цагаан захтнуудыг өршөөж, 80 хүний ялыг хэлтрүүлж байна гэсэн эсэргүүцэл ойрын үед хангалттай өрнөх нь бололтой. Тэгвэл цаана нь байгаа 3000 хоригдлын эрхийг ярих хүн байна уу. Алддаггүй аавын хүүхэд байдаггүй шүү дээ. Ард түмний тасархайнууд шүү дээ. Тэдний цаана бүтэн хоёр жил энэ хуулийг чих тавин хүлээсэн үр хүүхдүүд нь, эмэгтэйчүүд, өндөр настай өвөө эмээ, аав ээж нь байгаа. Монгол хүнийг хэдэн мянгаар нь шоронд хориод байх хүсэл монгол хүнд лав байхгүй байх. Өршөөлийн хуулийг өвөл гаргаж болдоггүй. Орон байргүй хүмүүс нь хөлдөнө. Монгол Улсад олныг хамруулсан бүтээн байгуулалтын ажлууд зун явагддаг болохоор тэдэнд ажил олдох цаг үе нь зун цаг юм. Нэг үеэ бодвол манай ТББ-ууд сайн ажилладаг болж. Өршөөлийн хууль батлагдсаны маргааш нь МЗХ-ноос суллагдсан иргэдэд зориулсан Хөдөлмөрийн бирж ажиллуулж эхлэхээ мэдэгдлээ. Энэ бол тэднийг нийгэмшүүлэх том ажил учраас төрөөс энэ ажлыг дэмжих ёстой. Нэгэнт батлагдсан Өршөөлийн хуулийг одоо шүүмжилж байхаар дараагийн энэ мэт алхмуудыг бодож, ажил өрнүүлмээр байна. Өршөөлд хамрагдах 3000 гаруй хүний харьцангуй цөөнх болох албан тушаалын хэдэн хэрэгтэнд нийгмийн анхаарлыг хандуулж тус хуулийг тэр чигээр нь муухай харагдуулмааргүй байна.

Монголын нийгмийн сэтгэл зүй өнөөдөр нэгнээ үзэн ядахын, шүүмжлэхийн дон тусчээ. Ийм цаг үед бүгдээрээ бие биенээ өршөөж уучлах тийм нигүүлсэнгүй давалгааг нийгэмд бий болгомоор байна. Ялангуяа улс төр, бизнесийн хүрээнд биесээ мэрсэн, нэгнийхээ мууг үзэх гэсэн, өс санасан байдал хэрээс хэтэрлээ. Шоронд орсон, АТГ-т байцаагдаж буй албан тушаалтан нэг бүрийн ард дор хаяж 50 хүн сэтгэл санааны хүнд дарамтад орж байна. Тэд бүгдээрээ хэн нэгэн буруутанг олж “Чамайг даа” гэсэн заналтай байх болсон. Энэ нь хүрээгээ хоног хоногоор тэлж байгаа нь бүр аймшигтай. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монголын нийгэм юунд хүрэх вэ. Хэдэн арван жил үргэлжилсэн, үе удам дамжсан, үр хүүхдүүдэд нь өвлөгдсөн өс хонзонгийн сэдэл бий болох нь байна шүү дээ. Ийм цаг үед энэхүү Өршөөлийн хууль батлагдсан нь сайн хэрэг гэж хүлээж авахаас өөр яах билээ. Өршөөж өсөө авах нь хүний хамгийн том ёс суртахуун гэж өвгөдийн үеэс захиж сургаж ирсэн байдаг биз дээ.

АН олон жил зүтгэсний эцэст сая нэг засаглалд олонх болсон. Олонх болж аваад л дараа нь бие биенээ хэмлэсний үр дүн нь өнөөдөр эрэмдэг Засгийн газартай, муугаа дуудуулаад сууж байна. Одоо энэ их зодооноо зогсоож, бие биедээ хүлээцтэй хандаж, улс орноо түвшин сайхан засаглаж цааш явахад энэхүү Өршөөлийн хууль том нэмэр болно хэмээн найдаж байна. Хөгжсөн орны түүх ямар байдаг гэхээр хөрөнгөтнүүд нь эхний саяа хулгайлж олсон байдаг. Олсноо харин зөв зам мөрөөр арвижуулж, нийгэмд баялаг болгож, олон хүний амь амьдралын суурь бааз болгосноор улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр нь болдог. Хүн төрөлхтөний түүх ийм л юм. Монголын төрийн, бизнесийн орчинд хууль бус хөрөнгө шамшигдуулалт байсан бол хүн төрөлхтөний ийм л түүхийн шат дамжлагаар дайраад гарчээ гэж үзье. Тэгээд бүгдээрээ бие биенээ өршөөе, уучилъя, хэн хэндээ хар буруу санах юмгүй болъё. Алдаагаа дахиж давтахгүйгээр цааш явъя. Хүн төрөлхтөний туулаад ирсэн энэ үнэнтэй эвлэрэхээс өөр арга зам монголчууд бидэнд одоо алга. Үүнийг АН нь ч, МАН нь ч цаанаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс дотор бүгдийнх нь найз нөхөд, хамаатан садан, хамтрагсад нь байгаа. Болж дээ, тэр муу хэн маань ашгүй нэг өршөөгдөх нь гэсэн үг ойрын өдрүүдэд МАН, АН-гүй, манайх танайх гэхгүй бүх л хүмүүс, улс төрчид, том жижиг дарга нарын амнаас сонсогдож байна. Өршөөлийн хууль бол хүмүүсийн хүсэн хүлээж байсан хууль мөн юм байна. Мэдээллийн сувгуудаар гарч буй эсэргүүцсэн мэдээллүүд бол зүгээр л улстөржилт юм билээ шүү.

Categories
гадаад мэдээ

Анжелина Жоли Афганы тухай кино хийнэ

Жүжигчин Анжелина Жоли “Тэжээгч” (The Breadwinner) хэмээх хүүхэлдэйн киноны найруулагчаар ажиллахаар болжээ. Канадын зохиолч Дебора Эллисийн романаар сэдэвлэсэн уг бүгээл 2017 онд дэлгэцэнд гарна. Кинонд Парвана нэртэй 11 настай афган охин эцгийгээ талибуудад баривчлагдсаны дараа яаж гэр бүлээ тэжээж байгаа тухай өгүүлэх ажээ.

Categories
мэдээ спорт

Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ ирэх онд Монголд болно

Монголын сүмо бөхийн холбооны тавдугаар бага хурал өнөөдөр болж байна.

Дөрвөн жилдээ нэг удаа болдог энэ хурлаар Сүмо бөхийн холбооны дүрмийн шинэчлэл, бүтэц зохион байгуулалт, удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгч сонгох, ДАШТ-2016 тэмцээн зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Энэ удаагийн хурал нь хэд хэдэн онцлогтой болж байгаа аж. Тухайлбал, холбооны дүрмийг сүүлийн 20 гаруй жил шинэчлээгүй юм. Тиймээс энэ удаад дүрэмд шинэчлэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Мөн сүмо бөхийн ДАШТ-ийг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн онцлог хурал болж байгааг Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр онцолсон.