Categories
мэдээ нийгэм

“UB Food” фестиваль үргэлжилж байна

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд зохион байгуулж буй “UB Food Festival 2015” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү фестивалийг гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-аас 3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой.

“UB Food Festival”-д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцож байна. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр бүлийн бургер идэх уралдаан гэхчилэн олон сонирхолтой шоу хөтөлбөр болно. Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочдоо дайлах юм.

Categories
мэдээ цаг-үе

Анагаахын сургуулийн хүүхдийн эмчийн анхны анги

Хүн анагаах тэр дундаа хэлд, хөлд ороогүй хүүхдүүдийн өвчин зовиурыг оношилж эмнэнэ гэдэг тийм ч амар биш. Хуучин МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет гэж байлаа. Тэр нь 1961 онд Анагаах ухааны дээд сургууль болж МУИС-аас тусдаа бие даан гарсан байдаг. Тэр үед анхны хүүхдийн эмчийн анги байгуулагдан Монголын ирээдүй болсон балчир үрсийг анагаах эмч нарыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа 1965 онд анхны хүүхдийн эмчээр төгсөж байсан Анагаахын дээд сургуулийн оюутнуудыг урилаа.

Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчийн ангийн төгсөгчийн нэг. С.Бат-Очир уулзангуут таван үгийн зөрүүгүй шахам “Манай ангийнхны зургийг үз дээ. Манайхан чинь одоогийн байгаа шигээ буурал толгойтой яваагүй юм. Галтай залуу нас байсан байгаа биз, сайн хар” гээд л зурагнуудаа нүүрэнд наах шахам харуулна. Үнэхээр л галзуу барын аманд гараа хиймээр залуу насны хөргийг мөнхлөн үлдсэн зургуудыг нь үзлээ. Анхны хүүхдийн эмчийн анги дөрвөн хэсэгт хуваагдан хичээллэдэг байж.

Нийтдээ 50 орчим оюутан хүүхдийн эмчийн мэргэжлийг эзэмшин шууд л хөдөө орон нутагт эмчээр ажиллахаар томилогдож байсан нь бас л сонин түүх. Өнөөдөр л Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд оюутан болох хүсэлтэй залуус маш их болсноос биш 1960 оны үед хөдөөнөөс голдуу ирсэн хүүхдүүд эмч мэргэжлийг сонгодог байжээ. Анагаахын анхны хүүхдийн эмчийн ангийнхан ч мөн л тийм замаар явсан гэнэ.

Хөдөөнөөс ирсэн хүүх­дүүдийн хувьд анатоми, бага эмч нарт физик, орос хэлний хичээл хүнд мэт санагдах авч нухлуулсаар байгаад л сурчихдаг байсан юм байх. Харин философи, эдийн засаг коммунист болон хувьсгалт намын түүхийн хичээлүүд дээрээ үнэнийг хэлэхэд ангиараа “Хатуу самар” явцгаасан юм байна. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ой тохиосон тул оюутнуудын хичээлийг шахан оруулж хаврын шалгалтыг нь урьдчилан өгүүлжээ. Нэгэнт хичээл нь амарсан тул оюутнуудыг гимнастик, спартакиадын болон концертын бэлтгэлд дайчилсан гэнэ. Харин ямар ч арга хэмжээнд хамрагдалгүй үлдсэн оюутнуудыг МХЗЭ-ийн Төв хорооны урилгаар “Говь усжуулах аян”-д хамруулахаар болжээ. Тэдний хувьд зургадугаар сарын эхээр говийг зорьсон бол наадам өнгөрөөд ирэхээр нь ёстой л ханатал нь амраана гэсэн болзолтой байж. Гэсэн ч наймдугаар сарын сүүлчээр есдүгээр сарын 1-ний дотор сургуульдаа ирсэн байхыг хатуу шаардсан юм байна. Тухайн үед нийгэм ямар байсан билээ дээ. Тэднийг сургуульдаа ирэхэд МУИС-ийн Хүн эм­нэлгийн факультет нь Анагаах ухааны дээд сургууль болон өрх тусгаарлаж байсан тухай Д.Алдармаа эмч ярьсан юм. Их сургуулиас өрх тусгаарласан шинэхэн сургууль эмчилгээний, шүдний, хүүхдийн, эмзүйн салбартай болсон байж.

Ангийнх нь охидыг хүрээ гангачуул “Хөдөөний хөөсөн мантуу” гэх маягтай угтан авдаг байсан ч нэг жилийн дотор хотын хүүхнүүд болж байлаа гэв. Хүүхдийн эмчийн анхны төгсөлтийнхөн Анагаахын сургуульд элсэн орохдоо шууд л хүүхдийн эмч болчихоогүй юм байна. Нэгдүгээр курст анагаахын чиглэлийн бүхий л оюутнууд хамтдаа хичээлдээ суугаад явдаг байсан бол хоёрдугаар курст байхад нь нэг өдөр “Хүүхдийн эмч болох сонирхолтой хүмүүс нь гараа өргө” гэжээ. Н.Нэргүй эмч багаасаа хүүхдэд хайртай байсан тул хүүхдийн төлөө өөрийн чадах зүйлээ хийхийн тулд хүсэл сонирхолдоо хөт­лөгдөн тус ангийг сонгосон байх. Харин нас хэвийсэн ч хөнгөн шингэн харагдах С.Бат-Очир эмч “Яах вэ” хэмээн хэсэг тээнэгэлзэж байгаад ерөөсөө л хүүхдийн эмч болъё гээд ирээдүйн сонголтоо өөрөө хийсэн тухай өгүүлсэн юм. Харин зааланд суусан тэр олон оюутан дундаас хүүхдийн эмч болчих хүн тийм ч олон байгаагүй тул гар өргөөгүй ч шууд л “Хүүхдийн эмч болго” хэмээн хуваарилж байсан гэнэ. Хүн өөрийнхөө ирээдүйн төлөө өөрөө сонголт хийх ёстой хэдий ч тухайн үеийн багш нар минь биднийг хүүхдийн эмчийн ангид хүчээр оруулсан нь ч алдаа байгаагүй гэдгийг бүгд шахам хэлж байсан. Энэ ангийнхнаас хэн нь ч сөрж эсэргүүцээгүй юм билээ. “Магадгүй тухайн үеийн залуусын чих зөөлөн байсан байлгүй” хэмээн хоорондоо нудралцан хөхиүн инээдээр биесээ дэмжинэ.

Хүүхдийн эмчилгээний анхны декан нь Баатарын Од, нарийн бичгийн даргаар нь Цэдэн, Хүүхэд залуучуудын эвлэлийн даргаар нь Д.Малчинхүү нар ажиллаж байсан түүхтэй юм байна. 1961 оны аравдугаар сарын дундуур анги даасан багш нартайгаа уулзах цуглаантай гэсэн зар таржээ. Ангиараа хүрээд иртэл нэлээд биерхүү, нимгэн шаравтар царайтай, намуухан дуутай, тэгсэн мөртлөө их сүрлэг нэгэн эр мөн тас хар үстэй түг таг хийсэн түс тас үгтэй хүдэр бор хоёр хүн ирсэн нь Н.Гэндэнжамц, Ж.Раднаабазар багш нар нь байсан юм байна.

Хүүхдийн эмчийн ангийнхан Э.Лувсандагва, Т.Бямбажав, Г.Бадарч, Е.М.Мазелецкая, В.А.Афанасьев зэрэг багш нараасаа их зүйлийг сурсан тухай өгүүлцгээх юм билээ. Тэдний бахархал нь мэдээж энэ багш нар нь байж таарна.

Зуны амралтын хэд хоно­гоороо гэр рүүгээ яарцгаасан оюутнууд төд удалгүй ан­гийнхнаа санан хичээлдээ очихыг тэсэн ядан хүлээдэг тийм л оюутнууд байсан юм билээ. Хүүхдийн эмчийн анхны төгсөлтийн 40 жилийн ой 10 жилийн өмнө болсон аж. Энэ үеэр ангийн ганц гэгддэг доктор, профессор Д.Малчинхүү эмч

“Таван харвын яргуй болж нэг л хөрсөнд цэцэглэсэн

Таван намрын ургац болж нэг л талд халиурсан

Таван жил тавиулаа хамт цэнгэн жаргасан

Танхилхан оюутан нас минь дөчин жилийн тэртээ” хэмээн шүлэглэж байсан тухай ангийнхан нь хэлж байлаа.

Анагаахын сургуулийн хүүхдийн эмчийн анхны төг­сөлтөөр ганц хос төрсөн нь Д.Алдармаа, С.Бат-Очир эмч нар юм байна. Мэдээж ангиас төрсөн ганц хосдоо ангийнхан нь хүндэтгэлтэй ханддаг нь гарцаагүй. Тэр ч утгаараа ямар нэгэн арга хэмжээ болонгуут ангиараа шахам тэдний гэрт цугладаг болжээ. Энэ удаагийн уулзалт ч мөн хоёрдугаар дөчин мянгатад байрлах тэдний гэрт өрнөсөн юм аа.

Д.Алдармаа эмч насаараа хүүхдийн эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм байна. Гэсэн хэдий ч Кристиан Нобелийн сангийн асран хүмүүжүүлэх төвийнхөн өөрсдийнхөө эмчээр ажиллах хүсэлт тавьснаар хүүхдийн төлөө үргэлж “За” гэж хэлдэг түүний хувьд “Үгүй” гэх эрх ч байгаагүй юм байна. Угаасаа ажлын төлөө төрчихсөн тэдний ангийнхан гэртээ ажилгүй суухыг тэвчдэггүй муу зантай гэх юм билээ. Д.Алдармаа эмчийн хувьд оюутан ахуй цагтаа хань С.Бат-Очиртойгоо сэтгэлээ холбон өнөөдрийг хүртэл хагас зууныг дамнан өнөр бүл болон амьдарч байгаа аж. Д.Алдармаа эмч “Кристиан Нобелийн төвдөө ажиллаж байгаад бие өвдөөд хагалгаанд орсон юм. Одоо овоо дээрдлээ. Манай асрамжийн хүүхдүүд байнга миний биеийг асууж сурах юм. Энийг хар даа” хэмээн хэдэн уут дүүрэн хүүхдүүдийн сэтгэлээ гаргаж урласан бүтээлүүдийг харуулав. Үнэхээр л асран хүмүүжүүлэх төвийнхөө бурхан нь хэмээн шүтэгдсэн эмч гэдгийг нь бяцхан хүүхдүүдийн сэтгэлээ шингээн урласан бүтээлүүдээс нь харж болохоор байлаа. Алдармаа эмч “Эгч нь энэ хэдэн хүүхдүүдийнхээ ийм хөөрхөн зүйлсийг хараад бахархаад сууж байна. Бушуухан ажилдаа орох юмсан” гээд нүдэндээ нулимстай өгүүлэхийг хараад сэтгэл өмөрч л суулаа. Асран хүмүүжүүлэх төвийн бяцхан хүүхдүүд нь цаасан наамал, гар зураг, үлгэрийн баатрууд гээд өөрсдийн хийж чадах бүхий л зүйлийг урлаад дотор нь “Ээжээ, та хурдан эдгээд ирээрэй”, “Таныгаа санаж байна”, “Эрүүл энхийг хүсье” гээд маш олон зүйлийг бичжээ.

Тэдний ангийнхан Увсын Нямаа, Сэлэнгийн Гажийзаа, Баянхонгорын Адъяа, Өвөр­хангайн Ойдов тэргүүтэй ан­гийнхаа хүүхдүүдээр бахарх­даг юм байна. Хүүхдийн эмчийн анхны төгсөлтийнхнөөс талаас илүү нь тэнгэр дэвшсэн ч тэд­нийгээ үргэлж дурсан ярих нь нөхөрлөлийг нь улам бататгах мэт санагдлаа.

“Манай төгсөлтийнхөн ихэнх нь 1992 онд тэтгэвэр тогтоолгосон. Гэсэн ч бүгд залгуулаад ажлаа хийсэн. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр хүүхдийн эмч хэрэгтэй. Ялангуяа тэдний туршлага хэрэгтэй байдаг” хэмээн С.Бат-Очир эмч өгүүлэв. Туршлагатай эмч нарыг тэтгэвэрт гаргаад хэрэггүй гэдгийн тод жишээ эдний ангийнхан. Манай улс хүүхдийн мэргэшсэн эмчтэй болоод хагас зууныг үджээ. Хүүхдийн мэргэшсэн анхны эмч нарын анги шүү хэмээн бүгд бахдалтай нь аргагүй суух аж.

Оюутан ахуй цагийн хөгжөөн наргиантай дурсамжуудын нэгээхэн хэсэг нь нийслэлийнхээ бүтээн байгуулалтад мөн л ангиараа оролцон таван жил траншейны нүх ухаж газар шорооны ажил хийж явсан дэврүүн цаг юмсанжээ. Энэ бүхэн хүүхдийн эмчийн ангийнхан ойртон дотносох тийм гэрэл гэгээт өдрүүдийг тээн үлдсэн талаар өгүүлэх юм. С.Бат-Очир эмч сургуулиа төгсөөд Дорноговь аймагт хуваарилагдан очиж ажлынхаа гарааг эхэлж байжээ. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн залуу боловсон хүчнийг шууд л зөвлөх эмчээр ажиллуулсан нь тийм ч амар байгаагүй гэнэ. Тухайн орон нутгийн хүүхдүүдийн өвчлөл, нутаг орны өвөрмөц заншил, агаар усыг нь мэдрээгүй байж ийм тийм гэж том онош тавих эрх байхгүй хэмээн хэлсэн юм. С.Бат-Очир, Д.Алдармаа эмч нар гэр бүлийн хоёр хэдий ч хүүхдийн эмчийн хамгийн хэцүү талбар гэгддэг сэхээн амьдруулах тасагт ажилласаар байгаад тэтгэвэртээ гарцгаасан аж. Д.Алдармаа эмч “Нэг хүүхэд эмчлэх нь таван эмэгтэй хүн эмчлэхтэй тэнцэнэ. Нэг эмэгтэй хүн эмчлэх нь таван эрэгтэй хүн эмчлэхтэй тэнцэнэ хэмээн уламжлалт анагаахын мэргэд сургасан байдаг” хэмээн хэлж байлаа.

Харин цугласан ангийнхан дотроо эмэгтэйчүүдээ ман­лайлан ярих эмэгтэйг Цэрэндоржийн Тоня гэдэг. Түүний хувьд Баянзүрх дүүргийн 12, 13 дугаар хороонд 45 жил хүүхдийн эмчээр ажилласан юм байна. Тийм болохоор тэдгээр хорооныхоо амьд архив хэмээн дүүргийнхэн нь ярьдаг аж. Тэрний тэр тийм хүүхэдтэй болжээ гээд хэдэн үеэр нь ярьж суух жишээтэй. Ц.Тоня эмч нэг өрхийн гурван үеийг үзнэ гэдэг хэр баргийн хүнд тохиох хувь заяа биш байх шүү хэмээн бахдангуй өгүүлэв. С.Бат-Очир эмч “Ц.Тонягийн хороонд ямар ч мундаг профессор очоод бараг хүүхдүүдэд зөвлөгөө өгч чадахгүй, ичмээр юм болно шүү” гээд найзаараа бахархаж буй сэтгэлээ илэрхийлж байсан юм.

Тэдний ангиас Монгол Улсын ардын эмч, академич, гавьяат эмч Д.Малчинхүү төрөн гарсан юм. Түүнчлэн Лхагвасүрэн гавьяат ч тэдний эгнээнээс төржээ. Д.Малчинхүү эмчийн хувьд сургуулиа төгс­сөн цагаасаа хойш төрөлх сургуульдаа өнөөдрийг хүртэл эрдмийн ажлаа хийсээр яваа. Хүүхдийн эмчийн ангийнхан “Манай ангийнхныг цуглуулаад хүүхдийн эмчийн сургалт зохион байгуулбал бид мөн их зүйл хэлнэ дээ. Хөгшин гэж биднийг голохгүй бол бид улс орондоо хүчээ өргөхөд бэлэн байна. Бидний эрч хүч дуусах болоогүй, их хүч шүү” хэмээн хэдэнтээ сануулав. Тэтгэвэрт гараад 20 гаруй жил болж байгаа ч ард түмэн тэтгэвэрт гаргахгүй юм аа гэж хэлэхийг нь сонсоод нээрээ ч тийм байх даа. Ах дүү хамаатан садан найз нөхдийнхөө хүүхдийг үзэж харахаас эхлээд ажил дуусдаггүй биз хэмээн бодож байтал үүнийг батлах мэт яриа өрнөсөн юм.

Ц.Тоня эмчийг тэтгэвэртээ гарсан ч хорооных нь иргэд “Таныг тэтгэвэрт гарснаас хойш гэрээр ирж үздэг эмч ч гэж алга болж. Та хүрээд ирээч. Болохгүй бол бид таныг очиж авъя” хэмээн урилга заллага болдог гэнэ. Ц.Тоня эмч таван жил сурч сургуулиа төгсөөд Налайхын тосгонд хүүхдийн эмчээр очжээ. Залуу эмч дүнзэн байшинд ажлынхаа гарааг эхэлж байжээ. Тэндээ хоёр жил ажиллаад 1967 онд Улаанбаатар хотод ирж 45 жил ажиллаад 2012 онд тэтгэвэртээ гарсан байна. “Бидний үед мундаг багш нар хичээл орно. Тухайн үед словарь ховор тул ангиараа нэг словарьтай тойрч суугаад хичээлээ хийдэг байлаа. Анхны хүүхдийн эмч нарт оросоор хичээл ордог байсан тул Орос хэлэндээ ч давгүй сайн суралцсан” гэдгээ хэлцгээсэн юм. Ц.Тоня эмч ангийнхнаасаа хамгийн түрүүнд ээж болсон гэнэ. Түүний том хүү 55 настай хэмээн ангийнхан нь ярьцгааж байлаа. Харин бага хүү 40 настай аж. Тэрбээр анагаахын сургуульд орохын өмнө гар бөмбөгийн улсын зэрэгтэй тамирчин явсан юм байна. Анхны Бүх ард түмний спартакиадад оролцож алтан медаль хүртэж явснаа дурслаа. Манай багийнхнаас одоо гавьяат Шоовдор маань л мэнд байна даа хэмээн ярих. Түүний хувьд гар бөмбөгийн улсын шигшээ багийн тамирчин явсан гэнэ.

Хүүхдийн эмчийн ангийнхан нэгдүгээр курст орсны дараа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тужийн нарс руу мэлхий олж ирэх даалгавар аван явж байжээ. Ямар мэлхий гэхээрээ тийм хол явдаг байсан юм бэ гэхэд “Шинжилгээнд хэрэг­лэдэг мэлхий байсан юм” хэмээн өгүүлэв. Тэд ангиараа Зүүнхараа, Жаргалант, Гачуурт руу намрын ажилд явдаг байсан юм билээ.

Нямдоржийн Нэргүй, Цэрэндоржийн Тоня эмч нар сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Найрамдлын районы Амгалан дахь хүүхдийн эмнэлэгт хамт ажилладаг байсан юм байна. Н.Нэргүй эмч оюутны ширээнд тохой залган суудаг Галуугийн Халтарын хамт хичээл тараад хамт явдаг байж. Тухайн үед өнөөгийнх шиг харилцаа холбоо хөгжөөгүй байсан тул өглөө бүр бие биенээ хүлээн хамтдаа хичээлдээ явдаг байсан гэнэ. Харин Г.Халтар эмч одоогоор давхардсан тоогоор хагас сая хүнийг эмчилжээ. Тэдний ангийнхны нэг эмч л ийм олон хүнийг эмчилсэн гэхээр хүүхдийн эмчийн анхны ангийнхан гурван сая иргэнийг бүгдийг нь эмчилсэн байж таарна. Бахархмаар юм шүү.

Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг хэмээдэг. Энэ бүхэнд хэзээ ч нугарч яваагүй, эзэмшсэн мэргэжилдээ дэндүү үнэнч ангийнхан гэдэг даанч сайхан юм аа. Биднийг С.Бат-Очир, Д.Алдармаа эмчийн гэрээс гарахад ширээ дүүрэн хүүхдүүдийн бүтээл инээмсэглэл сацруулах мэт гэрэлтэн байсаар байлаа.

Биднийг “Нэг ангийнхан” булангаа бэлтгэснээс хойш Д.Алдармаа эмч бурхны хутгийг олсон тухай ангийнхан нь болон гэр бүлийнхэн нь мэ­­дэгд­сэн билээ. Ямартай ч сэрүүн тунгалаг ахуйдаа хэлсэн үгсийг нь өөрчлөлгүй энэхүү нийтлэлдээ багтаан оруулсан болно. Түүнчлэн та­лийгаачийн гэр бүлийнхэн бо­лон үр хүүхдүүдийнх нь зүгээс үргэлжийн цаг наргүй ажилд нухлагдан байдаг эмч нараа алдаршуулж, олон улсад та­ниулах, тэдний үйл хэргийг дэм­жих үүднээс “Алдар” хэмээх сан байгуулсныг дуулгалаа. С.Бат-Очир, Д.Алдармаа агсны гэр бүлийнхэн аав, ээжийнхээ мэр­гэжлийг өвлөн авцгаасан тул ийм гэгээн үйл хийж байгаа гэнэ.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зоригт: “Франц үнсэлт” киноны жижиг дүр хүмүүст их таалагдсан юм шиг байна лээ

Дуучин С.Зоригттой ярилцлаа.

-Энэ зуны сонин хачнаас ярилцлагаа эхэлье. Ямар уран бүтээл дээр ажиллав?

-Анхныхаа цомгийн ажлаа эхэлчихээд л явж байна. Цомогт маань 18 дуу багтсан. Мобикомын Hitone-той хамтарч ажиллаж байгаа юм. Мөн саяхан шинэ киноны зураг авалтад оролцлоо. Жүжигчин, найруулагч Г.Анхбаярын найруулж байгаа инээдмийн кино л доо. Намар нээлтээ хийнэ. Түүний туслах дүрд тоглолоо. Уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд А.Хишигдалай бид хоёрын шинэ дуу гарсан. “Урвахгүй, хуурахгүй, хуучрахгүй” гээд залуучуудыгаа уриалсан, цоглог уран бүтээл болсон байгаа. “Хөгжилтэй гэр бүл” киноны дуу бас гарсан. Ирэх сарын эхээр шинэ цомог маань гарна. Завгүй, уран бүтээлийн ажил ихтэй зун байлаа. Мөн Улаанбаатар хот хийгээд орон нутгийн тоглолтуудад нэлээн оролцлоо. Сум, аймгийн наадамд бас оролцсон байгаа. Хамгийн сүүлд Хөвсгөл далай дээр очиж “Энд чи байсан ч болоосой” хэмээх шинэ дуундаа клип хийлгэлээ.

-Инээдмийн кинонуудад түлхүү тоглоод байна уу даа?

-Ер нь миний тоглосон дүрүүд инээдмийн эсвэл доожоогүй хүн байдаг. Би амьдрал дээр их даруухан, огт өөр хүн шүү дээ. Гэтэл анхнаасаа тийм дүрүүд бүтээсэн болохоор хүмүүст таалагдсан юм болов уу. Тийм төрлийн рекламны ч захиалга их ирдэг. Сүүлийн үеийн олон рекламанд тоглож байна шүү.

-А.Хишигдалайтай хамтарч уран бүтээл хийгээд байгаа шүү дээ. Шинэ цомог ямар жанрынх вэ. Ганцаараа дуулсан дуунуудаа оруулсан уу?

-Цэвэр поп цомог гаргаж байгаа. А.Хишигдалай бид хоёрын хамтарч дуулсан зургаан дуу байдаг юм билээ. Тэр дуунууд бүгд орно. Мөн миний өөрийн дуулсан 12 дуу бий. Оюутан цагаасаа хийсэн уран бүтээлүүдээ бүгдийг нь багтаасан. Бүх дуу клиптэй.

-Кинонд тоглоод, дуу дуулаад яваад байна. Ингэхэд СУИС-ийг ямар чиглэлээр төгссөн бэ?

-МУГЖ Ч.Насантогтох багшийн удирдлага дор эстрад дуулаачийн ангийг 2012 онд төгссөн. Одоо дуучин, жүжигчний ажил хийж байгаа ч албан ёсны жүжигчин биш. Ер нь урлагийн хүн хувирах чадвартай байх ёстой гэж боддог. Миний хувьд хувирахад кино их ойр байсан. Би “Фэйсбүүк од”, “Франц үнсэлт”, “Давхар цохилт”, “Аз жаргалын шок” зэрэг найман кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Уран бүтээлч хүн тал бүрийн чадвартай наад зах нь нэг газар очоод дуулах гэхэд хөгжим нь ажиллахгүй бол өөрөө гитар, төгөлдөр хуур тоглочихдог бэлэн байдалтай байх хэрэгтэй гэж боддог доо. СУИС-д сурч байхдаа төгөлдөр хуурын ангид хоёр жил суралцсан.

-Оюутан ангийнхнаас чинь ямар хүмүүс уран бүтээлээ хийж байна вэ?

-Манай ангиас одоо уран бүтээл хийж байгаа нь Улсын филармонийн дуучин Т.Амина. Ихэнх нь Хятад, Орос зэрэг гадаадын орнуудад байгаа.

-Анх ямар кинонд тоглосон бэ. Өөрийг чинь хүмүүс “Фэйсбүүк од” киногоор их мэддэг?

-Хамгийн анх “Франц үнсэлт” кинонд туслах дүрд тоглосон. Би өөрөө зургийн даргаар хэд, хэдэн кинонд ажиллаж байсан. Бүх зүйлийг зохион байгуулдаг маш хариуцлагатай ажил шүү дээ. “Франц үнсэлт” киноны жижиг дүр хүмүүст их таалагдсан юм шиг байна лээ. Түүнээс улбаалаад киноны саналууд их ирдэг. Ер нь бол дүр голно гэж юу байх вэ. Зохиол нь таалагдвал хааяа кинонд тоглочихдог юм.

-Гэр бүлд тань урлагийн хүн байна уу?

-Миний өвөө Бямбасүрэн Булган аймгийн Сайхан сумын харьяат насаараа цэргийн ансамбльд хөгжимчин хийсэн хүн. Манай гэр бүлд өөр урлагийн хүн байхгүй. Анх цэргийн хүн болох уу, урлагийн хүн болох уу гэж байгаад урлагийн сургуульд орсон. Одоо замаараа, зурсан зургаараа л явж байгаа юм шиг санагдаад байдаг юм.

-Сүүлийн үед залуус хэдэн дуу гаргаж олонд танигдаад алга болчихоод байх шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Орчин үед интернэт хөгжөөд түүнийг ашигласан янз бүрийн шинэ шинэ дуучид гарч ирж байна л даа. Гэхдээ эцсийн эцэст номыг нь үзээд ногоотой шөлийг нь ууна гэдэг огт өөр зүйл шүү дээ. СУИС-д урлагийн хүн болохоор таван жил суралцсаны эцэст урт настай уран бүтээлч болдог юм байна гэж санагддаг. Түүнээс биш зүгээр телевизийн шоунд оролцоод олны ярьдгаар “од” болсон хүмүүс хоёр гурван жилдээ явж байгаад л замхардаг. Урлагийн төлөө зүрх сэтгэлээсээ явах тэр чанар дутагддаг байх.

-Аль нутгийн хүн бэ. Багадаа ямархуу хүүхэд байв?

-Дархан хотын “Од” цогцолбор сургуульд сурч байсан. Сурагч байхдаа л ангиасаа урлагийн үзлэгт ордог хөдөлгөөнтэй хүүхэд байсан л даа. Анхны дууны багш маань Алдархишиг гэж хүн бий. Дархан-Уул аймгийн Зулзагын гол гээд их сайхан газар байдаг. Тэнд мал хариулж өссөн хөдөөний хүүхэд байлаа. Хонь хариулна, хурдан морь унана. Гэхдээ ер нь бол Увс аймгаас гаралтай.

-Увсын ойд очив уу?

-Увсын наадмын үеэр Өмнөговийн наадамд дуулахаар оччихсон байсан. Энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий гээд нэлээд олон аймгаар явсан. Өмнөговь руу хоёр ч явлаа.

-Багадаа хурдан морь унадаг байсан гэхээр наадмаар морь үзэх дуртай биз?

-Энд тэндхийн наадамд очиж сайхан морь үзээд соёолонгийн хөлсөнд гараа хүргэдэг. Багадаа аймаг, сумынхаа наадамд болоод орон нутгийнхаа сунгаанд л явдаг байлаа. Тэрнээс биш улсын наадамд уралдаж байгаагүй ээ.

-Сүүлийн үеийн рекламнуудад нэлээд харагдах боллоо?

-Ер нь бол янз бүрийн рекламны санал их ирдэг. Залуу хүн учраас юм юмыг л хийе гэж боддог. Учиргүй ийш тийш үсчээд байхгүй ч хөдөлмөрч, хөдөлгөөнтэй байхыг хүсдэг дээ.

-Цаашдаа дуучин, жүжигчин хоёрынхоо аль талыг нь илүү барих вэ?

-Давхар л явах сонирхолтой. Яахав тэгээд урлаг дотроо байгаа юм чинь болох л байлгүй дээ. Кино хийх бодол бий. Мөн бие даасан тоглолтоо хийнэ гэж төлөвлөж байгаа. Эхлээд цомгоо гаргачихъя. Дараа нь тоглолтоо хийх тэр дамжлагаараа л явна.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Том хүү, доороо нэг дүүтэй. Аав, ээжтэйгээ дөрвүүлээ дээ.

-Гэр бүлтэй юу?

-Одоохондоо гэр бүлгүй. 30 нас гарч байгаад л гэр бүлтэй болно доо.

-Найр хуримын үе эхэлж байна. Урилга их байна уу?

-А.Хишигдалай бид хоёр гэр бүлийн, залуучуудын, хайр сэтгэлийн дуу дуулдаг болохоор урилга заллага ихтэй л байгаа. Залуу хосуудынхаа хурим найранд очоод дуулдаг. Яг үнэндээ залуу хүмүүс хурим хийхдээ найрныхаа хүмүүсийг дайлах зүйл, ресторан гээд өчнөөн зардал гаргадаг. Дээр нь урлаг соёлгүй, дуучидгүй найр гэж юу байхав. Бидний хувьд ялангуяа залуу хүмүүст үнэрхээд байх ямар ч шаардлага байхгүй. Боломжийн үнээр бие биетэйгээ ярилцаад дуулчихдаг.

Ж.Баярсайхан

М.Мишээл

Categories
мэдээ цаг-үе

Аюулын өөдөөс амиараа сөрсөн цагдаа

Хууль зүйн яамнаас өчигдөр цагдаа жолооч, Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг “Цагдаагийн алдар” тэмдгээр, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ш.Гантулгыг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан юм. Цагдаагийн алба хаагч Н.Энхтүвшинг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Түүний болон мэргэжил нэгт Ш.Гантулгын гавьяаг ард түмэн шагшиж байна. Тэд энэ сарын 3-ны орой 21.30 цагийн орчимд жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоосон билээ. Энэ үйл явдал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын замаас Чингэлтэй рүү салдаг уулзвар замд гарсан юм. “ММС Canter” маркийн том оврын авто машин жолоочгүйгээр уруудан өмнөх T.Prius маркийн авто машиныг мөргөж цааш өнхөрч явах үед Н.Энхтүвшин албаны машинаараа өмнүүр нь орж зогсоосон байна. Хэрвээ тухайн үед ийм шийдвэр гаргаж арга хэмжээ авч чадаагүй бол цааш хэчнээн хохирол учрах байсныг таашгүй. Тиймээс энэ сайн үйлсийг, тэр сайхан сэтгэлийг иргэд сайшаагаад зогсохгүй салбарын яам нь ийн “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан байна. Баргийн хүн гаргаад байхгүй эр зоригийг Н.Энхтүвшин гаргасан. Тэрбээр хүнд бэртэж гэмтэх, цаашлаад амь эрсдэж болох байлаа. Гэвч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байж цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ эрүүл мэнд, амгалан тайван байдлын төлөө амь биеэ хайхрахгүй ажиллаж чаддаг гэдгийг тод харууллаа.

Н.Энхтүвшин өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст эргүүлийн цагдаа жолоочийн алба хашиж байна. Тэрээр цагдаагийн албанд найман жил зүтгэж яваа туршлагатай нэгэн. Энхтүвшин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Нүрзэд, Охинцэцэг нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн дүүтэй, айлын ууган хүү. Айлын том хүү учраас хэдэн дүү нараа хүмүүжүүлэхээс эхлээд аливаа ажилд хариуцлагатай хандаж сурчээ. Түүний энэ нямбай зан өдгөө ажлын талбар дээр нь илэрч байна хэмээн хамт олон нь ярьж байна. Тэрээр 2005 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсч, 2006-2007 онд хугацаат цэргийн алба хааж ирээд Цагдаагийн курст сууж Цагдаагийн ерөнхий газар хэмээх их айлд анх хөл тавьж байжээ. Анх ажлын гараагаа цагдаагийн явган эргүүлээр эхэлж байсан гэнэ. Ингээд 2013 оноос эргүүлийн цагдаагийн жолооч албанд хуваарилагджээ. Өдгөө эхнэр Ц.Удвалцэцэг, охин Э.Тэргэл нарын хамт амьдарч байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх машиныг цааш өнхрөх үед зам дээр нэлээд олон хүн, машин байжээ. Хэрэв цагдаа амжиж тухайн машиныг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Тиймээс амь насаа үл хайхран үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн түүгээр бахархахаас ч аргагүй. Учирч болзошгүй аюулыг эр зоригоороо хааж зогссон тэрээр болсон явдлын талаар “Жолооч нь машинаа газрын уруу тавьж орхиод явчихсан юм билээ. Ослын дараа ирээд түр ачаа буулгачихаад карданаа татсан гэж байсан. 30 орчим насны залуу байна билээ. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед замын хажуугаар олон хүн байсан. Хүүхдүүд ч явж байсан. Тэр машин чигээрээ явсан бол тэр хүмүүсийг очиж дайрах аюултай байсан. Тиймээс иргэдийг хамгаалахын тулд машинаараа хаах хэрэгтэй гэхээс өөр зүйл бодогдоогүй” хэмээн яриад “Би үүргээ л гүйцэтгэсэн” гэж даруухан өгүүлнэ. Түүний ярьснаар бол жолоочгүй машин 15-20 орчим км цагийн хурдтай урагшилж байсан бөгөөд ердөө хорьхон алхмын цаана хүмүүс байсан гэнэ. Ийм эр зоригтой алба хаагчаараа цагдаагийн байгууллага бахархаж хамт олон нь үлгэр дуурайл авч ажилдаа хандах хэрэгтэй гэх хүн олон байлаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Монцемент” жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уржигдар үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болсон шинэ үйлдвэрийн туузыг хайчиллаа. Улаанбаатараас 500 гаруй км-ийн зайтай Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт баригдсан “Монполимент” группын “Монцемент” эко үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ ийн болсон юм. Тус компани нь жилдээ нэг сая тн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Харин манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.5-2 сая тн байдаг. Барилгын салбар хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед цементийн хэрэглээ улам нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс Засгийн газраас 2016 он гэхэд дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа билээ. “Монцемент” эко үйлдвэр ашиглалтад ийнхүү орсноор манай улс жилд нийтдээ гурван сая орчим тонн цемент үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Хөтөлийн болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь үндэсний үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллас­наар дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна валютын урсгалыг дотооддоо шингээх юм. Мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа барилгын салбарын хөгжлийг хангах, орон сууцны үнийг тогтвортой барих зэрэг олон талын ач холбогдолтой. Иймд импортын цементийн татварыг нэмэх бодлого хэрэгжүүлэхээр судлан ажиллаж байгааг “Монцемент” үйлдвэрийн нээлтэд оролцсон салбарын яамныхан онцолж байлаа. “Монцемент” эко үйлдвэрийн нээлтэд олон хүндэт зочид төлөөлөгчид, орон нутгийн иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр дэлхийн стандартыг хангасан технологиор шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажлын байраар ханган, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний үйлдвэрлэгч “Монполимент” групп, үйлдвэрийн хамт олонд Ерөнхий сайд баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх шинэ хуудас бичигдэж байна. Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтыг хийлээ. Монголчууд хамтдаа хөдөлмөрлөж зүтгэвэл амжилтад хүрч болохыг энэ үйлдвэр харууллаа. Монгол Улс дотооддоо “Дэлхийн чанартай Монгол цемент үйлдвэрлэдэг боллоо. Дэлхийн стандарт, тэр дундаа Европын стандарт Монгол нутгийн хөрсөнд бууж, нутагшиж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах, импортыг орлох цементээ Монголд бүрэн үйлдвэрлэж чадсан нь зөвхөн барилгын салбар гэлтгүй бусад салбарт техник, технологио өөрчлөх боломжийг олгож байна. Зам тээврийн салбар, тэр дундаа авто зам, төмөр замын салбарт технологио өөрчилж, бетон цементэн дээр суурилсан дэвшилтэт технологи руу шилжих бололцоо Монгол Улсад ойрын ирээдүйд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Дорноговь аймгийн Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэсэн “Монцемент” төсөл анх 2006 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Төслийн хүрээнд орон нутагт ихээхэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ. Тухайлбал, Сайншандад дэд станцаас салаалсан 53.3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг ашиглалтад оруулсан байна. Мөн Өргөн өртөөгөөс салбарласан 3.5 км урттай, нийтийн эзэмшлийн гарам, вагон жин бүхий салбар төмөр замыг барьжээ. Тус суманд 1000 хүний багтаамжтай орчин үеийн тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал бүхий иж бүрэн ажилчдын хотхон барьж байлаа. “Монцемент” үйлдвэрт 500-гаас дээш ажлын байр шинээр бий болох юм байна. Ийнхүү Дорноговь аймаг анх удаа барилгын материалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Цаашид нутгийн хөгжилд үүнээс ч илүү үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт орон нутгийн удирдлагууд болоод иргэд итгэл дүүрэн байв. Ялангуяа Өргөн сумын иргэд “Монцемент” үйлдвэр манай сумын хөгжлийн түлхүүр боллоо. Өргөн сум одоо байгаагаасаа гурав дахин өргөжин, 280 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбортой болж, бүтээн байгуулалт хийгдэнэ” хэмээн баярлацгааж байсан юм. Уг үйлдвэр нь цемент үйлдвэрлэхдээ байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, эко тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дэмжиж, экспортыг орлож, импортыг нэмэгдүүлэх тус үйлдвэрийн төслийг Франц, Англи, Австрали, Хятад, Швейцарь улсын салбартаа тэргүүлэгч байгууллага, зөвлөхүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа аж. Төслийн дүнд Европын стандартыг хангасан олон төрлийн өндөр чанартай чулуунцар үйлдвэрлэж, өсөн нэмэгдэж буй цементийн импортыг орлож, хөрш орнуудад экспортлох боломжтой ажээ. Мөн дотоодын цементийн тээрмүүдийг 170 жил цемент, чулуунцраар хангах найдвартай ажиллагаатай гэнэ.

Ерөнхий сайд болон арга хэмжээнд оролцож буй зочид “Монцемент” үйлдвэртэй танилцсан юм. Эднийх байгаль орчиндоо ихэд анхаарал хандуулдаг бололтой. Усан оргилуур, ногоон байгууламж хүртэл хийжээ. “Монцемент” үйлдвэр эко гэдгийн учир нь хуурай аргын боловсруулах технологийг ашигладаг юм байна. Энэ нь усны хэрэглээ хамгийн бага. Мөн хүлэмжийн хий ялгаруулж, тоосжилт үүсгэх хэмжээ ч хамгийн бага гэнэ. Тодруулбал тоосжилт, азот, хүхрийн ислийн ялгаруулах хэмжээ нь Монгол Улсын болон Европын стандарт, шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологитой. Ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90 хувийг дахин ашиглах системтэй эко үйлдвэр юм.

Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж буй “Монцемент” төслийг Хөгжлийн банк болон Евсропын Сэргээн босголт хөгжлийн банк, “Монполимет” группын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ. Ямартай ч цементийн үйлдвэрийг байгуулахад “Чингис” бондоос 45 сая ам.долларын санхүүжилт олгосон ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Ийм Өршөөлийн хуулийг баталж байгаа хүмүүсийг ичээх хэрэгтэй

Монгол Улсын Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд прокурорын салбарынхан морин цагт Чингисийн болон Сүхбаатарын хөшөөнд хүндэт­гэл үзүүлж цэцэг өргөлөө. Түүний дараа 13.30 цагт Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт болсон юм. Баярын хурлын үеэр “Манай прокурорынхон” гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байв.

Прокурорын салбарынхны ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлсэн юм. Төрийн тэргүүн “Үе үеийн прокуроруудад баярын мэнд хүргэе. Одоо явж байгаа хууль дүрмийг шинэчлээд өгөөч гэж хүссэн, хамгийн их дэмжлэг үзүүлсэн та нартаа баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм. Баярын хурал дээр олон сайхан үг хэлэгдсэн тул би хэцүү, сорилттой талыг нь ярья гэж бодлоо. Чихэр нь ихэдсэн нялуун үгийг баярын хурал дээр хэлмээргүй байна” гэхэд танхимд цугласан прокурорынхон өөр хоорондоо биесээ нудралцан гайхаж байгаа нь илт байлаа.

Монгол Улсын Ерөнхий­лөгч үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Авлигачийг авлигач гэж хэлдэг. Танд тэдэн жилийн ял тохирч байна гэж хэлдэг ийм хэцүү ажилтай хүмүүс, прокурорууд юм. Та нарыг шударга ёсны харуу­лууд гэж нэрлэдэг. Төрийн нүд чих гэж нэрлэж байна. Энэ ажлыг хийхэд хэцүү болсон. Авлига албан тушаалын хэргийг жирийн иргэн хийдэггүй. Авлигын хэргийг борчуудын хүүхдүүд хийдэггүй. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг. Үүнийг “Хууль ямар хамаатай юм бэ” гэж үздэг хүн хийдэг. “Үүнийг хийсэн ч би шийтгүүлэхгүй, би сүлжээтэй хүн” гэж бардсан хүмүүс хийдэг байхгүй юу. Ийм хүмүүсийг нүүрэн дээр нь хэлдэг. Нүүрэн дээр нь хэлээд ялагддаг хүмүүс нь та нар. Хулгайч хүмүүс ихэнхдээ нэг айлаас хулгай хийсэн байдаг. Харин авлигач бүгдээс нь хулгай хийдэг. Авлигач улсаас хулгай хийдэг. Авлигач ард түмнээс хулгай хийдэг. Авлигач Монголын гурван сая иргэнээс хулгай хийдэг.

Мөнгө өөрөө хүчтэй байдаг. Авлигын мөнгө маш хүчтэй байдаг. Өнөөдөр жирийн прокурор цалингаа авах гэж, цалингаа хүргэх гэж арай ядан яваа. Авлигын мөнгө маш хүчтэй байдаг. Авлигач мөнгийг тэрбум, тэрбумаар нь авч, эргүүлээд өөрийнхөө ул мөрийг баллахын тулд тийм системийг ажиллуулахын тулд цацдаг. Ингэж Монгол төрийн утга учрыг, ингэж Монголын явж байгаа замын утга учрыг балладаг юм. Авлигын мөнгөөр бүхнийг худалдан авч байна. Улс төрийн намыг, фракц, телевиз, радио, вэб сайтыг, та бүхний хамгийн их итгэдэг шударга хүнийг чинь худалдан авч байна. Шударга өмгөөлөгчийг худалдан авч байна. Хэмжээгүй их мөнгө хаядаг учраас авлигын мөнгөний хүч нь, хараал нь, ад нь тэндээ байдаг юм. Өнөөдөр авлигын тухай, авлигын мөн чанарын тухай хүмүүс ярихгүй байна. Мөнгөтэйд нь битгий бөхөлз. Мөнгөгүй чадал муутайд чадахын хэрээрээ тусла. Яавал өршөөж болох вэ. Яавал хуульд байгаа хамгийн бага ялыг өгч болох вэ гэдгийг бод. Болохгүй задарсан хүмүүст нь төрийн нүүрээ харуул. Чиний эрх ашгаас илүү Монголын эрх ашиг гэж байдаг юм. Ард түмний төрийг зэвсэгт дээрэмчид шиг булааж авч байна. Энэ төрийн түшээд чинь тоотой юм шүү дээ. 76 гишүүн байдаг. УИХ-ын гишүүдийг нам фракци, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хувааж байгаад өөрийнх нь хэлсний дагуу ажиллах хүнийг сайд, даргаар сонгоход хүргэж байна. Тиймээс энэ аюулын төлөө хамтдаа тэмцье. Гадны дайсны эсрэг бүгдээрээ зог­соод тэмцдэг шигээ авлигын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Авлига Монголын төрийг хувааж байна. Энэ нь Мон­голын төрийг сульдаадаг. Үнэнчээр ажиллаж байгаа хүмүүсийг мохоодог. УИХ-ын гишүүд дотор шударга гишүүд бий. Тэдэн рүү мессэж бичиж дарамталдаг. Дараа нь дэмжихгүй гэж хэлдэг. Миний л хэлсэн сайдыг сонгоорой гэж Ерөнхий сайдыг дарамталдаг. Та нар тэр сайдыг ажил хийлгэх гэж сонгох гэж бодож байна уу. Тэр сайдыг хоёрхон замаар сонгодог юм. Чи сайд болоод миний хэлснийг л хий. Надад авлигын мөнгө авч ирж өгөө гэдэг. Хоёрдугаарт, чи бусдын хийх гэж байгааг битгий хийлгэ. Ийм төрийн түшээ, ийм төрийн бодлого тодорхойлогч байж болох уу. Өршөөлийн хуулийг Ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой, ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргалаа гэж байна.

Өршөөлийн тухай хуульд борчуудын хүүхдийн алдсан хэрэг ороогүй байна гэж зарим судлаачид хэлж байна. Өршөөлийн тухай хуулийн эцсийн найруулга нь батлагдаад гарын үсэг зураад тав хоног өнгөрч байж батлагддаг юм. Тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй.

Өнөөдөр наадуул чинь Элбэгээ үнэнийг нь хэлчих вий гэж айж байгаа. Албан тушаалын хэргийг анзааргагүй, санхүүгийн асуудлыг санамсаргүй хийнэ гэж байдаггүй юм. Хамгийн аюултай, муу жишиг нь залуучууд нь энэ авлигачдаас суралцаж байна. УИХ-д бүлэгтэй, хувьдаа телевизтэй, сонинтой байх хэрэгтэй юм байна, ингэж мултарч болдог юм байна гэдгийг сурч байна.

Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байна. Хэдэн зуун саяар захиалгат нэвтрүүлэг хийж, зурагтын чинь дэлгэцээр цацаж байна. Өнөөдөр та нар хойноос нь явж, цээжнийхээ махыг барж, нэг авлигачийг бариад шийтгэсэн чинь хүүхдүүд нь “Ээжээ, ааваа таны шийтгэсэн хүн чинь ийм л гавьяатай хүн байсан байна” гэж хэлж байна. Ингэж ард түмнийг гэнэн, мартамхай, өрөвч гэж харж байна. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Тийм борчуудын хүүхэд бий юу. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юу.

Ийм хүмүүс ганц нэгээр яригддаг байсан бол одоо нэг хэсэг боллоо. Нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо энэ хүмүүс хууль гаргадаг боллоо. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юу, хэдэн сайдыг огцруулах, хэнийг ажиллуулах үгүйг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Ийм байж болох уу. Миний хамгийн ихээр итгэж явдаг зарим гишүүд тэдний өмнөөс яриад явж байна. Сонгогчдынхоо итгэлийг огоорч байна.

Би хүн уучлахдаа амь бодож уучилж байсан. Би хүн уучлахдаа Монгол Улсынхаа нэрийг бодож уучилж байсан юм шүү. Би 40-50, 200-300-гаар нь гэмт хэрэгтэн, албан тушаалтныг уучлаагүй. Бид ухарч, нугарч болохгүй. Бидний ард Монгол Улсын эрх ашиг байгаа, прокуроруудаа. Наад авлигач чинь бариад авахад би баригдаагүй байна гэдэг. “Чи ийм хэрэг хийчихсэн байна” гэхэд “би хийгээгүй” гэдэг. Би өршөөгдөх хүн биш. Би цагаадах хүн гэдэг. Тэр авлигач цагаадаж байх юм бол тэр өдрөөс Монголын төр харлана. Тэгж төрөө харлуулмааргүй байна.

Шүүхээр ялтан гэдэг нь тогтоогдсон хүн зөвлөгөө өгөх гэж ирж гэнэ ээ. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ. Өнөөдөр хууль хяналтын байгууллагын ахмадууд нүдэндээ нулимстай надтай ярьж байна. “Олон жил зүтгэсэн зүтгэл минь алга боллоо” гэж байна. Зүйл ангиар нь биш, зарчим барьж өршөөдөг юм. Анх удаа, насанд хүрээгүй, үйлдсэн хэргийг өршөөдөг юм. Түүнээс авлигачдыг өршөөддөггүй юм. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна.

Өнөөдөр хориг тавигдаж магадгүй гээд хамаг юмаа хийж байна наадуул чинь. Өнөөдөр хоёр давхар үйлдвэрийн ажилчдыг чи ийм сэтгэгдэл бич гээд мөнгө төлж байна. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалаад адлуулах байдаг л зүйл. Монголын ард түмний эрх ашиг мөнхийнх юм. Харин авлигачийн эрх ашиг мөнгө нь дуусахад л дуусдаг юм. Их мөнгөнд бууж өгөхгүй шударга ёсны төлөө тэмцэж байгаа хуулийн байгууллагын ажилтан, төрийн хууль цаазны зөвлөхүүдийг өмөөрөх болно. Тэр хүмүүсийн талд би зогсох болно.

Шүүгчдэдээ, проку­рорууддаа цалинг нь хан­галттай тавиад өгөх хэрэгтэй. Хүний гар харахааргүй амьдардаг болтол нь. Монголын төр цалин өгч байгаа юм биш хариуцлага өгч байгаа юм.

Өршөөлийн тухай хуулийг цуцлахад Ерөнхийлөгчийн хориг чухал гэж өнөөдөр олон хүн бодож байх шиг байна. Гэхдээ ийм Өршөөлийн хуулийг баталж байгаа, тийм хууль тогтоож байгаа хүмүүсийг ичээх хэрэгтэй. Алхах, гишгэх бүрт нь ичээх хэрэгтэй. Ганц найдвар бол олон түмний эсэргүүцэл, олон түмний шударга ёс байгаа юм. Ийм учраас Монгол төрийн намуудыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.

Төрийн албыг дуртай авлигачийн гарын шүүс болгодог байдлыг халах хэрэгтэй. Өнөөдөр Өршөөлийн тухай хуулийг баталж байхаар Төрийн албаны, Улс төрийн намын хуулийг батлах ёстой байсан юм.

Шударга ёс нэртэй шударга бусын эвсэл биш юм бол миний хэлээд байгаа хуулиудыг батлаад өгчих. Бид хэцүү ажил хийж байгаа. Өнөөдөр бид тэрийгээ хэлэх гэж ирсэн юм. Миний хэлээд байгаа ганц юм бий. Тийм шударга юм бол өнөөдөр шууд мэдэгдэл хийгээд УИХ-аас гарчих. Дахиж битгий УИХ-д нэр дэвш, дахиж тийм халдашгүй дархан эрхийн төлөө зүтгэ, үнэхээр зовж, хэлмэгдэж байгаа юм бол яагаад тийшээ дахин дахин очоод байгаа юм бэ.

Монгол төрийн бодлого төлөвлөлтөд битгий хэл босго, босгоны шороонд ойртууламгүй хүмүүс байна. Би өнөөдөр Монгол төрийн тамгыг барьж яваа хүний хувьд энийг хэлэх эрхтэй.

Зарим хүмүүс өнөөдөр яаж биеэ үнэлэх вэ гэдгээ бодож байгаа. Дараагийн сонгуульд танай намтай орох уу, танай намтай орох уу гэж байгаа. Монголын төрийн албыг дурын улстөрчийн гарын шүүс болгож болохгүй. Албан тушаалын нэрээр хүн дээрэлхдэг, доромжилдог байдлаа зогсоо. Энэ дүрэмт хувцсыг зөв өмсөөд, зөв хийгээд явж байгаа хүмүүс бий. Авлигатай тэмцэх гэж үсээ зулгааж байгаа хүн байдаг. Би түрүүн хэлсэн Монгол Улсын нэрийг бодож цээжнийхээ махыг бардаг хүмүүс бий гэж хэлсэн. Харин зарим хүн “Би салхилах гэж ирлээ” гэдэг юм байна. Төрийн ордон бол хүн салхилаад байдаг газар биш. Салхиа санаад хүний газрын өндөр үнэтэй байшинд байгаад бай гэж хүн хэлээгүй шүү дээ. Авлигаар авсан хэдэн тэрбум төгрөгөө аваад ир, авлига авсан дүүгээ авч ирээд хамтдаа салхилаа. Хэрэг хийгээд гараад явчихсан туслахынхаа ахыг авч ирээд хамтдаа салхилцгаа. Заавал хүний нутагт салхигүй газар зовж яах юм. Хүрээд ир. Авлигаар авсан тэр мөнгөө ил болгочих тэгээд л болоо.

Шоронд ороод намайг гаргаад өг, би амь тавилаа, цаг минут хормоор миний амь тогтож байна гэдэг. Нөгөө авлигын том сүлжээ нь баригдах болохоор тэр юм. Чоно борооноор гэж Өршөөлийн хууль батлагдах сургаар ирж байгаа юм. Нэг барилдаан болж байна гэж хүмүүсийн дунд сууж сүрийг үзүүлдэг байхгүй юу. Эх орноо санаад байгаа юм бол Монголдоо л бай л даа. Монгол Улс авлигын индексээр 120-д явж байсан бол 80 руу ороод ирсэн. Амжилт гарч байгаа. Авлигачдын эрхшээлд биш хуулийн эрхшээлд амьдаръя. Монголын эрх ашиг мөнх шүү. Үүний харуулд баттай зогсоорой гэдгийг хэлэх гэсэн юм” гэлээ.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бичин жилийн өвлийг малын хорогдолгүй давахад тариаланчид тусална

Нар ихдэж, хур багадсан зун шувтарлаа. Зун адаг сардаа бороотой байгаа ч зарим нутагт газрын гарц дорвитой сайжрахгүй байгаа нь айсуй өвлийн талаарх таамаг яриа дэлгэрэхэд хүргэжээ. Ядахад сонгууль дөхсөн учраас улстөрч сэтэртэй бүхэн ард түмэндээ хандаж үг хэлэх нь олширсон байна. Тэд “Ард түмэн минь ээ. Ган болсон. Бичин жилийн зуд ирлээ” хэмээн саймшрах, шоудахыг зэрэгцүүлэн тоть лугаа дахин давтан үглэж байгаа нь малчин ард түмнийг айдаст автуулах болж. Энэ нь эдийн засагтай холбогдож, гурил будаа, мал махны үнэ ч нэмэгдэх хандлага ажиглагдан нийслэлчүүдийг, суурин газрын оршин суугчдыг түгшээж эхэлсэн. Үнэндээ өвөлжилтөд бэлтгэх цаг ирсэн нь үнэн ч хүнд өвлийн талаар ярихад эрт байна. Хэдэн зуун зудыг ажралгүй давсан монголчуудын хувьд урт намар болвол айх зүйл байхгүй гэдгийг мэдэж байгаа ч улстөрчдийн, цаг уурчдын сэрэмжлүүлэг тогтворгүй байдал үүсгэх шинжтэй. Тиймдээ ч өвөлжилтөд бэлэн үү гэх асуулт урд жилүүдээс арай эрт тавигдаж байгаа нь энэ.

Хөдөө аж ахуйн хийгээд Аж үйлдвэрийн яамнаас авсан мэдээгээр бэлтгэл ажил хэвийн эхэлж байгаа аж. Асуудал байгаа ч шийдэж болох гэнэ. Тодруулбал, тариалалт эхлэхэд 500.2 мянган тонн үр тариа авах зорилгоор 400.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Бороо, бордоо, усалгаанаас хамааран 40 орчим хувийн ургац алдах албан бус тооцоолол байгаа юм байна. Энэ нь тариалалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд төдийлэн дарамт учруулахгүй гэдгийг саяхан Д.Эрдэнэбат сайдыг бүс нутагт ажиллахад эзэд нь ярьжээ. Яагаад гэвэл тариаланчид нэг жил ашигтай ажилласан бол хоёр жил дараалан алдагдал хүлээх чадвартай байх ёстой гэж үздэг аж. Харин чанар муутай ч болц нь гүйцэж ургасан улаан буудайг спирт болголгүй гурилын үйлдвэрүүдэд тээрэмдвэл нэг жил идэх гурил хангалттай үйлдвэрлэгдэнэ гэдгийг ч албаны хүн мэдээлж байгаа. Тэгэхээр чанар нь багахан муудсан гурил үнэд орох нь бүү хэл эсрэгээрээ ханш нь унана. Өнөөдрийн үүсээд байгаа гурилын үнийн өсөлт хэзээ ч тохиолдох ёсгүй зүйл ажээ. Нөхцөл байдлыг хэрэглэгч ард түмэн л хүлээн зөвшөөрч, дэмжээд өгвөл гарц нь энэ гэнэ. Үүний зэрэгцээ зуд болох сургаар малчид урьд өмнөх жилүүдээс ч олон мал заазлах магадлалтай учраас махны ханш бага зэрэг буурах тооцоолол гарч байна. Эндээс харахад монголчууд өмнөх жилүүдээс хямд мах, бага зэрэг чанар муутай гурил өвлийн идшиндээ нөөцлөх сонголт байна. Гэхдээ дамын наймаачид буюу ченжүүдийг хэрхэн зохицуулахаас бүх зүйл хамааралтай аж.

Тэгвэл яриад байгаачлан зуд тохиовол хэрхэх вэ гэдэг асуултад бас л гарц байна. Нэгдүгээрт, Монгол тэр чигээрээ гандаагүй учраас тодорхой бүс нутгууд өвлөөс айхгүй байгаа. Хоёрдугаарт, тариаланчдын алдсан гэх болц гүйцээгүй улаан буудайг бүгдийг нь малын тэжээл болгох санаа яамдын дунд яригдаж эхэлсэн байна. Монголчууд жилд арав гаруй мянган га талбайд малын тэжээл тарьж мөн хэмжээний газраас хадлан бэлтгэдэг аж. Харин улаан буудайн ургац алдагдсанаар энэ тоо өнөө жил хэд дахин нэмэгдэж байгаа нь “тэжээл хангалттай” гэж олон дахин хэлүүлэх хэмжээний асуудал биш биз. Тэгэхээр хэдий хүнд өвөл тохиосон ч малд өгөх өвс, тэжээл хангалттай гарна гэж мэргэжилтнүүд тооцоолон ажиллаж эхэлсэн сурагтай. Тодруулбал, улстөрчдийн иргэддээ хандан сүрдүүлээд байгаа бичин жилийн зудаас малын хорогдол багатай гарахад ургац алдсан тариаланчид туслах нь гэсэн үг. ОБЕГ-ын нөөцөд өмнөх жилүүдээс хэд дахин тэжээл нөөцлөгдөх нь тодорхой болоод байгаа нь энэ. Харин төмс, хүнсний ногооны хувьд ихэнх талбай нь усалгаатай учраас асуудал болгож ярих хэмжээний зүйл биш бололтой.

Идшээ ингээд зохицуул­чихаж чадах юм бол дараагийн санаа зовоох зүйл нь мэдээж нийслэлчүүдийн түлш, тог цахилгаан, зам харилцааны асуудал. Хот бэлтгэлээ хангалттай базаасан гэж ам бардам байна. Учир нь энэ зунжин цахилгааны хязгаарлалт хийж хүчин чадал, шугамын шинэчлэл явуулсан учраас энэ жил битгий хэл ирэх жилүүдэд цахилгаанаар дутаж дүн өвлөөр лаа барих хэмжээнд орж доголдохгүй ажээ. Дулааны хувьд ч ялгаагүй. Хамгийн их асуудал дагуулаад байсан Энхтайваны өргөн чөлөө, Зайсангийн ам, 13 дугаар хорооллын дулааны магистрал шугамыг шинэчлээд дуусч байгаа нь сайн мэдээ болон ирж байна. Үүний зэрэгцээ хүлээлт үүсгээд байсан Амгалангийн дулааны станц ирэх есдүгээр сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ. Бүр энэ өдөр түлхүүрийг гардуулан өгч, хэвийн горимоор ажиллаж эхлэхийг албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр хотын зүүн бүсийн 50 мянган өрх дулаанаар хангагдаж ачаалал тэнцвэржих юм байна. Зам засварын хувьд нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгааг нийслэлийн орлогч Н.Гантөмөр албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Харин Төв аймаг хүртэлх замын засварын ажил хийгдээгүйг анхааралгүй өнгөрч болохгүй байна. Дулаан цагт явж болохгүй байгаа уг замаар өвлийн хальтиргаатай үед иргэд зорчвол ямар хэмжээний эрсдэл хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ яамнаас нь санаачилга гарган ажил болгох нь бүү хэл сайдгүй байгаа нь энэ жилдээ асуудал шийдэгдэхгүйн шинж бололтой.

Энэ мэтээр өвөлжилтийн бэлтгэлийг хангах график гарч, бэлтгэл базаах ажил дөнгөж эхэлж байгаа үед багахан зохицуулалт хийгээд л асуудлыг шийдчихнэ гэдгийг албаны эх сурвалжууд ам бардам мэдээлж байгаа. Өвөлжилтөд бэлтгэх түүхий эдийн нөөц, түүнийг тойрсон асуудлуудыг ийн шийдэх юм байна. Харин одоо иргэд үүргээ ухамсарлан хүн бүр өвөлжилтийн хувийн бэлтгэлээ базаах л үлдэж байгаа аж. Гэхдээ түүхий эдийг бүтээгдэхүүн болгогч үйлдвэрлэгчид, түүнийг түгээгчид л асуудалд ул суурьтай хандаж ард түмнээ бодвол хонин жилийн сүүл бичин жилийн өвлийн өнгө өнөөдөр яригдаж байгаагаас өөрөөр буюу өөдрөгөөр зурагдаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд өвөлдөө цас бага унаж байгаа, өвлийн ихэнх хугацаанд дулаан өдрүүд зонхилох болсон зэрэг байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор бичин жилийн зуд гэх ойлголт өөрчлөгдөж ч магадгүй байгаа юм. Гэлээ гэхдээ зуд болохгүй байж магадгүй, төр өвөлжилтөд онцгойлон анхаарч байгаа гээд иргэд гар хумхиад суух нь хамгийн том эрсдэл гэдгийг цаг ямагт санах учиртай.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригт 75 хос хуримаа хийхээр захиалга өгчээ

Ирэх долоо хоногийн даваа гаригт
намрын тэргүүн сарын шинийн гурван, Балжиннямтай билэгт сайн өдөр
тохиож буй. Энэ өдөр гал голомтоо бадрааж, Монгол улсын айл өрхийн тоог
нэмэгдүүлэх олон хос бий.

Тэр дундаа Гэрлэх ёслолын ордонд 75 хос хуримаа хийхээр бүртгүүлжээ.
Харин аргын тооллын есдүгээр сарын 29, билгийн тооллын намрын дунд сарын
шинийн 16-нд Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр тохионо. Энэ
өдөр Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх хосуудын захиалгааар дүүрчээ.

Хурим хийхгүйгээр сайн өдрийг тохиолдуулан гэрлэлтээ бүртгүүлэх хос ч олон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан долоодугаар сарын тайланд
өнгөрөгч сард нийт 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Тэднээс анх удаа
бүртгүүлж буй 8140 хос байв.

Categories
мэдээ спорт

“Хүрхрээ” лигийн 7 хоногийн тоглолтын хуваарь

Хөлбөмбөгийн алтан түнш “Хүрхрээ” брэндийн 100 сая
төгрөгийн шагналын сантай Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд
өнөөдрөөс эхэлж байна.


Хоёрдугаар тойргийн гурав дахь 7 хоногийн эхний тоглолт хүснэгтийн
хамгийн сүүлийн байранд бичигдэж буй “Соёмбын Барсууд” баг болон 5-р
байранд бичигдэж буй “Улаанбаатарын Унаганууд” багуудын хооронд өнөөдөр
болох юм.

Хоёр багийн тоглолтыг сонирхолтой болгох хэд хэдэн зүйл байгаа нь
мэдээж “Соёмбын барсууд” баг хэдийгээр лигт анхны жилдээ тоглож байгаа ч
хараахан оноо авч чадаагүй байгаа явдал юм. Тиймээс хожил тэнцээ аль
аль нь маш чухал байх бол Унаганууд багийн тухайд тэргүүлэгчээс даруй 8
оноо хоцроод байна. Хэрвээ лигийн тэргүүлэгчийн төлөө өрсөлдөхийг хүсэж
байгаа бол хожихоос өөр үр дүн тэдэнд хэрэггүй. 2 баг эхний тойргийн
хүрээнд 5-р сарын 30нд таарч “Улаанбаатарын Унаганууд” баг 10:0
харьцаатай ялж байсан удаатай.

Харин энэ өдрийн сүүлийн тоглолт энэ тойргийн хамгийн сонирхолтой
тоглолт байх юм. Өөрөөр хэлбэл улирлын 2 дахь хожлоо өнгөрөгч тойрогт
байгуулсан, тэр дундаа лигийн тэргүүлэгч багийг ялсан “Дэрэн” клуб болон
лигийг тэргүүлж эхлээд байгаа “ФС Улаанбаатар” багуудын тоглолт байх
болно. 2 багийн лигийн эхний тойрогт 5-р сарын төгсгөлд таарч 5:2
харьцаатай “ФС Улаанбаатар” багийн ялалтаар өндөрлөж байсан. Гэхдээ энэ
бол 2-р тойрог. Хэрвээ “Дэрэн” дээд лигт үлдэхийг хүсэж байвал “ФС
Улаанбаатар” багаас оноо салгах ёстой. Тэдний хагас хамгаалалтанд
Гандэлгэр ирсэн нь үр дүнгээ өгөөд байгаа. Ач холбогдол болон агуулга
хүснэгтийн байрлал гээд олон ч зүйлээр сонирхол татах ширүүн тоглолт бид
бүхнийг хүлээж байна.

Ням гарагт ч мөн СэлэнгэПресс, Эрчим гэсэн лигийн топ багууд хоорондоо
таарч хүснэгтийн байрлалыг сонирхолтой болгох болно. Хэрвээ та бүхэн
эдгээр тоглолтыг үзэхийг хүсэж байвал МХБХ-ны талбайд хүрэлцэн ирж
дэргэдээс нь амьд орчинд үзэх боломжтой. Мөн NTV Телевиз болон TIME.MN
сайт та бүхэндээ тоглолтыг шууд дамжуулан хүргэх болно.

Дашрамд дуулгахад Хоромхон клубын хувьд АХБХ-ны цомын тэмцээний
урьдчилсан шатны тоглолтоо хийн Бутан улсад байгаа учир Улаанбаатарын
Мазаалайнууд багтай хийх тоглолт Лхагва гарагт болж хойшиллоо.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн шигшмэл хүлгүүд уралдлаа

Улсын их хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар хоймор нутгийн
уяачид наадлаа. Ингэхдээ сумандаа эхний 10-т орсон уяачдад урилга
илгээсэн байна. Хурдан хүлгүүдээ нэг дор уралдуулсан нь Хөвсгөл аймгийн
хурдыг сэргээх, уяачдаа олонд таниулан урамшуулах зорилго өвөрлөжээ.
Аймгийн шигшмэл хурдан хүлгүүдээс гадна улсын начин А.Батмөнх, аймгийн
арслан Б.Хөхчирэнгэр, Б.Баттүвшин, Г.Ганхуяг нарын тэргүүтэй 64 бөх
энэхүү наадамд урилгаар оролцов. Аймгийн цолтнуудаас гадна сумынхаа
наадмын их шөвөгт шалгарч бөхчүүд уг барилдаан зодоглолоо. Уг барилдаанд
улсын начин А.Батмөнх түрүүлжээ. “Хөвсгөлийн хурд 2015” наадмын талаар
зохион байгуулагчид “Наадам сайхан болж өндөрлөлөө. Шороо тоосгүй,
хүүхэд унаж бэртсэн зүйлгүй, ямар нэгэн будилаангүй наадам болсон”
хэмээн онцлов. Нутгийн хурдан хүлгүүдээ үзэж сонирхохоор Мөрөн хотын
хойд дэнж дээр 1000 гаруй хүн үзжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн
санаачилгаар анх удаа болсон хоймор нутгийн шигшмэл хүлгийн наадмыг
цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. Тэгвэл уралдааны
талаар уяачид нь тун сэтгэл хангалууж байгаа гэнэ. Учир нь, уг наадам
цаг агаарын хувь тун таатай нөхцөлд болсон, дээр нь бай шагнал өндөр
байсныг онцолж хэллээ.

“Хөвсгөл хурд-2015” наадмын хурдан азарганы уралдаанд 75 хурдан ажнай
шандас сорьсноос залуу уяач Б.Галсангийн цолмон хээр торгон жолоо
өргүүлсэн бол аман хүзүүнд Монгол Улсын манлай уяач Н.Намсрайдоржийн
цоохор хурдалсан байна.

Харин соёолонд 80 гаруй хүлэг шандас сорьсон. Тоосонд дарагдвал хиймроь
сэргэдэг гэж ярьдаг соёолон насны морьдын уралдааны түрүү магнайд
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдийн хүрэн үрээ хурдалсан
бол мөн дээрх сумын уяач Баттогтохын бор аман хүзүүдлээ.

Тэгвэл 100 гаруй хурдан даага гарааны зурхайгаас эргэхэд Тариалан сумын
дөрвөн даага айргийн тавд багтсан содон үйл явдал болсон байна.
Тодруулбал, Нямсүрэнгийн мөнгөн хөлт халзан даага түрүүлж торгон жолоо
өргөлөө. Харин аман хүзүүнд мөн Тариалан сумын харъяат Батцогтын хүрэн
хурдалсан байна. Гуравт Сүххуягийн цоров халзан, дөрөвт Галт сумын
Нямренчингийн шувуун саарал, айргийн тавд Тариалангийн Гантөмөрийн
хонгор даага хурдаллаа.

Хурдан хязаалангийн уралдаанд мөн л 100 гаруй хүлэг бүртгүүлсэн. Улсын
наадамд хязаалан түрүүлүүлж байсан Монгол Улсын алдарт уяач Доржпүрэв
энэ жилийн төрийн наадамд зургаад хурдалсан халиун үрээгээ сойсон байна.
Халиун хязаалан аргагүй хурдтай байж гарсан цагаасаа эхлэн өнгөлсөн.
Гэвч барианы үзүүр дээр хадуурч тав руу ухарлаа. Ингэснээр түрүү магнайд
Их-Уул сумын уугуул Ганжигүүрийн хүрэн өнгөлөв. Харин Тариалан сумын
Цэдэндоржийн хар халтар аман хүзүүджээ. Их насны морьдын уралдаанд 97
хүлэг бүртгүүлэн гараанаас гарахад түрүү магнайд Галт сумын харъяат
Нацагдоржийн ягаан халзан өнгөллөө. Харин Төмөрбулаг сумын уяач
Баясгалангийн хар морь аман хүзүүнд давхив. Шүдлэнд 100 гаруй хурдан
хүлэг гарааны зурхайгаас эргэсэн. Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Тариалан
сумын харьяат Ганбаатарын хонгор орсон бол Галт сумын Цэрэнбатын будан
бор аман хүзүүнд хурдаллаа. Сонирхуулахад, “Хөвсгөл хурд- 2015” шигшмэл
хурдан морины уралдаанд 400 гаруй уяачийн 600 орчим хурдан хүлэг
уралдлаа.