Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Манай 30 хувийн урьдчилгаа Америкийн иргэнд ч ихдэхээр байсан

Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа.

-МАН-ын зургаан сайд засагт найман сарын хугацаатай байлаа. Тэднээс салбартаа үр дүнтэй ажилласан нь таныг гэж хүмүүс дүгнэж байгаа?

-Бид хамтдаа бие биенээ дэмжиж зүтгэсэн болохоор бас тодорхой үр дүн гарсан байх. Мөн барилгын салбарынхны хичээл зүтгэл бол энэ айлыг хөдөлгөж байдаг дотоод хөдөлгүүр.

Барилгын салбарын хувьд би шинэ хүн байсан нь нууц биш. Тэр нь харин надад зарим зүйлсийг шинэлэг өнцгөөс харах боломжийг олгосон байх гэж боддог. Салбарын бодлого боловсруулах тогтолцоонд зарим шинэ зүйлсийг оруулах боломж орон зай байсан. Нэгдүгээрт, Хэрэглэгч төвтэй бодлого, түүний хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээнүүд, Хоёрдугаарт, Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, чингэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах үйл ажиллагаа, Гуравдугаарт, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яамны бодлого, арга хэмжээ, Дөрөвдүгээрт, Евростандартыг нэвтрүүлэх ажил, Тавдугаарт, Түрээсийн орон сууцны зах зээлийг бий болгож, иргэдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох ажил, Зургадугаарт, Нийгмийн даатгалын санг орон сууцжуулах хөтөлбөртэй анх удаа холбох бодлого, арга хэмжээ гэх зэрэг.

Эдгээрийг задлаад нарийвчилбал урт яриа хөвөрнө. Гол нь энэ өөрчлөлтүүдийг одоо эргүүлж буцаах бараг л боломжгүй байх гэж найдаж байгаа. Тухайлбал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ, бодлогыг буцааж, өөрчлөх гэвэл олон нийт зөвшөөрөхгүй л болов уу. Тиймээс нийгмийн захиалгад нийцсэнээрээ удаан амьдрах өөрийн дотоод нөөц чадавхитай шинэчлэлүүд болсон болов уу л гэж найдаж байгаа.

-МАН-ын сайд нарыг огцруулахын өмнөхөн та Барилгын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Төслийн агуулгыг танилцуулахгүй юу?

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээр дурдсан шинэчлэлүүдээсээ оруулж өгсөн. Ингэж байж шинэчлэл чинь яриа биш ажил хэрэг болно шүү дээ. Тухайлбал, хуулийн төсөлд бизнесийн орчинг хөнгөвчлөх бодлогыг тусгаж өгөхийн зэрэгцээ нөгөө хүн хэрэглэгч төвтэй салбар байх асуудлуудыг чинь оруулж өгсөн байгаа. Одоо бол барилгын компаниуд нэг их гоё зураг, сурталчилгаа худалдан авагчдад үзүүлээд, түүгээрээ иргэдийн худалдан авах шохоорхлыг төрүүлдэг. Энэ нь цаашдын хэлцэл хийхэд хүргэх үндсэн нөхцөл болдог бөгөөд эрх зүйн үр дагавартай зүйл юм. Гэтэл амьдрал дээрээ нөгөө гоёмсог зүйлс нь өөр болчихсон эсвэл бүр байхгүй болсон байх тохиолдол цөөнгүй л байдаг. Байр сууцны хэмжээнээс авахуулаад машины зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, засал чимэглэлийн чанар стандарт гэх зэрэг олон зүйлс сурталчилж байснаас өөр болсон байдаг. Иргэн дангаараа эсвэл хэсэг бүлгээрээ улсын комисс нэгэнт хүлээгээд авчихсан барилгын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар зарга үүсгэхэд барилгын компаниудын дэргэд зүгээр л жижигддэг. Одоо харин сурталчилгаанд ярьсан зүйлс нь байрыг худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохоор байгаа. Тэгэхээр байраа байгаагаас нь гоё болгож сурталчлах боломжгүй болж байгаа юм. Ер нь сурталчилгаандаа ярьж хэлсэн зүйлсийнхээ хариуцлагыг барилгын компаниуд бүрэн хүлээдэг болно гэсэн үг л дээ. Иргэдийн эрх ашгийг чиглэсэн бас нэг чухал зүйл бол бид барилгын баталгааны асуудлыг шинээр зохицуулахаар оруулж өгсөн байгаа. 90 жилийн түүхтэй, хийсэн бүтээсэн зүйл ихтэй барилгын салбар маань иргэдийнхээ өмнө уртаашаа гурван жилийн баталгааны хариуцлагыг л хүлээдэг тогтолцоотой байсан нь миний гайхшралыг ихэд төрүүлсэн. Уг нь энэ заалт нь барилгын дотор засал чимэглэл, тоноглолтой холбоотой байх учиртай. Гэтэл нэгэнт нарийвчлалгүйгээр ерөнхий заачихаар салбарын баталгааны зохицуулалт бүхэлдээ л үүнд захирагдчихаж байгаа юм. Тэгэхээр гурван жил өнгөрсний дараа тухайн барилгын асуудлаар түүнийг барихад оролцсон бүх этгээдийн хариуцлага дуусчихаж байгаа хэрэг. Тиймээс бид үүнийг өөрчилж, барилгын эдэлгээний хугацааг бетон, мод, төмөр хийцтэй байхаас нь хамаараад хамгийн багадаа 40-60 жил байхаар төсөлд тусгасан байгаа. Иймд барилгынхны хувьд хийсэн бүтээлийнхээ бат бэхийн асуудлаар иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлагынх нь хугацаа өөрчлөгдөж байгаа юм. Бид уг асуудлаар олон орны жишгийг судалсан. Эдэлгээний хугацаа дээрхээс хамаагүй урт байх нь ердийн үзэгдэл юм билээ. Бид бас бизнесүүддээ огцом ачаалал өгөхгүйн тулд, мөн Монголынхоо бодит нөхцөл байдлыг тооцож үзээд хугацааг арай татуу сонгосон. Энэ үзүүлэлтийг ийнхүү өөрчлөх нь гадаадын хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн салбарт татах асуудалд ч эерэгээр нөлөөлнө. Эдэлгээний хугацаа нь 100 гаруй жил байдаг орнуудын хөрөнгө оруулагчид хүрч ирээд байр байшин сонирхтол аль хэдийнэ уг байшингийнх нь талаар хариуцлага хүлээх этгээдгүй болчихсон байвал яаж хөрөнгө оруулах билээ дээ. Даатгуулах гэхэд л шууд хүндрэл гарч эхэлнэ шүү дээ. Барилгын дотоод засал чимэглэл, сантехникийн холболт, тоноглолтой холбоотой баталгаат хугацаа харин гурван жилтэй тэнцэж байгаа. Үүн дээр нэмээд тохируулгын хугацааг нэг жилээр тусгаж өгсөн байгаа. Ингээд иргэдийн хувьд дотоод эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй засуулах хугацаа дөрвөн жилтэй тэнцэж байгаа. Уг хуульд бизнесийнхнийхээ эрх ашгийг бас нэлээд сайтар тусгаж өгсөн байгаа. Дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй манайх шиг оронд барилгын тусгай зөвшөөрлийг яагаад ч юм гурван жил байхаар хуульчилчихсан байна. Яг сонгуулийн өмнөхөн дарга нарын үүдийг бүх насаараа барилга барьчихсан, нэр хүнд нь зах зээл дээр бүр танил болчихсон компанийн удирдлагууд сахиад суух магадлал байна л даа. Тэгэхээр нь тусгай зөвшөөрлийн хугацааг шууд тав эсвэл 10 жилээр өгөхөөр тусгасан байгаа. Ихэнх нь сонгуулийн мөчлөгийг давж тарах биз. Давахгүй байлаа гэхэд нэг удаа аваад даргаас дараа нь дахиад гуйх шаардлага гарч болзошгүй хугацааг аль болох холдуулах боломжийг эрэлхийлсэн гэсэн үг. Нэг удаа аваад хэсэгтээ мартдаг байгаасай л гэсэн хэрэг.

Гурван жилийн баталгаат хугацааны заалт бас нэг гажуудлыг бий болгосон байна билээ. Төсвийн хөрөнгөөр барилга барьж буй компаниудыг бас л бөөрөлхөж, тодорхой мөнгөн баталгааг уг компаниудаас гурван жилээр авч ямар ч хүүгүйгээр хадгалдаг явдал. Тохируулгын хугацаа нэг жил гэсэн заалтыг оруулснаар энэ хугацаа нь даруй 60 гаруй хувиар буурч байгаа юм. Мөн баталгааны хөрөнгө байршуулахын оронд даатгуулах боломжийг нээж өгөхөөр тусгасан. Тэгвэл компаниудад очих санхүүгийн дарамт буурсан ч хариуцлагынх нь баталгаа хэвэндээ үлдэнэ, бас даатгалын бизнес хөгжих шинэ орон зай ч бий болж байгаа юм.

Мөн барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа, шаардагдах гарын үсгийн тоог дорвитой бууруулж өгсөн байгаа. Өнөөгийн хуульд байгаа эдгээр тоог Барилгын яамны өмнөх удирдлага засгийн газрын шийдвэрээр мэдэгдэхүйц буулгаж өгсөн байдаг. Ийнхүү буулгасан тоотой харьцуулахад хугацаа ч, гарын үсгийн тоо ч тус тус 30 гаруй хувиар буусан байгаа. Гэхдээ хуулийг засгийн газрын шийдвэртэй биш, хуультай нь л харьцуулдаг. Энэ өнцгөөс авч үзэн өнөөгийн хуулийг шинэ төсөлтэй харьцуулах юм бол цаг хугацааны үзүүлэлт бараг ес дахин, гарын үсгийн тоо 3.5 дахин буюу 30 хол давсан хувиар буурсан байгаа. Бизнест энэ дорвитой дэм болно гэж бодож байгаа. Иргэн-хэрэглэгч төвтэй бодлогыг тусгасан, мөн барилгын бизнесүүдийн дарамтыг нимгэлэн дэмжихэд чиглэсэн заалтуудын заримаас жишээ болгон дурдахад ийм байна.

Энэ хуулийн төсөл барилгын салбарт үгүйлэгдэж байгаа бодлогыг хуульчилсан байх нь ээ. Төслийг өргөн барьсан сайд нь огцорсон болохоор хууль цаашаа явах эсэхэд олон хүн эргэлзэж байсан л даа.Тэгэхээр хуулийн төсөл батлагдсанаар ямар ач холбогдолтой болохыг тодорхойлохгүй юу.

-Монгол төрийн ажил хувь хүнээс хамаарахгүй байх ёстой. Тэгээд ч хууль сайдын мэдлээс гараад УИХ-ын мэдэлд шилжсэн. Сайд солигдсоноос УИХ солигдоогүй. Иймд асуудал явдаг журмаараа л явна.

Энэ хуулийн шинэчлэн найруулсан төсөл батлагдаад хэрэгжээд эхэлбэл иргэдэд, бизнесүүдэд л хэрэгтэй. Салбарыг хүн-хэрэглэгч төвтэй болгоход чиглэсэн заалтууд хуульчлагдчихвал үүнийг хэн нэгэн албан тушаалтан мартаад эсвэл ойшоохгүй явах боломжгүй болох юм. Тухайлбал, ШӨХТГ-ыг би Сайдын зөвлөл, Барилга хүлээж авах комисст оруулсан байсныг сайд өөрчилж болно. Харин хуулийг бол дагах хэрэгтэй болно. Барилгын салбарыг хэрэглэгч төвтэй болгон хөгжүүлнэ гэдэг бол маш том сэтгэлгээний өөрчлөлт дагуулна шүү дээ. Энэ нь эргээд бизнес-хэрэглэгчийн шударга харилцааг хөгжүүлэхэд л хэрэг болно. Мөн технологи, чанарын дэвшил, хариуцлагын тодорхой тогтолцооны төлөвшилтөөс авахуулаад олон дэвшлийг дагуулна гэж бодож байгаа. Зөвхөн хүн-төвтэй өөрчлөлт талаас нь ярихад л энэ шүү дээ. Түүнээс өөр бусад талаас нь яривал хуулийн шинэ төсөл олон эерэг зүйлсийг дагуулна.

Таны энэ салбарт хийсэн томоохон ажлуудын нэг бол ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон явдал. Энэ нь яг ямар шатанд явна вэ? Хэзээнээс хэрэгжих бол?

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг засгаас Хөгжлийн банкаар дамжуулан гаргах асуудал бүрэн шийдэгдсэн.

Салбар хариуцсан сайдын хувьд засгаас гаргах ёстой бүх шийдвэрүүдийг гаргуулж үлдээсэн. Одоо зөвхөн хэрэгжих цаг хугацаагаа л хүлээж байна.

Энэхүү зохицуулалтын дүнд анх удаа орон сууц авч буй, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын төлбөрөө хоёр жилээс дээш төлсөн иргэд урьдчилгаа 10 хувиа төлөөд байртай болох боломжоор хангагдаж байгаа. 10 хувийн урьдчилгааг цоо шинэ зүйл мэтээр ойлгож, бүтнэ, бүтэхгүй гэж эргэлзэх явдал байгаа. 10 хувийн урьдчилгааны тухай заалт өнөөдөр мөрдөгдөж буй урьдчилгаа 30 хувьтай зээлийг зохицуулж буй 2.4 дүгээр заалтад зээлийн урьдчилгаа 10-30 хувь байна гээд заачихсан байдаг. Тиймээс бид тэр боломжийг л ашигласан.

Зарим улсууд үүнийг Америкийн хямралтай л холбох юм. Америкийн хямрал subprime mortgage буюу хоёрдогч ипотекийн зээлээс үүдэлтэй юм. Түүнээс ердийн ипотекийн зээлээс үүдээгүй. Дэлхийн бүх улс орон ипотекийн зээлтэй. Тэнд Америкийнх шиг ипотекийн зээлийн хямрал өрнөөгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэнд зүгээр ипотекийн зээл л зонхилж байснаас subprime гэдэг тодотголтой ипотекийнх нь зээл Америкийнх шиг газар аваагүй байсан. Манайх ч гэсэн ердийн л ипотекийн зээлтэй. Маш хашир тооцож хийсэн зээлтэй шүү.

Урьдчилгааг нь 30-аас 10 болгоод л буулгачихаар эдийн засгийг хямруулдаг хоёрдогч ипотек болчихдог юм шиг гэнэн юм зарим нь ярих юм. Тэр хямралд өртсөн АНУ-д чинь Фэнни Мэй гэдэг компанийнх нь олгодог ипотекийн зээлийн урьдчилгаа нь гурван хувьтай байдаг юм шүү дээ. Интернетээр ороод харахад л шууд гараад ирнэ шүү дээ. Энэ бол ипотекийн зээлийг хамгийн ихээр нь орлого багатай иргэддээ олгодог компани. Хэрэв ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьтай байж л аюулгүй байдаг, түүнийг бага болгосноос хямардаг юм бол хямралын гашуун зовлонг ном сонингоос биш бодит амьдрал дээрээ амссан АНУ яагаад өнөөдөр хүртэл ийм бага хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийг байлгасаар байгааг тайлбарлуулмаар байгаа юм.

Фэнни Мэй зэрэг тусгай зохицуулалттай компанийнх нь зохицуулалтыг орхиё л доо. АНУ-д анхны байраа авч буй хүмүүст олгодог ердийн ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьтай л байдаг. Энэ бол боломжтой дундаж орлоготой иргэдэд олгодог зээл шүү дээ. Бас л манайхаас бага байгаа юм. Гэтэл тэнд байгаа хүмүүсийн дундаж орлого манай иргэдийнхээс хэдэн арав дахин их шүү дээ. 30 хувийн урьдчилгаа бол америк хүнд хүртэл их байгаа юм.

Америкийг харьцуулахаа больё. Сингапурт энэ урьдчилгаа 10 хувь, Тайландад 20 хувь гээд харьцуулаад байх юм бол манайх хамгийн бага орлоготой иргэдтэй хэрнээ хамгийн өндөр урьдчилгаатай байгаад байгаа юм. Байрны үнэ хөөсрөлтэй үед бол энэ чухал зохицуулалт байсан. Гэхдээ хөөсрөлт байхгүй болчихоод байхад хичнээн удаан иргэдийг ийм дарамттай зээлтэй байлгах гээд байгаа юм бол. Сингапур, Тайланд, Энэтхэг зээлийнхээ урьдчилгааг манайхаас бага байлгаад байгаа нь хямралаас айхгүй, эсвэл биднээс бага мэдээд, болгоомжгүй бодлого хэрэгжүүлээд байгаа хэрэг үү. Би тэгж бодохгүй байна.

Нэмээд хэлэхэд энэ бодлогыг шүүмжлээд байгаа улсууд эдийн засгийг хямруулахаас болгоомжлоод байгаа юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж эрэлтийг нэмэх чинь яг л тэр болгоомжлоод байгаа хямралаас нь урьдчилан сэргийлэх гэж хийж буй гарцаагүй арга хэмжээ юм шүү дээ. Үүнийг хийхгүй бол тэр айгаад байгаа хямрал чинь болно. Америкийн хямралыг нарийн судалбал хүмүүс нь зээлээ төлж чадахаа больсноос эхлээгүй, харин үл хөдлөхийн үнэ огцом бууснаас эхэлсэн юм шүү. Тэгмэгц зээлүүд муудаж, түүнээсээ үүдэн дараа дараагийн гинжин урвал явсан даа.

Саяхан нэг танил маань “10 хувийн урьдчилгаатай зээлийн тогтолцоо эрсдэлтэй, түүний оронд хямд төсөр байрны судалгааг гаргах хэрэгтэй” л гэж ярьсан байна лээ. Хямд төсөр байрыг Америкийн чинээлэг иргэдэд ч чанга тусах 30 хувийн урьдчилгаатай зээлийн тогтолцоотойгоор Монголд яаж хөгжүүлэх гээд байгааг нь сайн ойлгоогүй.

-Иргэдийг хямд орон сууцаар хангах түрээсийн орон сууцны хөтөлбөр таныг тус салбарыг удирдаж байхад шуурхай батлагдсан бас нэг ажил. Энэ хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Иргэдийг орон сууцаар хангах тал дээр хийсэн бас нэг ажил бол “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийг батлуулсан явдал юм. Улаанбаатарын иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт багтсан 1300 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах заалтыг хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн барилгын компаниудтай гэрээ байгуулж эхлээд байна. Товчхондоо төрийн зүгээс иргэдээ түрээсийн орон сууцаар хангах эхний хувилбарууд ажил хэрэг болж эхлээд байгаа юм.

“Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжээд дуусахгүй. 21 аймагт хэрэгжих юм. Аймгийн төвүүдэд эмч, багш, төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа гээд орон сууцны тодорхой хүлээлттэй айл өрх, иргэд олон байдаг. Тэдний асуудлыг ч орхигдуулахгүй шийдэх боломжтой.

Хувийн хэвшлийнхний барьсан хорооллоос тодорхой тооны орон сууцыг улс аваад дараа нь тухайн компанитай концессын гэрээгээр төлбөрөө барагдуулаад явах юм. Энэ ажил ТОСК дээр ч хэрэгжиж байгаа. Орон сууцанд амьдрах хүсэлтэй ч худалдаад авах боломжгүй иргэд олон бий. Шинээр гэр бүл болсон залуус, оюутнууд, гадаадын иргэд гээд түрээслэгчид байна. Тэдэнд байраа худалдаад ав, эсвэл боль гэдэг л хувилбаруудыг зөвхөн санал болгодог тогтолцоо бол хоцрогдоод байна. “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр хэрэгжсэнээрээ өвөл бүр асуудал болдог утаа багасах, агаарын бохирдол буурах, эрүүл ахуйн олон асуудал шийдэгдэх боломжтой болно гээд ач холбогдол нь маш их л дээ. Иргэддээ хямд төсөр орон сууцыг нийлүүлэх, барилгын салбарыг их ч бай, бага ч бай зогсолтгүй ажиллагаатай болгоход их чухал үүрэг гүйцэтгэх нэг зохицуулалт бол нийгмийн даатгалын санг орон сууцжуулах хөтөлбөртэй холбох гээд байгаа асуудал чинь шүү дээ. Бас л би сэдчихсэн юм биш л дээ. Дэлхийн бүх улс орнууд өөрийн хамгийн урт хугацааны хөрөнгийн энэ эх үүсвэрийг яг энэ зорилгод амжилттай ашиглаж ирсэн туршлага байгаа юм. Ийм хөтөлбөрт хөрөнгө оруулахыг хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэлбэр гэж үздэг. Үнэхээр ч байраараа барьцаалагдсан, байр нь хэзээ ч тодорхой үнээ хадгалж, мөнгөн урсгалыг бий болгож байдаг учраас ийм тогтолцоог бий болгосон байдаг байх. Иймд манай яамнаас өргөн барьсан хуулийн төсөл бол уг нь 10 хувийн урьдчилгаатай, 20 хувийн баталгаатай зээлээс том өөрчлөлтийг бий болгох юм шүү дээ.

-Барилгын салбарт стандарт гэж юм байгаагүй. Та сайд болсныхоо дараа иргэд рүүгээ чиглэсэн бодлого явуулна гэж байсан. Үүний нэг нь евростандартыг нэвтрүүлсэн ажил уу?

-Стандарт байсан л даа. Гэхдээ энэ нь өнөөгийн амьдралаас хоцроод бизнесийн, салбарын хөгжилд тушаа болох талдаа байгаад байна. Нөгөө хэрэглэгч-төвтэй болгох бодлогыг чинь хэрэгжүүлэх чиглэлээр авсан олон арга хэмжээний чухал хэсэг нь бол энэ стандартын асуудал.

Яаманд ирээд юуны өмнө чанар стандарт хариуцсан шинэ нэгжийг яамны бүтцэд анх оруулсан. Энэ бүтэц маань Европын стандартуудыг нэвтрүүлэх богино болоод урт хугацааны бодлогыг боловсруулах ажилд орсон. Эхний ээлжинд 160-аад евростандартуудыг нэг жилийн хугацаатайгаар шууд нэвтрүүллээ. Энэ хугацаанд эдгээрийг европ суурьтай монгол стандарт болгон батлах ажлыг хийх ёстой. Нэг жилийн хугацаанд бүгдийг нь MNS стандарт болгож амжихгүй л дээ. Яг өнөөгийн байдлаар л гэхэд дөнгөж 40 гаруй евростандартыг л монгол сууринд буулган баталж амжсан байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөг хүртэл яг хэвшсэн журам шат дарааллаараа явж эдгээр стандартуудыг нэвтрүүлнэ гэвээс энэ нь хэдэн арван жилийн ажил болохоор байгаа биз. Харин ингээд хурдавчилсан аргаар шууд нэвтрүүлээд цаашид бүх стандартыг монгол болгон баталтал жил жилээр уг стандартуудыг хэрэглэх эрхийг сунгаад явчихвал үр өгөөж нь хэрэглэгч иргэдэд өнөөдрөөс мэдрэгдээд эхлэх боломжтой юм. Стандарт хэмжил зүйн газрынхан маань энэ асуудал дээр дэмжиж шийдэмгий хамтарч ажилласныг энд тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж энэ төгс хувилбар биш. Бид байгаа хууль эрх зүйн орчиндоо зохицож, гэхдээ боломжоороо шинэлгээр асуудалд хандан ажиллаж байгаа нь л энэ. Дээрх арга хэмжээ бол богино хугацааны хэсэгчилсэн л шийдэл.

Цаашид, урт хугацаандаа бол евростандартуудыг Монголд нутагшуулахдаа шууд англи хэл дээр нь хэрэглэдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Ингэхийн тулд хууль эрх зүйн орчноос эхлээд боловсролын тогтолцоо хүртэл багагүй өөрчлөлтүүд хийгдэх ёстой байгаа юм. Мэдээж цаг уурын онцлог орчин бүсэд оршдог, тусгаар тогтносон орны хувьд манай зохих байгууллагууд эдгээрийг судалж үзээд баталдаг байх ёстой. Гэхдээ энд баталдаг гэхээсээ хүлээн зөвшөөрдөг тогтолцоог ярьж байгаа юм. Тусгайлан батлах асуудал нь зөвхөн манай цаг уурын нөхцөлд зайлшгүй тохируулж хэрэглэх стандартуудын тухайд л гарч байх ёстой юм. Ингэвэл шилжилт хамаагүй хурдасна.

Европчууд мөнгө нь багтахаа байсан баяндаа евростандартын бүтээгдэхүүнийг шаардан хэрэглээд байдаг юм биш. Тэд мөнгөндөө хэмнэлттэй хандаж буй нь тэр.

-Барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг богино хугацаанд татаж чадсан. Хятадын Эксим банк, Сингапурын хөрөнгөөр босох барилгуудын тухай мэдээлэл өгөөч. Эдгээр орон сууц баригдсанаар зах зээлд хямд үнэтэй орон сууцаар хангагдах боломж бүрдэх үү?

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн шинэ санаачилгаа хэрэгжүүлэхэд бас ахиц гаргасан. Эдийн засаг удааширсан, дотоодын хөрөнгийн эх үүсвэр эрс хумигдсан, гадаад хөрөнгө оруулалт огцом татарсан үед мөчлөг сөрж үл хөдлөх хөрөнгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж зөрүүдэлсэн гэх үү дээ ажиллалаа. Ингэж ажиллахдаа уул уурхайн салбарт манай төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран далайцтай сурталчилгаа хийж байсан туршлагыг харгалзан зохих бодлого, үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Анх удаа ийм сурталчилгаанд зориулсан өргөн сурдалгааг хийлгэж, шинэ шинэ тоо баримтуудыг боловсруулсан. Түүний үндсэн дээрээ танилцуулгууд боловсруулсан. Багагүй хүч хөдөлмөр зарцуулсан ажил болсон. Гэхдээ үр дүнгээ өгсөн. Сингапур, Туркэд хувийн салбарынхантайгаа хамтран үл хөдлөх хөрөнгийн талаар далайцтай сурталчилгааг хийсний дүнд цөөнгүй хөрөнгө оруулагчид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхогчид Монголыг чиглэсэн. Үүнд урам орсон. Болох юм байна. Энэ салбар чинь хийсэн бүтээсэн юмтай учир бусдын анхаарлыг хандуулаад л өгдөг юм бол сонирхлыг нь татахуйц юм байна гэдэг итгэлийг олсон. Харин бид энэ өнцгөөс улс орныхоо үл хөдлөх салбарыг ер сурталчилж байгаагүй юм билээ.

Нөгөө голланд өвчнөөс салахыг хүсвэл яг үүнийг л бодлогоор хийх хэрэгтэй юм л даа. Одоо Монголд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн нэг компани Сингапурын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар ажиллаж байна. Амжилттай гараасай гэж хүсч байгаа. Тэгвэл Монгол гэдэг чинь ганц уул уурхайн орон биш юм байна гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгуулах юм.

Гадаадын хувийн хөрөнгө оруулалтаас гадна хөнгөлөлттэй зээл тусламжийг салбар руугаа түлхүү татах чиглэлээр ажиллалаа. Үүний дүнд БНХАУ-ын ЭКСИМ банкнаас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг гацаанаас нь гаргаж шийдвэрлэх шатанд нь оруулсан. БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах асуудал уг нь нэлээн ахицтай яригдаж байгаа. Энэ бүгдийн дүнд улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн орон сууцны хорооллуудын барилгын асуудал зогсчихгүй урагшлах боломжтой болж байгаа юм. Нийтдээ 6000-7000 мянган айлын орон сууцны барилгын тухай ярьж байна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

“Арслан”-гийн гөжүүд шавь

Дуурийн театрын тайзнаа “Хязгааргүй” моно операгаа 350 ам.доллараар тавьж тухайн үедээ шуугианы эзэн болж байсан эрхмийнд өнжлөө. Төв аймгийн ”Монгол туургатан” театрын дарга байхдаа найруулсан “Хязгааргүй” нь тэр жилийнхээ “Гэгээн муза”-гийн хөгжимт драмын төрөлд хамаг цомыг нь хамж, бүр гран приг нь хүртэл авч байсныг театрт дурлагчид андахгүй. “Хязгааргүй” моно операг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулсан юм. Тэрээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа аж. Ч.Ганхуяг найруулагч руу өнгөрсөн баасан гаригт утас цохилоо. “Хүрээд ир ээ” гэж уриалгахан зөвшөөрлөө. Найруулагчийнх Төв аймгийн Зуун мод суманд хоёр өрөө орон сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй “Гэгээн муза”-гийн хэд хэдэн цом эгнүүлсэн ханын шүүгээ, буйдан, телевизтэй зочны өрөөндөө урив. Бага охин нь цай хоол бэлдэхэд ээждээ тусалж, найруулагч бидэнтэй яриа дэлгэлээ.

Ч.Ганхуяг найруулагчийн багш нь “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Г.Доржсамбуу юм байна. “Миний багш наддаа бурхан. Хоёрдугаар курсээсээ багшаасаа салаагүй. Би ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн юм. Шулуун шударга гэж жигтэйхэн хүн байсан. Их хатуу үгтэй. Хүний алдааг нүүрэн дээр нь шууд хэлж орхино. Хүнийг том жижиг гэж сүрдэхгүй, бардахгүй. Намайг дипломын жүжгийнхээ сургуулийг хийж байтал Гомбосүрэн гуай тайзан дээгүүр алхаад буугаад явчихлаа. Тэр мундаг том жүжигчинд нэг муу оюутан юу хэлэхэв. Гайхаад зогсч байтал багш, хөөе чи зогс гэж хашгирдаг юм.

За тэгээд л хэн чамд ингэж заасан юм, театр гэж юу болохыг мэддэггүй ийм хүн театрт ажиллаж байдаг, Монголын хамаг төмрийг энгэрээрээ дүүрэн овоолчихоод юугаа мэдэж явсан амьтан бэ чи, орж ирсэн газраараа буцаад гар гэж ирээд тачигнаж гарлаа. Гомбосүрэн гуай ч уучлал гуйгаад буцаад алхсан. Ийм тохиолдол ярья гэвэл өчнөөн л дөө” гэж байна. Багшийнх нь тухай гэгээлэг дурсамж сонсож нэг хэсэгтээ л инээд шуугиан болов. Найруулагч зургийн цомог эргүүлэнгээ “Миний хуриман дээр багш очсон юм. Тэгэхээр их сүрлэг хурим болсон байгаа биз. Хуримын орой өнөөдөр шавьтайгаа сайхан ярьж хононо оо гэж байна. Тэгээд “Монголын найруулагчдаас миний хүүд хэн илүү таалагддаг вэ” гэж асуудаг юм. Би Нямгаваа найруулагчийг их шүтнэ. Тэрийгээ л хэллээ. Гэтэл багш босоод хамаг юмаа цүнхлээд унав аа. Хаачих гэж байгааг нь асуутал “Битгий хуцаад бай, чи тэр Нямгаваа дээрээ очихгүй юу” гээд жигтэйхэн. Би ч дагаад гарлаа. Зочид буудалд өрөө авч өг гэхээр нь хэлснээр нь болголоо. Нэг их удалгүй за за больё больё хоёулаа гэртээ харья гэж билээ” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Цагаан инээдтэй ийм дурсамж багш, шавь хоёрын дунд өчнөөн юм.

“Хязгааргүй” моно операг 350 ам.доллараар тавих болсон шалтгааныг сонирхоход “Би Монголын урлагт гавьяа байгуулсан амьтан. Театрын билет 3000 төгрөг байх үед найруулсан жүжгээ 10 мянган төгрөгөөр тавьж байлаа. Араас нь Баабарын “Бооцоо” 999 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний дараа билет 6000 төгрөг болсон. “Хязгааргүй”-г 350 ам.доллараар үнэлж зарсан хойно театрын билет 10 мянган төгрөг болсон. Монголын урлагт үнэлгээний хэмжүүр тогтоосон л байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. “Монгол туургатан” театрын даргын албаа сонгуулийн дараахан өгсөн гэнэ. “Хөдөөгийн театр “Гэгээн муза” наадмаас гранпри авлаа гээд тухайн үедээ шуугицгааж байсан. Та яагаад ажлаа өгчихсөн юм бэ” гэж сонирхоход “Юм хийж эхэлдгийн даваан дээр сонгууль болоод давалгаанд нь арчигдсан даа” гэснээс өөр үг унагасангүй.

Ч.Ганхуяг найруулагчийнх хоёр охин, ганц хүүтэй юм байна. Охидыг нь Номундарь, Номунзаяа гэдэг аж. Бага хүү нь Тэнгис. Долдугаар ангийн сурагч гэнэ. Биднийг очиход Тэнгис найзуудтайгаа тоглохоор гарсан байлаа. Найруулагчийн ханийг Б.Ганчимэг гэдэг аж. Эхнэрээ “Манай гэрийн босс, миний асран халамжлагч. Хүүхдүүдтэйгээ үлдэхэд хоол цай нь таалагдахгүй. Байж байгаа нь таалагдахгүй. Энэ хүний гараас холдвол би гэдэг хүн үсрээд ойчно” гэж тодорхойлов. Байсгээд охиноосоо “Аавынх нь тэр юм хаана байна” гэж асууж байгаагаа “Би энэ айлд мэдэх юмгүй хүн. Ямар сайндаа л бага хүү “Миний аав” гэсэн зохион бичлэг хийхдээ “Миний аав ажлаасаа ирээд диван дээр хэвтэж, телевизор үздэг” гэж бичихэв” гэж тайлбарлаад хөгжилтэй инээлээ.

Гэрийн эзэгтэй загасны шөл, бууз, өргөст хэмхийн салат бэлджээ. Хооллох зуур удам судрын тухай яриа өрнөв. Ч.Ганхуяг найруулагч ааваараа бол Дундговийн хүн юм байна. Аав нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аж. Ээж нь Архангайнх гэнэ. Хотод төрөөд Архангайд өсч тэндээ дунд сургууль төгсчээ. Урлагийн гэр бүлд төрж өссөнөө ярив. Аав, ээж нь хоёулаа жүжигчин. Эмээгийнх нь эмээ “Дангийн даавуун майхан” гэдэг дууг зохиосон хүн гэнэ. Манжуудыг Монголоос гаргах үед нэг манж залуутай хайр сэтгэлийн холбоотой байж. Өнөө залуугаа хилийн ойролцоо майхан барьж байж гаргаж өгөхдөө олонд түгсэн энэ дууг зохиожээ. “Дангийн даавуун майхан даваан дээр дэрвэлзэнэ ээ, давхраат нүдтэй манжийн хүн даван давтлаа тормолзоно хө” гэсэн дууг зохиосон эмэг нь хэлэмгий гэж жигтэйхэн хүн байж. Гэрийн эзний аавын ээж Дэнсмаа гэж сайхан дуулдаг хөгшин байсан гэнэ. Зураач Доржпалам, зохиолч Д.Батбаяр хоёр аавынх нь талын хамаатан аж.

“Урлагийн гэр бүлд өссөн болохоор найруулагч болъё гэж шийдсэн үү” гэж сонирхоход урдаа байгаа загасны шөлнөөс халбагадангаа “Ёстой тэгж бодож байгаагүй. Би чинь арван жилд байхдаа сахилгагүй, сурлагаар гойд биш хүү байсан. Мөрөөдөл гэвэл жолооч болох. Хүүхдүүдийн дурсгалын дэвтэр дээр ачаатай, ЗИЛ-130 машин зурчихна. Тэгээд болоогүй ээ, доор нь энэ бол миний мөрөөдөл гээд биччихнэ. Арав төгсөх гэж байтал Архангайд кино драмын ангийн элсэлтийн шалгалт авахаар хэсэг хүн очдог юм. Аав шалгалт ирснийг дуулаад “Хүн болоод нэг удаа конкурсдсэн юм гэж хожим дурсаж ярихад сайхан шүү дээ. Миний хүү нэг шалгуулаад үзэх үү. Чамд авьяас бий. Тэнцэхгүй бол тэр л биз. Тэнцсэн ч үнэхээр дурлаад байвал жолоочоо хий” гэж аядуухан хэлж байна. Эвгүй хэлбэл гөжнө гэдгийг мэдэх учраас тэгсэн хэрэг. Тэгээд л ганцаараа тэнцэж байлаа” гэж ярив.

Дээд сургуулиа дөнгөж төгсөөд Архангайн соёлын ордонд найруулагчаар ажиллах үедээ аймгийн дарга нартай нэлээд үздэг байж. Сүүлдээ хурлаар орж дилломоо хураалгах шийдвэр сонсч байснаа сонирхууллаа. “Диплом хураана гэнгүүт өнөө мундаг амьтан чинь дипломтой ч, дипломгүй ч найруулагч гэж хэлээд ураад шидчихэж байгаа юм. Тэгээд мөрдөнд орж, 45 хоног суугаад жил зургаан сарын хорих ял сонслоо. Азаар Октябрийн 70 жилийн ойн зарлигт орж өршөөгдсөн дөө. Дараа нь намайг Хангай сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилла гэдэг юм. Юу гэж очихов. Тээврийн товчоон дээр энэ хүнийг гадагш явуулахгүй гэж бичээд зураг наачихсан. Аргаа бараад найзынхаа машины ачаан дор орж нуугдаад Архангайгаас гарч байлаа. Намын хянан шалгах хороонд өргөдөл бичлээ. Хотод ирээд ажилд авах газар байхгүй. Очих айлгүй. Оройдоо орцоор хоноглож хэсэг явдаг юм. Сүүлдээ хэцүүднэ биз дээ. Юу ч гэсэн намын хянан шалгах хороогоор оръё гээд Засгийн газрын ордонд ордог юм. Дарга нь Лхамжав гэж хүн байсан. Ороод ярих гэтэл самсаа шархираад болдоггүй. Аавыгаа харсан хүүхэд шиг гомдоод. Учраа хэлтэл шийдвэр аль эрт гарсан шүү дээ гэдэг байгаа. Бичиг хэрэг нь явуулаагүй байж л дээ. Лхамжав гуай тэр дор нь сайд руу яриад асуудлыг өнөөдрийн дотор шийд гэсэн үүрэг өглөө. Баярлаж үзээгүйгээрээ баярласан. Хоёр, гурван хоног юм идээгүй өлссөн гэж жигтэйхэн явсан үе. Юу нь хатгасан юм “Би танд маш их баярлаж байна. Та надад 50 төгрөг зээлээч. Цалингаа аваад явуулъя” гэчихлээ. Лхамжав гуай нэг их инээснээ ширээнээсээ цоо шинэ тавин төгрөг гаргаж ирээд “За залуу амжилт хүсье. Нисээд бай даа” гэдэг юм. Тэндээс яаж гарснаа ч мэддэггүй юм, нэг мэдэхэд Улаанбаатар ресторанд урдаа баахан хоол өрчихсөн сууж байсан” хэмээн ярилаа. Ингээд Дундговь аймгийн театрт найруулагчаар очжээ. Дараа нь Баянхонгор, Архангай гээд хэд хэдэн аймгийн театрт ажилласан гэнэ. Хэчнээн удаа нүүснийг нь сонирхоход “Юу ч үгүй болтлоо нүүсэн айл. Нэг ч тавилгагүй, хөнжил гудас, гурван аягатай болтлоо нүүж байсан. Улаанбаатарын бүх дүүргийг гүйцээсэн байдаг юм” гэж байна.

Энэ үеэр бага хүү нь орж ирлээ. Найруулагч хүүгээ өглөө босонгуут 100 суниалгаж, гантель өргүүлдэг гэнэ. “Миний хүү чинь тэгж болохгүй л гэвэл үгээр болно. Зургаан сард нэг чипс ид гэхэд зургаан сарыг тоолоод суучихдаг нөхөр дөө” гэж хэлээд бага хүүгээ үнсэв. Тэнгис ээжийнхээ хийсэн буузыг идэж аваад тоглохоор гарлаа. Гал тогооны өрөөнд ээждээ туслаад завгүй байсан Номунзаяа ч гарах гэж байгаа бололтой. Аль хэдийнэ хувцсаа солиод өмсчихөж. “Би ааваараа бахархдаг. Ийм аавын охин болж төрсөндөө баярладаг. Гаднаасаа ааштай юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Миний аав их зөөлөн хүн” гэж хэлээд гарч одлоо.

“Энэ жүжгийг нь сэтгэлдээ тултал хийсэн дээ гэж бодох бүтээлээ нэрлээч” гэхэд “Ромео Жульетта”-гаа онцлов. “Будаа болтлоо шүүмжлүүлээд таг болсон доо. Надад амбицтай улс өөрсдийнхөөрөө зүтгэж буруутгах гэж үзсээр байгаад дарсан. Одоо дахин сэргээн тавья гэж бодож байгаа. Тэгвэл Францын Авинионы фестивальд тоглох юмсан гэж боддог” хэмээн ярив. “Ч.Ганхуягийн “Ромео Жульетта” бусад найруулагчдаас юугаараа онцлог, өөр вэ” гэж сонирхоход “Бүхлээрээ өөр. Уг нь “Ромео Жульетта” гайхамшигтай гоё хоёр залуугийн тухай жүжиг. Миний Ромео, Жульетта тийм биш. Галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд “Ромео Жульетта”-г уншаад дүрээ булаацалдаж авдаг. Тэгээд давтаж, тоглосоор дүрүүдээ өөрийн болгочихож байгаа юм. Ромео нь дал гарсан өвгөн. Жульетта нь 16, 17-той залуухан охин. Сүүлдээ үхэл нь жинхэнэ үхэл болдог. Тэд эмнэлгээсээ оргож задгай театрт жүжгээ тоглож байгаад баригддаг юм. Олон жил бодож байгаад хийсэн бүтээл. Өнөөдөр хайр сэтгэл гэж хаана юу байна, чин үнэн хайрын төлөө тэмцэл, чин үнэн дурлал бий юу гэсэн асуултад хариу хайсан. Дурлал, хайрынхаа төлөө тэмцэж байгаа хүн өнөөгийн нийгэмд галзуу хүн болж харагддаг. Тэгэхээр галзуу хүмүүс нь эрүүл үү, эрүүл нь галзуу юу. Мөн чанар нь яг юу юм. Энэ санааг хэлэх гэж сонгож авсан хувилбар” гэсэн хариу хэллээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан Баатар найруулагч “Ромео Жульетта” жүжгийнх нь талаар “Би хэзээ ч ингэж бодож чадахгүй юм билээ. Яаж бодсон юм гэж гайхдаг. Гайхалтай л гэхээс өөр үг хэлж чадахгүй” гэж ярьжээ.

Энэ жилийн наадмын нээлтийн баатруудтай хэсгийг Ч.Ганхуяг найруулагч найруулжээ. “Миний санаачилсан сценариар хийлгэнэ гэвэл хийе” гэж байж ажилласан гэнэ. Улсын наадмын нээлтийг зургаан удаа найруулсан юм байна. Наадмын нээлт дээр шүүмжлэлтэй явдгаа ч хуваалцав. “Хэн дуртай нь жил бүр наадмаар тоглоод баймааргүй санагддаг. Наадмын нээлт гэдэг чинь нэг л ёслол. Есөн цагаан туг залах ёслол шиг наадам нээдэг тогтсон нэг ёслолтой болмоор байгаа юм. Тэр ёслолыг нь үзэх гэж дэлхий ирдэг байвал илүү өгөөжтэй. Бээжинд өглөө бүр төрийн далбаа өргөх ёслол болдог. Дөрөв, таван цэрэг л хааны ордноос гарч зам хөндлөн гараад бүх хөдөлгөөн зогсч тугаа зөөгөөд алхдаг. Ийм жижигхэн ёслол хэрнээ дэлхийн жуулчдын үзэхгүй өнгөрөх аргагүй ёслол болчихсон. Монгол наадам тийм л байх ёстой. Би өмнө нь саналаа хэлж байсан. Төрийн ёслолын албаны өмнөх дарга халгаагаагүй” гэж ярив.

Гэрийн эзэгтэй хоолны дараа нэрс жимс таваглаж тавилаа. Ер нь л үг дуу цөөтэй хүн юм. 1987 онд аравдугаар анги төгсөөд аймгийнхаа соёлын төвд бүжигчнээр оржээ. Ч.Ганхуяг найруулагчтай 18 насандаа ханилсан аж. “Миний аав, ээж Дундговийн улс. 1959 онд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл сайхан амьдарч яваа буянтай буурлууд бий. Би ч гэсэн ханьтайгаа олон жил жаргал, зовлонгоо хуваалцаж сайхан амьдарч байна. Энэ л манай удмын бахархал даа” гэснээс өөр үг унагасангүй. Найруулагч хажуунаас “Манай хүн чинь өдөрт 16 үг хэлдэг байсан юм. Сүүлийн үед 1860 үг хэлдэг болчихсон. Хажууд нь ийм яриа хүн суугаад байхаар халдварладаг шиг байгаа юм” гэж эхнэрээ цаашлуулаад авав. Тэгснээ зургийн цомгоос эхнэрийнхээ бүжиглэж байх үеийн зургийг харуулаад “Ийм цагаан дарь эхийг ногоон дарь эх болгочихсон хүн дээ би” гээд мушилзав. Цагаан дарь эхийн өмсгөлтэй бүжиглэж байх үеийнх нь зураг аж. Хорь дөнгөж хүрч байгаа үеийнх нь патиар бололтой.

Гэрийн эзэн ноднингоос л гэр амьтай болж байгаа аж. Цэргийн дуу бүжгийн чуулгын найруулагч болсноос хойш өглөө бүр долоон цагаас гэрээсээ гарч байгаа гэнэ. Орой арав, арваннэгэн цагт л гэрийн бараа хардаг юм байна. Чуулгаа гадагш нь гаргах, дэлхийн урлагийн тайзнаа Монгол гэсэн нэрийг дуудуулах ойрын зорилготой яваагаа сонирхуулав. Кино хийх бодолтой яваагаа ч хуваалцав. Ч.Ганхуяг найруулагч эмнэлгээс чөлөөгөөр гарч биднийг хүлээж авсан юм. “Хамгийн болдоггүй юм зүрх. Аппараттай байгаа юм. Мөнгө төгрөгийн эв таарвал хагалгаанд орж судаснуудаа солиулаад ирчихвэл аятайхан болчих гээд байдаг. Японд хагалгаа хийлгэхэд 100 гаруй сая төгрөг болох юм билээ” гэж ярив.

Хошин шогийн хамтлагуудын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхоход “Урлаг биш гэх аргагүй. Би буруутгадаггүй. Эд чинь мэдрэмжийн хувьд их өөр. Зрителээ мэдрээд байна л даа. Тоглоод байгаа юм нь яг нарийндаа дорно дахины театрын элементүүд. Дорно дахиныхан инээх, уйлах дуртай. Бодох дургүй. Юм бодуулна гэдэг чинь европ стандарт. Дорно дахинд уярах, уйлах, инээх ёстой. Энэ үндсэн жанр нь. Хошин шог зарим хэсэгтээ нулимстай байдаг шүү дээ. Тэгэхээр хаа хамаагүй хүний юм хийгээд байгаа улс биш” гэж байна.

Найруулагч биднийг үдэж өгөхдөө “Сүүлийн үед хүмүүс хүүхдээ тоо сайн бодуулж, хэл сургах гэж зүтгээд байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөөллөх уран сайхны суурь боловсрол гэж алга. Уран сайхны суурь боловсрол бодлогоор тавигдаагүй нөхцөлд хүний хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийн ертөнц төгс боловсрохгүй. Зөв хүн болгохын тулд, сэтгэл нь эмзэглэж, өвдөж чаддаг хүчийг бий болгохын тулд уран сайхны суурь боловсрол байхаас аргагүй. Холливудын алдартай найруулагчид сургуульд үзсэн суурь боловсрол дээрээ л дөрөөлсөн байдаг” хэмээн бодлоо хуваалцсан.

“Хэнд зориулж юу бичиж юу хийхээ мэдэхээ байж байна. Өнөөдрийн үзэгчдэд таалагддаг юм хийнэ гэхээр тэдний сэтгэхүйгээр ажиллах хэрэгтэй болно. Тэр сэтгэхүй нь надад байхгүй. Тэгэхээр миний хийсэн бүтээл тэдэнд таалагдахгүй” гэх мэтийн найруулагчийн л амнаас гарах “хөндлөн” үгсийг тэднийд байх хугас өдөржин сонсч, урлагийн тухай, театрын тухай хөөрөлдлөө.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургуудыг Д.Лхагвадорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нацагдоржийн Түвшинтөгс: “Өргөөний баяр наадам” симфони удиртгалаа сонсоод аав минь нулимс унагасан гэдэг

Төрийн шагналт хөгж­мийн зохиолч Цогзолын Нацагдоржийн хүү, “Цогзол Нацагдорж”
сангийн тэр­гүүн Н.Түвшинтөгстэй ярилц­лаа.

-Таны аав Монголын сим­фони хөгжим, хөгжмийн театрт асар олон талт, гүн гүнзгий соёлыг бүтээжээ. Өнөөдөр
та аавынхаа нэрээр нэрлэсэн “Цогзол Нацагдорж” санг тэргүүлж байна. Сангийн тань
ажил ямархуу явж байгаа вэ?

-“Хийхээсээ өмнө дэмий ярих дэмий” гэж аав хэлдэг байсан. Тэр үг миний сэтгэлд
бүр шингэчихсэн. Гэхдээ ирэх жил аавын мэндэлсний 65 жилийн ой тохиох юм. Бид юу
хийхээ одооноос бодож л байна. Аавын “Гүн
гэрийн гүнж” гэж дуурь байдаг. Кон­цер­тын хэлбэрээр анх тоглогдсон байдаг юм. Энэ дуурийг жинхэнэ дуурийнх нь хэлбэрээр тоглуулах
юм сан гэж ээж бид хэд ярилцаад л байна. Сураг сонсох нь ээ, Дуурийн театр энэ бүтээлийг
тайзнаа тавьж магадгүй сонсогдож байна. Үнэнийг
хэлэхэд, аав маань ирээдүйд юу хийх гэж байгаагаа огт ярьдаггүй байсан. Хийсэн зүйлээ
л ярина уу гэхээс хийх гэж байгаа юмаа урьдчилж яриад байдаггүй байжээ. Энэ чанар
нь дүү бид хоёрт бас байх шиг байна. Ямар
ч байсан жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд төрсөн өдрөөр нь тоймтой ажил зохион
байгуулж хийж байя гээд өнгөрсөн 2011 онд
мэндэлснийх нь 60 жилийн ойгоор гурван өдрийн тоглолт хийсэн л дээ. Эхний өдөр
“Тунгалаг тамир” мюзиклыг нь тайзнаа тавьсан. Аав “Тунгалаг тамир” мюзиклээ гол
нь найрал дуучдын уран бүтээлд зориулж хийсэн юм байна лээ. Өмнө нь найрал дуунд
зориулсан том хэмжээний бүтээл бараг байгаагүй юм билээ. Үүн дээр хормейстр Дашбямба
ах, техникийн талаасаа “Анир” студийн Алтанхуяг нар хамтарч ажилласан юм. Анх Дуурийн
театрт тавьсных нь дараа Алтанхуяг Лодойдамба
гуайн төрсөн нутаг Говь-Алтай аймагт аваачиж тоглуулахаар ээжээс зөвшөөрөл авч байсан
санагдана. Бодвол тоглуулсан байх. Дараагийн өдөр нь бид СУИС дээр эрдэм шинжилгээний
бага хурал хийлгээд гурав дахь өдөр нь Дуурийн театрт симфони бүтээлүүдийг нь тоглуулсан.
Бас хүмүүсийн дурсамж дур­датгалаар “Цогзолын Нацагдорж буюу хувь заяаны симфони”
нэртэй ном, “Нутгийн чулуу II” гээд мэргэжлийн дуулаачдад зориулсан дуунуудаар нь
ном гаргасан. Энэ номыг УГЗ Ц.Пүрэвхүү ах ивээн тэтгэж хэвлүүлсэн юм. Өмнө нь аав
өөрөө “Нутгийн чулуу” номынхоо эхнийхийг гараараа бичиж канондоод цөөхөн хувь гаргаж
үзээд дараа нь ном болгож хэвлүүлж байсан л даа.

-“Үүлэн заяа” дуурийнх нь тайзыг бас шинэчилсэн байх аа?

-Тэгсэн. “Үүлэн заяа” дуурийнх нь 25 жилийн ой ч тохиож
таарсан юм. Цомнолыг нь зохиолч Ш.Шажинбат
гуай бичсэн шүү дээ. Аавд төрийн шагнал авчирсан бүтээл юм. Аав маань “Үүлэн заяа”
дуурь, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбар, IV симфони гэсэн гурван бүтээлээрээ
1993 онд төрийн шагнал хүртсэн шүү дээ. Тэгээд “Үүлэн заяа” дуурийг анх тайзнаа
тавьснаас нь хойш 25 жилийн дараа бид тайз
декораци, хувцсыг нь шинэчилж тоглуулсан л даа. Театр ч их сайхан дэмжсэн. Ер нь түүхэн дуурийн тайз, хувцас их нарийн байдаг
юм билээ. Хувцасны загвар нь гэхэд л дүрүүдийнхээ хувийн мөн чанарыг харуулсан байх
жишээтэй. “Үүлэн заяа” –гийн хувцсыг шинэчлэхэд дизайнер Гунгаасүхийн Оюун ажилласан.
Бас анх тоглож байсан жүжиг­чид, уран бүтээлчдийг нь урьж, гэрэл зургийн жижигхэн
үзэсгэлэн гаргасан юм байна. Тэр үеэр бид Шажинбат гуайн хүүхдүүдтэй холбогдох гээд
чадаагүй. Гэтэл яаж дуулсан юм бүү мэд, тоглолтын да­раа хүмүүсийг хүлээж авч байтал
Шажинбат гуайн хүү гээд ирээд баяр хүргэж байсан. “ Үүлэн заяа” дуурьт гардаг жаал
хүүгийн дүрд 10 настайдаа тоглож байсан гээд нэг хүү ирж ч байх шиг. Дуучин Ариунбаатар
ахын хүү, багадаа аавын дуурьт тоглож байсан юм билээ л дээ. Ийм сонин уулзалтууд
ч тэр өдөр болсон шүү. Хамгийн гол нь “Үүлэн заяа” дуурийн клавирыг нь шинээр хэвлүүлсэн
л дээ. Гурван зуу гаруй хуудастай зузаан ном болсон. Театрынхантай хамтарч хийсэн
юм.

-Аав тань “Учиртай гурван толгой”, “Ламбугайн ну­лимс”, “Чингис хаан” гэхч­­лэн
монгол дуурийн хэд хэдэн бүтээлийн эх бич­вэрийг компьютерт анх шивж хэвлүүлж байв.
Театрт ганцхан хувь байдаг эх бичвэрүүд, бусад нь гар хуулбарууд шүү дээ. Тэгэхэд
та ноот шивж аавдаа тусалж байснаа өмнө ярьж байсан. Одоо та ноот шивж байгаа юу?

-Аавдаа туслах гэж л ноот шивж байсан юм. Дахиж ноот шивээгүй.

-“Учиртай гурван тол­гой”-г шивж байхад танд ямар мэдрэмж төрж байв. Монголын
анхны дуурь, хэзээ ч тайзнаас буухгүй тийм гоё жүжгийн эх бичвэр дээр ажиллана гэдэг
ховор тохиох аз юм л даа?

– Би уг нь кино зураглаачийн мэргэжилтэй л дээ. Жигжидийн нэрэмжит Кино урлагийн
дээд сургуулийн зураглаачийн ангийг 2002 онд төгссөн. Сургуулиа төгсөөд шууд гэртээ
сууж аав­тай ноот шивэх ажил хийж эхэлсэн. Эхэндээ би дургүй байсан юм. Мэргэжлээрээ
ч юм уу өөрийнхөө юмыг хиймээр байдаг. Гэвч аав “Ямар ч байсан чи хийгээд үз” гэсээр
байгаад ноот шивүүлсэн. Хам­гийн анх нэг
дуу шивсэн санагдана. Тэгээд л жаахан сонирхолтой санагдаж эхэлсэн гэх юм уу. Дараа
нь шууд “Учиртай гурван толгой” дуу­­рийн клавирыг шивсэн дээ. Хөгжмийн мэргэжилгүй
болохоор тэр олон ноотон дунд бараг л төөрчихсөн амьтан суудаг байлаа.

-Тэр чинь хэдэн зуун мянга, саяар тоологдох ноот, тэгээд гар бичмэл байгаа
шүү дээ. Ер нь ямархуу байв?

-Тийм ээ, гар бичмэл. Хөгжимчдөд тараахын тулд эхийг нь гараараа хуулбарлаж
бичдэг байсан юм байна лээ. Хаа очиж тэр нь их цэгцтэй. Хараад мэдэхгүй юмаа ааваас
асууна. Ноот гэдэг чинь тэр чигээрээ дүрс л юм чинь компьютерт шивсэн дүрс, аавын
тэмдэглэж өгсөн хэсгийг харьцуулж харж байгаад хуулаад хийдэг байв. Дээд талд нь дуучдын дуулах ноот үгтэйгээ, доор
нь төгөлдөр хуурын тоглох ноот, дуурийн өрнөл, эрэгтэй эмэгтэй хоор гэхчлэн үнэхээр
толгой эргэмээр. Сүүлдээ жаахан гадарлаад ирдэг юм билээ. Дараа нь том хэмжээний
зохиол гэх юм бол, Шарав ахын “Чингис хаан” дуурийг, бас Лувсаншарав гуайн дууны гурван ч номон дээр ажилласан. Тэгж байгаад би
Солонгос руу явсан. Аав маань Билэгийн Дамдинсүрэн гуайн “Учиртай гурван толгой”
дуурийг Монголдоо анх ингэж бүрэн эхээр нь компьютерт шивж хэвлүүлсэн юм. Аав Дамдинсүрэн
гуайн охинтой очиж уулзаж ном хийх зөвшөөрөл аваад хийж байсан. Монголын анхны дуурь,
театрт байгаа хувь нь маш их хуучирсан, дуучдад ноот нь олдохгүй болчихсон гээд
олон хүндрэлийг аав олж хараад заавал хийх ёстой ажил гэж үзсэн юм байна лээ. Сүүлд
аав намайг эзгүй хойгуур Х.Билэгжаргал ахын “Ламбугайн нулимс” дуурийг ном болгож
гаргасан. Энэ мэтчилэн аав маань бусад хөгжмийн зохиолчдынхоо уран бүтээлийн түүвэр
ном олныг гаргаж, олон хүний бүтээлийг компьютерт оруулж өгсөн дөө. Тэгсэн хэрнээ
өөрийнхөө бүтээлээс бараг хийгээгүй. Өөрийнх нь бүтээлүүд зөвхөн гар бичмэлээрээ
үлдсэн байгаа. Хүмүүсийн бүтээл дээр аав голдуу шөнө сууж ажилладаг байсан. Өдөр
нь би ноотыг нь компьютерт шивчихнэ, аав шөнө нь суугаад мэргэжлийн үүднээс редакторлаад
гаргачихдаг байсан. Аав өөрөө бас ноот шивдэг байсан ч компьютер удаан ширтэхээр
нүд өвдөөд байна гэдэгсэн.

-Та Солонгост юу хийв. Хэдэн жил болов?

-Зургаан жил гэрээгээр ажилласан.

-Ц.Нацагдорж гуайн таван симфони, концертууд, дууриуд, балетын хөгжмүүд гээд
хөгжмийн бүх төрөл хэлбэрийн арвин их бүтээл байна. Харамсалтай нь тэр сайхан бүтээлүүдээс
хүмүүс сонсч байхаар цомог ч юм уу бараг алга л даа. Ганц “Өргөөний баяр наадам” симфони удиртгалыг л хүмүүс
онлайнаар сонсдог юм шиг байна?

-Ганц “Өргөөний баяр наадам” нь Youtube дээр байдаг юм. Симфони хөгжмийн
том хэлбэрийн бүтээлүүдийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр гаргахад амаргүй шүү
дээ. “Өр­гөөний баяр наадам” гэснээс аав нэг удаа Хойд Солонгост болдог “Хаврын
баяр”-т явж, тэндхийн театрт энэ симфони
удиртгалаа сонсоод уйлсан гэдэг юм. Бүрэнбэх гуай дохиж Солонгосын оркестр тоглосон
юм билээ. Хөгжмийг бас ингэж гоё тоглодог юм байжээ гээд өөрийн эрхгүй нулимс унагасан
гэдэг юм.

-Аавын тань амьд сэ­рүүндээ өгч байсан ярилц­лага байна л даа. “Би дөчин
жил хөгжим бичлээ. Эргээд харахад Нацагдоржийнх гэ­­сэн нэг чиг хандлага бай­на.
Нацагдорж гэдэг хү­ний ерөнхий төрх. Тэр байтугай аль нутгийн хүн бэ гэдэг маань
хүртэл ха­раг­дана. Хүний төрсөн га­зар шороо гэдэг хаа нэг газар заавал гарч ирээд
бай­даг юм. Үүнээсээ хэзээ ч салж чадахгүй байх” гэж ярьж байсан. Гэтэл “Хөдөөгийн
сайхан” симфони сюит бол яг л ийм байх жишээтэй.
Говийн амьдрал нү­­­­дэнд үзэгдэх шиг болдог шүү дээ?

-“Хөдөөгийн сайхан” симфони сюитийн “Тэмээний уралдаан” гэж дөрөвдүгээр анги
нь байхаа. Энэ надад их гоё санагддаг юм. Бүр нүдэнд харагдтал бичсэн байдаг л даа.
Аавын төрсөн нутаг Дундговийн Эрдэнэдалай сумын Шаврын ханан гэдэг газар юм. Зуутын
хийд гэж Эрдэнэдалай суманд байдаг. Тэнд нэг ах нь амьдардаг юм. Өнгөрсөн зун ээж
дүү бид гурав аавынхаа эгч ах хоёрыг гэр бүлийнх нь хамт аваад аавын нутагт очлоо.
Аавынхаа төрсөн газарт хүндэтгэлийн хөшөө босголоо. Манайхан баяуд овгийнх гэж явдаг юм. Нэг ёсондоо
овгийнхондоо зориулж босгосон хүндэтгэлийн
хөшөө юм даа. Энэ жил бас гэр бү­лээрээ явах санаатай байсан ч амжсангүй. Ер нь
хүний төрсөн нутаг ус гэдэг аавын хэлдгээр ёстой л нарийн шижмээр хол­боотой байдаг
юм билээ л дээ. Тэр бүү хэл байгаль уул усаа дуулсан бүтээл хүртэл тэр нутаг ус
газар шороотойгоо их нарийн холбогдчихдог юм шиг санагддаг. Аавын “Нутгийн чулуу”
гэдэг дуу бий дээ. Үг нь Зуунай агсны шүлэг. Энэ дууны хө­шөөг Зуунай агсны төрсөн
нутаг Говь Алтай аймагт босгож л дээ. Тэр
нутагт зун бороо орохгүй ган болж байсан юм гэсэн. Гэтэл “Нутгийн чулуу” дууны хөшөөг
нээж ёслол хийх мөчид бороо орсон гэж нутгийн хүмүүс ярьдаг юм. Сонин шүү.

-Бараг сүүлчийн ярилцлагуудынх нь нэг байх аа. Хоёр хүүдээ хөгжмийн боловсрол
эзэмшүүлээгүй маань миний буруу ч байж үү дээ. Нэг хүү маань морин хуурч болъё гэхэд
нь би болиулчихсан юм, харамсмаар… гэж ярьж байсан?

– Хэдийгээр урлаг, хөгжим гэдэг сайхан ч хүнд хэцүү салбар шүү дээ. Дүү бид
хоёрыг аав хайрлаж харамласан шиг байгаа юм. Хоёр хүүгээ тэгж зовоохгүй гэдэг байсан.
Дүүг тавдугаар ангид байхад аав ХБК-ийн морин хуурын ангид орох уу гэж ганцхан удаа
асуусан юм. Дүү тэгье гэж байтал яагаад ч юм аав гэнэт болиулчихсан.

-Ингэхэд, ээж, аав хоёрын­хоо хэрхэн танилцаж гэр бүл болсон түүхийг яриулж
байв уу?

-Яг сонирхож асууж байсан­гүй л дээ. Танилцахаасаа өм­нө хөршүүд байсан гэсэн.
ШУТИС-ийн Компьютерийн сургууль байгаа тэр газар өмнө нь айлууд амьдардаг байсан
гэсэн. Тэнд аав хоёр ахтайгаа амьдардаг байж л дээ. Ээжийнх хөрш. Далан хэдэн он юм болов уу даа.
Тэгж явж байгаад л танилцсан гэдэг юм.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жаргалсайхан: Таггүй траншейнд машинаа эвдсэн бол цагдаагийн байгууллага гомдлыг барагдуулна

Ирэх сарын 1-нээс эхлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхантай ярилцлаа.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдлээ. Ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль анх 1996 онд батлагдсан. Энэ хууль өнөөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тэр болгон хангаж чадахгүй байгаагаас өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Хууль шаардлага хангаж байсан бол олон хүний амь нас, эрүүл мэнд аврагдах ёстой. Гэтэл жил ирэх бүр ослын тоо өсч байна. Үүнийг зөвхөн автомашины өсөлттэй холбохоос илүү Монгол Улсын эрх бүхий албан тушаалтан, яам, байгууллагууд хамтарч байж бууруулж болох юм гэдэг нь харагддаг. Өнөөдрийг хүртэл замын аюулгүй байдлыг хэдэн цагдаа гудамжинд зогсоод зохицуулаад, торгоод болчих мэтээр хүн болгон ханддаг болчихсон. Гэтэл замын хөдөлгөөний аюулгүй байдал бол олон байгууллагын уялдаа холбоо, хариуцлагатай холбоотой зүйл. Хуучин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэн юу хийх, хариуцах нь тодорхойгүй тунхгийн шинж чанартай байсан. Харин одоо Засгийн газар, дүүрэг, аймгийн Засаг дарга нар, цагдаагийн байгууллага, харьяа яам, агентлаг, Эрүүл мэндийн яам ямар ажил, үүрэг хариуцахыг тус тусад нь тодорхой болгож өгсөн.

-Журам нь батлагдсан уу?

-Хуулийг дагаад нийтдээ 26 журам батлагдах ёстой. Үүн дотор замын хөдөлгөөний дүрэм, ачиж зөөвөрлөх журам, бэлэн бусаар замын хөдөлгөөнийг хянах журам, жолооч бэлтгэх шалгалт авах, зам тээврийн осол хэрэгт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх журам гэх мэт орно. Есдүгээр сарын 1-нээс өмнө бүгд батлагдах юм. Энэ батлагдаад ирэхээр хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эрхзүйн орчин нөхцөл байдалдаа тохирсон, ажил хэрэгч болох байх аа гэж бодож байгаа.

-Ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулбал цаад байгууллагыг нь торгоно гээд байгаа?

-Хот хооронд тээвэр хийдэг компанийн эзэн зорчигч тээврийн хэрэгсэл дээрээ ганц жолооч ажиллуулдаг гэж бодъё. Энэ нь ээлжийн жолоочийн цалинг хэмнэж байгаа ч хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй алхам. Тийм учраас заавал ээлжийн жолоочтой байлгах, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг хангах ёстой. Жишээлбэл, Ховд руу явж байгаа автобус байлаа гэхэд жолооч нь зургаагаас найман цаг яваад амрах ёстой. Зогсоод ээлжийн жолооч нь солигдож нөгөөх нь амрах учиртай. Тэгэлгүй баазын захирал зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодвол жолооч зүүрмэглээд зүв зүгээр хөдөлгөөнд оролцож байсан нэг хүн, тээврийн хэрэгслийг мөргөж дайрах эрсдэл үүснэ. Тиймээс мөнгө олохоос илүү хүний амь нас, эрүүл мэндийн төлөө анхаарлаа тавьдаг байх ёстой гэсэн сэтгэлгээ, харилцаа, хариуцлага тогтох зарчмыг хуулиараа гаргаж ирсэн.

-Явган зорчигчдод бас хариуцлага үүрүүлэх болсон байна лээ. Ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүд ганцаараа зам гарах хориотой болж байгаа юм байна?

-Зарим улсад зам тээврийн ослоор хүүхэд нас барахгүй, гэмтэхгүй болчихоод байна. Яагаад хүүхэд нас бардаггүй юм гээд аваад үзсэн чинь ерөөсөө л тодорхой хэдэн ажлыг л хийсэн байна. Тухайлбал, тээврийн хэрэгслээр зорчихдоо тусгай сандлыг, тодорхой насны хүүхдүүдэд хэрэглэх ёстой. Мөн манайхан үр хүүхдүүдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохыг хэвийн үзэгдэл шиг хараад байх юм. Энэ бол аюултай зүйл. Замын хөдөлгөөнд оролцох дадал зуршил, өөрийгөө аюулаас хамгаалах сэтгэлгээ, арга барил суугаагүй хүүхдүүдийг хэн ч харгалзахгүй хаячихна гэдэг бол үхэл рүү аваачаад түлхэж байна гэсэн үг. Тийм учраас 10 нас хүртэлх хүүхдийг бүх хүмүүс анхааралдаа авмаар байна. Манай цагдаа нар ч гудамжинд хүүхэд явж байвал анхаарал тавьдаг болно. Сургуулийн захирал, эцэг, эх, асран хүмүүжүүлэгч нь бүгдээрээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцох байдлыг цэгцлэх хэрэгтэй. Тийм учраас энэ хуульд хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хориглож байна.

-Согтуугаар жолоо барьсан тохиолдолд хариуцлагыг нь чангаруулж байгаа юм билээ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох бол ерөөсөө л аймшигтай үзэгдэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ байдал буурдаггүй. Тиймээс хариуцлагыг чангатгаж өгнө. Энэ удаагийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дээр мөнгөн торгууль нэмэгдсэн хэмжээтэй байна. Ер нь бол Зөрчлийн хууль дээр явж байгаагаар бол үүнээс хүндрүүлэх нөхцөлтэй байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцно гэсэн зарчмын зүйл явж байгаа. Тэгэхээр Зөрчлийн хуулийг батлагдсаны дараагаар энэ талаар ярья. Одоо байгаагаар бол тодорхой хэмжээний мөнгөн торгуулиар торгодог. Мөн эрхийг нь хасдаг. Гэхдээ аль нэгийг нь хэрэглэдэг биш шүү. Хуулиараа зэрэг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эрхийг нь хасаад торгоно гэсэн үг. Одоогийн байдлаар 384 мянган төгрөгөөр анх удаа ийм зөрчил гаргасан бол торгож байгаа. Давтан үйлдэлтэй тохиолдолд мөнгөн торгуулийн хэмжээ нь өсөх, эрхийг хасах хугацааг нэмэгдүүлэх ийм зүйл заалттайгаар байж байна.

-Мөн замын эвдрэл, арчилгаанаас болж осол гарвал хариуцсан компаниас нь зардлыг гаргана гэсэн байсан?

-Хөдөлгөөнд оролцогчид зам тээврийн осолд өртөхөөрөө зөвхөн жолоочийн буруутай үйл ажиллагаа гээд байдаг. Тиймээс бид хуульд тухайн зам, гэрэлтүүлэг, явган хүний замын хальтиргаа мөсийг цэвэрлэх энэ ажлуудыг огт хийгээгүйгээс болоод зам тээврийн осол гарсан нөхцөлд энэ нөхцөлийг бий болгосон албан тушаалтнуудад хариуцлага оноох заалтыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр зам эзэнтэй болох ёстой. Жишээ нь, Улаанбаатар хотод худгийн таг гэхэд дулааных, усных, холбооных гээд их тоо гардаг. Эдгээр худгууд таггүйгээс осол, эвдрэл гарвал зохих байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага оноодог болж байгаа. Гэрэлтүүлэг муугаас болоод тухайн зам дээр осол гарвал гэрэлтүүлэг хариуцсан албан тушаалтанд бид хариуцлага тооцно гэсэн үг.

-Хяналтан дээрээ хэрхэн анхаарах вэ. Тамхины хяналтын тухай хууль шиг болох вий гэсэн яриа байна?

-Энэ ажлыг нэг хүний удирдлагаар зангидахгүй бол байгууллага албан тушаалтан болгон тус тусдаа ажлаа хийцгээгээрэй гэж хэлчихээд орхих нь утгагүй. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилтийг Ерөнхий сайд хариуцна. Энэ хүн үндэсний зөвлөл байгуулж ажиллана. Зам тээврийн ослыг 50 хувиар бууруулна гээд бүх л орнууд зорилт тавьчихаад ажиллаж байна. Манай улс түүнд нэгдье гэдгээ одоогоос тав зургаан жилийн өмнө амласан. Гэхдээ таван жил юу ч хийсэнгүй. Сая л хуулиа баталлаа. Тэгвэл бусад орнуудын үндэсний зөвлөлийн найман сайд эрчимтэй ажиллаж байна шүү дээ.

-Тухайлбал зөвлөлийн сайдууд юу хийх вэ?

-Манай Эрүүл мэндийн сайд статистик гаргахаас өөр юу хийж байгаа юм. Бусад оронд зам дээр осол гарвал тэр квадратыг хариуцсан эмч нь очиж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр та нар анзаарч байгаа бол манай эмнэлгүүд ингэхгүй байна. Госпитал буюу Цэргийн нэгдсэн эмнэлгийн хажууд аваар гарахад тэр эмнэлгээс хүн гарч ирэхгүй. Гэмтлийнхэн л ирж авна. Ийм бүдүүлэг тогтолцоотой байгаа. Бусад оронд бол өрхийн эмч байсан ч энэ квадрат дотор осол гарах юм бол чи гүйгээд очих ёстой гэсэн үүрэгтэй байдаг. Ямар ч байсан хүнийхээ амийг аварч байгаа юм. Гэтэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд “Ийм зам тээврийн осол болоод байна, халдварт бус өвчлөлийн гуравдугаар зэрэгт манай орон байна” гэж дэлхий дахинд мэдээлэл өгөхөөс зохион байгуулж байгаа зүйл байхгүй. Жишээлбэл, ийм эм хэрэглэсэн бол хөдөлгөөнд оролцож болохгүй аюултай гэсэн жагсаалт байдаг. Гэтэл түүнийгээ сурталчлахгүй байна. Наад зах нь харшлын хлорфенамин гэдэг тайвшруулах эмийг уучихаад зүүрмэглээд машин бариад явж байна. Тэгээд урдуур нь хүн гүйхэд эрүүл хүн тоормоз гишгээд зогсчих газар дайрчихаж байх жишээтэй. Ийм эм бэлдмэлийг хэрэглэсэн тохиолдолд та хөдөлгөөнд оролцож болохгүй шүү гэдэг юмыг ЭМЯ тувт ярьж олон түмэнд ойлгуулж байх ёстой. Түүнчлэн жолооч бэлтгэх үйл ажиллагаан дээр хараа нь болж байна уу, өөрөө автомашин жолоодож болохгүй өвчтөн байна гээд хязгаарлаж байгаа юм алга. Тэгэхэд бусад оронд жолоодох үнэмлэхтэй байх эсэх асуудлыг ЭМЯ нь хариуцаж байна шүү дээ. Манайх уг нь замын хөдөлгөөний стратегиа баталсан орон. Түүнийг хариуцсан дэд бүтцийн сайд нэг ч удаа хурал хийсэнгүй. Тэр сайд яг Сангийн сайд шиг зам барих гэдэг зүйлээ л анхаарахаас биш хөдөлгөөний аюулгүй байдлаа хариуцахгүй байна. Одоо бол Ерөнхий сайд ганцхан зам тээврийг биш ерөөсөө л замын бодлого, хөдөлгөөн зохион байгуулалтын бодлого гээд энэ бүгдийг ажлын аппаратуудаараа бүгдээр нь хийлгэх юм. Эрх мэдлүүдийг орон нутагт өгнө гэдэг үүднээсээ Засаг дарга нарт нэлээд эрх өгсөн.

-Тухайбал, хотын дарга ямар эрх мэдэлтэй байгаа вэ?

-Түгжрэлийн асуудал, осол аваарыг бууруулах чиглэлээр хөтөлбөртэй байна. Хөтөлбөрийн дагуу ажлуудаа хийж зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах ажлыг цэвэр ИТХ, Засаг даргад үүргийг нь өгчихсөн шүү дээ. Аймгуудад бол ихэнхдээ хот хоорондын замд осол гардаг. Улаанбаатарт болохоор явган зорчигчид дайруулах нь их байна. Тэгвэл дайруулаад байгаа газар нь хайс хашлага, гэрэлтүүлэг, явган хүний гүүрэн гарц бүгдийг нь хийж өгөх юм. Тэгвэл нас баралт буурна шүү дээ.

-Онооны системтэй болж байгаа гэсэн?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хоёр машин мөргөлдөхийг манай иргэд хэвийн юм шиг ойлгодог болсон. Бид саяхан нэг статистик гаргасан чинь жилдээ нэг хүн дунджаар 100 удаа дүрэм зөрчсөн байна. Энэ арай дэндэж байна шүү дээ. Огт зөрчил гаргадаггүй хүмүүс байхад хэдэн зуугаар нь зөрчил гаргадаг хүмүүс байна. Зөрчил гаргаад байгаа хүмүүсийг болиулах талаар ажил хийх ёстой. Мөнгөтэй бол зөрчил гаргаад байж болох нь ээ дээ. Нэг өдөр хүн дайрах, машинтай мөргөлдөх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр энэ хүмүүсийн зөрчлийн тоог хязгаарлахын тулд онооны систем гэдэг зүйлийг оруулж ирж байгаа. Онооны систем бусад оронд байдаг л зүйл шүү дээ. Тэдэн удаа зөрчил гаргах юм бол тэр хүний эрх цуцлагддаг. Тэгээд хууль дүрэм судлуулдаг. Ийм юмтай болж байгаа. Энэ бол шинэчилсэн хуульд гарч ирсэн томоохон зүйл.

-Зам тавьсан компанийн буруугаас болоод ч юмуу, траншейны таг руу ороод машинаа эвдсэн бол гомдлоо хаана гаргах вэ?

-Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж асуудлаа шийдүүлнэ. “Миний машин ингэж эвдэрлээ, худаг яагаад онгорхой байсан бэ. Төлүүлмээр байна. Зорчих хэсэг бүрэн бүтэн байх ёстой хуультай” гээд гомдлоо гаргана. Нийтийн эзэмшлийн замыг Улаанбаатар нэгтгэл хариуцдаг. Орон сууцны замыг СӨХ нь хариуцдаг. Бүгд л эзэнтэй байна шүү дээ. Тэр болгоны эзнийг олж бид хариуцлага тооцож байх ёстой.

-Явган зорчигч гарцгүй газраар гарах зэрэг зөрчил гаргавал замын цагдаа торгох уу, эргүүлийн цагдаа арга хэмжээ авах уу?

-Цагдаагийн албан хаагч хэн нь ч торгоно шүү дээ. Аль ч зөрчил дээр торгох эрхийг цагдаагийн албан хаагч бол хэн нь ч эдэлнэ.

-Малгайгаа дарж өмсөөд замаар хөндлөн гүйж гараад танигдахгүй өнгөрчихвөл яах вэ?

-Хэн байсныг тогтоож торгох ёстой.

-Орон тооны хувьд хангалттай хяналт тавих хэмжээний цагдаа байна уу?

-Засгийн газрын 153 дугаар тогтоол норм тогтоосон байдаг юм. Түүгээр бол суурин газар тээврийн хэрэгслийн тооноос хамаараад 350 тээврийн хэрэгсэл тутамд нэг гудамж, замын ажилтан байх ёстой. Тэгж тооцвол өнөөдөр манайд багаар бодоход 1200 цагдаа байх ёстой байтал 300 гаруй цагдаа л байна. Замын цагдаагийн одоогийн байгаа орон тоо бол 1990 оны тэр хэвээрээ байгаа. Нэг цагдаа дөрвөн хүний ажил хийж байна. Энэ байдал цагдаагийн бусад албадууд дээр мөн л байгаа. 150 км тутамд цагдаагийн байнгын постууд байж тэнд ажлын цагаар 8-9 хүнтэй баг ажиллаж байх ёстой. Гэтэл орон нутагт бас л дөрвөн цагдаагийн ажлыг нэг цагдаа хийж байна. Ихэнх замууд эзгүй байна.

-Есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжинэ. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Цагдаагийн албан хаагчдадаа хууль дүрмээ сурталчилж, ойлгуулах сургалт явагдаж байна. Улаанбаатар хотод хууль хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг бүх л агентлаг газруудад хүргэх, танилцуулах, бүтэц зохион байгуулалтаа яаж хийхээ ярилцаж байна. Энэ болгоныг хийж хэрэгжүүлэх зөвхөн цагдаагийн байгууллага биш нэлээд олон байгууллага тодорхой ажлууд хийж эхлэх байх аа.

-Гарцгүй газраар гарахад торгууль төлөх хуультай боллоо. Торгууль төлөх чадваргүй хүн байвал яах вэ?

-Бэлэн бусаар Улаанбаатар хотод торгоод эхэлчихсэн шүү дээ. Тэр цаг үед мөнгөгүй байлаа гэхэд тодорхой хугацааны дараа төлөх эрх байгаа. Тэгээд төлөхгүй бол бид шүүх шийдвэрийн газраар л дамжуулж явна. Шүүхэд асуудал тавихад захиргааны зөрчлийг биелүүлээгүй субъектыг бол албадан ажил хийлгэх, яах ийх шийдвэрийг шүүх гаргана. Цагдаа төлүүлэх ажлыг хариуцахгүй. Төлөхгүй яваад байгаа хүмүүс бүртгэгдээд яваад байна гэсэн үг. Дараа нь шүүхэд өгчихнө.

-Торгуулийн хэмжээг ихээр тогтоосон юм биш үү?

-Ерөөсөө эдийн засагтай нь ярих бол олон улсад шалгарсан арга. Бидний зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг сая төгрөгөөр торгох санал өгч байсан шүү дээ. Үүнийг хууль санаачлагчид бага болгосон. Гэхдээ давтан буюу хоёр гурав дахь удаагаас ихэснэ. Өмнө нь байсан торгууль анх гарч байсан үедээ их байсан ч одоогийн байдалтай харьцуулахад бага болчихсон байсан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ спорт

ДАШТ: 52 кг-ын жинд 47 бөх барилдана

“Астана-2015” жүдо бөхийн ДАШТ-ий жин жингийн шилдэг бөхчүүдийг цувралаар танилцуулж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 25-нд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд нийт 39 орны 47 бөх хүч үзэхээр болоод байна. Энэ жингийн чансааг Румыний Андреа Читу тэргүүлж байгаа бөгөөд энэ онд оролцсон тэмцээн бүрээсээ медаль авсан амжилттайгаар Астанагийн татами дээр гарна.

Харин чансааны хоёрдугаарт сүүлийн хоёр дэлхийн аваргад түрүүлсэн Косовогийн Малианда Келменди бичигдэж байна. Тэрбээр Чельябинскийн ДАШТ-ээс хойш ердөө хоёрхон тэмцээнд оролцож, хоёуланд нь түрүүлээд байгаа бөгөөд 2013 оны дөрөвдүгээр сараас хойш нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа юм. Түүнчлэн чансааны гурав, дөрөвдүгаарт ДАШТ-ий хошой медальтнууд болох ОХУ-ын Наталья Кузютина, Бразилийн Эрика Миранда бичигдэж байгаа бөгөөд хэсэг толгойлна. Харин Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, ОУХМ Адьяасамбуугийн Цолмон нар сугалаагаар дээрх дөрвөн бөхийн толгойлох хэсэгт хуваарлагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун
хойноос секундэд 7-12 метр. 15-17 хэмийн дулаан байна.

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн
аймгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун
хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр
хүрч ширүүснэ. Сэрүүсч төвийн нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн хойд
хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23
градус дулаан байна.

Яг одоо Улаанбаатарт/08:10 цаг/: 11 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь,
агаарын даралт 867 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус
цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийнэ

11:00 цагт: Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

11:00 цагт: НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

12:00 цагт: АНУ-аас ирсэн энергийн эмч нар Архивын ерөнхий газрын ард байрлах “Nine” зочид буудалд мэдээлэл хийнэ. Дэлхийд энергийн эмчилгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн 9 хүн байдаг аж. Тэдний 2 нь Монголд ирж байгаа юм.

12:30 цагт: Тэнгис кино театрын дэргэд байрлах “Happiness Center”-т “Спрайт 3х3” тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Гудамжны сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн “Спрайт 3×3” тэмцээн 11 дэхь жилдээ Чингисийн талбайд болох юм.

12:30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт: Уул уурхайн яамны хурлын танхимд Манай улсын бичил уурхайн туршлага судлахаар ирсэн Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болон Бүгд Найрамдах Зимбабве Улсын төлөөлөгчидтэй хийх уулзалт болно.

14:00 цагт: Нийслэлийн Захирагчийн албаны “Хангарди” ордны 14 давхарын А зааланд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээвэр шинэчилсэн төлөвлөлтөөр үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа үйл явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “МАН-ын твиттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг барих боломж бий” нийтлэл хэвлэгдлээ

Монголын өдөр тутмын хамгийн том, хамгийн олон уншигчтай өдрийн сонины мягмар гаригийг дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт “Хувийн их дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч цөөн оюутантай байна” хэмээх сурвалжлага хэвлэгдсэн юм. Өнөө жилийн хувьд анхны арванхоёрдугаар анги төгсөж байгаа. Тиймээс урьд жилүүдийг бодвол бараг хоёр дахин цөөн элсэгч их сургуульд орно. Энэ нь олон их, дээд сургуулиудын хувьд хүндрэл үүсгээд байгаа юм. Үүнийг хөндөн сурвалжилжээ. Мөн нэгдүгээр нүүрнээс 13 дугаар нүүрт Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай хийсэн “Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьж УИХ-д хүргүүлнэ” хэмээх ярилцлага оров. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянгын “Сайдын албан тушаал хүссэн хүн авах гэж гүйдэг амттан биш” ярилцлагыг тавдугаар нүүрт нийтэлжээ.

Баримт үзэл бодлын гуравдугаар нүүрт “МАН-ын твиттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг барих боломж бий” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Үүгээр ам.долларын ханшийг хазаарлах болон ямар шийдвэрүүд гаргавал эдийн засагт сэргэлт авчрах сэдвийг хөнджээ.

Манай худалдаачид урд хөрш рүү адууны арьс гаргаж чадахгүй зургаан улирал дамнаж байгаа аж. Энэ талаар худалдаа эрхлэгч Л.Отгонбаяртай “Арав орчим тэрбум төгрөгийн арьс Эмээлтэд хураалттай байна” хэмээх асуудал дэвшүүлсэн ярилцлагыг зургадугаар нүүрээс уншаарай. Түүнчлэн Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст ажиллахаас татгалзсан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст орвол өмнөх хийсэн ажлаа үгүйсгэсэн хэрэг болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн өнөөдрийн дугаарт жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг агсны хүү Б.Эзэнбат “Аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан нь хамгийн сайхан дурсамж юм даа” хэмээх хүмүүс буланд оролцохдоо онцолсон байна. Энэ жил чөлөөлөх дайны 70 жилийн ой тохиож байгаа. Түүнтэй холбогдуулан ахмад дайчин Д.Дашхүүтэй хийсэн “Тусгаар тогтнолоо зөвшөөрсөн гарын үсгээ хилийн цаана зурж байлаа” хэмээх ярилцлага хэвлэгдсэн юм.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Одоо ганцхан чуулганы хугацаа үлдлээ

Үндсэндээ энэ намар, ирэх хаврын чуулганы хугацаа л энэ УИХ, Засгийн газарт үлдлээ. Сонгуулийн босгон дээрх хаврын чуулганаар олигтой асуудал шийддэггүй практик бий учраас ганцхан намрын чуулган үлдлээ гэж ойлгоё. Үүнийг бодож байгаа улстөрч байна уу. Намрын чуулган аравдугаар сарын 5-нд эхлээд цагаан сар хүртэл үргэлжилнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хууль… бас бус хуулиуд дагалдах хэлбэрээр орох байх. Нэр дурдсан чухал хуулиудыг 2015 он дуусахаас өмнө хэлэлцэн батлах ёстой учраас хагас чуулганы хугацаа үлдсэн гэж ойлгосон ч болно. Ямартай ч намрын чуулганы эхэнд төсвийн тодотголоо хэлэлцэх бололтой. Хэлэлцээд байх юм байна уу, үгүй юу. Төсвийн бүрдүүлэлт бага байгаа учраас тодотгол хийсэн нэр зүүж энд тэндхийн мөнгийг баахан хасч танах биз. Хөгжлийн банкинд Чингис бондын үлдэгдэл 450 сая ам.доллар байгаа гэж ард түмэн бодоод явтал эхнээс нь Шинэ Яармаг хороололд 50 саяар нь гэх мэтээр хэдийнэ гаргачихсан юм байна лээ. Өөр юунд гаргасан юм бүү мэд. Тэгээд ч энэ удаагийн төсвийн тодотгол гэж юуг тодотгож, юугаа юунд зарцуулах вэ гэдэг нь улстөрчдөд төдийлэн падгүй. Монгол Улс мөнгөгүй болжээ гээд л сөрөг хүчин шоу хийсээр дуусах биз. Дараа нь 2016 оны Төсвийн төслийг хэлэлцэн батална. Нэг ёсондоо дараа жил идэх хоол, хийх ажлаа хуваарилна гэсэн үг. Энэ үеэр бас л мөнгөтэй, мөнгөгүй гэсэн яриа гарч улстөрчид хувийн карьераа өсгөж шоу хийх боломж бүрдэхээс цааш асуудлын шийдэлд хүрэхгүй биз. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль сая батлагдсан. Хууль батлагдсанаар бараг гурав дөрвөн их наяд төгрөг ил гараад ирэх юм ярьсан, эрх баригчид түүндээ найдаж байгаа юм байлгүй дээ. Залгуулаад Өршөөлийн хууль сая батлагдлаа. Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Анхнаасаа төр дэх авлигачидтай тэмцэж гарч ирсэн хүн. Харин Ерөнхийлөгчид үнэн сэтгэлээсээ нэмэр болоод Өршөөлийн хуулийн эсрэг суучих улстөрч саарал ордон дотор байгаа юм уу. Ерөнхийлөгчийг дагасан жүжигчид л харагдаад байна. Жишээ нь Өршөөлийн хууль байнгын хороодын хуралдаанаар ороход, мөн бүлгийнхээ хуралдаан дээр ч хүртэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт илэрхий дэмжсэн нь хэнд ч тодорхой байсныг тэнд байсан хүмүүс ярьдаг шүү дээ. Батлагдсаны дараа харин огт дэмжиж байгаагүй хүн шиг мэдээлэл хийхийг хараад ийм л байна даа, энэ Их хурлын гишүүд гэсэн бодол хүн бүрийн тархинд буулаа. Хууль батлах гэж хаалганы цаана, хаалттай үед өөрийг ярьдаг, хаалганы наана бас нэг өөрийг ярьдаг ийм л хүмүүсээр Их хурал дүүрсэн энэ цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хууль гэсэн айхавтар хуулиуд орж магадгүй байна. Хэрэвзээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх юм бол чуулган 15 хоногт тасралтгүй хэлэлцэх тусгай дэгтэй. Олон нийтээр хэлэлцүүлж, гарсан үр дүнг нь харгалзан үзсэн байх ёстой. Энэ ч лөөлөө биз дээ, хэдэн сайт дээр хуулийн төслийг нийтэлж санал асуулга явуулсан нэр зүүнэ биз. УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос олон гишүүн дэмжсэн байх ёстой гэхчлэн нарийн заалтууд бас бий. Хэрвээ гишүүдийн 2/3 нь дэмжих юм бол нэгдсэн чуулганаар шууд дэмжигдэх нь тодорхой юм. Сонгуулийн жил гарахаас өмнө буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Энэ бүх хуулийн заалтаас илүүтэй тус хуулийн өөрчлөлтийн амин сүнс, өөрчлөх гээд байгаа шалтаг шалтгаан нь нийгмийн сэтгэл зүйн захиалгаас арай өөр байгаад учир начир нь байх шиг. Учир нь Засгийн газрын бүтэц ямар байх, УИХ-ын гишүүдийн тоо 96 болох уу гэхчлэн өнөөдрийн улстөрчдийн ирээдүйн карьертай холбоотой асуудлууд хөндөгдөнө. Өнөөдрийн цаг үед ийм өөрчлөлт хийх нөхцөл бүрдсэн үү, бэлтгэл хангагдсан уу, ийм зориг зүрх, сэтгэл зүй хууль тогтоогч эрхмүүдэд байна уу. Үндсэн хуульд өөрчлөлт орлоо гэхэд арай гадна дотныхны захиалгадаа хүрээгүй биз дээ гэж залбирахаас.

Түүний зэрэгцээ Улс төрийн намын тухай хуулиар улстөрчидтэй холбоотой амаргүй асуудлууд шийдэгдэнэ. Жишээ нь улс төрийн намууд сонгуульд санхүү, хөрөнгө чинээ, боловсон хүчний ижил гараанаас өрсөлд гэсэн хууль батлагдвал яахав. Ийм хуулийг батлах зориг манай УИХ-д байгаа болов уу.

Дээр нь Сонгуулийн нэгдсэн хууль байна. Эцсийн дүндээ энэ хууль их яригдахаас цаашгүй хуучин хэвээр сонгуультай залгах байх гэж судлаачид ярьж байгаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал таашгүй. Өнөөдөр байгаа хоёр том улс төрийн хүчнүүдийн ярьж байгаагаар бол ирэх сонгуулиар манай хоёр бас л ойролцоо суудал авна, бас л эвсэхээс өөр аргагүй болно доо гэсэн байдалтай байгаа. Гэтэл тэдний хийж буй улс төрөөр бол ирэх сонгуульд хоёр том нам гуравдагч хүчиндээ нам тавиулбал яана. Ингэж бодохыг ч хүсэхгүй байгаа нь хоёр том намын алдаа. Нэг хүний газар авалт өдөр цагаар ахиж байгааг Ерөнхийлөгчөөс өөр болгоомжлон харж байгаа хүн алга. Өөр өөрийнхөөрөө нэг муу харсан, мэдэрсэн болж, өөрсдийнхөө зөв гэж бодож байгаа бололтой. Гэхдээ хоёр намынхан хоёулаа энэ байдлыг хүсээгүй. Газар авч л байг дагуулж тонгорно доо гэхийн алдад түших найдвар нь дээрх хуулийн өөрчлөлтүүд юм. Ингэж таамаглаж байгаа маань хэрэв үнэн бол намрын чуулганаар хуулиудын өөрчлөлтийг хийнэ. Өөрсдөдөө таатай хэлбэрээр хийх гэж оролдох байх. Өөр цаг хугацаа ч байхгүй. Ингээд хоёр том нам нь УИХ-даа эргээд гараад ирэх биз. Харин улс орноо дахин удирдахаар ирэх долдугаар сарын 1-нд тангаргаа өргөөд ороод иртэл улс орон чинь удирдах гээд ч ухааныг нь олохооргүй болчихсон, тодотгох хуваарилах төсөв ч үгүй, нүд нь бүлтгэнэсэн гурван сая иргэн өөдөөс чинь хараад зогсож байвал яана. Үүнд ямар буруутныг хайх хүмүүс юм бол.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жин тавиад эдгээчих зүйлийг мэс хүргэж хүндрүүлдэг

Нярай эхчүүдийн хөх цочирч, булчин нь зангирах тохиолдол элбэг байдаг. Үүнийг
“горьдчихлоо, горьдсоноос боллоо” гэцгээдэг. Эхийн хөх нь чинэрч өвчин орсон ихэнх
тохиолдолд эмч нар мэс ажилбар хийж, өвчнөөс нь ангижруулдаг. Заримдаа мэс ажилбар
нь хүндэрч хөхөө авахуулах, хэд хэдэн удаа хагалгаанд орох, тэр бүү хэл эхийн амь
насанд хүртэл аюул учирдаг.

Хөх ийн хавдаж, булчин нь хатуурсан тохиолдолд хамгийн тустай зүйл бол халуун
усаар шүрших юм уу, халуун усанд норгосон алчуураар жин тавьж, саунд суун, тайвшруулах
эм ууж амарснаар булчин нь зөөлөрч хагалгаанд орох шаардлагагүй болдог байна.

Ингэж халуун жин тавин, зангирсан булчинг тавируулснаар заавал ч үгүй хагалгаанд
орох шаардлагагүй юм. Тэгэхэд манайхан горьдоог нь тайлж байгаа гэж нярай эхэд хомоол
цаасанд боож өгөх юм уу, ямар ч мэдлэг боловсролгүй
хар домын ёстнуудаар мэс хүргэх тохиолдол цөөнгүй гаргадаг нь харамсалтай.

Иймээс бүсгүйчүүд эх болсон цагаасаа эрүүл мэнддээ санаа тавьж, хэн ч мэдмээр
юм шиг боловч тэр бүрий анзаардаггүй ойр зуурын нэг ч болтугай аргыг мэдэж байх
нь чухал аж.

Л.БАТЦЭНГЭЛ