“Шинэ монгол” техник инженерийн сургуулийн инженерийн ангид аравдугаар ангиасаа буюу 15 наснаасаа элсэж таван жил суралцах боломжтой. Тус сургуулийн захирал Ш.Буянжаргалтай энэ талаар ярилцлаа.
-Таныг Японд сургуульд төгссөн, “Тошиба” корпорацийн төв компанид ажилласан анхны монгол инженер гэж сонссон…?
-Одоогоос 12 жилиийн өмнө КТМС-ийн нэгдүгээр курст суралцаж байгаад Японы тэтгэлэгт хамрагдаж байсан. Тэгээд Японы Коосэн сургуулийн гуравдугаар курст элсэж электроникийн инженерийн чиглэлээр суралцсан юм. Сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн Японы Чибагийн их сургуульд механик электроникийн чиглэлээр суралцаж төгссөн. Улмаар тэр сургуулийнхаа магистрын ангид орж суралцаж байгаад сүүлийнхээ нэг жилийг АНУ-ын Иллинойсийн их сургуульд дуусгаж байлаа. Гэхдээ магистрын дипломоо Чибагийн их сургуулиас авч байсан. Мөн Чибагийн их сургуульд автоматжуулалтын чиглэлээр магистр хамгаалсан. Ингээд 2011 онд “Тошиба” корпорацийн Үйлдвэрлэлийн автоматжуулалтын системийг зохион бүтээх хэлтэст ажилд орсон. Тэндээ ажиллаж байгаад 2014 оны тавдугаар сард Монголдоо буцаж ирсэн.
-“Тошиба” корпорацид хэрхэн ажилд орж байв. Манайхан аль болох төрийн албанд орохыг эрмэлздэг. Японд ямар байдаг бол?
-Японд сургууль төгсөгчид нь томоохон корпорациуддаа ажилд орохыг илүүтэй хүсдэг. Үнэт цаас нь дэлхийн зах зээлд гарчихсан олон нийтийн компаниуд л даа. Төв компанидаа тэр болгон гадны ажилчид авдаггүй байсан юм. Харин сүүлийн арваад жилд нэлээн авдаг болсон. Ажилд орох тийм хялбар биш. Нэлээд олон компани руу очиж уулзана. Бичгийн шалгалт өгнө. Би ажилд орохын тулд таван ярилцлагын шалгалт, хоёр бичгийн шалгалт өгсөн байдаг. Надаас өмнө монгол ажилчин төв компанид нь байгаагүй юм шиг байна лээ.
-Өндөр хөгжилтэй орны том корпорацид хийж байсан ажлаасаа яагаад гарчихсан хэрэг вэ?
-“Тошиба”-гаас гарахын өмнө нэг сар эргэлзсэн. Компанийн удирдлагууд “Чи юу хүсээд байгаа юм. Манайх дэлхийд 200 салбартай. Тэдний хаана ч очоод ажилд орж болно шүү дээ” гэж байсан. Би ч Монголдоо инженерийн сургууль байгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн л дээ. Тэгээд намайг ажлаасаа гарахад “Нутагтаа очоод “Тошиба”-д ажиллах хэмжээний маш сайн инженер бэлдээрэй” гээд үдэж байлаа. Одоо ч хамт ажиллаж байсан инженерүүдтэйгээ холбоотой байдаг.
-Энэ сургуулийг байгуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Сургууль байгуулах эсэхээ нэг өдөр шийдчихээгүй л дээ. Зургаан жилийн өмнөөс л ийм сургууль байгуулах нь зөв юм байна гэж бодож эхэлсэн. Ийм сургууль гэдэг нь Японы Коосэн буюу таван жилийн сургалттай техник инженерийн коллеж юм. Коосэний техник инженерийн коллежийн онцлог нь есдүгээр ангийн хүүхдүүдийг буюу бүрэн бус дунд сургууль төгссөн 15 настай хүүхдүүдийг элсүүлдэг. Тэгээд таван жил сургаад инженер болгодог. 20 настайдаа инженер болж гарна гэсэн үг. 15 наснаас нь эхлээд ахлах сургуулийн шаардлагатай хичээлийн зэрэгцээ инженерийн хичээлийг давхар үзнэ. Гуравдугаар курсээс мэргэжлийн хичээл, туршилтууд нэмэгдэнэ. Дөрөв, тавдугаар курст оюутнууд зөвхөн мэргэжлийн хичээл үзээд төгсөлтийн ажлаа хийдэг.
-Коосэн хөтөлбөр хэрхэн үүссэн юм бэ?
-Энэ зөвхөн Японд байдаг инженерийн сургуулийн хөтөлбөр. Анх 1962 онд ийм 13 сургууль Японд үүсч байсан юм билээ. Одоо ийм 57 сургууль бий. Дайны дараах бүтээн байгуулалтын жилүүдэд буюу 1962 онд хувийн хэвшлийнхэн нь ийм сургууль байгуулж өгөөч гэж Засгийн газартаа шаардлага тавьсан байгаа юм. Маш их бүтээн байгуулалт хийж байсан үе болохоор инженерүүд олноороо хэрэгтэй болсон хэрэг. Ингээд хурдан бэлтгэхийн тулд Коосэн хөтөлбөрийг нэвтрүүлж 20 настайд нь төгсгөж эхэлсэн. Үүнийг төгсөгчид 1960, 1970-аад оны бүтээн байгуулалтад хамгийн тулгуур болж өгсөн хүмүүс байдаг. Миний ажиллаж байсан “Тошиба” корпорацийн Үйлдвэрлэлийн автоматжуулалтын системийг зохион бүтээх хэсгийн технологи хариуцсан хамгийн том хүн нь Коосэн төгссөн хүн байсан.
-Сургуульд элсэх 15 настай хүүхдүүдийг өөрсдийнх нь хүслээр бүртгэж авч байна уу?
-Хүсэлт дээр нь нэмээд элсэлтийн шалгалт авч байгаа. Инженер болохын тулд зохих хэмжээнд байгалийн ухаан, физикийн мэдлэгтэй байх шаардлагатай. Мөн 15 настай хүүхэд авч буй өөр нэг шалтгаан нь 16 наснаас эхлээд хүүхэд том хүн болж төлөвшиж эхэлдэг. Ингээд 19 хүрээд өөрсдийгөө том хүн болсон гэж үзээд хайхрамжгүй болох нь бий. Хүний үг сонсох тал дээр сулардаг гэсэн үг. Гэтэл 15 нас бол өөрийгөө олж авах төлөвшил нь эхэлж байгаа үе нь. Тэр үед нь та инженер болох юм шүү. Таны хийх ажил хүний аминд ч хүрч болох эрсдэлтэй. Тийм болохоор тууштай, мэргэжлийн байх шаардлагатай гэдгийг хэлж бусдын сайн сайхны төлөө гэсэн үзлийг суулгаж өгнө. Зөв хүнийг төлөвшүүлөх гэдэг ажил мөн үүгээр явагдаж байгаа. Зөв хүн болж төлөвшөөд мэдлэгтэй, мэдлэгээ ашиглаж чаддаг 20 настай инженер болоод гарна. Японд 1960-аад онд нэг төгсөгчид 20-30 ажлын байрны санал ирдэг байсан гэдэг. Одоо ч нэг төгсөгчид 15-20 ажлын байр ирдэг юм билээ. Түүний адил манай төгсөгчдийн нэгэнд нь л 10 ажлын байрны санал ирдэг байх ёстой. Тийм чадвартай хүмүүсийг бид гаргана.
-Манай дунд сургуулийн хөтөлбөр Японоос өөр. Тиймээс 15 настай хүүхдийг Коосэн хөтөлбөрөөр сургахад бэрхшээл гарч байна уу?
-Өнгөрсөн жил бид 100 гаруй хүүхэд элсүүлсэн шүү дээ. Эхний нэг жилийн хугацаанд бид тухайн хүүхдийг зүгшрүүлж тэгшитгэхээр ажилласан.
-Тэгэхээр зургаан жилийн сургалт болчихгүй юу?
-Тэгэхгүй. Эхний жил манай багш нар хүүхдүүдтэйгээ илүү цагаар ажилласан. Хагас сайн өдөр хүртэл бүх хүүхдээ цуглуулаад хичээл зааж байх жишээтэй. Дээрээс нь бид төлөвшил гэдэг юмыг толгойд нь хийж өгсөн. Энэ 100 хүүхэд их өөр төлөвшилтэй болсон байх аа. Тэр ажлыг хийхгүйгээр есөн жил Монголын сургалтын системээр яваад ирсэн хүүхэд шууд Коосэн хөтөлбөрт шилжиж чадахгүй шүү дээ. Мөн манай өөр нэг давуу тал нь зөвхөн онолын түвшинд заагаад байх биш хими, физик, байгалийн ухааны хичээлүүд дээр байнга өөрсдөөр нь туршилт хийлгэдэг. Зөвхөн онолыг биш түүнийг юунд ашиглаж болохыг тодорхой заана.
-Хүүхдүүдийг 15 настайгаас нь инженерээр сургах нь манай улсын эрх зүйн орчинд хэр зөвшөөрөгдсөн байдаг юм бэ?
-Кредитээ цуглуулчихвал ШУТИС-ийг 2,5 жилээр төгсөж болдог. Манайх ч цаг ярих юм бол өглөө 8:00-16:00 цаг хүртэл таван жилийн турш хичээллэнэ. Энэ хугацаанд ахлах сургуулийнхаа гэрчилгээг ч авна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өөрөө Японы Коосэнийг төгссөн хүн шүү дээ. Тэгээд Монголд гурван ийм сургууль байгуулсан. Энэ системийг эх орондоо хэрэгжүүлнэ гээд яриад явж байгаа. Хэрэгжүүлж байгаа гурван сургуулийн нэг нь манайх. Манай сурагчид Японы компаниудад дадлага хийж байна. Дөрвөн технологийн компани дээр танилцах дадлага хийсэн. Компаниуд ч гэсэн хамтран ажиллах дуртай байгаа.
-Төгсөгчид гадаадад мэргэжлээрээ ажиллах боломж хэр вэ?
-Японы Коосэнгүүдийг хариуцсан газартай нь бид хамтарч ажиллаж байгаа. БСШУЯ ч хамтарч ажиллана, оюутан солилцоно гээд гарын үсэг зурчихсан. Манай төгсөгчид ч “Тошиба” корпорацид шууд очоод ажиллах хүмүүс болох ёстой. Үүний тулд бид эхнээс нь япон, англи хэл зааж байгаа. Гадаад хэлэнд нэлээд ач холбогдол өгч байгаа л даа. Тодруулбал, 35 хүүхэдтэй анги байлаа гэхэд гадаад хэлний яриа, уншлага гэж хоёр хуваагаад цөөхөн оюутантайгаар хичээлээ оруулж байна. Англи, япон яриаг үндсэн гадаад багштай зааж байгаа. Дүрмийг монгол багш нар заана. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд монгол хэлийг их чухалчилж үзсэн. Монгол хэлээ сайн мэдэхгүй бол ядаж л өгүүлбэртэй бодлогоо ойлгохгүй шүү дээ. Мөн зүгээр л гадаад хэл заагаад дүн тавиад явахгүй. Юунд хэрэглэх гэж байгаа юм бэ гэдэг талаас нь зааж байгаа. Үзсэн нэртэй хэрэглэж чаддаггүй байж болохгүй. Хэрэгтэй гадаад хэлээ үзэх зорилгоор л хоёр хэсэгт хувааж цөөн хүнд зааж байгаа юм. Тэгэхээр манай төгсөгчид гадаад хүмүүстэй маш сайн харилцаж чаддаг болно.
Шинэ Монгол Коосэн инженерийн сургууль есдүгээр анги төгсөгчдөөс дараах дөрвөн инженерийн мэргэжлээр элсэлт авч байна.
1.Цахилгаан электроник
2. Механик
3. Хими
4. Барилга, зам гүүр
Бүртгэл:
1. Бүртгэх хугацаа
наймдугаар сарын 17-ны даваа гаригаас 21-ний баасан гариг хүртэл 9:00-18:00 цагийн хооронд явагдана.
2.Шаардагдах материал
-2 хувь цээж зураг
-Суурь боловсролын гэрчилгээ эсвэл төрсний гэрчилгээ
-Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
3. Бүртгэх газар
Тус сургуулийн хичээлийн байр
(Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн хажууд есөн давхар байр)
Шалгалт:
1. Наймдугаар сарын 22 (Бямба) 09:00-ээс 10:00 хүртэл
Математик, Физик, Химийн холимог бичгийн шалгалт
2. Ярилцлагын шалгалт
Ж.БАЯРСАЙХАН