Монголын нэрт хөгжмийн зохиолч, төрийн шагналт З.Хангалын ач охин, хөгжмийн зохиолч Х.Булганы охин Сарнайцэцэгийн ярилцлагыг хүргэе. Түүний эмээ нь Монголын Циркийн хөгжлийн оргил үеийн циркчин, гавьяат жүжигчин Ягаанцэцэг, ээж нь мөн циркчин СТА Д.Оюунчулуун юм.
-Таны өвөө Зундуйн Хангал бол Монголын XX зууны хөгжмийн онцгой бөгөөд маш хүчирхэг фигур. Аав тань ч хөгжмийн зохиолч байв. Харин та хөгжмийн урлагт хэрхэн хөл тавьсан бэ?
-Аав минь намайг Хөгжим бүжгийн сургуульд хөтөлж оруулсан юм. Анх хийлийн ангид орсон л доо. 2004 онд. Амарсанаа багшийн удирлагад суралцаж эхэлсэн. Аав өөрөө төгөлдөр хуурч учраас төгөлдөр хуурыг өөрөө заачихна гэж үзээд охиноо хийлээр суралцуулъя гэж л шийдсэн юм билээ. Дараа жил нь аав минь өөд болж, би хоёр мэргэжлээр суралцъя гэж шийдээд төгөлдөр хуурч мэргэжлээр давхар суралцах болсон. Миний мэргэжлийн багш СТА Д.Бурмаа гэж хүн бий.
-“Тань руу нүүж явна” киноны хөгжим, “Салхит шувуун” симфони удиртгал гээд л Хангал гуайн хөгжмийг мэдэхгүй хүн үгүй. Өвөөтэйгөө та хэр ойр байв?
-Өвөө маань намайг төрөхөөс нэг жилийн өмнө өөд болсон болохоор өдөр тутмын амьдрал дээрээ яг ямар хүн байсныг нь би мэддэггүй. Эмээ, аав, ээж гурвынхаа яриагаар л мэддэг. Өвөөгийн хөгжмийн гол характер нь уянгын хэрнээ урагшаа давшсан, эр зоригтой баатарлаг байдаг. Өвөө, их шулуухан зантай хүн байсан гэж эмээ ярьдаг юм. Харин аав минь их зөөлөн хүн байсан. Тэгээд ч тэр үү бүтээлүүд нь их аялгуулаг, зөөлөн, дөлгөөн талдаа. Энэ чанараараа өвөө, аав хоёрын хөгжим нэлээн ялгаатай. Аав маань их зөөлөн хэрнээ бас л их шулуун шударга хүн байсан. Циркийн хөгжим, драмын жүжгийн, киноны хөгжим, эстрад поп хөгжим, сонгодог дан хөгжмийн чиглэлээр олон бүтээл хийсэн хүн шүү дээ.
-Та багадаа ээжийнхээ тоглолтыг үзэж өссөн байх. Хүүхдийн ой дурсамж маш хурц тод үлддэг дээ?
-Байнга үздэг байсан. Ээжийн хийдэг шидэлтийн акробат, агаарын номеруудыг нь би сайн мэднэ. Намайг бага байхад ээж энэ номеруудаараа Япон улсад байн байн очиж тоглолт хийдэг байсан юм.
-Аавынхаа тухай сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Манайх 2000 онд гэр бүлээрээ АНУ-д нэг жил амьдарсан. Тэгэхэд би дөнгөж гуравхан настай жаахан байсан хэдий ч бидний амьдралын хамгийн аз жаргалтай үеийг тэр л үе гэж боддог. Эмээ маань тэндхийн циркт багшаар, аав хөгжмийн зохиолчоор, ээж жүжигчнээр ажиллаж байсан юм. Эхэндээ би эмээ ээж хоёрыгоо дагаад циркчин болохыг их хүсдэг байлаа л даа. Америкийн циркийн орчин нь намайг циркэд дурлахад хүргэсэн байх. Би жаахан байсан хэрнээ л нэг жижигхэн номерт нь оролцдог байв. Энэ үе надад маш гоё дурсамж үлдээсэн дээ. Америкт нэг жил болоод аав ээж бид гурав Монголдоо эргэж ирсэн. Америкт хэдий сайхан байсан ч гэлээ аавын маань сэтгэл нь Монгол руугаа тэмүүлж, Монголдоо уран бүтээлээ хийх хүсэлтэй байсан юм билээ. Ирээд аав олон жүжиг, киноны хөгжим бичсэн л дээ. “Мөрөөдлийн хөлөг онгоц” гээд телевизийн 20 ангит кино нэг хэсэг гарсан даа. Тэр киноны хөгжим, “Ганцаардлын зовлон” уран сайхны киноны хөгжим бичсэн. Мөн Драмын театрт У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр” жүжгийг Ч.Найдандорж найруулагч тавихад аав хөгжмийг нь бичсэн юм.
-Эстрадад таны аавын зохиосон дуунууд олон. Хамтарч ажиллаж байсан хамтлагуудынх нь талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Аав “Соёл Эрдэнэ” хамтлагаас гадна сүүлд “Харанга” хамтлагийн хөгжимчнөөр ажиллаж байсан болохоор “Харанга” хамтлаг миний сэтгэлд их ойр дотно байдаг. Харанга хамтлагийн “Гэгээ”, “Зүүд”, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Алтан Богд”, гавьяат жүжигчин Ц.Энхманлай ахын дуулсан “Зэрэглээ” гээд аавын олон дуу бий. “Зэрэглээ” гэдэг дууг аав маань ээжид зориулж бичсэн гэдэг юм.
-Хүмүүс “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг төгөлдөр хуурч Амигийн тоглосноор нэг хэсэг нэлээн их сонслоо. Та энэ зохиолыг төгөлдөр хуурчийнхаа хувьд тоглоно биз дээ?
-Энэ зохиолыг Ами эгч аавын найруулгаар тоглосон байна лээ. Аавын маань орчин үед нийцүүлж найруулсан найруулга юм. Ами эгч хүмүүст нэлээн сайн хүргэсэн, сайхан ч тоглосон. Миний хувьд, тавдугаар ангиасаа энэ зохиолыг хийлээр тоглож эхэлсэн л дээ. Төгөлдөр хуураар бол аавынхаа дан хөгжмийн бүтээлүүдийг тоглож байна. Харин өвөөгийн Төгөлдөр хуурын нэг, хоёрдугаар концертыг гавьяат жүжигчин Цолмон багш тоглосон байдаг. Энэ хүн аавын маань мэргэжлийн багш нь юм. Харин одоо би энэ хоёр концертыг тоглоно гэсэн зорилготой байгаа. Өвөө, аав хоёрынхоо зохиолыг үргэлжлүүлэн тоглох нь мэдээж миний үүрэг. Гэхдээ би өөрөө шинэ зүйлийг сэдэж, цаашид хөгжмийн зохиолчоор суралцах хүсэлтэй байгаа.
-Өвөөгийнхөө зохиолуудаас ямар зохиолд нь хамгийн дуртай вэ?
-Өвөөгийн “Салхит шувуу”, Морин хуур симфони оркестрын концерт, “Сарнайцэцэг” дуу энэ гуравт нь их дуртай. Эмээ маань энэ дууны нэрийг бодож надад Сарнайцэцэг гэдэг нэр өгсөн гэж ярьдаг юм.
-“Аяны шувууд” гээд бас хэзээ ч хуучирдаггүй дуу байна?
-Өвөө маань “Аяны шувууд” дуугаа эмээд зориулж зохиосон гэдэг юм. 2010 онд эмээ маань Америкт “Аяны шувууд” тоглолтыг Чикаго, Вашингтон хотуудад хийж, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол хөгжимчдийг оролцуулсан л даа. Тэр тоглолтоор өвөө, аав хоёрын гол, гол зохиолуудыг тоглосон. Өвөөгийн “Эрдэнэсийн уулс” балетын хэсгээс, аавын Төгөлдөр хуурын аяз гэхчлэн. Энэ Төгөлдөр хуурын аязыг аав ээждээ буюу миний эмээд зориулж бичсэн зохиол юм.
-Аав хүү хоёр хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн сан одоо танайд бий юу?
-Өвөөгийн бүтээлийн эх бичвэрүүд ихэнх нь манайд, зарим нэг нь эмээд хадгалагдаж байгаа. Аавынх бол ноотлоод үлдээснээсээ илүү дуу бичлэгээр үлдсэн л дээ. Тийм болохоор бичлэгүүдийг сонсч байж ноотолж бичих боломжтой. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайн нэг кино байдаг. Өвөө, аав хоёрын тухай хоёр хэсэгтэй бүрэн хэмжээний баримтат кино. Үнэхээр гоё кино бий. Хүмүүсийн дурсамж ярианаас гадна өвөөгийн Гончигсумлаа гуайтай гэртээ ярилцаж байгаа яриа, зохиолынхоо хэсгээс тоглож байгаа зэрэг ховор нандин баримтууд орсон байна лээ. Аавын ярьсан хоёр яриа, киноны хөгжмүүдээс нь оруулсан байсан.
Н.ПАГМА