Categories
мэдээ нийгэм

Гэрээт хилчин жолооч бэлтгэж байна

Хил хамгаалах байгууллагын гэрээт хилчдийн анхан шатны сургалт
наймдугаар сарын 5-ны өдрөөс эхэлжээ. 21 хоногийн хугацаатай үргэлжлэх
уг сургалт Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн
цогцолборт явагдаж байгаа юм.

Сургалтад 21 аймгаас ирсэн хилчид хамрагдаж байгаагаас бүрэн дунд болон
дээд боловсролтой залуус 90-ээс дээш хувийг нь эзэлж байна. Мөн
гэрээгээр алба хаах сонирхолтой 20 гаруй залуусыг хилийн ангиудаас
илгээсний дагуу давтан сургалтад хамруулжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын
Замын цагдаагийн газартай хамтран гэрээт хилчин жолооч бэлтгэхээр
энэхүү сургалтандаа А ангиллын буюу мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх
олгох хичээлийг ч багтаажээ. Гэрээт хилчид 21 хоногийн хугацаатай
албандаа дадлагажаад Хилийн 0198, 0132, 0129, 0168 дугаар ангиудад
хувиарлагдан улсын хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

УИХ-ын
гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн Өршөөл
үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын
ээлжит бус чуулганы хуралдаанаар өршөөл үзүүлэх тухай хоёр хууль баталсан. Энэ
бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөл үзүүлэх тухай хууль.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нууц байсан хөрөнгүүд
ил гарч, эдийн засгийн “цусны эргэлт” сайжирна гэж итгэж байна. Ерөнхийлөгч
эрүүгийн Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг хамруулж
болохгүй гэж үзэн хэсэгчилж хориг тавьсан. Эрүүгийн хуульд авлига албан
тушаалын 10 хэрэг байдаг. Тус 10 хэргээс 7-г нь Монгол улсын Ерөнхийлөгч
өршөөлд оруулахгүй байх нь зүйтэй гэдэг санал явуулсан байна. Тодруулбал, 268-р
зүйл буюу “хээл, хахуул авах”, “263-р зүйл Төрийн албаны эрх мэдэл буюу албан
тушаалын байдлаа урвуулах”, 264-р зүйл, 270-р зүйл, 248-р зүйл “Бусдын эд
хөрөнгийг их хэмжээгээр залилан мэхэлж авах, завших, үрэгдүүлэх гэсэн заалтыг
нэрлэж болох юм хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллийнхээ эхэнд онцлон
тэмдэглэв.

Тэрбээр
“Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу нээлттэй хэлэлцэнэ.
УИХ-ын олон гишүүн нам, бүлэг, даргынхаа барьцаанд байгаа. Биднийг гурван сая
хүний төлөө ажилла гэж сонгосон. Түүнээс биш гурван даргын төлөө ажилла гэж
сонгоогүй. Тиймээс УИХ-ын гишүүдэд улс орныхоо эрх ашгийг бодож Ерөнхийлөгчийн
хоригийг хүлээж авахыг уриалмаар байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн хуулинд жигд хамруулахыг хүсэв

Өмнө нь амьдралдаа алдаж, хорих ангид ял эдэлсэн иргэд
өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэж баталсан
Өршөөлийн хуулийн талаарх үзэл бодлоо илэрхийллээ. Эдгээр залуус
“Манлайбаатар ирээдүй” ТББ байгуулан, нэгдсэн хүмүүс аж.

Эдгээр иргэд хулгай, танхайн хэргээр “аавын хаалга” татсан байна.
“10-30 жил төмөр торны цаана сууна гэдэг хатуу шийтгэл. Гэхдээ бид
хийсэн хэргээ зөвтгөж байгаа юм биш. Амьдралдаа алдсан нэгнийгээ нийгэм
нь бүү ад үзэж, ялгаварлаж хандаач ээ. Нэгэнт өршөөлийн хуулийг баталж,
ялтангуудаа өршөөх гэж байгаа бол өнөөдөр төмөр торны цаана хоригдон
суугаа 6000 гаруй хоригдлоо бүү ялгаварлаач, бүгдийг нь өршөөж, олон
жилийн ялтай хоригдлуудынхаа ялаас нь нэг, хоёр жил ч гэсэн хасч өгөөч”
гэсэн гуйлт, хүсэлтийг эдгээр хүмүүс тавьсан юм.

  • Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй гэсэн байдаг. Энэ
    хуулийн заалтын дагуу иргэн бүр Өршөөлийн хуульд хамрагдах эрхтэйг иргэн
    Н.Сүхбат тодотголоо. Тэрбээр одоогоос 12 жилийн өмнө 110 мянган
    төгрөгийн гар утас хулгайлсан хэргээр 11 жилийн хорих ял авч, Булган
    аймгийн онцгой дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдсон байна. 2009 онд
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ
    хорих ангийн удирдлагуудад гаргасныхаа төлөө үлдсэн таван жилийн ялаа
    гянданд өнгөрүүлсэн гэж ярив. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард
    суллагджээ.
  • Иргэн н.Сүхбат хэвлэлийн хурлын үеэр хорих ангиудад хүний эрх
    зөрчигдөж байгаа ярихдаа “Өлзийбат гэж дэд хурандаа хорих ангиудаар явж,
    хоригдлуудад буу тулган зодож, тамладаг байсан” гэлээ.
  • Одоогийн Өршөөлийн хуульд ял эдэлж буй 6000 ялтны 2000-ыг нь хамруулах
    тухай мэдээлэлтэй байгаагаа эдгээр залуус ярьж байлаа. Тэд энэ талаар
    “Үлдсэн 4000 ялтныг өршөөхгүй байж магадгүй. Хамгийн гол нь бид энэ
    асуудлыг хөндөж, тэдний ар гэр, үр хүүхдүүдийнх нь сэтгэлийг нь дэвтээж,
    УИХ-аас батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хоригдлуудад тэгш
    боломж олгож, өршөөх ёстой” гэсэн юм.
Categories
мэдээ нийгэм

Оношилгоонд ороогүй бол 96 мянгаар торгоно

Тээврийн хэрэгслийн албан татвар хураамжаа төлөөгүй болон автомашины
үзлэг, оношилгоондоо ороогүй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг
чангатгахаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан. Шинэ
хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийн
хэрэгжилт болон авто тээврийн хэрэгслийн албан татварын хураамжийн
төлөлт, хариуцлагын талаар өнөөдөр Авто Тээврийн үндэсний төв /АТҮТ/
болон Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд энэ сарын 19-ний өдрийн байдлаар 351 474 тээврийн
хэрэгсэл үзлэг оношлогоондоо хамрагджээ. Улаанбаатар хотод 164 мянган
тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. АТҮТ-ийн
тооцооллоор 2015 онд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах
ёстой аж.

Есдүгээр сарын 1-нд багтаж үзлэгтээ хамрагдахыг албаныхан уриалж байна.
Хэрэв Замын хөдөлгөөний хариуцлагын тухай хууль хэрэгжээд эхэлвэл
үзлэг, оношлогоондоо хамрагаадаагүй иргэнийг 96 мянган төгрөгөөр, аж
ахуйн нэгж, байгууллагыг 192 мянган төгрөгөөр торгож, тээврийн
хэрэгслийг нь журамлана гэв.

Одоогоор үзлэг оношилгоонд хамрагдах ёстой нийт тээврийн хэрэгслийн 35
орчим хувь оношилгоондоо хамрагдаагүй байна. Тиймээс бүртгэл, хяналт,
техникийн хяналтын үзлэгийн төвүүд уртасгасан цагийн хуваариар ажиллах
юм. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын “Хөсөг”, “Да Хүрээ”, “Таван
ган” салбарууд амралтын өдрүүдэд уртасгасан цагийн хуваариар ажиллана.
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналт, үзлэгийн
төвүүд ажлын өдрүүдэд 08:30-20:30, амралтын өдрүүдэд 09:00-19:00 цаг
хүртэл ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын
Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд
найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөл болон Конгрессийн
төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөрийн төлөөллийг
өнөөдөр /2015.08.20/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын Тамгын
газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийг Монгол
Улсад тавтай зочлохыг уриад, парламентын үйл ажиллагааны талаар
танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар ажилтнуудаа
чадавхжуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх талаар онцгой анхаарч
байгааг тэмдэглээд, Тамгын газрын үйл ажиллагаанд дэлхийн тэргүүн
туршлагыг авч хэрэгжүүлэх, ялангуяа Конгрессийн туршлагыг нэвтрүүлэхийг
зорьж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн цаашдаа Бүгд найрамдахчуудын олон
улсын хүрээлэн болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын
түншлэлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгийг
хэллээ. Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Нээлттэй сонсголын
танхимыг байгуулсаныг дурдаад, өнгөрсөн хаврын чуулганаар Нээлттэй
сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны тухай хуулиудыг
баталсан. Энэ хуулиуд нь хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд
ихээхэн үүрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулиуд батлагдсанаар
Монгол Улсын парламент иргэд, сонгогчдынхоо өмнө ил тод, нээлттэй,
хяналттай байх юм гэлээ.

Төлөөлөгчид Улсын Их
Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг цаг,
зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Тамгын газартай
хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар өөрсдийн саналаа хэлж,
сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгт хүүхдээ явуулахгүй байхыг зөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг. Эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг сургалтын байгууллагаас лавлаж тодруулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна.

Тусгай зөвшөөрөл авсан байгууллага нь таны хүүхдийг тав тухтай эрүүл, аюулгүй орчинд асарч хамгаалан, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах чиглэлээр ажиллахаас гадна болзошгүй осол, гэмтэл, хоолны хордлого зэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Төрийн өмчийн бус цэцэрлэг ажиллуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон гэрчилгээ гаргаж өгөх нэрээр бусдаас их хэмжээний мөнгө залилан авах хэрэгт автахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Гэрчилгээг бусдаас худалдаж болон бэлгэнд авсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог хуулийн заалттайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.

Бэлхийнхэн цэцэрлэгтэй болжээ

Сүхбаатар дүүрэг нь цэцэрлэгийн насны 11027 хүүхэдтэй, үүнээс төрийн өмчийн хамран сургах тойргийн 27 цэцэрлэгт 7837 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэггүй 2, 5, 9, 12, 19 дүгээр хороод байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 3190 хүүхэд байна.

Иймд дүүргийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр гудамжинд газрын асуудлыг шийдвэрлэж, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль, орчинд ээлтэй технологиор “Эко цэцэрлэг”-ийн барилга барих шав тавих ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд Засаг даргын орлогч Л.Амарзаяа, 18-р хорооны Засаг дарга З.Төмөрбаатар, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.

2016 оны 09 дүгээр сард тус цэцэрлэг ашиглалтанд орсоноор 4-5 насны 70 хүүхэд байгаль орчинд ээлтэй технологиор баригдсан Эко цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлгийн хурал өндөрлөв

АН-ын бүлэг хуралдаж, засгийн асуудлыг авч хэлэлцлээ. Бүлэг дотроос
өгсөн мэдээллээр бол АН-ынхан хэнийг сайдаар томилох вэ, “Шударга ёс”
эвсэлд хэдэн яамыг өгөх вэ гэдгээ ярилцаад, Өршөөлийн хуульд тавьсан
хоригийн дараа энэ асуудлыг дахиад хөндөх болсон гэх. Эх сурвалжаас
авсан мэдээгээр бүлгийн хуралдаанаар асуудлаа эцэслээгүй бололтой.
Бүлгийн хуралдааны дараа Ерөнхий сайд сайдуутайгаа хамт үдийн хоол идсэн
гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гал түймрийн нэг дуудлагатай хонолоо

Өчигдөр нийслэлд ахуйн чанартай гал түймэр нэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын задгайд иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.19-ний өдрийн 16:48 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан байна.

Харин орон нутагт гал түймрийн хоёр дуудлагатай хоножээ. Тухайлбал, Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “Шинэ хороо”-ны 22 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.19-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 7 албан хаагч унтраажээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хийд”-ийн 18 дугаар гудамжийн 13 тоотод иргэн З-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 03:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Туул голын 514 булаг шандын 41 нь ширгэжээ

Туул голын сав газарт хамрагдах Улаанбаатар хотын зургаан дүүрэг, таван
аймгийн 38 сумын гол горхи, булаг шандыг тоолж бүртгэжээ. Уг ажлыг Туул
голын сав газрын захиргааныхан сум, дүүргийн ЗДТГ-ын албан хаагчидтай
хамтран гүйцэтгэсэн байна. Тооллогын дүнд урьдчилсан байдлаар сав газрын
хэмжээнд нийт 305 гол горхи, 514 булаг шанд, 40 рашаан, 107 нуур
тойром, 7393 худаг байгааг тогтоожээ. Мөн газрын доорх усны хяналтын 46
цооног, 10 усан сан, услалтын 15 систем, үерийн хамгаалалтын 25 далан
суваг, 29 цэвэрлэх байгууламж зэргийг тооллогод хамруулсан аж. Нийт гол
горхийн 242 нь байнгын урсацтай, булаг шанд 514 байсны 41 нь ширгэсэн,
14 нь сэргэсэн байгааг энэ үеэр тогтоосон аж. Мөн эхийг нь хашиж
хамгаалах шаардлагатай 11 рашаан байжээ. Энэ онд цооног, худгийн тоо
өөрчлөгдөөгүй бол гол горхи, булаг, нуур тойрмын тоо нэмэгджээ. Гэхдээ
булаг шанд, гол горхи өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байгаа нь
ширгэсэн, шинээр бий болсон, сэргэсэн зэрэг олон шалтгаантай байж болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Богд хааны ордон музейд орчин үеийн хөгжмийн шоу болно

The Majesty presents болон Богд хааны
ордон музей хамтран энэ сарын 22-ны бямба гарагийн 17 цагаас “Night at
Bogd Khan’s Palace” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний гол зорилго нь орчин
үеийн хөгжмөөр дамжуулан өөрийн орны залуус, гадаадын иргэд, жуулчдад
Монгол улсын түүхэн дурсгалт газрыг сурталчлан таниулах юм.

Богд хааны ордон музей нь Монголын
сүүлчийн эзэн хааны өөрийн амьдарч байсан мөн тусгаар тогтнолын гэрч
болсон түүхэн газар юм. Өдгөө энэхүү цогцолбор газарт Буддын урлахуйн
ухааны гайхалтай бүтээлүүд, хаан, хатны эдэлж хэрэглэж байсан хувцас,
эдлэл хэрэгслүүд тэргүүтэй олон дурсгалт үзмэрүүд хадгалагдаж, олны
хүртээл болсоор байна.

Энэхүү үйл ажиллагаа нь орчин үеийн
хөгжим тэр дундаа underground electronic хөгжмийг залууст жинхэнэ утгаар
мэдрүүлэхийн сацуу залуу үеийг нэгтгэн түүх, соёл, урлагийн өвийг
хамгаалах, сэргээхэд уриалж байгаагаараа урьд өмнө зохион байгуулагдаж
байсан ижил төрлийн арга хэмжээнүүдээс ялгаатай байх болно гэж зохион
байгуулагчид онцолж байна. “Night at Bogd Khan’s Palace” electro
хөгжмийн шоунд Dj.Henza, Dj.BTR /Лондонгоос/, Dj. Билгүүдэй
/Бээжингээс/, ММP Dj.TMK нар оролцож өөрийн сетүүдээрээ үзэгчдийн
сонорыг мялаахаар уригдаад байгаа ажээ. Мөн дуучин А.Хишигдалай продюсер
Тэмүүлэнтэй хамтарсан шинэ уран бүтээлээ хүргэнэ. Нэмж сонирхуулахад
Цамын бүжиг ч арга хэмжээний хөтөлбөрт багтаад байгаа юм. Хөгжим тоног
төхөөрөмж, гэрэлтүүлгийг Total music, арга хэмжээнд ирсэн зочдын хоол
зуушыг тогооч Г.Тэнгис, үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган харуул
хамгаалалтын “Зевс секьюрити” компани хамртран ажиллаж байна. Тус үйл
ажиллагаа нь дэлхийн хөгжингүй орнуудын орчин цагийн музейнүүдэд олон
нийт рүү чиглэсэн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагддаг жишгийг
нэвтрүүлж буйн илрэл болж байна. Night at Bogd Khan’s Palace арга
хэмжээ нь Богд хааны ордны Амгалан Энхийн хаалганы өмнөх ёслол
хүндэтгэлийн талбайд болох гэж буйгаараа онцлогтой.

Дашрамд дурдахад Амгалан Энхийн хаалга
нь 108 өөр төрлийн оньстой, нэг ч хадаас ороогүй баригдсан уран барилгын
онцгой гайхам шийдэлтэйгээр үл барам Монгол улсын тусгаар тогтнолын
хаалга хэмээн нэрлэж ч болох хаалга юм. Учир нь Манжийн эрхшээл ноёрхлыг
эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлчээр ялалтаар
төгсөж VIII Богд гэгээнийг Монгол улсын шашин төрийг хослон баригч
хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдалд зориулж 1912-1919 онд уг
хаалгыг бариулсан юм.