Categories
мэдээ нийгэм

“Хөлбөмбөг – Гэр бүл” нээлттэй өдөрлөг болно

Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр “Гэр бүлийн нээлттэй өдөрлөг” зарлаж байна.


Анх 1959 онд байгуулагдаж байсан МХБХ 2015 онд олон шинэчлэлийг эхлүүлж, шинэ эрин үедээ алхан орж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор холбооны үйл ажилгаа болон Монголын хөлбөмбөг өнөөдөр ямар түвшинд байгааг олон нийтэд нээлттэй харуулах зорилгоор өнөөдөр “Нээлттэй өдөрлөг”-ийг МХБХ-ны ногоон талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөг өнөөдөр 13:00 цагаас эхлэх бөгөөд та хамт олон, найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ хүрэлцэн ирж, МХБХ-ны үйл ажиллагаатай танилцахаас гадна лигийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ” дээд лигийн шилдэг багуудын тоглолтыг үзэх боломжтой юм.

Мөн энэ өдөрлөгийн хүрээнд МХБХ-ны дээд лигт хамаарах шилдэг есөн клубын төлөөлөл хүрэлцэн ирж, хөлбөмбөгийн спортоор цаашид хичээллэх сонирхолтой хүүхэд залуусыг клубтээ бүртгэж авах боломж олгох юм.

“Нээлттэй өдөрлөг”-ийн энэ өдөр мөн МХБХ-ноос зохион байгуулж буй “Хүрхрээ” дээд лигийн дор зохион байгуулагдах 1 дүгээр лигийн тоглолт эхэлж байгаа юм.

“Гэр бүлийн нээлттэй өдөрлөг” нь ямар нэгэн хураамж байхгүй бөгөөд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, Монголын хөлбөмбөгийн ертөнцтэй танилцахыг урьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан багийн спортыг хөгжүүлэх тусгайлсан зарлиг гаргасан бөгөөд МХБХ энэхүү зарлигийг талархан хүлээн авч, хөгжлийн бодлогодоо тусган, олон ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Монголын хөлбөмбөгийн хөгжил, ирээдүйн талаар та бүхэн өнөөдрийн өдөрлөгийн үеэр нээлттэй мэдээлэл авч болно.


“Хөлбөмбөг-Гэр бүл”-ийн өдөрлөгийн хөтөлбөрөөс:

1. 13:20-14:00 Гэр бүлийн гишүүд, лигийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх (6 vs 6)

2. 14:00-14:20 Дурсгалын зураг авахуулах

3. 14:20-15:00 МХБХ-ны байртай танилцах (Ногоон талбай, футзал, холбооны байр)

4. 15:00-17:00 “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолт үзэх (Тухайн цагт “Сэлэнгэ Прэсс”, “Хоромхон” багууд тоглоно.)

Жич: Өдөрлөгийн үеэр “Хаан зайрмаг”, “Ноён Пицца”-ны хамт олон уух зүйл, хөнгөн хүнсээр үйлчилнэ.


Categories
мэдээ нийгэм

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн этгээдийг хайж байна

Цагдаагийн ерөнхий газраас иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагад анхааруулга, сэрэмжлүүлэг өглөө. Тодруулбал, ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, БГД-ийн “Түмэн плаза” дэлгүүр болон бусад аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхдээ 20 мянган төгрөгийн АВ2200647, АВ8839769 серийн дугаартай хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн этгээдийг Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа бөгөөд ийм хуурамч мөнгөтэй холбоотой мэдээлэл гарсан даруйд ЦЕГ-т хандахыг уриаллаа.

Хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, хүнсний дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс наймаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гүйлгээнд оруулж байгаа нь тогтоогдоод байна. Иймд бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх бол 96102102 утсанд хандахыг ЦЕГ-аас зөвлөлөө.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн газраас хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн 25 хувийг эзэлж байсан өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн 47 серийн 662 ширхэгийг “У” гэгч нь хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсныг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 213 үйлдлийг нэгтгэн шалгаж прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн тухай хууль бүрэн эхээрээ хэвлэгджээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 31 дэх дугаар өчигдөр /2015.08.21/ хэвлэгдэн гарчээ.


Эмхэтгэлийн шинэ дугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.

Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулсан. Үүнд:

  • Зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;
  • Зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;
  • Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;
  • Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ. Энэхүү хуультай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс бүрэн эхээр нь танилцах боломжтой.

Хуулийн дэлгэрэнгүйг бүрэн эхээр нь хүргэж байна.


ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

Categories
мэдээ нийгэм

Засвар, шинэчлэлтэй холбоотойгоор түр хаах авто замын хуваарь

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор түр хугацаанд буюу 08 дугаар сарын 21-23-ны хооронд хаах авто замын хуваарь

Байршил Хийгдэх ажил Гүйцэтгэгч компани Зам хаах хугацаа
1 Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Ногоон нуурын гудамжны авто зам,Гандийн сургуулийн баруун талд Бохир усны шугам татах УСУГ 2015.08.22-ны 23:00 цагаас 2015.08.23-ний 07:00 цаг
2 Сүхбаатар дүүрэг, МУБИС-ийн урд талын туслах зам Дулааны шугам шинэчлэлтийн ажил ” АСХС” ХХК 2015.08.21-ны 23:00 цагаас 2015.08.22-ны 06:00 цаг
3 Сүхбаатар дүүрэг, Гэндэнгийн гудамж.Хуримын ордны урд талын авто замын зорчих хэсгийн 1-р эгнээ Дулааны худгийн засварын ажил Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 2015.08.20-ноос 2015.08.23-ны хооронд
Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт ялалтын баярын ойг тэмдэглэлээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд энэ сарын 19-нд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал алхлаа.

Харин үдээс хойш Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, “Бид ялав” үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болсон. Арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцжээ.

Их жанжнаараа овоглосон Сүхбаатар аймгийн ард түмэн эх орноо батлан хамгаалах, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, залуу үеэ эх оронч үндэсний үзлээр хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. ХХ зууны эхэн үеэс энэ нутагт ардын хувьсгалт цэргийн анги, салбар болон хязгаарын цэргийн отряд, заставууд байрлаж эх орныхоо аюулгүй байдлын манаанд соргогоор зогсож ирсэн гэдэг. Дэлхийн II дайны жилүүдэд энэ нутагт тухайлбал, Байшинтад Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар морьт дивиз байрлаж байсан. БНМАУ Чөлөөлөх дайнд орох үед Тамсагбулаг, Матад, Өндөрхаанд байрлаж байсан морьт дивизүүд Зөвлөлтийн улаан армийн ангиудын хамт Дарьганга сумын нутагт хүч хуралдуулж, улмаар 1945 оны 8 дугаар сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлээр дайнд орсон түүхтэй.

Сүхбаатар аймагт энэ өдөр ялалтын баярыг тэмдэглэсэн бол Дорноговь аймагт энэ сарын 22-нд мөн адил ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Харин нийслэлд энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилнэ. Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ажиллагаа зохиохоор Батлан хамгаалах яамнаас төлөвлөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлийн 4 дүгээр ээлж энэ сарын 25-нд эхэлнэ

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн болжээ. 4 дүгээр ээлжинд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх аж.
Цахим бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэх бөгөөд бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авна. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 дугааруудаас лавлах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 150 хүүхдийг зусланд амраалаа

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв хамтран “Эх орон 36” арга хэмжээг зохион байгуулж, зорилтот бүлгийн 150 хүүхдийг зусланд амраалаа.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх болон эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвартай иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус арга хэмжээний нээлтэд Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ нар оролцсон.
“Эх орон 36” арга хэмжээг дэмжин дүүргийн Улаан Загалмайн хороо, Скаутын холбоо, Шавь цогцолбор сургууль, Ус сувгийн удирдах газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Сансар зуслан, Зэвсэгт Хүчний 150 дугаар анги хамтран оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хүн бүр 20кг өвс хадахыг үүрэгджээ

Манай орны ихэнх нутгаар энэ зун гандуу байсан тул малчид гол горхины эрэг хавиар ургасан жаахан өвсөө булаацалдахад тулаад байна. Зарим сумын ЗДТГ-аас өвсний гарц арай ахиутай газруудыг малчдад хувааж өгч байна. Хэн хаана хэр том талбайн өвс хадаж авах вэ гэдэг нь малынх нь тооноос хамаарах аж. Өөр аймгийн нутгаас хаддан бэлтгэж буй газар ч бий. Төв аймаг гэхэд Дорнодын Матад, Хөлөнбуйр, Цагаан- Овоо, Булган, Баянтүмэн сумын 200 мянган га талбайгаас өвс хадаж эхэлжээ. Хоёр аймгийн Засаг даргын байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ийм зохицуулалт хийсэн юм байна.

Төв аймагт өнгөрсөн жил бэлтгэсэн 15 мянган боодол өвс байгаа аж. Бичин жилийн өвлийг өнөтэй давахын тулд үүн дээр нэмж, 100 мянга орчим тн өвс бэлтгэх шаардлагатай гэнэ. Иймээс тус аймгийн Засаг дарга захирамж гарган, 20-иос дээш насны иргэн бүр 20 кг өвс бэлтгэж, сум, багтаа тушаахыг даалгажээ.

Categories
мэдээ спорт

Манай тулаанчийн өрсөлдөгч Солонгосоос иржээ

Ням гаригийн
16.00 цагт “Буянт-Ухаа” цогцолборт Монголын мэргэжлийн боксчин Г.Баяртогтох
Солонгосын мэргэжлийн боксчин Ан Жи Хёнтой халз тулалдахаар болсон билээ.
Тэгвэл тус тулаанд оролцох Ан Жи Хён дасгалжуулагч багшийнхаа хамт өчигдөр
Монголд иржээ. Энэхүү тулааныг сонирхохоор мөн тус боксчины найз нөхөд нь
хүртэл ирэд байгаа юм байна. Сонирхуулахад Солонгосын боксчин Г.Баяртогтохоос
дөрвөн насаар дүү юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага ”Хөршийн өдөр”-ийг угтан зөвлөгөөн хийлээ

“Хөршийн өдөр” арга хэмжээг угтан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн 11 хорооны Засаг дарга, 88 СӨХ-ийн захирал, 11 хорооны 65 хэсгийн ахлагч нартай уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ уулзалт зөвлөгөөнөөр орон сууцны СӨХ болон гэр хорооллын хэсгийн хариуцсан гудамж, байр, нийтийн эзэмшлийн талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн судалгааг танилцуулан түүнээс урьдчилан сэргийлэх “Хөршийн хөтөлбөр, Хөршийн хяналтын журам”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр тэргүүн туршлага нэвтрүүлсэн СӨХ-ийн үйл ажиллагааг сурталчилж бусдад нэвтрүүлэх, СӨХ, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдийн дунд “Хөршийн бүлэг” байгуулах ажлыг идэвхжүүлэх талаар харилцан санал солилцон цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлж байгаа нь үр дүнтэй арга хэмжээ болж байгаа юм.

Мөн тус хэлтсээс хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 65 барьцаалан зээлдүүлэх газрын захиралуудтай уулзалт зохион байгуулж, харилцан мэдээ мэдээлэл солилцох “Facebook” групп нээн хамтран ажилласнаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас цагдаагийн байгуулагад ирүүлэх гэмт хэрэг, зөрчлийн мэдээ мэдээлэл нэмэгдэж үр дүнгээ өгч байна.