Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр (08.23) сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. 9 дүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна.

Өнөөдөр буюу 08 сарын 23-ны ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн намууд анх удаа эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж эхлэв

Монгол Улсад
байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд манай сонин
цувралаар түүх өгүүлэх нийтлэлийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа
2004-2008 оны буюу парламентын дөрөв дэх удаагийн сонгуулиас бүрдсэн Их хурлыг
танилцуулж байна.

2004 оны
сонгуулийн дүнд байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн
хүчнүүдэд хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлж ажиллах итгэлийг сонгогчид
хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент байв. Өмнө нь нэг нам хэт олонхи
болж байсан бол энэ удаа ард түмэн АН, МАХН аль алинд нь тэнцүү хэмжээний
суудал олгосон. Тиймээс энэ УИХ манай орны улс төрийн амьдралын нэн
хариуцлагатай үед өөрийн бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн гэдэгтэй
ямар ч хүн маргахгүй.

Тэгвэл
парламентын дөрөв дэх удаагийн сонгуульд улс төрийн долоон нам дангаараа,
гурван нам эвсэл болж оролцсоноос МАХН 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, Бүгд
найрамдах нам нэг суудал тус тус авч, бие даан нэр дэвшсэн гурван нэр дэвшигч
УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Ингэж сонгуулийн дүнд улс төрийн томоохон
хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй төлөөлөл бүхий, парламентын олонхи, цөөнхгүй
өвөрмөц парламент бүрдсэн нь парламентад суудалтай улс төрийн гол хүчнүүдэд
хамтран зөвшилцөж ажиллах түүхэн шинэ боломж нээж өгснөөрөө онцлогтой байлаа.
Тиймээс сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан МАХН “Эх орон-Ардчилал”
эвсэлтэй ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө
харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч, “Зөвшилцлийн
гэрээ” байгуулан хамтарсан Засгийн газар байгуулав.

Гэвч УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвсэл 2004 оны 12
дугаар сард татан буугдсан хэдий ч төр, засгийн тогтвортой ажиллагааг
тасралтгүй хангах зорилгоор Ардчилсан намын болон ИЗБН-аас Улсын Их Хуралд
сонгогдсон нэр бүхий 26 гишүүн УИХ дахь МАХН-ын бүлэгт өөрсдийн саналаар нэгдэн
орж ажиллажээ. Харин 2005 оны долдугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг
дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Ингэснээр Үндэсний
эв нэгдлийн Засгийн газар өөрчлөгдөж, хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан
байна. Ийм нөхцөл байдалд парламентын баримтлах гол зарчим нь улс төрийн намууд
харилцан зөвшилцөж, өөр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ
улс орон, ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллах явдал
байв. Энэ удаагийн УИХ ийм хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монголын
парламентат ёсны хөгжлийн ээдрээтэй бөгөөд сургамжтай үеийн түүхийг бүтээсэн
гэж хэлж болно.

Энэ Их хурал бүтцийн хувьд өөрийн зохион байгуулалтын хэлбэр болох
Байнгын хорооны бүрэлдэхүүнд нийт гурван удаа өөрчлөлт оруулж, 2004 оны
наймдугаар сард долоон Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Харин 2004
оны 12 дугаар сард 11-нд Байнгын хороотой болж, 2006 оноос Байнгын хороодын
тоог цөөрүүлэн долоо болгожээ. Үүнд:

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (даргаар нь М.Энхсайхан,
Р.Гончигдорж, Б.Мөнхтуяа нар сонгогдон ажилласан)

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (Ч.Раднаа, А.Бакей,
Я.Санжмятав)

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
(С.Ламбаа, Т.Ганди)

-Төрийн байгуулалтын байнгын хороо (Су.Батболд, Д.Дондог)

-Төсвийн байнгын хороо (Р.Бадамдамдин, Ч.Улаан, Л.Пүрэвдорж)

-Хууль зүйн байнгын хороо (Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Шаравдорж)

-Эдийн засгийн байнгын хороо (Ц.Дамиран, Л.Гантөмөр, Д.Ганхуяг) нар ажиллаж
байсан билээ.

2004-2008 оны парламент нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 89 хууль
батлан гаргаж, 336 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын 68 гэрээ,
конвенцийг соёрхон баталж, 50 хууль, хуулийн зүйл, заалтууд хүчингүйд тооцсон
тухай хууль баталжээ. Ингэснээр Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл
боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлан гаргаснаар эрх зүйн шинэчлэлийн
бодлогыг гүнзгийрүүлсэн бол Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний
хөгжлийн цогц бодлогыг батлан гаргаж байсан юм. Түүнчлэн Газрын тосны
бүтээгдэхүүний тухай хууль баталснаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний
үйлдвэрлэл, импорт, хангамжийн асуудлыг зохицуулсан бие даасан хуультай болсон
билээ. Үүний зэрэгцээ хүлээгдэж байсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлан
гаргаж эрчим хүчний төвлөрсөн систем, бүс нутгийн эрчим хүчний найдвартай, бие
даасан ажиллагааг хангах, алслагдсан сум, суурин газрууд, малчин айл өрхийг
цахилгаанаар хангах зорилтыг үе шаттайгаар шийдвэрлэх боломжтой болсон.

Олны анхаарлын төвд байсан хуулиудын нэг нь Авлигын эсрэг хууль байлаа.
Мөн хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин Үндэсний радио, телевизийг
Засгийн газрын хараат бус болгож Олон нийтийн радио, телевизийн тухай хууль
батлан гаргаж өөрчлөн зохион байгуулснаар өнөөдрийг хүртэл уг хууль хүчин
төгөлдөр мөрдөгдөж байна.

Ашигт малтмалын
тухай (шинэчилсэн найруулга), Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга), Төмөр замын тээврийн
тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай, Татварын
ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) зэрэг томоохон хуулиуд батлан гаргасан юм.
Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Ахмад
настны нийгмийн хамгааллын тухай (шинэчилсэн найруулга), Монгол Улсын баатар,
хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох
нэмэгдлийн тухай зэрэг хуулиуд баталж нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр,
тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авчээ.

Монгол Улсын Их
Хурлын тухай (шинэчилсэн найруулга), Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай (шинэчилсэн найруулга)
зэрэг парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сонгуулийн шинэ
тогтолцоог батлан хэрэгжүүлжээ.

Э.БОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хямралын үед иргэд өөрсдийн гэсэн төлөвлөгөө зохиодог

Эхэндээ эдийн засаг хямраагүй, зүгээр л хүндрэл гарч байгаа юм гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд өгч байв. Гэтэл эдийн засаг хямарсан гэдгийг сүүлийн саруудад бүхий л сувгаар мэдээлж, дампуурлаа зарлахад бэлэн болсон 15 орны наймдугаарт Монгол Улс явж байгааг хэллээ.

Төр засгаас хэмнэлт хийж, яам, агентлагуудын дарга нарын тансаг хэрэглээг хасч, илүү дутуу зардлыг багасгах үүргийг өгч ер нь хаа хаанаа хэмнэлтийн горимд шилжээд байна. Олон улсад эх орныхоо нэрийг унагахгүйн тулд бас бус юм хийж байгаа дуулдана. Ямартай ч төр засаг маань хямралыг аль болох хүндрэлгүй, эх орноо элгээр нь мөлхүүлчихгүйхэн шиг даван гарахын төлөө ажиллаж байна гэж үзнэ.

Харин иргэдийн хувьд эдийн засгийн хямралтай энэ үед яажшуухан амь зууж байгаа вэ. Хямрал нийгмийн дунд, дундаас доош түвшний амьжиргаатай иргэдэд илүү хүчтэй мэдрэгдэж, хямралыг дагасан үзэгдлүүд гарч ирэх болов.

Ялангуяа сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын оршин суугчдад хямрал жинтэйхэн тусч байна. Хотын захын дүүрэг, гэр хорооллуудад хямралаас үүдэлтэй үзэгдлүүд гарч ирсээр. Ойр хавийн айлуудынхаа хоол хүнс, ахуйн жижиг сажиг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг дэлгүүрүүд данс тооцоо хөтөлдөг дэвтрээс гадна өрийн зузаан дэвтэртэй болчихож. Айлууд талх, будаа, гурил, төмс, тос зэрэг хүнсний наад захын хэрэгцээгээ хангахын тулд ийн зээл тавьж байгаа аж.

Ломбардуудын хувьд зээл авсан иргэд хүүг нь сунгаж, барьцаанд үлдээсэн эд зүйлс, хөрөнгөө буцааж авч чадахгүй байгаагаас хуучин эд зүйлсийн худалдаачид болон хувирчихаад байна. Захын хорооллуудад ийм дүр зураг харагдах болсон бол хотын төвд дэлгүүр хоршоонууд бараа, бүтээгдэхүүндээ 50-70 хувийн хямдрал зарлачихсан, зоогийн газар, ресторан, кафегаар байнгын үйлчлүүлэгчдийн тоо нэг дахин багасчихжээ. Хямрал жирийн айлуудын амьдралд яаж нөлөөлж байгааг хэдхэн жишээгээр өгүүлбэл ийм. Харин хур хөрөнгөтэй, насаараа идэх хоолоо олчихсон олигархи гэж нэрлэдэг хүмүүст хямрал тийм хүчтэй нөлөөлөхгүй байгаа бололтой. Гадаадад аялсаар, брэндээ өмссөөр.

Бид төр засгаасаа “Цалин нэм”, “Ажлын байр олго” гэж шаардахаасаа өмнө өөрт байгаа нөхцөл боломжоо харах хэрэгтэй юм. Хувийн секторт ажилладаг иргэдийн хувьд юм болгонд төр рүүгээ бурууг өгч, юм нэхээд байдаггүй, бор зүрхээрээ болгож бүтээсээр явдаг. Эдийн засагт хийсэн судалгаагаар “Үндэсний баялаг бүтээгчид”-ийг нийтээрээ дэмжиж, хийе бүтээе, үйлдвэрлэе гэсэн хүн бүрийг анхаарах болсноос хойш дотоодын жижиг дунд үйлдвэрлэлд эерэг өөрчлөлт гарч ирэх болж. Худалдан авагчдад “Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжинэ ээ” гэсэн код ч суужээ. Юм хийе гэвэл хямралын үед л хөдөл. Тэгвэл хямрал дуусахад та тэрбумтан болно гэдэг хуулиар хөдөлж байгаа олон үйлдвэрлэгч, бизнесменүүд байна.

БНСУ-ын хямралын үед иргэд нь өөрийн чимэг зүүлт, чихэн дэх алт, монетон эдлэлүүдээ улсдаа тушааж, хамтдаа хүндрэлээс гарахын төлөө зүтгэж байсан түүхийг бүгд мэднэ. Грек улсын хямрал дээд цэгтээ хүрч, улс нь бүхэлдээ хямарсан. Тус улсын иргэд чухам юунаас болж хямрал нүүрлэснийг тогтоогоод эхний ээлжинд тансаг хэрэглээнээсээ татгалзах нь зүйтэй гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. Афин хотын 54 настай бизнесмен Фина “Хямрал нэг л өглөө манай цонхон дээр ирсэн. Хөршийн маань хүү манай гал тогооны өрөөнөөс гарах хоолны үнэрийг үнэртээд нүдээ аниад зогсч байсан. Хямрал чимээгүй ирдэг юм билээ. Би хямралд өртсөнөө мэдээгүй. Шинэ гутал өмсч үзэлгүй гурван жил болсон байсан. Өмнө нь ямар баян тансаг, дутагдах зүйлгүй амьдардаг байснаа бодох цаг гарч ирсэн. Хямрал гэдэг нэг бодлын ухралт ч хүнд маш том ухаарал өгдөг. Харин одоо би хямрахаа больсон. Өөрт олддог жаахан орлогоо зөв зүйтэй зарцуулж, өр тавин байж шинэ даашинз худалдаж авахаа больсон” гэж Францын нэгэн сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.

Хувийн байгууллагад ажилладаг 27 настай ганц бие залуу “Би өмнө нь долоо хоногт, эсвэл 14 хоногт нэг удаа дүү нараа дагуулж энд тэнд очиж үнэтэй хоол идэж өдрийг өнгөрүүлдэг байсан. Харин хямрал эхэлснээс хойш дүү нартайгаа тэгж явахаа больчихсон. Яагаад ч юм бүү мэд. Авдаг цалин хэвээрээ мөртлөө л цалин хүрэлцэхээ байсан. Ер нь хямрал гэдэг чинь толгой дээрх тансаглал гэх илүү малгайг тайлдаг үзэгдэл юм шиг ээ” гэж ярина. Нэг нь Грекийн эдийн засгийн хямралд өртсөн 54 настай эмэгтэй, нөгөөх нь хямарчихаад байгаа Монгол Улсын залуу иргэн. Тэд ийн ярьж байна.

Цалингаа нэмүүлье гээд хямарчихсан байгаа төр засаг руугаа хашгирахаас урьд иргэд өөрсдөө хямралаас гарах төлөвлөгөө зохиох хэрэгтэйг хямралаас амжилттай гарсан орнуудын иргэд зөвлөдөг. Хорь, гучаадхан хүнтэй компанийн захирал том жийп машин лизингээр авахаа түр хойшлуулаад ажилчдынхаа нэг сарын цалинг ч болтугай бүтэн өгье гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Ямар нэг баяр, тэмдэглэлт өдрүүдийг ажлаа хоёр, гурван хоног зогсоож байгаад тэмдэглэж, баярлаж, найрладгаа ч болих нь зүйтэй. Хоёр өдөр найрлахад 2-3 сарын цалинтайгаа тэнцэхүйц хэмжээний зардал гаргадаг. Тийм болохоор шинэ жилийн баяр, цагаан сарын золголт, наадам, ойн баяр зэрэгт аль болох мөнгө зарахгүй, ер нь тэмдэглэхээс татгалзах нь одоо хамгийн зөв шийдвэр.

Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Завхан аймгуудаар явж, хөдөөний малчид, аймгийн төвийнхөнтэй уулзахад тэдний амнаас л лав “Хямарч байна” гэх үг дуулдаагүй юм. Харин “Хотоос ирсэн хүмүүс л хямарч байна гээд байх юм. Аргагүй биз. Бие засч, машинаа зогсоолд тавих тоолондоо мөнгөний асуудалд орооцолддог юм чинь хямрахаас ч яах вэ. Бид яах вэ. Идэх мах, уух сүү нь бэлэн улс. Илүү зардал гаргах биш. Хэдэн малынхаа хойноос явсаар өдрийг бардаг. Тэр болгон гар дээр мөнгө орж ирдэггүй болохоор мөнгийг нэг их тоохгүй юм. Эдийн засгийн хямрал гээч нь биднээс холуур өнгөрч байх шиг” гэцгээнэ. Малчид, хөдөө орон нутгийн иргэдийн хувьд өмсөх хувцас, идэх хоол байвал болоо. Илүү тансаг юманд шунаж, хармаа хотоо хоосолдоггүй. Тэгэхээр тэд хямрахгүй байгаа гэдэг нь худал биш.

Хотынхон л хямралд илүү өртөөд байгаа гэдэг нь олон зүйл дээр нотлогдоно. Автобус байхад суухгүй. “Такси амар. Олон хүнтэй чихэлдэж, хувцас муухай болохгүй” гэнэ. Цайны газарт орж хооллохгүй. “Үгүй ээ, хотын төвд гадны сүлжээ ресторан нээгдэж байгаа гэсэн. Тийш очъё” гэх бөгөөд аливаа энгийн юм, өмнө байснаа үгүйсгэсэн байр сууринаас хандацгаана. Хавар намартаа өмсөх гуталтай байж, моод хөөж олныг цуглуулах бөгөөд эрчүүд нь өөрсдийгөө машингүй бол хүний тооноос хасагдана гээд лизингээр ч хамаагүй машинтай болж зээлийн дарамтад орно. Энэ бүгд л эргээд биднийг хямруулаад байгаа юм. Хямрал дуустал хэдэн сар автобусандаа суугаад, элдэв илүү тансаглалаа болиод даруухан явчихвал уг нь болчих юм. Монголчууд ходоод нь хонхолзож байвч хуруундаа алт зүүчихсэн явдаг, хүний нүдэнд ядуу харагдахаас ичдэг ганган улс. Гадны тусламжийн байгууллагынхан хотын захын нэгэн айлд хувцас хунар хандивлахаар очтол тогоо дүүрэн хонины мах чаначихсан, эхнэр нь чихэндээ монет, гартаа алтан бөгж зүүчихсэн угтсан явдал болсон гэдэг. Бид ийм улс.

Илүү маяг, гангараандаа мөнгө зарахаа больчихвол хямралын энэ үед том нэмэр болно доо. Иргэн бүр хямралаас гарах төлөвлөгөө зохиож, хэмнэлтийг амьдралдаа баримталж эхэлбэл яасан юм. Төр хямралаас гарахын тулд бүхий л талаар анхаарч байхад иргэд нь өөрсдөд нь хамаагүй мэт тансаглаад байж болохгүй. Үдийн цайнаар үнэтэй ресторанд хоолоо хүлээж цагаа алдсанаас шуурхай үйлчилгээтэй цайны газарт хямдхан ч гэсэн амттай хоолоор үйлчлүүлнэ шүү дээ. Ажлаа тараад элдэв газраар орж мөнгө төгрөгөө үрснээс эртхэн шиг гэртээ очиж байвал энэ нь иргэн таны хямралын эсрэг явуулж буй нэг төлөвлөгөө. Улс том бодлого явуулж хямралаас гардаг бол иргэн нь жижиг ч хамаагүй хэмнэлтийн төлөвлөгөө зохиож эдийн засгийн хямралын эсрэг зогсдог.

Д.ГАНСАРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйн настнууд кибер гэр бүл, хөрштэй байна

Сингапураас ирсэн Фелма Кей гуай “Улаанбаатарт хэсэгхэн явж үзээд миний анзаарсан зүйл гэрлэн дохио их хурдан асч, унтарч бай­на. Настай хүн бол амжиж гарч чадахааргүй юм. Гадаа зам тэргэнцэртэй хүнд зориулсан налуу биш учраас бэрхшээлтэй, харин амарч суух сандал хангалттай байх шиг санагдсан хэмээн дүгнэлээ. Тэрбээр Ази Номхон далайн идэвхтэй насжилтын консерциумын удирдах зөвлөлийн гишүүн юм. Эрүүл мэндийн яамны “Б” танхимд болсон насжилт, настай хүмүүст тохиолддог эмгэгийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр энэ тухай яригдлаа. XXI зууныг зарим нь “Насжилтын зуун” хэмээн нэрлэжээ. Учир нь 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болох гэнэ. Өнөөг хүртэл харьцангуй залуу үндэстэн гэгдэж ирсэн монголчуудын хувьд санаанд оромгүй нарийн ширийн зүйлс энд сонсогдов. Настай хүмүүс явганаас унаж бэртэхээргүй орчин бүрдүүлэх нь чухал гэнэ. Ядаж л шал гөлгөр биш, хана дагуу бариул байрлуулах гэх мэт арга бий. Монголчуудад ч энэ хамааралтай сэдэв. Учир нь Эрүүл мэнд, спортын яамны газрын дарга Р.Оюунхандын илтгэлд явганаас унаж бэртэх нь манай настнуудын хөгжлийн бэрхшээлтэй болох гол шалтгааны нэг хэмээн дурдагдсан. Үүнээс гадна ой санамж буурах, шээс задгайрах, сэтгэл гутрал, халдварт болон халдварт бус өвчнүүд нь настануудын бие даах чадвар алдагдахад нөлөөлдөг байна. Ахмад настны унаж бэртэх эрсдэлийг монголчууд ч судалсан байдаг. Настай хүмүүс явганаас унаж бэртэхэд замын халтиргаа гулгаа 60 хувь нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн нас ахих тусам тэнцвэр алдалт, сэтгэл гутрал, алхах, сонсох, харах чадвар доройтдог нь ч нөлөөлжээ.

Фелма гуай “Унаж бэртэхээс сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд дэвсгэр гулгамтгай, шал халтирамтгай байж болохгүй. Гэрэлтүүлэг хангалттай байх ёстой. Гэрээс гараад унаж бүдрэхээр юм байлгахгүй байхад анхаарах учиртай. Настай хүний тэнцвэрийг сайжруулах дасгал хийлгэж болно. Нойрсуулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг бол алхаа гишгээ өөрчлөгдөж болно” хэмээн зөвлөсөн.

Геронтологийн үндэсний төвийн Б.Аюуш, Т.Энхзул нар Улаанбаатар хотын зарим байгууллагад настанд ээлтэй орчин бүрдүүлсэн эсэх талаар судалжээ. Судалгаанд хамруулсан 50 байгууллагын 88 хувь нь муу үнэлгээ авсан байна. Байгууллагын хаяг, дотор талын шат, шал дэвсгэр, дотоод гэрэлтүүлэг зэрэг нь сайн дүн авах шалгуур байв. Муу оноо авахад хүргэсэн үзүүлэлтүүд нь сүүдрэвч, мэдээллийн самбарын настанд зориулсан хэсэг, тэргэнцрийн зам зэрэг байжээ. Настанд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ авах боломж олгосон барилга байгууламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэнэ. Монгол настнуудын хувьд эрүүл мэнд хангалтгүй байгааг судалгааны дүгнэлт харуулав. 2008-2011 онд хийсэн судалгаагаар манай нийт настны 84 хувь нь ямар нэг эмгэгтэй, дунджаар гурваас дөрвөн өвчинтэй байжээ. 55-аас дээш настай настнуудын дунд ихээр тохиолддог арьсны өвчнүүд гэхэд л дотор эрхтэн системтэй холбоотой байгаа нь судалгаагаар тогтоогдсон учраас хавсарсан эмчилгээ шаардлагатай талаар Геронтологийн үндэсний төвийн эмч, судлаач нар сануулж байлаа.

ЭМСЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаас ахмад настны асаргаа сувилгааны талаар тодруулав. Тэрбээр “Геронтологи, гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч бөгөөд өдгөө арван жилийн ойгоо тэмдэглэж буй Геронтологийн үндэсний төвийн анхны дарга юм.

-Ахмад настан, хэвтрийн өвчтөнд Геронтологийн төвийнхөн багаар үйлчилдэг юм байна. Энэ үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Гэрийн тусламж үйлчилгээ гэдэг олон тусламж үйлчилгээг багтаадаг том ойлголт. Энэ дотроос бид нэг тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тэр нь олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээ. Бид эмч сувилагч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч мэргэжлийн хүмүүс нийлж байгаад баг болсон юм. Анх 2007 онд энэ үйлчилгээг бий болгоод, багаараа 2013 оныг хүртэл 24-хөн хүн ажиллаж байсан. Хүнээ үзнэ. Дээрээс нь энэ багт ажиллана. Мэдээж бид улс орны хэмжээнд явж ажиллаж чадахгүй. Хотын зургаан дүүрэгт л ажиллаж байна. Жилдээ хамгийн ихдээ 700-800 гаруй хүнийг гэрт нь очиж үзэж зөвлөгөө өгч амжсан. Хамгийн цөөндөө 380 орчим хүнд тусламж үзүүлдэг. Уг нь энэ тусламжийг Өрхийн эрүүл мэндийн төв үзүүлэх учиртай. Харамсалтай нь манай явж ирсэн тогтолцоогоор өрхийн эмч, сувилагч нарын настны эрүүл мэндийн мэдлэг хангалттай биш. Уг нь Геронтологийн үндэсний төв гуравдугаар шатлалын эмнэлэг учраас гэрийн тусламж, үйлчилгээ хамаагүй. Гэвч шинэ салбар хөгжиж байна. Тэнд байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүмүүст ойлгуулж, мэдүүлж зааж өгөх, настнуудад тусламж үзүүлэхийг зорьсон. Бид бүх хүнд хүрч амжихгүй байгаа. Учир нь хүний нөөц хүрэхгүй. Гэхдээ өнөөдөр дүүргүүд гериатар (настны эмгэг судлаач)-ын эмчтэй болчихлоо. Одоо олон мэргэжлийн багийн тусламжийг улсын хэмжээний болгохоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-т суулгасан. Гэтэл хүний нөөц нь бүрдээгүй байхад журам гаргаж болохгүй байна. Учир нь мэргэшсэн хүн ажиллах учиртай. Чадвартай боловсон хүчин бүрдүүлж байж улсын хэмжээний үйлчилгээ болговол настай хүнээ үзүүлэх гэж хоёр, гурвуулаа бүтэн өдрийн ажлаа алдаж явах шаардлагагүй болно. Олон мэргэжлийн багийнхан өрхийн эмчид нь, гэрт байгаа асран хамгаалагчид, настанд зөвлөгөө өгдөг онцлогтой.

-Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд өрхийн эмч нар энэ үйлчилгээг үзүүлэх ёстой юм байна?

-Одоо үзүүлэх боломж нь нээгдэж байна. Учир нь гэрээр үйлчилдэг тусламж үйлчилгээ өмнө нь санхүүжилтгүй байсан. Бид энэ асуудлыг тавьсаар байгаад Даатгалын хуульд оруулсан. Даатгалын хууль ирэх нэгдүгээр сараас эхлээд хэрэгжих учраас гэрийн тусламж үйлчилгээ санхүүжилттэй болно. Гэрийн тусламж үйлчилгээ гэрт байгаа нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, настнуудад хүрэх юм. Гэрийн тусламж санхүүжилттэй болохоор хүртээмж, чанар нь сайжирна. Бидний зүгээс үйлчилгээний чанарыг сайжруулах, сургахад дэмжлэг үзүүлэх юм.

-Настныг асарч сувилах чиглэлээр сурах сонирхолтой хүн төдийлөн олон биш. Монголчуудын хувьд энэ сонирхлыг яаж урамшуулах вэ?

-Настны эмч, сувилагчийг төрийн сангийн дэмжлэгээр анхан болон хоёрдугаар шатны эмнэлгүүдээс бэлтгэх юм. Настны эрүүл мэндийн чиглэлээр ажиллахыг хүсч байгаа хүн хүсэл, зүрх сэтгэлтэй байх ёстой. Хүмүүс халуун зүрх сэтгэлтэй байж энэ тусламжийг үзүүлж чаддаг гэж гаднаас ирсэн зочид онцолсон. Тусгайлсан урамшуулал байхгүй ч сургалтыг нь төрөөс дааж, ажлын байр бий болгож чадна.

-Настнуудын асрамжийн газар гэхээр Батсүмбэр гээд шорон шиг газар хүмүүст төсөөлөгддөг. Настнуудыг асарч сувилах газар хэрэгцээтэй байна. Өвчин эмгэгтэй, насны доройтолд орсон олон ахмад харж асрах хүнгүй гэртээ өдөр хоног өнгөрөөж байна?

-Асрамжийн газар гэдэг өөр ойлголт, огт харж хандах хүн байхгүй, ганц бие хүмүүс, бага залуу насандаа алдаа эндэгдэл гаргаад орон шоронд явсан хүмүүсийг асарч халамжилдаг байгууллага. Таны асуугаад байгаа асаргаа сувилгааны газрууд бас өөр. Гучаад төрлийн ийм байгууллага бусад улс оронд байдаг. Манайд үүний эхний хэлбэр болох өдрийн эмчилгээ гэж байна. Сэргээн засах төвүүд бий болж байна. Энэ үйл ажиллагааг бодлогоор дэмжихээр бид Эмнэлгийн тусламжийн тухай хууль хийж байна. Энэ хууль маань Засгийн газарт өргөн баригдаад дэмжсэн. Одоо УИХ-д орох гэж байна. Энэ хууль батлагдахаар Удаан хугацааны сувилахуйн тусламж үйлчилгээг Монгол Улсад анх хийх гэж байна. Ингэж чадвал асаргаа сувилгааны төвүүд, сувиллын газрууд, өдрийн эмчилгээний төвүүд, сэргээн засах тусламж үйлчилгээ хүнд хүрэх боломжтой болно. Өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бид рашаан сувиллын үйлчилгээг л үзүүлж чадна гэв.

БНСУ-аас ирсэн Хан Донг Хи доктор “Дижитал насжилт”-ын талаар ярив. Тэрбээр “Настны амьдралын чанарыг сайжруулах шинжлэх ухааны институт”-ыг төлөөлдөг юм. Настны стратегийн талаар солонгосчууд Японоос суралцсан гэнэ. Солонгосын хувьд настнуудын нийгэмд эзлэх жин 2000 онд долоон хувь байсан бөгөөд энэ нь аль хэдийнэ настай нийгэмд тооцогдох үзүүлэлт аж. Монгол Улсын хувьд ч 2030 он гэхэд нийт хүн амын дотор настны эзлэх хувь 12-т хүрэх хандлагатай. Тийм ч учраас насжилтын тухай сэдэв биднээс хол асуудал биш. “Настны бие даасан байдлаа хадгалах, үр бүтээлтэй, идэвхтэй насжилтыг дэмжсэн хөтөлбөр чухал” гэж Хан Донг Хи доктор зөвлөв. Тэд настай хүмүүст ухаалаг утас, компьютер ашиглахыг заадаг. Энэ нь настай хүмүүст мэдээлэл авах, нийгэмд өөрийн дуу хоолой, оролцоотой байх, бусадтай харилцахад тусалдаг. Орчин үеийн настнууд кибер хөрш, кибер гэр бүлтэй байх болжээ. Магадгүй ирээдүйн настнуудын дунд компьютерт донтох өвчин ч газар авах юм билүү.

Монголын настнууд чөлөөт цагаараа юу хийхийг хүсдэг талаар судалгааны дүнг хурал даргалагч сонирхуулсан. 2011 онд судалгаанд оролцсон настнуудын 33 хувь нь найз нөхөдтэй болмоор байна гэсэн бол 28 хувь нь сонирхлын бүлэг, клубт хамрагдахыг хүсчээ. Гэхдээ ахмадууд шатар, билльярд тоглоход чөлөөт цагаа зарцуулахаас илүүтэй нийтийн бүжиг гэх мэт амьд харилцааг илүүд үздэг. Үндэсний статистикийн газраас 2014 онд гаргасан мэдээгээр дундаж наслалт эрэгтэй 65 бол эмэгтэй 75 байна. Наслалтын зөрүү өндөр байгаа нь настны амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшүүр, орлогын хомсдолд хүргэдэг. Сонирхлын клубууд, Ахмадын хөгжлийн төвүүдийг дэмжсэнээр өтлөх насны ганцаардал, гутралаас сэргийлэх боломжтой гэнэ.

Сингапурын жишээг татаж байсан Фелма доктор тэтгэвэрт гарах насыг уртасгах тухай ярьсан нь ихэнх монголчуудын хувьд хүнд хүлээж авдаг сэдэв. Хэдийгээр олон оронд 60-аас дээш настнуудыг тэтгэвэрт гаргадаг ч сүүлийн үед хөдөлмөрийн чадавхитай настнуудын хувьд үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхол ихсэх болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн хүн хүсвэл ажил олгогч үргэлжлүүлэн ажиллах боломж олгох талаар хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн насыг хойшлуулах талаар яриа хөөрөө өрнөх болжээ.

Гадаадын туршлагаас гадна монголчуудын урт наслах уламжлалт арга ухаанаас ч авах зүйл их юм. Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, академич Ш.Болдын судалгааг иш татъя. Юань улсын үеийн идээ ундаа шим тэжээлийн мэргэжилтэн Хүсэхүй “Индээ ундааны жинхэнэ товч” зохиолыг 1330 онд хэвлүүлжээ. Уг зохиолд “Эрт язгуурын хүмүүсийн ёсыг мэдэгч нь арга билгийн ёсыг дүрэмлэн, амьдралдаа нийцүүлж, идээ ундааны тоо хэмжээг баримталж, явдал мөрийн хэв ёсыг сахиад, дэмий балайг хэтэрхий үйлдэхгүй учраас урт насалдаг байв. Эдүгээ цагийн хүмүүс явдал мөрдөө хэв ёсыг үл хайхран, идээ ундааны харшил цээрийг мэдэхгүйн гайгаар тоо хэмжээг баримтлахгүй, тачаангуй хүсэлд автан, амттанд шимтэн, хэт шүтэж, дундаж хэвийг батлан сахихгүй мөртлөө ханашгүй эдлэхийн тулд байдаг учраас дөнгөж 50 нас хүрмэгц тамир тэнхээ доройтогсод олширсон болой. Жаргал цэнгэлийн ёс болбоос биеийг сайтар арчлахад буй. Биеийг сайтар арчлах ёс гэдэг нь дундаж хэвийг сахихуй дор баймой. Дундаж хэвийг сайтар сахиж чадваас арвидаж, барагдах зэрэг өвчин эмгэгт үл нэрвэгдмой” хэмээснийг санахад илүүдэх юун.

Б.Янжмаа

Гэрэл зургийг

Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

“Ирээдүй-XXI” зуун сургуулийн амь нэгтэй ангийнхан

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Ирээдүй-XXI зуун” ахлах цогцолбор сургуулийг 2007 онд төгсөж байжээ. Сургууль маань 2000 онд ЗДТГ-ын ард талын урт цагаан байшинд байгуулагдаж байсан болохоор ингэж нэрлэсэн байх л даа. Өнгөрсөн зун 15 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Сургуулийн ууган сурагчдын нэг гэгдэх ер нь сайхан шүү. Анх байгуулагдахдаа бусад сургуулиудаас нэг нэг анги татаж авсан юм. Тийм болохоор ч зургаа болон гуравдугаар хорооныхон III арван жилд, дөрөв, хоёрдугаар хорооныхон II арван жилд, долоо, наймдугаар хорооныхон I сургуульд сурдаг байтал манай ангийнхан Мөрөнгийн төвийн өнцөг булан бүрт гэртэйгээрээ онцлог. Тал талд гэртэй шиг өөр өөр сонирхолтой хүүхдүүд байжээ. Өнөөдөр Н.Бямбабаяр Анагаах ухааны үндэсний их сургуульд багш, А.Нандинцэцэг NTV телевизэд найруулагч, Ч.Чойжамц “Хас” банкинд эдийн засагч, Ж.Лхагважаргал Мөрөнгийн Хөгжимт драмын театрт гоцлол дуучин, П.Ууганбаяр аймгийн ЗДТГ-т жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Ж.Даваахүү Арбулаг суманд газарзүйн багш, Г.Эрдэнэбаатар Гэмтлийн эмнэлэгт эмч гээд үргэлжилнэ. Энд тэнд төрөл бүрийн л ажил хийцгээж байна. Бүгдийг нь бичвэл дэндүү нуршуу болох байх л даа.

Манай ангийнхны хамгийн их хүлээдэг зүйл нь спортын тэмцээнүүд байж. Б.Мөнхсүлд, Пүрэв-Очир, Н.Түмэнцэнгэл, Д.Ганзориг гээд ангийн хөвгүүдийн бараг тал нь сагс, волейбол, жүдо, чөлөөт бөхийн дугуйланд явна. Хаана л тэмцээн уралдаан болно сайн оролцдог болохоор ангийнхан спортын уралдаануудыг алгасалгүй үзнэ. Бүүр бардаад бусад багийнхны хөгжөөн дэмжигчид дунд очиж суудаг л байлаа. Аминдаа илүүрхэж байгаа юм. Өнөөдүүлийн дэмжиж байгаа багийг хожиж байхад нь ганцаараа орилж дэмжээд л, баахан хорссон харц өөр дээрээ тусгаад сууж байна. Одоо бодоход ичмээр ч хүүхдийн л зан байж дээ. Спортод дуртай болцгоосон нь ч учиртай. Жүдогийн дугуйланд манайхан ч тавдугаар ангиасаа ихэнх нь явсан даа. Учир нь Цэрэннадмид багш хичээл заадаг байсан болохоор тэр байх. Бэлтгэл хийхээр очих бүрт л хавчуургатай гурилан боов өгнө.

Идэх юм өгдөг байсан нь ч биш ерөөс тэр сэтгэл нь татаад байдаг байсан юм. “За жаахан юм идчихээд биеэ халаа. Өлөн ходоодтой бэлтгэл хийвэл олигтой болохгүй. Тэгээд булчин чинь ч томрохгүй” гэнэ. Өнөөхийг нь идчихээд хувцсаа солиод гүйж өгнө дөө. Үнэхээр л хүч чадал ороод ирэх шиг л санагддаг байсан юм. Бид жүдогийн дугуйланд явахын тулд комиссын бараан дээрээс таеквондогийн кимоно авч өмсдөг байжээ. Тэр үеийн зурагнууд байдаг л юм. Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл тавьж чаддаг багш ганцаар тогтохгүй л дээ. Монгол хэлний Хишигжаргал багш байна. Бүгдийг нь ном уншуулж байж санаа амардаг хүн байсан байх аа. Сургуулийн байтугай аймгийн төв номын санд карт нээлгээд ном уншихыг шаардана. Өөрөө долоо хоног бүр аймгийн номын сан дээр очиж картыг нь шүүж биднийг ямар ном авч уншсаныг үздэг байж билээ. Бид ч багшийн хичээлийг тасална гэж үгүй. Хэн ямар ном уншсаныг хэлээд тэр номных нь тухай яриулна. Өөрөө уран зохиолын талаар хачин гоё ишлэлүүд хэлэх. Үүнээс ч үүдсэн үү монгол хэлний бүсийн олимпиадад манай анги ангиараа гуравдугаар байрт шалгарч байсан юм. Одоо ч идэх юм зөөж, амралтынхаа өдрөөр номын сангийн тэр олон картыг шүүж, тэмдэглэл хийж суугаа биз дээ, багш нар маань.

Тавдугаар ангиас наймдугаар анги хүртэл Нарангэрэл багшийн удирдлага дор суралцсан. Багш орос хэлний хичээл заана. Бие жаахан муутай хүн л дээ. Тийм болохоор ангийнхан чив чимээгүй л сууцгаадаг байсан. Хэрвээ шуугилдаад багшийг орилуулбал ухаан алдаад уначихна гэж айдаг байсан юм. Нэг удаа ухаан алдаад сэргэхгүй хэдэн минут болоход нь ангиараа бөөн уйлаан майлаан болж байлаа. Тэгж хаширсан хүмүүс ер нь үймүүлэхгүй л дээ. Сонин нь багшийн биеийг бодож үймүүлэхгүй суух нь хичээлийн ахицад нөлөөлж байлаа. Харин наймдугаар ангиас технологийн Дүүрэнжаргал, шугам зургийн Уужимбаяр, газарзүйн Батлхагва, Уранбилэг гэж баахан анги даасан багш нар солигдлоо. Тэгсээр нийгмийн ажилтан Ю.Цэнгэлмөрөн багш дээр тогтсон.

Бид чинь наймдугаар ангиас аравдугаар ангид шууд ороод арваннэгдүгээр анги гэж төгсөж байсан юм. Сүүлийн хоёр жилд нь Цэнгэлмөрөн багш л биднийг чиглүүлнэ. Чанга дуугаар ярьдаггүй, сайхан инээмсэглэдэг багш. Багш шавь гээд баахан ёс суртахуун дамжихгүй амар хүн дээ. Сурагчдынхаа найз шиг л явж байна. Нөгөө хэдийнхээ дурлалын асуудлыг ч сонсоод л зөвлөөд явдаг байсан байх. Өнөө Боловсролын яамныхны яриад байдаг “Багш хүн сурагчтайгаа найз, зөвлөгч байх ёстой” гэсэн үг багшийг л санагдуулаад байдаг юм. Тийм ч болохоор нэг л мэдэхэд үгэнд нь орчихсон элдвийн ажил хийгээд явж байдаг байлаа. Мөрөнгийн төвийнхөн нүүрс түлнэ гэж үгүй. Намар болохоор дэнэгэр дэнэгэр нойтон гуалингууд “Зил-130” машины тэвшээр аваад хашаандаа хураачихдаг байлаа. Одоо энэ ойн байцаагчид харвал бараг цус харвах байх. Тэр түлээнээс хөрөөдөцгөөнө дөө. Хүүхдүүд л болсон хойно цугларах боломжийг алдахыг хүсэхгүй. Ангиараа хэн нэгнийхээ эмээ, өвөөгийн түлээг хөрөөдөж, хагалж, хурааж өгнө. Мөн зарим айлд очиж тогтсон хөлсөөр түлээг нь янзална. Гэр гэрээсээ цүдгэр хөрөө, сүх, балт авчраад нэг л амралтынхаа өдөр түжигнүүлж орхидог байлаа. Түүнээс авсан мөнгөө ангийн дарга Нандинцэцэгт хадгалуулна. Өнөөх нь баасан гариг бүр хичээлийн дараа болдог ангийн хурал дээр “Ангийн угаалтуурын хагарсан толийг сэлбэж тэдэн төгрөгөөр авлаа. Тэрийг эмнэлэгт хэвтэхэд нь ангийн өмнөөс эргэж ийм ийм гурилан боовыг тэдэн төгрөгөөр авч аваачиж өгсөн. Одоо тэд үлдээд байна” гээд тайлагнана. Түүнийгээ “ангийн мөнгө” гэж нэрлэнэ.

Хичээл бүртээ сайн сурагчтай. Бямбасүрэн гэхэд монгол бичгийн аймгийн гурван удаагийн аварга. Ердөө гурван удаа л орсон гэж байгаа. Өнөртогос, Чойжамц нар алгебрын хичээлийн аваргууд гэгдэнэ. Аваргуудыг харин Ууганбаяр, Бямбабаяр, Хосбаяр нарын нөхөд зөвшөөрдөггүй байсан байх аа. “Өөнөөгийн ард сууж л хуулахгүй бол алгебрын шалгалтад балрах байх” гээд хамаг нууцаа ярихад өнөө амбангийн Жигмэд “Молиго Очир, молиго Очир гэнэ. Ямар гар зөрүүлж үзсэн биш” гэдэг шиг хариу хэлнэ.

Хоч нэр ч зөндөө. Бүр бүтэн өгүүлбэрээр ч хоч өгчихнө. Бор царайтайгаа Цагаанаа гэж дуудна. Үүрийнтуяагаа “хүүрийнтуяа” гэж байж баахан гомдоогоод больцгоосон юм. Нэг хэсэг Д.Отгонбаяр “крант” гэдэг хочтой болчихвоо. Мөрөнгийн тал бүрд гэртэй хүмүүс байдаг болохоор яахав гэрийн зүг явдаг явдгаараа л үлдэж ангиа цэвэрлэдэг байлаа. Цэвэрлэхдээ сургуулийн өлгүүрийн дэргэдэх паарнаас усаа авна. Гэтэл нэг удаа паарнаас ус авдаг крантны түлхүүрийг жижүүр аваад явчихаж. Ёрдойсон нарийхан шон нь үлдчихсэн хэрэг. Ангиа цэвэрлэхээр үлдсэн баахан хүүхэд шаваастай. Тэгтэл манай Отгоо хувингаа барьж очоод мойног хуруугаараа өнөө шонг нь мушгиж усаа авчихаад буцааж хаагаад явчихсан гэж байгаа. Ангийн үүдэнд баахан охидууд дагаж ирээд “ус авах гэсэн юм” гээд зогсчихсон байж билээ. Булчин шөрмөс сайтай хэрнээ уяхан гэж жигтэйхэн. Түмэнцэнгэл нэг удаа цуг явж байгаад болжмор алсан байгаа юм. Өнөө “крант” маань “Энэ болжмор алчихаад нис нис гээд шидээд байсан” гээд уйлчихсан явсан юм даа. Гэхдээ нунж дорой, маанаг эр ч биш шүү. Аливаа юм болоход Отгоогийн амыг дагах нь олон байсан даа. Одоо харин ангийн охин Уранчимэгтэй хуримлаад хоёр хөөрхөн хүүхдийн ээж, аав болоод хувиараа бизнес хийгээд л гялалзаад явж байгаа.

Зугаалга хийх гэж хавар бүр л юм юм болно. Ээж, аавууд тэр бүр явуулахгүй дээ. Багш ч “Эцэг, эх чинь дургүйцнэ” гээд халгаахгүй. Өнөө хэд нь гэр гэртээ очоод “Надаас бусад нь явах гэж байна” гэж гоншгонодог. Тэгээд өөрсдөө хуйвалдаад эцэг, эхийнхээ өмнөөс багшдаа захиа бичсэн гээд цаас авчирцгаана. Багш юу гэж итгэх вэ дээ. Гэхдээ л эцэг, эхчүүдийн төлөөлөл, багш зэргээ аваад явцгаадаг байлаа. Дандаа л дөрөв хоног зугаална гэж гараад үсрээд хоёр хоночихоод ирдэг байсан юм. Одооных шиг бүхээгтэй машинууд ч ховор байж. “Зил-130” машинтай л явцгаана. Бороо орвол норцгоогоод л, дуулалдаад л. Наранбумбатын рашаан дээр нэг удаа зугаалгаар оччихоод байж байтал хоригдол шоронгоос оргоод ууланд бүгчихсэн гэсэн яриа гарчихваа. Хөвгүүдэд баатарлагаа харуулах алтан боломж шүү дээ. Майхнуудын өмнө сүх барьчихсан ээлжээр жижүүрлээд л. Уул руу ганцаараа явангуут араас охидууд бөөнөөрөө хашгиралдахад нь “Намайг яаж л чадав гэж” гэж хариулах гэх мэт. Өнөө оргодол нь ирсэн бол яах ч байсан юм. Галын наадам хийж байгаа нь энэ гээд баахан мод овоолж шатаагаад тэр хавиар нэг оч үсэргээд салхи майхан руу эргээд баахан цоохор, цоорхой майхантай болж байлаа. Гэнэт бороо орж л баярлуулсан даа. Хамаг майхнаа шатаачихсан бороонд эрүү шүдээ зодолдуулсан хүмүүс гал тавиагүй азтайгаа гайхацгаагаад гэртээ харьтлаа л ярилцсан юм даг.

Дурлалын явдлууд ч бишгүй. Өнөө хэд чинь хоорондоо дурлалцаад л байна. Аравдугаар ангид Ж.Азжаргал гээд охин шилжээд ирэв ээ. Хөвгүүд их сонирхоно. Охидууд ч гадуурхах маягтай. Золжаргалын төрөл юм болохоор өнөөх нь л хамт явж харагдана. Бүр Мөнхсүлд далан дээрээ “Азжаргал” гээд шивээс хийлгэчихсэн байсан юм. Хамгийн сенсацитай дурлал тэр байсан байх. Сүүлд нь дурлал нь бөхөөд шивээсээ дарах гээд баахан эрээччихсэн нь бэхтэй алгаар дарчихсан мэт дал мөртэй болгосон доо. Тэгээд ч удаагүй хөвгүүдийн сонирхол буурч ангид ад үзэх асуудалд ч цэг тавигдаж байлаа.

Жил бүрийн намар “Алтан намар” кросс уралдаан гээд Дулаан хан уулын өвөр лүү сурагчдыг жагсаалаар гүйлгэнэ. Замдаа бахардсаныгаа чирээд л гүйлддэг байлаа. Тэндээ очоод төрөл бүрийн спортын арга хэмжээнүүд байгуулна. Нэг сургуулийн 2000 шахуу сурагч очихоор наадам болж байгаа дайны л зүйл болно. Хуушуур, ундаа зардаг хүмүүс ч оччихсон байх. Анги бүр өөр өнгийн хувцсаар жигдрэх ёстой. Манай анги нэг жил улаан хувцсаар жигдэрвээ. Яагаад ч юм улаан хувцас их цөөхөн байж. Ингээд Мөрөнгийн захыг тойроод харьж байгаа юм. Маргааш нь Ганзориг нээх том улаан ноосон, хоолойтой цамц нүцгэн бие дээрээ өмсчихсөн ирлээ. Тэгээд бүх л тэмцээнд түүнтэйгээ оролцоод их төвөгтэй харагдаж байж билээ.

Сургуулиа төгсөцгөөгөөд монтаж хийлгэхдээ яагаад ч юм арван жилийн хойно буюу “2017 онд төрөлх ангидаа уулзацгаая, найзууд аа” гэсэн бичигтэй байсан. Одоо хэд гурваараа тааралдах болгонд л “Ямар тэнэг нь арван жилийн дараа уулзах тов бичүүлчихсэн байна аа” гээд шогширцгоодог юм. Арай наана уулзаад сунгаад явах байсан юм байна л даа.

Энэ мэтээр үргэлжлүүлээд байвал ангийнхны тухай дурсамж хөврөөд л байх болов уу. Нэгийгээ эмнэлэгт хэвтвэл ээлжээр эргэдэг. Нэг нь шүлэг бичвэл бусад нь хуулаад цээжилдэг. Сайхан дуулдгийгаа тэмцээн бүрт оруулж дэмжих гэдэг. Спортын тэмцээнүүд дээр алгасалгүй очиж дэмжицгээдэг. Амь нэгтэй анги явжээ. Сайхан байгальтай газар, сайн багш нарын нөлөөн дор хүүхэд нас өнгөрсөн нь эргээд бодоход үлгэр мэт аятайхан.

Өнөө ч гэсэн аливаа хэрэг гараад юм асуухад хэн нэг нь түүнийг мэддэг мэргэжлээр ажиллаж байгаа нь сайхан байдаг юм. Ангийнхаа андуудын нэрсийг бүгдийг нь оруулж ч чадсангүй. Үлдсэн нь сэтгэлийн өвөрт дурсамжийн дотор байж байг дээ. Мөрөнгийн хөндийд мөр мөрөө түшиж явсан найзуудаа дурсахад ийм байна. Сургууль маань байраа сэлгэж Дэлгэрмөрөнгийн хөвөөн дээр дөрвөн давхар дэнхэр цагаан байшинд суурьшсан байна лээ. Өнөө 2017 он ч одоо ойрхон байна даа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

ШАТАР ЗААЛГАХГҮЙ МОНГОЛЫГ шалах дулахын учир

Авьяас билиг бол:
хэн хүнийг эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн алба тушаал, эд хөрөнгийн арвисыг нь үл харгалзан туурвин бүтээх гэдэг тамын
ажилд боолын ёсоор зүтгүүлж, энхжингийн жаргалд умбуулж, алдрын жигүүр
ургуулдаг чанад жаягтай.

Тийм нэг хүний
тухай, түүний олон талт туурвил дундаас зөвхөн яруу найргийн нэгэн номынх нь
тухай энд ө өгүүлье.

Тэрхүү эрхмийн
нэрийг Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагынхан бол андахгүй. Учир нь тэрбээр
тэрхүү том байгууллагын Зүүн Азийн бүсийн товчоонд хориод жил дэд захирал
хүртэл дээд алба хашсан ганц монгол хүн. Нутаг усаар бол Монголын Швейцарь
хэмээн алдаршсан хоймор нутгийн хийморь төгөлдөр ард халх, мэргэжлээрээ бол
цагаан нөмрөгт оточ маналын бүрэлбаа.

Хэрвээ тэр бээр
яруу найраг, их утга зохиолын омголон хөлгийн дэл сүүлнээс атгаж аваагүйсэн
бол, мэргэжил нэгт С.Эрдэнэ, Ж.Аминдаваа, Ш.Ванчаарай, Ц.Мухар нар шигээ
хүүрнэл зохиолоор амьдралыг оношлон роман туужис хэвлүүлээгүйсэн бол,
Т.Очирхүү, Л.Лувсандорж, Л.Одончимэд, С.Оюун, Л.Мягмарсүрэн шиг яруу найраг
хэмээх мөнхийн усыг хүмүүст хүртээгээгүйсэн бол, “Соёл эрдэнэ”, “Идэр жинчин”,
“Үхэрчин хүвүүн Цэрэндорж” зэрэг олон дуугаар алдраа мөнхөлсөн Н.Наваан-Юндэн
маарамба шиг дуу гэдэг олон гэрэлт шувуу нисгээгүйсэн бол: төрд хэрэгтэй
зайран, төвхнөсөн сайн амьдралтай, жирийн л монгол эрийн нэг байх байлаа.

Юм үзэж, ном
судалж, нүд нээсэн тэрбээр: хөдөлгөөнөөр өлсөх дургүйчүүдийн нэг болохын учир
миний урланд ирж ёндгойг ёвруураар ёвчиж, ёнхлой руу нь ёндгос хийлгэж, өөрөөр
хэлбэл ёворцог наадсаар танилцсан бүлгээ. Би хожигдохдоо “Жиримэн сүлжээ”,
“Монгол ертөнцийн гурав”, “Монгол Жангар”, “Монгол бэлгэ үг”- ийн ботиуд өгдөг.
Тэрбээр бас “Ухааны есөн цацал”, “Бурхан ухааны дээжис”, “Таж Махал”, “Учиг
ухаан, сэжим үг” шүлэг найраглалын ном бас “Бүдэг улаан од”, “Хэлтгий тавилан” зэрэг роман өгдөг юм байна.

Тэрбээр хоёр өөр
нийгэмт улс гүрэнд нүд нээсэн, хорвоо авхайн нүүрийг энгэсэггүй харж таньсан
сэхээтний ухааны цараагаар булдан амьдралыг арай өөр өнцгөөс дурандан бичдэг
туурвилын эзний нэг ажээ. Түүгээр ч үл барам Бурхан багшийн 423 шад сургаал
“Дхармапада” -г “Буддын ухаарлын зам” хэмээн эх хэлээрээ эвлэгхэн шүлэглэн
буулгасан нь хэн бүхний хийчих ажил биш. Нойроо хулжаахгүйгээр, харь хэлд
цагаашрахгүйгээр, номд зарцлагдаж ухаантны цээнд хүрэхгүйгээр, чөмгөө дундартал
суухгүйгээр өдий олон ном ард түмнийхээ алганаа тавьж чадахгүй гээд бодохлоор
их утга зохиолд маань нэгэн зөв, төв бас ч товхийсэн зохиолч, найрагч,
орчуулагч нэмэгдсэн нь илэрхий.

Усныхаа хөөсийг
уянга гэж андуурдаг, ялааныхаа жингэнээг яруу гэж эндүүр­дэг шүлгэнцэр бишийг
түүний “Шатар заалгахгүй Монгол” шүлгийн түүвэр батлах мэт…

Цагаан цаасанд

Ухааны нь барж
буулгаагүй

Цагийн урт

Уургы нь халж
хүчрээгүй

Нүүр бардам
түүхтэй

Сүүрс алдам
нутагтай…

Босоо түүхтэй
Монголын

Нисээ золтой
түмэн-

Нүүдэлчин
Монголд Та нар

Нүүдэл заах ч
юм уу даа!

Нүүдлий нь
мэддэггүй хүн уул нь

Шатар
заадаггүй л гэдэгсэн…

(45-49 хуудас) хэмээн агсарч элэг буруу харь улс гүрний бараан санаархлын сүүдэрт ганхан гуйван яваа ард түмэн, улс
орноо өмөөрөн хашгирсан сэтгэлийн үгээрээ номоо нэрлэсэн нь найрагч маань гоё
чамин үгийн үер буулгагч бус голч үнэний гүн рүү өнгийн хашгирагч санагдав.

Уншихаар шийдлээ.
Хайр дурлал, хань ижлийн тухай халуун сэтгэлийн дулаан шүлэг цөөнгүй байна.
Залуу найрагчдын уянгалуулж чадах шүлгээс гадна дуртай хүн болгон бичиж чадамгүй сэрэмж, сэтгэмж, сэтгэлийн
хайлан мөрүүд нь цээжнээ үлдэх аж.

Дэрлэсэн дэрий
чинь нүүрэндээ нааж

Дэндүү дассан
үнэрий нь цээжиндээ юүлж

***

Хяруу цохиогүй
анхны хайраа

Харамлаа нь
үгүй чи минь наддаа

Буурал хорвоон
жаврыг үргээсэн

Буянтай ханийн
тэнгэр билээ

***

Сайхнаас
сайхан сайхан чинь

Буруу бишээ
бүсгүй минь

Саран атаархам
царайгаа

Нууж хаалтай ч
биш дээ

***

Дэрэнд толгой
холбоотой ч

Зүрх ондоод
цохилдог

Дэндүү
гэгэлгэн хорвоог

Зүхээд,
зөвтгөөд ч нэмэргүй

***

Уйтай шөнийг
цэлмээж

Зүүдэнд гийсэн
царай чинь

Унаган хайрыг
цалгиаж

Зүрхэнд
хайлсан шивнээ чинь

Уулын цэнхэр яргуй
шиг

Сэтгэлд
хагдран гандаагүй ээ

Уран ганган
зэрэглээ шиг

Сэмэрч бодлоос
арилаагүй ээ…

Уянга яруу юу,
яруу. Утга чамбай юу, чамбай. Урлал өрлөг жигд үү, жигд. Хамгийн гол нь найрагт
амин сүнс, шүншиг нь болдог: хүн сэтгэл энд үерлэж байна. Өвөрлөгчийн их
найрагч Л.Одчар “Цагаан шүлэг бүр ус биш, эрээн шүлэг бүр тос бус” гэж
айлдсантай би санаа нийлдэг.

***

Шувуун сүүдэр
тооноор

Дайрахын
төдийд хөвөлзөн

Шулга шаазгай
гадаа

Дагшихын
тоогоор дэгэлзэн

Голоос ундрах
хайраа

Хоолой юундаа
зангируулан

Говийн Лха бурхандаа

Хүүгээ
залбиран сууна уу даа ээж минь Та….

***

Мянганы
цаанаас хүүгээ

Ирэх нь үү дээ
гэж

Мэргийн дөрвөн
шагаагаа

Шигшиж суугаа
даа аав минь.

Эдгээр нь
хэдийгээр цагаан шүлэг боловч усан эрвинтэй биш, тосон хүрээтэйд нь би олзуурхав.

Яруу найраг бол:
хүний хэлээгүйг хэлж чадах урлаг. Элэгдсэн пянзны гуншаа үглэлээс дээрх бадгууд
онхи өөр учир би олзуурхав. Тэгээд ч энэ номонд
“Сүүгээр цавдсан ерөөл буюу өмнөтгөл” хэмээх мялаалга үгэндээ Бавуугийн
Лхагвасүрэн “Уншигдах мөрүүдийн чанад дахь баяр шаналан хоёр нь хэм
хэмжээнээсээ илүү мэдрэгдэж байгаад нь баярлавч ханаш­гүй… Бие ухааныхаа дээж
сэтгэлгээг хүмүүний төлөө өргөсөн “Сүүдэргүй зул” гэж нэрийдмээр байна хэмээн
үнэлсэн байна. Түүний амнаас иймэрхүү магтаалын жинтэй үг ховорхон гардгийг би
яахан эс андах билээ. Бавуугийн бавгар яахаараа ийм алтан магтаал амнаасаа
асгав гээд содон нэрт номыг сонжингуйхан уншлаа.

Тасан
харанхуйд буяны мэлмий хаагдахад

Тасарсан амь
шороонд мааньгүй булагдахад…

тэр бээр тамд унасан шиг тарчилдаг сэтгэлтэн болохоо илтээр илэрхийлжээ. Өрөвч
сэтгэл бол: яруу найргийн алтан амь. Буяны мэлмий тас харанхуйд хаагдахыг ч,
булхир шороонд тасарсан амь булагдахыг ч билигүүн нүдтэн л, өрөвч сэтгэлтэн л
олж үзнэ. Нас барсан хөөрхөс мааньгүй буцах шиг эмгэнэл хаа байх билээ. Ийм л
сэрлийг, тийм л сэтгэлийг хүмүүст хүргэсэн шүлгийг найраг гэдэг.

***

Эмээлтэй морио
хөлстэй нь нугаслан

Эрээн банзлаар
солихоос буцахгүй

Ивээлт ханиа
харь хүмүүний

Энгэрт түлхэж
хөлжихөөс сийхгүй

Монгол цус
гашилж байна

Монгол ёс
гасалж байна…

Энэ бол: манай
зохиолч найрагчдын хэн нь ч олж хэлээгүй: нийгмийн, оюун сэтгэлгээний өвчлөл,
доройтлыг эгээрэн зовнисон гаслал,
гансрал биш гэж үү! Ардчиллаа эрэггүй эрх болгон төөрөлдөж, амьдралаа эрээгүй
шалиглал болгон бузарлаж буйг энэ цагийн элдэв олон Нам олж үзсэн үү!? Гурван
саяын халдашгүй өмчийг гурван зуун хулгайч дээрэмдсэнээр:

Монгол цус гашилж

Монгол ёс гасалж

байгааг нотолсон
гэрчийн өчиг үүгээр дууссангүй. Эмээлтэй морио хөлстэй нь нугасалдаг эрлэгийн
элч хэн бэ гэж асуухад эзэн нь олдоно доо. Морь сойдог хятад: монгол хүн мөн үү
гэж асуухад шадар сайд сандарна даа.

Жадамбын хамгаас
их хөндөх дуртай сэдэв нь: эгээрэл,
гэгээрэл. Эгээрсэн сэтгэлээс гэгээрэл, гэгээрсэн тархинаас гэгээн эгээрэл
сацрах жамтай.

Ардын уран
зохиолч буурал Бадарч Бурханы сургаалыг шүлэглэн сүжиг­тэнд сүсэглүүлж, хамбад
хайр­лагдсан нь буддын ухааныг монгол найргаар сондорлох эгээрлийн цээнд
хүрсний туяа. П.Бадарч шиг ард түмний танил болоогүй, алдар цолын оргилд
хүрээгүй байгаа нь үнэн боловч, авьяасыг ариунаар охилж, гэгээрлээр сэтгэлийн
харанхуйг сэмлэж яваа монгол хүмүүний
хувьд З.Жадамба:

Хүн:

Эхийн хэвлийд
ургаж

Дэлхийн
хэвлийд жаргадаг.,

Бурхан чөтгөр
хоёрын

Буудал сэлгэх
бэлчир…
гэж
шүлэглэжээ.

Энэ бол: эжийгээ
эх орон, эх дэлхий шигээ хайрлахын сургаал, эх дэлхий, эх орноо ижий шигээ
хамгаалахын ухаарал юм даа. Түүгээр үл барам ямар ч хүний сэтгэлийн гүнд буяны
гэгээ, бузрын сүүдэр сүлбэлдэн оршдогийг яруухнаар гарган хэлж чаджээ.

Нэг л удаа
гүйлгэж уншаад цааш нь түлхчих сувсан шүлэг биш, харин унших бүр утгын солонго
нь алаглан сацрах найргийн увдис нэг бус
тааралдана.

Хаа нэгтэйгээс
харах

Бурхан ч гэж байхгүй

Харанхуй даган
бүртэлзэх

Буг ч гэж
байхгүй

Биширч шүтэж
явбаас

Бурхан өөрт
чинь хурна.

Бэргэж айж
явбаас

Буг өвөрт чинь
шургана.

“Бурхан ч сэтгэлээс
гарна, буг ч сэтгэлээс бүт­нэ” гэж айлдсан Ноён хутагт Равжаагийн томъёололтой
агаар нэгэн буй нь олзуур­халтай. Тэр мэтээр олонхи уншигчийн танил бус энэ
яруу найрагчийн асааж барьсан зул нь ойрын төдийгүй холын хүнд ч гэрэл болж
харагдахуйц байгааг би олзуурхнам.

***

Мөнхийн юм шиг
амьдралд шунах

Хүний хүсэл
хязгааргүй ч

Мөчийн дараа
байхын барилгүй

Хөөрхий бие нь
хэврэг…

Энэ бадаг эгэлгүй
шунал хүсэлдээ шатан: эх орон газар шороогоо араг яс болтол мөлжин хоосолж, ард
олноо ядуурлын өвдөгт сөхрүүлэн буй хэн хүний сэтгэлд ухаарал цацахгүй гэж
үү!

Ер нь авьяас
билигтэн бүхний амжилт нь: миний бахархал, алдас эндэс нь миний гоморхол
болдгийг цухас дурдсу. Дээр дурдсан олон ном, роман, найргийн түүвэр, Бурхан
ухааны судрын орчуулгыг бидэнд өгсөн, халуун элгэндээ ч, харь газарт ч
Монголынхоо нэрийг халтартуулаагүй, эх орноо эндүүрээгүй, эрдэнэс алт, олох
шуналаар ээж нутгийнхаа элгийг ухаагүй чанадын сэтгэлт эрхэм бол Олхонууд овогт
Замбалгарав хэмээх ачтан маарамбын хүү
Жадамба болой.

***

…Сайхан
Монгол орныхоо

Салхи шороог
үнэрлэхүйд

Хилийн чанадад “жаргасны”

Хий хуй
минь дарагдана

…Урсах цус
минь

Онон, Туулын
ундраа учир

Урагдах бие
минь

Алтай, Хангайн
шороо учир

Хатан дэлхийг
сөгдүүлсэн

Эзэн тэнгэр
эцгийнхээ

Хазайх ёсгүй
тугийг түшиж явах зарлигтай би…

гэж омгорхсон монгол шүншигтэй, монгол шүлэгтэй

Жадамба:

Хангалын
туурай мэт зүрхэнд төвөргөөтсөн

Харангын
цуурай мэт дотор сэртхийлгэсэн

Янагийн шивнээ
мэт сэтгэлд хоногшсон

Ялын зарлиг
мэт тархинд тас хийсэн

Хумсны толион
чинээхэн ном

Хурмастын доор
ганцханыг туурвих юмсан…
хэмээн
харанхуй шөнө зүүдээ манаж, гэгээн өдөр зүрхэндээ шивнэн, үсээ шингэлж явдаг
нь: гурван сая ардаа тамлаж, гуч ачаа өрөнд унагааж яваа гурван зуугаад
дээрэмчдийн бодол сэтгэлээс юутай тэнгэрлэг.

УИХ-ын индэрт ч,
утга соёлын энгэрт ч голтой галтай үгээ хэлдэг манай ардын уран зохиолч
Бавуугийн Лхагвасүрэн Жадамбын “Хэлтгий тавилан” романыг “Бидний амьдран буй
өнөөдрийн нийгмийн гэрэл сүүдэр, бузар ариун хоёрын үнэн дүрийг машид энгийн
агаад ээдрээтэйгээр дүрсэлсэн нь чухам л зохиогчийн гэгээн чадавхи гэж хэлмээр”
хэмээн магтсан бол “Бүдэг улаан од” романыг нь “Зохиогч маань сэтгэлгээний,
хүмүүний ухааны хязгааргүй чадавхи, зургаа дахь мэдрэхүйн ид шидийг өнөөдрийн
амьдралын бүхий л гэрэл сүүдэртэй холбон үгүүлж эгэл амьдралд оюуны таагдашгүй
хүчин чадал хэрхэн зэрэгцэн оршиж буйг тод томруун харуулсныг бахархан
тэмдэглэмээр” хэмээн үнэлсэн байна лээ шүү.

Харин би зөвхөн
яруу найргийн нэгэн номынх нь тухайд урмын гийнгоогоо өргөж буй нь энэ. Ер нь ч
өөлд өвгөн бол: хүүхдэд бурам, хүнд урам өгөх дуртай монгол өтгөсийн нэг.
Монголын энэ жудгийг аялдсанаа ч бус, ном дотроос ухаан авьяас олсондоо
сэтгэлийг гэрлээр сүлэм, сэжиг хилэнцийг үргээм, тэр ч байтугай шигтгээ болгон
эшлэм мөр бадаг цээжний харанхуйг цуулан зуралзсанд нь талархлын үгээ хэлэв
шүү. Сүүлийн 30 жилд Монголыг мөхөөсөн эрэггүй эрх чөлөөний үерийн үед: хэлэхэд
цээж уужирмаар эрх чөлөөг магнай тэниймээр зөв эдэлж буй ганц салбар бол утга
зохиол. Утга зохиолынхон газар ухдаггүй, оюун ухаанаа ухдаг. Утга зохиолынхон
гадаадынхны гар хөл болдоггүй монгол сэтгэлгээгээ дээдлэн монгол бичиг, монгол
соёлоо хамгаалдаг. Энэ зүгт эрхэм нөхөр идэвхийлэн орно гэдэгт итгэе.

Ургацаа хураах
улирлын сайхан нь намар билээ

Ухаанаа ботилох
насны намар нь идэр нас бүлгээ.

Миний багш эх
оронч, интернациональч, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен Жагарын оронд Жадамба
чамтай уулзсан бол:

Бум наслах бус,
хүүхээ

Бушуухан гүйцээ
гэж урмаар ташуурдах байсан буй за.

Харин төрийн
гурван удаагийн шагналт, эрдэмтэн, их багштан, зохиолч, яруу найрагч
Ц.Дамдинсүрэн чиний номыг уншсан бол

Хөвсгөл нутагт
Швейцари бий

Хөвч тайгад
цаатан бий

Халзан Жадамба-д
авьяас бий

Хамаагүй басаж
болохгүй ээ гээд жиг жуг инээх байсан буй за.

Гэвч энэ бүхэн
бол таныг өндөр Цоодолоос өндөр боллоо, “Өндөр Хүрлээгээс (Лхамсүрэнгийн
Хүрэлбаатар) илүү үгүүлэхүйн арслан
болжээ” гэсэн үнэлгээ бус.

Харин “Алтай”
Ч.Лодой­дамба, Л.Түдэв, “Хангай” Явуухулан, “Хэнтий” С.Эрдэнэ, Н.Нямдорж,
“говь” С.Дашдооров, До.Цэнджав нарын араас улам бүр хурдалж, ухаанаа уудлан
уухайлах аваас Хорьдол сарьдгийнхаа тэргүүн дээр найраг бүтээлийнхээ сүрлэг
сайхан овоог заламлана гэсэн итгэлээр шандаст хүлгийн гийнгоо, шатрын нүүдлийн
ШАЛАА, ДУЛАА болгон ташуурдаж буй минь энэ бүлгээ…

Туульч өөлд, тэмээчин

Т.Галсан

Categories
мэдээ цаг-үе

Их нүүдэл

Зөвлөлтийн зохиолч Анатолий Буйловын “Их нүүдэл” хэмээх роман бий. Түүний бичсэн “Их нүүдэл” романы ялгарах онцлог нь дэлхий дээр дэндүү цөөхүүлээ оршин буй цаатан иргэдийн тухай өгүүлснийх. Тэр дундаа тундрын хатуу ширүүн цаг уур дор Ази гарвалт цаатнууд хэрхэн аж төрдөг, социализмын үед цааны аж ахуй ямар байсныг тодоор тусгасан. Тодруулбал, 3өвлөлтийн үеийн хамгийн сайхан, хамгийн догшин нутгийн нэг Алс Дорнодод номын үйл явдал өрнөнө. Ер нь А.Буйлов тус номыг бичихээсээ өмнө “Лениний туг” хамтралд долоон жил цаа маллан, ан гөрөө хөөж явсан нэгэн гэдэг. Тэрээр Монгол угсааны хүн гэдгээрээ Зөвлөлтийн үед бардамнадаг байсныг өгүүлэх хүн цөөнгүй. “Их нүүдэл” роман А.Буйловын төрсөн хот болох Хабаровскийн комсомолын шагнал, Бүх Холбоотны уран зохиолын М.Горькийн нэрэмжит уралдааны нэгдүгээр зэргийн шагналыг хүртсэн байдаг.

Ингээд бараг мянган хуудас үргэлжлэх “Их нүүдэл” романы тухай товч өгүүлье. Гол дүрийн баатар болох Николка цаатан иргэд, тундрыг зорьж байгаагаар эхэлнэ. Энэ тухай зохиолч “Онгоцны цонхонд Николка наалдан доошоо хүчлэн харваас цасанд хучаастай байшингийн дөрвөлжин цагаан дээврүүд далавчин доогуур жирэлзэн өнгөрч байна. Мотор чих дөжрөм нүргэлж хөнгөхөн онгоц үл мэдэг чичирхийлэн, Николкаг энэ л номин хөх тэнгэр мэт уудам бөгөөд үл таних ертөнц рүү төрсөн гэрээс нь салган одох бүлгээ.

Тариалангийн талбай дэвтрийн хуудас мэт жижигхэн болж тэртээ ард цайран хоцроход Николка өөрийнхөө байшинг ялгах битгий хэл бүхэл тосгоноо арай ядан олж харав. Хэсэгхэн зуурын дараа тэрхүү бараа ч цэнхэр униарт уусан хараанаас алдрахуйяа мань хүн ганцаараа, ор ганцаараа үлдэнэ дээ” хэмээн дүрсэлжээ.

Николка цаатан иргэдийг зорих болсон нь ийм шалтгаантай. Хойт эцэгтэйгээ таарч тохирохоо больсон тэрээр хүнд өвчтэй эхийнхээ эмчилгээний мөнгийг цуглуулахын тулд ийнхүү хамтралд элсч бүр алс хол цаатан иргэдийг зорьсон. Арав гаруйхан настай ч хойд эцгийн чанга гараар хүмүүжиж аль хэдийнэ том хүний төрх суусан нь эл номонд бичигдэж уншихад дэргэд байгаа мэт дүрслэгдэнэ.

Харин Николка хэмээх Орос эр цаатнууд гэх тэс өөр соёл иргэншилд хөл тавьж буйг нь зохиолч “Цайвалзах шовх уулсын цаанаас хараа алдаж нүд гялбам уудам цагаан цөл мэлтийн гарч ирлээ. Тундр, жинхэнэ тундр ч лав энэ мөн гэж Николка таамаглав. Тэрээр энэ цаст хөндийгөөс бугын сүрэг, нохойн хөсөг эсвэл үгүй ядахдаа мал амьтны ямар нэг мөр олж үзэх санаатай сэтгэл догдлон сониучирхаж, орчныг эргүүлж тойруулж харсан боловч цэлгэр уудам тундр цэвэрхэн цагаан цаас шиг гялалзан цайраад мань хүн хурц хараагаа дэмий хүчлэн ядрааснаас цаашгүй. Хориод минутын дараа ганц нэг өнчин мод арзайн үзэгдэж эхэлснээ цаашлаад хэсэг бусаг, төгөл төглөөрөө нэмэгдэн тодорсоор төдөлгүй цагааран туузрах голоор хоёр хуваагдсан өтгөн ойн өргөн зурвас тодорлоо. Тэгтэл ч газар тэнгэрийн савслагад тэнгисийн ус бараантан гялалзлаа. Онгоц алгуурхнаа доошлоход зорчигчид суудал дээрээ яаран өндөлзөв. Николкагийн зүрх догдлон дэлсэж эхэллээ. Онгоц улам улам доошилсоор. Цана чарганы мөр сүлжилдсэн урт эгц дэнжийн дээгүүр өнгөртөл онгоцны далавчин дороос сүрэг бор шувуу дүрхийн нисэв үү гэлтэй бяцхан суурин гараад ирэх нь тэр. Онгоцны далавч далбилзан нэг огцом эргээд газардахаар шулуудлаа. Жижигхэн талбайн захад төмөр торхнуудын ойролцоо хүмүүс бужигналдах агаад тэднээс холгүйхэн чарга хөллөсөн хул морь зогсоно. Цаахантай нь нарийхан урт чарга, хөллөгөөний сахлаг ноход цасан дээр хэвтэнэ. Хүмүүсийн нэг хэсэг нь угтах хүнээ угтчихаад тосгоны зүг хэдийнэ хөдөлсөн байхад олонх нь Николкаг сониучирхан харж тэндээ зогссон хэвээр ажээ. Мань хүн ичингүйрэн зогтусаж, тэднийг яахаа мэдэхгүй тойруулан харна” хэмээн дүрсэлжээ.

Эндээс л мянган хуудаст “Их нүүдэл” роман эхэлж цааш хөвөрнө. Тэрээр Дархадын хонхорын Тува цаатан иргэдийнх лугаа амьдралд эргэлт буцалтгүйгээр хөл тавьж тэрхүү амьдралд улам бүр шунан дурлаж байгаа нь гарна. Цаатан иргэдийн хамгийн ахмад Аханя бөгөөд Костя, Шумков гэх мэтээр 20 гаруй хүний дүр номонд бууна. Цаатнууд орос хэлэндээ тун маруухан учраас номын орчуулагч ч үүнийг монгол хэлнээ яг байгаагаар нь буулгасан нь улам ч сонирхолтой болгосон мэт. Ер нь бол тундрын цаатан иргэдийн амьдрал монголчуудынхтай их төстэй гэдэг нь эдэлгээний сур элдэх, баавгай агнах, ангийн мөрөөр мөшгих гэх мэтээр номонд гарч буй олон зүйлээс ажиглагдана. Ер нь бол хатуу ширүүн уур амьсгалтай орчинд хэрхэн аж төрөхийг заасан гарын авлага роман гээд нэрэлчихсэн ч болно. Өөрөөр эшилбэл эл романыг уншсанаар тундр, тундрын цаатан иргэдийн дунд аялаад ирснээс ч тод сэтгэгдэлтэй үлдэж болох. Эл роман дэлхийн хүмүүсийн заавал унших номын нэгд зүй ёсоор орсон байдаг юм билээ. Энэ роман шуургатай үед толгой хоргодох оромж босгохоос эхлээд тогоогүй үед цай чанах, шүдэнзгүй үед гал гаргах, хоолгүй газраас идэш нөөцлөх гэх мэтээр олон зүйлийг зааж сургана. Энэ бүх зүйлийг номын адал явдалд буулган гол дүрүүдийн дүрслэлтэйгээр хүргэсэн нь уншигч та бүхнийг уйдаахгүй буй за.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий хэсгийн барилдаан эхэлнэ

Астана-2015” жүдо бөхийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотноо болно. Энэ жилийн ДАШТ-нд 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жүдоч оролцоно. Тэмцээнд оролцохоор манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт тус улсыг зориод буй.

Тэмцээний эхний өдөр буюу 24-нд эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 14.00 цагт болох бол тамирчид медалийн төлөө 20.00 цагт барилдана. Харин 30-нд багийн барилдаан болно. Тэмцээний сугалаа маргааш явагдана.

Жүдо бөхийн ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, S[PORT BOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 161 жолооч журамлагджээ

2015 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 406 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 294 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 3 хүн нас барж, 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 161 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 24-28 хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2015-2016 оны хичээлийн жилийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт 62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан дүнтэй.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: Хамрагдалтын хувь 78.4 Цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.49 болсон үзүүлэлттэй. (Төрийн өмчийн цэцэрлэг 1.9; төрийн бус өмчийн цэцэрлэг 1.07.) Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, (Хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ барилга) төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: 116570 Хамрагдалтын хувь: 78.6 Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай. Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна. 2012-2013 оны хичээлийн жилийг энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өссөн байна.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28ны хооронд явагдах бөгөөд бүртгэлтэй холбоотойгоор дараахь зөвлөмжийг гаргажээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ
АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ

Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн энэхүү зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.

I.Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

  1. Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллах
  2. Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг байгуулах нээн ажиллуулах санаачилгыг хууль эрх зүй, арга зүйгээр зөвлөн дэмжиж хэрэгжүүлэх
  3. Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг дүүргийн цэцэрлэгүүдийн тодорхой хувьд нь “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар холбогдох зааврын дагуу зохион байгуулж үр дүнг тооцох
  4. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаар гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах[1]
  5. Элсэлтийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт 2015 оны 09 дүгээр сарын 05-ны дотор тайлагнах

II. Цэцэрлэгийн эрхлэгчдэд
“Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

  1. Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл[3], хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих
  2. Хамран сургах тойргийн нийт хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, үндсэн болон хувилбарт сургалтад элсүүлэх дээд боломж, бүлэг тус бүрд шинээр элсүүлэх хүүхдийн тоо, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн[4] талаар нээлттэйгээр мэдээлэх, сурталчилгаа таниулга хийх
  3. Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад[5] анхаарч ажиллах
  4. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалтын хувийг ахиулан ажиллахад анхаарах
  5. Тухайн байгууллагын ажилтан ажиллагчдын хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр элсүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх
  6. Цэцэрлэгт элссэн хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, тэдний эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах[6]

Бүртгэлийг явуулахдаа

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 24-өөс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах

  1. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2013 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх
  2. Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх
  3. Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, тэднийг бүртгэлийн талаарх бодитой мэдээллээр хангаж ажиллах
  4. Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
  5. Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх
  6. Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
  7. Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах

III. Эцэг эх, асран хамгаалагчдад

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  2. Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
  3. Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах
  4. Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
  5. Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх
  6. Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]
  7. Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
  8. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах